Categories
булангууд мэдээ нийгэм цаг-үе шинжлэх-ухаан-технологи

Коронавирусийн шинэ вакцины туршилт 90-ээс дээш хувийн үр дүнтэй болсныг зарлалаа

АНУ-ын Pfizer, Германы BioNTech компаниудын хамтран бүтээж буй коронавирусийн эсрэг вакцины туршилтын урьдчилсан дүгнэлт өчигдөр орой гарчээ.

Вакцины эцсийн шатны туршилтыг сайн дурынхан дээр хийхэд 90-ээс дээш хувийн үр дүнтэйгээр Covid-19 өвчнөөс хамгаалж байгаа нь тогтоогдсон байна.

Компаниуд энэ сарын сүүлээр вакциндаа АНУ-ын засгийн газраас зөвшөөрөл авахаар төлөвлөж байгааг мэдэгджээ.

Шинэ вакциныг хүнд гурван долоо хоногийн зайтай хоёр тун хийх шаардлагатай гэнэ. АНУ, Герман, Бразил, Аргентин, Өмнөд Африк, Турк улсуудад явуулсан туршилтын дүнгээс харвал хоёр дахь тунг хийснээс хойш долоо хоногийн дараа хүний биед 90 хувийн хамгаалалт тогтож байжээ.

Гэхдээ энэхүү дүгнэлт нь 94 хүн дээр хийсэн туршилтын үр дүн бөгөөд дэлхийн зургаан улсын 43,500 хүн дээр хийсэн туршилтын бүрэн дүгнэлт удахгүй гарах юм байна.

Pfizer компанийн ерөнхийлөгч, доктор Альберт Бурла, BioNTech компанийн үүсгэн байгуулагчдын нэг, профессор Угур Сахин нар энэхүү үр дүнг коронавирусийн эсрэг вакин бүтээх үйлсэд гарсан “томоохон дэвшил” гэж нэрлэжээ.

Хэрвээ АНУ-ын засгийн газраас энэ сард багтаж зөвшөөрөл авч чадвал оны сүүл гэхэд хязгаарлагдмал тооны хүнийг вакцинжуулж амжих юм байна.

Туршилтын бүрэн дүгнэлтийг арваннэгдүгээр сарын гурав дахь долоо хоногт гаргаж амжихаа Pfizer, BioNTech компаниуд мэдэгджээ. Тэд энэ оны сүүл гэхэд 50 сая тун вакцин гаргаж чадах бол 2021 оны сүүл гэхэд 1.3 тэрбум тунг нийлүүлэх боломжтой гэнэ.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад байгаа Жо Байден туршилтын үр дүнг “онцгой сайхан мэдээ” гэж нэрлэжээ. Гэхдээ Covid-19 тахалтай хийх тэмцэл дуусах болоогүйг тэр америкчуудад анхааруулсан байна.

Оксфордын их сургуулийн профессор Питер Хорби “Энэ мэдээ намайг нүүр дүүрэн инээлгэж чадлаа. Энэ бол үнэхээр сайхан мэдээ. Вакцины үр дүн харагдах хүртэл урт хугацаа байгаа ч үүнийг эргэлтийн чухал цэг гэж би бодож байна” гэж мэдэгджээ.

Categories
мэдээ спорт

Монголын оюутны спортын V их наадмын гандболын тэмцээн эхэллээ

Монголын оюутны спортын V их наадмын гандболын тэмцээн 11 дүгээр сарын 9-12-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын төв ордонд болж шилдгүүдээ шалгаруулахаар боллоо.

Гандболын спортын тэмцээн нь сагсан бөмбөгийн тэмцээний дараа явагдах наадмын хоёр дахь албан ёсны төрөл юм. Тус тэмцээний техникийн зөвлөгөөний хурал болж 24 баг оролцохоор болсон байна.

Буянт-Ухаа спортын төв ордонд өчигдөр эрэгтэй 13, эмэгтэй 11 багийн тамирчид аваргын төлөө өрсөлдлөө.

Гандболын багууд хэсэгт хуваагдан тоглож байгаа бөгөөд хэсгээс шалгарсан нь медалийн төлөө тоглоно. Буянт-Ухаа спортын ордон нь гандболын спортын стандартын 40 м х 20 м Олон Улсын гандболын холбооны тусгай шалыг энэ тэмцээнд зориулж бэлтгэжээ.

Эмэгтэй багууд тус бүр эхний тойргийн тоглолтоо дуусгасан бөгөөд А хэсэгт ИЗОУИС, B хэсэгт ҮБХИС, ДХИС, С хэсэгт ХААИС, МУИС-ийн багууд эхний тоглолтонд хожин өрсөлдөгчдөө буулган авч 2 оноотой хэсгээ тэргүүлж байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Д.Цэрэнсодном: Хүн ёс дагана, нохой яс дагана гэдэг дээ

Академич Д.Цэрэнсодномтой ярилцлаа.


-Автобусанд өрнөсөн хөгшин, залуу хоёрын маргаан сошиалаар цацагдсанаас хойш залуу, хөгшний зөрчлийн тухай яриа хөөрөө өрнөх боллоо. Энэ талаар монголчуудын уламжлал, философи ямар байдаг юм бол?

– Энэ бол хүний хүмүүжил, ухамсрын асуудал шүү дээ. Залуучууд настай, ялангуяа хөл муутай, жирэмсэн хүнд сэтгэлээрээ, ухамсараараа хандаад, жирэмсэн хүнийг “Энэ чинь хоёр хүн явж байна шүү дээ” гэж бодоод, “Энэ хүн миний ээж, эгч шиг юм” гэдэг сэтгэлээр хандмаар байгаа юм. Түүнээс биш залуучууд заавал босч байх албатай, ахмадууд заавал сууж байх ёстой гэж хэлэхэд хэцүү л дээ. Айхавтар сүрхий хүмүүс бас байдаг юм л даа. Хоёр настай хүн нэлээд хол газар явахаар автобусанд ороод ирж. Нэг нь нөгөөдөө хэлж “Чи бид залуудаа их буруу юм хийж байжээ гэж. Яасан гэсэн чинь энэ залуучууд шиг байхад бид настай хүн ороод ирэнгүүт дэрсхийгээд босдог байсан. Тэгж байсны хэрэг одоо гарахгүй байна шүү дээ” гэж. Тэгсэн чинь нөгөө залуус дэрсхийгээд босч гэнэ. (инээв) Юм ойлгохгүй, мэдрэмжгүй хүмүүст уран санаатай сануулга өгч байгаа биз дээ.

-Зөвхөн ахмад хүн учраас намайг хүндэтгэ гэж шаардах ч хаашаа юм. Ахмад нь бас хүндэтгэл хүлээхүйц байх ёстой юм болов уу?

-Би багадаа хөдөө өссөн. Тэгэхэд хөгшин, залуу хоёрын харьцаа тэнгэр газар шиг ялгаатай. Айл өрхийн дотор тэргүүлж байгаа, нутаг нугадаа хүндтэй хүнийг айл, голынхон тэр чигээрээ хүндэтгэнэ. Ийм байхад нэг хүүхэд хүндэтгэхгүй гээд яах вэ. Одоо суурин соёл иргэншилд, таних танихгүй олон амьтан нэг дор шавааралдаж, бөөгнөрсөн. Энэ хоёр нөхцөл өөр шүү дээ. Хуучин бол хүүхдүүд айлд ороод суух суудал ч заагтай. Настай хүний суудал, байр байдал огт өөр. Одоо яах вэ гэхээр бодууштай байгаа юм. Энэ мэтчилэн янз бүрийн зөрчлүүд байна.

Ёс суртахууны талаар доривтой юм хийхгүй байна. Ах зах хүнийг яаж хүндэлдэг юм бэ, монголчуудын ёс заншлын талаар хэлж өгөхгүй байна. “Хүн ёс дагана, нохой яс дагана” гэдэг. Энэ талаар ярьж байгаа телевиз, хэвлэл ховор. Ерөөсөө л мөнгө хөөцөлдсөн. Хаашаа ч юм бэ дээ. Эртүүд би академич Р.Барсболдод ингэж хэлж инээлгэж байлаа. ШУА-ийн их чуулган дээр хамгийн ахмад нь Р.Барсболд бид хоёр юм билээ, хоёулаа 80 гарчихсан. Гэхдээ Р.Барсболд надаас хоёр ах юм байна. “За, та миний дээд талд суу, хүн ахтай, дээл захтай” гэсэн. Бид амьд байхдаа үүнийгээ баримтална гэсэн. Тэгээд би хэлсэн юм. “Одоо ямар ч сайхан шинэ юм хийсэн хийсэн, хошуурч байгаа хэвлэлийнхэн ховор. Харин Р.Барсболд залуу авгай авч гэвэл тан руу гүйлдэх байх шүү” гэсэн чинь нөгөөдүүл тэр чигээрээ нир хийтэл хөхрөлдөөд. Одоо нэг тийм л цаг болж дээ.

-Эмээ, өвөөгийн дэргэд өссөн хүүхдүүд ахмад хүнийг хүндлэх талаар их өөр байдаг л даа. Эмээ өвөөгөөс хол өссөн айлын хүүхдүүд настай хүнийг хүндлэх, өрөвдөх хайрлах талаар мэдэхгүй байж бас мэднэ?

-Юм дандаа нэг янзаараа байдаггүй, аливаа юм хувирч өөрчлөгддөг, өчигдөр байсан юм өнөөдөр байхгүй болно, шинээр юм буй болно. Ургаж төлжинө. Унаж үгүй болно. Юу үнэн гэхээр ертөнцийн жамаар энх тунх эрүүл саруул шиг байх юм бол хэн ч гэсэн яваандаа хөгширнө, өтөлнө шүү дээ. Энэ хорвоо гэдэг ээлжтэй байдаг. Бусад улсууд ертөнцийн талаарх энэ ойлголтыг хүүхдэдээ таниулдаг, мэдүүлдэг шиг байгаа юм. Манай сургалтын тогтолцоо ямрыг би сайн мэдэхгүй байна. Ер нь ах захаа хүндлэх дээдлэх, ёс бол дорно дахины орнуудад айхавтар шүү дээ. Күнзийн сургаал ах захыг хүндлэх дээдлэхээс эхлээд л тахимдуу ёсны сургадаг. Тахимдуу байна гэдэг ёс төртэй байна гэсэн үг. Хүний ёсыг дагана гэсэн үг. Хүн ахтай, дээл захтай. Суухаас эхлээд л настай хүний өмнүүр гаргадаггүй, араар нь тойрч гаргадаг гэх мэт олон ёс байна даа. Ер нь тэгээд хүн гэдэг амьтныг дураар нь задгай тавьж болдоггүй юм байна. Ямар нэгэн үзэл суртал юм уу, шашин, эсвэл ямар нэгэн дарангуйлал дор л хүн төрхөөрөө байдаг бололтой юм. Дураар нь тавьж ерөөсөө болохгүй гэж Буддын сургаалд заадаг л даа. Хүнийг сулд нь тавибал галзуу зааныг хотод оруулсантай адил юм болно шүү гэдэг. Тэр ч бас одоо харагдаад л байна. Хүчирхийлэл энээ тэрээ гээд элдэв шалдав юм энд тэндгүй гарч байна. Хүнийг нийгэмшүүлэх, төлөвшүүлэх талаар улсын бодлого хэрэгтэй байна. Манайд бодлоготой юм ховор.

-Хэдийгээр ардчилал шинэчлэл гэж байгаа ч дорнын улсууд уламжлалаа хойч үедээ зааж сургаад байх шиг?

-Япон, Солонгос тэрийгээ айхавтар баримталдаг юм билээ. Ах захыг баримтална. Настай хүнийг их хүндэлнэ. Үгүй ядахдаа түрүүлж үг дуугарахгүй байх жишээтэй. Улс улсад янз янзын л ёс журам байна даа. Суудал гэхэд л япон, солонгосчууд одоо хүртэл завилж сууж байна шүү дээ. Ер нь монгол хүн их сониуч юм уу уламжлалаа амархан гээх, орхих тал байх шиг. Шамбарам ихэссэн нь буруу суудлын өвчин шүү дээ.

-За яаж суух учиртай вэ?

