Categories
булангууд мэдээ нийгэм сав-шимийн-ертөнц

Дэлхийн зэрлэг амьтан, ургамлын өдөр тохиож байна

Өнөөдөр Дэлхийн зэрлэг амьтан, ургамлын өдөр тохиож байна.

НҮБ-ын Ерөнхий ассемблейн 68 дахь хуралдаанаар 2013 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг дэлхийн өнцөг булан бүрт байгалийн ургамал, амьтныг хамгаалах, зохистой ашиглах, тэдгээрийн үнэ цэнийг таниулах мэдлэгийг дээшлүүлэхээр арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг болсон.

Дэлхийн амьтан, ургамлын өдрийг 2021 онд дэлхийн олон зуун сая хүний амьжиргааг хангадаг ой, ойн төрөл зүйл, экосистемийн үйлчилгээний гол үүргийг таниулах мэдүүлэх зорилготойгоор “Forests and Livelihoods: Sustaining People and Planet” буюу “Ой ба амьжиргаа- Хүн төрөлхтөн, эх дэлхийн тогтвортой байдал” уриан дор тэмдэглэж байна.

Эх дэлхийн амьдралыг тэтгэгч ой мод, зэрлэг амьтан, ургамлаа хамгаалах үйлсэд нэгдэцгээе!

Эх сурвалж: БОАЖЯ

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 63 жолооч согтуугаар жолоо барьж, 246 хүн эрүүлжүүлэгджээ

Энэ сарын 2-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1505 гомдол бүртгэгджээ.

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1297, хулгайтай холбоотой 60, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 133, гэмт хэргийн шинжтэй 60 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 63, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 125, хүний биед халдсан 27, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 63, эрүүлжүүлэх байранд хоносон 246, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 79 тохиолдол гарав.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ХӨСҮТ: Коронавируст халдварын 32 тохиолдол бүртгэгдлээ

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өглөө.

“Өчигдөр 17529 PCR шинжилгээ хийхэд 32 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн найм нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нээс илэрсэн. Нэг хүний халдварын эх уурхайг тодорхойгүй байна.

Ингээд Улсын хэмээнд нийт 3032 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ.

Одоогоор 11120 хүн вакцинжууалтад хамрагдаад байна. Тэдний 40 орчим
хувьд нь түгээмэл хариу урвал илэрсэн. Үүнд халуурах, тарьсан ором дээр өвдөх,
хөндүүрлэх, бие арзайх, толгой өвдөх шинж тэмдгүүд 1-2 хоногийн хугацаанд илэрч
байна” гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбумын зээлийг арилжааны банкаар олгоно

Дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан. Энэ хүрээнд “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 500 тэрбум төгрөг”-ийн зээлийг олгохоор болж, санхүүжилт шийдэгдэж байна. Тухайлбал,

-Хаврын ноолуур бэлтгэлд 200 тэрбум төгрөг,

-Газар тариалангийн үйлдвэрлэлд 100 тэрбум төгрөг,

-Малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгох юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ноолуур бэлтгэх аж ахуйн нэгж, ноолуурын үйлдвэрүүдэд 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгохоор төлөвлөж ажиллаж байна. Мөн тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Дээрх хоёр төрлийн зээл жилийн гурван хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай байх юм.

Малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай олгохоор эх үүсвэрийг шийдсэн. Энэ нь сүүлийн жилүүдэд гарч байгаагүй, багагүй хэмжээний санхүүжилттэй шийдвэр учир зөв зүйтэй зохион байгуулах шаардлагатай байна. Малчдад зөвхөн хэрэглээний зээл болгож тараахаас илүү мал аж ахуйн үйлдвэрийг сэргээх үндсэн хэд хэдэн чиглэлд олгохоор урьдчилсан төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тодруулбал, эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэх чиглэлд энэ зээлийг түлхүү олгоно. Мөн сүү цагаан идээ боловсруулах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэлт, бэлчээр хамгаалал, худаг ус гаргах зэрэг 6-7 чиглэлд олгох нь зүйтэй гэсэн урьдчилсан төлөвлөгөөтэй байна.

Дээрх зээлүүд бүгд арилжааны банкаар дамжин олгогдох учир малчид, тариаланчид, ноолуур бэлтгэгчид харилцдаг арилжааны банкандаа хандах шаардлагатай юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ХХААХҮЯ: 5000 орчим тонн тусламжийн тэжээл хүргэгдээд байна

ХХААХҮЯ-нд хэрэгжиж буй Дэлхийн банкны “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн Болзошгүй онцгой нөхцөл байдал, гамшгийн үед хариу арга хэмжээ авах бүрэлдэхүүн хэсгээс 5.0 сая ам.доллар зарцуулахаар шийдвэрлэж, мал өвөлжилт хүндэрсэн Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сумд, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай аймгуудын бүх сумдын болон отроор явж байгаа малчин өрхөд хүчит тэжээл олгох ажил үргэлжилж байна.

