Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 9531 хүн вакцинжуулалтад хамрагджээ

Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдал болон вакцинжуулалтын талаарх мэдээллийг өнөөдөр хүргэлээ. ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма

“Эхний ээлжийн вакцинжуулалтад 9531 хүнийг хамруулаад байна. Гуравдугаар сарын 1-нд 1700 гаруй хүнийг хамруулаад байна. Нэг хүнд вакцин хийхэд эхлээд эмчийн үзлэг хийх, бүртгэх, вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалт хийж байгаа.

Вакцины танилцуулгад 50-60 хувьд нь хариу урвал илрэх магадлалтай гэж байгаа ч манай улсад 40 орчим хувьд нь илрээд байна. Ингэхдээ ихэнх тохиолдолд халуурах, толгой өвдөх, жихүүдэс хүрэх, тарьсан газар хөндүүрлэх шинж тэмдгүүд илэрч байгаа ба энэ нь 2-3 хоног үргэлжилж байна. Одоогийн байдлаар вакцины дараах хүндрэл илрээгүй байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 1800-1200 тусгай дугаарт 788 дуудлага иржээ

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь УОК, НОК-оос гарсан шийдвэрүүд болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагааны талаарх албан ёсны, бодит мэдээ, мэдээллийг иргэдэд хүргэж, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг холбогдох төрийн байгууллагуудад дамжуулан шуурхай шийдвэрлүүлж 24/7 цагийн хуваариар тасралтгүй ажиллаж байна.

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт хандаж 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдөр иргэдээс нийт 788 дуудлага иржээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 10 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.49 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 22 иргэн хандсанаас зургаан иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 16 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 331 буюу 42 хувийг шинжилгээний цэгийн хаяг, байршил, цагийн хуваарь, шинжилгээний цаг хэрхэн захиалах талаар, 193 буюу 24.5 хувийг хот хооронд зорчих иргэд ямар баримт бичиг бүрдүүлж, хэрхэн зорчих тухай дуудлага тус тус эзэлж байна.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас ПГУ шинжилгээний хариу 72 цагийн дотор хүчинтэй байх талаар зөвлөмж өгсөн бөгөөд хөдөө орон нутаг руу зорчиж буй иргэд зорчихоосоо өмнө шинжилгээ өгч, хөдөлгөөнөө эхлүүлнэ. Хоол хүнсээ иргэд өөрсдөө авч явах бөгөөд замдаа зогсохгүй, иргэдтэй харилцаа үүсгэхгүй тул очсон газраа 72 цаг өнгөрсөн ч шинжилгээний хариу хүчинтэй байна. Мөн хамт яваа гэр бүлийн гишүүдийн аль нэг нь ПГУ шинжилгээ өгсөн тохиолдолд гэр бүлийн бусад гишүүдээс шинжилгээ шаардахгүй. Харин тухайн гэр бүлд хамааралгүй зорчигч хамт яваа бол тус тусдаа шинжилгээ өгөхийг шаардана. Дээрх шаардлага нь аль ч төрлийн тээврийн хэрэгслээр зорчигчдод нэгэн адил хамаарна.

Эх сурвалж: Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв

Categories
гадаад мэдээ

Мьянмарт жагсагчдын эсрэг буу ашигласан байна

Мьянмарын олон хотод өнгөрсөн ням гаригт эсэргүүцлийн жагсаал болов. Хэв журам сахиулагчид жагсаалыг хүчээр тараахыг оролдсон байна. Тухайлбал, Янгон хотноо болсон жагсаалын үеэр цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулах хий, тэсрэгч бодис, буу ашигласан бөгөөд энэ үеэр 18 хүн амиа алдаж, 30 гаруй хүн шархаджээ. Харин бямба гаригт болсон жагсаалын үеэр хууль сахиулагчид 470 гаруй хүнийг саатуулсан гэх.

