Categories
мэдээ нийгэм

Эмэгтэйчүүдийг аз жаргалтай байлгах сэтгэлзүйчийн зөвлөгөө

Оросын сэтгэлзүйч Жанна Абрамова эмэгтэй хүнийг аз жаргалтай болгох 3 үндсэн зөвлөгөөг эрчүүдэд өглөө.

Нэг тэргүүнд эрчүүд хайртай бүсгүйгээ өөрийнхөө төлөвлөгөөнд тооцож оруулж байхыг зөвлөж байна. Учир нь энэ нь эмэгтэй хүн хайртай хүндээ итгэх итгэлийг бий болгодог. Тухайлбал, “Бид тийшээ явна”, “Бид тэгнэ, ингэнэ”, эсвэл “Бид худалдан авна” гэх мэт хэллэгийг байнга хэрэглэж байх хэрэгтэй.

Түүнчлэн хүүхэд төрөх, декретээ авахтай холбоотойгоор сонгосон хүндээ итгэлтэй байх нь чухал. Эмэгтэйчүүд хайртай залуу, эр нөхрөө түшиг тулгуур, өөрийгөө болон үр хүүхдүүдээ аюулгүй байлгах боломж гэж хардаг.

Түүнчлэн заримдаа эмэгтэйчүүд сул дорой байхыг хүсдэг. Тэд дэргэдээ бүхий л асуудлыг нь шийдэж чаддаг, үргэлж тусламж үзүүлдэг хүн байдаг гэдгийг мэдрэхийг хүсдэг. Гэхдээ энэ бол биеийн хүчтэй холбоотой бус, эр зоригтой нь холбоотой асуудал юм.

“Хайртай хүнээсээ эр зориг, найдвартай байдлыг мэдрэх нь бүсгүй хүнийг илүү аз жаргалтай, сэтгэл хангалуун, ер бусын эмэгтэйлэг болгодог” хэмээн Оросын сэтгэлзүйч Жанна Абрамова хэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндэд хамгийн ашигтай 5 цэцэг

1. Aloe Plant

Агаарыг хамгийн сайн цэвэрлэдэг ургамал юм. Арьсанд чухал нөлөө үзүүлдэг шигээ ач тустай. Хими цэвэрлэгээний бодисоос ялгарсан агаарыг Алое цэвэршүүлдэг бөгөөд тухайн орчин хэт их агаарын бохирдолтой байвал цэцгэн дээр бор толбо үүсдэг аж.

2. English Ivy

Энэхүү ургамлыг агаарыг цэвэрлэхдээ номер 1 хэмээн НАСА – аас мэдэгдсэн байна.формальдегид хэмээх хорт бодисыг өөртөө шингээж авдаг. Орчинтойгоо дасан зохицохдоо амархан цэцэг юм.Энэ цэцгийг ургуулахад хэт их нар хэрэггүй. Дундын температур болон, дундын нараар ургадаг аж.

3. Rubber Tree

Агаарыг мөн л сайн цэвэрлэдэг ургамал . Тарьж ургуулахад хялбар бөгөөд аль болох сэрүүн нөхцөлд сайн ургадаг.

4.Peace Lily

Агаарт байгаа хорт бодисуудыг багасгадаг сараана цэцэг. Арчилгаа багатай. Сүүдэртэй, сэрүүн газар сайн ургах бөгөөд ийм нөхцөлд хорт бодисыг илүү сайн багасгадаг.

5. Snake Plant

Унтлагын өрөө болон өрөөнийхөө буланд тавьж болно. Учир нь энэхүү цэцэг хэт их нар болон ус шаардлагагүй. Ялангуяа шөнө унтаж байхад тань эрүүл агаарыг бэлэглэх болно.

Categories
мэдээ нийгэм

Энэ сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу аравдугаар сард 11 удаагийн тусгай үүргийн нислэгээр 2700 орчим иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулна. Үүнд:

  • 10 сарын 4-нд Нурсултан-Улаанбаатар
  • 10 сарын 8-нд Сөүл-Улаанбаатар
  • 10 сарын 10-нд Токио-Улаанбаатар
  • 10 сарын 12-нд Сөүл-Улаанбаатар
  • 10 сарын 16-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
  • 10 сарын 17-нд Сөүл-Улаанбаатар
  • 10 сарын 18-нд Сөүл-Улаанбаатар
  • 10 сарын 19-нд Сөүл-Улаанбаатар
  • 10 сарын 20-нд Сөүл-Улаанбаатар
  • 10 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэх бол Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хугацаа тодорхойгүй байна.

Тодруулбал, Сиатл-Улаанбаатар транзит нислэгээр хэчнээн иргэн ирэх, яг хэчнээн хүн зайлшгүй ирэх хүнд нөхцөл шалтгаантай байна гэдгийг сайтар судалж, харж байгаад Сиатл руу дахин нислэг үйлдэх эсэхийг шийднэ гэж ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: 753 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

Өнөөдөр ХӨСҮТ-ийн болон Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 753 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Харин 2 хүн эдгэрч дараагийн ажиглалтад шилжлээ гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Дэлхийд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 242 мянган хүн шинээр халдвар авч, 4 мянга гаруй хүн эндcэн байна. Харин 266 мянга гаруй хүн эдгэрчээ

Categories
мэдээ нийгэм

Г.Нэргүй: Угаарын хийнд хордож эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдол одоогоор байхгүй

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Гал түймэр гарч байгаа тохиолдлын 36 хувь нь халуун үнс нурмаа ил задгай хаяснаас улбаатай байна. Мөн гэмтэлтэй цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байхыг анхааруулж байна. Угаарын хийгээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Нийслэлийн гэр хорооллын өрхүүдийг угаар мэдрэгчээр бүрэн хангасан. Түүнчлэн эвдэрсэн бол нэг удаа үнэ төлбөргүй завсарлаж өгч байна. Тиймээс иргэд угаар мэдрэгчийг байнга шалгаж, ажиллуулах хэрэгтэй. Угаарын хийд хордсон тухай дуудлагын 80 орчим хувийг гэрт амьдардаг иргэдээс ирдэг.

Гол шалтгаан нь өрхөө бүтээх, яндангаа хөөлөхгүй байх, зайг нь салгах, их дуу чимээ гарч байна гэж унтраах зэрэг юм. Мөн согтууруулах ундаа хэрэглэснээс биеийн байдал нь тавгүйрхсэн иргэд угаарын хийд хордсон гэж дуудлага өгөх тохиолдол цөөнгүй байна. Энэ нь нийт дуудлагын 30 орчим хувийг эзэлж байна. Энэ тохиолдолд хувь хүний хариуцлагатай холбоотой асуудал учраас түргэн тусламж тэр бүр шуурхай очдоггүй.

Харин угаарын хийн дуудлага өгөхөд маш хурдан очдог учраас иргэд худал мэдээлэл өгч төрийн байгууллагын ажилд хүндрэл учруулах нь цөөнгүй байна. Одоогийн байдлаар угаарын хийд хордож, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тохиолдол байхгүй. Гэр, байшингийн дээврээс яндан 60-80 сантиметр өндөр байх ёстой. Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар нойтон цас орж, зам харгуйд гулгаа үүсэн зорчиход саад учирч буй тул иргэд алсын замд явахдаа цаг агаарын мэдээг сайтар анхаарч сонсох чухал” гэлээ.

Нийслэл хотын хэмжээнд 250 орчим түлш борлуулах цэг бий. Түлшний хомсдол үүссэн асуудал гараагүй. Агаарын чанарын үзүүлэлт өмнөх оныхоос сайжирсан үзүүлэлттэй байна. Хүйтний улирал ирж байгаатай холбогдуулах томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, амны хаалт тогтмол зүүж хэвших, ханиад хүрсэн хүүхдийг цэцэрлэг, сургуульд явуулалгүй гэрээр асрах, эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Өнөөдрөөс эхлэн томуугийн дархлаажуулалт эхэлснийг хэллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Баттулга: Эдийн засгаа сэргээх, экспортоо нэмэгдүүлэх чиглэлд ажиллах шаардлагатай байна

УИХ-ын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж байна.

Тэрбээр “Эдийн засгаа сэргээх, экспортоо нэмэгдүүлэх чиглэлд ажиллах шаардлагатай байна. Шинэ УИХ энэ чиглэлд ажиллаж, алдагдалгүй төсөв батлах ёстой тул үүнийг сануулах гэж өнөөдөр үг хэлж байна. Орон нутгаар ажиллаж 7000 гаруй иргэдтэй уулзаж, үгийг нь сонслоо. Малчдын орлого болох малын түүхий эд үнэгүйдэж, хөсөр хаягджээ. Бид аж үйлдвэрээ хөгжүүлэх цаг ирсэн. Өнгөрсөн жилүүдэд ганц аж үйлдвэрийн цогцолборыг хөгжүүлж чадсангүй. Төсвийн сахилга бат алдагдаж, аймаг сумын төсвийг иргэдийн тулгамдсан асуудалд зарцуулах байтал, асар үнэтэй гоёмсог хаалга барихыг чухалчилж байна. Орхон аймагт шинээр барьж байгаа цэцэрлэгт хүрээлэнгийн хаалгыг 140 сая төгрөгөөр хийсэн байна. Иргэд үүнд эгдүүцэж байгааг дурдах нь зүйтэй.

Төсөвт хүйтэн сэтгэлээр хандаж болохгүй. Мэргэжлийн хяналтынхан дулаан, халууны шугамгүй газар барилга барих зөвшөөрөл олгож байна. Үүнийг би дээр, дооргүй сөрөг хүчингүй болж, олонхоор түрж шийдвэр гаргаж байгаагийн уршиг гэж харж байна.

Та бүхэн төсөв тодотгохдоо аймшиггүйгээр 4.8 их наяд төгрөгийн алдагдал тавьсан. Та бүхний тавьсан өрийг ард түмэн ажил хийж төлдөг. Одоо дахиад улсын төсвийг алдагдалтай батлах уу. Монгол Улс цаашид ч гадны зээл тусламжаар аргацаах уу.

Улс оронд шийдэх олон асуудал байна. Бүгдийг зэрэг шийдэх боломжгүй. Хамгийн суурь асуудлаа эрэмбэлж сурах хэрэгтэй. Юун архины савлагаа, юун дээлийн хээ, юун кэмбриж хөтөлбөр. Бидэнд шийдэх чухал асуудал маш их байна. Та бүхэн дэлхий нийттэй хөл зэрэгцэн алхахгүй юм аа гэхэд ядаж, араас нь хөөж, хурдтай ажиллах хэрэгтэй байна. Та бүхэн төсөвт хүйтэн сэтгэлээр хандахаа болих хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр олон улсын ахмадын баяр тохиож байна

Өнөөдөр Ахмадын баярын өдөр. Монгол Улс энэ өдрийг 1992 оноос эхлэн тэмдэглэж ирсэн юм.

НҮБ-аас анх 1990 онд ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэр гаргаснаар дэлхийн олон орон жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмад настнуудаа баярлуулах, хүндлэх, эрх ашгийг нь хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулан тэмдэглэдэг.

Манай улсын хэмжээнд 300 мянга гаруй ахмад настан энэ өдрийг тэмдэглэдэг.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.09.30) өргөн барилаа.

Улсын Их Хурлаас 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр баталсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заагдсан 2021 оны тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага болон тэнцвэржүүлсэн тэнцлийн хэмжээнд Монгол Улсын 2021 оны төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг бүрэн нийцүүлж хуулийн төслийг боловсруулсныг Сангийн сайд дурдаад төсвийн төслийн үндсэн үзүүлэлтүүд нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур, шаардлагуудыг бүрэн хангаж байгааг онцоллоо.

Уг хуулийн төслүүдийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтжээ.

Монгол Улсын Засгийн газар ирэх 2021 онд дараах төсвийн бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд:

  • Цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний нөлөөллөөр үүссэн төсвийн алдагдлыг 2021 онд бууруулж, төсвийн тогтвортой байдлыг ханган, мөчлөг сөрсөн төсвийн бодлогыг хэрэгжүүлэх.
  • Цар тахлын үед хэрэгжүүлж буй иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих зарим арга хэмжээг хилийн хориог цуцлах хүртэлх хугацаагаар буюу ирэх оны эхний хагас жилд үргэлжлүүлэх.
  • Татвар нэмэхгүйгээр бизнесийн орчныг үргэлжлүүлэн дэмжиж, гаалийн шинэчлэлийн үр дүнд экспортыг нэмэгдүүлж, баялгаас орох орлогыг бүрэн хураах, технологийн дэвшил ашиглан татварын бүртгэл, хамрагдалтыг сайжруулж, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэн төсвийн орлогын боломжит эх үүсвэрийг бүрэн дайчлах,
  • Төсвийн урсгал зардлыг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн түвшинд нийцүүлэх, эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлэх, нийгмийн даатгал, нийгмйин хамгааллын үйлчилгээг коронавируст (КОВИД-19) цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалж, нийгмийн эмзэг бүлэгт чиглүүлэхээр төлөвлөжээ.

Энэ үндсэн дээр Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11.8 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.9 хувь, нийт зарлагын хэмжээг 13.9 их наяд төгрөг буюу 30.0 хувь, төсвийн алдагдлыг 2.6 их наяд төгрөгөөр бууруулж, -2.2 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний -5.1 хувь байхаар төлөвлөж, төсвийн төсөлд тусгажээ.

Мөн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дагалдуулж Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүд болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслүүдийг боловсруулсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

У.ХҮРЭЛСҮХ: АХМАДУУДЫНХАА СУРГААЛ, ЗӨВЛӨМЖИЙГ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ТУСГАН ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛНО

Тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа эрхэмлэн хамгаалж, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын их үйлсэд идэр залуу нас, мэдлэг боловсрол, хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан ахмад настан азай буурлууд Та бүхэндээ Олон улсын ахмадын өдрийн мэндчилгээг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа дэвшүүлж, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас 2016-2020 оны бүрэн эрхийн хугацаандаа дэвшүүлсэн зорилтуудаа хангалттай хэрэгжүүлж, ахмад настнуудын эрхийг баталгаажуулж, хөгжлийг дэмжсэн эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн бодлогын олон арга хэмжээ хэрэгжүүлснийг та бүхэн мэдэх билээ.

Тухайлбал, Ахмад настны тухай хууль, Алдар цолтой ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай зэрэг ахмад настны холбогдолтой олон хууль тогтоомжийн шинэчилсэн найруулга, нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар батлуулж хэрэгжүүллээ.

Түүнчлэн ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, орлогын баталгааг хангах зорилгоор тэтгэврийг 2016 оноос хойш 3 жил дараалан нэмэгдүүлж, бүрэн тэтгэврийн хэмжээг 39.4 хувиар, хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээ 38.9 хувиар, дундаж тэтгэвэр 33.0 хувиар тус тус нэмэгдсэн байна. Ийнхүү бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350.0 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300.0 мянган төгрөгт хүрлээ. “Насны хишиг”-ийг 2017 оноос эхлэн жилд 2 удаа олгож, “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль”-ийг 2020 онд баталж, тэтгэвэр барьцаалсан зээлтэй 228.6 мянган тэтгэвэр авагчийн 6 хүртэлх сая төгрөгийн зээлийг бүрэн тэглэж, зээлгүй тэтгэвэр авагчдад 1 сая төгрөгийн үнэт цаас эзэмшүүлсэн зэрэг олон арга хэмжээ амжилттай хэрэгжүүлэн ажилласныг тэмдэглэхэд таатай байна.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд шинэчлэн байгуулагдсан Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэн бүрд суурь тэтгэвэр олгох, хувийн даатгалын үйлчилгээнд хамрагдах боломж бүхий олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжих, нэрийн дансны үлдэгдлийн тодорхой хэсгийг гэр бүлд нь өвлүүлэх, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх, иргэдийн эрхийг дээдэлсэн, нийгмийн бүх бүлгийн оролцоог хангасан хүний хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлэх зэрэг ахмад настнуудад чиглэсэн зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүлж эхлээд байна.

