Categories
мэдээ цаг-үе

Х.Нямбаатар: Торгуулийг хугацаанд нь төлбөл 50 хувиар бууруулна

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг өчигдөр хЗдхЯ-ны байранд боллоо.

хэлэлцүүлэгт хЗдх-ийн сайд х.Нямбаатар, ЦЕг-ын Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, хурандаа ч.чинбат, Улсын ерөнхий прокурорын туслах прокурор ү.содномцог нар илтгэл танилцуулсан юм.

2015 онд батлагдаж, 2017 оноос хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хууль нь бие даасан хууль гэхээсээ илүүтэй манай улсын нийгмийн амьдралыг бүхэлд нь зохицуулж буй 280 гаруй хуулийг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэдэг хууль билээ. энэ оны зургадугаар сарын 30-ны өдрийн байдлаар 5.2 сая зөрчил шийдсэн байгаа бөгөөд нийт зөрчлийн 96 хувь нь замын хөдөлгөөний дүрэмтэй холбоотой байжээ.

Зөрчлийн тухай хуульд орох өөрчлөлтийн талаар хЗдх-ийн сайд х.Нямбаатар тавьсан илтгэлдээ “Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн найруулахдаа дийлэнх зөрчилд сануулга өгч, торгууль шийтгэлийг хугацаанд нь төлсөн тохиолдолд оногдсон шийтгэл буюу мөнгөн дүнг 50 хувиар багасгана. Зөрчил арилгах хугацааг 7-10 хоног байхаар тогтоож, зөрчлийг арилгуулах тусгай нэгж иргэнд хяналт тавьдаг байхаар зохицуулна. Мөн 2300 зөрчлийг дахиж шинээр томьёолж, зөрчлийн давхардлыг арилгаж, оногдуулах шийтгэлийн дээд, доод хязгаарыг тогтооно. Учир нь зөрчил үйлдэгчийн хувийн байдал болон тухайн нөхцөл байдлыг харгалзан үзэж, уян хатан шийдвэрлэх хэрэгцээ үүсээд байгаа юм” хэмээв. Мөн тэрбээр зөрчлийн тухай хуулийг өөрчлөх шаардлагатай байгааг хоёр хүн тутмын нэг нь шаарддаж байна. Тиймээс дараах байдлаар өөрчлөлт оруулна.

• Хүн зодсон, биед нь халдсан зөрчлийг ч шууд эрүүгийн хууль руу оруулахаар ярьж байна. хүний хамгийн том эрхэд халдаж байгаа энэ зөрчилд Зөрчлийн тухай хуулиар ердөө 100,000 төгрөгөөр торгохоор тусгасан байдаг нь буруу. Түүнчлэн торгууль шийтгэлээ хугацаанд нь төлсөн тохиолдолд оногдсон шийтгэлийг 50 хувиар бууруулдаг бусад улс орны эрх зүйн хөшүүргийг шинэчилсэн найруулгад оруулж ирнэ.

• Шийтгэлийг тодорхой бичих бөгөөд зөрчлийн шинж чанар, зөрчил үйлдэгчийн хувийн байдал, зөрчил гаргахдаа гаргасан үйлдэл зэргийг харгалзан үзэж байж, торгуулийг дээд, доод хязгаартай болгож оруулна.

• Зарим төрлийн зөрчлүүдэд баривчлах шийтгэл оногдуулах шаардлага байна. Тухайлбал, Шүүх хуралдааны хэвийн үйл ажиллагааг тасалдуулсан тохиолдолд шүүгч захирамж гаргаж, баривчлах шийдвэр гаргаж болох юм. Ингэснээр шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах юм.

• Торгууль, шийтгэлээ хугацаанд нь төлсөн тохиолдолд шийтгэлийн төлбөрийн хэмжээг 50 хувиар бууруулдаг эрх зүйн хөшүүргийг оруулна. Жишээ нь, ОХУ-д замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчөөд торгуулийн тасалбар хүлээж авсан хүн долоон хоногийн дотор төлбөрөө төлбөл 50 хувиар бага торгууль төлөх хууль байдаг.

• Дийлэнх зөрчилд сануулдаг үе шатыг оруулна. Хүний амь, эрүүл мэндэд шууд хор хохирол учруулаагүй нөхцөлд эрх бүхий албан тушаалтнууд 7-10 хоногийн хугацаанд зөрчлөө арилгах албан шаардлага өгдөг болно. Харин энэ хугацаанд зөрчлөө арилгаагүй бол торгууль, шийтгэл ногдуулдаг болох юм. Гэхдээ дөрвөн замын уулзвараар улаан гэрлээр гарч байгаа үед сануулах арга хэмжээ авах боломжгүй учраас зөрчлийн байдлаас хамаарч, тодорхой төрлийн зөрчилд шууд шийтгэл ногдуулах гэнэ.

Харин цЕГ-ын Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат “Зөрчлийн тухай хуулиар оногдуулж буй шийтгэлийн нийгэмд үзүүлэх эерэг нөлөөллийг бодож, иргэдийн хандлага руу чиглэсэн бодлого баримтлах нь чухал. Хувь хүн гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрч байгаа аль эсхүл улам мэлзэж, өөрийгөө өмгөөлж байгаа хоёр хүний хооронд хандлагын ялгаа бий. Энд төрөөс үзүүлж байгаа шийтгэл яагаад ялгаатай байж болохгүй гэж. Үүнийг шударга ёсонд нийцнэ гэж бодож байна.

