Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Ардчилсан Монгол Улсын иргэн хязгааргүй баяжих эрхтэй​” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Шүүхэд итгэх иргэдийн итгэл унаж буйн жинхэнэ хохирогч нь шүүгчид биш, олон нийт” хэмээн I-II, IV нүүрт өгүүллээ.

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан Н.Алгаа “Оюу толгой дээр үр дүнтэй хэлцэл, тохироо хийж чадсан Ерөнхий сайдууд гэвэл би хувьдаа Сү.Батболд, Ч.Сайханбилэгийг онцолно” хэмээснийг I- XI нүүрээс уншаарай.

МУБИС-ийн багш , Улс төр судлаач, доктор Э.Гэрэлт-Од “Монгол Улсын хөгжлийн алдаа, оноо гэж байгаа бол тэр болгон нь МАН-тай шууд холбоотой” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт “Ардчилсан Монгол Улсын иргэн хязгааргүй баяжих эрхтэй” хэмээн өгүүллээ.

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Хятад судлалын салбарын эрхлэгч, докторД.Шүрхүү “Урьд нь бид байгаль түүхийн шалгарлаар хүчирхэг явсан, одоо боловсрол, шинжлэх ухааныг түшиглэх ганцхан сонголт бий” гэлээ.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт Монголын сэтгэл зүй, сэтгэц хэмжилзүйн хүрээлэнгийн сэтгэл зүйч П.Мягмаржаргал “Манай улс малдаа анхаарал хандуулдаг хэрнээ малчнаа орхигдуулдаг олон жишээ бий” хэмээв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Утасгүй интернэтийн сүлжээ үүсгэх хиймэл дагуулын холболтын төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас RFQ-2.6.3 утасгүй интернэт сүлжээ үүсгэх хиймэл дагуулын холболтын төхөөрөмжийг, жил үнэ төлбөргүй ашиглах интернэтийн үйлчилгээний хамт Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.

Энэхүү төхөөрөмж нь хиймэл дагуулын холбооны KU давтамжийн зурваст ажилладаг. Алслагдсан, сүлжээгүй газарт үүссэн томоохон хэмжээний гамшиг, аюулт үзэгдэл, ослын голомтоос нөхцөл байдлын мэдээ, мэдээллийг өндөр хурдны интернэт хандалтаар дуу, дүрс бичлэг, файл хэлбэрээр шуурхай, найдвартай дамжуулах, солилцоход зөөврийн байдлаар ашиглаж болно. Цаашлаад нэмэлт төхөөрөмжүүдийн тусламжтай 3G/4G сүлжээ үүсгэх боломжтой юм.

Эдгээр багц тоног төхөөрөмжийн сансрын холбооны антен нь бүрэн автомат буюу хүний оролцоогүйгээр хиймэл дагуулын сүлжээнд холбогдох боломжтойгоос гадна овор хэмжээ бага, угсарч суурилуулахад ямар нэгэн багаж, хэрэгсэл шаардлагагүй гэдгээрээ онцлог.

Тус төхөөрөмжийг Дэлхийн банкны “Ухаалаг Засаг” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй RFQ-2.6.3 утасгүй интернэт сүлжээ үүсгэх хиймэл дагуулын холболтын төхөөрөмж нийлүүлэх төслийн хүрээнд санхүүжүүлсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Мьянмарт Монгол улсын 14 иргэн оршин сууж байна

Postmedia.mn - МЬЯНМАРТ ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАСАНТАЙ ХОЛБОГДУУЛЖ ГАДААД  ХАРИЛЦААНЫ ЯАМНААС МЭДЭГДЭЛ ГАРГАВ

Мьянмарын цэргийн удирдагчид төрийн эргэлт хийснээс хойш эсэргүүцлийн жагсаал хэдэн долоо хоногийн турш үргэлжилж байгаа билээ. Өнгөрсөн амралтын өдөр болсон жагсаалын үеэр гэхэд л 18 хүн нас барж, 30 гаруй хүн гэмтэж шархадсан байна.

Өнөөдрийн байдлаар 14 хүн Тайланд дахь Элчин сайдын яаманд бүртгүүлжээ. Тэднээс 6 нь эх орондоо буцах хүсэлт гаргасан байна. Мьянмарт Монголын Элчин сайдын яам байхгүй тул Тайланд дахь Элчин сайдын яамаар дамжуулан эх орондоо буцах хүсэлтийг бүртгэж байгаа аж.

Эх орондоо буцах хүсэлтэй гэр бүлийг тусгай үүргийн нислэгээр дамжуулан татан авахад анхаарч байгаа ч тус улс руу чиглэсэн нислэгүүд цуцлагдаад байгааг Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг тайлбарлалаа.

Тус улсад олон улсын байгууллагын чиглэлээр ажилладаг, мөн гадаадын иргэдтэй гэр бүл болсон Монгол улсын иргэд амьдардаг ба одоогоор тэд гэрээсээ ажиллах дэглэм мөрдөж байгаа аж. Яаралтай буцах нэг гэр бүл хүсэлтээ илэрхийлсэн тул шийдвэрлэхээр ажиллаж байна. Цаашид нөхцөл байдлаас шалтгаалан иргэдээ яах вэ гэдгийг тодорхой болгоно гэж Гадаад харилцааны яамнаас мэдэгдлээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

”Tom & Jerry”-ийн шинэчилсэн хувилбар “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлэв

Алдарт “Tom & Jerry” хүүхэлдэйн киноны шинэчилсэн хувилбар Хойд Америкийн “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүллээ.

Өөрөөр хэлбэл нээлтээ хийсэн даруйдаа буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд 13 сая ам.долларын орлого олжээ. Дэлхий даяар 33.1 сая ам.долларын орлоготой байсныг “Comscore” мэдээллээ. Ингэснээр цар тахал дэгдсэнээс хойших нээлтээ хийсэн кинонуудаас орлогоороо хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна.

“Wonder Women 1984″ кино энэ үзүүлэлтээр тэргүүлж байгаа юм.

Эх сурвалж: Bloomberg TV

Categories
мэдээ нийгэм

“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК их хэмжээний тунгаагуурын усыг Туул гол руу асгажээ

“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК үнсэн сангийн тунгаагуурын усыг Туул голд асгасан хэргийг мэргэжлийн хяналтын байгууллагынхан хоёрдугаар сарын 17-18-ны өдрүүдэд газар дээр нь ажиллаж илрүүлжээ.

“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК Усны тухай хуулийг ноцтойгоор зөрчиж, Туул голын сав газар руу аваарын шугам хоолой татаж, их хэмжээний тунгаагдсан усыг зөвшөөрөлгүйгээр нийлүүлсэн үйлдэлд нь Зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа аж.

“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн хууль бус үйлдлийн нөхцөл байдлыг судлан үзэхэд тунгаагдсан усны санд хуримтлагдсан усыг хуучин болон шинэ үнсэн сан руу богино эргэлтийн шугамаар зайлуулах боломжтой байхад станцын холбогдох албан тушаалтнууд уг асуудалд хариуцлагагүй хандаж, боломжит ажлуудыг хийж гүйцэтгээгүй, ажил үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн нь тогтоогджээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Үндэсний Номын сангийн 100 жилийн ой энэ жил болно

Үндэсний Номын сангийн 100 жилийн ой энэ жил болно.

1921 оны 11 сард Судар бичгийн хүрээлэнг байгуулж, анхны Номын санг тус хүрээлэнгийн дэргэд байгуулахад Хүрээлэнгийн захирал С.Жамьян, хичээнгүй сайд Б.Цэрэндорж, профессор Ж.Цэвээн, түүхч манжич Ч.Бат-Очир нар хувийнхаа номын сангаас хувь нийлүүлсэн, бүгд 2,000 номтой болжээ.

