Categories
мэдээ нийгэм

Ж.Байдены шинжилгээний хариу сөрөг гарчээ

АНУ-ын ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байдены коронавирусийн шинжилгээний хариу сөрөг гарсан тухай түүний эмч Кевин Коннор мэдэгджээ.

“Дэд ерөнхийлөгч Ж.Байден, түүний гэргий Жилл Байден нарыг шинжилгээнд хамруулахад “COVID-19” илрээгүй” хэмээн мэдэгдэлд дурдсан байна. Энэ тухай мөн Ж.Байден “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдэж, түүний эрүүл мэндэд санаа зовниж байсан бүх хүнд талархаж буйгаа илэрхийлжээ.

Гэргийн хамтаар коронавирусийн халдвар авсан тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 10 дугаар сарын 2-нд мэдэгдсэн билээ. Өвчний шинж тэмдэг Д.Трампт хөнгөн хэлбэрээр илэрч байгаа тухай эх сурвалжууд мэдэгдээд байна.

Categories
мэдээ нийгэм

ДЭМБ-ын вакцины хөтөлбөрт 167 улс орон нэгджээ

Шинэ коронавирусний вакциныг шударгаар түгээх тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санаачилсан хөтөлбөрт 167 улс орон, нутаг дэвсгэр нэгдлээ гэж тус байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гербейесус мэдэгдлээ.

Т.Гебрейесус НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр үг хэлэх үеэрээ дэлхий даяар халдварын улмаас нас барсан хүний тоо нэг сая давсныг онцолжээ. Мөн тэрбээр бодит тоон үзүүлэлт илүү өндөр байгаа нь тодорхой хэмээгээд, цар тахалтай тэмцэх чиглэлд хамтын хүчин чармайлт гаргахыг дэлхий дахинд уриалжээ.

Дэлхийн нийт хүн амын 70 орчим хувийг хамарсан 167 улс орон, нутаг дэвсгэр лхагва гаргийн байдлаар вакцины хөтөлбөрт нэгдсэн бөгөөд энэхүү жагсаалт өдөр ирэх тусам өргөжиж байгаа юм. Япон улсын хувьд уг санаачилгад нэгдээд байгаа бол АНУ, БНХАУ элсээгүй байгаа ажээ.

Мөн Т.Гебрейесус вакцины их хэмжээний нөөцтэй болохыг эрмэлзсэн зарим улс орны үйлдлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд, вакцины санаачилгад илүү их санхүүжилт зориулахыг уриалжээ.

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар хүйтэрч, цасан шуурга шуурна

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэрч, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, авто замд халтиргаа гулгаатай байхыг онцгойлон анхааруулж байна.

АРАВДУГААР САРЫН 3-НЫ 20:00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 8-13 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 градус, бусад хэсгээр 6-8 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

2020 ОНЫ АРАВДУГААР САРЫН 4-НӨӨС 8-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 4-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи аравдугаар сарын 6-нд Алтайн салбар уулсаар, 7-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. Энэ сарын 5-нд нутгийн баруун хэсгээр, 6, 7-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Соёмбо нэвтэрхий толь: “Эдийн засаг”

Өчигдөрхөн нэгэн чухал номын нээлт ЭЗҮИС дээр боллоо. Уг номын нэр нь “Соёмбо нэвтэрхий толь: Эдийн засаг”. Цуврал нэвтэрхий толиуд гарч байгаагийн нэг нь. Эдийн засгийн ухааны доктор Л.Оюун тэргүүтэй багийн бүтээсэн уг нэвтэрхий тольд эдийн засаг гэгч нь чухам юу болох, яадаг тухай тун ойлгомжтой бөгөөд энгийнээр тайлбарлажээ. Эдийн засаг зөвхөн л энэ чигийн хүмүүст хамаатай, тэд л судалж мэдэх ёстой гэсэн ойлголт нэгэнт улиран одсон. Харин ч эсрэгээрээ энгийн иргэн хүртэл энэ талаар багагүй мэдлэгтэй байхыг шаарддаг нийгэмд бид амьдарч байна. Уг нэвтэрхий толь нь нийт 20 бүлэгтэй. Эдийн засаг гэгч томоохон салбарт байж болох бүх л ухагдахуун ойлголтыг багтаасан нь онцлог. Жишээ нь, эдийн засгийн салбар яаж ажилладаг тухай, хөдөлмөрийн харилцаа, өмч, өмч хувьчлал, мөнгө, мөнгөний эрэлт, үйлдвэрлэл гээд өргөн хүрээг хамарсан тун сайн толь болж. Ер нь эдийн засаг гэдэг нийтлэг утгаараа хэн амьдралын хэрэгцээгээ хангах, амьжиргааны хэрэгсэл олж авахын тулд өөрөө бий болгож, идэвхтэй хэрэглэдэг бүх л зүйлсийг хамардаг. Эдийн засгийн гол зорилго нь хүний материаллаг, оюуны, нийгмийн хэрэглээг хангах юм. Кино үзэх, ном унших, урлаг соёлын боловсрол зэрэг нь эдийн засаг талаасаа оюуны хэрэгцээ бол аюулгүй амьдрах гэх мэт нь нийгмийн хэрэгцээ болж таарах нь. Эдийн засгийн хөгжил нь мөн тайван амьдрах, эрүүл саруул байх хэрэгцээг ч хангаж өгдөг. Хүний амьдралын салшгүй нэгэн хэрэглэгдэхүүн бол мөнгө билээ. Харин хүмүүс эдийн засаг гэхээр л мөнгө гэж ойлгох гээд байдаг. Гэтэл мөнгө нь эдийн засгийн нэг мөчир нь. Мөнгө хэлбэрийн хувьд эхлээд бараа солилцоо маягаар байсан ч хөгжлийн явцад зоос, цаасан мөнгө, карт, цахим мөнгө, крепто мөнгө гэх мэтээр өөрчлөгдөж байна. Мөнгө нь чухамдаа бараа солилцооны түгээмэл хэрэгсэл юм. Мөнгө гэсэн ойлголтын араас үнэ гэсэн ухагдахуун заавал явдаг. Тэгвэл үнэ гэж яг юу вэ. Үнэ гэдэг нь нэгж бараанд худалдан авагчийн төлөх, худалдагч нэгж барааныхаа оронд хүлээн авах мөнгөний хэмжээ гэж уг нэвтэрхий тольд тунчиг ойлгомжтой тайлбарлаж. Хэдийгээр үнэ гэхээр хэн ч мэдэх мэт боловч энэ мэт тодорхойлолтыг мэдээд авчихад илүүдэх юун.

