Categories
мэдээ цаг-үе

Коронавирусийн халдвар авсан нэг иргэн нас баржээ

Коронавирусийн халдвартай, биеийн байдал нэн хүнд байсан нэг хүн нас барсан хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.

Тухайн иргэн оношлогдсоноосоо хойш 21 дэх хоног дээрээ эмчлэгдэж байгаад олон эрхтний дутагдал, бөөрний дутагдал, чихрийн шижингийн хүндрэлээр нас баржээ. Ийнхүү манай улсад коронавирусийн улмаас нас барсан нийт хүний тоо 7 боллоо.

Нийт тохиолдол 3336 болж үүнээс 2588 нь эдгэрсэн байна. Шинээр илэрсэн халдваруудын 3 нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн бол 54 нь УДЭТ-аас илэрлээ. Үлдсэн нь халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлуудаас илэрчээ.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Ойрын хавьтал болсон 9905 хүнд тандалт судалгааг хийж байна

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэж байна.

Өчигдөр улсын хэмжээнд 13,269 хүний сорьцод шинжилгээ хийхэд 108 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын гурав нь гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол бол үлдсэн 105 нь дотоодод буюу Улаанбаатар хотод бүртгэгдсэн халдварын тохиолдлууд байгаа юм.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 3,336 боллоо. Үүнээс 2,588 буюу 77.5 хувь нь эдгэрээд байгаа бол 732 хүн эмчлэгдэж байна. Эдгээрээс биеийн байдал нэн хүнд хоёр хүн, хүнд гурав, хүндэвтэр 68, хөнгөн 659 хүн байгаа аж.

Улсын хэмжээнд халдвар авсан иргэдийн ойрын хавьтал болсон 9905 хүнийг тусгаарлаж, тандалт судалгааг хийгээд байна

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: 108 хүнээс халдвар илэрсний 54 нь УДЭТ-ын ажилчид байна

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн албаны дарга А.Амбасэлмаа “Сүүлийн хоногт 13269 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 108 хүнд халдвар илэрсэн. Шинээр илэрсэн 108 тохиолдлын 3 нь гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол бол 105 нь голомтуудаас илэрч, 54 нь Драмын театраас илэрсэн. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт 3336 тохиолдол боллоо.

Сүүлийн 24 цагт 49 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Халдварын нийт тохиолдлын тоо бүртгэгдсэнээс 3336 болсноос 2588 буюу 77.5 хувь нь эдгэрсэн.

Одоогоор 732 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь маш хүнд 2, хүнд 3 хүн байгаа” гэв.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 50 хүн эдгэрч эмнэлгээс гарсан талаар мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн төлөө фондод цугласан хандивыг хүүхдийн соёл, урлагийн цогцолбор байгуулахад зориулна

Засгийн газраас энэ онд Хүүхэлдэйн театр, Хүүхдийн төв номын сангийн гэсэн хоёр барилгаас бүтэх Хүүхдийн соёл, урлагийн цогцолбор хэмээх байгууламж барихаар төлөвлөсөн бөгөөд бүтээн байгуулах ажлыг энэ хавар эхлүүлэх гэнэ.

Зургийг архитекторчдын “Гангоо архитектс” компаниар гаргуулжээ. Цогцолборыг Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт, олны мэдэхээр Тасганы овоо орчимд барина.

Засгийн газраас сэргээн байгуулж буй Хүүхдийн төлөө фондод хаяглан 10 тэрбум төгрөг шийдэж өгсөн бөгөөд үүнээс энэхүү цогцолборын санхүүжилтийн шанг татахад зарцуулах юм байна. Мөн өнгөрсөн оны сүүлчийн өдөр ард түмний хандиваар цугласан хоёр тэрбум гаруй төгрөгөөс энэхүү бүтээн байгуулалтад зориулна.

Улсын энэ оны төсөвт Соёлын яамны эрхлэх ажлын хүрээнд Байгалийн түүхийн музей, Чингис хааны музей зэрэг цөөн тооны байгууламжийг байгуулахаар тусгасан тул дээрх цогцолборыг барих хөрөнгө дутаж буй тул Засгийн газрын дэмжлэг болон олон нийтийн хандиваар бүтээн босгохоор шийдсэн аж.

