Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тусгай нислэгийн тийзний үнэ 15 хувиар хямдарна

Коронавируст халдварын цар тахлын улмаас хилийн чанадад санхүүгийн хүндрэлд орсон иргэдээ татан авах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүднээс “МИАТ” ТӨХК тусгай нислэгийн тийзний үнийг 15 хувиар хямдруулж байгаа бөгөөд өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ.
Тодруулбал,
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгийн тийзийн 530,000 воны үнэтэй үндсэн тариф нь 72,000 вонноор хямдарч 457,000 вон,
Токио -Улаанбаатар чиглэлийн тийз 59,150 иений үндсэн тариф 8,100 иенээр хямдарч 51,050 иен,
Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тийз 830 евро байсан нь 99 еврогоор хямдарч 731 евро,
Истанбул-Улаанбаатар чиглэлийн тийз 734 ам.доллар байсан нь 102 ам.доллароор хямдарч 629 ам.доллар,
Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн тийз 364 ам.доллар байсныг 50 ам.доллароор хямдруулж 314 ам.доллар болох юм байна.

Улсын онцгой комисс/УОК/-ын шийдвэрийн дагуу гуравдугаар сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 1920 иргэнээ татан авна. УОК-ын Шуурхай штабаас мэдээлснээр,

03 дугаар сарын 02-нд Сөүл-Улаанбаатар
03 дугаар сарын 04-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
03 дугаар сарын 05-нд Нурсултан-Улаанбаатар
03 дугаар сарын 11-нд Токио-Улаанбаатар
03 дугаар сарын 12-нд Сөүл-Улаанбаатар
03 дугаар сарын 15-нд Токио-Улаанбаатар
03 дугаар сарын 17-нд Франкфурт-Улаанбаатар
03 дугаар сарын 18-нд Франкфурт–Улаанбаатар
03 дугаар сарын 24-нд Сөүл-Улаанбаатар
03 дугаар сарын 25-нд Токио-Улаанбаатар
03 дугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатар /транзит/

03 дугаар сарын 31-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэх юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хаврын тариалангийн бэлтгэл ажил явагдаж байна

Энэ онд 389.3 мянган га талбайд тариа, 17.9 мянгад төмс, 9.6 мянга га-д хүнсний ногоо, 66.5 мянган га-д малын тэжээл, 40.0 мянган га-д тосны ургамал, 7.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 530.3 мянган га-д тариалалт хийж ургац хураалтын дүнгээр 495.6 мянган тонн үр тариа, үүнээс 471.5 мянган тонн улаанбуудай, 222.4 мянган тонн төмс, 116.1 мянган тонн хүнсний ногоо, 170.1 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, 3.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авч 360.2 мянган га-д уринш боловсруулж бэлтгэх зорилт дэвшүүлэн хаврын тариалалтын бэлтгэл ажилдаа ороод байна.

Улаанбуудайн үрийн хангамжийг бүрдүүлэх зорилгоор үр импортлын зөвшөөрөл авсан 3 аж ахуйн нэгжтэй Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан 12.0 мянган тонн улаанбуудайн үр нийлүүлэх гэрээ байгуулж хэрэгжилтийг зохион байгуулж байгаа.

Өнөөдрийн байдлаар ОХУ-аас 900 тонн улаанбуудайн үрийг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Хөтөл салбарт хүлээн аваад байгаагийн зэрэгцээ 3380 тонн үр замд яваа мэдээлэлтэй байна. Түүнчлэн тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд арвайны үр 500 тонн, хошуу будааны үр 650 тонныг тус тус импортоор авсан.

10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээс 100 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гарсан.

Мөн Бүгд найрамдах Польш Улсын Засгийн 10.2 сая еврогийн санхүүжилтээр “Хүнсний ногооны үйлдвэрлэлд нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийг эхлүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд 8.5 мянган тоннын багтаамжтай төмс, хүнсний ногооны агуулах байгуулах, 50-80 морины хүчтэй трактор 100 ширхэг, ногооны үрлэгч, хураагч комбайн, копатель, хөрс боловсруулах техник, ургамал хамгааллын бодис цацах тоног төхөөрөмж зэрэг нийтдээ 600 гаруй төрлийн техник тоног төхөөрөмжийг нийлүүлнэ.