Зарим эх сурвалжид энэ тоо 1100д хүрсэн хэмээн мэдээлжээ. Мьянмарын армийнхан өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр төрийн эргэлт хийж, ерөнхийлөгч болон гүйцэтгэх засаглалын тэргүүн Аун Сан Су Жигийн удирдаж буй эрх баригч “Ардчиллын төлөөх лиг” намын гишүүдийг олноор нь саатуулан хорьсон. Түүнээс хойш ард иргэд нэг бус удаа жагсаж, тэднийг суллахыг шаардсаар байгаа юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон парламентын сонгуульд эрх баригч нам үнэмлэхүй ялалт байгуулсан ч цэргийнхэн тэднийг сонгууль луйвардсан гэж үзсэн юм.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Б.Мишээл: 18 нас хүрээд бейкеригээ өргөжүүлж, кофе шоптой болно

10 наснаасаа бялуу, нарийн боов хийж сурч, 17 насандаа өөрийн нэрийн дэлгүүрээ нээсэн “Номуун” дунд сургуулийн сурагч Б.Мишээлтэй ярилцлаа.

-Сайн байна уу. “Misheel’s Bakery” цахим хуудсаар нь хүмүүс мэддэг юм билээ. Уншигчдад өөрийгөө танилцуулбал?

-Сайн байцгаана уу. Намайг Батболдын Мишээл гэдэг. Одоо 17 настай. “Номуун” сургуулийн ахлах ангийн сурагч.

-Энэ чиглэлийн сонирхлоо хэзээнээс хөгжүүлж эхэлсэн бэ?

-Миний хувьд анх 10 настайгаасаа эгчийгээ хараад сонирхож эхэлсэн. Ойр зуурын аяган кекс гэх мэт амттан хийж эхлээд энэ талдаа сонирхолтой гэдгээ олж мэдсэн. Өнгөрсөн жилийн тавдугаар сараас хүмүүст анх хүргэж эхэллээ.

-Бүтээгдэхүүн хийгээд борлуулж эхлэхэд ямар байв. Хүмүүст хэрхэн таниулсан бэ?

-Борлуулалтын хувьд харин хамгийн хэцүү зүйл нь хүргэлт юм болов уу. Яагаад гэвэл энэ төрлийн бүтээгдэхүүн эмзэг байдаг учраас хурдан, шуурхай хэрэглэгчийн гарт хүргэж өгөх нь чухал юм билээ. Анх өөрийгөө эхлээд хүмүүст танилцуулах хэрэгтэй юм байна гэж бодоод групп дээр өөрийнхөө танилцуулгатай постыг оруулж байсан юм байна.

-Хүргэлтээ яаж шийдсэн бэ? Өөрөө хүргэдэг байсан гэж сонссон.

-Одоо бол хүргэлтийн компанитай хамтарч ажиллаж байгаа. Өмнө нь ааваараа хүргүүлдэг байсан. Аав, ээж хоёр маань намайг юу ч хийсэн дэмждэг. Хэрэгтэй зүйл юу байна гэж тусалж дэмждэгт нь үргэлж баярладаг.

-Хичнээн төрлийн бүтээгдэхүүн гаргадаг вэ. Танай нэрийн бүтээгдэхүүн юу вэ?

-Одоо хийж байгаа “креспи кремтэй пафф” бол миний гол бүтээгдэхүүн гэж болно. Дотроо 10 ширхэгтэй, нэг ширхэг нь 1500 төгрөг, хайрцгаараа 15’000 төгрөгөөр худалдаалдаг. Одоохондоо дан энэ төрлөөрөө дагнан захиалга авч байгаа ч цаашид илүү төрөлжүүлэх бодолтой байгаа.

-Өдөрт дунджаар хичнээн захиалга авдаг вэ. Захиалгаа хийхэд хүндрэл гарах үе бий юу?

-Өдөрт 10 хүн захиалга өглөө гэж бодоход 100 пафф хийнэ гэсэн үг. Өнөөдөр би эхний захиалгаа аваад долоон цагийн турш хийлээ. 23 цагт эхлээд өглөөний 07 цагт дууссан. Гэхдээ огт оргүй хоосон зүйлийг бий болгоод хүмүүсийн аз жаргалтай өдрийн нэг амт нь болж очихыг харах мэдрэмж дараа нь маш гоё байдаг. Хүмүүсийн халуун дулаан үгсээс урам зоригийг мөн авдаг.

-Амттаныхаа жорыг хэрхэн олдог вэ?

-Жороо Youtube-ээс болон зарим хоолны суваг Instagram хаягуудаас хардаг.

-Гал тогоо нь хаана байрладаг вэ. Одоогоор гэрээрээ хийдэг үү?

-Одоогийн нөхцөл байдалд гэрээсээ хийж, хүргэж байгаа. Яваандаа жижиг цех ч юм уу, кофе шоптой болъё гэж зорьж байна.

-Удахгүй сургуулиа төгсөх гэж байгаа юм байна. Цаашид энэ чиглэлээрээ мэргэших бодолтой юу?

-Ер нь бүтээгдэхүүн хийгээд борлуулаад, зараад явж байхад өөрийгөө бизнесийн тал дээр сонирхолтой юм болов уу гэж ажиглаад байгаа. Тиймээс бизнесийн удирдлагын мэргэжлийг бодчихсон байгаа.

-Жор хараад хүн болгон бялуу хийж чаддаггүй. Дуртай зүйлээ хийх үедээ ямар мэдрэмжийг авдаг вэ?

-Аливаа нэг амттаны зургийг нь харлаа гэхэд өөрийн гараар оролдоод чадна гэж бодохоор сайхан шүү. Миний хувьд юм болгонд дурсамж бүтээхийг хүсдэг. Амьдралд хамгийн чухал зүйл нь л энэ болов уу гэж боддог.

-Ярилцлагын төгсгөлд өөрийн бүтээхийг хүсдэг ирээдүйн талаар хуваалцаж болох уу?

-Тухайн үед юу болохыг тааж мэдэхгүй ч дараа жил гэхэд 18 насандаа өөрийн гэсэн кафе, кофе шопийг нээнэ гэж төлөвлөж байна даа.

Ч.БИНДЭРЪЯА

Categories
мэдээ нийгэм

Соёл, урлагийн салбарынхан Төрийн дээд шагнал хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Соёл, урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хувь нэмрийг нь үнэлж, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүсийг төрийн дээд шагнал гардуулах ёслол өнөөдөр боллоо. Шагналыг Соёлын сайд Ч.Номин, Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат нар гардуулав.

Тулгар төр байгуулагдсаны 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган төрийн одон, медаль хүртээсэн юм.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор

  1. Хүүхдийн төв номын сангийн захирал асан Д.Оюунбилэг
  2. Үндэсний урлагийн их театрын хөгжимчин Н.Жүрмэддорж
  3. Үндэсний урлагийн их театрын бүжгийн багш Б.Батчимэг
  4. Ханмонгол морьтны холбоо циркийн захирал Ш.Цогтхүү
  5. Үндэсний урлагийн их театрын дуучин Ц.Түмэнжаргал
  6. Улсын хүүхэлдэй театрын ахмад жүжигчин Т.Пэрэнлэй
  7. Улсын хүүхэлдэйн театрын жүжигчин Х.Батжаргал

Алтангадас одонгоор

  1. Соёлын яамны харьяа Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбат
  2. Үндэсний урлагийн их театрын ерөнхий нягтлан бодогч Н.Батсүрэн
  3. Үндэсний урлагийн их театрын ахмад уран бүтээлч Д.Аюушжав
  4. Шинэ цирк төвийн гүйцэтгэх захирал Д.Отгонцэцэг
  5. Улаанбаатар фильм студийн найруулагч Б.Отгонзориг –
  6. Монгол костюмс ХХК-ийн дэд захирал Б.Отгон –
  7. Монгол костюмс ХХК-ийн ажилтан У.Баяртөр
  8. Монгол костюмс ХХК-ийн оёдолчин Ц.Минжмаа

Хөдөлмөрийн хүндэт медалиар

  1. Соёлын яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын шинжээч Г.Ичинхорлоо-
  2. Үндэсний урлагийн их театрын бишгүүр хөгжимчин Б.Мөнх-Эрдэнэ
  3. Үндэсний урлагийн их театрын бүжигчин Э.Ганзориг
  4. Үндэсний урлагийн их театрын жижүүр Ц.Цэцэгмаа

Эх сурвалж: Соёлын яам

Categories
гадаад мэдээ нийгэм

Алтан бөмбөрцгийн эзэд тодров

Кино урлаг, телевизийн салбарын шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөрцөг” наадмын 78 дахь удаагийн шагнал гардуулах ёслол цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа. Ёслолын арга хэмжээг НьюЙоркийн Рокфеллер төвийн үдэшлэгийн танхим болон БеверлиХилз хотын “БеверлиХилтон” зочид буудлаас зэрэг дамжуулсан байна. Энэ удаагийн шагнал гардуулах ёслолоор солонгос гаралтай Америкийн найруулагч Ли Айзек Чуны “Минари” кино нь “Гадаад хэл дээрх шилдэг кино” нэр төрөлд “Алтан бөмбөрцөг” хүртжээ. Энэ кино Азийн нэгэн гэр бүл Америкийн алс хязгаарт нүүн ирж, амьдарч байгаа талаар гарах аж. “Шилдэг анимэйшн кино” төрөлд Пиксар студийн бүтээсэн, Америкийн найруулагч Питер Доктер болон Кемп Пауэрс нарын бүтээл болох “Soul” кино шалгарсан байна. Харин шилдэг хошин цувралаар “Шиттс Крик” ситком цуврал шалгарсан бол энэ цувралд гол дүрийг бүтээсэн Кэтрин О’Хара хошин цувралын шилдэг эмэгтэй дүрээр “Алтан бөмбөрцөг” хүртжээ. Шилдэг богино хэмжээний цувралаар “Queen’s gambit” шалгарсан байна.

Мөн энэ төрлийн шилдэг эмэгтэй жүжигчнээр цувралын гол дүрд тоглосон Аня ТейлорЖой шалгарч, “Алтан бөмбөрцөг”ийн эзэн болжээ. Түүнчлэн өнгөрсөн оны наймдугаар сарын 27-ны өдөр таалал төгссөн Америкийн жүжигчин Чедвик Боузманд “Ma Rainey’s Black” киноных нь төлөө “Алтан бөмбөрцөг” олгосон байна. 78 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” наадмаар “Nomadland” кино шилдгээр шалгарч, энэхүү киног найруулсан БНХАУ-ын кино найруулагч Клое Жао “Шилдэг найруулагч”-аар тодорлоо.

“Алтан бөмбөрцөг” шагналыг 1943 оны 10 дугаар сард гадаадын сэтгүүлчид үүсгэжээ. Анхны шагнал гардуулах ёслол 1944 онд болж байж. 1958 он хүртэл Холливудын дэргэдэх Гадаад сэтгүүлчдийн холбооны гишүүд хөтөлдөг байсан бол цаашдаа алдартай дуучид, мэргэжлийн телевизийн хөтлөгчдийг ёслолын хөтлөгчөөр урьж ажиллуулдаг болсон байна. Шагналтнуудын нэрийг энэ холбооны гишүүд тодорхойлдог аж.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм

Дээд шүүхийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжлээ

Улсын Дээд шүүхийн эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдааныг улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор шүүхийн байранд явуулж байна.

“Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хяналтын шатны шүүхийн ажиллах түр журам”-ыг тус шүүх 2020 оны арваннэгдүгээр сард батлан гаргасан юм. Уг журамд зааснаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдаан долоо хоногт хоёр удаа хуралдана. Мөн шүүх хуралдааныг зайнаас буюу технологи ашиглаж явуулах ба ингэхдээ хэргийн болон хуралдааны оролцогчдыг шүүх бүрэлдэхүүн, нарийн бичгийн дарга байгаа танхимаас өөр танхимд оруулах байдлаар зохион байгуулалт хийхээр заасан байна. Түүнчлэн танхимд шүүх хуралдаан хийх зайлшгүй тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримтлах талаар тусгайлан зохицуулжээ.

“Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хяналтын шатны шүүхийн ажиллах түр журам”-тай http://supremecourt.mn/news/549 дээрх линкээр орж танилцана уу.

Categories
мэдээ нийгэм

Б.Амархүү: Хүү нь дахин ард түмнийхээ итгэлийг алдахгүй ээ

Хоёр жилийн ялаар шийтгүүлээд байсан дуучин Б.Амархүү Сар шинийн өмнө хугацаанаасаа өмнө суллагдсан билээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ.

“Сайн байцгаана уу? Сайхан хаваржиж байна уу? Амархүү би та бүхнийхээ амрыг эрэн мэндчилж байна аа. Би өөрийнхөө гоомой алхмын уршгаар төрүүлж өсгөсөн хайрт аав,ээж, амраг хань алаг үр, ард түмнийхээ итгэлийг алдаж, хуулийн хариуцлага хүлээсэн билээ. Амьдралдаа би дэндүү гоомой, том алдаа хийсээн. Цаг хугацааг эргүүлж болдогсон бол гэж хоёр жилийн өмнөх тэр нэгэн өдрөөс хойш тархи, зүрх минь өнөөдрийг хүртэл шаналан цохилсоор. Та нарын минь надад хандаж бичсэн, хэлсэн бүхий л зүйлийг би маш зөвөөр ойлгон ухаарч байна. Та бүхний минь хэлсэн хатуу, зөөлөн бүхий л зэмлэл, зөвлөгөө миний туулж өнгөрүүлсэн хүнд хэцүү өдрүүдэд сургамж, сургааль, болон надад ухаарал хайрласаан.

Би ард түмэндээ үзэгчдэдэ хайртай учраас өөрийнхөө дуу хоолойг сайн сайхны төлөө, залуучуудынхаа зөв амьдралын төлөө тууштай өргөх болно оо. Миний хайртай ээж минь, аав минь, хайрт хань минь, үр минь, Миний Монголын ард түмэн минь, залуучууд минь алдсан надад итгэл өгч тосоод авахыг бодоорой. Надад итгэж, намайг дэмжээсэй гэж хүсч байна. ХҮҮ НЬ ДАХИН ИТГЭЛИЙГ ТАНЬ АЛДАХГҮЙ ЭЭ. Та нарыгаа гүнээ хүндэтгэсэн Б.Амархүү” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Ц.Ганзориг: Фитнессийн төлбөрийг төрөөс даана гэдэг ташаа мэдээлэл

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр баталсан. Хөтөлбөрийн хүрээнд фитнессээр хичээллэх хоёр сарын мөнгийг Засгийн газраас дааж, 500 тэрбумыг зарцуулахаар болсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Тиймээс энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзоригоос тодруулахад “Эдийн засгийг дэмжих 10 их наядын хөтөлбөрийг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа. Гэтэл зарим хэвлэл, сошиалаар залуусыг фитнест явуулахад 500 тэрбум төгрөг зарцуулна гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ мэдээлэл худлаа. Хөтөлбөрийн хүрээнд залуусыг ажлын байранд бэлтгэхэд 500 тэрбумыг зарцуулах бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бэлтгэл ажлыг хангаж байна. Өөрөөр хэлбэл, ажилгүй байгаа залуусыг багц сургалтад хамруулж, мэргэшил олгож, ажлын байранд бэлтгээд нэг сая төгрөгийн урамшуулал олгох юм” гэв.

Categories
мэдээ нийгэм

Дуучин Б.Амархүүг хугацаанаас нь өмнө суллажээ

Дуучин Борхүүгийн Амархүүд 2019 оны есдүгээр сарын 18, 19-нд Хан-Уул дүүргийн нутагт байрлах гэртээ болон автомашиндаа мансууруулах төрлийн бодис хадгалсан, Төв аймгийн нутгаас түүж бэлтгэсэн хэрэгт холбогдон улмаар шүүхээс хоёр жилийн хорих ял оноосон билээ.

Тодруулж хэлбэл Б.Амархүүг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.7-1 дэх хэсэгт зааснаар хоёр жил хорих ял шийтгэж, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Гэвч нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаан, шүүгдэгчийг сулласан. Харин Улсын дээд шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэн хоёр жил хорих ялыг нь эдлүүлэхээр болж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож байсан. Улмаар батлан даалтад байсан Б.Амархүүг хорих ялыг нь ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангид эдлүүлэхээр хуваарилсан байдаг юм.

Тэгвэл хорих анги болон НПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Б.Амархүүгийн ял эдэлсэн жил гаруйн хугацаан дээр шагналын хоног зэргийг нь нэмээд, засрал хүмүүжлийг олсон гэж үзэн хугацаанаас нь өмнө тэнсэн суллах санал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын эхээр хүргүүлжээ. Харин тус шүүхийн шүүгч захирамж гаргаж, хугацаанаас нь өмнө тэнсэн суллахаас татгалзсан байна.

Гэвч Б.Амархүүгийн хугацаанаас нь өмнө тэнсэн суллах саналыг шүүх дахин хэлэлцээд, засрал хүмүүжил олсон гэж үзсэн тул сар шинийн өмнө түүнийг суллажээ.