Categories
мэдээ нийгэм

Ардчилсан намын даргад өрсөлдөх гишүүдийн нэрс тодорлоо

АН-ын Дотоод сонгуулийн хороо өчигдөр (2021.03.07) хуралдаж, Намын даргын сунгаанд нэр дэвшүүлсэн 19 гишүүний материалын бүрдлийг авч хэлэлцжээ. АН-ын даргад өрсөлдөхөөр материалаа ирүүлсэн 19 гишүүнээс 16 хүний бичиг баримтыг шаардлага хангасан гэж үзсэн ба хоёр гишүүний материал шаардлага хангаагүй гэж үзсэн байна. Мөн нэг гишүүн нэрээ татжээ.

Ардчилсан намын даргын сонгууль гуравдугаар сарын 28-нд болно. Тус намд харьяалагддаг саналын эрхтэй 200 гаруй мянган гишүүн байдаг бөгөөд санал хураалтыг орон даяар явуулж, саналын хуудсаар санал авахаар төлөвлөж байгаа аж.

АН-ЫН ДАРГАД НЭР ДЭВШИХ БОЛЗОЛ ХАНГАСАН ГИШҮҮД

Categories
мэдээ цаг-үе

Архангайн Чулуут суманд кино зураг авалтаар очсон 15 хүний дундаас халдвар илэрчээ

Улаанбаатар хотоос Архангай Чулуут суманд очсон 15 иргэнийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулан, зургаан автомашинаар Улаанбаатар хот руу тээвэрлэн аймгийн цагдаагийн газрын албан хаагчдын хамгаалалтад явуулжээ.

Тодруулбал, Улаанбаатар хотоос кино зураг авалтаар очсон UBS телевиз болон УЭДТ-ын 15 уран бүтээлч ирснээс нэгнийх нь шинжилгээний хариу эерэг гарсантай холбогдуулан сумын Онцгой комиссын бүрэлдэхүүн хуралдаж, тусгаарлах байрны бэлэн байдлыг хангаж ажиллажээ.

“Тус 15 иргэнийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулан, Улаанбаатар хот руу тээвэрлэсэн бөгөөд батлагдсан тохиолдлын иргэнийг Яармаг 300 ортой тусгай эмнэлэгт хүргэж, нэн ойрын хавьталын иргэдийн сорьцыг ХӨСҮТөвийн вируслогийн лабораторид хүлээлгэн өглөө. Шинжилгээний хариу маргааш буюу 03-р сарын 08-ны өглөө гарна. Шинжилгээний хариу гартал зөвхөн Чулуут сумын орох гарах хөдөлгөөнийг хаасан тул эх сурвалж нь тодорхойгүй мэдээлэлд автаж, олон нийтийн сүлжээнд ташаа мэдээлэл байршуулахгүй байхыг хүсье” хэмээн Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.

Мөн “Нэгдүгээр хавьтагч болон дам хавьтагчийг тогтоож зураглалыг гаргаж ажиллахад 14 иргэн нэгдүгээр хавьтагчаар, дам хавьтагчаар 20 иргэнийг тогтоож тусгаарлалтад аван ажиллаж байна.

2021 оны гуравдугаар сарын 06-ны өдрийн 21.30 минутад Өлзийтгол багийн Естийн нуураас кино зураг авалт хийгээд ирэхэд нь дөрвөн машинтай 15 иргэнийг тосч аван, сумын Эрүүл мэндийн төвийн хоёр сувилагч халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, Хүүхдийн цэцэрлэгийн тусгаарлах, ажиглах байранд бүртгэл хийж байрлуулсан.

Сумын төвийн доод пост болох Сумчийн үзүүр, дээд гүүрний пост, Дунд жаргалантын пост, хөдөлгөөнт эргүүл гу чиглэлд нийт 46 тээврийн хэрэгсэл, 126 гаруй албан хаагчдыг дайчлан ажиллуулж байна.

Гуравдугаар сарын 7-ны өдөр буюу өнөөдөр аймгийн Эрүүл мэндийн газрын тархвар судлаач Э.Ариун-Эрдэнээр ахлуулсан хариу арга хэмжээний баг, аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ш.Гомбодоржоор ахлуулсан голомтод ажиллах удирдлагын баг тус тус Чулуут суманд ажиллаж байна” хэмээв.

