Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Коронавирусийн халдварын 350 дахь тохиолдол бүртгэгдлээ

Нэг хүнээс коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад коронавирусийн халдварын 350 дахь тохиолдол бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Үүнээс 313 нь эмчлэгдэн, бүрэн эдгэрээд байна.

Өнөөдөр илэрсэн тохиолдлын талаар ХӨСҮТ-өөс тодруулахад “Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор аравдугаар сарын 20-нд ирсэн нэг хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрсэн” гэлээ.

Одоогоор 37 хүн халдвар авсны улмаас ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 32 хүний биеийн байдал хөнгөн, таван хүний бие хүндэвтэр байгаа юм.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 90,951 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг хийжээ.

Categories
мэдээ нийгэм

Согтуурсан үедээ есөн настай охиноо хүчирхийлжээ

Сүүлийн үед бага насны хүүхдүүд хүчирхийлэлд өртөх хэрэг цөөнгүй гарч байна. Хойд эцэг нь, төрсөн эцэг нь зодож хөнөөсөн, байнгын хүчирхийлэлд байдаг, эцэг эхийн хараа хяналт муугаас ой гарантай хүүхэд осгож нас барсан зэрэг харамсалтай хэргүүд шил дараалан гарч байна.

Гэтэл дахин нэг охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарчээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын тавдугаар багт есөн настай охиныг хойд эцэг нь согтуурсан үедээ хүчиндсэн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар хойд эцэг нь 30 настай гэнэ. Түүнийг дагавар охиноо хүчиндсэнг баримтжуулан цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм байна.

Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн 38.2 хувь, хүүхдийг алах гэмт хэргийн 40 хувь нь хүүхэд өөрийн амьдардаг гэртээ халдлагад өртсөн бол бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн 30.9 хувь, бага насны хүүхдийг алах гэмт хэргийн 27.5 хувь нь хамаатан садан, эцэг эхийн найзын гэрт халдлагад өртжээ.

Иймд бага насны хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэргээс сэргийлэхийн тулд төрийн болон төрийн бус байгууллага хамтрах, иргэдэд тулгуурласан олон талт арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай. Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэй. Хамгийн гол нь гэр бүлийн харилцаа, гэр бүл төлөвлөлт, эцэг эхийн хариуцлага, үлгэр дуурайлал, түүний эерэг, сөрөг үр дагаврын талаарх иргэдийн мэдлэгийг нэмэгдүүлэх нь чухал байна.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарын өглөө

Улаанбаатар хот. 08:20

Нийслэлийн өглөө.

Улаанбаатар.

Ч.Биндэръяа

Categories
мэдээ нийгэм

Москвад метроны үнэ буулгах туршилт эхэлжээ

Метрогоор зорчих тарифыг 50% бууруулах туршилтыг Моксва хотын метроны хоёр чиглэлд Даваа гаригаас /2020.11.02/ эхлүүлсэн байна.

Москва хотын захирагч Сергей Собяниний мэдэгдсэнээр Таганско-Краснопресненский болон Некрасовский гэсэн хоёр чиглэлийн шугаманд туршилтыг эхлүүлжээ. Энэ хоёр чиглэлийн аль буудлаас ажлын өдрүүдэд өглөө нээгдэхээс буюу 05.20 цагаас 7.15 хүртэл, орой 20.45-аас 21.15 цагийн хооронд аль ч буудлаас суусан зорчигчдод тарифын хөнгөлөлт үзүүлэх юм.

Туршилтыг ирэх 2021 оны долдугаар сарын 2- хүртэл үргэлжлүүлнэ. Турүилтын зорилго ид ачааллын үеийн зорчигчдын урсгалыг бууруулахад оршиж байгаа бөгөөд Орост анх удаа ийм туршилт хийж байна.

Тарифыг ийнхүү тал хувиар хөнгөлснөөр ажлын өдрүүдэд нэг зорчигч нэг удаадаа 22 рублиэр зорчих юм.

Categories
мэдээ нийгэм

Вена хотод байгаа Монголчуудыг гэрээсээ гарахгүй байхыг анхаарууллаа

Холбооны нийслэл Вена хотын төвийн дүүрэгт байрлалтай сүмийн ойролцоо 2020 оны 11 дүгээр сарын 2-ны 20:00 цагийн орчимд дэлбэрэлт, буудалцаан болж олон хүн бэртэж, нас барсан ноцтой халдлага болжээ.

Тиймээс хотын төвөөр зорчихгүй байхыг цагдаагийн байгууллагаас иргэдэд анхааруулж байгаа тул Вена хотод оршин суудаг иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна.

Буудалцаан болсонтой холбоотойгоор автобус, метроны буудлаас хол байх, халдлагатай холбоотой зураг видео шэйр хийхгүй байхыг цагдаагийн байгууллагаас мөн анхааруулж байна.

Монгол Улсаас Австри улсад суугаа Эчлин сайдын яам

Categories
мэдээ нийгэм

Байнгын хороод хуралдана

УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн /2020.11.03/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.

1. Түр хорооны хуралдааны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: /Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий/

Хэлэлцэх асуудал:

  • Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл сонсох.

2. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан;
  • “Эрх зүйн дүгнэлт гаргах журам батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл /үргэлжилнэ/;
  • Бусад.

3. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020.05.26-ны өдрийн хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан/;
  • Бусад.