Номын сан 1924 оны эцэст 30 мянган лан мөнгөний үнэ бүхий 5,000 шахам боть номтой болжээ. Номын санг бүрдүүлэхэд тус орны ард иргэд, ялангуяа Чингисийн Алтан ургийн зарим ноёд / түшээт ханы Пунцагцэрэн, Сайн ноён ханы Далайчонхор/ болон сэхээтнүүд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Богд хааныг таалал төгссөний дараа хааны ордны номын санд хадгалагдаж байсан монгол, төвд, манж, хятад зэрэг хэл дээрх олон мянган ном, судар тус номын санд шилжин иржээ.

1940 онд Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн удирдлагын зөвлөгөөн дээр номын сангийн дүрмийг баталж тус номын санг “Улс нийтийн номын сан” гэж нэрлэж байх, түүний орон тоо, төсөв зардлыг нэмэгдүүлжээ. Улсын ард аж ахуй, соёлыг хөгжүүлэх анхдугаар таван жилийн /1948-1953 он/ эхний ажилд улсын төв номын сангийн 3 давхар барилгад 4 сая 560 мянган төгрөгийн төсвийг баталж дараа дараагийн жилд мөн төсөвт тусгагдаж, улмаар 1951 онд одоогийн 3 давхар барилга ашиглалтад орсон түүхтэй.

2008 оноос Монгол Улсын Үндэсний Номын Сан гэж нэрлэгдэх болжээ.

Эх сурвалж: Соёлын яам

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Өмнөговь аймаг: Олон улсын жишигт нийцсэн молекул биологийн иж бүрэн лабораторитой боллоо

Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд иж бүрэн, олон улсын жишигт нийцэхүйц молекул биологийн лабораторийг байгууллаа.

Эрүүл мэндийн яам, RIO TINTO, Оюутолгой ХХК, НҮБ-ын Хүн амын сан, аймгийн Засаг дарга түүний Тамгын газрын хамтын ажиллагааны үр дүнд энэхүү лабораторийг байгуулсан ба “Ковид-19” цар тахлын PCR шинжилгээг хийнэ.

Мөн томуу, томуу төст өвчнийг түргэн шуурхай оношлох шинжлэх боломж бүрдэж байгаа юм. Эмч, эмнэлгийн ажиллах хүний нөөцийг Улаанбаатарт Халдварт өвчин судлалын үндэсний төвд сургаж бэлтгэсэн бол лабораторийн байрыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүрэн засварлаж, дээр дурдсан талуудын хамтын ажиллагааны хүрээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангажээ.

Вируслогийн иж бүрэн лабораторитой болсноор өмнөговьчуудад төдийгүй нийт ард иргэдэд үр өгөөжөө өгөх, аливаа өвчин халдварыг эрт илрүүлэх ач холбогдол бүхий арга хэмжээ болж буйг эмч ажилчид онцолж байна.

Categories
гадаад мэдээ

Энэтхэгийн Ерөнхий сайд COVAXIN вакцины эхний тунг тариулжээ


Өнөөдөр Энэтхэг улс хүн амынхаа вакцинжуулалтын хөтөлбөрт 45-аас дээш насны архаг хууч өвчтэй хүмүүсийг хамруулж байгаа аж.

Эхний шатанд нь тус улс 12 сая гаруй эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаа хамруулсан юм. Хоёрдугаар шатны вакцинжуулалтыг Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди өөрийн биеэр эхлүүлжээ.

Тэрбээр өнөөдөр өглөө өөрийн улсын эрдэмтдийн бүтээсэн COVAXIN вакцины эхний тунг тариулсан байна.

