Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМ: Цагдаагийн газрын даргыг томилов

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Орхон аймгийн Цагдаагийн газрын даргаар цагдаагийн хурандаа С.Цэрэнсамбууг томилсон байна. С.Цэрэнсамбуу нь 1997 онд Цагдаагийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй аж.

Ажлын гараагаа Сүхбаатар дүүргийн хорооны цагдаагаас эхлүүлж 1997-1998 онд Архангай аймгийн Цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч, 1998-2003 онд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, 2003-2007 онд Эрүүгийн цагдаагийн газарт ахлах төлөөлөгч, 2007-2008 онд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасагт хэлтсийн дарга, 2008-2009 онд Эрүүгийн цагдаагийн газарт ахлах төлөөлөгч, 2009-2012 онд Архангай аймгийн Цагдаагийн газрын дэд дарга бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, 2012-2016 онд Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, 2016-2020 онд Завхан аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байжээ.


Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

СЭЛЭНГЭ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМ: Спорт заал ашиглалтад орлоо

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд барьсан шинэ спорт заалны нээлт энэ сарын 24-нд болжээ. Тус заал нь орон нутгийн хүүхэд залуучууд, ард иргэдийг биеийн тамир спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, бүх нийтийн спортыг түгээн дэлгэрүүлэх үндсэн зорилгын дор бий болсон бүтээн байгуулалт юм. Шинэ заалны нээлтэд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, орон нутгийн удирдлагууд болон Алтанбулаг сумаас төрсөн тамирчдын төлөөлөл оролцлоо. Уг барилгыг БСШУЯ-ны захиалгаар “Тоонто гранд” компани зураг төслийг гаргаж, “Энх бизнес өгөөмж” компани гүйцэтгэжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга Г.Занданшатар Элчин сайд Катрин Ивкофыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Катрин Ивкофыг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд Катрин Ивкоф дэлхий нийтийг хамраад байгаа Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, холбогдох байгууллагуудын хийж байгаа ажил үр дүнд хүрч байгааг онцлон тэмдэглэв.

Канад Улсаас Монгол Улсад мэргэшсэн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх, эрдэс баялгаас олсон орлогыг үр ашигтай зарцуулах, ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгааг дурдав. Тухайлбал, өнгөрөгч есдүгээр сард УИХ, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Төрийн албаны шинэтгэл-Ёс зүйн хандлага” сэдвийн хүрээнд гурван өдрийн зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсан. Мөн Азийн сантай хамтран жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийн нэмэгдүүлэх нь” төслийг эхлүүлсэн талаар танилцууллаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар ардчилал, парламентын засаглал, хүний эрхийг дээдлэх, хууль эрхзүйт ёсны зарчмыг хүндэтгэх зэрэг үнэт зүйлс нь манай хоёр улсын хамтын ажиллагааны үндэс суурь болж байгааг тэмдэглээд, Канад Улс нь хөрөнгө оруулалтыг дэмжих, хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх замаар Монгол Улсыг тууштай дэмжиж хамтарч ажиллаж ирсэнд баяртай байдгаа илэрхийлэв.

Улсын Их Хурал, Засгийн газраас Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хууль эрх зүй, эдийн засгийн реформыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Хууль эрх зүйн орчныг шинэчлэх ажлын хүрээнд 40 гаруй хуулийг батлах учиртай. Эхний ээлжид намрын чуулганаар Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай болон Шүүхийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, хууль сурталчлах цахим систем, УИХ-ын албан хэрэгцээний өдөр тутмын цаасны хэрэглээг багасгахаар программ хангамж, системүүдийг хэрэглээнд нэвтрүүлж байгаа талаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл өглөө. Тодруулбал, хууль санаачлагч, төсөл боловсруулагчдад зориулсан lawmaker.parliament.mn, иргэд олон нийт хуулийн төсөлд санал өгөх, хэлэлцүүлэгт оролцох боломжийг бүрдүүлсэн lawforum.parliament.mn гэсэн үндсэн хоёр системийг нэвтрүүлж байгаа.

Түүнчлэн Улсын Их Хурлаас гадаад худалдааг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, үр ашгийг нь дээшлүүлэхэд анхаарлаа хандуулж, энэ талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, хууль эрх зүйн орчныг сайжруулахад чиглэгдсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна гэлээ.

Уулзалтын үеэр талууд худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн хамтын ажиллагааны талаар болон цаг үеийн бусад асуудлаар ярилцаж, санал солилцлоо

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

УВС АЙМГИЙН УЛААНГОМ СУМ: Эмээл урлаж зах зээлд нийлүүлж байна

Улаангом сумын 8 дугаар багийн малчин Д.Амарсайхан эмээл урлаж зах зээлд нийлүүлсээр байна. Тэрбээр жилд дунджаар 20 гаруй бүрэн тоногтой эмээл хийдэг аж. Энэ нутагт зөвхөн Д.Амарсайхан бус, түүний төрсөн ах, дүү дөрвүүл эмээл урлаж жилд 150-200 бүрэн тоногтой эмээлээ зэргэлдээ сум, аймгийн малчдад борлуулдаг байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЕСӨНБУЛАГ СУМ: Шатарчид оюун ухаанаа сорив

Говь-Алтай аймаг дахь Шатрын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24, 25-нд “Мазаалай” театрт боллоо. Тэмцээнд найман сумын 12 сургууль, 20 цэцэрлэгийн нийт 120 тамирчин долоон насны ангиллаар өрсөлдөж, 63 өсвөрийн шатарчин шагналт байрт шалгарсан юм. Тэмцээнийг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Шатрын холбоо хамтран зохион байгуулж, “Алтай төмөр” компани ивээн тэтгэжээ.

Categories
мэдээ нийгэм

Дархан-Уул, Дундговь, Хэнтийн замд халтиргаа гулгаа үүсээд байна

Хоёр өдөр үргэлжлэн орсон цасны улмаас Дархан-Уул, Дундговь, Хэнтийн чиглэлийн даваа гүвээтэй замд халтиргаа гулгаа үүсээд байна. Тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй байгаа талаар АТҮТ болон ТЦА-наас анхааруулж байна.

Жолооч нарт хандан тээврийн хэрэгсэл зуны дугуйтай бол өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг учирч болох эрсдлээс хамгаалж өвлийн дугуйгаар солихыг сэрэмжлүүлэн анхааруулж байна.

Эрс тэрс уур амьсгалтай, цас их ордог, хүйтэн байдаг манай орны хувьд зуныхаа дугуйг өвлийн дугуйгаар солих шаардлага зайлшгүй гардаг. Учир нь зуны дугуй нь хүйтнийг тэсвэрлэх чадвар муутай, хөлддөг. Ингэснээр дугуйн хий сулрах, замтай харьцах чадвар алдагдах, хөлдсөнөөс болж язрах, бензин түлш зарцуулалт ихсэх цаашлаад бидний эдийн засагт ч сөргөөр нөлөөлдөг.

Иймд жолооч нар өөрсдийн болон бусдын амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдлээс хамгаалж зуны дугуйгаа өвлийн дугуйгаар сольж хөдөлгөөнд оролцохыг ТЦА-наас анхааруулж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЧАНДМАНЬ-ӨНДӨР СУМ: Суманд 89 ажлын байр бий болов

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сум хүн бүрт ээлтэй орчин бүрдүүлэхээр ажиллаж байна. Тус сум “Жишиг хороолол”, “Сайн хашаа”, “Гэрэлтэй Чандмань” хөтөлбөрийг хэрэгжүүлэн иргэдийн ая тухтай амьдрах орчин бүрдүүлэхийн сацуу сумандаа бизнес эрхлэн амьдрах боломжийг дэмжиж таван төрлийн төсөлд 63 иргэн, өрхийг хамруулжээ. Ингэснээр 89 ажлын байр бий болгосон байна. Мөн 100 бүл зөгий нэмж, зоорь, савлагааны цехийг шинээр ашиглалтад оруулснаар цэвэр зөгийн балыг орон нутгийн зах зээлд нийлүүлж байна. Түүнчлэн, энэ онд 100 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орж, 320 хүүхдийн хичээлийн барилга дуусах шатандаа оржээ. Үүнд сумын Засаг дарга Х.Энхтүвшин санаачилга гарган ажиллаж байгааг нутгийнхан нь хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Захиалгын утсаар 186 хүн эмнэлэгт үзүүлэх цаг авчээ

ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээгээр (2020.11.01-ний өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ) захиалгын 1800-0119 дугаарт 234 дуудлага холбогдож, үүнээс 186 нь эмнэлэгт үзүүлэх цаг захиалжээ. Мөн 1800-0119 дугаарын утсанд хүүхдийн 10 эмч мэдээлэл, зөвлөгөө тогтмол өгч байна. (Энгийн утасны тарифаар)

Улсын гуравдугаар төв эмнэлгийн амбулаториор 33 хүн үйлчлүүлсний 2 нь хөдөө, орон нутгаас ирж үзүүлсэн байна. Амралтын өдөр яаралтай 42 мэс засал хийжээ. Төрөлжсөн төв эмнэлгүүдэд 3412 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 249 нь хөдөө, орон нутгаас, 145 нь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.

Нэн яаралтай түргэн тусламж авах иргэд 103 дугаарт холбогдох шаардлагатай байдаг тул иргэд зөвлөгөө, мэдээлэл авах бол 1800-0119 дугаарт хандахыг ЭМЯ-наас мэдээллээ.

Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэдийг дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар амны хаалтаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Зуун жилийн ганцаардал”

Зохиолч Габриель Гарсиа Маркесын утга зохиолын Нобелийн шагнал авсан “Зуун жилийн ганцаардал” хэмээх номыг та бүхэндээ ярьж өгье. Эл ном нь Маркесын хамгийн алдартай бүтээл бөгөөд дэлхийн олон оронд бестселлер болж, чухам түүний нөлөөгөөр Латин Америкийн уран зохиолыг дэлхийд дэлгэрсэн гэж хэлэхэд хилсдэхгүй. Маркес уг бүтээлээрээ 1982 онд Нобелийн шагнал хүртсэн бөгөөд 2002 онд Норвегийн Номын клуб “Зуун жилийн ганцаардал” романыг “Дэлхийн шилдэг 100 зохиол”-ын нэгээр нэрлэжээ. Нэрнээс нь болоод ч тэр үү, уг номыг хүмүүс философилог, ганцаардлын тухай ном гэж боддог. Гэхдээ яг уншаад үзэхэд хүмүүсийн боддогоос огт өөр өгүүлэмж, илэрхийлэлтэй юм билээ.

Тэрээр энэхүү номоо бичихдээ уран зохиолын шидэт реализм хэмээх төрлөөр бичсэн. Зохиолын тухай товч дурдвал ид шид, зүүд, дүрүүд ерөөс Макондо тосгоны амьдрал тэр чигээрээ бидний амьдрал мөн чанарыг өгүүлсэн мэт.

Буэндиа хэмээх нэгэн удмын гэр бүл Макондо гэх суурингийн үндсийг хэрхэн тавьж, өсөж хөгжиж, эцэст нь хэрхэн мөхөж буй тухай үйл явдлыг зуун жилд буюу тэрхүү гэр бүлийн зургаан үеэр харуулна. Энгийн нэгэн гэр бүлийн амьдрал, эгэл жирийн л нэг тосгоны тухай түүх мэт боловч уншигч чухам эндээс л Буэндийн гэр бүлийнхний дүр болгоны өвөрмөц онцлог, бодит байдалтай нь нягт уялдан холбогдсон ид шидийн гэмээр адал явдал, Макондо хэмээх зохиомол тосгоноор харуулсан улс төр, дайн, колоничлол, соёл гэх мэтээр бидний огт мэддэггүй Латин Америкийн аж байдлыг гайхамшигтай харуулсныг мэдрэх боломжтой. Буэндийн гэр бүлийн эрчүүд үргэлж хамаатнууддаа татагдан үеэлүүдтэйгээ гэрлэх гэх мэт сонин, содон үйл явдлууд их бий.

Ерөнхийдөө Буэндийн удмынхны бүх зөгнөл Мелькайдес хэмээх нэгэн цыган эрийн гараар бичигдсэн байдаг нь хамгийн сонирхолтой. Мөн Хосе Аркадион эхнэр Урсулагийн “Цаг хугацаа урагш явдаг бус тойргоор явдаг, нэг л тойргоор эргэж байдаг” гэсэн энэхүү үгэнд үйл явдлын гогцооны тайлал оршиж байх шиг.

Зэвсэгт үймээн дэгдээж, босогчид удирдан насан туршдаа тэмцсэн ч юуны төлөө ийн явснаа эцсийн мөчид ойлгох хурандаа Аурелиано, энэ хүүхдийг юугаар ч дутаалгүй өсгөсөн хэмээн бодох ч эцэст нь эргэн тойрон дахь амьдралаасаа аль хэдийнэ залхаж, өөрөө өөрийгөө бий болгосон Хосе Аркадио, юунд ч үл ганихран ганцаар тэнүүчлэх үзэсгэлэнт Ремедиос гээд өөр өөрийн ертөнцдөө амьдрах дүрүүд.

Бодит байдал ид шид нь ялгагдахгүй үйл явдлуудтай, олон адилхан нэрэн дотор төөрөөд ойлгоход хэцүү гэсэн ядруухан төсөөлөлтэй энэхүү номыг эхлүүлж байлаа. Баялаг нарийвчилсан өгүүлбэр, олон дүр, ээдрээтэй хүүрнэл бүхий энэхүү зохиолыг уншихад тийм ч амар биш. Гэхдээ зохиолд гарах хайр дурлалын түүх, иргэний дайн, улс төрийн нууц явуулга, дэлхийг тойрон адал явдал эрэгчид тоогоо алдсан Аурэлиано нэртэй дүрүүд номыг үнэхээр гойд бахдам бүтээл гэдгийг мэдрүүлэх аж. Эхний уншилтаар тэр болгоныг олж харж чадаагүй тул дахин заавал унших хэрэгтэй юм байна гэсэн бодолтойгоор номоо дуусгалаа.

С.ЛХАМСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

П.Амаржаргал: Хотын дарга бол төсөв захиран зарцуулалтаараа УИХ-ын гишүүнээс илүү эрх мэдэлтэй

Хууль зүйн ухааны доктор, дэд пропессор П.Амаржаргалтай ярилцлаа.


-УИХ-ын гишүүний эрх мэдлийн цар хүрээг хуулинд хэрхэн тусгаж зааж өгсөн байдаг вэ. УИХ-ын гишүүн ямар эрх мэдэлтэй байдаг юм бэ?

-Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын тухай хуулинд УИХ-ын гишүүний эрх мэдэл, үүргийг заасан байдаг. УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална гэж тодорхойлсон байдаг. Үүнээс харахад, УИХ-ын гишүүний гол чиг үүрэг бол ард түмний нийтлэг эрх ашгийг төлөөлнө гэж ойлгогдоно. Дэлхий нийтийн чиг хандлага ч ийм л байдаг. Та бүхэн анзаарсан бол УИХ-ын гишүүн болоход тавигдах шаардлага бага байдаг. 25 нас хүрсэн байх, татварын өргүй байх гэсэн цөөхөн хэдэн шаардлага бий. Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд зааснаар УИХ-ын гишүүнийг төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн гэж заасан. УИХ-ын тухай хуулийн 8 дугаар зүйлд УИХ-ын гишүүний бүрэн эрх бүхий 18 заалт бий. Гол томоохон эрх мэдэл нь хууль санаачлах, хууль батлах эрхтэй. Мөн засгийн газрын гүйцэтгэх эрх мэдлийн хуваарьт оруулбал засгийн газрын гишүүнийг томилох, Ерөнхий сайдад асуух асуулга тавих, мөн хянан шалгах бүрэн эрхтэй.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүний бүрэн эрх ямар байдлаар хумигдсан бэ?

-Тийм. Хуучин бол УИХ-ын гишүүн өөрөө Засгийн газрын гишүүнээс нэг бүрчлэн асуулт асууж томилдог байсан. Шинэ Үндсэн хуулиар энэ эрх Ерөнхий сайдад шилжсэн. Ерөнхий сайд өөрөө засгийн газрын гишүүдийг сонгоод, УИХ-д оруулж баталдаг болсон. Өөрөөр хэлбэл, гишүүний эрх засгийн газрын хүрээнд нэлээд хумигдсан. Мөн төсөв сангийн эрх мэдлийн хувьд нэлээд хумигдсан. Хуучин хуулиар УИХ-ын гишүүн төсөв санхүүг хэлэлцэж байгаад өөрийн дурын саналаа оруулдаг байсан бол одоо зөвхөн засгийн газраас оруулж ирсэн санал дээр нэмж зарлага гаргах тухай санал оруулдаг болсон. Өөрөөр хэлбэл, шинэ Үндсэн хуулиар УИХ-ын гишүүн гэдэг бол ард түмнийг төлөөлдөг ийм шинж рүү ойртож байна. Өмнө нь УИХ-ын гишүүн бол төрийн эрх барих дээд бйгууллага гэдэг өргөн цар хүрээнд ажилладаг байсан бол одоо ард түмнийг төлөөлөх мэргэжлийн байгууллага руу ойртож байна гэсэн үг. УИХ-ын гишүүн төсөв мөнгөний эрх мэдлийн хувьд хууль санаачлахад тодорхой төсөв мөнгө байдаг.

-УИХ-ын гишүүний эрх мэдлийн цар хүрээ хумигдсан нь гишүүдэд ямар нөлөө үзүүлж байгаа бол?

-Гишүүдэд нөлөөлөлгүй яахав. Одоогийн шинээр сонгогдсон ихэнх гишүүдийн зарим нь үүнийг мэдэхгүй явж байгаа ч байж магад. Өмнө нь УИХ-ын гишүүд дурын Засгийн газрын гишүүнийг дуудаад тойрог дээрээ төсөв тавиулаад явдаг байсан бол энэ нөхцөл байдал өөрчлөгдсөн. Манай парламент илүү мэргэжлийн чиг хандлага руугаа явж байна гэж хуульч хүний хувьд харж байгаа. Өмнө нь бүх юм руу ордог байсан бол одоо орох хүрээ хязгаарыг хумиад өгчихлөө. Олон улсад ч мөн УИХ-ын гишүүдийн эрх ийм л байдаг. герман, Япон, англи, Франц, Солонгос улсын жишгээс харахад УИХ-ын гишүүн бол ард түмнийг л төлөөлж, хууль баталдаг болохоос төрийн өндөр албан тушаалтан биш. Иргэдийн төлөөлөгчийн ажил байдаг. Манайд бол төрийн эрх барих дээд байгууллага гэж нэрлээд яваад байгаа болохоос. Дэлхийн ихэнх орны үндсэн хуулинд парламент бол төлөөллийн дээд байгууллага гэж тодорхойлсон байдаг. Харин шинэ Үндсэн хуулиар гишүүний эрх үүргийг гадны жишиг рүү ойртууллаа гэж харж байна.

-УИХ-ын гишүүн асан Д.Сумъяабазар хотын даргаар томилогдсоныхоо дараа сэтгүүлчдийн асуултад “Биеийн амрыг бодвол би УИХ-ын гишүүн баймаар байна” гэж хариулсан. Энэ тухайд?

-УИХ-ын гишүүн гэдэг бол тийм амар ажил биш. Жишээлбэл, тойргийнхоо иргэдтэй уулзаж, намын бүлгийн хуралдаа сууна, байнгын хорооны хуралд сууна, чуулганы нэгдсэн хуралдаанд сууна гээд ажлын таван өдөр өдөр бүр завгүй хуралд суух ёстой. Даваа гаригт намын бүлгийн хуралтай, мягмар, лхагва гаригт байнгын хороо, дэд, ажлын хэсгийн хуралдаанд сууна. Пүрэв, баасан гаригт чуулганд суудаг. Ихэнхдээ хуралд суудаг ажилтай. Чуулганы хуралдаанд суухгүй өдөр тойрогтоо очиж ажиллана. Мөн тойргийнхоо сонгогчиддоо ажлаа тайлагнах гээд завгүй ажилтай байх ёстой. Шинэ хотын дарга Д.Сумъяабазар ямар учраас ингэж хэлснийг сайн мэдэхгүй байна. Биеийн амрыг бодвол гишүүнээ хийж баймаар байна гэдэг үгийн цаана улс төрийн өнцөг байгаа байх гэж хуульч хүний хувьд харж байна. Улс төрийн өнгө, намын үйл ажиллагаанаас шалтгаалж байгаа болов уу. Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болно. Нийслэлээ удирдаж орох ёстой гэдэг ийм олон хүчин зүйлээс шалтгаалж хэлсэн байхыг үгүйсгэхгүй. Тэрнээс биш УИХ-ын гишүүн байх нь хийх ажил ихтэй. УИХ-ын гишүүн байх уу, хотын дарга хийх үү гэдэг бол тэр хүний сонголт юм. Хуулинд сонголт хийх эрх нээлттэй байгаа.

-УИХ-ын гишүүн, Хотын дарга хоёрын аль нь илүү эрх мэдэлтэй, өндөр албан тушаал юм бэ. Энэ тухай хуулинд хэрхэн зааж өгсөн байдаг вэ?

-Улс төрийн өндөр албан тушаал гэдгийг аль өнцгөөс харахаасаа шалтгаална. Мэдээж төрийн өндөр албан тушаалтны ангилал зэрэглэл гэж бий. Үүгээр авч үзвэл, УИХ-ын гишүүн нь өндөр албан тушаал. Гэхдээ хийж байгаа ажил, төсөв санхүү зарцуулах зэргээс харах юм бол Нийслэлийн Засаг даргын эрх мэдэл их. Жишээлбэл, нийт улсын төсвийн 10 хувийг нийслэлийн төсөв эзэлж байна. Иргэдийн төлөөлөгчийн хурлаар батлагдсан тэр төсвийг захиран зарцуулах эрх нь Засаг даргад байдаг. Энэ хүрээнд авч үзвэл, нийслэлийн оршин суугч 1,5 сая хүний татварын мөнгө, төсвийг хамаарсан тушаал шийдвэр заавар гаргах эрх бүхий албан тушаал юм. Монгол Улсын төсөв дунджаар 12 их наяд төгрөг байлаа гэхэд хотын дарга нэг их наяд төгрөгийн төсвийг зарцуулах эрхтэй гэсэн үг.

-Хотын даргын эрх, үүргийн тухайд хуулинд юу гэж заасан байдаг вэ?

-Нийслэлийн Засаг даргатай холбоотой Монгол Улсын 170 –аад хууль байна. Засаг даргын гол ажил нь аж ахуйн ажил байдаг. Тухайн нутаг дэвсгэрийнхээ төлөвлөлт, эдийн засаг, газар, байгалийн баялаг, нийгмийн хамгаалал, хууль ёс, дэг журам, аюулгүй байдал, иргэдийн эрх чөлөөг хамгаалах өргөн хүрээний бүрэн эрхийг хэрэгжүүлэх ёстой.Засаг захиргаа нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулинд төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төлөөлөгчийг Засаг дарга гэж тодорхойлдог. Тэгэхээр Засаг даргын үүрэг бол төрийн удирдлагыг хэрэгжүүлэх юм. Харин УИХ-ын гишүүн бол ард түмний төлөөллийг хэрэгжүүлнэ. Хоёр чиг үүргийн өөр албан тушаал юм. УИХ-ын гишүүн бодлого тодорхойлно, хотын дарга аж ахуйн ажил, өдөр тутмын гал тогооны ажил ихтэй.

-Хотын даргын ажилд иргэд хэрхэн хяналтаа тавих боломжтой вэ?

-Хотын даргын ажилд иргэд Иргэдийн хурлаараа дамжуулж хяналт тавина. ИТХ нь хотын даргыг огцруулах бүрэн эрхтэй. Хоёрдугаарт, иргэд дөрвөн жилийн сонгуулийн жилээр хяналтаа тавина. гуравдугаарт, нийслэлчүүд хотын даргыг огцруулах хөдөлгөөн өрнүүлж болно.