Categories
мэдээ цаг-үе

Тогтоол усанд живж амиа алдсан дөрвөн хүүхдийн хэрэг шүүхээс дөрвөн удаа буцаагджээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн усан сангийн тогтоол усанд өнгөрсөн 2020 оны тавдугаар сарын 17-нд 8-12 насны дөрвөн хүүхэд живж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Уг хэргийн шүүх хурлын тов дөрвөн удаа хойшилсны эцэст өнөөдөр урьдчилсан хэлэлцүүлэг нь болж байгаа юм. Хэргийн хариуцагчаар “Хан Талст” ХХК татагдаад буй. Амиа алдсан дөрвөн хүүхдийн ар гэрийнхэн өнөөдөр /2021.03.29/ хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийлээ. Тэд “Хэрэг явдал болсноос хойш арван сарын хугацаа өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Өмнө нь шүүх хурлыг товлох урьдчилсан хэлэлцүүлэг болсон ч дөрвөн удаа шүүхээс буцаагдсан. “Хан Талст” ХХК-ийн зүгээс сэтгэл санааны хохиролыг барагдуулна гэх тайлбар өгсөн. Хүүхдүүдийн буяны ажилд тус бүр хоёр сая төгрөг бэлнээр өгсөн. Мөн шинэ жилийн өмнө гурван айлд хүнсний тусламж үзүүлж нэг, нэг сая төгрөг өгсөн. Хохирогчийн талаас “Хан Талст” компанитай тохиролцсоны үндсэн дээр гурван өрх тус бүр 20 сая төгрөг нэхэмжилсэн. Гэвч 20 сая төгрөг өгөөгүй байгаа” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Хамгаалалтад авсан байршлууд

2021.03.29-ний 14:00 цагийн байдлаар хамгаалалтад авсан байршлуудыг танилцуулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Зорилтот бүлгийн 2000 иргэнийг элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулна

Монгол Улсын хэмжээнд 2016-2020 онд хэрэгжүүлсэн “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусийн илрүүлэг, шинжилгээнд 1.1 сая гаруй иргэнийг хамруулж, 200 гаруй мянган хүн эм ууж эмчлэгдсэн байдаг. Энэхүү хөтөлбөрийн үр дүнг харгалзан 2021-2024 онд уг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар дээрх хөтөлбөрийг санаачлагдын нэг “Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл, Элэг бүтэн Монгол” НҮТББ-тай хамтран 1-20 дугаар хорооны амьжиргааны баталгаат түвшинээс доогуур орлоготой, эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чадахгүй байгаа иргэдийг илрүүлэг, шинжилгээнд хамруулахаар бэлтгэлийг хангажээ. Ингэснээр зорилтот иргэдийг элэгний В, С вирусийн илрүүлэг, шинжилгээнд хамруулах бөгөөд 2,000 ширхэг оношлуурыг ӨЭМТ-үүдэд хүлээлгэн өгсөн байна.

Эрт илрүүлэг хийсний дараа халдваргүй бол В вакцинд хамрагдах, дархлаа тогтоох, В вирусээр өвчлөхгүй байх бүрэн боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сард бүх тариаланчдыг вакцинд хамруулна

Хаврын тайрайлалтын бэлтгэл хангах ажилтай холбогдуулан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамтай хамтран вакцинд хамрагдах хүсэлтэй газар тариалангийн салбарт ажиллаж буй тариаланчдыг вакцинжуулах ажлыг зохион байгуулж эхлээд байна.

Энэ сарын 26, 27-нд нийт 900 гаруй тариаланчийг хөдөө орон нутагт очиж ажиллахаас нь өмнө вакцинжуулсан. Тариалан эрхлэгчдийн зүгээс хаврын бэлтгэл ажлаа эхлүүлж байгаа энэ чухал цаг үед вакцинжуулалтыг шуурхай зохион байгуулсанд талархалтай байгаагаа илэрхийлж байна.

Ирэх сард улсын хэмжээнд ажиллаж байгаа нийт тариаланчдыг вакцинд бүрэн хамруулах ажлыг үргэлжлүүлж, урьдчилсан тоогоор 14 мянга орчим иргэн ирэх сарын 15-ны дотор вакцины нэгдүгээр тунгаа хийлгэх боломжтой боллоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​”Улстөрчөөр удирдуулсан мэргэжлийн бус УОК-ыг даруй татан буулгаж, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн баг байгуул” гэв

Судлаач Л.Энхтөр www.admin.dnn.mn сайтын редакцид хандлаа. Тэрээр УОК-ыг улстөрчид биш мэргэжлийн хүмүүс, эрдэмтэн, инженер хүн удирдах ёстой гэлээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.


-Өнөөдөр халдварын тоо 575-аар нэмэгдэж нийт халдварын тоо 7589 боллоо. Цаашид өснө гээд байгаа?

-Юуны өмнө би өөрийгөө товч танилцуулъя. Намайг Л.Энхтөр гэдэг. Би гадаадад эдийн засгийн чиглэлээр сургууль төгсөж, гадны хоёр ч улсад судлаачаар ажиллаж байгаад эх орондоо ирээд хувийн бизнесээ хөгжүүлээд явж байгаа энгийн иргэн. Нам бус. Улс төрөөс аль болох хол байхын тулд судлаачийн ажлаа орхиж, ах дүүстэйгээ нийлж хувийн компани байгуулсан эгэл жирийн нэгэн. Болж буй үйл явдлыг иргэний хувиар хараад нийтээ дагаад явж болж байна. Гэтэл сүүлдээ туйлдаж гүйцлээ. Монголд цар тахлын үед авч хэрэгжүүлж буй ажил бол тэр чигтээ улс төрийн шинжтэй, ардаа ашиг сонирхлын зөрчилтэй гэж харж байна. Бүх юмнаас нь улс төр үнэртэж байна. УОК-ыг улстөрч биш анагаах болох шинжлэх ухааны чиглэлийн, тэр дундаа математикч, инженер хүмүүс удирдах ёстой. Ядаж нийт бүрэлдэхүүний 70-80 хувь нь эрүүл мэнд, математикийн салбарын эрдэмтэд буюу тухайн салбарынхан байх ёстой. Гэтэл нэг намын, мэргэжлийн бус хүмүүс ээлжилж УОК-ыг удирдах нэрийн дор үйл ажиллагааг нь дордуулж, сульдааснаас өнөөдөр бид 575 гэсэн гашуун тоо сонсоод сууж байна.

-Танд тэгээд ямар гаргалгаа байна вэ?

-УОК-ыг яаралтай татан буулгаж, эрдэмтэд, математикч, анагаахын салбарын туршлагатай эрдэмтэд, гадаадад боловсрол эзэмшсэн шинэ залуусаас бүрдсэн мэргэжлийн комиссыг бүрдүүлэх ёстой. Ковидын тархалтаа хумьж чадсан Ухань зэрэг хотоос туршлагатай мэргэжилтэн урьж авчруулсан ч болж байна. Маш яаралтайгаар энэ комиссыг өөрчлөхгүй бол эд нар ажилдаа түүртэж, мэргэжлийн түвшинд ажиллаж чадахгүй байгаа учраас Улаанбаатар хот бүхэлдээ голомт болчихоод байна. Би энэ талаар хэд хэдэн орны туршлагыг судалсан. Гадны орнуудын шуурхай штаб, УОК гэх мэттэй төстэй бүтэц бүрэлдэхүүнийг ажиглахад улстөрчдийн оролцоо бага, харин эрдэмтдийн оролцоо их байна.
Энэ долоо хоногийн сүүлээр өдөрт 1000 тохиолдолд бүртгэгдэж мэдэхээр байна. Тиймээс улстөрчөөр удирдуулсан мэргэжлийн бус УОК-ыг даруй татан буулгаж, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн мэргэжлийн багийг яаралтай бүрдүүл гэж зөвлөмөөр байна.

-Эрдэмтдийн зөвлөл гэж бий. Тэд УОК-д зөвлөмж хүргүүлдэг шүү дээ?