Эхний шатанд тус улсын Bharat Biotech компанийн COVAXIN вакциныг зөвхөн ашиглаж байсан бол хоёрдугаар шатнаас AstraZeneca вакциныг нэмж, иргэдийн сонголтоор тарьж эхэлжээ. Эх орны үйдвэрийн COVAXIN вакциныг сүүлчийн шатны туршилтын үр дүнг хүлээлгүй ашиглаж эхэлсэн учраас эмнэлгийн ажилтнуудын хамрагдах үйл явц нэлээд удаашралтай байв.

Хоёрдугаар шатны вакцинжуулалтын эхний тоон мэдээллээс харвал хүмүүсийн ердөө 11 хувь COVAXIN-ийг сонгосон байна. Энэтхэг улсад коронавирусийн халдварын 11 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн нь дэлхийд зөвхөн АНУ-ын дараа орох үзүүлэлт юм. Цар тахал эхэлсэн цагаас хойш тус улсад 157,000 гаруй хүн Covid-19 өвчний хүндрэлээр нас барсан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өндөр өртөгтэй хагалгааг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцдаг боллоо

2020 оны наймдугаар сард Эрүүл мэндийн хуулиудад өөрчлөлт орсон билээ.

Уг өөрчлөлтийн зүйл заалтууд 2021 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2021оны нэгдүгээр сарын 21 өдрийн гуравдугаар тогтоолоор “Тусламж үйлчилгээний санхүүжилтийн шинэчилсэн жагсаалт, журам” батлагдаж Хууль зүйн яаманд бүртгэгдэн хэрэгжиж эхэлж байна.

Дээрх тогтоол хэрэгжиж эхэлсэнээр эрүүл мэндийн салбарт хэд хэдэн шинэчлэл эхэлж буй бөгөөд иргэд эрүүл мэндийн үйлчилгээг чанартай хүртээмжтэй авах боломж нээгдэж байна. Тухайлбал өндөр өртөгтэй хагалгааны зардлыг иргэнээс гаргуулах бус Эрүүл мэндийн даатгалын сангаас шийддэг болж байна. 2021 оны 3 дугаар сарын нэгний өдрөөс өндөр өртөгтэй хагалгааны зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг тогтолцоо хэрэгжиж эхэллээ.

2021 оны 3 дугаар сарын өдөр Сонгодо эмнэлэгт 4,5 сартай нярайн зүрхний цоорхой нөхөх халагаа болов. Уг хагалгааны зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлж буй бөгөөд Тусламж үйлчилгээний санхүүжилтийн шинэчилсэн жагсаалт журамын хэрэгжилтийн үр дүн юм. Ийнхүү иргэд өндөр өртөгтэй хагалгаанд зардалгүйн улмаас амь насаа эрсдэлд оруулан хойшлуулдаг байсан бол эрүүл мэндийн салбарт хийгдэж буй шинэчлэлийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэж байна.
Хорт хавдар, харвалт, шигдээс, түлэгдэлт, төрөлхийн гажиг, төрөх, эмэгтэйчүүд, халдварт өвчин гэх мэт амь нас аврах нэн шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээг 100 хувь эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх юм.
Гадаадын оронд хийгддэг өндөр төлбөртэй хагалгааг эх орондоо даатгалаас хөнгөлүүлж хийлгэх бүрэн боломж давхар нээгдэж байгаа юм. Үүнээс гадна төр, хувийн гэж ялгахгүйгээр Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох хөнгөлөлт үйлчлэх учраас иргэн өөрийн эрүүл мэндийн төлөө хамгийн чанартай эмчилгээ, үйлчилгээг авах боломж нээгдэж байна. Иргэн бүр өөрийн эрүүл мэнддээ анхаарч эрсдэлгүй чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эх орондоо авдаг байхын төлөө хичээнгүйлэн ажиллахаа Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ үеэр онцоллоо.