4. Төсвийн байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Categories
мэдээ нийгэм

Шинжилгээний хариу сөрөг гарлаа

Хил залгаа хөрш улс орнуудад коронавируст халдварын тохиолдол улам эрчтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссоос хамтарсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж, импортоор бараа таваар оруулдаг аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудад болон цар тахлын голомт бүсээс ирж тусгаарлагдаж гарсан иргэдээс сорьцын шинжилгээ авч тандалт судалгаа хийхэд 2 хүнээс сэжигтэй тохиолдол илэрсэн тул тусгаарлаж давтан шинжилгээнд явуулсан.
Тэгвэл дөнгөж сая PCR шинжилгээний эцсийн хариу гарч, халдваргүй болох нь тогтоогдлоо.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Бат-Үүл: 30-тай байхдаа цаазлах ялаас айгаагүй намайг 60 хүрсэн хойно шоронгоор айлгах гэж байгаа бол бүтэхгүй

Хоёр хоногийн өмнө Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарын 11 хүнд холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон байсан ч арваннэгдүгээр сарын 20-ны 10:00 цаг хүртэл дахин хойшлогдсон юм. Ингээд Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүлтэй тус хэргийн талаар болон улс төрд өрнөж байгаа үйл явдлын талаар ярилцлаа.

-Таныг Улаанбаатар хотын даргаар ажиллаж байхад Гэр хорооллын дахин төлөвлөлт хэмээх томоохон бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлтийн ажлын эхлэл тавигдсан. Та тухайн үеийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил одоогийн дахин төлөвлөлтийн ажлыг хэрхэн дүгнэж байна?

-Үнэхээр,гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллгааг би маш өргөн цар хүрээтэй эхлүүлсэн.Урьд хожид гэр хороолол руу ийм их хэмжээний бүтээн байгуулалт,хөрөнгө оруулалт чиглэж байгаагүй.Гэр хорооллын нутаг дэвсгэрийн 26 байршилд,18 компани,нийтдээ 20000 гаруй айлын орон сууцны хороолол барих төлөвлөгөөт ажлыг эхлүүлсэн юм.Барилгын ажил эхэлснээс хойш эхний нэг жилийн дотор 1800 гаруй айлын орон сууц ашиглалтад орсон. 2016 оны эцэс 2017 оны эх гэхэд нийтдээ 3500 гаруй айлын орон сууц ашиглалтад орох байсан.Гэтэл 2016 оны сонгуулиар гарч ирсэн МАН, дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг зогсоон,газраа чөлөөлөөд орон сууцанд орохоо хүлээж байсан 600 гаруй айл өрхийг газар ч үгүй, орон сууц ч үгүй болгосон.Миний эсрэг улстөржиж,иргэдийг муухай хохироосон нь тэр.

МАН,гэр хорооллын дахин төлөвлөлтөд хорсож,хорлоод байдгийн цаад шалтгаан нь хашааны газрыг аль эртнээс иргэдээс нь ямар нэгэн аргаар салгаж аваад өөрсдийн бизнесийн барилгажих талбай болгох санаатай байдагт оршиж байгаа юм. Зайсан,Яармагийн эко бүсийг барилгажих талбай болгон авсан шигээ! Зайсангийн гэр хорооллын айлуудын газрыг яаж булааж авсныг хүмүүс санах байлгүй дээ!

-Олон иргэнд хашаагаа байраар сольж тав тухтай амьдрах боломж олгосон, утааны эх үүсвэр яндангийн тоог цөөлснийхөө төлөө өнөөдөр шүүхийн байгууллагын хаалга татсан гэж харж байгаа. Таныг яг ямар шалтгаанаар буруутгасан юм бэ?

-Үнэн.Гэр хорооллын дахин төлөвлөлтийг гутаахын тулд Амарбаясгалант тэргүүтэй НИТХ дахь МАН-ын бүлэг санаачлан захиалж надад хэрэг үүсгүүлсэн юм.МАН -ын бүлэг намайг албан тушаалаа ашиглан хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж анх гүтгэхэд,шүүх тухайн үедээ үндэслэлгүй гүтгэлэг гэж тогтоож байсан юм.

Гэтэл 2016 онд ялж эрх баримагцаа АТГ-аар энэ хэргийг дахин үүсгүүлсэн юм.Ер нь би гэр хорооллынхны маань газрыг олигархууд мэхэлж,хуурч авахаас нь хамгаалан,трактортай жагсаал зохион байгуулах зэргээр 18 жил тэмцэж байна.Үүнд МАН өсөрхдөг.

-Таныг Нийслэлийн Засаг даргаараар ажиллаж байхдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хүүдээ давуу эрх олгосон гэдэг байдлаар шалгаж байгаа гэж ойлголоо. Танд хүүгийнхээ компанид давуу байдал олгох эрх мэдэл хуулийн хүрээнд байсан юм уу?

-Албан тушаал, эрх мэдлээ ашиглан хүүдээ давуу эрх олгох ямар ч боломж надад байхгүй. Төсөл хэрэгжүүлэгч компаниа гэр хорооллын иргэд өөрсдөө санал хураалтаар шийддэг. Би Амгалангийн иргэдтэй уулзаж хүүгийн маань компанийг шалгаруулсныг цуцалж өгөхийг гуйгаад бараагүй. Төслийн удирдах хороо Монгол Улсын иргэн хэн ч байлаа төсөлд оролцож нэрээ дэвшүүлэх эрхтэй гээд халгаагаагүй. Гэтэл өнөөдөр намайг албан тушаалаа ашигласан гэхээр барахгүй,нэг ч байцаалт аваагүй байж хүүтэйгээ нийлж мөнгө угаасан гэж буруутган яллаж байгаа. АТГ, прокурорын зүгээс,хэрэг шүүхэд шилжихээс өмнө санаатайгаар гуйвуулсан мэдээлэл тарааж намайг “ардын дайсан” болгох ажил хийсэн. Би Монгол Улсын иргэний хувиар шударга шүүхээр шүүлгэх Үндсэн хуулиар баталгаажсан эрхтэй.Энэ эрхийг маань шүүх хангаж өгнө гэж найдаж байна.

