“Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука буюу Д.Уламбаяртай ярилцлаа.
– Та удахгүй хоёр дахь бие даасан тоглолтоо хийнэ гэсэн. Энэ тогтолтын талаар яриач?
– Арваннэгдүгээр сарын 20-нд болох “Do it” тоглолт маань энэ онд хийж байгаа хамгийн том тоглолтуудын нэг. Бие даасан хоёр дахь уран бүтээл юм. Өмнө нь CD-ны баяр гэж хийдэг байсан. Тоглолтон дээр өдийг хүртэл хийж бүтээсэн хамгийн чанартай, үзэгч сонсогчдыг байлдан дагуулж чадсан тэдний хүсч буй тоглолтыг хүргэхийг зорьж есдүгээр сараас эхлэн бэлдэж эхэлсэн.
-Энэхүү тоглолтод мэдээж үзэгчдийн хүндэлдэг, биширдэг реппер, дуучид оролцох байх даа?
-Миний мэдэх хамгийн шилдэг үзэх дуртай бүжигчид, хөгжмийг нь сонсоод сайхан мэдрэмж авдаг хөгжимчид болон найруулагч гээд бусад тоглолтуудаас шилдэг үзүүлбэрүүдтэй тоглолт нь болно гэдэгт итгэлтэй байна. Мөн хар сарнай Амараа ах, Thunder, Dondoir, реппер Цэцэ, “The voice Mongolia”-ын шилдэг оролцогч Э.Дашням, хийлч Дээгий, Н.Наагий, шилдэг хөгжмийн продюсерээр Оки, сол гитарчин Мөнх-Оргил, басс гитарчин Билгээ, бөмбөрчинөөр Лимонс хамтлагийн Өөжгий, хоор дуучид, шилдэг тайз гээд шилдгүүдээ хүргэх болно. Бүжиглэхэд гутал хамгийн чухал байдаг.Тэгээд ямар гутал өмсөхөө удаан бодсоны эцэст дэлхийн шилдэг брэндээс тоглолтоосоо урьдчилж авсандаа маш их баяртай байгаа.
-Та анх “Киви” хамтлагт яаж орж байсан тухайгаа эргэн дурсвал үзэгч сонсогчдод их сонирхолтой байх болов уу?
-Бусдад үлгэр жишээ байна гэдэг урлагийн хүнд байх ёстой чанар гэж боддог. Багаасаа л урлагийнхныг харж өссөн болохоор тэдний амьдрал хэрхэн өрнөдөг, биеэ хэрхэн авч явах, надад ямар төрөл нь илүү тохирох вэ гэдгийг өөрийн амьдралдаа хэвшүүлэхэд дөхөм байсан. Миний хувьд залуу эрч хүчтэй, биеэ авч явах байдал, хамтлагийн ахлагч хүн ямар байх ёстой, мөн хөгжилтэй зан чанар гээд дуучин Д.Болд ахаас үлгэр дуурайлал авдаг. Багаас минь л бусдад үлгэр жишээ манлайлагч болохоор ч тэр үү урлагийн хүн болох замыг сонгосон. Ер нь ямар нэгэн зүйлээрээ баатарлаг хүн байхыг хүсдэг. Анх дуучин гэдгээрээ олонд танигдана гэж бодоогүй. Харин бүжиглэдэг, загварлаг хувцасладаг эмэгтэй байхыг л мөрөөддөг байж. 2004 оны 12 дугаар сарын 1-нд “Киви” хамтлаг маань байгуулагдаж байсан. Тэр цагаас эхлэн хамтлагийнхаа бэлтгэл сургуулилт хийж байхдаа л толинд хараад ямар нэгэн хүнд тусалчих юмсан гэж боддог байлаа. Тэгээд л маш сайхан сургамжит өгүүллэгүүдийг уншиж, бичлэг үзэж эхэлсэн. Гэхдээ тийм хичээнгүй хүн болоход хамгийн гол нь хийсэн бүтээсэн зүйлтэй байх ёстой юм билээ. Дээрээс нь биеэ зөв авч явах, өөрийгөө зөвөөр илэрхийлэх хэрэгтэй. Хамтлагт байхаасаа л эдгээр зүйлүүдийг судалж, хичээж ирсэн. Мөн хамтлагийнхандаа тус дэмтэй, хоёр дүүгийнхээ ч үлгэр жишээ эгч байхыг хүсдэг. Тэгж л өөрийн хийж байгаа зүйлдээ дурлаж эхэлсэн дээ.
