Categories
мэдээ нийгэм

Торгуулиа төлөөгүй автомашины хөдөлгөөнд хязгаарлалт хийнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад зориулагдсан дараах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг холбогдох албаныханд өчигдөр үүрэг болгожээ.

Үүнд:

  • Нийслэлийн төр захиргааны албан хаагчдын ажил эхлэх, тарах цагийг зөрүүлэх, уян хатан цагийн хуваарьтай болгох ажлыг зохион байгуулах,
  • Хувийн хэвшил, худалдаа үйлчилгээний байгууллагуудын бараа таталт, хүргэлт, түгээлтийн үйлчилгээ хийж буй тээврийн хэрэгслийг хөдөлгөөний ачаалал ихтэй цагуудтай зөрүүлэх арга хэмжээ авч ажиллах,
  • Авто зогсоолын нэгдсэн системийн ажлыг яаралтай эхлүүлэх, хотын төвд барилга байгууламж баригдаагүй байгаа талбайг хувийн хэвшилтэй тохиролцон түр зогсоолуудыг яаралтай байгуулах, ашиглах ажлыг эхлүүлэх,
  • Тээврийн хэрэгслийн торгуулиа төлөөгүй зөрчилтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахад нь хязгаарлалт хийх,
  • Авто замын хөдөлгөөн зохицуулалт, төлөвлөлтийн шинэ системийг даруй нэвтрүүлэх,
  • Хот тохижилт болон зам засварын ажлыг жил бүрийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 08 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэх ажлыг зохион байгуулж хэвшихийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Тээврийн Цагдаагийн газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар болон холбогдох дарга нарт үүрэг даалгавар болгов.
Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

10 дугаар сарын 08, 09-ний Пүрэв, Баасан гарагт 09.00 цагаас

Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 07 дугаар дүгнэлт;

Патентийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2020.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

“Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

“Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /үргэлжилнэ/.

Categories
мэдээ нийгэм

Энэ сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь

Энэ сард хийгдэх нислэгийн хуваарийг танилцуулж байна.

  • 10 сарын 8-нд Сөүл-Улаанбаатар
  • 10 сарын 10-нд Токио-Улаанбаатар
  • 10 сарын 12-нд Сөүл-Улаанбаатар
  • 10 сарын 16-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
  • 10 сарын 17-нд Сөүл-Улаанбаатар
  • 10 сарын 18-нд Сөүл-Улаанбаатар
  • 10 сарын 19-нд Сөүл-Улаанбаатар
  • 10 сарын 20-нд Сөүл-Улаанбаатар
  • 10 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэх бол Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хугацаа тодорхойгүй байна.

Тодруулбал, Сиатл-Улаанбаатар транзит нислэгээр хэчнээн иргэн ирэх, яг хэчнээн хүн зайлшгүй ирэх хүнд нөхцөл шалтгаантай байна гэдгийг сайтар судалж, харж байгаад Сиатл руу дахин нислэг үйлдэх эсэхийг шийднэ гэж ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Нам даралтын зуух дэлбэрч хоёр хүн амиа алджээ

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Шинэ-Айл багийн “Бөхөн-Уул” гэдэг газар /сумын төвд/ “Нүхт” ХХК-ийн мал нядалгааны газрын нам даралтын зуух дэлбэрч 2 хүн нас баржээ.

Ослын тухай дуудлагыг 2020.10.07-ны өдрийн 12:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 2.5 км зам туулан 12:45 цагт очиход тус компанийн ажилтан Өлгий сумын харьяат иргэн А /51 настай, эрэгтэй/ 2 гар, нүүрний хэсэг түлэгдсэн байсан тул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.

Мөн Өлгий сумын харьяат иргэн К /65 настай, эрэгтэй/, Баяннуур сумын харьяат С/65 настай, эрэгтэй/ нар нас барсан тул цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгчээ.

Хүйтний улирал эхэлж буй энэ үед иргэд, олон нийт зуух, пийшингээ галлахдаа сонор, сэрэмжтэй байж, буруу галлагааны улмаас учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Р.Булгамаа: Бага насны хүүхэд хүчирхийлэгчид 12-20 жилийн ялаас огтхон ч айхгүй байгаа учраас дахин хүчирхийлэл үйлдэж байна

-ХҮҮХДИЙГ ХҮЧИНДЭХ ГЭМТ ХЭРГИЙН 80 ГАРУЙ ХУВЬ НЬ АХУЙН ТҮВШИНД ҮЙЛДЭГДДЭГ-

Хуульч, судлаач Р.Булгамаатай ярилцлаа.


-Хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байгаа тохиолдол сүүлийн үед гарах боллоо. Ялангуяа, бага насны хүүхдийн бэлгийн халдашгүй байдалд заналхийлж байгаа нь нийгэмд айдас түгшүүр бий болгож байна. Ер нь хууль тогтоомжийн хүрээнд хүүхдийн эрх, эрх чөлөө хэрхэн хангагдаж хамгаалагдсан байдаг юм бэ?

-Монгол Улсад хүүхдийн эрхийн харилцааг зохицуулсан арав гаруй төрлийн хууль тогтоомж, түүнийг дагалдсан 50 гаруй дүрэм журам, стандарт бий. Дан ялангуяа хүүхдийн эрх хамгааллын суурь харилцааг “Хүүхдийн эрхийн тухай хууль”, “Хүүхэд хамгааллын тухай хууль”-иар маш тодорхой зохицуулж өгсөн байдаг. Тус хуулийн хүрээнд хүүхэд хамгааллын тогтолцоо ямар байх, хүүхдийг эрсдэлт нөхцөл байдалд оруулахаас урьдчилан сэргийлэхийн тулд төрийн болон салбар дундын байгууллага, иргэдийн зүгээс ямар алхам хийх зэрэг харилцааг зохицуулсан. Гэр бүлийн түвшин, боловсролын салбар, эрүүл мэндийн үйлчилгээ, хэвлэл мэдээлэл цахим орчин, олон нийтийн арга хэмжээн дэх хүүхэд хамгааллын ерөнхий таван түвшинг хуульд заасан байдаг.

-Хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн 80 гаруй хувь нь ахуйн түвшинд үйлдэгдэж байна гэсэн судалгаа бий. Тэгэхээр гэр бүлийн түвшинд бага насны хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байна шүү дээ?

-Хүүхдийн эрх хаана зөрчигдөж байгаатай улбаатайгаар тэдний эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг ар араасаа гарч байна.

Гэр бүлийн хүрээн дэх хүүхэд хамгааллын түвшинд тэдний эрх ихээхэн зөрчигдөж байгаа нь харамсалтай. Ахуйн түвшинд үйлдэгдэж буй гэмт хэргүүдээс хүүхдийн бэлгийн хүчирхийлэлд өртөх зөрчил буурахгүй байгаа нь асуудалд анхаарах цаг болсныг бэлхэн гэрчилж байна. Тодруулбал, эцэг эхчүүдийн хариуцлагагүй байдлаас үүдэн хүүхдийн эрх зөрчигдөх нь нийтлэг. Араатан амьтан хүртэл үр төлөө гишгэлдэггүй шүү дээ. Гэтэл бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн хохирогч болгоно гэдэг насан туршийн хар толбо, сэтгэл зүйн маш том эмгэг өөрчлөлтийг өөрт нь үлдээдэг. Энэ нь хүүхдүүдийн ертөнцөд эдгэшгүй өвчин эмгэгийг бий болгож байна. Магадгүй өнөөдөр таны хүүхэд тань гэмт хэргийн хохирогч болоогүй байж болно. Тэгвэл хүүхэд аливаа төрлийн гэмт хэргийн хохирогч хүүхэдтэй тохой нийлүүлэн нэг ангид суралцаж байгааг мартаж болохгүй. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүдийн ертөнцийг харах өнцөг, нийгмийг үзэх үзэл хандлага ямар их гомдол тээж явдгийг бид бүхэн анзаарах хэрэгтэй.

-Ямар ч үед хамгийн амар тайван, тав тухтай орчин бол гэр орон байдаг. Гэтэл ахуйн хүрээнд хүүхдийг садар самуунд уруу татаж, бэлгийн хүчирхийлэл үйлдэж байгаа нь эмзэглэмээр асуудал юм?

-Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй хэргүүд дотроос хамгийн сэтгэл сэртхийлгэм, бодит амьдралд байж боломгүй үйлдэл бол бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг шүү дээ. Гэтэл бэлгийн хүчирхийллийн дийлэнх хувь нь ахуйн түвшинд үйлдэгдэж байна. Зарим тоон мэдээллийг авч үзвэл, 2017 онд 187 хүүхэд, 2018 онд 236, өнгөрсөн онд 253 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Цар тахлын үеийн эхний найман сарын байдлаар 160 гаруй хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болжээ. Цаашид энэ төрлийн гэмт хэрэг өсөх хандлагатай байна. Хүний ой санаанд багтамгүй зүй бус үйлдлийн араас зүгээр л тоо яриад орхиж боломгүй. Үүнийг жинхэнэ утгаар нь таслан зогсоох асуудлыг дэвшүүлж, шийдлийг тодорхой гаргах цаг нь болсон. Цагдаагийн байгууллагаас хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Сүүдэр бүү тусга” аяныг явуулж байгаа нь цаг үеэ олсон үр дүнтэй ажил гэж хувьдаа харж байгаа. Энэхүү аяны хүрээнд тодорхой шийдлүүд гарах учиртай. Гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүдийн эрүүл мэнд, сэтгэл зүйн үйлчилгээнд дэвшилттэй бодлогууд хэрэгжээсэй гэж боддог. Эцэг эхчүүд үүрэг хариуцлагаа ухамсарлаж, үр хүүхдэдээ үзүүлэх хараа хяналтаа сайжруулахаас эхний алхам тавигдана.

-Эрүүгийн хуулийн тусгай ангид 14-өөс доош насны хүүхдийг“бага насны хүүхэд” гэж заажээ. Тэгвэл хүүхдүүд маань ямар төрлийн гэмт хэрэгт өртөгч, оролцогч болж хохироод байна вэ?

-Монгол Улсад жилд 1500 орчим хүүхэд гэмт хэрэгт холбогдож, шалгагддаг гэсэн тоо баримт бий. Тэдний хувьд залилан мэхлэх, дээрэмдэх гэмт үйлдэлд илүү холбогдож байна. Сүүлийн гурван жилийн байдлаар 3378 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 5043 хүүхэд аливаа төрлийн гэмт хэргийн хохирогч болжээ. Хохирсон хүүхдүүдийн дийлэнх нь томчуудын буруутай үйлдэл, үйл ажиллагааны золиос болсон байдаг. Тиймээс насанд хүрэгчдийн зүгээс хүүхдийн эрхийг зөрчих асуудал буурахгүй байгаа энэ явдалд анхаарах зайлшгүй шаардлагатай.

-Магадгүй ядуурал, ажилгүйдэл, архидалт гэсэн нийгмийн суурь шалтгаанаас хүчирхийлэл үүдэлтэй болов уу?

-Гэмт этгээдүүдийн дийлэнх хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдад хүч хэрэглэдэг талаарх судалгаа ч бий.

Хүний зан, ёс суртахуунд нийцэмгүй буруу үйл, дадал хэвшилтэй нөхдүүдтэйгээ тулж ажиллах ажиллагаа нэн чухал. Гэмт хэрэг үйлдэж болзошгүй иргэдийн судалгаа бүртгэл, түүнд тавих хараа хяналтын асуудалд анхаарах хэрэгтэй гэсэн үг. давтан гэмт хэрэг үйлдэх хандлага байдаг учраас шоронгоос суллагдсан этгээдүүдэд тавих хяналтыг ч анхааралдаа авах хэрэгтэй байна.

-Бусдын хэрэгт хошуугаа дүрээд яахав, мөрөөрөө явсан дээр гэсэн хандлагаас болж хүний амь нас эрсдэх аюултай. Хүчирхийлэлтэй нүүр тулахад хэн ч туслахгүй бол яах вэ. Мэдээж үүний хажуугаар харахгүй, сонсохгүй мэт өнгөрч болохгүй шүү дээ?

-Одоо дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөх бус асуудлыг нуулгүй гаргаж, шийдлийг олох цаг хэдийнэ болжээ. Ер нь тулгамдаж буй асуудлыг ярих тусмаа, гэмт хэргийн талаар мэдээлэх тусмаа илүү өснө гэсэн хандлагаар хар аянга дэгдээсэн энэ нөхцөлдөө эвлэрч чимээгүйхэн өнгөрдөг байлаа. Хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрнө гэдэг бол өөрийгөө хамгаалж буй хэлбэр огтхон ч биш. Аливаа хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс иргэд мэдээлэх үүрэгтэй. Тийм учраас нийгмийн хариуцлагаа ухамсарлаж зөрчлийн талаарх мэдээллийг хугацаа алдалгүй өгөхөд илүү анхаараасай.

-Ковидын үеэр 160 гаруй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Тэдгээр харамсалтай тохиолдлоос нэг жишээг та өөрийн фэйсбүүк хуудсанд нийтэлсэн байсан. Өвөө нь зээ охиноо таван сарын турш хүчирхийлсэн хэрэг үнэхээр санаанд багтамгүй…?

-Хүүхдийн эрх зөрчигдөж, гэмт хэрэгт их өртөж байгаа тухай ганц би яриад байгаа юм биш. Үүнийг нийгэм даяараа л ярьж байна. Гол нь бид асуудлын шийдлийг зөв тодорхойлох нь нэн чухал. Миний хувьд хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн эрүүл мэнд, сэтгэл зүйд ямар эмгэг өөрчлөлт илэрч, хохирлууд бий болдог, тухайн хор хохирлыг яаж арилгах вэ гэдэгт байр сууриа илэрхийлсээр ирсэн. Нөгөөтэйгүүр энэ төрлийн гэмт хэргийн тоо буурахгүй байгаа асуудалд хууль тогтоогчид анхаарлаа хандуулах нэн шаардлагтай байна. Онц ноцтой гэмт хэргүүдийг тойроод нэг хэсэгтээ “цаазал, бууд, бүх насаар нь хорь, зургийг нь олон нийтэд түгээ” гэж шуугихаас илүү цаашид ийм бусармаг үйлдэл үүсэхгүй байх нөхцөлийг яаж бий болгоход илүү төвлөрмөөр санагдах юм.

-Хуульч Р.Булгамаа таван настай охиныг өвөө нь хүчирхийлсэн гэж насыг нь ил зарлалаа. Энэ чинь эргээд хүний эрх зөрчсөн асуудал боллоо гэсэн байр сууринаас зарим иргэн хандсан байна лээ?

-Би таван нас гэж бичээгүй, бага насны хүүхэд л гэсэн. Хамгийн гол асуудал бол гэмт хэрэгтэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг чангатгах тухайд янз бүрийн байдлаар сошиалд байр сууриа илэрхийлж байгаа. Миний дэвшүүлж буй асуудал бол гэмт хэргийн хохирогч болоод байгаа хүүхдүүдэд анхаарах хэрэгтэй байна гэсэн санаа.

-Тэгвэл хугацааны хувьд саяхан болсон хэрэг үү, эсвэл урьд нь ажиллаж байсан тохиолдлоо бичсэн юм уу?

-Асуудлыг дэвшүүлж тавихаар зарим хүмүүс тусгайлсан асуудлаар өөрийгөө тодруулах гэж байна гэдэг байдлаар хараад байгаа нь осолтой. Энийг ч яримааргүй байна.

Ерөөс эцэг эхийн хараа хяналт суларснаас болоод л хүүхэд гэмт хэрэгт өртөж, хохирогч болж байна гэдэг нь тодорхой. Хүүхдийг хайраар өсгөж, халамжаар дутаахгүй байх нөхцөлийг хуульд тусгаж өгөхгүй бол болохгүй нь ээ гэдэг нь нийгэмд үйлдэгдэж буй хэрэг зөрчлүүдээс тов тодорхой харагдаж байгаа юм.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүүхэд хамгаалагч” төслийг хэрэгжүүлсэн байдаг. Хүүхэд сургуульдаа очих, буцах замд нь олон нийтийн эргүүл гаргах нь хэр үр дүнтэй ажил байсан юм бол?

-Туршилтаар 2018 онд ахмад настнуудын оролцоотойгоор хүүхэд эрсдэлд өртөж болох тодорхой цэгүүдэд олон нийтийн эргүүл гаргасан байдаг. Гол төлөв цэрэг, цагдаа, боловсролын байгууллагад ажиллаад тэтгэвэрт гарсан ахмадуудын оролцоотойгоор хэрэгжсэн. Ингээд улсын хэмжээнд 1550 цэгт хүүхэд хамгаалагчид ажилласан байдаг. Улмаар хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргүүд 20 гаруй хувиар буурсан гэдгийг албаны хүмүүс тухайн үед мэдээлж байсан. Тэгэхээр хүүхэд хамгааллын асуудалд олон нийтийн эргүүл, олон нийтийн оролцоо ихээхэн чухал юм байна. Тиймээс хүүхэд хамгааллын асуудалд олон нийтийн оролцоог хандуулах маш чухал гэсэн байр суурьтай байдаг.

-Хүүхдүүд ихэнх цагаа сургуулийн орчинд өнгөрүүлдэг учраас мэдээж боловсролын салбар дахь хүчирхийллийн асуудлыг ярих нь чухал байх?

-Тухайн ангийн сурагч хүчирхийлэлд өртөөд байна уу, эрх нь зөрчигддөг үү гэдэгт дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргаж мэргэжлийн байгууллагад мэдээлэх үүргийг хуулиар өгсөн байдаг. Хүүхэд хамгааллын тухай хуулиар боловсролын байгууллагын нийгмийн ажилтан, боловсон хүчин ямар эрх үүрэгтэйг тодорхой заасан. Гэвч бодит амьдрал дээр энэ үүргийн биелэлт учир дутагдалтай. Тиймээс ЕБС-иудад хүүхэдтэй ажилладаг, тэдний дуу хоолойг сонсдог, сэтгэлийг мэдэрч харьцдаг сэтгэл зүйчид хэрэгтэй байна.Сургуулийн нийгмийн ажилтан л сэтгэл зүйчийн үүргийг гүйцэтгэдэг. Тэгэхээр сэтгэл зүйчийн орон зай ямар чухлыг хууль тогтоогчид маань олж харж дэмжээсэй гэж боддог. Монгол Улсын үндсэн хуульд, гэр бүл эх нялхас төрийн хамгаалалтад байна гэж заасан. Тэгвэл төрийн гэр бүлд хүрч үйлчилж буй үйлчилгээ маань яаж дамжиж хүрэх ёстой юм бэ. Гэр бүлд төрийн бодлого хүрэхгүй байгаа учраас тухайн орчинд хүчирхийлэл бий болж, хүүхэд эндэж гэмт хэргийн хохирогч болоод байна. Сүүлийн гурван жилийн байдлаар гэмт хэргийн ертөнцөд 5000 гаруй хүүхэд хохирогчоор, 3400 орчим хүүхэд гэмт хэрэг үйлдэж орж ирж байгаа нь яахын аргагүй анхаарал хандуулах ёстой асуудал болсныг нотолж буй.

-Гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдэд ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг маш тод ярих ёстой байх. Ер нь насанд хүрэгчид яагаад хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдээд байна вэ?

-Нэгдүгээрт, монгол хүний ёс заншил, зан суртахуунд үр хүүхдээ хүчиндэх гэдэг үйлдэл хэзээ ч байж болохгүй шүү дээ. Хоёрдугаарт, ийм төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд гэр бүл, төр, хүүхдийн хамгааллын байгууллагуудын түвшинд юу хийх ёстойгоо анхаарах шаардлагатай. Гуравдугаарт, гэмт хэрэг үйлдсэн субьектэд ямар хариуцлага хүлээлгэх юм бэ гэдэгт анхаарлаа илүү хандуулах ёстой гэж бодож байгаа. Хамгийн гол асуудал бол энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүдийн нийгмийн хамгааллын асуудал, үзүүлэх үйлчилгээ, гэмт хэргээс учирсан хор хохирлыг хэрхэн барагдуулахад анхаарах ёстой.

-Бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэгт холбогдсон этгээдэд эрүүгийн хариуцлагын хүрээнд ямар ял оноодог вэ?

-Энэ тохиолдолд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулийн тусгай ангид тодорхой зааж өгсөн байдаг. Тодруулбал, 0-14 насны хүүхдийг бага насны хүүхэд гэж үзнэ. Бага насны хүүхэд хүчиндсэн бол эрүүгийн хуулийн тусгай ангийн 12 дугаар зүйлийн 1.4-д зааснаар 12-20 жилийн хугацаатайгаар хорих ял, энэ хэргийн улмаас хүүхэд нас барсан бол бүх насаар нь хорих ял оногдуулдаг. Хүчиндэх гэмт хэргийн хохирогч нь бэлгийн халдашгүй байдал нь зөрчигдсөн аль ч хүйсийн хүүхэд байж болно.

-Тэгвэл улсын хэмжээнд бага насны хүүхдийг хүчиндсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноосон хэдэн тохиолдол байдаг вэ. Монголын хууль тэдний зүй бус үйлдэлд тохирсон ял оноож чаддаг уу?

– Улсын дээд шүүхээс бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгтэй холбоотой шүүхийн байгууллагаас хүлээлгэсэн хариуцлагын талаар тодорхой судалгаа гарсан. Тодруулбал, Очир төвд амь насаа алдсан 13 настай охины хэрэг дээр би өмгөөлөгчөөр ажиллаж байлаа. Энэ гэмт хэргийг үйлдсэн хоёр этгээдэд бүх шатны шүүхээр бүх насаар нь хорих ял оногдуулсан байдаг. Тэгэхээр миний судалж үзсэнээр манай улсад бүх насаар нь хорих ял оногдуулсан хоёрхон гэмт хэрэг байдаг юм билээ. Ихэнхдээ хэрэгтнүүдэд 12-20 жилийн хооронд ял оногдуулдаг практик байдаг юм билээ. Судлаачийнхаа хувьд бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд 12-20 гэсэн сонголтгүйгээр бүх насаар нь хорих ялын бодлого баримталбал яасан юм бэ гэдэг байр суурьтай байдаг. Яахав гэмт хэргийн нөхцөл, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх, хохирол төлбөрийг барагдуулсан зэрэгт ял хөнгөрүүлэх нөхцөлийг харгалзан үзэж 12-20 гэсэн жилээс шүүх сонгож хариуцлага хүлээлгэдэг. Хүүхдийг хүчирхийлсэн үйлдэл нь мөн байна уу гэдэг нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тов тодорхой нотлох баримтаар тогтоогддог учраас заавал 12-20 жилийн хооронд интервал тогтоох шаардлагатай юу. Нэг талаасаа ялын бодлого нь тухайн төрлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх, үйлдэгч болон үйлдэхээр төлөвлөж буй хүмүүст ийм хариуцлагатай шүү гэж айдас төрүүлэх ач холбогдолтой. Гэтэл 12-20 жилийн хорих ялаас чинь гэмт этгээдүүд огтхон ч айхгүй байгаа учраас л үйлдээд байна шүү дээ. Энэ нь хууль тогтоогчид ялын бодлого дээрээ анхаарах цаг болсныг гэрчилж байна.

-Дэлхийн бусад улс орнуудад бага насны хүүхдийг хүчиндсэн этгээдэд ямар ял оноож, хариуцлага тооцдог вэ. Мэдээж энэ тал дээр хатуу дэг жаяг хууль журамтай болов уу?

-Гэмт этгээдэд хүлээлгэх хариуцлагын асуудал улс орнуудад харилцан адилгүй. Зарим нь цаазаар авч, эсвэл бүх насаар нь хорих ял оногдуулж байгаа бол зарим нь химийн тариа тарих хэлбэрээр тайган болгох зэргээр хуулийн хариуцлага хүлээлгэдэг жишээ ч бий. Магадгүй бүх насаар нь хорих, эсвэл бусад улсын жишгээр химийн тариа тарих хариуцлагын тухайд болохгүй гэх газаргүй.

Хүлээлгэх хариуцлага, ялын бодлогын асуудлыг хөндөхөөр “Хуульч р.Булгамаа эрэгтэйчүүдийг тайган болгох гэж байна. Хүний эрхийг зөрчлөө” гэж элдэв янзаар дайрах оролдого ирдэг. Би чинь эх хүн, эмэгтэй хүн шүү дээ. Бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон охидууд, ээжүүдийн сэтгэл зүйтэй ойрхон ажилладаг хүний хувьд тэдний зовлон бэрхшээлийг шүүмжлэгч нөхдүүд ойлгож, мэдэрдэг ч болоосой гэж боддог доо. Ойрын төрөл садан, ах дүү, хойт эцэгтээ хүчирхийлүүлж олон жил зовсон хүүхдийн сэтгэл зүйг ойлгож, илааршуулна гэдэг үнэхээр амаргүй. Тэр зовлон бэрхшээлийг мэдэхгүй байж “Бусдыг тайган болгохын төлөө дуугарч байна, хүний эрх гэдэг ойлголт энэ хүнд алга, зүй бус санал санаачилга гаргалаа” гэх мэтчилэн элдвээр л сошиал ертөнцөд дайрах юм. Гэвч энэ доромжлолоос би огтхон ч айхгүй.

-Ялын бодлого хөнгөдөж байна гэсэн үг үү?

-Ялын бодлого хөнгөдөөд байгаа учраас гэмт этгээд удаа дараа зүй бус үйлдлээ давтаад байна шүү дээ. Одоо өөр шийдэл эрэлхийлэх хэрэгтэй гэдэг нийгмийн захиалга яваад байна гэж үзэхээс өөр арга алга. Хүчиндэх гэмт хэргийн хохирогч болсон охид хүүхдүүдийг төрийн хамгаалалтад авмаар байна. нуулгүй хэлэхэд, гэр бүлээс нь хүртэл тусгаарлах шаардлага үүсээд байна шүү дээ. Бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн 80 гаруй хувь нь ахуйн түвшинд үйлдэгдэж байна. ийм учраас тухайн хүүхдийг анхны мэдүүлгээсээ буцах хүртэл шахалтуудыг гэр бүлийн гишүүдийн зүгээс үзүүлдэг. “Ах дүү, хамаатан садан, аав, өвөөгөө шоронд оруулж яах гэж байгаа юм” гэдгээс эхлээд эцэстээ удам угсааны асуудал болж босно гэдгээр хүүхдийг хүнд байдалд оруулдаг. Тиймээс мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлсэн цаг мөчөөс эхлээд хүүхдийг хамгаалалтад авмаар байна. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд ямар хүнд шаналалтай байдаг гэж бодно оо. шоронд орсон гэмт хэрэгтэн хэдхэн жилийн дараа гарч ирээд нөгөө аймшигт халдлагууд дахиад эхлэх вий гэхээс тэдний зүрх дагжин чичирч байдаг.

-Бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэгтэн өршөөлийн ялаар суллагдах тохиолдол байсан уу?

-Хүүхэд хүчиндчихээд өршөөлийн хуульд хамрагдана гэдэг чинь өөрөө байж болохгүй зүйл гэдгийг хуульд тусгаж өгөөч ээ. Тийм ч учраас би өөрийнхөө нүүр номд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүд ямар их айдас хүйдэст автаж байдгийг хууль тогтоогчид олж хараасай. Зөвхөн гэмт хэрэгтнийг яллах тухай асуудал биш, гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүдээ цаашид яаж анхаарах вэ гэдэгт нэг удаа байр сууриа илэрхийлсэн. Асуудлын шийдлийг олохын тулд асуудлаа гаргаж тавих ёстой юм аа. Зовуурь нь эндээ байна, одоо оношоо тодорхойлоод түүнээс эхлээд эмчилгээгээ хийх хэрэгтэй гэсэн санаа юм шүү дээ.

П. САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Д.Баярхүү: Дэлхийн бодлого тодорхойлдог улс гүрнүүдийн сайдууд өөрсдөө ирж байгаа нь манай улсын нэр хүнд, жин нөлөөг шууд өргөж байгаа хэрэг

Олон улсын бодлогын судлаач-профессор Д.Баярхүүтэй ярилцлаа.


-Манай улсад БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнгөрөгч есдүгээр сард албан ёсны айлчлал хийгээд буцсан. Тун удахгүй АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Mонголд айлчлах гэж байна. Мөн Японы Гадаад хэргийн сайд Тошимицү Мотэги Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээ мэдэгдлээ. Ингэснээр сар хүрэхгүй хугацаанд гурван том айлчлал хийгдэх гэж байгаа нь Монгол Улс дэлхийн анхаарлын төвд байна гэж ойлгох уу?

-Манай гадаад бодлого, харилцаа нэгдмэл байдлаа хангаж, залгамж чанараа хадгалж байгааг илтгэх айлчлалуудыг дээр дурдлаа. Манай улс олон улсын тавцанд өөрийн байр сууриа эзэлсээр, дэлхийн улс гүрнүүдээр хүлээн зөвшөөрөгдсөөр өнөө хүрсэн. Манай улсын нийгэм-улс төр, эдийн засгийн салбаруудыг бүхэлд нь авч үзвэл гадаад харилцаа, гадаад хамтын ажиллагаа ямагт прогрессоор явж ирсэн гэдгээ би хаа ч, хэнд ч нотлон ярьдаг бичдэг. Сар хүрэхгүй хугацаанд гэлээ. Миний мэдэхийн, зарим үйл явдалд нь оролцож байснаа эргэж санахад 1996 оны зуны адаг, намарт таван гүрний Гадаад хэргийн сайд нар дараалан айлчилж байсан. Тухайлбал, Европын Холбоо, Дани, Герман, Британи, ОХУ-ын Гадаад хэргийн сайдууд. Түүнтэй адил нэг сарын дотор манай улсын гадаад харилцаа үнэхээр идэвхжиж байна. Олон улсын ба бүс нутгийн үйл явц, харилцаа өрнөхийн хэрээр Монголын гадаад харилцаа огцом тэлж өргөжиж байна. Айлчлалууд ингэж жагсаж байгаа нь ч онцлогтой. 2020 онд манай улс шинээр УИХ-аа сонгож, Засгийн газраа эмхлэн байгуулсан. Шинэ УИХ, Засгийн газрын гадаад бодлого хэрхэн өрнөхийг хөрш, түншүүд маань сонирхох нь лав. Тэр сонирхлыг угтуулсан манай Засгийн газрын идэвхтэй гадаад бодлого л явж байна шүү дээ. Эхлээд Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд манай улсад айлчиллаа. Залгуулаад Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д айлчиллаа. Залгаад АНУ-ын ТНБД, Японы Гадаад хэргийн сайд манайх руу зорилоо. Дэс дараалал нь ч цаг үеэ олж тохиолоо. “Гадаад бодлогын үзэл баримтлал”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасны дагуу манай улс гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэлийн улсуудтай хамтран ажиллахаа эдгээр айлчлалуудаар нотлон харуулж байна.

-Хоёр гол баримт бичгийн заалтуудыг тодруулна уу?

-Гадаад бодлогын үзэл баримтлалаараа бид гадаад бодлого ба харилцаагаа нэг ёсондоо хуульчлан тунхагласан. Мөрдөж ажилласан 15 жилийн туршлагадаа тулгуурлан дахин боловсруулалт хийж 2011 онд шинэчлэн батласан. Түүний II бүлэг болох “Улс төрийн гадаад харилцааны бодлого” гэсэн хэсгийн 14 дүгээр заалт болох “Монгол Улс улс төрийн гадаад харилцааны бодлого хэрэгжүүлэхдээ дараах чиглэлийг баримтална” гэсэн нь улс бүр дээр нэр зааж хэрхэн харилцахаа томьёолсон бэлэн жор гэхээр туссан байгаа. Тухайлбал, 14.1-т ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд тэдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлнэ. Чингэхдээ энэ хоёр улстай харилцаж ирсэн түүхэн уламжлал, эдийн засгийн хамтын ажиллагааны өвөрмөц онцлогийг харгалзах; 14.2-т АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх гээд заачихсан байна. Өнгөрсөн зун Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг ээлжит бус чуулганаар баталсан. Түүний “Тогтвортой, нэгдмэл гадаад бодлого” гэсэн бүлэгт ийм заалт орсон байна. “4.5.4-т Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, худалдаа, соёл, хүмүүнлэг зэрэг бүх салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлнэ. 4.5.5-т Америкийн Нэгдсэн Улс, Япон, Европын Холбоо, Энэтхэг, Бүгд Найрамдах Солонгос Улс, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцааг өргөжүүлэн, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, бусад улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллана” гэжээ.

-Ахмад дипломатч, судлаачийн хувьд айлчлалуудын ач холбогдол, цар хүрээг хэрхэн дүгнэж байна вэ. Монголын гадаад харилцаанд хэрхэн нөлөөлөх бол?

-Ач холбогдлыг би эхэнд нь хэлчихлээ. Тэргүүлэх чиглэлийн дөрвөн улс гүрэнтэй тэргүүлэх ач холбогдол өгч харилцана гэдгээ нөгөө талдаа нотоллоо. Дэлхийн бодлого, дэлхийн эдийн засгийг тодорхойлдог, үүнд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гурван чухал гүрний хоёрынх нь Гадаад хэргийн сайдыг айлчлуулж, манай Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өөрөө биечлэн нэгэнд нь айлчилж, мөн дэлхийн эдийн засгийн хүчирхэг нэг гүрэн, бүс нутгийн нөлөө бүхэн гүрэн Японы Гадаад хэргийн сайд шинэ Засгийн газар байгуулагдсаныхаа дараахан манай улсыг зорино гэдэг айлчлалуудын улс төрийн ач холбогдол нь бусад ач холбогдлоосоо хавьгүй давна гээд ойлгочихож болно. Дэлхийн бодлого тодорхойлдог улс гүрнүүдийн Гадаад хэргийн сайдууд ийнхүү Монголд ач холбогдол өгөөд өөрсдөө морилон ирж байгаа нь манай улсын олон улсын нэр хүнд, жин нөлөө, ач холбогдлыг шууд өргөж өгч байгаа хэрэг шүү дээ. Манай Гадаад харилцааны шинэ сайд өөрөө гадаад харилцааны торгон мэдрэмжтэйгээ ч мэргэжлийн талаасаа айлчлалчуудын үеэр харуулах болов уу гэж найдаж байна.

-Айлчлалуудын аяны богцоос бид юуг хүлээх вэ?

-Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлэхэд гарч буй ахицыг бататгах, хоёр талын томоохон төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэхэд анхаарч ажиллах, худалдааны эргэлтийг улам бүр нэмэгдүүлэх зорилгоор цаашид идэвхтэй хамтран ажиллах, энэ хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг тогтвортой өсгөх, хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо гээд албан мэдээнд нь дурдсан байсан. Мөн хамтын ажиллагааны тухай чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурсан. Монгол-Оросын “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-ний батламж жуух бичгийг солилцов гэсэн мэдээллүүд байна лээ. Улс төрийн ач холбогдлын тухайд өмнөх мөрүүдэд хэлчихлээ. АНУ, Японы сайд нарын айлчлалын тухайд манай улстай тогтоосон харилцаандаа улс төрийн өндөр ач холбогдол өгч байгаагаа нотолсон айлчлал болно гэчихлээ. AHУ-ын Төрийн Департментын Зүүн Ази, Номхон Далайн хэрэг эрхлэх хорооны дэд нарийн бичгийн дарга Дэвид Стилуэл “Майк Помпео анх удаа Монголд айлчлах гэж байна. Ардчилал, хүний эрхийг хамгаалахад гаргаж буй Монголын хичээл зүтгэлийг АНУ өндрөөр үнэлж, дэмждэг”, “Монголын ардчилал бол бүс нутгийнхаа үлгэр жишээ юм” гэсэн байна лээ. Америк-Монголын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлсээр байгаа тухай ноён Стилуэл ярьжээ. Эндээс үзвэл манай улсыг АНУ дэмжиж байна. Хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж байна. Энэ чинь л гол ач холбогдол нь. Манай Гадаад бодлогын үзэл баримтлалд “Монгол Улсын улс төрийн гадаад харилцааны бодлогын зорилго нь тус улсын аюулгүй байдал, хөгжил дэвшлийг хангах таатай гадаад орчин бүрдүүлэх, дипломат болон консулын харилцаа хөгжүүлэх, нөлөө бүхий улсуудтай харилцааныхаа түвшинг дээшлүүлэх, олон улсын байгууллага дахь үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахад оршино” гэсэн заалт байгаа. Хөгжил дэвшлийн таатай гадаад орчин бүрдүүлэх гэдэгт эдгээр айлчлалууд үйлчлэх учиртай. Үйлчилж ч байна.

-Цар тахлын үед Монголд хийгдэж буй айлчлалуудыг олон улсад хэрхэн ярьж, дүгнэж байгаа бол?

-Цар тахал айлчлалуудад садаа болоогүй. Дэлхий нийтээрээ түүнтэй тэмцэж байна. Цар тахалтай чадварлаг тэмцэж, хохиролгүй яваа манай улсыг онцолдог боловч энэ удаагийн айлчлалууд олон улсын харилцааны хурцдал, бүс нутгийн эгэл бус харилцаа, их гүрнүүдийн хоорондын зөрчил маргааны үед тохиож байгаагаараа онцлогтой. Нэг үгээр бол шинэ “Хүйтэн дайн”-ы уур амьсгал дунд айлчлал хэрэгжиж байна. Манай улсын стратегийн чухал байршил, ардчилал, шинэчлэлийн зам тууштай сонгосон, төр засгаа сонгуулиар байгуулдаг ардчиллын үлгэр жишээ, даян дэлхийд энхийг сахиулахад монгол цэргийн оруулж буй хувь нэмэр гээд олон хүчин зүйлээр айлчлалууд нөхцөлдөж байна. Гадаад бодлогын үзэл баримтлалын заалтууд дунд Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд бүс нутгийн болон дэлхийн чанартай тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бүх нийтийн үйл хэрэгт хувь нэмэр оруулахыг чармайна. Тухайлбал, ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжиж, идэвхтэй оролцох, цөмийн болон үй олноор хөнөөх бусад зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах, олон улсын терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, НҮБ-ын болон олон улсын бусад энхийг дэмжих, сахиулах, сэргээн босгох үйл ажиллагаанд оролцох; уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сөрөг үр дагаврыг багасгах, байгаль орчныг доройтлоос хамгаалах, гоц халдварт өвчний тархалтаас сэргийлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтыг дэмжин оролцох гэсэн заалтуудыг манай улс тууштай дэмжээд хэрэгжүүлж ирснийг үнэлээд манай улсыг зорьж ирж байна гээд хэлчихэд буруутахгүй болов уу.

-Манай улсын хувьд гуравдагч хөрштэйгөө илүү ойр харьцах боломжууд айлчлалаар нээгдэх үү?

-Гуравдагч хөрш хоёр гүрэнтэй харилцаа энэ оноос улам идэвхжих болов уу гэж үзэхээр байна. Гадаад бодлогын үзэл баримтлалын 14.3-т “Азийн бусад улстай хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх, Ази, Номхон далайн бүс нутагт олон талт хамтын ажиллагаанд оролцох, Зүүн Ази, Зүүнхойд Ази, Төв Азид стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг дэмжиж оролцох” гээд заачихсан байгааг эргээд нэг үзээрэй. Энэ айлчлалууд чинь дээрх заалтын хэрэгжилтэд шууд хамаатай. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Тогтвортой, нэгдмэл гадаад бодлого” хэсэгт ч ийм заалтууд бий. Үүнд 4.5. Монгол Улс уламжлалт гадаад бодлого, харилцаа, хамтын ажиллагаагаа тогтвортой хэрэгжүүлж, хөгжлийн гадаад таатай орчныг улам бэхжүүлнэ. 4.5.2. Эдийн засгийн гадаад харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгч, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан экспортыг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх, гадаад худалдаанд тулгарч байгаа хүндрэлүүдийг багасгах, хөнгөвчлөх бодлогыг үргэлжлүүлнэ. 4.5.3. Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тууштай хамгаалж, дэд бүтэц, уул уурхай, эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбар, мега төслүүдэд гадаадын хөрөнгө оруулалт татах, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж авахад дэмжлэг үзүүлнэ гэсэн заалтад эдгээр айлчлал үйлчилж таарна. Тэгж ч ойлгож хүлээн авах хэрэгтэй.

Categories
мэдээ цаг-үе

Н.Эрдэнэхүү: Хавдрын эмнэлэг орон нутаг руу нүүнэ

Сүүлийн 20 гаруй жил Монгол Улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг нь хорт хавдрын өвчлөлтэй холбоотой. Сэргийлж, бас эрт илрүүлбэл хавдраар нас барах явдлыг бууруулах боломжтой гэж үздэг. Хорт хавдрын тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар Хавдар Судлалын Үндэсний Төвийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүүтэй ярилцлаа.


-Хавдрын эмчилгээ, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах бодлого хэрэгжиж байгаа гэсэн. Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Хавдар судлалын үндэсний төвөөр дамжуулан хавдрын тусламж, үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэнэ гэдэг боломжгүй. Тиймээс ЭМЯ-аас хавдрын оношилгоо, эмчилгээг бусад бүх шатны эмнэлгүүдэд чанартай хийж, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг бодлогоор дэмжиж, эхлүүлээд байгаа. Энэ ажилд манай төв онцгой үүрэг гүйцэтгэн, лавлагаа шатлалын төв эмнэлгийнхээ хувиар хөдөө, орон нутгийн, дүүргийн эмч, мэргэжилтнүүдийг сургах, чадавхжуулахад анхаарч ажиллаж байна. Ерөнхийдөө гурван үндсэн хэлбэрээр эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулж байна. Нэгдүгээрт, эмч, мэргэжилтнүүдийг ХСҮТ дээр гурван сараас хоёр жилийн хугацаанд төгсөлтийн дараах мэргэжил олгох, дээшлүүлэх сургалтаар бэлтгэж байна.

Хоёрдугаарт, аймаг орон нутагт манай төвийн эмч нар сэлгэн ажиллаж, хавдрын мэс засал, хими, ангиографи, дүрс оношилгоо, эд, эс судлалын шинжилгээ гэх мэт тусламж үйлчилгээг орон нутгийн эмч нартай хамтран хийж, ажлын байранд нь дагалдуулан сургаж байна. Цаашид ЭМЯ-аас эмч солилцох тогтолцоог улам бүр сайжруулан, хөдөө орон нутагт удаан хугацаагаар ажиллах эмч, мэргэжилтнийг урамшуулан дэмжих хөтөлбөр гарч байгаа.

Гуравдугаарт, орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг ХСҮТ дээр нарийн мэргэжлийн эмч нарыг дагалдуулан ажлын байранд сурган дадлагажуулж байна. Энэ онд хими, хөнгөвчлөх, дүрс оношилгоо, хавдрын мэс засал, хавдрын бүртгэл, тандалтын чиглэлээр 20 гаруй эмч, сувилагч, мэргэжилтэн манай төв дээр 14 хоногоос нэг сарын хугацаанд суралцсан. Одоо хими эмчилгээний хувьд мэргэжилтэн дутмаг эмнэлгүүдтэй гэрээ байгуулан мэргэжилтнүүдийг нь сурган дагалдуулж, хими эмчилгээг бүхий л дүүрэг, аймгийн нэгдсэн эмнэлэг дээр хийдэг болоход дэмжлэг, арга зүйгээр туслан ажиллаж байна.

-Дүүргүүдэд хавдрын мэс заслын тасгийг нүүлгэн шилжүүлээд байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Эрүүл мэндийн салбарын реформ хийгдэж байгаатай холбогдуулан Хавдрын мэс заслыг дүүргүүд хийх боломж бүрдсэн.Энэ хүрээнд бид Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд хавдрын ерөнхий мэс заслын тасгийг нүүлгэн шилжүүлээд байна. Тус эмнэлэг дээр манай хавдрын мэс заслын мэргэжил эзэмшин төгссөн хоёр залуу мэс засалч байгаа ба манай эмч мэргэжилтнүүдийг ажиллах хугацаанд даган суралцаж, өөрийн эмнэлэг дээр зарим эмчилгээг шууд нутагшуулан үлдээхээр гэрээ хийгээд байна. Мөн Эрүүл мэндийн сайдын дэмжлэгтэйгээр Баянгол дүүргийн эмнэлэгт хавдрын технологийн хамт бүх төрлийн тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслээр бүрэн хангахаар болсон. Үүнтэй адилаар Амгалан амаржих газар дээр манай эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг, хөхний мэс заслын баг шилжин байрлаж ажиллаж эхэллээ. Гэрээний нөхцөл мөн дээрхтэй ижил учир цаашид Амгалан амаржих газар маань энэ чиглэлийн мэс заслын чадамж нь улам бүр дээшилнэ гэж үзэж болно. Энэ мэтээр цаашид олон дүүргийн эмнэлгүүд, аймгийн эмнэлгүүдийн чадавхыг дээшлүүлэх юм.

-Хавдрын өвчнөөс урьдчилан сэргийлж болно. Ганцхан эмнэлэгт ирсэн хойно нь биш, эрт илрүүлж чадвал амь насыг аварч, удаан жил амьдрах боломжтой гэж ойрын үед их ярьдаг боллоо. Тэгэхээр урьдчилан сэргийлэх энэ чиглэлд ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Хүн амын дунд хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулахад өвдсөн үед нь эмчлэх, эрүүлжүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ сайн хөгжсөн байх ёстой. Гэхдээ эмчилгээний үр дүн нь хорт хавдрыг эрт үед нь илрүүлж оношилж чадаж байна уу гэдгээс шууд хамаардаг. Өөрөөр хэлбэл, хавдрыг эрт шатанд нь илрүүлбэл эмчилгээ үр дүнтэй, хүн нь удаан амьдрах, тэр тусмаа бүрмөсөн хавдаргүй амьдрах бололцоотой. Тийм хүмүүс зөндөө бий. Харин эсрэгээр, хожуу илэрсэн тохиолдолд эмчилгээ их хүндрэлтэй, үр дүн багатайгаас тухайн хүний амьдрах хугацаа богиносох, өөрт нь бий болох зовиур, хүндрэл ихсэх гээд олон таагүй үр дүн гарна. Манай улсад жилдээ 6000 гаруй хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдэж байгаагийн 70 гаруй хувь нь өвчний хожуу үедээ анх оношлогдож байна.

Эрүүл мэндийн салбарын реформд нийгмийн эрүүл мэндийг сайжруулах том хөтөлбөр орсон. Энэ нь өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлье, хүндрэхээс нь өмнө эрт илрүүлье хэмээн зорьж буй. Тиймээс бид энэ хожуу шатандаа илэрч буй 70 хувийг эсрэгээр эрт шатандаа илэрч буй 70 хувь болгох хэцүүхэн боловч биелэх боломжтой зорилтыг тавиад ажиллаж байгаа. Гэхдээ энэ нь зөвхөн манай төвийн ажил биш, олон талт хамтын ажиллагаа, ойлголцлын үр дүнд биелэх учиртай юм. Тиймээс ЭМЯ-аас бүх шатны эмнэлгүүдэд эрүүл мэндийг дэмжих төв байгуулах зорилт тавьсан. Энэ нь жилдээ нэг удаа бүх нийтээрээ урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагддаг байх, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээний ач холбогдлыг ойлгуулах олон талын ач холбогдолтой. Манайд энэ тал орхигдсон байсан. Одоо Засгийн газраас үйл ажиллагааны чиглэлдээ оруулан бодит ажил болоод явж байна.

-Боловсролын байгууллагын багш, ажилчдыг нэгдсэн журмаар урьдчилан сэргийлэх иж бүрэн үзлэгт хамруулсан. Үүнд хавдрын үзлэг хийгдсэн үү?

-Энэ жил цар тахлын хөл хориотой холбоотойгоор урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг есдүгээр сараас хийж эхэлсэн. ЭМЯ, БШУЯ-ны хамтын ажиллагааны хүрээнд 16 байгууллагын 679 багш, ажилчид хавдрын эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд бүрэн хамрагдаад байна. Энэ их үр дүнтэй ажил болсон. ХСҮТ-ийн хувьд өмнөх жилүүдэд урьдчилан сэргийлэх үзлэгийг үндсэн үйлчилгээгээ алдагдуулалгүй амралтын өдөр зохион байгуулж, 2019 онд 38 байгууллагын 4668 ажилтныг үзлэгт хамруулахад хорт хавдар 39, хоргүй хавдар 493, хавдрын урьдал өвчин 552 илрүүлж байсан. Цаашид энэ хэрэгцээг үндэслэн, бид хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн тусдаа нэгж төвийг байгуулахыг зорьж байна.

-Үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Хорт хавдартай хүмүүст зөвхөн хавдрыг эмчлэх эмчилгээнээс гадна өвчнөө даван туулахад нь бусад олон төрлийн дэмжлэг, тусламж, үйлчилгээ нэн шаардлагатай байдаг онцлогтой. Энэ хэрэгцээг хангах, эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдэд цогц тусламж үйлчилгээг хүргэх зорилгоор Үйлчлүүлэгчийг дэмжих албыг шинээр байгуулсан. Энэ алба үйлчлүүлэгчид шаардлагатай нийгмийн, сэтгэл зүйн, хоол зүйн болон бусад шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх юм. Үүнээс гадна хавдрын өвчнийг даван туулагч нарын хөтөлбөр бий болгохоор зорин ажиллаж байна. ХСҮТ-ийн хамгийн тулгамдсан асуудлын нэг нь эмчилгээ үйлчилгээний хүлээгдэл, цаг авах, болон үйлчлүүлж буй иргэдийн тав тух, тодорхойгүй байдал гээд зохион байгуулалтын асуудал байгаа. Энэ асуудлыг шийдэх зорилгоор орчинг сайжруулах, үйлчлүүлэгчдийн ээлтэй орчинг бүрдүүлэх олон ажлууд шат дараатай хийгдэж байна. Цахим бүртгэл, амбулаторийн хэсгийг бүрэн засварлан тохижуулж дуугүй хөтөчийг бүрэн шинэчиллээ. Цахим бүртгэлийн хэсгийг нэгтгэн зохион байгуулж лавлагаа мэдээллийн 24 цагийн утсыг ажиллуулж байна. Эмнэлгийнхэн болон үйлчлүүлэгчдэд маань маш тулгамдсан бэрхшээл болоод байсан орц гарцын асуудлыг шийдвэрлэн, одоо дөрвөн орц гарцтай, нэг урсгалын зохион байгуулалттай болоод байна. Мөн эмгэг судлал, амбулатори, шарил үдэх хэсгүүдэд иж бүрэн засвар, амбулаторид шинжилгээний сорьц авах хэсгийг шинээр байгуулах зэрэг төвийн үндсэн барилгын 10 блок бүхий 1500м2 талбайд засвар тохижилтын ажлыг өөрсдийн нөөц боломжоор хийж дуусгалаа.

-Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах бодлогын хүрээнд танай эмнэлэгт ямар үйлчилгээнүүд цахимжсан бэ?

-Эмнэлэгт иргэдийн оочер, дараалал үүсгэх, бөөгнөрөл хүлээгдлийг арилгах үүднээс эмнэлэгт үзүүлэх цаг захиалахаас эхлэн бүх төрлийн үйлчилгээг цахимжуулахаар болсон. ХСҮТ үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн цахим түүх буюу E-CART системийг нэвтрүүлснээр өвчтөн өөрийн өвчний тухай мэдээлэлдээ орон зай, цаг хугацаанаас үл хамааран хүссэн үедээ, хүссэн газартаа онлайнаар нэвтрэн үзэх боломжтой болсон. Үйлчлүүлэгч нар эрт ирдэг учраас гадаа хүлээлгэхгүй үүднээс цахим бүртгэлийн цагт зохион байгуулалт хийн үүдээ 7:30-аас нээдэг болоод 7 сар боллоо. Хүмүүс таатай хүлээн авч байгаа. Бид цаг захиалгын тусгай дугаараар тогтмол үйлчилж байна. Ер нь олон юм ярихгүйгээр хэлэхэд, ХСҮТ-ийн хаалгаар ороод үзэхэд манай хамт олны хичээж буй нь шууд харагдана. Олон хүн шахалдан бухимдсан, харанхуй даасан эмнэлэг байхаа больсон. Цаашид хүн амын дунд хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах, хавдрын тусламж үйлчилгээний эрт илрүүлэг, мэс засал, хими, хөнгөвчлөх зэрэг боломжит тусламж үйлчилгээг иргэд орон нутагтаа түвэг чирэгдэлгүй авдаг болох, эрүүл мэндийн байгууллагуудын шатлал хоорондын болон салбар хоорондын хамтын ажиллагаа, уялдааг бэхжүүлэх, бодлого эрх зүйн орчныг сайжруулахад бидэнд хийх ажил их байна. Эрүүл мэндийн салбарт шинэчлэл бий болгоход, шинэ юмыг ойлгож хэрэгжүүлэх хэцүү, бэрхшээл ихтэй ч манай хамт олон хичээн ажилласаар байна.

-ХСҮТ-ийн тусламж үйлчилгээнд энэ жил шинээр нэвтрүүлсэн техник, технологи юу байна вэ?

-2019-2020 оны хугацаанд ХСҮТ-ийн хамт олон эмчилгээ оношилгоотой холбоотой нийт 19 шинэ технологийг нэвтрүүлсэн. Үүнд дурангаар хавдартай шулуун гэдсийг тайрч, анусын хуниасыг хадгалж залгалт хийх, багалзуур, улаан хоолойг ходоодоор нөхөн сэргээх мэс засал, тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгах зэрэг мэс заслын 15 гаруй шинэ технологийг нэвтрүүллээ. Үүнээс гадна молекул оношилгооны чадамжийг сайжруулсны үндсэн дээр өндгөвч, хөх, тархины хавдрын бай эмчилгээг нэвтрүүлээд байна. Цаашид төрөл, хүртээмжийг сайжруулахаар зорьж байна. Хавдрын оношилгоонд цитомегаловирус, эбштейн-баррын зэрэг вирусийн шалтгааныг тодорхойлох шинжилгээг хийдэг боллоо.

Хавдрын эмчилгээ улам бүр олон төрөл болж өргөсөхийн зэрэгцээ нөхөн сэргээх мэс заслын ач холбогдол өндөрсөж байгаатай холбоотойгоор энэ жил Нөхөн сэргээх мэс заслын тасгийг шинээр байгууллаа. Тус тасаг нь бүхий л төрлийн нарийн ур чадвар шаардах нөхөн сэргээх зэрэг аргачлалуудыг нэвтрүүлж, хавдраар өвчлөгсдийн амьдралын чанарыг сайжруулахад чухал нөлөө үзүүлж байна. Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийнхан “Dumna manipu­lator” ашиглан нэг зүслэгт хэвлийн дурангаар умайг бүхэлд нь авах технологийг нэвтрүүлж эхэллээ. Түүнчлэн элэг шилжүүлэн суулгуулсан өвчтөнд заалтаар Бөөр орлуулах үргэлжилсэн эмчилгээ (СRRT)-г хийдэг боллоо. Мэс заслын дараах өвчтөнүүдэд эхний өдрөөс нь эхлэн амьсгалын дутагдлаас сэргийлж спирометрийн дасгалыг хийлгэж хэвшүүлсэн нь энгийн мэт боловч эмчилгээний үр дүнд маш сайнаар нөлөөлж байна.

Өнгөрсөн жилүүдэд ХСҮТ-д хоёр шугаман хурдасгуурт аппаратыг суурилуулан эмчилгээний дэвшилтэт технологи нэвтрүүлснээр туяа эмчилгээний хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн бол энэ жил тархи нугасны хавдартай иргэдэд хамгийн сүүлийн үеийн цогц оношилгоо, эмчилгээг нэг дор үзүүлэх зорилгоор “Нейрo-онкологийн төв” байгуулж тархи, нугасны хавдрын тусламж үйлчилгээг олон улсын жишигт хүргэн хөгжүүлэх том зорилт бүхий төслийг Австрийн засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлэх гээд эхний шат нь үр дүнд хүрээд явж байна. Мөн үүнтэй зэрэгцэн Стереотактик биеийн туяа эмчилгээ (SBRT)-г элэг, уушги, нойр булчирхай, нуруу нугасны үсэрхийлсэн хавдруудад хэрэглэхийг нэвтрүүлэхээр бэлтгэл ажил хангагдаад байна. Үүнээс гадна эмнэлгийн үйл ажиллагаа, зохион байгуулалтыг сайжруулж, стандартчилагдсан тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчдэд хүргэх зорилгоор “Стандарт үйл ажиллагааны заавар”-ыг бүхий л тасаг нэгж, албадын хүрээнд боловсрууллаа. Хэдийгээр шинэ юм болгон хэцүү ч манай хамт олон байгууллагын амжилтын үндэс нь стандарт үйл ажиллагаа гэдэгт санал нэгдэн, энэ заавраа хэрэгжүүлж, засан сайжруулж, үндсэн хэрэглээ болгож нутагшуулахаар ажиллаж байна.

-Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал, эрсдэлийн менежмэнтийн талаар хийгдэж байгаа ажлуудаас хуваалцаач?

-Ер нь эмнэлгийн тусламж үйчилгээг үйлчлүүлэгчдэд хүргэнэ гэдэг маань тухайн үйлчлүүлэгчид хийгдсэн эмчилгээ үйлчилгээ аюулгүй, үр дүнтэй л байх ёстой юм. Үүнийг л нөгөө талаас чанартай гэнэ. Тиймээс эмнэлгийн тусламж үйлчилгээ ихэнх хүнд энгийн жижиг мэт санагдавч үр дүн нь хүний амь насанд хүрэх нөхцөл үүсгэх маш олон үйлүүд, үзэгдлүүд байдаг. Үүнийг бид эрсдэл гэж нэрлээд байгаа ч одоогоор тэр болгоныг хангалттай ойлгож чадахгүй байна. Тиймээс ХСҮТ чанарын удирдлагын, эрсдэлийн удирдлагын тогтолцоогоо бүрэн ажилладаг болгохын тулд тодорхой алхмуудыг, тухайлбал үйл ажиллагаа бүхнээ стандартчилах, эмчилгээ оношилгооны нэгдсэн стандартыг бий болгох гэх мэтээр шинэчлэлүүдийг тасралтгүй хийсээр байна. Үүний үр дүнд байгууллагын хэмжээнд мөрдөгдөх журам, дүрэм, заавар, зөвшөөрлийн хуудсуудыг олон улсын стандарт JCI-ийн дагуу шинээр боловсруулж, шинэчлэн ажиллаж байна. Аливаа эмнэлгийн түвшинд үйл ажиллагааны шийдвэр гаргах үйл явцад тухайн чиглэлийн мэргэжилтнүүдийн оролцоог бүрэн хангах зорилгоор хороодыг дахин шинэчлэн, үйл ажиллагааг шинэ түвшинд гаргахаар ажиллаж байна. Эхнээсээ эрсдэл, аюулгүй байдлын хороо, эмнэл зүйн хороод маань идэвхтэй ажиллаж эхэллээ.

-Ариутгалын тасгаа бүрэн шинэчилж, ашиглалтад оруулсан?

-Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банкны төслийн үр дүнд Ариутгал халдваргүйжүүлэх тасгийг орчин үеийн стандартын шаардлага хангасан байдлаар шинэчлэн байгуулсан нь халдварын эрсдэлээс хамгаалж, бууруулах чухал арга хэмжээ болсон. Эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүлээгдлийг бууруулах зорилгоор амбулаторийн үзлэгийн кабинетийн тоог нэмэгдүүлж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийлээ. Тухайлбал, радиологийн тасгийн болон мэс засал, яаралтай болон хагалгааны нэгдсэн тасгийн хэт авиан оношилгооны тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилж, хамгийн орчин үеийн хэт авиан технологийг хавдрын төв дээр суурьшууллаа. Дурангийн тасгийн тоног төхөөрөмжийг мөн шинэчлэн, хүчин чадлыг нэмэгдүүлсэн гээд үйлчлүүлэгчийн чанартай тусламж үйлчилгээ авах боломжийг бүхий л талаар сайжруулж байна. Эм зүйн албаны үйл ажиллагааг сайжруулах, эмнэл зүйн эм зүйч нарын ажиллах боломжийг хангах зорилгоор нэгдсэн агуулахын системд орж, бүрэн засвар шинэчлэлийг хийлээ. Хагалгааны өрөөний зохион байгуулалт, тохижилт, техник хэрэгслэл нь дэлхийн түвшний мэс засал эмчилгээ хийдэг гэхэд итгэмгүй, бараг 1982 онд ашиглалтад орсон үеийнхээрээ байсан. Тиймээс бид хагалгааны хэсгийг шинэчлэн, өргөтгөн тохижуулах ажлаа эхлээд байна.

О.ТУЯА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн​ “Хээрийн хууль (II)​” нийтлэл хэвлэгдлээ​​​​

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт “Нээлттэй нийгэм
форумын засаглалын
хөтөлбөрийн менежер
Д.Энхцэцэг” Сонгогдохын
тулд хоосон амлалт өгдгөөс
болж улстөрчдөд залуус
итгэхээ байсан”
хэмээх нийтлэлийг I- IV нүүрнээс уншаарай.

НИТХ-ын зургадугаар
тойрог, Баянзүрх дүүргийн
Иргэдийн төлөөлөгчийн
хурлын /ИТХ-ын/ 13 дугаар
тойрогт АН-аас нэр
дэвшигч Э.Эрдэнэ “Улс төрд
шинэ, залуу боловсон хүчин
дутагдаж байна”
гэв.

“Өдрийн сонин”-ы үзэл бодлын гурав дугаар нүүрт Б.Цэнддоогийн “Хээрийн хууль (II)” нийтлэл хэвлэгдлээ.

Монгол Улсын гавьяат багш Ц.Маам “Боловсролын салбарт өнгөрүүлсэн
жаран жилээрээ бахархдаг учраас
би бурхны илгээлтийг хангалттай
биелүүлсэн хүн” хэмээв.

Прокурор Д.Дашмаа ” Ерөнхий сайд асан
Ч.Сайханбилэгийг эх оронд нь авчрахаар
холбогдох байгууллагуудад хандсан”
хэмээх ярилцлага баримт үйл явдлын VII нүүрт хэвлэгдлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу.

https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу. “ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Түрээсийн орлогоор баталгаажсан үнэт цаасыг бүртгэхээр шийдвэрлэлээ

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит XVIII хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар үнэт цаас, үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт эдлэл, даатгалын зэрэг зохицуулалтын нийт 5 газраас санал оруулсан компанийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэх болон аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай зэрэг нийт 18 асуудал хэлэлцлээ

Нийслэлийн орон сууцны корпораци” (НОСК) ХК-ийн үүсгэн байгуулсан “НОСК нэг ТУЗ” ХХК-д түрээсийн орлогоор баталгаажсан 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 34.3 тэрбум төгрөгийн баталгаат үнэт цаасыг бүртгэх талаар СЗХ-ны ээлжит хуралдаанаар шийдвэрлэлээ.

Энэхүү үнэт цаасыг бүртгэснээр хөрөнгийн зах зээлд цоо шинэ төрлийн бүтээгдэхүүн бий болох аж. Мөн “COVID-19”-ийн цар тахлын голомтод ажиллаж байгаа төрийн жинхэнэ болон тусгай албан хаагчдыг орон сууцжуулахтай холбоотой УИХ, Засгийн газрын бодлого хэрэгжинэ гэж үзэж буй аж.

Мөн дээрх үйл явдал нь цаашид түрээсийн үйл ажиллагаа эрхлэгч бизнесийн байгууллагууд ирээдүйн мөнгөн урсалын хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг олон нийтэд гаргаж шаардлагатай санхүүжилтийг татах боломж, нөхцөл бий болох юм гэж СЗХ-ны мэдээнд дурджээ.

Хуралдаанаар мөн “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ын дагуу 2 компанид, “Үнэт металл, үнэт чулуу, тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгох, бүртгэлийн журам”-ын хүрээнд 7 иргэн, 2 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэлээ.

Харин 3 ААН-ийн банк бус санхүүгийн гадаад валютын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, 2 компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх болон ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болголоо. Мөн 2 компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх болон хөрөнгө оруулалтын менежентийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус бүр түдгэлзүүлэв.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд холбогдох хэргийг шалгаж байна

УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн авлига өгсөн гэх хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байна гэж Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбат хэллээ. Хэргийг мөрдөн шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн байр суурийг прокурорын газраас өгөв.

АН-аас Баянхонгор аймгаас нэр дэвшин УИХ-д сонгогдсон А.Адьяасүрэн гишүүн нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100 мянган ам.доллар буюу 285 сая төгрөгийн авлига өгсөн мэдээлэл УИХ-ын сонгуулийн өмнө цацагдаж, энэ хэрэгтэй холбогдуулан түүнийг яллагдагчаар татна гэж ч яригдаж байсан.

Парламентад сонгогдохоосоо өмнө Ерөнхийлөгчийн албан бус зөвлөх хийж байсан А.Адьяасүрэн гишүүний хэргийг төрийн тэргүүн “царцаасан” гэх мэдээлэл сүүлийн үед тархаад буй.

Ямартай ч УИХ-ын тухай хуульд гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон бол түүний бүрэн эрх хугацаанаас нь өмнө дуусгавар болно гэж заажээ.