Categories
мэдээ цаг-үе

Г.Гантулга: “Шилдэг зохицуулагч 2020” тэмцээнд багаараа оролцон урьд жилийн амжилтуудаа бататгаж тэргүүн байр эзэллээ

Алба хаагчдын ажил, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шилдэг зохицуулагч 2020” ур чадварын тэмцээн 38 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд С.Пүрэв ахлагчтай Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн алба хаагчид тэргүүлсэн юм. Тэргүүлсэн багийн гишүүн Замын цагдаагийн зохицуулагч, дэслэгч Г.Гантулгатай ярилцлаа.


-“Шилдэг зохицуулагч 2020” тэмцээнд амжилттай оролцож багаараа тэргүүн байр эзэлсэнд баяр хүгэе?

-Баярлалаа. Би цагдаагийн байгууллагад арванхоёр дахь жилдээ ажиллаж байна. Тээврийн цагдаагийн албанаас жил бүр зохион байгуулдаг “Шилдэг зохицуулагч 2020” тэмцээнд баг хамт олноороо оролцон 36 багаас тэргүүн байранд шалгарлаа. Маш их баяртай байна. Өмнө нь 2017, 2018 онд бид тус тус дэд байр эзэлж байсан. Харин 2019 онд гуравдугаар байранд орсон бол энэ жил урьд жилийн амжилтуудаа бататгаж тэргүүн байранд шалгарлаа.

-Найман төрлийн тэмцээнд авхаалж самбаагаа уралдуулсан шүү дээ. Аль төрөл нь хамгийн өрсөлдөөнтэй байв?

-Энэ тэмцээн нь хууль эрх зүй, гадаад хэл, буухиа, уран жолоодлого, мотоцикл, шилдэг зохицуулалт мөн хэргийн газрын үзлэг, ослын схем зурагт ажиллах гэсэн төрлүүдтэй. Жил ирэх тусам тэмцээний зохион байгуулалт болоод багуудын дундах өрсөлдөөн чангарч байна. Илүү их ур чадвар шаардсан төрлүүд ч нэмэгдсэн байна. Тухайлбал, хэргийн газарт үзлэг хийх төрөлд би өөрөө оролцлоо. Харин англи хэл, хууль эрх зүйн мэдлэгийн тэмцээнд багаараа оролцсон. Гадаад хэлний тэмцээн дээр нэлээн өрсөлдөөнтэй байлаа. Хэргийн газарт үзлэг хийх төрөлд ч мөн өрсөлдөгчид чанга байлаа шүү.

-Нэг баг гурван хүний бүрэлдэхүүнтэй юм байна. Тантай хамт ямар алба хаагч нар орж өрсөлдөв?

-Миний бие Хэнтий аймгийн багаа ахалж ирсэн. Мөн надтай хамт замын зохицуулагч дэд ахлагч М.Эрдэнэбулган, Э.Эрдэнэсанаа нар тэмцээнд оролцлоо. Тэмцээн маань жил болгоны аравдугаар сард тогтмол цагтаа зохион байгуулагддаг. Дараа жил ч мөн адил тэмцээндээ баг хамт олноороо ирж оролцоно. Мэдээж хэрэг урьдын гаргасан амжилтуудаа бататгахын төлөө л зүтгэнэ дээ.

-Хоёр хүүтэй гэсэн. Хөвгүүд нь аавыгаа дуурайгаад цагдаа болно л гэж байгаа байх?

-Эхнэртэйгээ гэр бүл болоод арваннэгэн жил болсон байна. Одоо хоёр сайхан хүүтэй. Том хүү маань хоёрдугаар анги. Бага хүү хоёр настай, цэцэрлэгт явдаг. Манай хүүхдүүд цагдаа нарт их дуртай л даа. “Аав аа, тэр зам дээр цагдаа хүмүүсийг шалгаж байсан” гээд л… Том хүү маань “Би том болоод аав шигээ замын цагдаа болно” гэдэг. Бага хүү хэлд орж амжаагүй мөртлөө миний малгайг өмсчихсөн ёслоод л гүйгээд байдаг/инээв/.

-Нийслэл Улаанбаатар хотод ч гэлтгүй хөдөө орон нутагт жил ирэх тусам замын хөдөлгөөн ихэсч байна?

-Тийм шүү. Хэнтий аймагт жил ирэх тусам автомашинтай иргэдийн тоо нэмэгдэж байна. Тэр хэрээр замын хөдөлгөөний ачаалал ч их байна. Үүний хүрээнд бид уулзвар гарц бүрт гэрлэн дохио байрлуулсан. Мөн аймгаас сум руу явах замуудад хяналтын камер суурилуулж байгаа.

-Цагдаа нар замын хөдөлгөөн зохицуулаад эхлэхээр л замын түгжрэл улам нэмэгдчихдэг гэсэн яриа бий. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?

-Ард иргэд жаахан өрөөсгөл ойлголттой байдаг юм билээ. Хэн нэг нь “Замын цагдаа уулзвар дээр гарч ирээд явуулахгүй түгжчихлээ” гээд сошиалд биччихвэл тэрийг улам цааш нь тараагаад байдаг. Уулзварууд дээр ямар зохицуулалтыг яаж хийдэг талаар төдийлөн мэддэггүй байж өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх шаардлагагүй л дээ. Жишээлбэл, замын хөдөлгөөн ихтэй байгаа үед уулзварууд түгжигдчихдэг. Хааш хаашаа хөдөлгөөнгүй болж тэг зогсолт болдог. Энэ үед замын цагдаа нар камерын хяналтын төвтэй холбогдож замын хөдөлгөөнд оролцогчдыг гарцаар саадгүй нэвтрүүлэхийг зорьж ажилладаг шүү дээ.

-Замын зохицуулагч хийхэд хүндрэлтэй зүйл нь юу вэ?

-Бороотой, цастай, шуургатай ямар ч үед ажлаа тасалдуулахгүй хийж л байдаг хүмүүс шүү дээ. Хүйтэнд ч бай, халуунд ч бай доод тал нь долоогоос найман цагаар гадаа ажилладаг. Гэхдээ бид ажил мэргэжилдээ хайртай. Ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө үүрэг гүйцэтгэж ажиллана гэдэг бахархал. Бид нэг ч иргэн, нэг ч гэр бүл битгий гэмтэж бэртээсэй, нэг ч зам тээврийн осол бүү гараасай хэмээн ард иргэддээ сэтгэл зүтгэлээ зориулж ажилладаг.

-Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт хандаж юу гэж хэлэх вэ?

-Нийслэл болоод аймгуудад доод тал нь хоёроос гурван авто курсүүд бий. Тэр дундаа Улаанбаатар хотод олон ч жолооны сургалт байдаг. Ер нь дүрмээ мэдэхгүй жолоочид хөдөлгөөнд оролцох нь ихэссэн. Үүний улмаас зам тээврийн осол ч их гарч байна. Тийм учраас нийт жолооч нартаа хандаж хэлэхэд, нэгдүгээрт жолооны сургалтдаа бүрэн гүйцэд суугаад дүрмээ сайн сурах хэрэгтэй. Хоёрдугаарт, замын хөдөлгөөндөө соёлтой оролцож, хэн хэнийгээ хүндэтгэж харьцаасай гэж хэлэх байна.

С.ЛХАМСҮРЭН

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Сонгуулиа өгөхгүй байх нь дарангуйллын гарт толгойгоо тавьж өгч буй хэрэг

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль саяхан болж өндөрлөлөө. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 2.016.794 сонгогчдын 55.98 хувь буюу 1.129.010 сонгогч саналаа өгсөн гэсэн статистик гараад байна. Саналаа өгөх ёстой иргэдийн дөнгөж тал нь л өөрсдийн дэмжсэн нэр дэвшигчийнхээ нэрийг дугуйлсан гэсэн үг. Орон нутгийн сонгуулийн нэмэлт санал хураалтын үйл ажиллагаа хоёр өдрийн өмнө болсон юм. Саналаа өгөхөөр бүртгэгдсэн сонгогчдын 74.33 хувь нь санал авах байранд ирсэн мэдээг СЕХ-ноос түгээв. 19 аймгийн 61 хэсэг, Налайх дүүргийн хоёр хэсэг, нийт 63 хэсэгт нэмэлт санал хураалтад оролцох ёстой сонгогчдын 25.82 хувь нь ирж саналаа өгсөн тухай мэдээ СЕХ-ны цахим хуудсанд дурайж байна. Дахиад ч хэд хэдэн газар нэр дэвшигчдийн санал тэнцэж, нэмэлт санал хураалт болж магадгүй сураг чих дэлсээд эхэллээ. Нэмэлт саналт хураалтын ирц өнгөрсөн удаагийнх шиг мөн л хангалттай биш байна гэдэгт эргэлзэх юм алга. Саналаа өгөөрэй гээд бүх нийтээр нь амраахад санал авах байранд очоогүй хүмүүс нэмэлт санал хураалтад ач холбогдол өгнө гэдэг юу л бол.

Товчхондоо орон нутгийн сонгуулийн ирцийг тоймлоод харахаар хангалтгүй гэж хэлэхээс өөр арга алга. Яалт ч үгүй муу ирц. Хуучин социализмын үед ямар ч сонголтгүйгээр хүний нэр дугуйлдаг байсан ч сонгогчдын ирц 99.99 хувь байсан юм. Ер нь ардчилал ялснаас хойш сонгуулийн ирц ийм өндөр хувьтай гарсан жил үгүй. Энэ жилийн сонгуулиас анзаарахад цаашдаа ч ирц муу хэвээр өчнөөн жил болж мэдэхээр байна. Шуудхан хэлэхэд, сонгуульд залуусын оролцоо муу хэвээр гуч гаруй жил өнгөрчихлөө. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр дээл өмссөн залуусын өнгөлөг зурагтай “Өглөө” гэсэн нэртэй нөлөөллийн аян сошиалд идэвхтэй өрнөж, олны танил од залуусын саналаа өгөхийг уриалсан пост, коммент, жиргээ хэдэн зуугаараа харагдсан ч мөн л залуусын оролцоо бага байсан.

Иргэд сонгуульдаа яагаад идэвхтэй оролцдоггүй вэ гэсэн асуултын хариуг хайж ядах юмгүй л дээ. Шууд буруутгахад ч хэцүү. Өгсөн саналыг нь луйвардчихдаг болохоор хэн саналаа өгөхийг хүсэх билээ. Гэхдээ яаж ч бодсон, ямар ч шалтгаан байсан сонгуульд саналаа өгөх учиртай. Иргэдийн өөрсдийнхөө төлөө хийж байгаа хамгийн зөв бодитой алхам бол сонгуульд саналаа өгөх. УИХ, орон нутгийн удирдлагад гаргамааргүй хүнээ тойргийн гадна үлдээх цорын ганц боломж ерөөсөө л сонгууль. УИХ-д сонгож, төрд зүтгэх ёстой гэж харсан хүндээ эрх мэдэл өгөх цор ганц боломж мөн л сонгууль. Ардчиллын амин сүнс нь ерөөсөө л энэ. Иргэн бүр сонгуульд саналаа өгч байж ардчилал жинхэнэ утгаараа цэцэглэдэг, оршин тогтнодог, амин сүнсээ алддаггүй. Өөрөөр хэлбэл, ардчиллын дархлаа иргэд нь бултаараа саналаа өгдөг соёлоос эхэлдэг. Иргэд нь саналаа өгөхгүй байхын хамгийн том сөрөг тал нь юу гээ. Дарангуйлагчид алгаа ташдаг, өндийн сэрдэг, хэзээ ч ганхахгүйгээр эрх сүрээ батжуулж авдаг. Дарангуйлал улс орныг сүүдэр мэт нөмөрдөг гол шалтгаан ерөөсөө л энэ. Тэгэхээр сонгуульд саналаа өгөхгүй суух тусам та дарангуйлалд найр тавьж, ардчиллын дархлаанд сөргөөр нөлөөлж байна гэсэн үг.

Сонгуульд саналаа өгөх иргэдийн идэвх бага хэвээр хэдэн арван жил өнгөрсөн учраас өнгөрсөн 30 гаруй жилд мАн голдуу засаглаж ирсэн гэчихэд хэтрүүлсэн дүгнэлт болохгүй. нэг сонирхолтой ажиглалт бий. Сонгуулийн ирц сайтай газар Ардчилсан намд ялалт ирж, ирц муутай газар нь МАН-ын голдуу нэр дэвшигчид гараад ирдэг гэцгээдэг. Одоо яагаад гэсэн асуулт тавиад харъя. Сонгуулиа идэвхтэй өгдөг насныхан ахмадууд гэдэг нь судалгаа, практикаар нэгэнт нотлогдчихсон үнэн. Залуусын сонгуульд саналаа өгөх оролцоо идэвх ер нь бага хувьтай явсаар өнөөг хүрсэн. Тухайн тойрогт сонгуулийн ирц сайн бол залуус олноороо саналаа өгсөн гэсэн үг. Сонгуулийн ирц муу тойргийн тухайд залуусын оролцоо муу байсан гээд дүгнэчихэд үнэнээс зөрдөггүй, статистик харахаар яг л тэгж таардаг. Ахмадуудын хувьд д голдуу саналаа өгдөг нь залуугаасаа өнөө намынхаа гишүүн байсан гэх мэт олон шалтгаантай. Залуусын тухайд ардчиллыг, Ардчилсан намыг болон бусад шинэ намыг дэмжих хандлага нийтлэг анзаарагддаг. Гэхдээ саналаа очиж өгдөггүй учраас тэдний хандлага бодит шийдэл болдоггүй. Тэдний дэмждэг нам, нэр дэвшигчид улсыг засаглаж чаддаггүй. Товчхондоо өнгөрсөн 30 гаруй жилийн найман жилд нь л АНолонх болж засагласан, үлдсэн 22 жилд нь МАНтасралтгүй засагласныг сонгуульдаа хойрго оролцдог залуу үеийнхэнтэй холбож тайлбарлахад дэгсдүүлсэн болохгүй.

Сая болж өнгөрсөн орон нутгийн сонгуулиар ч ийм дүр зураг харагдлаа. Залуусын оролцоо бага байсан учраас АНсанасан хэмжээндээ суудал авч чадсангүй. мэдээж Ан-ын рейтинг унасан, нэр хүндээ алдсан нам хүчинтэй эвссэн, Хөдөлмөрийн үндэсний нам нийгэмд зөв харагдаж идэвхтэй ажиллаж байгаа, УИХ-ын сонгуульд МАНүнэмлэхүй олонх болж засаг тэргүүлж яваа гэх мэт олон шалтгаан бий. Гэхдээ онцолж хэлэхгүй өнгөрч болохгүй шалтгаан нь сонгуулийн идэвхгүй ирц. Хамгийн өндөр ирцтэй тойргуудын нэгд багтаж буй гэх Сүхбаатар аймагт гэхэд Ан ялж, аймаг даяараа цэнхэртсэн, Ан-д элэгтэй чингэлтэй дүүргийн ирц муу байсан учраас энэ дүүргийн засаглал мАн-д шилжсэн байж болзошгүй гэх мэт шалтгаан тайлбаруудыг жагсааж болж байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Өдрийн сонинд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Худал” үгүй социалист худалдаа хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар -16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт “Forbes Mongolia” үл хөдлөх хөрөнгийн салбарын шилдгүүдийг нэрлэлээ. I-IV нүүрнээс уншаарай.

Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун “Монгол Улсад зочлохыг, аялахыг хүсдэг солонгос иргэдийн тоо тасралтгүй өсч байна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт Б.Цэнддоогийн “Худал” үгүй социалист худалдаа хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Хуульч, доктор Б.Гүнбилэг “Хүний эрх, тэгш байдал гэдгийг хэзээ улстөрчид ойлгох вэ” хэмээв

“Баримт үйл явдлын VII нүүрт Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, физикч Л.Бямбажаргал “Их сургууль нүүлгэнэ гэдэг Ганданг нүүлгэнэ гэдэгтэй адилхан сонсогдож байна” хэмээв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Маргаантай арлын асуудалд цэг тавьж, хүлэмжийн хийн ялгарлыг тэглэхээ амлав

Өнгөрсөн есдүгээр сард Японы ерөнхий сайдаар томилогдсон Сүга Ёшихидэ даваа гаригт парламентад үг хэлжээ. Тэрээр хүлэмжийн хийн ялгарлыг 2050 он гэхэд тэглэхээ амлаж, ОХУ-тай энхийн гэрээ байгуулж, Курилын асуудалд цэг тавих хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Түүний хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх амлалтыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш сайшаасан байна. Түүний хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик “А.Гутерриш уг шийдвэрийг маш ач холбогдолтой эерэг өөрчлөлт юм. Япон улс нь тогтвортой, нүүрсхүчлийн хийн ялгаралгүй дэлхийг цогцлоохын төлөө үүрэг амлалт өгсөн томоохон эдийн засагтай орнуудын нэг боллоо” гэжээ. Сүга Ёсихидэ мөн ОХУ-тай энхийн гэрээ байгуулж, маргаантай арлын асуудалдаа цэг тавих талаар дурджээ. Өмнөд Курилын бүлэг аралд багтах Кунашир, Шикотан, Итуруп, Хабомаи арлыг япончууд өөрийн эзэмшлийнх гэж үздэг. Энэ талаар Сүгэ Есихидэ “Хойч үедээ гэж хойш тавилгүйгээр уг асуудлыг эцэслэн шийдвэрлэх ёстой” гэсэн байна. Японы өмнөх засгийн газрын тэргүүн Абэ Шинзо Курилын асуудлаар Оросын төрийн тэргүүн В.Путинтэй 27 удаа уулзаж ярилцсан байдаг. Өнгөрсөн есдүгээр сард С.Ёсихидэ Токио хотноо В.Путинтэй уулзах үеэрээ мөн уг асуудлыг хөндөж байж. Энэ нь түүнийг Абэ Шинзогийн бодлогыг үргэлжлүүлэгч гэдгээ харууллаа гэж тус улсын хэвлэлд онцолж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Долоо хоногийн хугацаанд 39 хүн угаартжээ

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НЦУГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

НЦУГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул “Цагдаагийн байгууллагад 2020 оны эхний есөн сарын байдлаар 19465 гэмт хэргийн дуудлага мэдээлэл ирсэн. Үүнээс 12350 буюу 63.4 хувь нь нийслэл Улаанбаатар хотод үйлдэгдсэн байна. 2018 оны Түүхий нүүрсийг хориглох тухай 62 дугаар тогтоол, 2020 оны 189 дүгээр тогтоолын хэрэгжилтэд цагдаагийн байгууллага хяналт тавьж, Улаанбаатар хот руу нэвтрэх долоон цэгт 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Өнгөрөгч долоо хоногийн хугацаанд 39 хүн угаарын хийн хордлогын улмаас эмнэлэгт хүргэгдсэнээс одоогийн байдлаар таван хүн эмнэлэгтээ эмчлэгдэж байна. Бусад нь эдгэрч гарсан. “Яндангаа хөөлье” арга хэмжээнд та бүхэн идэвхтэй оролцож, угаарын хийнд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна” гэв.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон “Улаанбаатар хотын хэмжээнд сайжруулсан шахмал түлшний 483 борлуулалтын цэг ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд 30 хангамжийн бааз, 35 агуулахад нийтдээ 95 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцөлсөн. Сайжруулсан шахмал түлшний “сайн” карт шинээр авах айл өрх, аж ахуйн нэгжүүд дүүрэг хариуцсан, байгаль орчин хариуцсан мэргэжилтнээсээ авна. Хаяж үрэгдүүлсэн тохиолдолд “Тавантолгой түлш” компанийн хэрэглэгчдэд үйлчлэх албаны дүүрэг хариуцсан мэргэжилтнээс авах боломжтой” хэмээлээ.

НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр “Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Зөөвөрлөгдсөн тохиолдол 340, эдгэрэлт 312, эмчлүүлж байгаа 28 өвчтөн байна. Коронавирусээс урьдчилан сэргийлэх хамгийн эхний алхам бол амны хаалт зүүх, хоёрдугаарт гараа тогтмол угаах, гуравдугаарт хүн хоорондын зайг баримтлах хэрэгтэй. “Маскаа зүүцгээе, гараа угаая” аяныг 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зохион байгуулна” гэлээ.

Categories
мэдээ спорт

Кюүшю башёг Монгол аваргууд тэргүүлнэ

11 дүгээр сарын 8-нд эхлэх мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башёд Монголын 20 сумоч зургаан зиндаанд барилдана.

Кюүшюү башёгийн Макүүчи зиндааг 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд нар тэргүүлэх бол Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Комүсүби цолтойгоор анхлан барилдах юм. Мэргэжлийн сумогийн дэвжээнд зодоглож буй бусад монгол сумочдийн үзүүлэлтийг дурьдвал Кирибияама Б.Лхагвасүрэн маэгаширагийн нэгдүгээрт, Тамаваши Б.Мөнх-Оргил маэгаширагийн зургадугаарт, Хошорюү С.Бямбасүрэн болон Ичиножёо А.Ичинноров нар маэгаширагийн 13-т, Чиёошома Мөнхсайхан маэгаширагийн 16-д тус тус эрэмбэлэгджээ.

Жүрёо зиндаанд Азүмарюү С.Тодбилэг жүрёогийн долдугаарт, Кёокүшүхо Т.Эрдэнэбаатар жүрёогийн аравдугаарт, Миторюү Б.Төрболд жүрёогийн арваннэгдүгээрт нар тус тус жагссан бол Макүшита зиндаанд Дайшохо Шижирбаяр Макүшитагийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн бол Сакигакэ Баттүшиг долдугаарт, Тамашохо Энхманлай 10 дугаарт, Хокүтэнкай Сүхбат 15-д, Ёошояама Анхбаяр 45-д тус тус бичигджээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улс, БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан гар урлал, уран зургийн үзэсгэлэн боллоо

Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд арт галерейд” Монгол, БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан ” Миний мэдэх Солонгос орон” гар урлал, уран зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо. Ингээд фото сурвалжлагыг хүргэж байна

Д.БАТТОГТОХ

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн салбарын долоон үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д Зам тээврийн салбарын долоон үйлчилгээ нэвтэрсэн тухай Зам тээврийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Төрийн ордонд өнөөдөр мэдээлэв.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн үйлчилгээг цахимжуулах талаар олон ажил төлөвлөсөн байгааг тэрээр мэдээллийн эхэнд онцлоод, энэ хүрээнд зам тээврийн салбарын нийт 90 гаруй үйлчилгээний 49 нь буюу 50 хувь нь цахимжсан гэдгийг тодотголоо. Цаашид 2020-2024 онд бүх үйлчилгээг цахимжуулахаар ажиллана гэдгийг мэдээлэлдээ тэмдэглэв. E-Mongolia портал системд одоогийн байдлаар,

  • Жолоочийн оноо, эрх шалгах, лавлагаа авах,
  • Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа,
  • Оношилгоо, техникийн хяналтын үзлэгийн лавлагаа,
  • Авто тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах,
  • Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ нөхөн олгох хүсэлт хүлээн авах,
  • Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ солих хүсэлт хүлээн авах ,
  • Мэргэшсэн жолоочийн үнэмлэх нөхөн олгох хүсэлт хүлээн авах зэрэг үйлчилгээ нэвтрээд байна.

Цаашид цахим шилжилтийн хүрээнд ухаалаг тээврийн системийг боловсронгуй болгох мастер төлөвлөгөө боловсруулж байгааг ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ мэдээллийн үеэр тэмдэглэв. Энэ хүрээнд БНСУ-ын холбогдох байгууллагын дэмжлэгээр төлөвлөгөөг боловсруулж байгааг тодотголоо.

Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлуудын хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг төсөвт суулгаж буйг онцлов. Өнөөдрийн байдлаар, зорчигч тээврийн тасалбар цахимаар олгох үйлчилгээ дуусах шатандаа оржээ. Үүнд авто болон агаарын тээвэр, төмөр замын салбарт бүрэн хийгдээд байгаа аж.

Өнөөдрийн байдлаар E-Mongolia гар утасны аппликейшнийг 61 829 хүн татан авч ашиглаж байна. Үүнээс 138 891 хүн цахим үйлчилгээ авсан. Энэ нь дээрх аппликейшнийг 10 дугаар сарын 1-нд нээлтээ хийснээс хойш сар хүрэхгүй хугацаанд иргэд идэвхтэй ашиглаж буйг харуулж байгааг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ мэдээллийн үеэр танилцуулсан. Тэрбээр, “Уг аппликейшнээр иргэний үнэмлэх захиалсан иргэдэд эхнээсээ хүргээд эхэлсэн. Мөн өчигдрөөс E-Mongolia-гийн фэйсбүүк цахим хуудсаар “24/7″ буюу өдөр шөнө, амралтын өдөр харгалзахгүй мессенжерээр мэдээлэл авах боломжтой болж байгаа” гэв.

Мөн тус аппликейшнд “Чимэгэ” дуу хоолой таних технологи нэвтэрч байгааг дуулгалаа. Тодруулбал, гар утсаараа дуу хоолойгоороо үйлчилгээ хайх боломж бүрдэж байгаа юм. Ингэснээр, хөгжлийн бэрхшээлтэй тусгай хэрэгцээт иргэд E-Mongolia системийг ашиглах бололцоотой болж байгаа гэдгийг тэмдэглэв.

Categories
мэдээ улс-төр

Сумдад төрийн цахим үйлчилгээ нэвтрүүлэхэд 23 тэрбум төгрөг төсөвлөнө

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёрдугаар хэлэлцүүлгийг явууллаа.

Төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулахдаа, Засгийн газраас коронавируст халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх багц арга хэмжээний үр дүнд нэмэгдсэн төсвийн алдагдлыг бууруулах, төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх, цахим, ил тод, үр ашигтай төсвийн бодлого хэрэгжүүлэх, өрийг оновчтой удирдах, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогын арга хэмжээг баримтлахаар төсвийн төсөлд тусгасан гэдгийг тодотгов. Ирэх 2021 онд иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээ, бүх төрлийн тусгай зөвшөөрөл олгох процесс, нийгмийн халамж, төрийн албаны хүний нөөц, цалин хөлсний удирдлагыг цахимжуулах арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснийг онцоллоо. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд сумдад төрийн цахим үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор нийт 23 тэрбум төгрөгийн өртөгтэй Хур системийг нэвтрүүлэх, дижитал Эрдэнэт, хөдөөгийн алслагдсан багуудыг холбоожуулах, зарим сумдыг шилэн кабелиар холбоход нийт 13.4 тэрбум төгрөгийн өртөгтэй нийт зургаан төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тус тус төсөвлөөд байгааг Сангийн сайд танилцуулгадаа онцолсон.

Төсвийн хуулийн төслүүдийн талаарх Үндэсний аудитын газрын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд Тэргүүлэх аудитор С.Бүрэнбат танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Мэдээллийн технологи, цахим шилжилттэй холбоотой зардалд 2021 оны нэгдсэн төсвийн төсөлд 30.1 тэрбум төгрөгийн зардал төсөвлөсөн нь 2020 оны тодотгосон төсвөөс 50.3 хувь буюу 10.1 тэрбум төгрөгөөр их байгааг дурдав. Тухайлбал, Үндэсний дата төв нь төрөөс хэрэгжүүлж буй цахим системүүдийн төсөл хөтөлбөрийг дэмжин дэд бүтцийг хариуцан ажиллахаас гадна ДАН, ХУР, Тоон гарын үсэг, Үндэсний цахим шуудан зэрэг суурь системийг хөгжүүлж, төр болон хувийн хэвшлийн үйлчилгээнд нэвтрүүлэн ажиллаж байгааг тодотгоод, систем тоног төхөөрөмжийн лицензийг сунгах, хамгаалах систем сайжруулах зайлшгүй шаардлагатайг онцлов. Тиймээс мэдээлэл технологи, үйлчилгээний зардалд 2.9 тэрбум төгрөг төлөвлөсөн байгааг дурдав. ТЕГ Глобал форум болон “BEPS”-ээс тавьсан олон улсын “ISO27000” цуврал стандартын дагуу мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хангасан орчин бүрдүүлэх шаардлагатай системийн зардалд 1.7 сая төгрөгийг төсөвлөжээ. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлж цахимаар гүйцэтгэлийг хянаж санхүүжих болсонтой холбогдуулан “Uptodate” цахим системийг нэвтрүүлэхэд 6.9 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Системийг нэвтрүүлснээр иргэд аль ч эмнэлэгт очсон хамгийн оновчтой эмнэл зүйн удирдамжийн дагуу эмчилгээ, үйлчилгээ авах боломж бүрдэнэ гэж үзсэнийг онцлов.

Үндэсний аудитын газраас нэгдсэн төсвийн төсөлд хийсэн дүгнэлтэд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан нийгмийн халамжийн болон хөрөнгө оруулалтын зардлын дүнг өөрчилсөн ч орлого, зарлага, алдагдал, Засгийн газрын өрийн хэмжээг нэмэхгүй тооцсон байна. Цаашид жилийн төсвийн төслийг боловсруулахдаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд бүрэн нийцүүлж байх нь зүйтэй гэж дурджээ. Мөн төрийн байгууллагын бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажлыг татварын цахим төлбөрийн баримтын системд бүрэн холбож, цахимжуулан татварын орлогыг нэмэх, төсвийн байгууллагын сургалт семинар, хурал зөвлөгөөн, гадаад дотоод албан томилолтыг цахимаар зохион байгуулан, төрөөс иргэд, аж ахуйн нэгжид үзүүлдэг бүх төрлийн үйлчилгээ, тусгай зөвшөөрөл олгох, халамжийн цахим системийг бий болгож зардлыг бууруулах боломжтой байна гэж үзсэн байна. Түүнчлэн дэлхий нийтийг хамарсан цар тахлын эрсдэл бүхий нөхцөлд хэрэгжих 2021 оны төсвийн төсөлд хөрөнгө оруулах төсөл, арга хэмжээг ач холбогдол, зориулалт, хэрэгцээ, шаардлагаар нь эрэмбэлэн санхүүжүүлэх асуудлыг журамлан зохицуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргажээ.

Хуулийн төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, Ж.Чинбүрэн, Г.Дамдинням, Т.Доржханд, Г.Амартүвшин, Б.Саранчимэг, Х.Ганхуяг, Ц.Мөнхцэцэг нар асуулт асууж хариулт авлаа. Гишүүд шинжлэх ухааны суурь судалгаандаа хөрөнгө төсөвлөсөн хэвээр байгаа эсэх, эсвэл эдийн засгийн эргэлтэд оруулах инноваци технологийн агуулга шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дэмжлэг болох хөрөнгө төсөвлөсөн эсэх, салбарын яам энэ асуудалд ямар бодлого баримталж байгааг сонирхож байлаа. Мөн сүүлийн 10 гаруй жил ярьсан цахим аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулж, батлуулах ажил ямар шатандаа явааг тодруулсан.

Боловсрол, шинжлэх ухааны Дэд сайд Г.Ганбаяр хариултдаа, Өнгөрсөн долоо хоногт Сайдын зөвлөл хуралдаад инноваци технологио дэмжихэд төсөв, хөрөнгө оруулж чиглүүлэхээр шийдвэрлэсэн. Яам дээр Инноваци технологийн газартай болоод ажлыг нь өргөжүүлээд байна. Төсөвт 12 тэрбум төгрөг суулгасан. Цаашдаа төсөвлөсөн хөрөнгийг инновацид чиглэсэн, гарааны бизнесийг дэмжсэн ажилд чиглүүлнэ гэж байлаа.

Ажлын багаас, Ерөнхий сайдын захирамжаар цахим хөгжлийн багц хуулийн гурван төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар хамтран боловсруулж байгааг тодотгоод УИХ-ын намрын чуулганаар өргөн мэдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна гэж нэмж тайлбарлав.

Мөн үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Харилцаа холбоо мэдээлэл, технологийн бүтцийн өөрчлөлт, орон тоог нэмэхтэй холбоотой урсгал зардлыг нэг тэрбум 1.5 сая төгрөгөөр нэмэх, төсвийн төслөөс ТЭЗҮ хийгдээгүй төсөл, арга хэмжээг хасах замаар эх үүсвэр гаргах” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргалаа. Ингээд уг зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн (2020.10.28) 09 цаг 05 минутад 81.8 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийв.

Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх багц арга хэмжээний үр дүнд нэмэгдсэн төсвийн алдагдлыг бууруулах, төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх, цахим, ил тод, үр ашигтай төсвийн бодлого хэрэгжүүлэх, өрийг оновчтой удирдах, эдийн засгийн өсөлтийг баримтлахаар төсвийн төсөлд тусгасан.

Төрийн үйлчилгээг саадгүй, шуурхай хүргэх, бага зардлаар өндөр бүтээмж, үр ашигтай ажиллах бүхий л боломжийг ашиглах зорилгоор мэдээллийн технологийн хөгжилд суурилсан цахим төрийн үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг ирэх онд улам идэвхжүүлж, төрийн цахим үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх юм байна. Энэ хүрээнд төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт дэвшүүлжээ. Хууль тогтоох дээд байгууллага буюу Улсын Их Хурал, түүний байнгын хороодын хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах зардлыг төрийн бусад байгууллагад тавьж байгаа шаардлагын нэгэн адил оновчтой, үр ашигтай хуваарилах зарчим баримталж төсвийн төсөлд тусгасан гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдав.

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд харьяалагддаг төсвийн ерөнхийлөн захирагчдын 2021 оны төсвийн төслийн талаарх Үндэсний аудитын газрын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор О.Тэнгис танилцууллаа.

Төрийн албаны зөвлөлийн 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийг 3.0 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн нь 2020 оны тодотгосон төсвөөс 13.4 хувь буюу 0.5 тэрбум төгрөгөөр бууруулжээ. Урсгал зардал өмнөх оноос 0.5 тэрбум төгрөгөөр буурсан нь өөрчлөлтөд цалин, НДШ-ийн зардал 0.04 тэрбум, эд хогшил, урсгал засварын зардал 0.6 тэрбум, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр хураамжийн зардлыг 0.05 тэрбум төгрөгөөр тус тус бууруулж, урсгал шилжүүлгийн зардал 0.2 тэрбум, бусад бараа үйлчилгээний зардлууд 0.04 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.

Авлигатай тэмцэх газрын даргын 2021 оны нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 29.8 тэрбум төгрөгөөр төлөвлөсөнбайна. Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 0.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй их засвар хийх, 0.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тоног төхөөрөмж худалдан авах 2 төсөл, арга хэмжээний санхүүжилтийг бүрэн олгохоор төсөвлөжээ.

Нэгдсэн төсвийн төсөлд дараах дүгнэлтийг өгчээ.

• Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан нийгмийн халамжийн болон хөрөнгө оруулалтын зардлын дүнг өөрчилсөн боловч орлого, зарлага, алдагдал, Засгийн газрын өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй тооцсон байна. Цаашид жилийн төсвийн төслийг боловсруулахдаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд бүрэн нийцүүлж байх нь зүйтэй байна.

• Төсвийн байгууллагын сургалт семинар, хурал зөвлөгөөн, гадаад дотоод албан томилолтыг цахимаар зохион байгуулан, төрөөс иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг бүх төрлийн үйлчилгээ, тусгай зөвшөөрөл олголт, халамжийн цахим системийг бий болгож зардлыг бууруулах боломжтой байна.

• Дэлхий нийтийг хамарсан цар тахлын эрсдэл бүхий нөхцөлд хэрэгжих 2021 оны төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг ач холбогдол, зориулалт, хэрэгцээ, шаардлагаар нь эрэмбэлэн санхүүжүүлэх асуудлыг журамлан зохицуулах нь зүйтэй байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон тэргүүлэх аудитор О.Тэнгис нарын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт тайлбар авав.