Categories
мэдээ цаг-үе

Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэллээ

Өчигдөр “Анна Каренина” тоглолтод оролцсон 54 хүнээс коронавирусийн халдвар илрээд байгаа бөгөөд нийт 900 гаруй хүнд шинжилгээ хийх шаардлагатай болоод байгааг Шуурхай штабаас мэдээлсэн.

Улсын Драмын эрдмийн театраас коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Энхдалай: Эцэг эх нь отгон хүүдээ Хүрэлсүх биш, Сүлд-Очир гэдэг нэр өгсөн

Өргөөамаржих газар нярайлсан нялх биетэй эмэгтэйг коронавирусийн халдвартай хэмээн хүйтэн машинд нимгэн хувцастай суулган явсан нь олны дургүйцлийг төрүүлж, жагсаал цуглаан хүртэл хийж байсан билээ. ХӨСҮТд тусгаарлагдаж байсан эмэгтэйн дүү Б.Энхдалайтай ярилцлаа.


Хүүхдээ төрүүлээд хэдхэн цаг болж байгаа нялх биетэй эгчийг тань ХӨСҮТрүү хүргэхдээ алдаа дутагдал гаргасанд олон нийт шүүмжлэлтэй хандсан. “Өргөөамаржих газар амаржсан эхээс ковидын халдвар илэрсэн хэмээн тухайн үед мэдээлж байсан шүү дээ. Тэгвэл нэгдүгээр сарын 19-ний өдөр чухам юу болсон талаар ярилцлагаа эхэлье?

-Хөл хорионы дэглэм мөрдөгдөж байсан учраас эгч, хүргэн ах хоёр маань УОК-ын шийдвэрийн дагуу PCR-ийн шинжилгээ өгч байсан юм билээ. Тэдний шинжилгээний хариу ч сөрөг гарсан байсан. Эгч төрөхөөсөө хэд хоногийн өмнө Нэгдүгээр төв эмнэлэгт өвдөж очоод, дахин PCR шинжилгээнд хамрагдахад мөн л сөрөг хариутай байсан. Тиймээс ч тус шинжилгээнд үндэслэн эгчийг маань эмнэлэг хүлээн авсан гэж ойлгож байгаа. Эмч нар “Та эхнэрийнхээ хувцсыг нь буцаагаад аваад яв, шинжилгээний хариу сөрөг гарсан” гэж хэлсэн учраас хүргэн ах гадуур хувцсыг нь гэртээ аваад харьсан байдаг. Эмнэлэгт байх гурав хоногийн хугацаанд эгч маань өрөөндөө дөрвөн эхтэй хамт байсан. Удалгүй нэгдүгээр сарын 19-ний өглөө эгч дөрөв дэх хүүхдээ төрүүлж гэр бүлдээ сайхан мэдээ дуулгасан. Манайхан одонгийн хүүхдээ өлгийдөн авсан учраас баяр хөөр дүүрэн байлаа. Гэтэл гэнэт тэдний амьдардаг Баянхошууны Жанцанд байрлах зургаан давхар орон сууцанд коронавирус илэрч, байрыг нь хамгаалалтад авах талаар мэдээлэл гарсан л даа.

Тэгэхээр орцонд халдвар тархсан учраас ковидтой байх магадлалтай хэмээн тусгаарлах арга хэмжээг авсан гэсэн үг үү?

-Хамгийн анх шинжилгээний хариу нь хоёулаа сөрөг гарч, дахин “Өргөө” амаржих газарт очиж шинжилгээ өгөхөд ковид илрээгүй байсан. Энэ шинжилгээнд үндэслэн эгчийг маань эмнэлэгт дөрвөн хүнтэй байлгасан байж таарна. Тэгсэн мөртлөө нөхрөөс нь ковид илэрсэн учраас эхнэр нь ковидтой байх өндөр магадлалтай гэж өрөөнийхөнтэй нь тусгаарлах үйл явц болсон юм билээ.

