Categories
мэдээ нийгэм цаг-үе

Азийн Хөгжлийн Банк хүүхдийн мөнгөний санхжүүжилтэд 73 сая ам.долларын зээлийг баталлаа

Монгол Улсын нийгэм-эдийн засагт үзүүлж буй Ковид19 цар тахлын нөлөөг бууруулах зорилгоор Азийн Хөгжлийн Банк (АХБ) ядуу, эмзэг бүлгийн иргэд, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүдэд чиглэсэн нийгмийн халамжийг сайжруулахад зориулан 73 сая ам.долларын зээлийг баталлаа.

Цар тахлын хариу арга хэмжээний хүрээнд энэ оны 6 дугаар сарыг дуустал сар бүр 0-17 насны хүүхдүүдэд нэмэлтээр олгох “Хүүхдийн мөнгөн тэтгэмж”-ийн тодорхой хувийг энэхүү зээл санхүүжүүлэх юм. Энэ нь 2020 оны 4 дүгээр сараас 9 дүгээр сар хүртэл яаралтай тусламжийн зээлийн хүрээнд үзүүлсэн өмнөх санхүүжилтийн үргэлжлэл болж байна.

Судалгааны дүнгээс харахад 2020 оны 5 дугаар сарын эхэн үеийн байдлаар Монголын нийт өрхийн дөрөвний гурав орчим нь, ядуу өрхийн 85% нь ямар нэгэн байдлаар эдийн засгийн хямралд өртсөн байна. Нийт өрхийн бараг гуравны хоёр (64%) нь хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн гэсэн бол хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дөрөвний гурав (73%) орчим нь орлого тасалдсан гэсэн байна. Мөн малчид, тариаланчдын 70 орчим хувь нь өмнөх жилтэй харьцуулахад орлого буурсан гэсэн судалгаа өгчээ.

Энэхүү төсөл нь КОВИД-19-ийн нөлөөллийг бууруулах зорилгоор АХБ-наас Монгол Улсад үзүүлж буй нэгдсэн, цогц дэмжлэгийн нэг хэсэг юм. Төслийн нийт санхүүжилт нь 259.64 сая ам.доллар бөгөөд үүнээс Засгийн газрын санхүүжилт нь 186.64 ам.доллар байна. Төслийг 2023 онд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ цаг-үе

Хотын дарга дэглэмээ сахиж, хариуцлагатай байхыг ААН-үүдэд уриаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 80 орчим байгууллагын төлөөлөлтэй цахимаар уулзаж, тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг сонслоо. Мөн холбогдох албаны хүмүүсийн хамт хариулт өгөхийн зэрэгцээ цаашид үйл ажиллагаандаа тэдгээр асуудлыг тусгаж ажиллахаа илэрхийлсэн.

Хотын даргын хувьд аль болох хөл хорио тогтоохгүй байх байр суурь баримталж байгаагаа, мөн энэ саналаа УОК-т удаа дараа илэрхийлсэн гэдгээ бизнес эрхлэгчдэд уламжилсан юм. Гэсэн хэдий ч цар тахлын нөхцөл байдал хүндэрч, халдвар авах хүний тоо, эрсдэл улам бүр өссөөр байгаа. Тиймээс аль болох гал алдахгүйн тулд, улбар шар түвшнээс улаан түвшинд шилжиж, хөл хорио тогтоохгүйн тулд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, хамтдаа хичээж, хариуцлагатай байхыг аж ахуйн нэгжүүдэд уриалсан юм.

Аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллүүд Нийслэлийн Засаг дарга хийгээд холбогдох албаныхан ийм амаргүй цаг үед бизнес эрхлэгчдийнхээ дуу хоолой, саналыг сонсож байгаад талархал илэрхийлж, уриалгыг бүхий л талаар нь дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Та бүхэн энэ цар тахлын үед төрөлх хотоо, эдийн засгаа, хайртай бүхнээ хамгаалахын тулд уриалгад нэгдэж, хичээж ажиллахыг хүсье. Мөн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, үйлчлүүлэгч иргэддээ уриалгыг хүргэж, шаардлагаа тавьж ажиллаарай. Улаан түвшин рүү орохгүйн төлөө хотоороо хичээе. Хатуу хөл хорио тогтоохгүйн төлөө үлдэж байгаа өдрүүдэд эрчимтэй, сайн ажиллая” хэмээсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ цаг-үе

Суэцийн сувгийн гацаанаас болж дэлхийн улсууд ариун цэврийн цаасны хомсдолд орж болзошгүй

Египетийн Суэцийн сувгийг том оврын тээврийн хөлөг онгоц бөглөн, дэлхийн олон худалдааны байгууллагын тээврийг гацааснаас болж олон улс ариун цэврийн цаасны хомсдолд орж болзошгүй нөхцөл байдал үүсчээ.

“Suzano SA” компанийн Гүйцэтгэх захирал Уолтер Шалкагийн хэлснээр Суэцийн сувгийн гацаанаас болж Бразилын ариун цэврийн цаасны түүхий эд буюу модны целлюлоз үйлдвэрлэдэг компанийн түгээлт удааширч байгаа аж.

Болсон явдлыг эргэн сануулахад, Эмпайр Стэйт барилгын өндөртэй тэнцэхүйц хэмжээний урттай “Ever Given” хөлөг онгоц энэ сарын 23-наас хойш хүний гараар бүтсэн Суэцийн сувгийг хөндөлсөн гацсанаас болж тус сувгаар тээвэр хийдэг олон усан онгоц цааш явах аргагүйд хүрч зогсоод буй билээ.

Суэцийн суваг бол Ази, Африкийг холбодог, дэлхийн нийт худалдааны 12 хувь нь дамжин өнгөрдөг чухал ач холбогдолтой усан зам юм.

Шалкагийн мэдэгдсэнээр, ийнхүү түүхий эдийн тээвэр доголдсон нь ариун цэврийн цаасны үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж, цаашлаад энэ байдал удаан үргэлжилбэл олон улс ариун цэврийн цаасны хомсдолд орж болзошгүй аж.

Categories
мэдээ цаг-үе

Замын-Үүд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

Дорноговь аймгийн онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт Замын-Үүд сумыг шилжүүлж, халдварын тархалтын “Улаан түвшин”-д 03 дугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас 04 дүгээр сарын 11-ны 06:00 цаг хүртэл шилжүүллээ. Үүнтэй холбогдуулан бүх шатны боловсролын байгууллага, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, өдөр өнжүүлэх болон бүх төрлийн сургалтын төв, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, сүм хийд, шашны байгууллагын үйл ажиллагаа, нийтийн хоолны үйлчилгээ, фитнесс, саун, халуун ус, нийтийн бүжиг, соёл спортын клуб, бариа засал, үсчин, гоо сайхны бүх төрлийн үйлчилгээг хязгаарлалаа.

Дээрх нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй худалдааны төв, аж ахуйн нэгж, байгууллагаас иргэдэд үйлчлэх цагийн хязгаарыг 09:00-19:00 цаг хүртэл болгон өөрчилж, иргэн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд 20:00 цагаас бүрэн зогсоохоор болов. Мөн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан зөвшөөрөлгүй архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг таслан зогсоож, хяналт тавьж ажиллахыг тус, тус холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.

2021.03.28
Categories
мэдээ цаг-үе

Ховд аймагт мэндэлсэн гурван ихэр хүүхдэд гурван өрөө байр бэлэглэжээ

Ховд аймагт мэндэлсэн ихрүүдийн гэр бүлд 3 өрөө байр бэлэглэж батламж гардуулжээ. Тодруулбал 2 хүү, 1 охин буюу гурван ихрээр бүл нэмсэн Б.Отгонпүрэв, Б.Оюунгэрэл нарын гэр бүлд аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж ихрүүдээ гурван өрөө байраар мялаахаар “БАТЛАМЖ” гардуулжээ.

Ихрүүдийн аав ээж гурван ихэр үрсдээ О.Eрөөлтхүү, О.Ивээлтхүү, О. Хувьзаяа гэдэг нэр хайрлажээ.
Categories
мэдээ цаг-үе

Хотын дарга бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй цахимаар уулзлаа

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд цар тахлын нөхцөл байдлын улмаас багагүй хугацаанд хөл хорионд байсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын хувьд аль болох хөл хорио тогтоохгүй, аж ахуйн нэгж, байгууллагуудад хэвийн үйл ажиллагаа явуулах боломж, нөхцөлийг бүрдүүлэх, төрийн байгууллагаас үзүүлдэг аливаа дарамтыг байхгүй болгох, улмаар зөвлөн туслах, дэмжих чиглэлд анхаарч, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй бол хуулийн хүрээнд бүхий л нөхцөлд дэмжин ажиллахаа илэрхийлж байгаа. Тэгвэл өнөөдөр энэ хүрээнд 80 орчим аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй цахимаар уулзалт зохион байгуулж, тулгамдсан аливаа асуудлыг сонсож, тэдгээрт холбогдох албаны хүмүүсийн хамт хариулт өгсөн юм.

Тухайлбал, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга Г.Оргил хөл хорио тогтоосон үед үйл ажиллагааг нь зөвшөөрөх 15 аж ахуйн нэгжид тээвэр зуучлалын салбарыг нэмэхийг хүссэн. Учир нь тэдний үйл ажиллагаа зогссон үед нэн зайлшгүй шаардлагатай хүнс, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хүргэж чадахгүйд хүрээд байгааг уламжиллаа. Мөн салбарынхныг нэн даруй дархлаажуулалтад хамруулахыг хүссэн юм. Үүнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн хариулт өгч, анхаарч ажиллахаа илэрхийлсэн бол Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Тавдугаар сард багтаан нийслэлийн хүн амын 60 хувийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн” гэдгийг хэллээ.

Мөн энэ үеэр “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг “Халдвар хамгааллын хувцсыг бид дотооддоо үйлдвэрлэж эхлээд байна. 2020 оны дөрөвдүгээр сард тогтоол гаргаж, халдвар хамгааллын бүтээгдэхүүний түүхий эд, материалыг татваргүй оруулж ирэхээр тусгасан. Гэвч өнгөрсөн арванхоёрдугаар сард дээрх тогтоолыг шинэчилж найруулан, халдвар хамгааллын бүтээгдэхүүний түүхий эд, материалыг татвартай болгосон хэрнээ бэлэн бүтээгдэхүүн татваргүй байгаа. Үүнд анхаарал хандуулж, цар тахлын үед дотоодын худалдан авалт, бүтээгдэхүүнийг дэмжихийг хүсье” хэмээсэн юм. Холбогдох албаныхан энэ асуудлыг анхааралдаа авч, УОК-т уламжлахаа илэрхийлж байлаа.

Мөн аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд Нийслэлийн Засаг дарга хийгээд холбогдох албаны хүмүүс тэдний саналыг сонсож, шийдвэр гаргах түвшинд анхаарч ажиллах болсонд талархсанаа илэрхийлж байлаа. Түүнчлэн шийдвэр гаргахаасаа өмнө аж ахуйн нэгж, байгууллагуудын энэ мэт саналыг хүлээн авч, сонсож байхыг хүссэн юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Хөл хорио нь нийслэлд хотод үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдэд хүнд туссан. Тиймээс аль болох хөл хорио тогтоохгүй байх байр суурийг баримталж байгаа. Өдөрт халдварт авсан хүний тоо 437-д хүрлээ. Цаашид 500 гараад эхэлбэл улаан түвшин рүү шилжиж, хатуу хөл хорио тогтохоос өөр аргагүй байдалд хүрнэ. Хэрэв хөл хорио тогтоогоогүй бол эрүүл мэндийн салбарт ажиллах хүн байхгүй болно. Тиймээс бид 500-гаас дээш гарахгүйн төлөө ажиллах хэрэгтэй. Өчигдөр болсон УОК-ын хурал дээр миний бие гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр 5 хүртэл нөхцөл байдлыг харахыг хүссэн байр суурийг илэрхийлсэн. Хотын эдийн засаг, нөхцөл байдал аж ахуйн нэгжүүд та бүхэнтэй салшгүй холбоотой. Хэрэв дөрөвдүгээр сарын 5-19 хүртэл хатуу хөл хорио тогтоовол вакцинжуулалтыг өргөн хүрээнд зохион байгуулна гэдгийг холбогдох хүмүүст илэрхийлсэн. Аж ахуйн нэгжүүдээ бүх талаас нь дэмжиж ажиллана. Улаанбаатар хотын захиргааны үүд хаалга аж ахуйн нэгжүүддээ нээлттэй байна. Төрийн дарамт, хүнд суртлыг байхгүй чиглэлд үүрэг өгч ажиллаж байгаа. Улаан түвшин рүү шилжиж, хатуу хөл хорио тогтоохгүйн төлөө бүгд сайн ажиллая. Өдөрт халдвар авах хүнийг тоог 350-д барих тал дээр анхааръя. Төрөлх хотынхоо төлөө, бизнесээ хамгаалахын төлөө, эдийн засгаа босгохын төлөө хичээл зүтгэл гаргаж байгаа та бүхэнд талархаж байна” хэмээн ярилаа.

Categories
мэдээ цаг-үе

Ардчилсан намын даргыг сонгох цахим сонгуулийн санал хураалт эхэллээ

Ардчилсан намын даргыг сонгох цахим сонгуулийн санал хураалт өнөөдөр 10.00-22.00 цагийн хооронд үргэлжилнэ. Тус намын даргын цахим сонгуульд таван нэр дэвшигч өрсөлдөж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, Ц.Оюунгэрэл, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, АН-ын дэд дарга Ц.Уртнасан, АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр нар АН-ын даргын төлөө цахим сонгуульд нэр дэвшиж байна.

Мөн нөгөө талд Ардчилсан намын даргын сонгууль уламжлалт цаасан хэлбэрээр болох ажээ. Цар тахлын үед баримтлах халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин мөрдөж, санал хураалтыг зохион байгуулах зохицуулалтыг сайн хийсэн болохыг Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос мэдээлэв.

2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн УОК-ын шийдвэрийг үндэслэн “улаан бүс”-д орсон аймгууд болох Архангай, Баянхонгор, Завхан, Булган, Дархан, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Завхан, Увс, Хөвсгөл, Төв аймагт Ардчилсан намын даргын сонгуулийн урьдчилсан санал хураалтыг гуравдугаар сарын 27-ны өдрийн 12:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл зохион байгуулжээ. Үлдсэн аймаг, орон нутагт Ардчилсан намын даргын сонгууль хуваарьт өдрөө буюу гуравдугаар сарын 28-ны өдрийн 09:00-22:00 цагийн хооронд, уламжлалт цаасан хэлбэрээр зохион байгуулагдаж буй аж.

Categories
мэдээ цаг-үе

Булган аймгийн Сэлэнгэ суманд халдвар илэрч, хөл хорио тогтоолоо

Булган аймгийн Сэлэнгэ суманд өчигдөр гурван хүнээс, өнөөдөр есөн хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 12 боллоо. Одоогийн байдлаар ойрын хавьтлын 109 хүнээс шинжилгээ авч, 12 хүний шинжилгээний хариу хүлээгдэж байгаа аж. Мөн тус сумаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, хөл хорио тогтоогоод байна.

Анх Сэлэнгэ сумаас ирсэн ачаа тээврийн жолоочоос халдвар илэрч, улмаар ойрын хавьтлын хүмүүсээс шинжилгээ авахад 12 хүнээс халдвар илрээд байгаа юм. Халдвар илэрсэн иргэд нь сумандаа шагайн харваа тоглосон өгүүлэмжтэй байгаа гэнэ. Халдвар авсан иргэдийг Сэлэнгэ сумандаа эмчилж байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

Мьянмарт жагсаалын үеэр цагдаа нарын гарт 114 хүн амиа алдлаа

Бямба гарагт цагдаа, цэргийн хүчнийхэн иргэдийн жагсаалыг хүчээр тараах үеэр 114 хүн амиа алдсан тухай Мьянмарт үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд мэдээлж байна. Мьянмарын зэвсэгт хүчний өдрийг иргэд “Цэргийн дарангуйллын эсрэг өдөр” болгож, 40 гаруй хотод эсрэгүүцлийн жагсаал өрнөснийг эрх баригчид цус урсган даржээ. Амиа алдсан хүмүүсийн дотор дөрвөн хүүхэд байгаа юм. Мандалай хотод дор хаяж 40 хүн, түүний дотор 13 настай охин алагдсан бол Янгон хотод 27 хүн амь үрэгдсэн гэж Мьянмар Now мэдээлэв. Сагингийн төв хэсэгт амиа алдсан хүмүүсийн дунд 13 настай хүүхэд байжээ.

Ройтерс агентлагийн сурвалжлагч иргэд амиа алдсан асуудлаар цэргийн төлөөлөгчөөс тайлбар авах гэсэн боловч татгалзсан хариулт авчээ.

Мьянмарын цэргийн удирдагчид хоёрдугаар сард төрийн эргэлт хийж, ардчилсан сонгуулиар сонгогдсон парламентыг тараан улс орондоо нэг жилийн хугацаатай онц байдал зарласан билээ. Өнгөрсөн хугацаанд цэргийн дэглэмийг эсэргүүцлийн иргэдийн жагсаал хүрээгээ улам тэлж буй. Одоогоор цагдаа, цэргийнхний гарт амиа алдсан хүний тоо 429-т хүрээд байна.

Categories
мэдээ цаг-үе

“Их хүлэгч”-ийг тодруулж, 100 сая төгрөгөөр шагнана

Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн ээлжит хуралдаанаар Ардын хувьсгалын 100 жилийн түүхт ойг тохиолдуулан “100 жилийн их хүлэгч”-ийг шалгаруулж, 100 сая төгрөг, аймаг, нийслэлийн “шилдэг хүлэгч”-ийг шалгаруулж, 10 сая төгрөгөөр тус тус шагнаж урамшуулан, алдаршуулахаар шийдвэрлэсэн байна.

Тус холбооноос ажлын хэсэг гарч, болзол, шалгуурын дагуу “Их хүлэгч”-ийг тодруулж, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмаар шагнаж урамшуулахаар тэргүүлэгчдийн тогтоол гаргажээ. Шалгуурын хувьд:

-Монголын хурдан морины уралдааны хөгжлийн бодлогыг зөв оновчтой чиглэлийг тогтоож, бодитой хувь нэмэр оруулсан байх,

-Монголын уламжлалт хурдан морины уяа заслыг өрнө, дорнын соёл, шинжлэх ухааны түвшинд судлан олон нийтэд сурталчлах, хүлээн зөвшөөрүүлэх талаар амжилттай ажиллаж, зохих үр дүнд хүрсэн байх,

-хурдан морь уях ажилд олон жил тасралтгүй зүтгэн, өндөр амжилт үзүүлж, өөрийн эрдмээ залуу уяачдад өвлүүлж, шавь бэлтгэсэн байх, түр болон байнгын ажлын байрыг бий болгоход бодит хувь нэмэр оруулсан байх зэрэг болзолтой аж.

Мөн хурдны хэвшлийн адуу, цөм сүргийг бий болгоход бодит хувь нэмэр оруулж, өөрийн үржүүлсэн адуун сүргээс хурдны чиглэлээр улс, бүс, шигшмэл хурдан морьдын уралдаанд амжилт гаргахын зэрэгцээ бий болгосон хурдан хэвшлийн адуу нь бусад аймаг, сум, бүс нутагт хэрхэн тархсан талаарх тоон үзүүлэлтийг харгалзаж тус шагналыг олгох юм байна.

Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн хурлын үеэр 21 аймаг тус бүрээс “Их хүлэгч”-ийг тодруулж, алдаршуулах санал гаргасан бөгөөд Ажлын хэсэгт хэрхэн шийдвэрлэх талаар саналаа боловсруулж тэргүүлэгчдийн хуралд танилцуулж шийдвэрлэх эрх олгожээ.