Categories
мэдээ цаг-үе

Архангай аймгийн Чулуут суманд хөл хорио тогтоожээ

Архангай аймгийн Чулуут суманд очсон кино зураг авалтын багийн нэг гишүүнээс Ковид19 илэрч, нийт 15 хүнийг ХӨСҮТ рүү шилжүүлсэн.

Тус сумын Онцгой комиссоос батлагдсан нэг тохиолдлын хавьтал болсон иргэдээс долоо хоногийн дараа PCR шинжилгээ дахин авах аж. Түүнчлжн Чулуут сум руу орж, гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарласан байна. Мөн сумын төвд тогтоосон дэглэмийн дагуу банк, ахуй үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг зогсоож, хөдөлгөөнийг хязгаарласан бол хүнсний дэлгүүр, эмийн сан хуваарийн дагуу хүргэлтийн үйлчилгээ үзүүлж буй аж. Өнөөдрийн байдлаар Тус суманд ойрын хавьтлын 14, дам хавьтлын 22 иргэн тусгаарлагдсан байна.

Нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу хүргэлтийн дэлгүүрийн тоог гурав болгон нэмэгдүүлж, хөдөлгөөн хязгаарласантай холбогдуулан бензин шатахууныг зөвхөн зөвшөөрөлтэй машинд олгож байгаа ажээ.

Categories
мэдээ цаг-үе

БОАЖ-ын сайд Н.Уртнасан Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Байгаль орчин, аялал жуулчлалын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг зохион байгуулахад орон нутагтай хамтран ажиллах, үйл ажиллагаагаа уялдуулах хүрээнд өнөөдөр салбарын сайд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хөгжилд орон нутгуудын оролцоо, ажил үүрэг хамгийн чухал үүрэгтэй. Тэр ч утгаараа салбарын бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх хүрээнд 2021 онд Нийслэл болон орон нутгийн Засаг дарга нартай байгуулах тус гэрээнд:
-Байгаль орчны багц хуулийн хэрэгжилтийг хангах
-Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх
-Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийг хамгаалах
-Усны нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах
-Ойн бодлогыг хэрэгжүүлэх
-Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах
-Аялал жуулчлалыг хөгжүүлэх
-Уур амьсгалын сөрөг нөлөөллийг сааруулах болон Салбар дундын уялдаа холбоог хангаж, хамтран ажиллах чиглэлээр томоохон ажлуудыг тусгасан юм.

Эх сурвалж: БОАЖЯ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өмнөд Монголоос 60 мянган амны хаалт, 210 мянган юань хандивлалаа

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Улаан загалмай нийгэмлэг коронавирусийн халдвартай тэмцэхэд Монгол Улсад 60 мянган амны хаалт, 20 мянган бээлий, 210 мянган юаниар дэмжлэг үзүүллээ.

ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба Монгол Улсын Соёлын яам, МУЗН, МСНЭ-д хандив өгөх арга хэмжээгээ өнөөдөр /2021.03.12/ цахимаар зохион байгууллаа.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын төлөөлөгчид “ Хятад-Монгол хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа үр дүнтэй үргэлжилсээр ирсэн. Монгол Улсад цар тахалтай тэмцэхэд зориулж БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар амны хаалт, хамгаалалтын хувцас, бээлий зэргийг хандивлаж байсан. Энэ удаад Монгол Улсын Соёлын яам болон МСНЭ-д тус бүр 30 мянган амны хаалт, 10 мянган бээлий, МУУЗН-т 210 мянган юань хандивлаж байна. ” гэлээ.

МУЗН-ээс “Хоёр орны Улаан загалмай нийгэмлэг хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байгаад баяртай байна. Бид та бүхний үзүүлсэн мөнгөн тусламжаар олон хүүхэдтэй эхчүүд, амьжиргааны түвшин доогуур өрхөд хүнсний тусламж олгох болно” гэсэн юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Оюун-Эрдэнэ: Амжилттай ажиллаж байгаа технологийн компаниудыг дэмжинэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ салбар бүрийнхэнтэй хийж буй өглөөний уулзалтаа мэдээлэл технологийн салбараас эхэлсэн.

2021 оны хоёрдугаар сарын 5-нд болсон мэдээллийн технологийн салбарынхантай хийсэн тус уулзалтын мөрөөр олон улсын зах зээлд гарах боломжтой “And Global”, “Erxes”, “CallPro”, “World Plus”, “Shoppy” зэрэг компанийн удирдлагуудыг өнөөдөр дахин хүлээн авч уулзлаа.

Мэдээлэл технологийн салбарын асар хурдацтай хөгжлийн энэ үед дотоодын компаниуд хэрхэн олон улсад гарч хөрөнгө оруулалт татах вэ гэдэгт анхаарлаа хандуулсаар байна.

Мэдээлэл технологийн салбарыг шинэ шатанд гаргах нөөц боломжийн талаар тэд гадаад, дотоодын хамтын ажиллагаа, дэд бүтэц, хууль эрх зүйн орчныг сайжруулахад төрөөс ач холбогдол өгч, дэмжлэг үзүүлэхийг хүссэн саналуудыг түлхүү тавилаа. Зарим орнуудад мэдээлэл технологийн салбарын компаниудад тодорхой дэмжлэг үзүүлдэг талаар Япон, Сингапурын жишээг татаж, татварын таатай орчин, хөнгөлөлттэй зээл, дэд бүтцийг хөгжүүлэхэд цогц дэмжлэг үзүүлж, хамтран ажилладаг баримтуудыг дурдаж байв.

Ерөнхий сайд “Мэдээлэл, технологийн чиглэлээр амжилттай ажиллаж байгаа компаниудын төлөөлөлд аль болох өгөөжтэй байдлаас нь харж, дэмжин ажиллана” гэдгээ хэлэв. Мөн энэ чиглэлийн тусгай санг байгуулах хэлбэрээр зохицуулалтууд хийнэ гэлээ.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэх хүрээнд мэдээлэл технологи, хүний нөөц, боловсрол, соёлын салбар дахь хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд хоёр тал анхаарч ажиллаж байгаа.

Энэ дагуу дотоодын мэдээлэл технологийн салбарын компаниуд хамтран ажиллах боломжууд бий гэдгийг ч Ерөнхий сайд хэлсэн тухай Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

БНСУ-аас 168 иргэн эх орондоо ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:00 цагт газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор 168 иргэн эх орондоо ирэх бөгөөд 112 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай, 34 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 11 нь эрүүл мэндийн шалтгаантай, 5 нь өндөр настан, 4 нь жирэмсэн иргэн байгаа юм.

Иргэдийг Тайж, Мөнххустай, Мичид-2, Корпорэйт зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дархан-Уул, Хэнтий зэрэг зорчих хөдөлгөөнийг хязгаарласан аймгууд зөвхөн харьяалалтай иргэдээ хүлээн авна

Өнөөдөр шинээр 103 тохиолдол нэмэгдэж, Улаанбаатар хотод халдварын тархалт хурдацтай нэмэгдэж байгаа тул зарим аймгууд орох хөдөлгөөнийг хязгаарлаж эхэллээ. Тодруулбал Дархан-Уул, Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар, Хөвсгөл, Баянхонгор зэрэг аймгууд нийслэлээс ирэх хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаад байна. Зөвхөн PCR шинжилгээ хийлгэсэн тус аймагтаа харьяалалтай иргэдийг 72 цагийн дотор хүлээн авах зохицуулалтыг хийж байна.

Categories
мэдээ цаг-үе

УИХ-ын хаврын чуулган даваа гаригт нээлтээ хийнэ

УИХ-ын хаврын чуулган гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийх аж.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган аравдугаар сарын 01-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” гэж заасан байдаг.

Өмнө нь хаврын чуулган дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийдэг байсныг ийн 20 орчим хоногоор наашлуулжээ.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

А.Энхжин: ​​Сүүлийн киногоороо “Үнэн” хаана байдаг, “Хайр” хаана оршдогийг ойлгуулахыг хичээсэн

“Этик” продакшны жүжигчин МУСТА А.Энхжинтэй ярилцлаа. Тэрээр сүүлд “Хэлгүй жим”, “Хүний цаана”, “Үнэн хайр” зэрэг уран бүтээлд гол дүр бүтээгээд байгаа билээ.


-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин хачинаас яриагаа эхэлье. “Үнэн хайр” кино контентоо үзэгчдэд хүргээд удаагүй байгаа. Энэ тухайгаа яриач?

-Манай “Этик” продакшн байгуулагдаад хоёр жил гаруй болж байна. Бид бодит амьдралаас сэдэвлэсэн бүтээл хийхийг зорьж ажилладаг. Өмнө нь “Этик” продакшн түүхэн уран бүтээл хийж байсан бол энэ удаа драма төрлийг сонгосон. Энэхүү киногоороо үзэгчдэд ганцхан тохиох амьдралдаа зөв яваасай. “Үнэн” гэдэг зүйл хаана байдгийг, “Хайр” хаана оршдогийг ойлгуулахыг хичээсэн билээ.

