Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

DNN- Тодруулга: Ковид иргэдийг дайраад эрх баригчдыг тойроод өнгөрдөг юм уу?

Одоогоор эдийн засгаа аварч, энгийн амьдралдаа эргэн орох ганц найдвар бол вакцин гэж дэлхийн нийт найдаж буй. Манай улсад өнгөрөгч сарын сүүлээр вакцины эхний тунг хүлээн авч, одоогоор 11 мянга гаруй хүнийг вакцинжуулалтад хамруулаад байгаа ч нэгэнт дотооддоо алдсан халдварын тархалт буурахгүй явсаар батлагдсан тохиолдол 3000-ыг даваад байна. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн “Нэг хаалга- Нэг шинжилгээ” ажлын үр дүн болон вакцинжуулалтын тал дээрх иргэдийн байр суурийг тодрууллаа.

Баянзүрх дүүргийн XXVII хорооны иргэн С.Отгонням:

-Өнгөрсөн долоо хоногоос манай улсад вакцин хийгдэж эхлээд одоогоор 10 мянга гаруй хүнд л хийгдсэн юм байна. Энэ удаашралтай явцыг харахад бүх иргэдээ вакцинжуулахад хоёроос гурван жил болно гэсэн тооцоолол гарсан гэнэ лээ. Үүгээр манай улс эдийн засгийн хувьд дорой, олон улсын харилцаа ч муу байна гэсэн үг.

Вакцин үндсэндээ хүмүүсийн амьдрах тасалбар болчихлоо. Тэгэхэд Япон улс 2020 оны сүүл гэхэд бүх иргэддээ хүрэлцэхүйц 150 сая вакциныг хэдийнээ захиалаад одоо тэр нь хэрэгжээд улс орнууд хэвийн амьдралдаа ороод байна. Ер нь манайх шиг юм л бол хааж хорино гэдэг улс дэлхий дээр алга.

Саяхан МАН-ын 100 жилийн ой гээд эрх баригчид нь өөрсдөө маскгүй талбай дээр зогсож байсан. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэдэг шиг ард иргэддээ үлгэрлэх ёстой хүмүүс нь ийм байхад яаж иргэдийг ухамсартай бай гэж хэлэх инээдтэй биш гэж үү?

СХД-ийн VI хорооны иргэн Ч.Очирренчин:


-“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр халдвартай олон хүнийг илрүүлээд байгааг манайх өнгөрсөн нэг жилийн хугацаанд манай улс ямар ч үр ашиггүй хөл хорио тогтоосон. Нэг хориод л нэг тавиад л яг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй байсан болохоор халдвартай хүмүүс нь мэдэхгүй гадуур яваад улам нэмэгдээд байна. Хэзээ оюутнууд нь вакциндаа хамрагдаад хичээл сургуульдаа явж болох вэ?

Дөрвөн жил сурч дээд боловсрол эзэмших ёстой оюутнууд хоёр жил гэртээ хоригдлоо. Цахимаар сурсан энэ үеийн оюутнууд ирээдүйд яаж ажил дээр гарах вэ? Тэгчхээд дарга нар нь Сүхбаатарын талбай дээр маскгүй бөөгнөрөөд болоод байдгийг ойлгохгүй юм.

Налайх дүүргийн VI хорооны иргэн О.Сэрүүнээ:

-“Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлыг үр дүнтэй байсан гэж бодож байна. Цар тахлын хумих төр засгийн хамгийн зөв, шийдвэртэй алхам болсон. Хэрвээ Цагаан сараар баярлаад өнгөрсөн бол өдийд барьж дийлэхгүй хэмжээнд очих байсан байх. Вакцины хувьд онцгой нөхцөл байдалд ажиллаж байгаа эмч, цагдаа гэх мэт албан хаагчдад тарьж эхлүүлсэн байна лээ.

Манай ах цагдаагийн албан хаагч. Гэтэл өөрийнх нь саналыг сонсохгүй вакциныг нь сонгох чэрх олгохгүй тарьсан. Өөрөө бол тариулах дургүй байсан. Тариулснаас хойш хоёр хоногийн дараа халуурах, толгой өвдөж, бие сульдах шинж тэмдгүүд илэрсэн. Манай гэр бүлийнхэн гомдолтой байгаа.

Ийм байхад надад вакцин хийлгэх найдваргүй санагдаж байна. Дээр нь намынхаа ойг тэмдэглэж байна гээд талбай дээр бөөгнөрч байгааг харахаар корона иргэдийг дайраад, эрх баригчдын болохоор тойроод өнгөрдөг юм байлгүй дээ.

Сүхбаатар дүүргийн IX хорооны иргэн Ц.Сарнай:

-Хорио тавигдснаас хойш Цагаан сарын золголтууд их явагдаж үүнээс үүдэлтэйгээр халдварын тоо буурахгүй байгаа болов уу. Орон нутаг рууявах иргэд шинжилгээ өгөхдөө тэврэлдэх нь холгүй бөөгнөрөл үүсгэж байна. Шинжилгээ өгөх гэж дугаарлаж байхдаа халдвар авах магадлал өндөр байна. Тиймээс шинжилгээ авах ажлаа оновчтой зохион байгуулмаар байна. Вакцинжуулалт маш удаашралтай байна. Санаатай ингэж удаагаад байгаадаа биш ч гэсэн энэ чигээрээ байвал тал иргэдээ хамруулах гэж хоёр, гурван жилийн нүүрийг үзэх бололтой.

Зарим хүмүүс бас 14 хоногийн өмнө хийлгэсэн шинжилгээндээ найдаад гадуур сэлгүүцэх, ахуйн хүрээнд архидах, зарим нь тахлыг энгийн л ханиад гэж үзэх буруу хандлагууд яваад байна. Маскийг хоёр цаг тутамд сольж байгаа хүн алга, хэд хоног нэг масктайгаа хэлбэр төдий л зүүгээд өнгөрч байна. Төр засгийн шийдвэрээс гадна иргэд ч өөрсдөө ухамсартай баймаар байна.

Ч.БИНДЭРЪЯА

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Говь-Алтай аймаг: Алба хаагчид шилдгүүдээ шалгаруулав

10-6yzp9aea9ulkw4xy7d07dxf85bmx95hxit4a7ijkri8.jpg

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын цэргийн тусгай бэлтгэл, нормативийн гүйцэтгэлийг сайжруулах, хамтран ажиллах уялдаа холбоог нэмэгдүүлэх зорилгоор “Марш тактик-2021” буухиа тэмцээнийг зохион байгууллаа.

Алба хаагчид химийн 1, 3 дугаар норматив, АКМ болон гар бууны задаргаа, угсаргаа, 30-35 метрт гранат шидэх гэсэн дөрвөн төрлөөр ур чадвараа сорьж, шилдгүүдээ шалгаруулсан юм.

Тэмцээнд нийт долоон баг оролцсноос тэргүүн байрт Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн салааны захирагч, ахмад П.Бямбадорж ахлагчтай баг, дэд байрт Эрэн хайх, аврах бүлгийн дарга, дэслэгч М.Алтансүх ахлагчтай баг, гутгаар байрт Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Ж.Батдэлгэр ахлагчтай баг тамирчид тодорлоо гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ДЭМБ 2050 он гэхэд дэлхийн 900 сая гаруй хүн сонсголын бэрхшээлтэй болно гэж тооцоолжээ

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн энэ өдрийг “Сонсгол хамгаалах дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг.

Энэ жил уг өдрийг “Амьдралыг сонс! Сонсголын бэрхшээл таныг болон таны хүүхдийг нийгмээс тусгаарлахгүй ёсгүй” гэсэн уриан дор өнгөрүүлж байна. Энэ өдөр сонсголын бэрхшээлтэй иргэд дуу хоолойгоо нэгтгэн тулгарч буй зүйлээ хэлэлцэн олон нийтийг оролцуулдаг.

Дэлхийн хүн амын дөрөвний нэг буюу 2.5 тэрбум орчим хүн 2050 он гэхэд сонсох чадвараа хэсэгчлэн эсвэл бүрэн алдаж болзошгүй байна. Нөхцөл байдлыг хүндрүүлэхгүйн тулд улс орнууд урьдчилан сэргийлэх болон эмнэлгийн тусламжийн хүртээмжийг хангахад хөрөнгө оруулах шаардлагатай байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан илтгэлд анхааруулжээ. Илтгэлийг жил бүрийн гуравдугаар сарын 3-нд тэмдэглэдэг Чихний эрүүл мэнд, сонсголын чадварыг хамгаалах олон улсын өдөрт зориулан нийтэлжээ.

Сонсголын бэрхшээлтэй болох эрсдэлтэй 2.5 тэрбум хүний 700 саяд нь эмчилгээ, сэргээн засах үйлчилгээ шаардагдах болно гэж тус илтгэлд онцолжээ.

