Categories
мэдээ спорт

Харү башед Монголын найман сумоч барилдана

Японы мэргэжлийн сүмо бөхийн Харү башё гуравдугаар сарын 14-нөөс 28-ны хооронд Токио хотын “Kokugikan” ордонд болно. Тэгвэл тэмцээнд оролцох сүмочдын нэрс буюу “банзүке” гарчээ.

Энэ удаагийн башёд Монголын найман сүмоч оролцох бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сарын башёд амжилттай барилдсан Терүнофүжи Ган-Эрдэнэ цолоо ахиулахын төлөө өрсөлдөх юм.

Башёгийн барууны манлай бөхөөр ёкозүна цолтой Хакүхо М.Даваажаргал, зүүний манлай бөхөөр ёкозүна цолтой Какүрюү М.Ананд нар гарч зодоглоно.

Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд барилдах Монгол бөхчүүд:

  • Ёкозүна цолтой Хакүхо М.Даваажаргал
  • Ёкозүна цолтой Какүрюү М.Ананд
  • Секиваке цолтой Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ
  • Маэгашира 4. Кирибаяама Б.Лхагвасүрэн
  • Маэгашира 6. Тамаваши Б.Мөнх-Оргил
  • Маэгашира 6. Ичиножо А.Ичинноров
  • Маэгашира 9. Хошорюү С.Бямбасүрэн
  • Маэгашира 13. Чиёошома Г.Мөнхсайхан

Маэгашира гэдэг нь дээд зиндааны таван цол зэрэглэлийн хамгийн бага нь бөгөөд баруун, зүүн гэсэн хоёр жигүүрт хуваадаг. Маэгашира зэрэглэлтэй бөхчүүдийн өнгөрсөн башёд үзүүлсэн амжилтаас шалтгаалан 1-ээс эхлэн эрэмбэлдэг.

Эх сурвалж: Sumo

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ банк, санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа

Уулзалтын үеэр банкны салбарынхан зээлдэгчдийн нөхцөл шаардлагыг бууруулах санал гаргалаа.


Тухайлбал, Монголын Банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар “Банкны салбарт бэрхшээл, боломж, хүндрэл туулсан жил боллоо. Банкны салбарыг цахимжуулах зорилт тавьж, арилжааны банкуудын нийт зардлын гуравны нэгийг технологийн хөгжилд зарцуулж ирсэн нь цар тахлын хямралын үед банкны үйлчилгээг иргэдэд хүргэхдээ хүндрэлгүйгээр давахад тусаллаа.

Ингэж салбарын үйлчилгээг цахимжуулахад 100 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн. Зах зээлд нийлүүлэгдсэн нийт зээлийн 40 хувийг эрсдэлтэй гэж үзэж байна. Одоогоор 150 мянга орчим зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацаа, ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн 55 мянган зээлдэгчийн эргэн төлөлтийг тус тус хойшлуулсан байна. Иргэдийн цалин орлогыг нэмэгдүүлье, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг олон нийтийн сайн сайхны төлөө буюу ажлын байр нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулъя гэдэг саналтай байна.

Энэ хүрээнд,

  • Банкууд зээлдэгчдээ тавих шалгуураа багасгаж, эргэн төлөх чадвартай эсэхийг л харах /Үүн дээр Засгийн газраас олон нийтийг тэгш хүртээмжтэй мэдээллээр хангах/
  • Төрөөс тавьж буй шаардлага ил тод байх
  • Хүнд сурталгүй, цахим хяналтын тогтолцоог бүрдүүлэх
  • Зээлдэгчдээ эрсдэлээс хамгаалах, хяналтын тогтолцоо бүрдүүлэх явдал” гэлээ.
Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар иргэд, ААН-үүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна

Өнгөрсөн сарын 23-наас хөл хорион дэглэмийг сулруулж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Үүнтэй холбогдуулан гаргасан УОК ын даргын түр журам батлах тухай тушаалын дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас аж ахуйн нэгж,байгууллага, иргэдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна.

Энэ талаар НМХГ-ын ХАБХААХХ-ийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Х.Чимгээ “УОК-оос гарсан түр журам, түүнийг дагалдан гарсан “Тусгай нөхцөл шаардлага”-ыг Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хүргүүлээд байна. 9 дүүргийн хэмжээнд 6,700 орчим хүнсний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэн /ТҮЦ/ үйл ажиллагаа явуулж байна.

