Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

В.Оюу: Монгол Улс БНХАУ руу 2000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг тарифын хөнгөлөлттэй экспортлох боломжтой боллоо

Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Оюутай Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орсонтой холбогдуулж экспортын ямар хөнгөлөлт эдлэх талаар болон гадаад худалдаа тойрсон бусад сэдвээр ярилцлаа.


Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орж, энэ оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлж байна. Уг хэлэлцээрийн тухай тодруулахгүй юу?

-Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэж орсон долоо дахь гишүүн орон болсон. Хэлэлцээр Монгол Улсын хувьд 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлж байна. Хэлэлцээрийн хүрээнд манай экспортын бараа, бүтээгдэхүүн бусад зургаан улстай тохирсон импортын тарифын хөнгөлөлтийг эдэлж эхэлсэн гэсэн үг. Уг хэлэлцээр 1975 оноос эхлэлтэй. Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж байгаа орнуудын худалдаа, эдийн засгийн харилцаа, хөгжлийг дэмжих агуулгын хүрээнд анх НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссоос санаачилж эхлүүлсэн байдаг. Хэлэлцээр 1975 оноос 2005 он хүртэл Банкогийн хэлэлцээр гэсэн нэртэй байсан. 2005 оноос одоогийн нэршлээр явах болсон. Хэлэлцээрийн онцлог юу вэ гэвэл Хятад, Энэтхэг, Өмнөд Солонгос гээд бүс нутгийн эдийн засгийн чадавх, хүн ам, зах зээлийн хэмжээгээр тэргүүлэх гишүүн улс. Бид эдгээр улс оронтой хэчнээн төрлийн бараа таваар дээр ямар хөнгөлөлт эдлэх тухай хэлэлцээр хийж, анх удаа Монгол Улс бүс нутгийн худалдааны хэлэлцээрийн гишүүн боллоо. Одоохондоо зөвхөн бараа таваар дээр тарифын хөнгөлөлт ярьж байна.

Цаашид энэ хэлэлцээр үргэлжилнэ. Улам боловсронгуй болж байгаа. Тодруулбал, үйлчилгээ, хөрөнгө оруулалт, худалдааг хөнгөвчлөх асуудлаар хэлэлцээрүүд явагдаж байна. Хэлэлцээрийн хүрээнд хөнгөлөлт эдлэх анхны бүтээгдэхүүний бүртгэлийг манай Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) өнгөрсөн нэгдүгээр сарын 18-нд хийж, гарал үүслийн гэрчилгээ олгосон.

Манай улстай худалдаа, эдийн засгийн өргөн харилцаатай улс орнууд уг хэлэлцээрт нэгдсэн байна. Хятад, Өмнөд Солонгос зэрэг улс руу манайхаас хэчнээн төрлийн бараа бүтээгдэхүүнийг ямар хөнгөлөлт эдэлж гаргах боломжтой вэ?

-БНХАУ бол манай худалдааны хамгийн том түнш.

БНСУ улс ч мөн манай худалдааны зургаан том түншийн маань нэг. Хэлэлцээрт энэ хоёр улсаас гадна Энэтхэг, Шри Ланка, Лаос, Бангладеш гэсэн улс нэгдсэн. Хэлэлцээрийн гишүүн зургаан улс манай нийт худалдааны эргэлтийн 67 хувийг эзэлж байгаа.

Хэлэлцээрийн дагуу Хятадын зах зээл дээр 2323 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж, 10-100 хувийн тарифын хөнгөлөлт эдлэх боломжтой. Үүний дотор манай экспортын голлох бүтээгдэхүүн болох коксжсон нүүрс байна. Нүүрсэн дээр Хятадын импортын татварыг 50 хувь хөнгөлснөөр экспортоос олж байгаа орлогыг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Мөн рапсын үрд 100 хувь, малын гаралтай бүтээгдэхүүн болох арьс шир дээр 14-50 хувь, ямааны ноолуур болон ноолууран бүтээгдэхүүнд 35 хувийн хөнгөлөлт эдэлж байна. Солонгосын хувьд манайх 2902 нэр төрлийн бүтээгдэхүүнд 10-50 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Үүний дотор ноос ноолууран бүтээгдэхүүний 30-50 хувийн хөнгөлөлт багтаж байгаа юм. Хэлэлцээр нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн тул хэлэлцээрийн үр ашгийг яг өнөөдөр дүгнэж хэлэх боломжгүй.