Зудын эрсдэлтэй аймгуудын малчин өрх, малын тооны судалгаа гаргуулах талаар Хүнс, хөдөө аж ахуйн газруудтай хамтран ажиллаж, 5 аймаг, 74 сумын 45,750 мянган малчин өрхийн 19,246.583 толгой малд тусламж үзүүлэхэд нэг малчин өрхөд 301,547 төгрөгийн үнэ бүхий хоёр төрлийн хүчит тэжээлийн дэмжлэг үзүүлэх тооцоо гарсан. Тусламжид хамрагдах малчин өрхийн нэрсийн жагсаалтыг гаргахдаа 2019 оны мал, тэжээвэр амьтад, малын хашаа, худгийн тооллогын статистикийн дүн мэдээг үндэслэл болгосон.

2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар тэжээл тээвэрлэлт Өвөрхангай аймагт 1,348,320 кг буюу 32 хувь, Баянхонгор аймагт 877,530 кг буюу 28 хувийн гүйцэтгэлтэй, Говь-Алтай аймагт 630,580 кг буюу 57 хувийн гүйцэтгэлтэй, Өмнөговь аймагт 999,150 кг буюу 96 хувийн, Дундговь аймагт 936,000 кг буюу 50 хувийн гүйцэтгэлтэй, нийт тэжээл түгээлт 4,791,580 кг буюу 41 хувийн гүйцэтгэлтэй байна. Гурил тэжээлийн үйлдвэрүүд үлдэгдэл 7,663.78 тонн тэжээлийг 3 дугаар сарын 15-ны дотор үйлдвэрлэж дуусгах шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Ажлын хэсэг ажлыг зохион байгуулах төлөвлөгөөнд заасан хугацаанд буюу энэ оны 4 дүгээр сарын 1-ний дотор холбогдох аймгуудын малчин өрх бүрд тэжээл олгох ажлыг зохион байгуулна.

Малчин өрхүүдэд тэжээлийн тусламжийг хүргүүлэх, хуваарилах, хянах зорилгоор хяналт мэдээллийн системийг хөгжүүлэн Android, IOS–д болон вебд суурилсан программ хангамж бүхий “Тэжээл” аппликэйшнийг ажиллуулж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯам

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ж.Сандагсүрэн: Залуучуудыг боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн чиглэлд дэмжин ажиллана

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Монголын залуучуудын холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од залуучуудад тулгамдаж байгаа асуудал болон тэдний хөдөлмөр эрхлэлт, цагийн ажлын талаар байр сууриа илэрхийлж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Мөн залуучуудыг орон сууцны хөтөлбөрт хамруулахад анхаарч ажиллахыг хүслээ.

Ирэх наймдугаар сарын 25-нд Монголын залуучуудын холбооны 100 жилийн ой тохионо. Иймээс ойг угтан хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар боллоо. Түүнчлэн цаашид залуучуудыг боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн чиглэлд дэмжин ажиллахаа Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн илэрхийллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шинжилгээний цэгүүдийн тоог нэмэгдүүлж, 22 болголоо

Хот хооронд зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нээс нээж, шинжилгээ өгсөн иргэдийг чөлөөтэй нэвтрүүлж эхэлсэн. Тиймээс хөдөө, орон нутаг руу зорчих иргэдийн тоо нэмэгдэж, шинжилгээ авах цэгүүдэд ачаалал үүсчээ.

Үүнтэй холбогдуулан НОК-оос дүүргүүдэд тогтмол ажилладаг шинжилгээний цэгүүдийн сорьц авах шугамыг гурав дахин нэмэгдүүлж байна. Ингэснээр өчигдрийн 16:00 цагийн байдлаар 17,261 иргэнийг шинжилгээнд хамруулжээ.

Түүнчлэн өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 3-5-ны хооронд шинжилгээний цэгүүдийн тоог наймаар нэмэгдүүлж, 22 болголоо. Шинжилгээний цэгүүд 09:00-17:00 цагт ажиллана.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ардчилсан Монгол Улсын иргэн хязгааргүй баяжих эрхтэй

