Categories
мэдээ нийгэм

Оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 149 дуудлага бүртгэгдэж, 237 хүн эрүүлжүүлэгджээ

Өчигдрийн байдлаар 237 хүн эрүүлжүүлэх байрт хонож, гэр бүлийн хүчирхийллийн 117 зөрчил бүртгэгджээ. Хатуу хөл хорионы үед эрүүлжүүлэх байрт хоногт дунджаар 100 гаруй хүн саатуулагддаг байсныг цагдаагийн байгууллагаас мэдээлж байв.

Цагдаагийн ерөнхий газрын мэдээлснээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 1549 дуудлага мэдээлэл бүртгэгдснээс 1362 нь зөрчлийн шинжтэй байжээ. Тухайлбал, хүний биед халдсан 54, согтуугаар автомашин жолоодсон 45, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 149 дуудлага тус тус бүртгэгджээ.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Солонгос улсаар аялцгаая: Кёнги муж

БНСУ-ын томоохон мужуудын нэг болох Кёнги мужид нийтийн тээврээр хялбархан хүрэх боломжтой түүхэн дурсгалт газрууд олон бий. Кёнги муж нь түүх, урлаг соёл болон байгалийн олон дурсгалт газруудаараа алдартай бөгөөд тэдгээр дундаас хоёр Солонгосыг заагладаг Цэрэггүй бүс (DMZ) болон энх тайвны билэгдэл болсон дурсгалт газруудад гадна дотны жуулчид олноор очдог байна.


Сүвон Хвасон хэрэм

18-р зууны барилгын сод бүтээл болсон Хвасон хэрэм нь ЮНЕСКО-н Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн түүхэн дурсгалт газруудын нэг юм. Тухайн үеийн шинжлэх ухаан технологийн хөгжлийг тод харуулсан байгууламж гэгддэг энэ хэрэм нийт 6 км урттай. Харин хэрмийн дотор талд эзэн хааны алжаал тайлах Хвасон Хэнгүн түр ордон бий. Мөн Палдаль Мүн, Хвасо Мүн, Жан Ан Мүн зэрэг хэрмийн хаалгуудыг үзэж болохоос гадна нум сум харвах зэрэг хэрмийн дотор үзэж сонирхох зүйл их бий.

Сунволдун дахь Үлгэрийн Хотхон


Боомт хот нээгдэх үед энэ газар хүмүүс олноор суурьшиж байсан ч одоо харин үлгэрийнгудамж болгон тохижуулсан нь харц булаам ажээ. “Цасангуа гүнж”, “Үнсгэлжин” зэрэг дэлхийн алдарт үлгэрүүд болон Солонгос ардын үлгэрүүдийг хананд зургаар өгүүлснийг эндээс харж болно.

Солонгос үндэсний тосгон


Чусон гүрний (1392–1910) үеийн уламжлалт тосгоны хэв маягийг шингээсэн энэхүү паркад үндэсний ёс заншил, амьдралын хэв маягийг харуулсан олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагддаг байна. Жуулчид энд Солонгос үндэсний хувцас өмсөж, ёс жаягтай танилцаж болохоос гадна эртний домог үлгэрээс сэдэвчилж хийсэн аймшгийн агуйгаар галт тэрэгтэй аялж болдог ажээ.

Гван Мён агуй


Хаагдсан алтны уурхайг соёлын байгууламж болгон тохижуулсан энэ газар та жинхэнэ шижир алтан гулдмай болон алтан ордон, хүслээ бичиж үлдээдэг хүслийн агуй зэрэг сонин содон газраар орж үзээрэй. Мөн өөрийн гараар дарс нэрдэг дарсны агуйгаар зочлоорой.

Газар доорх “3-р туннель”


Хойд Солонгосын цэргүүд Өмнөд Солонгос руу довтлохын тулд нууцаар ухсан энэ урт туннелийг 1978 онд олж байжээ. Энэ туннелиэр алхаж явахад 1 цаг орчим болдог байна. Энэ бүсэд зөвхөн тусгай зөвшөөрөлтэй аяллын компаниар дамжуулан очих боломжтой.