Худалдааны газрууд нь өдөр тутмын үйл ажиллагаанд халдвар хамгаалын дэглэмийг мөрдүүлэх, худалдааны танхим, лангуу тавиур, тасаг, павильон, худалдан авагчийн зорчих хэсэг, үйлчлүүлэх хэсэг, тооцооны цэг бүрт “QR” кодыг байршуулж бүртгэл хийх, үйлчлүүлэгчдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхад чиглэгдсэн тэмдэг, тэмдэглэгээг хийх, агаар сэлгэлтийг тогтмол хийж хэвшүүлэх, мөн худалдааны газрын тусгай нөхцөл шаардлагыг хангаж ажиллах талаар зөвлөмж хүргүүлэн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн ажллаж байна.

Өнөөдрийн байдлаар “Түр журам”, түүнийг дагалдан гарсан “Тусгай нөхцөл шаардлага”-ыг биелүүлэн, даган мөрдөж байгаа жишиг аж ахуй нэгжүүд олон байна. Тухайлбал, томоохон зах худалдааны төв, хүнсний дэлгүүрүүд нь иргэд үйлчлүүлэгчдийн болон, ажилчдын аюулгүй байдлыг хангаж, халдваргүйжүүлэгч хаалга, ухаалаг халуун хэмжигч суурилуулан, хүн хоорондын зайг тэмдэглэгээгээр тодотгож өгсөн, QR код уншуулах дотоодын ажилтан томилж, түүнд хяналт тавих, үйлчилгээний газрууд кассын хэсэгт тусгаарлагч шилэн хаалт байршуулсан, лифтний товч, урсдаг шатны бариул, хаалга, үүдний бариул зэргийг хоёр цаг тутам ариутгаж цэвэрлэн, халдваргүйжүүлэлт хийж, шууд иргэдийн гарт хүрэх хүнсний бүтээгдэхүүнийг савлан борлуулж, халдвараас сэргийлэх, гэх зэргээр зөвлөн туслах үйлчилгээг дагаж мөрдөн ажиллаж байна” гэлээ.

Эх сурвалж: НМХГ

Categories
мэдээ цаг-үе

Малынхаа эрэлд яваад сураггүй болсон иргэн эсэн мэнд олдлоо

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Жаргалантын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 229 км-т, сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ 03.03-ны өдөр малчин Б нь малын эрэлд яваад сураггүй болсон талаар мэдээллүүд цацагдсан.

Ар гэрийнхэн нь түүнийг алга болсон тухай дуудлагыг 03.04-ний өдрийн 02:25 цагт холбогдох албаныханд мэдэгдсэн байна. Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус багийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин 43 настай, эрэгтэй Б-г эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 02:40 цагаас эхлэн зохион байгуулж байсан бөгөөд эрэн хайх ажиллагааг эхлүүлснээс зургаан цагийн дараа буюу өнөөдөр 08:20 цагт Жаргалант багаас зүүн зүгт 26 километр зайд байрлах газраас малчин Б-г эсэн мэнд олжээ.

Categories
мэдээ цаг-үе

Нийслэл хот дахь хамгаалалтад авсан байршлууд

Гуравдугаар сарын 04-ны 14:00 цагийн байдлаар хамгаалалтад авсан байршлуудыг танилцуулж байна.

Categories
мэдээ цаг-үе

БШУЯ: Төрийн өмчийн зургаан их сургууль цаашид хөтөлбөр давхцуулж, ижил мэргэжлээр оюутан элсүүлэхгүй

Төрийн өмчийн зургаан их сургууль болох АШУҮИС, МУИС, ХААИС, МУБИС, ШУТИС, СУИС хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү баримт бичгийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар баталгаажуулсан юм. Төрийн өмчийн зургаан их сургууль ийнхүү хамтарч ажилласнаар хөтөлбөрийн давхардал арилах аж.

Өөрөөр хэлбэл, эдгээр сургуулиуд адил мэргэжлээр оюутан элсүүлж, төгсгөхгүй болж байна. Цаашид нэг нэгнээ нөхөх зарчим үйлчилж, кредитийг хүлээн зөвшөөрөх, дундын номын сантай болох, лаборатори хамтарч ашиглах зэрэг 40 орчим чиглэлээр хамтарч ажиллана.

Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд асан, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярын дэмжлэгтэйгээр Жорж Мэйсоний их сургууль, ШУТИС-тай хамтарч ажиллахаар болов.

Хөтөлбөрийн хүрээнд Монголд хоёр жил, АНУ-д хоёр жил суралцана. АНУ-д суралцагчид өмнө нь дунджаар 30 мянган ам.долларын төлбөр төлдөг байсан бол энэ хөтөлбөрт хамрагдснаар сургалтын төлбөр нь 5,000 ам.доллар болох юм.

