Categories
мэдээ улс-төр цаг-үе

Шүүхийн тухай хуульд тусгагдсан онцлох заалтууд

УИХ -ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Уг хуулийн онцлох заалтуудыг хүргэж байна.

Шүүхийн тухай хуульд эрүүдэн шүүх, хууль бусаар яллах зэргээс сэргийлэх зохицуулалт тусгасан. Шүүгчид хэн нэгэн нөлөөлөх оролдлогыг хаасан, хууль зөрчсөн шүүгчид сахилгын бусад шийтгэл ногдуулахаар эрх, үүргийг тодотгожээ.

  • Улсын Дээд Шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Сахилгын хорооны шүүгчийг ил тодоор сонгон шалгаруулна.
  • Шүүхэд шатлан дэвших зарчмыг баримтална.
  • Шүүгчийн сахилгын хороо байгуулагдана.
  • ШЕЗ-ийг өмнө ерөнхийлөгч томилдог байсан бол одоо шүүгчдийн их хурлаас ерөнхийлөгч УИХ томилно.
  • Эхийн одонгоос өөр шагнал авахгүй.
  • Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгч бус гишүүнийг томилгооны сонсголоор заавал оруулж, батална.
  • Шүүгчээс мэргэжлийн шалгалтаас гадна зан төлөвийн шалгалт авна. Шүүгчид ёс зүйн болон эрх зүйн хариуцлага хүлээдэг болно.
Categories
гадаад мэдээ

Жо Байдены тангараг өргөх ёслол дээр Лэди Гага, Женнифер Лопез нар дуулна

Дуучин Леди Гага, Женнифер Лопес нар шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байден, дэд ерөнхийлөгч Камала Харрис нарын тангараг өргөх ёслолыг нээнэ гэж ёслолыг зохион байгуулах хорооноос пүрэв гарагт мэдээллээ. Тэр дундаа Байдены сонгуулийн сурталчилгаанд идэвхтэй оролцож байсан дуучин Лэди Гага нэгдсэн улсын төрийн дууллыг эгшиглүүлэх болжээ. Цар тахлын үед өөрийн дуу хоолойгооор нийгмийн цөөнхийн эрх ашгийг хамгаалахын төлөө тэмцэж чадсан хэмээн үнэлж Женнифер Лопезыг тангараг өргөх ёслолын тайзнаа урьжээ. Түүнчлэн Үндэсний залуу яруу найрагчдын холбоог төлөөлөгч Аманда Горман шүлэг унших бол Жоржиа мужийн Фултон тойргийн гал сөнөөгч Андреа Холл ёслолын хүндэт зочноор уригджээ. Андреа Холл бол гал сөнөөгчдөөс ахмад цол хүртсэн анхны хар арьст эмэгтэй юм. Байдены эртний найз, Жоржтауны их сургуулийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Лео Ж.О’Донован ч хүндэтгэлийн урилгыг хүлээн авчээ.

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын дараа алдартнууд оролцсон концерт, үдэшлэгийг цахимаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү тусгай нэвтрүүлгийг жүжигчин Том Хэнкс хөтлөх бөгөөд орон нутгийн цагаар 20:30 минутаас ABC, CBS, NBC, CNN, MSNBC сувгаар шууд дамжуулахаар болжээ. 22 цаг хүртэл үргэлжлэх баярын үдэшлэгт Деми Ловато, Жастин Тимберлейк, Жон Бон Жови нар оролцож уран бүтээлээсээ толилуулах юм.

Categories
мэдээ нийгэм

ЭХЭМҮТ-д 26 хүүхэд мэндэлжээ

Эрүүл мэндийн яамнаас хоногийн мэдээ ирүүллээ. ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна. (2021.01.15-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)

ЭХЭМҮТ-д 26 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 100 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 253 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Ээлж солих уурхайчдын PCR шинжилгээг маргаашнаас авч эхэлнэ

Уул уурхайн ажилчдын ээлж солих зохион байгуулалттай арга хэмжээний хүрээнд ажилчдаас PCR шинжилгээ авах ажиллагааг Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран 01 дүгээр сарын 16-ны өдөр эхлүүлэх боллоо.
Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны Шуурхай штабаас Нийслэлийн эрүүл мэндийн газрын шинжилгээ авах цэгүүдэд аж ахуйн нэгжүүдийг хуваарилж байна. Шинжилгээ өгөх хуваарийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны вэб сайтын “Мэдээ мэдээлэл” цонхны “Шуурхай штаб мэдээлэл” хэсэгт өнөөдөр, 01 дүгээр сарын 14-ний өдөр байршуулах тул аж ахуйн нэгжүүд орон нутгаас ирж шинжилгээнд хамрагдан ээлжинд гарах ажилчдаа Улаанбаатарт ирүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллана уу. Үүний тулд аймгуудын Онцгой комиссын цахим хаягаар тухайн орон нутгаас ирэх ажилчдынхаа мэдээлэл бүхий аж ахуйн нэгжийн албан хүсэлтийг хүргүүлж өөрийн ажилчныг тодорхойлж өгөх шаардлагатай байгаа юм.
Мөн ээлжээс бууж орон нутаг руу явах ажилчдыг халдварын голомтот Улаанбаатар хот руу оруулахгүйгээр очих газар руу нь тээвэрлэх тал дээр анхаарч, тухайн орон нутгийн Онцгой комисстой хамтран ажиллана.

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат: Монголын нийт ард түмэн та бүхнээс уучлалт хүсэж байна

Жаргалтулгын Эрдэнэбат миний тэргүүлсэн Засгийн газар нь улс орны эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, үйл ажиллагаандаа Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг чанд баримтлан ажилласан. Гэвч нийгмийн баялаг амьдралын явцад Засгийн газрын аливаа шийдвэр нь шийдвэрлэсэн асуудал, шийдлээсээ үл хамаарч тухайн шийдвэрийг гаргахад оролцсон хэн нэгнийг ёс зүйн алдаа гаргасан мэтээр ашиглагдаж болдогийг миний бие энэ өдрүүдэд өөр дээрээ мэдэрч сууна.

Манай Засгийн газрын шийдвэрт хамаарах нэг асуудал нь нийгмийн харилцааны урсгал дунд, бизнест байдаг зарчмаар явсаар эцэстээ миний хамаарал бүхий этгээдтэй шууд бусаар холбогдсон нь намайг ёс зүйн алдаа гаргасанд тооцон буруутгах үндэслэл болжээ.

Санаатай биш, эрүүгийн гэмт хэргийн ямар ч шинжгүй хэрнээ, хожмоо шийдвэр гаргахад оролцсон албан тушаалтнаа ёс зүйн алдаа гаргасан мэтээр буруутгаж болох эрсдэл нь төрийн өндөр дээд алба хашиж буй хэнд ч тохиолдож болохоор байна.

Иймд Төрийн хариуцлагатай алба хашиж буй хэн бүхэн үүнийг цаашид анхаарч ажиллаасай гэж бодож байна.

Улс оронд, аливаа нэгэн аж ахуйн нэгжид, хэн нэгэн иргэнд эдийн засгийн болон бусад хор хохирол учруулаагүй ч, нийгэмд маргаан мэтгэлцээний сэдэв болсондоо миний бие Монголын нийт ард түмэн, итгэл хүлээлгэсэн сонгогчид, хамтран зүтгэгчид, гэр бүл, төрөл төрөгсөд та бүхнээс уучлалт хүсэж байна.

Хүндэтгэсэн: Монгол Улсын иргэн Жаргалтулгын Эрдэнэбат /Жич: Өмгөөлөгчөөрөө дамжуулан Монголын ард түмэндээ хандав.

Categories
мэдээ улс-төр

Шүүхийн тухай хуулийг эцэслэн баталлаа

УИХ-ын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлав.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, “Шүүхийн тухай хуулийг баталснаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг “амилуулах”, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах зорилго нэг шатаар урагшиллаа. Энэхүү хуулийг баталхад УИХ-д суудалтай бүх, бие даагчид ойлголцол, зөвшилцлийг эрхэмлэж, шүүхийн шинэтгэлийн төлөө нэг санаа, нэгдмэл зорилготой ажиллаа. Шинэчилсэн найруулгад иргэдийг эрүүдэн шүүх, хууль бусаар яллахаас сэргийлэх, шүүх эрх мэдэлд хэн нэгэн нөлөөлөх, эрх мэдэл тогтоохоос сэргийлж, хяналтыг тогтоолоо. Шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах, сахилгын шийтгэл оногдуулах Шүүгчийн сахилгын хороотой байхаар тусгалаа. Улсын дээд шүүх Шүүгчийн сахилгын хорооны гишүүд, ШЕЗ-ийн гишүүдийг сонгохдоо нээлттэй сонсгол хийх, ил тод сонгон шалгаруулах зарчим баримтлах, шүүхэд шатлан дэвших зарчим хэрэгжүүлэх шинэ тогтолцоог бүрдүүллээ. Ингэснээр шүүх болон шүүгчийн хараат бус байдал хангагдаж, улс төр, бизнесийн нөлөөнд автахаас сэргийлэх нөхцөл бүрдэнэ. Хамгийн чухал нь Монгол Улсад хуулийн засаглал, шударга ёс тогтох нөхцөл бүрдэнэ. Хуулийг хэрэгжүүлэхэд бүх шатны шүүхийн байгууллага, шүүгчид онцгой үүрэгтэй гэдгийг онцолж хэлье ” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Зорилтот бүлгийн 1000 малчин өрхөд хүргэх хүмүүнлэгийн яаралтaй тусламжийн цуваа хөдөллөө

Дэлхийн нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас нийгэм, эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед Монгол улсын эдийн засгийн тулгуур салбарын нэг болох мал аж ахуйн салбарт өвөлжилт хүндэрч, малчдын амьжиргаа эрсдэлд орох бодит аюул нүүрлээд байна. Болзошгүй зудын өртөнг, эмзэг байдлыг бууруулах зорилгоор НҮБ-ын ХХААБ, ХХААХҮЯ-тай хамтран “Зорилтот бүлгийн малчин өрхийн амьжиргааг зудын эрсдэлээс хамгаалахад дэмжлэг үзүүлэх” техник туслалцааны төслийн хэрэгжилтийг эхлүүллээ. Уг төслөөс зудын эрсдэл ихтэй байгаа Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Төв аймгийн 53 сумын хонин толгойд шилжүүлснээр 300 ба түүнээс цөөн тооны малаас өөр амьжиргааны эх үүсвэргүй, хөдөлмөрийн насны: өрх толгойлсон, олон хүүхэдтэй, гэр бүлийн аль нэг гишүүн хөгжлийн бэрхшээлтэй, отор нүүдэл хийх бүл, чадал муутай нийгмийн зорилтот бүлгийн 1000 өрхийг сонгож тэдгээрийн амьжиргааны хөрөнгийг хамгаалах хүмүүнлэгийн яаралтай тусламжийг олгохоор болжээ.

Тусламжаар олгох бүх төрлийн малд зориулсан 405 тонн хорголжилсон хүчит багсармал тэжээл, 50 тонн уургаар баялаг рапсын шахдас, ядарч доройтсон малын дархлаа, бодисын солилцоог дэмжих 5 тонн аминдэм-эрдэсийн нэмэлтүүдийг ачсан тусламжийн цуваа 2021 оны 1 дүгээр сарын 15-нд Улаанбаатар хотоос орон нутаг руу хөдөллөө. Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас тусламжийн цувааг аян замдаа саадгүй зорчиж, эцсийн цэгтээ хүрэхэд мэргэжлийн хяналт, удирдлагаар ханган ажиллахаар болжээ. Тусламжид хамрагдах өрхүүдэд дунджаар 640 мянган төгрөгтэй тэнцэх бүх төрлийн малд зориулсан бүрэн найрлагат сувиллын тэжээлийн багцыг хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулах, аймгийн хэмжээнд мал аж ахуйн үйлдвэрлэлийн өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалд хяналт тавих санхүүгийн дэмжлэгийг дээрх 6 аймгийн ХХААГ-уудад тус төслөөс олгосон байна.

Нэг жилийн хугацаанд хэрэгжих техник туслалцааны энэ төслийн хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн чадавхыг олон улсад мөрдөгддөг заавар стандартын дагуу бэхжүүлэх үйл ажиллагаа төлөвлөгдсөн байгаа ажээ. Монгол улсад хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хүмүүнлэгийн багийг ахалдаг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) нь сүүлийн таван жилд зудад нэрвэгдсэн 21,240 малчин өрхийн амьжиргааг хамгаалахад 2.4 сая ам.долларын хүмүүнлэгийн яаралтaй тусламжийг олгосон байна.

Мэдээллийн эх сурвалж:

Хүнс, Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам

НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газар

(fao-mn@fao.org)

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр БНСУ-аас тусгай үүргийн нислэгээр ирэх байсан иргэн нас баржээ

БНСУ-д гацаж, эх орондоо ирэх хүсэлтээ удаа дараа ирүүлж байсан монгол залуу нас баржээ. Тодруулбал орой орондоо унтахаар хэвтээд өглөө сэрээгүй байна. Талийгаач ямар нэгэн өвчин эмгэггүй байсан бөгөөд учир битүүлгээр нас барсан нь олны анхаарлыг татаад байна. Талийгаачийн суух ёстой байсан онгоц өнөөдөр “Буянт Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд орой 19:00 цагт байсан билээ.

Categories
гадаад мэдээ

Норвегид вакцин хийлгэсэн 23 хүн нас баржээ

ОСЛО. /RIA Novosti/. Норвег улсад Pfizer/BioNTech-ийн коронавирусний вакцин хийлгэсэн 23 хүн нас барсан тухай тус улсын Эмийн агентлаг мэдээлэв.

Нас барсан тохиолдлууд бүгд 80-аас дээш настай, дархлаа султай ахмад настнуудын дунд бүртгэгджээ. “Эдгээр нь онцгой түгшүүр төрүүлэхүйц тохиолдлууд биш юм. Энэхүү вакцин бие сул өндөр настай өвчтөнүүдийг эс тооцвол маш бага эрсдэлт хүчин зүйлтэй” гэж агентлагийн төлөөлөгч Штайнар Мадсен хэлснийг “NRK” телевиз онцолжээ.

Цаашид иймэрхүү тохиолдлоос зайлсхийхийн тулд Норвегийн Эрүүл мэндийн хүрээлэн хүнд өвчтэй өндөр настнуудыг вакцинжуулах зааврыг өөрчилсөн байна.

Норвегийн эрх баригчид коронавирусний халдвараас сэргийлэх дархлаажуулалтын аянаа 12 дугаар сарын 27-нд эхлүүлсэн бөгөөд вакциныг хамгийн түрүүнд Осло дахь асрамжийн газрын ахмад настнуудад хийсэн байна. Одоогийн байдлаар тус улсад 25000 хүн вакцинд хамрагджээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ ирэх долоо хоногоос танхимаар хуралдахаар боллоо

Улаанбаатарт хөл хорио тогтоосонтой холбогдуулан УИХ-ын үйл ажиллагаа цахим горимд шилжээд байсан.

Тэгвэл ирэх долоо хоногоос халдвар хамгааллын дэглэмээ сахиж, танхимаар хуралдахаар болсон талаар УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.

Ингэхдээ гишүүд таван танхимд хуваагдаж, хуралдах бөгөөд УОК болон ЭМЯ-ны өгсөн зөвлөмжийн дагуу хоёр цаг тутам агаар сэлгэлт, халдваргүйжүүлэлт хийх юм.