Categories
мэдээ цаг-үе

Шар өвс шатаасны улмаас 228 га талбай, 18 байшин шатжээ

Жил бүр хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихэсдэг. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 2020 онд бүртгэгдсэн 1813 удаагийн гал түймрээс 13.5 хувь буюу 245 нь шар өвс шатааснаас гарсан түймрийн дуудлага эзэлжээ.

Шар өвс шатаасны улмаас нийслэл орчмын уулын ам, зуслангийн бүсэд 228 га талбай, иргэдийн 18 байшин, 4 гэр, 41 хашаа шатсан байна.

Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллээр 2021 оны дөрөвдүгээр сард агаарын температур Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, дорнод Монголын тал нутаг зэрэг ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-1.5 градусаар илүү дулаан, олон жилийн дунджаас бага хур тунадастай, нийт нутгаар хуурайшилтын зэрэг өндөр байх төлөвтэй байна.

Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

НӨАТ-ын буцаан олголтыг хоёрдугаар улиралд багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ

Нэмэгдсэн өртгийн албан татварын энэ оны нэгдүгээр улирлын төлбөрийн баримтаа дөрөвдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлэн, буцаан олголтын урамшуулал авах боломжтой. Тухайлбал, иргэд 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 31-ний худалдан авалтын баримтаа “Ebarimt” системд бүртгүүлж, буцаан олголт авна гэсэн үг юм.

Өнгөрсөн оноос эхлээд НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог болсон. 2020 оны дөрөвдүгээр улирлын худалдан авалтаар нэг сая 18 мянга 314 иргэнд 43.7 тэрбум төгрөг буцаан олгохоор байгааг мэдээлж байв. Харин энэ удаагийн мэдээлэл дөрөвдүгээр сарын 8-наас хойш тодорхой болох аж.

“Ebarimt” системд бүртгүүлсэн мэдээлэл НӨАТ-ын тухай хуулийн 5.1 дэх заалтыг хангасан эсэхийг Татварын албанаас хянаж дуусаад, ажлын хоёр хоногт багтаан Сангийн яам руу шилжүүлэх журамтай байдаг. Сангийн яамнаас Төрийн сангийн буцаан олголтын тусгай данс руу ажлын 20 хоногт багтаан санхүүжилтийг өгдөг. Үүний дараа Төрийн сан ажлын гурав хоногт иргэдийн данс руу шилжүүлэх юм.

Албан татвар төлөгчид буцаан олголт олгохгүй байх нөхцөл

Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журамд заасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй.

Мөн албан татвар төлөгчид нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг олгох явцад тухайн татвар төлөгчийн нэгдсэн системд бүртгүүлсэн баримт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй байхаар тусгажээ

Categories
мэдээ цаг-үе

Архангай аймгийн Ихтамир суманд халдвар илэрч, хөл хорио тогтоолоо

Архангай аймгийн Ихтамир суманд халдварын батлагдсан тохиолдол нийслэлээс зөөвөрлөгдөн ирж, тусгаарлагдлаа.

Үүссэн нөхцөл байдлын улмаас тус суманд тодорхой хугацаагаар хатуу хөл хорио тогтоогоод байна. Энэ хугацаанд Эрүүл мэндийн төв, ундны ус түгээх худгаас бусад бүх төрлийн үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсоож, сумын төвийн орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлын судалгаа хийгдэж, сорьц цуглуулах явуулын лобаратори ажиллаж байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“LG Electronics” корпораци гар утасны зах зээлийг орхиж буйгаа мэдэгдлээ

БНСУ-ын “LG Electronics” корпораци гар утасны зах зээлийг орхиж байгаагаа албан ёсоор мэдээлжээ. Гар утасны салбарт өрсөлдөөн улам чангарч, ашиггүй, алдагдал хүлээх болсон учир компани дахин утас үйлдвэрлэхгүй байх шийдвэрийг гаргасан байна.

Гар утасны үйлдвэрлэлийн хэмжээгээр дэлхийд гуравдугаарт жагсаж явсан “LG Electronics” компани гар утасны үйлдвэрлэлээ Вьетнамын “Vingroup” корпорац болон Германы “Volkswagen” автомашины компанид зарах боломжийг хэлэлцсэн байна. “LG” гар утасны үйлдвэрлэл 2015 оноос алдагдал хүлээж эхэлжээ. Өнгөрсөн онд алдагдлын нийт хэмжээ 4.4 тэрбум ам.долларт хүрсэн байна.

facebook sharing button
Categories
мэдээ цаг-үе

Б.Баатархүү: Н.Түвшинбаярыг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, улсын заан, МҮОХ-ын ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үндэслэлээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж эхлээд байна.

Энэ асуудлаар өнөөдөр цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Н.Түвшинбаярыг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг шүүхээр шийднэ. Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 11.1 гэдэг зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорт өнөөдөр хүргүүлсэн. Хэргийн талаар янз бүрийн батлагдаагүй мэдээлэл гарч байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага өөрөө энэ ажлыг хийнэ. Прокуророос зөвшөөрөл өгвөл бид мэдээлэл өгч болно. Н.Түвшинбаяртай холбоотой өмнөх зүйлүүдийн талаар мэдээлэл алга байна.

Тухайн үед эрүүл мэндийн байгууллагад үзүүлж, биеийн байдлыг хэвийн болгох ажиллагаа хийгдсэн. Биеийн байдал нь хэвийн болсон гэж үзээд саатуулсан.

Мөрдөн шалгах ажиллагаа, холбогдох гэрчүүдээс авсан мэдээллийн талаар хэлэх боломжгүй. Цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүйгээр холбогдох шалгалтын ажиллагаа явуулсан” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Хөвсгөл аймагт гурван ихэр хүү мэндэлжээ

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт өнөөдөр өглөөний 7:40 цагт 3 ихэр хүү мэндэлжээ.

Тодруулбал Мөрөн сумын иргэн М.Нямгэрэл хоёр дахь төрөлтөөрөө гурван ихэр хүүтэй болсон байна. Тэрбээр 2016 онд төрж хүүтэй болж байсан бол 5 жилийн дараа 3 ихэр хүү төрүүлж 4 хүүтэй болж байгаа юм.

Ихрүүдийг Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн Ерөнхий мэргэжилтэн П.Отгонбаяр, Их эмч Э.Инжир, Эх баригч М.Энхболд болон төрөх тасгийн хамт олон кесар хагалгаагаар амжилттай төрүүлсэн байна. Хөвгүүд 2600, 2400, 2800 грамм жинтэй төрсөн бөгөөд биеийн байдал сайн байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн усны хангамж таван жилийн дараа гэхэд 80 гаруй хувиар нэмэгдэнэ

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд хүчин төгөлдөр болсон. Компакт гэрээний 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх таван жилийн хугацаа албан ёсоор тоологдож эхэлснийг тэмдэглэх ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески, Монголын Мянганы Сорилтын сангийн гүйцэтгэх захирал Э.Содонтогос нар оролцсон юм.АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески арга хэмжээний үеэр “Ус хангамжийн хөтөлбөрийн энэхүү 350 сая ам.долларын санхүүжилт нь АНУ-аас Энэтхэг, Номхон далайн бүс нутагт оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалтын нэг. Ирэх таван жилийн хугацаанд Улаанбаатар хотын ус хангамжийг 80 хувиар нэмэгдүүлээд зогсохгүй олон ажлын байр шинээр бий болгоно” гэлээ.

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ буюу Усны Компакт гэрээнд 2018 оны долдугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурсан. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулна. Мөн ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Ингэснээр 2026 он гэхэд Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

DNN-СУРВАЛЖЛАГА: Иргэд хөл хорионы дэглэмээ баримталж байгаа ч амьдрал хүнд байна гэв

Өгсүүр гудамжаар мацах тусам гэр хорооллын төрх илт харагдана. Энэ дүр зураг гэр хорооллын хаана ч адил аж.

Хоногийн хоолоо олохын тулд дэлгүүрт өр тавих нь энүүхэнд. Хашааны буланд хоёр гурвуулаа ганц нэг юм “мултлан” суух залуус ч цөөнгүй. Гэсэн хэдий ч иргэдийн хөл хөдөлгөөн бага байв.

Энэ удаагийн “DNN-СУРВАЛЖЛАГА”-аа Нисэхийн эцэсээс хойш захын гэр хорооллоос хүргэж байна.

Тэнд иргэд хэрхэн амьдарч буйг харуулахыг зорилоо.



Ингээд эцсийн буудлаас хойш алхах замд архи ууж тэрүүхэн тэндээ ярилцах бүлэг хүмүүстэй таарлаа. Хээвнэг гэртээ хэвтэж буй мэт л газарт налайна

Цааш явахад хөл хөдөлгөөн бага байсан нь иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайн барьж буйг илтгэнэ.

Гэр хороолол дунд байрлах “Цасхан” дэлгүүрт орлоо. Тэнд үйлчлүүлэгч цөөн байв. Худалдагчаас иргэд хэдэн төгрөгийн зээл тавьж, юу авч буйг тодрууллаа. Худалдагч А.Батдэлгэр ” Одоо манай дэлгүүр 50 мянгаас дээш төгрөгийн зээр олгохгүй байгаа. Цар тахал гайгүй үед боломжоороо өгдөг байсан юм. Хүүхдийн мөнгө, тэтгэвэр буухаар өгье гээд л талх, боорцогоо голчлох авна. Иргэдийн амьдрал тааруу л харагддаг. Энэ сарын 18-ныг хүртэл дэлгүүр, хоршоо 20:00 цагт хаахаар болсон. Ер нь хаах дөхүүлээд л иргэд талх тариагаа авах гээд л ороод ирнэ. Өгөхгүй байж болохгүй юм. Хүнсний ногооны эрэлт багасаад талх, нарийн боовны л эрэлт ихэссэн байна. Нэг шуудай төмс авахад нэлээд хэд хонож байна даа.

Иргэдийн өрийн дэвтэрт маш олон өрхийн зээл бичигдсэн байгаа шүү” хэмээн зээл авсан иргэдийн өрийн дэвтрийг харуулав. Тэнд 50 мянган төгрөгөөс дээш өр бичсэн байв.

Энэ хавийн иргэдийн байнга үйлчлүүлдэг дэлгүүр нь “Цасхан” гэнэ. Тус дэлгүүрийн лангуун дээрх бусад бараа бүтээгдэхүүн нэгэн хэвийн байх бөгөөд хуралдагчийн хэлж буйгаар боорцог, талх нь дуусах дөхжээ.

Нисэхийн эцсээсээ хойш засмал зам тавьсан байна. Гэвч явган хүний зам нь стандартад нийцээгүй харагдана. Хоёр хүн зөрөх нь байтугай ганцаараа гарахад бэрх аж.

No description available.

No description available.Дээш өгссөөр нэгэн оршуулгын газарт дөхөв. Энэхүү газрыг хоёр жилийн өмнө хашаалсан гэнэ. Түүний хажуухан талд байрлах жижигхэн “Түц” рүү ороход хоёр эмэгтэй Засгийн газрын шийдвэр, вакцинжуулалт, иргэдийн амьдрал гээд л нийгмийн олон талын асуудлыг хөндөж ярина.

“Түц” эрхлэгч н.Цоггэрэл “Энд 17 жил амьдарч байна. Энэ түцээ нээгээд хоёр жил болж байна даа. Ер нь өдөрт дунджаар 10-аад хүнд үйлчилдэг. Дээд тал нь 15 хүн үйлчлүүлдэг. Манайх чинь 30 айлын дунд байдаг. Иргэд гурил, будаагаа шуудайгаар нь авчихдаг болохоор ойр зуурын хэрэгцээний зүйлүүдээ л авна. Тэтгэвэрт гарах болоогүй учир энэ жижиг түцээ ажиллуулаад явж байна. Засгийн газраас хэрэгжүүлж буй зарим үйл ажиллагаа их таалагдаж буй. Одоо ер нь бүх аж ахуйн нэгжүүдийг 20:00 цагт хааж хэвшүүлэх хэрэгтэй. Мөн архи, согтууруулах ундаа борлуулж байгаа дэлгүүрийг хяналтад авах ёстой. Тэгэхгүй бол архи ууж эрүүлжүүлэгдсэн хүмүүс нэмэгдлээ” гэв.


