Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Биологийн шинжлэх ухааны доктор Ж.Оюунбилэг: Монголд вакцин үйлдвэрлэх боломжтой гэж Ерөнхийлөгч санал тавьж байгаа нь үндэслэлтэй

НЭМҮХ-ийн зөвлөх, Монголын Анагаах Ухааны Академийн гишүүн, Биологийн шинжлэх ухааны доктор Ж.Оюунбилэгтэй ярилцлаа.


-Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсад цар тахлын эсрэг вакцин үйлдвэрлэх боломжтой гээд хэлчихлээ. Харин та эрдэмтэн, энэ чиглэлээр ажилладаг хүний хувьд үүнийг боломжтой гэж үзэж байна уу?

-Ийм боломж байхаар барах уу. Бид олон удаа ярилцлага өгсөн. Эрүүл мэндийн яамны “Эрдэмтдийн цаг”-аар таван удаа цар тахлын эсрэг вакцины тухай ярьсан. Бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч ярьж мэдээлсэн. Ерөнхийлөгч бидний үгийг сонсдог, дүгнэлт хийдэг юм байна гэж баярлаж байна. Ерөнхийлөгчийн зөвлөхөөр С.Ламбаа сайд ажиллаж байгаа л даа. С.Ламбаа сайд бол сайн мэдэж байгаа. Тухайн үедээ НЭМҮТ-ийн Биотехнологийн үйлдвэрт 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд, савладаг, бөглөдөг аппаратууд авч тавьсан. Техникийн талаасаа зарим тоног төхөөрөмжүүд байна гэсэн үг. Хүний нөөцийн хувьд биотехнологи, биоанагаах ухааны мэргэжилтэй залуу боловсон хүчнүүд авч бэлтгэсэн байгаа. Бид бас гадаад орнуудтай хамтарсан шинжлэх ухаан технологийн хөтөлбөр, төсөл хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд жишээлбэл аденавирусийн цаашид үржих чадваргүй омог ашиглаад, аденавирус энтеровирус 71-ийн генийг дотор нь суулгасан векторын вакцин гаргаж авч үзсэн. Гэхдээ хангалттай хэмжээний дархлаа үүсээгүй, зөвхөн дархлааны санамж тогтож байна гэсэн бидний хэвлэлд нийтлүүлсэн бүтээлүүд бий. Тэгэхээр би Монгол Улсад вакцин үйлдвэрлэх боломжтой гэж хэлж байгаа юм. Гэхдээ тав, зургаан төрлийн вакцины тухай ярьж байна. Харин Монгол Улс идэвхгүйжүүлсэн вакцин хийх чадавхтай. Санхүү хөрөнгөөр дэмжээд өгвөл бид энэ вакциныг хийж чадна. спутник, вектор вакцин дээр бол гадаадын орнуудтай хамтарч ажиллая гэвэл бас боломжтой.

-Спутник шинэ төрлийн вакцин гээд байсан уу?

-Спутник бол генийн инженерчлэлийн аргаар бүтсэн вакцин. “Спутник-V, АстраЗенека аль аль нь хүнд хоргүй аденавирусийн омог ашигласан. Аденавирус хүний эсэд холбогдоод амьд юм шиг халдана. Дотор нь коронавирусийн генийг оруулж өгч байгаа юм. Гэхдээ аденавирус цаашаа үржих чадваргүй. Амьд юмны гол шинж нь цаашаа үржих чадвар байдаг. Гэтэл халдахдаа амьд вирус халдаад цаашаа үржихгүй. Амьд гэдэг ойлголтыг юу гэж тогтоох вэ. Шинжлэх ухаан ийм түвшинд очоод байна л даа.

-НЭМҮТ-ийн Биотехно-логийн үйлдвэрт галзуугийн эсрэг вакцин хийж байсан гэсэн.Тэгэхээр энэ үйлдвэр вакцин хийх боломжтой гэсэн үг үү?

-Биотехнологийн үйлдвэр дотроо хэд хэдэн тасагтай. Нэг нь уурагт бэлдмэлийн тасаг, энэ маань одоо ажиллаж байна. Гэхдээ ажиллахгүй хэдэн жил зогссон учраас нэлээд хугацаа шаардаж байна л даа. Вакцин оношлуурын тасагт энэ вакциныг хийх учиртай. Тэнд галзуу, балнадын эсрэг вакцин хийж байсан. Ер нь Монгол Улс цагаан цэцгийн вакциныг Зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй хамтарч хийсэн байгаа юм. Гэхдээ тэднийг сохроор хуулаагүй. Өөрсдөө хувилбар гаргаад, орчин үеийн хэлээр бол инноваци болгоод, вакцин үйлдвэрлээд, 1940 он гэхэд энэ өвчнийг Монгол Улс бүрмөсөн устгасан. Энэ өвчнийг устгасан Азийн анхны орон болсон. 1980 он гэхэд энэ өвчнийг дэлхий дахинд устгасан. Үүнийг манайх 40 жилийн өмнө устгасан. Хоёр дахь нь халдварт саа өвчин. Ингэж бид хоёр халдварын цаана гарсан юм. Энэ туршлага ололтдоо түшиглээд, вакцин үйлдвэрлэх боломжтой гэж Ерөнхийлөгч санал тавьж байгаа нь үндэслэлтэй.

-Хүмүүс Биокомбинатад л малын вакцин үйлдвэрлэдэг гэж мэддэг. НЭМҮХ-нд хүний вакцин үйлдвэрлэх уламжлал байжээ?

-Байлгүй яах вэ дээ. Тухайн үедээ галзуугийн голомтноос нохой, чононд хазуулсан хүнд вакцин хэрэглэж байсан. Балнад гэж өвчин байлаа. Зүүнбаянд цэргийн ангид голомтолж гарч байсан. Тэнд хэрэглэж байсан вакциныг бас үйлдвэрлэж байсан. Монгол бол малдаа ч зориулсан вакцин хийдэг, хүндээ ч зориулсан вакцин хийдэг улс. Европт 1876 онд Английн мэс засалч Женнер гэж хүн вакцин бүтээхээс ч арваад жилийн өмнө Монголын оточ нар хамрын тамхи маягаар цагаан цэцгийн цэврүүг татаад, өөрсдийгөө өвчнөөс сэргийлдэг байж. Тэр бол вакцин л байсан. Ийм түүхэн баримтыг анагаах ухааны түүх судлаачид олж тогтоосон юм. Түүнээс гадна манай монголчууд нэг өвчилсөн хүн тахал мэтийн голомтод ороход аюулгүй, дахиж өвчлөхгүй гэж мэддэг байсан. Ийм мэдлэгтэй, уламжлалтай ард түмэн л дээ, бид.