Нүүрсний экспорт энэ оны эхний хоёр сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24 хувиар нэмэгдсэн. Хэдийгээр ковидтой, хоёр талдаа анхаарал болгоомжлолтой байгаа ч манай яам Хятадын талтай ойлголцож ажилласны дүнд нүүрсний экспортын урсгал хэвийн явж байгаа гэж хэлж болно.

Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулснаар манай экспортын бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, зах зээлийг тэлж өгч байгаа юм. Урт хугацааны хөгжлийн бодлогод ч чөлөөт худалдааны хэлэлцээрийг тууштай дэмжиж, аль болох олон зах зээл дээр хөнгөлөлттэй нөхцөл боломжийг олохын төлөө ажиллана гэсэн зорилт тавьсан. Манай яам энэ ажилд тэргүүлэх ач холбогдолтой өгч байгаа.

Өмнө нь бид Японтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж, олон нэр төрлийн барааг хөнгөлөлттэй экспортлох боломжтой болсон. Өгөөж нь ямар байгаа вэ?

-Хамгийн анхны чөлөөт худалдааны хэлэлцээр бол Япон улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр юм. Эргээд харахад 3-4 жилийн хугацаанд хоёр орны худалдааны нийт эргэлт 40 орчим хувиар нэмэгдсэн. Мэдээж бид экспортынхоо нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлж, Японы зах зээл дээр бидэнд олгож байгаа боломжийг бүрэн дүүрэн ашиглах тал дээр анхаарах шаардлага бий. Ер нь худалдааны эргэлт 40 орчим хувиар нэмэгдчихсэн байна гэдэг нь чөлөөт худалдааны хэлэлцээр яах аргагүй худалдаа, эдийн засгийн харилцааны том хөшүүрэг гэдгийг нотолж байгаа хэрэг л дээ.

Манай улс БНХАУд гэхэд 2000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй татварын тарифаар экспортолж болох нь. Гэхдээ бидний бараа бүтээгдэхүүний нэр төрөл цөөн. Цаашид чөлөөт худалдааны хэлэлцээрээр тохирсон боломжийг илүү өргөн хүрээнд ашиглахын тулд дотоодын үйлдвэрлэл, экспортоо хэрхэн дэмжих вэ?

-Уг хэлэлцээрийг хэрэгжүүлж эхлэхтэй холбогдуулаад өнгөрсөн оны аравдугаар сард МҮХАҮТ-тай хамтарч аж ахуйн нэгж байгууллагуудад сургалт зохион байгуулсан. Сургалтад оролцсон аж ахуйн нэгж, байгууллагад хэлэлцээрийн гишүүн зургаан улстай байгуулсан хөнгөлөлттэй бүтээгдэхүүний жагсаалт, бүтээгдэхүүн тус бүрт авч байгаа хөнгөлөлтийн тухай нарийвчилсан мэдээллийг хүргэсэн. Энэ мэдээллийг Гадаад харилцааны яам болон МҮХАҮТ-ын вэб сайт дээр нийтэлсэн. Тэгэхээр бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид, гарааны бизнес эрхлэгчид эдгээр зах зээлд гарахад ямар боломж байгааг харах, бизнесийн үр ашиг, боломжоо тооцоолоход тус дөхөмтэй байх болов уу.

Экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлийг тэлэх зорилгоор чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажлыг бодлогын түвшинд анхаарч ажиллаж байна. ОХУ, Беларусь, Казахстан, Киргиз, Армен Улс багтсан Евроaзийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны ажлыг өнгөрсөн оны есдүгээр сард эхлүүлсэн. Хамгийн чухал нь гадаад зах зээл дээр бий болгож байгаа боломжийг бүрэн дүүрэн ашиглахад анхаарах хэрэгтэй байгаа юм. Урд хөршийн зах зээлд 2000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээ байг гэхэд одоо гаргаж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ хэмжээ, нэр төрлийг яаж нэмэгдүүлэх вэ, ялангуяа уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг яаж дэмжих вэ гэдэг дээр анхаарах асуудлууд бий.

Юуны өмнө энэ хүрээнд бизнес эрхлэгчдээ дэмжсэн санхүү, зээлийн үйлчилгээг сайжруулах, чанарын тогтолцоог боловсронгуй болгох, олон улсын стандартыг нэвтрүүлэх, мөн ур чадвар, хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн дэмжлэг, бодлого зайлшгүй хэрэгтэй байна гэж хардаг.Цаашлаад худалдаанд оролцож байгаа байгууллагуудын уялдаа холбоог хангах, худалдааг хөнгөвчлөх асуудал ч чухлаар тавигдаж байна.

ГХЯам 2019 онд Олон улсын худалдааны төвтэй хамтраад дунд хугацаанд Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих нөөц боломжтой салбарыг тодорхойлох судалгаа хийж, найман салбарыг тодорхойлсон. Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, мах сүү, ноос ноолуур болон уул уурхайн бүтээгдэхүүний гүн боловсруулалт зэрэг уламжлалт салбараас гадна шинэ салбарууд ялангуяа аялал жуулчлал, мэдээлэл харилцаа холбоо, сэргээгдэх эрчим хүчний салбарт экспортын боломж байгаа тул энэ салбарт хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй гэсэн дүгнэлт гарсан. Тэгэхээр хаана ямар боломж байна, аль салбар дээрээ анхаарах ёстой вэ гэдэг асуудал тодорхой болсон. Энэ салбарууд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа 2050 баримт бичигт ч туссан. Одоо энэ салбаруудаа яаж дэмжих юм, юуг анхаарах вэ, юуг брэнд болгож явах зэрэг асуудал дээр шийдэл гаргах ёстой гэж бодож байна. Бизнест хүрсэн бодит дэмжлэг хомс байгаа учраас одоо байгаа бизнесийн орчныг манай бизнесийнхэн тийм ч таатай үнэлэхгүй байна.

Энэ хүрээнд ГХЯ-ны хувьд худалдааг хөнгөвчлөхөд ихээхэн анхаарал тавьж ажиллаж байна. Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт Монгол Улс нэгдэж орсон. Худалдааг хөнгөвчлөх гэдэг нь бараа бүтээгдэхүүнээ экспортлох, импортлоход шаардагдаж байгаа шат дамжлага, хил гаалийн хяналт шалгалттай холбоотой чирэгдэл, зардал мөнгө, цаг хугацааг багасгах тусгай асуудал бөгөөд энэ ажлыг зөв хэрэгжүүлж чадвал бизнесийнхэнд бодитой дэмжлэг болох юм.

Та дээр Евроазийн эдийн засгийн холбоонд нэгдэхээр судалж байгаа гэлээ. Тус холбоонд ОХУ багтдаг. Одоогийн байдлаар манай хойд хөрш худалдааны өндөр татвар ногдуулдгаас болж тус улстай экспорт, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бидэнд томоохон хүндрэл учруулж байна. Энэ тухайд ямар эерэг хүлээлт байгаа вэ?

-Манай улс түлш шатахуунаа үндсэндээ 100 хувь хойд хөршөөс худалдан авч байна. Энэ улсад экспортолж байгаа бараа бүтээгдэхүүний маань хэмжээ, нэр төрөл бага. Тийм учраас худалдааны өндөр алдагдалтай явж ирсэн. Энэ алдагдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа гол ажил бол Евроазийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах судалгааг өнгөрсөн оны есдүгээр сараас эхлүүлсэн явдал юм. Энэ холбоонд ОХУ-аас гадна Казахстан, Киргиз, Беларусь, Армени Улс багтдаг. Тэгэхээр ОХУ-аас гадна эдгээр улстай худалдааны харилцаагаа өргөжүүлэх боломжтой болно. Таны хэлсэнчлэн, ОХУ-ын зах зээлд гарч байгаа экспортын бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулдаг. Энэ тарифыг ОХУ Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болохдоо авсан үүрэг амлалтын дагуу тогтоосон. Монгол Улсад тусгайлан тогтоосон тариф гэж ойлгож болохгүй. Тус улс руу экспорт хийж байгаа бүх улсад ийм асуудал тулгарч байгаа гэж ойлгож болно. Евроазийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулбал тарифын хөнгөлөлтөөс гадна техникийн чанартай бусад асуудлыг ч хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэх боломжтой. ОХУ-тай худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх зорилгоор Москва дахь Элчин сайдын яаманд Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн институцийг сэргээн байгууллаа. Мөн Владивостокт худалдааны төлөөлөгчийн газар нээх асуудал нааштай яригдаж байна. Бүгд л тус улстай худалдааны алдагдал бууруулах, экспортын боломжийг нээхэд чиглэж байгаа алхмууд юм.

Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдсэнээр зургаан орон манай улс руу хөнгөлөлтэй тарифаар бараа бүтээгдэхүүн экспортолно. Тэгвэл манайх дотоодын үйлдвэрлэлийнхээ өрсөлдөх чадварт нөлөөлөхгүй байх талаас ямар бодлого хэрэгжүүлсэн бэ?

-Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахдаа үйлдвэрлэлийн гол салбар, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг хамгаалсан байр суурь баримталдаг. АНДХХ-ийн зургаан улсад 366 нэр төрлийн бүтээгдэхүүнд манай талаас хөнгөлөлт өгч байгаа. Өөрөөр хэлбэл, далайн гаралтай бүтээгдэхүүн, халуун орны жимс ногоо голчилсон бараа бүтээгдэхүүнд 30 хүртэл хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа юм. Үүгээрээ энэ хэлэлцээр манай үндэсний үйлдвэрлэгч нарт ямар нэг нөлөө үзүүлэхгүй гэж бодож байна.

Энэ жил худалдааны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа. Манай улс цаашид чөлөөт худалдааны хэлэлцээрүүдэд нэгдэн орж, бизнес эрхлэгчдэд аль болох өргөн зах зээлийг нээж өгөхөд салбарын яам бодлогоо чиглүүлэн идэвхтэй ажиллаж байгаа юм байна гэж ойлголоо?

-Юуны өмнө чөлөөт худалдааны хэлэлцээрийг мэргэжлийн баг хийдэг. Өөртөө ашигтай нөхцөлийг олж авч, ашигтай хэлэлцээр хийх мэргэжилтнүүдийг бэлдэх нь бидний чухал зорилт. Бид энэ хүрээнд хэд хэдэн улсад төрийн албан хаагчдыг сургалтад хамруулсан.

Энэ оны гуравдугаар сарын 17, 18-нд Монгол Улсын худалдааны бодлогыг Дэлхийн худалдааны байгууллагаар хэлэлцүүлнэ. Үүнтэй холбогдуулан гишүүн улс орнуудаас 300 гаруй асуулт ирсэн. Худалдааны бодлогоо илүү боловсронгуй болгох, Дэлхийн худалдааны байгууллагын зарчимд нийцүүлэх ажилд ГХЯ онцгой анхаарч байна. Энэ хүрээнд Гадаад худалдааны хууль боловсруулах, ХХААХҮЯ, Сангийн яам, Монголбанк болон бусад холбогдох байгууллагатай хамтран худалдааны бодлогын үзэл баримтлалын бичиг гаргах ажлыг өнгөрсөн оноос эхлүүлсэн. Энэ жил орчин цагийн худалдааны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой болж байгаа. Жижиг зах зээлтэй улс орны хувьд үндэсний бизнес маань өргөжих, хүчирхэгжих боломж нь гадаад зах зээлд гарах явдал юм. Гадаад худалдаа бол эдийн засгийн өсөлт дэвшлийн хөшүүрэг. Энэ ч агуулгаар худалдааны бодлого илүү ил тод, боловсронгуй болгох ёстой гэсэн шаардлага зүй ёсоор гарч ирж байгаа.

Г.БАТ

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаагчин гахай өдөр

Аргын тооллын гуравдугаар сарын 4, Бархасбадь гариг. Билгийн тооллын 21, Хонгорцог одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 7:27 цагт мандан, 18:41 цагт минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 5-7 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-16 градус, бусад хэсгээр 10-12 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Байдраг, Эг, Үүр, Сэлэнгэ, Халх голын хөндийгөөр 16-21 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 12-17 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Ерөө голын хөндийгөөр 10-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон цас багатай энгэр ээвэр газраар 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Монгол 11 үгээр” номын нэгэн бүлэг хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан
нарийн бичгийн дарга,
УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү “С.Эрдэнэ даргын
хувьд ч, Ц.Туваан
даргын хувьд ч намын
дунд ямар нэг хагарал
гаргая гэсэн бодолгүй
байх гэж итгэж байна” хэмээн I, V нүүрт өгүүллээ.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж-ийн өдрийн
тэмдэглэл хэвлэгдлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Монгол 11 үгээр” номын нэгэн бүлэг “Эдийн засаг” нийтлэл хэвлэгдлээ.

Мал аж ахуйн салбар, тариаланчдыг
500 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй
зээлээр дэмжихээр бэлтгэж байна гэв хэмээснийг I, IV нүүрээс уншаарай.

Өдрийн сонины “Технологи” нүүрт UNIT-Юу Эн Ай
Ти ХХК-ийн гүйцэтгэх
захирал Э.Цог-Эрдэнэ “Хулхи хүмүүсийг шахах, сайн гүйцэтгэлтэй
хүмүүсийг ялгахад анхаарч, шинэ систем зохиож эхэлсэн дээ” гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өсвөр насны хүүхдүүдэд сэтгэлзүйн туслалцаа үзүүлэх НҮБ-ын хүүхдийн сантай хамтарна

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенстай уулзах үеэр санал нэгдсэн хамгийн чухал асуудал бол өсвөр насны сурагчдад сэтгэлзүйн зөвлөгөө өгч, тэднийг нийгмийн нэгэн эд эс болоход нь туслах асуудал байв.

Ковидын үед “Пандемик стресс” гэсэн шинэ ойлголт гарч ирснийг ДЭМБ-аас зарласан. Тэгвэл удаан хугацаанд хөл хорионд байсан сурагчдад ч стресс, бухимдал тулгарна. Үүнийг даван туулахад нь туслах аргыг бид хамтран хайж, ажил хэрэг болгохоор тохирлоо.

Үүнээс гадна теле болон онлайн сургалтын хүртээмжийг сайжруулах, өгөөжийг нэмэгдүүлэх, бага ангийн сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах, үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлэх, орон нутгийн сургуулиудыг боловсон ариун цэврийн байгууламжтай болгох гээд олон чухал асуудлаар санал солилцож хамтрахаар болж байна.

1 хүн болон сууж байгаа гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм

Хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрсэн 100 гаруй иргэнийг илрүүлжээ

2021 оны хоёрдугаар сард хилийн 13 боомтоор 40 орны 58 мянган зорчигч, 14 орны 182 мянган тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлжээ. Энэ хугацаанд 38 боодол утасны флат, 1 хөлдөөсөн хярс, 60 кг махан бүтээгдэхүүн зэрэг гурван удаагийн зөрчлийг илрүүлэн холбогдох байгууллагад шилжүүлэн ажиллалаа.

Хилийн боомтоор нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгсэл, гарсан зөрчлийг өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад тээврийн хэрэгсэл 44.6 хувиар өсч, зорчигч 45.3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Түүнчлэн он гарснаас хойш Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутаг дахь хилийн 0151, 0243 дугаар ангийн хариуцсан хэсгээр хуш модны самар түүх зорилгоор хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрсэн 100 гаруй иргэнийг илрүүлэн хууль зүйн дагуу шийдвэрлэсэн.

Баян-Өлгий, Увс, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн хилийн хэсгээр цаг агаарын гэнэтийн өөрчлөлтийн улмаас болон бэлчээрээр улсын хилд тулсан 8940 тооны малыг хилчид улсын хил дээр тогтоон, иргэдэд учирч болзошгүй 5.4 тэрбум төгрөгийн хохиролоос урьдчилан сэргийлж, малыг эздэд нь хүлээлгэн өгсөн.

Гадаад улсаас эх орондоо ирсэн 870 монгол иргэнийг хилийн Буянт-Ухаа, Алтанбулаг, Замын-Үүд боомтоор татан авах ажлыг Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу зохион байгуулсан.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2021 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Улсын хилээр нэвтрэх гадаадын иргэний биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ, царай/-ийг авах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төслийн дэд ажлын хэсэг хуралдлаа

Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхээр болсон.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан хуулийн төслийн дэд ажлын хэсгийнхэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт өдөр бүр хуралдаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ, ЭМЯ, ХХААХҮЯ, ДЭМБ, АШУҮИС болон холбогдох бусад байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид багтсан бөгөөд хуульд шинээр оруулах, нэмэлтээр тусгах саналуудыг зүйл, заалт тус бүрээр нэгтгэн боловсруулж, олон нийтээс цахим системээр нээлттэй санал авах юм.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд:

  • Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах зорилгоор эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэх хэрэгслийг эрсдлээр ангилан бүртгэх шинэ зохицуулалтыг оруулж,
  • Эм, уламжлалт эм, малын эмийг сонгох, бүртгэх зарчим, шалгуур болон эм үйлдвэрлэгч, импортлогчийн эмийн чанар, аюулгүй байдалд хүлээх хариуцлагыг нэмэгдүүлж,
  • Эмийн хяналтад нэгдсэн цахим программ хангамж нэвтрүүлэхээр тусгаад байна.