-Ер нь нийгэмд болж өрнөдөг олон төрлийн сэдвийг хөндсөн байсан. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажил олддоггүй, тэднийг хөгжлийн бэрхшээлтэй гэх үүднээс ялгаварладаг жишээг тусгаж өгсөн байсан шүү?

-Хөгжлийн бэрхшээлтэй мөртлөө боловсролтой олон хүн байдаг. Манай монголчууд хүнийг ажилд авахдаа нас, хүйс, царай зэрэг зүйлийг харгалздаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс маш их зүйл гардаг. Тэд бүтээж чаддаг. Энгийн хүнээс илүү торгон мэдрэмжийг олж хардаг шүү дээ. Тэр зүйлийг л киногоороо гаргахыг зорьсон.

-Энэхүү кино контент нь “Этик” продакшны хэд дэх уран бүтээл вэ?

-Өргөн дэлгэцийн гурван кино хийсэн. Мөн IPTV-д кино контент хийгээд байна. Гэхдээ кино контент гэхээсээ илүү уран сайхан шиг сайн уран бүтээл хийж ард түмэндээ хүргэхийг хичээж ажиллаж байна даа. Өмнө нь “Амуре” гэдэг 10 ангитай контент хийсэн ч гурван ангийг нь зогсоосон. “Үнэн хайр” кино нь манай продакшны тав дахь уран бүтээл байгаа.

1 хүн, зогсож байгаа болон гадуур хувцас гэх мэтийн зураг байж болно-Уран бүтээлээ хийхдээ мэргэжлийн хүмүүсээс хэр зөвлөгөө авдаг вэ?

-Зөвлөгөө авалгүй яахав. Хамгийн анхны уран бүтээлээ хийхэд аль өнцгийг тусгаж өгөх, хэрхэн хийх тал дээр маш олон хүнтэй уулзаж, ярилцаж байсан. “Цуурхал” кинон дээр ч мөн адил мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авсан. Ер нь зөвлөгөө авахаас гадна, киноныхоо түүхийг сайн судалдаг. Зарим хүмүүс өнгөцхөн хараад судалгаа дутуу гэж боддог байх. Сайн бүтээл хийхийн тулд судалгаа чухал. Тиймээс нэн тэргүүнд киноныхоо түүхийг судалж, түүхэн хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулздаг.

-Ер нь гагцхүү аав ээжийн хайр л “Үнэн” үү. Та юу гэж бодож байна?

-Энэ дүр дээр ажиллахад маш их баяртай байсан. Аавыгаа алдаад удаагүй байсан болохоор ч тэр үү нэг зүйл дээр их эмзэглэсэн. Дөрвөн настайдаа ээжийгээ алдаж байсан. Амрагийн хайр, найзын хайр, эд юмсын хайр гээд ер нь хайр олон янз шүү дээ. Энэ дундаас хэзээ ч хувиршгүй хайр нь аав ээжийн хайр. Ялангуяа эх үрийн холбоо маш аугаа зүйл. “Хал нь гаднаа, хайр нь дотроо”, “Үхтэл үр харам” гэдэг шиг л энэ хайрыг хэзээ ч тасалж үл чадна. Бичигдээгүй “Үнэн хайр” аав ээжийн л хайр байдаг.

-Киноны дунд хэсэгт “Миний охин буруу гэж бодож байгаа бол битгий хий. Харин зөв гэж бодсон зүйлээ зоригтойгоор хийж байгаарай” гэж охиндоо захидаг. Энэ үг үзэгчдэд урам өгсөн байх?

-Киног маань үзсэн хүмүүс өөрсдийн дүгнэлтээ хийсэн байх. Хүн бүр үр хүүхдэдээ үүнээс ч илүү том сургааль айлддаг. Энэ хоёр текст залуу гэр бүл, залуучуудыг, анхны үрээ тэвэрч буй хосуудад урам өгөөсэй гэж энэхүү урмын үгийг оруулсан юм. Манай хамт олон байгуулагдаад удаагүй дөнгөж л цэцэглэж байна. Бид хийж буй бүх уран бүтээлдээ сэтгэлээ шингээдэг. Амьдралдойр байдаг кейс бүрийг тусгаж өгдөг. Та нэг л амьдарна тиймээс “Үнэн” л хайрла.

Гараа тайруулдаг хэсгийн зураг авалтыг хэрхэн хийсэн бэ. Хүнд байв уу?

-Миний хувьд хамгийн хүнд сцени байсан. Кинондоо тоглочихоод л маргааш нь лам дээр очиж ном уншуулсан. Монгол хүн чинь их сүсэг бишрэлтэй шүү дээ. Кино контент мөртлөө уран сайхны кинон дээр ажиллаж байгаа юм шиг л том баг бүрэлдэхүүнтэй ажилласан. Манай графикч энэ хэсгийг төгс авсан гэж бодож байгаа.

-Танай хамт олон цаашид ямар уран бүтээл дээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Бид амьдралд байхгүй хийсвэр сэтгэлгээтэй бүтээл хийхийг боддоггүй. Харин бодит зүйлийг уран сайхны маягаар илэрхийлэхийг хүсдэг. Одоо 1984 онд болсон “Уран”-ны үйлдвэрт ажиллаж байсан хоригдлуудад тохиолдсон “Мардай” гэх бүтээл хийнэ. Монголд тулгамдаж буй асуудлын нэг яахын аргагүй “уран”. Хөл хорионы өмнө зураг авалтаа хийж байсан ч УОК-ын шийдвэрээр зогсоосон. Одоо халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад дахин “Мардай” киноныхоо ажилд ороод явж байна. Мөн хамгийн анхны уран бүтээл болох “Хүний цаана” киноны хоёрдугаар ангийг энэ зунаас хийхээр төлөвлөчихсөн. Цаашид “Этик” продакшн тайзны уран бүтээл хийх хүсэлтэй байгаа.

3 хүн гэх мэтийн зураг байж болно

-Залуучууддаа хандаж өөрийнхөө баримталдаг зарчмаас хуваалцаач?

-Энэ орчлонд энэ биеэрээ ганцхан удаа амьдарна. Алдаж, оносон ч сэтгэлд чинь юу багтаж байна тэр бүгдийг зориглоод хий. Битгий хойш суу. Бид уруудаагүй өгсөж яваа.

Categories
гадаад мэдээ

Цар тахалтай тэмцэхэд 1.9 их наяд ам.доллар зарцуулна

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден коронавируст цар тахалтай тэмцэхэд зориулж 1.9 их наяд ам.долларын төсөв санаачилсан билээ. Конгрессын хоёр танхим болох Сенат, Төлөөлөгчдийн танхимын гишүүд дэмжсэнээр энэхүү тусламжийн багц хэрэгжихээр болж байна.

Тухайлбал, тусламжийн багцад насанд хүрсэн АНУ-ын иргэн бүрт 1400 ам.долларыг бэлнээр олгох юм. Мөн есдүгээр сар хүртэл ажилгүйдлийн тэтгэмжийг долоо хоногт 300 ам.доллар олгох юм байна. Түүнчлэн муж улс бүрийн орон нутгийн удирдлагуудын төсөвт 350 тэрбум ам.доллар байршуулах, сургуулиудын үйл ажиллагааг нээхэд 130 тэрбум ам.доллар, коронавирусийн шинжилгээ судалгаанд 49 тэрбум ам.доллар, вакцины түгээлтэд 14 тэрбум ам.долларыг тус тус зарцуулах гэнэ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ цаг-үе

Орон нутагт тавдугаар сараас вакцинжуулалт эхэлнэ

Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт, семинар Төрийн ордны их танхимд боллоо.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар оролцсон ба бүс нутгуудын онцлогт тохируулан Улсын онцгой комиссоос нөөц хуваарилах асуудлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Шадар сайд энэ үеэр онцлоод, ковидын цар тахалтай тэмцэх ажилд Засаг дарга нарын ажлын хариуцлага, хяналт хурд, мэдрэмж дутагдаж байгааг анхааруулсан юм.

Шадар сайд мөн уулзалтын үеэр “Бүх зүйлийг Засгийн газарт, Улсын Онцгой комисст даатгаад суудаг байж таарахгүй. Халдвартай нь тогтоогдсон иргэдийг орон нутагтаа тусгаарлаж, хөнгөн хэлбэрийн өвчтөнүүдийг орон нутагтаа эмчлэх шаардлагатай байна. Үүний тулд аймаг, сумдын боловсон хүчнээ чадавхжуулах, эмч, эмнэлгийн ажилтан, цагдаа, онцгой байдлын алба хаагчдыг аюул эрсдэлгүй нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэх боломжийг бүрдүүлэхэд анхаарч, иргэдийн шилжилт хөдөлгөөний асуудал буюу аймаг, хот хооронд зорчих хөдөлгөөнтэй холбоотой асуудлыг орон нутгийн удирдлагууд нөхцөл байдал, эрсдэлээ зөв тооцож, өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гарган, шаардлагатай зохицуулалтыг хийхийг үүрэг болгож байна” гээд аймаг, орон нутагт вакцинжуулалт тавдугаар сараас эхэлнэ гэдгийг мэдэгдэв.