-Та академич П.Нямдаваатай хамтарч В гепатитын эсрэг вакцин гаргаж авч байсан билүү?

-В гепатитын эсрэг вакциныг бид орчин үеийн аргаар гаргаж аваад, туршилт судалгаанд оруулж байлаа. Тэр үед 1996 онд С.Сонин сайд байсан. Сайд тушаал гаргаад, нэгдүгээр эмнэлэгт туршсан. Нэгдүгээр эмнэлэг манай үндэсний төвөөс огт хамааралгүй газар. Тэнд туршаад, хүүхэд, насанд хүрсэн хүмүүст хангалттай хэмжээний дархлаа үүсгэж байгааг тогтоосон. Давхар гадаадын хөндлөнгийн хяналт бас хийлгэсэн. ДЭМБ-ын хоёр лабораторид хийлгэж, харьцуулаад, дүгнэлтээ ирүүлсэн. ДЭМБ-аас Монголд хийсэн вакцин Өмнөд Солонгосын вакцинаас илүү дархлаа тогтоож байна гэсэн дүгнэлт ирүүлж байсан. Тэр үед хөрөнгө оруулаад, том үйлдвэр болгож чадаагүй, зах зээлд үнийн хувьд өрсөлдөх түвшинд гаргаж чадаагүй л дээ. Ийм л юм. Монгол Улс хэд хэдэн төрлийн вакцин туршилтаар ч хийж байсан. Хүн амдаа ч хэрэглэж байсан.

-Гэхдээ П.Нямдаваа сайд нэг ийм утгатай өгүүлбэр хэлсэн санагдаад байх юм. Монголд хийсэн вакцинд хүн итгэж өгдөггүй юм билээ гэж.

-Итгэх итгэхгүй нь тэр хүмүүсийн сэтгэл санааны л асуудал шүү дээ. Дэлхийд 230 гаруй тусгаар тогтносон улс байна. Бараг 200 гаруйд нь вакцины эмнэл зүйн туршилт явж байна. Ихэнх улсууд өөрсдөө л юмаа хийж байна шүү дээ. Одоо бол зах зээлд гарч ирсэн, хязгаарлагдмал хүрээнд зөвшөөрсөн зургаа, бүрэн зөвшөөрсөн долоо, ингээд 13 вакцин гарчихсан явж байна. Тэдний нэг төрөл идэвхгүйжүүлсэн вакциныг бид хийх чадавхтай.

-Монголчууд цамаан хүмүүс л дээ. Тэрийг нь ч хийлгэхгүй, энийг л хийлгэнэ гэсэн яриа хөөрөө өрнөөд байгаа. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн вакциныг бид эндээ голж шилэх нь хэр зохистой вэ?

-Голж шилэх асуудал байхгүй. Ямар вакциныг хэрэглэх, бүртгэх эрх нь тухайн улсдаа л бий. Тухайн улс нь үндэсний хяналтын лабораторидоо шинжлээд, олон нийт нь итгэх учиртай. Биобэлдмэлийн улсын хяналтын лаборатори 1976 онд манай хүрээлэнд байгуулагдсан. Сүүлд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт очоод байхгүй болсон. Одоо хянаж чадахгүй байна шүү дээ. Үүнийг яаралтай сэргээх хэрэгтэй гэж бид яриад байгаа юм. Одоо хэл үг гаргаад байгаа улсууд олон улсын байгууллага, бусад улсуудад гаргасан дүгнэлтэд итгэхгүй байна л даа. Энэ бол тэдний л эрх.

-Өндөр хяналттай улсуудын хүлээн зөвшөөрсөн вакциныг шууд аваад хэрэглэдэг жишиг байдаг шүү дээ?

-Халдвар даамжирсан ийм үед үүнээс өөр арга байхгүй шүү дээ. Хамгийн гол нь бүгд итгэхгүй байна л даа. Үндэсний лабораторид шинжилж дүгнэлт гаргаагүй гээд байна. Хууль нь тийм юм чинь. Түүнээс биш ДЭМБ бол дэлхийн Засгийн газар биш шүү дээ. Тэр чинь зүгээр л зөвлөмж гаргадаг байгууллага. АНУ манайд зориулсан олигтой зөвлөмж өгсөнгүй гээд ДЭМБ-аас гараад л явсан шүү дээ. Одоо эргээд орж л байна. Улс болгонд зориулсан зөвлөмж гаргана гэж байхгүй л дээ.

-Вакцин үйлдвэрлэвэл олон шалгуур хангах хэрэгтэй болно доо?

-Та үйлдвэрлэвэл гэж яриад байх юм. Би бол үйлдвэрлэдэг, болно гэж яриад байна. Төр засаг нь л дэмжээгүй шүү дээ. Түүнээс биш олон улсын шаардлага хангасан гээд би ярьсан шүү дээ. Надад бичиг баримт нь байна.

– Та түрүүн гадаадтай хамтарч аденавирусийн судалгаа хийсэн гэж хэлсэн. Тэр чинь коронавирустай холбоотой юм уу?

-Тэр бол коронавирусийн одоогийн вектор вакцинтай адилхан. Гэхдээ арай өөр халдвар. Энтеровирус 71 гэдэг гар дээр цэврүү үүсдэг, гар хөл, амны өвчний эсрэг вакцин. Түүний туршилтыг манайхан хамтарч хийсэн. Хангалттай түвшинд дархлаа үүсээгүй. Одоо бол тэр аргыг л сайжруулсан байна л даа. Бид хоцорчихлоо.

