Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өглөөний мэнд…!!!

Уржигдар. 2021 оны хоёрдугаар сарын 1. Шинэ Засгийн газрын ажлын анхны өдөр. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордонд бус ОБЕГ, УОК-ын Шуурхай штабт ажлаа эхлүүлэв.

Ерөнхий сайдтай хамт Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар очжээ. Коронавируст цар тахалтай тэмцэх ажлын удирдлагын голыг тэндээс нугалдаг. Тийм болохоор Ерөнхий сайд ажлынхаа эхний өдрийн өглөө эрт тавьж очсон бололтой.

Улс, аймгуудын Онцгой комиссын мэдээллийг сонслоо. Аймаг орон нутгуудын удирдлагатай онлайн хурал хийлээ. Зарим аймгийн удирдлага байгаагүй гэх мэтийн юм гарч харагдсан.

Үндсэндээ бэлэн байдал тэнд үнэлэгдсэн болов уу.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээллүүдийг сонсчихоод “Анхан дунд шатны зохион байгуулалт дээр алдаж байгаа шүү. Үүн дээр Шадар сайд онцгой анхаарах хэрэгтэй. Эрүүл мэндийн салбар, УОК, Шуурхай штаб бие бие рүүгээ алдаагаа чихдэг. Цар тахал ганц эрүүл мэндийн салбарын асуудал биш. Цар тахал бол эдийн засаг, үндэсний аюулгүй байдал, боловсролын асуудал. Та бүхний ажил уялдаа холбоогүй, хариу үйлдэл цогц биш байгаа учраас Засгийн газрын шийдвэр хэрэгжихгүй байна. Өөрсдийнхөө гаргасан шийдвэрийг өөрсдөө дагахаас эхэлнэ. Иргэдийг халдвар хамгааллын дэглэм сахиулна гэж тусгаарласан байранд хөзөр тоглож гаднаас архи, тамхи худалдаж авсан асуудал гарсан. Энэ бүх зүйл анхан шатан дээрээ очоод ажил замхардгийн тод жишээ болсон шүү.

Хотын төвд ажил маш сайн, гэр хороололд тааруу байсан. УОК, Шуурхай штаб, Эрүүл мэндийн яам, НОК нэг мотортой ажиллах хэрэгтэй. Хөдөлгүүр чинь доголдоод байна. Хамгийн мэдээлэлтэй нэг хүн нь л мэдээллээ өг. Бүгд зурагтаар гарах дуртай. Энэ тэнд очоод ярилцлага өгнө, тоонууд нь зөрнө. Яаж энэ дундаас иргэд нэгдсэн ойлголт авах юм бэ. Одоо бие бие рүүгээ алдаагаа чихэхээ больцгоо.

Асуудал цогц гэдгээ маш сайн ойлго. Иргэндээ үйлчлэх сэтгэл зүйтэй бай. Иргэдээс ямар ч сэтгэл зүй гарч болно. Би Ерөнхий сайдын хувьд жижиг асуудал ч гаргахгүй, бүхнийг анхаарч ажиллах болно.

ХӨСҮТ-ийн бохирыг яаж гаргаж байгаагаас эхлээд гэнэтийн шалгалт хийнэ. Үүнийг Шадар сайд очиж шалгах ёстой. Өнгөрсөн хугацаанд бид том шийдвэрүүдээ зөв гаргаад жижиг зүйлүүд дээр алдсан. Анхан дунд шатанд гаргасан шийдвэрээ хэрэгжүүлж чадаагүй назгай, сэтгэлгүй, хүнлэг бус байдлаас олсон. Вакцинжуулалтын ажилд одооноос бэлтгэлтэй байгаарай. Хадгалалт болон зохион байгуулалтын ажилд алдаа гарах вий. Тусгаарлах байр нийтийн 00-той газар бүтэхгүй шүү.

Эрүүл мэндийн салбарынхан хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Шуурхай штабынхантайгаа ойлголцож ажилла. Шадар сайд Шуурхай штабаа удирдаад явсан нь дээр.

