Categories
мэдээ цаг-үе

ЭЕШ-ын бүртгэлийг тавдугаар сарын 5-ныг хүртэл сунгалаа

ЭЕШ-ын байранд тусгаарлах өрөө бэлджээ

БШУЯ-наас энэ жил ЭЕШ-ын бүртгэлийг тавдугаар сарын 5-ныг хүртэл сунгасан бөгөөд долдугаар сарын 1-нээс 5-ны өдрүүдэд танхимаар зохион байгуулахаар төлөвлөж байна.



Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Эрдэнэ: Эрдэнээ МАН-тай хуйвалдаж байна гэдэг үлгэр

Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.


-Таны хувьд хоёр Ардчилсан нам гэж байхгүй гэж хэлж байгаа. Гэхдээ бодит байдал дээр Ардчилсан нам нэгдмэл биш байдалтай байна. Үүнийг юу гэж ойлгох вэ?

-Би хэлээд байгаа юм биш шүү дээ. Хууль нь л тийм юм чинь. Нөгөө талаас очоод Улсын бүртгэлийн гэрчилгээ, Улсын дээд шүүхийн тогтоол шийдвэр байна уу, Ардчилсан намыг төлөөлөх эрх яг хэнд чинь байгаа юм бэ гээд асуу л даа. Юу үзүүлэхийг нь харах хэрэгтэй. Надад өнөөдөр Улсын бүртгэлийн гэрчилгээ, хүчин төгөлдөр Улсын дээд шүүхийн тогтоол гээд бүх юм байна. Ардчилсан намын VII Их хурлын тогтоол ч хэвээрээ байна. Нөгөө талд юу байгаа юм. Хэнд хууль ёсны эрх байна, тэр нь л хууль ёсны байгууллага. Ер нь хуулийн этгээд нэг л байдаг шүү дээ. Хэрэв тийм биш юм бол аль дуртай байгууллагынхаа нэрийг хоёр, гурав хувааж хэрэглээд, би захирал нь хэмээн цээжээ дэлдээд байх хэрэг үү. Ийм зүйлийг зөвшөөрөх юм уу.

-Ардчилсан намын дүрмийн дагуу Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хороо дараагийн даргыг сонгох эрх, үүрэгтэй байдаг. Ц.Тувааны талаас хамгийн сүүлийн Их хурлаас сонгогдсон хүчин төгөлдөр ҮДХ, ДСХ-ны удирдлагууд саяын намын даргын сунгааг явуулсан учраас бидний хийсэн сонгууль хүчин төгөлдөр гэж хэлж байгаа л даа.

-Уучлаарай, тийм биш л дээ. Тэд X Их хурлыг хүчинтэй гээд байгаа. Тэр Их хурлыг Дээд шүүхээс хүчингүй гээд хэлчихсэн. Тэд энэ Их хурлаар Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах гэж үзсэн ч Дээд шүүх түүнийг нь бүртгээгүй. Хоёрдугаарт, хэрэг болохоороо л хүчинтэй гээд байгаа болохоос тэд X Их хурлаар тогтоол гаргаад ҮДХ, ДСХ-г татан буулгачихсан шүү дээ. Ц.Туваан нарын гарын үсэг ч тэнд бий.

Улс төрийн намын тухай хуулийн 13.4-т “Намын Их хурлаар батлагдсан дүрэм, мөрийн хөтөлбөрт өөрчлөлт оруулах, сонгогдсон бүрэлдэхүүнийг өөрчлөх асуудлыг төлөөллийн төв байгууллага шийдвэрлэж болно” гэсэн байдаг. Төлөөллийн төв байгууллага гэдэг нь манай намд бол Үндэсний бодлогын хороо юм. Манай Үндсэн дүрмийн 5.22-ын 5.7-д ДСХ-ны дарга, дэд дарга, гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна гэж заасан байдаг. Гэтэл тэдний хүчинтэй гээд байгаа ҮДХ, ДСХ 2017 оны хоёрдугаар сарын 12-нд хуралдсан намын VII Их хурлаас батлагдсан юм. Би намын дарга болж, санал оруулснаар баталж байсан учраас маш сайн санаж байна. Энэ утгаараа 2021 оны хоёрдугаар сард тэр ДСХ, ҮДХ-ны бүрэн эрх дуусгавар болчихсон. Бүрэн эрх нь дуусгавар болсон учир эрх зүйн чадамжгүй болсон гэсэн үг. Тиймдээ ч манай намын ҮБХ-ны хуралдаан болж ҮДХ, ДСХ-ны бүрэн эрхийг дуусгавар болсонд тооцож, шинэ бүрэлдэхүүнийг томилчихсон. Дөрөвдүгээр сарын 7-нд болсон Ардчилсан намын XI Их хурлаар ҮБХ-ноос гарсан тогтоол шийдвэрийг мөн давхар батламжилж, ёсчилсон. Тэгэхээр одоо ямар ч асуудал байхгүй. ДСХ-ны журам гэж байдаг юм. Тэр журмын 4.1-т ДСХ-ны бүрэн эрх дөрвөн жил байна, бүрэн эрх дууссан тохиолдолд эрх бүхий байгууллага дараагийн бүрэлдэхүүнийг томилох хүртлээ бүрэн эрхээ хэрэгжүүлнэ гэсэн байдаг. Түүнийг И.Мөнхжаргал буруу тайлбарлаад байгаа юм. Манай намын Үндсэн дүрэм дээр намын удирдах дээд байгууллага нь намын Их хурал байна гэж заасан байдаг. Нөгөөтэйгүүр дүрмийг дагаж журам гардаг, дүрэм нь хуулиа дагаж гардаг. Маргаан үүслээ гэхэд ямар ч тохиолдолд хуулиа л барина шүү дээ. Хэрвээ нам дотор маргаан үүсвэл журмыг бус дүрмээ л барина. Эрх зүйн чадамжийн хувьд дүрэм журмынхаа дээр байна шүү дээ.

