Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Баярбилэг: Орон нутагт төрийн байгууллагад ажилладаг, мэдээлэлд ойр хүмүүс боломжийг хувьдаа ашиглаж байна

Долгорын Баярбилэг

Айлын зургаан хүүхдийн нэг тэрээр Хэнтий аймагт дунд сургуулиа дүүргэж, мэдээллийн технологийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан нэгэн.

Мобиком группийн Ньютел ХХК, Нийслэлийн мэдээллийн технологийн газар, Скайтел гээд томоохон байгууллагуудад удирдах албан тушаал хашжээ.

Түүний аав нь Дорноговь аймгийнх харин ээж нь Хэнтий аймгийн Галшар сумын харьяат. Олон газар удирдах албан тушаал хашиж, хувийн бизнесээ ч чамгүй амжилттай удирдаж ирсэн Д.Баярбилэг Хэнтий аймгийн ИТХ-н сонгуулийн 19-р тойрогт өрсөлдөж байна. Сонгуульд өрсөлдөх шийдвэр гаргахаасаа ч өмнө Д.Баярбилэг нутагтаа ирэх бүртээ, үүссэн зарим асуудлыг хэрхэн шийдэж болох вэ хэмээн чамгүй удаан бодож, зарим гарц гаргалгааг гаргахын тулд гадна, дотны олон туршлагыг ч судалж амжжээ.

Ингээд олныг нуршилгүй түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

Нутагтаа ирэх бүртээ “Энийг ингэж шийдвэл хүмүүст хэрэгтэй, тэрийг тэгж засч сайруулах сан” гэдэг бодол үргэлж төрдөг

-Хувийн амьдралын чинь талаар ярилцлагын төгсгөлд яримаар байна. Харин уншигчдаа чилээлгүйгээр, яагаад Улаанбаатарт биш Хэнтий аймагт нэр дэвших болсон талаар чинь сонирхмоор санагдлаа?

-Би их нутаг амьтай хүн. Нутагтаа жилдээ хэд хэдэн удаа ирдэг. Ирэх бүртээ нутгаасаа энерги эрч хүч авч, дотор уужрах шиг болдог. Үүний зэрэгцээ нутгийн минь зарим асуудал бас анхаарал татаж, засах сан, өөрчлөх сөн гэдэг бодол тээж ирсэн. Үүнийгээ бүр эхнэртээ ч хэлээгүй шүү /инээв/. Тэгсэн манай намаас Хэнтий аймагт нэр дэвших боломжийг надад олгоход би ихэд олзуурхан хүлээж авлаа. Улаанбаатарт нэр дэвшиж болох ч нутагтаа хийсэн зүйлтэй, бахархах бахархалтай байж, түүнийгээ үр хүүхдүүддээ хэлж ярьж, зааж сургамаар санагдаж байна.

-Чухам ямар асуудал нь тэгтлээ таны анхаарлыг татаж, сэтгэлийг тань зовоов?

-Нэлээд асуудал бий ч би маш яаралтай шийдэх шаардлагатай цөөн хэдэн асуудлыг онцольё. Жишээ, аймгийн төвд манай 1 дүгээр багт хатуу хучилттай зам тавьжээ. Гэхдээ яагаад манайхан аливаа ажлыг хийхдээ хүнээ боддоггүй, сэтгэлээсээ ханддаггүй юм бол гэж гайхмаар. Энэ замыг тавихдаа замын хажуу талын хашлагыг хийлгүй орхигдуулсан, хэт өндөр хийчихснээс айлуудын гудамж хаагдахад хүрсэн, борооны ус урсаад шууд айлуудын хашаа руу орчихдог гэх мэт маш их асуудалтай.

Чанар муутай зам барьснаас их хэмжээгээр эвдрэл үүсэж, нарийн ширхэгтэй тоос манардаг болсон.