Би ЗГХЭГ-т ажиллаж байхдаа бүх зүйл ярьснаас өөр гэдгийг харсан. 120 гаруй хүнтэй яаманд яг ажилладаг нь 25-30 хүн л байдаг юм билээ. Өнөөдөр ч гэсэн энд маш ачаалалтай ажиллаж байгаа хүн хэд байна, ирээд царайгаа харуулчихаад явдаг хүн хэд байна. 14 хоногийн дараа би дахиж ирнэ. Энэ нөхцөл байдал яаж өөрчлөгдсөнийг харна. Шадар сайд аа, дунд, доод шатны менежмэнтийг сайжруул. Зөвхөн өрөөндөө хурал хийхээс илүү энэ хүмүүсийн дунд нь бай, амьдар” гэсэн үүргийг өглөө.

Өнөөдрөөс УОК-ын Шуурхай штабыг Шадар сайд С.Амарсайхан удирдахаар болж байх шиг байна. Мөн бидний яриад заншчихсан “11-ийн мэдээ”-нд өөрчлөлт орох бололтой.

Түүнчлэн тусгаарлах байрны зохион байгуулалт, үйлчилгээ, бусад зүйл дээр илүү анхаарал тавигдахаар болж байна.

Явж явж өнгөрсөн хугацаанд ирсэн цар тахалтай тэмцэх ажилд илүү нарийн зохион байгуулалттай болох шинжтэй байна.

Хамгийн гол нэг асуудал бий. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улам тараад байгаа цар тахлыг ямар “гар”-аар зохицуулах вэ гэдэг сонин байгаа юм. Хатуу хөл хорио тогтоож чангалах уу, аль эсвэл амьдралыг үргэлжлүүлж, иргэдээс дэглэмээ барихыг шаардах уу. Өөрийнх нь “Давс мэт шорвог шийдвэр гаргана шүү” гэж томилогдохдоо ахин дахин хэлж байсныг нь бодвол өнөө маргаашгүй хатуу хөл хориог тогтоож эхлэхээр байгаа юм. Харин танхимынх нь зарим сайдын ярианаас үзвэл амьдрал хэвийн үргэлжилж, “зөөлөн хүч”-ний аргаар тэмцэж мэдэхээр байна.

Ингэж хэлэхийн учир нь тэрээр өчигдөр өглөө мөн л өрөөндөө очсонгүй. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нарын хамт барилгын салбарынхантай уулзлаа. Ерөнхий сайд иргэдээ орон сууцжуулсан Сингапур Улсын туршлагыг товч танилцуулж төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үр дүнтэй хамтран ажиллах талаар ярилцан,санал бодол, тулгамдаж байгаа асуудлыг нь сонсов.Энэ салбарт асуудал их ажээ. Тухайлбал, “Монгол базальт” компанийн ерөнхий захирал Л.Ариунболд “Бид бизнесээ томруулахын тулд заавал төлөөний хүнээ Засгийн газрын бүтцэд, эсвэл УИХ-д оруулж, тэнд оффистой болох ёстой юм уу. Ингэвэл бизнес томорч, тогтвортой ажиллаад байх шиг. Тэгэхээр энд сууж буй бүх хүмүүс УИХ-д дэвшвэл энэ улс орон яах юм. Бид ажлаа хийгээд өөрийн сайхан мөртэй амьдрахыг хүсч байна. Гэтэл зах зээл, өрсөлдөөн өөрөө шударга биш байна. Мөн томоохон бүтээн байгуулалтыг хийхэд үндэсний үйлдвэрлэлд хамгийн том дарамт НӨАТ. Бүх үндэсний үйлдвэр, барилгын салбар НӨАТ-ын өрөнд орлоо” гэж байв. Мөн Монголын барилгын үндэсний ассоциацийн тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Баярсайхан “Зах зээлд баригдаж байгаа нийт орон сууцны 50 хувийг түрээсийн орон сууц хэлбэрт оруулах хэрэгтэй. Энэ чиглэлээр өнгөрсөн хоёр жилийн турш манай барилгын үндэсний ассоциаци анхаарч, 5-6 компани санаачилсан түрээсийн орон сууцны төсөл хэрэгжүүлж байна. Товчхон хэлэхэд, түрээсийн орон сууцны сан гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ бид төр, хувийн хэвшлийн хэлбэрийг сонгоход “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” гээд аятайхан механизм байна. Энэ хэлбэрийг ашиглавал нэг талаас нээлттэй ил тод, нөгөө талаас төр, хувийн хэвшлийн хоорондын түншлэлийг хяналтын механизмаар зохицуулах боломжтой” гэв.Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар иргэдээ орон сууцжуулах бодлогыг бүх талаар дэмжинэ. Тухайлбал “Залуус I, II, III хороолол” барихтай холбогдуулан бүх талын төлөөлөл орсон Ажлын хэсэг байгуулж ажиллуулна” гэлээ.