Намхансансон хэрэм


Чусон гүрний нийслэл Ханяныг хамгаалдаг байсан хэрэм бүхий энэ хотыг дайны цагт түр хот болгодог байжээ. 7-р зууны эхнээс 19-р зууны эхэн хүртэл хэд хэдэн удаагийн сэргээн засвар хийгдэж байсан энэ хэрмийг тойрох 4 төрлийн аяллын маршрут бий. Мөн энд та амтат хоолтой зоогийн газраар орж, гадаа байрлах нум сум харвалтын талбайд сум тавьж үзээрэй.

Пан Мүн Жом


Солонгосын Цэрэггүй бүсэд байрладаг энэ байгууламжид хоёр Солонгосын өндөрлөгүүд хүндэтгэлийн уулзалт зохион байгуулдаг ажээ. Хойд Солонгос болон Өмнөд Солонгосын цэргүүд хамгаалдаг энэ бүс нь Хамтарсан Хамгаалалтын Бүс (JSA, Joint Security Area) гэж нэрлэгддэг. Мөн энэ бүсэд зөвхөн тусгай зөвшөөрөлтэй аяллын компаниар дамжуулан очих боломжтой.

Categories
мэдээ цаг-үе

Т.Доржханд: 5 хувийн хүүтэйгээр дор хаяж 3 жилийн хугацаатай зээл олгох хэрэгтэй

УИХ-ын гишүүн Т.Доржханд цар тахлын үед ажлын байрыг хамгаалахын тулд Төв банк урт хугацааны зээл гаргавал 200 мянган ажлын байрыг хамгаалж үлдэх боломжтой хэмээн мэдэгдлээ.

Тодруулбал “Жижиг дунд бизнес эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгө, бизнесийн эх үүсвэр дутагдаж байна. 2-3 дугаар сараас бизнес идэвхжиж эхэлнэ. Иймээс бид ажлын байраа хамгаалах хэрэгтэй. Өнөөдөр ажлын байрны бодлого ярьдаг улс төрийн хүчин Монголд байхгүй. Дор хаяж 200 мянган ажлын байрыг хамгаалах боломж байгааг манай судлаачдын баг гаргасан. Энэхүү зөвлөмжийг Засгийн газарт хүргэнэ. Бидэнд 3 их наяд төгрөгийн эх үүсвэрийг зарцуулах боломж байна. Өнөөдөр Монголбанканд 7.6 их наяд төгрөг байна. Банкууд мөнгө гаргадаггүй. Мөнгө гаргавал дампуурна гэсэн айдастай байна. Ийм үед Засгийн газар идэвхтэй ажиллах хэрэгтэй. Төв банкны бодлогын хүү 5 хувьтай байгаа. Үүн дээр Засгийн газраас үнэт цаас гаргах боломжтой. Зээлийн хүүгийн хязгаарыг хүчээр тогтоох биш зах зээлийн зарчмаар банканд байгаа эх үүсвэрийг бизнес рүү шахах ажлыг хийх хэрэгтэй. Үүнийг хийхдээ бондоор арилжина. Эх үүсвэрийг Төв банкны үнэт цаасан дээр байгаа эх үүсвэрээ татаж авна. Жилийн 5 хувийн хүүтэйгээр дор хаяж 3 жилийн хугацаатай зээл олгох хэрэгтэй. Эхний 1 жилд нь зөвхөн хүүгийн төлбөрөө төлдөг үндсэн өрийнхөө төлбөрийг төлдөггүй ийм нөхцөлтэй гаргах хэрэгтэй. Энэ арга хэмжээг хэрэгжүүлснээр 200 мянган ажлын байрыг хамгаалах боломжтой. ЖДҮ болон бичил бизнес эрхлэгчид нар зориулж энэ бодлогын арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх хэрэгтэй. УИХ-ын тогтоолыг санаачилж байна” гэв.

