Categories
мэдээ нийгэм

Хүүхдээ дутуу төрүүлээд хогийн саванд хаясан эмэгтэйг олж тогтоожээ

Энэ сарын 1-ний өдөр буюу өчигдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт буюу Ард кино театрын орчим байрлах “CIRCLE K” дэлгүүрт нэгэн эмэгтэй дутуу төрж, улмаар төрүүлсэн хүүхдээ хогийн саванд хаясан аймшигтай хэрэг гарчээ. Тус компанийн ажилчид цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр хүүхдийг эмнэлэгт хүргэж өгсөн байна.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Хүүхдийн ээжийг олж тогтоосон. 22 настай эмэгтэй байгаа бөгөөд түүнээс яг одоо мэдүүлэг авч байна. Харин хүүхдийн биеийн байдал хүндэвтэр ЭХЭМҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа” гэлээ.

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.10.02) нэгдсэн хуралдаан 09 цаг 05 минутад 50.7 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Нэгдсэн хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 06 дугаар дүгнэлтийг сонсов. Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтад “… Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг.”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “… прокурорын дүгнэлтээр … прокурорын эсэргүүцлээр …”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “… прокурорын дүгнэлтээр …” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн.”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэснийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.

Цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар оролцсон байна.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтад “… Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг.”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “… прокурорын дүгнэлтээр … прокурорын эсэргүүцлээр …”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “… прокурорын дүгнэлтээр …” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн.”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэснийг тус тус зөрчөөгүй байна хэмээн үзэж, 06 дугаар дүгнэлт гаргасан байна. Иймээс уг дүгнэлтийг Улсын Их Хурал сонсож танилцав.

Тогтоолын төслийг Байнгын хороонд буцааж, дахин хэлэлцүүлэхээр болов

Дараа нь “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан юм.

Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн хууль санаачлагч нь өөрчлөгдсөн, зарим төслийн талаар шинээр байгуулагдсан Засгийн газраас санал авах шаардлагатай байгаа тул тогтоолын хавсралтад дурдсан хууль, Улсын Их Хурлын бусад шидйвэрийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаахаар тусгажээ. Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн нийт 90 гаруй хууль тогтоомжийн төслүүдийн талаар Засгийн газар, холбогдох Байнгын хороодоос санал авсны үндсэн дээр тогтоолын хавсралтад тусгасан 33 хуулийн төсөл, Улсын Их Хурлын таван тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаахаар төсөлд тусгасан байна.

Тогтоолын төслийг Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцээд жагсаалтад заасан нийт 38 хууль тогтоомжийн төслөөс нэг хуулийн төсөл, Улсын Их Хурлын нэг тогтоолын төслийг хасаж, бусад хууль тогтоомжийн төслүүдийг төсөл санаачлагчид нь буцаахыг дэмжсэн байна. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачилсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хавсралтаас хасах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Нямбаатар, Б.Баттөмөр, Н.Алтанхуяг, Ш.Адьшаа, Ж.Бат-Эрдэнэ нар Байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулан тогтоолын төслийн хавсралтад дурдагдсан төслүүдээс зарим хууль тогтоомжийн төслийг хасах саналтайгаа хэлсэн юм.

Иймээс Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар гишүүдийн саналыг харгалзан тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлэв. Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93.3-т “Нэгдсэн хуралдаан шаардлагатай гэж үзвэл уг асуудлыг дахин хэлэлцүүлэхээр холбогдох Байнгын хороонд буцааж болно” гэж заасны дагуу санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 53.1 хувь нь дэмжсэн тул төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцэхүүлэхээр тогтов.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ талаарх танилцуулгыг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хийлээ.

Дэлхий нийтээр цар тахлын нөлөөнд автаж, дэлхийн эдийн засаг 2020 онд 5 орчим хувиар агших хүлээлттэй байна. Энэ нь их хямралаас хойшхи хамгийн огцом уналт болж, улс орон бүрд алагчлалгүйгээр сорилт тулгаж байна. Ковид-19 цар тахлын нөлөөгөөр Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний хагас жилд 9.7 хувиар агшаад байна. Экспортын орлого буурч, төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдсэн нь валютын нөөц дээр дарамт учрууллаа. Түүнчлэн зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсэж, зээлийн чанар муудах эрсдэл өндөр байгаа нь банк, санхүүгийн байгууллагын зээлийн нөхцөлийг чангаруулахаар байна. Энэ үед санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, зээлдэгчдийн санхүүгийн хүндрэлийг зөөлрүүлэхэд чиглэсэн бодлогын багц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг Монголбанкны ерөнхийлөгч эхлээд онцлов.

Цар тахлын хүндрэлтэй үед Монголбанкнаас 3 багц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Нэгд, бодлогын хүү болон төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулах, төв банкны санхүүжилтийн хэрэгслийн нөхцөлийг зөөлрүүлэх, барьцаа хөрөнгийн жагсаалтыг нэмэгдүүлэх, хугацааг уртасгах зэрэг арга хэмжээг авлаа. Энэ нь банкны системийн хөрвөх чадварыг хадгалах, банкуудын зээлд гаргах боломжтой эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилготой. Бодлогын хүүг 3 нэгж хувиар бууруулахын зэрэгцээ төгрөгийн заавал байлгах нөөцөөс 320 орчим тэрбум төгрөгийн нөөцийг чөлөөллөө. Банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хангах зорилгоор богино хугацаат репо санхүүжилтээр 2.4 их наяд төгрөг, гадаад валютын своп хэлцлээр 1.7 их наяд төгрөгийн нөөцийг банк хоорондын захад нийлүүлээд байна.

Хоёрт, банкны системийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор банкны хяналт шалгалтын журам, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтэд түр өөрчлөлт оруулж, зээлд бүтцийн өөрчлөлт хийх, актив ангиллын журамд тохиргоо хийлээ. Энэхүү зохицуулалтын хүрээнд 3.8 их наяд төгрөгийн бизнесийн зээлд ангилал өөрчлөлгүйгээр бүтцийн өөрчлөлт хийлээ.

Гуравт, өрхийн гар дээр үлдэх орлогыг нэмэгдүүлэн хэрэглээг тэтгэж, санхүүгийн хүндрэлийг нь хөнгөвчлөх, төлбөр тооцоог хялбарчлах зорилгоор хэрэглээний болон ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах арга хэмжээг авлаа. Энэ хүрээнд 728 тэрбум төгрөгийн 82,868 зээлдэгчийн хэрэглээний зээл, 2.0 их наяд төгрөгийн 38,270 зээлдэгчийн ипотекийн зээлд ангилал өөрчлөлгүйгээр бүтцийн өөрчлөлт хийгээд байна. Монголбанкны зүгээс авсан эдгээр арга хэмжээ нь цар тахлын улмаас эдийн засагт үүссэн уналтаас иргэд, аж ахуйн нэгж, банкны системийг хамгаалах, үүссэн шокыг зөөлрүүлэх, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах замаар сэргэлтийн боломжийг хадгалахад чиглэж байгааг дурдав.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийг боловсруулахдаа эдийн засгийг хямралаас гаргаж, дунд хугацааны тогтвортой байдлыг хангах зарчмыг баримталсан. Инфляцыг нэмэх, хасах 2 нэгж хувийн интервалтай 6 хувийн орчимд тогтворжуулах зорилтод шилжиж буй нь мөнгөний бодлогын онцлог болж байна. Инфляцын хэлбэлзлийг бууруулж, эдийн засаг, санхүүгийн зах зээлийн нөхцөлтэй уялдсан бага түвшинд тууштай бууруулах бодлогыг хэрэгжүүлэх нь эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах үндэс болно. Энэхүү бодлогын дунд хуагцааны үр дүн нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн хэлбэлзэл, санхүүгийн зах зээл дээрх хүү буурах байдлаар илэрнэ гэж үзэж буйгаа онцлов.

Коронавируст цар тахал /Ковид-19/ олон улсын эдийн засагт түүхэнд байгаагүй огцом уналтыг бий болгож, зарим түүхий эд экспортлогч орны мөнгөн тэмдэгт 10-30 хувь хүртэл суларлаа. Харин төгрөг ам.долларын эсрэг оны эхнээс 4 орчим хувь суларсан нь экспортын орлого 40-50 хувь хүртэл тасарсан хүнд үед тойрох аргагүй, шаардлагатай бодлогын тохиргоо байсныг Монголбанкны ерөнхийлөгч онцоллоо. Монгол Улсын экспортын үнэ, хэмжээ оны эхний хагас жилтэй харьцуулахад нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалт, олон улсын байгууллагууд, хөгжлийн түнш орнуудын санхүүгийн дэмжлэг үргэлжилж байгаа нь валютын урсгалыг тэтгэж байна. Түүнчлэн Монгол Улс 2021 онд төлөгдөх 500 сая ам.долларын “Мазаалай” бонд, 2022 онд төлөгдөх 1 тэрбум ам.долларын “Чингис” бондыг хэсэгчлэн амжилттай дахин санхүүжүүлсэн, ХХБ-ны 500 сая ам.долларын бонд амжилттай төлөгдсөн зэрэг нь богино хугацааны гадаад төлбөрийн дарамтыг буурууллаа.

Гадаад валютын нөөцийн хүрэлцээ импортын 8-9 сарын хэрэгцээг хангах түвшинд хадгалагдаж байна. Төгрөгийн харьцангуй уян хатан ханш нь эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэйгээр төлбөрийн тэнцлийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын нөөцийн хүрэлцээг алдагдуулахгүй байх, гадаад шокын сөрөг нөлөөллийг зөөлрүүлэх үүргийг гүйцэтгэж байгааг тэмдэглэлээ.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд Мөнгөний бодлогын хүрээнд:

Мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлж хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг 2021-2023 онд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тулгуурлана.

Банкны системийн эрсдэлээс сэргийлэх, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэхэд чиглэсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлнэ.

Төв банкны ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлж, зах зээлд оролцогчдын хүлээлтийг удирдах зорилгоор олон нийтийг мэдээллээр хангаж ажиллана.

Банкны салбарын тогтвортой байдлын хүрээнд:

Санхүүгийн мөчлөг сөрсөн арга хэрэгслийг ашиглан банкны салбарт учирч болзошгүй сөрөг нөлөөг бууруулж, банкны эрсдэл даах чадварыг хадгална.

Банкны хяналт шалгалт, зохицуулалтын арга хэрэгслийг олон улсын стандарт, зөвлөмжид нийцүүлэн сайжруулж, банкны хяналт шалгалт, зохицуулалтын орчинг боловсронгуй болгоно.

Банк, санхүүгийн салбарын хууль тогтоомжийн давхардал, зөрчил, хийдлийг арилгах зорилгоор хууль, эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлнэ.

Санхүүгийн захын дэд бүтцийг хөгжүүлэх хүрээнд:

Үндэсний төлбөрийн системийн эрх зүйн орчныг сайжруулах замаар шинэ технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг дэмжиж, хяналтын чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Төв банкны суурь бүртгэлийн болон дотоод удирдлагын цогц системийг нэвтрүүлж, бүртгэл, удирдлага, хяналт, тайлагналд олон улсын сайн туршлагыг нэвтрүүлнэ.

Санхүүгийн хүртээмжийг сайжруулах, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад дэмжлэг үзүллэх зорилгоор иргэд, бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлнэ хэмээн тодорхойлжээ.

Улсын Их Хурлаас баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад төр, хувийн хэвшлийн түншлэл, байгууллага хоорондын ажлын уялдаа нэн чухал байна. Мөн олон жил яригдаж байгаа ч, тодорхой ахиц гарахгүй байгаа нэг асуудал нь чанаргүй зээлийн асуудал юм. Дотоодын болон олон улсын байгууллагын судалгаагаар зээлийн гэрээний шаардах эрхийг шүүхээр баталгаажуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбоотой хууль тогтоомжийн өнөөгийн зохицуулалт нь чанаргүй зээл үүсэхэд нөлөөлж байна гэсэн дүгнэлтийг хийж байна. Иймд зээлийн хүүг бууруулах, санхүүгийн зуучлалд дэмжлэг үзүүлэхэд зээлийн гэрээний маргааныг түргэн шуурхай, зөв зохистой шийдвэрлэхэд холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлыг Засгийн газар, тэр дундаа Хууль зүй, дотоод хэргийн яамны дэмжлэгтэйгээр эрчимжүүлэх шаардлага нэн чухал болоод байна гэдгийг онцолж байв.

“Зээлийн хүүг бууруулах стратеги”-д тусгасан олон талт арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэхэд төсөв, мөнгөний бодлогын уялдаа маш чухал. Бодлогын хүү, хадгаламж, зээлийн хүү сүүлийн 20 гаруй жил өндөр түвшинд тогтож ирсэн нь Монгол Улсын эдийн засгийн савалгааны тусгал юм. Энэ савалгааг бууруулахгүйгээр хүү тогтвортой буурахгүй. Иймд Монгол Улсын төсөв, мөнгөний бодлого нь эдийн засгийн мөчлөгийн хэлбэлзлийг бууруулж, бизнест таатай макро орчныг бүрдүүлэх нь чухал байна гэдгийг дурдав.

Монгол Улс 2019 онд Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалтаас гарах чиглэлээр чамгүй ажил амжууллаа. ФАТФ-аас өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийг хангаснаар стратегийн дутагдалтай орны жагсаалтаас гарах бололцоог бүрдүүллээ. Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны дараагийн явцын үнэлгээ 2023 онд хийгдэх бөгөөд үүний бэлтгэл ажлыг ирэх оноос эхлүүлж, үндэсний хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөөг Засгийн газраас баталж, хэрэгжүүлж эхлэх шаардлагатайг онцоллоо.

Макро эдийн засгийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл 2020 онд цар тахал болон гадаад орчны бусад таагүй нөлөөгөөр гадаад худалдаа удааширч, хөрөнгө оруулалт саарч, дотоод эдийн засаг агшин инфляцын дарамт харьцангуй бага байх төлөвтэй байна. Ирэх онд гадаад, дотоод эдийн засаг аажмаар сэргэх хүлээлттэй байгаа ч Ковид-19 цар тахлын эсрэг үр дүнтэй эмчилгээ, вакцин гараагүй цагт тодорхой бус байдал өндөр хэвээр хадгалагдаж, эдийн засгийн суурь эрсдэл хэвээр байна. Гэвч цар тахлаас үүдэлтэй энэ хүнд үед санхүүгийн нөөцийг аль болох үр ашигтай зарцуулах нь туйлын чухал байгааг Монголбанкны ерөнхийлөгч тэмдэглээд Ковид-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн төсөв, мөнгө, санхүүүгийн зохицуулалтын арга хэмжээ үр дүнтэй байгаа бөгөөд ирэх жилийн эдийн засгийн сэргэлтэд дэмжлэг болно гэж үзэж буйгаа дурдлаа.

Эдийн засгийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд төсийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Тогтоолын төслийн талаарх Монголбанкны ерөнхийлөгчийн танилцуулга, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Л.Энх-Амгалан, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар, Д.Ганбат, С.Одонтуяа, Т.Аюурсайхан, С.Ганбаатар, Н.Алтанхуяг, С.Чинзориг, Г.Амартүвшин, О.Цогтгэрэл, А.Адъяасүрэн, Ж.Бат-Эрдэнэ, Б.Чойжилсүрэн, Б.Баттөмөр нар Монголбанкы ерөнхийлөгч болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авав.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, эдийн засгийн идэвхжлийг дагаад үнийн түвшний өсөлт сүүлийн 2 жил гаруй хугацаанд Төв банкны зорилтот түвшний орчимд хадгалагдаж байна. Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх жилийн инфляц 2020 оны 6 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 2.8 хувь, Улаанбаатар хотод 2.4 хувь байна Өрхийн бодит орлого өсөж, тэтгэврийн зээл тэглэсэн зэрэг нь хувийн хэрэглээг тэтгэх нөлөөтэй байсан хэдий ч Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь эдийн засгийн үйл ажиллагааг хязгаарлан, дотоодын идэвхжил огцом суларч, эрэлтийн гаралтай үнийн өсөлт саарах хандлагатай байна. Харин өмнөх жилүүдэд үнийн савлагааг голлож байсан нийлүүлэлтийн шалтгаантай хүчин зүйлсийн үнийн өсөлт тогтворжиж, өмнөх жилийн үнийн суурь нөлөө нь арилж байна гэдгийг хэллээ.

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Улсын Их Хурлын 2020 оны 32 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Коронавируст халдварын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээ”-нд заасны дагуу төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг 6 хүртэл сараар хойшлуулах ажлын хүрээнд ипотекийн зээлийн эргэн төлөлт хойшлуулах хүсэлт гаргасан нийт 2.35 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 46,115 зээлдэгч байгаа бөгөөд үүнээс 2 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 38,270 зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг 6 сараар хойшлуулжээ. Энэ нь хөтөлбөрийн зээлтэй нийт зээлдэгчийн 53 хувь, ипотекийн зээлийн багцын 60 хувийг эзэлж байна. Ипотекийн зээлийн хугацаагаа хойшлуулаагүй зээлдэгчдэд 2 нэгж хувийн хүүгийн хөнгөлөлтийг 3 сарын хугацаанд олгох үүргийг Засгийн газарт өгсний дагуу зээлийн гэрээнд өөрчлөлт оруулаагүй 1.4 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 34 мянган зээлдэгчид 3 сарын хугацаанд 7 тэрбум гаруй төгрөгийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх урьдчилсан тооцоо гараад байгааг дурдав.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ээлжит бус хурлаар бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 9 хувьд хүргэх, эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар 1 удаа сунгаж зээлийн сарын эргэн төлөлтийн хэмжээг бууруулах бодлогын багц шийдвэрийг гаргасан. Дэлхий нийтэд Ковид-19 цар тахлын дэгдэлт үргэлжилж, эдийн засгийн гадаад, дотоод нөхцөлийг богино хугацаанд өөрчилж, тодорхой бус байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн идэвхжлийг бууруулах, бизнесийн үйл ажиллагааг хумих, улмаар зээлийн эргэн төлөлт хүндрэх нөлөөг үзүүлж байна. Иймээс цар тахлаас үүдэлтэй эдгээр хүндрэлийг бууруулах, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хадгалах, цаашид эдийн засгийн идэвхжлийг дэмжихэд чиглэсэн мөнгөний болон макро зохистой бодлогын шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна гэсэн хариултыг Монголбанкны ерөнхийлөгч хэллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Т.Аюурсайхан нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.

Үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Монгол Улсын Шадар сайдын мэдээллийг сонсоно гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Я.Содбаатар: Тариаланчдад 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгож эхэлсэн

Намрын ургац хураалт болон өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын талаар УИХ-ын чуулгын нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Шадар сайд мэдээлэл өглөө. 2020 оны ургацын урьдчилсан балансаар 513 мянган тонн үр тариа, үүнээс 487 мянган тонн улаанбуудай, 237 мянган тонн төмс, 113 мянган тонн хүнсний ногоо, 33 мянган тонн тосны ургамал, 109 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авч, гурил үйлдвэрлэлд нийтдээ 398 мянган тонн буудай нийлүүлэх боломжтой гэсэн төлөв гарсан.

Манай улсын жилийн хэрэгцээт гурил, төмс, хүнсний ногоог дотооддоо үйлдвэрлэхэд 306 мянган тонн цэвэр хүнсний улаанбуудай, 180 мянган тонн төмс, 251 мянган тонн хүнсний ногоо шаардлагатай бөгөөд балансаас харахад улаанбуудай, төмсний хэрэгцээгээ бүрэн, гол нэрийн хүнсний ногооны 60 орчим хувь, бага тархацтай ногооны 45 хувийг тус тус дотоодын ургацаас хангах боломжтой байна.

Ургацын урьдчилсан төлөвийг өнгөрсөн оны ургацын дүнтэй харьцуулбал хураан авах улаанбуудай 80 мянган тонн, төмс 46.2 мянган тонн, хүнсний ногоо 19 мянган тонноор илүү байхаар байна.

2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар 49.6 мянган га талбайг ангилан хадаж, нийтдээ 93.7 мянган га-гаас 121.2 мянган тонн үр тариа, үүнээс 115 мянган тонн улаанбуудай, 14.7 мянган га-гаас 194.1 мянган тонн төмс, 5.8 мянган га-гаас 69.7 мянган тонн хүнсний ногоо, 14.8 мянган га-гаас 39.2 мянган тонн тэжээлийн ургамал, 7.7 мянган га-гаас 3 мянган тонн тосны ургамал тус тус хураан авснаар үр тарианы хураалт 24.5 хувь, хүнсний ногооны хураалт 60.8 хувь, төмсний хураалт 79.1 хувийн явцтай байна.

Улсын хэмжээнд ургац хураалтын бэлтгэлийг бүрэн хангасны үндсэн дээр ургацыг хяруу, хүйтрэлтээс хамгаалах, ангилан хадсан тарианы мөрийг эргүүлэх, хатаах төхөөрөмж бэлтгэх, үтрэмийн техникийн ашиглалтыг сайжруулах, хураалтад ажиллах оюутан, цэргийн алба хаагчдын аюулгүй ажиллагаа, байр, цалин урамшууллын асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Орон нутгийн авто замын засвар арчлалтын компаниуд ургац тээврийн гол 17 чиглэлийн нийт 396 км авто замыг засварлаж байгаа бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар засварын ажил 89.3 хувьтай явагдаж байна.

Улсын хэмжээнд 220.2 мянган тонн багтаамжтай, 10 мянга гаруй зоорь бүртгэлтэй байгаа бөгөөд зоорь, агуулахын нийлбэр багтаамжийг энэ оны төлөвлөсөн ургацын хэмжээтэй харьцуулахад 62.8 хувийг хадгалах хүчин чадалтай байна.

Төмс, хүнсний ногооны борлуулалтыг дэмжих зорилгоор “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг Улаанбаатар хотод зохион байгуулж, 9 дүүргийн 45 байршилд шинэ ургацын төмс, хүнсний ногоо худалдан борлуулж байна.

Мөн тариаланчдад 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг бүрэн шийдвэрлэж, арилжааны банкуудаар дамжуулан олгож эхэлсэн.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр 2020.10.03-2020.10.20-ны өдрүүдэд тариалангийн бүс нутгуудаар цаг агаар тогтворжиж, ургац хураалтыг хэвийн явуулах боломж бүрдэж байгаа тул энэ хугацааг үр дүнтэй ашиглаж, ургац хураалтын ажлаа эрчимжүүлэх, тариаланчид болон холбогдох төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдааг хангаж ажиллахад анхаарч байна.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр Засгийн газар “Хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 19 дүгээр тогтоолыг гаргаж, бүх шатанд хэрэгжилтийг эрчимтэй хангуулан ажиллаж байна.

