Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 116 дугаар сургуулийн багш нар ажил хаяж, өлсгөлөн зарлана гэв

Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн захирлын хууль бус үйлдлийн талаар багш, ажилтнууд өнөөдөр /2020.10.06/мэдээлэл хийлээ. Тодруулбал, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас /БШУЯ/ өнгөрсөн наймдугаар сарын 28-нд 116 дугаар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр н.Мөнхбаатар гэх хүнийг томилсон байна.

116 дугаар сургуулийн хөгжмийн багш Л.Эрдэнэбилэг “Манай сургууль улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгодог ганц сургууль юм. БШУЯ-наас удаа дараа тусгай хэрэгцээт боловсролын талаар ямар ч мэдлэггүй, туршлагагүй хүнийг авчирч томилоод байгааг эсэргүүцэж байна. Хамгийн сүүлд томилогдон ирсэн үүрэг гүйцэтгэгч ч мөн адил ямар ч туршлагагүй хүн байсан. ЕБС-д сайн захирал байсан байж болох ч тусгай сургуулийн онцлогийг мэдэхгүйгээс болоод хүндрэл үүсдэг. Бид БШУЯ-наас захирал болохыг хүсдэг хүмүүсийг манай сургууль дээр авч дадлага хийлгэхээ болиоч ээ гэж шаардаж байна.

Багш нарын зүгээс хурдан захиралтай болгоод өгөөч ээ гэж хүсээгүй. Харин мэргэжлийн хүн тавиад өгөөч ээ гэж хүсэж байгаа. Зургаахан жилийн хугацаанд 9 захирал солигдсон нь үнэхээр хүндрэлтэй байна” хэмээн ярилаа.

БШУЯ-ны холбогдох мэргэжилтнүүд хоорондоо хуйвалдах замаар ёс зүй болон төлөвшлийн хувьд учир дутагдалтай хүмүүсийг үүрэг гүйцэтгэгчээр томилж байгаа хэмээн багш нар үзэж байгаа ажээ.

116-р сургуулийн хөгжмийн багш Б.БАТБОЛД “Яам манай 28 багшийг ур чадваргүй гэж хэвлэлээр гүтгэснийг бид эрс эсэргүүцэж байгаа. Наймдугаар сараас хойш бид үүрэг гүйцэтгэгч томилдог асуудлаа шийдэж өгөөч ээ гэж хандсаар байсан. Одоо болтол ямар ч ахиц дэвшил алга. Бид зүгээр л ажлаа хиймээр байна. Сургуулийг маань ус, цахилгаангүй, дотуур байрыг хүнсгүй болгоод байна.

Манай багш нарыг худлаа хэлж захирлуудыг “зайлуулдаг” гэх ойлголтыг Боловсролын яамнаас нийгэмд түгээж ирсэн. Тиймээс хамгийн сүүлийн үүрэг гүйцэтгэгчийн ёс зүйгүй байдлыг илтгэх бичлэгийг Та бүхэнд сонсгоё”

Бичлэгт бичигдсэн яриа:

Г*л*г минь, Чи Батболдоо н*х*й минь, Би зөөлөн тонноор ярилаа. Л*л*р минь би наана чинь очно…

Багш нар эдгээр мэдээллээ цагдаагийн байгууллага, ХЭҮК, БШУЯ болон Ерөнхий сайдад хүргүүлсэн гэдгээ хэлсэн юм.

116 дугаар сургуулийн хоёр багш есдүгээр сарын 21-23-нд хоёр хоногийн турш БШУЯ-ны гадаа өлсгөлөн зарлаж байсан бөгөөд энэ сарын 2-нд мөн яамандаа шаардлага хүргүүлж, ажлын тав хоног хариу хүлээж байгаа ажээ. БШУЯ багш нарын шаардлагыг биелүүлэхгүй бол ажил хаялт, өлсгөлөнг давхар зарлана хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд У Хүрэлсүх 3×3 сагсан бөмбөгийн баг тамирчдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг, Ур чадварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн баг тамирчид болон дасгалжуулагч, холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзан спортын өндөр амжилт хүсэн ерөөв. Монгол Улсын эмэгтэй шигшээ баг 3х3 төрлөөр Токиогийн олимпод оролцох эрхээ 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр авч бэлтгэл сургуулилтаа базааж байна. Тэгвэл Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос өнгөрсөн наймдугаар сард онлайнаар зохион байгуулсан 5х5 сагсан бөмбөгийн 17 хүртэлх насны ангилалд эрэгтэй баг түрүүлж “Монголын багийн спортын анхны дэлхийн аварга” болсон юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцанд гарсан галын улмаас 48 настай нэгэн эрэгтэй амиа алджээ

Орон сууцанд гарсан галын улмаас 48 настай нэгэн эрэгтэй амиа алдсан хэрэг өчигдөр гарчээ.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны орцонд гал гарч байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу аравдугаар сарын 05-ны өдрийн 23:10 цагт хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 23:18 цагт очиж иргэн Х-ийн 3 өрөө орон сууцны 4х3 метрийн хэмжээтэй өрөөнд эд хогшил шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан.

Энэхүү гал түймэр иргэн 48 настай, эрэгтэй угаартан нас баржээ.

Categories
мэдээ нийгэм

Дуучин С.Жавхлан энэ сарын 16-нд тоглолтоо хийнэ

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан энэ сарын 16-ны баасан гарагт 19:00 цагаас “Монголоороо байгаасай” тоглолтоо Бөхийн өргөөнд хийх гэж байна.

Тэрбээр есдүгээр сарын 26-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийхээр төлөвлөж байсан ч цаг агаарын таагүй байдал, өндөр настнуудын тав тухыг бодолцон ийнхүү тоглолтоо хойшлуулжээ.

Тоглолтын тасалбарыг 20,000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалах бөгөөд 1900-1950 утсаар захиалан үнэгүй хүргүүлэх боломжтой юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл 85-95 хувьтай байна

Улсын хэмжээнд төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл 85-95 хувь гүйцэтгэлтэй байгааг Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Мөн есдүгээр сарын эцсийн байдлаар хот, суурин газруудын халаалт 90 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Харин аймгийн төвүүдийн дулааны цахилгаан станц, халаалтын зуухны газруудын өвөлжилтийн бэлтгэл хангах засвар, шинэчлэлийн ажлын явц 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс гадна энэ өвөл нийт 16 мянга 426 өрхийн 8.35 сая толгой малыг отроор өвөлжүүлж, хаваржуулахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

МОНГОЛБАНК ЕСДҮГЭЭР САРД 2.3 ТОНН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ

Монголбанк 2020 оны 9 дүгээр сард 2.3 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 17.1 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 6.0 тн-р өссөн үзүүлэлт юм. Монголбанкны нийт худалдан авсан 17.1 тн үнэт металлын 15.4 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.

2020 оны 9 дүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 123.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 154.5 кг үнэт металл худалдан аваад байна. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 1.4 тн үнэт металл худалдан авлаа.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 9 дүгээр сард 176,494.48 төгрөг байлаа.

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн эрсдэлийн удирдлага сургалт үргэлжилж байна

Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ хариуцсан мэргэжилтний “ГЭУМС-20” сургалт хоёрдахь өдрөө үргэлжилж байна.

Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ хариуцсан мэргэжилтний хууль, эрхзүйн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, өдөр тутмын үйл ажиллагааны гүйцэтгэл, чанар, үр дүнг чанаржуулах, цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой тус сургалтад 20 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм. Сургалтаар гамшгийн эрсдэлийн удирдлага, ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний онол, аргазүй, эрсдэлийг үнэлэх аргачлал, Гамшгаас хамгаалах болон гамшгийн эрсдэлийн бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй эрхзүй болон бодлогын баримт бичгийн онолын мэдлэг, хиймэл дагуулын мэдээллийг ашиглан орон зайн мэдээллийн системд мэдээлэл оруулах, гамшгийн эрсдэлийн мэдээллийн санд баяжуулалт хийх зэрэг сэдвийн хүрээнд алба хаагчид мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж байна.

Сургалт энэ сарын 09-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Гантулга: МАН ард түмний сонгох, сонгогдох эрхэнд халдаж байна

УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Ганбат мэдээллээ.

-Сонгуульдаа идэвхтэй оролцохгүй бол нэг намын тогтолцоотой, сонгууль хэлбэр төдий болдог зүйл рүү орох вий гэсэн болгоомжлол байна хэмээн онцлов.

Дархан-Уул аймгийн АН-ын дарга Г.Гантулга “Дархан-Уул аймгийн Аудитын газар Ардчилсан намын хандивын дансыг баталгаажуулахгүй гэсэн шийдвэр гаргасан. Энэ талаар бид шүүхэд гомдол гаргахад шүүх Үндсэн хууль болон бусад хуулийг баримтлахгүй, эсрэг талд шийдвэр гаргасан. Үүний цаана МАН-ын оролцоотой шийдвэр гаргасан бид үзэж байна. Тиймээс бид давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Энэ мэтчилэн Дархан-Уул аймагт зөвхөн эрх баригчдад үйлчилдэг, МАН дангаараа ноёрхох үйлдэл гаргаж байна” гэв.

Мөн Чингэлтэй дүүрэг, Дорнод аймаг, Дархан-Уул аймагт АН-ыг бүртгэхээс, намын нэр дэвшигчийг бүртгэхгүй байх улс төрийн шийдвэрүүд гаргаж байгаа нь МАН улстөржиж, ард түмний сонгох, сонгогдох эрхэнд халдаж байна гэж АН-ынхан үзэж байна.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Ганбат “Дархан-Уул аймгийн АН-аас УИХ дахь бүлэгт гомдол гаргасан байна. Орон нутгийн сонгууль 10 хоногийн дараа болох гэж байхад сонгох, сонгогдох эрх зөрчигдөж байна. УИХ хууль тогтоох байгууллага, хууль амьдралд хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавьдаг. Гэтэл Дархан-Уул аймагт өнөөдөр сонгох, сонгогдох эрхгүй болж байна. Энэ асуудлыг шүүх, Сонгуулийн хороо авч хэлэлцээд зохих шийдвэрийг гаргах боломжтой байсан ч ямар нэг шийдвэр гаргахгүй байна” хэмээв.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Сонгуулиар улс төрийн намууд халаасны, бие дааж, санал хуваах намуудыг хамт дэвшүүлдэг нь олон сонгуулиар харагдаж байна. Хэд хоногийн өмнө талбай дээр ХҮН-аас мэдэгдэл хийсэн. Тэд намыг нь сонгуульд оролцуулахгүй байгаад АН хамаатай хэмээсэн. АН бусармаг үйл ажиллагаанд оролцдоггүй. Өнөөдөр Дархан-Уул аймагт МАН, ХҮН гэсэн хоёр нам сонгуульд оролцох гэж байгааг бид улстөржүүлж ярьж болох ч шүүхийн шийдвэрийг бид хүлээж байсан. Гэтэл шүүх улстөржсөн шийдвэр гаргаж, улс төрийн намуудын дотоод үйл ажиллагаанд Тагнуулын ерөнхий газар зэрэг хүчний байгууллагууд оролцож байгаад харамсч байна. Энэ нь сонгуулийг шударгаар явуулахад саад учруулж байна. Цагдаа, хүчний байгууллага эрх баригчдын талд үйлчилж байна. Сүүлийн үед шүүх, түгжрэл зэрэг олон асуудалд Ардчилсан намыг буруутгаж байгаагаа таслан зогсоож, улс төрийн соёлтой байхыг бусад улс төрийн хүчнээс хүсч байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Орхон голд осолдсон ахмад настнуудыг эрэн хайх ажиллагааг зогсоожээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар тус сумын Ганзам багийн 4 дүгээр байрныиргэн А /70 настай, эрэгтэй/, мөн тус багийн 3 дугаар байрны иргэн С /64 настай, эрэгтэй/ нар 08.18-ны өдрийн 16:00 цагийн орчим “Орхон” голын ус руу сэлэх гэж ороод живсэн тухай өмнө нь мэдээлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газар 08.18-08.31-ний өдөр, 09.12-09.18-ны өдрүүдэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр зогсоосон байсныг дахин эрэн хайх хүсэлтийг ар гэрээс нь 10.03-ны өдөр гаргажээ.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн 10.04-ний өдрийн 09:00 цагаас эхлэн 2 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг анх осолдсон газраас “Тавтын пост” хүртэл 45 км-т, 2 дугаар бүлэг Төмөр замын 12 дугаар зөрлөг хүртэл 25 км-т тус тус завиар “Орхон” голын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:30 цагт ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон байна

Categories
мэдээ нийгэм

Парис шөнийн цэнгээний газруудыг хаана

Коронавирусний халдварын тохиолдлын тоо өндөр хэвээр байгаатай холбогдуулан Францын Засгийн газар сонор сэрэмжээ нэмэгдүүлж, Парис хотын эрх баригчид мягмар гаргаас эхлэн шөнийн цэнгээний газруудыг хаахаар болжээ. Шинээр авах хязгаарлалтын арга хэмжээнүүдийн талаар удахгүй мэдэгдэх бөгөөд хязгаарлалтууд хоёр долоо хоногийн туршид үргэлжилнэ.

Ням гарагт Францад коронавирусний халдварын 12565 тохиолдол бүртгэгджээ. Зуун мянган хүн тутамд ногдох халдвартай хүний тоо 250-иас давж, эрчимт эмчилгээний тасгийн орны нөөц хамгийн багадаа 30 хувьд хүрвэл Франц сонор сэрэмжээ дээд хэмжээгээр нэмэгдүүлэх аж.

Коронавирустэй тэмцэх арга хэмжээнүүдийг Парис хотод болон хотын эргэн тойрны гурван мужид хэрэгжүүлнэ. Хязгаарлалтын арга хэмжээ авснаар зоогийн газрууд үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд ариун цэврийг сахих зохицуулалтыг шинээр хийж, лекцийн танхимуудад суудлын талаас илүүгүй хүн байх ёстой ажээ.