-Хамтлагаасаа гадна ганцаарчилсан уран бүтээлээ хийгээд явахад хэр айдастай байв?
-“Киви” хамтлагт байхад продюсер Б.Ангирмаа багш маань “Чи ирээдүйд хамтлагаа авч явна, ганцаараа дуулна” гэхэд итгэхгүй, би хамтлагтайгаа л байна, та нартай байж би энэ бүгдийг хийж байгаа гээд л байдаг байсан юм. Би чинь тэгээд хамтлагийнхаа зураг авалтан дээр тэдний нүүр будалт, хувцасны дизайн зэргийг гаргана. Тиймээс л тэр үед ганцаараа уран бүтээлээ гаргана гэхэд ерөөсөө төсөөлөгддөггүй байсан юм. Мэдээж цаг хугацаа өнгөрөхөөр хамтлагийнхан маань өөрсдийнхөө хувийн боловсролоо дээшлүүлэх, гадаадад сурна гэхэд яанаа энэ хоёр маань явчихвал ганцаараа үлдэнэ гэсэн айдастай байж билээ.
Болж л өгвөл бүгдээрээ хамт үлдэхийн тулд бүх зүйл дээр хичээж эхэлсэн. Тэр хичээл зүтгэл маань хамтлагаа удаан байхад нөлөөлсөн болов уу гэж боддог. Яалт ч үгүй өөрөө хүүхэдтэй болоод ирэхээр хамтлагийнхаа амжилтыг хойш нь татах вий гэхээс эмээгээд хэсэгхэн зуур гэр бүлдээ цаг зарцуулж байсан.
– Одоогийн байдлаар урын сандаа хичнээн дуу, клип, цомогтой болсон бэ?
-2015 оноос хойш таван бие даасан цомог, 40 орчим дуу гаргажээ. Харин репперүүдтэй хамтарсан 10-аад уран бүтээлийг хийсэн байна.
-Энэ жилийн хувьд бүхэлдээ л “Ковид-19” цар тахал гараад байгууллагууд, тэр дундаа урлагийнхан үйл ажиллагаа явуулах боломжгүй баригдмал байлаа шүү дээ. Энэ хугацаанд та юу хийж амжуулав?
-Он гарснаас хойш нэгдүгээр сард “Do it” цомгоо гаргаж зургадугаар сард тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байсан ч корона гараад хойшлогдсон юм. Энэ хугацаанд хувийн бэлтгэлээ сайн хангасан. Хөл хорионы үеэр надад болон үзэгчдэд урлаг уран сайхан маш их дутагдаж байсан юм билээ. Дэлхий нийтээр сөрөг мэдээллийг хүргэж байсан болохоор би ч өөрөө маш их хямарсан. Тэр үед гадаадын уран бүтээлчид шинээр дуу гаргахад түүнээс урам зориг авч ер нь дуу, бүжиг, шинэ ном, шинэ цомог гээд урлаг уран сайхан гэдэг зүйл хүний амьдралын хамгийн том хөшүүрэг юм байна гэдгийг ойлгосон. Тухайн үед “The VOICE Of Mongolia” шоуны шүүгчээр ажиллаж байхад аав маань хүндээр өвдөөд бурхан болсон. 2020 онд миний ч гэлтгүй бидний хувьд хамгийн хэцүү, хүнд жил байлаа. Тэгээд энэ цагт хүн юу хийж бүтээх ёстой вэ гэдэг асуултыг өөртөө тавьдаг юм билээ. Урлагийн хүн энэ л цаг үеийг давж туулах ёстой.