Тэгээд чанар муутай барьснаас их хэмжээгээр эвдрэл үүсэж, нарийн ширхэгтэй тоос манардаг болсон. Гэтэл нарийн ширхэгтэй тоос гэдэг хүмүүсийн эрүүл мэндэд ямар хортой зүйл билээ дээ. Амьсгалын замаар дамжин уушгинд хуримтлагдсанаас уушгины хорт хавдар үүсгэх ч эсрдэлтэй шүү дээ. Дэргэдэх гудамжнаас нь дэгдэж буй энэ их тоос үр хүүхдүүдийн маань эрүүл мэндэд асар сөрөг нөлөөтэй. Гэтэл яагаад хүмүүсийн эрүүл мэндэд заналхийлж байгаа энэ асуудлыг тоолгүйгээр өдий хүрчихэв ээ гэж гайхмаар.


-Өөрийг чинь энд байнга амьдардаггүй атлаа ингэтлээ их анхаарч үзсэнийг чинь гайхаж байна

-Хүмүүс намайг “энд амьдардаггүй” гэж бодох байх. Гэтэл үнэндээ энэ бол миний маш том давуу тал гэж би бодож байна. Хүмүүс амьдардаг газраа дасчихаараа өөрийнх нь эрүүл мэндэд заналхийлж байгаа сөрөг нөлөөллийг хүртэл тоохоо байчихдаг. Харин түүнийг нь удтал өөр газар байсан хүн харчихаад “үнэхээр аюултай, ингэж амьдарч болохгүй” гэж хэлж өгч, зааж чиглүүлдэг.

Өөр нүдээр харж чаддаг гэсэн үг. Иргэд нь ийм тоос шороон дунд, ийм их бухимдал дунд амьдрахыг зөвшөөрөх өөр улс энэ дэлхий дээр ховорхон биз. Тэгэхээр би энэ бүхнийг ирэх тоолондоо харчихаад “ингэж болохгүй ээ, харин ингэж шийдье” гээд шийдэл танилцуулаад байгаа хэрэг.

-Сонгогч иргэд тань таны энэ шийдлийг хэр хүлээж авч байна?

-Би олон хүнтэй уулзсан. Иргэд маань маш таатай хүлээж авсан. Ер нь орон нутгийн сонгууль гэдэг бол тухайн газраасаа хэн нэгэн албан тушаалтныг төрүүлэх биш, харин оршин суугаа газраа ямар ажил хийж, ямар өөрчлөлт бий болгох нь вэ гэдгийг л бодож саналаа өгөх ёстой сонгууль юм. Тэгэхээр иргэд маань ядаж л эрүүл, аюулгүй орчинд амьдруулах шийдлийг ярьж байна уу гэдгийг анхаараарай.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-10-08-ны байдлаар

Categories
мэдээ нийгэм

Ургац хураалт 33.9 хувьтай байна

2020 онд улсын хэмжээгээр 394.6 мянган га-д үр тариа, үүнээс 364.0 мянган га-д улаанбуудай, 18.6 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 61.1 мянган га-д тосны, 52.7 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 536.6 мянган га-д тариалалт хийсэн. Урьдчилсан балансаар 513.3 мянган тонн үр тариа, үүнээс 487.6 мянган тонн буудай, 237.0 мянган тонн төмс, 113.6 мянган тонн хүнсний ногоо, 32.8 мянган тонн тосны ургамал, 109.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарсан.

10 дугаар сарын 06-ний байдлаар 54.3 мянган га-г ангилан хадаж нийтдээ 130.0 мянган га-гаас 166.8 мянган тонн үр тариа, үүнээс 156.7 мянган тонн улаанбуудай, 16.0 мянган га-гаас 209.3 мянган тонн төмс, 6.8 мянган га-гаас 82.3 мянган тонн хүнсний ногоо, 19.2 мянган га-гаас 48.2 мянган тонн тэжээлийн ургамал, 10.6 мянган га-гаас 4.4 мянган тонн тосны ургамал тус тус хураан авснаар үр тарианы хураалт 33.9 хувь, хүнсний ногооны хураалт 70.2 хувь, төмсний хураалт 85.8 хувийн явцтай байна.