Түүнчлэн үүнээс гадна 200-гаас дээш ажилтантай дундаас дээш бизнес эрхлэгч нарын зээлийн эрсдэлийн барьцаа хөрөнгийг төрөөс даах санал зөвлөмжийг хүргэж байна. Зээлийн эрсдэлийн барьцааны санг мөнгөжүүлэх хэрэгтэй. 100, 200 тэрбум төгрөгөөр мөнгөжүүлсэн тохиолдолд дахиад 3 тэрбум төгрөгөөр баталгаа гаргах боломжтой. Ийм байдалд 400 мянган ажлын байрыг хамгаалах боломжтой. УИХ-ын даргад тогтоолын төслийг өргөн барина.

Мөн цар тахлын үеэр гадаадад гацсан Монгол иргэдийн асуудлаар Ерөнхий сайдад асуулга илгээсэн гэдгээ мэдэгдлээ. “Ийм хүнд цаг үед Монгол хүн үнэ цэнэтэй юу аль эсвэл Монгол хүн үнэ цэнийг мэдрүүлэх, санхүүжүүлэх эх үүсвэрээр нь цемент зуурдаг, сонгуульд зоруилж эх үүсвэрийг шийддэг, үр ашиггүй бүтээн байгуулалтыг санхүүжүүлсээр байх нь зүйтэй юу. 3.4 сая иргэний асуудлыг шийдэх эх үүсвэрээ гарга. Шаардлагагүй бүтээн байгуулалтуудыг царцаа. Бид тэсэж чадна” хэмээн мэдэгдлээ.

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх: Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж улсын хэмжээнд харьцангуй тогтвортой байна

У.Хүрэлсүх улирсан хоёр дахь Ерөнхий сайд болох уу?

Хүнсний үйлдвэрлэл, хангамжийг дээшлүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдээллийг ЗГХЭГ-аас УИХ-д хүргүүлжээ.

Уг мэдээлэлд “Монгол Улсад коронавируст халдварын цар тахал дэгдсэн онцгой нөхцөл байдлын үед хүн амын хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах, хүнсний нөөц нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх нэн чухал шаардлага тулгарч байна.

2021 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 16.5 мянган тонн малын мах, 112.7 мянган тонн гурил, 1.6 мянган тонн гурилан бүтээгдэхүүн 14.1 мянган тонн төрөл бүрийн будаа, 1.6 мянган тонн хуурай сүү, 830 мянган ширхэг өндөг, 3.8 мянган тонн ургамлын тос, 97.1 мянган тонн төмс, 41.3 мянган тонн хүнсний ногоо, 4.5 мянган тонн элсэн чихэр, 1.2 мянган тонн давсны нөөцтэй байна.

Хүнсний нөөцийг улсын хэмжээнд хоногоор тооцож үзвэл малын махны 52, гурилан бүтээгдэхүүний 183, төрөл бүрийн будааны 106, хуурай сүүний 33, ургамлын тосны 62, төмсний 305, хүнсний ногооны 60, элсэн чихрийн 53 хоногийн нөөцтэй байгаа. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж улсын хэмжээнд харьцангуй тогтвортой байна” гэсэн байна.

Цаашид Засгийн газраас хүнсний салбарт богино, дунд хугацаанд дараах бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Үүнд:

  • Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, импортын хамаарлыг бууруулах,
  • Мах махан бүтээгдэхүүний болон согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтыг шинээр баталж, хэрэгжилтийг хангуулах,
  • “Баяжуулсан хүнс” бодлогын баримт бичгийг батлах, хэрэгжилтийг зохион байгуулах,
  • “Эрүүл хүн-Эрүүл Монгол хүн” “Сав баглаа боодол”, “Хүнсний ногоо, жимс жимсгэнэ”, “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” зэрэг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх,
  • Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний улирлын хамаарлыг бууруулах, хүнсний импортыг орлох, экспортын баримжаатай дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх ,
  • Монгол Улсын худалдааны бодлого, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр холбогдох хуулийн төсөл боловсруулах зэрэг бодлого хэрэгжүүлнэ.
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Одонтуяа: Гадаадад гацсан иргэдээ авчрахыг шаардаж “Бид эх орондоо ирмээр байна” суултыг Төрийн ордны хоёр давхарт эхлүүлж байна

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа гадаад гацсан иргэдээ авчрахыг шаардаж сууж эхлүүлж буй талаар мэдээлэл өглөө.