-Ардчилсан намын дүрэмд цахим сонгууль явуулах заалт байхгүй. Тэгэхээр цахим сонгуулийн үр дүн хүчин төгөлдөр байж чадах уу?

-Төлөөллийн төв байгууллага нь өөрөө намын Их хурлаас баталсан дүрэм, мөрийн хөтөлбөрт өөрчлөлт оруулах, сонгогдсон бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах эрхтэй гээд хуульчилсан. Тэгэхээр төлөөллийн төв байгууллага нь хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд журам, дүрэмдээ нэмэлт, өөрчлөлтүүд хийгээд баталчихсан. Тэр нь ямар ч хууль, дүрмийн зөрчил биш. Дээрээс нь энэ асуудал дүрмээр бус, журмаар зохицуулагддаг юм. Дүрэм дээр цаасаар болон цахимаар явуулна гэсэн заалт байхгүй. Ерөнхий заалтууд л байдаг болохоос биш заавал цаасаар, цахимаар сонгууль явуулна гэсэн зохицуулалт байдаггүй. Үүнээс гадна цар тахалтай холбоотойгоор Гамшгийн тухай хууль гарсан. Зөвхөн Монголд бус дэлхий нийтээрээ цахим хэлбэрт шилжчихээд байна. Энэ утгаараа хууль зөрчсөн ямар ч үйлдэл байхгүй.

-Дээд шүүхээс цаасан болон цахим сонгуулийн үр дүнгээс сонгогдсон хоёр нэр дэвшигчийн аль нэгийг нь намын даргаар батламжилж таарна. Хэрэв М.Тулгатыг батламжилбал та нөгөө талтай эвсэж, нэгдэх үү?

-Ямар нэгэн эвсэлдэх асуудал байхгүй. Яасан гэж эвсэлдэх юм. Нэг л үзэл суртлын тугтай, үзэл баримтлалтай, үндсэн дүрэмтэй, нэгдмэл нэг л нам шүү дээ.

-Гэхдээ хоёр тийш харчихаад байгаа нь үнэн шүү дээ.

-Зүгээр л дүрэм, журмыг уландаа гишгэж байдаг, эрх мэдэл албан тушаалдаа ташуурсан хэсэг бүлэг нөхдүүдийн хийж байгаа дүрмийн бус үйлдэл шүү дээ. Бидэнд хууль, дүрэм зөрчсөн зүйл байхгүй. Улсын дээд шүүх дээр энэ асуудал очлоо гэхэд Үндсэн хуулиа л барьж таарна. Үндсэн хуульд төрийн бүх шатны байгууллага, түүний албан тушаалтнууд зөвхөн хууль дээдлэх зарчмаар ажиллах үүрэгтэй гэж заасан байдаг. Мөн Үндсэн хуульд Монгол Улсын иргэн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй гэж заасан байдаг. Тэгэхээр хуульд юу гэж заасан байна, түүгээрээ л явна. Энэний ард Ерөнхийлөгч, УИХ-ын олон гишүүн байгаа учраас бүртгэнэ, тэрний ард АН-ын одоогийн удирдлагууд, жирийн гишүүд байгаа учраас бүртгэхгүй гэж үзэмжээр хандах эрх хэнд ч байхгүй. Хууль бидний талд байгаа учраас бид итгэлтэй байна. Ямар нэгэн итгэмжлэлгүйгээр Ардчилсан намыг шууд төлөөлөх эрх нь надад бий. Өөр хэн нэгэн төлөөлөх шаардлага гарвал миний итгэмжлэл олгосон этгээд Улсын дээд шүүхэд хандах ёстой. Би тухайн үед Ц.Туваанд итгэмжлэл олгосон. Үндсэн дүрэмд намын дэд дарга намын даргын өгсөн чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Би намын даргын хувьд түүнийг намын Их хурлаа хийж, хамгийн их санал авсан нэр дэвшигчийг намын даргаар батламжлаад тамга, тэмдгээ хүлээлгэн өгөөрэй гэсэн үүрэг өгсөн. Гэсэн ч миний өгсөн үүргийг биелүүлэлгүй дөрөв, таван сар болсон учир би арга буюу эргэн ажлаа авсан. Итгэлийг минь хөсөрдүүлж, өгсөн үүрэг даалгаврыг минь биелүүлэхгүй байсан учир ийм алхам хийсэн хэрэг. Хүмүүс янз бүрээр мушгидгаараа мушгиж, Эрдэнээ намын даргаараа дахин дөрвөн жил ажиллах нь гэж ярьсан л даа. Тийм биш, би энэ алдаа мадгийг засаж, дараагийн намын даргад өөрөө тамга, тэмдгийг хүндэтгэлтэйгээр шилжүүлэх ёстой юм байна гэсэн зарчмын байр суурь дээр байсан хэрэг. Энэ ч утгаараа Ардчилсан намын баярын өдөр намынхаа XI Их хурлыг амжилттай хуралдууллаа.

-Таны ард МАН байгаа юм уу. Таныг нэр холбогдоод байгаа хэргээсээ болж МАН-ын гар хөл болж байна. Тиймдээ ч нөгөө талтай эв зүйгээ олох саналыг хүлээж авахгүй байгаа гэх юм. Энэ үнэн үү?

-Нотолгоо ярья л даа. Эрдэнээ МАН-тай хуйвалдаж байна гэдэг үлгэр. Огт үндэслэлгүй, худлаа зүйл. Намын гишүүдийн дургүй зүйлийг надад наах замаар миний нэр хүндийг унагаах гэсэн л оролдлого. Харин ч намын даргын сонгуулийг нэг болгож явуулах тал дээр бодит алхам хийсэн тал нь бид. Бид хууль ёсны нам учраас түрүүлж хөдөлж байгаа нөхдүүддээ боломж олгоё, эв эеийг хичээе гэдэг байдлаар хандсан. Бид дөрөвдүгээр сарын 25-нд намын шинэ даргын сонгуулийг явуулахаар төлөвлөж байсан ч тэдний зарласан гуравдугаар сарын 28-ны өдөр сонгуулиа хийхээр болсон. Намын даргад нэр дэвшигчдийн бүртгэл хийхдээ нөгөө талд нэр дэвшиж байсан дөрвөн хүнийг давхар бүртгүүлээд, сунгаанд ороод яв, бид гадуурхахгүй гэж ч хэлж байсан. Ийм боломжуудыг бид олгосон. Гэсэн ч тэд ирээгүй, сонгуулиа гуравдугаар сарын 28 болгочихоод байхад нэгдсэн сонгууль байгуулах ажлыг тэд хийгээгүй, зориуд зугтаасан. Тэд сонгуульдаа нэг тэрбум 420-иод сая төгрөг зарцуулсан бол бид 140-өөдхөн сая төгрөг зарцуулсан. Тэд зөвхөн нэг тэрбум 420 сая төгрөгийг зараад зогсохгүй үүн дээр нэмээд гишүүдэд мөнгө тараасан, санал худалдаж авсан, үнэтэй машин хөлсөлж хүн зөөсөн, явуулын хайрцаг явуулсан, намын гишүүн биш хүнд батлах бичиж санал өгүүлсэн. Энэ мэтчилэн түмэн гомдол гарчихсан байна. Гэтэл цахим сонгууль дээр ямар ч гомдол гараагүй. Дунд нь 20 минутын кибер халдлага болсон ч бид тэр бүхнийг урьдчилан тооцсон байсан учраас даруй программаа шилжүүлээд, цааш саадгүй санал хураалтаа үргэлжлүүлсэн. Үүнээс үүдэж ямар нэгэн саналын зөрүү гараагүй.

-Тэгвэл Ц.Тувааны гэх тал яагаад тантай нэгдэхгүй байгаа юм бэ. Шалтгаан нь юу юм?

-Ард нь тодорхой тооны урьдчилан чиглүүлж байгаа нөхдүүд байна. Тэр хүмүүсийн эрх ашиг хөндөгдөөд байгаа учраас нэгдэх дургүй байна шүү дээ. Шулуухан хэлэхэд, одоогийн Ерөнхийлөгч, түүний Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд хоёр л ард нь чиг үүрэг өгөөд сууж байгаа. Би бол энэ бүгдээ болиоч ээ, нэг нам юм бол нэгдээд яваач ээ гэсэн л зарчим барьж байгаа.