Улсын хэмжээнд ургац хураалтын бэлтгэлийг бүрэн хангасны үндсэн дээр ургацыг хяруу, хүйтрэлтээс хамгаалах, ангилан хадсан тарианы мөрийг эргүүлэх, хатаах төхөөрөмж бэлтгэх, үтрэмийн техникийн ашиглалтыг сайжруулах, хураалтад ажиллах оюутан, цэргийн алба хаагчдын аюулгүй ажиллагаа, байр, цалин урамшууллын асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм байна.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр 2020.10.03-2020.10.20-ны өдрүүдэд тариалангийн бүс нутгуудаар цаг агаар тогтворжиж, ургац хураалтыг хэвийн явуулах боломж бүрдэж байгаа тул энэ хугацааг үр дүнтэй ашиглаж, ургац хураалтын ажлаа эрчимжүүлэх, тариаланчид болон холбогдох төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдааг хангаж ажиллахад анхаарч байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Төслийн зөвлөлдөх уулзалтыг цахимаар зохион байгууллаа

Онцгой байдлын ерөнхий газраас Азийн Хөгжлийн банктай хамтран “Зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоо, гамшгийн бэлэн байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

Олон улсын стандартад нийцсэн, дэвшилтэт технологи бүхий гамшгаас амжиж анхааруулах нэгдсэн системийг байгуулах, зарлан мэдээллийг олон нийтэд шуурхай, хүртээмжтэй хүргэх боломжийг бүрдүүлэхэд шаардлагатай ТЭЗҮ, техникийн шийдэл гаргах зорилготой тус төслийн зөвлөлдөх уулзалтыг цахимаар зохион байгууллаа.

Уулзалтад Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, холбогдох албан тушаалтнууд болон Азийн Хөгжлийн банкны төлөөлөгч, төслийн багийн удирдагч, мэргэжилтнүүд оролцож, төслийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааны төлөвлөгөө болоод зохион байгуулалтын талаар харилцан санал солилцсон юм.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: 382 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Тодруулбал, “Өнгөрсөн 24 цагийн байдлаар “Ковид-19”-ийн халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Манай улсад батлагдсан нийт 315 тохиолдол байна.

Өнгөрсөн хугацаанд 307 хүн эдгэрч, эмнэлгээс гарч, ХӨСҮТ-д 7 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тусгаарлалт, ажиглалтад 3672 иргэн байна.

Өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 382 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Үнсийг нөхөн сэргээлтэд дүүргэгчээр ашиглаж эхэллээ

Налайх дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт бичил уурхайн улмаас ухагдаж эвдэгдсэн 1 га талбай дахь ам цооногуудад “Амгалан” дулааны цахилгаан станцаас гарсан 180 м3 үнсийг дүүргэгч материал болгон нөхөн сэргээжээ.

Уг ажлыг:

  • Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Цээцээ импекс” ХХК,
  • Налайх дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Мерсу” ХХК,
  • “Ти ти эй эм энержи” ХХК-иудын 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан хөрөнгөөр газрын хэвлийн мэргэжлийн байгууллагын эрх бүхий “Эм ди юу” ХХК хийж гүйцэтгэсэн байна.

Нийслэлийн эрчим хүчний болон дулааны хэрэглээ тасралтгүй нэмэгдэж байгаатай холбогдуулан энэ төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээнээс их хэмжээний үнс ялгарч орчныг бохирдуулж байна. Иймээс үнсийг дахин боловсруулах, хоёрдогч түүхий эд гарган авах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах онцгой шаардлага тулгарч байна.

Тухайлбал зөвхөн “ДЦС-4” ТӨХК нь жилд дунджаар 3.6 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч, 3500 мян.Гкал орчим дулааны эрчим хүч үйлдвэрлэхдээ 3.2 сая.тн орчим нүүрс түлж, 300.000 тн үнс ялгаруулдаг. Жилийн дөрвөн улиралд баруун хойд зүгийн салхи зонхилдог манай орны хувьд дулааны цахилгаан станцаас гарч байгаа үнсийг задгай үнсэн санд хаяж, хадгалах нь Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг нэмэгдүүлэх нэг шалтгаан болсоор байгаа юм.

Өнөөгийн байдлаар жилд ялгардаг нийт үнсний 3.5 хувийг барилгын материалын зориулалтаар ашиглаж байна. Цахилгаан шүүлтүүрээр ялгасан үнсийг 100 хувь хуурайгаар авч эко үйлдвэрлэл явуулах боломж байгаа хэдий ч бүх дулааны цахилгаан станцууд цахилгаан шүүлтүүрээр хангагдаагүй, мөн улирлын чанартай үнс ашиглах, хадгалахад хүндрэлтэй асуудал бий тул дүүргэгч болгож нөхөн сэргээлтэд ашиглах нь байгальд ээлтэй шийдэл болох аж.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн үйлчилгээг хүн төвтэй болгоно

Улс орнуудын хөгжлийн тэргүүлэх салбаруудын нэгд яах аргагүй эрүүл мэнд ордог. Энэ утгаараа 2020 оны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нийслэлийн Монгол Ардын Намын хорооноос дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн салбарын хөгжлийг түргэсгэх, олон улсын жишигт хүргэхүйц хэд хэдэн арга шийдэл тусгасны нэг нь технологийн хөгжилтэй холбоотой байна. Угаас мэдээллийн технологийн асар хурдацтай хөгжил дунд амьдарч буй иргэд бусад салбараас ч энэ төрлийн дэвшлийг шаардсаар байгаа. Иймд эрүүл мэндийн салбарт цахим үйлчилгээг өргөжүүлэн эрүүл мэндийн нэгдсэн санг бүрдүүлэхээр нийслэлийн МАН-ын хороо 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусган, үүний төлөө зорьж байгаа юм.

Технологийн хөгжлийн нөлөөгөөр ямар олон зүйлийг хялбарчлах, цаг хугацаа хэмнэх боломжтойг хүн төрөлхтөн өдөр тутамдаа мэдэрч буй. Түүнчлэн дэлхий нийтийг одоо ч цочроосон хэвээр байгаа Covid-19 цар тахлын үед иргэд технологи ямар хэрэгтэйг, ялангуяа эрүүл мэндийн салбартаа яаралтай нэвтрүүлэх шаардлагатай гэдгийг ойлгох шиг боллоо. Энэ үед улс орнууд хөл хорио тогтоож иргэд гэртээ үлдсэнээр эрүүл мэндийн түргэн тусламжийн үйлчилгээ, эмчийн зөвлөгөө зэргийг цахимаар авах телемедицин үйлчилгээ дэлхий нийтэд хүчээ аваад байна. Монголын хувийн хэвшлийн томоохон эмнэлгүүд энэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлж эхэлж байгаа ч дийлэнх иргэдийн үйлчлүүлдэг улсын эмнэлгүүдэд төдийлөн хангалттай биш. Тиймээс нийслэлийн МАН-ын хорооны зүгээс эрүүл мэндийн үйлчилгээг хүн төвтэй байлгах, тэдгээр үйлчилгээг технологид тулгуурлан хүргэхээр бодлого чиглэлээ тодорхойлж, мөрийн хөтөлбөртөө тусгаад байгаа юм.

Тэд мөрийн хөтөлбөрийнхөө дагуу юун түрүүнд дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг, амаржих газар, төрөлжсөн эмнэлгүүдэд цахим программыг үе шаттай нэвтрүүлэх аж. Түүнчлэн Цахим эрүүл мэнд хөтөлбөрийн хүрээнд өрх, дүүргийн Эрүүл мэндийн төвийн “E-Health” программ хангамжийг төрийн мэдээллийн “ХУР” системтэй холбохоор төлөвлөөд байна. Ингэснээр иргэд эрүүл мэндийн үйлчилгээ, үзлэг оношилгоог илүү хялбараар, түргэн шуурхай, хүртээмжтэй авах боломж бүрдэх юм. Ингэж байж л урт дараалал, чанаргүй үйлчилгээтэй зэрэг олон асуудлыг араасаа дагуулдаг эрүүл мэндийн салбарын хөгжил нэг шатаар ахиж улсын хөгжлийн гол цөм болсон иргэдийнхээ амин асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж харж байна. Түүнчлэн эрүүл мэндийн салбарт технологи нэвтэрч шийдвэрлэх боломжтой олон асуудлыг шийдэх нь эргээд ачааллаа дийлдэггүй эмнэлгүүд, эмч мэргэжилтнүүдэд ч эерэг нөлөөтэй юм.

Эрүүл мэндийн салбарын хөгжил тухайн улсынхаа эдийн засагтай шууд хамааралтай байдаг. Ялангуяа улсын томоохон эмнэлгүүдийн үйл ажиллагаа үүнтэй уялдаатай. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн Монголын эрүүл мэндийн салбарын хөгжлийн түвшин улсынхаа эдийн засгийн хөгжлөөсөө хамаарч байна гэхэд буруудахгүй. Ижил түвшний эдийн засагтай орнуудтай харьцуулахад бид орчин үеийн анагаах ухааны тусламж, үйлчилгээг маш богино хугацаанд эрчимтэйгээр нэвтрүүлж, эмч, эмнэлгийн ажилчдын чадвар сайжирч байгаа ч цахим зуунд эрүүл мэндийн салбарын хөгжлөө технологитой холбох шаардлагатай байгааг салбарын мэргэжилтнүүд хэлдэг. Тиймээс өмнө хэлсэнчлэн нэг талаараа амжилттай хөгжиж байгаа ч, нөгөө талаараа асуудал их дагуулдаг энэ салбарт төр засгийн оролцоо, шийдвэр нэн чухал юм. Иймд мэдээллийг тэгш авах эрх бүх оронд нээлттэй болсон энэ цагт технологийн өгч буй боломжийг ашиглан хөгжлөө сайжруулах боломж байгааг нийслэлийн МАН-ын хороо олж харан ирэх жилүүдэд хэрэгжүүлэх бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгоод байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох шүүх хурал өнөөдөр болно

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.6 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан.

Тус шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хэлэлцэгдсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10.00 цагт товлож шийдвэрлэсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

“Бэтмэн” киноны нээлт 2022 оны гуравдугаар сарын 4 хүртэл хойшилжээ

Дэлхий дахинаа тархаад буй цар тахлын улмаас олон кино студи шинэ бүтээлийнхээ нээлтийг хойшлуулсаар байна.

Жишээ нь “Варнер Брос” кино компани Роберт Паттисоны тоглож буй удаан хүлээлгэсэн “Бэтмэн” киноныхоо нээлтийг ирэх 2021 оны аравдугаар сарын 1-нд хийхээр төлөвлөж байсан ч 2022 оны гуравдугаар сарын 4 хүртэл хойшлуулжээ.

Мөн “Шазам” киноны хоёрдугаар ангийн нээлт 2022 оны арваннэгдүгээр сарын 4-нд байсныг 2023 оны зургаадугаар сарын 2-нд болгожээ.

Categories
мэдээ нийгэм

“Нөхөн сэргээлт-2024” үйл ажиллагааг хэрэгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газар 2020-2024 онд үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон га талбайд нөхөн сэргээлт хийх ажил тусгагдсан. Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 30 гаруй мянган га талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай байгаа бөгөөд 2020-2024 онд 8000 га талбайг нөхөн сэргээх шийдвэрийг Засгийн газар гаргаад байна. БОАЖЯ-ны удирдлагууд энэ ажлын хүрээнд анхны уулзалтыг холбогдох албаны хүмүүстэй хийлээ.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Бид төрөөс маш том үүрэг, хариуцлагыг хүлээгээд байна. Экологийн цагдаагийн албатай хамтран 8000 га талбайг нөхөн сэргээх ажлыг хийхэд шийдэх, өөрчлөх шаардлагатай хэд хэдэн асуудал байна. Тухайлбал ашигт малтмалын олборлолт хийж байгаа аж ахуйн нэгжүүд ажлаа дууссаны дараа нөхөн сэргээлтийн ажлыг эхэлдэг нь нөхөн сэргээлтийг гацаадаг, эзэнгүйдүүлдэг нөхцөл үүсгэдэг. Үүнд хууль эрхзүйн зохицуулалт хийх шаардлагатай байна. Мөн нэгэнт эвдэрч сүйдсэн талбайг нөхөн сэргээх ажлаас гадна урьдчилан сэргийлэх ажлыг ч орхигдуулалгүй хийх хэрэгтэй. Мөн олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг хамтарч хийх саналтай байна” гэлээ.

БОАЖЯ, ЦЕГ-ын экологийн цагдаагийн алба хамтран “Нөхөн сэргээлт 2024” ажил тун удахгүй эхлүүлэх бөгөөд өнөөдөр анхны уулзалтаар цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ярилцаж, үүрэг чиглэл өгсөн юм.