-Эрдэмтэд хичнээн зөвлөөд УОК-ын толгойд ямар нэг улстөрийн хүчний хүн байхад мянган сайн юм хэлээд нэмэргүй. УОК-ыг удирдаж байгаа улстөрч хүн намынхаа даргын үгийг л нэгдүгээрт тавих учир УОК-ыг улстөр, улстөрчдөөс ангид байлгаж, мэргэжлийн баг бүрдүүл гээд байгаа минь энэ. Ковидоор далимдуулж улс төр хийж, өнөө зун болох Ерөнхийлөгчийн сонгуульдаа ашиглаж ч мэдэхээр хүмүүс шүү дээ гэж хардаж байна. Хэрвээ УОК энэ байдлаараа халдварын тоог өдөрт 1000-д хүргэвэл надаас эхлүүлээд жагсах, эсэргүүцэх залуус олон мянга байгаа шүү. Энэ байдлаараа нөхцөл байдал сунжирч, хүндэрвэл одоо байгаа Засгийн газрыг огцруулах ч багадна. Залуус болон бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч, татвар төлөгчид маш бухимдалтай, стресстэй байгаа гэдгийг Засгийн газар мэдэж байгаа байх.

Н.ЦОГЗОЛМАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Амны хаалт чийгтэй болсон даруйд шинээр солихыг зөвлөлөө

Амны хаалт нь амьсгалын замаар гадагшилж буй халдвар үүсгэгчийг хязгаарлах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах арга хэмжээний нэг нь амны хаалт хэрэглэх явдал юм. Амны хаалтыг зөв зүүж сурснаар та өөрийгөө болон гэр бүлийнхнээ элдэв халдварт өвчнөөс хамгаалж чадна.

Амны хаалт хэрэглэхэд анхаарах зүйлс:

  • Зөв зүүх
  • Зөв тайлах
  • 2 цаг тутамд болон бохирдсон тухай бүр солих
  • Зүүсэн амны хаалтны гадна хэсэгт аль болох гар хүрэхгүй байх
  • Нэг удаагийн амны хаалтыг бохирдсон тохиолдолд шууд хаях
  • Амны хаалт сольсны дараа гараа заавал савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
  • Даавуун амны хаалтыг солих бүртээ 40-өөс дээш хэмийн халуун усанд савандаж угааж, индүүдэх
  • Өдөрт дунджаар 4-5 ширхэг амны хаалт сольж хэрэглэх
  • Амны хаалт чийгтэй болсон даруйд шинээр солих
  • Цэвэр болон бохирдсон амны хаалтыг хольж болохгүй.

Өнөөдрийн байдлаар “КОВИД-19”-ийн 575 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Иймээс иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сахин халдвараас урьдчилан сэргийлэхийг НИТХ-аас уриаллаа.

Categories
мэдээ цаг-үе

МҮОХ-нд аудитын шалгалт хийж, Н.Түвшинбаярт зөвлөмж хүргүүлжээ

Үндэсний аудитын газраас Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын үр дүнд хяналт, шалгалт хийжээ. Энэхүү аудитаар цуглуулсан нотлох зүйлд үндэслэн дүгнэлт гаргаж, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярт найман зөвлөмж хүргүүлжээ.

Үндэсний аудитын газрын гаргасан дүгнэлтийг үзэхэд “МҮОХ-нь нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулах, Монгол Улсыг Олон улсын олимпийн хороонд төлөөлөх онцгой эрхтэй байгууллага болохын хувьд Төрийн бус байгууллагын тухай хуульд заасны дагуу гишүүн холбоодын төлөөллийн шийдвэрээр бүртгүүлэхээр заасан ч улсын бүртгэлд 100 хувийн хувьцаа эзэмшигч үүсгэн байгуулагчаар нэг гишүүн /иргэн Д.Загдсүрэн/ бүртгэлтэй байгаа нь хууль зүйн хувьд зөрчилтэй байна” гэж үзсэн нь анхаарал татаж байна.

Угтаа МҮОХ-ны ерөнхийлөгч асан Д.Загдсүрэн нь өнгөрсөн 2019 онд эрүүл мэндийн шалтгааны улмаас үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, 2020 оны МҮОХ-ны ээлжит бус хурлаар Н.Түвшинбаяр ерөнхийлөгчөөр нь сонгогдсон билээ. Гэтэл өдийг хүртэл улсын бүртгэлд МҮОХ-ны 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчаар нь Д.Загдсүрэн бүртгэлтэй байгаа аж. Үүний хариуд МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр “МҮОХ-ны үүсгэн байгуулагч, гишүүдийн асуудлыг хурлаар хэлэлцэж, шинэчилсэн бүртгэлд хамруулах, гэрчилгээ авах тал дээр арга хэмжээ авна” хэмээжээ.

Д.Загдсүрэнгийн хувьд хууль тогтоомж дүрмээр олгогдсон эрх мэдлээ илтэд хэтрүүлсний улмаас ТББ-ын хууль ёсны эрх ашиг сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцогдож, албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхээ хоёр жилээр хасуулж, гурван жилийн хорих ялаар шийтгэгджээ. Гэвч биеийн байдал нь тааруу, байнгын эмнэлгийн хяналтанд эмчилгээтэй байдаг аж.

Аудитаар хүргүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч, биелэлтийг 2021 оны зургадугаар сарын 30-ны өдрийн дотор Үндэсний аудитын газарт ирүүлэхийг МҮОХ-ны ерөнхийлөгчид зөвлөжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Г.Тэмүүлэн: Боловсролыг улстөржилт, намчирхлаас ангид болгоно

-СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРАЛ, ЭРХЛЭГЧИЙГ ЗАСАГ ДАРГА ТОМИЛДОГГҮЙ БОЛГОХ ЗОХИЦУУЛАЛТЫГ ХУУЛИНД ТУСГАЖ БАЙГАА-


УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.


-Сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг Засаг дарга томилдоггүй болох хуулийн төсөл өргөн барьжээ. Яагаад энэ зохицуулалтыг хийхээр болов?

-Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Уг хуулиар орох гол өөрчлөлтийн нэг нь сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг Засаг дарга томилдоггүй болох зохицуулалтыг тусгаж байгаа. Хамгийн гол нь боловсролын салбарыг улстөржилт, намчирхлаас ангид байлгах үүднээс энэ нэмэлт, өөрчлөлтийг хийж байна.

-Сонгууль бүрийн дараа цэцэрлэг, сургуулиудад халаа сэлгээ болдог жишигтэй байсан нь үнэн. Тэгэхээр энэ гажуудал арилах нь байна, тийм үү?

-Тийм. Энэ салбарыг улс төрөөс ангид байлгах нь уг хуулийн суурь зарчим. Боловсролын салбарыг чадварлаг, мэргэжлийн баг удирдах ёстой, улс төрийн оролцоо, нөлөөлөл энэ томилгоонд байх учиргүй. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 1600 орчим төрийн өмчийн сургууль, цэцэрлэг бий. Сонгууль бүрийн дараа тухайн аймаг, сум, нийслэлд аль нам гарч, засаглахаас шалтгаалж 1620 сургууль, цэцэрлэгийн удирдлагууд солигддог, тэрний ард 70 мянга гаруй багш нарын эрх ашиг хөндөгддөг тогтолцоотой боллоо. Үүнээс болж тухайн албан байгууллагын бүхий л шатанд халаа сэлгээ болж, хөдөлгөөн орно. Судалгаа хийгээд үзэхээр боловсролын байгууллагын 10-15 хувьд нь сонгуулийн үр дүнгээс хамаарч хөдөлгөөн орж байна. Цаашид энэ тоо магадгүй геометрийн прогрессоор өсөхгүй гэх баталгаагүй.

Бидний гол зорьж буй зүйл бол чанартай, хүртээмжтэй боловсрол. Боловсролын байгууллагад ажлын байрны тогтвортой байдал болоод улстөржилтөөс ангид эрх зүйн орчинг бий болгохгүй бол чанартай боловсрол бий болно гэж хүлээгээд нэмэргүй юм. Боловсролын байгууллага гэдэг төрийн албаны үндсэн эд эс нь болсон салбар шүү дээ. Тиймээс бид томилгоотой холбоотой асуудлыг эрүүл болгож, аливаа томилгоонд улс төрийн нөлөөлөл, оролцоог байхгүй болгох нь чухал байгаа юм.

-Мөн энэ хуулиар боловсролын байгууллагын удирдлагууд сонгуульд оролцдог асуудлыг зохицуулж байгаа гэж ойлгосон. Энэ талаар тодруулаач?

-Боловсролынхон ажлаа хүлээлгэн өгөлгүйгээр сонгуулийн үйл ажиллагаанд оролцдог, нэр дэвшдэг явдал бий. Төрийн жинхэнэ албан хаагчид сонгуульд нэр дэвших бол тодорхой хугацааны өмнө ажлаа өгсөн байх ёстой. Энэ зохицуулалт төрийн үйлчилгээний албан хаагч нарт, багш нар үйлчилдэггүй, ажлаа хүлээлгэн өгөлгүйгээр шууд нэр дэвшдэг, сонгогддог. Ажлаа өгөх хүртлээ сургууль, цэцэрлэгийн багш, албан хаагч, эцэг эхчүүд бүр хүүхдүүдийг ч улстөржүүлэх хандлага ажиглагддаг.

Нөгөө талдаа тухайн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч болох хүсэлтэй нөхдүүд намын харьяалалд ордог, тэндээсээ томилолт авдаг. Намын харьяаллаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон хүн захирал, эрхлэгч болдог. Энэ бол эрүүл бус тогтолцоо, үүнийг цэгцлэх цаг болсон. Үнэхээр л улс төрд орох гээд, сонгуульд нэр дэвших гээд байгаа бол ажлаасаа чөлөөлөгддөг, хүлээлгэн өгдөг байх ёстой. Цаг хугацааны тодорхой хязгаарлалт байх хэрэгтэй. Нэр дэвшсэн бол захирал, эрхлэгч болохгүй байх зохицуулалтыг хийх шаардлагатай.

-Боловсролын салбарт улс төрийн нөлөө байх нь энэ салбарт авлига, хээл хахууль цэцэглүүлэх шалтаг, шалтгаан болоод байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?

-Тийм гомдлууд бий. Зарим нэг асуудлууд гарсан шүү дээ. Захирал, эрхлэгч болж ажил олгогч болмогцоо авлига авч багш, ажилтан авдаг тохиолдлууд гарч байсан. Мөн улс төрийн намын томилгоогоор захирал, эрхлэгч болсон хүмүүс мэргэжлийн багш, ажилтныг ажилд авахаасаа илүү намын харьяаллаар томилгоо хийдэг. Тиймээс энэ асуудлуудад цогцоор нь хориг тавьж өгнө.

Одоо бид хөгжье, дэвжье, урагшаа харж явъя гэвэл ийм жалга, дов тойрсон, улстөржсөн жижиг асуудлуудаасаа хурдхан салмаар байна. Цогцоор нь шийдэх хэрэгтэй байна. Бусад хөгжилтэй улс орнуудад бараг 200 жилийн өмнө туулсан, 150 жилийн өмнө шийдсэн асуудлыг бид хэдэн жил тойрч суухав дээ. Сонгуульд ялсан нам нь засаглах эрх авангуутаа төрийн албаны мэргэшсэн ажилтнуудыг өөрчилдөг, өөрийн намын дэмжигчдээ байршуулдаг, чадваргүй, мэргэжлийн бус хүмүүсийг томилдог, улс төрийн онолоор бол “спойл” тогтолцоо цаашид оршсоор байвал төрийн албанд авлига хээл хахууль, мэргэжлийн бус тогтолцоо, шударга бус байдал үргэлжилсээр байна. Спойл тогтолцоо гэх энэ ойлголт аль тэр 200 жилийн өмнө АНУ-д болсон сонгуулийн дараа сонгуулийн ялалт байгуулахад хамгийн идэвхтэй ажилласан дэмжигчдээ төрийн албанд, удирдах ажилд томилуулснаас үүдсэн гэдэг. Ийм жишиг тогтсон байсныг 1883 онд сенатч Жорж Пендлтон санаачилсан Төрийн албаны шинэчлэлийн акт буюу “Пендлтоны хууль”ийг гаргаж өөрчилж байсан. Энэ үеэс шатлан дэвших буюу мерит тогтолцоо бүрдэж эхэлсэн гэж үздэг. Одоо бид нар боловсрол, эрүүл мэндийн салбар, багш, эмч нараа өөр түвшинд гаргамаар байна. Улс хөгжье гэвэл энэ хоёр салбар оройд нь байх ёстой, хамгийн өндөр цалин урамшууллыг багш, эмч авдаг байх, хамгийн чадалтай, мэдлэгтэй нь багш, эмч болдог эрүүл, шударга тогтолцоо, өөрчлөлтийг хийхгүй бол хөгжлийг ярих боломжгүй болно.

-Тэгэхээр цаашдаа боловсролын салбарын удирдлагуудыг хэрхэн, яаж томилдог болох вэ?

-Одоогийн хуулиар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар тухайн нутаг дэвсгэрийнхээ сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарыг томилдог. Харин энэ хууль батлагдсанаар аймаг, нийслэлийн боловсролын газар нь хамт олон дундаас нь санал авч сонгон шалгаруулдаг байдал руу орж таарна. Мөн одоогийн хуулиар аймаг, нийслэлийн боловсролын газрын удирдлагуудыг шат, шатных нь Засаг дарга томилдог. Энэ байдлыг ч халж, босоо удирдлагатайгаар мэргэжлийн яамнаас нь томилдог болгох юм. Уг хуулийн төсөл энэ долоо хоногоос хэлэлцэгдээд явна.

-Та монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих тогтоолын төслийг өргөн барьсан. Удмын сангаа хамгаалах цаг нэгэнт болсныг та хэлж, ярьж байгаа. Бид удмын сангаа хамгаалахгүй бол ямар эрсдэлүүдтэй нүүр тулах вэ?

-Сүүлийн 30 жилийн хугацаанд монголчууд бид хүнээ орхигдуулсан. Малын удмын сангаа сайжруулах тухай ярьдаг боловч өөрсдийн удмын сангаа хэрхэн хамгаалах тухай ярихаа больсон, үүнтэй холбоотой нэгдсэн цогц бодлого, тогтоол шийдвэр ч гарсан удаагүй. Хар хайрцагны бодлогоор шийдвэрлэх ёстой асуудлаа бид орхигдуулаад байна. Энэ өргөн барьсан тогтоол Монгол төрийн удмын сангаа хамгаалахад барих хар хайрцагны бодлого болохуйц шийдэл юм.

Улс үндэстний хөгжин дэвжихийн үндэс нь хүний хөгжил байдаг. Бид удмын сан дээрээ зөв бодлого барьж чадвал монгол хүний хөгжил, оюуны чадамж, бүтээмж сайжирч, Израиль, Япон, Сингапур шиг оюунлаг иргэдтэй болж, магадгүй ирээдүйд олон Нобелийн шагналтан төрөх, дэлхийн хүн бий болгох боломжтой юм. Ерөөсөө тогтоолын төслийн хамгийн гол зорилго нь өрсөлдөх чадвартай, өөрийнхөө амьдралд эзэн болдог хариуцлагатай бүтээлч, оюунлаг иргэдтэй болох, хүнээ хөгжүүлэхэд оршиж байгаа.

Удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалахгүйгээр цааш явсаар байвал цус ойртолт газар авч асуудал үндэстэн мөхөх хэмжээнд ч яригдаж болно. Манай эрдэмтдийн 2017 онд хийсэн судалгаанаас харахад баг дотроо гэрлэсэн байдал 85 хувийн үзүүлэлттэй байна. Баг дээр 10 гэр бүл болж байгаа айлын 8.5 нь буюу бараг есөн гэр бүл нь тухайн багаасаа байна. Харин аймаг доторх гэрлэлт нь 74 хувьтай байна. Өнөөдөр гурван саяулаа байгаа монголчууд 300 мянгуулаа байсан. 300 мянга байсан бид тун удахгүй таван сая болно. Тэр ч утгаараа бидэнд зөв хөгжих бодлого хэрэгтэй байна. Хэрэв энэ өргөн барьсан тогтоол батлагдвал удмын санг хамгаалах ажлыг дөрвөн жилийн хугацаанд хийж дуусгахаар эхлүүлэхээр төлөвлөлт хийгдсэн.

-Аминчхан, хувиа хичээдэг байдал ч цус ойртолтын шинж гэдэг. Энэ мэтчилэн сөрөг талууд олон бийг судлаачид онцолдог юм билээ.