Тэрээр “Өнөөдөр УИХ-ын гишүүний хувьд “Бид эх орондоо ирмээр байна” гэсэн уриатай суултыг Төрийн ордны хоёр давхарт миний бие эхлүүлж байна. Маш олон Монголчууд эх орондоо ирэхийг хүсэж байгаа боловч ирж чадахгүй байна. Өнгөрсөн зун нэлээд олон нислэг хийсэн боловч, сүүлийн үед тусгай нислэг хийхгүй, товлосон нислэг цуцлагдаж байгаагаас маш олон иргэдийн амь нас, аюулгүй байдал эрсдэлд ороод байна. Ялангуяа БНСУ-д 4000 гаруй иргэд түүнээс 1000 гаруй иргэдийн нөхцөл туйлын хүнд байна. Жирэмсэн, өвчтэй, бага насны хүүхэдтэй гээд хүндэтгэх шалтгаантай маш олон хүн тэнд байгаагаас зарим нь онгоцондоо суухын өмнө нас барсан байна. Монгол Улсад хүний эрх зөрчигдөхийг зүгээр хараад сууж болохгүй. Өмнө нь гадаадад байгаа, эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг яаралтай татан авах асуудлаар төрийн хэд хэдэн байгууллагад санал, хүсэлт хүргүүлж байсан бөгөөд энэ удаад ҮАБЗ-д хандаад байгаа” гэв.

Тэрбээр суулт эхэлсэн бөгөөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд гурван заалт бүхий шаардлагыг хүргүүлжээ. Тус шаардлагад:

  • Эх орондоо буцах хүсэлтэй, шинжилгээний хариу сөрөг гарсан маш олон иргэд БНСУ, АНУ, Туркэд байгаа иргэдийг яаралтай татан авах.
  • Буцах өдрөө хүлээн хоолгүй, амьдрах байргүй байгаа хүмүүсийн нөхцөлийг анхаарах
  • Төлөвлөгөөт нислэгийн хуваарийг урьдчилан гаргаж, мэдээлэл өгөх ёстой.
Categories
мэдээ нийгэм

Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 3,443, дам хавьтал 21,749 хүн байна

2021 оны дүгээр сарын 18-ны 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 8,354 хүн хамрагдсан байна.

Ажилласан шинжилгээний төв 24, мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 5 багт нийт 348 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 550,055 хүнийг шинжилгээнд хамруулснаас 477,886 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 88,498 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн. Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 699, ойрын хавьтал 3,443, дам хавьтал 21,749 хүн байна.

Categories
мэдээ нийгэм

“Чадварлаг багш” арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөө батлагдлаа

Засгийн газрын хуралдаанаар “Чадварлаг багш” арга хэмжээг хэлэлцэн дэмжсэнтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн “Хөтөлбөр, төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг хангах тухай” тушаал гаргалаа.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, “Боловсролын салбарын дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө (2021-2030)”-д багш мэргэжилтний тасралтгүй хөгжлийг боловсролын чанарыг сайжруулах зорилтыг тусгасан. Ялангуяа суралцагчийн хөгжлийн хэрэгцээг хангасан, бүтээлч чадварлаг багшийг бэлтгэх, багшид мэргэжлийн стандартад суурилан уян хатан хэлбэрээр тасралтгүй хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлэх, түүнд нээлттэй боловсрол, дижитал технологи ашиглах зэрэг зорилт, үйл ажиллагааг төлөвлөжээ. Энэ хүрээнд Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Чадварлаг багш” арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм.