-Манайхан вакцин хийлгэж байна. Насанд хүрсэн хүмүүс бүгд вакцин хийлгэсэн ч хүүхдүүд вакцин хийлгэхгүй үлдэнэ. Тэгэхээр томчууд өвдөхгүй ч вирус тээгч болж хүүхдэд вирус халдаах эрсдэл байгаа юу?

-Вакцин хийлгээд, хангалттай дархлаа үүссэн бол халдвар тараахгүй шүү дээ. Вакцины эхний тунг хийлгээд 60-аад хувийн дархлаа тогтоно. Хоёр дахь тунг хийлгээд 80-аас дээш хувийн дархлаа тогтож байна шүү дээ. Тэгэхээр халдвар тарахгүй. Хүн амын 70 хувиас дээш дархлаатай болвол цар тахал зогсоно.

-Вирус мутацид орж байна. Вакцин хийлгэсэн ч мутацид орсон вирусийн өмнө хүчин мөхөсдөж байна гэж бас яригдаад байгаа?

-Вирус мутацид орж, өөрчлөгдөж болно. Гэхдээ илжиг морь болохгүй шүү дээ. Хамгаалах хувь л буурна. Огт хамгаалахгүй болно гэж байхгүй. Буурч байгаа нь үнэн. 90 хувь хамгаалж байгаа вакцин 60 хувьтай болчихвол вакциныхаа технологийг л сайжруулна.

-Коронавирус хувирч байгаа. Үндэстэн болгонд адилхан тусах уу, Монголын онцлогтой вирус гэж байх уу?

-Аливаа вирус тухайн угсаатан үндэстэнд орж ирээд заавал өөрчлөгдөж, дасан зохицдог. Илэрхий харагдаж байна шүү дээ. Нэгдүгээр давлагаан дээр бид тэслээ. Хоёр дахь давлагаан дээр яваад өглөө. Одоо бол монгол хүнд дассан вирус бий болчихлоо. Монголчуудын онцлогт тохирсон вакциныг бусад улс хийхгүй шүү дээ. Нутгийн омогт үндэслэсэн вакцин, био бэлдмэл дандаа илүү үр дүнтэй байдаг. Тэр нь ч манай хэрэглэж байгаа вакцинуудад харагддаг. Хүний папиллом вирус тийм шүү дээ. Европын хүүхнүүдэд байдаг омогт үндэслэсэн вакцин үр дүн багатай. Монголд хэв шинж нь ялгаатай учраас энэ вакцины үр дүн 33 хувиас дээш хамгаалахгүй гэж манайхан тооцсон байдаг. Одоохондоо гадны вакцин хэрэглэхээс өөр аргагүй. Яваандаа энэ виурс монгол хүний онцлогт зохицоод хувираад байвал гадны вакцинуудын үр дүн буурч эхэлнэ. Тэгэхээр бид өөрдсийнхөө вакциныг хийхгүй бол болохгүй. Ийм л юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Говь, тал, хээрийн нутгаар шороон шуурга шуурахыг анхаарууллаа

Өнөөдөр Хөвсгөл, Булган, Сэлэнгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, говь, тал хээрийн нутгаар салхи ширүүсэж, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж цасан шуурга шуурна. Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр 1-6 градус, говийн бүс нутаг болон, Дарьгангын тал нутгаар 15-20 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 11-13 градус дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 11-13 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 9-11 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Баярхүү: Ерөнхийдөө гэгээтэй гээд хэлчихмээр ямар ч баримт АНУ, Хятадын хэлэлцээнээс олж харсангүй

Олон улсын харилцааны судлаач, эрдэмтэн Д.Баярхүүтэй ярилцлаа.


саяхан аляскад хятад, анУын хоорондын худалдааны талаарх дээд түвшний яриа хэлэлцээ хоёр өдөр үргэлжилж өндөрлөлөө. Уулзалтад хоёр талаас томоохон улс төрийн төлөөллүүд оролцох шиг боллоо. хэлэлцээг хэрхэн дүгнэж байна вэ?

-Өнгөрөгч пүрэв, баасан гаригт Аляска муж улсын Анкориж гэх хотод “2+2” форматаар хоёр улсын өндөр түвшний төлөөлөгчдийн уулзалт боллоо. АНУ-ыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жейк Салливан нар, БНХАУ-ыг төлөөлж ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн Ян Зэчи, Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И нар хэлэлцээг явууллаа. Энэ дөрвөн албан тушаалтан бол хоёр улсын төр улсдаа олон улсын харилцаа гадаад бодлогын асуудлыг зангидаж чиглүүлж явуулдаг гол хүмүүс. Ноён Ян Зэчи намын том тушаалтан хэрнээ анх удаа бие дааж АНУ-ын шинэ Засаг захиргааны голлох төлөөлөлтэй халз уулзсан нь анхаарал татлаа. Энэ юун хүн, хаанаас гараад ирэв гэх шахуу асуулт ч тавьж байна. Тэрээр Хятадын эрх баригч намд гадаад харилцаа хариуцсан гол хүн. Өөрөөр хэлбэл, гадаад бодлого дээр нам талаасаа Си Жиньпин даргын дараагийн хүн гэдгийг гадаадынхан тэр бүр анзаарахгүй байж болно. Мөн цэл залуугаараа АНУ-д Элчин сайд байсан, дараа нь БНХАУ-ын Гадаад хэргийн сайд, чухам Ван И-гийн өмнөх сайд байсан гэдгийг ч тэр бүр мэдэхгүй байж болно. АНУ-ын ерөнхийлөгчөөр Жо Байден заларч ирээд тангаргаа өргөөд хоёр сар болсны дараа гадаад бодлогын асуудлаар глобал хэмжээний хоёр талын томхон уулзалтаа Хятадаас эхлүүлж байна.

Тэр тусмаа нутагтаа урьж яриа хэлэлцээ явуулж байна гэдэг бол олон асуултын хариулт болох биз.

Талууд нэлээд ширүүхэн хэлэлцээ болсныг тодотгож байсан. Хэлэлцээгээр ямар асуудлууд ярилцсан бол. “Хятад, Америкийн харилцаа муудсаар буйг зогсоох хэрэгтэй. АНУын үндэслэлгүйгээр буруутгаж буйг Хятад хүлцэн тэвчиж байгаагүй бөгөөд цаашид ч тэвчихгүйгэж БНХАУын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгдсэн байна лээ. Хятадын талын байр суурь, мэдэгдлүүдэд дүгнэлт хийж үзэв үү?

