Categories
мэдээ нийгэм

Зам засвар, арчлалтын ажил үргэлжилж байна

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд зам засвар, арчлалт, үйлчилгээний ажлуудыг хийж байна. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 12-19-ний хооронд Энхтайваны өргөн чөлөө, Зүүн дөрвөн замаас Төв шуудангийн уулзвар хүртэлх хоёр талдаа, Чингисийн өргөн чөлөө, Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр, Сүхбаатар, Их сургууль, Их тойруугийн гудамж зэрэг найман гудамжны авто замд үүссэн нийт 85.563 метр урт ан цав, заадсыг битумаар засварлалаа.

Мөн таван бригад нийслэлийн зургаан дүүрэгт авто замын хайс, хашлага засварлах, будах, замын тэмдэг угааж, цэвэрлэх, засварлах зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна. Тодруулбал, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт нийт 1077 метр урт хайс, хашлагыг тэгшилж засаж, 78 метр уртыг нөхөн байршуулж, мөн 160 метр урт хайс, хашлагыг угааж, цэвэрлэн, буджээ.

Түүнчлэн Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их сургууль, Сүхбаатарын гудамжинд нийт 1633 тэмдэг угаасан бол 302 тэмдгийг Хан-Уул дүүрэгт шинээр суурилууллаа. Гүүр, хоолой, туннелийн засвар, арчлалтын ажлын хүрээнд Гачууртын 30 метр урт болон 18 метр урт гүүрний засварын ажлыг тавдугаар сарын 1-нд дуусгах төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна.

“УЛААНБААТАР ЗАМ ЗАСВАР, АРЧЛАЛТЫН ГАЗАР” ОНӨААТҮГ

Categories
мэдээ нийгэм

Д.Сумъяабазар: Эрүүл мэндийн ажилтнуудынхаа ажил, амралтыг нь зохицуулж, дархлааг нь дэмжиж, урам өгөөрэй

Нийслэлийн Онцгой комиссоос Дүүргийн Онцгой комисс болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай цахимаар хуралдлаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дүүргийн удирдлагууд бэлтгэл ажлуудаа сайтар хангаж, хоорондоо уялдаа холбоотой, зохион байгуулалттай ажиллах ёстой гэдгийг хэлсэн юм. Мөн үүргээ гүйцэтгэж яваад халдвар авч, амиа алдсан алба хаагчдадаа гүн эмгэнэл илэрхийлж, халуун цэгт ажиллаж байгаа дүүргийн удирдлагууд, эмнэлгийн ажилтнуудыг халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, өөрсдөө халдвар авахаас сэргийлж ажиллахыг сануулсан. Тэр дундаа эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажил, амралтыг нь зохицуулж, дархлааг нь дэмжиж, урам өгөөрэй гэлээ.

Сонгинохайрхан дүүргийн хувьд өнөөдрийн байдлаар 1040 хүн гэрийн ажиглалтад байна. Эдгээр хүний ойрын хавьтал 2000 гаруй иргэн бий. Дүүргийн нэгдсэн эмнэлэг 200 ор дэлгэсэн ч ор нь дүүрчээ. Тандалтын таван баг 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр өдөрт 500-600 хүнээс гэрээр нь шинжилгээ авч байгаа гэнэ. Мөн коронавирусийн үед амбулаторийн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд хүндрэлтэй болж байгааг ярьж байлаа. Баянзүрх дүүргийн хувьд гэрийн эмчилгээнд 980 хүн, гэрийн ажиглалтад 329 хүн байна. Мөн 690 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тандалтын баг болон зайлшгүй шаардлагатай иргэдээс шинжилгээ авах цэг өдөрт 1000 орчим хүнээс ПСР шинжилгээ авдаг. Иргэд оношлогдож ирээд 2-3 хоногийн дараа хүндэрч байгааг албаныхан хэллээ.