Мөн төрийн шалган шийдвэрлэх зарим эрх бүхий байгууллагад хүний нөөц дутагдаж байгаа учраас зарим тохиолдолд цагдаагийн байгууллагад зөрчлийн хэргүүд харьяалагдаж ирээд байдаг. Гэхдээ үүнийг бид ачаалал нэмэгдлээ гэж хүлээж авдаггүй. Аливаа салбарт зөрчил үүссэн тохиолдолд салбарын дагнасан ур чадвар, мэдлэгтэй албан хаагч хэрэгтэй тул бид албан хаагчийг мэргэшүүлэх, дагнасан мэргэжилтнийг бэлтгэж байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажилд зарцуулах 281 сая төгрөгийн төсвийг боловсруулж, Сангийн яам руу илгээсэн. Энэ ажилд маш их зардал, цаг хугацаа зарцуулдаг. Албан хаагч өөрийнхөө халааснаас мөнгө гаргах үе ч тохиолддог. Нэг албан хаагчид төчнөөн хэрэг гэж тодорхой заасан норм байдаггүй. Гэхдээ ойролцоогоор нэг албан хаагчид 30-40 хэрэг хянан шийдвэрлэх үүрэг оногддог. Энийг багасгавал, ажлын үр дүнд эерэг өөрчлөлт гарах магадлал өндөр” хэмээв.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тавьсан илтгэлийнхээ үеэр “Хариуцлагын нэгдсэн тогтолцоо”-г бүрэлдүүлэх нь чухал байгаа талаар дурдсан.

Хариуцлагын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх талаар Улсын ерөнхий прокурорын туслах прокурор Ү.Содномцог “Зөрчлийн тухай хууль батлагдахаас өмнө Захиргааны хариуцлагын тухай хууль гэж байсан. Энд “зөрчил” гэдэг ойлголтыг маш ерөнхий байдлаар тодорхойлсон байсан. Шинэ зөрчлийн хуулиар яг ийм үйлдлийг ийм зөрчилд тооцно гэж нэг бүрчлэн тодорхой болгож өгсөн. Хариуцлагын нэгдсэн тогтолцоо гэдэг нь ямар ч зөрчлийг шалгасан тухайн эрх бүхий албан тушаалтан хүний эрхийг хангасан нэг процессоор явахыг хэлж байгаа юм. Тодруулбал, зөрчил гаргасан тохиолдолд хариуцлагаас мултрах боломжгүй байхаар зохицуулна гэсэн санаа. Заавал хуульд заасан хариуцлага хүлээх ёстой. Хариуцлага хүлээлгэхдээ энэ үйлдлийг давтан гаргах боломжгүй байхуйцаар зааж зөвлөж, зөрчлийн тоог бууруулахад анхаарна гэсэн утгатай” хэмээлээ.

Тэрбээр “Зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилт ба прокурорын хяналт” сэдвээр илтгэл хэлэлцүүлж хуулийн хэрэгжилтийн практик ахиц дэвшлийн тухай ярьсан юм. Улсын ерөнхий прокурорын туслах прокурор Ү.Содномцог хэлэхдээ “Зөрчлийн нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан бүрдэж, эрх бүхий албан тушаалтан нэгдсэн стандартын дагуу зөрчил шалгах ажиллагааг хэрэгжүүлж хэвшсэн. Зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаанд хяналт тавих бие даасан бүтэц прокурор ажиллах болсон. Мөн төрийн нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлд анхаарч, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулалт сайжирсан давуу талтай байна” хэмээсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Нямаагийн Зориг: “Санаж яваарай” кино нэрнээсээ аваад 60 хувь нь хасагдаж байлаа


Жүжигчин Нямаагийн Зоригтой ярилцсанаа хүргэж байна. Эл эрхмийг “Санаж яваарай” гол дүр, мөн “Загийн алим”-ын Ханбүргэд гээд кино урлагт бүтээсэн дүрүүдээр нь ард түмэн мэднэ. Ерээд оны эхээр “Хөхөөтэй цаг” нэвтрүүлгийг үндэсний телевизээр хөтлөн явуулсан нь үзэгчдийн сэтгэлд хоногшиж үлдсэн. Тэрээр төрийн шагналт зохиолч Долгорын Нямаагийн хүү юм. Мөн гавьяат жүжигчин И.Одончимэгтэй ханилж байсан гэдгийг хүмүүс мэднэ. Ямар сайндаа “Сэтгүүлчид надаас яриа авахаараа аав, Одноо хоёрыг л асуугаад байдаг. Би тэр хоёрын тухай ярихын тулд яриа өгөх хэрэг үү” гээд инээж байсан. Мань эр бол үнэндээ сонин ертөнц л дөө. Монголын кино урлаг, мөн телевизийн урлагийн нэгэн цагийн түүхийн гэрч мөн билээ.


-Хоёулаа яриагаа төгссөн сургуулиас тань эхэлбэл яаж байна?

-Нийслэлийн арван жилийн зургадугаар дунд сургуулийг төгссөн. Сурлага ч гайгүй байсан юм болов уу, Москвагийн бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийн найруулагчийн ангийг аваад явлаа. Тэр чинь далан найман он. Орос хэлний шалгалтад ортол Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн хэлний бэлтгэл ангид хуваарилдаг юм байна. Ингээд Москвад нэг жил сурлаа. Аавынхаа таван жил сурсан Москвад сурч байгаа нь тэр. Нэг инээдтэй дурсамж ярья л даа. Намайг сурч байхад аав Москвад очиж байсан. “Азербайжан” буудалд буучихаад над руу утасдаад, хүрээд ир гэдэг юм. Би яваад очтол үүдний жижүүр нь оруулдаггүй, оюутныхаа үнэмлэхийг үзүүлээд ч болдоггүй. “Аав минь Монголын зохиолч Нямаа гэдэг хүн ирээд намайг дуудууллаа” гэтэл өөрийн чинь үеийн залуу өглөө ирснийг мэдэж байна, одоо бүр үеийнхээ залууг аав аа гэж худлаа хэлэх нь гээд хавьтуулдаггүй шүү. “Үнэмлэхийг минь та тулгаад шалгаж болно. Болохгүй бол та дуудаад өгнө үү” гэтэл дуртай дургүй аавыг дуудлаа. Аав буугаад иртэл хавийн хүүхнүүдийг цуглуулаад “Аав хүү хоёр гэнээ, ямар сонин юм бэ” гээд дуу алдаж байна. Аав ч жуумалзаж инээмсэглээд юм дуугарсангүй. “Ийм хөгшин хүнтэй намайг чацуу гэлээ” гээд миний их л дургүй хүрч билээ. Зохиолчид тэр буудалд их буудаг байсан. Анна Цендина гээд Дамдинсүрэн гуайн охин аавд үйлчлээд орчуулагчаар явж байсан. Тэгэхэд Зөвлөлтийн зохиолчдын хороонд ажилладаг байсан болов уу. Аав Дамдинсүрэн гуайн охин гээд танилцуулж байсан. Аав тэгэхэд дундад Ази Самаркандаар явсан. “Самаркандынт шөнө” гээд олон алдартай бүтээлээ тэгэхэд бичсэн байх. Миний бие Москвагийн Улсын их сургуулийн бэлтгэл ангиа төгсөөд шалгалт өгөх гэтэл “10 төгссөн хүүхэд авахгүй” гээд шалгалтад оруулдаггүй. “Танай монголчуудад зөндөө хэлсэн. Кино найруулагч гэдэг бол киноны туршлагатай, кинонд ажиллаж байсан хүмүүс байх ёстой. 10 төгссөн А мэдэхгүй хүүхдүүдийг бид авахгүй” гээд Эрхүүгийн сэтгүүлийн ангийн хуваарь өгчихлөө. Москвад үлдчих санаатай хөөцөлдтөл дараа жил нь буюу наян онд Москвад олимп болно, гадаадын оюутнуудыг авахгүй гэлээ. Ингэтэл “Хонх”-ын Цогтсайхан таараад “Би яг чам шиг юм болсон. Киноны сургуульд Москвад ирээд Эрхүүд хуваарилагдсан. Тэнд дуртай дургүй очсон, тэгтэл Эрхүү гэдэг чинь ямар гоё юм бэ. Монголд ойр маш сайхан нутаг” гэж хэлээд намайг вагон руу бараг чихдээд орчихсон. Эрхүүгийн их сургуулийн сэтгүүлийн ангид иртэл Хонхын Энхбаяр, сэтгүүлч Гомбын Золжаргал, гэрэл зурагчин Цацралт гээд дандаа гавьяатууд сурч байлаа. Кино найруулагчаар очоод дунд сургууль төгсөөд шууд ирсэн гэх шалтгаанаар Эрхүү рүү, үндсэндээ Ангар мөрөн рүү шидэгдсэн нөхдүүд. Тэнд нэг жил сураад, сүүлдээ дургүй хүрээд аавд учир байдлаа хэлээд Монголд ирсэн. Москвагийн их сургууль аваад явсан хүн чинь Эрхүүд сураад сүүлдээ Монгол Улсынхаа багшийн сургуулийн кино драмын ангид орж байгаа юм.

Кино драмын ангид нэгдүгээр курсийн дундуур орсон. Манай ангийн багш Хайнзан гэдэг хүн байсан. Үндсэндээ бид чинь Хайнзан, Доржсамбуу гэсэн хоёр хүний шавь нар. 1984 онд сургуулиа төгссөн. Манай ангийнхан гэвэл “Говийн зэрэглээ”-гийн Номин, “Гарын таван хуруу”-гийн Сүрэнгийн дүрээр мөнхөрсөн Янживын Оюунцэцэг, түүний нөхөр “Тань руу нүүж явна”, “Намар нахиалсан мод”-ын Шагдарт тоглодог гавьяат Лувсан гуайн хүү Нямсүрэн, Цагааны Цэгмидийн хүү Төмөрхуяг, жүжигчин Нармандах, Рагвайн Гэрэл гээд олон хүн байна.

-Төгсөөд кино үйлдвэрт очив уу?

-Ёстой аваргуудын гар дээр очиж байгаа юм. Монгол кино үйлдвэрийн орчуулгын кино групп буюу жүжгийн ангид хуваарилагдсан. Жилдээ 42 кино эх хэлнээ хөрвүүлж, дуу оруулж байсан удаатай. Мөн Монголын уран сайхны кинонуудад бас дуу оруулна. Алдарт Чимэд-Осор гуайгаас аваад Дамдинбазар, Дагийранз, Дамчаа, Цэнд-Аюуш, Цэмпилмаа, Цэцгээ, Батцэцэг, Сүхбаатар, Чойн Хүрэл гээд жинхэнэ лидерүүдтэй нэг гал тогоонд байлаа. Хүрэл бид хоёроос бусад нь гавьяат, ардын цолтнууд. Сүүлд Сүхбаатар маань гавьяат болоход бид цугласан. Мөн ардын жүжигчин Равдан байна, дээрээс нь Гүрсэд, Карма, Нэргүйбаатр бүгд гавьяат. Миний бие сургуулиа төгсөөгүй байхдаа буюу 1983 онд дорнын их найрагч Бэгзийн Явуухулангийн хүү Энхээ, төрийн шагналт Чойжилын Чимидийн хүү Энхээ хоёрын зохиол “Аль нь вэ” гэдэг нэртэй кинонд тоглох боллоо. Ч.Энхээ чинь нэг хэсэг манай ангид байсан юм. Зохиолоо биччихээд “Чи л нүдэнд харагдаад байна. Монголын анхны нэг дүрд хоёр хүнийг тоглуулах санаатай ийм бүтээл” гэж тодотгож хэлсэн. Зохиолыг нь уншлаа, кино найруулагч Сэлэнгэсүрэн кино үйлдвэр дээр дуудаад сорилтод орлоо. Тэгсэн чинь чимээгүй байна аа. Бараг сар шахуу боллоо, тэгтэл дахиад дууддаг юм. “Эхний сорилт амжилттай болсон. Хөдөө хоёрдугаар сорилтод хослол зургаар хоёр ихэр болгож авна” гэв. Шаравдорж оператор нүсэр том аппарат ажиллуулж хоёр ихрийн дүрс авсан. Тэр чинь бараг өвлийн сүүл сараас эхэлсэн ажил. Дахиад чимээгүй болчихлоо. Тэгтэл өөр хүн тэнцэж гэнээ л гэж дуулдлаа. Тэр хүндээ зориулж хувцсыг нь хийж байна гэдэг ч юм. Гэтэл хослол зургийг үзээд кино үйлдвэрийн уран сайхны зөвлөл эргэсэн байгаа юм. Ерөөсөө тэр Зоригийг тоглуул гэжээ. “Өөр хүн тоглуулахаар болсон, хувцсыг нь бэлдсэн” гэхэд тэр хамаагүй гэсэн байна. Ингээд би чинь нэг л өдөр хоёр дүр дээр тавиад буусан, азтай шүү бас. Тэгж “Аль нь вэ” гэдэг кинонд тоглосон. Төв хорооны үзэл суртлын хэлтэс тухайн жил гарсан Дашдооров гуайн “Саруул талын ерөөл“, Гармаа гуайн “Нарны унага”, “Аль нь вэ” гэдэг энэ гурван киног Төв хорооны тогтоол гарч хаасан. Нийтэд гаргаж болохгүй гэсэн. Манай киног орчин үеийн залуучуудын ахуй амьдралыг буруу талаас нь тусгаж харуулсан байна, архи ууж байна, эрүүлжүүлэхэд орж байна, наймаа хийж байна, залуучуудад үлгэр дуурайлалгүй юм үзүүлсэн байна гэж хаасан. Соёлын яамны уран сайхны зөвлөлийн гишүүн байсан ардын жүжигчин Э.Оюун багш цээжээрээ хамгаалаад дийлээгүй хаалга саваад гарч байсан гэдэг. Бадар-Ууган, Оюундэлгэр хоёр киноны дууг дуулсан юм. “Дууг нь хас, нэрийг нь соль, ингэж алдаж онож явлаа гээд Санаж яваарай болго” гээд киноны жар гаруй хувь нь хасагдаж дахиж шинээр хийгдсэн. Галт тэргэнд залуучуудад ингэж алдаж явлаа гэдгээ ярихаас аваад олон юм шинээр нэмж, бүтээн байгуулалт барилгыг нэмсэн юм. Би нэг юманд харамсдаг юм. Ардын жүжигчин Л.Жамсранжав гуай имперсонист, модернист, сюрриалист ч гэдэг тийм нэг зураачийн дүрд тоглосон. Тэр зураачаар дамжуулаад ах дүү хоёрын төлөвшил хүмүүжил, ертөнцийн үзэх үзэл нь өөрчлөгдөж, харагдаж байгаа тийм чухал дүр байсан. Жамсранжав гуай сайн ч тоглосон. Ийм мундаг хүнтэй хамт тоглож байна гээд би дотроо их л баярлаж байсан. Гэтэл тэр дүрээс нэг кадр ч үлдээлгүй хассанд харамсдаг. “Санаж яваарай”-г одоо хүмүүс муу гэдэггүй, хэрвээ хасагдаагүй байсан бол ямар сайхан кино байх байсан гэж бодно.


-Таны бас нэг дүр “Загийн алим”-ын Ханбүргэдийн дүр?

-Кино үйлдвэр дээр “Санаж яваарай”-гийн зургийн засвар, дууны засвар гээд байсхийгээд дуудуулна. Яаж энэ “там”-аас салдаг юм билээ гэж сүүлдээ бодоход хүрлээ. Яг тэр үед “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Нийслэл хүү”-г найруулдаг Жамсранжав “Загийн алим”-ын хоёрдугаар найруулагчийн хувьд, зураач Нямдаваа хоёр надтай Кино үйлдвэр дээр таараад хоёр талаас сугадаж аваад Дамдин найруулагчийн өрөөнд орууллаа. “Нөгөөдөр натурт явна, Дундговийн Их газрын чулуу. Хөнжил пүүгээгээ бэлд, зохиолоо унш, өөр ярих юм байхгүй” гэдэг юм. Зохиолоо унштал нээрээ ч нэг хартай, байж болохоор залуугийн дүр байна. “Санаж яваарай” киноноос болж кино үйлдвэрт өдөртөө хэд дуудагддаг Сэлэнгэсүрэн найруулагч “Чиний ачаар хоёр яс саллаа, чамайг асуухаар өөр кинонд тоглоод хөдөө явчихсаныг чинь хэлнэ” гээд баяртай байж билээ. “Загийн алим”-ын зохиолыг бичсэн Санжийн Пүрэв зохиолчтой радио телевизэд хамтарч “Театр” гэдэг нэвтрүүлэг хийдэг байлаа. Радиогоор ч явдаг, телевизээр явдаг. Мань хүн намайг “Манай Ханбүргэдэй” л гэдэг байсан. Кино урлагт миний бүтээсэн хоёр гол дүр “Санаж яваарай”, Ханбүргэд юм. Жижиг дүрүүд зөндөө бий. Эрдэнэбатын зохиол “Совин” гэж кино байна. “Нохойн зодоон” киноны гол дүрд мөн тоглосон. “Амьдралын нахиа”, “Намар нахиалсан мод”, “Ховор хүмүүс” гээд олон кинонд жижиг сажиг дүр бүтээсэн. Киноны тухай ярихаар Жамъянсүрэнгийн Сэлэнгэсүрэн найруулагчаа би дурсдаг. Тэр хүнд их баярладаг юм. Тэрээр “Илүү сартай зун” гээд олон гоё киноны эзэн хэрнээ соёлын тэргүүн ч байхгүй хорвоогоос буцсан. Өөрөө бас сайн жүжигчин. “Тойрох хуудас”-т тоглож байсан. Равжаагийн Доржпалам гуайн шавь. Доржпалам гэж тэр агуу найруулагчтай би хамт кинонд тоглож байлаа. Хүмүүс Доржпалам гуайг маш их хүндэтгэнэ. Тэр мундаг хүн шавийнхаа “Ховор хүмүүс” киноны гол дүр Сэрээнэнд тоглосон. Миний бие уг кинонд соёлын төлөөлөгч болж тоглохын зэрэгцээ туслах найруулагчаар явлаа. Хар зүрхний хөх нуурын дэргэд зураг авсан тэр өглөө Доржпалам гуайг сэрээх үүрэг надад оногдов. Хоёрдугаар найруулагч нь Чимиддорж, ассент найруулагч нь Намсрайжав, жүжигчин Бооёогийн аав байсан. Энэ хоёр “Палам багшийг чи сэрээ” гэж хэллээ. Нойрондоо их харам гэдгийг нь би мэднэ. Үүрээр өрөөнд нь ороод “Палам багш аа сэрээрэй, зургандаа гаръя” гэхэд “Өө за за, наад лаагаа асаа, уучлаарай найруулагч аа” гээд босоод ирсэн. Өмнөөс тийрээд унагачих байх гэж бодож байсан би их баярлаж билээ. Урлагт олон жил зүтгэсэн, киноны хүн чинь соёлтой, өөр байдаг юм билээ.

-Та чинь Хүүхэд залуучуудын театрт ажилласан, телевизэд ажилласан. Тэр тухайгаа хуучилбал?

-Нямгаваа найруулагчийн хэлснээр Хүүхэд залуучуудын театрт гурван жил ажилласан. Гурван жүжгийн гол дүрд тоглосон. Д.Гармаагийн “Намайг сонсоцгоо”, Дарамын Батбаярын “Минийх”, Ц.Балдоржийн “Хэрээ”-гийн гол дүр. Нямгаваа, Доржсамбуу хоёрын жүжгүүд. Монгол телевизэд ажилласан маань З.Алтайгийн зөвлөснөөр очсон. Алтайгийн хувьд залуучуудын редакцийн дарга байсан. Намайг шууд найруулагчаар авсан. Бадрах найруулагчийн “Гал” нэгдэлд Авирмэд, Ёолк, Золжаргал, парик Жагаа бид нэг баг байсан. Ёстой нэг сайхан залуучууд байсан даа. Олон нэвтрүүлэг хийсний нэг нь “Хөхөөтэй цаг” юм. Аав нэрийг нь өгсөн юм.

-“Говийн зэрэглээ”-гийн Номин буюу Янживын Оюунцэцэгийн тухай асуумаар байх юм?

-Оюунцэцэг маань 35-хан насандаа бурхан болсон. Угшлаараа Увсын Өндөрхангайн элжигэн халх байсан. Дарханд өссөн хүн. “Гарын таван хуруу”-гийн Сүрэн өөрөө мөн юм. Олон дүүтэй хүн. Найзыг маань хүмүүс их хүндэтгэдэг байлаа. Өөрөө бол их даруу. Цэвэр киноны жүжигчин байсан. Тайзан дээр гэхээсээ кинондоо илүү байсан. Бид хоёр үнэндээ дотно найзууд байлаа. Ямар сайндаа намайг дагуулж орос дэлгүүр орж байсан. Оюунцэцэгийг хүн бүр хүндэтгэдэг учир орос дэлгүүр рүү шууд орно. Ингэж Оюунцэцэгийнхээ хүчинд би хос костюм авч байв. Шинэ жилээр гэр бүлээрээ ирж манайд баяраа тэмдэглэнэ. Аав ээж маань сайхан ааштай даруухан гээд их хүндэтгэдэг байсан.

-Гавьяат жүжигчин И.Одончимэг та хоёр гэр бүл байсан. Анх хэрхэн танилцсан тухайгаа хуваалцахгүй юу?

-Одноо бид хоёр Хүүхэд залуучуудын театрт танилцаж байсан. Түүнээс илүү зүйл ах нь ярьж чадахгүй. Харин хайрт охин Намуундарьтайгаа ойр байдаг. Мөн хөөрхөн зээтэй болсон. Охин маань хүүхдээ аваад манайд ирдэг юм. Аав минь бурхан болоод би чинь ээжтэйгээ байдаг.

-Сүүлд та хэд хэдэн кинонд тоглосон, шоронгийн атманы дүрд тоглосон байх шүү?

-О.Бат-Өлзийгийн гурван кинонд тоглосон. Эхлээд Жамъянсэнгээ хурандаагийн тухай “Нар сарны зааг”, дараа нь “Маш нууц” кинонд, сүүлд “Буруу өрөг” кинонд тоглосон. Гурван дүр маань гурвуулаа шоронгийн атман. “Маш нууц” кинонд яваад иртэл аав “Ямар кинонд явав” гээд асууж байна. “Шоронгийн атман хулгайчийн дүр гэтэл, чи яахаараа Бат-Өлзийгийн кинонд дандаа тийм дүрд тоглодог юм. Ямар бодолтой чамайг ингээд байна” гээд жаахан дургүйлхэв. Тэгэхээр чинь жүжигчин хүн чинь юу ч болно, үхнэ сэхнэ, хулгайч, атман, алуурчин, жанжин юу ч болно л гэлээ. Харин би “Буруу өрөг”-т тоглосныхоо дараа Бат-Өлзийдөө хэлсэн. Би дахиж чиний кинонд ийм дүр бүтээмээргүй байна гэхэд “Зориг оо, би чамайг муухай харцтай, муухай төрхтэй гэж хэлж байгаа юм биш. Энэ дүрийг бодоод зохиолыг нь уншихаар чи л чадна гэж өөрийн эрхгүй бодогдоод байх юм, тэгээд найзыгаа урьж байгаа юм. Энэ гол дүр биш ч гэсэн юу илэрхийлэх гээд байгааг нь өнөөдрийн хувьд чи л гаргаж чадна, чи нүдээрээ, бие сэтгэлээрээ чадна, түүнээс би найзынхаа мууг үзэх гэж байгаа биш” гэж хэлсэн.

-Хошин шогийн гавьяат Туяа найз маань хэлж байж би соёлын тэргүүн болсон гэдэг дээ?

-Хүмүүс намайг чинь бараг л гавьяатаа очиж ав гэж загнах нь холгүй л байх юм. Одоо чинь шагнал шүүлэг гэдэг чинь тийм болчихсон юм уу, хаашаа юм. Хөөе, миний юмыг өгөөдөх гээд очдог болсон юм уу. Гэхдээ хүмүүсийг тэгж хэлэхэд дотроо баярладаг. Муу санасандаа биш, намайг авчихаасай гэсэндээ тэгж хэлж байгаа байх л даа. Авах ёстой гэж олон хүн урам өгдөг. Би болохоор энэ тал дээр аавыгаа дуурайсан хүн. Манай аав юмны араар суудаг, их даруу хүн байсан. Хүмүүс хөөцөлдөөд аваад байх юм. Хоёр гуравхан кинонд тоглочихсон, жүжигт тоглоогүй, телевизэд өөрийн гэсэн уран бүтээл хийгээгүй нөхдүүд гавьяат болоод байх юм. Үндсэндээ хошин шогт тоглож марзганаж байгаад гавьяат авчихсан залуус байна. Би тэдэнд атаархаж байгаа юм биш. Юм хийгээгүй байж тэр цолыг авна гэдэг хүнддэх вий дээ гэж хардаг. Баянцагааны Баатар гэж дэндүү шударга найз маань байлаа. Тэр хүн гавьяатыг буцааж өгье гэж хэлж байсныг ард түмэн мэднэ байх. Баатар маань намайг хүндэтгэнэ. Баатар гэснээс Баатарын нэг жүжгийн гол дүр буюу галзуу хүний дүрд би дуу оруулаад, тэр жүжиг нь Японд болсон олон улсын наадамд шилдэг найруулагчийн тэргүүн шагнал аваад, мандаж л байлаа. Баатар шагналынхаа мөнгөнөөс надад өгөөд л, би найзынхаа яриаг зурагтаар гаргаад л. Сайхан он жилүүд байж дээ. Ингээд дурсаад байвал мөн ч олон хүний тухай ярьж болно.

Categories
мэдээ цаг-үе

Манай улсын эдийн засаг 2009 оны хямралаас хойш анх удаагаа агшина

Дэлхийн банкнаас бүс нутгийн эдийн засгийн тойм тайланг танилцуулав. Цар тахал Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт гурвангол сувгаар нөлөөлж байгаа аж. Тодруулбал, хорио цээрээс үүдэлтэй эдийн засгийн үр дагавар, цар тахлын шууд сөрөг нөлөө, хямралаас үүдсэн глобал эдийн засгийн уналт гэсэн байдлаар нөлөөлөл орж иржээ. Манай улсын тухайд энэ онд эдийн засаг 2.4 хувиар агшихаар байгаа аж. Энэ нь 2009 оны хямралаас хойш эдийн засаг анх удаагаа агших тохиолдол гэв. Харин бүс нутгийн эдийн засгийн төлөв 2021 онд харьцангуй өөдрөг байгаа аж. Тухайлбал, вирусийн эсрэг вакцин гарч томоохон улс орнуудын эдийн засаг сэргэнэ гэж үзвэл ирэх онд Хятад 7.9 хувиар, бүс нутгийн бусад эдийн засаг 5.1 хувиар өсөх төсөөлөлтэй байна. Гэсэн цар тахлаас өмнө төсөөлж байсан эдийн засгийн өсөлтийг 2023 он хүртэл үзүүлж чадахгүй юм байна. Ялангуяа Номхон далайн арлын улс орнуудын өсөлт 2021 он хүртэл хямралын өмнөх төсөөллөөс 10 орчим хувиар доогуур байх дүр зураг ажиглагджээ. Уул уурхай болон боловсруулах салбарын хөрөнгө оруулалт, хувийн хэрэглээний идэвхжилтэй холбоотойгоор Монголын эдийн засаг 2021-2022 онуудад таваас дээш хувиар өсөх төлөвтэй байна.

Цар тахлаас үүдэлтэйгээр бүс нутгийн ядуурлын түвшин сүүлийн 20 жилд анх удаа нэмэгдэх эрсдэлтэй байна. Өөрөөр хэлбэл, тахлын нөлөөгөөр 38 сая хүн ядуу хэвээр, эсвэл ядуусын эгнээнд шилжих эрсдэл үүсч болзошгүй байгаа аж. Иймд цар тахал ойрын жилүүдэд эдийн засагт сөргөөр нөлөөлж, ядуурлыг нэмэгдүүлэх эрсдэлээс сэргийлэхийн тулд шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авахыг Дэлхийн банкны “Хорио цээрээс сэргэлт рүү” сэдэвт Зүүн Ази болон Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайланд онцоллоо.

Цар тахлын тархалтыг тогтоон барьж чадсан зарим орны эдийн засаг сэргэж байна. Гэвч бүс нутгийн эдийн засаг энэ онд ердөө 0.9 хувиар өсөхөөр байгаа нь 1967 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болох аж. Тодруулбал, БНХАУ-ын хувьд дотоод эрэлт сул байгаа ч улсын секторын хөрөнгө оруулалт болон экспорт нэмэгдэж, гуравдугаар сараас хойш халдварын дотоод тархалт харьцангуй хязгаарлагдмал байснаас шалтгаалан энэ онд эдийн засаг нь хоёр хувиар өсөх төлөвтэй байна. Харин бүс нутгийн бусад орнуудын эдийн засаг 3.5 хувиар агших төсөөлөлтэй байгаа аж. Гадаад эрэлт суларч, “КОВИД-19” цар тахлын эсрэг хорио цээрийн арга хэмжээ нь уул уурхай болон үйлчилгээний салбарт томоохон сорилт учруулах юм байна. Цар тахал дэгдсэнээр бүс нутгийн засгийн газрууд ДНБ-ийхээ дунджаар таван хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг нийтийн эрүүл мэндийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, айл өрхүүдийг дэмжих, аж ахуйн нэгжүүдийг хаалгаа барихаас сэргийлэхэд зориулсан байна. Гэвч өмнө нь ДНБ-ийхээ 1 хувь хүрэхгүй хэмжээний хөрөнгийг нийгмийн хамгааллын хөтөлбөрүүддээ зарцуулдаг байсан зарим орнуудын хувьд нийгмийн хамгааллын зардлыг цаашид нэмэгдүүлэх боломж хомс байгаа бөгөөд цаашид дэмжлэгээ үргэлжлүүлэх тохиолдолд энэ нь төсвийн орлогын бааз суурьт нь дарамт үзүүлэх эрсдэлтэй байна. Манай улсын хувьд ч мөн цар тахлыг даван гарахтай холбоотойгоор нийгмийн халамжийг ихээхэн нэмэгдүүлж, хүүхдэд чиглэсэн халамж л гэхэд дөрөв дахин өссөн. Мөн өргөн хүрээтэй, олон чиглэлийг хамарсан арга хэмжээ авахгүй бол цар тахал бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дараагийн 10 жилийн турш жил бүр 1 нэгж хувиар ч бууруулж болзошгүйг тайланд анхааруулжээ. Ингэхдээ эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг тэр болгон авч чаддаггүй, орлого багатай, ажилгүй, ядуу айл өрхүүд хамгийн хүнд байдалд орох эрсдэлтэй хэмээсэн байна. Цар тахлаас шалтгаалан боловсролын байгууллагуудыг хааснаар бүс нутгийн сурагчдын бодит түвшинд сурсан жил 0.7 жилээр хумигдахаар байгааг тайланд дурджээ. Ингэснээр бүс нутгийн сурагчдын ирээдүйн хөдөлмөр эрхлэлтээс олох орлого жил бүр дөрвөн хувиар буурч болзошгүйг тооцсон байна.

Түүнчлэн, улсын болон хувийн секторын өр нэмэгдэж, банкуудын тайлан тэнцэл муудаж, тодорхой бус байдал нэмэгдэж байгаа нь эрсдэл дагуулж буй аж. Иймд хөрөнгө оруулалт маш чухал болохыг онцолсон. Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын төсвийн алдагдал нэмэгдсэнээр 2020 онд Засгийн газруудын ДНБ-д эзлэх өр дунджаар 7 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Иймд шаталсан татварын системээр орлого төвлөрүүлэх, үр ашиггүй зардлыг бууруулах замаар төсвийн реформыг хэрэгжүүлэхийг тайланд уриалжээ. Зарим улс орны хувьд өрийн тогтвортой байдалд эрсдэл учирч гадаад зээл, тусламж шаардагдаж болзошгүй байна.Үүнтэй холбоотойгоор нэн тэргүүнд анхаарвал зохих асуудлууд гэвэл боловсролын үйл ажиллагааг аюулгүй байдлаар үргэлжлүүлэх замаар хүмүүн капиталыг хамгаалах, татварын суурийг тэлснээр улсын хөрөнгө оруулалтыг бууруулахгүй байх, зарим хязгаарлалттай үйлчилгээний салбаруудын реформоор дамжуулан цахим технологийн үр ашгийг нэмэгдүүлэх шаардлагатай аж. Дашрамд дурдахад, Дэлхийн банкнаас хүн амын ядуу болон эмзэг бүлгийнхнийг хамгаалах, хүмүүн капиталыг хөгжүүлэх, ААН-үүдийг дэмжих, эдийн засгийн сэргэлтийг тэтгэхийн тулд дараагийн 15 сарын хугацаанд 160 тэрбум ам.долларын санхүүгийн тусламжийг 100 гаруй улс оронд үзүүлэхээр төлөвлөж байна. Үүнд олон улсын хөгжлийн ассоциацийн шинэ эх үүсвэр болох 50 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж болон нэн хөнгөлөлттэй зээлүүд хамаарах аж.

Г.БАТЗОРИГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Бас л архичдаа өхөөрдөөд бүтэн сайнд хорьсон болоод таарах нь дээ!?” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы Баасан гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Соёлын сайд С.Чулуун “Дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд сонгодог урлаг,
үндэсний урлагаараа өрсөлдөх чадамжийг бий болгоно” хэмээв.
I- II нүүрнээс уншаарай.

Замын хөдөлгөөний
төлөвлөлт зохицуулалт,
инженерчлэлийн газрын
Олон нийт, хэвлэл мэдээлэл
хариуцсан мэргэжилтэн
Д.Чинзориг ” Уржигдар “тэг зогсолт”-ын үеэр
урьд өмнө болж байгаагүй их осол гарсан”
гэв.

“Өдрийн сонин”-ы үзэл бодлын гурав дугаар нүүрт “Бас л архичдаа өхөөрдөөд бүтэн сайнд хорьсон болоод таарах нь дээ!?” хэмээн өгүүллээ.

ХҮН-ын Нийслэлийн намын хорооны дарга О.Бямбадэлгэр “ХҮН-ын Онц их хурлаар дотоод асуудлаа цэгцлэхээр ярилцаж байна” гэв.

“Улсын хэмжээнд 17161 нэр дэвшигч өрсөлдөнө хэмээх нийтлэлийг I-IV нүүрнээс уншаарай

Баримт үйл явдлын VII нүүрт “У.Хүрэлсүх дарга аа, Нийслэлд ТЕГ-ын бичгээр
халхавчилж тендергүй худалдан авалт хийдэг
луйвар газар авчээ” хэмээн өгүүллээ.

Монголбанкны олон нийтийн боловсрол,
мэдээллийн төвийн ахлах
эдийн засагч Н.Батжин “Хуримтлуулах
хялбархан. Гол нь их
дүнгээс бус багаас эхэл”
хэмээлээ.

ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн
сургуулийн сургалтын
хөтөлбөрийн эрхлэгч,
доктор Гончигсумлаагийн
Ганзориг “Ногоон эдийн засгийг
ойлгож байж, эдийн засаг
жинхэнэ утгаараа хөгжинө” хэмээх ярилцлага хэвлэгдлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу.

https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу. “ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Дарсаны үйлдвэрийн ургац хураалт эхэлжээ

Дэлхийн хойд хэсэгт намар ирж ургац хураалтын завгүй өдрүүд үргэлжилсээр байна. Усан үзмийн хураалтын өдрийг товлох нь дарс хийж эхлэхээс өмнөх чухал шийдвэр байдаг аж. Цаг агаарын байдал усан үзэм дахь органик бодисуудын тэр дундаа дарсны чанар тодохойлогч таннин, үнэр амт оруулагч фенол хүчлүүдийн агууламжинд шууд нөлөө үзүүлдэг. Иймд тухайн бүс нутгийн газар зүйн байршил болон тэр жилийн цаг агаарын нөхцөл нь ургац хураалтыг товлоход голлох хүчин зүйл болдог байна.

Дэлхийн цаг уурын өөрчлөлт газар тариаланд маш хүчтэйгээр нөлөөлж байна. Ойрын жилүүдэд халуун, дулаан цаг агаартай Калифорни, зүүн Австралийн бүс нутгууд ганд нэрвэгдэж усан үзмийн олон талбай галын аюулд өртсөөр байна. Харин хүйтэн хуурай бүс нутгууд илүү дулаан, бороотой болж усан үзэм болон дарсны чанар сайжирч эхэлжээ. Мөн өмнө нь усан үзэм тариалахад хэтэрхий хүйтэн, боломжгүй байсан бүс нутгууд харин ч чанартай дарс үйлдвэрлэж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Мадридад хөл хорио тогтооно

Испанийн нийслэл Мадрид болон тус хотын эргэн тойрны бүсэд коронавирусний халдварын тохиолдлын тоо нэмэгдэж буйтай холбогдуулан шинэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр болжээ.

Испанийн Засгийн газар болон бүс нутгийн удирдагчдын уулзалтаар тохиролцсон шинэ арга хэмжээнүүдийг тус улсын Эрүүл мэндийн сайд Сальвадор Илла лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулсан байна.

С.Иллагийн мэдээлснээр, сүүлийн 14 хоногт 100 мянган хүн тутамд 500-гаас олон халдварын тохиолдол бүртгэгдсэн, нийт шинжилгээний 10-аас илүү хувийнх нь хариу эерэг гарсан юм уу эрчимт эмчилгээний тасгийн орны 35-аас дээш хувь нь дүүрсэн бүсүүдэд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг тогтоох ажээ.

Шинэ хязгаарлалтын дагуу оршин суугчид шаардлагатайгаас бусад тохиолдолд гэртээ байх шаардлагатай. Мөн дэлгүүр, шөнийн цэнгээний газар, зоогийн газруудад нийт багтаамжийнхаа 50 хувьд үйлчлүүлэгч хүлээн авах, ердийн үеийнхээс эрт хаах шаардлага тавьжээ.

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хууль зөрчөөгүй гэж цэц дүгнэлээ

Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн /2020.09.30/ дунд суудлын хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэж 08 дугаар дүгнэлт гаргалаа.Энэхүү дүгнэлтээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3 дахь заалт, 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэгт тендерт оролцогчдын гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд тендерийн баталгааг улсын орлого болгох, түүний дээд хэмжээ 20 сая төгрөг байхаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3, 12, 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй байна гэж шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

Шигшээ багийн тамирчид дөрөвдүгээр байрт шалгарлаа

Монголын Хөл бөмбөгийн Холбооноос зохион байгуулсан “Футзалын дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн”-д Онцгой байдлын байгууллагын шигшээ багийн тамирчид амжилттай оролцож, дөрөвдүгээр байр эзэллээ.Онцгой байдлын байгууллагын шигшээ багийн тамирчид нь өнгөрсөн онд “Футзалын улсын аварга шалгаруулах тэмцээн”-ээс алтан медаль хүртэж, дээд лигт тоглох эрхээ авч байсан юм.

Дээд лигийн тэмцээнд 11 багийн 196 тоглогч өрсөлдөж, аваргуудаа шалгарууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Твиттер Унгарын засгийн газрын албан ёсны аккаунтыг хаажээ

Twiiter олон нийтийн сүлжээ өчигдөр, 9-р сарын 30-ны өдөр Унгарын засгийн газрын албан ёсны аккаунтыг хаасан байна. Энэ тухай ЗГХЭГ-ын албан ёсны төлөөлөгч Золтан Ковач микроблогтоо бичжээ.

Түүний хэлснээр уг хоригийг олон нийтийн сүлжээнээс ямар ч анхааруулга, тайлбаргүйгээр хийжээ. “Эцэст нь технологийн аварга компаниуд янз бүрийн үзэл бодолтой хүмүүсийн амыг тагладаг гайхалтай шинэ ертөнцөд ирсэн юм шиг санагдаж байна” гэж Ковач бичжээ.

Тэрбээр мөн Засгийн газар твиттерээс албан ёсны тодруулга хүлээж байгааг онцоллоо.

Өмнө нь (энэ оны 5-р сард) Instagram програм нь Бразилийн Ерөнхийлөгч Жайир Болсонарогийн түүхүүдийг COVID-19 цар тахлын талаар хуурамч мэдээлэл агуулсан хэмээн хориглосон. Фэйсбүүк, Твиттер нь Болсонарогоос коронавирусын цар тахалтай холбоотой хязгаарлалтын арга хэмжээг эрт авахыг дэмжсэн бичлэгүүдийг устгасан байна.

Categories
мэдээ нийгэм

Есдүгээр сард гадны улс орноос 3190 иргэнээ татан авчээ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу өнгөрөгч есдүгээр сард 16 удаагийн захиалгат нислэг үйлдэж, гадаад, улс оронд байгаа 3,190 иргэнээ татан авсан байна. Иргэдийн 613 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 362 нь эрүүл мэндийн шалтгаантай, 35 нь хөгжлийн бэрхшээлтэй, 324 нь өндөр настан, 87 нь жирэмсэн, 1769 нь хүндэтгэн үзэх бусад шалтгаантай иргэн байгаа юм. Харин нэгдүгээр сараас есдүгээр сар хүртэл гадаадын 81 улсаас 82 удаагийн захиалгат нислэгээр 16,449, ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 6,535 нийт 22,984 иргэнийг мэргэжлийн байгууллагуудын хяналтын дор зохион байгуулалттайгаар татан авах ажиллагааг зохион байгуулжээ.