Түүнчлэн чих, хамар, хоолой судлалын хөгжлийн түвшний ялгаа баян болон ядуу орнуудад маш их байна. Бага орлоготой улс орнуудын 78 хувьд нэг сая хүнд нэг хүрэхгүй чих, хамар, хоолойн эмч ногдож байна. Хүүхдүүдийг улаан эсэргэнэ, менингитийн эсрэг вакцинд хамруулах, эх, нярайн эмчилгээг сайжруулах, чихний үрэвслийг эрт оношлох замаар сонсголын чадвар алдах эрсдэлийг 60 хувиар буруулах боломжтойг ДЭМБ онцолжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Амарсайхан: Нөхцөл байдал хүндрэхгүй бол тавдугаар сарын 1-н гэхэд хилээ нээх боломж бүрдэнэ

УОК-оос мэдээлэл хийж байна.

Шадар сайд С.Амарсайхан “Эрсдэл багасаагүй, халдвар тархах эрсдэл өндөр байна. Гэхдээ УОК, ЗГ-ын гаргасан шийдвэрийн хүрээнд зохих дүрэм журам, халдварын нөхцөл байдалд анхаарч байна. Хаа хаанаа анхаарч ажиллавал тавдугаар сарын 1-н гэхэд хилээ нээх боломж бүрдэнэ. Болгох талаас нь бүх бэлтгэлээ хангаж ажиллана. Үүнд бүх талын оролцоо чухал” гэдгийг хэлсэн юм.

Вакцинжуулалтыг Эрүүл мэндийн сайдын гаргасан тушаал, төлөвлөгөөний дагуу хийж эхэлсэн. Дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Цаашид татан авалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Вакцин худалдан авах хөрөнгийг шийдсэн, хэлэлцээрийг эрт хийсэн ч цаг хугацааны асуудал үүсэж байгааг тэрбээр онцоллоо.

Мөн тэрбээр “Засгийн газраас чиглэл өгч халдваргүй бүс болох хөдөө, орон нутгийн хичээл, сургуулийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх үүрэг өгч, шийдвэр гарсан. Улаанбаатар хотод хэзээнээс сургууль, цэцэрлэгийг нээхийг тодорхойлсон зүйл байхгүй. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос Эрүүл мэндийн яамны санал дүгнэлтийг сонсож шийдвэрийг гаргана. Хөл хөдөлгөөн ихтэй байна. Цаг үеийн нөхцөл байдлаа дүгнэж ойрын хугацаанд шийдвэр гаргана” гэж ярила

Categories
мэдээ улс-төр

МАН, МАХН-ын ахмадууд 2 намаа нэгтгэх уриалга гаргалаа

МАН, МАХН-ын ахмадууд 2 намаа нэгтгэх уриалгыг МАН-ын
удирдлагуудад гардууллаа.

Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “МАН-ын 100 жилийн ойгоор тодорхой хэмжээний амжилт бүтээлтэй тэмдэглэж байна. Энэ цаг үед МАН-аас арав гаруй жилийн өмнө өрх тусгаарласан МАХН-тай 100 жилийн ойгоо тодорхой түвшинд хамтарч тэмдэглэхээр ойлголцолд хүрсэн.

Цаашдаа хоёр нам нэгдэж, улстөрийнхөө үйл ажиллагааг явуулах ёстой гэсэн санаачилга нэлээд гарч байна. Намын анхан болон дунд шатны байгууллагуудад ч яригдаад явж байна. Та бүхэн хоёр нам нэгдэх ёстой гэдэг санаачилгыг 2014 оноос л гаргаж, тухайн цаг үед намын удирдлагын түвшинд хүсэлт шаардлага тавиад явж байсныг сайн санаж байна. Гэхдээ энэ ажил өөрөө цаг хугацаа, нөхцөл байдлаа их хардаг юм байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

1800-1200 дугаарт иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж байна

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь 24/7 цагийн хуваариар ажиллаж байгаа. 2021 оны гуравдугаар сарын 2-ны өдөр иргэдээс нийт 507 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа найман секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.23 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 25 иргэн хандсанаас 18 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, долоон иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажилласан байна.

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 221 буюу 43.8 хувийг шинжилгээний цэгийн хаяг, байршил, цагийн хуваарь, шинжилгээний цаг хэрхэн захиалах, шинжилгээний цэгийг нэмэгдүүлэх талаар, 83 буюу 16.5 хувийг хот хооронд зорчих иргэд ямар баримт бичиг бүрдүүлж, хэрхэн зорчих тухай дуудлага тус тус эзэлж байна.