-Завилж суух тустай. Гэтэл зөөлөн буйдан сандал дээр өдөржин суухаар мах нь доошоо унжсаар унжсаар гардаг болдог. Хатуу юман дээр завилаад суухаар лам нар бол өдөржин ном уншиж сууна, хөөрхий. Тэгэхэд монгол гутлын өнцөг яг юунд нь таардаг гэж байгаа юм. Хуучин монголчуудад энэ өвчин бага байсан. Морь унахад эмээлийн тоног даруулга яг тэр хооронд нь иллэг массаж болдог байсан. Эрүүл саруул явах, аж төрөх бүгд цогц ойлголт юм шүү дээ. Манайхан нэгийг нь салгаж аваад юм болгох гээд тэгээд л ер нь бүтэхгүй байгаа юм.

-Фэйсбүүкт нэг хөгжилтэй яриа явна лээ. Трамп тэнд ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөөд байдаг, манай 70 гарсан хүмүүс энд автобусны суудлын төлөө үзэлцээд явдаг гэж. Тэнд 70 гарсан хүнийг улс удирдах чадвартай гэж үздэг. Энд болохоор өөрийгөө ч авч явах чадваргүй, хөгшин хүн гэж ханддаг. Хандлага, хүний амьдралын чанар асар зөрүүтэй байна аа?

-Хонийг алахын тулд уячихдаг шүү дээ. Тэтгэврийн улсуудыг үхэхийг нь хүлээж байгаа юм шиг хандах нь буруу юм. Хуучин цагт монголчууд тэтгэвэрт гарна гэж байх биш дээ. Насаараа малаа маллаж байгаад өнгөрдөг. Гэхдээ нас насандаа тохирсон хөдөлмөр эрхэлдэг. Тэр уламжлалаа бид ерөөсөө мэдэхгүй юм. Тэгж л нийгэмшүүлмээр байгаа юм, миний бодоход. Манжийн үеийн илбэн тохинуулах гэдэг шиг аргадсан аргацаасан байдлаар ахмадын өдөр, цагаан сараар анхаарсан маягтай болдог. Би ч цагаан сарын талаар их л ярьж бичсэн дээ. Цагаан сараа бид буруу тэмдэглээд байна. “Золгоно гэж зовооно, эргэнэ гэж элээнэ” гэж хуучны үг байдаг.

Ухаан нь ахмад настай хүн шинийн нэгэн, хоёронд идээ будаагаа засаад, идээнийхээ хажууд овойгоод сууж байна аа даа. Тэгэхэд нь л очоод гар зөрүүлээд, гэр бүл, шинэ хүүхэд төрсөн бол дагуулаад ирдэг, бие биенээ танилцуулах ёслол шүү дээ. Жилдээ амар амгалан мэнд орсоноо бие биедээ мэдэгддэг. Гэтэл шинийн гурванаас хойш хэсдэг, идээ будаагаа хураачихсан байдаг. Энийг л нөгөө “Золгоно гэж зовооно, эргэнэ гэж элээнэ” гээд байгаа юм. Хөдөө бол 10-20 км газар хэсээд, эрүүл агаарт давхиад айлд ирэхэд юм идэж уумаар болно. Одоо нэг орцноос нөгөөд, машинтай явахаар айл айлд нэг, хоёр бууз идээд явахаар ходоодыг тамлаад, идсэн ч биш идээгүй ч биш цадсан ч биш цадаагүй ч биш явдаг. Хавар элэгний суурь өвчин тавигддаг цаг. Хатуухан хэлэхэд, намар хавдар болдог. Шинийн нэгэн хоёрондоо ах дүү садан дотроо хамгийн өндөр настай хүн дээр золгоод, гол ноён нуруугаа өнгөрөөмөөр байгаа юм. Ингэж жаахан хялбаршуулахгүй бол болохгүй. Суурин газрынхан юмыг их эвддэг. Нүүдэлчдийн зөрчил тэр л дээ. Яагаад Д.Нацагдорж “Цагаан сар ба хар нулимс” гэж бичив. Хүрээний баячууд ядуусыг хөлдөө чирээд, яг л одоогийнх шиг юм болж байсан байхгүй юу.

-Дээр үед янз бүрийн үлгэр домог яригддаг байсан. Зарим хүн хэлээд байгаа юм. Монголчууд настай хүмүүстээ харгис ханддаг байсан, уураг сүүл үмхүүлж явуулдаг байсан гэдэг. Монголчууд ер нь ахмадууддаа яаж ханддаг уламжлалтай вэ?

-Тэр бол тодорхой нэг овог, аймгийнхны домог. Түүнээс биш нийтлэг зүйл биш. Бүгдийг нь аманд нь сүүл гудраад, үхүүлж байсан гэж бичсэн зүйл ч олж уншаагүй, тийм сураг чимээ ч нэг их дуулаагүй. Янз бүрийн шалтгаанаас болоод, нүүдэл суудал зуд турхан, дайн байлдаанаас болоод настай хүн замын ая даахгүй болохоор ч юм уу тодорхой шалтгаанаас гарсан үйлдэл болов уу. Түүнээс биш нийтлэг биш.

-Ахмадууд маань улс орныг өдий зэрэгтэй авч явж, өнөөг хүргэж ирсэн гавьяатай улс шүү дээ. Та нэг удаа ярьсан байна лээ. Чингис хаан шүдний махаар хооллож, шүлсээр ундаа хийж, зовж зүдэрч байж энэ улсыг бий болгосон гэж. Ахмад үеийнхний өвлүүлж үлдээсэн улсад өнөө бид амьдарч байгаа шүү дээ?

-Хөөрхий минь, Чингис хааны өөрийнх нь хэлсэн үг бий л дээ. “Од харж, орвон дэрлэж” гэж. Орвон гэдэг чинь бут сондуул байхгүй юу. Бут сондуул дэрлэж байгаа хүнд од л харагдана шүү дээ. Монголчууд хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж гэж ярьдаг. Ёстой тэгж л шүлсээр унд хийж, шүдний махаар хоол хийж, зовж зүдэрч энэ гүрэн төрийг байгуулсан. Энэ улс гүрнийг байгуулах зүгээр бэлэн олдсон юм биш гэдэг санаа л даа. Үе үеийн улсууд энэ улс орноо хөгжүүлж өөд нь татах гэж явсан. Тусгаар тогтнол гэдэг аяндаа бий болоогүй шүү гэдгийг л залуус сайн ойлгох хэрэгтэй юм даа. Үүнд бидний өмнө байгаа улсууд хүч хөлсөө гаргаж, хөдөлмөрөө өргөсөн гэж ядахдаа бодож байх хэрэгтэй. Тэгвэл учиргүй хараагаад, ад үзээд байхгүй.

-Та буддын философи, домог үлгэр ярьдаг шүү дээ. Биднийг багад эхийн ачийг хариулах талаар үлгэр домог их ярьдаг байсан. Одоо бол би өөрөө төрөх гэж төрөөгүй, эцэг эх өөрсдөө дуртай сайндаа төрүүлсэн гэх байдлаар хандах нь их болжээ. Настныг ачлах талаар санаанд тань үлдсэн домог яриа бий юү?

-Байлгүй яах вэ. Эцэг эхийн талаар асар их сургаал бий. Хоёрдугаарт, залуу хөгшний зөрчил бол одоо шинээр гарч ирж байгаа юм биш. Хуучин ч байж л байсан. Ирэх онд 100 жилийн ой нь болно доо. Буриадын Номтын Ринчен гэж билэг танхай, эрдэмтэй, толь зохиодог яруу найрагч хүн байлаа л даа. Түүний “Хаврын хатны сонин дуулал” гэж байдаг. Хөгшин, залуу хоёрын хэлэлцсэн домог, хөхөөн дууны эгшиг буюу хаврын хатны сонин дуулал гэдэг нэртэй сайхан шүлэг зохиол бий. Тэр зохиолд нэг залуу, хөгшин хүн хоёр бас хэлэлцэж байгаа юм. Хөгшин нь би залуудаа чамаас дор тамтаггүй сагсуу явсан гээд залуу нь болохоор “Амандаа шүдгүй байж энэ ертөнцөөс тонилохгүй юугаа хийж явж байгаа юм” гэж тээршаасан маягтай хэлдэг. Тэгээд хөгшин нь “Юм гэдэг ээлжтэй. Ертөнцийн жамаар чи ч бас над шиг, надаас ч долоон дор болох тал бий” гээд нөгөө залууг уяруулсаар, залуу нь сүүлдээ бишрээд, шавь орсон тухай өгүүлдэг. Тэнд эхийн ачийг хариулах тухай бүхэл бүтэн бүлэг бий. Ер нь бурхан багш айлдсан юм шүү. “Тахих ёстой юмны дээд нь эцэг, эх хоёр шүү” гэж. Тийм учраас эцэг, эхийгээ хүндлэх дээдлэх, асрах тухай олон юм бий дээ. “Эхтэй хүн үхдэггүй” гэсэн үг хүртэл байдаг шүү дээ. Баруун газар Лхас, Түвдийг зорихдоо бадарчин лам нар арвайн гурилыг эхийнхээ өлөнгөөр зуурч, үрэл хийгээд, авч явдаг гэж байгаа юм.

-Та бас хүнийг хүмүүжүүлэх зүйл нь үлгэр домог гэж хэлсэн байсан?

-Хүнийг хүн болгосон нэг зүйл нь яалт ч үгүй үлгэр домог. Хуучин цагт ном судар ховор, хоноц хоноход үлгэр домог яриулдаг. Германд одоо ч хүүхдээ унтахад нь үлгэр уншиж өгч унтуулдаг шүү дээ. Тэд одоо ч үлгэр домог хэрэггүй гэхгүй л байна.

-Хүнд өглөг өгөхөд өөрийн сэтгэл ч баясдаг. Хүнд туслахаар бас таашаал авдаг гэдэг?

-Харамгүй өглөг өгөхөд тэр нь эргээд ороод ирдэг гэж байгаа юм. Харамлаад түгжээд л байвал түгжигдээд л байна. Тэр бол яах аргагүй ортой санагддаг юм. Хүнд тус хүргэвэл хүргэсэн шиг хүргэх хэрэгтэй. Тус болсон хүнийг мартаж болохгүй. Хүний тусыг мартдаг хүнийг хугас хүн гэдэг юм. Юм нэгээр дуусахгүй, явдал ганц биш ч гэдэг. Яриа байхгүй энэ хорвоогийн өнгө байнга л солигдож байна шүү дээ. Одоо нэг жаахан баян тарган болохоороо зарим нь тэрэндээ омогшдог юм уу, толгой нь эргэдэг юм уу. Нэг мэдэхэд хөөрхий буруу замаар олсон юм нь буцаад гардаг, аягүй бол орон шоронд ч ордог явдал их байдаг шиг байна аа. Буддын номлолоор өөрөөсөө бусдыг хайрла гэсэн хатуу зарчим байдаг. Одоо бол өөрийгөө л хайрлана, өрөөл хамаагүй болоод байна. Хүн олонтой газар Хятад энэ тэрийг ажиглаж байхад хүнд тус болохгүй бол хор хүргэхгүй байх нь их тус гэж байгаа юм. Тус болж чадахгүй бол ус болохгүй байхад болж байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Чинзориг: АХБ-ны зөвлөх үйлчилгээний материалыг манай залуучууд аваад хууль болгочихоод байгаа юм

УИХ-ын гишүүн С.Чинзоригтой ярилцлаа.


-Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийн ач холбогдлыг та юу гэж харж байна вэ?

-Манай Улсад мөрдөгдөж байгаа одоогийн хууль 1995 онд батлагдсан. Түүнээс хойш 25 жилийн турш хэрэгжиж байна. Өмнө нь шинэчилсэн найруулгаар өөрчлөлт орж байгаагүй ч нэмэлт өөрчлөлт хэд хэдэн удаа орсон. Ер нь дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг харахад Хувийн тэтгэврийн тогтолцоог бусад хөгжсөн орнуудад ч нэвтрүүлсэн. Тэтгэврийн шинэчлэл хийе. Тэр дундаа Хувийн тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлье гэсэн байр суурьтай байдаг. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа буюу өнгөрсөн гуравдугаар сард тэтгэврийн шинэчлэлийг хийх ажлын хүрээнд Хувийн тэтгэврийн тогтолцоог оруулж ирэх хуулийн төслийн үзэл баримтлалыг батлуулж, бэлэн болгосон ч УИХ-д өргөн барьж амжилгүй засаг солигдсон.

Хувийн тэтгэврийн тогтолцооны хуулийн заримыг дэмжиж байгаа. Гэхдээ хэлэлцэх цаг нь болсон эсэх нь эргэлзээтэй байна. Ер нь аливаа тогтолцоо, шинэчлэлтэй холбоотой асуудлыг хувь гишүүн бус мэргэжлийн яам, Засгийн газраас өргөн барьж хэлэлцүүлэх нь илүү зөв гэж боддог. Тиймээс тэтгэврийн шинэчлэлийн асуудалтай уялдуулах хэрэгтэй.

Манайд хуваарилалтын тогтолцоотой хууль хэрэгжиж байна. Тэтгэврийн шинэчлэлийг хийвэл хуваарилалтын тогтолцоо хэвээрээ байх уу, эсвэл хуримтлалын тогтолцоонд шилжих үү, хагас хуримтлалын тогтолцоог сонгох уу, бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжих үү.

Цаашлаад Хувийн тэтгэврийн тогтолцоог оруулж ирэх үү. Тэгвэл нэмэлт даатгалын хэлбэрээр байх уу, гишүүдийн өргөн бариад байгаа шиг албан журмын, хуримтлалын байх зэрэг тогтолцоотой холбоотой олон шийдэх асуудал байна. Тиймээс тэтгэврийн асуудлыг цогцоор нь харахгүй бол Хувийн тэтгэврийн, албан журмын тогтолцоо л хэрэгтэй байна гэхээр маргаан дагуулаад байгаа юм. Хууль санаачлах эрхтэй үндсэн субьект бол УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар.

УИХ, Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг тодорхой эрхээр хязгаарлана гэсэн зохицуулалтыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулсан. Үүний учир нь татвар, нийгмийн даатгал гэдэг ч юм уу томоохон шинэчлэл, тогтолцоотой холбоотой асуудлыг Засгийн газар, мэргэжлийн яам нь хийж байх ёстой гэсэн агуулгаар оруулсан. Тиймээс хувийн тэтгэврийн тогтолцоог дангаар нь хэлэлцээд явах боломжгүй гэж үзэж байна.

-Хувийн тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэхдээ хуримтлалын сан бий болгоно гэж хууль санаачлагчид мэдэгдсэн. Үүнд “Ашиг сонирхлын зөрчил үүсч байна” гэж зарим гишүүд чуулганы хурлаар ярьж байсан. Учир нь юу вэ?

-Нэр бүхий гишүүдийн өргөн барьсан Хувийн тэтгэврийн тухай хуулиар тэтгэврийн даатгал нь ажил олгогчийн төлж буй хоёр хувь, ажилтны төлж байгаа хоёр хувь гээд нийт дөрвөн хувийг Хувийн тэтгэврийн санд төвлөрүүлж санхүү, арилжааны, даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд үүнийг нь арвижуулах харилцааг зохицуулна гэсэн агуулгатай хууль өргөн барьсан байгаа юм. Тэтгэврийн даатгалын шимтгэлийн дөрвөн хувиар хувийн тэтгэврийн тогтолцоог бий болгож байна гээд хуримтлалын санд шилжүүлбэл одоогоор миний тооцоолсноор жилд 350 тэрбум төгрөгөөс доошгүй хөрөнгө хувийн тэтгэврийн санд төвлөрөх нь. Бид сард 100 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргаж байж одоогийн тэтгэвэр авагчдын тэтгэврийг олгодог. Гэтэл 350 тэрбум төгрөгийг хувийн тэтгэврийн санд төвлөрүүлж хуримтлал бий болгоно гэвэл одоогийн тэтгэвэр авагчдынхаа тэтгэврийг нэмэгдүүлэх нь битгий хэл, цаг хугацаанд нь тэтгэврээ тогтмол тавьж чадахгүй байх эрсдэл үүсчих асуудал байна. Хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоог бий болгож болно. Гэхдээ одоогийн мөрдөгдөж байгаа тэтгэврийн даатгалын тогтолцоог эвдэж болохгүй гэсэн зарчмын байр суурьтай байна.

Нөгөө талаас Хувийн тэтгэврийн санд төвлөрч байгаа мөнгийг хэн арвижуулж, хуримтлал бий болгох вэ гэхээр санхүүгийн байгууллагууд байхаар зохицуулсан юм байна лээ. Тиймээс энэ нь тодорхой хэмжээгээр санхүү даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын эрх ашиг, ард нь нуугдаж байна гэх зарим гишүүдийн хардлагыг үгүйсгэж болохгүй байна.

-Хуулийн төслийн учир дутагдалтай тал нь юу байна. Үүнээс гадна энэхүү хуулийн төсөл өнөөгийн тэтгэвэр авч байгаа ахмадуудад хамаарах уу?

-Хувийн тэтгэврийн хуульд учир дутагдалтай хэд хэдэн асуудал бий. Нэгдүгээрт, одоогийн тэтгэвэр авагчдад хувийн тэтгэврийн даатгалын тухай хууль хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, шимтгэл төлж байгаа иргэдэд хамаарах зохицуулалт оруулсан учраас тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх асуудал энэ хуулийн төслөөр үйлчлэхгүй.

Хоёрдугаарт, тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх ёстой гэсэн шаардлагыг тавих нь ихэссэн. Өнөөдөр тэтгэвэр авч байгаа иргэдэд үйлчлэх учраас одоогийн тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэхэд энэ хууль үйлчлэхгүй. Энэхүү хуулийн төсөлд болгоомжтой хандах хэд хэдэн зүйл байна. Одоогийн мөрдөгдөж байгаа Тэтгэврийн тухай хуулиар 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн иргэн цалин хөлснийхөө 45 хувиар тэтгэврээ тогтоолгох, 20-иос дээш жил шимтгэл төлсөн бол 45 хувь дээр нэмэгдэж 20-иос хойших жил тутамд нь 1.5 хувийн нэмэгдэл бодогддог. Тиймээс Хувийн тэтгэврийн даатгалын хуулийг үзэхээр 20, 30 жилийн дараа тэтгэвэр яаж бодогдож олгох аргачлал болоод ямар хэмжээнд тэтгэвэр авах вэ гэдэг нь тодорхойгүй байна. Хоёрдугаарт, одоогийн тэтгэврийн тухай хуулиар зөвхөн өндөр настан тэтгэвэр авдаггүй. Хөдөлмөрийн чадвараа алдсан бол тахир дутуугийн тэтгэвэр, тэжээгч нь нас барьсан бол тэжээгчээ алдсаны тэтгэвэр авдаг. Хувийн тэтгэврийн тухай хуулийг харахаар тахир дутуугийн тэтгэвэр авах харилцааг зохицуулсан зүйл байхгүй байна. Тэжээгчээ алдсаны тэтгэврийг авах асуудлыг зохицуулсан зүйл байхгүй байна. Ерөөсөө 20, 30 жилийн дараа өндөр тэтгэвэр авах юм шиг л учир дутагдалтай зүйлүүд байна гэж харж байна.

Одоо үйлчилж байгаа Нийгмийн даатгалын хуулиар эрсдэлийг Засгийн газар хариуцаж явдаг. Хувийн тэтгэврийн даатгалын тухай хуулиар эрсдэлийг хэн хариуцах вэ гэсэн зохицуулалтууд байхгүй байна. Нөгөө талаас нийгмийн даатгалын тухай хуулиар нийгмийн тэтгэвэр тэтгэмжийг олгохтой холбоотой харилцааг хуулиар нарийн (хатуу) зохицуулж өгсөн байдаг. Хувийн тэтгэврийн тухай хуулийг харахаар тэтгэвэр бодохтой холбоотой харилцааг зөвхөн Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан журмаар зохицуулна гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн олгохдоо харилцааг зохицуулж байгаа хууль эрх зүйн чадамжийг нэлээн бууруулсан гэж харж байна. Энэ мэт учир дутагдалтай асуудал байна. Нөгөө талаас тэтгэврийн шинэчлэлтэй уялдуулах шаардлагатай, одоогийн мөрдөгдөж байгаа тэтгэврийн тогтолцоог эвдэж болохгүй гэсэн зарчмын байр суурьтай байгаас учраас дангаар нь хэлэлцэх боломжгүй гэж үзээд байгаа юм.

-Сайд байхдаа боловсруулсан хуульд одоогийн тогтолцоог эвдэлгүй Хувийн тэтгэврийн тухай хуулийг яаж шингээж оруулсан бэ. Сая дурдсан учир дутагдалтай асуудлыг яаж зохицуулсан бэ?

-ХНХЯ-наас боловсруулж бэлэн болгосон Тэтгэврийн тухай шинэчлэлийн хуулиар олон давхаргад тэтгэврийн тогтолцоонд оруулахаар хуулийг боловсруулсан. Өөрөөр хэлбэл, өндөр настан ахмад болсныхоо хувьд хүн бүр гарааны тэтгэвэр авна. Хэдэн жил ажилласнаас үл хамаарч хүн бүрт ижил хэмжээний суурь тэтгэвэр олгоно гэсэн үг. Энэ нь тухайн хүний ажилласан жилээс үл хамаарч өндөр настан болсон тохиолдолд төрөөс анхаарч суурь тэтгэвэр олгож байгаа юм.

Хоёр дахь үе шат нь өөрийн улсад ажилласан жил, авч байсан цалин төлсөн шимтгэлээс үл хамаарч одоогийн авч байгаа тэтгэврээ авна гэсэн үг. Гурав дахь давхарга нь, хувийн тэтгэврийн тогтолцоо. Хувийн тэтгэврийн тогтолцоог оруулахдаа бид нэмэлт тэтгэврийн тогтолцоо хэлбэрээр оруулах нь зүйтэй гэсэн гурван үе шаттай Тэтгэврийн шинэчлэлийн хуулийг боловсруулж бэлэн болгосон. Сая сайд солигдсон учраас үзэл баримтлалыг шинээр батлуулъя гээд Хууль зүйн яамнаас санал авахаар явуулсан байна. Ингээд хугацаа жаахан хойшилсон байна лээ. Тиймээс энэ хуулийг Тэтгэврийн шинэчлэлийн тухай хуультай хамтатгаад ярья. Авах юмыг нь аваад авъя гэсэн бодолтой байгаа юм.

УИХ-ын гишүүн Н.Учрал тэргүүтэй гишүүд чуулганы хурлаар “Тогтолцоотой холбоотой асуудал нь зөрж байгаа юм. Өөр асуудалтай зүйл байхгүй” гэж хэлж харагдсан. Энэ нь ямар учиртай юм бэ гэхээр намайг сайдаар ажиллаж байх үед “Бид тэтгэврийн шинэчлэл хийх гэж байгаа юм. Тэтгэврийн шинэчлэл хийвэл тогтолцоо нь ямар байх юм бэ. Энд зөвлөх үйлчилгээ үзүүлнэ үү” гэж Азийн хөгжлийн банкинд санал хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, “Хувийн тэтгэврийг тогтолцоог оруулах шаардлагатай байна. Хувийн тэтгэврийн тогтолцоог Монголд нэвтрүүлбэл ямар тогтолцоо нь илүү оновчтой байх талаар дотоод, гадаадын баг авч ажиллуулж, зөвлөх үйлчилгээ үзүүлээч” гэсэн санал хүргүүлсэн. Үүний дагуу АХБ зөвлөх үйлчилгээ үзүүлсэн. Зөвлөх үйлчилгээний материалыг нь манай залуучууд аваад хууль болгочихоод байгаа юм. АХБ-наас манайд зөвлөхдөө “Танайд хувийн тэтгэврийн тогтолцоог нэмэлт даатгалын хэлбэрээр хийвэл оновчтой байна гэсэн зөвлөмжийг өгсөн. Түүнийг нь өөрчилж албан журмын, хуримтлалын тогтолцоо хэлбэрээр болгож оруулж ирсэн байна лээ. Тогтолцоог нь өөрчилчихсөн болохоос манайд өгсөн бусад зөвлөгөөнүүд нь хэвээр байгаа юм. Тиймээс тогтолцооноос бусад зүйл нь зөрөхгүй гэж яриад байгаа нь ийм учиртай.

-АН-аас ахмадуудын тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгоно гэж мэдээлсэн. Боломжтой юу?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээс харсан. Гэхдээ албан ёсоор Ерөнхийлөгчийн зүгээс ч юм уу, АН-ын гишүүдээс тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэх хуулийн төслийг одоогоор УИХ-д өргөн бариагүй байна. Одоогийн мөрдөж байгаагаа хуулиар тэтгэврийг жил тутам индексжүүлэн нэмэгдүүлж байна гэсэн хуультай. Үүний дагуу Засгийн газар инфляцийн түвшинтэй уялдуулж тэтгэврийг жил бүр нэмж ирсэн. Бүрэн тэтгэврийн доод хэмжээ одоогоор 350 мянган төгрөг байна. Гэхдээ бүрэн тэтгэврийн доод хэмжээ бага байна, үүнийг нэмэгдүүлэх ёстой гэсэн шаардлага зүй ёсных гэж миний зүгээс үздэг. Гэхдээ нэг удаагийн арга хэмжээгээр тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэчих боломжгүй. Хоёр учир шалтгаан байна. Нэгдүгээрт, нэг удаагийн арга хэмжээгээр тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэвэл улсын төсөвт 450-500 орчим тэрбум төгрөгийн нэмэлт ачаалал ирнэ гэсэн тооцоо бий. Тиймээс төсөв санхүүгийн хязгаарлагдмал байдалтай үед 500 мянга болгох санхүүгийн боломж байх уу, үгүй юү гэдэг асуудал нэг талаас гарна. Нөгөө талаас тэтгэвэр бодуулж авна гэдэг нь улсад ажилласан жил, авч байсан цалин, шимтгэл төлсөн хугацаанаас тэтгэврээ бодуулж авдаг. Гэтэл хүн бүрийн тэтгэврийг 500 мянган төгрөг болгочихвол тэтгэвэр бодох үндсэн зарчим алдагдана. Нөгөө талаас тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэвэл өнөөдөр 350-500 мянган төгрөгийн хооронд тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг дахин нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай болно.

Ингээд нэмэлтээр ихээхэн хөрөнгө шаардагдана. Учир нь 350 мянган төгрөгийн тэтгэврийг 500 мянга болгочихвол 350-500 мянган төгрөгийн хооронд тэтгэвэр авч байсан иргэдийн тэтгэвэр адилхан болж, хөдөлмөрийн үнэлэмжийг байхгүй болгох аюултай. Ийм хоёр асуудал тулгарч байгаа учраас нэг удаагийн арга хэмжээгээр 500 мянган төгрөг болгож болохгүй гэсэн байр суурьтай байна.

Сүүлийн жилүүдэд барааны үнэ ханш өсч байна. Инфляци ч тэр хэрээр өндөр байна. Нөгөө талаас Засгийн газраас авч байгаа арга хэмжээний үр дүн нь хувийн хэвшил болоод төрийн албан хаагчдын цалин сүүлийн жилүүдэд багагүй хэмжээгээр нэмэгдсэн. Үүнийг дагаад тэтгэвэрт гарч байгаа оноос хамаарч ижил хэмжээний ажил, албан тушаал хашиж байсан иргэдийн хооронд тэтгэврийн зөрүү гарна. Тиймээс тэтгэврийн итгэлцүүрийг хэрэглэх замаар тэтгэврийн зөрүүг арилгах арга хэмжээ авах нь чухал гэж бодож байна. Ер нь тэтгэврийн зөрүү гэдэг нь хүн бүрийн тэтгэврийг ижил, нэг түвшинд аваачина гэсэн үг биш. Тэтгэвэрт гарч байгаа хугацаанаас үл хамаарч ижил албан тушаал хашиж байсан иргэдийн тэтгэвэр, тэтгэвэрт гарсан хугацаанаас үл хамаарч ойролцоо түвшинд хүргэх асуудлыг тэтгэврийн зөрүү гэж яриад байгаа юм. Тиймээс тэтгэврийн зөрүүг арилгах бодлого хэрэгжүүлэх нь илүү оновчтой гэсэн үзэж байна.

-Нийгмийн халамж хавтгайрлаа гэж их ярих боллоо. Таныг сайдаар ажиллаж байх үед ямар байсан бэ. Гишүүдийн хэлж байгаа шиг нэг сумын иргэдийн 90 хувь нь нийгмийн халамжид хамрагдаж, ажил хийхгүй амьдраад байна уу?

-Энэ салбарт би олон жил ажиллаж байгаа хүний хувьд нийгмийн халамж хавтгайрсан гэж үздэггүй. Харин хүн амын өсөлтийг дэмжсэн, хүн амын бодлогын зарим асуудлыг Хүн амын бодлогыг дэмжсэн зохицуулалт гэж тусад нь хуулиар зохицуулах хэрэгтэй. Тэгвэл хүүхдийн мөнгө, насны хишиг, хүүхдээ хоёр нас хүртэл нь хардаг ээжүүдэд олгодог тэтгэмжтэй холбоотой асуудлуудыг тусад нь хуулиар зохицуулдаг болох хэрэгтэй. Хүн амын өсөлт, төрөлтийг дэмжсэн бодлого, халамжийн бодлого хоёрыг нэг хуулиар зохицуулж байгаа учраас нийтэд нь халамжийн бодлого гэж яриад байна. Ийм ойлголтын зөрүүтэй асуудал байна.

Хоёрдугаарт, Үндэсний статистикийн газар, Дэлхийн банкнаас 2017 онд хийсэн судалгаагаар Монгол Улсын гурван сая хүн амын 29 хувь нь буюу 1/3 гуравны нэг нь ядуу байна гэсэн судалгаа гарсан. Ядуу амьдарч байгаа нэг сая хүний ядуурлын түвшинг доош нь унагачихгүй байхад муу хэлэгдээд байгаа халамжийн бодлого том хувь нэмэр оруулж байна. Халамжийн бодлого ядуурлыг бууруулах бодлого биш. Энэ бол ядуу байгаа амьжиргааны түвшин доогуур иргэдийг бүр доод түвшинд оруулчихгүй, тогтоон барьж байгаа төрийн том бодлого гэж үзэж байна. Дотор нь халамжийн зарим нэр төрлийн давхардлыг арилгах арга хэмжээ авах хэрэгтэй. Нөгөө талаас зорилтот бүлэг рүү чиглүүлэхэд авч үзэх асуудал ч бий. Халамжийн сангаас олгож байгаа тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ нь нийт дүнгээрээ том дүн харагдаад байгаа атлаа нэг хүнд өгч байгаа тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ нь бага шүү дээ. Үндэсний статистикийн газраас гаргасан амьжиргааны доод түвшинг харахаар 230 мянган төгрөг байна. Гэтэл Халамжийн сангаас олгодог халамжийн тэтгэвэр нь 188 мянган төгрөг байна. Амьжиргааны түвшнээс доогуур хэмжээний тэтгэвэр тэтгэмж өгчихөөд халамж хавтгайрлаа, халамж их байна гэж ярих нь тийм ч оновчтой биш.

Өмнөх Засгийн газарт ажиллаж байхад Ерөнхий сайд У.Хүрэлсүх халамжийн бодлогыг маш сайн ойлгосны хүчинд 2019 онд халамжийн тэтгэмжийг анх удаагаа амьжиргааны түвшинд хүргэж нэмэгдүүлж байсан юм. 2020 оны амьжиргааны түвшин шинэчлэгдчихээр буцаад доогуур түвшинд орчихоод байгаа юм. Цаашид халамжийн давхардлыг арилгаж зарим нэг хэсгийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх, ингэхдээ нэг хүнд оногдох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг амьжиргаагаа хэвийн хэмжээнд авч явах тэр түвшинд хүргэж нэмэгдүүлэх шаардлага бий нь бий. Халамжийн бодлогод өөрчлөлт оруулснаар халамжийн сангаас хөрөнгө, мөнгө хэмнэхгүй. Учир нь амьжиргааны түвшнээс доогуур хэмжээний тэтгэвэр, тэтгэмж өгч байгаа учраас тэтгэмж өгч буй иргэдийнхээ амьдралыг хэвийн хэмжээнд авч явах зайлшгүй шаардлага байна. Иймээс халамжийн бодлогод өөрчлөлт оруулж, зорилтот бүлэгт чиглүүлж, давхардлыг нь арилгалаа ч гэсэн хөрөнгө мөнгөний хэмнэлт гарахгүй гэж харж байна.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Л.МӨНХБААТАР: Тэтгэврийн сангийн менежмэнтийг төр дангаар хариуцах нь буруу, хувийн тэтгэврийн даатгалын сантай болгох нь зөв

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатартай ярилцлаа.


-Та нэр бүхий гишүүдтэй хамтарч Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулиар ямар асуудлыг зохицуулсан бэ, ямар ач холбогдолтой вэ?

-Олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бодитоор нэвтрүүлэх, тэтгэвэр авагчид тэтгэврийн орлогын олон эх үүсвэртэй болох, төрийн өмчийн бус тэтгэврийн даатгалын эрх зүйн үндэс бүрдүүлэх зэрэг зорилгоор энэ хуулийн төслийг санаачилсан. Зохицуулалтын тухайд, хувийн тэтгэврийн санд иргэн сайн дураараа шимтгэл төлнө. Хувийн тэтгэврийн сангийн шимтгэл төлөгч тэтгэвэр авах эрхтэй болоход өөрийн төвлөрүүлсэн шимтгэлийн орлогоос тэтгэврээ нэг удаа багцаар нь бөөнд нь, эсвэл одоогийнх шиг хуваарьт хугацаагаар авна. Хэдэн төгрөг тэтгэврийн дансандаа хуримтлуулсан байна түүндээ дүйцэхүйц тэтгэвэр авах боломжтой болно. Хэрвээ шимтгэл төлөгч нас барвал түүний тэтгэврийн дансны хөрөнгө өвлөгдөнө. Анх удаа орон сууц авахдаа тэтгэвэртээ зориулж хуримтлуулсан мөнгөнийхөө 30 хүртэл хувийг зарцуулж болохоор зохицуулалт орсон. Мэдээж хувийн тэтгэврийн санг ажиллуулахад тодорхой зардал гарна.

Дараагийн нэг онцлог бол, шимтгэлийн хуримтлалыг баталгаатай, гадаад улсын болон Монгол Улсын Засгийн үнэт цаас авах гэх мэтээр хөрөнгө оруулалт хийж өсгөж болно. Ийнхүү өсгөсөн ашгийг шимтгэл төлөгчийн тэтгэврийн сангийн дансанд хуваарилна. Хөрөнгө оруулалтын төрөл, хэмжээнд маш сайн хяналт тавигдана. Гэх мэтчилэн ер нь бусад оронд хувийн тэтгэврийн сан ямар зарчмаар ажиллаж байна, тэр хүрээнд ажиллуулах боломжтой байхаар хуулийн төслийг боловсруулсан. Хэлэлцүүлгийн шатанд төсөл хэрхэн өөрчлөгдөхийг хэлэх боломжгүй байна. Харин төрөөс ажиллуулж байгаа тэтгэврийн сангийн хувьд бол, байх ёстой. Энэ нь сайн дурын биш албан журмын тэтгэврийн даатгалын сангийн тогтолцоо. Хүн бүрийн цалин хөлс, түүнээс төлөх хураамж, хэрэгцээ, шаардлага нь ялгаатай боловч хүн бүр наад захын тэтгэврийн даатгалд заавал хамрагдаж, төрөөс тогтоосон хэмжээгээр тэтгэвэр авч байх нь чухал.

Иймээс энэ сан ажилдгаараа ажиллаж, иргэд шимтгэлээ төлнө. Гэхдээ мэдээж уг сангийн үйл ажиллагаа нь илүү боловсронгуй болох, цаашлаад албан журмын шимтгэлээр олгож байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх ёстой.

-Хувийн тэтгэврийн сан байгуулахдаа иргэдийн НДШ-ийг хоёр хувааж, долоон хувийг нь Хувийн тэтгэврийн сан руу шилжүүлж байгуулах юм билээ. Учир нь юу вэ?

-Одоогийн төлж буй нийгмийн даатгалын шимтгэлээс дөрвөн хувь буюу ажил олгогч, ажилтны тус тусын төлж байгаа шимтгэлээс 2,2 хувийг ажилтан өөрөө хүсвэл хувийн тэтгэврийн санд төвлөрүүлэх боломжтой гэж хуулийн төсөлд тусгасан. Энэ нь одоо шимтгэл төлж ажиллаж буй иргэн, ажил олгогчид нэмэлт дарамт үүсгэхгүй. Ер нь бол тэтгэврийн тогтолцоо сайн хөгжсөн улс орнуудад тэтгэврийн сангийн гурван шатлалт тогтолцоо ихэвчлэн байдаг. Манай улсын нийгмийн даатгалын тогтолцоо нь эв санааны нэгдлийн зарчимтай, нэг л давхаргат тогтолцоо юм. Энэ хүрээнд шимтгэл төлж явсаар тэтгэвэрт гарахдаа гол төлөв нийтэд нь тэгшитгэн хуваарилсан, бага хэмжээний тэтгэвэр тогтоож олгодог.