-Энэ талаар үлгэр домог шиг их мэдээлэл таржээ. Тэр бүрийг энд тоочин ярих боломжгүй. Яриа хэлэлцээний хоёр өдрийн уур амьсгал, хэлэлцээний протокол дээр ам мурийсан, ам нээх тоолондоо хатуу үгээр харилцан шидэлцсэн байдлыг авч үзвэл хоёр улсын хоорондын өнөөгийн харилцаа нь “Хүйтэн дайн”-ы үеийн Зөвлөлт-Америкийн харилцааг санагдуулах шиг. Энэ хоёр гүрний харилцааны ерөнхий уур амьсгалыг бид харж, мэдэрч байна. Худалдааны дайн нь технологийн дайн болж хувирсан. Технологийг хэн нь түрүүлж эзэмшинэ, тэр нь дэлхийд манлайлна гэх уриагаар халз тулсан. Худалдааны алдагдал нь АНУ-д илүү хасах оноотой гарсан, Хятадын дотоод хэрэг рүү орж Вашингтоноос ширүүхэн шүүмжилж байна. Ковидтой тэмцэх дээр ч хэн нь хэнийгээ вэ гэх шахуу ширүүн өрсөлдөж, боломж л гарвал оноо авахын төлөө байна. Зэвсэглэлээр хөөцөлдөх дээр Зөвлөлт-Америкийн харилцааны түүхийг хараахан давтаагүй ч улс төрийн харилцаа, худалдаа-эдийн засаг, хүмүүнлэг гээд бүх салбарт зөрчилтэй байна. “Хүйтэн дайн”-ы жилүүдэд дэлхий ертөнц хоёр лагерьт хуваагдаж, СССР ба АНУ хоёр туйл болж, хоёр блок-эвслээ толгойлж, дэлхийн бодлогыг тодорхойлж явсан бол эдүгээ дэлхий дахин “Хүйтэн дайн”-ы үеийнх шигээ маш гүн хуваагдалд оржээ. Үүнийг НҮБ-ын ЕНБД Антониу Гутерриш хүртэл хүлээн зөвшөөрсөн. Давосын форумд цахимаар үг хэлэхдээ тэрээр дэлхийн хүчирхэг хоёр эдийн засаг АНУ ба Хятадыг дагалдаад дэлхий хоёр хуваагдах тийшээ эргэж байгааг анхааруулсан. Энэ бол маш ноцтой анхааруулга. Даян дэлхийн валют, худалдааны ба санхүүгийн бүх дэг журам энэ хоёр улсын үзэмжээр явж байгаа учраас улс орнууд хоёр талд гарах аюул нүүрлээд ирэх магадлалтай. АНУ, Хятадын харилцааны зөрчлийг ажих тусам хоёр л зүйл тодорхой болж байна. Эхнийх нь гадаад хүрээллээ Хятад юу гэж үздэг вэ гэдгийг хэлээд өглөө. АНУ ба бусад хэмээн хоёр ертөнцтэй л Хятад харьцана, ажиллана гэдэг тодорхой боллоо. Хоёр дахь нь зөрчил дунд Хятад тун чадмаг тоглолт хийж, алхам тутамдаа гадаад сурталчилгаагаа эрчтэй хийж, ахиулж байгаа нь харагдлаа. Ковидтой тэмцэж байгаагаараа аль нийгмийн байгуулал нь илүү зөв бэ гэсэн асуулт тавиад өөрсдөө үйл хэргээрээ харуулаад ч явах шиг. Хамар дороо байгаа тэр их зөрчил бүтэлгүйтлээ яая даа гэж байж Хятадын дотоод хэрэгт бүү ор гээд сая хэлэлцээ дээр шууд хэлээд тавьчих дөхлөө. Америкийн ардчилал, либерлизм, хүний эрхийг дээдэлдэг тэр нийгмийн байгуулал ковидыг яаж ч чадсангүй тавиад туулаа, хамгийн олон хүний амийг АНУ-д, Өрнөд Европт аваад явчихлаа.Гэтэл захиргаадалт, нэг коммунист намын хатуу засаглалтай Хятад ковидыг ялж байна, эдийн засаг нь нэмэх үзүүлэлттэй, бүр өсөлттэй яваад байна.Тэгэхлээр Хятадын зөв биш үү, тогтолцооны давуу талыг нь нотолж байгаа юм биш үү хэмээн америкчуудаас ам асуух дээрээ тулсан байна. Ерөнхийдөө Хятадын талын байр суурь, мэдэгдлүүдийг харах юм бол “Хятадын зөв” гэсэн ганцхан логик буухаар байна.

Түүнчлэн АНУын тал ч БНХАУын Шинжаан, Хонконг, Тайваньд явуулж буй ажиллагаа, цахим халдлага, эдийн засгийн шахалт нь дэлхий нийтийн тогтвортой байдлыг хангах дэг журамд аюул учруулж байна гэж үзэж байгаа талаараа хэлсэн байна лээ. Хоёр улсын хэлэлцээ дахиад үргэлжлэх нь үү?

-“2+2” уулзалтын оролцогчид аль аль нь хэлж байна лээ. АНУ-ын ТНБД бүр ил тод хэлж байна. Шинжаан, Төвд, Хонконгод хүний эрхийг зөрчиж байна, кибератак хийж байна, Тайванийг дарамталж байна, тэр бүхнийг АНУ-д тэвчишгүй гэж. Харин Иран, Хойд Солонгос, Афганистан, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хоёр улсын ашиг сонирхол солбицож байна хэмээн ярьсан байсан. Аль аль нь хүлээн зөвшөөрч байна. Яриа хэлэлцээ хүндхэн боллоо. Санал зөрөлдөх асуудал олон байлаа.Гэхдээ яриа хэлэлцээгээ цааш үргэлжлүүлэх нь зөв гэснийг үзвэл дэлхий дахинд айхавтар аюул учруулаад, гарах гарцгүй болгочихоогүй, нөхцөл байдлыг хоёр талаасаа эрхбиш хянаж чадаж байгаа юм болов уу гэх сэтгэгдэл төрүүлж байна.

Цаашид хоёр улсын худалдааны дайн намжих тал руугаа орох эхний алхам хийгдсэн болов уу?

-Америк-Хятадын зөрчлийн цөм нь зэвсэглэлээр хөөцөлдөх бус, худалдааны дайн гээд би дээр тойруу замаар хэлчихсэн. 5G, 6G-г эзэмшихийн төлөө амь дүйсэн тэмцэлд энэ хоёр улс татагдаж орсон. Аль аль нь буулт хийх шинжгүй, эрх ашгаа хамгаалан үзэлцэх бололтой. Хоёр улсын харилцаа Дональд Трампын өнгөн дээр айхавтар хурцдаад, Жо Байдены өнгөн дээр эргэж зөөлөрнө гэдгийг олж харах боломж одоогоор алга. Харин тэр зөрчил нь дэлхийн худалдаанд сөргөөр нөлөөлөх, түүнчлэн улс төрийн харилцаанд нь нөлөөлөх тухайд улс орон бүр тооцож байх шиг байна. Дэлхийн худалдаа 2021 оноос аажмаар сэргэлээ гэхэд түүний залуурдагч нь Хятад байна гэдгийг лав ОХУ хүлээн зөвшөөрсөн. Хятадын хөгжлийн шинэ загвар, Хятадын тэр хөгжил нь гадаадын олон улс оронд хөгжил авчирсан гэх имидж, хөгжлийн эсрэг явъя гэвэл Хятадын эсрэг яв гэх эсрэг аргумент, энэ бүхэн нэг л зүйлийг хэлж ойлгуулаад байх шиг. АНУ-ын хувьд Хятадыг тогтоон барих, Хятадын буруу гэдгийг олон улсад харагдуулах чиглэл рүү л явж, тэр нь ч худалдааны дайны уур амьсгалыг тодорхойлж байна.

Худалдаан дээр шударга бусаар өрсөлддөг, оюуны өмч хулгайлдаг, ажлын байруудыг булаадаг, валют дээр манипуляци хийдэг, аж үйлдвэрийн тагнуул хийдэг гээд олон ял зэм Бээжин рүү буулгадаг. Трампын үед Хятадын барааны эсрэг тавьчихсан гаалийн татварыг Жо Байден цуцлах бодолгүй. Харин ч Хятадын эсрэг дараа дараалсан ял зэм нэмэгдэх хандлагатай боллоо. Зах зухаас нь дурдвал Орос, Ираны эсрэг тавьсан санкцыг Хятад зөрчлөө. Иран, Венесуэлээс Хятад газрын тос аваад байна. Хятадын цэргийн хүч чадал нэмэгдэж байна.Цэргийн зардал нь өсч байна, түүнийг нь зэвсэглэлд хяналт тавих тогтолцоонд оруулах хэрэгтэй гэхчлэн ял зэм хөвөрч өгнө. Ерөнхийдөө гэгээтэй гээд хэлчихмээр ямар ч баримт АНУ, Хятадын харилцаанаас одоогоор олж харсангүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр дархлаажуулалтын 39 цэг ажиллана

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 25-нд нийслэлийн есөн дүүрэгт дархлаажуулалтын байнгын 39 цэг ажиллана.

Тус цэгүүдэд 92 багийн 644 эмч ажилтан ажиллаж, 10 мянган хүнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.АМАРСАНАА: Хариуцлагагүй, ёсзүйгүй цөөн хэдэн хүнээс болж эрүүл мэндийн салбар тэр чигтээ ичгэвтэр байдалд орлоо

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаатай ярилцлаа.


Коронавирусийн халдварын тархалтын тоог нэмэгдүүлэхгүй байхын тулд засгийн газар, эмЯ, холбогдох байгууллагуудаас авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Засгийн газраас коронавирусийн халдварын тархалтыг хумихын тулд олон төрлийн аргыг туршиж үзлээ. “Нэг өрх-Нэг шинжилгээ”-г зарим улс орнууд амжилттай зохион байгуулж, дотоодын халдварын тоог хумьж чадсан туршлага бий. Гэтэл зарим улс орнуудад тус шинжилгээний явц үр дүн муутай байсан. Өөрөөр хэлбэл, үр дүн нь харилцан адилгүй байсан. Ямар тохиолдолд үр дүн муутай байсан бэ гэхээр “Нэг хаалга -Нэг шинжилгээ” хийлгэсний дараа иргэд тайвширчихдаг. Миний шинжилгээний хариу сөрөг гарчихсан юм чинь гээд халдвар хамгааллын дэглэмээ сахихаа больдог. Түүнчлэн дараагийн асуудал бол “Нэг өрх-Нэг шинжилгээ” хийх ажил эдийн засгийн хувьд өртөг өндөртэй. Хэдийгээр нийслэл хотод амьдарч байгаа бүх иргэдийг шинжилгээнд хамруулсан хэдий ч дахин халдварын голомт идэвхжиж өдөрт илрэх тохиолдлын тоо буурахгүй бол яах вэ. Дахин дээрх шинжилгээг үргэлжлүүлэх юм уу гэдэг асуудал ч хөндөгдөнө. Яг үнэндээ манай улсад удаа дараа “Нэг өрх- Нэг шинжилгээ”-нд иргэдээ хамруулаад байх эдийн засгийн чадамж байхгүй. Дахин ийм шинжилгээ хийлээ гэхэд улс орны эдийн засагт асар их сөрөг нөлөөтэй гэдийг тухайн үед зарим эрдэмтэд анхааруулж байсан. Одоо яг ийм нөхцөл байдалд ороод байна. Манай улс анх тандалтын арга хэрэглэж коронавирусийн халдварыг илрүүлж байсан шүү дээ.

Тэр арга эдийн засгийн хувьд хэмнэлттэй, бай руугаа чиглэсэн арга хэмжээ байсан юм байна гэж үзэж байна.

Миний хувьд одоо коронавирусийн халдвар ихээхэн гарч байгаа хэсгүүддээ хэсэгчлэн хөл хорио тогтоох нь илүү үр дүнтэй гэж харж байна. Түүнээс биш дахин хотыг бүхэлд нь хамарсан хатуу хөл хорио тогтоох нь тийм ч үр дүнтэй, зохимжтой арга биш гэж бодож байгаа. Хоёрдугаарт, хүн амаа вакцинжуулах ажлын хурдыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Богино хугацаанд нийт хүн амынхаа ихэнх хэсгийг вакцинжуулалтад хамруулж чадах юм бол халдварын давлагаа удаашрах, цаашлаад эдийн засгаа аврах боломжтой гэж харж байна.

Өнгөрсөн хугацаанд иргэд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого болоод эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдад итгэж байлаа. Гэтэл дэлхий нийтийг хамарч, цаашлаад улс орныг хамарсан халдварт өвчин дэгдээд байгаа энэ үед эрүүл мэндийн байгууллагынхан ёс зүйгээ хэрхэн баримтлах ёстой вэ. Иргэдийн итгэлийг хүлээсэн ХӨСҮТ, эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд шинжилгээний хариуг сольдог, хэн нэгний өмнөөс шинжилгээ өгдөг, цаашлаад шинжилгээний хариуг худалддаг нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ?

-Ний нуугүй хэлэхэд, дээрх асуудал дээр би жирийн иргэд, уншигчидтай адилхан шоконд орсон. Үнэхээр ийм хүнд хэцүү цаг үед манай эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдээс тийм ёс зүйгүй үйлдэл гарна чинээ төсөөлөөгүй. Энэ асуудалд одоо ч итгэж ядаж байна. Иргэд болоод би хэнд итгэхээ ч мэдэхээ больж, маш их харамсаж байна. Хоёрдугаарт, эрүүл мэндийн салбар бол маш том салбар. Салбарынхаа бүтцээр боловсролын салбарын дараа ордог том аппарат. Гэтэл энэ том салбарт ажиллаж байгаа олон мянган хүний нэр төрийг ганц хоёрхон хүний хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдлээр шууд дүгнэж болохгүй. Иргэдээсээ ч бас шууд ийм дүгнэлтэд битгий хүрээрэй гэж хүсэх байна. Учир нь ажилдаа үнэнчээр, хоёргүй сэтгэлээр ажилладаг эмч, эмнэлгийн салбарын ажилчид олон бий. Хариуцлагагүй, сэтгэлгүй ёсзүйгүй цөөн хэдэн хүнээс болж эрүүл мэндийн салбар тэр чигтээ ичгэвтэр байдалд орлоо. Ийм арчаагүй, ухвар мөчид бодлоосоо болж хариуцлага алдсан хүмүүст ёсзүйн хариуцлага бүү хэл захиргааны хариуцлага хүлээлгэх ёстой. Үнэндээ өнгөрсөн хугацаанд болоод одоо ч хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд цаг наргүй зүтгэсэн эрүүл мэндийн салбарын ажилчдыг нийтээр нь харлуулж болохгүй. Хэдийгээр цалин хангамж муу, амралтгүй шахуу, хонон өнжин ажилласан тэр хүмүүсийн сэтгэлийг бодож иргэд саруул ухаандаа тунгаана гэдэгт итгэж байна. Энэ үйл явдал бидэнд маш том сургамж боллоо. Дахин ийм алдаа хэзээ ч бүү гараасай гэж хүсч байна.

Эрүүл мэндийн байгууллагад ажилладаг эмч, эмнэлгийн ажилчид иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэдгээ тангарагладаг. Гэсэн хэдий ч энэ тангаргаасаа няцсан хүмүүсийн цаана хэдхэн төгрөгийн эрх ашиг байсан нь харагдаад байгаа юм?

-Нэг талаас харахад эрүүл мэндийн салбарт ажилладаг эмч, эмнэлгийн ажилчдын нийгмийн халамж, хангамж төдийлөн сайн байдаггүй нь энэ тохиолдлоос харагдаж байгаа юм. Манай улсын эрүүл мэндийн салбарынхны цалин хангамж дэлхийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад асар бага. Тэр бүү хэл Ази тив дотроо ч сүүл мушгиж байгаа. Гэхдээ энэ бол эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид ёс зүйгээ зөрчих хэмжээнд яригдах шалтаг, шалтгаан биш. Биднээс ч цалин багатай хэрнээ эрүүл мэндийн салбар нь хөгжсөн тухайн салбарын эмч, эмнэлгийн ажилчид нь ёс зүйгээ өндөрт өргөж, ажил мэргэжилдээ эзэн болж байгаа улс орны жишээ олон бий. Тэр хүмүүстэй харьцуулахад бид бүх зүйлийг цалин хангамжтай холбож болохгүй. “Муу бол баруун хойд овоохой” гэдэг шиг би ч ийм хангамж, цалин муутай. Тиймээс ёс зүйгээ уландаа гишгэж болно гэсэн зөвтгөл хэзээ ч, хаана ч байж болохгүй. Цалин хангамжийн асуудал хүнд, түүнийг шийдэх шаардлага байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ энэ ямар нэгэн зөрчлийг урдаа барих тайлбар биш.

Манай улсад коронавирусийн тохиолдол илэрсэн ньЭнхсарансувилалд халдвар хамгааллын дэглэм зөрчсөнтэй холбоотой гэж үздэг. Тийм ч учраас саяхан цагдаагийн байгууллагаас тухайн сувиллын газар ажиллаж байсан эмч, мэргэжилтнүүд болоод хэвтэн эмчлүүлж байсан нэр бүхий 13 хүнд хариуцлага тооцох болсон талаараа мэдээлсэн. Бидэнд дотооддоо коронавирусийн халдварыг алдахгүй байх боломж байсан гэж та бодож байна уу?

