Categories
мэдээ нийгэм

Л.Оюун-Эрдэнэ: Нэг стандартаар хямд орон сууц барихад төр, хувийн хэвшлийн түншлэл чухал

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Барилгын салбарынхантай өнөөдөр уулзах үеэр хүн амыг орон сууцжуулах зорилт тавин ажиллахад төр, хувийн хэвшлийн түншлэл чухал гэдгийг онцоллоо.

Залуу гэр бүлүүд орон сууц авахад 30 хувийн урьдчилгаа хүнд асуудал болдог бөгөөд гэр хорооллын 200 мянган өрх шууд орон сууц худалдан авахад амаргүй байгааг тэмдэглээд, энэ хүрээнд 9 зорилго, 47 зорилт бүхий урт хугацааны бодлого хэрэгжүүлэхээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр тэмдэглэв. Тухайлбал, уг зорилтод Улаанбаатар хотоос 25 километрийн тойрогт Багануур, Багахангай, Тэрэлж, Налайх, Аэросити, Био, Туул, Шувуу тосгон, Аргалант, Эмээлт зэрэг дагуул хот бий болгох дэд бүтэц шийдэхийг зорьж буйг тодотгов. Ингэхдээ, хотуудыг аялал жуулчлал, хөдөө аж ахуй, туслах аж ахуй, худалдааны гэсэн чиглэлээр төрөлжүүлэх бодлого баримтлана гэлээ. Цаашлаад, хөдөө орон нутагт төвлөрөл бий болгохын тулд хувийн хэвшилтэй хамтарч тухайн газарт эдийн засгийн эргэлт бий болгох шаардлагатайг онцлов.

Барилгын компанийн төлөөлөлтэй уулзахад, нийслэл газраа үнэтэй өгдөг, мөн эрчим хүчний эх үүсвэр авахад асар их авлига бий болдог, түүхий эд үнэтэй байдаг зэргээс хамаарчч орон сууцаа үнэтэй зарахаас өөр аргагүй хэмээн хэлдэг байна. Тиймээс төрөөс хариуцах асуудлыг төр өөрөө хариуцаж нэгдсэн зургийн стандартаар орон сууц хямдхан барих боломжтой гэж үзэж буйгаа Ерөнхий сайд тэмдэглэлээ. Тэрбээр, “Нэгдсэн зургаар орон сууц барьсны дараа санхүүжилтийн загварыг шийдэх хэрэгтэй. Хэрэв агаарын бохирдлын нэгдүгээр бүсэд орон сууц авбал, 30 хувийн урьдчилгаагүй зэргээр дэмжих нь зүй. Үүнийг агаарын бохирдлын эсрэг сангаас шийдвэрлэнэ. Мөн тухайн гэр бүлийн гурван үе хамт амьдарч байгаа бол урьдчилгаа төлбөр авахгүй шууд дэмжинэ. Учир нь, тухайн гэр бүл гурав биш нэг автомашин хэрэглэх учрааас түгжрэлийн эсрэг бодлогыг дэмжиж байгаа юм. Зургаан сарын хугацаатай цэргийн алба хааж эх оронч иргэнийг дэмжих хөтөлбөрт оролцсон зэрэг шалгуур тавих боломжтой” хэмээв.

Орон сууц барих газар, дэд бүтцийг төр үнэгүй өгч, эхний ээлжинд “Залуус 1, 2, 3” хорооллыг туршилтаар барихаар бэлтгэж байгааг дурдаад, энэ хүрээнд Яармагийн цаана болон Баянзүрх дүүрэгт дэд бүтэц шууд татах боломжтой нөөц газар байгааг тэмдэглэв. Мөн хөшигийн хөндий рүү төлөвлөлтөө хөгжүүлж чадвал тэнд бизнесийн урсгал байгааг онцоллоо.

“Залуус 1, 2” хорооллыг Улаанбаатар хотод, “Залуус 3” хорооллыгг орон нутагт туршилтаар барьж үзэхийг зорьж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглээд, төр өөрийн хариуцах асуудлаа шийдээд нэг зургаар хямд орон сууц барих боломжтой гэдгийг хэллээ.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Цагаан сараар барилдах бөхчүүдийг өнөөдрөөс бүртгэж эхэлнэ

Монголын Үндэсний бөхийн холбооноос сар шинийн уламжлалт барилдааныг энэ оны хоёрдугаар сарын 11-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах болсноо мэдэгдлээ.

Уг мэдэгдэлдээ “Цар тахлын улмаас Улс аймгийн цолтой 128 бөхийн барилдааныг үзэгчгүй зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Улсын онцгой комисс, нийслэлийн Онцгой комиссоос гаргасан зөвлөмж, шийдвэр, журмыг чанд даган мөрдөж ажиллана. Төрт ёсны уламжлалт сар шинийн бөхийн барилдаанд үндэсний бөхийн цолтны төлөөллүүд оролцох бөгөөд нэрсийг МҮБХ 2021 оны хоёрдугаар сарын 3-нд УОК, НОК-д гаргаж өгөх бөгөөд барилдаанд ажиллах жаяг дэгийн баг, үйлчилгээний ажилтнууд, барилдах бөхчүүд доор заасан хуваарийг дагаж мөрдөнө” гэжээ.

Цагаан сарын баярт зориулсан бөхийн барилдаанд оролцох улсын цолтой бөхчүүдийг өнөөдрөөс цахимаар бүртгэж эхлэх юм байна.

Categories
гадаад мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Мьянмарт төрийн эргэлт гарч, онц байдал зарлажээ

Мьянмар улсад даваа гаригт шилжих шөнө армийнхан төрийн эргэлт хийж, нэг жилийн хугацаатай онц байдал зарлажээ. Тус улсын ерөнхийлөгч Вин Мьюн, эрх баригч “Ардчиллын төлөөх үндэсний лиг” намын дарга, төрийн зөвлөх Аун Сан Су Жи болон бусад албан тушаалтнуудыг саатуулж, гэрийн хорионд оруулсан байна. Эрх баригч намын хэвлэлийн төлөөлөгч Мёо Ньюнтигийн ийн мэдээлжээ.

Мьянмарт өнгөрсөн арваннэгдүгээр сард парламентын сонгууль болсон. Урьдчилсан дүнгээр эрх баригч нам үнэмлэхүй ялалт байгуулж, засаг барих эрхтэй болсон юм. Гэвч цэргийнхэн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, сонгуулийг луйвардсан гэх хэргээр Дээд шүүхэд гомдол мэдүүлжээ.

2011 он хүртэл Мьянмарын төрийн эрх мэдэл цэргийн хунт нарын гарт байв. Харин 2015 онд цэргийн засаглал нуран унажээ.

Мьянмарт болсон энэ удаагийн сонгуульд Нобелийн энх тайвны шагналтан Аун Сан Су Жигийн тэргүүлсэн “Ардчиллын төлөөх үндэсний лиг” нам парламентын олонхыг бүрдүүлсэн аж. Тодруулбал, эрх баригч нам 476 суудлаас 396-ыг нь, харин армийнхны дэмжигч “Эв санааны нэгдэл”, “Хөгжлийн нам”-ууд ердөө 33 суудал тус тус авчээ. Тэд санал хураалт будлиантай болсон гэж үзэн шүүхэд гомдол мэдүүлжээ. Улмаар төрийн эргэлт хийж, ардчилсан сонгуулиар сонгогдсон эрх баригчдыг баривчилснаар нийслэл Нейпьидо хотод хяналтаа тогтоосон байна.

Гэрчүүдийн мэдээлснээр тус улсын хамгийн олон хүн амтай Янгон хотын захиргааг цэргүүд хяналтдаа авчээ. Хотын төвд цэргүүдийг байрлуулсан ч нийслэл болон бусад газруудад ерөнхийдөө нөхцөл байдал тайван байгаа талаар төрийн өмчит “Myan­mar Radio and Television” суваг мэдээлсэн байна. Цэргүүд интернэтийн хэрэглээнд хязгаарлалт тогтоожээ. Түүнчлэн онц байдлын хугацаанд Мьянмарын дэд ерөнхийлөгч Мьин Све ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэхээр болсон ч тус улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч Мин Аун Хлаины гарт төрийн эрх мэдэл шилжих тухай мэдээлжээ.

“Ардчиллын төлөөх үндэсний лиг” намын дарга Аун Сан Су Жи фэйсбүүк хуудсаара дамжуулан төрийн эргэлтийг эсэргүүцэхийг ард иргэддээ уриалсан байна. Тэрбээр мэдэгдэхдээ “Цэргийнхний энэхүү үйлдэл нь улс орныг дарангуйллын дэглэм рүү буцаах гэсэн ажиллагаа юм. Ард иргэд хариу арга хэмжээ авч, цэргийн хүчээр засгийн эрхийг булаан авахыг чин сэтгэлээсээ эсэргүүцэхийг уриалж байна” гэжээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ цэнхэр, ягаан тасалбарын тодорхой бус байдлыг шалгахаар болжээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар өмч хувьчлалын цэнхэр, ягаан тасалбарын ашиглалт, зарцуулалтын талаар Санхүүгийн зохицуулах хороотой хамтран шалгалт хийхээр болжээ. “Хөрөнгө оруулалтын буюу өмч хувьчлалын эрхийн бичиг нэрээр анх гарч байсан цэнхэр, ягаан тасалбарын мэдээлэл болон санхүүгийн зарцуулалт өнөөдөр тодорхой бус байсаар байна. 1991-1994 онд цэнхэр, ягаан тасалбар авсан 250 мянга орчим иргэн бий” гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын албан мэдээнд дурджээ. Тиймээс тус байгууллага үндсэн чиг үүргийнхээ хүрээнд энэхүү эрхийн бичгээр хэн хаана, ямар компанийн хувьцаа авч хөрөнгө оруулсан болон хүүг нь хэн авч буй талаар хяналт, шалгалтыг хийх юм байна.

Хяналт шалгалтыг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөс эхлэх бөгөөд хичнээн хүний хувьцаа ямар ААН, компаниуд дээр байрлаж, ногдол ашиг нь хэр хуримтлагдсан, үүнийгээ тухайн иргэн авч байгаа эсэх зэргийг тодорхой болгох ажээ. Тодорхой бус байдлаар цэнхэр, ягаан тасалбартай холбоотой 10 гаруй тэрбум төгрөг энд хөндөгдөнө гэж тооцсон байна.

Дашрамд дурдахад Монголын Хөрөнгийн биржээс 2018 онд цэнхэр, ягаан тасалбарын талаар олон нийтэд мэдээллэхэд гурван өдрийн дотор 6400 гаруй хүн үнэт цаасны дансаа шалгуулж байжээ. Улмаар иргэд нэг тэрбум орчим төгрөгийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөс гаргуулж авсан байна.

Categories
мэдээ цаг-үе

ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 15-нд эхэлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын хичээл өчигдөр цахим, теле хэлбэрээр эхэлсэн билээ. УОК, Засгийн газраас гуравдугаар сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэх чиглэл гаргасан юм.

Харин энэ жилийн ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 15-нд эхлэх талаар БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрээр “Энэ жилийн ЭЕШ-ын бүртгэл 2021 оны хоёрдугаар сарын 15-нд эхэлнэ. Бүртгэлийг цахимаар зохион байгуулна. Цар тахлын нөхцөл байдлаас хамааран ЭЕШ-ын хугацааг хэдийд товлох вэ гэдгийг дөрөвдүгээр сард зарлана. Мөн арванхоёрдугаар ангийнханд зориулсан хичээл, сургалт, танхимын давтлага өгөх зэрэг ажлыг зохион байгуулна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Шинэ Засгийн газрын анхны ажил бүх нийтийн вакцинжуулалт байх ёстой

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар байгуулагдаад гурав хонож байна. Шинэ томилогдсон болон улирч үлдсэн гишүүдийг сайлж, муулж есөн шидээр нь хэлж байгаад гайхаж эгдүүцээд байх юм алга. Ийм л байдаг. Харин шинэ засагт хэд хэдэн содон гишүүн орж ирлээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Ц.Нямдоржийг томилсонд нийтийн зүгээс “тэр хүн тэнд юугаа хийж яваа юм” гэх өнгө аяс олонтаа гарч байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорсон гол алдаа нь Ерөнхийлөгчтэй таарамж муутай байснаас үүдэлтэй гэж онцолж байгаа энэ үед Ц.Нямдорж шинэ засагт уул шиг нөмөр, уйгагүй нэмэр болох нь гарцаагүй юм. Төрд ажилласан туршлага, мэдлэг, улс төрийн болоод хувь хүний зангараг нь шинэ засгийн гол түшиг болох биз. Тэрбээр шинэ албан тушаалаа аваад “Зоригийн хэрэг, Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг орхихгүй, анхаарч ажиллана” гэсэн. Хууль зүйн сайд байх үедээ эхлүүлсэн ажил нь яах аргагүй мөн. Гэхдээ хэт үүндээ анхаарч Кихот ноён салхин тээрэмтэй байлддаг шиг юм болох вий. Бусдаар бол Ц.Нямдорж муу сонголт биш юм.

Соёлын сайд Ч.Номинг мөн л сайн муу олон янзаар ярьж байгаа. Барууны боловсролтой залуу хүний хувьд өнгөрсөн түүхээ хэт шүтэж, мунхаглах тал руугаа хэлбийх нь бага биз гэж найдна. Ямар ч байсан худам монгол бичиггүй бол бид сүйрнэ гээд “хаг хуг” гээд зогсоод байхгүй байлгүй дээ. Урлаг соёл, энтертаймент чиглэлээр хувийн компанидаа мөнгө олж байгаа шигээ Монголын кино урлагаас эхлээд соёлын салбарыг бүхэлд нь арай өөр түвшинд хүргэнэ гэж төсөөлж байна. Монгол соёлыг дэлхий сонирхдог, түүний төлөө мөнгө төлж үзэж сонcдог болчихвол түүний гавьяа байна биз ээ.

Эрүүл мэндийн сайд бол энэ цаг үеийн хамгийн чухал алба юм. Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн дарга байсан С.Энхболд хамгийн эгзэгтэй хэцүү үед эрүүл мэндийн салбарыг удирдахаар томилогдлоо. Удирдаж байсан эмнэлэг нь дажгүй сайн зохион байгуулалт, үйлчилгээтэй, манай алдартнууд, дарга нар үйлчлүүлдэг уламжлалтай. Шинэ сайд маань ард түмэндээ элэгтэй, ээлтэй шийдвэрүүд гаргаж, салбарынхаа дотор нь орж ажиллах хэрэгтэй. Сая эмч нарын хэт хувиа хичээсэн мунхаг зан авираас болоод Засгийн газар огцорсон гэдгийг бодвол мартахгүй ажиллах биз. Огцордог сайд шигээ хэл ам дагуулав, зүгээр л ажлаа хийгээрэй. Өмнөх сайдыг нь сүрхий менежер гэж магтдаг, түүнийг хамгийн чухал цэг болох Халдвартын эмнэлгийн даргаар тавьчихвал санаанд оромгүй сайн үр дүнгүүд дуулдаж мэднэ. Энэ мэт хүмүүсээ зөв зохион байгуулж, зөв хуваарилалт хийх ёстой.

Хотын дарга асан С.Амарсайхан Шадар сайд боллоо. Хотын мээр байхдаа эдийн засаг унасан, тахлын ийм хэцүү үед асар өндөр үнэтэй усан оргилуур барьсан. Нийтээрээ эсэргүүцээд түүний энэхүү цагаа олоогүй шийдвэрийг болиулж чадаагүй. Илүү зардлаа танаж, хэмнэж, хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж суугаа одоо үед тэр мөнгө нөөцөнд байсан бол юутай тустай байхсан. Шадар сайд болчихоод усан оргилуур барина гэж мугуйдалж зүтгэдэг шигээ ард түмэнд наалдацгүй огцом тэнэг шийдвэр гаргав аа л гэж захья. Тэр дүүжин тээвэр энэ тэрээсээ холхон байгаасай. Дүүжин тээвэр гэж ихэнх тохиолдолд аялал жуулчлалд зориулагдсан байдаг. Жишээлбэл, Зайсан толгойг таглаж барьсан шилтгээнийх нь дээрээс уулын бэлд хүргэх гэх мэтээр ашигладаг. Түүнээс биш Баянхошуунаас хотын төвд ирэх, Таван шараас Амгалан хүрэх дүүжин нийтийн тээвэр гэж төсөөлөгдөхгүй. Амьдралд ойрхон шийдвэр гаргаж байгаасай.

Шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Давс мэт шийдвэрүүд олон гаргана” гэж хэлсэн. Амьдралд хэрэгтэй, улс оронд нэмэртэй шийдвэрийг ард түмэн ойлгож дэмжинэ ээ. Улстөржилгүй, зөв л ажиллах хэрэгтэй.Орой эрт унтаж өглөө эрт босдог ард түмэн байна, англи хэлийг хоёрдугаар хэл болгоно, найз нөхдөө хорхогоор дайлдагаа болих, буяны тарга гэдэг ойлголтоос салах, жин барьдаг ард түмэн болно.Мөн хамгийн олзуурхууштай нь хэвлэл мэдээлэлтэй хамтарч ажиллана, шүгэл үлээгчийн хууль батална гэх зэрэг нь шинэ шинэлэг шинэ үе гарч ирж байгааг харагдуулсан мэдээлэл байлаа. Өмнөх Ерөнхий сайд хэвлэлд нэг удаа ч ярилцлага өгч байсангүй. Танхимын сайдууд нь ч алдаг оног хаа нэг дуугарч байв. Тэд юунд зорьж, юу хийсэн талаар ямар ч мэдээлэл өгөөгүй, таг харанхуй буусан. Уучлаарай, нийтэд зориулсан сүржин мэдээллүүд хийснийг чинь энд зориуд оруулсангүй.

Цар тахлын улмаас эдийн засаг гацсан, нийтээрээ айдас хүйдэстэй энэ үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний танхимын хамгийн түрүүнд хийх ажил бол бүх нийтийн вакцинжуулалт. Яг өнөөдрийн байдлаар “тэдэн тун вакцин төчнөөн төгрөгөөр захиаллаа” гэсэн мэдээлэл байхгүй л байна. Ер нь вакцинд мөнгө төсөвлөөгүй бололтой харагдах юм. Энэ ч хөтөлбөрт хамрагдана, тэр ч тусламжаар үнэгүй авчих юм яриад л байна. Гурван сая гаруйхан монголчуудынхаа эрүүл мэндэд ямар хайнга хөндий хандаж байх юм гэж гайхмаар. Яг л хуучин энд тэндээс төсвийн цоорхойг нөхөх хэдэн доллар олж ирдэг шигээ л яриад байх юм. Ард түмний эрүүл мэнд ийм хоёр гуравдугаар зэргийн ажил болоод удаж байна. Үүнийг л хамгийн түрүүнд болих хэрэгтэй. Дахин хэлье, танай Засгийн газрын хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол бүх нийтийн вакцинжуулалт. Энэ засаг 100 хоногт вакцинжуулахаа зарлалаа. Тэгвэл хуучин засаг энэ хоёрдугаар сарын дундуур эхэлнэ гэж байлаа. Тэгэхээр У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ тал дээр юу ч хийгээгүй худлаа ярьж ард түмнийг хууран цаг нөхцөөж байсан гэдэг нь харагдаж байна. Яагаад гэвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар вакцинжуулалтын ажлыг шинээр эхлэн хийх бололтой. Хуучин У.Хүрэлсүхийн ажил явцтай байсан бол юу гэж ингэж 100 хоногоор хойшлох билээ.

Төдийгөөс өдий хүртэл хамгийн сайн вакциныг нь захиалж, мөнгөө төлчихөөд, ирэхийг нь хүлээж суухад хангалттай цаг хугацаа, боломж байсан. Энэ ажилд нэг л хойрго хандаад байгаа мэт санагдах боллоо. Удирдлагууд сүйхээтэй, сэтгэлтэй, ард түмнээ боддог улс орнууд хэдийнэ вакцинжуулаад эхэлсэн. Манайд болохоор хувийн ганц нэг компани л цөөн тун вакцин захих гэрээ хийх гэж байгаа тухай дуулдах юм.

Одоо эрүүл мэнддээ мөнгө зарцуулдаг болмоор байна. Хамгийн сайн гэж байгаа вакциныг яаралтай худалдаж авч ирэх амин чухал хэрэгцээ байна. Эрүүл байхад ажил хийж болно. Энэ ард түмнийг тахлын вакцинаар хангачихаад ажиллуулаад үзээрэй. Яриад байгаа эрт босч ажиллах, давс мэт шийдвэрүүдээ гаргаад шахаад өг. Юунаас эхлэх, яаж ажиллах гээд төсөл төлөвлөгөөгөө гаргасан биз, харьцангуй урт хугацаа энэ засагт байна. Эдийн засгаа чадах ядахаараа босгоод л ирнэ, энэ ард түмэн чинь. Дахин хэлэхэд, эрүүл хүн л эрч хүчтэй ажиллана.

УИХ-ын зарим гишүүд “Шинэ Засгийн газрыг бага шүүмжлээрэй” гэж байсан. Зөв ажиллаад, зүгээр л хийх ёстойгоо хийгээд байвал хэн тэднийг шүүмжилж баалах билээ. Буруу тийшээ зүтгээд, улстөржиж гүйгээд байвал шүүмжлэх байтугай л юм болно. Сая нэг гайхам гоё жишиг тогтсоныг анзаараа биз дээ. Ард түмэндээ, эх орондоо хүнийрхүү цэвдэг сэтгэлээр хандаад, үл тоогоод байвал хөгшин залуугүй шууд л гараад эсэргүүцлээ илэрхийлдэг болсныг. Тэр эсэргүүцэл та нарыг шүүмжлэх байтугай дор нь огцруулах хүчтэй. Ер нь огцруулах байтугай л юм болно шүү. Энэ бол ард түмний хувьд маш зөв соёл болж тогтох ёстой юм. Та нарын буюу эрх баригчдын хувьд бол аюултай муу зан сургасан гэсэн үг л дээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Сайн засаглалыг бүрдүүлэхийн тулд манай Засгийн газар хэвлэл мэдээллийн байгууллагынхантай нягт хамтран ажиллана

Засгийн газрын гишүүдийг томилсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлж, дөрвөн зорилтоо танилцуулсан юм.


Засгийн газрын бодлогын залгамж чанарыг хадгалж, газрын тосны үйлдвэр, төмөр замын төслүүд, байгалийн хийн хоолой, Таван толгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг улс орны хувь заяатай салшгүй холбоотой томоохон төслүүдээ хэрэгжүүлж дуусгана гэдгээ илэрхийлье.

Манай Засгийн газар цар тахал өвчин, түүнээс улбаалсан дэлхийн эдийн засгийн хямрал, аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид, иргэдийн амьжиргаанд тулгамдаж буй олон асуудал, нийгмийн бухимдал, Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улстөржилт зэрэг олон асуудалтай нүүр тулна гэдгийг бүрнээ ухамсарлаж байна.

Тиймээс ч миний бие өнөөдөр чихэр мэт сайхан зүйл ярихгүй ээ. Харин өнөөдөр сонсоход давс мэт шорвог ч, Монгол Улсын ирээдүйд тустай дөрвөн зорилтыг товч танилцуулъя.

ЗОРИЛТ 1. ЦАР ТАХЛЫГ БОГИНО ХУГАЦААНД ДАВАН ТУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ

Хүн амаа вакцинжуулах нь бидний нэн тэргүүний зорилт. Цар тахлын голомтод ажиллаж буй ажилтан, албан хаагчид, эрсдэлтэй бүлгийнхэн, цаашлаад нийт иргэдээ ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцинд үе шаттай хамруулах ажлыг Засгийн газар эхний 100 хоногт багтаан зохион байгуулахын тулд бүх нөөц боломжоо дайчлан ажиллана. Цар тахлын нөлөөнд хамгийн их нэрвэгдсэн аж ахуйн нэгжүүд, ажил олгогч, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих цогц арга хэмжээг Засгийн газар цар тахлыг даван туулах төлөвлөгөөнд тусгаж, үе шаттай шуурхай хэрэгжүүлнэ. Гадаадад буй иргэдээ мэргэжлийн байгууллагын зөвлөгөөнд үндэслэн үе шаттай татан авчрах ажлыг эрчимжүүлнэ.

ЗОРИЛТ 2. ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ

Эдийн засгаа сэргээх, өсгөх томоохон зорилтуудаасаа өнөөдрийн сэтгэл зүйд автан ухарч болохгүй ээ, харин одооноос цар тахлын дараахь үеийн эдийн засагт бэлтгэлээ хангах хэрэгтэй.

Иргэдийн орлого, ажлын байрны асуудал ч эдийн засгийн өсөлтгүйгээр бүрэн шийдэгдэх боломжгүй юм. Тиймээс шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийг хурдасгахыг гол зорилтоо болгоно. Эдийн засгийн хөгжил, түүнийг дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үндсэн суурь ч шинжлэх ухаан, мэдээлэл, технологийн салбараас ихээхэн хамаарна. Шинжлэх ухааны академи, инновацийн хүрээлэнгүүдийг уялдуулж, шинжлэх ухааны нээлтийг эдийн засагжуулахын тулд нэгдсэн кластер хэлбэрээр зохион байгуулна.

Аж үйлдвэрийн IV хувьсгалын үед хиймэл оюун ухаан, финтек, үүлэн технологи чиглэлээр дэлхийн зах зээлд амжилттай өрсөлдөж эхэлсэн үндэсний компаниудаа дэмжиж, түншлэн ажиллана. Уул уурхайн салбарын орлогыг илүү өгөөжтэй байлгаж, байгалийн баялгийг шударга хүртээмжтэй хуваарилахын тулд Үндэсний баялгийн сан байгуулна. Үндэсний баялгийн сан хуримтлалын, тогтворжуулалтын, хөгжлийн гэсэн үйл ажиллагааны гурван чиглэлтэй байна. Баялгийн сангийн орлогыг байгалийн баялаг ашигласны онцгой татвар, төрийн өмчит компаниудын ашгаар бүрдүүлж, эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг дэмжих, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд зарцуулах болно. Уул уурхайн стратегийн орд газруудын шууд өгөөжийг сайжруулна. Оюу толгойн гэрээг эрс сайжруулж, Монгол Улс баялгаа ашиглуулсны хариуд өртэй биш харин өвтэй үлдэх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө УИХ-тай нягт хамтран ажиллана. Засгийн газрын тэргүүний хувьд “Алсын хараа 2050” бодлогод тулгуурлан эдийн засгийн дараахь салбаруудыг тэргүүлэх чиглэл болгож, бодлогоор онцгойлон дэмжих болно. Уул уурхайгаас гадна, боловсруулах аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, аялал жуучлал ба жижиг дунд үйлдвэрлэл, тээвэр логистик, бүтээлч үйлдвэрлэл, мэдээлэл, технологийн салбар үүнд багтана. Яагаад эдгээр салбарыг бусдаас онцлов гэдгийг цөөн үгээр тайлбарлая. Юуны өмнө бид байгалийн баялагтаа нэмүү өртөг шингээх учиртай. Нүүрсээ угааж, зэсээ хайлуулж, газрын тос, төмрийн хүдрээ боловсруулах хүчин чадалтай үйлдвэрүүдийг байгуулах шаардлагатай. Ганцхан жишээ дурдахад, “Эрдэнэс Таван толгой” ХК-ны олборлолтын аманд нэг тонн коксжсон нүүрсний үнэ 63 ам.доллар байдаг. Тээвэрлэгдэн Ганцмод боомтод хүрч угаагдахад 200 ам.доллар болж өсдөг.

Монгол Улс жилд 6.1 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн гаднаас худалдан авч байна. Үүний нэг тэрбум ам.долларыг газрын тосны бүтээгдэхүүнд зарцуулдаг.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж чадвал 70 хувь, цаашлаад 100 хувь дотоодоосоо хангах нөхцөл бүрдэнэ. Аж үйлдвэржсэн орон болоход дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэх шаардлагатай. Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг яаралтай барьж дуусгах болно. Ингэснээр жилд Монгол Улс тээврийн зардлаас 600-900 сая ам.доллар хэмнэж, нийт экспортын хэмжээг 30 орчим хувиар нэмэгдүүлэх боломжтой. Авто замын төслүүдийг хэрэгжүүлэхдээ ач холбогдлоор нь эрэмбэлж, тэргүүн ээлжинд хилийн боомтууд болон аялал жуулчлалын замыг холбох болно. Далайд гарцгүй манай улсын хувьд тээвэр логистикийн салбарыг цогцоор нь хөгжүүлэх нь туйлын чухал юм.

Таван толгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг яаралтай дуусган, V цахилгааны станцын ажлыг эхлүүлэх болно. Манай улс нэг хүнд ногдох малын тоо болон газар нутгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг. Гэвч хүнсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвараар 192 орноос 180 дүгээрт эрэмбэлэгдэж байна.Малын түүхий эдийг боловсруулах үйлдвэр болон тээвэрлэлтийн суурь төвүүдийг үе шаттай барьж байгуулна.

Цар тахлын дараа хамгийн хурдтай сэргэх салбар бол дэлхийд аялал жуулчлалын салбар гэдэг нь ойлгомжтой. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэгчлэн Монголд ирэх гадаад жуулчдад үүсдэг бэрхшээл, хүнд суртал, хариуцлагагүй байдлыг арилгаж, цахим Элчин сайдын яам байгуулах, цахим виз олгох, агаарын тээврийг либералчлах асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Бахархам түүх, баялаг соёлынхоо өв уламжлалд түшиглэн бүтээлч эдийн засгийн салбарыг хөгжүүлнэ. Соёлын яамны менежмэнтийг шинэ түвшинд гаргаж, соёл, урлаг, кино урлагийг дэлхийн түвшинд гаргаж, эдийн засгийн үр өгөөжтэй байх зорилтыг дэвшүүлнэ. Хөрөнгийн бирж, Төрийн өмчит үйлдвэрийн газруудын засаглалыг олон улсын түвшинд хүргэнэ. Цаашид Монгол Улс төв Азийн санхүүгийн томоохон төвүүдийн нэг болох суурийг тавина. Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн зөвлөл, Бизнес эрхлэгчдийн зөвлөл, Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих зөвлөл байгуулж, ширээний ард хурал хийх биш, самбарын өмнө шийдэл ярилцах Төр-Хувийн хэвшлийн түншлэлийн шинэ соёлыг бүрдүүлж, цаашид Эдийн засаг, хөгжлийн яамыг байгуулах болно. Ордны өрөөнд шигдсэн биш олон нийтийн дунд ажилладаг Ерөнхий сайд байх болно.

ЗОРИЛТ 3. ДУНДАЖ ДАВХАРГЫГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ШИНЭ ТОГТОЛЦОО

Нийгмийн хөдөлгөгч хүч болсон дундаж орлоготой иргэд өнөөдөр хүүхдийн зулай мэт эмзэг байна. Цаг алдалгүй дундаж орлоготой иргэдийг дэмжиж үндэсний цоо шинэ тогтолцоонд шилжин орохгүй бол дундчуул маань ядуурлын гүн далай уруу өдрөөс өдөрт живсээр байна. Чинээлэг дундчуул зонхилсон нийгмийг бүрдүүлэхэд манай улсын хувьд хамгийн чухал зүйл бол орон сууцжуулах асуудал юм.

Манай Засгийн газар ирэх гурван жилийн хугацаанд “Залуус 1, 2, 3 хороолол”-ыг нэгдсэн зургаар барих ажлыг өрнүүлж, орлогод нийцсэн орон сууцны шинэ санхүүжилтийн загварыг Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоонд шилжих замаар шийдвэрлэх болно. Чинээлэг дундчуул зонхилсон нийгмийг бий болгох хоёр дахь хөшүүрэг бол чанартай боловсрол юм. Боловсрол хүний амьдралыг ядуурлаас чинээлэг түвшинд шууд аваачиж чадах хүчирхэг онгоц.

Монгол хүн болж төлөвших сургалтын багц, монгол хэл, бичгийн төгс хэрэглээ, хот, хөдөөгийн сургалтын чанар, их дээд сургуулийг нэгтгэж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, англи хэлийг хоёрдогч хэл болгож, дэлхийн иргэд бэлтгэх зэрэг асуудлыг онцгой анхаарна. Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг жил бүхэн зарлаж, Монгол Улсад зайлшгүй хэрэгтэй шинэ үеийг бэлтгэхэд анхаарч ажиллана. Засгийн газар Боловсролын шинэчлэлийн багц хуулийг УИХ-ын хаврын ээлжит чуулганаас өмнө өргөн барих болно.

Ирэх дөрвөн жилийн хугацаанд Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв, Зүрх судасны үндэсний төв, Түлэнхийн төв, Хавдар судлалын үндэсний төвийг шинээр барих болно. Ингэснээр бид жилд 100-120 сая ам.долларыг гадаадад эмчлүүлэхэд зарцуулж байгаа урсгалыг 30-40 хувиар бууруулах боломжтой юм. Үүнээс гадна дундаж орлоготой иргэдийг дэмжих үндэсний тогтолцоог бүрдүүлэхэд халамжаас хөдөлмөрт шилжих, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээлд дэх оролцоог нэмэгдүүлэх, банк санхүүгийн төрөлжсөн тогтолцоо бий болгох зэрэг амин чухал асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ.

ЗОРИЛТ 4. ШУДАРГА ЁС, ЦАХИМ ЗАСАГЛАЛ

Жанжин Д.Сүхбаатарын талбайд -30 хэмийн хүйтэнд 30 мянган иргэн цугларч, өнгөрсөн 30 жилийг цэглэж, шинэ 30 жилийг эхлүүлэхийг хүсч, улс төр, уул уурхай, шүүх, хууль хяналтын байгууллага дамнан оршсон бүлэглэлд “ҮГҮЙ” гэж хэлснийг би хэзээ ч мартахгүй ээ. Миний бие ордон дотор хүч мөхөствөл, олон нийтийн дэмжлэг авч тэмцлээ үргэлжлүүлэх болно. Энэ удаагийн авлигатай хийх тэмцэл зөвхөн хогийн ургамалтай нь биш, харин түүнийг бүрдүүлж буй хөрстэй нь хийх тэмцэл байх болно.

Цаашид төрийн дээр төр шиг байдаг албан бус бүлэглэл дахин үүсэх, улс төрийн зорилгоор хууль хяналтын байгууллагыг ашигладаг байдлыг бүрэн таслан зогсоохын тулд сонгодог парламентын тогтолцоог бүрдүүлэх эрх зүйн цогц реформыг улс төрийн намуудтай зөвшилцөн хийхийг эрмэлзэнэ. Шүгэл үлээгчийг хамгаалах тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай, Төрийн албаны ёс зүйн тухай хуулийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар төрийн байгууллагын албан тушаалтнууд, орлогоосоо давсан хэрэглээтэй эсэх, хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу мэдүүлж байгаа эсэхийг бүртгэлжүүлэн цэгцлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Сайн засаглалыг бүрдүүлэхийн тулд манай Засгийн газар дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээллийн байгууллагынхантай нягт хамтран ажиллана. Засгийн газар чөлөөт хэвлэлийн эрх чөлөөг дээдэлж, иргэдийн мэдэх эрхийг хүндэтгэн ажиллана. Олон нийтийн дунд эргэлзээтэй маргаан дагуулдаг томоохон асуудлуудаар бодит мэдээллийг өгч, илүү судалгаатай, баримттай хандахад дэмжлэг үзүүлж ил тод, нээлттэй хамтран ажиллахыг эрхэмлэнэ.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаагчин могой өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 2. Ангараг гариг. Билгийн тооллын 20, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 08:18 цагт мандан 17:53 цагт жаргана. Энэ өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 15-17 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 36-38 градус, бусад хэсгээр 27-29 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Хэнтэйн уулсаар ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Тэс, Байдраг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 36-41 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 30-35 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 14-19 градус, бусад нутгаар 24-29 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 14-19 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 3-8 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 32-34 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 33-35 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Хаана найр наадам, улстөржилт болно, тэнд ковид гаарч байна” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “МАН-д Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө Ерөнхийлөгчийн хууль руу маш тодорхой нарийвчлаад биччих зориг зүрх алга” хэмээн I-II нүүрт өгүүллээ.

“Сакура проперти” компанийн захирал Н.Ганбаатар “Пассив хаус бол халуун сав шиг дулаахан байшин, зуух огт хэрэггүй” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Хаана найр наадам, улстөржилт болно, тэнд ковид гаарч байна” хэмээн өгүүллээ.

“Ковид-19” -ийн халдварыг хэрхэн авсан, вирусээр өвчлөх болсон шалтгаан зэргийг зарим иргэний нэрийг нь нууцлан тодрууллаа. Тусгаарлалтад байсан их эмч С “Хэрэв орцонд чинь өвчлөл гарвал дээд давхрын айлууд халдвар авах магадлал өндөр” гэлээ.

23 дугаар сургуулийн захирал Ц.Цолмонбаатар “Хувь хүний чадварыг танина гэдэг удирдагч хүний хамгийн том мэдрэмж” хэмээв.

Баримт үйл явдлын VII нүүрт УОК-ын Шуурхай штабын дэргэдэх судалгаа, шинжилгээний бүлгийн гишүүн, МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргих “Чанартай хөл хорио гэдэг нь гэр бүлээсээ өөр хүмүүстэй харьцахгүй хорионд байхыг хэлнэ” хэмээн I-VII нүүрт өгүүллээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