Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “150 мянган айл-орон сууц”үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын зарим гишүүн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар барилгын салбарын төлөөллүүдтэй “Өглөөний цай” уулзалтыг өнөөдөр хийлээ.
Уг хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 45,000 айлын орон сууц, дэд бүтцийн төвд баригдсан амины орон сууц 10,000, дагуул хот дагаж барих орон сууц 16,512 барихаар төлөвлөжээ. Мөн ашиглалтын шаардлага хангахгүй, насжилт өндөртэй барилгуудыг буулгаж дахин төлөвлөх хүрээнд 3,000, түрээсийн 18,488, зах зээлийн орон сууц 57,000 барина гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 202 дугаар тогтоолын хүрээнд хэрэгжүүлэх “150 мянган айл-орон сууц” үндэсний хөтөлбөрийг танилцуулахдаа хэлэв. Мөн энэ салбарт төрөөс баримталж буй бодлого, төр хувийн хэвшлийн уялдааг хэрхэн сайжруулах, хувийн хэвшлийнхний өмнө ямар бэрхшээл саад тулгарч буй талаарх салбарынхны байр суурийг сонсов.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар уулзалтын үеэр “Монгол Улсад бизнесийн салбар улирлын чанартай байдаг. Тиймээс жилийн зургаан сарын хугацаанд өрнөдөг барилга болон бусад салбарын үйл ажиллагааг маш зөв төлөвлөж дэмжих ёстой юм.
Барилгын үйлдвэрлэл, хийцийн салбар хамгийн их ажлын байр бэлтгэж, нэмүү өртөг шингээн, хотын хөгжлийг тодорхойлдог. Сая “Эрэл” группийн захирал Б.Эрдэнэбат “Барилгын үйлдвэрлэл, угсралтын комбинат сул зогсож байна” гэлээ. Уг нь ингэж яримааргүй байгаа юм. Энэ комбинат өдөр шөнөгүй ажиллаж байх ёстой” гэв.
Мөн өнгөрсөн 20 жилийн хугацаанд хот төлөвлөлттэй холбоотой ужгирсан асуудал бэрхшээл тэр дундаа газар зохион байгуулалт, барилгын зөвшөөрөл дагасан шүүмжлэл их байдгийг Хотын дарга дурдаад “Энэ бүхнийг цэгцлэхэд нийслэлийн удирдлага хатуу арга хэмжээ авч, ажиллана. Бид шударга ёсны үйл ажиллагааг үргэлжлүүлэн, авлига авдаггүй, төрийн захиргааны хүнд суртал гаргадаггүй хотын төлөө ажиллах болно” гэсэн юм.
Мөн тэрбээр “Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудад суучихаад аливаа ажлыг удаадаг, уядаг “хар гарууд”-ыг хувийн хэвшлийнхэн та бүхэн битгий хөгжөөгөөрэй. Би ч гэсэн энэ байдлыг шахаж ажиллана. Тал талдаа хариуцлагатай байвал Улаанбаатар хотод барилга барих зардал буурна. Үүнийг дагаад үнэ багатай, тохилог орон сууц барихад хоёр талаасаа бодлогоо нийлүүлье. Хотын захиргаа дангаараа 20 жил ужгирсан асуудалтай тэмцэхэд хэцүү шүү” хэмээв.
Мөн нийслэлийн төр, захиргааны байгууллагууд хувийн хэвшлийнхэн, тэр дундаа барилгын салбарынхны өмнө ямагт нээлттэй байж, бүх талаар хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ Нийслэлийн Засаг дарга илэрхийллээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс