Categories
мэдээ нийгэм

Эсэргүүцлийн жагсаалын улмаас Киргизийн Ерөнхий сайд огцрох хүсэлтээ өгчээ

Өнгөрсөн амралтын болсон парламентын сонгуулийг будилаантай гэж үзсэн Киргизийн иргэд нийслэл Бишкек хотын төв талбайд жагсаж, улмаар төрийн ордон руугаа дайран орж, гал тавьсан билээ. Тэгвэл иргэдийн энэ тэмцэл үр дүнгээ өгч Ерөнхий сайд Кубатбек Боронов огцорсныг “24.kg” сайт өчигдөр орой мэдээлсэн байна. Тус агентлагийн мэдээлж буйгаар Кубатбек огцрох өргөдлөө ерөнхийлөгчид өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Яармагийн замд дахин нэг хүүхэд гарцаар гарч яваад мөргүүлжээ

Хан-Уул дүүрэг, Яармагийн замд дахин бага насны хүүхэд автомашин мөргүүлсөн осол гарчээ.

Тодрулбал өнөөдөр өглөө 08.10 цагийн орчимд “British school” сургуулийн хойд замд “Honda crv” маркийн автомашины жолооч явган хүний гарц дээр 10 настай хүүхдийг мөргөжээ. “Ослын улмаас хүүхдийн амь нас хохироогүй. Одоогоор ил харагдах гэмтэл шархгүй байна” гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Эргэн сануулахад ХУД-ийн 6 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Яармагийн эмнэлэгийн хойд зам, явганы гарцан дээр 2020.10.05-ны өдрийн 16.48 цагийн орчимд BMW X3 маркийн автомашины жолооч Б нь явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч Б, О нарыг мөргөсөн ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн. Ослын улмаас 9 настай, эрэгтэй, О гэмтэж, 5 настай, эмэгтэй Б-н амь насыг хохирсон.

Иргэдээ, жолооч нараа явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасч, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөх, эцэг, эхчүүд 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Засгийн газар түгжрэлийн асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өглөө 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, түгжрэлийн асуудлыг хэлэлцэж, шийдлүүд гаргахаар болсон байна. Бид дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.

Хэлэлцэх асуудлын жагсаалтад:

-Газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх талаар

-ЗГХЭГ-ын бүтэц, үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө батлах

-Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай багтсан бөгөөд Д.Оюун-Эрдэнэ сайд танилцуулах юм.

Categories
мэдээ нийгэм

“Тэтгэврийн зээлгүй ахмадад зориулсан “Эрдэнэс бонд”-ын санхүүжилтыг ирэх оны тавдугаар сараас олгоно

Өнгөрсөн долоо хоногт ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталсан Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаснаар эдийн засгийн өсөлтийг хангах стратегийн мега төслүүдийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрүүдийг бүрэн дайчилж, ашиглалт үр өгөөжийг дээшлүүлэхэд анхаарахаар болсон.

Сүүлийн хоёр жилд Засгийн газраас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэдэлд тодорхой лиценз, компаниудын хувьцааг эзэмшүүлэх замаар бодит хөрөнгөтэй болгож, тодорхой төслүүдээ хэрэгжүүлж эхэлжээ.

Тухайлбал, сүүлийн 30 жилд хөрөнгө оруулагчдыг татах оролдлого хийж байсан Асгатын мөнгөний ордыг 2019 оны долдугаар сард “Эрдэнэс Монгол”-ын мэдэлд шилжүүлсэн. Ингэснээр малталт хийж байсан босоо амуудыг нээж үйлдвэрлэлийн дээж 20 тонныг авсан бөгөөд одоогоор ТЭЗҮ-гээ шинэчлэх зэрэг бусад ажлууд эрчимтэй хийгдэж буй.

Мөн энэ оны эхээр зургаа хүртэлх сая төгрөгийн тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг тэглэсэнтэй холбоотойгоор Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил эрчимтэй, бас цаг хугацааны хувьд шахуу өрнөж буй аж. Уг ажлыг “Эрдэнэс Силвер Ресурс” компани хариуцаж, ирэх оны тавдугаар сард тэтгэврийн зээлгүй 200 орчим мянган ахмадад зориулсан “Эрдэнэс бонд”-ын санхүүжилтийг олгохоор зорьж байна. “Улс орны хөгжилд хамгийн бодитой хувь нэмэр оруулсан ахмадууддаа байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш, шударга зарчмаар хүртээж буй төрийн бодлогын илрэл нь “Салхитын мөнгөний орд” хэмээн компанийн удирдлага онцолсон.

Хэдийгээр дэлхий нийтэд цар тахал дэгдэж, хөл хорионы улмаас хөрөнгө оруулагчидтай хийх бодит уулзалт, олон улсын арга хэмжээ хязгаарлагдаад буй ч энэ хугацаанд “Эрдэнэс метан” компанийн хэрэгжүүлж буй Тавантолгойн бүлэг ордын нүүрсний давхаргын метан хийн хайгуулын ажил урагштай явж буй аж.

Өнгөрсөн оны тавдугаар сард Австралийн “Жейд метан” компанитай “Нүүрсний давхаргын метан хийн эрэл, хайгуулын хөрөнгө оруулалт”-ын гэрээ байгуулснаас хойш Тавантолгойн бүлэг ордын Бортээгийн хэсэгт эрлийн ажлууд гүйцэтгэж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд тайлангаа илгээжээ. Одоо нарийвчилсан хайгуул хийхээр бэлтгэл хангаж байгаа юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Урсгал ус шиг орлого биш, үерийн ус шиг орлого Монголыг босгож ирнэ

УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын хэлсэн үг монголчуудын орой руу орж байна. Тэрбээр “Монголын бүх бэрхшээл, хуримтлагдсан асуудлын угт хангалтгүй орлого олж байгаа явдал бий. Бидэнд орлого, маш их орлого хэрэгтэй байна. Тогтвортой өсөлт биш, тийрэлтэт өсөлт авчрах төслүүд чухлаар шаардагдаж байна. Экспортын орлого олох төслүүдийг зоригтой дэмжээд, түлхээд өгөх хэрэгтэй байна. Хангалттай орлого олж байж л бүх зовлон бэрхшээл, хүндрэл гачаалыг арилгах боломжтой болно гэдгийг үргэлж санаж, хэлэлцэх асуудлынхаа цөмд нь тавиач гэж Та бүхнээс хүсэж байна. Асуудлынхаа эрэмбийг олж харъя! Эхлээд орлого, экспортын орлого, маш их орлого олох нь л чухал байна. Баялаг нь байна, боломж нь байгаа. 80 сая дөхөж байгаа мал сүрэг бидэнд хангалттай орлого өгөхөд бас бэлэн байгаа. Бид мөнгө болгож чадахгүй хаяж байгаа нь дэндүү арчаагүйнх гэхээс өөрөөр юу гэж хэлэхээ би мэдэхгүй байна” гэж хэлсэн. Мөн орлого яаж олох арга замыг нь ч бас чиглүүлж, төрийн бодлогод хэрхэн тусгахыг сануулж байна лээ. УИХ-ын гишүүд маань анхаарч, тогтож сонсоо байлгүй.

Үнэхээр асуудлын голыг олж харж чаджээ. Угаасаа хөгжил бага, эдийн засгийн үзүүлэлтүүд нь тааруу байгаа улс орон маань сүүлийн нэг жил коронагийн аюулаас болж орлогоо алдсаар л байна. Зэс, нүүрс зэрэг экспортын голлох түүхий эдийн үнэ олон улсын зах зээлд савлаж эхэлсэн. Эдийн засгийн гол зүтгүүр үндэсний том компаниудын үйл ажиллагаа доголдож байгаа. Жижиг, дунд бизнес эрхлэгчид бол амиа аргацаах төдий л байна. Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэвэр, тэтгэмж л ард түмний амьжиргааны эх үүсвэр болсон. Гэх мэтээр дурдах юм бол улс орны хөгжлийн тулгуур үзүүлэлтүүд хасах тийшээ заагаад удаж байна. Ийм үед орлого олох шиг хэрэгтэй юм алга. Энгийн нэг багахан орлогоор улс орон хөл дээрээ босох хэцүү. Ерөнхийлөгчийн хэлдгээр үерийн ус шиг их орлого л эдийн засгийг өсгөх дорвитой хөшүүрэг болно. Ингэж орлого ярьдаг төрийн зүтгэлтэнтэй анх удаа байж үзлээ. Өөрөө мөнгө олж үзсэн, ашиг орлогоо алдвал хэрхэн сүйрч дампуурдгийг мэддэг хүн л ингэж санаа зовж, бусдадаа сануулж, хонх цохидог юм. Түүнийг сэрж мэдэрдэг нь хэд юм, харин. Эрх баригч МАН-ын хувьд Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд нэлээн эгцүүцэж байх шиг харагдсан. Энэ нам бол хуучин коммунист угшилтай, тэр үзэл баримтлал нь амь бөхтэй хадгалагдсаар ирсэн. Улс орны жаахан хөрөнгийг ард иргэддээ хувааж өгдөг. Эсвэл хөрөнгө мөнгөтэй арай дөнгүүр сэтгэдэг нэгийгээ барьж хориод хөрөнгийг нь хурааж нийгэмчилж явсан нам. Тэр хөрөнгийг ядууст ч өгсөн юмгүй, өөрсдөө цөлмөдөг жишигтэй. Та анзаарч харсан бол амьдралдаа бизнес хийж үзээгүй дарга нар Монголын толгой баячууд байх жишээтэй. Ийм удирдлагууд улс орноо баяжуулах, иргэдээ орлоготой болгох талаар сонсоод эгдүүцэж байна уу.

Хэд хоногийн өмнө манай сонины нийтлэлч П.Хашчулуун “Монголд хүүхдийн мөнгө өгөхөө больсны дараа юу болохыг таашгүй” хэмээн бичсэн. “Нөхөр бид хоёр ажилгүй. Ажилгүй болохоор хүнсний талон сар бүр авдаг. Таван хүүхдийн 500 мянга сар бүр авна. Дээр нь нөхрийн маань группийн мөнгө овоо нэмэр болно. Ер нь амьдрал дажгүй шүү…” гэх айлын эзэгтэй. Үүнтэй адилхан орлоготой олон гэр бүл хүүхдийн мөнгө өгөхөө болихоор яаж амьдрах вэ? гэсэн нийтлэлчийн эмзэглэл Монголын жирийн амьдралын дүр төрхийг дэлгэсэн юм.

Улс орон орлого гэхээр юмгүй шахуу байж байгаагаа тарааж өгөөд дуусч байна. Ядаж ингэж тараах орлогоо олмоор байгаа юм. Монгол Улс мал аж ахуйн орон гэдэг. 80 сая малтай л гэнэ. Гэтэл махаа олигтойхон экспортолж байгаа юм алга. Хэдэн саяар нь зуданд үхүүлж, бэлчээрээ талхалж, худгийн хэрүүл хийгээд л сууж байна. Малаас гардаг түүхий эдийг гадагш нь гаргах тухай бүр бодох юм биш. Өвөл болохоор уул овоо шиг их арьс шир Эмээлтийн ченжүүдийн хашаагаар дүүрдэг. Хавар нь ихэнхийг нь өмхийрүүлээд хаядаг улс орон биднээс өөр хаана байдаг юм бол. Төмөр замын бүтээн байгуулалтууд, уул уурхайн бодлого яг ингэж явдаг. Нэгнээ хорлох гээд улс орноороо хохироод өнөөдрийг хүрчээ. Энэ олон жил орлого олох ямар нэг алхам хийгээгүй, томхон бүтээн байгуулалтууд цаасан дээр бүдгэрч алга болдог гээд бодохоор монгол хүн Монголдоо, монголчууддаа ямар хүнийрхүү сэтгэлээр ханддаг байгаа вэ.

Орлого, маш их орлого хэрэгтэй гэж Ерөнхийлөгч сануулж байна. Өнөөдрөөс орлого олох гэж хэн хүнгүй сэтгэмээр, ажилламаар байгаа юм. Орлого олох үндэс бол хөдөлмөр. Хүн бүр ажиллаж хөдөлмөрлөх, тийм нөхцөлийг нь бүрдүүлж өгөх л чухал юм. 1960-аад оны үеийн Японы нэг зураг байдаг юм. Ажлаа тараад вагоноор явж байгаа хүмүүс тэр чигээрээ унтаж байгаа зураглал. Япончууд их, багагүй шургаж унаталаа хөдөлмөрлөж байж өнөөдрийн өндөр хөгжилд хүрсэн байдаг. Монголчууд ч гэсэн халамжийн мөнгөнд найдаж суулгүй дээр доргүй ажилламаар байна. Ажлын байр, орлого олох хэрэгслийг нь бодлогоор дэмжих, гарц гаргалгаа олох шаардлагатай байна.

Сүүлийн үед манайханд нэг эвгүй хандлага тогтчих гээд байгаа нь анзаарагддаг. Ажил хийдэг, баялаг бүтээгчид рүүгээ дайрах, хөрөнгө мөнгөтэй нэгнээ нийтээрээ ад үзэж байна. Хийж бүтээж байгаа хүн орлого олдог, хуримтлал үүсгэдэг. Авлигач түшмэдээс бусад хөрөнгө мөнгөтэй нэгнээ бид хүндэлж, бахархан дуурайх ёстой. “Энэ муу яасан их хадгаламжтай юм” гэж атаархахын оронд энэ хүн шиг хөдөлмөрлөвөл би ч бас ийм орлого олж болох юм гэж эрүүлээр сэтгэ. Хөлсөө дуслуулж, хөдөлмөр хийсэн хүн л ийм эрүүл ойлголттой болдог юм.

Маш богино хугацаанд үсрэнгүй хөгжилд хүрсэн Сингапурын туршлагыг бид хуулаад нутагшуулж хэрэглэвэл болохгүй юмгүй мэт санагддаг. “Сингапурын өмнө ямар ч асуудал тулгарсан бай яг ижил асуудлыг хэн нэг нь хаа нэгтээ шийдсэн л байж таараа. Иймд тэр шийдлийг олж хуулаад Сингапурт нутагшуулъя” гэсэн зарчмыг тэд баримталдаг байж. Мөн тэд хэн их танил талтай нь бус хамгийн чадварлаг нь удирдах албан тушаалд томилогддог төрийн тогтолцоог бүрдүүлж, авлигын эсрэг хаалт хийж чадсан юм.

О.ТУЯА

Categories
мэдээ цаг-үе

Эгэл жирийн “Багын багш”-тай хөөрөлдсөн тэмдэглэл

Багачуудыг ном эрдэм сургаж, зөв хүн болгож төлөвшүүлэхэд багшаас багагүй сэтгэл, мэдлэг, ур чадвар, авьяас билэг шаардагдах нь гарцаагүй. Өөрт байгаа бүхнээ хүний бяцхан үрсийг сургахад зориулж чадсан хүн л “Багын багш” хэмээн өргөмжлөгддөг билээ.

Сурагч, эцэг эхчүүдийн хүндэтгэлийг дааж яваа жирийн нэгэн “Багын багш”-ийнд өнжсөн тэмдэглэлээ хүргэе. хан-уул дүүргийн аравдугаар дунд сургуулийн бага ангийн багш с.Эрдэнэцэцэгийг “Өдрийн сонин”-ы “Танайд өнжье” буландаа урьсан нь Дэлхийн болон Монголын багш нарын баярын өдөртэй холбоотой.

“БАГА АНГИЙН БАГШААСАА ҮЛГЭР ДУУРАЙЛАЛ АВЧ МЭРГЭЖЛЭЭ СОНГОСОН”

Улаанбаатар хотоос зайдуухан хатан Туулын хөвөө, Сонгинохайрхан уулын нөмөрт орших Биокомбинат гэх буйдхан тосгон руу өглөө эртлэн гарч, с.Эрдэнэцэг багшийн гэрт нь зочиллоо. Хашааны хаалгаар ортол багш тосч аваад “сайн явж ирэв үү” хэмээн инээмсэглэсээр гэртээ урив. 50 шүргэж яваа болов уу гэмээр нуруулаг, тайрмал хар үстэй, намуухан дуутай багш биднийг цай хоолоор дайллаа. Тэднийх хоёр давхар байшинд аж төрдөг юм байна. Байшингийн цонхоор “Биокомбинат” үйлдвэр, хойшлоод Туул гол, тойрон ургасан бургас, гүүр харагдах нь даан ч үзэсгэлэнтэй бөгөөд тайван. Ингээд бид хоёрын яриа багш нарын баярын дурсамжаас эхэллээ. “Багш нарын баяраар хүүхдүүд их хөөрхөн мэндчилгээ хүргэнэ, бүр сэтгэлээсээ зураг зурж, наамал хийгээд “Багш нарын баярын мэнд багш аа” гээд инээгээд өгнө. Анги дэвшээд дөрөв, тавдугаар ангид орохоороо шүлэг зохио-гоод бүр хөөрхөн юм хийнэ. Зарим нь захиа өгнө. “Та задлаад ганцаараа уншаарай л гэнэ”. Захиан дээр нь “миний багш шиг сайн хүн хорвоод байхгүй” гээд л аль гоёороо биччихсэн зурвасууд. Цэцэг чихэр авахаасаа илүү тийм л сэтгэл шингэсэн бэлэг хамгийн гоё бэлэг байдаг” гэж ярихдаа нүд нь баяр хөөрөөр бялхаж харагдана.

Багш болсон түүхийг нь асуухад “Би Ховд аймгийн Буянт суманд төрсөн, намайг гурван настай байхад манайх Биокомбинатад нүүж ирж байлаа. Хуучин Ховдын Био үйлдвэр Улаанбаатар хот руу шилжсэн болохоор гэр бүлээрээ энд ирсэн гэж хэлж болно. Ингээд Биокомбинатад өсч, Хан-Уул дүүргийн Аравдугаар сургуульд арван жилээ дүүргэсэн. Тэгээд Багшийн дээдэд конкурс өгсөн ч оноо дутаж, Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр цэцэрлэгт арваад жил ажилласан. Том эгч минь цэцэрлэгийн багш учраас хажуудаа аваад ажиллуулсан нь энэ юм. Том эгч Н.Оюунчимэг маань цэцэрлэгийн багшийг насаараа хийгээд бүх л гавьяа шагналыг хүртсэн мундаг хүн байсан. Нөхөр бид хоёр арван жилийн нэг анги. Хорин настайдаа гэр бүл болж хоёр хүүхэдтэй болсон. Хүүхдүүдээ төрүүлсний дараа Багшийн сургуульд орж бага ангийн багш болж байсан түүхтэй. Зах зээлийн үе ч таарлаа. Шууд багшийн ажил хийлгүйгээр ханьтайгаа нэг хэсэг хувиараа бизнес хийсэн. Ингээд нийслэлийн Хан-Уул дүүргийн Аравдугаар сургуульд бага ангийн багшаар өдий хүртэл 12 жил ажилласан байна” гэж ярихдаа инээмсэглэн суух нь ажиглагдав.

“Багшийн дээдийн конкурст яагаад уначихав” гэхэд “Орос хэл, монгол хэл, нийгмийн хичээлээр шалгалт өгсөн. Орос хэл, монгол хэл хоёр дээрээ сайн оноо аваад “За сургуульдаа орчихлоо доо” гэсэн нийгмийн шалгалтын оноо дутчихсан. Нийгмийн шалгалт нь тестээр биш, сэдвийн хүрээнд бичдэг байсан. Их хүнд сэдвүүд ирнэ. Жишээлбэл, орос хэлний шалгалт гэхэд л тухайн үеийн Оросын коммунист намын тэддүгээр Их хурлын тухай оросоор бич гэсэн даалгавар ирнэ. Цаасны ар өвөргүй л бичиж өгдөг байсан. Тухайн үед аав, ээж ч араас яваад байдаггүй, өөрсдөө л шалгалтаа өгчихөөд хүрээд ирнэ. Ийм л байлаа” гэв.

С.Эрдэнэцэцэг багш таван настайдаа уншиж, бичиж сурсан юм билээ. Ээжийгээ дагаад хот хүрээ газраар явахаар хаяг, самбарыг нь шууд уншаад, тэрийг нь харсан томчууд “Ийм жаахан хэрнээ уншаад сүрхий хүүхэд вэ гээд л” өхөөрддөг байж. Уншиж, бичээд сурчихсан учраас цэцэрлэгт явахгүй, шууд сургуульд орохоор болж, есдүгээр сарын 1-нд ээжийгээ дагаад явж. Тухайн үед найман настай хүүхэд сургуульд элсдэг байсан учир долоон настай хүүхдийг авахгүй гээд сургуулийн захиргаанаас сүржин юм болж л дээ. С.Эрдэнэцэцэг багшийн ээж “Манай хүүхэд уншаад бичээд сурчихсан, өөрөө сургуульд орно гээд байна” гэхэд бага ангийн багш Э.Ядамсүрэн “За тэгвэл шалгаж үзье” гээд шалгуулаад сургуульд орж байж. Түүний бага ангийн багш болох хүсэл мөрөөдөл нь Э.Ядамсүрэн багштай холбоотой. Энэ талаараа тэрээр “Би бага ангийн хүүхэд байхаасаа л багш мэргэжилтэй болно гэж бодож эхэлсэн. Манай Э.Ядамсүрэн багш их сайхан хүн байлаа. Эрэгтэй хүн гэхэд их цэвэрч, цэмцгэр биеэ маш гоё авч явна, их сайхан бичигтэй. Ингээд л багаасаа Э.Ядамсүрэн багшийгаа хараад ингэж гоё бичдэг, олон хөөрхөн шавь нартай байх гоё юм аа гэж бодсоор багш болохоор шулуудсан” хэмээн ярив.

“БИ ЭГЧИЙНХЭЭ ЗААХ АРГА БАРИЛ, ЗАН АРАНШИНГ УЛАМЖИЛЖ АВСАН ГЭЖ БОДДОГ”

Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр цэцэрлэгт багшаар ажиллаж байсан дурсамжаар бид хоёрын хөөрөлдөөн үргэлжиллээ. “Том эгч минь ангийн хүүхдүүдээ шатар даам, рубик, хичээл сурлагаар нь дандаа улсын уралдаанд оруулдаг мундаг багш байсан. Эгчийгээ дагаад би хүүхэдтэй яаж харьцах анхны мэдэгдэхүүнийг авч байлаа. Бага анги, цэцэрлэг хоёр чинь бараг адилхан шүү дээ. Нэгдүгээр цэцэрлэгт ажилладаг байхад жүжигчин С.Өлзийхүү, найруулагч Ц.Хүсэлбаатарын охин Х.Баярмаа, жүжигчин Б.Эрдэнчимэгийн хүүхэд гээд урлаг соёлын томчуудын хүүхдүүд явдаг байсан. Мөн Спортын мастер О.Үрлээхүүгийн хүүхэд мөн сумо бөхийн Э.Санчирболд манай ангид байсан. Тэр сайхан мундаг хүмүүсийн хүүхдүүдтэй харьцана. Аав ээжүүд нь мундаг соёлтой. Тийм сайхан газраас ажлын гараагаа эхэлсэн. Тийм ч учраас одоо шавь нар, хамт олонтойгоо харьцахад надад аашлаад байх шаардлага байдаггүй. Би ер нь хүнтэй хэрэлддэггүй, угаасаа хэрэлдэж ч чаддаггүй хүн. Хүүхдийг орилж хашгирч загнаж чаддаггүй учраас байгаагаар нь байлгахыг хүсдэг. Манай багш нар “Энэ Эркагийн ангийн хүүхдүүд багшийгаа дуурайгаад намуухан болчихдог юм. Чи ганц чанга дуугардаггүй хэрнээ яаж хүүхдүүдээ ийм тайван, дөлгөөхөн болгочихдог юм” гээд л инээлддэг. Манай том эгч ч гэсэн яг ийм байсан даа. Хүүхдийг хашгирч загнана гэж байхгүй. Багшийн бараа харагдвал хүүхдүүд нь сууж л байдаг. Би эгчийнхээ тэр зан араншин, дадлыг уламжилсан юм шиг санагддаг. Одоо нэгдүгээр анги даагаад авчихсан. Тэр хэд маань ёстой бужигнаж байгаа./инээв/ Анги дэвшээд ирэхээрээ намба суугаад ирдэг. Би Нэгдүгээр цэцэрлэгээс их зүйл сурсан гэж боддог. Цэцэрлэг чинь сургуулийг бодвол харьцангуй ариун цэврийн өндөр шаардлагатай шүү дээ” гэлээ.

Үргэлжлүүлэн тэрээр “Хүүхдийн энерги гэдэг агуу. Өдөржин ажилласан ч олон хөөрхөн хүүхдүүдийн энергиэр багш нар бие сэтгэлээ цэнэглэж сайхан сэтгэлтэй явдаг болохоор ядардаггүй. Би ажиллах хугацаандаа “ядаргаатай юм, ядарлаа, зүдэрлээ” гэж багш нар хэлэхийг сонсож байгаагүй. Хүүхдүүдтэйгээ инээхдээ инээгээд л, сандрахдаа сандраад л янз бүр л болно шүү дээ. Дандаа сайн сайхан байна гэж байхгүй. Цагаан цаас шиг 30 хүүхдийн дунд байна гэдэг сэтгэл санаагаараа ч тэр гэгээлэг сайхан ертөнцөд амьдардаг. Багш хүний гол бахархал нь тэр юм даа. Бага ангийн багшаар ажиллаж эхлээд ахмад багш нарыгаа их хүндэлж, загнуулахдаа загнуулж, хайрлахдаа хайрлаж, явж ирсэн” хэмээв. Тэрээр анх “Багын багш” болоод Д.Цэцэгсүрэн, Ц.Лхагвасүрэн, Р.Эрдэнэцэцэг, М.Уранчимэг гээд дөрвөн сайхан багшаасаа үлгэр дуурайлал авч иржээ. Тэднийг хараад “Ямар мундаг юм бэ, би чадах болов уу” гэж өөрөөсөө асууж, “Ямар их хөдөлмөрлөж, яаж ийм уйгагүй байдаг байна аа” гэж бахархаж, заримдаа шантрах ч үе бишгүй байж. Тэр болгонд эдгээр багш нарынхаа итгэл сэтгэлийн хүчинд дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэгчээр урам авч мэргэжилдээ мэргэшиж, өдгөө олон сайхан шавь нартаа болжээ. “Цаг хугацаа хурдан юм. Насаар ч ахмад багш болоод л ирлээ. Би сургуулиас зохион байгуулсан урлагийн арга хэмжээнд их орно. Сургуулийнхаа далан жилийн ойн концертод арай л уран нугарчихсангүй” гэж хэлээд хөхөрлөө.

“ХАРААД БАЙХ НЬ ЭЭ ЗУРГААН НАСТНУУД УЛАМ Л НЯЛХРААД БАЙХ ЮМ”

С.Эрдэнэцэцэг багш 78 дугаар сургуульд хоёр анги, 26 дугаар сургуульд нэг анги төгсгөж байжээ. Анх бага анги төгсгөсөн ангийнхан нь өдгөө хорь гараад их дээд сургуульд, зарим нь цэрэгт орчихсон явж буй. Тэгээд цэргээсээ “сайн байна уу багш аа, энд байгаа шүү” гээд ярина, эсвэл зурвас илгээнэ. Хоёр дахь төгсөлтийнхөн нь өдгөө наймдугаар ангид сурч мэдэхийн их үйлст шамдан суралцаж буй. “Энэ ангиа төгсгөөд тэтгэвэртээ гарна даа” гэлээ. Сургуульд нь нэгдүгээр ангийн гурван бүлэг бий. “Манай анги 32 хүүхэдтэй. Анзаараад байхад зургаан настнууд улам л нялхраад байх юм. Нэлээн эрх. Заримынх нь хэл ам нь ойлгогдохгүй шүү дээ. Бүр зарим нь орохгүй гээд уйлна. За тэгээд орсон хойноо “Залхуу хүрээд байна өө, Би гэртээ харимаар байна” гэнэ. Даалгавараа бич гэхээр “би энийг чинь чадахгүй юм чинь яах юм” гээд их нээлттэй хэлнэ. Миний хүү чадахгүй байж байгаад сурдаг байхгүй юу. Чадахгүй, мэдэхгүй юмаа мэдэх гэж л та нар сургуульд орж ирж байгаа. Хүн болгон чадахгүй байж байгаад чаддаг, мэдэхгүй байж байгаад мэддэг болдог гээд л хэлнэ. Хүүхдүүд чинь хөгжилтэй шүү дээ. Анги мэдээж жаахан бүгчим байна. Тэгсэн нэг хүүхэд корридор луу гараад явлаа. “Хаачих нь вэ чи?” гэсэн “агаар амьсгалаатхъя” гээд гадагшаа гарах гээд явж байгаа юм. Одооны хүүхдүүд их нээлттэй, хэрсүү болчихсон. Манай захирал надаас ганц хоёроор л эгч хүн бий. Нэг өдөр захирал ангид орж ирээд нэг сурагчийн гарыг барьж байгаад бичүүлэхгүй юү. Тэгсэн манай зургаан настан “Эмээ, таны гар яасан хүйтэн юм бэ” гэж. Манай захирал хөхрөөд “Өө харин эмээ нь гаднаас орж ирээд даарчихаж” гэж байгаа юм. Намайг ч гэсэн зургаан настнууд анх аниа, эгч ээ гээд л хөгжилтэй зүйл их болно оо.

С.Эрдэнэцэцэг багшийн дааж авсан зургаан настнуудын 17 нь эрэгтэй, 15 нь охин. Өдгөө сургуулийн автобустай болсон учир хүүхдүүд сургууль руугаа ирэхэд амар болжээ. 2008 онд гэхэд л “Шувуун Фабрик”-аас наахна Таван толгойн гүүрний цаад уулын энгэрт байдаг малчин айлын хүүхэд сургуульдаа алхаж ирдэг байжээ. Энэ талаар тэрээр “Аав ээж нь малчин учраас ажил ихтэй хүүхдээ тоохгүй, том болчихлоо л гэж боддог юм шиг байгаа юм. Өвөл болохоор бүр цан хүүрэг болж ирнэ. Нэг өдөр орж ирээд “нохойнд хөөгдөөд, айж зугтаагаад ирлээ” гэчихсэн орж ирсэн. Үнэн л ярьсан байгаа даа гэж бодсон доо. Гэхдээ нэгдүгээр ангийнхныг “Гараас гарт” хөтөлбөр хэрэгжээд эцэг эхчүүд нь ирж авдаг болчихсон. Тэрнээс дээш ангиуд нь сургуулийн автобусаар явдаг. Гэхдээ зарим эцэг эхчүүд “Манай хүүхэд ганцаараа явчихдаг юм, явуулчих” гэнэ. Зургаан настай хүүхдийг би явуулчихаад юу бодож суух билээ. Манай нэгдүгээр ангийн зургаан настанг хоёрдугаар ангийн ах нь ирж авна. Харин хичээлийн хэрэгсэл хангамж талдаа гэвэл хүмүүс амьдралын бололцоогоороо л байна. Дэвтэр номоор дутагдаж байгаа хүүхэд байлгүй яахав. Хүмүүнлэгийн байгууллагууд ирж цүнх, хувцас өгдөг л дөө” гэж хуучилсаар хичээл орох цаг болж бид сургууль руу нь очихоор болов. Тосгоноос томхондуу энэ газар үнэхээр ус, агаар сайтай нар ээсэн дулаахан газар юм. Хатан туулын хөвөөнд нар тусаж, аав ээжийнхээ гараас хөтөлсөн бяцхан жаалууд сургуулийн зүг явж харагдах нь хичээлийн цаг эхлэх гэж буйг илтгэнэ. Өглөө хичээллэсэн ахлах ангийнхан тарж гэрийн зүг хоёр, гурваараа хөтлөлцөн элдвийг хөөрөлдөн замын хажуугаар алхана.

“ЦАХИМ ХИЧЭЭЛ ОРВОЛ МАНАЙХ ШИГ АЛСЛАГДМАЛ СУРГУУЛЬД БЭРХШЭЭЛ НЭЛЭЭН БИЙ. ЭНД ИНТЕРНЭТ БАЙТУГАЙ ТЕЛЕВИЗ, УТАС Ч ҮГҮЙ ХҮН ОЛОН”

Биокомбинатын дэнжээс уруудан С.Эрдэнэцэцэг багш бид хоёр элдвийг хуучлан алхлаа. Хоёр давхар шар өнгөтэй сургууль харагдана. Гэвч Аравдугаар сургуулийн барилга хэдэн жилийн өмнө актлагдаж хүүхдүүд сурах боломжгүй болсон тул бага ангийнхнаа сургуулийн хойно байрлах зургаан давхар орон сууцны нэг давхарт, түрээсийн байранд хичээллүүлж байгаа гэнэ. Түрээсийн байрны гадаа ирэхэд эцэг эхчүүд хүүхдээ сургуульд нь зөөж ирээд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Түрээсийн байр л болсон хойно хичээллэхэд стандартын бус байр харагдана. Үүдний коридор гэхэд хэтэрхий жижигхэн хэсэгт хянагч багш сурагчдын маскыг шалган анги бүрт нь оруулж харагдана. Хотын төвийн сургуулийн гудамж урт, бас зай талбай өргөн. Гэтэл энд хүүхдүүд хоорондоо хөөцөлдөж тоглох нь битгий хэл жагсаад зогсоход ч давчуу юм. Тийм учраас сурагчид мөргөлдөх нь холгүй алхацгаана. Тоглох талбай үгүй учраас шууд анги руугаа орж байлаа. 1Б анги руу ороход зургаан настнууд аль хэдийнэ ирчихсэн ширээн дээрээ томоотой суух нь сууж, зарим нь энэ тэрүүгээр хөөцөлдөн тоглож харагдлаа. Багш нарын баярын өдөр учраас эцэг эхчүүд хүүхдээ хүргэж ирэхийн сацуу С.Эрдэнэцэцэг багшид баяр хүргэж “сайхан баярлаарай” хэмээнэ. Хичээл эхлэхэд зургаан настнуудын томоогүй зан хөдөлж, шуугилдахад багш “За хүүхдүүдээ хотоос сэтгүүлч ирсэн байна. Та нарыг томоотой сайн суулгавал энэ эгч нь сонин дээр гаргана” шүү гэхэд бяцхан хүүхдүүд бүгд л дор бүрнээ чимээгүй болсноо эргэж харан гайхацгаах нь өхөөрдөм. Эхний цаг монгол хэлний хичээл, дараагийн цаг дүрслэх урлагийн хичээл орлоо. Энэ дашрамд бяцхан охин бидэн рүү “багш аа, та хаанаас ирсэн юм бэ” гэхэд нь хаанаас, ямар учиртай яваагаа хэлээд сургуульд сурах ямар байгааг асуулаа. “Намайг Энхтөрийн Мишээл гэдэг. Сургуульд сурах гоё байна. Олон найзуудтай болоод, эрдэм ном сураад том болоод, ээж аавдаа ач тустай хүн болно. Бас би цэцэрлэгт явсан. Цэцэрлэгт тоглоом авч ирж болдог, харин сургуульд болдоггүй юм билээ. Зураг зурна, усан будгаар будна. Сургууль дээр бол юм бичнэ. Хааяа нэг зургийн хичээл орно. Бас тоо бичнэ, үсэг үзнэ. Тийм болохоор арай л жаахан ялгаатай байна лээ” гэж нүдээрээ инээн жуумалзав. Аль нь илүү таалагдаж байна гэхэд “Эрдэм ном сурвал ирээдүйд мундаг хүн болно. Би А,Б,В,Г,Д,Е,Ё,Ж,З гэсэн үсэгнүүдийг бичиж чадна. Манай анги үсэг үзээгүй байгаа. Гэхдээ би ийм л үсэгнүүд мэднэ” гэлээ. Багшийнх нь тухай асуухад “Багш бол хүүхдүүдэд хичээл заадаг мундаг хүн. Хэрвээ багш гэдэг хүн байхгүй байсан бол бид нар эрдэм ном сурч чадахгүй. Тэгэхээр багш хүн сургууль цэцэрлэгт тустай, хэрэгтэй. Тийм болохоор багшдаа би лав хайртай. Өнөөдөр чинь багш нарын баярын өдөр шүү дээ. Би өглөө багшдаа “Багш нарын баярын мэнд хүргэе гээд хэлчихсээн. Эмээ маань дэлгүүрт ажилладаг. Набор авч өгье гэсэн, эмээгийн бараа нь бүүр муу байна лээ” гээд инээмсэглэлээ.

Удалгүй сурагчид үдийн цайгаа уух зуур С.Эрдэнэцэцэг багш “Заасан хичээлийг минь сурагчид маань ойлгочихвол сэтгэл өндөр харина шүү дээ. Жаахан ойлгоогүй, сэтгэл дундуур санагдвал их шаналдаг. Суурь боловсрол гэдэг чухал. Хүүхдүүддээ юм сургах ёстой, ямар хүмүүс болох бол доо гэж бодох үе гарна шүү дээ” гээд сурагчид руугаа хайр бялхсан харцаар хараад инээмсэглэнэ. Тэрээр бичиг цаасны ажлаа цэгцлэнгээ “Багш нарт тулгамддаг асуудал гэвэл бичиг цаасны ажил их байдаг шүү дээ. Цалин мөнгөний хувьд айхавтар илүү гараад байсан зүйл байхгүй. Нялх хүүхэдтэй хүмүүс ч орой үдэш хүртэл сууж л байна шүү дээ” гэж ярилаа. Тэрбээр үргэлжлүүлэн “Сая нэг хэсэгтээ л цахим хичээл орлоо шүү дээ. Манайх хотоос хол сургууль. Интернэт байтугай, телевиз, утас ч үгүй хүн байна. Нэгдүгээр ангийн хүүхдүүд энэ манай ангийн багш биш байна гээд хичээлээ үздэггүй тохиолдол бий” гэлээ.

А.ТУЯАСАЙХАН: ШИНЭ СУРГУУЛЬ МААНЬ ГУРВАН ДАВХАР, 640 ХҮҮХДИЙН БАГТААМЖТАЙ БАЙХААР ТӨЛӨВЛӨГДӨЖ БАЙГАА

Шинэ сургуулийн ажлаа яаралтай эхлүүлэх хэрэгтэй байна гэж тус сургуулийн багш нар ярьж байлаа. Энэ ажил нэлээд асуудалтай байгааг ч учирлав. Тиймээс бид Нийслэлийн Хан-Уул дүүргийн Аравдугаар сургуулийн захирал А.Туяасайханаас энэ талаар тодруулав. “Манай сургууль 2019 оноос эхлэн түрээсийн байранд хичээллэж эхэлсэн. Шинэ сургуулийн байр хэрэгтэй байна гэсэн албан бичгээ 2019 онд холбогдох хүмүүст өгсөн учраас тухайн оныхоо төсөвт барих сургуулийн төсөв батлагдаж чадаагүй. 2020-2021 оны улсын төсөвт 4.5 тэрбум төгрөг батлагдсан. Энэ жил Яам Тамгын газар болон Нийслэлийн боловсролын газар, Дүүргийн боловсролын хэлтэс зэрэг газрууд шат дараалан бидний асуудлыг шийдэж өгсөн. Үүн дээр мөн манай тойргоос сонгогдсон Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Д.Сарангэрэл гишүүн манайд их сайн дэмжлэг үзүүлсэн. Өнгөрсөн пүрэв гаригт сургуулийн тендер зарлагдаад ямар нэгэн санал гомдол гараагүй компани шалгарч шинэ сургуулийг маань барьж өгөхөөр болсон. Одоогоор бага ангийн хүүхдүүд маань зургаан давхар бүхий орон сууцны нэгдүгээр давхрын түрээсийн байранд хичээллэж байгаа. Барилгын хувьд сургуулийн хүүхдүүдэд зориулагдаагүй боловч доторх засал чимэглэл, орчныг зориулалтын дагуу шийдээд хичээл орж байгаа. Энэ түрээсийн байранд 14 анги бүхий 484 хүүхэд хичээллэж байна. Үлдсэн нэг бага анги болон дунд ахлах анги нь хуучин өргөтгөлийн барилгад хичээллэж байгаа. Шинэ сургууль маань гурван давхар, 640 хүүхдийн багтаамжтай байхаар төлөвлөгдөсөн. Биеийн тамир урлагийн заал, номын сан, мэргэжлийн кабинетүүдтэй ийм сайхан сургууль баригдана. Харин хуучин сургуулийг нураасанаар бид нэмж өрөө тасалгаа түрээслэх шаардлагатай болж байгаа” гэсэн юм.

Нэг мэдэхэд үд өнгөрч эцэг эхчүүд хүүхдүүдээ авч, нэг давхраар хэсэг бужигналдлаа. Дэлхийн багш нарын 26 дахь, Монголын багш нарын 54 дэх өдөр тохиож буй энэ мөчид “Багын багш” С.Эрдэнэцэцэг болон Аравдугаар сургуулийн хамт олон, цагаан цаас шиг гэгээхэн аав ээжийн бяцхан үрстэй нэгэн өдрийг баяртай өнгөрүүллээ.

С.ЛХАМСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Аваргуудын лигийн шинэ улирал эхэллээ

Хөлбөмбөг сонирхогчдын амтархан үздэг Аваргуудын лигийн хамгийн үзүүштэй хэсэг болох хэсгийн тоглолтын хуваарь тодорч 2020/2021 улиралд аль баг хаана, хэнтэй учрах вэ гэдгээ мэдлээ. Хэдийгээр өнгөрөгч улирал коронавирусийн тархалтаас шалтгаалан сунжран, тогтож хэвшсэн хугацаанаасаа хойшлон өндөрлөсөн ч шинэ улирал нь удаан хүлээлгүй уламжлалаараа шууд л наймдугаар сард эхэлж рейтинг багатай багуудын халз тоглолтуудаар үргэлжилсэн. Тэр халз тоглолтуудаас шалгарсан найман баг, үндсэн 24-тэйгөө нийлээд хэсгүүдэд хэрхэн яаж хуваагдах сугалаа Женев хотноо өнгөрөгч амралтын өдрүүдэд явагдлаа. За тэгэхээр Европын шилдэг 32 баг доорх байдлаар найман хэсэгт хуваагдан ирэх жилийн хавар хүртэл тоглох нь ээ.

“A”хэсэг

1. Бавари

2. Атлетико Мадрид

3. “Ред Булл” Зальцбург

4. “Локомотив” Москва

“B” хэсэг

1. “Реал” Мадрид

2. “Шахтёр” Донецк

3. “Интер” Милан

4. Боруссиа М

“C” хэсэг

1.Порту

2.Манчестер Сити

3. Олимпиакос

4. Марсель

“D”хэсэг

1. Ливерпүүл

2. Аякс

3. Аталанта

4. Мидтьюлланн

“E” хэсэг

1.Севилья

2.Челси

3. Краснодар

4. Ренн

“F” хэсэг

1. Зенит

2. “Боруссиа” Дортмунд

3. Лацио

4. Брюгге

“G” хэсэг

1. Ювэнтүүс

2. Барселона

3. Динамо К

4. Ференцварош

“H” хэсэг

1.ПСЖ

2. Манчестер Юнайтед

3.РБ Лейпциг

4.“Истанбул” Башакшехир

Сугалааг харахад хэд, хэдэн онцлог анзаарагдах вий. Оросоос анх удаа гурван баг энэ нэр хүндтэй тэмцээний шигшээ шатанд шалгарсан нь анзаарагдана. Дани улсын аварга Мидтьюлланн хэмээх урт, хэцүү нэртэй баг анх удаагаа томчуултай хамт хэсгийн хуваарилалтад орж үзлээ.

Бас Турк улсын аварга “Истанбул” Башакшехир хэмээх шинэ баг дээд түвшинд тоглох боломж оллоо. Туркийн тэргүүн Эрдоганы хайртай баг тавхан жилийн дотор доод лигээс дээшилж, улсын аварга болж улмаар Аваргуудын лигийн шигшээд багтаж чадсан нь яалт ч үгүй том хүний хаялга, буян төлөөлсний үр дүн биз ээ.

Уламжлал ёсоор Орос болон Украины багууд нэг хэсэгт багтаагүй. Ювэнтүүс, Барселона хоёр “G” хэсэгт багтлаа. Нэг их гайхаад байх зүйл биш ч гэлээ хоёр багийн бүрэлдэхүүнд Криштиану Роналду, Месси нар байгаа, энэ цаг үеийн шилдэг хөлбөмбөгчид хоорондоо учралгүй хоёр жилийг өнгөрөөчихсөн гэж бодвол бас анхаарал татах ёстой биш гэж үү.

Түрүү улирлын аварга “Бавари” багийн ялалтын шуугиан намжиж амжаагүй байхад үргэлжлээд дараагийн улирал эхэлж буй нь яах аргагүй нөгөө коронавирустэй холбоотой агаад УЕФА хэр барагтай тогтсон уламжлалаа өөрчлөөд байдаггүй заншлаа бас дагасныг тооцоолох хэрэгтэй байх. Хэсгийн эхний тоглолтууд аравдугаар сарын 20-21-нд эхэлж төгсгөлийнх нь арванхоёрдугаар сарын 8-9-нд тоглох хуваарь гарсан байна лээ. Түүнчлэн арваннэгдүгээр сараас эхлэн зарим улсын Цэнгэлдэх хүрээлэнд коронавирусийн халдвар харьцангуй гайгүй байх аваас үзэгчдийг Цэнгэлдэхэд оруулахыг зөвшөөрч байгаа. Гэхдээ энэ зөвшөөрөл халдвар хэт их тархсан Англи, Франц, Итали, Испанид үйлчлэхгүй, харин коронавирусээ их, бага хэмжээгээр хянаж чадаж буй Орос, Герман зэрэг улсууд Цэнгэлдэх хүрээлэнгийн багтаамжийн 30 хувьд нь таарахаар үзэгчдийг бүхий л хамгаалах хэрэгсэл, зай барилт зэргийг нь сахиулсны үндсэн дээр Цэнгэлдэхэд зочлон үзхийг зөвшөөрчээ. Женев хотноо зохион байгуулсан уг сугалааны үеэр УЕФА өнгөрөгч улирлын шилдэг хөлбөмбөгчдөө зарласныг бас мартамгүй. Шагналыг Аваргуудын лигийн шинэхэн аварга “Бавари” бүхэлд нь хамсан.

Роберт Левандовски шилдэг хөлбөмбөгч, Мануэль Нойер-шилдэг хаалгач, Жоошуа Киммих-шилдэг хамгаалагч, Флик-шилдэг дасгалжуулагч гээд бүгд “Бавари”-гийнхан. Гадуур үлдсэн ганц шагнал буюу шилдэг хагас хамгаалагчийн шагналыг Ман Ситигийн Кевин де Брюйне авна билээ.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Б.Батбаатар: С.Зориг агсны хэргийг улс төрийн зорилгоор ашиглаж байгаа нь хэргийн бодит үнэний ойлголтыг нэг мөр өгөхгүй байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсан 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт амиа алдсан билээ. Энэхүү хэргийн талаар ИЗНН-ын дэд дарга Б.Батбаатартай ярилцлаа.


-С.Зориг агсны амь насыг егүүтгэсэн хэргийн эзэн холбогдогчоор Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг буруутгаж хорьсон байдаг. Тэгвэл Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж тэднийг хэлмэгдсэн тухай мэдээлж, эрүүдэн шүүсэн бичлэгийг дэлгэсэн. Тэд үнэхээр хэлмэгдсэн бол аль хэдийнэ шоронгоос суллагдах юм биш үү?

-Хилс хэрэгт гүтгэгдэж, улмаар ял авсан гэдэг өнцгөөс тайлбарлахад хэргийн нотлох баримт, бусад хавтаст хэрэгтэй танилцаагүй учраас миний хувьд хэлэх хэцүү байна. Гэхдээ ямар ч үед хүний эрх нэн тэргүүнд хамгаалагдах учиртай. Нэг хүнийг хэлмэгдүүлэхийн оронд 99 хүнийг өршөө гэдэг шүү дээ. Ардчилсан улс оронд хууль зөрчиж тамлан зовоох, ямар нэгэн байдлаар эрүүдэн шүүх асуудал байж болохгүй. Монгол Улсын Үндсэн хууль, хүний эрхийн үндсэн зарчим тунхаглалыг зөрчсөн үйлдлийг “буруу” гэж үзнэ. Хоёрдугаарт, гэмт хэрэгтэн мөн эсэхийг эцсийн байдлаар шүүх тогтоодог. Өөрөөр хэлбэл, хилс хэрэг үүрсэн эсэхийг Ц.Нямдорж биш, шүүх тогтооно гэсэн үг. Гэмт хэрэгтэн, эсвэл сэжиглэгдэж ял авсан иргэдийг айлган сүрдүүлж дарамтлан зовоох аргаар хэрэг тохож ял оноосон бол мэдээж буруу болно.

-Тэгэхээр ял аваад хоригдож байгаа хүмүүсийг та буруутай гэж бодож байна уу, эсвэл эрүүдэн шүүсэн хүмүүс, тэдэнд даалгавар өгсөн хүмүүс нь буруутан болоод байна уу?

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн зөрчил нь тухайн хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн зүйл заалт хуульд бий. Эрүүдэн шүүх, тамлан зовоох ажлыг зохион байгуулсан гэх тухайн үеийн тагнуулын даргаар ажиллаж байсан Б.Хурц болон түүний удирдлагад ажиллаж байсан хүмүүст ял өгчихсөн. Өөрөөр хэлбэл, эрүүдэн шүүх, тамлан зовоох хүний эрхэд халдсан үйл ажиллагаа явуулсан гэдгээр тэдэнд ял өгсөн юм.Тэгэхээр гэмт үйлдлийнхээ хариуд ялаа авсан байна гэж ойлгоод байгаа. Тиймээс хэн нэгэн хэлмэгдэх ёсгүй,гэмт хэрэгтэн байлаа ч тэднийг эрүүдэн шүүх ёсгүй.

-Хууль зүйн сайд байхдаа Ц.Нямдорж гэнэт бичлэг задлах болсон нь хардах үндэслэл төрүүлж байгаа. Улмаар мөрдсөн, мөрдөгдсөн хоёр талынхан хоёулаа ял эдэлж байна шүү дээ?

-Ардчилсан улс оронд парламентын үүсэл нь хамтдаа асуудлаа шийддэг байх зарчимд үндэслэсэн. Монгол Улсын нас биед хүрсэн хоёр сая гаруй иргэн нэг дор цуглаад улсынхаа асуудлыг шийдэх боломжгүй. Тэгвэл парламент гэдэг бол төрийн эрх барьдаг, ард түмнээс мандат авсан байгууллага. Тийм учраас улс төрийн шийдвэр гаргагч, хууль тогтоогчид хэргийн нөхцөл байдлыг ил гаргаж ярих нь зохистой байсан уу гэдэгт дүгнэлт хийх шаардлагатай. Эрүүдэн шүүсэн, тамлан зовоосон бичлэгийг УИХ дотор биш, шүүх байгууллага ёс горимынх нь дагуу шалгасан бол арай өөр. Хүний эрх гэдэг чинь торгон мэдрэмж шаардсан, тодорхой хил хязгаар дээр очоод зогсох ёстой байдаг.

-Тэгвэл“маш нууц”-ын жагсаалтад орсон энэ хэргийн бичлэгийг УИХ-ын танхимд дэлгэх нь өөрөө хууль бус гэсэн үг үү?

-Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийн тэр үйлдлийг нь хардаж үзэх үндэслэл үүсч байгаа юм. Тодруулбал, олон жил Хууль зүйн сайд хийсэн хүн гэнэт яагаад бичлэгийг тухайн цаг мөчид ил гаргаж УИХ-д тавих болов. Урьд нь яагаад хянаж шалгуулахгүйгээр цаг хугацааны тодорхой орон зайд нийтэд дэлгэх болсон зорилго нь хэнд ямар ашиг завшаан гаргах сонирхол байв. Тодорхой ашиг сонирхлоор гаргаж тавьж байна уу, эсвэл даравч далдайна гэдэг шиг бодит үнэн цаг хугацааны хувьд илэрсэн үү гэдэг эргэлзээтэй. Магадгүй үүнийг Ц.Нямдорж биш, харьяалах хууль хүчний байгууллагууд нь шалгаж тогтоосон бол өөр өнцөг болно. Тэгэхээр улстөрчид өөрсдөдөө ашиг хонжоо оноо авах зорилгоор энэ хэргийг ашиглаад байгаа нь хэргийн бодит үнэний ойлголтыг нэг мөр өгч чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, хүн болгон өөр өөр өнцгөөс харж, ойлгож байна шүү дээ. С.Зориг агсныг ял авсан хүмүүс хороосон уу, эсвэл тэдэнд хилс хэрэг тохож хорьж дарамталсан уу гэдгийг иргэд ялгаж мэдэхгүй байна.

-Хууль хүчнийхэн цагдаа, тагнуул энэ хэргийг мөрдөж, эцэст нь тухайн бичлэгийг ил гаргасан бол өөр өнцөг болох байсан уу?

-Угаас улстөрчидтэй холбоотой үүссэн хэрэг байх бүрэн магадлалтай учраас тэд энэ хэргээс гар савраа татаж, хол байх хэрэгтэй байна. Энэ хэргийн үнэнийг мэргэжлийн хүмүүс тодруулаасай л гэж хүсч байна. Угаас бодит үнэн хэзээ нэгэн цагт илэрдгийг өнгөрсөн түүхийн жишээнүүдээс ч харж болно.

-Ер нь нууцад хамааруулсан мэдээллийг хэдэн жилийн дараа нийтэд ил гаргах ёстой байдаг юм бол?

-Нууцлах ёстой мэдээллийг маш нууц, онц, энгийн гэж ангилдаг. Нууцлалаас гаргах тухай ойлголт хуульд бий. С.Зориг агсны хэргийг “маш нууц” жагсаалтад хамааруулсан. С.Зоригийн хэргийн нууцлалыг хэсэгчлэн олон нийтэд дэлгэх нь буруу гэсэн үзлийг ИЗНН-ын зүгээс илэрхийлдэг. Хэрэв нууцлалаас гаргах гэж байгаа бол “бүгдийг” нь гарга. Үгүй бол хуулийн дагуу илчлэх хугацаа нь болсон уу гэдгийг нягтлах шаардлагыг тавьж байсан. Видео камерын өмнө ярьсан хоёр гурван өгүүлбэрээс талыг нь тасдаж аваад тавихаар бүхэлдээ эсрэг зүйл болж харагддаг шүү дээ. Түүний адилаар энэ хэргийг нууцлалаас гаргавал бүгдийг нь ил тод нээлттэй болго. Яагаад тэгж хэсэгчилж илчилж байгааг тайлбарлаж чадахгүй байна л даа.

-С.Зориг агсны дурсгалд зориулан түүний хийж бүтээсэн зүйлийг яривал. Мэдээж ардчилсан хувьсгалын удирдагч хүн шүү дээ?

-Ардчилсан хувьсгалын удирдагч гэдэг энэ үг л түүний хийж бүтээсэн бүх зүйлийг тодорхойлоход хангалттай хүрнэ. Харамсалтай нь ардчилсан хувьсгалын удирдагч маань цаг бусаар бусдын гарт хорлогдсон нь Монголын түүхэнд тод үлдэх хар толбо. ИЗНН-ын удирдлагын бүрэлдэхүүн гишүүдтэйгээ хамт С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлсэн. Энэ хүний үйл хэрэг, хүсэл мөрөөдөл, тээж явсан үзэл санаа бүдгэрэх ёсгүй. Монголын түүхэнд ийм зүйл дахиж битгий давтагдаасай, ийм зүйл болох ёсгүй гэж бид үзэж байна.

П.САЙНЖАРГАЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабарын​ “Халх​” хэмээх нийтлэл хэвлэгдлээ​​

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт “Намрын ажил ид өрнөсөн
Батширээтийн тансаг амьдрал”
хэмээх нийтлэлийг I-XI нүүрнээс уншаарай.

БНОУХ-ын Монгол дахь
Суурин төлөөлөгч Крэйг
Кастанья “Залуучууд баталгаатай
эх сурвалжийг хэвлэмэл
мэдээлэл гэж үзсэн байна
хэмээлээ.

“Өдрийн сонин”-ы үзэл бодлын гурав дугаар нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Халх” нийтлэл хэвлэгдлээ.

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Л. Эрдэнэбулган “Энэ жаран
жил миний амьдралын ялалтын
эхлэл бас төгсгөл” хэмээв.

Монгол
Улсын хошой аварга
малчин, Хөдөлмөрийн
баатар Санзайжавын
Чулуунбаатар ” Хөдөлмөрийн
баатар цол олгохоор боллоо гэхэд
“Энэ том цолыг би авч болж байгаа
юм уу” гэж их сандарсан” гэв.

Хөдөлмөрийн
үндэсний намын дарга
Д.Найдалаа “ХҮН-ыг сонгуульд оролцуулахгүй гэх
шийдвэр нь шүүхийн одоогийн тогтолцоо хангалтгүй,
ардчиллыг хамгаалж чадахгүй гэдгийг харууллаа” хэмээв.

Эдийн засагч
Р.Шинэгэрэл “Ковидын нөлөө хэрхэн үргэлжлэх нь
тодорхойгүй байхад ирэх оны төсвийн төсөлд
орлогыг хэт өөдрөг төсөөлжээ” гэв.

Тээврийн цагдаагийн
албаны урьдчилан сэргийлэх хэлтэсийн
мэргэжилтэн, цагдаагийн
ахлах Б. Зоригоо “Гарцан дээр зам тавьж
өгөөгүй жолооч нараас үүдэн 151 хүн
эрүүл мэндээрээ хохирчээ”
хэмээх ярилцлага баримт үйл явдлын VII нүүрт хэвлэгдлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу.

https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу. “ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга Өмнөговь, Дундговь аймгийн иргэдтэй уулзна​

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга аравдугаар сарын 7-ны өдөр Өмнөговь, Дундговь аймгуудад ажиллаж, иргэдтэй уулзана.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ОРОН НУТГИЙН ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ:

  • 2020 оны аравдугаар сарын 7-ны өдөр Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт 12:00 цагаас,
  • 2020 оны аравдугаар сарын 7-ны өдөр Дундговь аймгийн Төв Халхын дуулалт жүжгийн театрт 17:00 цагаас тус тус болно.