-Ер нь бол коронавирусийн халдвар манай улсын дотоодоос гарахгүй гэдэг нь тодорхой байсан. Аюул хаана байсан бэ гэхээр гаднаас зөөвөрлөгдөн орж ирж байгаа тохиолдлууд болон хил гаалиар тээвэр хийж байгаа болон гадаадаас ирсэн иргэдээс халдвар тархах нь ойлгомжтой байсан. Гэтэл дотооддоо халдварыг алдана гэдэг бол халдвар хамгааллын дэглэм ямар нэгэн байдлаар алдагдсаныг л илтгэж байгаа юм. Тэнд ямар нэгэн байдлаар назгайрал, алдаа гарсан нь тодорхой. Хариуцлага алдсан хүмүүсийг тогтоож хариуцлага хүлээлгэх нь зүй ёсны асуудал. Харин яг эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зөв үү, буруу юу гэдгийг бодож үзэх хэрэгтэй болов уу. Миний хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь арай хатуу санагдаж байгаа. Энэ нь санаатай гаргасан алдаа юу, санамсаргүй байдлаас үүссэн алдаа юу гэдгийг дэнслэх л ёстой. Тухайн газар үүрэг гүйцэтгэж байсан хүмүүсийг удирдлагууд нь мэргэжил арга зүйгээр хэрхэн хангаж, хэдэн удаа сургалтад хамруулсан бол, халдвар хамгааллын дэглэмийг хэвшүүлэхэд хэрхэн анхаарсан бол гэх мэт олон зүйлээс шалтгаалах болов уу.

Улс орон даяар халдварт өвчинтэй тэмцэж байгаа энэ үед халдварыг улс төрийн зорилгоор ашиглах нь хэнд ашигтай вэ. Зарим нэг улстөрчид коронавирусийн халдварыг ашиглан эд хөрөнгөтэй, эрх мэдэлтэй болох алхам, оролдлого хийгээд байна уу гэж харагдаад байна л даа?

-Иргэд болоод зарим нэг улстөрчид энэ талаар хардах эрх бий. Энэ асуудалтай холбоотой юу ч гэж харж болно. Гэтэл бодит факт ямар байна вэ. Яг үнэндээ зарим зүйлүүд маш бүрхэг байна. Наанадаж коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд хичнээн их наяд төгрөгийг хэрхэн, юунд зарцуулж байгаа талаар бодит судалгаа, тоо баримт хаана ч алга. Энэ бараг улсын нууцын зэрэгт хамааралтай асуудал болчихоод байгаа эсэхийг хэлж мэдэхгүй байна. Ковидын улмаас хичнээн төгрөг зарцуулж үүнээс хэдийг нь оношилгоо, эмчилгээ, тусгаарлалтад зарцуулав. Гүйлгээ нь хаанаас гараад хаагуур ороод ямар үр дүнд хүрсэн талаар хөндлөнгийн ямар байгууллагаар аудитын шалгалт хийлгэсэн юм бэ. Иргэдэд ил болгох шаардлагатай зардлууд маш их байна. Надад мэдэхийг хүссэн асуулт, хариулт олон байна. Одоо ч асуултын тэмдэг хэвээр хариулт, шийдэл хүлээж байна. Гадаад дотоодын олон мянган иргэд, байгууллагуудаас хэдэн арван тэрбум төгрөг хандиваар цуглуулсан. Эдгээр их хэмжээний мөнгийг юунд зарцуулсан талаарх задаргааг нарийвчлан гаргах хэрэгтэй байна. Энгийн иргэдээс авахуулаад салбарын эмч мэргэжилтнүүд бид ч мэдмээр байна. Цаасан дээр буулгасан баримт тоо үзэгдэж харагдахгүй болохоор хэн хэнд нь хардлага байна. Үүнийг эцэслэх л ёстой. Эцэст нь улс орон, дэлхий нийтийг хамарсан болон голомтлон гарсан ямар ч халдварт өвчин хэн нэгний эдийн засгийн, эрх мэдлийн хөшүүрэг, гүүр болох ёсгүй.

Эцэст нь, коронавирусийн эсрэг вакцинжуулалтад иргэд хамрагдаж эхлээд байна. Гэсэн хэдий ч вакцин тойрсон маргаан,үнэн худал эсэх нь мэдэгдэхгүй мэдээлэл тасрахгүй л байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

– Монголд орж ирсэн бүх төрлийн вакцинууд туршигдчихаад орж ирж байгаа. Ганцхан манай улсад биш, дэлхийн бусад улс орнууд ч хэрэглэж байна. Гэхдээ вакцин хүний биед ямар ч гэм хоргүй зүйл бол биш. Тодорхой хэмжээний гаж нөлөө заавал гардаг. Шинээр бүтээсэн эм, вакциныг хэрэглээнд нэвтрүүлсний дараа судалгааны, туршилтын явцад илрээгүй олон төрлийн гаж нөлөө гарч эхэлдэг. Учир нь судалгааны үед цөөхөн хүнд туршилт хийдэг. Вакцины хувьд сүүлийн шатны туршилтыг 20-30 мянган иргэнд туршиж байгаа. Гэтэл хэрэглээнд нэвтрүүлэх үед хэдэн зуун мянган хүнд хийж байна. Тиймээс туршилтын үеийн мэдээлэл, зах зээлд нэвтрүүлсэн үеийн мэдээлэл зөрдөг. Өөрөөр хэлбэл, 30 мянган иргэнд хийх нэг өөр, 300 мянган иргэнд хийх нэг өөр. Өөр өөр дүгнэлт гарна. Тиймээс туршилтын үед илрээгүй нөлөөнүүд хэрэглээнд нэвтрүүлсний дараа ажиглагдана. Цаашид ямар нэгэн гаж нөлөө гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс 100 хувь үл тоож болохгүй, гаж нөлөөтэй гээд хориглож болохгүй. Хамгийн гол нь ямар ч нөлөө ажиглагдсан бай түүнийг эмчлэх бэлэн байдалд эрүүл мэндийн салбарынхан бэлэн байх ёстой.

П.БАТЗАЯА

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хар бич өдөр

Аргын тооллын гуравдугаар сарын 25, Бархасбадь гариг. Билгийн тооллын 12, Үнэг одтой, хар бич өдөр. Өдрийн наран 6:45 цагт мандан, 19:11 цагт жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 10-12 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 5-7 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр 0-5 градус, говийн бүс нутгийн зүүн, Дарьгангын тал нутгаар 15-20 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд Вакцины “ДАЖИН” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт НЭМҮХ-ийн зөвлөх, Монголын Анагаах Ухааны Академийн гишүүн , Биологийн шинжлэх ухааны доктор Ж.Оюунбилэг “Монголд вакцин үйлдвэрлэх боломжтой гэж Ерөнхийлөгч санал тавьж байгаа нь үндэслэлтэй” хэмээн I, VII нүүрт өгүүллээ.

Өдрийн сонинд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж-ийн өдрийн тэмдэглэл хэвлэгдлээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд “Би цахим сонгууль гэх дүрмийн бус сонгуульд оролцохгүй” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт Вакцины “ДАЖИН” хэмээн өгүүллээ.

АН-ын ҮБХ-ны гишүүн О.Амартүвшин “Өрсөлдөөн гэдэг нь хагарал, тэмцэл биш” гэж I, V, VI нүүрээс уншаарай.

АНУ-д 14 жил мэргэжлээрээ ажилласан ахлах программист Ц.Тэмүүжин “McDonald’s-ийн дэлхий нийтийн нэгдсэн системийн аппликейшнийг гардан гүйцэтгэсэн” гэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн төслийг өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, С.Ганбаатар, Н.Ганибал, Б.Энх-Амгалан нарын гишүүдийн санаачлан боловсруулсан “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

2009 онд УИХ-ын 34 дүгээр тогтоолоор ‘Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийг батлан мөрдөж иржээ.

УИХ-ын даргын 2020 оны арван нэгдүгээр сарын 6-ны өдрийн 45 дугаар захирамжаар “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-ын тогтоолын төслийн хамт өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, С.Ганбаатар, Н.Ганибал, Л.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Б.Бат-Эрдэнийг томилсон байна.

Ажлын хэсэг дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Шинэчлэн боловсруулсан “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн зорилго нь Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ “…би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн Төрийн сүлдэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байхад нь туслах зорилготой юм.

Монгол Улсыи Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн төсөл 12 бүлэг 70 зүйл, 31 дэд заалттай байх аж. Дүрмийн төсөлд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд зөрчлийн шинж байдлыг харгалзан сануулга өгөх, хатуу сануулга өгөх, уучлал гуйхыг үүрэг болгох, албан тушаалын цалингийн хэмжээг 6 cap хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах зэрэг хариуцлага ногдуулахаар тусгасан байна.

Дүрэм батлагдсанаар Улсын Их Хурлын гишүүн нь ард түмний элчийн хувьд төр, олон нийтийн итгэлцлийг бий болгох, тэдний итгэлийг хүлээх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, өргөсөн тангаргаа үнэнчээр биелүүлэх хөшүүрэг болно гэж төсөл санаачлагчид үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

МХЕГ: 484.4 мянган хүн тун вакциныг импортлох үйл ажиллагаанд хяналт тавиад байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Т.Гантулга, Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын дарга, мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч С.Сүнчин, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.Батдулам, эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Н.Долгорсүрэн, эм биобэлдмэлийн чанарын хяналтын улсын ахлах байцаагч Г.Номин нар өнөөдөр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны үйл ажиллагаа, Вакцин, биобэлдмэлийн төв агуулахад Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцин хүлээн авах, хадгалах, түгээж буй байдалд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн, үүрэг чиглэл, арга зүйн зөвлөгөө өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Л.Баттөр, Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма нар дархлаажуулалтын үйл ажиллагаа, вакцины нөөц, татан авалт, төлөвлөлтийн талаар танилцуулж, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замуудын талаар санал солилцов.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Л.Баттөр “Дархлаажуулалтын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах, мэдээ мэдээллийг нэг урсгалаар шуурхай солилцож, хамтран ажиллана” гээд вакцинжуулалтын явцад мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байгаад талархал илэрхийллээ.

МХЕГ-ын дарга Т.Гантулга “Улс орнууд коронавируст халдварын эсрэг вакцинаар иргэдээ дархлаажуулж эхлээд удаагүй байна. Манай улс таван төрлийн вакциныг яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрлийг шийдвэрлэж, одоогоор гурван төрлийн вакцинаар зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулах ажил амжилттай явагдаж байна. Энэхүү чухал хариуцлагатай ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн хамт олонд ажлын амжилт хүсч, цаашид төлөвлөсний дагуу 18-аас дээш насны бүх иргэдээ хамруулах, салбар хоорондын мэдээллийн урсгал, хамтын ажиллагааг улам сайжруулах” талаар тодорхой чиглэлүүдийг өгөв.

Дархлаажуулалтын бэлэн байдлыг хангуулах, вакцинжуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөө гарган, хяналт тавих түр заавар батлуулж, улсын байцаагчдыг цахим сургалтад хамруулан, хоёрдугаар сард улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагуудын дархлаажуулалтын бэлэн байдалд хийсэн шалгалтын дүнг цаашид хэрэгжүүлэх ажлын талаарх саналын хамт Монгол Улсын Шадар сайд, ЭМЯ, ХӨСҮТ-д хүргүүлж ажилласан.

Мөн МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу 02 сарын 22-ны өдрөөс эхлэн коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакциныг улсын хилээр нэвтрүүлэх, тээвэрлэх, хадгалах, түгээх болон дархлаажуулалтын үйл ажиллагаанд хяналт тавьж, аюулгүй байдлыг хангуулан ажиллаж байна. Энэ хугацаанд таван удаагийн татан авалтаар коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг нийт 484.4 мянган хүн тун вакциныг импортлох үед баримт бичгийн болон биет үзлэг шалгалтыг хийж, вакцин хадгалах агуулахад шилжүүлэн, вакцинжуулалтын цэгүүдэд хяналт шалгалтыг тогтмол хийж, илэрсэн дутагдлыг газар дээр нь арилгуулж, 5 албан шаардлага, 2 зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэн хэрэгжилтийг хангуулж байна.

Монгол Улс өнөөдөр АНУ-ын Pfizer/BioNTech вакциныг хүлээх авах бөгөөд -700С хэмд тээвэрлэх, хадгалах нөхцөл, бэлэн байдлыг хангуулах чиглэлд хяналт тавин ажиллаж байна.