Энэ хавьд амьдрал ахуй нь тааруу иргэдийг сураглахад тэрээр нэлээд хэдэн айл зааж өгсөн юм. Таван хүүхэдтэй н.Дулмаа гэх айлыг онцолж ярих бөгөөд энэ хавийнхан бүгд мэддэг гэнэ.

н.Дулмаа гэх айлыг зорихоор явав. Гудамжаар өгсөх тусам нохой хуцаж айдас төрүүлнэ. Зарим ноход нь бөөн бөөнөөрөө давхина. Бүр хойшлох тусах өндөрлөг газар угтаж, хог, үнсээ гудамжинд хаясан бодит төрх элбэг тааралдана. Зуны цагт ус үерлэвэл урсчихмаар төрх энд байх ажээ.

Гэр нь хашаагүй, гэрийнх нь хаалга дэлгээтэй, хүүхдүүд нь орж гарсан дүр төрх цөөнгүй. Хаашаа л харна үүдгүй хашаа. Үнс бужигнасан хогийн сав.

Дээш өгссөөр нэгэн хашааны буланд уяатай хоёр нохойд жаахан охин хоол хийж өгч буйг харагдлаа. Нэг настай болов уу гэмээр охин хаалга алдлан өөдөөс харна. Дөхөж очоод том эгчээс нь аав ээж нь байгаа эсэхийг асуухад тэрээр аав ээж ажилдаа явчихсан. Би хоёр агаа, нэг дүүтэйгээ байна гэсэн юм.

Дор харагдаж буй гэр бол н.Дулмаагийнх. Гэрт нь хүн байхгүй байсан учир хамар хашааны иргэн С.Баяраас аж амьдрал ямар байгааг асуулаа. Тэрээр “Манайх энд суурьшаад 4 жил болж байна. Бүр аргаа бараад “Биогийн хогийн цэг дээр ажиллаж байна даа. Хуучин 20-30 хүн ажилладаг байсан бол одоо 300-гаад болсон шүү. Ажил олдохгүй. Ер нь био ч гэлтгүй Улаанчулуутын хогийн цэгийг очиж харах хэрэгтэй. Тэнд амьдрах гэж ядсан хүмүүс их бий” хэмээн арга ядаж буйгаа ярилаа.

Ш.Батболд “Ах нь одоо 50 гарч яваа. Гараа бэртээчихээд арай гайгүй болохоор ажил хийх гэсэн ажилд авдаг газар алга. Барилга дээр ч ажиллалаа. Барилгын туслах хийвэл багадаа 40 мянган төгрөг авна. Харуул хамгаалалтын ажилд орохоор компаниуд нь цаанаасаа цалингаа өгөхгүй байна гээд л хойшлуулна. Эсвэл өгөхгүй. Одоо вакцинжуулалтаа эрчимжүүлэх хэрэгтэй. Би вакциныхаа хоёр дах тунг энэ сарын 19-нд хийлгэнэ. Ер нь хүмүүс ганц тунг хийлгээд зүгээр болчихно гэж ойлгож болохгүй. Энэ хавиар гэхэд маскгүй хүмүүс их байна. Шаардлага тавихаар өөдөөс муухай хардаг нь харамсалтай” гэлээ.Ингээд жижиг дунд бизнес эрхэлж буй гутал засварчин Г.Батзоригтой цөөн хором ярилцлаа. Тэрээр ” Энд гутал засвар хийгээд 4 жил гаруй болж байна. Гайгүй хөлөө олоод явж байхад аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарлаад орлого огцом буурсан. Өдөрт сайн байвал гурван гутал засварлана.