-Сүүлийн жилүүдэд монгол хүний үзэл бодол, сэтгэлгээ өөрчлөгдөж, аминчхан, хувиа хичээсэн, ууртай уцаартай болсон нь илүүтэй анзаарагдах болсон. Үүнийг алсын цус ойртолтын шинж тэмдгүүд гэж мэргэжлийн судлаачид үздэг. Хүүхдийн оюуны чадамж, сэтгэл зүйн ачаалал даах чадвар зэрэгт ч цус ойртолт шууд нөлөөлдөг. Манай генетик судлалын эрдэмтдийн 2000 онд хийсэн судалгаагаар 30 хүүхэдтэй нэг ангийн гурван хүүхдэд л ойлголт удаан, тогтвор суурьшилгүй, ачаалал даах чадвар муу зэрэг цус ойртолтын шинж тэмдэг илэрч байж. Харин 20 жилийн дараа дахин судлахад дээрх үзүүлэлт гурав дахин нэмэгджээ. Тодруулбал, удмын сангийн асуудал орхигдсон өнгөрсөн 20 жилд цус ойртолт улам нэмэгдсэн байна. Энэ жишгээрээ удмын сангийн асуудлаа бид орхигдуулчихвал 30 хүүхэдтэй ангийн тэн хагаст нь иймэрхүү цус ойртолтын шинж тэмдэг илрээд эхэлбэл яах вэ. Тэр хүүхдүүд л энэ нийгмийг бүрдүүлнэ шүү дээ. Алсын цус ойртолт бий болсноороо оюуны чадамж, хүний сэтгэл зүй, өвчин эсэргүүцэх дархлаа, бие бялдрын хөгжилд хүртэл сөргөөр нөлөөлдөг. Энэ нь цааш явсаар хүн амын дундах өвчлөл нэмэгдэхэд хүргэж, 19 бүлэг өвчлөлөөр монгол хүн өртөмтгий болж байна гэсэн судалгаа гарч ирсэн байна. Цус ойртолтыг зогсоосноор бид энэ мэт олон сөрөг үр дагавраас сэргийлж чадна. Дээр дурдсанчлан монгол хүний оюуны чадамж, өрсөлдөх чадварыг нэмнэ. Судалгаагаар өөр аймгаас гэр бүл бологсдын хүүхэд нэг аймгаас гэр бүл болсон хоёрын хүүхдийн оюуны чадамжаас даруй 2030 хувь өндөр байгааг тогтоосон байгаа юм.

-Тэгвэл удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих хүрээнд ямар ажлууд хийх вэ?

-Тогтоолын төслийг та бүхэн их хурлын цахим сайтад ороод сонирхож үзээрэй. Нэгдүгээрт, Монгол хүн судлалын салбарыг сэргээн хөгжүүлэх, Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хадгалан хамгаалах чиглэлээр Үндэсний хөтөлбөр боловсруулна. Хоёрдугаарт, угийн бичгийг өрх айл бүрт шинжлэх ухааны үндэстэй, зөв аргаар хөтлүүлэн хэвшүүлэх хөтөлбөр боловсруулах ажлыг хэрэгжүүлнэ. Уг ажлыг 2024 оноос өмнө орон даяар зохион байгуулах санал санаачилгыг гаргаж байгаа. Цус ойртолтоос сэргийлэх, удмын сангаа хамгаалах хамгийн том хэрэглүүр бол угийн бичиг хөтлөх байдаг. Тийм ч учраас энэ асуудлыг чухалчилсан. Үүнтэй холбоотойгоор ургийн овог нэршлийг зөв хэрэглэх, шинжлэх ухааны үндэстэйгээр шинэчлэх асуудал мөн хөндөгдөж байгаа. Гуравдугаарт, Монгол Улсын хүн амын дотоод шилжилт хөдөлгөөнийг тэтгэх, дэмжих бодлоготой болно. Нийгэм, эдийн засгийн тогтолцоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, хүн амын боловсрол, мэргэжил, ажиллах хүчний нөөц, суурьшлын нягтралтай уялдуулж төвлөрлийн эсрэг дотоод шилжилт хөдөлгөөнийг тэтгэх бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Мөн тусгаж байгаа нэг санаа бол төрийн хар хайрцагны бодлогоор гадаадад байгаа иргэдээ буцаан эх оронд нь авчрах асуудал. Өнөөдөр 150170 мянган иргэн гадаадад ажиллаж, амьдарч байна. Дэлхий дээр энэ асуудлыг орхигдуулснаасаа болоод тухайн үндэстэн мөхөх хэмжээнд яригдаж байдаг улсууд байдаг. Руминчүүдийн тэн хагас нь Европоор тархчихсан байх жишээтэй. Бид гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэдээ эх орондоо ирэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, тэдний эзэмшсэн мэдлэг, чадварыг улсын хөгжилд бүрэн дүүрэн ашиглах бодлого боловсруулан хэрэгжүүлэх нь чухал байна. Удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалахаас гадна Монгол Улсын хүн амын өсөлт, нөхөн үржихүй, гэр бүлийн тогтвортой хөгжлийг дэмжих шаардлага тулгарч байна. Энэ хүрээнд эхийг жирэмсэн болсон цагаас нь эхлэн сэтгэл зүйн болон, шаардлагатай эмчилгээ, сувилгаанд бүрэн хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Эмнэлгийн онцгой хяналтан дор эсэн мэнд амаржих, амаржсаны дараа асаргаа сувилгаанд 714 хоног Эрүүл мэндийн даатгалаараа сувилуулах эрхтэй байх төр хувийн хэвшлийн хамтарсан тогтолцоо бүрдүүлэх шаардлагатай юм. Зургаа болон түүнээс дээш үүхэдтэй айл, өрхүүдийн эдийн засгийн баталгааг нь хангая, төрөөс байрны урьдчилгаа төлбөрийг нь даах асуудлыг хүртэл тусгасан. Эдгээр зохицуулалт бүхий тус тогтоолын төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцүүлж баталъя гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Овог нэршлийн асуудлыг хөндөнө гэлээ. Монголчуудын дийлэнх нь боржигон овогтой байна гэх шүүмжлэл байдаг. Яаж зохицуулна гэж төлөвлөж байгаа вэ?

-1925 онд Засгийн газрын нууц тогтоол гарснаас хойш монголчууд угийн бичиг хөтлөхөө больж, овог, нэршилээ хэрэглэхээ больчихсон. Ингэснээр овог, аймаг дотроо гэрлэдэггүй байсан тэр заншил алдагдаж эхэлсэн. Өнөөдөр гурван үеэсээ дээшээ мэддэг айл өрх ч ховордчихсон байна. Улсын бүртгэл дээрээс харахад нийт 3 сая хүн амын тэн хагас нь боржигон болчихож. Тиймээс бид овог, нэршилээ шинжлэх ухааны үндэстэйгээр дахин шинэчлэх арга хэмжээ авах хэрэгтэй байна. Хамгийн энгийнээр Архангай аймгийн ӨндөрУлаан сумын уугуул боржигон овогтныг Өндөр-Улаанборжигон овогт тэрний тэр гэж хэлж болж байгаа юм. Эсвэл Их тамирборжигон овогт ч гэдэг юм уу боржигон овгоо 330 сумаараа ялгаж, салгах бодлого хийж болох юм. Гэхдээ энэ бол мэргэжлийн хүмүүс, судлаачдын судалгаан дээр суурилж шийдвэрлэх асуудал.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Өрөөний өнгө хүүхдийн зан төлөвт хэрхэн нөлөөлдөг вэ?

Өнгө нь урам зориг өгөх, тайвшруулах, баярлуулах зэрэг олон нөлөөллийг үзүүлж байдаг. Тэгвэл өрөөний өнгө хүүхдэд хэрхэн нөлөөлдөг талаар сонирхолтой мэдээллийг хүргэж байна.


1.УЛААН ӨНГӨ: Анхаарал төвлөрөх чадварыг сайжруулна

Улаан өнгө эрч хүч, баяр баяслыг билэгддэг. Тархийг баясгаж, хөөргөж, эрч хүчтэй болгож, зүрхний хэмнэлийг нэмэгдүүлдэг. Гэсэн хэдий ч, хэт их улаан өнгө нь түрэмгүй зан авирыг өдөөж, анхаарал төвлөрөх чадварыг алдагдуулдаг байна.