Бүгд найрамдах Хятад ард улсын хөнгөлттэй зээлээр хэрэгжиж буй “ХАА-н бүтээгдэхүүнийг дэмжих” төслийн хүрээнд үр тариа, тэжээлийн таримал тариалагчдад 54-125 га талбайг услах хүчин чадал бүхий том оврын бороожуулагчийг, төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгч нарт 1 га талбайг услах хүчин чадал бүхий бага оврын 78 ширхэг бороожуулагчийг, жимс, жимсгэнийн тариалан эрхлэгчдэд 1-3 га талбайг услах хүчин чадал бүхий 90 ширхэг дуслын усалгааны системийг тус тус 50 хувийн хөнгөлөлттэй үнээр 6 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй зээлээр олгох ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд үүний үр дүнд нь усалгаатай талбайн хэмжээ 1500 га-аар нэмэгдэх юм.

Улсын төсвийн 300.0 сая төгрөгийн санхүүжилтээр 32 м2 талбай бүхий 83 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмж, 4 төрлийн хүлэмжийн таримлын үр 110 кг-ыг тус тус нийлүүлж, өрхийн тариалан эрхлэх иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй нөхцлөөр олгосноор хүлэмжийн тариалалтыг 75 га талбайгаар нэмэгдүүлэн, төв суурин газрын иргэдийн хүнсний ногооны хангамжийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Тариалангийн бүсээс уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг тодорхой үе шаттайгаар гаргах, аймгуудад тэжээлийн таримлын тариалалтыг нэмэгдүүлэх асуудлыг орон нутгийн төр захиргааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ.


Эх сурвалж: ХХААХҮЯам

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гуравдугаар сарын цаг агаарын төлөв

Цаг уурын байгууллагаас гуравдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна. Энэ сард агаарын дундаж температур нутгийн баруун өмнөд хэсгээр буюу Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд хагас, Увс, Завханы баруун өмнөд хэсэг болон Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Цаг агаарын муудалтын (хүйтрэлт) үеүдийг авч үзвэл нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 5-10°С-аар хүйтэрнэ.

Харин хур тунадасны хувьд нутгийн өмнөд хэсгээр буюу Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн өмнөд хэсэг, Дорноговийн өмнөд захын сумдын нутгаар олон жилийн дунджаас бага байх бол Хэнтийн хойд хэсэг, Дорнодын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орно.

Мөн нэг болон хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр баруун, төв, зүүн зүгийн нутгаар цас орж, салхины хурд зарим газраар 15-18 м/с, байна.

Хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд үеэр баруун болон говь талын нутгаар зарим үед 18-24 м/с хүртэл ширүүсч, шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Баян–Өлгий, Ховд, Говь–Алтайн нутаг, Увс, Завхан, Өвөрхангайн баруун өмнөд хэсэг болон Баянхонгорын өмнөд хагаст олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Говь–Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэг, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 3-8°С-аар хүйтэрнэ. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхэн болон гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурна.

Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3-8°С-аар хүйтэрнэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арв хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй. Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар 15-18 м/с, зарим үед түр зуур 20 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Харин хур тунадас Хэнтийн хойд хагас, Дорнодын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 5-10°С-аар хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 12–18 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Өмнөговийн өмнөд хагас, Дорноговийн өмнөд захын сумдаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хоёр болон гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 5-10°С-аар хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар 18-20 м/с, зарим үед түр зуур 24-28 м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Эх сурвалж: Цаг уур орчны шинжилгээний газар

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Хилийн боомтуудад эрсдэлийн үнэлгээ хийж, хилээ нээх бэлтгэл ажлыг хангаж байна

Монгол Улсын Засгийн газраас тавдугаар сарын 1-нээс хилээ нээх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд Шадар сайд С.Амарсайхан хилийн боомтуудад КОВИД-19 халдварт цар тахлын халдвар хамгааллын дэглэм, аюулгүй байдал алдагдаж болзошгүй эрсдэлийн үнэлгээ хийх үүрэг өгсөн. Энэ дагуу Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, бригадын генерал С.Баатаржаваар ахлуулсан ажлын хэсэг энэ оны хоёрдугаар сард ажиллаж, гурван чиглэлээр яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулсан байна.

КОВИД-19 халдварт цар тахлын үед хилийн боомтууд хэрхэн зохицож ажиллах талаар дадлага сургуулилт зохион байгуулах, эрдслийг даван туулах аргачлалуудыг тодорхойлж ажиллахаар ажлын хэсэг бэлтгэл ажлыг хийж байна.

НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас боловсруулсан цар тахлын эрсдлийн үнэлгээг Буянт-Ухаа боомт, Чингис хаан онгоцны буудал, Замын-Үүд, Алтанбулаг боомтуудад хийсэн бөгөөд богино, дунд, урт хугацааны зорилт дэвшүүлэн төлөвлөж ажиллах талаар ажлын хэсэг танилцуулав.

Хилийн боомтуудыг нээж, үйл ажиллагааг эрчимжүүлэх, байнгын ажиллагаатай болгох бодлого баримталж байгаагаа Шадар сайд илэрхийлэв. Энэ хүрээнд аюулгүй байдлыг сайтар хангаж, ариутгал халдваргүйжүүлэлтэд онцгой анхаарах чиглэлийг төлөвлөгөөнд тусгахыг анхааруулав гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд шинжилгээ авч байгаа цэгүүдийн ажиллах цагийн хуваарь

Нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээний цэгүүдийн байршил болон ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.

Шинжилгээний цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Та шинжилгээ өгөхдөө иргэний үнэмлэхээ авч очих шаардлагатай.

Шинжилгээ үнэгүй хийгдэх бөгөөд 1800-1200 тусгай дугаар 24 цагийн турш иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч байна.

Categories
мэдээ соёл-урлаг

УДЭТ-ын жүжигчин О.Гэрэлсүх “Алтан гадас” одонгоор шагнууллаа

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан О.Гэрэлсүх өнөөдөр Төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнууллаа.

33 дахь жилдээ соёл урлагийн салбарт зүтгэж буй жүжигчин О.Гэрэлсүх Монголын хүүхдийн ордны драмын дугуйлангаас жүжигчин болох гараагаа эхэлж, С.Жаргалсайханы “Хаан түүх” жүжиг, У.Шекспирийн “Ромео Жульетта”, О.Нилийн “Тамын дурлал” болон “Энхтуул” хошин жүжиг, Дариа Фогийн “Чөлөөт хос” жүжиг, Э.Оюуны “Би эндээс явахгүй” жүжиг зэрэг 20 гаруй тайзны бүтээлийн гол ба туслах дүр, “Замын хүн” жүжгийн найруулагчаар ажиллаж, “Ларьдма”, “ТюТю”, “Амьдралын нахиа”, “Модон могой” уран сайхны кино, “Мамма Миа” музыкл кино гэх мэт 40 гаран дэлгэцийн уран бүтээлийн гол ба туслах дүр бүтээсэн.

УДЭТ-ын жүжигчин О.Гэрэлсүх Алтан гадас одонгоор шагнагдлаа – Өглөө.мн

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга 100 насны төрсөн өдөр нь тохиож буй ахмад зүтгэлтэн Ж.Цэрэн гуайд хүндэтгэл үзүүллээ

Улс төрийн ууган хүчин Монгол Ардын намын 100 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар өнөөдөр 100 насны төрсөн өдөр нь тохиож буй өндөр настан, МАН-ын ахмад зүтгэлтэн Жүгдэрийн Цэрэн гуайд баяр хүргэж, МАН-ын 100 жилийн ойн медиалаар шагналаа.

Тэрбээр “1921 оны Ардын хувьсгал бол өнөөгийн Монгол улсын суурийг бий болгосон. Тэр үеийн манай ахмадуудын эрэмгий зориг, эрч хүч, ухаан өнөөгийн нийгмийг бидэнд үлдээж өгсөн. Нийслэлийн МАН-ын даргын хувиар намын ахмад зүтгэлтэн Ж.Цэрэн гуай танд төрсөн өдрийн баярын мэнд хүргэж, эрүүл энхийг хүсье. Мөн Монгол Ардын намын 100 жилийн ойн баярын мэнд хүргэе” гэлээ.

Өндөр настан Ж.Цэрэн нь 1921 оны гуравдугаар сарын 1-нд Булган аймгийн Тэшиг суманд төрсөн. Түүний аав Жүгдэр нь Булган аймгийн Түшиг сумын анхны нэгдлийн даргаар ажиллаж байжээ. Ж.Цэрэн гуай “МАН-ын 100 жилийн ойн баярын мэндийг намын бүх гишүүндээ хүргэе” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн төрийн байгууллагууд мэдээллийн технологийн дэвшилтэт системүүдийг ашиглаж байна

Нийслэл бүх нийтийн хэсэгчилсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоон коронавируст /Ковид-19/ халдварт өвчинтэй тэмцэх, халдварын эрсдэлийг бууруулах хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор “Нэг хаалга-Нэг шинжилгээ” тандалт илрүүлэлтийн ажлыг зохион байгуулсан.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн тандалт илрүүлгийн арга хэмжээний үед УОК, НОК, төрийн байгууллагууд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь шуурхай шийдвэрлэх, хяналт тавих, төлөвлөлт, орон зайн дүн шинжилгээ хийх, үүссэн нөхцөл байдалд уялдуулан шуурхай, оновчтой шийдвэр гаргах, бодит цаг хугацааны мэдээллээр хангах үүднээс ЭМЯ, НЗДТГ, НМТГ зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагуудын зүгээс үйл ажиллагаандаа олон улсын жишигт нийцсэн мэдээллийн технологийн дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлэн ашиглалаа. Тухайлбал:

  • Нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн санд суурилсан “Орон зайн дүн шинжилгээний систем”. Уг систем нь “Ковид-19” халдварын тархалт, инфографик, дүн шинжилгээ, үйл ажиллагааны хяналт, төлөвлөлт, дүүргүүдийн үйл ажиллагааны хяналт, хүнсний нөөцийн мэдээлэл гэсэн хэсгээс бүрдэнэ. НОК-ын Шуурхай штабын дэргэд Орон зай дүн шинжилгээний баг байгуулагдан “Орон зайн дүн шинжилгээний систем”-ээр Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, УОК, НОК, ЭМЯ, Халдварт өвчин судлалын үндэсний төв, есөн дүүргийн онцгой комисс, эрүүл мэндийн нэгдсэн төвүүдийн алба хаагчид, удирдлагуудыг нэгдсэн удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалт, халдварын тархалт, орон зайн дүн шинжилгээ, дүүрэг, хороодын үйл ажиллагааны төлөвлөлтийг энэхүү системийг ашиглан ханган ажиллалаа.

  • Нийслэлийн лавлагаа мэдээллийн төв “1800-1200 тусгай дугаарбуюу Call center. УОК, НОК-оос гарсан шийдвэрүүдийг иргэдэд үнэн зөв хүргэх, иргэдээс ирсэн санал хүсэлтийг холбогдох байгууллагуудад дамжуулан шийдвэрлүүлэх үүрэгтэйгээр НОК-ын Шуурхай штаб, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд “Засаг дарга сонсож байна” 1800-1200 тусгай дугаарыг 20 мэдээллийн ажилтан 24 цагийн турш иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэн, шаардлагатай мэдээллээр хангаж ажиллав. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн тандалт илрүүлгийн хугацаанд “1800-1200 тусгай дугаар” өндөр ачаалалтай ажиллаж, 11596 удаагийн дуудлага, санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн ажиллав.

  • НЗДТГ-ын албан ёсны ulaanbaatar.mn цахим хуудас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны автомат хариулагч “Чатбот”. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс НЗДТГ-ын албан ёсны www.ulaanbaatar.mn цахим хуудас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны автомат хариулагч Чатботоор дамжуулан 24 цагийн турш УОК, НОК-оос гаргасан тогтоол, шийдвэрийн талаар цаг үеийн мэдээ мэдээллийг иргэдэд үнэн зөв, түргэн шуурхай, хялбар хүргэх технологийн боломжийг ашиглаж байна. Дээрх хугацаанд НЗДТГ-ын албан ёсны фэйсбүүк хуудас болох “Нийслэлийн мэдээ” пэйжийн чатбот үйлчилгээнд 710 иргэн холбогдож мэдээлэл авсан бол тэдгээрээс 393 иргэнтэй чатбот оператор холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл, зааварчилгаа хүргэсэн байна.

  • “Нэг хаалга – Нэг шинжилгээ” тандалт илрүүлэлтийн хүрээнд шинжилгээнд хамрагдсан иргэд, өрхийг бүртгэх “Хүн амын өрхийн мэдээллийн систем”. Энэхүү систем нь “Хүн ам, өрхийн мэдээллийн систем”-ийн баазад суурилан шинээр хөгжүүлсэн систем бөгөөд ЭМЯ-ны https://eruul.gerege.mn системээс шинжилгээнд хамрагдсан иргэдийн мэдээллийг дамжуулах сервис солилцох холболт хийгдсэн. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн тандалт илрүүлгийн хугацаанд 336.842 өрхийг төлөөлөн 583.916 иргэн шинжилгээнд хамрагдлаа.

  • ЭМЯ-ны https://covid19.gerege.mn, https://eruul.gerege.mn систем. УОК, НОК-оос “Нэг хаалга-Нэг шинжилгээ” тандалт илрүүлэлтийн шинжилгээг зохион байгуулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын зургаан дүүрэг дэх шинжилгээ авах 134 блокыг орон зайн мэдээллийн системд бүртгэх, блокын дагуу хийгдсэн шинжилгээний мэдээллийг ЭМЯ-ны https://covid19.gerege.mn системд Real time харуулах, тандалт илрүүлгийн шинжилгээний явц, шинжилгээний хариуг иргэдэд нээлттэй хүргэлээ.

  • Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын Дотоод удирдлагын “UB ERP” системийн шинжилгээнд хамрагдсан төрийн албан хаагчдын бүртгэлийн модуль. “UB ERP” системд “Ковид-19”-ийн шинжилгээнд хамрагдсан нийслэлийн төрийн байгууллагуудын албан хаагчдын мэдээлэл болон хамт амьдардаг гэр бүлийн гишүүдийг бүртгэх модулийг хөгжүүлэн, https://eruul.gerege.mn болон ХУР системтэй интеграци хийж, нийслэлийн харьяа 1204 байгууллагын хэрэглээнд нэвтрүүлсэн. Тус модуль 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 1204 байгууллагын 16,845 төрийн албан хаагчил шинжилгээний бүртгэл хийгдээд байна.

  • Сорьц тээвэрлэх тээврийн хэрэгсэлд GPS төхөөрөмж суурилуулж, хянах. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд сорьц тээвэрлэх 66 тээврийн хэрэгсэлд GPS төхөөрөмж суурилуулж, хяналт тавин ажиллалаа. Эдгээр тээврийн хэрэгслүүд шинжилгээ авч байгаа хөдөлгөөнт болон суурин цэгүүдээс сорьцыг хүлээн авч ХӨСҮТ болон дүүргүүдийн лабораториудад хүргэж өгөх үүрэгтэй ажиллав.

  • Шинжилгээний явуулын автобусны маршрутыг хянах. Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 1-р авто баазын явуулын шинжилгээ авах 50 автобусны үйл ажиллагаа болон маршрутыг теле хяналтын камер болон GPS систем ашиглан хяналт хийв.

НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

DNN-Тодруулга: Нийслэлээс орон нутагт ирсэн иргэн гэр бүлийнхээ хамт 7 хоног гэртээ тусгаарлагдана

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээсэн. Нийслэлээс орон нутгийг зорих иргэдийг хэрхэн тусгаарлах талаар аймгуудын Онцгой комиссоос тодрууллаа.

Сэлэнгэ аймгийн Онцгой комисс:

-Хотоос ирэх иргэдийг 7 хоног гэрт нь тусгаарлаж, санамж өгнө. Төлбөр төлж гадуур тусгаарлагдахгүй гэсэн үг. Яаралтай ажлаар ирсэн хүн байвал тусгаарлагдахгүйгээр 72 цаг дотроо буцаад гарч болно. УОК-ийн даргын шийдвэрээр гуравдугаар сарын 01-нээс орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотойгоор заавал Засгийн газрын 194 дүгээр тогтоолоор биш, зорчих хүсэлтэй иргэдийг хүлээж авна гэсэн шийдвэрийн дагуу бэлтгэлээ ханган ажиллаж байна.

Өмнө нь 194 дүгээр тогтоолоор шаардлагатай хүнс, эм малын тэжээл, тээвэрлэлт болон албан томилолт зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд нийслэлд хүсэлтээ гаргаж, манайх руу албан бичиг ирүүлсний үндсэн дээр зорчуулж байсан. Одоо бол зорчих хүсэлтэй иргэд шинжилгээнийхээ бичгээр л нэвтрэх боломжтой.

Манай аймгийн хувьд шалган нэвтрүүлэх гурван пост гаргаж, сум хооронд зорчих хөдөлгөөнийг хянана. Мөн орж гарсан иргэдийг бүртгэлжүүлж, байнгын хяналт шалгалтыг хийгээд явна. Нийслэлээс хичнээн тооны иргэд ирэх албан ёсны тоо ирээгүй байгаа ч иргэд PCR шинжилгээндээ хамрагдсан, 72 цагийн хүчинтэй байх шаардлагатайг мэдэж байгаа байх.

Булган аймгийн Онцгой комисс:

-Шадар сайдын аравдугаар тушаалын дагуу гэрт нь, гэр бүлээр нь 7 хоног тусгаарлана гэсэн журам байгаа. Түүний дагуу нийслэлээс ирж буй иргэдийг 7 хоног гэрт нь тусгаарлахаар зохицуулсан. Хотоос ирсэн л бол заавал 7 хоног тусгаарлагдана. 72 цаг дотроо буцаж гарна гэсэн зүйл байхгүй гэсэн үг.

Тэгэхээр 7 хоногийн хугацаанд гэр бүлийнхэн ч бас гадуур гарахгүй тусгаарлалтыг дагаж мөрдөнө.

Манай аймагт одоогоор гэрийн тусгаарлалтыг дэглэмийг зөрчсөн асуудал гараагүй. Нэг талаас иргэдийн ухамсар, хариуцлагын тухай асуудал учир дэглэмээ дагаж мөрдөхийг хүсч байна.

Архангай аймгийн Онцгой комисс:

-Архангай аймгийн хувьд УОК-оос гаргасан чиглэлийн дагуу нийслэлээс ирэх иргэдийг 7 хоног гэрт нь тусгаарлана. Гэрт нь тусгаарлаж байгаа учраас ар гэрийнхэн нь ч бас тусгаарлалтын дүрмийг мөрдөнө. Шинжилгээний хүчинтэй хугацаа дууссан бол аймаг руу нэвтрүүлэхгүй.

Ховд аймгийн Онцгой комисс:

-Ховд аймгийн хувьд халдвар бүртгэгдээгүй ногоон бүс байгаа. Улаанбаатар хотоос ирэх иргэдийг бусад аймгуудтай адилхан гэрт нь 7 хоног тусгаарлана. Дэглэмийг сахиж буй эсэхийг Шуурхай штабаас тогтмол хяналт тавьж ажиллана. Хэрэв тухайн иргэн ирээд яаралтай буцаад гарах хүсэлтэй байгаа бол ямар шалтгаанаар вэ гэдгийг харгалзан үзэж шийднэ.

Орон нутаг руу зорчих хөдөлгөөнтэй холбоотой иргэдээс ирж буй түгээмэл асуултын хариултууд:

1. Хөдөө орон нутаг руу зорчиж байгаа иргэд замд 72 цаг нь дуусвал яах вэ?

-Хөдөө орон нутаг руу зорчиж буй иргэд зорчихоос өмнө ПСР шинжилгээ өгөөд хөдөлгөөнөө эхлүүлнэ. Хоол хүнсээ өөрсдөө авч яваа учир замдаа зогсохгүй, иргэдтэй харилцаа үүсгэхгүй тул шинжилгээний хариу нь очсон газраа 72 цаг өнгөрсний дараа ч хүчинтэй байна./ УБ-т эргэж ирэх тул /

2. Очоод тусгаарлагдах уу?

– Тухайн орон нутгийн байнгын оршин суугч УБ-аас очсон тохиолдолд гэрээр 7 хоног тусгаарлагдана. Мөн орон нутагт суурин ажилладаг хүн очсон үед мөн адил 7 хоног гэрээр тусгаарлагдана гэж журамд туссан. Учир нь нууц үеийн хугацааг тооцсон.

3. Орон нутаг руу зорчиж байгаа гэр бүлийн бүгд шижилгээ өгсөн байх шаардалгатай юу, эсвэл нэг гишүүн нь өгсөн байхад болох уу?

-Хамт яваа гэр бүлийн гишүүдийн аль нэг нь ПСР-ын шинжилгээ өгсөн тохиолдолд бусад гэр бүлийн гишүүдээс шинжилгээ шаардахгүй. Харин тухайн гэр бүлд хамааралгүй зорчигч хамт яваа бол тус тусдаа шинжилгээг өгөхийг шаардана.

4. ПСР шинжилгээ үнэтэй юу?

-Үнэгүй хийгдэж байгаа.

5. ПСР шинжилгээ өгсөн өдрөөс 72 цагийг тооцох уу. Хариу гарсан цагаас тоолох уу?

-Шинжилгээний хариу гарсан өдөр ,цагаас 72 цаг гэдэг хугацааг тооцно.

6. Галт тэргээр зорчиход ямар журам үйлчлэх вэ?

-Галт тэргээр явах зорчигч бусад тээврийн хэрэгслээр зорчигчийн нэг адил ПСР-ийн шинжилгээгээ өгч зорчино. Өнөөдрөөс онгоц гуравдугаар сарын 03-наас нийтийн тээвэр орон нутагт явахад бэлэн болж байна.

Ч.Биндэръяа

Categories
мэдээ нийгэм

Монголын Үндэсний музейгээр 0-16 насны хүүхдүүд үйлчлүүлэхгүй

Монголын Үндэсний музей өвлийн цагийн хуваарийн дагуу халдвар хамгааллын дэглэмээ баримтлан олон нийтэд үйлчилж эхлэхээр болжээ.

Монголын Үндэсний музей даваа гаригаас бусад өдөр 09.00-18.00 цагийн хооронд ажиллаж буй.

Нэг үзэгчид ногдох талбай нь 4м.кв байх бөгөөд амны хаалт зүүж, хүн хоорондын зайг баримтлан үйлчлүүлэхийг иргэдэд зөвлөсөн байна. Мөн 0-16 насны хүүхдийг соёл, урлагийн арга хэмжээнд оролцуулахгүй, үйлчлүүлэхийг хориглосон байгаа тул дээрх насны хүүхдүүд музей үзэх боломжгүй болж байгаа аж.