Түүнчлэн эмийн хангамж, хүртээмж, иргэдийн эм худалдан авах боломжийг нэмэгдүүлэхээр үнийн ил тод байдлыг хангах, гадаад дотоодын жишиг үнийг нэвтрүүлэх, түгээлтийн шат бүрт үнийг зохицуулах, иргэд шуудан илгээмжээр эмийг хүлээн авах эрх зүйн орчныг шинэчлэх зэрэг заалтуудыг хэлэлцэж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хуулийн төсөл боловсруулахыг сайд нарт даалгалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хуулийн төсөл боловсруулахыг сайд нарт даалгалаа.

Сан байгуулснаар байгалийн баялгийг иргэн бүр тэгш хүртэх боломж бүрдэнэ.Тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжинэ, ипотек, хөрөнгийн зах зээл, арилжааны банкинд байршуулах, боловсролын зээл, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг энэ сангаас авах зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна.

Мөн Монгол, Хятадын хилийн боомтод тээвэр хийж байгаа жолооч нарыг энэ сард багтаан цар тахлын эсрэг дархлаажуулалтад хамруулахаар болов. Ингэснээр нүүрс, бусад бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээ хэвийн хэмжээнд хүрэх, цаашид өсөн нэмэгдэхэд чухал нэмэртэй гэж үзлээ.

-“Шинжлэх ухаан, инновацийн төвийн кластер”-ын Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулна. Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутагт кластер байгуулахаар төлөвлөж байна. Энд биотехнологи, нанотехнологи, мэдээллийн технологи зэрэг тэргүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн хамтарсан судалгааны төв байрлах бөгөөд 3,000 гаруй эрдэмтэн судлаач, ажилтан ажиллах юм.

-“Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г баталлаа. Төв цэвэрлэх байгууламжид ирж байгаа хаягдал усны эх үүсвэр, шинж чанарыг тодорхойлж, мэдээллийн сан бий болгох, үйлдвэрүүдэд хаягдал усыг урьдчилан цэвэрлэх байгууламж, тоног төхөөрөмж суурилуулахад дэмжлэг үзүүлэх, арьс, ширний үйлдвэрүүдийг нүүлгэх хүртэл Харгиа цэвэрлэх байгууламжийг хэвийн ажиллуулах, усыг дахин ашиглах, хяналт, зохицуулалттай холбоотой хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг ажил хийхээр төлөвлөгөөнд тусгажээ.

– “Монгол соёл, Монгол баялаг” стратеги төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх, хууль эрхзүйн орчинг сайжруулах, шаардлагатай санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхаар болов. Соёлын яам төрмөл авьяас билгийг эрх зүй, санхүү, дэд бүтэц, техник, технологитой хослуулан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, монгол хүн, монгол бүтээлийг дэлхий хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх боломжийг бүрдүүлэх зорилгоор төсөл боловсруулжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Монгол соёл, Монгол баялаг” стратеги төлөвлөгөө хэрэгжүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, “Монгол соёл, Монгол баялаг” стратеги төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх, хууль эрхзүйн орчинг сайжруулах, шаардлагатай санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхаар болов.

Соёлын яам төрмөл авьяас билгийг эрх зүй, санхүү, дэд бүтэц, техник, технологитой хослуулан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, монгол хүн, монгол бүтээлийг дэлхий хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх боломжийг бүрдүүлэх зорилгоор төсөл боловсруулжээ.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Нойрмоглох нь биед төмөр дутагдсаны шинж

Хүний бие организмд шаардлагатай төмрийн хэмжээ хэвийн байх нь чухал юм.

Хангалттай унтсан ч ядарсан хэвээр, өдөр нойр хүрч байвал энэ нь төмөр дутагдалтай байгаагийн шинж юм.

Мөн анхаарал сулрах, уншиж ойлгосон зүйлээ хормын дотор мартаж, дэлгүүрээс юу юу авах гэж орсноо, хөргөгчөө юу авахаар онгойлгосноо мартах зэрэг нь анхаарууштай шинж тэмдэг юм. Эмчид үзүүлж, зааврын дагуу шаардлагатай төмөр, амин дэмээ нөхөөрэй.

Мөн төмөр дутагдсанаас болж бие организмд гарсан өөрчлөлтөөс болж хүн байнга ханиад томуунд өртдөг. Гэхдээ тамхи татдаг бол цусанд тань төмөр хэвийн, бүр илүү байдаг аж. Үүний шалтгаан нь утаанд хордсон бие организмын гемоглобин нэмэгддэгтэй холбоотой. Гэхдээ энэ нь хэвийн зүйл биш! Никотинтой нийлсэн гемоглобины эсүүд үхэж, хүчилтөрөгч дамжуулж чадахгүй болно.

Биед тань төмөр дутагдаж байгаа эсэхийг эмчид хандалгүйгээр дараах 10 шинж тэмдгээр мэдэж болно. Гэхдээ цусны шинжилгээ өгөх нь илүү үр дүнтэй юм.

Нойрмоглох

Хангалттай унтсан ч ядарсан хэвээр, өдөр нойр тань хүрч байвал энэ нь төмөр дутагдалтай байгаагийн шинж юм.

Анхаарал сулрах

Анхаарлаа төвлөрүүлэн уншиж ойлгосон зүйлээ хормын дотор мартаж, дэлгүүрээс юу юу авах гэж орсноо болон хөргөгчөөсөө юу авахаар онгойлгосноо мартах зэрэг нь анхаарууштай шиж тэмдэг юм. Эмчид үзүүлж, зааврын дагуу шаардлагатай төмөр, амин дэмээ нөх.

Амьсгаадах

Автобусны араас гүйж суусны дараа удаан хугацаанд амьсгаадсан хэвээр байх, агаар амьсгалсны дараа толгой эргэх зэрэг нь бие организмд тань хүчилтөрөгч дутагдсаны шинж юм. Цусан дахь төмөр нь энэхүү хүчилтөрөгчийг эрхтнүүдэд хүргэх үүрэгтэй.

Арьс маш цайх

Та төрөлхийн цайвар арьстай ч хэтэрхий цонхийсон цагаан болоод эхэлбэл цусанд тань төмөр дутагджээ.

Булчин өвдөх

Эрчимтэй хөдөлгөөн хийсний дараа булчин өвдөх нь хэвийн зүйл ч өдөржин буйдан дээр суусан ч булчин тань дасгал хийсэн мэт өвдөж байвал цусны шинжилгээ өгөөрэй.

Хумс хугарах

Хумсандаа тэжээл өгөх тос түрхээд ч хугарч, гэмтсэн хэвээр байвал биед тань төмөр дутагджээ.

Байнга ханиад хүрэх

Төмөр дутагдсанаас болж бие организмд гарсан өөрчлөлтөөс болж хүн байнга ханиад томуунд өртдөг.

Хөлөө байнга солбих

Ширээний ард тайван сууж чадахгүй, байнга хөлөө солбиж, ачиж, хөдөлгөж байвал энэ нь төмөр дутагдлын шинж гэнэ.

Гарын алга, хөлийн ул хүйтэн байх

Гадаа халуун байгаа ч гар тань хүйтэн байна уу? Хөлийн ул тань хүйтэн, хөл дулаацахгүй байгаагаас болж унтаж чадахгүй байна уу? Биед тань төмөр дутагджээ.

АНХААР! Та тамхи татдаг бол цусанд тань төмөр хэвийн, бүр илүү байх болно. Үүний шалтгаан нь утаанд хордсон бие организмын гемоглобин нэмэгддэгтэй холбоотой. Гэхдээ энэ нь хэвийн зүйл биш! Никотинтой нийлсэн гемоглобины эсүүд үхэж, хүчилтөрөгч дамжуулж чадахгүй болно. Гэхдээ цусны шинжилгээгээр энэ нь тодорхой илрэхгүй учир таны цусанд төмөр хангалттай байгаа мэт харагддаг. Иймээс эмчдээ тамхи татдагаа заавал хэл. Эсвэл тамхиа хаях талаар бодож яагаад болохгүй гэж?