Ойрын үед Канзасын их сургуультай дээрх нөхцөлөөр гэрээ байгуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Тусгай үүргийн нислэгээр өнөөдөр эх орондоо ирэх 169 иргэний 88 нь АНУ-аас ирж байна

Өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн транзит нислэгээр 14 улсаас нийт 169 иргэн эх орондоо ирнэ.

Тус нислэг өнөөдөр орой 19:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

Эдгээр иргэд нь дараах улсуудаас ирнэ.

  • АНУ 88
  • Австрали 45
  • Тайвань 6
  • Филиппин 6
  • Канад 5
  • АНЭУ 5
  • Малайз 4
  • Камбож 2
  • Бразил 2
  • Вьетнам 2
  • Йемен 1
  • БНСУ 1
  • Итали 1
  • Сингапураас 1 иргэн тус тус ирнэ.

Эдгээр иргэдийн 80 нь хүндэтгэн үзэх бусад шалтгаантай, 64 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 14 нь өндөр настан, 8 нь эрүүл мэндийн шалтгаантай, 3 нь жирэмсэн иргэн байна.

Иргэдийг ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, Кентавр, Ворлд Монголиа зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ахмадын асрамжийн газарт гарсан хүний эрхийн зөрчлийг арилгуулах шаардлага хүргүүлжээ

Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах Ахмад настны асрамжийн үйлчилгээн дэх хүний эрхийн зөрчлийг арилгуулахаар шаардлага хүргүүлсэн талаар өнөөдөр /2021.03.04/ ХЭҮК-оос мэдээллээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сум дахь Ахмад настны үндэсний төвд үйлчлүүлэгчдийн эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтаар тогтоогдсон зөрчлийг арилгуулах, зөрчил гаргасан албан тушаалтанд холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу хариуцлага тооцуулах, цаашид хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй ажиллах талаар холбогдох арга хэмжээ авахуулахаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд А.Ариунзаяад 2021 оны гуравдугаар сарын 04-ний өдөр Шаардлага, Зөвлөмжийг тус тус хүргүүлсэн байна.

Хүний эрхийн зөрчил үүсгэж буй дараах асуудлыг яаралтай арга хэмжээ авч шийдвэрлэхийг ХЭҮК-ын гишүүн Шаардлагадаа тусгажээ.

Үүнд: Асруулагчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарах; ахмад настны ангилалд хамаарахгүй асруулагчдыг тусгаарлан байрлуулах, асран хамгаалалтыг тогтоолгох; асруулагчдын өрөөнд зөвшөөрөгдөөгүй тавилга, хэрэгсэл ашиглахыг хориглох; асруулагчдын тэтгэвэр, тэтгэмжийг бэлнээр бус картаар олгодог болгох; асруулагчдын халдашгүй чөлөөтэй байх, хувийн нууцтай байх эрх, эрх чөлөөг хангах; ажлын байрны дарамтыг таслан зогсоож, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох зэргийг шаардлаа.

Categories
мэдээ цаг-үе

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг 14 хоног тусгаарлана

Тусгаарлах байр болон гэрийн ажиглалтын хугацааны журмыг танилцуулж байна. Иргэний тусгаарлан ажиглах байр, гэрийн ажиглалтад байх нийт хугацаа 14 хоног байна. Гэрийн тусгаарлалтад орсон иргэний гэр бүлийн гишүүдийг гэрийн тусгаарлалтад байх хоногоор нь хамт тусгаарлана.

Categories
мэдээ нийгэм улс-төр

УИХ-ын хаврын чуулганаар Ж.Эрдэнэбат тангараг өргөх боломж бүрджээ

Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” гэж заажээ. Энэ дагуу хаврын ээлжит чуулган энэ сарын 15-нд эхэлнэ.

Түүнд Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын гишүүний үнэмлэх гардуулж, тангараг өргөх ёслол болох юм байна.

Эргэн сануулахад УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын хувьд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татагдсан. Тодруулбал, Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Улаан сайр-2”-ын 1462.82 га талбайг 2017 оны 12 дугаар сард “Элбэг орд” ХХК-иас төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констрашкн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр худалдсан гэх асуудлыг шалгуулахаар АТГ-т иргэд хандаж байжээ. Хууль зүй талаасаа тэр ял шийтгэл эдлэх эсэх нь тогтоогдоогүй учраас гишүүний тангаргаа өргөх бүрэн боломжтой ажээ.