-Одоогийн төрийн тэргүүн АН-аас дахин Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй байгаа нь тодорхой. Та түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшихийг дэмжихгүй байгаа учраас ингэж талцаад байгаа юм биш үү?

-Би өнөөгийн Ерөнхийлөг-чийг АН-аас нэр дэвших асуу-далтай холбоотой нэг ч байр суурь илэрхийлээгүй байгаа. АН-тай харьяалалтай хэн ч бай Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших эрх нь нээлттэй. Манайх ардчилсан нээлттэй нам шүү дээ.

-Хоёр талаас Ерөнхийлөг-чид нэр дэвшихээр хоёр нэр очоод, аль нь ч хүчингүй болчих юм биш биз?

-Дээр хэлсэн шүү дээ. Үндсэн хуульд төрийн бүх шатны байгууллага, түүний албан тушаалтнууд зөвхөн хууль дээдлэх зарчмаар ажиллана гээд үүрэгжүүлчихсэн. Хууль дээдлэх зарчмаа л барих ёстой.

-Ц.Оюунгэрэлийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх үү?

-Сунгаа явах ёстой. ҮБХ хуралдана, түүний дараа тодорхой болно. Хуулиараа санал хураалтаас 40 хоногийн өмнө нэр дэвшилтийг эхлүүлж, гурав хоногт багтаан дуусгах ёстой. Тэгэхээр тавдугаар сарын 2 бол нэр дэвшилтийн эцсийн хугацаа байна.

-Та бүхэн АН-ын зарим гишүүд үзэл суртлын хоригдол болсон гэх тогтоол гаргажээ. Үзэл суртлын хоригдол гэдгийг юу гэж ойлгох талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-Бид улс төрийн зорилготойгоор яллагдаад явж байгаа зарим лидер гишүүдийнхээ талаарх мэдээллийг олон улсын хүний эрхийн байгууллагууд руу явуулах зорилгоор тус тогтоолыг гаргасан. Хүний эрхийн асуудал нэн тэргүүнд тавигдаж байх ёстой ч бараг 20, 30 дугаарт жагсаад байх шиг. АН мөн л юм, Монгол Улс ардчилсан улс мөн л юм бол хүний эрхийг нэгдүгээрт тавих ёстой. Хүний эрхийг үгүйсгэсэн улс оронд хувь хүний эрх, эрх чөлөө гэж байдаггүй. Эрх чөлөөгүй хүн хэзээ ч сэтгэл хангалуун амьдарч чадахгүй шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Хөл хорионы хугацаанд Солонгосын виз мэдүүлэх төв хэвийн ажиллана

Солонгосын виз мэдүүлэх төв ердийн цагийн хуваариар ажиллана

Засгийн газар, УОК-ын шийдвэрээр энэ сарын 10-наас 25-ныг хүртэл 15 хоногийн хатуу хөл хорио тогтоосон. Иймд төрийн болон дипломат байгууллага, НҮБ зэрэг тусгай чиг үүрэг бүхий байгууллагаас бусад байгууллагуудын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож буй. Хөл хорионы үед БНСУ-д зорчих визний материал хүлээн авдаг төлөөлөн гүйцэтгэх 10 байгууллага ажиллахгүй.

Харин БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас мэдээлснээр Солонгосын виз мэдүүлэх төв (KVAC) ердийн цагийн хуваариар буюу 08.30-16.00 цагийн хооронд ажиллана. Тус төв нь Монгол иргэдийн виз мэдүүлэхтэй холбоотой хүндрэлийг багасгах үүднээс ийнхүү ажиллаж байгаа аж. Дашрамд дурдахад, тус төв нь Хан-Уул дүүргийн 3-р хороо, “Шинэ сонголт” их дэлгүүрийн найман давхарт байрладаг байна.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаан туулай өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын13. Ангараг гариг. Билгийн тооллын 1, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 06:07 цагт мандан 19:39 цагт жаргана. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиаболой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 7-9 хэм дулаан байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 7-9 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 15-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 10-15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Захиалгаар ялладаг улстөрчид, хүчний байгууллагынхныг олон улсын хоригт оруулах хэрэгтэй” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт ТЕГ-ын дарга асан,
хошууч генерал Б.Хурцын
эхнэр Ү.Сарнай “Ц.Нямдоржийн
“Хонгил”-ын хамгийн том
хохирогч, цор ганц золиос нь
манай хүн Б.Хурц боллоо” хэмээн I, VI, VII, X, XI нүүрт өгүүллээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд “Төрийн
захиргааны албан хаагчид
ёс зүйн хувьд 300 мянган
төгрөгөөс татгалзах хэрэгтэй” гэлээ.