Энэхүү тогтоолын хүрээнд:

-2020-2021 онд өвөлжих болон хэрэгцээлэх малыг малын төрөл, сүргийн зохистой харьцаанд тулгуурлан нэгтгэн гаргаж, боломжит хэмжээгээр эдийн засгийн эргэлтэд оруулах, мал, махны экспортыг нэмэгдүүлэх;

-нийслэл, аймгийн төв, суурин газрын хүн амын өвөл, хаврын хүнсний хэрэгцээнд зориулан мал, мах бэлтгэж, нөөц бүрдүүлэх;

-цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшигт тохиолдлоос урьдчилан сэргийлэх, шуурхай хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг хангах;

-отрын бүс нутаг, газрын хуваарь, отроор өвөлжиж, хаваржих малчин өрх, малын судалгааг гаргаж, зохион байгуулалтад оруулах, оторлох мал сүргийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, угаалга, тарилга, туулгад хамруулах;

-бэлчээрийн ургамлын ургалт муу байгаа, бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээрлэх нөхцөл хүндэрсэн аймаг, орон нутагт зудын эрсдлийн үнэлгээг хийж, өвс, тэжээл бэлтгэх, аюулгүйн нөөцийг бүрдүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр заасан.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай, Хэнтий, Дундговь, Ховд аймгуудад бүсийн нэгдсэн зөвлөгөөн хийж, дээрх Засгийн газрын тогтоолын хүрээнд өвөлжилтийн бэлтгэлийг хангуулахад онцгой анхаарч ажиллах талаар аймаг, орон нутгийн удирдлагуудад тодорхой үүрэг, чиглэл өгч ажиллалаа.

Манай орны бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нийт нутгийн 56 хувьд “сайн”, 31 хувьд “дунд”, 13 хувьд “харьцангуй муу” гэсэн үнэлгээтэй байна.

Энэ зун нийт нутгийн 70 гаруй хувьд олон жилийн дундаж орчим буюу түүнээс ахиу; харин Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговь аймгийн ихэнх; Дундговь, Хөвсгөлийн зарим нутгаар дунджаас бага тунадас орсон.

Мөн оны 5 дугаар сард ихэнх нутгаар сэрүүн буюу дулаан дутсанаас бэлчээрийн ургамлын ургалт удааширч, 7 дугаар сараас зуншлага сайжирсан боловч Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговь аймгийн ихэнх нутгаар гантай байлаа.

Цаг уур, орчны шинжилгээний газрын ирүүлсэн мэдээллээр 2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даац нийт бэлчээрийн 50.6 хувьд хүрэлцээтэй, 25 хувьд 1-3 дахин, 6.1 хувьд 3-5 дахин, 18.3 хувьд 5-аас олон дахин хэтэрсэн байна.

Улсын тусгай хамгаалалттай газар, хилийн зурвас газар, улсын тусгай хэрэгцээний аймаг дундын 9 отрын бүс нутаг, орон нутгийн тусгай хэрэгцээний отрын нөөц нутагт отроор өвөлжиж, хаваржих малчин өрх, малын тооны судалгааг нэгтгэвэл:

-улсын тусгай хамгаалалттай газарт 7544 өрхийн 3.1 сая толгой мал;

-хилийн зурвас газарт 3539 өрхийн 1.3 сая толгой мал;

-улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт 2685 өрхийн 2.4 сая толгой мал;

-орон нутгийн тусгай хэрэгцээний отрын нөөц нутагт 2658 өрхийн 1.5 сая толгой мал буюу нийт 16426 өрхийн 8.35 сая толгой малыг отроор өвөлжүүлж, хаваржуулах хүсэлт иржээ.

Эдгээр хүсэлтийн хүрээнд улсын тусгай хамгаалалттай газар болон хилийн зурвас газрын бэлчээрийн даацад тохирсон тооны малыг отроор өвөлжүүлж, хаваржуулах арга хэмжээг шуурхай зохион байгуулж, мал аж ахуйн салбарын эрсдэлийг даван туулах чадавхийг нэмэгдүүлэн өвлийг өнтэй давах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Өвс, тэжээлийн дотоодын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор хивэгний экспортыг 2020.09.21-2021.04.01-ний өдрийг хүртэлх хугацаанд түр хязгаарлах арга хэмжээ авсан бөгөөд үр дүнд 60 гаруй мянган тонн хивгийг мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангахад нийлүүлэх боломж бүрдэж байгаа.

2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар аймаг, сумын аюулгүй нөөцөд 4.8 мянган тонн өвс, 960.3 тонн тэжээл; малчдын түвшинд 581 мянган тонн өвс, 212 тонн сүрэл, 7.6 мянган тонн ногоон тэжээл, 1.3 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 9.5 мянган тонн гар тэжээл, 22.1 тонн дарш, 11.1 мянган тонн хужир, шүү тус тус бэлтгээд байна.

2020 онд бэлчээрийн усан хангамжийг сайжруулах ажлын хүрээнд улсын болон орон нутгийн төсөв, төсөл, хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар 21 аймгийн 241 суманд 407 худгийг шинээр байгуулж, 130 худгийг сэргээн засварлалаа.

Мал сүргийг эрүүлжүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг малын гаралтай, чанартай түүхий эдээр хангах зорилгоор мал угаалгын арга хэмжээг нэгдсэн төлөвлөгөө гарган зохион байгуулан ажиллаж байна.

Энэ хүрээнд малын эрүүл мэндийн үзлэгийн арга хэмжээнд 70.4 сая толгой мал сүргийг хамруулахаар төлөвлөснөөс 9 дүгээр сарын байдлаар 51 сая толгой буюу мал сүргийн 72.4 хувийг хамруулаад байна.

Шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд 70.5 сая толгой мал сүргийг хамруулсан бөгөөд гүйцэтгэл 77.5 хувьтай байна.

Улсын хэмжээнд 2020 оны 9 дүгээр сарын байдлаар 112 сая га хадлан, бэлчээрийн талбайд 90 сая орчим толгой мал бэлчээрлэж байна.

Үүнээс 2020 онд бойжуулсан 22.7 сая толгой төлөөс багагүй, түүнчлэн бэлчээрийн даац хэтэрсэн аймгууд болон газар тариалан эрхлэх бүс нутгаар зарласан аймгуудын өнгөрсөн оны эцэст тоологдсон малын 10 хүртэл хувийг зах зээлд нийлүүлэхээр тооцож, нийт малын 28 орчим хувь буюу 25 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой гэж үзсэн.

Өөрөөр хэлбэл, дотоодын хүн амын хүнсний хэрэгцээнд 10-12 сая толгой, экспортод 13-15 сая толгой малыг нийлүүлэх боломжтой юм.

Нийслэлийн хүн амын өвөл, хаврын махны хангамж, үнийг тогтвортой байлгахад анхаарч, 20 мянган тонноос багагүй хэмжээний махны нөөц бүрдүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна.

Энэ хүрээнд Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан арилжааны банкны зээлээр мал, мах бэлтгэх аж ахуйн нэгжид олгох зээлийн хүүгийн хөнгөлөлтийг 12 хүртэл сарын хугацаатай, 11 хувьтай байхаар тогтоосон.

Түүнчлэн мөн өдрийн Хүнсний аюулгүй байдлыг хангах үндэсний зөвлөлийн хуралдаанаар 2020 онд нэмэлтээр экспортлох дулааны аргаар боловсруулсан хонь, ямааны махны хэмжээг 40 мянган тонн хүртэл байхаар тогтоохыг дэмжиж, хүйтний улирлын төлөв байдлыг харгалзан Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгаас бог мал бэлтгэх ажлыг шуурхай зохион байгуулахыг чиглэл болгосон.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Төв, суурин газрын эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор их болон урсгал засварын ажлыг шуурхай зохион байгуулах, өвлийн их ачааллыг хүндрэлгүй давах, өвөлжилтийн явцад гарах хүндрэлийг шуурхай зохицуулж, бэлэн байдлыг хангахад онцгой анхаарал хандуулж байна.

Энэ хүрээнд Засгийн газар “Төв, суурин газрын 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” 69 дүгээр тогтоолыг гаргаж, бүх шатанд хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар эрчим хүчний үйлдвэр, компаниудын өвөлжилтийн бэлтгэл ажил дунджаар 85.3 хувь, санхүүжилт 61.2 хувийн гүйцэтгэлтэй байна.

Харин нүүрсний уурхайнуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл Багануурт 82 хувь, Шивээ-Овоод 81.6 хувь, Шарын голд 76 хувьтай байна.

Төвлөрсөн хот, суурин газруудын хэрэглэгчдийн шугам, сүлжээ гэмтэлтэй, засвар үйлчилгээ дуусаагүй байгаа тул халаалт залгалт 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 90 орчим хувийн гүйцэтгэлтэй байна.

Харин аймгийн төвүүдийн дулааны цахилгаан станц, халаалтын зуухны газруудын өвөлжилтийн бэлтгэл хангах засвар, шинэчлэлийн ажлын явц 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байна.

Боловсролын салбарын хувьд 36 сургууль, 27 цэцэрлэг, 10 дотуур байр, орон нутагт 3, нийт 73 их засварын ажлыг 20.6 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэсэн бол 8.6 тэрбум төгрөгийн 27 их засварын ажил үргэлжлэн хийгдэж байна.

Эрүүл мэндийн салбарын хувьд 2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 12.8 тэрбум төгрөгийн 57 ажлыг хийж гүйцэтгэж байна. 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 16 аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон нийслэлийн 3 дүүргийн эрүүл мэндийн байгууллага, тэдгээрийн харьяа 7 байгууллагын засвар шинэчлэлийн ажлын гүйцэтгэл 92.3 хувьтай байна.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, нийслэлийн харьяа газар, дүүргүүд нийт 1356 арга хэмжээ төлөвлөснөөс 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байна.

Улаанбаатар хотын 1-14 магистраль шугамд нийт 9 зогсолт хийхээс 9 дэх засварын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж, 2020 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар дулааны төв шугам тоноглол, насос станц, хэрэглэгчдийн шугам тоноглолын засварын ажил 99.2 хувийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн нийслэлийн 14 байршилд 250-800 мм голчтой, 3 хос км шугамыг шинээр татах, өргөтгөн шинэчлэх ажлын гүйцэтгэл 69 хувьтай байна.

Мөн Улаанбаатар хотын гол болон туслах 69 гудамж замд нийт 24,700 м2 нөхөөсний ажил, 1749 ширхэг тэмдэг арчлалтын ажил, 1126,2 у/м хайс арчлалтын ажил, 20 гудамжинд 110,000 у/м авто замын ан цав, заадас арчлах ажил, 249,985 м2 шороон зам хусч тэгшлэх ажлыг 100 хувьтай гүйцэтгэсэн байна.

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 20 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах шатахуун, зайлшгүй шаардлагатай сэлбэг, шатах тослох материал, хөлддөггүй шингэн, спиртийн нөөцлөлт 90 хувьтай байна.

Түүнчлэн замын хөдөлгөөны аюулгүй байдлыг хангах, авто замын халтиргаа, гулгаанаас сэргийлэх хүрээнд шаардлагатай бодис, давсны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар нийт 4385 тонн бодис, 3726 тонн давсны нөөцийг бүрдүүллээ.

Энэ нөөц нь өмнөх жилүүдийн нөөцлөлт, зарцуулалтын түвшинд байгаа бөгөөд зам талбайн хальтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлэхэд хүрэлцэхээр байна.

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа 2776 зуухнаас 2019-2020 онд 126 зуух төвлөрсөн дулаан, 266 зуух цахилгаан, 34 төрийн өмчит байгууллага хийн түлш, 2024 зуух сайжруулсан түлш, 109 зуух мидлингийг түлшинд тус тус хэрэглэхээр болж, нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 2021-2022 халаалтын улиралд дулааны үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч 22 байгууллагын 214 халаалтын зуух түүхий нүүрс хэрэглэхээр байна.

2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар “Таван толгой түлш” ХХК-ийн баруун бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн их засварын ажил 90 хувь, үйлдвэрийн тоосжилтыг багасгах ажил 65 хувь, гадна зам, талбайн бетон хучилтын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд нийт дүнгээр өвөлжилтийн бэлтгэл ажил 76 хувийн гүйцэтгэлтэй байна.

Харин нийслэлийн зүүн бүсэд баригдаж байгаа шинэ үйлдвэрийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл 65 хувь, тоног төхөөрөмжийн угсралт 81 хувь, нийт ажлын гүйцэтгэл 64 хувьтай байгаа бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн дотор ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний түүхий эд (мидлинг) дундын агуулахад 386 мянган тонн, баруун бүсийн үйлдвэрийн хашаанд 53.9 мянган тонн, зүүн бүсийн үйлдвэрийн хашаанд 3.2 мянган тонн, нийт 443.1 мянган тонн нөөцтэй байна.

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан шахмал түлшээр жигд, хүртээмжтэй хангах хүрээнд дүүрэг тус бүрд 60 мянган тонноос доошгүй сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд нийслэлийн 6 дүүрэгт байрлах агуулах болон үйлдвэрийн саравч, хангамжийн баазад нийт 84.3 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцлөөд байна.

2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд нийт 288 борлуулалтын цэг үйл ажиллагаа явуулан сайжруулсан шахмал түлшийг борлуулж байна.

Түүнчлэн агаарын чанарыг сайжруулах бүсэд орших 200 мянган айл өрхийг угаарын хий буюу нүүрстөрөгчийн дутуу исэл мэдэрч, сэрэмжүүлэх төхөөрөмжөөр хангахаар шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд 178192 айл өрхөд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулсан бол судалгааны дүнд үндэслэн шинээр 15634 айл өрхөд төхөөрөмж суурилуулахаар ажиллаж байна.

Мөн Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах зорилгоор аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газруудын гэр хорооллын хоёр тарифт тоолууртай өрхийн тухайн оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны 3 дугаар сарыг дуустал 21:00-06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны төлбөрийг 100 хувь хөнгөлөхөөр шийдвэрлэлээ УИХ-ын үдээс хойших чуулганы хуралдаанд Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл хийв.

Categories
мэдээ нийгэм

Их Британид хуванцар соруул, хөвөнтэй савхыг хориглов

Их Британид энэ оны аравдугаар сарын 1-нээс эхлэн хуванцар соруул, халбага болон чихний хөвөнтэй савх худалдаалахыг хориглосон тухай тус улсын байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн яам мэдээлжээ.

Энэ нь Их Британийн Засгийн газрын хуванцар хог хаягдлын эсрэг хийж буй тэмцлийн нэг чухал алхам бөгөөд үүний үр дүнд байгаль орчин, далай тэнгис илүү цэвэрхэн болно гэж мэдэгдэлд дурджээ. Нэг сарын өмнө Их Британийн Засгийн газар нэг удаагийн нийлэг торны үнийг таваас 10 пенс болгож нэмэгдүүлжээ.

Жил бүр тус улсад 4.7 тэрбум хуванцар соруул, 316 сая халбага, хуванцраар хийсэн 1.8 тэрбум хөвөнтэй савх хэрэглэдэг тооцоо гарчээ.

Ийм арга хэмжээ авснаар хуванцар хог хаягдлаас бүрэн ангижрах 25 жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дөхөм болно гэж Их Британийн эрх баригчид үзэж байна.
Энэхүү арга хэмжээг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжүүлэхийг төлөвлөж байсан ч коронавирусний цар тахлын улмаас хойшлуулсан байна. Ийм төрлийн эд зүйлсийг Их Британийн нутаг дэвсгэрт худалдах, түгээхийг хориглосон байна.

Categories
мэдээ нийгэм

E-Mongolia төрийн 492 үйлчилгээг ЦАХИМААР үзүүлнэ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-гийн талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, үүрэн операторын компанийн төлөөллүүд оролцов.

Үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем e-mongolia.mn сайт аравдугаар сарын 01-нээс хэрэглэгчдэд хүрч эхэлсэн юм. Эхний удаад тус системд төрийн 181 үйлчилгээг нэг цонхонд төвлөрүүлээд бөгөөд үе шаттайгаар нэмж, 4492 үй92 үйлчилгээг иргэд цахимаар авах боломж бүрдүүлэх ажээ.

E-Mongolia.mn нэгдсэн систем ямар үйлчилгээ үзүүлэх боломжтойг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Categories
мэдээ нийгэм

226 тарвага хураан авч устгажээ

Эрүүл мэндийн сайдын 2020 оны 24 дүгээр албан даалгавар, аймгийн Засаг даргын 6 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнгөрөгч 8 дугаар сарын 5-наас эхлэн аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Зоонозын өвчин судлалын төвийн мэргэжилтнүүд хамтран хөдөлгөөнт эргүүл шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Хяналт шалгалтаар энэ хугацаанд Увс, Завхан аймгийн нийтийн тээврийн автобус, Тариат, Хангай, Цахир, Эрдэнэбулган, Цэцэрлэг сумын 23 холбогдогчоос 226 тарвага, түүний бүтээгдэхүүнийг хураан авч, шинжлэн халдвар хамгаалал био аюулгүй ажиллагааны зааврыг баримтлан тусгай зориулалтын нүхэнд халдваргүйтгэн устгав.

Нийт дал гаруй сая төгрөгийн торгууль, нөхөн төлбөр оногдуулжээ.

Устгах ажиллагааг аймгийн Прокурорын газрын хяналтын прокоурор, Цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан байцаагч, Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч, холбогдогч нарыг байлцуулан явуулжээ.

Categories
мэдээ нийгэм

​Ачаалал ихтэй чиглэлүүдэд 36 автобус шинээр явж эхэллээ

Нийтийн тээврийн автобусны ачаалал ихтэй зогсоолуудаас автобусны тоог нэмэгдүүллээ.

Нийтийн тээврийн үйлчилгээний зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 27 чиглэлийн 36 автобусыг дундын 13 зогсоолоос явуулахаар төлөвлөн ажиллаж байна.

ӨГЛӨӨНИЙ ЦАГААР ДУНДЫН ЗОГСООЛООС ЯВАХ ЧИГЛЭЛҮҮД:

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатар-Дарханы авто замын хөдөлгөөнийг нээлээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хөдөлгөөнийг өнөөдөр 12.00 цагаас нээж хэвийн горимд шилжүүлжээ.

Их хэмжээний нойтон цас орж, хүчтэй цасан шуурганы улмаас авто зам, замын байгууламжууд цасанд боогдож, халтиргаа гулгаа үүсч тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 2020 оны 10 дугаар сарын 02-ны 12.00 цаг хүртэл автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаагаад байсан билээ

Categories
мэдээ нийгэм

Дональд Трамп коронавирусийн халдвар авснаа зарлалаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зөвлөх Хоуп Хиксээс коронавирусийн халдвар илэрсний дараа Дональд Трамп, тэргүүн хатагтай Меланиа нараас шинжилгээ авсан тухай “Bloomberg” агентлаг мэдээлсэн билээ. Тэгвэл дөнгөж сая Трамп өөрийн твиттер хуудсанд коронавирусийн халдвар авч, тусгаарлагдах болсноо зарлалаа.

Тэрбээр “Тэргүүн хатагтай бид хоёр Covid-19 өвчин туссан нь батлагдлаа. Биднийг тусгаарлах, эмчлэх ажил даруй эхэлнэ! Бид үүнийг хамтдаа давж гарах болно!” гэж тэр бичсэн байна.

Хоуп Хикс нь ерөнхийлөгчийн олон нийттэй харилцах асуудлыг хариуцдаг бөгөөд хамгийн сүүлд тэр Мягмар гарагт болсон халз мэтгэлцээнд Трампыг дагалдаж, Лхагва гарагт Миннесотагийн сонгогчидтой хийх уулзалтад нь хамт байлцжээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол улс анх удаа бие дааж хэвлийн гол судасны цүлхэнд суулгац тавих мэс заслыг амжилттай хийлээ​

Улсын гуравдугаар төв эмнэлэгт хоёр ташааны тараагуур судсыг хамарсан хэвлийн гол судасны хүнд хэлбэрийн цүлхний эмгэгтэй хүнд судсан дотуурх мэс заслын аргаар “Стент графт” буюу өмсгөлтэй стент суулгах мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэлээ. Энэ нь тус эмнэлгийн Судсан дотуурх оношилгоо эмчилгээний төвийн зөвлөх эмч АУ-ы доктор, профессор З.Лхагвасүрэн тэргүүтэй судсан дотуурх мэс засал болон зүрх судасны мэс засал, зүрх судасны эмч нарын хамтарсан баг Монголд анх удаа бие даан хийсэн мэс засал юм.

Хоёр ташааны тараагуур судас хамарсан хэвлийн гол судасны цүлхэн оноштойгоор тус эмнэлгийн Зүрх судасны мэс заслын эмч нарын хяналтад байсан 63 настай эмчлүүлэгчид ерөнхий унтуулгын дор хоёр гуяны тараагуур судсаар дамжуулан хэвлийн гол судасны хүнд хэлбэрийн цүлхэнд нэхмэл полиэстр материал бүхий өмсгөлтэй стент графтийг байрлуулж, цүлхэн хагарч цус алдах хүндрэл болон улмаар амь нас эрсдэх аюулаас зайлсхийж чадлаа.

Судсан дотуурх эмчилгээний энэхүү арга нь гол судасны цүлхэн задрах, хуурах, хүндэрч нас барахаас сэргийлэхэд ихээхэн үр дүнтэй шинэ дэвшилтэт технологи бөгөөд сүүлийн жилүүдэд олон улсад эрчимтэй нэвтэрч байгаа бөгөөд тус эмнэлэг энэхүү эмчилгээний технологийг Монгол Улсад, өөрийн эмнэлгийн зүрх судасны лавлагаа тусламж үйлчилгээнд нэвтрүүлж, нутагшуулахыг зорьж байгаа юм.

Тус эмснэлэг сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд эмч мэргэжилтнүүдээ гадаадын зочин профессорын удирдлага дор ажлын байрны сургалтаар бэлдэж чадавхжуулах, судсан дотуурх мэс засалд шаардлагатай нэг удаагийн эм, эмнэлгийн хэрэгслийг өндөр өртөгтэй мэс заслын хүрээнд захиалж худалдан авалт хийх зэргээр Монголд нутагшуулах чиглэлд анхаарал хандуулж ажилладаг. Монгол эмч нар бие даан гүйцэтгэсэн энэ удаагийн мэс заслыг Бээжингийн Нанжин Их сургуулийн эмнэлгийн судасны мэс заслын зөвлөх эмч, профессор Ли Ёонг Жун онлайнаар холбогдож, алсын зайнаас шууд зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлжээ.

Энэхүү мэс заслыг хийхэд хамтран ажиллаж, дэлхийд тэргүүлэгч брендийн чанартай эмнэлгийн хэрэгслийг ханган нийлүүлсэн “Чоногол Трейд” болон өндөр хурдны алсын зайн техник технологиор эмч нарыг холбон, мэс заслыг шууд дамжуулж дэмжлэг үзүүлсэн “Лайвстрийм Монголиа” байгууллагуудад дэмжлэг үзүүлсэн байна.

Олон талын оролцоо, хүчин чармайлтын үр дүнд нарийн технологи, өндөр ур чадвар шаардсан энэхүү мэс заслыг Монголын эмч нар өөрсдөө бие даан хийх боломж ийнхүү бүрдэж байгаа бол иргэд, үйлчлүүлэгчдийг энэ чиглэлээр гадаад улсруу эмчилгээнд явах урсгалыг багасгаж эрүүл мэндийн шалтгаант санхүүгийн эрсдлээс хамгаалах, өндөр түвшний чанартай эмнэлгийн тусламжийг чирэгдэлгүйгээр эх орондоо авах боломжоор хангах юм.