Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл, Завхан аймагт 4.3-4.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

БАЯНХОНГОР, СҮХБААТАР АЙМГУУДАД ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ

Хөвсгөл аймгийн Ханx суманд өчигдөр буюу нэгдүгээр сарын 21-нд 4.3-4.8 магнитудын хоёр удаагийн газар хөдлөлт, Завхан аймгийн Идэр суманд мөн өдрийн 17 цагийн орчимд 4.6 магнитудын газар хөдлөлт тус тус болжээ.

Тодуулбал, Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн “Модон хүй-Арал” гэдэг газар анх энэ сарын 12-ны өдрийн 05:32 цагт 6.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон.

Үүний давтан хөдлөлт өчигдөр болсон ба тус сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар өчигдөр /01.21/ өдрийн 11:43 цагт 4.3 магнитуд, 18:51 цагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус тус болсон тул аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.

Мөн Завхан аймгийн Идэр сумын Дархан-Уул багийн “Солооны Хандгайт” гэдэг газарт өчигдөр /01.21/ өдрийн 17:34 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 17:43 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэд, тус аймгийн Улиастай сумын иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

МАН-ын Удирдах зөвлөл Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг 100 хувийн саналаар дэмжлээ

Ажилсаг Түгжил Л.Оюун-Эрдэнэ

Тусгаар тогтнолын ордонд МАН-ын Удирдах зөвлөлийн хурал болж, Ерөнхий сайдад ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг 100 хувийн саналаар дэмжжээ.

Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнэтэй өрсөлдөх нэр дэвшигч байгаагүй бөгөөд У.Хүрэлсүхийн Засгийн газрын бодлогыг хэвээр нь үргэлжлүүлэх учир түүнд итгэл үзүүлсэн байна.

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлыг МАН-ын Бага хурлаар хэлэлцэж, шийдвэрээ гаргаж, асуудлыг УИХ-д өргөн мэдүүлснээр Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд томилогдоно. Үндсэн хуульд заасны дагуу шинэ Ерөнхий сайд танхимаа өөрөө байгуулна. Засгийн газрын гишүүд ажлаа хүлээн аваад дөнгөж зургаан сар болж байгаа бөгөөд одоогийн бүрэлдэхүүнд бага өөрчлөлт оруулна гэсэн мэдээлэл байна.

Categories
мэдээ улс-төр

Дээд шүүх өнөөдөр Н.Номтойбаярын гомдлыг хэлэлцэнэ

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд өнөөдөр /2021.01.22/ найман хурал товлогдсон бөгөөд сүүлийн хурал нь УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох гомдол аж.

Нэгдүгээр сарын 8-нд дээд шүүх Н.Номтойбаяр нарын гомдлыг хэлэлцсэн боловч шүүгдэгч Б.Нямдаваагийн өмгөөлөгч П.Баасанжав эрүүл мэндийн шалтгаанаар хуралд оролцох боломжгүйгээ илэрхийлснээр шүүх хурлыг өнөөдөр болгон хойшлуулсан юм.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долдугаар сарын 7-ны өдөр УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг хэлэлцээд түүнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын /ХНХ/ сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, 2017 оны гуравдугаар сард тогтоол гарган, орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот нэгж төслийн төсөвт өртгийг 200 сая төгрөгт багтаан, нээлттэй зарлах удирдамж баталсан. Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал, мэргэжилтэн Н.Баттөгс зэрэг хүмүүс хамтран төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал нэг ч удаа болоогүй байхад хийсэн мэтээр баримт бүрдүүлэн түүнд багтсан гишүүдээр гарын үсэг зуруулж, найман иргэн, 21 аж ахуйн нэгжид 3.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон хэрэгт гэм буруутайд тооцсон билээ.

Улмаар шүүхээс Н.Номтойбаярыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр шүүж, 5.5 жилийн хорих ял оноосон. Хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд дараах хүмүүсийг тооцож 3-4 жилийн ял оноосон билээ.

Тодруулбал, Б.Нямдаваад нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэлх хугацаагаар хасч, гурван жил хорих ял,

  • Б.Шижиржаргалд нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэлх хугацаагаар хасч, дөрвөн жил хорих ял,
  • Н.Баттөгст нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэлх хугацаагаар хасч 10 сая төгрөгөөр торгож, ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,
  • Д.Батмөнх, Н.Ууганбаяр, М.Нямдэмбэрэл нарт нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэлх хугацаагаар хасч, 15 сая төгрөгөөр торгож, ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх шийдвэрийг гаргасан байдаг.

Улмаар Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан есдүгээр сарын 8-нд болж, М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарт оноосон 15 сая төгрөгөөр торгох ялыг 10 сая болгон хөнгөрүүлж, бусад хүний ялыг хэвээр баталсан юм. Ийнхүү Н.Номтойбаярын өмгөөлөгч шүүхийн шийдвэр албан бичгээр гарсны дараа Улсын дээд шүүхэд гомдол гаргаад байна.

Categories
мэдээ цаг-үе

МАН Бага хурлаа хуралдуулж Ерөнхий сайдын нэрийг тодруулна

Яг одоо МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна.

11:00 цагт Бага хурлаа цахимаар хуралдуулах тов гарчээ. Удирдах зөвлөл болон Бага хурлаас Ерөнхий сайдын нэрийг тодруулна.

Өчигдөр/2020.01.21/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр огцруулсан. Засгийн газар огцорсноос хойш 30 хоногт багтаан дараагийн Засгийн газрыг бүрдүүлэх ёстой. Харин Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн хувьд маш ойрын хугацаанд, яаралтайгаар дараагийн засгийг бүрдүүлнэ гэдгээ онцолсон юм. Тиймээс МАН Бага хурлаа хуралдуулж Ерөнхий сайдын нэрийг тодруулна.

Ингээд шинэ Ерөнхий сайдын нэрийг УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөнө. Харин шинээр томилогдсон Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо НОК-т хандив өглөө

Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооноос Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабт 20 сая төгрөгтэй тэнцэх арьс ширэн эдлэл болон 10 сая төгрөг хандивлалаа.

Тус хандивыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат нарт хүлээлгэн өгөв.

Нийслэл хот өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ үед коронавирусийн цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд тэргүүн эгнээнд ажиллаж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн хүн ардын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа онцгой комисс, мэргэжлийн хяналт, цагдаа, эрүүл мэнд зэрэг байгууллагын алба хаагчдад уг хандив очих юм.