Тэр үед эгч бидэнтэй холбоо бариад “Намайг нэг өрөөнд тусгаарлаад бусад хүмүүсийг гаргаад явуулчихлаа” гэж ярьж байсан. Улмаар эмнэлгээс гаргаж, хүйтэн машинд суулгасан баримт хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсныг та бүхэн үзсэн байх. Манай эгч ХӨСҮТ-ийн машинд явж байх үедээ “Би дөнгөж сая машинд суулаа” гээд айж сандарсан шинжтэй над руу ярьсан. ХӨСҮТ-ийн эмнэлэг рүү ороод “Хонгил шиг юмаар орж ирлээ, хүйтэн байна” гэж дахин холбогдсон. Мөн ХӨСҮТ-ийн гаднах аваарын шатаар өгсүүлж оруулсан байна лээ. Тэгэхээр УОК, ЭМЯ-ны шийдвэрээс үүдэлтэй эх хүүхэд хоёрыг ямар ч бэлтгэлгүй шилжүүлсэн байгаа юм. Энэ арга хэмжээний хариуцлагыг хуулийн хүрээнд тооцно. Өөрөөр хэлбэл, зохион байгуулалт муу байсан учраас хүний эрүүл мэндийг хохироосныхоо төлөө хариуцлага хүлээх ёстой.

Эмч нараас нэг нь ч болтугай гадуур хувцсаа нөмрүүлээд гаргах сэтгэл дутлаа хэмээн олон нийт шүүмжилж байсан. Чухам яагаад нимгэн гарах болсон юм бол?

-Хэн ч байсан тийм үед гадуур хувцасгүй, нимгэн гарахгүй гэж хэлж хэрэлдэх л байх. Миний эгчийн хувьд бусдад халдвар тараах вий гэж санаа зовсон учраас хүндрэл учруулаагүй болов уу. Уг нь биеэ бодоод орны даавуу ч болтугай нэхэж болно шүү дээ, их айсан байх. Гэвч миний эгч арав гаруй жил бага ангийн багшаар ажилласан боловсролтой хүн болохоор бусдад санаа зовсондоо тэгж гарсан байх. Тухайн үед хувь хүмүүсийн амиа бодсон үйлдэл, өвчнийг нь тусчих вий, бушуухан ХӨСҮТ-рүү явуулъя гэсэн хүнлэг бус үйлдэл тод ажиглагдсан. Энэ бол бидэнд маш гэнэтийн үйл явдал болсон. Нуулгүй хэлэхэд, Нэгдүгээр төв эмнэлгийн эмч нар хоорондоо ярьж байгаад ганц хөнжлөөр л ороочихсон бол асуудал болохгүй байлаа. Манайхан бусдын адил энгийн дундаж амьдралтай, ядаж эгчдээ хувцас аваачаад өгөх боломжтой шүү дээ. Гэвч тухайн үед УОК-ын шийдвэрээр гэртээ байх ёстой байсан учраас яаж ч чадаагүй.

Хүний эрхийн ноцтой зөрчил болгон дээр ард түмэн хүлээцтэй байсан. Манай эгч, дүү тэр засгийг унагаасан юм биш, зүгээр л тэсэрсэн байхгүй юу. Эгчийн маань асуудал дээр монголчууд тэр чигээрээ эсэргүүцлээ. Тэгэхээр эх хүнийг гомдоовол бурхан уурладаг юм шиг байна. Эгч маань маш ажилсаг хүн л дээ. Нийслэлийн ерөнхий боловсролын 50 дугаар сургуульд арван жил багшилсан. Ингээд урилгаар Олонлог сургуульд орж, багш мэргэжлээр ажилладаг.

Одоо эх, хүүхдийн биеийн байдал ямар байгаа вэ, эгчтэйгээ уулзсан уу?

-ХӨСҮТ-д 14 хоног тусгаарлагдаж, дараа нь Яармагийн 300 ортой эмнэлэгт дөрөв хоноод гарсан. Одоо гэртээ хүүхдүүдтэйгээ байгаа. Бид оны өмнөөс авахуулаад ковидоос шалтгаалан хоорондоо уулзалдаагүй л явна. Мэдээж хууль дүрмээ дагаж, дэглэмээ мөрдөх учиртай шүү дээ. Эгчийг төрөх үед манай гэр бүлийнхэн УОК-ын шийдвэрийг дагаад хөл хорионд байсан. Тиймээс ч дураараа эмнэлэг дээр гүйгээд очиж болохгүй. Эгчийн маань хажууд 22-ын товчоон дээр нас бардаг хүүхдэд тохиолдсон явдал бол орчлонгийн хагацал шүү дээ. Бид хажууд нь арай гайгүй байна. Гэхдээ ингэж гам алдсан хүн ирээдүйд өвдөх нь ойлгомжтой. Миний эгчид тохиолдсон шиг зүйл дахин хэнд ч бүү давтагдаасай. Түүнээс биш илүү зүйл хүсээд, өрөвдүүлэх зорилгогүй. Бид хөдөлмөрөөрөө хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдраад явчихна.

Тухайн үед ганц нимгэн маск олдоогүй юм болов уу, дэрээр амыг нь халхалсан байсан?

-Нэгдүгээрт, УОК зохион байгуулалтгүй байсан. Хоёрдугаарт, амиа бодсон үйлдэл ажиглагдсан. Тэр чинь эдгэрдэггүй өвчин биш шүү дээ. Ер нь ковидыг дэлхий даяар нэг төрлийн ханиад гээд ярьж байна. Тэгтэл мэргэжлийн хүмүүс нь сүр бадруулж дэр бариулаад л явуулахыг л бодсон. Тэр их мэдлэг нь хаачив. Ер нь хийж байгаа ажилдаа эзэн болж, зүрх сэтгэлээсээ хүнийг хайрлаж сурах хэрэгтэй. Ковид бол эдгэрэх өвчин, хамгийн гол нь хүний дотоод сэтгэлд байгаа хир арилахад амаргүй. Бие, хэл, сэтгэл ариун бусдыг хайрладаг байх тусмаа зөв үйлдэл гарна шүү дээ.

Мэдээж ХӨСҮТд очсоны дараа эмч нар хариуцлагаа ухамсарлаж арай өөр хандсан болов уу?

-Тухайн үед би хэлэхдээ, гэр бүлээрээ нэг өрөөнд орохыг ХӨСҮТ-өөс хүссэн. Энэхүү хүсэлтийг ХӨСҮТ хүлээн авч оруулсан гэсэн үг. Гэр бүлийн хүнтэйгээ хамт байснаар асар их сэтгэлийн шокийг мартуулна шүү дээ. Эх хүүхдийн эрүүл мэндийн төвөөс эмч, сэтгэл зүйч ирж ХӨСҮТ өөрөө анхаарал тавьсан. Гэхдээ хүн чанаргүй, ёс зүйгүй үйлдлээ нэгэнт хийчихсэн хойно яахав дээ. Зарим мэдээллийн хэрэгслээр эгчийг маань “ковидтой, коронавирусээ нууж очсон” гэж хов жив хөөсөн, ташаа мэдээ гаргаж ард түмнийг сэнхрүүллээ. Сэтгэл зүйн хямралтай үед маш буруу ташаа мэдээлэл явсан. Энэ талаарх бүртгэл баримт Нэгдүгээр төв эмнэлэгт ч байгаа. Миний эгч ямар ч буруугүй. Одоо эгч, ах хоёр маань тайван байхыг л хүсч байгаа. Тухайн үед гэр бүлийнхэнд маань дарамт сэтгэл зүйн асуудлууд ихээхэн тулгарсан. Унгар улсаас дүү маань хүртэл холбогдож маш их стресстэй байсан. Ерөнхийдөө гэр бүл маань 14 хоногийг хэцүү байдалд өнгөрөөсөн. Эгч маань тэнд уйлаад, ээж маань энд уйлаад байсан. Ер нь бол сэтгэлийн юм чинь маргааш нар мандахаар арилчихгүй шүү дээ. Ингээд үзэл бодлоо илэрхийлсэн, бодит байдлыг хуваалцсан бичлэг лайв оруулсны дараа над руу гурван мянга гаруй чат ирсэн л дээ. Ховдоос хүртэл холбогдож “Ховд брэндийн хүүхдийн эсгий гутал хийдэг юм аа. Тэрийгээ явуулъя” гэх мэтчилэн ард түмэн биднийг зөвөөр ойлгосон. Ер нь бол гэр бүлээ хамгаалж өөрийгөө зөв илэрхийлсэн гэж бодож байгаа.

Сошиал сүлжээнд хүүхдэд Хүрэлсүх гэсэн нэр өгсөн хэмээх мэдээлэл байсан. Энэ үнэн үү?

-Тэр эгзэгтэй үед улс төртэй холбоотой, тэр дундаа Засгийн газрыг тэргүүлж буй хүний нэрийг өгөх нь зохимжгүй шүү дээ. Тэгэхээр өөр нэртэй гэсэн үг. Миний хувьд компьютерийн техникийн инженер мэргэжилтэй учраас сошиал сүлжээнд тавьсан мэдээллийг бүгдийг харсан л даа. Нэг сайт дээр “Эцэг эх нь хүүдээ Хүрэлсүх гэдэг нэр өгчээ” гэсэн буруу ташаа мэдээлэл гарсан. Манай эгчийн гэр бүл хоёр охин, хоёр хүүтэй боллоо. Хамгийн бага хүүдээ Д.Сүлд-Очир хэмээх нэрийг хайрласан. Дашмягмарын Сүлд-Очир маань одоо сар гаруй хоногтой, эрүүл саруул өсөж бойжиж байна. Эцэг эх нь ХӨСҮТ-өөс гараад гэртээ харьсныхаа дараа нэр өгсөн. Монгол хүмүүс чинь шашинд тодорхой хэмжээгээр итгэж, шинэхэн төрсөн хүүхдэдээ нэр хайрлахыг лам хуваргаас асуудаг шүү дээ. Энэ жишгээр ах эгч маань отгон хүүгээ Д.Сүлд-Очир хэмээн нэрлэсэн. Хүүхэд бол амьдралын аз жаргал, баяр баясгалан юм.

Та гэр бүлээ товчхон танилцуулбал?

-Манайхан 2003 онд гэр бүлээрээ Хөвсгөл аймгаас хотод нүүж ирж байсан. Хүүхдүүдээ төв суурин газар өсгөе гэсэн аав ээжийн бодлоор ирж байлаа. Аав ээж маань дөрвөн хүүхдэдээ зөв үлгэрлэж хүмүүжүүлсэн.Одоо бид бүгд амьдрал зохиож тусдаа гарсан байна.

П.САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Хамрын хийд-Ханбаянзүрх хайрхан чиглэлийн зорчих хөдөлгөөнийг хаалаа

Дорноговь аймгийн нутагт орших энергийн төв Хамрын хийд-Ханбаянзүрх хайрхан чиглэлийн хөдөлгөөнийг 2021.03.07-ны 06.00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаанд зогсоожээ.

Энэ талаар тус аймгийн онцгой комиссоос тодруулахад “Улаанбаатар хотоос Дорноговь аймгийг чиглэх иргэдийн хөдөлгөөн ихэссэн учир Хамрын хийд-Ханбаянзүрх хайрхан чиглэлийн хөдөлгөөнийг түр хугацаанд хаасан” гэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Араваши Э. Дөлгөөн: Анх 15 настайдаа ирж байсан өдөр яг л өчигдөрхөн мэт

Токиогийн тэнгэр цэлмэг, нар шаргалтан налайж, зэвэргэн салхи үлээвч хаврын уур аль хэдийнэ оржээ. Хоёрдугаар сарын 23 бол Япон улсын Эзэн хааны мэндэлсэн өдөр тул бүх нийтийн амралтын өдөр. Корона цар тахлын улмаас хүмүүсийн хөдөлгөөн, гарч орох илт саарсан гэдгийг өөрийн эрхгүй мэдрүүлэх мэт ордоны орчим эл хуль, нам гүм. Сумогийн холбоо цар тахлын халдвараас сэргийлэхийн тулд ёс дэг хатуу дээрээ улам бат чанга болсон мэт үүдний харуул, цагдаа нар зөвхөн урилгатай хүнийг л дотогш нэвтрүүлж байв.

Энэ өдөр Монголын сумоч хүчит хөвгүүдийн нэгэн болох сумо бөхийн дээд макүүчи зиндааны хоёр дахь чансаанд эрэмбэлэгдэж байсан “Догшин бүргэд” хэмээх Араваши Эрхбаярын Дөлгөөний зодог тайлах ёслол болж буй юм. Зодог тайлаад жил гаруйн дараа нэг удаа хойшлогдсоор энэ өдрийг золгож байна. Анх 15 настайдаа сумочийн замналаа эхэлж, 18 жил хүч бяр уралдуулан барилдсан, башё бүрт л хөл гишгэх газаргүй, үймж шуугьсан хөгжөөн дэмжигч, зочид дүүрэн, уухай түрлэг, халуун алга ташилт нижигнэж байдаг дэвжээнээ тэр сүүлчийн удаа чёнмагэ үсээ засуулах гээд хүндэтгэлийн олбог дээр сууж байна. Зочид бие биенээсээ зайтай суусан сэлүүхэн танхимд нам гүмийг эвдэж сумогийн ёслолын модон товшуур цохин хэдэнтээ ташиж, дуу авиа цуурайтан ёслол эхэллээ.

Сумоч хүний сүлд хийморь орших эр зориг, баяр бахдалыг илтгэх чёнмаге /цолтой бөхийн гоёлын үсийг оичёо гэдэг/ үсийг засахад ихээхэн утга учиртай, үндэсний уламжлал, соёл гүн шингэсэн өвөрмөц зан үйл байдаг. Дэвжээнийх нь мастер үсчин үсийг нь янзалж эхлэв. “Эн эйч кэй” телевизийн сумо тайлбарлагч, нэрт нэвтрүүлэгч Угата хөтлөн тайлбарлалаа. Эхлээд сумочийн үсийг норгож, тусгай самаар нямбайлан хэдэнтээ самнасны дараа олон төрлийн модны холтос, ургамлын тос бүхий анхилуун үнэртэй лав ваксаар гялалзсан, толигор болгож, хэлбэржүүлэх үүднээс дахин шүүрэн самаар самнаж, тосны үлдэгдэл зэргийг унагаадаг аж. Ингээд муутуу цаасаар ээрүүлдсэн нарийн бөх утсаар үсийг сул зангидаад дараа нь буцааж үсийг угаар нь дахин боож, үзүүрийг магнай руу чиглүүлж, гоёмсог хэлбэр дүрстэй болгон тусгай модон савхаар засч, янзлан дуусгав. Үүнд 10-20 минут зарцуулагддаг бөгөөд сумочийн царай төрх, толгой нүүрний хэлбэр, зуршил, хөдөлгөөн бүрийг нь бодолцон яг л тухайн хүнд таарч тохирсон бас өө сэвийг нь дарах, хамгийн үзэмжтэй болгох чёнмаге засалт хүн бүрт өөр учир нэлээд нарийн ур чадвар, чимхлүүр ажиллагаа шаарддаг аж. Мэргэжлийн үс засалч болоход дор хаяж арван жил зарцуулдаг ба таван зэрэглэлээр ахисаар хамгийн дээд мастер үсчин болдог ажээ.

Одоогоор 650-иад сумоч барилдаж тэдний дунд 50-иад үсчин бий. Кейко дууссаны дараа болон барилдаанаас өмнө өдөр болгон үсээ засуулна. Макүүчи зиндааны бөхчүүд тусгай үсчинтэй, башёд барилдахаас өмнө болон хойно янзлуулдаг. Үсээ янзлуулж байх хооронд сумочын хувьд бие сэтгэлээ амраах бясалгалын нандин агшин байдаг. Үсний анхилуун тос нь маш их тайвшруулах нөлөөтэй учир сэтгэл дотроо төвлөрөх, бодлоо цэгцлэх үнэтэй цаг мөч байдаг ажээ. Чёнмаге үс засалтын дараа гол үйл явдал болох үс үргээх ёслол эхлэв. Хамгийн түрүүнд эх орон, нутаг ус, элгэн садныг нь төлөөлж Японд суугаа Монголын Элчин сайд Д.Батжаргал ерөөлийн үгээр хурайлан, үсийг хөндсөн юм. Түүний аав хоёр ихэр улсын начны нэгэн, Монгол Улсын гавьяат тамирчин, чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медаль, Ази тивийн дэлхийн аварга, Сөүлийн Олимпийн чөлөөт бөхийн дөрөвдүгээр байранд шалгарч асан нэрт тамирчин Лодойн Эрхбаяр, ээж Д.Оюун нар АНУ-ын Флорида мужаас цахимаар хүүгийнхээ ёслолд оролцлоо. Арвантаван настай балчир хүү анх энэ газар хөл тавьснаас хойш олон хүнтэй уулзан учирч, сумогийн дэвжээнд нэр төртэй, ааг омгоор бялхан, хүч үзэн явахад сайхан барилдлаа гээд нурууг нь алгадан бахдаж байсан, бэртэлтэй хүнд үед эдгэнэ ээ гээд түшиж, босгож байсан, гардан эмчилгээ хийгээд, санаа сэтгэл тавин гүйж байсан, амттай хоолоор дайлаад, сайн цадаад ав гээд хамаг байдгаа дэлгээд угтаж байсан, яахаа мэдэхгүй, тээнэгэлзэн байхад хүч, урам зориг өгч байсан олон хөгжөөн дэмжигч, япон “аав, ээж” болсон дотны хүмүүс, мөр зэрэгцэн, цээж тулан, үзэлзэж, хурцалж, хурцлагдаж явсан үеийн бөхчүүд, Ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж, Какүрюү М.Ананд, Ояагата Асасикирюү Б.Дашням тэргүүтэй монгол бөхчүүд болон 330-аад эрхэм зочин үсэнд нь хүрч, хүндэтгэл үзүүлэв. Ингээд гэнэт танхимын гэрэл унтарч, морин хуурын аялгуу эгшиглэн Араваши Дөлгөөний сумогийн замналыг он дараалан өгүүлж, Минезаки дэвжээний ояагата сумо бөх хүний сүр хүчин орших чёнмаге үсийг тайрснаар гол ёслол өндөрлөв.