Боловсролын үнэлгээний төв(БҮТ)-ийн
шалгалт, судалгаа хариуцсан хэлтсийн
даргаМ.Болдсайхан “ЭЕШ-ын бүртгэлийг
тавдугаар сарын 5 хүртэл сунгалаа” хэмээв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт “Захиалгаар ялладаг улстөрчид,
хүчний байгууллагынхныг олон улсын
хоригт оруулах хэрэгтэй” хэмээн өгүүллээ.

ЭМЯ “Хятадаас орж ирэх вакцин саатсан учраас хоёр дахь тунг ч хойшлуулахаас өөр аргагүй боллоо” гэв.

“Баримт, үйл явдал”-ын IX нүүрт Байлдагч Х-ийн аав “Цэргийн ангид чинь
дарамт байна уу” гэхэд хүү маань
“Цэргийн нууц” л гэдэг байсан хэмээн өгүүллээ.

Идэр Их сургуулийн Сэтгэл зүйч О.Оюунтунгалаг “Өөрийн авьяасаар алдарт хүрдэг ч дагаад нийгмийн
сэтгэл зүйг хүмүүжүүлэх хариуцлага ирдгийг мартаж болохгүй” гэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Э.Өсөхжаргал: Нийслэлийн иргэд орон нутагт газар үнэгүй өмчлөх эрхтэй

Улаанбаатар хотын иргэд газар өмчлөх болон газрын төлбөртэй холбоотой асуудлаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Өсөхжаргалтай ярилцлаа.


-Монгол Улсын иргэн нэг удаа өрхийн хэрэгцээний газраа үнэ төлбөргүй өмчлөх эрхтэй. Хуулийн энэ зохицуулалтын хүрээнд нийслэлийн хэчнээн иргэн газар өмчлөөд байна вэ?

-Газар өмчлүүлэх тухай хуулийн 2008 оны нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй болсон. Нийслэлийн хэмжээнд 2021 оны дөрөвдүгээр сарын 6-ны байдлаар 202.148 иргэн газраа өмчилсөн байна. Талбайн хэмжээгээр нь авч үзвэл 10752.1 га газрыг иргэдэд өмчлүүлжээ. 2014-2016 оны хооронд 69836 иргэнд цахимаар газар өмчлүүлсэн байна.

-Улаанбаатар хотын 1.3 сая иргэнээс 200 мянга гаруй нь газар өмчилжээ. Зургаан хүний нэг нь газар өмчилсөн гэхээр иргэдэд газар эзэмшиж, өмчлөх хэрэгцээ байсаар байна. Ер нь нийслэлд өмчлөх газрын нөөц байгаа юу?

-Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэдэд өмчлүүлэхээр төлөвлөлт хийсэн газрын нөөц өнөөдрийн байдлаар дууссан бөгөөд дахин төлөвлөлт хийж, шинээр өмчлүүлэх газрын байршлыг тогтоох юм. Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол буюу 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Нийслэлийг хөгжүүлэх 2021-2025 оны үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрүүдтэй уялдуулж ажиллах ёстой. Дээрх бодлогын бичиг баримтуудад тусгасны дагуу иргэдэд газар өмчлүүлэх суурьшлын бүсийн хилийн төлөвлөлтөөс гадуур иргэдэд газар өмчлүүлэх боломжгүй юм.

Энэ жил Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий болон Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2040 оны төлөвлөлт хийгдэж байна. Эдгээр төлөвлөгөө батлагдаж, суурьшлын хил зааг тодорхой болбол төлөвлөлтийн дагуу иргэдэд шинээр эзэмшүүлэх, өмчлүүлэх газрын асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ.

-Тэгэхээр цаашид хотын төвөөс алслагдсан газруудад газар олгож таарах нь ээ?

-Нийслэлээс суурьшлын хилээ тэлэхгүй гэсэн бодлого барьж байгаа учир шинэ, хаяа дагуул хотууд руу өмчлүүлэх газрыг батлах болов уу гэсэн таамаглал байна. Ер нь цаашид иргэдэд газар өмчлүүлэхдээ эхлээд тухайн өмчлөх байршлууд дээрээ төлөвлөлтөө нарийвчлан боловсруулж, түүндээ уялдуулан дэд бүтцээ шийдвэрлэсний дараа газрынхаа өмчлөх шийдвэрийг гаргаж ажиллахаар ажлуудаа зохион байгуулж байна.

-Нийслэлийн иргэн орон нутагт газар өмчилж болох уу?

-Болно. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар Монгол Улсын иргэнд газрыг гэр бүлийн хэрэгцээний, аж ахуйн зориулалтаар өмчлүүлэхээр заасан. Нийслэлд иргэн 0.07 га, аймгийн төвд 0.35 га, сумын төв болон тосгонд 0.5 га, Нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто замын дагуух газарт /сумын төвөөс бусад/ 0.07 га хүртэлх хэмжээний газар нэг удаа үнэ төлбөргүй өмчлөх эрхтэй. Хотын харьяат иргэн орон нутагт газар өмчлөх хүсэлтэй бол Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандаж, газар өмчлөх эрхийн хасалт хийлгэсэн бичиг аваад аймагт, эсвэл суманд газар өмчилж авах бүрэн боломжтой. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 46 мянган иргэн орон нутагт газар өмчлөхөөр нийслэлд газар өмчлөх эрхээ хасуулсан байна.Орон нутагт газар өмчлөх нь газрын талбай нийслэлийнхээс илүү том бөгөөд байршил, орчин нь уян хатан байдаг.

-Нийслэлийн иргэн аль нэг аймаг, суманд газар авах хүсэлт гаргахад тухайн орон нутаг нь “Нутгийнхаа иргэдэд л газар өмчлүүлнэ” гээд хүсэлт хүлээж авдаггүй тал бий. Ингэж болох уу?

-Аймаг, сумын Газар зохион байгуулалтын алба болон газрын даамал ийм хариу өгөх ёсгүй. Иргэний хүсэлтийг судлаад асуудлыг хуулийн хүрээнд нь шийдвэрлэх үүрэгтэй юм. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас egazar.mn цахим сайт ажиллуулж, аймаг, сум, нийслэл, дүүргүүдийн газар эзэмшүүлэх, өмчлүүлэх тухайн төлөвлөлт, байршлыг оруулж байна. Аль байршлуудад, ямар зориулалтаар олгох газрын бүх мэдээллийг агуулсан. Хүсэлтээ өгөхөд татгалзсан хариу өгөх нь тухайн төлөвлөлт, байршилд тусгагдаагүйгээс бусад үндэслэлээр татгалзах боломжгүй юм. Харин иргэд дээрх төлөвлөлт, байршилд тусгагдаагүй тохиолдолд дахин өөр байршилд газар сонгох эрхтэй. Хэрэв нэг байршилд хоёр иргэн хүсэлт гаргасан бол эхэлж өргөдлөө өгсөн иргэний асуудлыг шийдвэрлэнэ.

-Хүүхэд газар өмчлөх эрхтэй юү?

-Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалтаар Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлөх эрхийг заасан тул 18 нас хүрээгүй хүүхэд ч гэсэн газар өмчлөх эрхтэй.

-Нэг удаа үнэ төлбөргүй газар авсан иргэн хоёр, гурав дахь газраа авахдаа газрын дуудлага худалдааны суурь үнийг төлнө гэсэн шаардлагыг дүүргүүдийн Газар зохион байгуулалтын албанаас тавьж байна. Ийм шийдвэр хэзээ гарсан бэ?

-Хууль тогтоомжийн хүрээнд 2003 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө захирамж гарсан иргэн, аж ахуйн нэгжүүдээс дуудлага худалдааны анхны үнийг авах зохицуулалтгүй. Энэ хугацаанаас хойш дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр олгосон захирамжуудыг хуульд нийцүүлэх, Үндэсний аудитын газар, Нийслэлийн аудитын газраас газрын дуудлага худалдааны анхны үнийг төсөвт төвлөрүүлэх албан шаардлага тавьж, акт тогтоосны дагуу нийслэл болон дүүргүүдийн Газар зохион байгуулалтын албад иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлж байна. Өөрөөр хэлбэл, иргэн, аж ахуйн нэгжүүдэд хэдэн газар эзэмшиж байна, хэдэн оны захирамжтай байсныг нь хянаж үзээд, газрын үнэлгээг нарийвчлан тооцож, дуудлага худалдааны анхны үнийг төсөвт төвлөрүүлэх ажил хийж байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарчимд суурилан газрыг иргэн бүрд тэгш, шударга, хүртээмжтэй хүргэх хүрээнд хийж байгаа ажил.

-Улаанбаатар хотын харьяат иргэн нийслэлд хоёр дахь газраа эзэмшихээр авсан бол ямар хэмжээний төлбөр төлнө гэсэн үг вэ?

-Тухайн иргэний газрын захирамж олгосон түүхчилсэн лавлагаанд үндэслэн хэдэн онд газар олгосноос шалтгаалж нийслэл, дүүргүүдийн ИТХ-ын тогтоолуудыг үндэслэн төлбөр авч байна.

-Нэг газар өмчилж авсан иргэн дахин газар эзэмших, ашиглах тохиолдолд хаана хандах вэ?

-“Газар өмчлөх” гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг тус тус ойлгоно. Газар өмчлөх талаар өмнөх асуултандаа тайлбарласан тул эзэмших эрхийн тухай хуулийн ямар зохицуулалт хэрэгжиж байгааг тайлбарлая.

Газрын тухай хуулийн 29-р зүйлд иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0.07 га-гаас илүүгүй, гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар иргэнд 0.1 га-гаас илүүгүй, багийн Иргэдийн нийтийн хурлын санал, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр тус тус эзэмшүүлж болохоор заасан. Гэхдээ нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тохиолдолд тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар таван га хүртэл байна. Дээр дурдсан хэмжээнээс бусад тохиолдолд газар эзэмших, ашиглах бол Газрын биржээр дамжуулан дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулах зарчмаар газар эзэмших, ашиглах боломжтой.

Нийслэлийн хэмжээнд mle.mn сайтад ямар байршлуудад газрын дуудлага худалдаа зохион байгуулах тухай мэдээ, мэдээллүүд нь бий. Нийслэл болон дүүргүүдийн ИТХ-аар батлагдсан, төлөвлөгөөнд тусгагдсан газруудыг дуудлага худалдаанд оруулдаг. Иргэд энэ сайт руу хандаж, эзэмших, ашиглах газрынхаа мэдээллийг авч, дуудлага худалдаанд оролцох бүрэн боломжтой. Иргэд дуудлага худалдаанд оролцож, дуудлага худалдааны үнийг төлснөөр хэдэн ч газар эзэмшиж, ашиглах эрх үүснэ. Газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч болно.

-Дуудлага худалдаанд оруулах газрын байршлыг хэрхэн тогтоодог вэ?

-Бид дуудлага худалдаанд оруулах газрын байршлыг иргэн, аж ахуйн нэгжийн саналыг үндэслэн дараа жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган, нийслэл болон дүүргийн ИТХ-ын тогтоолоор жил бүр оны сүүлээр батлуулдаг. Газрын дуудлага худалдааг 2005 оноос эхлэн явуулж байгаа бөгөөд энэ жилээс газрыг хөрсний шинж байдлаар нь судалж, газар тариалан эрхлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах боломжтой гэх мэтээр иргэдэд илүү нарийвчилсан байдлаар газар санал болгох, таатай нөхцөл бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

-Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн жил бүр газрын төлбөр төлдөг. Энэ төлбөр барагдуулалт нь ямар түвшинд байдаг бол?

-Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй. Энэ хүрээнд газар эзэмших, ашиглах эрхтэй иргэн жил бүр газрын төлбөр төлнө. Эзэмших, ашиглах эрхийн төлбөрийг Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Засгийн газрын 2018 оны 182-р тогтоолд заасан суурь үнийг үндэслэн тухайн нийслэл, дүүргүүдийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан итгэлцүүрээр бүсчлэн тогтоосон байдаг.
Газрын зориулалт, байршлаас нь хамааран 1-16 хүртэлх бүсчлэлээс шалтгаалан итгэлцүүрийн үнэ өөр өөр байдаг. Нийслэл, дүүргүүдийн газрын албад төлбөрийн ногдуулалтыг хийж, барагдуулалтыг Татварын алба хэрэгжүүлдэг. Төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөг жил бүр давуулан биелүүлж байна.

-Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зөвшөөрөлгүйгээр барьсан хашаа, хайсыг буулгах ажил зохион байгуулж эхэлжээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Нийслэлийн Засаг даргын санаачилгаар явган хүний зам чөлөөлөх, авто машины хөдөлгөөнд саад учруулж буй хашаа, хайс, хаалт байгууламжуудыг буулгах аян зохион байгуулан ажиллаж байна. 2019 онд НИТХ-аас Улаанбаатар хотод хашаа, хайс, барьж ашиглах буулгах журам баталсан. Дээрх журамд нийцүүлэх хүрээнд ажлын хэсэг албан ёсоор байгуулагдан, зургаан дүүргийн 1100 га газрыг хамарсан судалгааны ажлыг эхлүүлж, хэрэгжүүлж байна. Нийтийн эзэмшлийн зам, талбайг бусдад шилжүүлсэн байсныг эргүүлэн нийтийн эзэмшилд нь оруулж, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай, ногоон байгууламж, цаашлаад сургууль, цэцэрлэг барих газрыг нэмэгдүүлэх ажлыг бид хамтран хэрэгжүүлж буй юм.

НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА

Categories
гадаад мэдээ

Хунтайж Филиппийг бямба гаригт эцсийн замд нь үднэ

Их Британийн хатан хаан II Элизабетийн нөхөр, Эдинбургийн гүн Филиппийг оршуулах ёслол энэ сарын 17 буюу ирэх бямба гаригт болно.