Хөдөө орон нутаг руу зорчих, яаралтай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, оршуулгын үйл ажиллагаанд оролцох иргэдээс шинжилгээний цэгүүдийг яаралтай нэмэгдүүлж өгөх хүсэлтг цөөнгүй ирүүлсэн байна. Иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг үндэслэн Нийслэлийн Онцгой комиссоос гуравдугаар сарын 3-5-ны өдрүүдэд шинжилгээ авах цэгийг наймаар нэмэгдүүлэн 22 болгож, иргэдэд хүндрэл, чирэгдэл үүсгэхгүй байх арга хэмжээг шуурхай авч ажиллалаа.

Эх сурвалж: Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв

Categories
мэдээ нийгэм

Цагаан будаа, ургамлын тосны импорт өсчээ

“Ковид-19” халдварт цар тахлын нөхцөл байдлын улмаас хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг урт хугацаанд хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тосыг импортын барааны гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас; Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулж, дотооддоо борлуулсан хүнсний будаа, ургамлын тосыг нэмэгдсэн өртгийн татвараас 2020 оны 12 дугаар сарын 04-нөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тус тус чөлөөлөх эрх зүйн орчныг бүрдүүлсэн.

Дотоодын зах зээлд нийлүүлэлтийг тогтворжуулах, үнийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор давхардсан тоогоор бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тос импортлогч 68 аж ахуйн нэгжтэй бодлогын гэрээ байгуулан ажиллаж байна.

2020 онд цагаан будааны импорт өмнөх онтой харьцуулбал 11.2 мянган тонн, ургамлын тос 4.3 мянган тонноор тус тус өссөн. 

2021 оны эхний хоёр сарын байдлаар эдгээр бүтээгдэхүүний импорт өмнөх оны мөн үеэс дунджаар 2.8 дахин илүү байна.

Энэ зохицуулалтын үр дүнд импортын гол нэрийн хүнсний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээс гадна КОВИД-19 цар тахлын болзошгүй эрсдэлээс сэргийлж, нөөцийн тогтвортой байдлыг хангах замаар үнийн хэт өсөлтөөс хамгаалах нөхцөлийг бүрдүүлж байна. Дэлхийн зах зээл дээр хүнсний үнэ, ялангуяа ургамлын тосны үнийн өсөлт тасралтгүй үргэлжилж, үүнд КОВИД-19 цар тахлын улмаас олон улсын ачаа тээвэрт саад үүсэж байгаа нь дотоодын ургамлын тосны үнийн өсөлтөд шууд нөлөөлж байна. Харин цагаан будааны үнийн түвшин өмнөх оны мөн үеийнхээс доогуур байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сүүлийн 24 цагт 30 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн хоногт 17529 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 32 хүнээс халдвар илэрсэн.

Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. Эдгээр нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Шинээр илэрсэн 32 тохиолдлын найм нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын үеэр илэрсэн тохиолдлуудын хавьтал бол 23 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлаас илэрсэн. Мөн нэг хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.

Сүүлийн 24 цагт 30 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Нийт халдварын тохиолдлын 78 хувь буюу 2360 хүн эдгэрээд байна.

Одоогоор 657 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь маш хүнд 2, хүнд 7 хүн байгаа” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Одоогоор 11100 гаруй хүн вакцинжуулалтад хамрагджээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Дархлааны албаны дарга О.Дашпагма “Эхний ээлжинд нийслэл Улаанбаатар хотод ажиллаж байгаа эмч нар, хариу арга хэмжээний багийнхныг вакцинжуулна” гэлээ. Манай улсад одоогоор 11100 гаруй хүн вакцинд хамрагджээ.

Өдөрт 1000-2000 хүн вакцинд хамрагдаж байгаа” гэв.

Цаашдаа вакцины хангалттай холбоотойгоор хийх дарааллыг тогтоож байгаа аж. Хөдөө орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг зохицуулахдаа гэр бүлийн гишүүдээс нэг хүн нь шинжилгээ өгөөд зорчино гэсэн журмаар явж байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг суллах шийдвэр гарчээ

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр Ж.Эрдэнэбат нарын гурван хүнийг суллах өмгөөлөгчдийн хүсэлтийг хэлэлцэн суллахаар шийдвэрлэжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өмгөөлөгч Д.Батсүх, Б.Баясгалан, Г.Оюунцэцэг нараас ирүүлсэн “Шүүгдэгч Ж.Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай” хүсэлтийг шүүх хүлээн авч хянаад: Уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Харин өнөөдөр шүүх гомдлыг авч хэлэлцээд түүнийг суллах шийдвэр гаргажээ.

Хэргийн талаар эргэн сануулахад, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Улаан сайр-2” хэмээх 1463.82 га талбайг 2017 оны арванхоёрдугаар сард “Элбэг орд” ХХК-иас төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр худалдсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан билээ.