Монгол Улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадоржтой ярилцлаа.
Тэрбээр хатуу хөл хорионы үед хүн бүр эв нэгдэлтэй хамтарч ажиллах нь чухал болохыг онцолсон юм.
-Манай улс дотооддоо халдвар алдсантай холбоотойгоор хатуу хөл хорио тогтоосон. Иргэд, төр засгийн хувьд ч тэр өнөөгийн нөхцөл байдал өмнө нь тохиолдож байгаагүй шинэ сорилт. Тиймээс аль аль талдаа барьц алдах үзэгдэл байх шиг байна. Та нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Монголчууд бид хүндхэн сорилттой нүүр тулж байна. Хохирол багатай даваад гарах нь эргэлзээгүй.
Хамгийн гол нь халдвар хэдий үед зогсох нь тодорхойгүй энэ үед төр засаг, онцгой комисс, эрүүл мэндийн албаныхны хийж хэрэгжүүлж байгаа арга ажиллагааг дагахаас өөр аргагүй. Иргэд нэгдсэн сахилга бат, дэг журамд захирагдаж явах ёстой.
Мэдээж өмнө нь тохиолдож байгаагүй нөхцөл байдал. Төр засаг бүх л нөөц бололцоогоо дайчилж байгаа гэж ойлгож сууна. Буруу зөрүү шийдвэр гаргаагүй болов уу гэж итгэж байна.
Төрөөс хөл хориог чангаруулж байгаа нь зөв. Бид төрийнхөө хэлсэн үг, үйлдлийг дагах учиртай. Нэг хэсэг иргэд маань амны хаалтаа зүүхээ больж, нэлээд назгайрлаа шүү дээ.
Халдвар гарахаас хагас сарын өмнө л гэхэд маск зүүгээгүй хүн зүүснээсээ олон байлаа. Тэр нь ч нөлөөгөө үзүүлж, өвчин дэлгэрэх шалтгаан болсон байхыг үгүйсгэхгүй.
Тийм учраас Засгийн газар, Онцгой комиссоос арга хэмжээгээ чангаруулж байгаа нь иргэдийнхээ төлөө гэсэн хичээл зүтгэл хэмээн ойлгож, дагаж хэрэгжүүлэх нь туйлаас чухал юм.
Одоо хүн бүрийн хичээл зүтгэлээс л бүх зүйл шалтгаална. Түүнээс биш тэрнээс болж ингэлээ тэглээ хэмээн хэн нэгнийг буруутгаж, шүүмжлэх цаг үе нь одоо биш. Энэ нь халдвартай тэмцэхэд ямар ч эерэг үр дүн авчрахгүй.
Гол нь бид энэ аюулт тахлыг эсэн мэнд даваад гараад ирэх хэрэгтэй. Би ахмад хүний хувьд, төр засагт зохих үүрэг гүйцэтгэж явсан зүтгэлтний хувьд нийт монголчуудаасаа эвтэй байж хамтын хүчээр бэрхшээлийг даван гарцгаая гэж уриалж байна.
Ганцхан Засгийн газар санаачилга гаргах бус хүн бүхэн өөрсдийн хичээл зүтгэлээ зориулах ёстой. Магадгүй санал онол байвал түүнийгээ хэлж, харилцан ойлголцож, эвтэй найртай байх нь туйлаас чухал.
-Хөл хорио тогтоох үед зарим иргэн хүнс их хэмжээгээр нөөцөлсөн. Ер нь манай улсад хүнсний хомсдол үүсэх эрсдэл бий юү. Та энэ салбартай нягт холбоотой явж ирсэн хүний хувьд нөхцөл байдлыг ажиглаж байгаа байх?
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд хэд хэдэн удаа анхаарууллаа. Энэ бол хүнсний нөөц хангалттай хэмээн иргэдийг хий хоосон тайвшруулж байгаа зүйл биш. Нөөц байгаа учир баримттай мэдээлж байгаа юм. Төрийнхөө үгийг сонсох хэрэгтэй.
Мөн би салбарын яамтай ойрхон байдаг, энэ жилийн ургацын байдлыг сайн мэдэх хүний хувьд дахин баталж хэлж байна. Гурил, будаагаар тасалдах зүйл байхгүй. Мал махны хувьд арай ч дээ, 60-70 сая толгой малтай монголчууд өлсөнө гэвэл түүн шиг өрөөсгөл зүйл байхгүй байлгүй дээ.
Тариа будааг сайжруулах чиглэлээр гаднаас багахан авахыг үгүйсгэхгүй. Энэ нь хүнсний хомсдолд орох гэж байгаагаас үүдсэн хэрэг биш. Байгаагаа сайжруулах, чанаржуулах чиглэлээр авах арга хэмжээ мэр сэр байж болно гэж хэлж байгаа юм.
Ер нь будаа гурил, ч мах, ногоо зэрэг
Үйлдвэрлэл явагдаж, дэлгүүр хоршоогоор зохих горимын дагуу түгээлт хийгээд явж байгаа. Хүн нэг гарахдаа 2-3 хоногийн хүнсээ базаагаад авчихад болно.
Түүнээс их хэмжээгээр бөөндөөд авчихаар зохиомол хомсдол үүсэж, үйлдвэрлэгч, түгээгчийг ч тэр ажиллах горимыг нь алдагдуулаад байгаа юм. Халдварыг даваад гарахад хүнсний нөөц дээр айж эмээх зүйлгүй.
-Хөл хорионы үед эдийн засагт үүсэж болзошгүй хүндрэлийг хэрхэн харж байна вэ?
-Өвчнийг дарж авах нь нэгдүгээр зэргийн асуудал. Гэхдээ ийшээ хамаг анхаарлаа хандуулна гээд төсөв мөнгө, эдийн засгаа орхиж болохгүй. Корона дуусна.
Амьдрал цаашаа үргэлжилнэ гэдгийг бид сайтар бодож хаана хаанаа анхаарах шаардлагатай байна. Төрийн зохих албаныхан тал бүрээс нь бодолцож шийдвэр гаргаад явна гэдэгт итгэж байна.
Эдийн засгаа айхавтар доройтуулахгүй даваад гарчихмаар байна.
-Та ярилцлагын төгсгөлд нийт уншигчдад хандаж юу хэлэх вэ?
-Хүн бүхэнд хандаж үүрэг хариуцлагаа сайтар ухамсарлан, эх орон, ард түмнийхээ төлөө эрвийх дэрвийхээрээ анхаарч, төр засгийн шийдвэрийг ухамсартайгаар ойлгож, хэрэгжүүлэх тал дээр санал нэг, эвтэй найртай ажиллавал энэ аюулт өвчний ард гарна.
Цаашид улс орноо эргэлт буцалтгүй хөгжүүлэх үйлсэд урам зоригтойгоор орох юм. Би хүн бүр гэж тодотгож байна. Үүнд хүүхэд, хөгшид, дарга, цэрэг ялгаагүй хичээл зүтгэл гаргах учиртай.
Хүүхэд байвал хэлж ойлгуулж, ухамсарлуулж явах ёстой. Эх орноо хайрлах энгийн зүйлээс эхэлдэг.
Г.БАТЗОРИГ