Нөгөө талаас төрийн тэтгэврийн сангийн санхүүгийн менежмэнт зохистой хийгдэхгүй байгаа, шимтгэл төлж ажиллахыг урамшуулах, хувь оролцоо, шимтгэлд суурилсан тэтгэвэр тогтоох аргачлал боловсронгуй болоогүй. Даатгалын тогтолцооны захиргааны болон үр өгөөжгүй зардлыг бууруулах алхмуудыг авалгүй удааширч байна. Эдгээр олон хүчин зүйл, нөхцөл шалтгааны улмаас гарч буй үр дагавар бол иргэнд хангалттай тэтгэвэр олгож чадахгүй байгаа өнөөгийн нөхцөл юм. Гэтэл энэ ачааллыг иргэд, ажил олгогчид үүрч байгаа, иймд төр бодлогоор тодорхой алхмыг нэн даруй авах нь чухал.

Энэ агуулгаараа ч ганц төрийн албан журмын даатгалын тогтолцоо хүн бүрийн хэрэгцээг хангаж чадахгүй, боломжгүй юм. Тиймээс иргэдэд боломжийг нээж, сонголтыг бий болгох нь зөв гэж үзэж байна. Хувийн тэтгэврийн санд шимтгэлийн тодорхой хувийг шилжүүлснээр иргэн төрийн албан журмын даатгалын сангаас олгох тэтгэвэр дээрээ нэмж хувийн тэтгэврийн сангаас тэтгэвэр авах тогтолцоог бий болгоно. Хувийн тэтгэврийн санд хуримтлагдсан хөрөнгө тухайн шимтгэл төлөгчийн өөрийн хөрөнгө болно гэж ойлгож болно.

-Энд ямар нэг ашиг сонирхол яваад байна уу гэж зарим гишүүд шүүмжилсэн. Ер нь Монголын хувийн компаниудад олон жил ажилласан түүх байдаггүй (тоотой нэг, хоёрхон компанийг эс тооцвол) шүү дээ. 100 жил явах итгэл, баталгаа бий юү. Дампуурчихвал яах юм бэ?

-Төр тэтгэврийн сангийн менежмэнтийг дангаар хариуцах нь хангалтгүй байгаа учир хувийн тэтгэврийн даатгалын санг бий болгон, хөгжүүлэх нь зүйтэй. Одоо парктикт цөөн тооны хувийн компаниуд хувийн тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүнүүд бий болгож эхэлсэн. Урт хугацаат даатгалын бүтээгдэхүүнүүд гаргаад ажиллаж байна. Энэ бол сайн зүйл.

Гэхдээ эдгээр сангууд урт хугацааны хувьд эрсдэлээ бүрэн хариуцаж чадах уу, хэрхэн яаж хянаж, хэн, ямар хариуцлага үүрч ажиллах вэ гэдэг нь яг тухайлсан эрх зүйн зохицуулалтгүй. Энгийнээр хэлбэл, байгалийн шалгарлын хуулиар л явж байна гэж харагдаж байна. Гэтэл төр энэ үүсээд буй нөхцөл байдалд маш мэдрэмжтэй хандаж хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагатай. Үүнийг хийсэн улс орнуудын туршлагаас сайныг нь авч, алдаанаас суралцаж энэ системийг ямар ч байсан эхлүүлэх, тунхаглаад байх бус ажил болгох ёстой юм. Энэ хуулийн төсөлд төрийн болон хувийн тэтгэврийн даатгалын байгууллагуудын харилцаа, хяналт, оролцогч байгууллагуудын эрх үүргийн хуваарийг тодорхойлсон. Хувийн тэтгэврийн сан байгуулахад тавигдах шаардлага, нөхцөл, хэрхэн хөрөнгийг удирдах, хяналтын механизм болон уг сангуудын ил тод байдал, санхүүгийн тайлагналт, маргаан үүсвэл хэрхэн шийдвэрлэх, тэтгэврийг хэрхэн тогтоож олгохтой холбоотой зохицуулалтуудыг тусгасан. Хамгийн гол хяналт нь өөрөө хуулийн зохицуулалт нарийн, тодорхой байх явдал. Тухайлбал, сангийн хөрөнгөөр хөдлөх, үл хөдлөх хөрөнгө худалдан авах замаар хөрөнгө оруулалт хийж болохгүй гэх мэт. Мөн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд үнэт цаасны мэргэжлийн оролцогчдыг заавал оролцуулах шаардлага тавина. Хувийн тэтгэврийн сангийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны нэгийг санд шимтгэл төлөгчдөөс томилно гэх мэт зохицуулалтууд байгаа.

Хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагааны төрийн зохицуулалтын байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо байна. Хэт олон сан үүсч, хяналт тавих, зохицуулах боломжгүй болох, сан өөрөө тогтвортой ажиллах чадваргүй болохоос сэргийлж, нэг цаг хугацаанд хэдэн сан ажиллаж болохыг хуульд тусгайлан зааж өгсөн.

Гэхдээ хуулийн төслийг мэдээж төгс төгөлдөр болчихлоо гэж хэлж болохгүй. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүдээс мөн мэргэжлийн байгууллага, иргэд олон нийтээс бүх талын санал, шүүмжлэл, зөвлөгөөг сонсож, төслөө засаж сайжруулж гаргана.

Нөгөө талаас зөвхөн хувийн тэтгэврийн даатгалын компанийн тухайд ч биш ерөнхий агуулгаараа компанийн засаглал, хяналт, хариуцлага, дампуурал, компанийг дахин хөрөнгөжүүлэх гэх харилцааг зохицуулдаг хуулиудыг боловсронгуй болгох шаардлагатай. Энэ чиглэлийн хуулийн төслүүд холбогдох яамд дээр боловсруулагдаж байгаа юм байна лээ.

Харин үүнтэй холбоотой хувийн ямар нэг ашиг сонирхол байхгүй гэдгээ тодорхой илэрхийлье.

-Та бүхний өргөн барьсан төсөл нь одоогийн тогтолцоог эвдэх гээд байна гэж УИХ-ын зарим гишүүд шүүмжилсэн. Н.Учрал гишүүн няцааж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү. Гишүүд ямар асуудлыг харчихаад шүүмжлээд байгаа юм бэ?

-Өнөөдрийн тогтолцоог эвдэж байж л тэтгэврийн даатгалын тогтолцоо шинэчлэгдэнэ гэж үзэж байна. Өнөөгийн тэтгэврийн тогтолцоо нь одоогийн тэтгэвэр авагчдын амьдралын баталгаа болж чадахгүй байгаа төдийгүй, ирээдүйд тэтгэвэр авахаар нийгмийн даатгалын шимтгэлээ төлж байгаа хүмүүст ч үр ашиггүй байна. Одоогийн байдлаар бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянган төгрөг, бүрэн бус тэтгэврийн доод хэмжээ нь 300 мянган төгрөг байна. Харин нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн дундаж хэмжээ 409 мянган төгрөг л байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг шүү дээ. 2019 оны Үндэсний статистикийн хорооны судалгаагаар дундаж цалин 1124,3 мянган төгрөг гэж гарсан. Дундаж цалинг дундаж тэтгэврийн хэмжээтэй харьцуулбал, тэтгэвэр нь цалингийн дөнгөж 36,3 хувь байна. Ажиллах үедээ авч байсан цалингийнх нь тал хувийг нь ч тэтгэвэр нь гүйцэхгүй байна.

Хөдөлмөр эрхэлж буй хүмүүс тэтгэврийн даатгалд бүрэн хамрагдаж чадаагүй, төрийн тэтгэврийн сангийн санхүүгийн менежмэнт зохистой хийгдэхгүй байгаа, тэтгэвэр тогтоох аргачлал оновчгүй, төрийн тэтгэврийн даатгалын үйлчилгээг авахад хүндрэл бэрхшээл ихтэй байсаар байна.

Нөгөөтэйгүүр Нийгмийн даатгалын сан маань ч өөрөө улсын төсвөөс 2018 онд 609,817.7 сая төгрөг, 2019 онд 605,492,8 сая төгрөг, 2020 онд 399,417,6 сая төгрөгийг татаасаар авч байна. Цаашид энэ тоо бүр л өсч, улсын төсөв дийлэхээргүй хэмжээнд хүрнэ.

Бас нэг анхаарах асуудал бол, Монгол Улсын хүн ам зүйн цонх үе удаан үргэлжлэхгүй, 2030 оноос хаагдах шат руугаа орно. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар 1970-1980 оны сүүл хүртэл их төрөлтийн үед төрсөн хүүхдүүд ид ажил хөдөлмөр эрхэлж шимтгэл төлөгчдийн тоо яг одоо тэтгэвэр авагчдын тооноос илүү байгаа юм. Харин 2030 оноос эхлэн энэ цонх гэж нэрлэгдэх үе хаагдаж, шимтгэл төлөгчдийн тооноос тэтгэвэр авагчдын тоо илүү гарна гэсэн үг. Хүн амын насжилт нэмэгдэж, тэтгэврийн насны хүн амын эзлэх хувь ихэснэ. Энэ үе эхлэхийг мэдэж, харсаар байж бид үүнийг угтсан бодлого хэрэгжүүлэлгүй алгуурлаж болохгүй.

Иймээс энэ хууль хэрвээ батлагдвал өнөөгийн тэтгэврийн даатгалын тогтолцоонд өөрчлөлт орно. Ер нь зөвхөн хувийн тэтгэврийн тогтолцоог бүрдүүлээд зогсохгүй төрийн тэтгэврийн даатгалын тогтолцоонд бас ч шинэчлэл хийгдэх л ёстой.

-Олон тулгуурт тогтолцоонд шилжсэнээр тэтгэврийн зөрүүтэй байдал арилах уу. Хууль батлагдлаа гэхэд тэтгэвэр авч байгаа одоогийн ахмадуудад энэ хууль үйлчлэх үү?

-Хувийн тэтгэврийн тухай хууль батлагдвал одоогийн шимтгэл төлөгчдөд болон ирээдүйд шимтгэл төлөх иргэдэд хамаарна. Харин одоо тэтгэвэр авч байгаа ахмадуудын тухайд нэгэнт нийгмийн даатгалын шимтгэлээ ажиллаж байх үедээ төлчихсөн учир төрөөс тэтгэвэрээ авна. Ахмадуудын, өнөөгийн тэтгэвэр авагчдын тэтгэврийн зөрүүг арилгах, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг төрөөс шат дараатай авч байгаа арга хэмжээний хүрээнд шийдвэрлэх ёстой. МАН ирэх дөрвөн жил суурь тэтгэвэр олгож, тэтгэврийн доод хэмжээг инфляци, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх, “насны хишиг” хөтөлбөрийг үргэлжлүүлэх, тэтгэврийн зөрүүг ойртуулах цогц арга хэмжээ авч, тэтгэврийн дээд, доод, дундаж хэмжээний зохистой харьцаа тогтоох зэрэг арга хэмжээг авахаар амласан. Тиймээс эдгээр ажлуудын хүрээнд одоогийн тэтгэвэр авагч ахмадуудын маань тэтгэврийн асуудал шийдвэрлэгдэх учиртай.

-Иргэн хувийн тэтгэврийн санд мөнгө хуримтлуулахгүй байх сонголт бий юү?

-Хувийн тэтгэврийн сангийн тэтгэврийн даатгалд хамрагдах эсэх нь сайн дурын иргэдийн өөрсдийн сонголт байхаар хуулийн төслийг боловсруулсан. Иргэн хүсвэл шимтгэлээ хувийн тэтгэврийн санд төлж болно, хүсэхгүй бол улсын тэтгэврийн сандаа төлнө. Магадгүй хувийн тэтгэврийн санд шимтгэл төлж байгаад болихоор шийдвэл хураасан хуримтлалаа аваад больчихож болно.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

П.Баттулга: Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй Уих танилцахгүй бол Ерөнхийлөгч шууд томилох гарц бий

– ҮНДСЭН ХУУЛЬД “ДЭЭД ШҮҮХЭД НЭР ДЭВШИГЧТЭЙ ТАНИЛЦАХ” ГЭДЭГ НЬ УИХ-ААС ЗӨВШӨӨРӨЛ АВНА ГЭСЭН АГУУЛГА БИШ –

“Оюуны Инноваци” Эрх зүйн судалгааны төвийн Гүйцэтгэх захирал П.Баттулгатай УДШ-ийн шүүгчийг УИХ-д танилцуулсан асуудлаар ярилцлаа.

-ШЕЗ-өөс УДШ-ийн шүүгчийг томилох асуудлаар хоёр хүнийг УИХ-д танилцуулсан боловч УИХ-ын гишүүд удаа дараа танилцахгүй гэдгээ илэрхийлээд байна. Хуулийн хүрээнд УИХ-ын гишүүдэд ийм эрх байгаа юу?

-Үндсэн хуульд зааснаар Улсын дээд шүүхийн шүүгчийг ШЕЗ-өөс УИХ-д танилцуулснаар Ерөнхийлөгч томилно гэж заасан. Бусад шүүхийн шүүгчийг томилохдоо ШЕЗ-өөс шууд Ерөнхийлөгчид өргөн мэдүүлснээр томилох зохицуулалттай. Энэ удаагийн Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй УИХ танилцах үйл ажиллагаа олон нийтийн анхаарлын төвд байгаагаараа онцлог болж байна. Өмнө нь Улсын дээд шүүгчийг олон удаа томилж байсан. Энэ асуудал дээр УИХ-ын гишүүд, олон нийт өнөөдрийнх шиг анхаарал хандуулж байсныг санахгүй байна. Нэг талаасаа УДШ-ийн шүүгчийг томилох асуудалд олон нийт анхаарал хандуулж, хяналт тавьж байгаа нь олзуурхууштай. Нөгөө талаас УДШ-ийн шүүгчид нэр дэвшигчтэй УИХ-ын гишүүд танилцах үйл явц ямар агуулагатай юм бэ гэдэг асуудал урган гарч ирж байна. УИХ-ын Байнгын хороо нэр дэвшигчтэй танилцахгүй хэмээн эхний удаа хойшлуулсан бол дараагийн удаа зарим гишүүд хурлыг орхин гарлаа. Ямартаа ч Үндсэн хуульд зааснаар танилцах гэдэг нь заавал УИХ-аас зөвшөөрөл авна, зөвшөөрөл авсны дараа Ерөнхийлөгчид танилцуулна гэдэг ч юм уу эсвэл, зөвшилцөх агуулга биш. Гэхдээ танилцах гэдэг нь одоогийн Дэгийн тухай хуулиар Хууль зүйн байнгын хороогоор ороод чуулганы нэгдсэн хуралдаанаар орж нэр дэвшигчдээс гишүүд асуулт асууж, үгээ хэлээд явдаг ийм дэгтэй. Тэгэхээр цаашид УДШ-ийн шүүгчид нэрийг нь дэвшүүлсэн С.Батхүлэгтэй УИХ-ын гишүүд танилцахгүй гэсэн тохиолдолд энэ асуудлыг Хууль тогтоомжийн Дэгийн тухай хуулиар ч юмуу одоо хэлэлцэх гэж байгаа Шүүхийн тухай хуулиар нарийвчлан зохицуулах шаардлага гарч байна уу даа л гэж харж байна.

-Одоогоор энэ асуудал дээр ямар нэгэн хуулийн зохицуулалт байхгүй гэж ойлгож болох уу. УИХ-ын гишүүд УДШ-ийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцаагүй тохиолдолд Ерөнхийлөгч шууд томилох эрх байхгүй гэж үү?

-Яалт ч үгүй Үндсэн хуульд зааснаар ШЕЗ-өөс Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулснаар Ерөнхийлөгч томилно гэсэн заалт байгаа. Танилцахгүй бол яах вэ, ер нь танилцахгүй гэдэг санал гаргаж болох юм уу гэдэг асуудал өмнө гарч байгаагүй учраас энэ асуудлыг нарийвчлан зохицуулсан хууль байхгүй. Урьд нь энэ үйл явц хэвийн л явж байсан. Нөгөө талаасаа УДШ-ийн шүүгчид нэр дэвшигчийг ямар хэлбэрээр танилцуулдаг байх юм бэ. УИХ дээр нээлттэй сонсгол зохион байгуулдаг байх юм уу гэдэг нарийн асуудлыг журамласан зохицуулалт дутагдаж байгааг харуулж байна. Гэхдээ огт танилцахгүй хэмээн хойшлуулаад байх нь нөгөө талаасаа танилцуулга нь УИХ-аас зөвшөөрөл авах агуулгыг илэрхийлэх хэмжээнд хүрээд байгаад асуудлын гол байгаа юм л даа. Энд дахин нэг зүйлийг тодотгомоор байна. УДШ-ийн шүүгчийг УИХ-д танилцуулна гэдэг бол хуулийн зохицуулалтаараа УИХ-аас дэмжсэн, дэмжээгүй гэдэг ямар ч шийд гарахгүй, санал хураалт явагдахгүй асуудал. Гэсэн хэдий боловч УИХ ард түмний төлөөллийн байгууллага гэдэг утгаараа шаардлага хангахгүй хүн УДШ-ийн шүүгчээр танилцуулагдах гээд байна тийм учраас бид танилцахгүй гэж хэлэх эрх нь УИХ-д байгаад л оршиж байгаа юм.

-УИХ-ын гишүүд УДШ-ийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцахгүй хэвээр байвал ШЕЗ-өөс танилцуулсан нэр дэвшигчээ эгүүлэн татах боломж байгаа юу?

-ШЕЗ-өөс нэр дэвшигчийг УИХ болон Ерөнхийлөгчид танилцуулсан. Хэрэв тухайн танилцуулсан нэр дэвшигч нь хуульд заасан шаардлагыг хангахгүй байна гэдэг нь батлагдаж, нотлогдсон асуудал гарч ирвэл ШЕЗ-өөс нэр дэвшигчээ эгүүлэн татах боломж байгаа. Үүний дараа тус орон тоон дээр дахин сонгон шалгаруулалт явуулах эрх нь ШЕЗ-д байгаа.

-Тэгвэл УИХ-ын гишүүдэд УДШ-ийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцахаас татгалзах эрх нь байгаа хэдий ч томилохоос татгалзах эрх Ерөнхийлөгчид л байгаа биз дээ?

-УДШ-ийн шүүгчийг Ерөнхийлөгч томилохоос татгалзах асуудал гардаг. Тэр нь үндэслэлийн хувьд ил тод уу, үгүй юү гэдэг асуудал бий. Магадгүй тухайн нэр дэвшигчийн нэр Ерөнхийлөгч дээр очсоны дараа хуульд заасан шаардлага хангаагүй нөхцөл байдал илрэх юм бол ШЕЗ-д мэдэгдэх байдлаар Ерөнхийлөгч татгалзах явдал гарахыг үгүйсгэхгүй.

-Энэ асуудлын шийдэл нь ямар байх боломжтой гэж та харж байна?

-Энэ асуудлын гарцыг миний хувьд харахдаа нэг бол УИХ-ын гишүүд танилцаад Ерөнхийлөгч рүү явуулж, Ерөнхийлөгч түүнийг томилох, эс томилох шийдийг харах. Эсвэл УИХ танилцахгүй гэсээр байвал хоёр гарц байна. ШЕЗ-өөс нэр дэвшигчийн нэрийг эгүүлэн татах. Аль эсвэл Ерөнхийлөгч УДШ-ийн шүүгчтэй УИХ танилцахгүй хойшлуулж байгаа асуудлыг хүлээхгүйгээр шууд томилох.

-Ерөнхийлөгчид хуулийн хүрээнд тийм эрх мэдэл байгаа гэж үү?

-Хамгийн гол нь ийм сонголт Ерөнхийлөгч хийлээ гэхэд УИХ УДШ-ийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцаагүй байхад томиллоо гээд эргээд Үндсэн хууль зөрчсөн маргаан үүсэх ийм л үр дагаварууд харагдаад байна л даа. Тийм учраас УИХ-ын гишүүд танилцаагүй байгаа учраас Ерөнхийлөгч яаран шууд томилгоо хийж болохгүй байгаа үр дагавар үүсээд байна л даа.

-Тэгвэл ШЕЗ-өөс УДШ-ийн шүүгчийг ил тод, нээлттэй зохион явуулаад хамгийн өндөр санал авсан шүүгчийн нэрийг дэвшүүлдэг гэж ард иргэд ойлгодог. Гэтэл нэрийг нь дэвшүүлсэн хүнийг ямар нэгэн эрх ашгийн зөрчилтэй хэмээн үзсэнийг хүлээн зөвшөөрөх нь эргээд тус байгууллага сонгон шалгаруулалтаа муу зохион явуулсныг илтгэх учраас зүтгүүлээд байж болох уу?

-ШЕЗ-өөс бид хуульд нийцээгүй хүний нэрийг дэвшүүлчихжээ гээд нэр дэвшигчийн нэрийг татах боломж байгаа. Гэхдээ энэ тохиолдолд ШЕЗ шүүгчийг сонгон шалгаруулахдаа сайн ажиллаагүй гэж, өөрсдөө асуудалд орох мэт боловч ийм шийдвэр гаргах нь ШЕЗ-ийн бас нэгэн үүрэг.

-Ер нь ямарваа нэгэн байгууллагад ажиллаж байсан нь тухайн нэр дэвшигчийг тэр байгууллагаас хараат, эрх ашгийн зөрчилтэй гэж дүгнэх боломжтой юм уу?

-Аль нэг байгууллагад ажиллаж байсан гэдгээрээ тухайн хүн УДШ-ийн шүүгч болж болохгүй гэж шууд дүгнэх нь хэтэрхий өрөөсгөл. Тэгэхдээ нөгөө талаас УДШ-ийн шүүгч болохоор нэр дэвшсэн хүн мэргэжлийн хувьд бие даасан, хараат бусаар үйл ажиллагаа эрхэлж байсан байх ёстой. Шүүгчийн сонгон шалгаруулалт үнэн бодит, нээлттэй, шударга явагдаж байна уу, шүүгчээр томилогдсон хүн нь шударга хүн байж чадаж байна уу гэсэн олон нийтийн итгэл, хүлээн зөвшөөрөгдөхүйц байдлын асуудал давхар яригдаад байна л даа. Энэ бол хоёр талтай асуудал

-Бас нэг маргаан дагуулаад байгаа асуудал нь өмнө нь шүүгчээр ажиллаж байгаа гэдэг асуудал байна л даа. Шүүгчээр ажиллаж байгаагүй хүн УДШ-ийн шүүгч болж болох юм уу?

-Өмнө нь шүүгчээр ажиллаж байгаагүй ч шууд Дээд шүүхийн шүүгчээр томилогдох тохиолдлууд өмнө нь олон удаа гарч байсан. Ганцхан энэ удаагийн тохиолдол ч биш. Хуулийн боломж нь тийм. Та бүхэн өмнө нь УДШ-ийн шүүгчээр ажиллаж байсан хүмүүсийн намтрыг судлаад үзэх юм бол цөөнгүй хүн шүүгчээр ажиллаж байгаагүй хэрнээ УДШ-ийн шүүгчээр томилогдсон байгаа. Энэ удаагийн маргаан дагуулаад байгаа нэр дэвшигчийн хувьд хууль зөрчөөд буруу жишгээр гарч ирсэн зүйл байхгүй. УДШ-ийн шүүгчийг сонгон шалгаруулахдаа хуульд заасны дагуу өмгөөлөгч, прокуророор 10 жил ажилласан юм уу, Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн сургуульд 10 жил багшилсан хүн УДШ-ийн шүүгчээр томилогдох боломжтой. ШЕЗ, шүүхийн мэргэшлийн хороо хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзээд шалгалт авч, үнэлэлт өгөөд, улмаар нэр дэвшүүлсэн байх. Гэтэл бас нэг маргаан дагуулж байгаа асуудал бол ШЕЗ-өөс тухайн нэр дэвшигчийг хуульд заасан ажилласан жилийн шаардлагыг хангасан гэж үзсэн бол, УИХ-ын гишүүд хангаагүй гэж үзэж байна.

П.БАТЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

М.Тулгат: АН дотоод өрсөлдөөндөө санхүү, хүчээ бардаг болчихоод байна

АН-ын ҮБХ-ны гишүүн, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгаттай ярилцлаа.


-АН-ын шинэчлэлийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллээс ярилцлагаа эхэлье. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж саяхан өгсөн ярилцлагадаа “АН анх буусан буурин дээрээ буух ёстой” гэсэн байна лээ. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Анх ардчилсан хүчин 90-ээд онд гарч ирэхдээ юуг зорьж, эрмэлзэж гарч ирсэн билээ, тэднийг дэмжсэн хүмүүсийн хүлээлт юу байсан билээ. АН бол ардчилсан хүчний таван нам нэгдэж байгуулагдсан нам болохын хувьд ардчиллынхны нийтлэг үнэт зүйлийг тээж явах ёстой нам. Өнөөдөр тэр үнэт зүйл дээрээ хатуу зогсож чадаж байна уу? Өнгө төрх нь бусдаасаа ялгарч чадаж байна уу. Гучин жил ардчилалд саналаа өгсөөр ирсэн дэмжигчдийн маань нэлээд хэсэг нь энэ асуултад “үгүй” гэж хариулдаг болчихлоо. Амлалтын уралдаан, популизмын уралдаанд ороод барууны нам юм уу, зүүний нам юм уу, тогтсон үзэл баримтлалтай нам юм уу гэдэг нь ойлгомжгүй болсон. Иргэд, сонгогчдын урам хугарсан.

Ц.Элбэгдорж гуай АН анхныхаа үзэл санаа, зорилго тэмүүлэл ямар байсан тэр буурин дээрээ эргээд очъё гэж хэлсэн болов уу. Хэрэв тийм утгаар хэлсэн бол би санал нэг байна.Нэгэнтээ Ерөнхийлөгч асан хүний хэлсэн үгийг эш татсан учир Ерөнхий сайд С.Баяр гуайн хэлсэн үгийг эш татмаар санагдаж байна. Тэрээр “Монгол төрийн хоёр баганын нэг нь АН. Харамсалтай нь АН тэр үүргээ гүйцэтгэж, хариуцлагаа ухамсарлаж чадахгүй байна” гэж жиргэсэн. Зүгээр ч нэг хэлчихээгүй үг. Өрсөлдөгч МАН-ын дарга асан, Ерөнхий сайд асан хүн Монгол төр бүтэн байхын тулд АН хүчтэй байх ёстой гэж хэлж байна шүү дээ. Үнэхээр олон нийтийн зүгээс АН-ыг шинэчлэгдээсэй гэх хүлээлт их байна.

-Анхны үзэл санаан дээрээ эргэж очно гэхээр яг юуг хэлж байна вэ?

-1990 онд ардчилсан хувьсгал өрнөхдөө нийтлэг хоёр хүсэл тэмүүлэл дээр тулгуурласан. Нэг нь Америк, Герман, Япон гэх мэт барууны капиталист орнуудын хөгжлийн загвар буюу хувийн өмч, хүний эрхийг хамгаалсан чөлөөт эдийн засаг. Нөгөө нь үндэсний сэргэн мандлын үзэл санаа. Тухайн үед Чингис хаан, монгол бичиг, үндэсний зан заншил, түүх, шашин, соёл уламжлалаараа бахархах үзэл асар хүчтэй давлагаалж байсан. Социализмын үед хориотой байсан Р.Чойномын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндсэрхэг үзэл шингэсэн шүлгүүдийг хэнээс ч айж ичихгүйгээр уншиж, алдаршуулах боломжтой болох жишээний.

Одоо бид 30 жилийн өмнө юуг зорьж байв гэдгээ дахин санаж, эдийн засгийн бодлогын хувьд либерал, нийгэм соёлын хувьд консерватив тэр үзэл баримтлал дээрээ баттай зогсдог болох хэрэгтэй. Ингээд хэлэхээр зарим хүмүүс “За тэр гадаад нэр томьёо, зүүн, баруун нь яах вэ, монгол маягийн өөрийн хөгжлийн загвар хэрэгтэй” гэдэг. Тийм ээ, Монгол бол Монголоороо л хөгжинө. Гэхдээ тэр загвар маань аливаа асуудлыг төр зохицуулдаг, халамж, нийгмийн хамгааллын бодлогыг түлхүү тавьдаг загвар байх юм уу, эсвэл хувийн хэвшил, иргэний нийгмийн санаачилгад илүүтэй тулгуурласан, хувь хүн өөрөө өөрийнхөө төлөө хариуцлагатай амьдрахыг түлхүү шаарддаг загвар байх юм уу, энэ хоёрын аль нэг тал руу хэлбийж таарна. Төрийн оролцоо их байх ёстой гэх тусам зүүний, төрийн оролцоо бага байх ёстой гэх тусам барууны болж таарна. Улс төрийн нам гэдэг бол үзэл баримтлалын дор нэгдсэн хүмүүсийн нэгдэл. Сандал ширээ, албан тушаалын төлөө нэгдсэн хүмүүсийн нэгдэл биш. Бодлогынхоо ялгааг, өнгө төрх, онцлогоо тод гаргаж байхгүй бол эрх мэдлийн төлөө үхэлдсэн хэдэн өлөн нөхдүүд л болж харагдана. Ард түмэн сохор биш.

-АН өнөөдрийг хүртэл ямар замаар явчихсан юм бэ?

-90-ээд оны анхны чөлөөт сонгуулийн тэр үеэс намуудын өрсөлдөөн хэт хүч тэнцвэргүй байдалд эхэлсэн. МАН буюу тухайн үеийн МАХН нь орон даяар салбартай, бааз суурьтай, боловсон хүчний нөөцтэй байлаа. Социализмын үед зөвхөн засаг захиргааны нэгж дэх салбаруудаар тогтохгүй, бүх байгууллагад намын үүр байсан гээд бодохоор үнэндээ аварга бүтэц. Энэ аварга амьтантай өрсөлдөхийн тулд адилхан л орон даяар салбар нэгжүүдтэй, нүсэр бүтэцтэй болох шаардлага гарсан. Түүнийг тогтоон барьж ажиллуулахын тулд их хэмжээний мөнгө хэрэгтэй, ажиллагаа хэрэгтэй. Ингээд л үзэл баримтлал чухал, гэхдээ мөнгө ч бас чухал, сайн муу бүх л арга мэх чухал гэдэг юм руу орчихож байгаа юм.Мөн МА(Х)Н гэдэг том бул чулууг унагаж л байвал үзэл баримтлал нь баруун байна уу, зүүн байна уу хамаагүй болж, сөрөг хүчин бүгд л нэгдсэн. 2000 онд таван нам нэгдэж АН-ыг байгуулахад дотор нь социал демократууд, консервативууд, либертариуд, үндэсний социалистууд гээд бүгд холилдсон. АН-ын фракц хоорондын зодолдоон гээд л ярьдаг байлаа шүү дээ. Үнэндээ бол хөөрхий яалт ч үгүй итгэл үнэмшлийн ялгаанаас болоод бодлогын зөрөлдөөн, зөрчилдөөн тасрахгүй байсан хэрэг. Эрх ашгийн зөрчилдөөн бол ашиг сонирхлыг нь зохицуулбал алга болно. Итгэл үнэмшлийн зөрчилдөөн бол хэзээ ч арилахгүй. Сүүлийн жилүүдэд цаг үеийн асуудлаар намын илэрхийлж буй байр суурь, явуулж буй бодлого ч ойлгомжгүй болж эхэлсэн.

-Таны хэлээд байгаа асуудлыг шийдэхийн тулд намын дүрэмд өөрчлөлт оруулах хэрэгтэй юу?

-С.Эрдэнэ даргын үед АН үзэл баримтлалаа тодотгон баталж, “баруун төвийн нам” гэдгээ зарласан. Энэ баримт бичиг их сайн болсон. Одоо харин цаасан дээр байгаа энэ зүйлийг амьдрал дээр хэрэгжүүлж, институтын хувьд түүнийгээ хатуу мөрдөх хөшүүргийг дүрэмд тусгах шаардлагатай. Өнгөрсөн хугацаанд намын дарга, удирдах түвшний хүмүүс дураараа мэдэгдэл хийх, сюрприз барих явдал их гарч байлаа шүү дээ.

Ер нь намын даргын эрх мэдлийг задалж, хамтын удирдлагын зарчмыг дүрэмд суулгаж өгөх нэн шаардлагатай. Намын даргад эрх мэдэл хэт төвлөрснөөс болж тэр хүний хувийн байр суурь, үг үйлдэл нь намын байр суурь болж, холион бантан болж байна. Өмнө нь сайн муу ч гэсэн хэдэн фракцын толгой, лидерүүд хамт сууж байгаад, хэрэлдэж байгаад ч хамаагүй дундаасаа шийдэл гаргадаг байсан. Хамтын удирдлагын зарчим алдагдсанаас болоод лидерүүд тодорч гарахаа байсан.

-Өмнөх дүрмийн шинэчлэлээр намын даргаа намын бүх гишүүдийн саналаар сонгодог болсон. Таны бодлоор үүнийг хадгалаад аваад явах нь зөв үү, буруу юу. Танай намын зарим хүн “энэ нь намын лидерүүдийг бүдгэрүүлж байна” гэж тайлбарласан.

-Сонгуулийн ялагдлаас болоод өмнөх бүх шинэчлэлийг үгүйсгэх нь учир дутагдалтай юм. Нөгөө тийш хэт савлах вий. Сунгаа буюу бүх гишүүдийн оролцоотойгоор шат шатны намын дарга, удирдлагыг сонгох зарчимд сайн тал бий. Гишүүдээ идэвхжүүлдэг, нийгэмд намын болон лидерүүдийн сурталчилгаа давхар явагддаг, намын хороод гишүүдээ хэтэрхий хайрцаглаж, жижиг жижиг “вант улсууд” болохоос сэргийлдэг зэрэг дэвшилтэт сайн талтай. Сунгаанаас болж нам шат шатандаа хагарч бутарсан гэдэг сөрөг үр дагаврыг ярих хүн олон байгаа, үнэний хувьтай ч зохион байгуулалтаар засч сайжруулж болно. Бүх шатны сонгуулийг биш юм аа гэхэд ядаж зарим сонгуульт албаны тухайд бүх гишүүдийн санал хураалтыг үлдээмээр байгаа юм. Нэг тийшээ савласнаа нөгөө тийшээгээ хэт савлаад байхаар институтын хувьд тогтвортой байдал алдагдана. Тоглоомын дүрмээ 180 градус огцом эргүүлээд байхаар цаашид яаж явах билээ.

-2020 оны УИХ, Орон нутгийн сонгуульд АН ялагдал хүлээлээ. Таныхаар ялагдлын гол шалтгаан юу вэ?

-Олон асуудал хуримтлагдсаар УИХ-ын сонгуульд ялагдсан л даа. Орон нутгийн сонгуулийн тухайд бол алдсан үнэлгээгээ сэргээх, рейтингээ өсгөх цаг хугацаа байсангүй. Үүнээс гадна МАХН, ШИНЭ намтай хамтарсан явдал, зарим популист гэж харагдахуйц бодлого, шийдэл танилцуулсан явдал намын үнэлгээ унахад нөлөөлсөн байж болзошгүй. Нийслэлд АН-ын дэмжигчдийн нэг хэсэг нь ХҮ нам руу саналаа шилжүүлсэн нь хүнд туслаа. Сонгуулийн ялалт, ялагдал аравхан санал, зуухан саналын наана цаана шийдэгддэг шүү дээ. Гэтэл хэдэн зуугаар нь, мянгаар нь санал хуваачихаар ташраараа унаад өгч байгаа юм. Харин хөдөө орон нутагт есөн аймагт ялалт байгуулсан явдал бол амжилт. Тэр дундаа “улаан” аймгуудад ялалт байгууллаа. Монголын ард түмэн АН-д найдлага тавьсаар байгаа юм байна. Хонгилын үзүүрт тод гэрэл харагдаж байна.

-Намд үе солигдох асуудал яригдах боллоо. Та үүнд ямар байр суурьтай байха. Танай намын зарим гишүүд “Ах нар одоо болно, зөвлөөд яваач ээ” гэсэн байр суурьтай байна…

-Хууччуулаа хэтэрхий хажиглах болсныг би буруу гэж боддог. Ардчилсан намын үзэл баримтлалыг дэмждэг, дүрмийг нь хүлээн зөвшөөрсөн бол хэдэн настай, ямар хүйстэй байх нь хамаагүй. Фракц муухай гээд л байсан. Тэгээд одоо насаараа, хүйсээрээ фракцалдаг болвол бүр том ухралт. 70-аад оныхон, 80-аад оныхон гэдгээрээ фракцлаад явна гэвэл энэ нам дуусаа. Шинэ залуу манлайлагчид, лидерүүд гарч ирэх ёстой юу гэвэл гарч ирэх ёстой.Гэхдээ тэр хүмүүс хууччуулаа хайр найргүй шордож, хөөж тууж биш, хамтран ажиллах, өөрийнхөө хүчээр өрсөлдөж, суралцаж гарч ирэх ёстой. Тэгвэл өнөөдрийг хүртэл яагаад ингэж чадаагүй юм гэдэг асуулт гарч ирэх байх. Өрсөлдөөн хэрэгтэй ч, тунг нь тааруулах, дараа үеийнхээ лидерүүдийг бодлогоор гаргаж ирдэг байх ёстой байсан. Үүнийг тайлбарлая.