Аливаа эдийн засгийн гол цөм, хөшүүрэг нь түүхий эдийг боловсруулах замаар бүтээгдэхүүн болгодог үйлдвэрлэл билээ. Үйлдвэрлэлгүйгээр хэрэглээ гэж байхгүй. Тиймээс үйлдвэрлэл гэх ойлголт нь эдийн засгийн үндэс юм. Эдийн засагт үйлчилгээ, мэдээлэл, оюуны үнэт зүйлсийн үйлдвэрлэл чухал байр суурийг эзэлнэ. Тэгэхээр үйлдвэрлэл гэдэг нь зөвхөн материаллаг талын ойлголт биш болж таарах нь. Аж үйлдвэр хөгжсөн улсын эдийн засаг хүчтэй байх үндэс нь үйлдвэрлэл. Үйлдвэрлэлийг дагаад барааны эргэлт болон гүйлгээ гэх ухагдахуун гарч ирнэ. Тэгвэл үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нийлүүлэгчээс хэрэглэгчийн гарт очих нэгж хугацааг барааны эргэлт гэх бол борлуулсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо хэмжээг мөнгөн дүнгээр илэрхийлэхийг барааны гүйлгээ гэж тодорхойлдог юм байна. Өнөөдөр таны нэг найздаа авч өгч буй бэлэг, цайны цагаараа авч идсэн хоол, захиалан уншиж байгаа сонин гээд бүгд цаанаа эдийн засгийн эргэлтийг бий болгож байгаа. Эдийн засаг гэхээр л хүн ойлгохын аргагүй онол байгаад байна аа гэж бодож байгаа бол таны энэ бодлыг уг нэвтэрхий толь эрс өөрчлөх болно. “Өө, эдийн засаг гэдэг чинь тийм хүн ойлгоход төвөгтэй зүйл биш байсан байж” гэж бодох вий. Эдийн засгийн харилцаанд өдөр бүр ямар нэгэн байдлаар орж байгаа учраас уншигч та энэ талын мэдлэг мэдэгдэхүүнтэй байх зайлшгүй шаардлагатай. Тэгвэл таны хүссэн мэдлэг мэдээллийг хангалттай хэмжээгээр багтаасан уг нэвтэрхий толийг аваад ширээнийхээ ном болгоорой гэж зөвлөх байна. Мөн энэхүү толийг бүтээсэн доктор Л.Оюун болон түүний багийнханд дахин талархал илэрхийлэх нь зүйтэй биз ээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Мэргэн: Өмгөөлөгч нарыг прокурор эрхшээлдээ байлгах гээд байна

Өмгөөлөгч Б.Мэргэнтэй ярилцлаа.


-Таныг өмгөөлж байгаа хэргийнхээ талаар ярьж болохгүй зүйлсийг ярьсан гээд торгууль оногдуулжээ. Хэн нэгнийг шүүмжлэхэд л шүүхийн өмнө очдог, торгуулдаг жишиг тогтох гээд байна уу?

-Нийслэлийн Прокурорын газраас намайг “Хэргийн талаар олон нийтэд худал мэдээлэл өгч, төөрөгдүүлсэн учир Б.Мэргэнд та нар хариуцлага тооц” гэсэн албан тоотыг Хуульчдын холбоо руу анх явуулсан байдаг. Энэ дагуу Хуульчдын холбооны дэргэдэх Мэргэжлийн хариуцлагын хорооноос өгсөн хариу албан бичигтээ “Энэ асуудал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг, эсвэл зөрчил байх боломжтой учир баримтжуулаад авчрах шаардлагатай” гэсэн хариу өгсөн.

Ингээд Нийслэлийн Прокурорын газар Сүхбаатар дүүргийн цагдаа руу шилжүүлж намайг шалга, гэмт хэрэг үүсгэ гэсэн. Гэмт хэрэг үүсгэх ямар ч боломжгүй болохоор Зөрчлийн хэрэг үүсгэсэн. Цуглуулсан гээд байгаа баримтууд нь миний фэйсбүүк, твиттерээс, мөн хэвлэлд өгсөн ярилцлагаас таслаад, 45 гаруй орчим материал бүрдүүлж өгсөн байна лээ.

Тэр дунд байгаа, ҮАБЗ-д С.Зориг агсны амиа алдсан хэргийг ил болгож өгнө үү гэсэн хүсэлт өглөө гэж цахим хаягтаа бичсэн миний пост яахаараа гэмт хэргийн шинжтэй болчихдог юм. Мөн би өөрийн фэйсбүүк дээрээ “Зарим сэтгүүлч хүнийг хулгайн хэрэгт сэжиглэгдлээ гэхэд цагдаа шалгаж эхлээгүй байхад нь таван жилийн ял авна гээд түрүүлээд бичээд байх юм. Ингэж болохгүй, шүүхээс гэмт бурууг нь тогтоогоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцохгүй шүү. Мэдээ бэлтгэхийнхээ өмнө хуульчдаас зөвлөгөө авч байвал сайнсан” гэж бичсэн пост ч явж байгаа юм.

Би хэвлэлд ярилцлага өгөхдөө шүүхээр шийдэгдээгүй хэргийн талаар ярьж болохгүй. Гэхдээ надад хуулиар олгосон ярьж болох хэмжээ, хязгаар бий. Тэр нь олон нийтэд ил болсон мэдээлэл. Жишээ нь, Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж нар С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүгдэгч нарыг эрүүдэн шүүсэн талаар ярьсан. Тэд жинхэнэ төрийн нууц задруулчихаад байхад тэдний ярьсныг ярьсан надад ял өгөх гээд байх жишээний.

Хоёрдугаарт, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар, үйлчлүүлж байгаа хүнийх нь талаар нийгэмд сөрөг, буруу ойлголт өгвөл түүнийг нь залруулахын тулд ярьж болно гэсэн хуультай. Хуулиар олгогдсон эрхийн дагуу ярьсан байтал өмгөөллийн нууц задруулсан гэх үндэслэлээр зөрчил гээд 500 мянган төгрөгөөр торгосон.

Шүүх, прокурор шийдвэр гаргахдаа олон нийтийн нөлөөнд автах тохиолдол байдаг.Энэ хаана ч байдаг л зүйл. Хүн л юм чинь хэвлэлээр шуугиад, олон нийт яриад байхад тийм болов уу гэж мэргэжлийн үүднээс хууль зүйн дүгнэлт гаргахаас гадна хүмүүсийн ярианд автах тохиолдол их байдаг. Ялангуяа улс төрийн хэргүүд дээр нийгэмд сөрөг мэдээллүүдийг нь мөнгө төлж байгаад ч хамаагүй цацаад олон нийт иргэдэд буруутай гэх ойлголт төрүүлээд олон нийтийн дэмжлэгийг аваад тэр нь шүүхэд нөлөөлж шийдвэр гаргах магадлал байна.

-Танд хэзээ хэрэг үүсгэсэн юм бэ?

-Өнгөрсөн зургадугаар сард байцаалт өгөхөөр очиход цагдаа нь “Ийм хэрэг гэж юу байх вэ. Мэдүүлэг авах ёстой болохоор нь авчихъя. Гэхдээ хаах саналтай явуулна” гэж хэлсэн. Хаах саналтайгаар ч явуулсан байна лээ. Тэгээд л мартагдсан. Гэтэл наймдугаар сарын 31-нд Сүхбаатар дүүргийн цагдаагаас “Тан дээр зөрчлийн хэрэг үүссэн. Мэдүүлэг өг” гэж хэлсэн. Өмгөөлөгчтэйгөө яваад очиход долдугаар сарын 10-ны өдөр над дээр зөрчлийн хэрэг үүсгэсэн байгаа юм. Зөрчлийн хэрэг үүссэнээс хойш ажлын таван өдрийн дотор гомдол гаргах эрхтэй. Хэргийг нээснээс хойш хоёр сар өнгөрөөд байхад надад огт мэдэгдээгүй. Есдүгээр сарын 1-нд мэдүүлэг авч байгаа юм.

Авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэргийн нөхцөл байдал тогтоогдохгүй болохоор нь өмгөөллийн нууц задруулсан гэх үндэслэлээр Зөрчийн тухай хуулийн дагуу арга хэмжээ ав гэсэн байна лээ. Ямар нууц задруулсан гэдгийг нь үзэхэд шүүх хуралдааны үеэр прокоурорыг шүүгч загнасан асуудал өнгөрсөн жилийн долдугаар сард гарсан. Би шүүх хурал дээр шүүгч прокурорыг загнаад байж болохгүй, хурлаа л удирдахаас биш оролцогчийг загнах эрхгүй” гэж бичсэн юм. Үүнийг шүүх хуралдааны нууцыг задруулсан гэж үзсэн байна. Би хэргийн талаар огт яриагүй шүү дээ. Шүүгч прокурорыг загнаад байна л гэж үзсэн.

Яг үнэндээ тэр постыг цагдаа нь хайгаад олоо ч гүй байгаа юм. Би түүнийг нь миний хаяг биш, өөр хаягнаас жиргэсэн байна гэхэд яаж ч чадахгүй, эсвэл устгачихаад бичээгүй гээд гүрийхэд яаж ч чадахгүй. Гэхдээ хэргээр хууль бус зүйлийг зөвшөөрөөгүй учраас өөрөө хайж олоод цагдаад үзүүлсэн юм. Энэ хэрэгт хохирогч байхгүй. Хохирогч тогтоож өгөөч гэж прокурорт хандахад ийм ойлгомжтой зүйл дээр хохирогчоор яах гээд байгаа юм гэж байна лээ. Хүнийг яллахдаа, хүнийг торгохдоо ойлгомжтой гэдэг байдлаар торгоно гэдэг утгагүй биз дээ. Хууль зүйн үндэслэл байх ёстой.

Би нэг ч үйлчлүүлэгчийн нууц задлаагүй. Нэг ч үйлчлүүлэгч надад гомдол гаргаагүй. Энэ чинь үйлчлүүлэгчийн гомдлоор шийдэгдэх асуудал биз дээ. Гэтэл хаа байсан тэнд байгаа прокурорын байгууллага өмгөөллийн нууц задрууллаа гэж гомдол гаргаж байгаа нь инээдтэй.

-Прокурор тан дээр хэрэг үүсгэхээр улайраад дайрч байгаа шалтгааныг хэрхэн харж байна вэ?

-Би үүнийг өөрсдийн салбарыг нь шүүмжилж байгаа учраас амыг нь таглая гэсэн зорилготой байна гэж харж байгаа. Амыг нь таглахын тулд ямар нэгэн зөрчил ч юм уу тогтоогоод Өмгөөлөгчдийн холбоонд хандаж эрхийг маань хасуулах зорилготой байна. Ийм байдлаар өмгөөлөгчдийн амыг таглаж, хүссэнээрээ байлгавал хүний эрх, эрх чөлөө хэрэгжих ямар ч боломжгүй болно. Хүн өмгөөлүүлэхээр ирэхэд бид хуульд заасан хамгийн боломжит бүх хэлбэрээр эрхийг нь хамгаалах ёстой. Эрхийг хамгаалах гэхэд прокурор цагдаа ирээд “дуугай бай” гээд байвал үйлчлүүлэгчийн эрхийг яаж хамгаалах юм бэ. Нэг өмгөөлөгчийг ингээд торгочихвол өмгөөлөгчдийг торгодог жишиг тогтчих гээд байна. Ийм жишиг тогтоохгүйн тулд олон нийтийн анхааралд гаргаад энэ гажуудлыг засахын тулд явж байна. Энэ бол ганц Мэргэн гэж хүний хэрэг биш. Нийт өмгөөлөгчдөд хамаатай. Бүр цаашлаад иргэдийн эрхийг хамгаалах уу, үгүй юү гэдэг асуудал хөндөгдөнө. Өмгөөлөгч нар эрх зүйн асуудлаа хамгаалж байгаа асуудал.

-Таны шүүх хурал ямар шалтгаанаар хойшилсон юм бэ?

-Шүүх хуралд прокурор ирсэнгүй. Эмнэлэгт хэвтэж байгаа тул чөлөөлж өгнө үү гэх хүсэлт өгсөн байна лээ. Өвчтэй гэх хүсэлт өгч байгаа бол түүнийгээ нотлох эмнэлгийн даргын гарын үсэгтэй баримтаа хавсаргах ёстой. Тэгж байж үндэслэлтэй болдог. Өвчтэй гэж нэг бичиг өгөөд л шүүх хурлыг хойшлуулна гэж байхгүй. Өмгөөлөгч өвчтэй гэж бичиг өгөхөд шүүхээс эмнэлэг рүү залгаж лавладаг. Худлаа байвал шүүн таслах үйл ажиллагаанд саад учруулсан гээд 300 мянган төгрөгөөр торгох тохиолдол бий. Гэтэл өнөөдөр прокурор ганц цаас өгөөд л шүүх хурлыг хойшлуулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Хиймэл оюун ухааны эрэн дэх монголчууд

Аж үйлдвэрийн I хувьсгалыг “Механикжуулалтын хувьсгал” гэх бөгөөд 1780 оноос эхэлсэн гэж үздэг.Суутангууд нэхмэлийн суурь машин бүтээснээр гараар утас ээрдэг арга энэхүү шинэ машины хэрэгцээг хангаж чадахгүй болжээ.Ингээд утас ээрдэг, буддаг машинууд бий болж нэхмэл бүрэн механикжин үйлдвэрлэл эрс нэмэгдэж өртөг нь багасав.Эдгээр суурь машинууд гэрт багтахгүй байсан тул тусдаа том байранд орж бие даасан үйлдвэрүүд бий болов.Гэвч нэхмэлийн суурь машинуудыг усан тээрмээр хөдөлгөдөг байсан учир голын эрэг дагуух газрын түрээсний үнэ тэнгэрт хадаж, нэхмэл бүтээгдэхүүний үнэ хиймлээр өсөх болжээ.Цаг үеийн энэхүү зайлшгүй шаардлагаас үүдэн уурын хөдөлгүүр бий боллоо. Уурын хөдөлгүүр бүтээх болсон бас нэг шаардлага нь нүүрс олборолттой хамааралтай байв. Өөрөөр хэлбэл, хуучирсан технологиор буюу англид ховор байдаг модны нүүрс ашиглан төмөр гаргаж авдаг байсан тул XVI зуунаас эхтэй өндөр хэрэгцээг хангаж дийлэхгүй болов. Харин XVIII зуунд Абрахам Дербитөмөр гарган авах, Их Британийн аралд элбэг байдаг чулуун нүүрсийг коксжуулах аргыг нээснээр асуудал шийдэгджээ. Чулуун нүүрс олборлолт нэмэгдэхийн хэрээр нүүрсний уурхайн гүний усыг зайлуулах асуудал босч ирэв. Үүнийг шийдэхийн тулд 1712 онд Томас Ньюкомен уурын хөдөлгүүр ашиглан шахуурга бүтээв. Улмаар 1785 онд Жеймс Ватт уурын хөдөлгүүрээс гаргах энергийг бүлэх хөдөлгөөнөөс эргэлдэх хөдөлгөөн рүү шилжүүлжсэн нь уурын хөдөлгүүрийн хүчин чадлыг эрс нэмэгдүүлж, төрөл бүрийн машин техникт хэрэглэх бололцоотой болгосон байна. Үр дүнд нь төмөр зам, хүчирхэг усан онгоцнууд бий болов. Ингэж энергийн эх үүсвэр болох голоос хол зайд ч янз бүрийн үйлдвэр барих боломжтой болсон билээ.

Аж үйлдвэрийн I хувьсгалын сайн тал нь Оюуны өмчийн гэрчилгээ хэмээх Хөдөлдөг хөрөнгөний оргил цэгийг бий болгосон явдал бөгөөд энэ үеэс үүдэлтэй, хожим бий болох бүх тэрбумтангууд оюуны өмчийн эзэд байх болно. Мөн Бараа бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэх болсонтой холбогдуулан амьжиргааны өртөг буурч иргэдийн амьдрал сайжрав. Бас үйлдвэржилтийн улмаас хүн амын төвлөрөлт, орчин үеийн хотжилт үүсэн шинэ нийгэмшил бий болж, ажилчин анги гэх ойлголт бүрэлдэн тогтсон юм. Энэ нь хөгжил дэвшлийн үндэс болсон хөлмөрийн хуваарийг бий болгож иргэд мэргэжил, мэргэшилтэй болох боломж бүрдэв. Муу тал нь хөрөнгөтний нийгмийг муу муухайн үүр гэж үздэг социализмын онол ч энэ үед үүсч бий болжээ. Энэ нь хожим хүн төрөлхтний бараг талыг эрхшээсэн утопи гэх биелэгдэшгүй, хоосон уриатай, дундад зууны буюу ордны хуйвалдааны тогтоцтой, хүний түүхэнд гарч байгаагүй цаашид ч гарахгүй харгис, хэрцгий, бурангуй арга барилтай, бүх эд зүйлс, тэр байтугай иргэдийн сэтгэхүйг хүртэл нам-төр-улс хэмээх хэний ч биш өмчид хамруулах гэсэн эрмэлзэлтэй, эцэстээ төрийн албан тушаалтангууд нь алдаа гаргахгүйн тулд юу ч хийхгүйг хийсээр байгаад бусдаасаа хөгжлөөр хол хоцорч 70 жил оршин тогтноод нам сөнөх социалист системийг бий болгох болно. Мөн бас нэг муу тал нь шинээр бий болсон олон үйлдвэрүүд түүхий эдийн асар их баялаг шаардах болсон тул асар их нутаг, хүн ам бүхий зах зээл олдог колончлолыг дахин сэргээн явуулж, бусдыгаа улам эрчимтэй шулах болсон төдийгүй Аж үйлдвэрийн хувьсгалын ачаар бусад улсаас хүчирхэг болсон улсууд хөгжиж амжаагүй байгаа улсуудыг эзлэн түрэмгийлж, мөлжиж буйгаа зөвтгөхийн тулд хүн төрөлхтөнг дээд, доод үндэстэн гэж хоёр хуваан, арьс өнгөөр гадуурхан, ялгаварлах үзлийг бий болгоод байсан билээ. Тухайн үед бусдаасаа илүү хүчирхэг болсон англичууд энэхүү үзлийг бүр улсын тусгай бодлого болгон тараан дэлгэрүүлэв.Хожим колончлогчид гэгдэх испани, голланд, протугал, франц, англичуудын хамтран зохиосон энэхүү үзлийг герман бага дарга шинэ шатанд гарган хөгжүүлж, өөрсдөд нь болон хүн төрөлхтөнд урьд, хожид гарч байгаагүй гай гамшиг тарьж, маш олон сая хүний амь насыг авч одох болно.

Аж үйлдвэрийн II хувьсгалыг 1870 оноос эхтэй “Цахилгаанжуулалтын хувьсгал” гэх ба цахилгаанжуулалт амьдралд нэвтэрсэн нь шөнө үйлдвэрлэл явуулж үйлдвэр тасралтгүй явагдах нөхцөлөөр хангагдсан төдийгүй янз бүрийн цахилгаан мотор бий болсноор механикжуулалт үйлдвэрлэлд төдийгүй иргэдийн ахуй амьдралд орж ирэн амьдралыг нь сайжруулах боломж олгосон явдал юм. Хамгийн сайн тал нь маш олон сая ажлын байр шинээр бий болж иргэдийн цалин хангамж нэмэгдэж, амьдрал эрс сайжрав. Муу тал нь технолгийн дэвшлийг бусдыгаа ноёрхох зэвсэг болгох гэснээс үүдэн дэлхийн хоёр дайны галыг өдөөснөөр олон арван сая хүний амь, амьдралаар тоглосон явдал байв. Энэхүү хувьсгал нь бидэнд орчин үеийн хими, авто машин, цахилгаан бараа болон бусад маш олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг авчирсан. Дашрамд дурдахад, судлаачид авто машин, нисэх онгоц, сансрын техник, хэрэгслүүдийг бие даасан хувьсгал гэж үзэлгүй цахилгаанжуулалтын хувьсгалд хамруулдаг. Учир нь цахилгаангүйгээр энэхүү тээврийн хэрэгсэлүүдийг төсөөлөх боломжгүй юм. Аж үйлдвэрийн III хувьсгалыг бүтнээр нь “Дижитал, цахим, мэдээллийн технологи(IT), автоматжуулалтын хувьсгал” гэх бөгөөд 1960 оноос эхтэй гэж үздэг. Чухамхүү энэ л үеэс монголчууд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, Аж үйлдвэрийн III хувьсгалыг биеэрээ туулан гарсан болохоор сайн, муу талыг нь маш сайн мэдэх үндэстнүүдийн нэг болсон билээ.

Өнөөдөр бидний амьдралд аажмаар, мэдэгдэхгүй шахам орж ирж буй Аж үйлдвэрийн IV хувьсгалыг товчоор “Хиймэл оюун ухааны хувьсгалын эрин үе” гэж нэрлэж байна.Гол онцлог нь өмнөх хувьсгалууд эдийн засгийн тодорхой салбаруудыг хамарч байсан бол энэ хувьсгал нь амьдралын бүх салбарт нэвтэрнэ. Ухаалаг (өөрөөр хэлбэл, хүний оролцоогүй буюу хүний оролцоо маш бага) үйлдвэр, хөдөө аж ахуйн ферм, үйлчилгээ, тээврийн хэрэгслүүд бий болж, цоо шинэ материалууд амьдралд нэвтэрч, нано болон био технологи, анагаах ухаан үсрэнгүй хөгжин хүний амьдрах орчин эрс сайжран өөрчлөгдөнө гэж үзэж байна.

Маш товчоор ухаалаг программ бүхий роботууд хүмүүсийн биеийн хүчний ажлыг, харин хиймэл оюун ухаан хүмүүн таны оюун ухаан шаардсан ажлыг орлоно гэсэн үг. Иймээс судлаачид удахгүй алга болох нягууртай мэргэжлийн жагсаалтуудыг гаргаж дэлхий нийтийг айлган, сандаргаж байгаа бөгөөд энэ жагсаалтад орсон мэргэжлийн тоо, өнөөдрийн байдлаар тун удахгүй 300-г давах шинжтэй байна. Харин монголчууд бидэнд бусдыг даган айж, сүрдэх өчүүхэн ч шалтаг байхгүй байгаа юм. Учир нь та гудамжинд таарсан дурын европ хүнд утсаа өгч өөрийнхөө зургийг даруулаарай. Зөвхөн таны дүрийг л харж цаана байгаа зүйлийг огт анзааралгүй зургийг чинь авсан байх болно. Харин дурын ази хүнээр зургаа авахуулбал таны зургийг, ард нь байгаа фонотой нь давхар анхаарч зургийг чинь авсан болох нь төвөггүй ажиглагдана. Энэ нь европчууд аливаа зүйлийн цаад талыг бус ил байгаа наад талыг нь хардаг сэтгэхүйн онцлогтой учраас л ажилгүй болж гудамжинд гарах нь гэж айж сандарцгаагаад байгааг баталж байна гэсэн үг. Дэлхий нийтээр “XXI зуунаас Азийн зуун эхэлнэ” гээд байдгийн цаад учир нь ч энэ билээ.

Эрдэмтэд XIX зууныг Капиталын зуун буюу хөрөнгө, мөнгөний хуримтлал бий болсон зуун гэнэ. Олон сая ажилчдын амь нас, эрүүл мэндийг зольж хөрөнгө хуримтлагдсан болохоор зарим эрдэмтэд энэ зууныг “Зэрлэг капитализмын зуун” ч гэх нь бий. Харин XX зууныг “Мэдээллийн”, XXI зууныг “Технологийн зуун” буюу Оюуны өмчийн зуун гэж санал нэгтэйгээр нэрлэдэг. Тэгвэл биеийн хүчний мэргэжлийг орлох хиймэл оюун ухаантай робот болон хүмүүн таны оюун ухаан шаардсан ажлыг ухаалаг программ орлох нь үнэн боловч өндөр бүтээмжтэй эдгээр технологийг амьдралд нэвтрүүлэхэд маш бага зардал орно.Бас таныг орлож буй эдгээр зүйлс цалин,эрүүл мэндийн болон нийгмийн даатгал огт шаардахгүй.Энэ нь хиймэл оюун ухааны бий болгосон орлого шууд болон шууд бус замаар иргэдэд очиж хүчирхэг дундаж давхарга бүхий цоо шинэ нийгэм үүснэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өнөөдрийнх шиг хэн нэгэн их мөнгө цуглуулах шаардлага огт үгүй болно.Бүр товчоор баян хоосны ялгаа арилж иргэн бүр дундаж давхаргад орж, сайн сайхан амьдардаг болно гэсэн үг.Энэ явдлыг арай тодруулж тайлбарлавал Оюуны өмчийн гэрчилгээ авч үүнийгээ амьдралд нэвтрүүлэхийг инноваци гэнэ. Иймээс инновацийг хөгжлийн түлхүүр гэдэг.Тэгвэл энэ талаар монголчуудад бусдаасаа илт илүүрхэх гурван том боломж байна.Үүнд:

1.Дэлхийн ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээнд 3,4 сая монголчуудаа төлөөлж ихэр охин очоод, тэрбум дөрвөн зуун гучин сая хүнээс шалгарсан эрэгтэй хүүхдийг дундаа оруулан тэргүүлж, Гиннесийн номд бүртгэгддэг бидэн шиг ард түмэн одоохондоо энэ бөмбөрцөг дээр л лав алга. Энэ нь монголчуудад хиймэл оюун ухаан бүтээх төрөлхийн маш том боломж байгаагийн баталгаа билээ.

2.Өнөөдөр НҮБ-ын гишүүн 193 тусгаар улсаас бидэн шиг бусадтайгаа эвтэй байгаа улс, үндэстэнг үзээд өгье гэсэн ч алга. Өнөөдөр шиг ийм олон улстай найрсаг харьцаатай байсан түүх Монголын өөрийнх нь түүхэнд ч байгаагүй байх юм. Өнөөдөр монголчууд та бидэн шиг газар нутгийн маргаангүй улс дөрвөн зүг, найман зовхист л лав алга.Энэ нь монголчуудад дэлхийн зах зээлд хиймэл оюун ухааны бүтээлээ экспортлох,бусад улсын иргэд мөрөөдөж ч чадахгүй маш том боломж байна гэсэн үг.

3. Саяхан Монгол Улсын УИХ-д цэвэр шинжлэх ухааны ололтод тулгуурлах, улс төрөөс ангид, бүр анхны гэж болох Инноваци, цахим бодлогын байнгын хороо олон намын төлөөлөлтэй байгуулагдлаа.Энэ нь тун удахгүй манай улс цахим засаглалтай болно гэсэн үг.Цахим засаглалтай болно гэдэг нь авлига, арын хаалга хэмээх алагчлал алга болж улсад орж буй орлого идэж, уудгуудад бус иргэддээ шууд очдог болно гэсэн үг.Маш товчоор монголчууд бүгд баталгаат дундаж давхаргад хамаарах иргэд болж аз жаргалтай амьдарцгаах болно гэсэн үг билээ.

Өнөөдөр ган болоод металлургийн бусад бүх үйлдвэрүүд эцсийн бүтээгдэхүүнээ үрлэн хэлбэрт шилжүүлж байна. Энэ нь оюуны өмчгүй иргэд үрлэн металлыг ухаалаг 5D принтерт оруулан ямар ч машин, механизм тэр ч байтугай сансрын хөлгийн сэлбэгийг гэрийнхээ нэг өрөөнд үйлдвэрлэж, нөгөө өрөөндөө ухаалаг зурагт үзсэн шиг хангалттай цалинтай амьдарна гэсэн үг. Эцэст нь хэлэхэд өнөөдөр такси, автобус, том машины жолооч нар болон шүүгч, шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга хийж буй хүмүүс ажилгүй болох нь ойлгомжтой болоод байна.Гэхдээ энэ хүмүүс улсынхаа иргэний хувьд ажилгүй болсон ч хиймэл оюун ухааны бүтээсэн баялгийн орлогоос амьдралдаа хангалттай хүрэлцэхээр хувь хүртэх нь дамжиггүй юм. Инноваци, цахим бодлогын хорооноос авч явуулах бодлогын ачаар шаардлагатай байгаа шинэ мэргэжлийг иргэд маань хурдан хугацаанд эзэмшинэ.Шинэ мэргэжил эзэмшинэ гэдэг нь товчоор өөрийн сонирхож буй сэдвээр, эцэг эхээс өвлөн үлдсэн авьяасынхаа дагуу өөрийн нэр дээр оюуны өмчийн гэрчилгээ авна гэсэн үг. Харин энэ оюуны өмчөө амьдралд нэвтрүүлэн инноваци болгоход энэхүү Байнгын Хороо тусгай бодлогоор туслах болно.Хийсэн бүтээснээ инноваци болгож буй хүмүүсийг дэлхий нийтээр “Бараг бурхад” буюу “Баялаг бүтээгчид” гэдэг.Энэ нь Аж үйлдвэрийн IY хувьсгалын дүнд монголчууд маань бүгд “Бараг бурхад”гэж нэрлэгдэх нягууртай болчихоод байна гэсэн үг ажгуу.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ цаг-үе

Б.Батхуяг: Хяналт тавьдаг хамгийн хүчтэй байгууллага бол иргэд өөрсдөө юм

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч АН-ын бүлгийн дарга Батаагийн Батхуягтай ярилцлаа. Төр засгийн үйл ажиллагааны зарцуулалт, төсвийн хяналтыг иргэд хянах, мэдэх эрхийг нээх санал санаачилга өрнүүлж, Иргэний танхимыг нээж өгсөн гэдгээр нь уншигчид түүнийг мэднэ.


-Таныг Чингэлтэйн Батхуяг гэх юм билээ. Дүүрэгтэйгээ холбогдсон түүхээсээ яриач?

-Чингэлтэй дүүрэгтэйгээ салшгүй холбоотой ажиллаж, амьдарч ирсэн. Бага нас минь Чингэлтэй дүүргийн наймдугаар хороо Тасганы овооны баруун бэлд өнгөрсөн. Чингэлтэй дүүргийн есдүгээр цэцэрлэгт хүмүүжсэн. Миний аав Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс Гал түймэр унтраах 10 дугаар ангийн Улс төрийн орлогчоор ажиллаж байв. 2001 онд санхүүгийн чиглэлийн анхны компаниа байгуулахдаа төрж өссөн Чингэлтэй дүүрэгтээ байгуулж байв. 2003 оноос Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын гишүүн болсноос хойш өнөөдрийг хүртэл энэ дүүрэгтэйгээ, иргэдтэйгээ холбоотой ажиллаж байна.

-Та иргэдийн төлөөлөгчөөр арав гаруй жил ажилласан. Энэ хугацаандаа хамгийн гол хийсэн нэг ажил тань иргэдэд төрийн үйл ажиллагаа, төсөвт хяналт тавих эрхтэй болгосон гэдэг юм билээ?

-Хяналт тавьдаг хамгийн хүчтэй байгууллага бол иргэд өөрсдөө юм. Иргэний оролцоотой нийгэм хөгжиж байна. Иргэдэд тулгамдсан асуудлыг мэдэх, шийдэх гарц нь иргэдийнхээ үгийг сонсдог, шийдвэрлэдэг байж төрийн шийдвэр, төсвийн зарцуулалт оновчтой үр дүнтэй байна. Анх Иргэний танхим байгуулах санаачилга гаргаж, энэ санал маань дэмжигдэхгүй явсан үе бий.

Манай Чингэлтэйнхэн дүүргийнээ төсвийн зарцуулалтын талаар бодит мэдээлэлгүй явж ирсэн. Төсвийн санхүүгийн ил тод байдал манай улсад маш хязгаарлагдмал. 2010 онд Дүүргийн иргэдийн хуралд бид Иргэний танхим байгуулахаар тогтоолын төсөл хоёр ч удаа оруулахад унагаж байлаа. Тухайн үед МАН-ын 23, АН-12 төлөөлөгч байсан үе. Цөөнх учраас АН-аас асуудал өргөн барихад олонхын саналаар дэмжихгүйгээр унагадаг жишиг байсан. Энэ заавал байх ёстой гэж зүтгэсээр иргэдийн оролцоог хангах зорилгоор 2012-2016 онд Ардчилсан нам олонх болох үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороондоо Иргэний танхимыг байгуулж чадсан.