-Удаа дараа шүүх хуралдаан хойшлоод байна. Дараагийн шүүх хурал арваннэгдүгээр сарын 20-нд товлогдлоо. Дахин аль нэг тал нь ямар нэгэн шалтгаанаар хойшлуулбал санаатайгаар шүүн таслах үйл ажиллагаанд саад учруулсан гэж үзнэ гэдгээ шүүгч хэлж байсан. Яагаад хойшлоод байдаг юм бэ?

-Уржигдар шүүх хурал эхлэх гэтэл нэг шүүгдэгчийн ар гэрт гачигдал гараад ирж чадаагүйгээс болоод хойшлоход хүрсэн. Би хэдийгээр нуруу хугаралтай боловч сүүлийн хоёр ч удаагийн зарлагдсан шүүх хуралд биеэрээ очсон. Үнэндээ, шүүхээр шударга үнэнийг хурдан тогтоолгомоор байна. Дахин шүүх хурал хойшлохгүй гэж найдаж байгаа. Шүүх хурал нээлттэй болно. Сонирхсон хэн ч очиж шүүх хурлыг ажиглаж болно.Миний тухай буруу ташаа ойлголттой хүмүүсийг би өргөнөөр очиж үзээсэй гэж энэ дашрамд хүсье!

-Ер нь энэ хэргийг улс төрийн зорилготой гэж хардаж байгаа юм байна. Таныг харлуулж, яллах гэсэн зорилго МАН-ынханд байгаа юм байна тийм үү?

-Энэ хэргийг МАН улс төрийн зорилгоор эхлүүлсэн. Би, дээр ямар зорилготойг хэлсэн. Одоо түүнийг, нэг хэсэг нөхөд шүүрээд сэвээд явж байгаа. Шүүх хурлын дараа хэн шүүрч, сэвж явсныг баримтаар дэлгэх боломж олдоно. Мөрдөн байцаах үйл явц алхам тутамдаа улайм цайм хууль зөрчиж явсан. Мөрдөн байцаах ажиллагаа хэзээ хууль зөрчиж явагддаг вэ гэхээр улс төрийн захиалгатай үед л ингэдэг. Гэхдээ намайг шоронгоор айлгах гэж байгаа бол бүтэхгүй. 30-тай байхдаа цаазлах ялаас айгаагүй ардчиллын төлөө тэмцэж байсан намайг 60 хүрчихээд айна гэж яаж бодоод байгааг би ойлгохгүй юм. Алахгүй л юм бол ардчиллын төлөө тэмцсээр дуусна. Монголчуудыг дахин эрх чөлөөгүй болж колоничлогдохыг харснаас үхсэн минь дээр ээ!

-Та нийгэм, улс төрд өрнөж байгаа үйл явдалд дуу хоолойгоо хүчтэй илэрийлж зарим тохиолдолд төрийн гурван өндөрлөгийг ч зоригтойгоор шүүмжилдэг шүү дээ. Харин сүүлийн үед жаахан чимээгүй байгаад байх шиг?

-Ер нь над шиг тэмцэж яваа хүн хаана байна.Бидний үеийхэн үнэт зүйлээ умартчихсан, залуус маань айдсаа ухаантай царайгаар нуучихсан байж байгааг хар л даа.Нуруу хугарчихаад баабар.мн-ээр тэмцлээ үргэлжлүүлж байна. Нуруу эдгэрэхээр Сүхбаатарын талбай дээр гарч тэмцэнэ гэж бодож байгаа. Төрийн зүгээс ардчиллын үнэт зүйлүүдийг нухчин дарж байна шүү дээ!

-Та УИХ болон орон нутгийн сонгуулийн үр дүнг юу гэж харж байгаа вэ?

-Энэ хоёр сонгуулийн дүн Ардчилсан нам институтын хувьд нурах аюулд орчихоод байгааг харуулж байна. Үнэт зүйлээ огоорсон нам хэнд ч хэрэггүй болдог юм. Хувийн өмчийн эрх, чөлөөтэй үгээ хэлэх эрх, жагсаж цуглах,сонгох сонгогдох эрх зэрэг иргэдийнхээ эрхийг хамгаалахгүй юм бол манай нам хэнд хэрэгтэй хэрэг вэ.

-Харин тийм л дээ. Таны 30 жил зүтгэсэн Ардчилсан нам өнөөдөр орох оронгүй, оочих аяга ч үгүй байна. УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсний дараа Орон нутгийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн залуус намынхаа лого-г томоор тавихаас ч ичсэн харагдаж байсан. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Намаасаа ичиж байгаа тэр залуус аймхай,үзэл бодолгүй болоод тэгсэн хэрэг.Колоничлолоос монголчуудыг маань чөлөөлсөн Ардчилсан намыг,өвөг дээдэс маань тэнгэрээс хараад баярлаж байхад тэр муу чацгаа арчиж чадахгүй бацаанууд манай намаас ичээд байхдаа яадаг юм. Тэгж байхаар манай намаас зайлах хэрэгтэй.Манай намын логог тавихаас ичиж байгаа тэр залуус,яг үнэндээ МАН ялчихвал яана гэж айсандаа, хаяагаа манасандаа заваарч байгаа юм.

Эрх чөлөөтэй оронд өссөн одооны залуучуудын аймхай, муу санаатайг хараад би маш их гайхширдаг.Зөвлөлтийн колоничлолоос чөлөөлж, коммунистуудын харгис дарангуйллаас монголчуудыгаа чөлөөлсөн Ардчилсан Намд бид үеийн үед өртэй. Үгүйдээ л Монголын эдийн засаг ийм их эд агуурстай байж түүхэндээ ч үзээгүй нь маргахын аргагүй үнээн.

-Өнөөдрийг хүртэл Ардчилсан нам даргаа томилоогүй байгаа. Хэнийг томилох дээр маргаантай байна уу. Та энэ тал дээр хэр анхаарч байна?

-Дээгүүр манай намыг ядарсан дээр нь “хувьчилж авах” гэсэн бөөн хор найраа яваад байгаа сурагтай.Намаа ч хэн нэгэнд хувьчлуулахгүй.Хувьчлагдах юм бол манай нам шууд устана.

Өнөөдөр улс төрийн зах зээл дээр хэн нэгэнд хувьчлагдсан бүх намууд дампуураад байгаа шүү дээ.Хүмүүс хэн нэгний хувийн намд яалаа гэж зүтгэх билээ. МАН-ын хүч чадал, хэнд ч хувьчлагдахгүй байсаар байна. Харин одоо Ерөнхий сайд нь хувьчилж авч магадгүй. Тэгээсэй. Тэгвэл МАН сүйрч, буян болно!

П.БАТЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Д.Дашпүрэв: Зарим намууд амьдралын хүнд бэрхшээлтэй байдлыг ашиглаж гишүүн элсүүлж байна

Олон улс судлалын дээд сургуулийн захирал, философийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын гавьяат багш Д.Дашпүрэвтэй ярилцлаа.


-Монгол дахь өнөөгийн улс төрийн намуудын төлөвшил ямархуу түвшинд байна гэж та харж байна. Үүнээс яриагаа эхэлье?

-Улс төрийн намын төлөвшлийг дүгнэхдээ хэд хэдэн үзүүлэлтийг харах ёстой. Манайд хүн амтайгаа харьцуулж улс төрийн намын гишүүнчлэлтэй болгоод байна. Намуудын хамгийн чухал ажлын нэг нь гишүүн элсүүлэх болчихоод байна. Хуулиараа ч гишүүнтэй байж нам болох ёстой гэдэг. Улс төрийн идэвх, ухамсар, санаачилга, төлөвшил зэрэг олон үзүүлэлтийг харгалзалгүйгээр хүний араас хөөцөлдөөд байна. Ардчилсан улсад улс төрийн намын тухай асуудалд хатуу гишүүнчлэл тогтоох нь муу байдаг.

Манай улс намын тухай хуулиа өнөөгийн байдалд тохируулж, шинэчлэх шаардлагатай. Учир нь 100 яаманд 60 ухна гэдэг шиг л байна. Хуульд гишүүнчлэлтэй байна, ингэхдээ 801 гишүүнтэй байвал нам болно гэж хуулиар заасан байдаг. Хаанаасаа ч энэ тоог олж, ямар аргументээр гаргаж байгаа нь их бүрхэг. Ингэж гишүүний тоо тогтоож байгаа байдал нь улс төрийн намыг дампуу байдалтай болгоод байна. Тиймээс улс төрийн намын тухай хуулийг одоогийн амьдралтай, орчин нөхцөлд тулгуурлаж өөрчлөх хэрэгтэй. Одоо мөрдөгдөж байгаа хууль нь өнөөгийн байдлаасаа хоцрогдоод байна.

-Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчлэхдээ ямар зүйл заалтыг тусгах хэрэгтэй гэж та харж байна?

-Улс төрийн хуульд зарчмын зүйлүүдийг тусгаж өгөх хэрэгтэй. Нэгдүгээрт , улс төрийн нам гишүүнчлэлтэй байх уу, эсвэл гишүүнчлэлгүй дэмжигчтэй байх уу гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Ингэхдээ дэмжигчтэй байхын тулд намын үзэл онолын тогтолцоо нь тодорхой байх ёстой. Тухайлбал, манай улсад үзэл онолын тогтолцоо нь тодорхойгүй намууд маш олон байна. Зарим оронд улс төрийн намаар инээдэм, тохуу хийсэн тохиолдол бий. Жишээ нь, пиво уугчдын нам гэдэг ч юм уу сонин нэртэй намууд байдаг. Үүнийг манайхан хуулах гээд байх шаардлага байхгүй шүү дээ. Улс төрийн соёл хөгжсөн газар иймэрхүү юм байж болно. Гэхдээ энэ нь их доог тохууны байдалтай зүйл л дээ.

Ер нь утга учиртай хандвал улс төрийн намд улс төрийн үзэл бодол маш чухал байдаг. Гишүүнчлэлийн хатуу дэгтэй байх нь ардчилал хөгжсөн орнуудад муу байдаг. Ер нь иргэд улс төрийн нам ямар хэрэгтэй гэдгийг өөрсдөө ухаж ойлгодог түвшинд хүрчихвэл Улс төрийн намын тухай хууль их зөв, зүйтэй гарна. Улс төрийн нам гэдгийг иргэд юу гэж ойлгоод байгааг манайд тодорхой, сайн судалж тогтоогоогүй.

-Өнөөдрийн байдлаар манай улсад 33 нам байна. Ер нь олон намтай байх нь зөв үү. Олон нам байгаа ч хүчтэй сөрөг хүчин нь хэд билээ гэхээр бас асуудалтай шүү дээ?

-Хүчтэй сөрөг хүчин байж чадахгүй байна. Эрх барьж байгаа нам нь хүчтэй, боловсон, улс төрийн соёлтой сөрөг хүчинтэй байхыг хүсэхгүй. Тиймээс улс төрийн эрх барьж байгаа намыг дампууруулахад чиглэсэн хуулийн заалт, нөхцөлийг бий болгоод байна.

-Намуудын оршин тогтнох байдал гэдгийг юу гэж ойлгох вэ?

-Нам нь улс төрийн байгууллага. Өөрөөр хэлбэл, улс төрийн үзэл санаа, үзэл баримтлал, зорилго, чиглэлээрээ нэгдсэн хүмүүсийн сайн дурын байгууллага. Энэ сайн дурын байгууллагад нэгдсэн хүмүүс тодорхой улс төрийн зорилгын төлөө үйл ажиллагаа явуулдаг. Түүндээ нэгддэг. Гэтэл манай улсад өөрийгөө том нам хэмээн ярьдаг зарим намууд амьдралын хүнд бэрхшээлтэй байдлыг ашиглаж, хоол ундны зүйл тараах зэргээр өөртөө гишүүн татаж байна. Энэ бол нийгмийн хөгжлийн маш болхи үйл ажиллагаа юм. Иймэрхүү хоцрогдсон зүйлээс салахын тулд намын хуулийг маш сайн боловсруулах хэрэгтэй.

Хоёрдугаарт, Улс төрийн нам өмч хөрөнгөтэй байж болохгүй. Гэтэл зарим намууд жигтэйхэн их өмч хөрөнгөтэй байдаг. Дүүрэг, тойрог, аймагтаа, байшин барилгатай, үндсэн хөрөнгөтэй нам ч бий. Нам улс төрийн байгууллага юм бол үндсэн хөрөнгөтэй байж болохгүй. Бизнесийн байгууллага биш шүү дээ. Энэ мэт зүйлүүдийг хуульд зөв тусгаж өгөх хэрэгтэй.

-Манай улсад өнөөдөр дотоод ардчилалтай нам хэд байна. намын дотоод ардчилал гэдгийг юу гэж ойлгох вэ?

-Намын дотоод ардчилал гэдэг нь тухайн намын төлөвшилийн нэг илрэл. Манайд нам байгуулсан хүмүүс өөрийгөө тойруулж, шүтүүлдэг, дагадаг хүмүүсийг нэгтгэж тэднийхээ дунд бурханчлагдах маягтай байдаг учраас аажим явц байдалдаа намууд улс төрийн ялзралд ордог. Манай улсад улс төрийн нам гэж байгаа МАН, АН зэрэг намууд удирдлага, улс төрийн ардчлалын хувьд ялзарч байна. Ялзрал гэдэг нь дотроо ардчилсан чөлөөтэй улс төрийн өрсөлдөөн байхгүйг хэлж байгаа юм.

-Төрийн бодлогыг ямар хүн, ямар нам тодорхойлоод байна. Нийгмийн сэтгэл зүйг удирдаж байгаа “эзэн” нь таныхаар хэн бэ. Тухайлбал, УИХ, орон нутгийн сонгуульд МАН олонх боллоо. Энэ намыг дэмжээрэй гэж итгэлийг олсон хүн нь хэн бэ?

-Хэрвээ манай улс ардчиллын зарчмаар цаашид хөгжье гэвэл улс төрийн тавцанд 100, 30 жил бүр зургаахан жил болж байгаа намыг ч тэр, бүгдийг нь тараах хэрэгтэй. Ингээд бүгд нэг гараанаас улс төрийн үзэл баримтлал, санаагаараа нэгдсэн намыг байгуулбал маш дэвшилтэд болно. Гэтэл “Миний өвөөгийн, эмээгийн, аавын нам учраас миний улс төрийн сонголтоо хийх нам бол энэ” гэж авторитар нийгмийн зарчмаар хүмүүс хандаж байна. Энэ нь нэг талаараа улс төрийн соёл хөгжөөгүйтэй ч холбоотой. Ийм байдлаар зарим намууд их том болж өргөжиж байна. Улс төрийн намын ойг улс орны хэмжээнд хийдэг байдал нь авторитар, тоталитар дэглэмийн үйл ажиллагаа юм шүү дээ.

-Улстөрчид нэг намаас нөгөө нам руу урваж, шарвах тохиолдол нэг бус удаа гарч байна. энэ нь өөрийн үзэл санаагаараа бус эрх ашгийн үүднээс хандаж байгаатай холбоотой юу?

-Нийгмийн ашиг хонжоо, албан тушаалын байр сууринаас хандаж байгаагаас ийм тохиолдол гарч байна. Ашиг хонжоо нь багадахаар эрх ашгийн зөрөлдөөн үүсч, намаасаа гарч, салаад байна. Би нэг эвгүй нэр томьёо хэлье. Үүнийг улс “төрийн янхандалт” гэдэг юм. Урьд нь ч энэ нэр томьёог ашигладаг байсан. Улс төрийн “янхандалт” манайд их байна.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны консулын зөвлөх Н.Эрдэнэбаатар: Бүртгэлийн дугаар болоогүй байна гээд суугаад байж болохгүй тул яаралтай арга хэмжээ авч, тухайн нислэгт багтаахыг хичээдэг

Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны консулын зөвлөх Н.Эрдэнэбаатартай ярилцлаа.


-Саяхан Япон улсын Гадаад хэргийн сайд Мотеги Тошимицу манай улсад айлчилсан. Олон асуудлыг хөндсөн байх. Япон улс хилээ нээсэнтэй холбогдуулан тус улс руу зорчих манай иргэдийн визийн асуудал яригдсан гэсэн.

-Тийм ээ. Улаанбаатар дахь Япон улсын ЭСЯ нь аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн визийн зөвшөөрөл гарсан иргэдэд виз олгох үйл ажиллагаагаа сэргээлээ. Монгол Улсад Япон руу зорчих хүсэлтэй нислэгээ хүлээж буй 600-700 орчим иргэд байна. Эдгээр иргэдийн эхний хэсгийг Япон улс руу хүргэх тусгай үүргийн нислэг аравдугаар сарын 28-нд анх удаагаа хийгдэх гэж байна. Харин ЭСЯ-ны хувьд УОК, ГХЯ-тай хамтран Японы Засгийн газрын шугамаар тус улсад суралцахаар ирэх гэж буй 140 гаруй оюутнуудыг татан авчрах ажлыг зохион байгуулж эхлээд байна. Монгол Улсын хил хаагдсанаас хойш есөн удаагийн тусгай үүргийн нислэг хийгдэж, нийтдээ 2357 гаруй иргэд эх орондоо хариад байна. Япон улсаас эх орондоо буцах хүсэлтээ илэрхийлсэн, энд “гацсан” иргэдийн тоо харьцангуй цөөрч, өнөөдрийн байдлаар 457 гаруй иргэд үлдээд байна.

-Энэ сарын 10-ны өдрийн тусгай үүргийн нислэгээр очсон иргэдээс дөрвөн хүнд коронавирусийн халдвар илэрлээ гэсэн. Ер нь явах хүмүүсээс шинжилгээний бичиг шаардаж байна уу. Онгоцон дотор мэдээж халдвараас сэргийлэх арга хэмжээг сайн авч л байгаа байх?

-Өмнөх есөн тусгай үүргийн нислэгээс халдвартай хүн нэг ч гараагүй байсан. Харин харамсалтай нь 10-ны өдрийн тусгай үүргийн нислэгээс халдвар авсан хүн гарлаа. Ерөнхийдөө Улсын Онцгой комиссоос эх орондоо буцаж буй бүх хүмүүст коронавирусийн шинжилгээ өгсөн байх ёстой гэдэг шаардлагыг тавьж байгаа. Гэхдээ улс болгоны өөрийн онцлог, нөхцөл байдал өөр өөр байна л даа. Япон улсын хувьд бол бүх хүмүүс коронавирусийг оношлох “PCR” шинжилгээг өгөх боломж тааруу байгаа. Гадаадын иргэд байтугай Японы өөрийн иргэн “PCR” шинжилгээ өгөхөд хүндрэлтэй байна. Шинжилгээний зардал төлбөр ч үнэтэй, өдөрт шинжилгээ өгөх хүний тоо хязгаарлагдмал байгаа тул манай иргэд тэр болгон шинжилгээ өгөхөд хэцүү байгаа болно. Энэ нөхцөл байдлыг манай тал ч сайн ойлгож байгаа. Цаашид коронавирусийн халдвараас хэрхэн хамгаалах, тусгай үүргийн нислэгийн халдваргүйжүүлэлт, эрсдэл гаргахгүй байх зэрэг олон асуудлуудаар Монголын ГХЯ, Улсын Онцгой Комисстой хамтран ажиллаж байна. Япон улсын Эрүүл мэндийн байгууллагуудтай холбогдож, манай иргэдийг коронавирусийн шинжилгээ өгөхөд дэмжлэг туслалцаа үзүүлэх хүсэлтийг тавьж үзсэн. Японы талаас дотоодын оношилгоо, шинжилгээний хүчин чадал хүрэлцэхгүй, эрүүл мэндийн байгууллагаас халдварын тохиолдлууд ихээр гарч байгаа гэдэг хариултыг өгч байна. Уг нь болдогсон бол БНСУ шиг л хаа сайгүй шинжилгээ өгч байх нөхцөл боломжийг бүрдүүлмээр байна.

-Дэлхий нийтээр “Ковид-19”-ийн халдвар тархаж, бидний амьдралын хэв хэвшилд олон өөрчлөлт оруулж байна. Улс эх орноо төлөөлөн суугаа ЭСЯ-ны хувьд их ачаалалтай ажиллаж байгаа байх даа?

-ЭСЯ-наас цар тахлын эрсдэлийг бууруулах, халдвартай өвчтөнийг эмчлэх хүрээнд манай улсын эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай оношлуур, эм, эмнэлгийн хэрэгслийг олж авах, мэргэжлийн байгууллагуудтай холбоо тогтоох, суугаа орны цар тахлын талаарх байдал, шаардлагатай мэдээллийг хүргэх талаар нэлээн ажиллаж байна. Тухайлбал, Японы Эрүүл мэндийн байгууллага, Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй холбогдож, шинэ төрлийн коронавирусийг оношлох “PCR” шинжилгээнд хэрэглэдэг урвалж болох оношилгооны материалыг энэ оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Монгол руу илгээснээр манай улсад коронавирусийг баталгаатай оношлох боломжийг бүрдүүлсэн. Өнөөг хүртэл нийт 43,000 тунг авч илгээгээд байна. Мөн коронавирусийг эмчлэхэд хамгийн үр дүнтэй гэгдэж байгаа Японы “Fujifilm Toy­oma Chemical” компанийн үйлдвэрлэж буй “Авиган” эмийг Монгол Улсын ЭМЯ-ны захиалгаар 25,000 ширхэгийг худалдан авах ажлыг зохион байгуулж, дөрөвдүгээр сард хийгдсэн тусгай үүргийн онгоцоор хүргүүлсэн. Энэхүү эмийг өнөөдөр Япон улсын Засгийн газрын хяналт дор гадаад улсуудад гаргаж байгаа бөгөөд бид үүнээс амжиж их хэмжээгээр тус компаниас шууд гэрээ байгуулж авсан. Үүний дараа Японы ГХЯ-наас хэд хэдэн улс орнуудад тусламжаар бага хэмжээгээр олгосон ба үүнээс ч бас манай улсад олгуулсан. ЭСЯ-ны Консулын хэлтсийн хувьд энэ оны хоёр дугаар сарын 28-ны өдөр хил хаагдсанаас хойш япон улсад гацсан, эх орондоо буцаж чадахгүй байгаа олон иргэдийг эх оронд нь буцаахад гол анхаарлаа хандуулан ажиллалаа. Ажлын ачаалал ч их байв. Иргэдийн хувьд өртөг өндөртэй гадаад улс оронд удаан хугацаагаар байхад хэцүү, хүнд нөхцөл байдалтай байсан. Байрлах газаргүй, хоол ундгүй, мөнгө төгрөг нь дууссан иргэд ЭСЯ-ндаа хандаж, тусламж дэмжлэг хүсэхэд бидний зүгээс боломжтой бүхий л арга хэмжээг авч ажиллахад анхаарсан. УОК-оос өгсөн чиглэлийн дагуу өндөр настан, жирэмсэн, бага насны хүүхэдтэй, эрүүл мэндийн асуудалтай зэрэг нэн шаардлагатай иргэдийг эхний ээлжинд нутаг буцаагаад байна. Энэ оны тавдугаар сард Япон улсад онцгой байдал зарласантай холбоотойгоор консулын үйлчилгээнд өөрчлөлт оруулж, иргэдийг халдвар авахаас сэргийлэх зорилгоор нотариат, түүнчлэн зарим консулын үйлчилгээг цахим болон шуудангаар явуулсан. Мөн коронавирусийн халдвар, тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс нийгмийн олон нийтийн сүлжээгээр тогтмол сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг тогтмол тавих, консулын ажилтнуудтай шуурхай холбоо тогтоох утсыг ажиллуулаа.

-Энд суугаа монголчуудаас ЭСЯ утсаа авдаггүй, хүнд сурталтай, харилцааны соёлгүй, ажлаа мэддэггүй зэрэг шүүмж нилээд гараад байдаг л даа.

-Өмнөхтэй харьцуулбал ЭСЯ утсаа харьцангуй сайн авдаг болсон. ЭСЯ-наас утсан холбооны системээ шинэчилснээр харин ч шүүмжлэл багассан. Харин Японд аж төрдөг манай иргэдийн тоо ихэссэн. 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн Япон улсын ХЗЯ-ны статистик мэдээллээр тус улсад манай улсын 12,012 иргэн байнга оршин сууж байна. Мөн сүүлийн жилүүдэд иргэдийн зорчих хөдөлгөөн маш их нэмэгдсэн. Үүнтэй холбогдоод иргэдийн асуудал ихээр гарч, консулын ажилтнуудын ачаалал эрс нэмэгдсэн. Одоогоор тус ЭСЯ-ны Консулын хэлтэс нь дөрөвхөн хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Энэ дөрвөн хүн иргэдтэй утсаар холбогдох, тэдэнд холбогдох мэдээлэл, эрх зүйн зөвлөгөөг өгөх, консулын асуудлаар суугаа орны хууль хүчний байгууллагуудтай уулзах зэргээр аль болох иргэддээ хүрч ажиллахыг хичээдэг. Өдөрт маш олон хүн залгадаг, зарим тохиолдолд бүх хүний утсыг авч чадахгүй байх тохиолдлууд гардаг. Тиймээс манай иргэд жаахан хүлээцтэй хандаад дахин холбогдож, шаардлагатай мэдээллээ авах боломжтой. Тэр ч бүү хэл ЭСЯ-ны бусад чиглэлийн ажилтнууд хүртэл консулын асуудлаар иргэдийн утсыг авч хариу өгөх чиглэлээр ажиллаж байгаа. Харин ЭСЯ-ны ажилтнууд иргэдтэй соёлгүй бүдүүлэг харьцдаг явдал байхгүй гэж бодож байна. Хэрвээ тийм асуудал гарвал ЭСЯ-нд тухайн ажилтны талаар гомдол, хүсэлтээ гаргаж болно. Бид иргэддээ үйлчлэх, харьцааны соёл дээр анхаарч байгаа. Харин консулын чиглэлийн зарим ажилд чирэгдэлтэй, хөшүүн ханддаг гэж иргэд бухимдалтай байдаг. Энэ асуудал нь нотариатын үйлчилгээтэй холбоотой их гардаг. Ялангуяа Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу иргэд өөрийн биеэр заавал ирж, итгэмжлэл баталгаа хийх ёстой. Зарим иргэдийн зүгээс заавал биеэрээ ирэх ёстой юм уу? Шуудангаар, эсвэл цахимаар итгэмжлэл хийж болдоггүй юм уу гэдэг. Хууль тогтоомжийг дагах хэрэгтэй гэж тайлбарлахаар холоос ирж очих хэцүү байна. Та нар хүнд сурталтай, чирэгдэл учруулж байна гэж гомдоллох тохиолдлууд гардаг.

-Тусгай үүргийн нислэгээр нэн яаралтай явах иргэдийн нэрсийн жагсаалт гээд гарчихсан байдаг. Ар өврийн хаалгаар түрүүлж явууллаа гэсэн яриа мэр сэр яваад байдаг л даа?

-Тийм зүйл байхгүй. Улсын Онцгой Комиссоос удирдамж ирсэн байгаа. Энэ оны 6 дугаар сар хүртэл хийгдсэн нислэгээр үндсэндээ өндөр настан, жирэмсэн, өвчин зовлонтой, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг таван үндсэн шаардлага хангасан иргэдийг түрүүлж явуулсан. Одоо ихэнх нь залуучууд үлдсэн. Харин 8, 9, 10 дугаар сарын нислэгээр бараг 90 хувь нь залуучууд явсан. Иргэдийн зүгээс хойно бүртгүүлсэн хүн явчихлаа. Та нар ар өврийн арга хэрэглэж байна гэж гомдол гаргасан явдал байдаг. ЭСЯ-ны хувьд эх орондоо буцах хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн өргөдлийг хүлээн авч, бүртгэлийг хийдэг. Харин Улсын Онцгой комиссын шуурхай штабт тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн нэрсийг баталгаажуулдаг. УОК-ын шуурхай штабт ажиллаж буй төрийн албан хаагчид мөнгө төгрөг аваад ар өврийн хаалгаар хүний асуудлыг шийдэж байгаа гэдэгт би хувьдаа итгэхгүй байна. Тийм юм байхгүй л болов уу. Бид журмаараа л ажиллаж байгаа гэж бодож байна. Бүртгүүлээгүй, эсвэл хойно бүртгүүлсэн хэрнээ ар гэрт нь гэнэтийн явдал тохиолдох, хүнд өвчтэй болох зэрэг зайлшгүй харгалзан үзэх нөхцөл байдлууд гарсан тохиолдолд иргэдийн өргөдөл, зайлшгүй явах ёстойг нотолсон нотолгоо баримтыг УОК-т уламжилдаг бөгөөд УОК-оос нэрийг нь баталгаажуулж ирсний дараа явуулах тохиолдууд гардаг. Жишээ нь, Монголд байгаа ар гэрийн хүн нь нас барлаа гээд уйлаад ирж байгаа хүнийг та болоогүй, бүртгэл чинь хойно байна гээд суугаад байж болохгүй тул яаралтай арга хэмжээ авч, тухайн нислэгт багтаахыг хичээдэг.

-ЭСЯ-нд Япон улсад байнга оршин суугаа монголчуудын нэгдсэн бүртгэл гэж ер нь байдаг уу. Энэ зайлшгүй шаардлагатай гэж боддог юм?

-Энэ зайлшгүй байх ёстой. Япон улсад зургаан сараас дээш амьдарч байгаа иргэдийн бүртгэлийг ЭСЯ хийж ирсэн. Иргэд ч гэсэн өөрсдөө бүртгүүлэх ёстой. Гэвч манайхан жаахан хойрго байдаг бөгөөд ямарваа нэг асуудал өөрт нь тулгармагц л ЭСЯ-нд ханддаг. Сүүлийн жилүүдэд иргэдийн зорчих хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Ялангуяа, оюутан, дадлагажигч ажилтны шугамаар залуучууд их ирж байна. Дадлагажигч ажилтан хүлээн авагч Японы байгууллага, их дээд сургуулиуд руу ЭСЯ-наас холбогдож, иргэдийнхээ бүртгэлийг өгөөрэй гэдэг. Мөн Япон дахь монголчуудын нэгдсэн холбоогоор дамжуулан иргэдийн бүртгэлээ эхлүүлчихсэн яваа. Гадаад харилцааны яамнаас иргэдийн бүртгэлийг улам боловсронгуй болгох тал дээр анхаарах чиглэлийг өгч байгаа. Байгалийн гамшиг ихтэй Япон оронд гэнэтийн асуудал гарахад хаана ямар манай иргэн байгаа гэдгийг мэдэж байх нь маш чухал.

-Сүүлийн үед гурван жилийн гэрээгээр дадлагажигч ажилтан залуус их ирэх болсон. Тэдний эрх ашгийг хамгаалах нэгдсэн үйл ажиллагаа байна уу. Хэрхэн хандаж, ажиллаж байна вэ?

-Мэдээж дадлагажигч ажилчидтай холбоотой асуудлууд сүүлийн үед их гарч байгаа. Амьдрах нөхцөл байдал хүнд, ажлын орчин хэцүү, зарим тохиолдолд вьетнам, хятад гэсэн гадны дадлагажигч ажилтнуудтай нэг дор ажиллаж амьдардаг нь манай иргэдэд хүнд байдаг. Сүүлийн үед дадлагажигч нараас гар дээрээ авч байгаа цалин бага байна гэсэн гомдол их ирдэг. ЭСЯ-наас дээрх иргэдийн цалин хөлсийг нэмж өг гэж хэлэхэд хэцүү. Харин манай иргэдийн хэл ус муутайг нь далимдуулан цалинг нь удаах, өгөхгүй байх, ажлын байрны дарамт үзүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэж өгдөг. Гол нь илгээгч байгууллага дадлагажигч ажилтнуудаа эргэж тойрч, нөхцөл байдлыг харж, хянаж байх ёстой л доо. БНСУ-тай адил уг асуудлыг төр нь хариуцаад ХНХЯ-наас энэ асуудлыг хариуцсан нэгжийг Токио хотод байгуулж, бүх дадлагажигч ажилтнуудыг хариуцсан, эрх ашгийг нь хамгаалдаг газар их хэрэгтэй болов уу. Яг үнэндээ Монголоос хэн хаана ирээд ажиллаад байгаа тухай нэгдсэн мэдээлэл алга.

-Монгол хэл соёлыг дэлгэрүүлэх, монгол хэлний боловсрол, сургалтыг өргөжүүлэхэд ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Үүнийг бид зайлшгүй хийх хэрэгтэй асуудал. Гадаад улс оронд олон жил ажиллаж, амьдарч байгаа манай иргэдийн үр хүүхдүүд монгол хэл соёлоо мартаж болохгүй. Суугаа оронд монгол хэлний боловсрол, сургалтыг өргөжүүлэх тал дээр ЭСЯ-наас анхаарч ажиллаж байгаа. Тухайлбал, Токио хотод үйл ажиллагаа явуулдаг “Миний Монгол” монгол сургуулийн багш нарыг хүлээн авч уулзаж, цаашид хэрхэн хамтарч ажиллахаа хэлэлцэж, санал бодлоо солилцсон. Бүх л талаар дэмжин ажиллах болно. Мөн Боловсрол Шинжлэх Ухааны Яамтай холбогдон уг сургуулийн багш нарын мэргэжил, арга зүйг дээшлүүлэх, материал сурах бичгээр хангах зэргээр хамтран ажиллахаар ярьж байна.

ЯРИЛЦСАН Х.ЭРДЭНЭЦЭЦЭГ