Хан-Уул дүүрэгт өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвартай 192 хүн бүртгэгджээ. Ингэснээр нийт 4169 тохиолдол батлагдаж, есөн хүн нас барсан. Эмнэлэгт 894, гэрийн тусгаарлалтад 612 хүн байна. Ойрын хавьтал 2000 гаруй хүн байгаа аж. Харин Чингэлтэй дүүргийн хэмжээнд өчигдөр 603 гаруй иргэнийг ПСР шинжилгээнд хамруулжээ. Мөн халдвар авсан иргэдийн тоо 1420 гаруй болсон байна. Тандалтын баг өдөрт дунджаар 200 гаруй иргэнээс шинжилгээ авч байгаа гэлээ. Гэрийн тусгаарлалтад 2101 хүн байгаа бол ойрын хавьтал 1467, гэрээр эмчлүүлж байгаа 634 хүн байна.

Тэгвэл Сүхбаатар дүүргийн хэмжээнд батлагдсан 1784 хүн байгаагаас дүүргийн нэгдсэн эмнэлэгт 185 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Вакцин ирэхэд дархлаажуулалтын цэгүүдийн бэлэн байдлыг хангажээ. Дүүргийн хэмжээнд тандалтын 10 баг ажиллаж байна. Баянгол дүүрэг 440 орчим ор бэлтгэжээ. Гэрийн тусгаарлалтад 376 хүн байгаа бөгөөд хороодод мөн нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн аж. Багахангай, Багануур дүүргийн хувьд халдварын нөхцөл байдал харьцангуй тайван байна. Налайх дүүрэгт 272 хүн халдвар авснаас 159 хүн эдгэрчээ. Хүүхдийн эмнэлэгт 28 хүн, гэрээр 33 хүн эмчлэгдэж байна.

Дүүргийн удирдлагууд нөхцөл байдал хүнд, орны нөөц, тусгаарлалтын байр нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаагаа энэ үеэр хэлж байсан юм. Хотын даргын хувьд бүхий л нөхцөлд дэмжин ажиллахаа илэрхийлж, ямар дэмжлэг хэрэгтэй байгааг тухай бүрд нь мэдэгдэж байхыг хүслээ. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, талбай, хүүхдийн тоглоомын талбайг ариутгах, угаах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тухайлбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хөөсрүүлж угаадаг машин хоёр байдаг бөгөөд автобусны 256 буудлыг хоёр өдөр угаадаг байна. Машины тоог 10 болгож нэмэх чиглэлийг Нийслэлийн Засаг дарга өглөө. Мөн хотоо сард нэг удаа угаадаг болъё гэсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
амьдралын-өнгө мэдээ

Арвайхээрт халдварын шинэ голомт үүсч, хөл хорио тогтоов

Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд “Covid-19”-ийн шинэ голомт илэрч, хатуу хөл хорио тогтоожээ.

Тус аймгийн Онцгой комиссын мэдээлснээр өнөө өглөө 06:00 цагаас тавдугаар сарын 5-ны өдрийг хүртэл гамшгаас хамгаалах “улаан түвшин”-д шилжсэн байна.

Сүүлийн 24 цагт тус аймагт Covid-19-ийн гурван шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 190 болжээ. Өнөөдрийн байдлаар 84 хүн тусгаарлах байранд ажиглалтад байгаа бол 371 хүн гэрийн хяналтад буй аж.Хатуу хөл хорионы хугацаанд

  • Нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагууд ажлын тусгай горимоор ажиллаж, албан хаагчдынхаа 5-10 хувийг ажлын байранд ажиллуулах;
  • Согтууруулах ундаанаас бусад хүнсний үйлдвэрлэл, худалдаа түгээлт, шатахуун түгээх станц, түлээ нүүрсний хүргэлт, банк, барилгын материалын дэлгүүрийг даваа, лхагва, баасан, ням гарагт 9.00-13.00 цагийн хооронд ажиллуулах;
  • Зам барилга угсралт, тариалан эрхлэлт, ноос ноолуур, түүхий эд, өвс тэжээлийн худалдаа, тээвэрлэлтийг 22.00 цагаас өглөөний 8.00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцуулах;
  • Сумын нутаг дэвсгэр дээрх үйл ажиллагааг заасан хугацаанд хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд авто машинтай болон явганаар зорчих хөдөлгөөнийг хязгаарлах;

Үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлчилгээний газрууд бүртгэл хяналтын системийг тогтмол хөтөлж байгаа эсэх, эрүүл ахуй, ариутгал халдваргүйтгэлийн дэглэмд хяналт тавьж, зөрчил гаргасан тохиолдолд зогсоох арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Татварын орлого 78.1 хувийн гүйцэтгэлтэй байна

Гаалийн байгууллага улсын төсөвт 2021 оны эхний дөрөвдүгээр өссөн дүнгээр 1.1 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх юм. Үүнээс 853.9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлжээ. Төсвийн татварын орлого 78.1 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 195.9 тэрбум төгрөгөөр илүү байна.

Манай улс 2021 онд 10.8 их наяд төгрөгийн татварын орлого олохоор төлөвлөсөн. Энэ оны эхний 2 сарын байдлаар улсын төсвийн орлого 1.6 их наяд төгрөг болоод байв.

Сангийн яам болон Татварын ерөнхий газрын мэдээгээр төсвийн орлого одоогийн байдлаар өнгөрсөн оныхоос 17.5 орчим хувиар нэмэгджээ. Эдийн засгийн идэвхжлийн гол үндсэн үзүүлэлт дотоодын НӨАТ-ын орлого 26 хувиар давж, өнгөрсөн оны мөн үеэс 20 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Мөн ААН-ийн орлогын албан татвар өнгөрсөн оны мөн үеэс 60 гаруй тэрбум төгрөгөөр давж, төлөвлөсөн хэмжээнээс 40 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдээд байгаа эерэг үзүүлэлттэй байна.

Монгол Улсын 2021 оны төсвийг 11.8 их наяд төгрөгийн орлого олохоор, 13.9 их наядын зарлагатай, 2.1 их наядын алдагдалтай байхаар баталсан юм.

2021 онд уул уурхайгаас 3.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон. Нэг ёсондоо энэ онд уул уурхайгаас олох орлого төсвийн 26 хувийг бүрдүүлэх юм. Тодруулбал:

  • зэсээс 1.5 их наяд төгрөг,
  • нүүрснээс 1.3 их наяд төгрөг,
  • алтнаас 231 тэрбум төгрөг,
  • төмөр, төмрийн хүдрээс 98 тэрбум төгрөг,
  • эрдэс баялгийн бусад түүхий эд, бүтээгдэхүүнээс 263.5 тэрбум төгрөг олохоор төлөвлөсөн юм.

ҮСХ-ны эх сурвалжаар улсын нэгдсэн төсвийн орлогын бүтцийг танилцуулбал, 85.8 хувийг татварын орлого, 8.8 хувийг татварын бус орлого, 2.9 хувийг Тогтворжуулалтын сангийн орлого, 2.5 хувийг Ирээдүйн өв сангийн орлого тус тус бүрдүүлдэг.

Categories
гадаад мэдээ

​Сингапур амьсгалаар коронавирус илрүүлэх оношлуурыг ашиглана

Сингапурын эрх баригчид нисэх онгоцны буудалд болон томоохон арга хэмжээний үеэр амьсгалаар коронавирус илрүүлэх оношилгооны шинэ аппаратуудыг ашиглахаар төлөвлөж байна гэж “The Straits Times” хэвлэлд мэдээлжээ.

Ирэх зургаадугаар сард энэхүү аппаратыг олноор үйлдвэрлэж эхлэх бөгөөд эхний ээлжид сард 200 мянган нэгж төхөөрөмж үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж. Цаашид энэ тоо хоёр саяд хүрэх юм.

“TracieX” төхөөрөмж эмнэлзүйн туршилтаар 95 хувийн нарийвчлалтай болох нь тогтоогдсон нь PCR шинжилгээний нарийвчлалтай дүйцэхүйц аж. Ингэхдээ шинжилгээний үнэ 20 ам.доллар болж байгаа нь ижил төрлийн шинжилгээнээс хямд өртөгтэйгөөс гадна хариу нь хоёр минутын дотор гардаг давуу талтай байна.

Оношилгооны төхөөрөмжийг туршилтын журмаар Сингапурын олон улсын “Чанги” нисэх онгоцны буудал болон Халдварт өвчин судлалын үндэсний төвд ашиглаж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

УБТЗ анх удаа 7500 тонн жинтэй галт тэргийг туршилтаар аялууллаа

УБТЗ анх удаа 7500 тонн жинтэй, 80 вагон ачаатай галт тэргийг Сэлэнгэ аймгийн Цагаан хаалга өртөөнөөс Дорноговь аймгийн Замын Үүд өртөө хүртэл туршилтаар аялууллаа. Уг галт тэрэг нь 36 цаг аялж Замын Үүд өртөөнд очих юм. Өмнө нь ийм хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэргийг “УБТЗ” ХНН аялуулж байгаагүй юм. Ихэнх тохиолдолд 4000-5000 тонн жинтэй галт тэргийг явуулж иржээ.

Улс орны эдийн засагт чухал үүрэгтэй УБТЗ-ын хамт олон төмөр замын тээврийн тасралтгүй, найдвартай байдлыг хангаж, нэвтрүүлэн өнгөрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байна. Ийнхүү анх удаа, хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэргийг туршилтаар аялуулснаар вагон эргэлт сайжирч, төмөр замын тээврийн хэмжээ нэмэгдэхийн зэрэгцээ үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцэх олон талын ач холбогдолтой юм. Сүүлийн жилүүдэд төмөр замын тээврийн хэмжээ тасралтгүй, эрчимтэй нэмэгдсээр байгаа. Тэр тусмаа коронавирусийн үед манай улсын экспорт, импортын ихэнх ачааг зөвхөн төмөр замаар тээвэрлэж байна.

Categories
мэдээ нийгэм

НМХГ: 515 албан хаагч байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт тогтмол хийж байна

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас коронавируст халдвараас сэргийлэх, тархалтыг багасгах зорилгоор 16 чиглэлээр 515 албан хаагч хяналт шалгалтыг тогтмол хийж гүйцэтгэж байна.

Голомтын эцсийн халдваргүйжүүлэлт урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, тусгаарлан ажиглах байрны эрүүл ахуйн шаардлага, тусгаарлан ажиглах байрны зориулалтаар ашиглаж байгаа эсэх болон дархлаажуулалтын цэгийн үйл ажиллагаа болон вакцины тээвэрлэлт, түгээлт, хязгаарлалт тогтоосон байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж байгаа аж.

PCR шинжилгээний сорьц авч байгаа цэгийн үйл ажиллагаа, эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, хүнсний үйлдвэр, худалдаа, үйлчилгээ, экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналт, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод, хязгаарлалт тогтоогоогүй байгууллага, эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, халдвартай хог хаягдлын устгал, эмийн сан, ундны усны чанар, цэвэрлэх байгууламжид шалгалт хийж байна.

Мөн Коронавирусээр батлагдсан болон сэжигтэй тохиолдлын хяналт (батлагдсан тохиолдлын оршуулах үйл ажиллагаанд баримтлах журам)нийтийн тээврийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэж байна хэмээн тус газраас мэдээллээ.

нэг буюу түүнээс олон хүн болон дотор гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ улс-төр

“Оюу толгой” компанид 2.3 тэрбум долларын нэмэлт санхүүжилтийг дэмжихгүй байх чиглэл өглөө

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал дүгнэлт боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр /2021.04.20/ хуралдлаа. Түр хорооны хуралдаан 10 цаг 45 минутад ирц бүрдсэнээр эхлэв.

Хуралдаанаар “Оюу Толгой” компанийн нэхэмжлэлээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл яаралтай гаргах арга хэмжээ авахыг Засгийн газарт үүрэг, чиглэл болгохоор тогтсон юм.

Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн “Туркойс хилл ресурсес” болон “Рио тинто интэрнэшнл холдингс” компаниудын зүгээс Оюутолгой ордын далд уурхайн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахад зориулан 2.3 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт авахаар тохиролцсонтой холбогдуулан Түр хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл өгөх болон Оюутолгойн гэрээ, байгаль орчин, татварын асуудлаар мэдээлэл сонсох гэсэн хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг танилцуулав.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ш.Адьшаа, Х.Болорчулуун, С.Ганбаатар нарын дөрвөн гишүүн асуулт асууж, Түр хорооны дарга Ц.Даваасүрэн хариулт өглөө. Тухайлбал гишүүд “Оюу Толгой” ХХК-ийн нэхэмжлэлээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл буюу хариу тайлбар гаргах хугацаа энэ дөрөвдүгээр сарын 30-наар дуусгавар болох тул сөрөг нэхэмжлэлийг яаралтай гаргаж, хүргүүлэх ёстой гэсэн чиглэлийг Түр хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт өгөх нь зүйтэй талаар санал хэлэв. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар маргаанд Монгол Улсын Засгийн газар ялалт байгуулах магадлал өндөр байгаа талаар дурдлаа.

Үргэлжлүүлэн Засгийн газарт хүргүүлэх чиглэлийн төслийг Түр хорооны дарга Ц.Даваасүрэн гишүүдэд танилцуулав. Тэрбээр “Туркойс хилл ресурсес” болон “Рио тинто интэрнэшнл холдингс” компаниудын зүгээс Оюутолгой ордын далд уурхайн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахад зориулан 2.3 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт авахаар тохиролцож, уг гэрээг хэрэгжүүлэх зөвшөөрлийг “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-өөр батлуулах төлөвлөгөөтай ажиллаж байна. Энэ нь “Оюу Толгой” ХХК-ийн өрийг улам нэмэгдүүлж, төслийн үргэлжлэх хугацаанд Монголын тал ногдол ашгаа хүртэх боломжгүй болж, өртэй үлдэх нөхцөл байдлыг улам бүр баталгаажуулж байгаа учир авахаар төлөвлөж буй 2.3 тэрбум долларын нэмэлт санхүүжилт авах асуудлыг дэмжихгүй байх чиглэлийг “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талын төлөөлөлд өгөх тухай танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ё.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Б.Жаргалмаа, Г.Тэмүүлэн, С.Чинзориг нар асуулт асууж, санал хэлэв.

Түр хорооны гишүүд чиглэл өгөх төслийг тал бүрээс нь хэлэлцэж, асуулт асууж, хариулт авсан юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн авахаар төлөвлөж буй аливаа нэмэлт санхүүжилтийн асуудлыг дэмжихгүй байх чиглэлийг Засгийн газрын зүгээс “Эрдэнэс Оюутолгой” ХХК болон “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талын төлөөлөлд өгөх, түүнчлэн Засгийн газар хувь нийлүүлэгчийн хувьд уг асуудалтай холбогдуулан Монголын талын эрх ашгийг нэн даруй хамгаалах арга хэмжээг даруй авах санал гаргаж, чиглэлийн төсөлд тусгах талаар саналаа илэрхийлэв.

Гишүүдийн асуултад хариулахдаа Түр хорооны дарга Ц.Даваасүрэн “Оюу Толгой” ХХК-ийн 2013, 2014, 2015 оны санхүүгийн тайланд 1 их наяд 80 тэрбум долларын чөлөөт мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй байсан нь далд уурхайн бүтээн байгуулалтыг өөрийн үйл ажиллагааны орлогоороо санхүүжүүлээд явах бүрэн бололцоотойг харуулж байгаа талаар тайлбар хийв.

Түүнчлэн гишүүдийн олонх нь “Оюу Толгой” ХХК-ийн нэхэмжлэлээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл буюу хариу тайлбарыг заавал гаргахыг чиглэлийн төсөлд тусгах талаар санал хэлсэн юм.

Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явууллаа. Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаагийн гаргасан “Оюу Толгой” компанийн нэхэмжлэлээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл буюу хариу тайлбарыг заавал гаргах талаар чиглэлийн төсөлд тусгахыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 61.1 хувийн саналаар дэмжигдэв.

Ийнхүү хэлэлцээд Түр хорооны хуралдааны тэмдэглэлээр аливаа нэмэлт санхүүжилт нь “Оюу Толгой” ХХК-ийн өрийг улам нэмэгдүүлж, төслийн үргэлжлэх хугацаанд Монголын тал ногдол ашгаа хүртэх боломжгүй болж, өртэй үлдэх нөхцөл байдлыг улам бүр баталгаажуулж байгаа учир авахаар төлөвлөж буй 2.3 тэрбум долларын нэмэлт санхүүжилтийг дэмжихгүй байх чиглэлийг Засгийн газраас “Эрдэнэс Оюутолгой” ХХК болон “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талын төлөөлөлд өгөх, Засгийн газар хувь нийлүүлэгчийн хувьд уг асуудалтай холбогдуулан Монголын талын эрх ашгийг нэн даруй хамгаалах арга хэмжээг даруй авах, түүнчлэн “Оюу Толгой” компанийн нэхэмжлэлээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл яаралтай гаргах арга хэмжээ авахыг Засгийн газарт үүрэг, чиглэл болгохоор тогтсон юм.

Түр хорооны тэмдэглээр Засгийн газарт өгөх үүрэг, чиглэлийн төслийг бүхэлд нь дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 72.2 хувь дэмжлээ.

Categories
мэдээ улс-төр

ТББХ: Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.04.20/ 14 цаг 08 минутад ирц бүрдсэнээр эхэлж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд томилогдсон тухай Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хуралдааны эхэнд танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй гишүүн баталсан ба бүх үйл ажиллагаа хууль журмын дагуу зохион байгуулагдаж, хууль зөрчсөн зүйл байхгүй гэдгийг онцлов. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэгт Ерөнхийлөгчийн Тамгын газар болон бүх талын төлөөлөл оролцож орж ажилласан. Цэц мөн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргасан ба Цэцийн шийдвэрийг бүрэн эхээр нь олон нийтэд байршуулах тухай санал хэлэв.

Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг цахим хуудсанд байршуулсан /https://www.legalinfo.mn/law/details/16278?lawid=16278/ болохыг дурдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82.2.2-д “Энэ хуулийн 82.2.1-д заасны дагуу Байнгын хороод Цэцийн дүгнэлтийг хэлэлцэн санал, дүгнэлт гаргахдаа холбогдох хууль, тогтоолын Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн зүйл, хэсэг, заалт бүрээр, хэрэв Монгол Улсын Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн бол Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалт бүрээр тус тусад нь санал хураалт явуулах; заасны дагуу заалт түс бүрээр санал, хураалт явуулна” гэж заасан болохыг танилцуулж, заалт тус бүрээр санал хураалт явуулахаар тогтов. Ингээд,

1.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт нь “Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувийн саналаар дэмжигдэв.

2.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”, гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувийн саналаар дэмжигдэв.

3.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувийн саналаар дэмжигдэв.

4.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь “Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 13 гишүүнээс 11 гишүүн дэмжиж, 84.6 хувийн саналаар уг санал дэмжигдэв.

5.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”, гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувийн саналаар дэмжигдэв.

6.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувийн саналаар дэмжигдэв.

Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалт бүрээр санал хураалт явуулж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын Д.Тогтохсүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

“Facebook” компани “Clubhouse”-тай өрсөлдөх бүтээгдэхүүн танилцуулна

“Facebook” компани шинэ аудио бүтээгдэхүүнүүдээ зарлах гэж байна. Үүн дотор “Clubhouse”-тай өрсөлдөх бүтээгдэхүүнээс гадна “Spotify”-ийн дэмжлэгтэйгээр подкастын зах зээлд орно гэдгийг “Recode” сайт мэдээллээ.

2020 онд “Zoom”-тэй өрсөлдөхөөр гаргасан видео чат болох “Messenger Rooms”-ийн зөвхөн аудио хувилбар мөн байгаа ажээ.

“Facebook”-ийн “Clubhouse”-тай өрсөлдөх бүтээгдэхүүн нь виртуал тайзан дээр ярих боломжийг хэрэглэгчдэд олгох бөгөөд “Newsfeed”-дээ дуут мессеж нийтлэх функц ч байгаа юм байна.

Технологийн томоохон компаниуд “Clubhouse” маягийн бүтээгдэхүүн хөгжүүлж байна. Тухайлбал: “Twitter” компани “Spaces”-ийг гаргасан бол “Microsoft”-ийн “Linkedin” болон “Slack Technologies” тус тусын платформдоо зориулж ижил функц бий болгохоор ажиллаж байгаагаа мэдээлсэн юм.

Эх сурвалж: Bloomberg TV