Ямартаа ч Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдож байхдаа “Ордны өрөөнд шигдсэн биш олон нийтийн дунд ажилладаг Ерөнхий сайд байх болно” гэснээ ажлынхаа эхний өдрүүдэд дагалаа. Ер нь бол Ерөнхий сайдын энэ “Өглөөний мэнд…” гэдэг арга хэмжээг бүх шатанд хэрэгжүүлбэл зүгээр юм. Өрөөндөө суугаад даргын ажлыг хийдэг хүмүүс ингэж өөрчлөгдвөл гоё. Ерөөсөө тэр гоё жишиг тогтоож байна. Хамгийн чухал нь Монгол Улсын Ерөнхий сайд ингээд нээлттэй, бодит байдлыг хүргээд, явж ажиллаж байгаа нь зөв санагдлаа.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар болон орон нутагт үе шаттай барилга барих зорилгоор Ажлын хэсэг байгууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо.

Тус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагынхантай уулзсан.

Эхний ээлжинд Улаанбаатар хотод орон сууцны “Залуус I, II, III” цогцолбор хороолол, цаашид орон нутагт үе шаттай барих зорилгоор Ажлын хэсэг байгууллаа.

Ажлын хэсэг хөрөнгө оруулалт, хот байгуулалт, дэд бүтэц, газар, барилга угсралтыг шуурхай зохион байгуулах зөв, оновчтой механизмыг тодорхойлж, шийдвэрлүүлэх үүрэгтэй юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ онд багтаан төрийн 592 үйлчилгээг “Е-mongolia.mn” цахимаар үзүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Засгийн газар e-mongolia.mn-ээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн 182 үйлчилгээг цахимаар үзүүлж байгаа бөгөөд энэ онд 592 болгох юм.

Цаашид цахим үндэстэн болох, цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн албыг цомхон байлгах зорилгоор Цахим хөгжлийн яам байгуулах бэлтгэлээ хангаж эхэлжээ. Төрийн ажил, үйлчилгээг цахимжуулах, ашиглалтыг нь сайжруулах, иргэдийн цахим боловсролыг дээшлүүлэх, дижитал эдийн засгийн хөгжлийн эхлэлийг тавих, мэдээллийн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Цахим үндэстэн” цогц ажил хийхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд “Тоон бичиг үсэгтэн” арга хэмжээ хэрэгжүүлнэ. Ингэснээр төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэх, иргэд цахим үйлчилгээг саадгүй авах, цаг хугацаа, мөнгөө хэмнэх зэрэг олон давуу тал бий болно гэж үзлээ. Энэ чиглэлээр хамтран ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд болон Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газрын даргад үүрэг болгов.

Categories
мэдээ нийгэм

Тусгай үүргийн онгоц өнөөдөр Сөүл рүү ниснэ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хоёрдугаар сард дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, гадаад улс орноос эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авахаар болж, хуваарь гаргасан.

Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн тусгай үүргийн онгоц 10.40 цагт хөөрч, орой 19.00 цагт эргэн Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардана.

Энэ сард мөн дараах чиглэлд нислэг үйлдэнэ.

  • Хоёрдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар
  • Хоёрдугаар сарын 24-нд Истанбул-Улаанбаатар
  • Хоёрдугаар сарын 26-нд Сөүл-Улаанбаатар

Дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэгээр нийтдээ 840 орчим иргэнээ татан авахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

БЗД-ийн Нэгдсэн эмнэлэг өнөөдрөөс хэвийн ажиллана

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг өнөөдөр /2021.02.03/-өөс эхлэн хэвийн үйл ажиллагаа явуулж эхэлнэ гэж тус дүүргийн Онцгой комиссоос мэдээлэв. Үйл ажиллагаагаа явуулж эхлэхтэй холбоотойгоор ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн хийсэн талаар эмнэлгийн удирдлагууд мэдээлжээ.

Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 16-нд тус эмнэлэгт “COVID-19”-ийн хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүнээс хойш нэг сарын турш голомтыг хумих зорилгоор түр хугацаанд үйл ажиллагаагаа зогсоогоод байсан юм.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Шинээр 27 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1859 боллоо

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээлэлээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ” Өчигдөр нийт 15897 хүнд шинжилгээ хийхэд 27 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр нь бүгд Улаанбаатар хотод бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлууын ойрын хавьтлын тусгаарлагдсан хүмүүс юм. Ингэснээр Улаанбаатар хотод нийт 1024 хүн халдвар авсан бол дотоодод тархсан кластераас 1350 тохиолдол илэрлээ.

21 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн 1392 боллоо. Одоогоор нийт халдвартай батлагдсан 1859 тохиолдол болоод байна. Одоогоор ХӨСҮТ, Цэрггийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэг, ХСҮТ-д 454 эмчлүүлж байгаагаас нэг хүний бие маш хүнд байна” гэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Галбаатар: QR кодоор дамжуулж иргэдийн зорчих хөдөлгөөнийг мөшгих үйл ажиллагаагаа даруй зогсоох ёстой

-QR КОДЫН АСУУДАЛ НЬ
ИРГЭДИЙГ МӨРДӨН МӨШГИЖ БОЛОХ УУ, ҮГҮЙ ЮҮ ГЭДЭГТЭЙ ХОЛБООТОЙ-


Иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэх, хянах зохицуулалт бүхий QR системийн талаар хууль эрх зүйн орчин манай улсад бүрдсэн эсэх талаар хуульч, судлаач Л.Галбаатартай ярилцлаа.


-Хэдхэн хоногийн өмнө Хүний эрхийн үндэсний комиссоос Улсын онцгой комиссын даргад QR кодтой холбоотой асуудлаар шаардлага хүргүүлсэн. Иргэний хувийн мэдээлэл алдагдах, эрх нь зөрчигдөх хэдэн хэдэн үндэслэл байгаа гэж үзсэн байна. Та энэ талаар ямар бодолтой байна?

-Миний хувьд тус шаардлагыг дэмжиж байгаа. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний шаардлагад гурван зүйлийг дурдсан. Нэгдүгээрт, E-barimt системд суурилсан бүртгэл нь цар тахлаас иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад гарцаагүй шаардлагатай, үр нөлөөтэй байх эсэх, энэ хязгаарлалт нь хүний халдашгүй, чөлөөтэй байх, хувийн нууцаа хамгаалуулах эрхэд хамгийн бага хязгаарлалт тогтоосон, зорилгодоо тохирсон эсэх талаарх үндэслэл, баримтыг ХЭҮК-т ирүүлэх, олон нийтэд мэдээлэх. Хоёрдугаарт, Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.18 дугаар хэсэгт заасан “Халдвар авсан иргэний хөдөлгөөнийг тогтоох зорилгоор иргэн, хуулийн этгээдээс мэдээ, мэдээлэл авах журам”-ыг нэн даруй батлах.

Гуравдугаарт, E-ba­rimt системд суурилсан бүртгэлийг хангалтгүй хөтөлсөн шалтгаанаар аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарлахгүй, шийтгэл оногдуулахгүй байх гэсэн зүйл заалт бүхий шаадрдлага хүргүүлсэн. Тэгэхээр манай улс цар тахалтай өнөөдрийг хүртэл тэмцэх явцдаа иргэдийн хувийн мэдээллийг тодорхой хууль, дүрэм журмын дагуу нээлттэй ил тод болгосон эсэхийг бодож үзэх хэрэгтэй.