2.УЛБАР ШАР: Өөртөө итгэлтэй, бие даасан байдлыг илэрхийлнэ

Улбар шар өнгө нь түгээмэл хэрэглэдэг өнгө биш юм. Дулаахан, нөхөрсөг, залуу насны өнгө учраас хүүхдийн өрөөнд хамгийн тохиромжтой. Энэ нь өөртөө итгэх итгэл, нээлттэй байдал, бие даасан байдлыг дэмждэг.

3.ШАР ӨНГӨ: Анхаарал төвлөрөх чадвар, санах ойг нэмнэ

Шар өнгийг баяр хөөр, аз жаргалын өнгө гэдэг. Харин судлаачид үүнийг анхаарал төвлөрөх чадвар, санах ойг нэмдэг гэж үзжээ. Тиймээс хэт их шар өнгө нь уур,бухимдлыг өдөөдгийг анхаарах нь зүйтэй.

4.НОГООН ӨНГӨ: Хүүхдийн унших, ойлгох чадварыг сайжруулна

Ногоон өнгө хүүхдийн унших хурд, утгыг ойлгох чадварыг сайжруулдгийг судлаачид тогтоожээ.

5.ЦЭНХЭР ӨНГӨ: Уур бухимдлыг бууруулна

Цэнхэр өнгө улаан өнгөний эсрэг нөлөө үзүүлдэг. Энэ өнгө нь уур уцаар, түрэмгий мэдрэмжийг бууруулж, зүрхний хэмнэл, цусны даралтыг бууруулдаг. Ялангуяа гэнэтийн, огцом, цочмог, түргэн зантай хүүхдүүдэд цэнхэр өнгө илүү тохиромжтой аж.

6.НИЛ ЯГААН: Урам зориг, бүтээлч сэтгэлгээ, мэргэн ухааны өнгө

Нил ягаан өнгө амбиц, өөртөө итгэх итгэлийн өнгө юм. Хүүхдийн мэдрэг, мэдрэмжтэй байдал, урам зоригийг хөгжүүлнэ. Хэрвээ хүүхэд угийн мэдрэг бол, энэхүү өнгийг ашиглах хэрэггүй.

7.ЯГААН ӨНГӨ: Тайвшруулах өнгө

Охидын өрөөнд ягаан өнгийг төлхүү хэрэглэдэг ч, хүйс хамаарахгүй хүүхдийг тайвшруулах ач тустай өнгө юм.

8. ДУЛААН ӨНГӨ: Тохилог, тав тухыг өдөөнө

Дулаан өнгө аз жаргал, тав тух, тохилог байдлыг бий болгодог. Энэ нь орон зайг илүү нээлттэй, том болгож харагдуулдаг. Мөн дан ганц бор, шаргал өнгөөр хязгаарлагдахгүй.

9. ХҮЙТЭН ӨНГӨ: Тайвшруулна

Энэ өнгө нь тайвшруулах үр дүнг хүүхдэд үзүүлдэг. Мөн орон зайг том харагдуулдаг ба зөөлөн өнгийг хольж өгснөөр халуун дулаан, тав тухтай мэдрэмжийг өгдөг.

Н.Цогзолмаа

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

А.Ариунзаяа: Төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулж байж л авлига, хүнд суртлаас сална

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай ярилцлаа.


-Л.Наранбаатар саяхан сошиал орон зайдаа Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын байцаагч компанийнх нь нягтлангаас авлига нэхсэн тухай баримттай дэлгэсэн. Та ч бас авлига нэхсэн байцаагчид хариуцлага тооцсон гэх мэдээллийг сошиал хаягаараа дамжуулж өгсөн харагдсан. Таны постны доор “Скрийн шотыг фотошопоор хийчихсэн юм биш үү, хүнийг худлаа гүтгэж болохгүй” гэсэн агуулгатай шүүмжлэл цөөнгүй харагдсан л даа. Нэр нь дурдагдсан байцаагч үнэхээр тийм үйлдэл хийсэн үү, эсвэл өөр шалтгаан байв уу?

-Гэнэт л мэдээ цацагдаж, хүмүүс утсаар яриад эхэлсэн л дээ. нийгмийн даатгалын ерөнхий газар руу хандаж шалга, үнэхээр тийм үйлдэл гаргасан бол хариуцлага тооц гэсэн чиглэл өгөх үед ндЕг-ынхан Ёс зүйн хороогоо хуралдуулж, үйл явц аль хэдийнэ эхэлчихсэн байсан. Байгууллагын, мянга мянган төрийн албан хаагчдын нэр төртэй холбоотой учраас тэгж анхаарахаас ч аргагүй. ндЕг-ын удирдлага мэдээлэл цацагдсан даруйд нэр дурдагдсан байцаагчийг дуудаж уулзсан юм билээ. Хяналт шалгалт хийж, Даргын зөвлөл нь хуралдаж шуурхай арга хэмжээ авсан. Л.Наранбаатарын постондоо оруулсан чат бичилцсэн зурагнаас гадна хэд хэдэн баримт байгааг хэлэх нь зөв байх.

-АТГ-т өргөдлөө өгчихсөн гэж дуулдсан…?

-Тийм гэсэн. гар утсан дээр нь ирсэн мессэжний бичлэг энэ тэр гээд цөөнгүй баримттай юм билээ. Энэ бол манай салбарын хувьд маш том доргилт. Баримттай байх, олсон баримтаа мэдээлэх, үл тэвчих, өөрсдөө авлига өгөхгүй, авахгүй байх эерэг өөрчлөлтийн том эхлэл боллоо. Me too хөдөлгөөнтэй өнгө ижил зүйл болсон, эхлэл нь тавигдсан гэж харж байна. Бусад нь зориг ороод мэдээлбэл арга хэмжээ авч хариуцлага тооцоод явна. Нөгөө талаас дахин ийм үйлдэл гаргахгүй байх тал дээр том сургамж болсон байх.

-Та фэйсбүүк, жиргээндээ нийгмийн даатгалын байцаагчидтай холбоотой гомдлуудыг нээлттэй авч, дор бүрд нь хариуцлага хүлээлгээд явна гэсэн утгатай байр суурь илэрхийлсэн байсан. Компаниудын хувьд дараа дараагийн ажилд нь төвөг болно гээд гомдол санал өгөх нь юу л бол?

-Тийм хандлага байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ гомдол саналаа баримт нотолгоотой хэлж байж л асуудал шийдэгдэнэ. Намайг сайд болсноос хойш яг баримттай, нотолгоотой мэдүүлж хандаж байгаа анхны тохиолдол нь Л.Наранбаатарынх. Ер нь энэ асуудлыг системээр нь өөрчлөх шаардлагатай. Өөрчлөх гол гарц нь цахимжих. Авлигын хуульд өгсөн, авсан хоёулаа шийтгүүлэхээр заачихсан учраас компаниуд өгсөн авлигаа мэдээлж зүрхэлдэггүй тал ч бий байх. Бодлогын түвшинд гэж яривал авлига өгснөө мэдүүлсэн хүнийг шийтгэхгүй байх тал дээр шүгэл үлээгчийн хууль хэрэгтэй гэж хараад ажил нь эхэлчихсэн яваа. Авлигатай тэмцэх асуудлаар оны өмнө АТГ-тай уулзаж, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллах яриа хөөрөө өрнүүлсэн. Байгууллага бүрийнхээ үүдэнд санал гомдол хүлээж авах хайрцаг нээе гэж ярьж байсан ч ковидын хөл хорионоос шалтгаалж хараахан ажил болоогүй байгаа. Удахгүй санал гомдлын хайрцгууд ажиллуулж эхэлнэ. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, НДЕГ-ын Ёс зүйн хороо авлигатай холбоотой маш олон асуудлыг хэлэлцэж арга хэмжээ авсан түүхүүд бий.

-Нийгмийн даатгалын байцаагчидтай холбоотой авлигын шинжтэй, хүнд суртлын өнгө аястай кейсүүдийг компанийн захирлууд өөр хоорондоо хөшигний ард яриад өнгөрөх нь түгээмэл байдаг л даа. Магадгүй таны хэлээд байгаа санал хүсэлтийн хайрцаг ажиллаад эхэлбэл илүү олон кейс ил болох байх…?

-Хэн нэгэнд давуу байдал үүсгэж асуудлыг нь хурдан шийдэж өгөх, эсвэл хэн нэгний цагийг барж чирэгдэл учруулах гэх мэт сонин хандлагууд байгаад байна л даа. Энэ бол зөвхөн манай салбар гэлтгүй нийтлэг болчихсон үзэгдэл. Машинаа оношилгоонд оруулахдаа хүртэл мөнгө өгч, танил тал хардаг. Бидний өөрсдийн бий болгосон, өөгшүүлсэн хандлага сүүлдээ авлига болоод цэцэглэчихсэн. Хувь хүнээс хамаарах зүйл гэвэл нөлөөллийн ажил хийх, хуулиа чангалах, хариуцлага тооцох гэх мэт арга хэлбэр байж болох байх. Нөгөө талд сууриар нь шийдэх хамгийн чухал асуудал бол түрүүн онцолсон цахимжилт. Зөвшөөрөл авахдаа өргөдлөө онлайнаар өгчихдөг болох, зөвшөөрөл өгсөн баримтууд нь хэн гэдэг хүн дээр очсон нь мэдэгдэхгүй байх гэх мэтээр зөвшөөрөл өгөх процесс 100 хувь цахимаар явагдаад эхэлбэл авлига гэсэн асуудал алга болно.

-Цахимжих ажил хэр эрчтэй явж байгаа бол?

-Тун давгүй шүү. Цахимжуулах боломжтой ажлуудаа цахимжуулчихсан. Өнгөрсөн жил гэхэд л халамжийн системийг цахимжуулж еhalamj системийг нэвтрүүллээ. Иргэд цалинтай ээж, одонтой ээж, насны хишиг гэх мэт долоо найман төрлийн үйлчилгээг цахимаар бүртгүүлж, дансаар авч байна. Нийгмийн даатгалын салбарын цахимжилт харьцангуй сайн хийгдсэн. Намайг сайд болохоос ч өмнө нийгмийн даатгалын гар утасны аппликейшн жигдэрсэн байсан. Ажлаа авснаасаа хойш сайн дурын даатгалын гэрээг цахимаар байгуулж, төлбөрөө төлөх боломжийг бүрдүүллээ. Нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулсан. Байгууллагын нягтлан сар бүр харьяа нийгмийн даатгалын хэлтэс дээрээ очиж баталгаажуулж тамга даруулах шаардлагагүй болсон гэсэн үг. Мэдээлэл алдагдвал, аливаа эрсдэл үүсвэл яах вэ гэдэг агуулгаар жилд нэг удаа л цаасан тайлан авна. Гэхдээ аливаа систем дөнгөж нэвтэрч байхад нэвтрүүлэлттэй холбоотой асуудал гарна л даа. Зарим салбар маань одоо хүртэл тайланг цаасаар авч байна гэсэн шүүмжлэл бий. Иргэдийн хувьд ч даатгалаа цаг хугацаандаа төлөгдөж байгаа эсэхийг цахимаар хянах боломж бүрдчихсэн. Бусад төрийн байгууллагууд цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын төлөлтөө аваад ир гэх мэт шаардлага тавьдаг. Энэ тохиолдолд цаасаар бүрдүүлэх гэж цаг заваа үрэх шаардлагагүй, цахимаар асуудлыг шийддэг болсон.

-Цахимжуулахын хэрээр ажлын байрыг цомхотгоно гэсэн ойлголт байгаа. Хэн ч ажлын байраа алдахыг хүсэхгүй. Тиймээс салбарынхан энэ ажилд хойрго байгаа юм биш биз?

-Ажлын байр, орон тоог хасахгүй. Яагаад гэвэл өнөөдөр үйлчилгээний танхимд ажиллаж байгаа ажилчдын маань ажлын ачаалал маш өндөр байгаа. Харин цахимжуулалт хийсний дараа тэдний маань ачаалал хэвийн болж тэр хэрээр үйлчилгээний чанар, хүртээмж хаа хаанаа аятай тухтай болно. Таны хэлж байгаачлан “Эхэндээ учрыг нь нарийн ойлголгүйгээр таныг салбараас хол хүн байна даа гэж ойлгож явсан минь буруу байжээ” гэсэн чат хүртэл ирж байсан шүү.

-Хөдөлмөрийн магадлалын комисс гэснээс зарим суманд хүн амынх нь бараг 60 хувь нь хөдөлмөрийн чадвар алдалттай байна гэсэн мэдээлэл дуулдсан. Яаж ч бодсон бодит байдал дээр итгэж үнэмшимгүй статистик. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Арай ч 60 хувь биш л дээ. Хамгийн өндөр нь гэвэл нэг сумын хүн амын 11 хувь нь хөдөлмөрийн чадвар алдсан гэж тогтоолгож тэтгэмж авдаг. Улсын дунджаар гэж яривал хүн амын 3.2 хувь нь энэ төрлийн тэтгэмж авдаг юм. Улсын дунджаас хэд дахин өндөр тохиолдол нэг аймгийн нэг суманд байна гэдэг асуудал мөн үү гэвэл мөн. Датагаа сайн цэгцлэх, датан дээрээ суурилаад анализууд хийх эрэлт маш өндөр байгаа л гэсэн үг. Тэр суманд яагаад тийм өндөр хувь гарав гэдгийн судлах шаардлагатай. Байгалийн нөхцөл нөлөөлөв үү, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахгүй ажиллаж байна уу, эсвэл өөр шалтгаантай юу гэдгийг судалж гаргаж ирэх нь төрийн үүрэг. Шинээр баталж байгаа дүрмээр хөдөлмөрийн магадлалын комиссын эргэн тойронд гарч байдаг олон асуудлыг үндсээр нь засаж сайжруулж чадна. Комисс ирж үйлчлүүлж чадахгүй хүн рүүгээ очдог болно. Цахимаар үйлчилгээ үзүүлнэ. Төв болон салбар, орон нутгийн комиссын бүрэлдэхүүнд даатгуулагч, ажил олгогчийн төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийг багтааж комиссоо байгуулах ёстой гэх мэт. Цаашлаад хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоодог комиссын ажлыг цахимжуулах суурийг тавьж өгсөн.

-Халамжийг зах замбараагүй олгож байна. Ландтай, мянган малтай хүн танил талаараа элдэв халамж хүртээд явдаг гэсэн дам яриа шүүмжлэл их дуулддаг. Халамж яг зорилтот хэсэгтээ очдоггүй, хэтэрхий хавтгайрсан гэх шүүмжлэлд та ямар тайлбар хэлэх вэ?

-Өнгөрсөн хугацаанд халамжийн үйлчилгээг цахимжуулах ажил урагштай хийсэн. Дата анализ хийх боломжийг ч бүрдүүлж өгч байна. Жишээ нь, бид яг одоо хүнсний эрхийн бичиг дээр ажиллаж байна. Хүнсний эрхийн бичиг авдаг хүмүүс яг хэн бэ гэдгээс эхлээд нарийн судалж байгаа. Одоо хүчин төгөлдөр байгаа журмын дагуу өрхийн орлогыг орлуулан тооцох судалгаа хийж, тухайн өрхөд очиж судалгаа авч, орлогоор нь биш орлогын бус аргаар эд хөрөнгөөр нь амьжиргааг нь тооцдог. Энэ судалгааны хувьд өндөр өртөгтэй, 2018 онд шинэчилж байсан гэсэн шалтгаан бий. Гэтэл төрд тодорхой мэдээллийн баазууд нэгэнт үүсчихсэн, эрх зүйн арга замууд нь ч нээгдчихсэн байгаа. Тийм учраас төр өөрт байгаа мэдээллээ ашиглаад тухайн өрхийн амьжиргааг тодорхой хэмжээнд үнэлэх ажлыг хийе гэж зорьж байна. Наад захын жишээ гэхэд л тэтгэмж, халамж авдаг хүн хэдэн малтай, ямар сууцанд амьдардаг, ямар машинтай, тухайн өрхийн хэдэн гишүүн нь ажил хөдөлмөр эрхэлдэг вэ гэсэн олон асуултын хариуг нэгэнт бүрдчихсэн мэдээллийн баазаас харчхаж болно. Өөрөөр хэлбэл, иргэний амаар биш бодит мэдээлэл дээр нь тулгуурлаж тухайн иргэний амьжиргааны түвшинг тооцно. Ингэвэл таны асуусанчлан ланд унаж, мянган мал бүртгүүлсэн хэрнээ хүнсний дэмжлэг авах болон бусадтөрлийн халамжид хамрагдах ямар ч боломжгүй болно. Та нийгмийн ямар нэг төрлийн халамж авахыг хүсэж байгаа бол еhalamj системээр хүсэлтээ гаргаж өөрийнхөө талаар төрд байгаа мэдээллийг ашиглаж болно гэсэн зөвшөөрлөө өгнө гэсэн үг. Дашрамд дурдахад, хүнсний эрхийн бичиг тараах үйл ажиллагаа банкны картаар дамжуулж хүргэж байна. Тун удахгүй цахим картаар өөрийн сонгосон дэлгүүрээс заагдсан нэр төрлийн хүнсээ авдаг болж байгаа.