Улс төрийн нам гэдэг нийгэм дэх манлайлагчид, нөлөөлөгчид, салбар салбарын лидерүүдийг өөртөө татаж, тэднийг улс төрийн үйл ажиллагаанд татан оролцуулж, улс төрийн лидерүүдийг тэндээс төрүүлэн гаргаж байж рейтинг нь өсч, байр сууриа бэхжүүлдэг. Манай намын хувьд энэ бодлого үнэхээр дутуу дулимаг явж иржээ. Өндөр мэдлэг, чадвартай, тодорхой сегментэд нөлөөтэй ирээдүйтэй хүн намын үйл ажиллагаанд оролцъё гээд ирэхээр аль нэг намын хороонд элсэж орохоос авахуулаад хаалттай, дээшээгээ улс төрийн карьер өсөөд явъя гэхээр зэрлэг маягийн өрсөлдөөнд орж явахаас аргагүй болдог. Хор найруулна, хайрцаглана, яриа хөөрөө хийнэ, мөнгө төгрөг болно гэх мэт ийм арга зальд суралцах шаардлага гарна. Нийгэмд гадагшаа дуу хоолой болоод, үйл ажиллагаа явуулахдаа анхаарал, цаг заваа зориулж байх ёстой хүн чинь намын дотоод өрсөлдөөн, “зодоон” дунд хамаг хүч тамираа барах болчихдог. Ядаж байхад намын дарга нь дүрмийг өөртөө ашигтайгаар тайлбарлаад, өөрчлөөд явчих учир тоглоомын дүрэм нь ойлгомжгүй, ой ширэнгийн хууль үйлчлэх маягтай. Үүнээс халшраад ардчилсан үзэлтэй, ирээдүйтэй сайхан залуус нүүр буруулсаар ирсэн. АН ч дотоод өрсөлдөөнд хамаг санхүү, хүчээ бардаг нам болчихож байгаа юм. Тиймээс үүнийг бодлогоор зохицуулах, хаалга үүд нь нээлттэй нам болоход анхаарах ёстой. Дүрмийн шинэчлэлийн хэлэлцүүлэгт энэ санаа хүчтэй яригдаж байгаа.

-2016 оноос өнөөг хүртэл АН ялагдал хүлээлээ. Үзэл бодол, итгэл үнэмшлээрээ АН-д орсон таны үеийн залуучуудад цаг хугацаа хайран биш үү. Таны үеийнхний хэрэгжүүлэхийг хүссэн зүйлүүд нь цаасан дээр үлдэж цаг хугацаа өнгөрч байна шүү дээ…

-Мэдээж манай намд байгаа олон сайхан залуусыг харахад олон удаагийн ялагдал хүлээж, тэр залуусын боломж потенциалыг ашиглаж чадахгүй, карьерийг нь гацаагаад байгаа нь хайран санагддаг. Гэхдээ яг надад өөрт бол гайгүй ээ. Ингээд өөрийнхөө итгэл үнэмшлийг дагаад, улс төр оролдмор аядаад, ажиллаад зориод явж байгаа маань өөрөө амьдралын утга учир юм даа. Харин ялагдах үед төрдөг нэг харуусал бол, манай нам ялбал ийм бодлого хэрэгжүүлнэ, ийм ажил хийж чадна гэж байсан зүйлүүд унах явдал байдаг. Нийслэлд АН ганцхан удаа буюу 2012-2016 онд засагласан. Энэ үед “Хот нүүрээ угаасан юм шиг боллоо” гэж ярьдаг байсан. АН бол ажил хийж чаддаг нам. Одоогийн эрх баригчид манайхнаас юм асууж байх хэрэгтэй, бидний дэвшүүлж буй зөв санал санаачилгуудыг тусгадаг баймаар байна. Цөөнх боллоо гээд бид гараа хумхиад суухгүй ээ. Иргэдээ төлөөлнө, нүд чих нь болно, хяналтаа тавина, ардчиллынхаа манаачийг хийнэ, намаа шинэчилнэ. 2024 онд Ардчилсан нам хавтгай ялалт байгуулна гэдэгт би лав бүрэн итгэдэг.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Суманд заанууд, аймагт арслангууд Засаг дарга болдог цаг айсуй

Сүүлийн хорь, гучин жил спорт, урлагийнхныг орой дээрээ залсан, бүхнээс илүүд үзсэн, бахархан хүндэтгэсэн хандлага давлагааллаа. Тэр дундаа уяач, бөх хоёрыг тахин шүтэх үзэл дэвэрч, хэрээс хэтэрсэн нь нуугаад байх юмгүй ил үнэн. Хуучин нийгмийн үед уяач, бөх хоёр сураггүй байсан гэх том олзуурхал бий. Социализмын үед барилддаг, морь уядаг нөхөд хөгжлийн мухар салаа мөчир төдий л байсан юм. Сүүлийн үед уяач, бөх тойрсон хийрхлийг анзаарах нь ээ тэгж сүүлд эрэмбэлж, сүрхий ойшоож үздэггүй байсан нь ч зөв байж. Уяач, бөх хоёрыг мандуулсны горыг өнөөдөр монголчууд бултаараа амсаж байна. УИХ-ын чуулганы танхимд бөх гишүүд тохой нийлүүлж, уяач гишүүд хөөрөг солилцож яваа нь Итгэлт баяны хэлдгээр ёстой ичмээр дамшиг. Хойд хөршийн ДУМ-д булчинтай тамирчид нэг биш нэжгээд бий. Орос манай хоёрт л “бөх бол төр юм” гэсэн гажуу үзэгдэл сүрхий тод ажиглагддаг энэ үзэгдэл дэлхийд бол тохуутай егөө шиг харагддаг нь бас л үнэн.

Монголын төр дэх, УИХ дахь бөх, уяачдын арми ингэсхийгээд намжихгүй нь бололтой. Одоо аймаг, сумын дарга нарын орыг бөхчүүд эзлээд эхэлчихлээ. Өмнөговь аймгийн Номгон сумын Засаг дарга гэхэд л аймгийн арслан С.Идэрсүрэн. Говь-Алтай аймгийн засаг даргаар аймгийн заан О.Амгаланбаатар томилогдсон. Өмнөговь аймгийн Засаг дарга нь аймгийн заан Р.Сэддорж. Бөх засаг ноёдын жагсаалт ингээд дуусахгүй. Булган аймгийн Засаг даргаар аймгийн арслан, олон улсын хэмжээний мастер, жүдогийн найман удаагийн улсын аварга Б.Ариун-Эрдэнэ ажиллахаар болж байна.

Одоо сум, дүүрэг, аймгийн ИТХ-ын даргаар сонгогдсон бөхчүүдийг сонирхъё. Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг дарга аймгийн начин С.Шижирбаатар, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга аймгийн арслан Э.Саранбаатар, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Засаг дарга Монгол Улсын начин А.Батмөнх, Архангай аймгийн ИТХ-ын дарга Монгол Улсын харцага Б.Батжаргал, Дархан-Уул аймгийн Засаг дарга аймгийн арслан Азжаргал гэх мэтээр жагсаавал өчнөөн бөхийн нэр ирийж байна. За тэгээд бөх дарга нарын жагсаалт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумаар үргэлжилнэ. Есөнбулаг сумын Засаг даргаар аймгийн начин Д.Чинзориг ажиллахаар болжээ. Говь-Алтай аймгийн Тонхил сум ч бөх Засаг даргатай. Аймгийн начин М.Насанбат энэ сумыг ирэх дөрвөн жил удирдана. Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг дарга нь бас бөх. Сумын заан Д.Баттөр сумаа удирдана. Говь-Алтайн сумын бөх дарга нар ингээд зогсохгүй. Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргаар сумын заан Ч.Эрдэнэ-Очир ажиллахаар болж. Товчхондоо суманд заан, аймагт арслангууд Засаг дарга болдог цаг ирчихэж. Тийм цаг асар хурдтайгаар айсуй ирж явна.

Өнөөхөндөө аймаг, сумдын засаг ноёд, ИТХ-ын дарга нарын нэрс тодорсоор байгаа. Цаашдаа хичнээн бөх Засаг дарга, ИТХ-ын даргын суудалд тухлахыг хэлэхэд эрт байна. Эднээс юу гарна гэж, эднийг юу хийж амжуулна гэж аймаг, сумыг удирдуулж байгаа юм бол гэж адармаар санагдаж байна. Шуудхан хэлэхэд, тэд юу ч хийж амжуулж чадахгүй. Ер нь хөгжсөн дэвжсэн улсуудын түүхийг анзаарахад номтой, эрдэмтэй, мэдлэгтэй чадалтай технократууд л улс орондоо хөгжил авчирсан байдаг.

Тэгэхээр улс төр дэх бөх, уяачдыг шүтсэн дэмий хандлагаа эргэж харцгаая. Саяхан л гэхэд нэрийг нь буцаасан шүүгчийг уул уурхайн гэж адлаж ч байх шиг. Яг нарийндаа бид уул уурхайн салбараас орж ирсэн доллараар төгрөгөө цаас болгочихолгүйхэн шиг аж төрж яваа улс. Байгаа хэдэн банк нь нийлээд уул уурхайн дунд хэмжээний төслийг ч санхүүжүүлж хүчрэхгүй эдийн засагтай хэрнээ уул уурхайд, гадны хөрөнгө оруулагчдад улсаараа дургүй, хажиг аж төрцгөөдөг нь гашуун ч гэлээ үнэн. Уул уурхайгаас олсон мөнгөөрөө цалингаа тавьдаг төртэй, уул уурхайгаас орж ирсэн мөнгөөр ажилладаг сургууль, цэцэрлэгт хүүхдээ сургадаг хэрнээ идэж буй хоолыг нь олж өгсөн салбараа нүд үзүүрлэж адлаж, эрдэс баялгийн салбарыг унагах харалган шийдвэрүүд гаргаад байдаг нь яаж ч харсан гайхмаар үзэгдэл. Яагаад ийм гайхмаар үзэгдэл төр засгийн зүгээс тод харагдаад байдаг вэ гэсэн асуулт тавиад харъя. Бөх, дуучин, уяач гэх мэт урлаг спортынхонд төрийнхөө жолоог атгуулсан учраас тэр. Бусад шиг хөгжье, дэвжье гэж зорьж яваа бол хамгийн эхлээд хийх ажил бөх дарга нараасаа татгалзах. Тэгж байж л Монгол гэдэг улс уул уурхайгаа хөгжүүлж доллар олж, эрдсээ экспортолж олсон доллараараа бусад салбараа өөд нь татаж чадна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Шинжлэх ухаан хэрэглээнд зориулагдсан гэдгийг манай эрдэмтэд мэддэг үү? “хэмээн өгүүллээ​​​ ​ ​​

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ыг мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт Нийслэлийн онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Б.Мягмаржав “Урьдчилан сэргийлэх шалгалтын үр дүнд гал түймрийн дуудлага эрс багассан.” хэмээх нийтлэлийг I- VII нүүрнээс уншаарай.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Арилжааны банкууд бага хүүтэй эх үүсвэр авч харилцагч бизнесүүдээ санхүүжүүлээд явах боломж бий” гэв.

Зохиолч Б.Шүүдэрцэцэг “Хэрэв Хотулун гүнжийн тухай роман бичээгүй бол монголчууд Жек Уотерфордын “Монгол хатдын нууц товчоо”-нд бичсэнээс өөр эх сурвалжгүй л байх байж” хэмээв.

“Өдрийнсонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Шнжлэх ухаан хэрэглээнд зориулагдсан гэдгийг манай эрдэмтэд мэддэг үү? “хэмээн өгүүллээ.

Ч. Жигжидсүрэн “Ахыг маань зүрхний өвчнөөс болж нас барсан гэж дүгнэсэн. Зүрх муутай байсан ч цагдаа нар багалзуурдаагүй бол үхэхгүй шүү дээ гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу

. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу. “ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан, цас орохгүй

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Бүх нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 14-19 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Тэс, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.