Монголын арьс ширний холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан “Коронавирусийн эсрэг өндөржүүлсэн бэлэн байдлын үед үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад үндэсний үйлдвэрлэгчдийн хийсэн арьсан гутал, нэхий бээлий, 15 мянган ширхэг маск хүлээлгэн өгч байна. Монголын арьс ширний салбарт үйл ажилллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд энэ хандивыг өнгөрсөн 12 дугаар сараас хойш цуглуулсан. Цаашид арьс ширний үйлдвэрлэлийн салбарынхан онцгой нөхцөл байдалд хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулах болно. Манай холбоонд 120 гаруй аж ахуй нэгж, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, 30-аад боловсруулах үйлдвэр байдаг. Эдгээрийн 50 орчим хувь нь хандивын аянд нэгдлээ” гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден коронавирусийн цар тахалтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалаа

АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө маргааш Жо Байден коронавирусийн цар тахалтай тэмцэх ажлыг эрчимжүүлэхэд чиглэсэн 10 тушаал, шийдвэрт гарын үсэг зуржээ.

Трампын засаг захиргаа цар тахалтай цаг тухайд нь тэмцэж чадаагүйгээс вирусийн тархалтыг хяналтаасаа алдсан гэгддэг. Өнөөдрийн байдлаар тус улсад 24.5 сая хүн коронавирусийн халдвар авч, 406,000 гаруй хүн нас бараад байна.

Байден “Ний нуугүй хэлэхэд нөхцөл байдал сайжрахаас өмнө илүү хүнд даваа биднийг хүлээж байна” гэж хэлээд ирэх сард “Covid-19” өвчнөөр амиа алдсан хүний тоо хагас саяд хүрэх төлөвтэй байгааг анхааруулжээ.

Дэлхийн хоёрдугаар дайнд алдсанаасаа илүү олон хүнийг цар тахалд алдаад байгаагаа хэлсэн Байден “Энэ бол дайны нөхцөл байдал” гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр одоо үргэлжилж байгаа вакцинжуулалтын аяныг эрчимжүүлж, ирэх зуны сүүлч гэхэд хүн амынхаа 70-85 хувийг хамруулж, энэ оны намраас улс орноо хэвийн амьдралд шилжүүлэх төлөвлөгөөг танилцуулжээ.

Одоогийн байдлаар АНУ-д 16.5 сая хүн вакцин хийлгэсэн нь хүн амын 5 орчим хувь болж байна.

Төлөвлөгөөний хүрээнд хот бүрт вакцинжуулах төвүүдийг шинээр байгуулж, ихэнх сургуулиудыг 100 хоногийн дотор нээхээр болжээ. Гадаадаас ирэх зорчигчид халдваргүйгээ баталсны дараа онгоцонд сууж, АНУ-д ирснийхээ дараа 14 хоног тусгаарлагдахаар болсон байна.

Холбооны засгийн газрын байр байгууламжуудад амны хаалт заавал зүүх журам хэрэгжүүлж, нисэх буудлууд, галт тэрэг, нийтийн тээврийн хэрэгслүүдээр зорчихдоо заавал амны хаалт зүүх ёстой болсон байна.

Цар тахалтай тэмцэхэд зориулсан мужуудын санхүүжилтийг нэмэгдүүлж, вакцин, хамгаалах хэрэгслийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр болсон байна.

Эдгээрээс гадна ерөнхийлөгч Жо Байден өмнөх засаг захиргааны шийдвэрийг буцааж, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагыг үргэлжлүүлэн санхүүжүүлэхээр болсон ба ядуу буурай орнуудад вакцин нийлүүлэх Covax хөтөлбөрт АНУ-ыг оролцуулахаар болжээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд огцорсны дараа УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг

ЕРӨНХИЙ САЙД ОГЦОРСНЫ ДАРАА УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ХЭЛСЭН ҮГ
Эрхэм хүндэт гишүүд ээ,
Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн Ерөнхий сайдын албан тушаалаас огцрох хүсэлтийг Улсын Их Хурал хүлээн авч, шийдвэрээ гаргалаа.
Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхий сайд огцорсноор Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ мөн огцорч байна.
Дэлхийг хамарсан цар тахал Монгол Улсыг тойрсонгүй дайрч, хөл хорио, онцгой үеийн тусгай дэглэм тогтоосон амаргүй цаг үед бид амьдарч байна. Халдварт вирусээс ард олноо, улсынхаа эдийн засгийг хамгаалах, гарз хохирол багатай даван туулах чиглэлээр Монголын төр, засаг, Улсын онцгой комисс, Монголын ард түмэн эрвийх дэрвийхээрээ хичээж байна.
Гэсэн ч төрийн байгууллагын тодорхой зарим албан хаагчид, эмнэлгийн удирдлагууд цар тахалтай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд алдаа гаргаж, өөрийнхөө эмнэлгээс халдвартай хүнийг холдуулах гэсэн явцуу сэтгэлгээгээр нялх биетэй эх хүний эрхийг ноцтой зөрчсөн нь Ерөнхий сайд, Засгийн газар огцрох үндсэн шалтгаан боллоо.
Эрх нь зөрчигдсөн эмэгтэйд тохиолдсон шиг харамсалтай үйл явдал, хүйтэн сэтгэл, цэвдэг хандлага төрийн албанд хэзээ ч гарах ёсгүй гэж бид үзэж байна. Хүний эрхийг зөрчих, төрийн албан хаагч ёс зүйгээ умартах, сахилга хариуцлагаа хөсөрдүүлэх аливаа үйлдэлтэй бид цаашид хатуу тэмцэх болно.
Монголын төр, төрийн албан хаагч ёс зүйг эрхэмлэх нь хуулиар хүлээсэн журамт үүрэг мөн. Нөгөө талаар шударга ёс, сахилга хариуцлагыг дээдлэх нь төрт ёсны амин чухал шаардлага билээ.
Тиймээс төр, төрийн албан хаагчийн гаргасан алдааны хариуцлагыг өөртөө үүрч, улс төрийн эр зориг гаргаж, ёс зүйн хариуцлагын шинэ жишиг тогтоож буй Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн байр суурь, улс төрийн манлайллыг хүндэтгэж байна.
Ёс зүйг, сахилга хариуцлагыг бүхнээс дээдлэх энэ жишиг төрийн бүх шатны байгууллага, төрийн нэрийн өмнөөс иргэддээ үйлчилж буй 200 мянган төрийн албан хаагчдын үйл ажиллагаанд бүрнээ тогтож хэвших ёстой. Улсын Их Хурал, гишүүд ч энэ жишгийг мөрдөж ажиллах учиртай.
Цар тахлын энэ цаг үед монгол хүн бүхэн улс эх орон, ард түмнийхээ эрх ашгийг эн тэргүүнд тавьж, хэцүү цаг үеийг хамтын хүчээр даван туулах нэг зорилгын дор хүчээ нэгтгэж, нэгдэн нягтарч, эвийг эрхэмлэх нь туйлаас чухал байна.
Тиймээс улс орон, нийт нийгмийг тогтворгүй байдал руу түлхэж, сонгож байгуулсан хууль ёсны төр засгийнх нь эсрэг турхирч, үймээн самуунд уриалан дуудах, түүнийг зохион байгуулахыг оролдох аливаа үйлдэл нь Үндсэн хуульт байгууллын эсрэг, Монгол төрийн эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж байгаагаа зориуд тэмдэглэж хэлье.
Ийм үйлдлээс урьдчилан сэргийлэх, аливаа санаархал, илрэлийг таслан зогсоох нь Монгол төрийн, тухайлбал төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын үүрэг гэж үзэж байна.
Үндэснийхээ эв нэгдлийг сахиж, төр засгийн тогтвортой байдлыг хангах нь ард түмний амин эрх ашиг, Их ард түмнийг төлөөлсөн Бага ард түмэн болох Улсын Их Хурлын нэн тэргүүний үүрэг юм.
Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газар огцорсноор Монгол Улсад засаглалын хямрал нүүрлэх ёсгүй. Улс төрд ч, нийгэмд ч, эдийн засагт ч хямралт байдал үүсгэхгүйн төлөө, түмнээ төлөөлсөн парламент өндөр сонор сэрэмжтэй, шуурхай ажиллах ёстой. Төрийн ажил нэг ч өдөр цалгардаж болохгүй. Цар тахлын энэ цаг үед Засгийн газраа эмхлэн байгуулах асуудлыг нэн шуурхай шийдвэрлэх хэрэгтэй байна.
Энэ Засгийн газар, 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх муу ажилласан гэж Улсын Их Хурал, ард түмэн үзэхгүй байна. Ард түмний маань дийлэнх олонхи итгэлээ хүлээлгэсэн. Итгэлийг биелүүлэхийн төлөө хичээж ажилласан. Цар тахлын аюулаас хамгаалах ажлыг тууштай зохион байгуулж, бүтэн 10 сар халдварыг Монголын газар нутагт оруулалгүй, тогтоон барьж чадсан. Эдийн засгаа, иргэдийнхээ орлогыг эрсдэлээс хамгаалах олон чухал шийдвэр гарган хэрэгжүүлсэн.
Улаанбаатарын утааг арилгаснаас эхлээд том бүтээн байгуулалтын ажил, түүний үр дүнг ард түмэн харж, мэдэрч байгаа. Шударга ёсыг тогтоох, улсаа хөгжүүлэх шийдлээ хүлээсэн чухал арга хэмжээнүүдийг зоримог авч хэрэгжүүлж, үлгэрлэн манлайлж, томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бол бодит үр дүн.
Монголын хөгжил дэвшил, Монголын ирээдүйн төлөөх энэ эхэлсэн ажил цаашид үргэлжлэх учиртай. Энэ бол Монголын эрх ашиг.
Тиймээс Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Танд талархал илэрхийлэхийн ялдамд шударга ёсны төлөөх тэмцэл, улсаа мандуулах эрхэм зорилгынхоо төлөө тууштай зүтгэхийг хүсэн ерөөе.
Монгол Улсын Засгийн газрын Танхимын бүрэлдэхүүнд багтаж, чин сэтгэл, зүтгэл гарган ажилласан Засгийн газрын гишүүн-Сайд нарт мөн талархал илэрхийлж, сайн сайхныг хүсье.
Шинэ Засгийн газрыг яаралтай байгуулж, ажилд нь оруулах талаарх улс төрийн шийдвэрийг хугацаа алдалгүй шуурхай гаргахыг Монгол Ардын Намд, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын олонхийн бүлэг, нийт гишүүддээ сануулж хэлье.

Улсын Их Хурал асуудлыг хойшлуулалгүй, нэн яаралтай дэгээр хэлэлцэн шийдвэрлэх болно.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Оюундарь: Аав намайг сэтгүүлч болгох дургүй байсан

Монголын Үндэсний Олон Нийтийн телевизийн захирал, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга байсан Сэтгүүлч Ц.Оюундарьтай энэ удаа сэтгүүлчийн амьдрал, уран бүтээлийн талаар ярилцсан юм.


-Саяхан таны аавынхаа тухай дурссан мөрүүдийг олж харсан л даа. Таны аав Мятавын Цагааны нэрийг радио сонсогчид сайн мэддэг. Та багадаа аавынхаа ажлын онцлогийг хэр мэдэрдэг байв?

-Монголын радиогийн хөдөө аж ахуйн редакцийнхан байнга хөдөө явдаг. Намар ургац хураалт, хавар мал төллөлт, зун отор нүүдэл, өвөл цас зуд гээд явчихдаг. Аав радиогийн Хөдөө аж ахуйн редакцид олон залуусыг авч сургаж, тэдэндээ цаг их зарцуулдаг байсан. Зун хөдөө явахдаа намайг авч явна. 69 машины ард сэгсчүүлээд явдаг байлаа. Аав боломж гарвал гэртээ цаг зарцуулахыг боддог. Гэрийн ажилд сайн. Сайхан хоол хийнэ. Өөрөө хувцсаа угаана. Цагаан голдуу хувцас өмсдөг, ганган хүн байлаа. Ажилтай хүний хүүхдүүд жаахан залхуу болчихдог юм байлгүй. Би аав шиг нямбай биш. Гэхдээ хоол унд хийх, гэр орноо зохион байгуулдаг чанарыг нь өөрийн эрхгүй сурсан л даа. Сурагч байхад “Пионерийн үнэн” сонинд заавал шүлэг бич гэдэг. Аав бараг өөрийнхөө түвшнээр шүүмжилдэг байсан. Өөрөө яруу найраг, зохиол ойлгодог учраас биднийг шүлэг цээжил, зохиол унш гэдэг. Бага дүүд дэвтэр дүүрэн шүлэг байдаг. “Шүлэг бич” гээд өрөөнд цоожилдог. Шүлгээ бичихгүй бол гарахгүй. Бичих чадварыг тэгж л суулгаж байж дээ.

-Сэтгүүлчийн хүүхэд сэтгүүлч л болж. Залуу сэтгүүлчдийг сургадаг байж. Ганц охиндоо харин нандин жор хэлсэн болов уу. Сэтгүүлч хүн ийм тийм байх ёстой гэж хэлдэг байв уу?

-Аав намайг сэтгүүлч болгох дургүй байсан. Өөрөө сэтгүүлчийн зовлон, жаргалыг мэддэг учраас охиныгоо арай гоё амьдруулах гэсэн байх. Дунд сургуульд байхдаа би математик, физикийн хичээлдээ сайн. Инженер болох хүсэлтэй байв. Яг төгсөх үед нийгэм солигдож, манай сургуульд шинээр ирсэн нийгэм судлалын багш намайг өөрчлөгдөхөд нөлөөлсөн. Ер нь сэтгүүлч болох ёстой юм байна гэж бодсон л доо. Сэтгүүлчийн ангид конкурс өгнө гэсэн чинь аав аймаар уурлаж, зөрөөд шалгалт өгч унаад, дараа жил нь орж байв. Төгсөөд 1993 онд телевизэд ороход аав радио, телевизийн байшинг сайн мэддэг болохоор “За, хов жив ярьж болохгүй. Энэ байшин хана нь хүртэл сонсдог юм шүү” гэсэн. Тийм л юм хэлсэн. (инээв)

Телевизэд Нийгэм, эдийн засгийн редакцид ороход, “Зах зээлийн онол үзсэн” гээд эдийн засгийн тойм хөтлүүлж байсан. Дараа нь улс төрийн нэвтрүүлэг хийдэг болов. Цаг үеийн тохироо бүрдэх гэж байдаг. Ажилдаа дөртэй болж байх үед маань 1996 онд Ардчилсан холбоо эвсэл сонгуульд ялсан. Тэр үед одоогийн үндэсний радио телевиз Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байв. Даргыг нь Ерөнхий сайд шууд томилдог байлаа. Социализмын үед радио, телевизийн дарга Намын төв хороо, Үзэл суртлын хэлтэст харьяалагддаг байсан.

Ардчилсан холбоо эвсэл ялахад өөрийн боловсон хүчин байгаагүй. Намайг 1996 онд ММ-д тоймчоор авсан. Мундаг тоймчидтой зэрэгцээд тоймч гээд явахаар сонин санагдаж байгаа юм чинь. Хувьсгалын тохироо нь бүрдээд би их эрт том том юм ярьдаг хүн болчихсон.

-Удалгүй та Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга болсон. Харин дараа нь Берклид сурч, гадаадын телевизэд ажиллах болсон нь таны харах өнцгийг өөрчилсөн үү?

-АНУ явахын өмнө би өөрийнхөө хувьд хамгийн том ажлаа хийсэн нь “Зууны луйвар” гээд нэг сэдвээр зургаан бүлэг баримтат нэвтрүүлэг байв. Гадаадад очоод, хэл сурч, байр сууриа олох гэж хэдэн жил зарцуулаад, 2006 онд Берклид орсныхоо дараа нэвтрүүлгийнхээ текстийг орчуулж, багш нартаа үзүүлсэн юм. “Би ийм ажил хийж байсан. Тухайн үедээ ямар алдаа хийсэн байна” гээд түүхээ ярьсан юм. Монголд тухайн үед энэ нэвтрүүлгийг эрэн сурвалжлах том бүтээл гэж үнэлж, Сэтгүүлчдийн холбооны шагналаар шагнаж байсан шүү дээ. Харин манай багш нар өөрөөр харсан. Энэ бол задлан шинжилсэн сэтгүүл зүйн бүтээл байна гэж дүгнэж байлаа.

Берклид орохоосоо өмнө би Америкийн “CBS” телевизийн Сан Францискогийн мэдээний салбарт орчихсон байсан л даа. Тэр бас их азтай тохиолдол болсон юм. Би Америкт очоод хэлээ сайжруулах, хоёр бага насны хүүхэдтэй ганц бие ээж учраас хүүхдүүдээ тэжээх гол зорилготой байлаа. Америкт байгаа дээрээ ихийг сурч мэдэж аваад, Монголдоо очоод өндөр цалинтай ажил хийнэ гэж зорьж байв. Үнэгүй сургалтад очиж суудаг. Өглөө нь кофе шопод ажиллана. Ажил 15 цагт тардаг. Хүүхдүүдийн сургууль 17-18 цагт тарах хооронд үнэгүй сургалт “хэснэ”. Фотошоп, монтаж хийх, камерын сургалтад очиж сууж билээ. Тэнд “Community centre” гэж төвүүдэд тэтгэвэрт гарсан экспертүүд үнэгүй хичээл заадаг. Монголд зурагтаар гардаг, бусдыг нь өөр хүмүүс хийчихдэг байсан. Америкт бүх юмаа өөрөө хийж сурлаа. Одоо бол монтаж энэ тэрийг гаргаахгүй шүү дээ. (инээв) Тэр үед “Community centre”-ийн зарлалын самбараас “Сайн дураараа, үнэгүй видео хийж өгөх хүн байна уу” гэсэн зар олж харлаа. Цагаач иргэдийг Америкт хөлөө олоход нь тусалдаг төрийн бус байгууллага байсан юм. Америкт дөнгөж хөл тавьсан хүмүүс ямар бэрхшээл туулж байгааг, тэдэнд ямар зүйл тустай байна гэдгийг гаргаж ирэх богинохон видеог сайн дураараа хийх хүн хайсан зарлал байсан юм.

Би сурснаа хэрэгжүүлэхээр “Камер, монтажны хэрэгсэл хангавал би хийгээд өгье” гээд хариу бичлээ. Тэгээд би кино хийж өгсөн юм. Тэр байгууллагын хөрөнгө босгох арга хэмжээ болж, гол супер од нь “CBS” телевизийн Сан Францискогийн оройн мэдээний хөтлөгч байлаа. Миний хийсэн видеог түүнд үзүүлэхдээ “Монголоос ирсэн хүн сайн дураараа хийсэн юм” гэж танилцуулжээ. Гэтэл тэр “Мэргэжлийн түвшинд хийсэн байна” гээд надтай танилцаад, “Манайд хүрээд ир” гээд мэдээний туслах ажилтнаар авсан юм. Ингээд өглөөний мэдээнд ажиллах боллоо. Тэнд ажиллаж байхдаа хоёр зүйлийг ойлгосон. Хаа сайгүй сэтгүүлчид ядуу л байдаг юм байна гэдгийг ойлгосон. Нүүр царай болдог супер оддоо л өндөр цалин өгдөг. Бусад нь бол дундаж америкуудын түвшинд л цалин авдаг юм билээ. Бид Монголд л сэтгүүлчид ядуу байна. Бусад оронд мундаг байна гэсэн төсөөлөлтэй байсан. Үгүй юм билээ. Хоёр дахь ойлгосон зүйл бол тэнд дотоод ёс зүйн дүрэм өндөртэй. Сэтгүүлчийн хийж байгаа юманд дарга, удирдлагуудын зүгээс ямар нэг коммент хэлэх, “Болно болохгүй” гэвэл аймаар бухимддаг. Биед нь зөвшөөрөлгүй гар хүрсний дайтай хариу урвал үзүүлдэг. “Энэ миний ажил, миний ажилд хэн ч хүрэх ёсгүй” гэсэн итгэл үнэмшилтэй байдаг юм билээ. Тэр нь гоё санагдсан. Манай сэтгүүлчид бол дарга нь боль гэхээр эхэндээ тэмцэх гэж үзсэн ч нугарчих гээд байдаг шүү дээ. Ерээд онд Данидагийн хэвлэх үйлдвэр, чөлөөт хэвлэлийг оруулж ирэх гээд маш их сургалт болдог байсан. Хоолтой сургалт гэхээр хүмүүс очих дуртай. Америкт ч бас яг тийм. “Үнэгүй пицца, пивотой” гэхээр нөгөөдүүл чинь хуралдаа аймаар идэвхтэй цугладаг. Хаана ч байсан хүмүүний амьдрал адилхан л юм билээ. Өөрийгөө илэрхийлж чаддаг, айж хулчийдаггүй байх ёстой юм байна гэж ойлгосон. Жилийн дараа Берклид өргөдөл өгч орсон. Супер одын намайг тодорхойлсон захидалтай Берклид орж байлаа.

-Таны сүүлд хийсэн “Дүнсгэр говийн дуугүй хувьсал”, “Гол бүхэн далайд цутгана” баримтат кинонуудыг үзэхээр гол дүр нь жирийн хүн байгаа нь содон санагдсан. Манайд бол том дарга л гол дүр болчих гээд байдаг шүү дээ?

-Тэр ”Гол бүхэн далайд цутгана” гээд баримтат киног ардчиллын 20 жилийн ойгоор Б.Дэлгэрмаа дарга продюсерлоод, намайг зохиолыг нь бич гэсэн юм. Хоёр ангит зохиол бичээд, 2009 онд нэгийг нь дараа жил нь нөгөөг нь гаргасан. Тэрэн дээр чи зөв ажигласан байна. Америкт баримтат кинонд баримталдаг хоёр зарчим байдаг. Нэг нь одоо эрх мэдэлтэй байгаа хүнийг гаргахыг зөвшөөрдөггүй. Яагаад гэхээр хуурамч нөлөөнд автсан, вакумжсан гэж үздэг. Тийм учраас дурсамжийн номыг хүртэл гаргахдаа тухайн хүнийг Ерөнхийлөгч байхад нь гаргадаггүй. Буусных нь дараа гаргадаг. 20 жилийн ойн үеэр манай партизанууд дарга нар байсан. Анхны 13-аас хамгийн энгийн яваа нь Дарь.Сүхбаатар байв. Хэв шинжит дүр гэдэг дээ. Тухайн үеийн хүмүүсийг төлөөлсөн дүр болгож гаргасан болохоос биш Дарь.Сүхбаатар хийсэн гээгүй л дээ.

-Үзэгчийн хувьд ч ардчилагчид гэхээр шууд санаанд буудаг хүмүүс гол дүр биш байсанд гайхсан л даа. Яагаад Дарь.Сүхбаатар гэж. … Энэ баримтат киноны дараа та ийм асуултыг бишгүй сонссон байх?

-Одоо хүртэл алергитэй. “Бид нарыг гаргаагүй, Дарь. Сүхбаатар хийчихсэн гэнэ ээ” гээд л. Нээлт хийхэд тэр үеийн партизанууд, өөрийгөө гол дүр гэж бодож байсан зарим хүн хаалга савж гарч байсан. Нээлтэнд ирсэн энгийн үзэгчид бол өөрөөр хүлээж авсан л даа.

-Сүүлийн үед та юунд цаг их зарцуулж байна. Баримтат кинон дээр ажиллаж байгаа юу?