Хажууд нь үргэлж түшиж, тулсаар ирсэн гэргий П.Янжинлхам үнэнч хайрын бэлгэдэл болох гал улаан сарнай цэцгийн баглаа барин, баяр хүргэлээ. Дараа нь энгийн үс засалт хийлгэн, хувцсаа солихоор арын өрөөнд орох замд сумогийн жаргал зовлонг хамтдаа туулж ирсэн дотны найз Сакигаке Я.Баттүшиг нулимс дуслуулан түүнийг чанга тэврэхэд өөрийн эрхгүй огших сэтгэл төрж байлаа. Дараа нь асуухад тэр коронагийн улмаас ёслолын үеэр биед нь хүрч, ярьж болохгүй гэсэн хатуу мөрдлөг байсан учир юу ч хэлж чадаагүй. Найзыгаа тэвэрч байж л сэтгэл онгойлоо гэж хэлж байсан юм. Түүнийг үсээ засуулж байх хооронд тал талаас Японы хэвлэл мэдээллийн сэтгүүлчид сэтгэгдлийг нь асууж, зургийг нь дарсаар байлаа. Зуны халуунд урт үс түвэгтэй юм гэж цухас дурдаж байсан тэрбээр толгой хөнгөрөөд бас сэтгэл нэг л амарч, тайвшрах шиг боллоо хэмээн намуухан инээмсэглэн, аядуухан хариулж байв. Гэргий нь ард догдлон харж, хувцас хунарыг нь бэлдэн, зангиаг нь зүүж өгөв. Дэвжээний залуу бөхчүүд болох бас түүний туслах хийж байсан дөрвөн бөх гоёлын мавашиг нь зүүж, ая дуугаар мэндчилгээ өргөсөн юм. Ингээд ёслолын сүүлийн мөчид үсээ засуулчихсан гоёмсог костюмтой залууг дохёон дээр гарахад зочид түүний цоо шинэ дүр төрхийг харан баясаж, алга ташин баяр хүргэв. Өнөөг хүртэл түшиж тулж явсан, сумогийн эцэг болох ояагатадаа баярласнаа илэрхийлэн цэцгийн баглаа барьж, талархал дүүрэн харцаар “Арван таван настайдаа анх ирж байсан өдөр өчигдөрхөн л юм шиг санагдана. Арван найман жилийн турш намайг дэмжиж ирсэн та бүхэндээ баярлалаа.

Халдварт цар тахлын эгзэгтэй, хорио цээрийн хатуу дэглэмтэй хэцүү цаг үед энэ агшинг надтай хамт өнгөрөөсөн та бүхэндээ сэтгэлийнхээ угаас гүн талархаж байна” хэмээн хэлээд Ояагатан хамт бөхийн мэндэлж, буугаад, дохёондоо мөргөсөн билээ. Энэ л дохёон дээр 103 башёг өнгөрүүлж, гурван ёкозунаг өвдөг шороодуулан “Алтан од” тусгай шагнал хүртэж байсан, нийтдээ 951 удаа зодоглож 493 удаа давж, 461 удаа өвдөг шороодож байсан хөлс, нулимс урсгасан, унаж босож, бэртэж гэмтэж, асаж, дүүлэн явсан сумогийн амьдралаа ийнхүү үдлээ. Түүнийг шинэ амьдрал, шинэ хүсэл зорилго хүлээж буй…

Сурвалжилсан Х.ЭРДЭНЭЦЭЦЭГ

Гэрэл зургийг В.ДАВАА