-Иргэдийн оролцоо одоо ямар түвшинд байна вэ?

-Аливаа нийгэм цаг үеэ дагаад хөгжиж байна. Зөв зүйтэй хэрэгтэй ажил тодорхой хугацааны дараа ажил хэрэг болдог. Одоо дүүргийн бүх хороонд Иргэний танхимын ажилтантай болсон. Иргэд танхимаараа үйлчлүүлж, мэдээлэл авч, илүү их оролцоотой болж чаджээ. Иргэдийн оролцоо, хяналтыг тавих ёстой гэдэг байр суурийг хатуу барьж ирсний хувьд мэдээлэлтэй иргэн Та энэ улсын жинхэнэ эзэн, өмчийг мэдэх эрхтэй, мэдэх ёстой юм шүү.

-Өнөөдөр тулгамдсан олон асуудал байна. Та дотор нь ажиллаж байгаа хүний хувьд Улаанбаатар хот яагаад ийм олон тулгамдсан асуудлуудтай болов?

-Дарга нар зурагтаар гарахаараа нэг том байшингийн зураг үзүүлж тууз хайчлаад бүх юм сайхан байна, “Аз жаргалтай Улаанбаатар” боллоо гэцгээдэг. Бодит байдал дээр байшин, тууз хоёрын цаана харагддаггүй асар олон асуудал бий. Татвар төлөгчдийн мөнгө төрийн данхайсан албаны тансаг сайхан өрөө тасалгаа, тоног төхөөрөмжинд зарцуулагдаад байгаа юм уу. Эсвэл иргэдийн тулгамдсан асуудлууд эхнээсээ нимгэрсээр байх уу.

-Улаанбаатар хотын удирдлагууд иргэдийг 92 хувийн аз жаргалтай амьдарч байгаа гээд байгаа. Яг ямар үндэслэлээр энэ тоог гаргаж ирсэн юм бол?

-Улсын статистикийн тоо ч юм уу иргэдэд өгч байгаа мэдээ, мэдээллийг хараад тоог хаанаас нь харж хэлбэл гоё харагдах вэ гэдэг дээр тоглолт хийдэг. Өнөөдөр бодит амьдрал дээр аз жаргалтай байна уу үгүй юү гэдгийг хүн бүр мэдэж байгаа. 2016 оны сонгуулиас хойш МАН хүн болгоны хүсдэг аз жаргал гэдэг үгийг малгайлж тавиад “Аз жаргалтай Улаанбаатар” боллоо гэж шоудсан. Зүгээр л тэр үгээр хуурчихсан. Улаанбаатар хотын захиргаа хотын төвд түгжирч байхын оронд Хан-Уул дүүрэгт 97 тэрбум төгрөгөөр маш сайхан байшин барьчихсан байсан. Гэтэл тэр нь энэ байшинг барих уу, эсвэл цэцэрлэггүй бүх хороогоо цэцэрлэгтэй болгох уу гээд иргэдээсээ асуусан бол хэн ч нэг барилга барихыг зөвшөөрөхгүй байсан.

-Дүүргийн хуралд төсвийн эрх мэдэл хэр бий вэ?

-Дүүрэг жилдээ 50 гаруй тэрбум төгрөгийн төсөвтэй. Сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг гэх урсгал зардалд зориулах, 30 орчим тэрбум төгрөг нь дүүргийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд шат дараалсан хөрөнгө оруулалт, төрийн албан хаагчдын цалин бусад зардлуудад зарцуулагддаг. Хуулийн хүрээнд дүүрэг ногоон байгууламжаа арчлах, хог хаягдлаа цэвэрлэх, явган авто замаа засч сайжруулах, тоглоомын талбайгаа тордох, байшин пасатаа арчлах, гэр хорооллын гудамж, зам талбайгаа засч сайжруулах ёстой. Иргэдэд үзүүлэх суурь үйлчилгээ болох сургууль эмнэлэг, цэцэрлэг гэх мэт боловсролын болон соёлын байгууллагын спортын үйл ажиллагаа, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх гэх мэт асуудалд гол анхаарлаа хандуулж ажиллах ёстой. Төсөв нь ч энэ чиглэлээр батлагддаг.

-Улс төрийн сонголтоороо АН-ыг сонгосон нь ямар учиртай юм бэ?

-Намайг дээд сургуулийн ахлах ангид сурч байх үед нийгмийн шилжилт хөдөлгөөн болж ардчилал, хувьсгалын тухай телевиз, радиогоор ярьж, жагсаал цуглаан өрнөж байсан. Бид нийгмийн шилжилтийн үед хүмүүжсэн хүүхдүүд. Тухайн үед ард түмэн монгол даяараа нийгмээрээ шилжилтийг, ардчиллыг хүссэн. Тийм учраас залуучууд бид ч гэсэн анхнаасаа ардчиллыг дэмжсэн. Хэн нэгэн дэмж гэж хэлээгүй. Энэ зөв зүйтэй алхам болж байгаа юм байна гэдгийг ухаарч шилжилт, өөрчлөлт рүү тэмүүлэх болсон. 18 нас хүрээд анхны сонгуульд оролцохдоо шууд л Ардчилсан намаас нэр дэвшиж байсан хүмүүсийг дэмжиж байлаа. Бизнес эрхэлсэн зах зээлийн системд шилжихэд хэрвээ чи л чаддаг бол чадлаараа сайхан амьдар. Уйгагүй хөдөлмөрлө. Тэгвэл бүх зүйл сайхан болно гэсэн бүх боломжийг олгож хэн ч юу хийхийг хорьж цагдаагүй. Биднийг долдугаар ангид байхад үсээ ургуулж, хувцас формоо өөрсдийнхөөрөө өөрчлөөд очиход л багш нарын зөвлөгөөний хурлаар оруулж аав, ээжийг нь дуудаж ирүүлэн индэр дээр гарган олны өмнө үсийг нь хайчилж байсан. Ийм үе байсан гэвэл одоо хүүхдүүд итгэхгүй байх. Монголын ард түмэн яагаад ардчиллыг хүссэн бэ гэвэл тэнд ямар нэгэн байдлаар эрх чөлөө байна гэдгийг мэдэрсэн юм.

-Таныг их олуулаа өссөн гэдэг. Олуулаа өсөх, цөөхүүлээ өсөхийн хоорон дахь хэрхэн ялгааг хэрхэн хардаг вэ?

-Манайх эцэг эхээс наймуулаа, долоон хүүтэй, нэг охинтой өнөр өтгөн айл. Ганц нэг нь хөдөө гадаа явчихаар яагаад ч юм цөөхүүлээ байгаа юм шиг санагддаг. Олуулаа бужигнаад л байх дуртай. Бидний хүмүүжил ч тэгж өссөн. Олуулаа байхад баяр баясал, жаргал зовлонгоо хуваалцах нь сайхан байдаг. Баяр, гунигаа бусадтай хуваалцахгүй байна гэхээр төсөөлөхөөргүй.

-Та ингэхэд ямар мэргэжилтэй хүн бэ?

-Нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй. Анх нээсэн компани маань санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулсан. Энэ нь санхүүгийн зах зээл рүү орох сонирхлыг өдөөсөн учраас энэ чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Дараа нь МУИС-ийн хуулийн ангийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хуульчдын холбооны өмгөөлөгчөөр ажиллах, найзуудтайгаа хамтран өмгөөллийн үйл ажиллагаа иргэдэд үзүүлдэг болсон. Одоо Дүүргийн иргэдийн хурлын тэргүүлэгч, АН-ын бүлгийн даргаар ажиллаж байна.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Өргөөгийн гудамжны автозамын хөдөлгөөнийг нээлээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны Өргөөгийн гудамжны автозамыг өнөөдөр нээлээ.

Автозамын шинэчлэлийн хүрээнд 408 урт метр эгнээ тусгаарлах хашлага, 430 урт метр авто замын хуучин хашлага шинэчлэлт, тэмдэг тэмдэглэгээ, 4800м2 тэгшилгээ, хучилтыг бүрэн хийжээ. Үргэлжлүүлэн 170 м2 газарт явган хүний шинэ зам, хуучин явган замыг шинэчлэх юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тус замын хөдөлгөөнийг нээх үеэр хөдөлгөөний эрч буурсан үед шөнийн цагаар аюулгүй байдлыг бүрэн хангаж, үлдсэн ажлаа дуусгахыг холбогдох албаныханд үүрэг болгов.

Categories
мэдээ нийгэм

Ж.Амгалан: Иргэдээс ажлын таван өдөр тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох санал авбал яасан юм бэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар замын хөдөлгөөний түгжрэл ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр танилцуулав.

Тэрбээр “Замын хөдөлгөөний ачаалал хичээл, сургууль эхэлсэн үеэс эрс нэмэгдсэн. Хотын авто замын ачааллын гол цэг нь Улаанбаатарын төв цэг байдаг. Авто замын сүлжээ дутагдалтай байна. Одоогоор 903 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд гарч байгаа хэдий ч хүрэлцэхгүй байгаа. Ойрын хугацаанд 200-500 автобус ашиглалтаас гарна. Нийтийн тээврээ илүү хөгжүүлэх зайлшгүй шаардлага бидэнд тулгарч байна. Зогсоолын нэгдсэн системийн ажлыг төлөвлөөд гүйцэтгэл 90 хувьтай байна. Цаашид Улаанбаатар хотын авто замын үндсэн сүлжээг сайжруулах, хорооллын доторх гудамж замын уулзварыг нэмэх, тээврийн хэрэгслийн зогсоолыг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээнд онцгой анхаарах, дугуйн замыг нэмэгдүүлэх гэсэн асуудлууд байна. Ойрын хугацаанд автозамын зогсоолын асуудлыг бүсчлэх ажлыг хийх шаардлагатай байна. Мөн ажлын цагийн уян зохицуулалтын ажил судалгааны шатанд явж байгаа. Энэ ажил хийгдвэл хөдөлгөөний цагийн давхцал буурна” гэсэн мэдээллийг өгөв.

Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Нийслэл дэх тээврийн хэрэгслүүд зам дээрээ багтахгүй. Энэ нь Улаанбаатар хотын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө. Дугаарын хязгаарлалтын дагуу өдөрт 100 мянган машин зогсоож байна. Тиймээс иргэдээс нээлттэй санал авч тэгш, сондгойгоор нь долоо, долоо хоногоор явуулбал яасан юм бэ гэсэн саналыг оруулж байна” гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл “Замын түгжрэлийн асуудалд дорвитой арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байна. Ард иргэдээс ирүүлж байгаа саналыг үйл ажиллагаандаа тусгаж ажиллаасай гэж хүсч байна. Бүгд санаачилга гаргаж ажиллах хэрэгтэй” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Нийтийн тээврийн үйлчилгээ нь зарим хотуудын нэрийн хуудас болдог. Нийтийн тээврийг хөгжүүлэхэд холбогдох байгууллагууд яагаад анхаарч ажиллахгүй байна. Иргэдээс бэлэн мөнгө авч зорчуулдаг байдлыг зогсоох хэрэгтэй. Түгжрэлийг бууруулахад гол чухал нөлөө үзүүлэх газар бол нийтийн тээврийн үйлчилгээний газар. Ард түмний татварын мөнгөөр цалинждаг байж иргэддээ соёлтой үйлчилгээ үзүүлэхгүй байнга гомдол дагуулдаг байгууллага боллоо. Бэлэн мөнгө авдаг жолооч нартай яаж тэмцэх вэ. Нийт орлогынхон гуравны нэг нь өөр замаар явж байна. Иргэдийн татварын мөнгийг ингэж үргүй зардаг байж болохгүй. Мөн сургуулийн автобусны тоог нэмэгдүүлж ажиллана. Авто замын ачааллыг бууруулах чиглэлд ажиллаж байгаа холбогдох мэргэжлийн байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулж, мэдээллээ нэгтгэж ажилла” хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

Өргөөгийн гудамжны автозамын хөдөлгөөнийг нээлээ

Баянгол дүүрэг, 13 дугаар хороо Өргөөгийн гудамжны авто замын шинэчлэлтийн ажил дуусчээ. Дээрх ажлын хүрээнд 408 у/м эгнээ тусгаарлах хашлага, 430 у/м авто замын хуучин хашлага шинэчлэлт, тэмдэг тэмдэглэгээ, 4800м2 тэгшилгээ болон хучилтын ажлууд бүрэн хийгджээ. Үргэлжлүүлэн 170 м2 газарт явган хүний шинэ зам болон хуучин явган замын шинэчлэлтийн ажлууд хийгдэх юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан тус замын ажлыг өнөөдөр шалгаж хөдөлгөөнийг нээх үүргийг өгсөн юм. Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ хөдөлгөөний эрч буурсан үед шөнийн цагаар аюулгүй байдлыг бүрэн хангаж, үлдсэн ажлуудыг дуусгахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.