-Дэлгүүрүүдийг нь тендерээр шалгаруулж заагаад өгчихдөг, өнөө дэлгүүр нь том даргын танил тал голдуу улсын нэр дээр байдаг, бараа нь хэт үнэтэй гэх мэт асуудал сонсогддог…?

-Одоогоор хүнсний дэлгүүрүүдийг сонгон шалгаруулж байгаа. 800 хүнсний дэлгүүр бий. Хүнсний дэлгүүртэй холбоотой маш олон гомдол ирдэг. Та сая хэлчихлээ. Өнөөдөр бүх дэлгүүрийн касс татварын цахим системд холбогдсон. Энэ боломжид тулгуурлан и-баримт буюу кассын төлбөртэй нь уялдуулаад дурын дэлгүүрээр хүнсний эрхийн бичгээр үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхэд хэцүү биш. Бид энэ ажлыг ойрын хоёр сардаа нэвтрүүлчихнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Халамж авах шаардлагатай хүмүүс цахим системийг ашиглаж чадахгүй гэсэн шүүмжлэл дуулддаг…?

-Уламжлалт аргыг ашигласаар байх болно. Дүүрэг, аймгийн бүх хэлтсүүд дээр очиж үйлчилгээ авах боломж нь нээлттэй. Манай хэлтсүүд бүгдээрээ цахимжсан учраас ямар ч асуудал байхгүй. Хэрэглэгчдэд сонголт байгаа.

-Сүүлийн үед амиа хорлолтын асуудал хүчтэй яригдаж байна. Жилд 400 гаруй хүн амиа хорлодог гэв үү?

-Үндэсний статистикийн 2020 оны суурь судалгааны тайланд дурдсан сүүлийн 10 жилийн тоо мэдээнээс харвал дандаа 400-гаас дээш тохиолдол бүртгэгдсэн байдаг. Бид нийгмийн эрүүл мэнд, нийгмийн сэтгэл зүйг маш сайн анхаарах хэрэгтэй.Ер нь Барууны өндөр хөгжилтэй орнуудад хүн бүр хувийн сэтгэл зүйчтэй, сэтгэл зүйн эмнэлгүүд ажилладаг. Гэтэл манайд Шар хад гэсэн ганц л газар байна. Тэгэхээр нийгмийн сэтгэл зүйг өргөн хүрээнд хөгжүүлэх ёстой шинжлэх ухаан гэж харах учиртай. Тийм ч учраас Etus­lamj дээр амиа хорлолттой холбоотой бас нэг цэс нээх гэж байна. Сэтгэл зүйчээс зөвлөгөө авах гэх мэт чухал хэрэгцээ шаардлага байгаа учир хандах сувгийг нээж өгөхийн төлөө ажиллаж байгаа. Залуу хосууд асуудал гарч ирэхэд яаж даван туулахаа мэддэггүй. Жирэмсэн, төрсөн эмэгтэйчүүдийн хувьд дааврын өөрчлөлт нь сэтгэл гутралд хүргэдэг нь шинжлэх ухаанаар нотлогдчихсон. Залуу хосуудын харилцаа сэтгэл зүйд анхаарсан төвүүд ажиллуулах, жирэмсэн эмэгтэйчүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг тогтолцоо бүрдүүлэх гэж ирээд яривал асуудлыг сууриар нь харж цогцоор нь шийдэх эрэлт өндөр байна л даа. Гэмт хэрэг гарах хэрээр шорон нэмж барьж, гэр бүлийн хүчирхийлэл ихсэх хэрээр түр хамгаалах байруудыг олноор нь бариад байх нь гарц биш л дээ. Сууриар нь яаж шийдэх вэ гэсэн хандлагаар ажиллах хэрэгтэй. Наад захын жишээ гэхэд хүүхдэд багаас нь хандлагын өөрчлөлтүүдийг өгч, хэвшмэл ойлголтуудаас салгамаар санагддаг.Хүүхэдтэйгээ хамт суугаад ярилцаж ойлгуулахаас илүүтэй загнаж зандарч зодсон нь хэд билээ. “Би ч гэсэн алганы амт үзэж өссөн муудаагүй л байна” гэдэг. Энэ бол хүлээн зөвшөөрөгдсөн хэвшмэл ойлголт. Нийгэм хувьсан өөрчлөгдөж байхад ийм хэвшмэл ойлголтууд ч хувьсан өөрчлөгдөх ёстой. Хүүхэд хөгжлийн судалгаа явуулж байхад охид хөвгүүд дээр их том ялгаа анзаарагдаж байсан. Эцэг эхчүүд охиддоо илүү их цаг гаргаж, илүү зөөлөн ханддаг бол хөвгүүдээ чанга гараар хүмүүжүүлэх гээд байдаг. Эр хүн уйлдаггүй, гэр бүлээ авч явах ёстой гэж шахаж буруу юм хийвэл биеийн шийтгэл хүлээлгэдэг. Ингэж өссөн хүүхэд асуудлыг биеийн шийтгэлээр шийдэх ёстой гэсэн ойлголттой хүн болж өсдөг. Энэ гинжин хэлхээг л таслах хэрэгтэй. Энэ мэт учир шалтгаануудыг ярьж, учир шалтгаануудтай тэмцэх ажил хиймээр санагддаг. Түүнээс биш гэр бүлийн хүчирхийлэл үйлдлээ гээд барьж хорьж торгоод асуудлыг шийдэх боломжгүй. Зарим улс Гэр бүлийн яам байгуулж, олон орон Гэр бүлийн хөгжлийн төв ажиллуулдаг нь цаанаа ийм учиртай. Манайд ч ийм бүтэц ажиллуулах шаардлага бий. Монгол гэр бүл хэдэн төрөлд хуваагдаж байна, үнэ цэнэ нь юунд оршдог, тулгамдаж байгаа асуудал нь юу вэ гэдгийг системтэйгээр судалж, асуудлыг шийдэх арга гарцуудыг хаймаар байгаа юм.

-Шийдвэр гаргах түвшний хүмүүс асуудлыг уг сууриар нь харж системтэйгээр хөгжүүлье гэж ярьдаг л даа. Гэхдээ ярьсан бүхэн нь ажил болдоггүй гэм их тод анзаарагдаад байдаг…?

-Урт хугацааны системтэй бодлого гээд ярихаар Засгийн газрын дундаж хугацаа маш богино гэсэн том асуудал бий. Нэг засгийн газрын дундаж нас 1.8 жил гэдэг билүү.Нэг засаг нь гарч ирээд өмнөхөө үгүйсгээд өөр ажил сэдээд явдаг.

-Тэр хавьцаа л яригддаг. Өнгөрсөн гучин жилд байгуулагдсан Засгийн газруудын түүхийг харахаар хоёрхон Засгийн газар бүрэн эрхийг хугацаагаа дуусгаж бүтэн ажилласан байдаг. Нэг нь таны өвөө П.Жасрайн тэргүүлсэн Засгийн газар байсан…?

-Хамгийн богино нь дөрвөн сарын хугацаатай ажилласан шиг санагдаж байна.

-Сая төгрөг өгч залуусыг хөдөлмөрт бэлдэнэ гэсэн Засгийн газрын бодлогыг шүүмжлэх хүн олон байна л даа. Татвар төлөгчдийн мөнгийг халамж авдаг баахан хүнд тараах нь гэсэн агуулгатай шүүмжлэл давтамжтай дуулдаж байна. Энэ тал дээр та байр сууриа илэрхийлээч, ямар учиртай төсөл хэрэгжих гээд байна вэ?

-Ер нь бол манай яам ойрын дөрвөн жилийн зорилтоо “Халамжаас хөдөлмөрт” гэсэн хоёрхон үгээр илэрхийлж томьёолоод байгаа. Өмнө нь ч явж байсан бодлого. Үе үеийн сайд нар “загас өгөхөөс илүү загас барих аргыг нь зааж өг” гэсэн зарчмыг барихыг хичээж ирсэн. Зүгээр мөнгө өгснөөс ажлын байртай болгож өөрөө өөрийгөө тэтгэж авч яваа боломжийг бүрдүүлж өгөх нь ядууралтай тэмцэх хамгийн сайн арга. Саяхан манай хөрш Хятад улс нэн ядуурлыг устгалаа гэсэн мэдэгдэл хийлээ. Хамгийн гол үндэс нь ядуу хүн ядуурлаас гарах чин хүсэлтэй байх ёстой гэж тайлбарлаж байсныг та ч сонссон байх. Ядуу гэр бүлд төрсөн, боломжоос орхигдсон, группд байдаг ээжийгээ асрах ёстой, дүү нь хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт яалт ч үгүй нөхцөл байдалд орсон залуус хөдөлмөрлөж цалин мөнгө авч сайхан амьдралд хүрэх боломжийн талаар мэдэхгүй яваа нь яалт ч үгүй бодитой үнэн. Товчхондоо зорилтот бүлгийн ийм залуусыг сонгож аваад ажилд бэлдэнэ. Энэ хөтөлбөр ганц манайд хэрэгжиж байгаа юм биш. Боломжоос орхигдсон залууст боломжийг нь олгодог, хөдөлмөрт бэлтгэдэг ийм хөтөлбөрийг олон улс хэрэгжүүлсэн. Хүмүүс хөдөлмөрт бэлтгэх гэдгийг мэргэжил олгох гэж буруу ойлгоод байх шиг. Тогтвортой хөгжлийн зорилтуудын аравдугаар зорилго нь гэхэд тэгш бус байдлыг арилгахад чиглэсэн. Зорилтот бүлгийн залууст тэгш боломж олгогдолгүй өнөөг хүрсэн нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүй үнэн.

-Ажил хийх учраа олохгүй, хаана хандахаа мэдэхгүй, хандах боломжгүй залуусыг хөдөлмөрт бэлтгэнэ, хандлагыг нь өөрчилнө, ажиллаж мөнгө олох арга боломжуудыг нь зааж хэлж өгнө гэж ойлголоо…?

-Ер нь тийм. Наад зах нь л төсөл бичих, ажлын хүсэлт бөглөх гээд зайлшгүй хэрэгтэй зүйлсийг сургана. Сургалт нь дотроо харилцан адилгүй. Огт боловсролгүй, МСҮТ, Их дээд сургууль төгссөн ч ажилгүй яваа зорилтот бүлгийнхний сургалтын агуулгууд ондоо. Тэр агуулгаар нь контентоо дөрөв тав задалж байгаа.

-Ажлын байртай нь шууд холбож өгөх үү?

-Сургаад орхичихгүй гэдэг утгаараа хөтөлбөрийн хүрээнд менторшип орж ирж байгаа. И-монгол дээр нэг шинэ цэс нэмнэ. Ажил олгогч талаас ажлын байрны зарууд орж ирнэ. Хөтөлбөрт хамрагдсан залуусыг шууд ажлын байраар хангана гэсэн үг. Ажилгүй үлдсэн залуусыг давтан сургах хөтөлбөрт хамруулна. Менторшип гэдэг нь ажил олгогч эздийн холбоо, үйлдвэрчний эвлэл дэмжиж орж ирж байгааг хэлээд байна л даа. Шинэ ажилтан өөрийгөө хөгжүүлж, хамт олны нэг хэсэг болохын тулд яалт ч үгүй менторууд хэрэгтэй.

-Сая төгрөгийн урамшуулалтай энэ хөтөлбөрийг Ерөнхийлөгчийн сонгуулийн пиар гэж харах хүмүүс цөөнгүй байна. Энэ хөтөлбөр хэзээнээс хэрэгжиж эхлэх юм бол?

-Ковидын нөхцөл хүнд байгаа учраас ойрын үед эхлүүлэхгүй. 500 хүнийг нэг дор цуглуулахаас гадна олон багш нар вакум сургалтын байр руу ирж очих гээд хөдөлгөөн ихтэй байна. Ямар ч байсан энэ хөтөлбөр дунд хугацаандаа, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед том амжилт дагуулах сайн төсөл болно гэдэгт бүрэн итгэлтэй байгаа. Ажил олгогчид сургалтад хамрагдсан тухайн залууг аваад нэг жилийн турш ажиллуулах юм бол хөдөлмөр хөлсний доод хэмжээгээр тооцсон нэг жилийн нийгмийн даатгалын шимтгэлтэй тэнцэх урамшууллыг авна. Тухайн залууд нэг сая, ажиллуулсан байгууллагад нэг сая төгрөг өгнө гэсэн үг. Мэдээж гэрээний заалтуудыг биелүүлсний дараа өгнө. Ажилтай орлоготой болсон залуу урамшаад цааш хөгжинө, улам сайхан руу тэмүүлнэ дээ. Тийм ч учраас хөтөлбөрийн хүрээнд бэлтгэгдсэн, тогтвортой орлоготой болсон залуус орон сууцтай болохыг дэмжихээр хөтөлбөрт тусгасан байгаа.

-Тэтгэвэрт гарахдаа цайны сүү, ойр зуурын хэрэглээнд л хүрэлцдэг мөнгөтэй байх уу, дажгүй хуримтлал үүсгээд тэтгэвэрт гарсан хойноо хангалуун сайхан аж төрөх үү гэсэн асуултын өмнө нийгмээрээ ирчихээд байна л даа. Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл дээр ямар ажлууд хийхээр төлөвлөөд байгаа вэ?

-Манай нийгмийн хамгийн том асуудал л даа. Тэтгэврийн тогтолцоог шинэчилнэ гэсэн зорилт тавьчихсан яваа. 2030 он хүртэл төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлогыг 2016 онд баталсан. Тэр баримт бичигт Монгол Улс олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжинэ гэсэн зорилт бий. Бэлтгэл ажлууд нь хангагдсаар өнөөг хүрсэн. Харамсалтай нь 1995 оноос хойш нийгмийн даатгалын хуулиар дэндүү олон удаа оролдлоо л доо. Маш олон удаа улс төрийн зорилготой элдэв шийдвэр гарсан. Урт хугацаандаа тавьсан зорилтыг биелүүлэх боломж олгохгүйгээр дундуур нь ингээд эвдээд явчихсан учраас өнөөдрийн систем хүндрэлд орчихсон. Мөдхөн бид нийгмийн даатгалын багц хуулийг өргөн барина. Үзэл баримтлалуудаа батлуулчихсан. Суурь тэтгэвэр, үндсэн нийгмийн даатгалын одооны уламжлалт хэсэг, хувийн тэтгэврийн сан гэсэн гурван давхаргат тогтолцоотой байх болов уу гэж харж байна. Хүсвэл хуримтлалын сангуудаар дамжуулаад хувийн тэтгэврийн санд хамрагдах боломжтой. Хуримтлалын санд хуримтлуулсан мөнгө өвлөгдөнө, хөрөнгө оруулах ч юм уу нэг дор нь авах боломжтой. Уламжлалтын хувьд 1979 оноос хойш төрсөн хүмүүс нэрийн данснаасаа, 1979 оноос өмнө төрсөн хүмүүс сонголтоороо тогтоолгоно. 1969 оноос өмнө төрсөн нь сүүлийн төдөн жилээр гэх мэт сонголтоор явна. Яг өнөөдөр тэтгэвэр авч байгаа хүмүүст нийгмийн даатгалын шинэчлэл нөлөөлөхгүй. Тэдэнд тэтгэврийн зөрүүг арилгах бодлого нөлөөлнө.