Манай Засгийн газраас хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгох зорилтыг дэвшүүлж, эхний ээлжид нийгмийн халамжийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, төрд байгаа иргэний мэдээллийг тухайн иргэнээс шаардахгүйгээр төрөөс үзүүлж буй халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг чирэгдэлгүй, шуурхай хүргэх зорилгоор “Нийгмийн халамжийн нэгдсэн систем”-ийг хөгжүүлэн нэвтрүүллээ.

Тус систем нэвтэрснээр иргэн нийгмийн халамжид хамрагдах хүсэлтээ ehalamj.mn, “ТҮЦ машин”, ebarimt аппликейшныг ашиглан гаргах, олон байгууллагаар явж цаасаар бүрдүүлдэг баримт бичгийг багасах, өргөдөл, хүсэлтийнхээ шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, арилжааны банкин дахь өөрийн харилцах дансаараа дамжуулан халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн мөнгөө авах зэрэг иргэнд ээлтэй олон давуу талууд бий болно.

Эдгээр зорилтуудыг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон хүн амыг эрүүл, чанартай насжилтад бэлтгэх, насжилтаас үүдэн гарах сорилтуудыг даван туулахад чиглэсэн бодлого үйл ажиллагаатай уялдуулан урт хугацаанд тусламж үйлчилгээг цогц байдлаар хүргэх тогтолцоог бүрдүүлэх, хөгжлийн төвүүдийг байгуулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн зорилтуудыг хэрэгжүүлж ажиллана.

Цаашид бид ахмад настны хөгжил, нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагаагаа төр, иргэний нийгмийн хамтын ажиллагаа, ахмадууд та бүхний идэвх оролцоонд түшиглэн хэрэгжүүлж, өтгөс буурлуудынхаа үйл хэргийг өвлөн залгамжлах залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэхэд улам бүр анхаарч ахмадуудынхаа сургаал, зөвлөмжийг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх болно.

Та бүхнийхээ амьдрал үйлс өөдлөн дэлгэрч, эрүүл энх, урт наслахын ерөөл дэвшүүлье.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /2020.10.01/ нээлтээ хийлээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв.

Тэрбээр “Намрын чуулганы хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн олон салбарыг хамарсан 122 хууль, шийдвэрийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Чуулганы хугацаа 75 хоног байх бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн шинэтгэлийн шинжтэй томоохон хуулийн төслүүд биднийг хүлээж байна. Иймд бид ихээхэн ачаалалтай хуралдаж, цаг хугацаатай уралдах шаардлагатай болж байна. Төсвийн төсөл, зээлийн хүүг бууруулах стратегитай уялдаатай хэлэлцэх, ипотекийн зээлийг зургаан хувь болгох зарчмын шийдэлд Засгийн газар, УИХ хүрсэн. саарал жагсаалтаас гарахтай холбоотойгоор зургаан заалтын дөрвийг нь биелүүлж ажиллаж байна” хэмээн онцоллоо.

ХОЁР. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 01-ний Пүрэв гарагт:
• Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
• Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

10 дугаар сарын 01-ний Пүрэв гарагт:
1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2020.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

• Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын .. гишүүн 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

3.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас “Үндсэн хууль” танхимд:

Хэлэлцэх асуудал:

“Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

ДӨРӨВ. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 02-ны Баасан гарагт 09.00 цагаас:
Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 06 дугаар дүгнэлт;
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2020.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
• Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын .. гишүүн 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
“Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
• Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл.