Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Харагчин үхэр өдөр

Аргын тооллын гуравдугаар сарын 6, Санчир гариг. Билгийн тооллын 23, Эрхтний тэнгэрт одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран 7:23 цагт мандан, 18:44 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв дэвших, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олно.
Categories
мэдээ нийгэм

“Аав зарна” гэх зар тараасан уран бүтээлчдэд сануулга өгч, торгуулийг цуцаллаа

“Аав зарна” гэх зарыг нийтлүүлсэн “Oi Entertainment” уран бүтээлчдийг ШӨХТГ-аас 5 сая төгрөгөөр торгох, тус зарыг нийтэлсэн хэвлэлийг мөн 5 сая төгрөгөөр торгох акт тавьсан билээ.

Тэгвэл ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Oi Entertainment”-ын уран бүтээлчдийг хүлээн авч уулзжээ. Уран бүтээлчид дахин ийм алдаа гаргахгүй, хуулийг мөрдөж ажиллахаа илэрхийлжээ. Иймд нийгэмд сайн сайхныг түгээж, буруу бүхнээс хол байхыг залуучууддаа уриалаарай хэмээн сануулж, торгуулийн арга хэмжээг цуцалсан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 0 хэм байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 19-21 градус, бусад хэсгээр 14-16 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Хэнтэйн уулсаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 24-29 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, Алтай, Хангай уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа голын хөндийгөөр 14-19 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 4-9 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 5-10 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон цас багатай энгэр ээвэр газраар 1-6 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 18-20 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Дархлаажуулалт дуустал Өмнөговь руу зорчих хөдөлгөөнийг зогсоох хүсэлтийг аймгийн Онцгой комиссоос УОК-т хүргүүлжээ

2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойш хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөн эхэлсэнтэй холбогдуулан Өмнөговь аймагт хоногт дунджаар 600-650 тээврийн хэрэгслээр 2,000 орчим иргэн зорчин ирж байгаа нь цар тахлын халдвараас хамгаалах Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 183-р тогтоолоор зарласан “НОГООН БҮС”-ийг хэвээр хадгалахад эрсдэл үүсэж байна.

Иймд аймгийн Өмнөговь аймаг руу нэвтрэх иргэдийн хөдөлгөөнийг Улсын хэмжээний вакцинжуулалтын үйл ажиллагаа дуустал түр хязгаарлах тал дээр хамтран ажиллах хүсэлтийг АОК-оос УОК-т хүргүүллээ.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн Онцгой комисс

Categories
мэдээ нийгэм

АНУ-ын Элчин сайдын яамнаас коронавирусийн халдварын оношлуур болон хамгаалах хэрэгсэл хандивлав

АНУ-ын Элчин сайдын яамнаас КОВИД-19 халдвараас сэргийлэх эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан хувийн хамгаалах хэрэгсэл болон түргэвчилсэн оношлуур хандивлаж байгааг Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн ноён Грегори Мэй өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө.

Уг арга хэмжээнд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл болон ЭМЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцов.

Тусламжийг хүлээн авах үеэр Эрүүл мэндийн Дэд сайд М.Баттүвшин АНУ-ын Элчин сайдын яам, тус улсын Батлан хамгаалах яамны Иргэн-цэргийн дэмжлэг багт хувийн хамгаалах хэрэгслийг хандивлаж байгаа нь цаг үеэ олсон нэн чухал арга хэмжээ болж байгаад талархал илэрхийлж, эдгээр хувийн хамгаалах хэрэгслийг эрүүл мэндийн холбогдох байгууллагууд руу нэн яаралтай хүргүүлэхээ мэдэгдэв.

Дэд тэргүүн Грегори Мэй хэлэхдээ АНУ-ын Батлан хамгаалах яамнаас нийт 360,000 ам.доллар буюу 1 тэрбум 28 сая 273 мянган төгрөгийн үнэ бүхий халдвараас сэргийлэх хувийн хамгаалах хэрэгсэл болон түргэвчилсэн оношлуурыг Монгол Улсын ЭМЯ, Цэргийн төв эмнэлэг болон Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-II-т тус тус хүлээлгэн өгч байгаа ба эдгээр хэрэгсэл нь КОВИД-19 халдварын эсрэг тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтныг халдвараас сэргийлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн тус улсын БХЯ-наас Иргэн-цэргийн дэмжлэг багаар дамжуулан Монгол Улсад хүмүүнлэгийн чиглэлээр тодорхой ажлууд хийж байгаа ба энэ жилийн тухайд 2 цэцэрлэг барихаар төлөвлөсөн байна.

Тэрбээр энэхүү хандив туслалцаа нь Монгол, АНУ хоорондын стратегийн түншлэлийн хамгийн бодит жишээ болж байна гээд Монгол Улсын Засгийн газраас шинэ коронавируст халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагаанууд үр дүнтэй байгааг сайшаав.

Categories
мэдээ нийгэм

Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагууд шинэчлэгдлээ

УИХ, Засгийн газраас баталсан бодлого, стратегийн баримт бичгүүдэд тусгагдсан арга хэмжээ, Олон улсын даатгалын хянан шалгагчдын холбооноос боловсруулсан Даатгалын тулгуур зарчим (ICP), зөвлөмжид тулгуурлаж бусад орны зохицуулалтын орчин, туршлага мөн салбарт тулгамдаж буй асуудлыг судалж, зарчимд суурилсан тогтолцоог бий болгох зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 25 дугаар тогтоолоор “Даатгалын багц дүрэм”-д нэмэлт өөрчлөлт оруулсан. Тодруулбал, дүрмийн нэгдүгээр хавсралт “даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт”, арван гуравдугаар хавсралт “даатгагчийн давхар даатгалын төлөвлөгөөнд тавигдах шаардлага”-ыг шинэчлэн, арван наймдугаар хавсралт “тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт”-ыг нэмж баталсан юм.

Тухайлбал, тусгай зөвшөөрөл хүссэн иргэд, хуулийн этгээд болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд илүү ойлгомжтой, хэрэглэхэд хялбар дөхөм болгох, бүртгэл, зөвшөөрлийн үйл ажиллагааг олон улсын стандарт, цаг үеийн чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгож цахимжуулахтай холбоотой зохицуулалтыг тусгаж өгсөн. Мөн санхүүгийн салбарын өрсөлдөөн болон хүртээмжийг дэмжих, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор даатгалын бүтээгдэхүүнийг зохицуулагч байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр зах зээлд борлуулдаг зохицуулалтыг (prior approval) өөрчилж зарчимд суурилсан зохицуулалтыг (principle based) оруулсан.

Даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг сайжруулах зорилгоор даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогч нь үйлчлүүлэгчтэй даатгалын гэрээг байгуулахаас өмнө болон байгуулсны дараа шаардагдах мэдээллүүдийг үйлчлүүлэгчид өгөх, авахтай холбогдох шаардлагыг ч бий болгосон. Түүнчлэн давхар даатгалын төлөвлөгөөг боловсруулахад даатгагчийн эрсдэлийн удирдлагын нэгж, ТУЗ-ийн хүлээх үүрэг, хариуцлага, давхар даатгалын үйл ажиллагааны улмаас даатгагчид учирч болзошгүй эрсдэл болон найдвартай хэвийн үйл ажиллагаа бүхий давхар даатгагчийг сонгох шалгуур үзүүлэлт зэргийг нарийвчлан тусгаж, даатгагчийн давхар даатгалын үйл ажиллагааны удирдлага, хяналт, хэрэгжилт нь үр дүнтэй, зохистой явагдах нөхцөлийг бүрдүүллээ.

Холбогдох нэмэлт, өөрчлөлтүүдийг ийнхүү оруулснаар хариуцлагатай, мэргэшсэн боловсон хүчинтэй, технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээтэй мөн ёс зүйтэй даатгалын салбар бүрэлдэх хөшүүрэг болох юм.

Захиргааны ерөнхий хуулийн дагуу дээрх эрх зүйн актууд хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулж Хорооноос энэ сарын 02-нд Монголын даатгалын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо, Монголын банкны холбоо болон тэдгээрийн гишүүн байгууллагуудын төлөөлөлтэй цахим уулзалт хийж, нэмэлт, өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллах талаар зөвлөгөө, чиглэл өгч ажиллалаа

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

“Цэцэгсийн дуулал” үзэсгэлэн нээлтээ хийжээ

Хөвсгөл аймгийн Зураач урчуудын холбооноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Цэцэгсийн дуулал” уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн Хөгжимт драмын театрын Арт галерейд гарч эхэллээ.

Тус үзэсгэлэнд 33 уран бүтэлчийн 55 бүтээлийг дэлгэн үзүүлсэн байна. Эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан уран бүтээлчид цэцэгсийн тухай зурсан бүтээлээ нэг дор олны хүртээл болгож буйгаараа онцлог юм. Мөн хайртай ээж, бүсгүйчүүддээ уран бүтээлийг худалдан авч бэлэглэх боломжтой аж. Хөвсгөл аймгийн хэмжээнд 50 гаруй зураач, уран бүтээлчид байдаг бөгөөд цаашид тэд тогтмол үзэсгэлэнгээ гаргаж, уран бүтээлээ олон нийтэд хүргэх, худалдан борлуулах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Түлэнхийн мэс заслыг ЭМД-ын сангаас 100 хувь санхүүжүүлнэ

Түлэгдэлтийг эмийн эмчилгээнээс гадна мэс заслын эмчилгээ донор арьс нөхөх мэс засал хийдэг. Өмнө нь донор арьсыг гаднаас өндөр өртгөөр авдаг байсан бол одоо эх орондоо ЭМД-аас хөнгөлүүлж хийлгэх бүрэн боломжтой боллоо.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй Хүүхдийн түлэнхийн мэс засалд донор арьс нөхөх мэс заслыг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлэх “Батламж”-ийг тус төвийн ерөнхий захирал Э.Галбадрахад гардуулав.

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 3 дугаар тогтоолоор “Тусламж үйлчилгээний санхүүжилтийн шинэчилсэн жагсаалтын журам баталж Хууль зүйн яаманд бүртгэгдэн хэрэгжиж эхэлж байна.

Уг тогтоолд өндөр өртөгтэй түлэнхийн эмчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь төлөхөөр тусгаж өгсөн.

ГССҮТ-ийн сүүлийн 3 жилийн судалгаагаар 5 хүртэлх насны нийт 11 мянган хүүхэд түлэгдэж тусламж үйлчилгээ авчээ. Тэдний 8387 нь ГССҮТ-өөр тусламж үйлчилгээ авсан байна. 2019 онд 1400 хүүхэд хэвтэн эмчлүүлсний 50-60 хувь нь буюу 600 орчим хүүхэд мэс засал хийлгэжээ.

Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн гол шалтгаанд түлэгдэлт нэн тэргүүнд бичигддэг байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Бямбадорж: Бид олон улсад нэвтэрсэн мэдээллийн технологийн менежмент ашиглаж байна

Хот хоорондын хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотойгоор коронавирусийн шинжилгээ авах цэгүүдийн ачаалал нэмэгдсэн.

Үүнтэй холбоотойгоор шинжилгээний цэгүүдэд цаашид авах арга хэмжээ, зохион байгуулалтын талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын шуурхай Ажлын хэсэг хуралдлаа.

Энэ үеэр Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Улаанбаатар хотын хэмжээнд голомтын болон харуулдан тандалтын үйл ажиллагаа цогцоороо явагдаж байна. Ердийн өдөр төвийн дүүрэгт шинжилгээний 15, захын дүүрэгт гурван цэг ажилладаг. Дүүргүүдийн хэмжээнд ПСР шинжилгээний таван лаборатори ажилладаг бөгөөд 15 цэг өдөрт 6930 шинжилгээ авах хүчин чадалтай. Ачаалалтай өдөрт төвийн цэгийг 22 цэг болгож нэмэгдүүлсэн. Ингэснээр нэгдүгээр түвшинд 9870 хүнд, хоёрдугаар түвшинд хүчин чадлыг хангалттай нэмэгдүүлээд 19110 хүнд шинжилгээ хийж байна. Бид олон улсад нэвтэрсэн мэдээллтийн технологийн менежмент ашиглаж байгаа. Eruul.gerege.mn сайтаар тухайн сорьцыг хэзээ, хаана авсан, хэдэн цагт аль лабораторид хүргэсэн гэх мэт бүх мэдээллийг иргэд авах боломжтой болсон.

Даваа гаригт Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа. Уг нь бол бүх нийтээрээ амрах өдөр. Гэвч долоо хоногийн өмнөөс иргэд цаг авч, 5560 хүн цаг авчихсан байна. Иймээс хэдий амралтын өдөр хэдий ч цаг авсан иргэдээ хүндэтгээд тэднээс шинжилгээ авна. Нэмж цаг авахгүй байхаар тохируулсан” гэв.

Мөн халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, амны хаалтаа зүүж, олон нийтийн газар аль болох очихгүй, олноороо цугласан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг уриаллаа. Түүнчлэн Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нийслэлийнхний эрүүл мэндийн төлөө унтах нойр, амрах цагийг умартан ажиллаж байгаа салбарынхаа бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ спорт

Ё.Басхүү, Л.Сосорбарам, М.Уранцэцэг нар аваргын төлөө барилдана

Узбекстаны Ташкент хотноо Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны энэ оны 2 дахь цуврал тэмцээн болох “Tashkent Grand Slam 2021” Их дуулгын эхний өдөр барилдсан есөн бөхийн гурав нь аваргын төлөө барилдахаар болов.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг, эрэгтэйчүүдийн 60, 66 кг жингийн барилдаанууд явагдаж аварга болон мөнгө, хүрэл медалийн төлөөх барилдаан Улаанбаатарын цагаар 22 цагаас болно.

Дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-д хэсгийн аваргын төлөө Италийн Франческа Миланиг, хагас шигшээд Сербийн Андре Стоядиновыг ялснаар мөнгөн медалийн болзол ханган аваргын төлөө барилдахаар болов.

Мөн ОУХМ Л.Сосорбарам эмэгтэйчүүдийн 52 кг-д хагас шигшээ барилдаанд Сербийн Надезда Петровичийг ялснаар аваргын алтан медалийн төлөө энэ үдэш Японы Юта Абэтэй барилдана. Харин олимпын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа 57 кг-д Сербийн Марика Перисичид ялагдан тэмцээнээ дуусгав. Эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Ё.Басхүү хагас шигшээ барилдаанд ОХУ-ын Арам Григоряаныг ялснаар мөнгөн медалийн болзол ханган, аваргын төлөө БНСУ-ын жүдоч Ан Баултай энэ үдэш хүч үзнэ.