Улсын Их хурлын гишүүн Сүхбаатарын Батболдыг луйварчин дээрэмчнээр нь дуудаад удаж байна. Өнгөрсөн хавраас эхлээд түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвших нь гэх бор шувуу ниссэн юм. Төд удалгүй МАН-ын генсек Д.Амарбаясгалан хэвлэлд өгсөн ярилцлагадаа Сү.Батболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой хэмээн зарласан. Ингээд л Сү.Батболдыг байж болох бүхий л сэдвээр харлуулж, гутаан доромжлох их үйл хэргийг хэсэг бүлэг хүмүүс эхлүүлсэн. Бараг жил тойруу үргэлжилж байгаа энэ их хар пиар Ерөнхийлөгчийн сонгууль дөхөх тусам улам “төгсөрч” байгаа. Тусгаар улсын иргэнийг гадны улсын шүүхээр шүүлгэх гэж хүртэл оролдож байна. Энэ хугацаанд үүнийг дагасан үнэн, худал нь мэдэгдэхгүй хичнээн ч их үйл явдал болж өрнөв. Ардчилсан улсын иргэн эх орондоо албан үүргээ гүйцэтгээд сууж байхдаа гадны шүүхийн шийдвэрээр шийтгэгдэх нь л дээ. Хэн нэгний дураар аль нэг улсын шүүхийн шийдвэрээр, тэр шийдвэр нь баталгаа, нотолгоотой эсэх нь тогтоогдоогүй үед ардчилсан улсын иргэнийг шийтгэнэ гэдэг тийм ч амар асуудал биш юм аа. Энэ нь зөвхөн хувь хүний бус улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудал байдаг. Тиймдээ ч энэ асуудал хууль номынхоо дагуу димломат шугамын хүрээнд шийдэгддэг учиртай юм. Харин юу юугүй барьж хорих нь гэж туйлширч, элдэв шар мэдээ цацаж байгаа нь явцгүй улс төр болохыг бэлхэнээ харуулж байна.

Түүгээр ч үл барам гадны сонин, сэтгүүлд Сү.Батболдын талаар элдэв нийтлэл, баримт дэлгэгдлээ гэх өнөөх улиг болсон арга хүртэл явж байгаа харагдана лээ. Гадны сонин, сэтгүүлд гарсан л бол ноцтой хэрэг, үнэн баримт гэж итгэдэг цаг ард хоцорсон. Монголчууд ийм жижиг улс төрд хууртахаа больсон. Эцэст нь Сү.Батболдыг намнах халуурал нь хэтийдэж аймаар баян гэж шүүмжилдэг боллоо. Энэ арай хэтэрч байна. Ухаандаа Хятад шиг хамаг баячуудынхаа хөрөнгийг хураан хоосолж орхиод, эзнийг нь буудах болж байна уу. Коммунист нам удирдаж байгаа болохоор хятадууд л баячууддаа ийм ааш аяг гаргадаг юм. Үүнийг нотлох олон жишээ бий. Саяхан л гэхэд Жек Ма дэлхийн тэргүүлэх баян гэгдэж байсан. Манайхан хөл алдаж, Их аварга Д.Дагвадорж хүртэл хүзүү, нурууг нь бариад гүйж байсан цаг тун саяхан. Гэтэл өнөөдөр тэр хэн болчихов, өнөөх хөрөнгө мөнгө нь юу болж хувирчихав. Байдаг хөрөнгөө улсдаа хураалгачихсан, өөрөө байгаа эсэх нь ч тодорхойгүй л байна шүү дээ.

Бид тэдэн шиг биш. Монгол Улс 30 жилийн өмнө хулганы хамарнаас ч цус гаргалгүйгээр ардчилал, эрх чөлөөг олж авч чадсан. Энэ бол бидэнд байгаа маш том боломж. Ардчилсан Монгол Улсын иргэн хязгааргүй баяжих эрхтэй. Тиймээс одоо монголчууд нэгнээ баян, цатгалан гэж нүд үзүүрлэхээ боль оо. Ардчилсан Монголд энэ хориотой. Энэ нийгэмд чи ч, би ч, хэн ч баяжиж болно. Бид бүгдээрээ баяжих эрхтэй. Тэр хэмжээнээс дээшээ баяжиж болохгүй гэх хязгаар зааг огт байхгүй.

Сү.Батболдыг 300 сая ам.долларын хөрөнгөтэй, аймаар баян гэж цоллоод байгаа юм. Дэлхийн хэмжээнд 300 сая ам.доллартай хүн та бүхний хэлээд байгаа шиг аймаар баянд тооцогдохгүй ээ. Хамгийн багадаа нэг тэрбум ам.доллартай байж гэмээнэ дэлхийн хэмжээний хөрөнгөтөн гэгдэнэ. Ер нь баячуудаа элдвээр баалж, гоочилсон улс хөгждөггүй юм. Ингэж элдвээр чичлээд байгаа учраас л тэр баян гэх цол гуншинтай, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж суугаа нөхдүүд чинь Монголд хийж бүтээхийг урьтал болгохын оронд гадны орныг зорьж, амар жимэр хүсээд байгаа юм. Тиймээс бид хөрөнгө, мөнгөтэй нэгнээ баалж суухын оронд бахархдаг болох хэрэгтэй байна. Бүр тэднээс үлгэрлэж өөрсдөө баяжих хэрэгтэй. Баян болохын төлөө зүтгэдэг, хөдөлмөрлөдөг болох ёстой.

Дэлхийн хэмжээний баянтай буюу тэрбум ам.долларын хөрөнгөтэй таван хүнтэй болоход Монгол Улсын амьдрал их өөрчлөгдөнө дөө. Мэдээж тэд танд зүв зүгээр байхад тань таван цаас сарвайхгүй. Ийм үүрэг ч тэдэнд байхгүй. Гагцхүү тэд эх орондоо ажлын байрыг хэдэн арван мянгаар нь бий болгож, төрийн ачааг үүрэлцэх учиртай юм. Хүсвэл тэр ажлын байранд чи ажиллаж болно. Эс хүсвэл өөрөө баян болохын тулд шинийг эрэлхийлж, бусдаас илүү хөдөлмөрлөж баялаг бүтээгч, бизнес эрхлэгч болж болно. Баян болохын тулд залхуурахгүй, бусдаас илүү ихийг хийж, бүтээх хүсэл, эрмэлзэлтэй байх л чухал. Ердөө л ийм зарчимтай. Ингэсний чинь төлөө Монгол Улс чамд ямар нэгэн хорио, саад тавихгүй. Хөрөнгийг чинь хурааж, “аав”-ын хаалга татуулахгүй. Бид баячуудтай нийгмийг л байгуулах гэж яваа.

Үүнийг бид зөвхөн энэ цаг үед л хүсээд байгаа юм биш ээ. 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Монгол Ардын намыг үүсгэн байгуулагчдын нэг Их жанжин Д.Сүхбаатар 1922 онд харьяат цэргүүддээ явуулсан бичигтээ “Ардын эрхтэй засаг байгуулах нь бурхан шашнаа хүндэтгэж, ард түмнээ амар туйл дор хүргүүлэн тэгш журамт, баян хүчирхэг улс болгох зорилготой” гэсэн утга төгөлдөр үгээ сонордуулж байж. Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Монгол Ардын Намын анхны дарга, Монголын орчин үеийн эдийн засгийн салбарыг үндэслэгч Солийн Данзан “Монгол Улс Швейцарь лугаа хөгжих ёстой” гэж тунхаглажээ.

Мөн Монгол Улсын ес дэх Ерөнхий сайдаар ажиллаж байсан Пэлжидийн Гэндэн “Баяжих тун” хэмээн нийтэд уриалж, лоозон гаргаж байсан нь түүхийн хуудаснаа үлдсэн байна. Ингээд бодохоор бидний өвөг дээдэс 100 жилийн тэртээгээс л баян иргэдтэй, хүчирхэг улс орон болохыг зөгнөн, мөрөөдөж, хүсч тэмүүлж байжээ. Тэдний холыг харсан энэ хүсэл зоригийг тухайн үед үгүйсгэсэн. Бүр хэлмэгдүүлэх шалтгаан болгосон гашуун сургамж энэ намд бий.

Мэдээж Ардчилсан нийгмийн үр дүнд энэ төрийн зүтгэлтнүүдийн үзэл санаа жинхэнэ утгаараа биеллээ олж эхэлсэн. Энэ нийгэм иргэдийг баян, хөрөнгө чинээтэй болгох хөшүүрэг нь болдог. Түүнээс төрөөс сарвайсанд сэтгэл ханаж, хоёр идэхгүй, хоосон хонохгүйхэн шиг өдөр, өдрийг аргацааж явдаг арга ядсан нийгэм биш юм. Харин ч ядуу байгаагаа баалдаг болж, “Тэнгэр угсаат, хөх чоно, гуа маралын удам хөх толбот монгол хүн та хэзээ болтол ийм арчаагаа алдсан ядуу хоосон явах гээд байгаа юм бэ. Хүнээс хоол горьддог, хүнээр тэжээлгэх гэдэг, бүр болохгүй бол хүнээс булааж аваад амьдарна гэдэг зангаа боль” гэж загнадаг нийгэм шүү.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын цахилгаан дулааны 5 дахь эх үүсвэрийг танилцуулна

Засгийн газрын Лхагва гариг бүрийн ээлжит хуралдаан өнөөдө буюу гуравдугаар сарын 3-нд 08:00 цагт эхэллээ. Өнөөдөр 27 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөгджээ.

– Коронавирусийн цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ (Вакцины татан авалт, вакцинд хамрагдалтын явц болон бусад асуудал)
– Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө батлах тухай хэлэлцэх бол
– Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн хэрэгжилтийн явцын талаар,
– Шатахууны хангамж, үнэ,
– Агаарын тээврийг либералчлах асуудлаар,
– Улаанбаатар хотын цахилгаан дулааны 5 дахь эх үүсвэр,
– Шинжлэх ухаан, технологи, инновацийн төвийн кластерын тухай зэрэг асуудалтай танилцахаар төлөвлөөд байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.АЛГАА: Оюу толгой дээр үр дүнтэй хэлцэл, тохироо хийж чадсан Ерөнхий сайдууд гэвэл би хувьдаа Сү.Батболд, Ч.Сайханбилэгийг онцолно

– ЗАСГИЙН ГАЗАР ОЮУ ТОЛГОЙ
КОМПАНИЙН 34 ХУВИЙГ ЭЗЭМШИХ ШААРДЛАГАГҮЙ БАЙСАН ЮМ –


Монголын
уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан Н.Алгаатай ярилцлаа.


-Хоёулаа
Оюу толгой тойрсон асуудлаар яриа өрнүүлье. бүр эхний түүхээс нь яриагаа
эхлүүлмээр байна. анх үндэстэн дамнасан BHP Оюу толгой дээр хайгуулын өрөмдлөг
хийж явсан байх аа?

-Тэгсэн.
Би Эйч Пи, Рио тинто зэрэг үндэстэн дамнасан корпорациуд 1990-ээд оны
төгсгөлөөр Монголд үйл ажиллагаа явуулахаар орж ирж байлаа. Дараа нь хоёулаа
Монголоос гарсан л даа. Би Эйч Пи компани Монголыг орхихынхоо өмнө Оюу толгойн
орд дээр хайгуулын өрөмдлөг хийж байсан юм. Монгол дахь оффисоо хаагаад явахдаа
Оюу толгойн лицензийг Канадын Айвенхоу майнз компанид “опцион хэлцэл” -ээр
шилжүүлсэн түүхтэй. “Опцион хэлцэл”-ийн хувьд хайгуулын лиценз эзэмшигч нь
лицензээ шилжүүлж, эсвэл шилжүүлэхгүйгээр өөр этгээдээр өөрийнх нь зардлаар
хэлцэлд тохиролцсон хугацаанд хайгуул хийлгэдэг нэг төрлийн тохироо. Орд
нээгдсэн тохиолдолд ингэнэ тэгнэ гэсэн тохироотойгоор эрхээ шилжүүлдэг гээд
багцаалдаад ойлгочихож болно.

-“айвенхоу
майнз” бол жуниор компани. Жуниор компаниуд хайгуул хийж их нөөц илрүүлбэл том
компаниуддаа хувьцаагаа худалдах юмуу, хамтарч ажиллах зарчмаар явдаг дэлхийн
жишгээр дараа нь “Рио” орж ирсэн…?

-Ер нь
Оюу толгойн хэмжээний том төслийг жижиг компани дангаараа хэрэгжүүлж чаддаггүй,
олон улсын санхүүгийн байгууллагуудаас санхүүжилт авч чаддаггүй. Тиймээс ямар
нэг үндэстэн дамнасан том корпорацид худалдах, эсвэл хамтарч ажиллах нь
тодорхой байсан.

Харин
тэр компани нь Рио тинто нь уу, Би Эйч Пи нь үү, аль эсвэл өөр компани уу
гэдгийг тухайн үед тааж мэдэхийн аргагүй л дээ. Гэхдээ л Рио, Би Эйч Пи хоёрын
аль нэг нь гэдэг бараг ойлгомжтой байсан. Учир нь Оюу толгой нээгдсэний дараа
тэд хоёулаа Монголд буцаж ирсэн.

-Оюу
толгойн хөрөнгө оруулалтын гэрээг шүүмжлэх улстөрчдийг тоолъё гэвэл овоо тоо
гарах байх. Хөрөнгө оруулалтын гэрээг яг ямар хууль тогтоомж дээр үндэслэж, яг
ямар процесс дамжиж баталж байсныг хууль тогтоогчдод эргэж сануулмаар санагдаад
байдаг юм…?

-Оюу
толгойн хөрөнгө оруулалтын гэрээний хувьд 1997 оны Ашигт малтмалын тухай
хуулийн Тогтвортой байдлын гэрээний заалтын дагуу анх яригдсан түүхтэй. Дараа
нь батлагдахдаа 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн Хөрөнгө оруулалтын
гэрээний тухай заалт, 2008 оны УИХ-ын тогтоолын заалтын дагуу, Монгол Улсын
хууль тогтоомжид нийцүүлэн хийгдсэн гэж би боддог. Яг нарийндаа хөрөнгө
оруулалтын гэрээний төслийг УИХ гурван удаа хэлэлцэж байж зөвшөөрсөн шийдвэр
гарснаар Засгийн газрын гурван гишүүн гарын үсэг зурж баталгаажуулсан асуудал
шүү дээ. Миний хувьд Ашиг малтмалын 2006 оны хууль батлагдахад 1997 оны хуульд
байсан Тогтвортой байдлын гэрээ Хөрөнгө оруулалтын гэрээ болж өөрчлөгдсөн ч
татварын орчны хувьд тогтвортой байдал хангах эрх зүйн баталгаа ямар нэг
хэмжээгээр хадгалагдсан нь чухал ач холбогдолтой байсан гэж хардаг.

-Хөрөнгө
оруулалтын гэрээг сайн, муу гэсэн маргаан одоо ч үргэлжилсээр байна л даа. Энэ
тал дээр таны байр суурийг сонсмоор байна?

-Хөрөнгө
оруулалтын гэрээг одоо хүртэл сайн, муу ба ашигтай, ашиггүй гэж маргаж,
мэтгэлцсээр байгаа. Мэдээж хоёр талын хүсэл зориг, ашиг сонирхлыг нэг дор
нэгмөсөн шийднэ гэж хэзээ ч байхгүй. Тухайн үеийн Монголын эдийн засгийн нөхцөл
байдлыг харгалзан, үндэсний аюулгүй байдлын бодлого, Ашигт малтмалын тухай
хуульд нийцүүлэн хийгдсэн гэрээ л гэж боддог. Энэ гэрээний хамгийн гол хэсэг нь
тодорхой татваруудын тогтворжуулах асуудал байсан. Тодорхой асуудлуудаар аль
аль тал нь буулт хийсэн зүйл ч бий байх. Хэлэлцээрт оролцож байсан манай
Засгийн газрын төлөөллийн энэ талын мэдлэг туршлага ч гэрээний үр дүнд
нөлөөлснийг үгүйсгэхгүй. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш бараг
нэг жилийн дараа Хувь нийлүүлэгчдийн гэрээг байгуулсан. Засгийн газар Оюу
толгой компанийн 34 хувийг эзэмших шаардлагагүй байсан гэж хардаг.

-Төр Оюу
толгойд 34 хувийг эзэмшсэнээр эрсдэлийг нь давхар хүлээх болсон гэх мэт сөрөг
тал олон л доо. Одоо харин улстөрчид 34 хувиасаа татгалзах ёстой гэж яриад
эхэлсэн нь их тод анзаарагдаж байгаа…?

-Тийм л
дээ. Төр 34 хувийг эзэмшиж хөрөнгө оруулалт санхүүжилтийн үүрэг хариуцлага,
түүнтэй шууд холбоотой болон шууд холбоогүй ирээдүйн болзошгүй эрсдэлийг хүлээх
шаардлагагүй байсан юм. Харин АМНАТ-ийн хувь хэмжээг одоогийнхоос арай илүү
хувь хэмжээтэйгээр тохирч, борлуулалтын орлогод зохих хяналт тавин ажиллах нь
илүү үр нөлөөтэй байсан гэж хардаг. Ингэсэн бол төслийг тасралтгүйгээр үр
өгөөжтэй хэрэгжүүлэх байсан байх. Зээл, зээлийн хүүг ногдол ашгаас эргүүлж
төлөх заалтыг гэрээнд тусгасан нь улсын төсвийн орлогод ногдол ашиг авах
хугацаанд нөлөөлөх нь мөн л ойлгомжтой зүйл. Төсөл удаашрах, хөрөнгө оруулалт
нэмэгдэх бүрт ногдол ашиг авах хугацаа хойшлох нь хэтэрхий тодорхой асуудал.
Тэгэхээр Засгийн газар 34 хувийг цаашид эзэмшихгүйгээр олон улсын биржид
хувьцаа болгож арилжих, үндэсний компаниудын консорциумд худалдах зэргээр зээл,
зээлийн хүүгийн өрнөөс салах нь зүйтэй байх.

-Хөрөнгө
оруулалтын гэрээ батлагдаж, Оюу толгой төсөл хэрэгжиж эхэлснээр Монголын эдийн
засагт үзүүлсэн нөлөөний талаар ярилцлагаа үргэлжлүүлэх үү?

-Гэрээ
байгуулагдсанаас хойш гуравхан жилийн дотор ил уурхай, баяжуулах үйлдвэр,
үйлдвэрлэл явуулахад шаардагдах дэд бүтцийг бүтээн байгуулж 2013 оноос
борлуулалт хийж эхэлснийг мэдэхгүй хүн үгүй байх. Энэ хугацаанд Монголын эдийн
засагт зургаан тэрбум доллараас давсан хөрөнгө оруулалт орж ирснээр манай эдийн
засгийн өсөлт анх удаа 17 хувьд хүрснийг та мэдэж байгаа. Энэ төсөл цаашид
тасралтгүй хэрэгжиж байж эдийн засаг тэлж хөгжинө гэдгийг олон эдийн засагч
өчнөөн баримт нотолгоотой ярьдаг болохоор илүүг нуршаад яахав гэж бодож байна.

-Гэрээний
маргаан яг хэзээнээс эрчимжиж эхэллээ?

-Оюу
толгойн орд ашиглах бүтээн байгуулалттай зэрэгцээд л гэрээний асуудлаар маргаан
гарч эхэлсэн. Маргааны гол сэдвийг та мэдэж байгаа. Хөрөнгө оруулалт нь ТЭЗҮ-д
зааснаас нэмэгдсэн, Рио тинто өөрөө Туркойз хиллд зээл өгсөн, зээлийн хүүгийн
хувь хэмжээ дэлхийн дунджаас их, мөн менежмэнтийн зардлын хувь хэмжээ өндөр гэж
ирээд хөвөрдөг. Үүнээс гадна татварын асуудлаар ч маргаантай явсаар өнөөг
хүрсэн.

-Оюу
толгой тойрсон маргаанд ажил хэрэгчээр ухаалаг хандахын оронд улстөрчид
сонгуулийн сурталчилгаандаа овжин ашигладаг болчихсон харамсалтай өнгө
анзаарагддаг. Ер нь өнгөрсөн Засгийн газруудаас Оюу толгойн маргаан дээр дажгүй
хэлцэл тохироо хийж ажиллаж чадсан нь хэд бол, та ямар Ерөнхий сайдуудыг онцлох
вэ?

-Оюу
толгой дээр үр дүнтэй хэлцэл тохироо хийж чадсан Ерөнхий сайдууд гэвэл би
хувьдаа Сү.Батболд, Ч.Сайханбилэгийг онцолно. Маргааныг популистууд дэвэргэж
улстөрчид сонгуулийн сурталчилгаанд ашигладаг хэрэгсэл болгоод зогсоогүй л дээ.
Сүүлдээ бүр гэрээг цуцлах, хүчингүй болгох шаардлага тавьдаг болсон. Энэ
хооронд 2011 онд Сү.Батболдын Засгийн газар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр
хийж зээлийн хүүг гурван пунктаар бууруулсныг санаж байна. Гэхдээ бусад
асуудлаар тохиролцож чадахгүй хүндрэл учирсан тул хөрөнгө оруулагч тал 1300
метр хүртэл гүнд нэвтрээд байсан нэгдүгээр босоо амны нэвтрэлт, барилга
байгууламжийн ажлын санхүүжилтээ зогсоосон шүү дээ. Далд уурхайн санхүүжилт
зогссоноор байдал яаж хэцүүдсэнийг монголчууд бултаараа мэдэрсэн. Наад зах нь л
тэнд ажиллаж байсан олон мянган монголчууд ажилгүй болж, ханган нийлүүлэлтийн
үйлчилгээ үзүүлж байсан олон зуун бизнесийн байгууллагуудын бизнес хумигдсан.
Харин 2015 онд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайд Оюу толгойн далд уурхайн
санхүүжилтийн асуудлаар хэлэлцээ хийж, Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг
хувь нийлүүлэгчид гарын үсэг зурж баталгаажуулсан. Энэ үеэр дээр дурдсан
маргаантай асуудлуудыг бас хэлэлцсэн байдаг. Үр дүнд нь татварын маргаанаар
эвлэрч, менежмэнтийн зардлын хувь хэмжээг зургаан хувиас гурван хувь болтол
бууруулахаар тохирч чадсан. Энэ бүх жишээнүүд хөрөнгө оруулагч талууд гэрээнд
өөрчлөлт оруулж сайжруулах боломжтойг харуулдаг л даа. Хөрөнгө оруулагч тал
тухай бүрд нь хэлэлцээрт ороход бэлэн гэдгээ илэрхийлж байгааг анзаарахгүй байж
боломгүй.

-Ингэхэд
Оюу толгойн татварын маргааны хувьд та ямар бодолтой явдаг вэ?

-Татварын
маргаан гэрээтэй шууд холбоогүй, аж ахуйн нэгжүүдэд байж л байдаг зүйл.
Монголын болон арбитрын шүүхээр шийдэгдээд явах асуудал. Харин маргааны суурь
шалтгаан юу байна гэдгийг хөндлөнгийн шинжээчээр судлуулах хэрэгтэй байх.
Ялангуяа санхүүгийн тайлагнал, нягтлан бодох бүртгэлийн үндэсний ба олон улсын
зөрүүгийн шинжилгээг цаг алдалгүй хийх шаардлагатай санагддаг.

-Оюу
толгойг эсэргүүцдэг улстөрчид гэснээс Оюу толгойн гэрээг эсэргүүцдэг, энэ
сэдвийг бүр сонгуулийн сэдвээ болгочихсон, тэгснийхээ хүчээр ч УИХ-д
сонгогдчихдог нэг гишүүн бий л дээ.

-Яг
хэнийг нь хэлээд байна?

-С.Ганбаатарыг
хэлээд байна л даа.

-Оюу
толгойн гэрээг эсэргүүцэгч гэдгээ байн байн зарладаг нөхөр л дөө. Бүр түүгээрээ
“бахархдаг” улстөрч. 2012 оноос хойших УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгууль
бүрийн өмнөхөн, сонгуулийн сурталчилгааны үер Оюу толгойн гэрээг эсэргүүцэж үе
үе мэдэгдэл хийдгийг нь мэдэхгүй хүн ч байхгүй болсон байх. Хамгийн сүүлд
өлсгөлөн зарлаж хүртэл үзлээ.

-Та нэг
удаа “Би Ганбаатараас илүү уул уурхайг мэдэх байх” гэж хэлээд шүүхэд дуудагдаж,
шүүхээс С.Ганбаатар гишүүнийг танаас дутахгүй уул уурхай мэднэ гэх маягийн
шийдвэр гарчихсан билүү?

-Учир
мэдэх хүмүүс нь энэ хүний тухай мэдэх учраас би илүүг яримааргүй байна.

-Оюу
толгойг шүүмжлэгчид Эрдэнэттэй харьцуулаад байдаг л даа. Эрдэнэт, Оюу толгой
хоёр харьцуулагдахаар төслүүд мөн үү?

-Зарим
хүмүүс Эрдэнэт, Оюу толгой хоёрыг харьцуулж сайн, муу гэж ярих их дуртай л даа.
Тэгж харьцуулах нь утгагүй. Нэг нь XX зууны, нөгөөх нь XXI зууны уул уурхайн
салбар дахь их бүтээн байгуулалт шүү дээ. Энэ хоёр том төсөл хоёр өөр цаг
хугацаанд ч гэлээ хоёулаа богинохон хугацаанд, гурван жилийн дотор ашиглалтад
орсон байдаг юм. Ганц ижил тал нь гэвэл энэ байх. Ялгаатай тал гэвэл өчнөөн.
Эрдэнэт бол төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед хэрэгжиж эхэлсэн төсөл. Оюу
толгойн тухайд зах зээлийн эдийн засгийн үед хэрэгжиж эхэлсэн. Эрдэнэтийн
тухайд хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр бол Оюу толгойн хувьд
Засгийн газар, хувийн компани хоорондын гэрээ. Хөрөнгө оруулалтын ба хувь нийлүүлэгчдийн
гэсэн хоёр гэрээ байгуулсан. За тэгээд Эрдэнэтийн хэлэлцээрээр Монгол Улсад
төлөх бүх татвараас чөлөөлөгдөж байсан бол Оюу толгойн гэрээгээр голлох бүх
татварын хувь хэмжээг тухайн үеийн татварын хуулиар тогтоосон хувь хэмжээгээр
30 жилийн хугацаанд тогтворжуулсан. Үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчны тухайд
Эрдэнэтэд Засгийн газар хоорондын хэлэлцээр ба Зөвлөлийн дүрэм л үйлчилсэн бол
Оюу толгойд Монгол Улсын бүх хууль, Хөрөнгө оруулалтын гэрээ үйлчилж байгаа.

-“Эрдэнэт”
хэдэн он хүртэл улсад татвар төлөөгүй гэдэг билээ?

-1973-2003
он хүртэл улсад албан татвар төлөөгүй. Дээр хэлсэн хэлэлцээрээр чөлөөлөгдсөн
байсан бол Оюу толгой тэгээгүй. Байгуулагдаж бүртгүүлсэн өдрөөсөө гааль, НӨАТ
төлж, борлуулалт хийж эхэлсэн цагаасаа Ашигт малтмалын нөөц ашигласны татвар
төлж яваа. Эрдэнэт үйлдвэр ашиглалт орсон эхний жилүүдэд жил болгон алдагдалтай
ажиллаж байсан тул 1978-1988 онуудад нийт 967.3 сая төгрөгийг улсын төсвөөс
татаас болгон төлж байсан. Харин Оюу толгой алдагдалтай ажиллаж байгаа ч төлбөл
зохих бүх татвараа төлөөд явж байгаа. Эрдэнэтийн анх батлагдсан нөөц нь есөн
сая тонн зэс, дагалдах ашигтай ашигт малтмал нь молибден, мөнгө. Оюу толгойн
анх батлагдсан нөөц 18 сая тонн зэс, 32 сая ба түүнээс ч их болж өсөх
магадлалтай. Дагалдах ашигтай ашигт малтмал нь алт. Эрдэнэт жилд 120000 тонн
зэс агуулсан зэсийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадал бүхий уурхай, баяжуулах
үйлдвэртэй, харин Оюу толгой төслийн хүчин чадлыг бүрэн эзэмшсэн үед жилд
дунджаар 350000 тонн зэс агуулсан зэсийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадал бүхий
уурхай, баяжуулах үйлдвэртэй байх юм. Энэ мэтээр яривал Эрдэнэ, Оюу толгой
хоёрт олон ялгаа бий.