-Би уг нь жил болгон нэг түүхэн баримтат кино хийх санаатай ажилладаг. 2009 оноос хойш 25-26 кино хийсэн. Дандаа XX зууны түүхийг голчилж байгаа. Яагаад гэхээр XX зууны бараг 60-70 жил нь социалзмын үзэл суртлаас болоод өөрчлөгдсөн зохиомол түүх. Бид л энэ түүхийг зөвөөр нь олж мэдээд тайлж хүргэхгүй бол болохгүй. Өөртөө ийм зорилго тавиад, түүхэн баримтат кинон дээр ажиллаж байгаа. Сүүлийн хоёр жил барсангүй. Ковидоос болоод хийж чадахгүй байна. “Жорлонгоо өөрчилье” төсөл маань дөрөв дэх жилдээ үргэлжилж байна. NTV-тэй хамтраад “Ногоон коммент” гээд долоо хоног тутмын нэвтрүүлэг хүртэл гаргалаа. Энэ жилийн том ажил тэр л байлаа. Одоо шинээр хөгжүүлж байгаа бүтээгдэхүүндээ хөрөнгө оруулалт хайж байна. Жорлонгоо өөрчлөхөд гол нь иргэдийн оролцоо чухал. Өнгөрсөн хугацаанд гэр хороололд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон ажил яагаад амжилтад хүрээгүй гэхээр дээрээс зохион байгуулах гэж оролдсон. Бид ийм асуудлууд байна, үүнийг ингэж шийддэг арга замууд байна, эндээс та бүхэн өөрсдөө сонгоорой гэдэг. Мэдээлэлтэй иргэд олон сонголтоос өөрт тохирохыг сонгох учиртай. Орон сууцанд орж 30 жил хүү төлөх үү, эрчим хүчний хэмнэлттэй, био жорлонтой, саарал усны шийдэлтэй байшин бариад, хашаандаа сайхан амьдрах уу гэдэг сонголт бий болгох учиртай. Иргэн өөрөө шийдвэр гаргах ёстой. Шийдвэр болгоны цаана халааснаас нь мөнгө гарна. Хөрөнгө оруулж байгаа иргэнийг хүндлэх ёстой. Гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжье гэдэг. Шийдвэр гаргаж байгаа иргэд ч бас хөрөнгө оруулагч. Тэднийг хүндэлж, сонголт хийх эрх өгөх учиртай. Ийм л ажил хийж байна.

-Уран бүтээл хийх гэтэл санхүүжилт олдохгүй байна гэдэг. Та харин яаж санхүүжилт олоод байдаг юм бэ?

-Хийх хүн аргаа олно гэдэг шүү дээ. Эдийн засаг сайн байхад дотоодын компаниуд түүхэн баримтат киног сайн дэмждэг. Түүхийг гажуудуулсан гэдгийг тэд сайн мэддэг. Бизнесийн салбарт яваа хүмүүс дунд социализмын үед эмээ, өвөө нь хэлмэгдэж, хөрөнгөө хураалгаж байсан хүмүүсийн үр сад олон байдаг. Эрх чөлөөгүй байсан, хавчлагын талаар эмээ, өвөөгөөсөө сонссон байдаг учраас дуртай санхүүжүүлдэг. Гэтэл одоо эдийн засаг сууриараа муудаад, компаниуд эрсдэлд ороод эхлэхээр хандивлагчдын дэмжлэг багасаад ирнэ л дээ. Ер нь хийж байгаа ажил маань үнэхээр итгэл үнэмшил төрүүлэхээр бол спонсор олддог.

-Ковидын үед хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж байна. Таны хувьд амьдрал яаж өрнөж байна вэ?

-Монголчууд дэлхийн талыг эзлээд төвхнүүлж байсан улс. Алтаар орд харш бариад үлдээх боломж байсан. Гэсэн ч Монголоо яг байгаагаар нь үлдээсэн. Нүүдэлчид бол хойч үедээ хог үлдээдэггүй. Монголдоо олон шавар байшин үлдээгээгүй. Социализмын үед баригдсан шавар байшингууд одоо буулгахад ч засахад ч хэцүү болчихоод байна шүү дээ. Суурин иргэншлийн хэв шинжийг авахгүй, байгааг нь ашиглачихъя гэсэн сэтгэхүйгээр явж байсан. Тэд бүгдийг үзэж туулаад, амьдралын утга учир энгийн байх юм. Хэрэглээ багатай байх юм байна. Хүнд ер нь нэг их юм хэрэггүй гэдгийг бүхнийг эдэлж үзсэн хүмүүс мэдсэн хэрэг. Одоо ковид үүнийг баталж байна. Орчин үеийн хүмүүс гадуур хэсч мөнгө үрээд, тэр мөнгөө олох гээд их хөдөлмөрлөж, гэр орондоо бага цаг зарцуулж, түүндээ бухимдаад байсан. Стресс тайлах үйлчилгээнүүд бий болоод тэрийг нь бас мөнгөөр авдаг. Ингээд мөнгөний тойрогт орчихсон. Ковид дэлхийн хүмүүст юу ойлгуулж байна гэхээр амьдралд тийм их юм хэрэггүй шүү дээ. Заавал үнэтэй зоогийн газарт орох хэрэггүй юм байна. Гэртээ сайхан хоол хийчихдэг юм байна. Манайхан чинь бас гайгүй хоол хийчихдэг юм байна гэдгийг ойлгуулсан. Хүмүүс энгийн амьдрал руугаа буцаж байна. Америкт хийсэн нэг судалгаа харсан. Маш олон гэр бүл гэртээ хүүхдэдээ цаг зарцуулаад эхлэхээр энэ амьдралын зөв хэвшил байна. Нийт судалгаанд оролцогчдын 35-40 хувь нь цаашдаа энэ хэв маягаар гэрээсээ ажиллах нь зүгээр юм байна гэж үзсэн байна лээ. Урд нь амсаж байсан тэр их стресс байхгүй болж байна гэж хариулсан байна. Монголчууд угаасаа л бага хэрэглээтэй улс. Миний хувьд гэртээ цаг зарцуулах дуртай байсан. “Жорлонгоо өөрчилье” багийнхан маань хоёр жилийн өмнө “Мини шийдэл” гээд апп хийгээд, үйл ажиллагаа маань онлайнд шилжсэн учраас ковидоос болж амьдралын хэв маягт том өөрчлөлт гараагүй.

Categories
мэдээ эдийн-засаг

“Монголын эдийн засгийн дэлгэрэнгүй тайлбар толь” хэвлэгдлээ

Академич, эрдэмтдийн баг “Монголын эдийн засгийн дэлгэрэнгүй тайлбар толь” номыг туурвин хэвлүүлснээ ШУА-ийн тэргүүлэгчдэд гардуулжээ.

ШУА-ийн захиалгаар хэвлэсэн уг тайлбар толийг академич Т.Доржоор ахлуулсан эрдэмтдийн баг бичиж гүйцэтгэсэн бөгөөд тус багт академич, эдийн засгийн шинжлэх ухааны доктор А.Бакей, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор Б.Батхишиг, А.Даваасүрэн нарын эрдэмтэд ажиллажээ.

“Эдийн засгийн шинжлэх ухааны хүрээд мөнгө, санхүү, төсөв, татвар, гааль, гадаад худалдаа, зээл тусламж, хөрөнгө оруулалт, өмч хөрөнгө, үнэ тариф, хөрөнгийн зах зээл, нягтлан бодох бүртгэл, менежмент, маркетинг зэрэг эдийн засгийн салбар шинжлэх ухааныг системтэй ойлгоход тус толь бичиг чухал ач холбогдолтой”-г ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл онцоллоо. Монгол улсад зах зээлийн эдийн засагтай холбогдолтой сурах бичиг, тайлбар толь, гарын авлага цөөнгүй гарч байгаа боловч орчин үеийн эдийн засгийн шинжлэх ухааны талаар нэгдсэн цэгцтэй, ойлголт хараахан бүрэлдэж чадаагүй л байна. Энэ ном нь их, дээд сургуулийн оюутан, багш, магистр, доктрант, эрдэм шинжилгээний ажилтан, төр засгийн болон сэтгүүл зүйн салбарт ажиллагч, бизнес эрхлэгч болон эдийн засгийн мэдлэгтэй болохыг хүсэгч хэн бүхэнд зориулсныг тэрээр тодотголоо.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Одонтуяа: Нэг жийпний үнэтэй дүйцэхүйц мөнгө төсөвлөсөнд үнэхээр ичиж байна

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Бид эх орондоо харимаар байна” суултыг Төрийн ордны хоёр давхарт эхлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа.


-Та гадаадад, тэр дундаа БНСУ-д байгаа иргэдээ яаралтай татан авч ирэх шаардлагыг ҮАБЗ-д хүргүүлж, суулт зарласан. Яагаад заавал суулт хийхээр шийдсэн юм бэ?

-Маш олон монголчууд нутаг буцмаар байгаа ч коронавируст цар тахлын хорионоос болоод эх орондоо ирж чадахгүй байна. Зуны улиралд нэлээд тусгай нислэг үйлдсэн. Гэтэл сүүлийн үед огт нислэг байхгүй, товлосон нь цуцлагдсан. Үүнээс болж олон иргэний амь нас, аюулгүй байдал эрсдэлд ороод байна. Би зөвхөн өнөөдөр энэ асуудлаар ярьж байгаа биш. Өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн Иргэний онцгой комисс болон УИХ-ын гишүүний хувиар Засгийн газар, Улсын онцгой комисс гээд төрийн холбогдох байгууллагууд руу 10 гаруй удаа албан бичиг явуулсан.

УОК-ын шийдвэр, үүсээд байгаа нөхцөл байдлыг ойлгож хүлээцтэй хандаж, харсаар өнөөдрийг хүрлээ. Улсын онцгой комисс, Засгийн газраас дорвитой, оновчтой арга хэмжээ огт авахгүй байна. Миний хүргүүлсэн албан бичгийн хариуд “Бид гадаадад байгаа иргэддээ санхүүгийн тусламж үзүүлж байна. Хоноглох байраар хангаж байгаа” гэсэн мэдээлэл өгсөн. Гэтэл бодит байдал дээр иргэдэд тусламж очоогүй байна. Иргэд Элчингийн коридорт картон цаас дэвсээд хоноглож байгаа. Бүгд мэдэж байгаа харсан байх, фото зураг, видео нь нийгмийн сүлжээгээр тарсан.

-Та шаардлагадаа БНСУ-д суугаа иргэдийн нөхцөл байдал хүнд байгаа талаар дурдсан байсан. БНСУ-д байгаа иргэдээс танд хүсэлт их ирэв үү?

-Зөвхөн БНСУ-д байгаа иргэдийн асуудал ч биш юм. Олон мянган иргэн хүнд нөхцөлд байгаа. Тухайлбал, Швед, Турк, Тайвань, Казахстан, Австрали, АНУ зэрэг орнуудаас над руу байнга холбогддог. Өнөөдөр л гэхэд Япон, Тайваньд байгаа иргэдийн хүсэлтээр цахим ярилцлага хийлээ.

Монголчууд маань хүний нутагт үнэхээр цөхөрсөн байна. Зайлшгүй шалтгаанаар түр хугацаагаар, эмчилгээгээр, цөөн сараар явсан маш олон иргэн хилийн цаана, хүний нутагт хөсөр хаягдаад жил боллоо. Одоогоор хамгийн хүнд бэрхшээл нь Сөүлээс ирэх тийзээ 11 дүгээр сард захиалж, мөнгөө төлчихсөн мянга гаруй иргэний асуудал. УОК-ын төлөвлөгөөт нислэгүүдийн хуваарь тодорхой бус, гэнэт өөрчилдөг зэрэг нь иргэдийг улам ихээр бухимдуулж, цөхөрсөн хүлээлт үүсгэж байна. Сөүлд иргэд орон байргүй, амьжиргааны зардалгүй, визийн зөрчилтэй, сэтгэл санааны дарамтад орсондоо аргаа бараад суулт хийж байна. Үүний өмнө өлсгөлөн хүртэл зарласан. Иргэний болон Улс төрийн эрхийн тухай Олон улсын пактын арванхоёрдугаар зүйлийн 4-т “Хэнийг ч эх орондоо ирэх эрхийг дур мэдэн хасч болохгүй” гэж заасан байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Төрийн эн тэргүүний үүрэг нь иргэний эрхийг хангах, аюулгүй байдлыг хангах гэж байгаа тул төр энэ үүргээ биелүүлмээр байна.

ХЭҮК зоригтой дуугарч гадаадад байгаа монголчуудын эрх туйлын зөрчигдөж байгаа талаар УОК-т шаардлага хүргүүлсэн байна лээ. Хүний нутагт иргэд нь өлсөж, орох оронгүй, унтах газаргүй бүр амь насаа ч алдсаар байна. Энэ бол хүний эрхийн маш том зөрчил.

-Та өнгөрсөн оны долдугаар сараас Иргэний онцгой комисс байгуулж холбогдох газрууд руу бичиг явуулсан гэлээ. Нийт хичнээн иргэн хандсан бэ?

-Бид гол нь эх орондоо ирж чадахгүй гадаадад гацсан, мэдээлэл дутмаг байгаа иргэд, Улсын онцгой комисс хоёрын хооронд гүүр болох, туслах зорилготой байсан. Иргэний онцгой комисс 4000 гаруй иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч, тус бүрд нь нарийвчлан ангилж Улсын Онцгой комисст хүлээлгэн өгч яаралтай ирэх хүмүүсийн жагсаалтыг гаргаж өгч ажилласан. Жирэмсэн, өндөр настай, хүүхэдтэй, өвчтэй гээд эрэмбэлээд.

Бид уг нь нэг чухал ажлыг санаачлан УОК-т хүргэсэн боловч “хүлээн авахгүй” гэсэн хариу өгсөн. Юу гэхээр 100- 200 гэр бариад иргэдээ татан авч, байрлуулах ажил байсан. Дулааны улиралд боломжтой л шийдэл. “Монос” групп үүнд 50 сая төгрөгийн тусламж үзүүлэх саналыг гаргаж, бусад компаниуд тусламж үзүүлэхээ илэрхийлсэн. УОК “Монгол гэр нь халдвар хамгаалалтын шаардлага хангахгүй” гэсэн. Бид УОК-ын шийдвэрийг зөрж, шийдвэр гаргах боломжгүй учир энэ санаачилга зогссон.

-Таны явуулсан шаардлагуудад хариу өгч шийдвэрлэсэн асуудлууд байна уу?

-Бий. УОК, Зам тээврийн яам Тайваньд сурдаг оюутнуудын асуудлыг маш хурдан шуурхай шийдвэрлэж өгсөн. Оюутнууд их баярласан. Хурдтай шийдээгүй бол олон оюутан сургуулиасаа хасагдах байлаа. Би сайн зүйлийг сайнаар нь л хэлнэ.

-Таны суулт хэдийг хүртэл үргэлжлэх вэ?

-Гурав дахь өдрөө (2020.01.20) сууж байна. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс эхлээд олон гишүүн дэмжиж байна. Ялангуяа гадаадад байгаа болон тэдний ар гэрийнхэн хүлээгээд цөхөрчихсөн хүмүүс одоо Засгийн газрыг ямар нэг дорвитой шийдвэр гаргана байх гэж хүлээж байгаагаа илэрхийлж байна. Зарим нэг хүмүүс “улс төрийн шоу хийлээ” гэж хардаж байх шиг. Энэ бол улс төр болох зүйл биш, тийм цаг ч биш. Дэлхий нийтээрээ аюулт өвчинд боомилогдож, энэ цар тахлын өмнө сөхөрч буй иргэдийн амь нас чухал болохоос улс төр сонин биш. Улс төр хийсэн болчихно гээд дуугүй суух байсан юм уу? Гадаадад хүнд нөхцөлд байгаа иргэдээ яаралтай татан авах нь л чухал. Энэ асуудлаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын даргатай уулзахаар болсон. ҮАБЗ яаралтай хуралдах шаардлагатай гэж үзэж байна. Над руу тасралтгүй цөхөрсөн хүмүүсийн гуйлт, хүсэлт ирж байхад тайван сууж үнэхээр чадахгүй нь.

-Та ҮАБЗ-д гурван шаардлага хүргүүлсэн байсан. Энэхүү суултаасаа ямар үр дүн хүлээж байгаа вэ?

-Нэгдүгээрт, эх орондоо буцах хүсэлтэй, шинжилгээний хариу сөрөг гарсан иргэдийг яаралтай татан авах, Хоёрдугаарт, буцах өдрөө хүлээж байгаа иргэдэд хоол хүнс, орон байр болон хүмүүнлэгийн тусламж, дэмжлэг үзүүлэх, нислэг цуцалсан гэнэтийн шийдвэрээс үүдэн иргэдэд учруулсан хохирлоо Засгийн газар барагдуулах, Гуравдугаарт, төлөвлөгөөт нислэгийн хуваарийг тодорхой болгож, иргэдэд нээлттэй мэдээлж, төлөвлөх боломжийг олгохыг шаардсан байгаа. Авчирч чаддаггүй юм бол харьд байгаа хүмүүстээ туслах ёстой.

-Одоо таныг хамгийн их бухимдуулж байгаа асуудал юу байна?

-Гадаадад байгаа иргэд маань ирж чадахгүй, зарим нь бүтэн жил хүлээлээ. Хүнд нөхцөлд байгаа иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхгүй байна. Би тусламжийн дүнг харсан, 300 сая төгрөг л төсөвлөсөн байна лээ. Энэ чинь нэг даргын сольж унадаг жийпний үнэ. Ийм жоохон мөнгийг иргэддээ төсөвлөсөнд үнэхээр ичиж байна. Санхүүг шийдэхгүй болохоор Элчин сайдын яамд иргэддээ тусалж чадахгүй байна. Энэ хооронд эх орондоо ирэх өдрөө хүлээсэн иргэд амь насаа алдсаар байна. Иргэд маш их бухимдаж байна. Нас барсных нь дараа шарилыг нь авч ирэхэд мөнгө зарцуулахын оронд амьд сэрүүн байхад нь авчрахад мөнгөө зарцуулдаггүй яачихсан Засаг вэ гэж иргэд бухимдаж байна. Энэ бол туйлын үнэн. Зардлын задаргаанд нэлээдгүй мөнгийг шарил авчрахад зарцуулахаар тусгасан байсан.

-Гадаадад байгаа иргэдийг авч ирэх нь халдвар орж ирэх өндөр магадлалтай гэж болгоомжилж байгаа. Та энэ талаар ямар байр суурьтай байна?

-Халдвар хамгааллын нарийн асуудалд бид оролцдоггүй, энэ цэвэр мэргэжлийн хүмүүсийн асуудал. Гэхдээ шинжилгээний хариу нь сөрөг гарсан хүмүүсийг авчрахад юу нь хэцүү юм бэ. Ирэх боломжгүй хүмүүстээ туслах хэрэгтэй. Хоноглох газаргүй, идэх хоолгүй тэр чигт нь хаяж огт болохгүй. Тусгаар улс шүү дээ. Дахин хэлэхэд, нэг даргын жийпний мөнгөөр хилийн чанадад байгаа олон мянган иргэддээ тусламж үзүүлэхээр төсөвлөсөн байна гэдэг бол байж боломгүй цэвдэг хандлага. Ковидын цар тахалтай холбогдуулан гадаадаас иргэддээ зориулаарай гээд маш их хандив, тусламж үзүүлж байгаа. Гэтэл тэр их мөнгийг юунд зарцуулаад иргэдээсээ харамлаад байгааг ойлгохгүй байна.

Р.ХИШИГЖАРГАЛ