НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн ажлын хэсэг Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг гурав дахь удаагаа авч хэлэлцлээ. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын дэгдэлт, улс орны өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан уг чуулган цахимаар хуралдсан юм. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улсад хүний эрхийг хангахтай холбоотойгоор цаазын ял, эрүүдэн шүүх, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд эмэгтэйчүүд, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал, жендерийн бодлого, хүний наймаа, эх хүүхдийн эндэгдлийг бууруулах, хоол хүнсний аюулгүй байдал, хууль зүйн туслалцаа, олон улсын гэрээ хэлэлцээр, хүүхэд хамгаалал, уул уурхай, байгаль орчин, ялгаварлан гадуурхах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг асуудлаар зөвлөмжийн хэрэгжилтийг дүгнэж, тайлагнах хэлэлцүүлэг боллоо.
Монгол Улс нь НҮБ-ын Хүний эрхийн хороогоор Хүний эрхийн төлөв байдлын үндэсний анхны илтгэлээ 2010 онд, хоёр дахь илтгэлээ 2015 онд тус тус хэлэлцүүлжээ. Уг хэлэлцүүлгээс Монгол Улсын Засгийн газарт дээрх 12 чиглэлээр нийт 150 зөвлөмжийг өгсөн байна. Мэдээллийг тухайн асуудлаар мэргэшсэн төрийн бус байгууллагууд холбогдох төрийн байгууллагуудтай хамтран гаргасан байна. Мөн 20 орчим аймаг, орон нутгийн 1000 гаруй иргэдээр хэлэлцүүлж, энэ чиглэлийн олон судалгаа, дүн шинжилгээний тайланг судалсны дүнд бэлтгэж, Хүний эрхийн форумаар хэлэлцэн баталсан байна.
Хүний эрх хөгжил төвийн тэргүүн Г.Уранцоож “Анхны хэлэлцүүлгийг 2008 оны дөрөвдүгээр сард хийснээс хойш хэлэлцүүлэгт НҮБ-ын гишүүн 193 орон хамрагдаад байгаа юм. Гурав дахь хэлэлцүүлгийн үеэр өмнөх хоёр хэлэлцүүлгээс улс орнуудад өгсөн зөвлөмж нэг бүрийг хэрхэн хэрэгжүүлснээ болон хүний эрхийн чиглэлээр гаргасан ололтуудаа танилцуулах юм. Бид тус хэлэлцүүлэгт оролцож буй иргэний нийгмийн байгууллагуудын байр суурийг сонслоо. Хэлэлцүүлгийн үеэр нийгэмд эсэргүүцлээ хүчирхийллийн хэлбэрээр илэрхийлэх тохиолдол цөөнгүй. Бид нийтийн тээвэрт үйлчлүүлж буй хүүхэдтэй, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй хүн болон ахмад настанд суудал тавьж өгөх үүрэгтэй. Энэ нь байж болох шударга хэм хэмжээ юм. Гэхдээ үүнийг шаардахдаа хүчирхийллийн бус аргаар илэрхийлэх нь чухал. Ялих, ялихгүй зүйл дээр үл тэвчсэн, бие биенийгээ доромжлох нь цөөнгүй ажиглагдсан. Энэ нь нийгмийн бухимдлыг харуулж байгаа ч нөгөөтэйгүүр үүнийг дэвэргэгч тал бас байна. Иргэд ингэж дэвэргэж байгаа талуудыг дэмжихгүй байх хэрэгтэй. Учир нь нийгмийг хагаралдуулах эрсдэлд та хувь нэмрээ оруулахгүй байх хэрэгтэйг сайн ухамсарлах ёстой. Монголчууд цөөхүүлээ. Бид эв санааны нэгдэлтэй, нэгнээ хайрласан, эрхийг нь хүндэтгэдэг байх нь нэн тэргүүнд тавих ёстой үнэ цэнэ юм” гэлээ. Харин Нээлттэй Нийгэм Форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан “Хүний эрхийн асуудал НҮБ-ын хамгийн чухал зорилтын нэг юм. Хүн төрөлхтний хүний эрхийг хүндэтгэж, хангаж, хамгаалах нь НҮБ-ын оршин буйн гол үндэс болдог. Энэ ч үүднээсээ Хүний эрхийн комисс гэж Эдийн засаг нийгэм соёлын зөвлөлийн дор байсныг статусыг нь өндөрсгөн Хүний эрхийн зөвлөл болгож өөрчилсөн. Үүнтэй холбоотойгоор улс орон бүрийн хүний эрхийн нөхцөл байдлыг 4,5 жил тутамд хэлэлцэж байхаар болсон билээ. Энэ хэлэлцүүлэгт НҮБ-ын гишүүн улс бүр идэвхтэй оролцож, тухайн улсын хүний эрхийн нөхцөл байдлыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулъя гэсэн зорилт тавьсан. Товчхондоо дэлхийн өнцөг булан бүрд хүний эрхийн нөхцөл байдлыг урагшлуулъя гэсэн үг юм. Энэхүү хэлэлцүүлэгт Монгол Улс гурав дахь удаагаа оролцож байна. Анхных дээр ес, хоёр дахид арав, энэ удаа мөн арван асуудлаар илтгэл явуулсан. Гол онцлог нь үндэстний тогтолцоо, бодлогын уялдаа, эрүүл мэндийн даатгал, санхүүжилтийн тогтолцоонд хүний эрхийг хэрхэн хангаж буй талаар илтгэл илгээсэн юм. Эхний циклиэс манай улсад 129 зөвлөмж өгснөөс 126-г хэрэгжүүлэх үүрэг амлалт өгсөн бол хоёр дахь циклиэс 164 зөвлөмжөөс 150-д үүрэг амлалт өгчээ. Хоёрдугаар циклиэс эхлэн ТББ-уудын дунд хугацааны хэрэгжилтийн тайланг НҮБ цахим хуудастаа нийтэлдэг болсон. НҮБ-ын гишүүн улсуудад бидний мэдээлэл очсон гэсэн үг” хэмээв.
НҮБ-ын гишүүн улсуудаас манай улсыг хүний үнэ цэнэ, эрх зүйн байдлыг сайжруулахад анхаарсан, ахиц гарсан хэмээн дүгнэж байв. Харин Хүүхдийн эрх болон ЛГБТИК хүмүүсийн эрх, гэрлэлтийг баталгаажуулах, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах талаарх зөвлөмжийг өгч байсан юм. БНСУ-аас Монгол Улсын Засгийн газраас жендерт суурилсан ялгаварлан гадуурхалт, эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд оролцуулах, дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай конвенцид нэгдэн орох хэрэгтэй гэсэн зөвлөмж өгсөн.
Харин Португаль улсаас Монгол Улсын Засгийн газарт өгч буй зөвлөмжид сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд анхаарах, жендер болон бэлгийн чиг баримжаанд суурилсан гэмт хэргийг бууруулахын тулд цагдаа нарыг сургах, хүний эрхийн хэрэгжилтийг хянах механизмыг анхаарах талаар онцлов. Сир улсаас Монгол Улсын Засгийн газарт өгч буй зөвлөмжид кибер гэмт хэргээс хүүхдийг хамгаалах орчинг бүрдүүлэх хэрэгтэй гэлээ. Тайланд улсаас Монгол Улсын Засгийн газарт өгч буй зөвлөмжөөр ЛГБТИК хүмүүс, ХБИ ялгаварлан гадуурхагдахгүй байх, уур амьсгалын өөрчлөлт, агаар, орчны бохирдлын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Беларусь улс хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг тэмцэх, охид, эмэгтэйчүүдийг энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх, хууль сахиулах байгууллагын алба хаагчдыг сургах, хууль зүйн яам өмнөх зөвлөмжийг авч хэрэгжүүлэхийг санал болголоо.
“Монгол дахь бэлгийн болон хүйсийн цөөнхийн эрх нь амьдралын маш олон хэсэгт ялгаварлан гадуурхагддаг. Тийм ч учраас тус тайланд эдгээр асуудлыг гаргаж ирэх гэж хичээдэг. Гэвч үгийн тоо заасан байдаг учраас хамгийн тулгамдаж буй асуудлыг оруулсан буюу нийт таван зөвлөмж гаргасан. Гэхдээ үүнээс гадна 13 зөвлөмжийг нэмэх хүсэлт гаргасан. Үүний дагуу төрөөс үндэсний төлөвлөгөөг гаргадаг юм. Монгол Улсын өнгөрсөн циклийн төлөвлөгөө маш гоё байсан. Гэвч таван жилийн дараа дүгнэхэд биелсэн нь маш ховор. Тухайлбал, өнгөрсөн арван жилд 25 зөвлөмж ирснээс нэгийг нь л биелүүлсэн. Энэ нь Эрүүгийн хуульд ялгаварлан гадуурхалтыг гэмт хэрэг гэж оруулсан явдал юм.Төрөөс үндэсний төлөвлөгөө гаргаж, хичээл зүтгэл гаргаж байгаа ч яаж ажиллахаа мэдэхгүй байна гэж үзээд олон улсаас бэлгийн болон хүйсийн цөөнхийн зөвлөгч урьж ажиллуулаач гэж хүссэн. Энэ нь тайланд оруулаагүй зөвлөмжийн нэг юм. Нөгөөтэйгүүр Израиль трансжендер олон нийтийн эрхийн асуудалд үлгэр жишээч улс юм. Бидэнд тус улсын дипломатчтай уулзах боломж гарсан учраас Монол Улсын Иргэний бүртгэлийн 14 дүгээр зүйлийг өөрчлөхөд зөвлөмж хүссэн. Мөн онцолж өгсөн хоёр томоохон зөвлөмж бол нэгдүгээрт, ялгаварлан гадуурхалтын эсрэг бие даасан цогц хуультай болъё, хоёрдугаарт, төрөөс бэлгийн болон хүйсийн цөөнхийн талаар олон нийтэд үнэн, зөв мэдээлэл хүргэхэд анхаарахыг чухалчилсан” хэмээн ЛГБТ төвийн Эрх зүйн хөтөлбөрийн менежер Э.Энхмаа хэллээ.
Хүний эрхийн хамгааллын тухай хуулийг яаралтай батлуулах шаардлагатай талаарх зөвлөмжийг ихэнх улс орны төлөөлөгчид хэлж байлаа. Мөн шүүх хуулийн байгууллагын хараат бус байдал, кибер гэмт хэргээс хүүхдийг хамгаалах орчинг бүрдүүлэх шаарлагатай байгаа талаарх асуудал олон улсын анхаарлыг ихээр татаж байв.