-Иргэд зорчсон газар бүртээ QR код уншуулах нь нэг талаасаа иргэдийн хувийн мэдээллийг төр бүртгэж, мөрдөж мөшгиж хүний эрхэд халдаж байгаа хэрэг мөн үү?

-Нэгдүгээрт, Монгол Улсын Үндсэн хуульд хүн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй гэж заасан. Энэ эрхийг эдлэх нэг баталгаа нь хэнийг ч хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн мөрдөн мөшгихийг хориглосон Үндсэн хуулийн заалт юм. QR кодоор дамжуулж тухайн хүнийг хэзээ, хаагуур явсан гэдгийг мэдэх боломжтой болж байгаа.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын вэб сайт дахь мэдээлэлд тухайн хүний утасны давтагдашгүй кодоор дамжуулж, тэр хүний зорчих хөдөлгөөнийг бүртгэж, бусад хувийн мэдээллийг цуглуулахгүй гэж тайлбарласан байсан. Ямар мэдээлэл цуглуулсан бэ гэдгээс үл хамаараад тухайн хүнийг хаагуур явж байгааг мэдэж байгаа гэдэг нь гол асуудал байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөдөлгөөний мэдээллийг бүртгэх замаар хүнийг мөрдөн мөшгиж байна гэсэн үг. Хүний эрхийн үндэсний комиссын зүгээс шаардлага гаргаж байгаа гол үндэслэл бол, заавал ингэж хүнийг мөрдөн мөшгих ёстой гэсэн хангалттай үндэслэл, нотолгоо байхгүй бол энэ үйл ажиллагаа чинь буруу шүү гэдгийг илэрхийлж байна. Өнөөдөр дээрх QR кодоор дамжуулж иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэж байгаа үйл ажиллагаа хэр үр дүнтэй байгаа талаар нэг ч албан ёсны мэдээлэл алга. Энэ QR кодын бүртгэлийг хэн хянах вэ гэдэг тодорхойгүй, ямар хугацаанд бүртгэлийн мэдээллийг хадгалах вэ гэдэг тодорхойгүй, цуглуулсан их өгөгдлийг хэн хадгалж, хамгаалах вэ, хэзээ устгах вэ гэдэг тодорхойгүй байна. Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хязгаарлахад чиглэсэн аливаа шийдвэр, үйл ажиллагаа маш тодорхой байх ёстой, тэр нь Үндсэн хууль, холбогдох хуульд бүрэн нийцсэн байх ёстой.

-Тэгэхээр иргэдийн мэдээллийг шууд ил тод болгосон нь тодорхой хууль зүйн зохицуулалтгүйгээр өнөөдрийг хүртэл үргэлжилж байна гэж ойлгож болох уу?

-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлэл, Засгийн газрын цахим хуудаст дурдсанаар бол, дээрх QR кодтой холбоотой үйл ажиллагааг “Улсын онцгой комиссын чиглэл”-ийн дагуу хэрэгжүүлж байна. Бас Нийслэлийн Засаг даргын 2020 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн А/1250 дугаар захирамжид “Иргэний цахим үнэмлэхийн QR кодыг ашиглан иргэдийн зорчих хөдөлгөөний мэдээллийг бүртгэх системийг хэрэглээнд нэвтрүүлж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн мэдээллийн технологийн газарт даалгасан”. Өөрөөр хэлбэл, иргэдийн зорчих хөдөлгөөний мэдээллийг бүртгэх, цуглуулах үйл ажиллагааны талаар ямар нэг журам гараагүй. Энэ журам нь захиргааны хэм хэмжээний акт байх ёстой. Ийм актаар иргэдэд үүрэг хүлээлгэх, төрийн байгууллагууд тэрхүү үүргийн биелэлтийг шалгах эрхтэй болдог. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 59.1-т зааснаар хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг захиргааны хэм хэмжээний акт гэдэг. Мөн хуулийн 67.2-т зааснаар тус актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ. QR кодтой холбоотой “Улсын онцгой комиссын чиглэл”, Нийслэлийн Засаг даргын захирамж “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д бүртгэгдээгүй. Тэгэхээр иргэд зорчих хөдөлгөөнийг бүртгэх, хянах зориулалттай QR кодыг уншуулах үүрэггүй. Иргэд, байгууллагаас ийм үүргийг шаардах эрхгүй.

-Тэгвэл QR ашиглалт хангалтгүй байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг зогсооно гэх төрийн дарамт байгаа шүү дээ. Тэгэхээр яах ёстой юм бэ?

-“QR ашиглалт хангалтгүй байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг зогсооно” гэж 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр, “QR ашиглалт хангалтгүй байгаа байгууллагуудын зөрчлийг арилгуулсны дараа нээх үүрэг өглөө” гэж мөн оны нэгдүгээр сарын 18-ны өдөр тус тус Нийслэлийн Засаг даргын тамгын газрын цахим хуудаст мэдээлсэн. Энэхүү мэдээлэлд дурдсанаар, Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар ахлуулсан хяналтын баг Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт байрлах зарим худалдаа, үйлчилгээний төв, рестораны QR платформын хэрэглээнд ээлжит шалгалт явуулж, дээрх байгууллагууд QR бүртгэлийг хийхгүй байх, үйлчлүүлэгчдээ бүрэн хамруулаагүй байгаа тул үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг хааж, маргааш өглөө зөрчлийг нь арилгуулсны дараа нээх үүргийг холбогдох албаныханд өглөө гэсэн. Мөн “Нийслэлээс өргөтгөсөн шалгалтыг цаашид ч эрчимжүүлэх бөгөөд иргэдийн QR бүртгэл хангалтгүй байгаа ААН-үүдэд шаардлага хүргүүлж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах юм” гэжээ. Өмнө тайлбарласны дагуу, зөвхөн сайн дурын үндсэн дээр QR кодыг уншуулж болно. Иргэд зорчих хөдөлгөөнийг бүртгэх, хянах зориулалттай QR кодыг уншуулах үүрэггүй байхад ийм үүргийг шаардаж байгаа нь төрийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд хуульгүйгээр, дур мэдэн иргэдэд үүрэг хүлээлгэж байгаа нэг жишээ юм. Нөгөө талаар иргэдийн зорчих хөдөлгөөний бүртгэлийн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй гэх баталгаа байхгүй, иргэдийн зорчих хөдөлгөөнийг ямар хугацаанд бүртгэх, эдгээр бүртгэлийг хэн хянах, аль байгууллага, ямар үүрэгтэй оролцох гээд олон зүйл маш тодорхойгүй байгаа тул иргэд, байгууллагуудын хувьд өөрийн эрх ашгийн үүднээс асуудалд хандах нь улам бүр чухал болж байна.

-Цаашид зохих журам батлагдсанаар иргэдийн хувийн мэдээллийг цуглуулах нь хангалттай юу?