Хүмүүсийн орлого буурсан энэ үед хүмүүс хуучин гутлаа л авчирч байна. Манай хань тэтгэмж авдаг болохоор гэртээ хүүхдүүдээ хараад байж байдаг. Харин би эндээ хэдэн төгрөг олох гээд л хичээж байна. Бага насны таван хүүхэдтэй. Өдөрт 30 мянган төгрөг олоход л талх, махандаа яваад дуусчихна. Ингээд бодохоор амьдрал тааруухан л байна” хэмээлээ.

Иргэд хөл хорионы дэглэмээ сайн баримталж буй хэдий ч амьдрал хүндхэн байгааг онцолж байлаа.

www.admin.dnn.mn

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Л.Оюун-Эрдэнийн ээлжит зуулт

2021.3.8. ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУНЭРДЭНЭ Т.ЧИМГЭЭТЭЙ УУЛЗАВ

Энэ жилийн “Март-8”-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШШГЕГ-ын харьяа 401 дүгээр хаалттай хорих ангид очиж С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял эдэлж буй Т.Чимгээтэй уулзсан. Ярьж заншсанаар “Март-8”, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тэр өдрийн өглөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрыг ээлжит бусаар хуралдуулжээ. Түүгээр С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Т.Чимгээ нарын хэргийг шүүн таслах явцад эрхийг нь зөрчиж, хүчээр хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй баримттай танилцсан байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Т.Чимгээтэй уулзах үеэрээ олон ноцтой зүйл ярьсан. Т.Чимгээ ч цурхиртал уйлж байгаад үгээ хэлэх шиг болсон. Уузалтын үеэр “Шүүх ямар шийдвэр гаргасан нь бус, гагцхүү шүүн таслах үйл ажиллагааны явц хуулийн дагуу байсан эсэх нь чухал”, “Эрүүдэн шүүсэнтэй холбоотой хэрэг Төв аймгийн шүүх, Давж заалдах шатны шүүх дамжин Улсын дээд шүүхээс буцаад байна. Шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нар эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй энэ хэрэг одоо болтол шийдэгдэхгүй байгаад анхаарах ёстой”, “Шүүхийн байгууллага яагаад зарим хэргийг богино хугацаанд шийддэг, заримыг нь сунжруулдаг асуудлыг ч ҮАБЗ-ийн хурлаар хэлэлцүүлнэ”, “Т.Чимгээ зөвшөөрвөл зарим бичлэг, нотлох баримтыг нууцын зэрэглэлээс гаргахаар төлөвлөсөн” зэргийг Ерөнхий сайд хэлсэн. Энэ талаар олон нийтэд хандаж ярихдаа “Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Тиймээс Засгийн газрын өглөө ээлжит бусаар хуралдаж, Т.Чимгээтэй холбоотой асуудлаар хуралдсан. Дараа нь Т.Чимгээтэй уулзлаа. Надад шүүхийн гэм бурууг ярихгүй, тийм эрх ч байхгүй. Харин шүүн таслах үйл явцад хууль зөрчсөн, хүний эрх зөрчсөн Засгийн газартай холбоотой асуудал байгаа юм. Т.Чимгээтэй уулзаж, зарим зүйлийг тодруулсан” гэж ярьсан юм.Энэ уулзалтын дараахан Т.Чимгээгээс “хурууны хээ авч буй” гэх бичлэг ил болсон.

2021.3.18.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЭРҮҮДЭН ШҮҮДЭГ, ХҮЧЭЭР ХЭРЭГ ХҮЛЭЭЛГЭДЭГ БАЙЖ ТААРАХГҮЙ

Ер нь бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухайд бус энэ хэргийг “илрүүлэх” явцад хүний эрх зөрчигдсөн үү гэх асуудалд анхаарлаа хандуулсан гэхэд болно. Үүнийгээ “Март-8”-нд хэлсэн. Бас 2021 оны гуравдугаар сарын 18-нд ХЭҮК-ынхонтой уулзахдаа ч энэ талаар ярьжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хэргийг мөрдөн шалгах, шүүн таслах явцад эрүүдэн шүүдэг, хүчээр хэрэг хүлээлгэдэг байж таарахгүй. Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс гэж 30 жил бэлгэ тэмдэг байдлаар ярьж ирснийг одоо үндсэн агуулгаар нь ойлгож, ажиллах цаг болсон” гэв.ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд “ХЭҮК 19 удаа илтгэл гаргасны 13-т нь эрүүдэн шүүлт байна гэж дүгнэн УИХ-д танилцуулсан. Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм бий болгох зэрэг УИХ-аас гаргасан тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай байна. Т.Чимгээг эрүүдэн шүүсэн гэдгийг шүүх эцэслэн тогтоовол олон улсын байгууллагад хандах боломжтой. Хэргийг нь богино хугацаанд шийдвэрлэх ёстой гэсэн байр суурьтай байна. Бид энэ сарын эхээр 401 дүгээр хаалттай хорих ангид ажилласан. ХЭҮК эрүүдэн шүүлтийг хэзээ ч зөвтгөхгүй” гэв. Энэ мэтчилэнгээр ХЭҮК-ын гишүүдийг байр сууриа илэрхийлсний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шүүхийн байгууллагад хэн ч хөндлөнгөөс нөлөөлөх эрхгүй. Гэхдээ иргэд хэргээ шударга шүүхээр шийдүүлэх эрхтэй. Эрүүдэн шүүсэн нь ойлгомжтой байхад ХЭҮК чимээгүй байх нь эс үйлдэл. Хэн ч дуугарахгүй бол хууль бус байдлыг засч чадахгүй. Засгийн газар хүний эрхийг дээдлэх чиглэлээр та бүхэнтэй нягт хамтран ажиллана” гэсэн юм.

2021.3.31. ДЭЭД ШҮҮХ ЭРҮҮДЭН ШҮҮСЭН ХЭРГЭЭР Б.ХУРЦАД 1.5 ЖИЛ, Г.ЭРДЭНЭБАТАД НЭГ ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ

Б.Хурц нарт холбогдох Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн гэх хэргийг Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүх 2021 оны гуравдугаар сарын 31-нд шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчид болон прокурорын эсэргүүцлийн дагуу хаалттай хэлэлцсэн. Энэ шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалын О.Бархасбадид холбогдох заалтыг хэвээр үлдээж, түүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, магадлалын бусад заалтыг хүчингүй болгож, С.Эрдэнэбатад холбогдох хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бусад шүүгдэгчтэй холбоотой заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ. Харин Ж.Мөнхгал, С.Баяр нарт тус бүр хоёр жил хорих, Б.Хурцад 1.5 жил хорих, Г.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр нарт тус бүр нэг жил хорих, О.Бямбажавт зургаан сая төгрөгөөр торгох ял тус тус оногдууллаа. О.Бямбажавт оногдуулсан торгох ялаас түүний урьд хоригдсон 125 хоногийг хасаж тооцон, торгуулийн ялыг 4 140 000 төгрөгөөр тогтоов.

2021.3.31. С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙН МАТЕРИАЛУУДЫГ НУУЦААС ГАРГАХ ШИЙДВЭРИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ГАРГАЛАА

Засгийн газрын ээлжит хуралдаанаар С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн материалыг бүхэлд нь нууцаас гаргах шийдвэрийг гаргажээ. Эдгээрийг нууцаас гаргах асуудлаар УИХ-ын нэр бүхий гишүүд болон Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл хийж, Ерөнхий сайдад хандаад байсан юм. Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдох уг хэргийн15 мянга гаруй хуудас материал байдаг. Тэднийг уг хэрэгт 2016 онд шийтгээд, хэргийн материалыг нууцын зэрэгт хамруулж, 20 жил нууцлахаар болсон байдаг. Төрийн болон албаны нууцын тухай хуулиар Засгийн газар нууцаас гаргах асуудлыг дэмжвэл шууд ил болох боломжтой болсон. Үүний дагуу Засгийн газар шийдвэр гаргажээ.

Т.ЧИМГЭЭГ СУЛЛАХ УУ?

Т.Чимгээ нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж 2015 оны наймдугаар сарын 31-ний өдрөөс хоригдсон.Энэ хэрэгт буруутайд тооцож 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр шүүхээс 20 жил хорих ял шийтгэсэн. Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүснийг Дээд шүүхээр тогтоолоо. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1-д заасны дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас өмнө нь оноосон хэргийг хүчингүйд тооцож, шинээр мөрдөн шалгах хууль, эрх зүйн үндэслэл бүрдэх юм байна.

Энэ талаар эх сурвалжууд “Прокурор эрүүдэн шүүсэн байна гээд эсэргүүцэл бичих ёстой. Үүний дагуу Дээд шүүх гурван шатны шүүхийн шийдвэрийг цуцалж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах ёстой” гэж яриад эхэлсэн.

ХҮНИЙ ЭРХИЙГ ЗӨРЧСӨН ЭСЭХИЙГЗУУСАНЛ.ОЮУНЭРДЭНИЙН АЖИЛ ДУУССАН УУ

Л.Оюун-Эрдэнийг улстөрчийнхөө хувьд хэн бэ гэдгийг монголчууд мэддэг болсон. Барьсан асуудалдаа яаж ийгээд шийдэл олчихдог. Овоо шазруун, овоо ч зуудаг нөхөр гэдэг. Олон жишээ, үйл явдлуудаас харсан. Тэрээр энэ удаад хүний эрхийн тухайд анхаарал тавьжээ. Тэр тусмаа онц ноцтой хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хүчээр хэрэг хүлээлгэсэн эсэх асуудлыг “зууж”, түүнийгээ ерөнхийд нь дуусгаж байх шиг байна. Ер нь бол С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр улс төрийн хүчнүүд, улстөрчид ч “шоу” хийсээр ирсэн. “Илрүүлнэ” гэдэг. “Захиалагчийг тодруулна, удахгүй” гэцгээдэг. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд энэ бүх улс төрөөс арай өөр зүйл рүү явах шиг болов. Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн учраас суллахаас аргагүй нөхцөл рүү түлхэж байх шиг байна. Өөрөөр хэлбэл, энэ хэрэгт шинэ нөхцөл үүслээ. Тэгэхээр хэргийг хэрхэн шийдэх нь хууль хянатынхны өмнө дахиад нээлттэй болж байна. Магадгүй, олсны үзүүр дэх бүр сонирхолтой хүмүүс рүү ч хөтөлж мэдэх юм.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт мэдрэлийн мэс заслын эмчилгээ хийгддэг боллоо

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс Мэдрэлийн мэс заслын эмчилгээг тусламж үйлчилгээндээ албан ёсоор нэвтрүүлж эхэллээ.

Энэхүү үйлчилгээний хүрээнд бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхий авах мэс заслыг 2 удаа, тархины цус харвалтын шалтгаантай цусан хураа авч тархины дарагдал чөлөөлөх мэс заслыг тус эмнэлгийн эмч нарын баг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Уг мэс заслын эмчилгээг эмнэлэгтээ нэвтрүүлснээр үйлчлүүлэгчдийн хүлээгдэл, чирэгдлийг сааруулах, хурдан шуурхай үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлж байгаа ач холбогдолтой юм.

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс Мэдрэлийн мэс заслын эмчилгээг тусламж үйлчилгээндээ албан ёсоор нэвтрүүлж эхэллээ.

Энэхүү үйлчилгээний хүрээнд бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхий авах мэс заслыг 2 удаа, тархины цус харвалтын шалтгаантай цусан хураа авч тархины дарагдал чөлөөлөх мэс заслыг тус эмнэлгийн эмч нарын баг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Уг мэс заслын эмчилгээг эмнэлэгтээ нэвтрүүлснээр үйлчлүүлэгчдийн хүлээгдэл, чирэгдлийг сааруулах, хурдан шуурхай үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлж байгаа ач холбогдолтой юм.