Букингемийн ордоноос мэдэгдсэнээр цар тахлын нөхцөл байдлын улмаас оршуулгын ёслол хунтайж Филиппийн өөрийнх нь хүсэж байсан шиг олныг хамарсан бус Виндзор цайз дахь Гэгээн Жоржийн сүмд болох аж.

Их Британид “COVID-19”-ийн халдварын тархалтыг хязгаарлахаар авч хэрэгжүүлж буй хязгаарлалтын дагуу хунтайжтай салах ёс гүйцэтгэх арга хэмжээнд оролцох хүний тоог 30-аар хязгаарлажээ. Хатан хаан II Элизабет тэргүүтэй хааны удмын гэр бүлийн гишүүд бүгд амны хаалт зүүх шаардлагатай гэнэ.

Букингемийн ордоны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр хааны гэр бүлийн гишүүний эрх, үүргээсээ татгалзаж, АНУ-д амьдарч байгаа хунтайж Харри оршуулгын ёслолд оролцохоор ирэх аж. Харин түүний эхнэр Меган Маркл бие давхар учир хилийн чинад руу зорчихгүй байхыг эмч нар зөвлөсөн байна.

Грек, Данийн хааны удмын угсаатай хунтайж Филипп энэ сарын 9-нд 99 насандаа таалал төгссөн юм. Тэрээр 1947 онд Элизабетийг хатан хаан болохоос таван жилийн өмнө түүнтэй гэрлэж байв. Их Британийн түүхэнд хамгийн удаан хаанчилж буй язгууртан гэр бүл дөрвөн хүүхэд, найман ач, зээ, 10 гучтай.

Их Британийн хатан хааны гэр бүлийн зүгээс олныг хамарсан арга хэмжээ болохгүй тул хунтайж Филипптэй салах ёс гүйцэтгэхээр цугларах гэсэн ард түмнээсээ уучлалт хүсжээ.

Categories
мэдээ нийгэм

“Дэлүүн болдог” нисэх буудлын бүтээн байгуулалтын ажил эхэлжээ

Хэнтий аймгийн Дадал сум дахь “Дэлүүн болдог” шинэ нисэх буудал барих бүтээн байгуулалтын ажлыг энэ сарын 9-нд эхлүүллээ. Энэ ажлыг “Биг Монголиа билдинг” ХХК 2021-2022 онд хийж гүйцэтгэх юм. Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс болгох төрийн бодлого шийдвэрт үндэслэн ИНЕГ Дадал сумын нисэх буудлыг шинэчлэн барих төлөвлөлтийг 2016 оноос хийж эхэлсэн.

Энэ төлөвлөлт Их Эзэн Чингис хааны түүхт аялал жуулчлалын үндэсний парк байгуулах ажилтай уялдаж, “Дэлүүн болдог” нисэх онгоцны буудал барих хөрөнгийг өнгөрсөн онд шийдэж улмаар 2020 оны намар бүтээн байгуулалтыг эхлүүлэх байсан ч цар тахлын улмаас хойшлоод байв. Монгол орныг зорин ирэх жуулчдын тоо урьдынхаас нэмэгдэх хандлагатайг тооцоолж Хэнтий аймгийн Дадал сум дахь нисэх буудлын шинэ бүтээн байгуулалтыг ийнхүү эхлүүлснийг ИНЕГ-аас мэдээлжээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“NASA” Ангараг дээр нисдэг тэрэг туршихаа түр хойшлуулжээ

Ангараг гараг дээр “Ingenuity” нисдэг тэрэгнийхээ эхний туршилтын нислэгийг хийх хугацааг дөрөвдүгээр сарын 14 хүртэл хойшлуулснаа АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ ням гарагт мэдэгджээ.

Дэлхийгээс өөр гараг дээр хийх анхны алсын удирдлагатай нислэгийг дөрөвдүгээр сарын 11-нд товлоод байсан юм. Гэвч баасан гарагт хийсэн роторуудын туршилт урьдчилан тооцоолж байснаас эрт дууссан тул ийнхүү нислэгийг хойшлуулсан байна.

“NASA”-гийн мэдээлснээр, нисдэг тэрэгт ямар нэгэн эвдрэл гэмтэл гараагүй байна. Одоогийн байдлаар мэргэжилтнүүд туршилтын үеэр гарсан доголдлыг тодорхойлж байгаа бөгөөд бүрэн оношилсныхоо дараа нислэгийн товыг шинээр танилцуулах ажээ.

“NASA”-гийн “Perseverance” сансрын аппарат Улаан нүдэн гаргийн “Jezero” тогоонд хоёрдугаар сарын 18-нд газардсан юм. Энэхүү аппаратад бэхлэгдэн буусан “Ingenuity” нисдэг тэргээр Ангараг дээр 30 хүртэлх хоногийн турш туршилт хийхээр төлөвлөж байна.