Categories
гадаад мэдээ

Алексей Навальныйг шүүх хурал үргэлжилж байна

ОХУ-ын сөрөг хүчний улстөрч, Ерөнхийлөгч В.Путиныг шүүмжлэгч Алексей Навальныйг шүүх хурал Москва хотын шүүхэд монголын цагаар 16:00 цагта эхэлжээ. Түүнийг хорих байрнаас нь гаргаж шүүхийн байранд авчирсан байна.

Өнгөрсөн Ням гаригт Алексей Навальныйг суллахыг шаардсан хоёр дахь эсэргүүцлийн жагсаал ОХУ-ын олон хотод болж өнгөрсөн бөгөөд бороохой, нулимс асгаруулагч хийгээр зэвсэглэсэн цагдаа нар жагсагчдыг хөөн тарааж, бөөнөөр баривчлах арга хэмжээ авсан юм. Өнөөдрийн шүүх хурлаар хэрвээ түүнд хорих ял оноовол жагсаал тэмцэл дахин өрнөж магадгүй байна.

ОХУ-ын Шүүх өмнө нь А.Навальныйг өөрийн төрсөн ахтайгаа хамтран “Ив Роше” фирмийн ОХУ дахь салбарт хувийн компаниараа дамжуулан үйлчилгээ үзүүлэхдээ үндэслэлгүй хэтэрхий өндөр үнэ хөлс авч 55 сая рублиэр хохироосон гэх хэргээр шүүж, 3.5 жил ял өгч байсан. Тухайн үед “Ив Роше” фирм өөрсдөд нь ямар ч хохирол учраагүй гэж гэж мэдэгдэж, захирал нь шүүх хуралдаанд ирээгүй байхад үл харгалзан тэнсэх ял өгч байв.

Categories
мэдээ цаг-үе

Налайх дүүрэгт коронавирусийн халдвар батлагдаж, хэсэгчилсэн хөл хорио тогтоолоо

Өнөөдөр буюу 2021 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Налайх дүүрэгт сэжигтэй тохиолдол батлагдаж Нисэхийн 40-р байр болон Өвөршандын хороонуудад хэсэгчлэн хөл хорио тогтоолоо.

Иймд иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахиж онцын шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг зөвлөж байна.

Тус дүүрэгт өнгөрсөн онд халдварын хоёр тохиолдол бүртгэгдсэн ч голомтыг хурдан хумьж, голомтыг зогсоосон байсан юм.

Эх сурвалж: Налайх дүүргийн Шуурхай ШТАБ

Categories
мэдээ нийгэм спорт

МҮОХ шинэ логогоо танилцууллаа

Монголын үндэсний олимпын хороо түүхт 65 жилийн ойн шинэ логогоо танилцууллаа. 1956 оны хоёрдугаар сарын 26-нд үүсгэн байгуулагдсан тус хороо нь зуны 13, өвлийн 14 олимпод баг тамирчдаа илгээсэн түүхтэй.

Монгол Улс түүхэндээ олимпын наадмын 26 медальтай бөгөөд бүгдийг нь зуны олимпын наадмын жүдо, чөлөөт бөх, бокс, буудлага зэрэг төрлүүдээс хүртэж байв. Харин хамгийн өндөр амжилт үзүүлсэн олимп нь 2008 оны Бээжингийн олимп бол хамгийн олон тамирчид медаль хүртсэн нь 2012 оны Лондонгийн олимп билээ. Монголчууд Бээжингийн олимпоос хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртэж, багийн дүнгээрээ 31 дүгээр байрт шалгарч байсан бол Лондонгийн олимпоос хоёр хүрэл, гурван хүрэл медаль хүртэж багийн дүнгээрээ 56 дугаар байрт шалгарсан билээ.

Өдгөө Монголын үндэсний олимпын хороог олимпын алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр удирдаж буй.

Хамгийн сүүлд 2016 оны Рио Де Жанейрогийн зуны олимпод Монгол Улс спортын есөн төрөлд 43 тамирчнаа илгээж, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байв.

Харин 2018 оны Пёнчаны өвлийн олимпод хоёр тамирчнаа илгээсэн.

Одоогоор Монгол Улсын 11 баг тамирчид байт харваа, бокс, буудлага, усан сэлэлт, чөлөөт бөх, 3х3 сагсан бөмбөг зэрэг төрөлд “Токио-2020” зуны олимпын наадамд оролцох эрхээ аваад байна.