Төрийн албан хаагчдын сонгон шалгаруулалтын шалгалт болон төрийн худалдан авах ажиллагааг бүрэн цахимжуулах явцын талаарх Х.Баделхан гишүүний асуултад Төрийн албан зөвлөлийн дарга Б.Баатарзориг хариулахдаа, “Төрийн албан хаагчдын сонгон шалгаруулалтын ерөнхий шалгалтыг хүний нөлөөгүйгээр, шударга явуулах үүднээс 100 хувь цахимаар авдаг болсон. Ерөнхий шалгалт 11 дүгээр сарын 04-ний өдрөөс шалгалт эхэлж байгаа. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан бөгөөд нийт 16 мянга гаруй иргэн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Харин тусгай шалгалтын хувьд үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлж эхлээд байна” гэв. Харин худалдан авах ажиллагааг ирэх оноос бүрэн цахимжуулахаар бэлтгэл ажил хийгдэж байгааг Сангийн сайд хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн батлаад хоёр жил өнгөрч байна. Төрийн албыг ил тод, нээлттэй, шударга болгох, төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллах боломжийг энэ хуулийн хүрээнд бүрэн олгосон. Гэвч төрийн албан хаагчдын ёс зүй, хариуцлага хангалттай сайжрахгүй байна. Төрийн 180 гаруй үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлээд байхад төрийн албан хаагчдын орон тоо, зардал буурах ёстой гэдгийг хэлэв.

Тодорхой ажлуудыг эхлүүлсэн. Мэргэшсэн, чадвартай, иргэдийн итгэлийг хүлээсэн төрийн албыг бэхжүүлж, цахимжуулах үүднээс 2020 оныг төрийн албанд шийдвэрийн хэрэгжилтийг хангах жил болгосон. 2021 онд судалгаанд суурилсан төрийн албыг бэхжүүлэх зорилт тавьсан. 2022 оноос бодитой томоохон үр дүн гарна. Хүний нөөцийн мониторинг хийгдсэн. Төрийн албанд цахим шилжилтийг нэвтрүүлснээр чанар бүтээмжийн өөрчлөлт гарч байгаа. Төрийн албан хаагчдын цалингийн нэгдсэн системд одоогоор 2065 байгууллага холбогдсон байгааг Төрийн албаны зөвлөлийн дарга хариулав.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Б.Баярсайхан, Ш.Адьшаа нар орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах,хавтгайрсан улс төржилт, ялгаварлан гадуурхалтыг арилгахад Төрийн албаны зөвлөлөөс санаачилгатай ажиллах шаардлагатай байгааг сануулав.

Төрийн байгууллагын Ёс зүйн зөвлөлийн ажиллах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, үйл ажиллагааг нь нэгдсэн удирдлагаар хангах, төлөвшүүлэх,төрийн албан хаагчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Их Хурал,Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Итгэл даах төрийн албаны төлөө” уриатай виртуал зөвлөгөөнийг өнгөрөгч есдүгээр сард зохион байгуулсан. Төрийн албаны зөвлөлөөс өнөөдөр хуулиар хориглосон үйлдэл хийхээс сэргийлэх, ёс зүйг сахиж ажиллах зөвлөмжийг бүх төрийн байгууллагад хүргүүлнэ. Шаардлагатай зөвлөмж, мэдээллийг хоёр цагийн дотор цахимаар өгөх, 500 байгууллагад нэгэн зэрэг цахим сургалт зохион байгуулах нөхцөл боломжийг бүрэн хангажээ.

Байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь төрийн алба шударга, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, тогтвортой, мэргэшсэн чадварлаг байхад чиглэгдсэн гээд “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалд төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагын оновчтой тогтолцоог бүрдүүлж, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх чиглэлээр ёс зүй, сахилга хариуцлагаар үлгэрлэсэн төрийн байгууллагын соёлыг хэвшүүлж, ёс зүйн алдаа гаргасан төрийн удирдах албан тушаалтан сайн дураараа ажлаасаа чөлөөлөгддөг хандлага, ёс зүйг төлөвшүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд Улсын Их Хурлын намрын чуулганаар Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг батлахаар төлөвлөсөн. Орон нутгийн сонгууль болсонтой холбоотойгоор ёс зүй, сахилга хариуцлагын талаар төрийн бүх шатны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын албан хаагчдад зориулсан онлайн сургалтыг явуулна гэдгийг хэллээ.

Төрийн алба шударга, авлигагүй, мэргэшсэн болоход хариуцлагын тогтолцоог сайжруулах шаардлагатай. Намрын чуулганаар хэлэлцэх Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийн асуудлыг шийдэх ёстой. 2019 онд 427 албан хаагч хууль бусаар ажлаас халагдаж, үүнээс үүдэн төрд 2.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Хуулиар төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг тухайн шийдвэр гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх ёстой. Төрийн албаны зөвлөл, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, төрд учирсан хохирлыг барагдуулахад анхаарч ажиллахыг Улсын Их Хурлын гишүү Л.Энх-Амгалан сануулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гарсангүй. Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.