“Чадварлаг багш” хөтөлбөр нь багш бэлтгэх, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил, багшийн ажлын нөхцөл, цалин хөлсийг сайжруулах, ажиллах нөхцөл боломж, чадвар, чадамжийг дээшлүүлэх, багшийн хөгжилд анхаарч байгаагаараа онцлог юм. Багш нар ажлын ачаалал, мэргэжлийн мэдлэг, чадварын түвшин, сургалтын онцлог, нас, хүйс, туршлага, байршлаас үл хамааран бие даан хөгждөг байх нь сургалтын чанарыг тасралтгүй сайжруулах, суралцагчийн сурах, хөгжих үйл явцыг илүү таньж мэдэх, ахиц амжилт гаргахад бодит дэмжлэг болох юм.

Төлөвлөгөөнд тусгаснаар багш бэлтгэх их, дээд сургуулийн хөтөлбөрийг нэг түвшинд хүргэх, түүний чанар, нийцийг албан ёсоор баталгаажуулж, магадлан итгэмжлэх, багшийн мэргэжлийн нэр хүндийг өсгөх зорилгоор нэгдсэн стандарттай болгоно. Мөн багшийн хөгжлийн асуудал нь “мэргэжил дээшлүүлэх”-ээс “мэргэжлийн тасралтгүй хөгжил” рүү хувирч өөрчлөгдөх зайлшгүй шаардлага үүссэн. Багшийн мэргэжил дээшлүүлэх, хөгжих үйл ажиллагааг зөвхөн танхимын сургалтаар тэр дундаа зөвхөн албан журмаар хамруулдаг байдлаар ойлгох бус цэцэрлэг, сургуулиас гаргасан санаачилгыг дэмжиж, шинээр сурч мэдсэн зүйлээ турших, хэрэгжүүлэхэд хангалттай хугацаа өгөх, багш бүрд нээлттэйгээр технологи ашиглан хамрагдах боломжийг уг хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлэх юм.

Багшийн ажлын нөхцөл, цалин хөлсний тухайд багш ажилд орох шалгуураас эхлээд, ажлын нөхцөл, ачаалал, стандарт, ажлын байранд тогтвор суурьшилтай ажиллах, техник, технологи, багшийн хангалт, цалин хөлс, нийгмийн халамж, хамгаалал, тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэхэд хөтөлбөрийн зорилго оршиж байна. гэж БШУЯ-аас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

​ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДМАГЦ Ж.ЭРДЭНЭБАТЫН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН НЬ

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2020 оны 04 дүгээр сарын 20-нд өргөн барьснаас хойш хэлэлцэн явсаар өчигдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр УИХ-аар эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Бид шударга шүүхтэй болсон уу? Шүүхийн тухай хууль Монгол Улсыг хаашаа хөтлөх вэ? гэдэг асуулт гарч ирэв. Энэ асуултад хоёр ч удаагийн УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй олонх болсон МАН-ын зүгээс нэгэн дуугаар “ТИЙМ” гэдэг хариултыг өгч байна. Учир нь тэд маш урт хугацаанд зорьж, энэхүү хуулийг хязгааргүй эрхээ бататгахаар улайран батлуулсаныг зарим үйл явдлууд нотлоод эхэлчихлээ. Энэ нь МАН-ын гишүүн Ж.Эрдэнэбатын хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл явдлаас шууд харагдана.

Зарим шударга сэхээтнүүд төрд хяналтын тогтолцоо устсан, хяналтгүйгээр олигарх бүлэглэлүүдийн лобби, тэдний оролцоотойгоор шийдэгдсэн захиалсан бүх санаа нь хууль болон батлагдвал, энэ нь ард түмнийхээ эсрэг гэмт хэрэг төдийгүй цаашид МАН хэмээх хэмжээлшгүй эрхт МАНГАС-тай болж буйг анхааруулсаар байтал эрх баригчид үл ойшоосоор ирсэн юм.

МАН яагаад анхаарах ёстой гэж үү, яагаад гэвэл эрх мэдлийн хэт төвлөрөл нь улс оронд хөгжлийг бус харин мөхлийг авчирдаг. АН ч бай, МАН ч бай дангаар ноёрхвол, за тэгээд бүлэглэлүүдийн гарт орвол, улс оронд гамшиг болох нь тодорхой бөгөөд тэрхүү гамшиг нь алхам алхмаар хийх тэдний үйдлээр харагддаг. Шүүхийн багц хуулийн шинэчлэл нь нам доторх бүлэглэл фракцын ард түмний баялагт эзэн суух гэсэн явцуу ашиг сонирхол биш харин Монгол Улсын иргэн бүрт тэгш эрхийг хангуулах үйл явц байх ёстой байлаа. Гэтэл татвар төлөгчдийн мөнгийг хэдэн саяар бус хэдэн тэрбумаар зувчуулагч нар, эх орныхоо байгалийн баялагт дангаар эзэн суугч нарын хамгаалалтын бамбай болоод хувирвал нийгэмд ямар аюул дагуулах вэ. МАН-ын гишүүд Шүүхийн тухай хуулиа шинэчлээд баяртайгаар тууз хайчлах нь шахуу хийсэн сценарийн дараагаар Ж.Эрдэнэбатын хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл явдал нь нийгэмд МАН өөрөө цагаан захтнуудыг ээлж дараалан суллах, тэд улсаас хэдэн тэрбумаар ч хулгай луйвар хийсэн ч гэмтгүй цагаадах нөхцлийг эхнээс нь тавилаа гэж харагдаж байна. Энэ бол эхний үзэгдэл, дараагийн хэсэгт бүр ч олон албан тушаал авлигын хэрэгтнүүд суллагдаж магад. Энэ тэгээд бидний хүсч буй шударга ёс мөн үү??? Зарим иргэд, судлаачид, хуульчдын зүгээс ялсан намын шүүх байгуулж, ял авсан цагаан захтнуудыг суллах боломж бүрдлээ гэж дүгнэн бичиж эхэлжээ. Логикоор харахад, цаашид төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан хамаатан садантайгаа нийлж, лиценз наймаалцаж, тусгай хамгаалалттай газрыг хувьдаа завших боломж бүрдсэн үү гэх хардлага төрж эхэллээ. Мэдээж албан тушаалтнуудын хэрэг шүүхэд очлоо, өөрсдийнх нь томилсон шүүгч гэм буруугүй гэж үзнэ. Шударга шүүгчид дуугарвал сахилгын хороогоор айлгах үе ирэх вий. Энэ бол ердөө жишээ.

Цар тахлын тахлын үед хэдэн бор төгрөггүй болсон ардын амьдралын гунигт бодол дунд Ж.Эрдэнэбат гэдэг Ерөнхий сайд асны хэргийг хэрэгсэхгүй болгосон гэдэг сценари тэдний дургүйцлийг төрүүлж байна. Д.Нацагдоржийн “Хуучин хүү” зохиолд гардаг шиг МАН иргэдийг хуучин хүү хэвээр нь байлгахыг хүсч байгаа аж. Хэрвээ тэд шинэ хүү болчихвол нийгэмд тэсрэлт үүсч хувьсгал гарах нөхцөл бүрдэнэ. Гэтэл тогоон доорх хуучин хүү нар шинэ хүү болсон шүү эрх мэдэлтнүүд ээ!!! Тэд Шүүхийн тухай хууль баталж, цагаан захтнуудаа суллажэхэлсэн үйл явцыг хараад нийгэмд үүссэн шударга бусын хонгилыг чинь харж суугаа. Ард түмэндээ шударга шүүхийг авчирлаа гэх нэрийн доор Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байхдаа Засгийн газрын 2017 оны 256 тогтоолоор “Элбэг орд” ХХК-д нөхөн төлбөрийн зориулалтаар олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өөрийн хамаарал бүхий компанид авсан, мөн тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-д нөхөн төлбөрийн зориулалтаар ашигт малтмал хайх найман тусгай зөвшөөрөл олгож, тус компанид давуу байдал бий болгосон” МАН-ын гишүүний хэргийг хэрэгсэхгүй болголоо. Түүний шүүх хурал хоёр долоо хоногийн өмнө болох товтой байсан ч Шүүгдэгч Д.Түвшинжаргалын өмгөөлөгч Б.Мөнхбат нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэж 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хойшлуулсан. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу ийнхүү явж буй аж.

Одоо Ж.Эрдэнэбатын бүрэн эрх сэргэж, УИХ-ын буюу МАН-ын бүрэн хамгаалалтад шилжлээ. Шүүх засаглал нь Хууль тогтоох болон Гүйцэтгэх засаглалын нэг хэсэг болсноо батлан харууллаа. Одоо алх барьж шударга ёсыг тогтоох биш, алх цохиж ашиг сонирхлыг хамгаалж болохоор болчихлоо, юутай гажуудал вэ. Шүүхийн тогтолцоонд гарсан энэ өөрчлөлтийг өнөөдөр биш юмаа гэхэд ирээдүйд түүх шүүх өдөр ирнэ. Бие даасан хараат бус Шүүх засаглал баяртай, МАН-ын УИХ, Засгийн газарт уусан орсон Шүүх засаглал сайн байна уу?

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь намын бүлгүүд хуралдана

Баасан гаригт хуралдсан УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталжээ. Харин өнөөдөр /2021.01.18/ УИХ дахь намын бүлгүүд, ажлын хэсэг, дэд хэсгүүд хуралдана.

Харин маргааш дараах байнгын хороод хуралдана.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: Хэлэлцэх асуудал:

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: Хэлэлцэх асуудал:

  • “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Нөхөн олговор олгох тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг нарын 56 гишүүн 2021.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат 2020.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: Хэлэлцэх асуудал:

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: Хэлэлцэх асуудал:

Нэгдүгээр сарын 20-ны Лхагва гарагт:

Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: Хэлэлцэх асуудал:

  • Төсвийн байнгын хорооны 2020 оны 05 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /“Үндэсний аудитын газрын 2021 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай”/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Улсын Их Хурлын 2020 оны 39 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах/;
  • Бусад.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН: Нэгдүгээр сарын 20-ны Лхагва гарагт 14.00 цагаас:

Categories
мэдээ нийгэм

Үйл ажиллагаа нь нээгдэж байгаа аж, ахуйн нэгжүүд дараах журмыг баримтална

Үйл ажиллагаа нь үе шаттайгаар нээгдэж байгаа аж, ахуйн нэгж, байгууллагууд ДЭМБ, ЭМЯ-наас өгсөн зөвлөмжийн дагуу батлагдсан дараах нийтлэг түр зааврыг мөрдөж, коронавирусийн халдвараас сэргийлэхийг уриалж байна.Үүнд:

-Нийслэлийн Засаг даргын захирамжаар тогтоосон хугацааны хязгаарлалтад нийцүүлэн байгууллагын үйл ажиллагааны цагийн хуваарь баталж мөрдүүлэх,

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, халдвар хамгааллын төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг хангах,

-Баталгаат ундны эх үүсвэрэр хангагдсан байх,

-Ажиллагсдыг нэгдсэн зохион байгуулалтаар байгууллагын унаагаар тээвэрлэх боломжийг бүрдүүлэх,

-Байгууллагын хурал, семинар, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд биечлэн оролцуулахгүй, зохион байгуулахгүй байх,

-Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг үйлчлүүлэгчдэд харагдахуйц ил тод байршуулах гэх мэтээр халдвар хамгааллын нийтлэг зааврыг мөрдөхийг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.