Дашрамд сонирхуулахад Сонгдо эмнэлгийн захирал Б.Болдсайхан нь 2020 оны 5 сараас Зүрх мартахгүй төслийг эхлүүлсэн бөгөөд өнөөдөр 99 дэхь хүүхдэд зүрхний хагалгааг амжилтай хийсэн байна. Зүрх мартахгүй төсийн багт талархал илэрхийлж эрүүл мэндийн сайд С.Энхболд батламж гардуулан өглөө.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМДЕГ: Хорт хавдартай өвчтөн химийн эмчилгээний хамтын төлбөрийг өнөөдрөөс төлөхгүй

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний төлбөрийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЭМДЕГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Батчимэг “Хорт хавдартай хүн химийн эмчилгээний хамтын төлбөрийг 2021 оны гуравдугаар сарын 1-нээс эхэлж төлөхгүй болж байгаа юм. Хамтын төлбөрийн тухайд өвчтөний төлбөрийг иргэн, даатгал хэдийг төлөх вэ гэдэг нь журам дээр шинэчлэн оруулсан. Нөгөөтэйгүүр төр шимтгэлийг нь даахаар болсон учир хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, хүүхдээ асарч байгаа болон ял эдэлж байгаа зэрэг зорилтот бүлгийнхэн ор хоногийн мөнгө төлөхгүй болсон” гэлээ.

ӨНДӨР ӨРТӨГТЭЙ ОНОШИЛГОО, ШИНЖИЛГЭЭ

Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний багц нь өндөр өртөгтэй оношилгоо, өндөр өртөгтэй шинжилгээ гэсэн 2 хэсгээс бүрдэнэ.

Өндөр өртөгтэй оношилгооны багцад MRI, компьютер томографи, дурангийн оношилгоо, ажилбар, судсан дотуур хийгдэх оношилгооны ажилбар, судасны бус ажилбар, цөмийн оношилгоо, зүрхний эхо, холтер зүрхний бичлэг, электромиографи зэрэг оношилгоонууд орсон.

Өндөр өртөгтэй шинжилгээний багцад хамаарах шинжилгээний жагсаалтыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар батлах бөгөөд Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх нэмэлт болон төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрийн жишиг хэмжээ”-г баримтлан эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.

Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний багцын зардлын бүрэлдэхүүнд эмчийн дүгнэлт, тухайн оношилгоо, шинжилгэээг хийхэд шаардлагатай урвалж, бодис, лабораторийн зардал болон холбогдох шууд болон шууд бус зардал хамаарна.

Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээг тухайн оношийн хүрээнд хийгдэх ерөнхий оношилгоо, шинжилгээгээр онош нь тодрох боломжгүй, нарийн оношилгоо хийлгэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд зөвхөн эмчийн заалтаар хийх зохицуулалттай..

Зайлшгүй тохиолдолд эмчийн заалтаар MRI болон КТ оношилгоог тодосгогч бодис ашиглан хийж болох бөгөд тодосгогч бодисын нийт төлбөрийн хэмжээ нь 150 000 төгрөг, үүнээс 70 хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас, 30 хувийг иргэн тус тус хариуцан төлнө.

Эмчийн заалтаар хийсэн өндөр өртөг бүхий оношилгоо, шинжилгээний тохиолдол бүрийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газар хянаж, тухайн өндөр өртөг бүхий оношилгоо, шинжилгээ тухайн даатгуулагчид зайлшгүй шаардлагатай эсэх, тодруулагч бодис ашиглах шаардлагатай эсэхийг шалгасны үндсэн дээр эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.

Тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын үйл ажиллагаагаар тухайн эрүүл мэндийн байгууллага нь иргэнд шаардлагагүй тохиолдолд өндөр өртөг бүхий оношилгоо, шинжилгээ хийсэн, эсхүл шаардлагагүй тохиолдолд тодосгогч бодис ашигласан нь тогтоогдвол уг тохиолдлын зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхгүй бөгөөд тухайн эрүүл мэндийн байгууллага нь иргэний хариуцан төлсөн төлбөрийг 100 хувь буцаан олгоно.