-Залуучууд таны хувцаслалт, гоо сайхан, хэл яриа гээд л үлгэр дуурайлал авдаг. Ер нь урлагийн хүнд гадаад үзэмж гэдэг чухал зүйл болов уу?
-Мэдээж олны өмнө гарахад гоо зүй, гадаад үзэмж маш чухал. Өмнө нь байнгын будагтай яг юу надад зохидог вэ гэдгээ ерөөсөө тогтоож чаддаггүй байсан юм. Одоогоос тав зургаан жилийн өмнөөс учраа олсон гэх юм уу. Тууштай байхаас гадна нас ахих тусах хүний царай гундана шүү дээ, тиймээс байнгын эрэл хайгуул хийх ёстой. Анагаах ухаанд гоо сайхнаа гоёор авч үлдэхийн тулд юу хэрэгтэй тэр бүгдийг судална. Мөн гоо сайхны салонуудтай хамтарч тэдний туршлагыг сонсоно. Миний нүүрний хэлбэр ази хүмүүсээс өөр болохоор будах будалтууд нь хүртэл өөр байдаг. Би ихэвчлэн өөрөө нүүрээ буддаг. Одоогийн байдлаар “Izabella”-ынхантай хамтарч ажиллаж байгаа. Ер нь нүүр будалтан дээрээ цаг нэлээн зарцуулдаг болсон доо.
-Амжилтад хүрэхэд гэр бүлийн хүмүүжил хамгийн чухал зүйлд тооцогддог байх?
-Би дээрээ гурван эгчтэй, хоёр дүүтэй. 24 цагийн цэцэрлэгт хүмүүжсэн. Манайхан бүгд л биеэ даасан хүмүүс байдаг. Би бүгдийг эхлүүлнэ гэдэг уриа бол миний амьдралын уриа. Тиймээс би л хийхгүй бол гэдэг үзэл бодлоор бүгдийг хийдэг байсан. Энэ чанар маань гэр бүлийнхэнд маань ч их таалагддаг юм шиг байсан(инээв).
-Залуустаа хандаж бяцхан зөвлөмж өгвөл?
-Хүн ер нь аливаа ажил мэргэжил дээрээ бүх зүйлийг туршиж, алдаж онож өөрийгөө сорьж үзэх л хэрэгтэй. Бусдын зөвлөгөөг өөр дээрээ тусган өөрийнхөө зан чанартай нийлүүлснээр хувь хүний амжилт гарч ирэх байх. Бусдыг даган дуурайгаад байвал тэр хүнд өөрийн гэсэн үнэт зүйлгүй болно шүү дээ.
-Ярилцлагын төгсгөлд та үзэгчдэдээ хандан юу хэлэх бол?
-Хамгийн, хамгийн стиллэг хувцас, баг хамт олноо бүрдүүлчихсэн. Тиймээс сайхан бүхнийг өөртөө цуглуулж түүнийгээ үзэгч сонсогчиддоо хуваалцахыг хүсч байна. Мөн хамтран ажиллаж буй VOO аппликэйшн болон poсket.mn болон бусад хамтран ажиллаж буй байгууллагууддаа талархал дэвшүүлж байна. Өмнө нь тоглолтуудаа анзаараад байхад найз залуучууд нь хана дагаад эхнэрийнхээ, эсвэл найз охиныхоо цүнхийг бариад зогсчихдог. Үүнийг бодож үзээд “Boy friend zone” болон жирэмсэн ээжүүд хэсгийг гаргаж өгсөн нь энэ тоглолтын бас нэг онцлог юм. Арваннэгдүгээр сарын 20-нд Буянт-Ухаа спорт ордонд болох тоглолтод минь ирж хамтдаа дуулж, бүжиглэж, хөгжилдөөрэй.