-Үгүй ээ. Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11.1.1, 11.1.3-т төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр “хуульд үндэслэсэн байх”, “зайлшгүй, тохирсон байх” шаардлага тавьсан. Гэвч иргэдийн байршил, зорчих хөдөлгөөний өгөгдлийг цуглуулах, боловсруулах, хадгалах, ашиглахыг зөвшөөрсөн тусгайлсан хууль Монгол Улсад байхгүй. “Ковид-19″ илэрсэн иргэд, хавьтал бүхий олон мянган хүнийг олж, хөдөлгөөнд нь хяналт тавьсан. Гэтэл зөвхөн хавьтлаар хязгаарлахгүйгээр бүх иргэний зорчих хөдөлгөөнийг бүртгэж, хянах нь “зайлшгүй” биш, “тохирсон” арга биш. Иймээс Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 25-нд Улсын онцгой комиссын дарга, Шадар сайдад өгсөн зөвлөмждөө байршил тэмдэглэх аппликэйшн, иргэний үнэмлэхний QR кодыг ашиглахдаа хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хангаж, хувийн өгөгдлийг зөвхөн ковидтой тэмцэхэд ашиглах, тараахгүй, задруулахгүй байхад онцгой анхаарч ажиллах; хувийн өгөгдөл хамгаалах хуулийн төсөл боловсруулах саналыг хууль санаачлах эрх бүхий албан тушаалтанд уламжлах талаар тусгасан. Тэгэхээр “Хувийн өгөгдөл хамгаалах” тухай хууль батлагдаагүй байгаа нь хувийн өгөгдлийг цуглуулах, боловсруулах, хадгалах, ашиглахтай холбоотой хууль зүйн баталгаа бүрдээгүй гэсэн үг. Ийм хууль зүйн баталгаа бүрдээгүй байхад хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа зөвхөн иргэдийн сайн дурын үндсэн дээр хэрэгжих ёстой. Эмнести интернэшнл зэрэг олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг дэлхийн 140 гаруй иргэний нийгмийн байгууллага 2020 оны дөрөвдүгээр сард гаргасан хамтарсан мэдэгдэлдээ “Ковид-19” цар тахлаар шалтаглан иргэдийг байнгын цагдан хяналтад байлгахыг бид хүлээн зөвшөөрөхгүй” гэдгээ илэрхийлсэн. “Ковид-19” цар тахлын үргэлжлэх хугацаа 2-3 жил, харин Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх бол хугацаагүй.

-Бусад улсад орнуудын туршлага юу байна. Тэд ямар стандарт баримталж ажилладаг бол?

-Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газар, Гааль, Татвар, Санхүүгийн мэдээллийн технологийн төв болон Нийслэлийн Засаг даргын тамгын газраас боловсруулсан иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэх, хянах системтэй төстэй систем нэвтрүүлсэн ихэнх улсад нийтийн эрүүл мэндийг хамгаалахаас өөр зорилгоор буюу нөхцөл байдал өөрчлөгдсөн үед үргэлжлүүлэн хэрэглэх тохиолдол гарсаар байна. Хүний эрхийг дээдэлдэг улс орнуудын хувьд хавьтал тогтоож, мэдэгдэх систем бий болгож, ашиглахдаа хамгийн бага хэмжээний мэдээлэл дээр хамгийн аюулгүй байдлаар ажиллах технологийн шийдэл нэвтрүүлж, тэрхүү системийг ашиглах эсэх нь хувь хүний сонголт байх бөгөөд эрүүл мэндийн байгууллагын хувьд хавьтал тогтоох, мэдэгдэх системд бүртгэгдсэн тухайн хувь хүний мэдээллийг нэг сарын дотор устгах арга хэмжээ авдаг. НҮБ-ын “Интернэтийн засаглалын форум-2020″-д гаргасан тайланд дурдсанаар нийтийн эрүүл мэндийн төлөө иргэд хувийн өгөгдлөө хуваалцаж болох ч, тэдгээр өгөгдлийн аюулгүй байдлыг хангах, шаардлагатай хэмжээнээс хэтэрсэн өгөгдөл цуглуулахгүй байх, цуглуулсан өгөгдлийг өөр зорилгоор ашиглахгүй байх, цаашид үргэлжлүүлэн иргэдийн хөдөлгөөн, үйл ажиллагааг мөрдөн тагнахад ашиглагдахгүй байх ёстой. Нийтийн сайн сайхны төлөө иргэдийн өгөгдлийг цуглуулахын тулд төр болон хувийн хэвшлийн зүгээс дээр дурдсан стандартыг мөрдөх хууль зүйн баталгааг бий болгох хэрэгтэй. Гэвч манайд Хувийн өгөгдлийг хамгаалах хуультай болох хангалттай хугацаа өнгөрсөн. Миний мэдэхээр 2013 оноос хойш ийм хуулийн хэд хэдэн төсөл бэлтгэсэн, бэлэн байгаа, одоо ч бас нэг хуулийн төслийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас хариуцан боловсруулсан. Хууль батлагдахаас өмнө амжиж хувийн их өгөгдлийг дур мэдэн цуглуулах, боловсруулахад чиглэсэн элдэв үйл ажиллагаа явуулж байна уу даа гэсэн хардлага бий.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас 2020 оны тавдугаар сарын 13-ны өдөр гаргасан ковидтой холбоотой удирдамждаа хөл хорио дууссанаас хойш иргэдийн хувийн өгөгдлийг цуглуулж болохгүй гэсэн. Гэвч Засгийн газрын холбогдох албан тушаалтны мэдээлэлд дурдсанаар манайд хөл хорио дууссан ч бүх иргэний хувийн өгөгдлийг үргэлжлүүлж цуглуулж, хөдөлгөөнийг мөшгихөөр байна.