Categories
мэдээ нийгэм

С.Амарсайхан: Эрдэмтдийн гаргасан саналыг үндэслэж үр дүнтэй шийдвэрүүдийг гаргана

УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл өнөөдөр /2021.02.02/ цахимаар хуралдлаа. Хуралдаанаар дэлхий нийтэд тархаад буй Ковид-19 цар тархалтыг бууруулах, эрсдлийг хумих чиглэлээр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийг хуралдуулж санал солилцлоо.

Тэрээр “Хүн амын дунд тархсан цар тахлын үед шинжлэх ухаанд суурилсан тооцоо судалгаатай эрдэмтдийн санал чухал гэдгийг Шадар сайд С.Амарсайхан тодотгосон юм.Ковидын тархалт нэмэгдэх эрсдэлтэй энэ цаг үед улс орны эдийн засаг , нийгэм, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахтай холбогдуулан УОК-оос авч хэрэгжүүлж буй арга хэмжээний дүрэм журмыг шинэчлэх, шинжлэх ухааны судалгаа тооцоонд үндэслэсэн бодитой санал боловсруулан оруулж ирэхийг Шадар сайд С.Амарсайхан чиглэл болголоо. Эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан саналыг үндэслэж Улсын Онцгой комисс үр дүнтэй шийдвэрүүдийг гаргах боломж бүрдэнэ гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэсэн юм.

Мөн цаашид УОК-ын шийдвэр болон цар тахлын үeд авч хэрэгжүүлж дүрэм журмын гүйцэтгэлд хяналт тавьж, бодит үр дүнг тооцож ажиллах хяналтын баг ажиллана. Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилт гүйцэтгэл дээр хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллана” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Шүүхээс С.Эрдэнийн эзэмшиж байсан тамгыг хүчингүй гэж шийдвэрлэлээ

Өнөөдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүх Ардчилсан намын тамгатай холбоотой маргааныг хянан хэлэлцээд УБЕГ-аас С.Эрдэнэ нарт тамга олгосон шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тамга хэрэглэх эрхгүй болохыг нь тогтоолоо. Мөн Ардчилсан нам дээр хэрэглэгдэж байсан тамгыг хүчингүй болгосон шийдвэрийг түдгэлзүүллээ.

Ингэснээр Ардчилсан нам дээр хэрэглэгдэж байгаа тамга сэргээгдэж хоёр тамганы асуудал дуусгавар болж байна. Цаашид Улсын бүртгэлийн байгууллага Улс төрийн намын тухай хууль зөрчиж намын тамгыг өөр этгээдэд өгөх замаар хагарал үүсгэдэг, зохисгүй үйлдэл бүү давтагдаасай гэж нэхэмжлэгч талын өмгөөлөгч шүүх хурлын дараа онцлон тэмдэглэсэн юм. Ийнхүү Ардчилсан намын тамгатай холбоотой маргаан эцэс болж байна.

Categories
мэдээ нийгэм

Түлшний хомстол үүсгэхгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нар сайжруулсан шахмал түлшний хэрэглээг доголдуулахгүй байх асуудлаар зургаан дүүргийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга нарыг хэсэгчилсэн байдлаар хүлээн авч уулзлаа.

Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний борлуулалт, түгээлтийн асуудлыг онцгойлон анхаарч, түлш борлуулах цэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Түлш борлуулах цэгүүдийг зөв зохион байгуулалттайгаар төвөөс алслагдсан газар амьдардаг иргэдэд ойр байлгах, борлуулах цэгийн хоорондын зай, олноор төвлөрсөн байршлыг судалж, цэгцлэх ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

Уулзалтын үеэр Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Түлш борлуулах цэгүүдийн судалгааг дүүрэг бүр гаргадаг байх хэрэгтэй. Өмнө нь Тавантолгой түлш компани борлуулах цэгүүдийг сонгож, хуваарилалт хийдэг байсан. Харин одооноос энэ ажлыг нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар өөрсдөө хариуцахаар болж байна. Нийслэлийн зүгээс дүүргүүдийн судалгаа, дүгнэлтэд үндэслэн сайжруулсан шахмал түлш борлуулах цэгүүдийг нэмэх, тохиромжтой хүртээмжтэй байдлыг судалж байршуулснаар хэт ойрхон олон цэг байх зэрэг төлөвлөлт дутмаг асуудлууд үүсэхгүй мөн иргэдийн өргөдөл, гомдол багасах юм. Нийслэлийн хэмжээнд 37 компани түлшний тээвэрлэлт хийж байна. Тиймээс сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, түгээлт хангалттай явагдах боломжтой болсон. Удахгүй болох сар шинийн баярыг хэдийгээр тэмдэглэхгүй шийдвэр гарсан ч баяр амралтын өдрүүдэд иргэд сайжруулсан шахмал түлш нөөцлөх хандлага ихсэх учраас түлшний хомстол үүсгэхгүй байх асуудалд анхаарч ажиллах хэрэгтэй” хэмээн үүрэг болголоо.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Categories
мэдээ цаг-үе

ЦЕГ: Хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан гэмт хэргүүдийн ихэнх нь ахуйн хүрээнд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас гарч байна

Он гарснаас хойш цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэрэг, тоон үзүүлэлтийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишигтэй ярилцлаа.


-Өнгөрөгч нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд нийт хичнээн гэмт хэрэг бүртгэгдсэн бэ?

-2021 оны нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд нийт 1789 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 48.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Үүн дотор хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 97, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг нийт 512 гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 318-аар буюу 37.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

-Хөл хорио тавигдснаас хойших бүтэн жилийн хугацаанд гэмт хэрэг буурсан гэж ойлгож болох уу?

-Ерөнхийдөө цар тахал дэгдэхээс өмнө буюу 2019 оны байдлаар улсын хэмжээнд нийт 31524 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол хөл хорио тогтоосон 2020 онд энэ тоо 23064 болж, хэргийн гаралт 8460- аар буюу 26.8 хувиар буурсан үзүүлэлт гарлаа.

Ямар хэлбэрийн гэмт хэргүүд өссөн үзүүлэлттэй байна. Хөл хорионы нөхцөл байдалтай холбогдуулан гэмт хэргийн гаралтад өөрчлөлт орсон уу?

-Хөл хорио чангарах тусам гэмт хэргийн гаралт буурч байна. Улсын хэмжээнд зөвхөн 2021 оны нэгдүгээр сарын байдлаар авч үзвэл 1504 хөнгөн, 285 хүнд гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулвал хөнгөн хэрэг 45.8 хувиар, хүнд хэрэг 59.3 хувиар буурсан гэсэн үг. Гэмт хэргийн илрүүлэлтийн хувь энэ оны эхний сарын байдлаар 0.3 функцээр өссөн. Энэ дотор гэр бүлийн хүчирхийлэл өсөх хандлагатай байна.

-Хөл хорио тавигдснаас хойш гэр бүлийн хүчирхийллийн хэргийн дуудлага өссөн гэсэн үг үү?

-Хатуу хөл хорионы үед цагдаагийн байгууллагад хоногт дунджаар гэр бүлийн хүчирхийллийн 70-90 дуудлага бүртгэгддэг байсан. Харин энэ сарын 11-нээс хөл хорионы дэглэмийг сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш гэр бүлийн хүчирхийллийн дуудлага хоногт 100-150 бүртгэгдэж байна. Энэ нь хөл хориог сулруулсантай холбоогүй, цагдаагийн байгууллагад ердийн үед хоногт бүртгэгддэг байсан үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, цоожтой хаалганы цаана үйлдэгддэг гэмт хэрэг өмнө нь далд байсан бол одоо хөндлөнгийн ажиглалт, хяналтын тусламжтай ил болж байна гэсэн үг.

-Он гарснаас хойш бүртгэгдсэн ноцтой гэмт хэргүүд голчлон ямар шалтгаанаас үүдэж гарч байна?

-Хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэргүүдийн ихэнх нь ахуйн хүрээнд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас гарч байна.

Тодруулбал Чингэлтэй дүүргийн 10-р хороонд нуруундаа хутгалуулсан хүн байна гэсэн дуудлага ирсний дагуу цагдаагийн байгууллага очиж шалгахад 51 настай эрэгтэйг 47 настай О гэгч согтуурсан үедээ хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг бүртгэгдсэн. Нэгдүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт хутгалуулсан хүн байна гэсэн дуудлагын дагуу очиж шалгахад 27 настай эрэгтэй М гэгчийг 47 настай эрэгтэй Б гэгч буюу төрсөн эцэг нь согтуурсан үедээ цээжин тус газар нь хутгалж амь насыг нь хохироосон хэрэг гарсныг цагдаагийн байгууллага илрүүлсэн. Мөн Баянзүрх дүүргийн IV хороонд энэ сарын 21-ний өдөр гал гарч байна гэсэн дуудлагын дагуу очиход 23 настай эмэгтэй түлэгдсэн байдалтай нас барсан хэрэг гарсныг Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэсэг шалгаж байна.

-Сүүлийн үед иргэдийн дунд цахим гэмт хэргийн хохирогч болох тохиолдол нэмэгдэж байгаа бололтой. Энэ төрлийн гэмт хэргүүд голчлон ямар хэлбэрээр үйлдэгдэж байна вэ?

-Үнэгүй.мн зарын сайтад Приус автомашин хямд зарлаа, авах гэсэн хүн зөндөө байгаа тул яаралтай амжиж урьдчилгаа мөнгөө энэ данс руу шилжүүлээрэй гэж хэлэн, үл таних таксины жолоочийн дансаар дамжуулан мөнгөө авдаг байсан байж болзошгүй нь тогтоогдоод байна. Тэгэхээр иргэд зарын сайтаар худалдан авалт хийхдээ заавал тухайн хүнтэйгээ биечлэн уулзаж байж худалдаа хийх хэрэгтэй. Танихгүй хүнтэй аль болох онлайнаар худалдаа хийхгүй байх нь цахим залилангийн хохирогч болох эрсдлээс хамгаална. Энэ төрлийн гэмт хэргүүд ихэвчлэн таксины жолооч ч юм уу өөр танихгүй хүний дансаар мөнгийг нь шилжүүлж авах замаар үйлдэгдэж байгаа тул иргэд үл таних хүнтэй худалдан авалт хийхдээ дансаар мөнгө шилжүүлэхгүй байх, анхаарал болгоомжтой хандаж, сайтар нягталж байхыг зөвлөе.

Ч.Биндэръяа

Categories
мэдээ цаг-үе

“Чухаг-2” хотхоны 601 дүгээр байрны II орцонд хөл хорио тогтоолоо

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Чухаг-2” хотхон 601 дүгээр байрны II орцонд хөл хорио тогтоож хамгаалтад авлаа.

Одоогоор тус байрны иргэдээс шинжилгээ авахаар баг гарган ажиллаж байна. Тиймээс тухайн байрны оршин суугч та бүхнийг тусгай чиг үүргийн алба хаагчдын өгсөн заавар зөвлөмж, шаардлагыг биелүүлэхийг хүсэж байна хэмээн Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Азийн онлайн тэмцээнээс ОУХМ Э.Энхмаа алтан медаль хүртлээ

Кувейтын буудлагын холбооноос зохион байгуулж буй Азийн буудлагын холбооны ерөнхийлөгч Шэйх Салман Аль Сабахын нэрэмжит Азийн онлайн тэмцээнд ОУХМ Э.Энхмаа 629.7 оноогоор алтан медаль хүртлээ.

Тэмцээнд УОК-ын зөвшөөрлөөр Техник спортын төвд тусгаарлагдан олимпын наадмын бэлтгэлээ базааж буй Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчид цэцээ сорьсон бөгөөд Олон улсын шүүгч Ж.Ганхуяг, Д.Сонинбилэг нар шүүгчээр ажиллажээ.

Хийн урт бууны дасгалд ОУХМ О.Есүгэн 622.7 оноогоор 15, хийн урт бууны эрэгтэйчүүдийн төрөлд ОУХМ Н.Баяраа 628.3 оноогоор дөрөвдүгээр байрт тус тус шалгарлаа.

Categories
мэдээ нийгэм

Ховд аймгийн малчин угаартаж амиа алджээ

Ховд аймгийн хэмжээнд угаарын хийнд хордсон гэх дуудлага 2019 онд нэг бүртгэгдсэн. Харин 2020 онд бүртгэгдээгүй. Гэвч 2021 оны хоёрдугаар сарын 01-ний өдөр угаарын хийнд хордсон нэг тохиолдол бүртгэгдсэн гэж холбогдох мэргэжлийн байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал, Ховд аймгийн Үенч сумын Нарийн гол багийн малчин Н эхнэрийн хамт угаартсан байна. Тус малчин өрх сумынхаа төвөөс 10 орчим км зайд амьдардаг байв.

Ховд аймгийн Үенч сумын Эрүүл мэндийн төвийн анхан шатны тусламж үйлчилгээний баг 2021 оны хоёрдугаар сарын 01-ний өдөр 15:00 цаг орчимд дуудлага хүлээн авч, шуурхай ажиллажээ.

Тус багийнхан очиход тухайн малчин, эхнэрийн хамт гэртээ осгосон байдалтай, зуухны яндангийн сойлтыг шахсан байсан. Эмч нар газар дээр нь үзлэг хийснээр нөхөр нь нас барсныг тогтоожээ. Харин эхнэр нь ухаангүй байдалтай байсан аж. Улмаар түүнийг сумын төвийн эмнэлэгт хүргэж, шаардлагатай эмчилгээ хийжээ. Эхнэрийн биеийн байдал сайжирч байгаа гэв.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр зуухнаас нь хэд хэдэн чулуу гарч ирсэн. Тус сумын хэсгийн төлөөлөгчид үзлэг шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж байгаа гэнэ.