-Тэгвэл цаашид бид яах ёстой вэ?

Улсын онцгой комисс, Засгийн газраас Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дээр дурдсан шаардлагуудыг бүхэлд нь биелүүлж, энэ талаараа Хүний эрхийн үндэсний комисс болон олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэрэгтэй. Мөн хууль, журамгүйгээр хэрэгжүүлж байгаа QR кодоор дамжуулж иргэдийн зорчих хөдөлгөөнийг мөшгих үйл ажиллагаагаа даруй зогсоох ёстой. Иргэдийн хувьд өөрөө хүсээгүй л бол, иргэний үнэмлэхний QR код болон гар утсан дахь программаар QR код уншуулахгүй байх хэрэгтэй.

П.БАТЗАЯА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гэр бүлийн хүчирхийллийн 136 дуудлага бүртгэгдэж, 221 хүн эрүүлжүүлэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр /2020.02.02/ нийт 1490 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 1264 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 136 байжээ. Мөн хулгайлах гэмт хэрэг 17, гэмт хэргийн шинжтэй 61 үйлдэл бүртгэгдсэн аж.

Согтуугаар автомашин жолоодсон 42, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 123, хүний биед халдсан 72, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 80 тохиолдол тус тус өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Мөн 221 хүн эрүүлжүүлэгдэж, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 110 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ШӨХТГ: НӨАТ-ын сугалааг болиулах саналыг холбогдох байгууллагад хүргүүлнэ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас НӨАТ-ын сугалаатай холбоотой хяналт шалгалтын тайланг мэдээллээ.

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Сугалааны бөмбөлгийн гаргаж буй төхөөрөмжтэй холбоотой зөрчил илрээгүй. Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн төвийн нийт 44 албан хаагч давхардсан тоогоор 89 удаа 3 сая төгрөгийн хонжвор хожсон. Үүний хамгийн өндөр дүнтэй нь дөрвөн удаагийн тохирлоор 310 мянган төгрөг хожсон байна. Мөн нийт албан хаагчийн гэр бүлийн хамаарал бүхий 139 иргэдээс зөвхөн нэг тохиолдол 40 сая төгрөгийн хонжвор хожсон байна. Иймд ямар нэг зөрчил байхгүй гэж үзэж байна. Гэхдээ НӨАТ-ын сугалааг болиулах саналыг хүргүүлнэ” гэв.

Мөн ШӨХТГ-аас сугалаа явуулах нэгдсэн стандартад боловсруулж батлах шаардлагатай ба хяналтын зөвлөлд мэдээллийн технологийн газраас хөндлөнгийн хянагч оруулах хэрэгтэй гэж үзжээ.

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга Д.Сумъяабазар Хятадын элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзжээ.

Энэ үеэр хотын дарга хотын шинэ Их тойруу замын бүтээн байгуулалт, Энхтайваны гүүрийн шинэчлэл, нүхэн гарцуудыг нэмэгдүүлэх зэрэг дэд бүтцийг сайжруулах төслүүдийн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Харин Элчин сайд Чай Вэнруй “Улаанбаатар хотын зүгээс сэтгэлийн тусламжийг Хятадын ард түмэнд хандивласанд сэтгэл хангалуун байдаг. Миний бие Элчин сайдын хувьд Хятад, Монголын ард түмний найрсаг харилцаа, орон нутаг, хотуудын бодит хамтын ажиллагаа, Улаанбаатар хотын цаашдын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөө хамтарч ажиллахад бэлэн байна” гэжээ.

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Улаанбаатар хотод дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжиж байгаа юм.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс