Categories
мэдээ нийгэм

Д.Нямхүү: 879 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Аравдугаар сарын 14, 15-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораторид нийт 879 хүний сорьцод шинжилгээг хийхэд бүгд СӨРӨГ буюу коронавирусийн халдвар илрээгүй. Тодруулбал

2020 оны аравдугаар сарын 1-ний өдөр Сиэтл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 243 хүний давтан шинжилгээ

Есдүгээр сарын 25-ны өдрийн Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 213 хүний давтан шинжилгээ

Замын-Үүд боомтоор орж ирсэн 194 хүний давтан шинжилгээ

Дорноговь аймагт тусгаарлагдсан есөн хүний шинжилгээ

Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээ

ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан зургаан хүний шинжилгээ

Сайн дураар шинжилгээ өгсөн дөрвөн хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.

Тандалтын зорилгоор 26 хүний сорьцод шинжилгээ хийсэн. Сорьцыг Сэлэнгэ, Өвөрхангай, Улсын Гуравдугаар төв эмнэлэг, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Багануурын эрүүл мэндийн төвөөс авсан.

Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдаж буй 59 хүний шинжилгээ

Үүрэг гүйцэтгэж байгаа 37 эмч, ажилтанд хийсэн хяналтын шинжилгээ бүгд сөрөг гарсан.

Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 86 жолоочийн шинжилгээний хариу сөрөг гарсан” хэмээн мэдээлэв.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод ХӨСҮТ-тэй адил түвшний лабораторийг байгуулсан. Боомтын хойд хаалганд лаборатори ажиллаж буй бөгөөд шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн лабораторид баталгаажуулж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад COVID-19-ийн батлагдсан тохиолдол 320 байна. Үүнээс 311 нь эдгэрч, эдгэрэлтийн хувь 97 байгаа нь өндөр үзүүлэлт хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү онцоллоо.

Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтад 14, гэрийн ажиглалтад дөрвөн хүн байгаа бол 297 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан байна.

Коронавирусийн халдвар авсны улмаас ХӨСҮТ-д 9 хүн хэвтэн эмчлэгдэж байгаагаас долоо нь хөнгөн, 2 хүн нь хүндэвтэр байгааг ХӨСҮТ-өөс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

​ ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 08 дугаар дүгнэлт;-Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/;-Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Нэг хоногт гэр бүлийн хүчирхийллийн 44 дуудлага иржээ

Цагдаагийн байгууллагын 102 утсанд өнгөрсөн хоногт нийт 1268 дуудлага иржээ. Уг дуудлагаас 555 зөрчлийн шинжтэй байсан бол 50 нь гэмт хэргийн шинжтэй байна.

Харин хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн 44 дуудлага бүртгэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Цаг агаарын урьдчилсан мэдээ

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2020 оны 10 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говийн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 7-9 хэм дулаан байна.

2020 оны 10 дугаар сарын 17-ноос 10 дугаар сарын 21-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

17-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас, 19-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна. 19-нд нутгийн баруун хойд хэсгээр, 20-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Categories
мэдээ улс-төр

Налайх дүүргийн 1-р тойрогт нэмэлт санал хураалт явуулахаар болжээ

Нийслэл, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүнг нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээлэв.

Нийслэлийн 453 хэсгийн хороонд санал хураасан бөгөөд сонгогчдын ирц 19.00 цагийн байдлаар 41.1 хувьтай байсан. Энэ удаагийн сонгуулийг хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд анх удаа ирцийн босгогүй зохион байгуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийт санал өгсөн сонгогчдын олонхын санал авсан нь төлөөлөгчөөр сонгогдоно.

НИТХ-ын 45 мандатаас МАН 34 суудал, АН 8 суудал, ХҮН 3 суудал авчээ. Харин нийслэлийн 9 дүүргийн ИТХ-ын 291 мандатаас МАН-201, АН-75, МАХН-10, МНН-1, Бие даагч 1 суудал авсан байна. Одоогоор, нийслэлийн нийт 453 хэсгийн 50 хувьд нь хяналтын тооллого явуулж байна. Хуульд заасны дагуу хяналтын тооллого явуулах хэсгийн хороог нам, эвслийн ажиглагч, төлөөллийн сонголтоор сонгосон байна.

Нийслэлийн Налайх дүүргийн 1-р тойрог нь 4 мандаттай бөгөөд МАН болон АН-ын нэр дэвшигчдийн авсан саналын тоо тэнцсэн тул нэмэлт санал хураалт явуулах шаардлагатай болжээ. Хуульд заасны дагуу нэмэлт санал хураалтыг 10 хоногийн дотор явуулах ёстой.

/Урьдчилсан дүнгээр/:

Дүүрэг

Мандат

Намын нэрс

Авсан Мандатын тоо

Хувь

1

Баянгол

41

Монгол Ардын нам

20

48.78

Ардчилсан нам

18

43.90

Монгол Ардын хувьсгалт нам

1

2.44

Хөдөлмөрийн Үндэсний нам

2

4.88

2

Баянзүрх

43

Монгол Ардын нам

23

53.49

Ардчилсан нам

18

41.86

Хөдөлмөрийн Үндэсний нам

2

4.65

Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам

0

0

Бие даан нэр дэвшигч

0

0

3

Сонгинохайрхан

43

Монгол Ардын нам

42

97.67

Ардчилсан нам

1

2.33

Монгол Ардын хувьсгалт нам

00

0

Шударга иргэдийн нэгдсэн эвсэл

00

0

4

Сүхбаатар

35

Монгол Ардын нам

7

20.00

Ардчилсан нам

26

74.29

Хөдөлмөрийн үндэсний нам

0

0

Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам

0

0

Бие даагч

1

5.71

5

Хан-Уул

35

Монгол Ардын нам

26

74.29

Ардчилсан нам

4

11.43

Монгол Ардын хувьсгалт нам

0

0

Монголын ногоон нам

1

2.86

Хөдөлмөрийн үндэсний нам

4

11.43

6

Чингэлтэй

35

Монгол Ардын нам

30

85.71

Ардчилсан нам

3

8.57

Хөдөлмөрийн үндэсний нам

2

5.71

7

Багануур

17

Монгол Ардын нам

16

94.12

Ардчилсан нам

1

5.88

8

Багахангай

17

Монгол Ардын нам

17

100

Ардчилсан нам

0

0

Монгол Ардын хувьсгалт нам

0

0

9

Налайх

25

Монгол Ардын нам

20

84.00

Ардчилсан нам

4

16.00

Монгол Ардын хувьсгалт нам

0

0

Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам

0

0

ДҮҮРЭГ

ТОЙРГИЙН ДУГААР

НЭР ДЭВШИГЧИД

АВСАН САНАЛ

ХУВЬ

1

Баянгол

1

Дашнямын ИХБАЯР (МАН)

9,841

39.06%

Өлзий-Оршихын СУМЪЯАБААТАР (МАН)

9,438

37.46%

2

Баянгол

2

Жанцангийн БАТБАЯСГАЛАН (МАН)

11,363

48.57%

Ганбаатарын ГАНГАМӨРӨН (МАН)

10,352

44.24%

3

Баянгол

3

Доржзовдын ЭНХТУЯА (АН)

9,388

42.38%

Чимид-Очирын МЭНДБАЯР (МАН)

9,285

41.91%

4

Баянзүрх

4

Майнбаярын ТУЛГАТ (АН)

9,625

43.18%

Түмэндэлгэрийн БАТЦОГТ (АН)

9,121

40.92%

5

Баянзүрх

5

Пүрэвсүрэнгийн НАРАНБАЯР (ХҮН)

11,112

52.73%

Доноровын ГАНТУЛГА (ХҮН)

8,074

38.31%

6

Баянзүрх

6

Үнэнбатын ОЮУНЗУЛ (МАН)

8,828

44.63%

Дамдинсүрэнгийн ЭНХБАЯР (МАН)

8,588

43.42%

7

Баянзүрх

7

Даваахүүгийн ПҮРЭВДАВАА (АН)

9,516

44.27%

Нацагийн БАЯРМӨНХ (МАН)

9,030

42.01%

8

Баянзүрх

8

Борхүүгийн СҮХБААТАР (МАН)

10,415

51.62%

Бяруузанын ПҮРЭВДАГВА (МАН)

9,141

45.31%

9

Сонгинохайрхан

9

Цогтсайханы ТӨРХҮҮ (МАН)

11,112

63.44%

Рэнцэндагвын ДАГВА (МАН)

10,057

57.42%

Ташрамд дурдахад, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүнг нийтэд мэдээлдэг хуулийн заалттай. Ингээд сонгууль дууссанаас хойш тухайн шатны ИТХ-даа сонгуулийн дүнг өргөн барьж, батлуулна. Сонгуулийн дүнг урьдчилсан байдлаар https://gec.gov.mn/post/3057 холбоосоор үзэж болох юм.

Categories
мэдээ цаг-үе

М.Болормаа: Япон улс уул уурхай, ХАА-н бүтээгдэхүүн худалдан авах сонирхолтой байгаа

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан М.Болормаатай ярилцлаа.


-Япон улсын гадаад хэргийн сайд Т.Мотэгигийн айлчлалыг хэрхэн дүгнэж байна вэ. Манай улсад хэр өгөөжтэй айлчлал болов, айлчлалын гол үр дүн нь юу байв?

-Япон улсын Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал нь дэлхий нийтэд тархан буй “КОВИД19” цар тахлын онцгой нөхцөл байдалд болж өнгөрснөөрөө онцлогтой айлчлал боллоо. Энэхүү айлчлалаараа Япон улс нь Монгол Улсыг Зүүн Хойд Ази дахь чухал түнш хэмээн онцлон авч үздэгээ дахин илэрхийллээ. Мөн Япон улсын Засгийн газар шинээр эмхлэгдэн байгуулагдсаны дараа их удалгүй тус улсын Гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчилсан нь манай улстай тогтоон хэрэгжүүлж ирсэн харилцаа, хамтын ажиллагааг үргэлжлүүлж, хөгжүүлэхийн төлөө байдгаа нотолсон үйл явдал боллоо. Нөгөө талаар манай улсын хувьд мөн адил шинээр эмхлэн байгуулагдсан Засгийн газар үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байгаа энэ цаг үед гуравдагч хөрш орнуудаас хамгийн түрүүнд Япон улсын Гадаад хэргийн сайд манай улсад айлчилсан нь 1990 оноос хойш манай улсын баримталж ирсэн олон тулгуурт гадаад бодлого хэрэгжиж байгаагийн нэгэн жишээ юм. Манай улсын ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирсэн Япон улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг энэ айлчлалаар улам бэхжүүлж, цаашид 2021-2025 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх харилцаа, хамтын ажиллагааны хөтөлбөрийг гаргахаа хоёр тал тохиролцсон нь нэн ач холбогдолтой боллоо гэж үзэж байна.

-Айлчлалаар Япон улсын Засгийн газраас манай улсад нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу 0.01 хувийн хүүтэй 25 тэрбум иенийн (230 гаруй сая ам.доллар) зээл олгохоор боллоо. Манай улсын эдийн засагт чамлахааргүй нэмэр болох хэдий ч өр зээл нэмэгдээд байна уу?

-Хоёр орны Гадаад харилцааны сайд нарын албан ёсны хэлэлцээний үеэр Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги “Шинэ коронавирусийн халдварын тархалт дэлхий нийтийг хамарч буй энэ цаг үед Япон улс Монгол Улсын эрүүлийг хамгаалах, эмчилгээний тогтолцоог бэхжүүлэх зорилгоор 12 сая ам.долларын эмнэлгийн хэрэгсэл, техникийн туслалцаа, мөн коронавирусийн эсрэг эмчилгээний үр дүн бүхий авиген эмийн нийлүүлэлтэд зориулан олгосон, энэ удаа 25 тэрбум иенийн зээлийг олгож буй”-гаа хамтарсан хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэж, сайд нар “КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай зээл”-д гарын үсэг зурцгаасан. Энэ удаагийн “КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай зээл” /ойролцоогоор 230 гаруй сая доллар/-ийг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу 0,01 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай олгохоор гэрээнд заасан. Манай улс тус зээлийг дотооддоо “КОВИД-19”-ийн халдвар тархахаас сэргийлэх, эдийн засгаа сэргээх, тогтвортой хөгжилдөө нэмэр хандив болгохыг зорьж, үр ашигтай зарцуулах хэрэгтэй. Япон улсын Засгийн газар нь энэ зээлээрээ Ази, Номхон далайн хөгжиж буй орнуудад цар тахлыг хамтын хүчээр даван туулах, тэдгээр орнуудын эдийн засгийг дэмжих, сэргээн босгоход чиглүүлэх, олон улсын тавцанд өөрийн орны хувь нэмрээ оруулахыг зорьж байдгийн нэг жишээ.

-Хоёр орны цаашдын харилцааг хэрхэн харж, дүгнэж байна вэ. Энэ айлчлалаар стратегийн түншлэлийн харилцааг цаашид бэхжүүлэхийн төлөө байгаа гэдгээ илэрхийлсэн. Түншлэлийг шат ахиулах боломж хэр байгаа вэ?

-Манай улс Стратегийн түншлэлийн харилцааг ОХУ, БНХАУ, Япон Улстай байгуулж, харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлж байна. Монгол, Япон хоёр орны улс төрийн харилцаа хамгийн өндөр түвшинд хүрсэн. Хоёр орны хооронд байгуулсан Дунд хугацааны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд дээр дурдсанчлан цаашид хөгжүүлэх харилцаа хамтын ажиллагааны хөтөлбөрийг гаргаж, хэрэгжүүлэхээр тохирсон. 2021-2025 онд хэрэгжүүлэх дараагийн хөтөлбөр бол харилцааны чухал баримт бичиг болох юм. Цаашид эдийн засгийн харилцааг улам хөгжүүлэх шаардлагатай байна. Дараагийн хөтөлбөр эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх хөтөлбөр болоосой гэж хүсэж байна. Тухайлбал, Япон улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт тулгуурлан Япон улсын тусламж, технологийг ашиглан манай улс дэлхийн стандартын шаардлагыг хангасан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэр байгуулах шаардлагатай юм. Урьд нь манай улсад Япон улсын тусламжаар байгуулагдан, Монголын брэнд болсон ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийд танигдсан “Говь” үйлдвэрийн жишээ байна. Цаашид хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд манай улсын зүгээс ихээхэн идэвх санаачилга гаргах хэрэгтэй.

-Хоёр орны худалдаа, эдийн засгийн өнөөгийн түвшин хэр байна. Цаашид яаж өргөжүүлэх боломжтой вэ?

-Монгол, Япон хоёр улс 1972 онд дипломат харилцаа тогтоож, 1977 оноос эдийн засгийн салбарт харилцаж эхэлсэн. Тэр онд Япон улс БНМАУ-д анхны эдийн засгийн тусламжаа өгч, ямааны ноолуур боловсруулах “Говь” үйлдвэрийг байгуулахад хөрөнгө, санхүү, техник технологиор тусалжээ. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа буцалтгүй тусламж өгснөөр “Говь” үйлдвэр нь Монгол Улсын ноолуур, ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод гаргадаг гол үйлдвэр болсон байна. 1990 оноос хойш тусламжийн төрөл олшрон, хэмжээ, нэгж хугацаанд олгох давтамж нь эрс нэмэгдсэн юм. Улмаар 2015 оны хоёрдугаар сарын 10-нд хоёр орны Ерөнхий сайд нар “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улсын хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан билээ. Энэ хэлэлцээр нь 2016 оны зургадугаар сарын 7-нд хүчин төгөлдөр болсон. Хэлэлцээр Монгол Улсын хувьд анхных, Япон улсын хувьд 15 дахь нь болсон юм. Хэлэлцээр нь дотроо 13-14 чиглэлтэй, худалдааны тариф, саад болоод бусад тотгорыг арилгах, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, оюуны өмч, гаалийн горим, хамтын ажиллагаа, цахим худалдаа гэх мэт өргөн цар хүрээтэй хамтын ажиллагааны асуудлуудыг хамарч байна. Шууд бизнес эрхлэгчдэд очих нөлөөлөл нь барааны гаалийн татварыг чөлөөлөх явдал юм. Дэлхийн худалдааны байгууллагад бүртгэгдсэн, гаалийн кодлолоор есөн мянга орчим барааны татварыг чөлөөлж байгаа бөгөөд хоёр орны бизнес эрхлэгчдийн экспорт, импортын зардал буурах үр дүн гарна гэж хэлж болно.

Монгол Улс юуны түрүүнд Японы өндөр техник, технологи, менежмэнт, ажлын арга барилыг эдийн засагтаа нэвтрүүлэхийг сонирхож байгаа бол Япон улс нүүрс, зэс, цайр болон бусад эрдсийн түүхий эд, монгол малын мах, ноос зэрэг ХАА-н бүтээгдэхүүнийг худалдан авахыг сонирхож байгаа юм билээ. Япон улсын стандартын шаардлагыг хангасан бараа бүтээгдэхүүний төрөл зүйлийг нэмэгдүүлэх шаардлага бидэнд тулгамдаж байна.

-Айлчлалаар “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай” стратегийг хэрэгжүүлэхийн тулд үргэлжлүүлэн бодитой хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон. Энэхүү стратегийн талаар ярихгүй юу?

-Эрх чөлөө, ардчилал, хүний эрх, хууль эрх зүй зэрэг үнэт зүйлийг хамтдаа эрхэмлэдэг Зүүн Хойд Азийн орны нэг болох Монгол Улс нь стратегийн чухал түншийн хувьд Япон улстай нягт харилцаж ирсэн. 2018 оны арванхоёрдугаар сард Монгол, Япон хоёр орны Ерөнхий сайд нарын уулзалтаар “Чөлөөт нээлттэй Энэтхэг, Номхон далай” стратегийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэн тохиролцсон. Энэ удаагийн Гадаад хэргийн сайдын айлчлалаар ч мөн үргэлжлүүлэн хамран ажиллахаар тохиролцсон. Энэтхэгийн далай, Номхон далайн бүс нутагт нь олон улсын тогтвортой байдал, хөгжлийн түлхүүрийг атгаж, өсөж байгаа Ази, нөөц бололцоо ихтэй Африк гэсэн хоёр тив, мөн Номхон далай, Энэтхэгийн далай гэсэн хоёр далай хамаардаг геостратегийн чухал бүс. Энэ бүс нутагт улс орнууд чөлөөтэй, нээлттэй худалдааг хөгжүүлж, харилцан ашигтай үйл ажиллагаа явуулахын төлөөх стратеги гэж ойлгож болно.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шинэ Монгол үндэстэн төлөвшин тогтсон нь

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Даян хаан Ойрдыг цохисны дараа үр ач нар нь зургаан түмэн Монголыг захирах болов. Баруун гурван түмэн нь Ордос, Түмэд, Еншөөбүү, Зүүн гурван түмэн нь Цахар, Халх, Урианхай болой. Даян хааны удаах хүү Улсболд Ордост хүргэн орж жонон болсон авч Эсэн тайшийн ач хүү Ибрай тайш тэнд хүч нөлөөтэй нэгэн байж жононг хороожээ. Даян хааны гутгаар хүү Барсболд* Түмэд аймагт хүргэн орсон авч хэрүүл зодооноос айн удалгүй зугтсан байна. Энэ бүхнээс болж Даян хаан өс авахаар Зүүн гурван түмний нэгдсэн цэргийг 1510 онд хөдөлгөн ялалт байгуулснаар Монголын нэгдлийг дахин хангасан ажгуу.

Даян хааны дараа ширээ залгамжилсан Бодь-Алаг хаан хүү Гүнбилэгийг Ордосын, Алтанг Түмэдийн тэргүүн жоногоор томилов. 1538 онд Урианхайд бослого гарахад Баруун түмэн, Зүүн түмэн хоёр нийлж байгаад Урианхайг бут цохиж аймгийг нь тараагаад хүн амыг нь бусад аймгуудад ийш тийш тараан хуваарилжээ. Үүнийг далимдуулан Халх аймаг Хэнтийн нуруунаас баруун тийш бэлчээр нутгаа тэлэн Хангайн нурууг дамналдуулан нутаглах болов.[i] Гүнбилэг нас барсны дараа Бодь-Алаг хаан Алтанг нийт баруун гурван түмний тэргүүн гэж хүлээн зөвшөөрөв. Алтан хан ч хүчирхэгжин Ойрд, Хөх нуур, Моголистан руу байнга дайтах төдийгүй Мин династийг довтлох гол дайсан нь болов.

Энэ үед Хятадын алдарт аялагч Жэн Хэ* (Zheng He) далайгаар дамжин дэлхийг бараг л дахин нээгээд байсан. Тэрээр долоон удаагийн аяллаар Өмнөд Ази, Африк тийш олон усан зам нээсэн нь европчуудаас түрүүлсэн хэрэг байв. Түүнийг Колумбаас бараг 80 жилийн өмнө анхлан Америк тивийг нээсэн ч гэдэг.[ii] Харин Мингийн Жү Жанжи* (Emperor Zhu Zhanji) Эзэн хаан эцгийнхээ хөхиүлж байсан энэ төслийг хаасан төдийгүй бүхий л флотыг нь эвдэн шатаасан аж. Үүний гол буруутан нь Алтан хан. Алтан хан Хятад руу байнга довтлон түгшээж байснаар барахгүй нэг удаа Бээжинг бүсэлж байв. Жү Эзэн хаан хамаг анхаарлаа умардын зэрлэгүүд рүү хандуулахаар шийдэж Жэн Хэгийн төслийг хаажээ. Ийнхүү Хятад нь далайн хүчирхэг гүрэн болох боломжоо нэгмөсөн алдсан юм.

Бодь-Алаг* хааны дараа ширээ залгамжилсан Дарайсун Гүдэн* нэгэнт хүчирхэгжсэн Алтан* ханы дарамтаас айж Хянганы нурууг даван алс тэртээ зүүн тийш нүүв. Ийнхүү Монголын үе үеийн хаад байтугай ерөөс нүүдэлчдийн төрийн төвлөрөл асан Орхоны хөндий хаягдаж, хаан нь Цахарт суух болжээ. Хожим нь өөрийгөө Чингис хаан гэж хүртэл нэрлэж байсан Монголын сүүлчийн хаан Лигдэнг бусад нь Цахарын Лигдэн* гэх болжээ. Харин нийт Монгол нутагт Даян хааны ач хүү Алтан хан 35 жилийн турш хамгийн эрх мэдэлт нэгэн байсан юм.

Өнөөгийн Монгол Улсын дүр төрхийг буй болгоход Алтан хан маш их үүрэг гүйцэтгэсэн гэж түүхчид үздэг. Тэрээр анхлан төвдийн шарын шашныг Монголд оруулж ирснээр баруун талаас тулаад байсан лалын шашны тэлэлтийг хязгаарлажээ. Ер нь тэрээр Хятадын соёлын түрэлтээс болгоомжлон Мин гүрэнтэй эв эе хэлэлцэхийн зэрэгцээ Төвөдтэй харилцаагаа өргөтгөн зузаатгасан билээ. Мин гүрэнтэй байлдсан тулалдаануудаас олон хятад иргэдийг олзлон тэднээр Хөххотыг байгуулуулсан нь нүүдэлчдийн хэдэн мянган жилийн түүхэн дэх анхны жинхэнэ хот байсан юм. Мөн хятад тариачдын зааснаар монголчууд анх удаа Хөх нуурын орчимд үр тариа тарьж эхэлсэн билээ.[iii] Энэ нь цааш уламжлагдан Увс нуур орчмоор арвай тарих соёл гүнзгий нэвтэрсэн юм.

Алтан хан Ойрдыг гурван удаа хүчтэй цохин Эрчис мөрнөөс цааш шахсан. Энэ тухай Монголын он дарааллын урсгал-д тэмдэглэхдээ:

1552 онд Алтан хан Ойрдыг цэрэглэж ирээд Хүнүй, Завханы газраа найман мянган хойдуудын тэргүүн Маньмянгатыг цохин сөнөөж эхнэр, хоёр хүү болон бүхий л иргэн олныг олзлон аваад Дөрвөн Ойрдыг өөрийн ноёрхол дор хураав.

Хубилайн эсрэг тэмцэж байсан Ойрдын их цэрэг Аригбөхийг үхсэний дараа зуун жил ор сураггүй болсон бол Алтан хан ойрдуудыг дутааснаас хойш дахин бараг зуун жил таг чиг болсноор хэсэгтээ түүхэн сударт тэмдэглэгдсэнгүй, чимээ тасрав.

Шинэ Монгол гэгдэх өнөөгийн монгол үндэстэн ийнхүү Даян хаан Батмөнх, түүний ачхүү Алтан хан нарын дараагаас төлөвшин тогтжээ. Өдгөө үрэгдэлгүй үлдэж хоцорсон ургийн бичгүүд зөвхөн Даян хаанаас эхтэй байдаг. Өнөөдөр дэлхий дээр 9-10 сая монголчууд амьдарч байна.

2000 оны тооллогоор Хар мөрөн мужид (Heilongjian) 141 мянга гаруй, Жилин мужид (Ji­lin) 172 мянга, Ляонин мужид (Liaoning) 870 мянган монгол хүмүүс оршин сууж байгаа. Шиньжаан бол олон үндэстний муж, тоогоороо 6 дугаарт орох монголчуудын хүн ам 150 мянга. Өвөр Монголд нийт 24 сая хүн амьдардгийн 18 сая 500 мянга нь хань үндэстэн, харин монголчууд 4 сая буюу нийт хүн амын 17 хувийг эзэлж байгаа юм.[iv] БНХАУ-д нийтдээ 5,3-5,5 сая монголчууд амьдардаг аж. Монгол хэл заншилтай нь үүнээс хавьгүй бага гэж үздэг, учир нь монгол гаралтай боловч өөр үндэстэнтэй холилдон хэл заншлаасаа хол хөндийрсөн олон хүн өөрсдийгөө монгол гэж бүртгүүлдэг аж. Учир нь үндэсний цөөнхид олгодог элдэв хөнгөлөлт, ялангуяа айлд нэгээс илүүгүй хүүхэд гэсэн бодлого Хятадад хэрэгжсэнээс хойш илүү олон хүүхэдтэй болох эрх бүхий үндэсний цөөнхид тооцогдох сонирхол их буй болжээ. Үүнээс гадна Зүүн Хойд Хятадад өөрсдийгөө монгол гэхээсээ буриад гэж тусгайлан нэрлэдэг 70 орчим мянган хүн бий. Мөн Хятад улсаас албан ёсоор үндэстэн гэж хүлээн зөвшөөрдөг 56 дотор монгол үндэстэнд багтаадаггүй тусад нь тооцдог дагуур монголчууд (Daur nationality) 132 мянга хүрдэг. Тэд хятанчуудын удам болох нь генетик судалгаагаар тогтоогдсон.[v]

Оросын субьект Буриад улсад 650 мянган орос, 270 мянган буриад-монгол үндэстэн амьдардаг. Эрхүү, Чита мужийг оролцуулаад нийт буриад хүн ам 1989 оны тооллогоор 421 мянга ба үүнээс 364 мянга нь буриадыг эх хэлээ гэж нэрлэжээ. Халимаг улсад 170 мянган халимаг монгол амьдарч буй нь хүн амын 57 хувийг эзэлж байна.[vi] СССР тарж бутарснаас хойших монгол үндэстний тоо бүртгэл олдохгүй, эсвэл огт хийгдээгүй байх.

Монгол Улсын хүн ам 2015 онд 3 сая хүрлээ.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Сайнхишиг: Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталснаар шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал, үр нөлөө дээшилнэ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргаа, удирдлагын газрын дарга Ж.Сайнхишигтэй ярилцлаа.


-Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулийн төслүүдээр шүүхэд ямар өөрчлөлт, шинэчлэлтийг хийхээр тусгасан бэ?

-Монгол Улсын Үндсэн хуульд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүнтэй холбоотойгоор Шүүхийн тухай хууль тогтоомжийг шинэчлэх ажил явагдаж байна. Энэ хүрээнд Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгч гэсэн хууль санаачлах эрх бүхий тодорхой субьектийн зүгээс хуулийн төслүүдийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлээд байна. Шүүхийн тухай хуулийн төслийн тухайд гол зохицуулалт нь шүүхийн зохион байгуулалт, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа субьектийн баталгааг бүрдүүлэхэд чиглэж байгаа. Мөн шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх, шүүхийн хариуцлагын орчныг боловсронгуй болгох, шүүхэд шинэ технологийг нэвтрүүлэх асуудлыг тусгасан. Энэ хууль батлагдсанаар шүүхийн бие даасан баталгаа хангагдах эрх зүйн орчин сайжирна. Улмаар шүүхийн иргэдэд хүргэх үйлчилгээнд ахиц дэвшил гарна гэж үзэж байгаа. Хуулийн төслийн ерөнхий үзэл баримтлал нь шүүх хараат бусаар ажиллах нөхцөлийг сайжруулах, олон улсын нийтлэг стандартад нийцүүлэхэд чиглэх ёстой.

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн томилгоо олны анхаарлыг татдаг. Тухайлбал, томилгооны систем Ерөнхийлөгчөөс хамааралтай байдаг. Та Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүнээр ажилласны хувьд энэ хүрээнд ямар өөрчлөлт хийхээр төсөлд тусгасныг тодруулбал?

-Үндсэн хуульд ШЕЗ-ийн хараат бус байдлыг дээшлүүлж, бүрэлдэхүүнийг өргөтгөх зохицуулалт нэмэлт, өөрчлөлтөөр орсон. Шүүхийн тухай хуулийн төслөөр ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг нь хэрхэн сонгохыг зохицуулсан байдаг.Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ШЕЗ-ийн томилгоонд нэг чухал зарчмыг тодорхой болгосон. Тодруулбал, арван гишүүний тав нь шүүгчдийн төлөөлөл байх зарчим. Шүүгч нар өөрсдөө төлөөллөө шууд сонгох нь шүүхийн бие даасан байдлыг дээшлүүлэх чухал алхам болсон. Бусад таван гишүүн нь нээлттэй сонгон шалгаруулалтаар аль нэг субьектээс томилох, сонгохоор Үндсэн хуулийн үзэл баримтлал гарсан.Тэгэхлээр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч-биш гишүүдийг ямар байгууллага, албан тушаалтан хэрхэн томилох, шүүгч-гишүүдийг хэрхэн сонгох журмыг шинээр батлах хуулиар зохистой зохицуулснаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг үр нөлөөтэй хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.

-Шүүхийн сахилгын хороо гэсэн Үндсэн хуулийн шинэ байгууллагыг байгуулахаар болсон. Энэ байгууллагын бүтэц, чиг үүргийн онцлог ямар байдлаар төсөлд туссан вэ?

-Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр шүүгчийн хариуцлагын асуудлыг хариуцсан Шүүхийн сахилгын хороо гэсэн бие даасан байгууллагыг шинээр тусгасан. Шүүхийн ёс зүйн хороо, Шүүхийн сахилгын хороо өмнө нь ажиллаж байсан. Тэгвэл энэ удаад үндсэн чиг үүрэг, бүрэн эрх нь нэлээд өргөжсөн. Иймд Шүүхийн тухай хуулийн төсөлд тус байгууллагыг хэрхэн байгуулах, бүтэц бүрэлдэхүүн болон сахилгын процесс нь ямар байх, шүүгчийн сахилгын зөрчилд ямар хариуцлага тооцох зэрэг тодорхой зохицуулалтыг хуулийн төслийн хүрээнд авч үзэж байгаа. Ялангуяа, хуульч судлаачдын зүгээс шүүгчийн мэргэжлийн алдаа, ёс зүйн зөрчлийн ойлголтыг хэрхэн томьёолох, сахилгын зөрчилд юуг хамааруулах вэ гэдгийг судалж тодорхой саналуудыг гаргаж байна.Шүүхийн бие даасан байдлын эдийн засгийн баталгааны эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг тусгах шаардлагатай.Шүүх эрх мэдлийн бие даасан байдлыг хангахын тулд улсын төсвийн урсгал зардлын 1-8 хувийг шүүхэд хуваарилах үндсэн хуулийн зохицуулалттай зарим улсууд байдаг. Монгол Улсын хувьд энэ механик зохицуулалт гэхээсээ илүү төсөв боловсруулах, хэлэлцэх явцад шүүхэд шаардлагатай төсвийг улс орны төсвийн орлоготой уялдуулан үндэслэлгүйгээр танахгүйгээр батлах механизм бүрдүүлэх нь оновчтой гэж үзэж байна. ШЕЗ шүүхийн төсвийг боловсруулаад Сангийн яаманд хүргүүлдэг.Засгийн газарт төсвийг нь ямар нэгэн тодорхой тайлбар хэлэхгүйгээр их хэмжээгээр танах үзэгдэл байдаг.

Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд ШЕЗ төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд төсөв боловсруулахаас гадна хөндлөнгийн хараат бус шинжээчээр дүгнэлт гаргуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, шүүхийн боловсруулсан төсөв бол энэ салбарын хэрэгцээ шаардлагыг бүрэн хамарсан уу, шүүхийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүртээмжтэй хүргэх, иргэд шүүхэд хандах эрхийг хангахад шаардлагатай зардлыг тусгасан эсэх дээр шинжээчийн дүгнэлтийг нь гаргах. Мөн Засгийн газрын түвшинд шууд хасахгүйгээр өөрийн дүгнэлтийн хамт УИХ-д өргөн мэдүүлэх, улмаар УИХ-д шүүхийн хэрэгцээ шаардлага, хөндлөнгийн төсвийн шинжээч болон Засгийн газрын дүгнэлт зэргийг харгалзан үзсэний үндсэнд шийдвэрлэх механизм бүрдүүлснээр шүүхийн эдийн засгийн бие даасан байдлын эрх зүйн орчныг сайжруулах юм.

-Одоогийн байдлаар хуулийн төслүүдийг олон нийтээр хэлэлцэх шатанд явж байгаа юм байна шүү дээ.Энэ талд шүүгч, судлаачдын байр суурь ямар байна вэ?

-Сүүлийн жилүүдэд шүүхэд хөрөнгө оруулалтын зардал тавигдахгүй байх асуудал үүсч байгаа.Энэ нь шүүхийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна. Жишээ нь, 2013 оноос хойш хэрэгжиж буй хуулиар шүүх хуралдааны бичлэгийг хадгалах зохицуулалт байдаг. Бичлэг хийдэг төхөөрөмжөөр хангахад төсөвт хүндрэлтэй байна л даа. Өмнө нь авсан төхөөрөмжүүдийн хугацаа нь дуусах эрсдэлтэй. Бичлэг хийдэг төхөөрөмж гэдэг чинь шүүхийн үйл ажиллагааг баримтжуулах ач холбогдолтой шүү дээ. Хэрэв маргаан үүсвэл бичлэгээс нь тулгаж үзэх шаардлага үүсдэг. Харилцаа хандлагыг тухайн хэргийн оролцогчдод ил тод болгож буй ийм зорилготой зохицуулалт. Энэ мэтчилэн заалт болгоны цаана иргэдийн шүүхэд хандах эрхийг хангах зорилт байдаг.Гэтэл төсөв батлагдахгүй тохиолдолд хүлээгдэж буй үр дүнд хүрдэггүй.

-Төсвийн бие даасан байдлыг нь сайжруулах шаардлагатай юм байна гэж ойлголоо. Тэгвэл өөр ямар санал гаргаж байна вэ?

-Өнгөрсөн долоо хоногт ШЕЗ-ийн байранд хуулийн төсөлтэй холбоотой шүүгчдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Уг хэлэлцүүлэгт шүүгчийн хараат бус байдлыг хангахад ШЕЗ-д бие даасан бүтцийг бий болгох санал гарсан. Хэрэв шүүгчийн хараат бус байдалтай холбогдолтой гомдол гарвал ямар процетураар явах юм бэ гэдгийг хуулиар тодруулах шаардлагатай гэсэн саналууд байна. ШЕЗ Үндсэн хуулиар шүүгч эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийг хүлээсэн. Тэгэхээр энэ асуудлыг илүү боловсронгуй болгох саналыг ч тавьж байгаа. Үүнийг магадгүй УИХ-ын шатанд хэлэлцүүлж анхаарч үзэх болов уу.

Мөн шүүхтэй холбоотой илт худал мэдээллийг олон нийтэд түгээх нь эргээд шүүхэд итгэх иргэдийн итгэлд сөргөөр нөлөөлдөг талтай. Илт худал гүжирдсэн шинжтэй мэдээлэл гарсан тохиолдолд ШЕЗ болон бусад байгууллага бодит мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх механизмыг хуульдаа тусгайлан тусгаж өгөх шаардлагатай гэдгийг зарим шүүгч зүгээс хөндөж тавьсан. Энэ саналыг анхаарч үзэх шаардлагатай.

-Шүүхийн тухай хуулийн төсөл батлагдсанаар гарах шинэтгэл, ач холбогдлыг товч дурдвал…?

-Дээр дурдсанчлан ШЕЗ-ийн хараат бус байдлыг дээшлүүлж, бүрэлдэхүүнийг өргөтгөж боловсронгуй болгоно. Мөн Шүүхийн сахилгын хорооны чиг үүрэг, сахилгын процессыг нарийвчлан хуульчилж, шүүгчийн хариуцлагын механизмыг үр нөлөөтэй болгоно. Шүүхийг тойргийн журмаар байгуулах боломжийг бүрдүүлнэ.

Түүнчлэн шүүхэд цахим шилжилт, мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлдэг болгохыг энэ хуулиараа оруулж ирж байгаа юм. Ингэснээр зарим тодорхой төрлийн хэрэг маргааны нэхэмжлэлийг цахим хэлбэрээр хүлээн авч шийдвэрлэх, цахим нотлох баримтыг шүүхэд үнэлэх хуулийн боломж бүрдэнэ. Цаашлаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын хуулиудад илүү нарийвчилсан зохицуулалтыг тусгаж, шүүхийн үйлчилгээг хялбар, түргэн шуурхай болгох, зарим бичиг баримтаа цаасаар биечлэн өгөхөөс илүү цахим хэлбэрээр илгээх боломжийг бүрдүүлэхийг зорьж байна. Энэ нь шүүхийн үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлж, иргэдийн эрхийг хамгаалах механизмыг дээшлүүлнэ гэж харж байна.

П.САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

С.Баттулга: Байгууллагаа шинэ түвшинд хөгжүүлэхийн тулд хичээн ажиллаж байна

Монгол Улсын Филармонийн захирал Сүхбатын Баттулгатай ярилцлаа.


-Төвийн урлагийн томоохон байгууллага болох Улсын Филармонийн онцлог юу вэ. Ямар чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна?

-Ерөнхийдөө Улсын Филармонийг хөгжмийн хүрээлэн хэмээн нэрийдсээр ирсэн. Бүхий л улс орон өөр өөрийн гэсэн онцлогтой Филармонитой байдаг. Жишээлбэл, Манай хойд хөрш л гэхэд 70-аад Филармони бий. Москвагийн Филармонийг хамгийн том бас цөм нь гэж үздэг. Бээжингийн Филармони, Парисын Филармони, Берлиний филармони гэх мэт дэлхийд алдартай том том Филармониуд тухайн хотынхоо нэрээр нэрлэгддэг. Улс орон бүрт засаг захиргааны хуваарилалт, хүн ам, соёл, хөгжмийн болон хөгжлийн онцлогоос хамааран өөр өөрийн гэсэн өнгө аястай Филармониуд байдаг. Харин манай улсад Филармони ганцхан байдаг учир “Монгол Улсын Филармони” хэмээдэг. Хэрэв олон байсан бол магадгүй “Улаанбаатарын филармони” хэмээн нэрийдэх байсан биз ээ. Гадны Филармониуд ихэнхдээ симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүнтэй байдаг бол зарим оронд дэргэдээ үндэсний цөөхүүл чуулгатай байх тохиолдол бий. Харин манай улсын хувьд дэлхийн сонгодог буюу Филармонийн шавыг тавьсан үндсэн суурь нь болох симфони оркестор, үндэсний сонгодог болох морин хуурын чуулга мөн орчин цагийн сонгодог болох Баян монгол жазз найрал гэсэн үндсэн гурван том бүрэлдэхүүнтэй. Иймээс гурвалсан том бүрэлдэхүүнтэй Филармони Монголоос өөр байхгүй гэхэд хилсдэхгүй биз ээ. Энэ ч утгаараа манай байгууллага Монголын хөгжмийн урлагийн хамгийн том гол байгууллага юм.

– Улсын Филармони хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй байгаа вэ?

-Одоогоор 170 гаруй хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Төрийн шагналт Баян Монгол чуулгын хувьд нэг удирдаач 20 гаруй уран бүтээлчидтэй ажилладаг бол “Морин хуур”-ын чуулга хоёр удирдаачтай 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Харин “Симфони найрал” хөгжим гурван удирдаачтай нийт 70 орчим хөгжимчид, уран бүтээлчид бий. Үүнээс гадна манайд хэлтэс, албадууд болон гоцлол дуучид, захиргаа, арын албаныхан гээд маш олон хүн ажилладаг.

– Он гарсаар ямар ямар ажлуудыг хийж гүйцэтгэв?

-Дэлхий нийтэд тархаад буй “Ковид-19” цар тахлын улмаас гадаад дотоодгүй хүндхэн үеийг даван тууллаа. Одоо ч энэ өвчний ул мөр дуусаагүй л байна. Хөл хорионы үед зарим байгууллагын үйл ажиллагаа гацсан тохиолдлууд нэлээдгүй гарсан. Миний хувьд Улсын Филармонийн захирлын албан үүргийг аваад яг нэг жил болох гэж байна. Бид хорио цээрийн дэглэмийн үед Засгийн газар, УОК-оос гаргасан чиглэлийн дагуу дүрэм журмыг сахин байгууллагын үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Мөн хоёр гурван ажлын хэсэг байгуулж дунд болон урт хугацаанд хийж хэрэгжүүлэх болон цаашид Улсын Филармонийг хэрхэн хөгжүүлэх талаар стратеги төлөвлөгөөг боловсруулан ажиллалаа. Энэхүү бодлогын бичиг баримтыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөн ажиллахаар төлөвлөөд бэлтгэл ажилдаа ороод байна. Орчин цагт хүний нөөцийн чиг хандлага хаашаа явж байгаа талаар юун дээр алдаж оносон, цаашид хүнээ хөгжүүлэхийн тулд ямар шаардлага хэрэгцээ бий болоод буйг харах зорилгоор хүний нөөцийн суурь судалгааг хийхээр ажиллаж байна.

-Ойрын үеийн Филармонийн сонин хачинаас дуулгаач?

-Бид энэ намрын шинэ улирлын нээлтээ Баян Монгол чуулгын “Ганган дагшаа” тоглолтоор өвөрмөц онцлогтойгоор хийлээ. Үзвэр үзсэний дараагаар зарим хөгжим судлаач, шүүмжлэгчид алдсан оносон зүйл дээр санал бодлоо илэрхийлсэн. Мэдээж бид хөгжим судлаачдынхаа үгийг сонсож, авах гээхийн ухаанаар хандах учиртай. Өмнө жил “Симфони оркестор”-оор нээж байсан. Харин ирэх жилийн өвөл цагийн нээлтийг “Морин хуур”-ын чуулгын тоглолтоор нээхээр төлөвлөөд байна.

-Та цаашид юун дээр анхаарч ажиллах вэ?

-Байгууллагаа шинэ түвшинд хөгжүүлж, бэхжүүлэхийн тулд анхаарч ажиллах олон зүйл бий. Тэдний дотроос байгууллагын соёл гэдэг ойлголт их чухал. Бид өөрсдөө соёлыг төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэхийн тулд харилцаа хандлагадаа маш сайн анхаарах шаардлагатай. Тиймээс байгууллагынхаа дотоод соёлыг төлөвшүүлэх тал дээр онцгойлон анхаарч ажиллаж байгаа. Монгол Улсын Филармони 1972 онд байгуулагдсан бөгөөд үндсэндээ ирэх жил 50 жилийн ойтойгоо золгох гэж байна. 2021 оны өвөл цагийн нээлтээс эхлэн Улсын Филармонийн 50 жилийн ойн баярын цогц үйл ажиллагаа бүтэн жил үргэлжлэх болно. Ойн баярыг угтсан олон төрлийн ажлуудыг энэ намраас эхлэн шат дараатайгаар эхлүүлээд явж байна. Саяхан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон салбарын сайд С.Чулуун тэргүүтэй холбогдох албаныхан Улсын Филармонийн үйл ажиллагаатай танилцаж “Симфони найрал” хөгжим болон “Морин хуур”-ын чуулгын хөгжим зэмсгийг хоёр тэрбум төгрөгийн санхүүжилтээр шинэчлэх түүхэн шийдвэр гаргаж Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталгаажсанд удирдлага хамт олон нийт уран бүтээлчдийнхээ нэрийн өмнөөс онцгойлон талархал дэвшүүлье. Бид цаашид гадаад болон дотоод дахь харилцаа, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, тэр ч бүү хэл хувь хүмүүстэй хамтарч ажиллах нээлттэй бодлогыг баримталж ажиллана.

-Урлагийн байгууллагыг төрөөс анхаарахгүйгээр тухайн байгууллага өөрсдийн орлогоороо үйл ажиллагаагаа явуулах боломж хэр байдаг вэ?

-Төрөөс хараат бус буюу төрийн дэмжлэггүйгээр үйл ажиллагаагаа явуулах боломжгүй. Энэ онцгой чухал салбарт төрийн оролцоо, дэмжлэг зайлшгүй байх ёстой. Төр засгаас баримталж буй соёлын бодлого, мөн холбогдох дүрэм журмууд, Олон улсын гэрээ конвенцууд зэргийг хийж хэрэгжүүлэхийн тулд төрөөс салгаж бодох ямар ч боломжгүй юм. Харин энэ засгийн газар, салбарын болон сангийн яам 2019 оноос эхлэн олсон орлогоо зохих журмын дагуу өөрсдөө захиран зарцуулах тухай эрхийг нээлттэй болгосон нь соёл урлагийнханд үзүүлж буй маш том дэмжлэг юм. Мөн Монгол Улсын Филармони гэдэг хөгжмийн урлагийн төв байгууллага учраас зөвхөн тоглолт хийгээд явах нь өрөөсгөл ойлголт юм. Хөгжим, судлал шүүмжийг цаашид хөгжүүлэхээс авахуулаад манайд өмнө нь орхигдож байсан ажлуудыг зоригтойгоор барьж аван хийх ёстой гэж харж байгаа. Жишээлбэл, “Алтан намар”, “Морин хуур” наадам дээр Улсын Филармони өмнө нь гүйцэтгэгч байгуулагаар ажиллаж байснаас биш зохион байгуулагчаар ажиллаж байгаагүй. Харин энэ жил тус хөгжмийн наадмын ерөнхий зохион байгуулагчдын нэгээр ажиллаж байна. Энэ хүрээнд холбогдох байгууллагуудтайгаа нягт хамтран ажиллаж харьцангуй шинэлэг уур амьсгал, зөв соёлыг гаргаж ирэхээр зорьж байна. Түүнээс гадна байгууллагын даргын санаачилгаар шинэ залуу үеийн хөгжимчдийг дэмжиж, тэднийг тодруулах, улмаар алдаршуулах зорилготойгоор Филармони өөрсдийн гэсэн хөгжмийн уралдаант наадмыг зохион байгуулдаг болох зорилготой ажиллаж байна. Нэрний хувьд “Хаврын урь”, “Дөрвөн улирал” гэх мэт нэр сэдэв яригдаж байгаа. Бид үүнийг ирэх хавраас эхлэх бодолтой байна.

-Аливаа урлагийн байгууллагын хөгжимчид, дуучид гээд уран бүтээлчдийн үе солигддог шүү дээ. Төрийн шагналт Баян Монгол чуулгын хувьд хэд дэх үе дээрээ явж байгаа вэ?

-Мэдээж анхны үүсгэн байгуулагчид, дунд үе, залуу үе гээд миний мэдэхийн гурав дахь үе дээрээ явж байгаа болов уу. Одоогийн бүтэц бүрэлдэхүүн маань сүүлийн 5-10 жилийн хугацаанд бүрдсэн. Баян монголчууд өнгөрсөн жилийн 50 жилийн ойн үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн шагнал хүртсэнд бид бүхэн баяртай байгаа.

-Улсын Филармони ер нь олон улсын арга хэмжээнд оролцдог байсан байх. Энэ жилийн хувьд цар тахал гээд бүх зүйлийг хориглосон шүү дээ. Гадаад харилцааг тань сонирхож болох уу?

-“Ковид-19”-тэй холбоотойгоор Монголын байтугай дэлхийн нийтийн төлөвлөгөө бүгд өөрчлөгдлөө шүү дээ. Улсын Филармонийн хувьд хоёр гурван улсын томоохон үйл ажиллагаанд оролцох байсан ч бүгд тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Зарим нь цуцлагдсан. Ер нь бол Улсын Филармонийн гадаад харилцаа харьцангуй хязгаарлагдмал байсаар өдийг хүрсэн. Үүн дээр бид онцгой анхаарах хэрэгтэй байгаа юм. Оны өмнө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Москва хотноо айлчлал хийхэд миний бие айлчлалын багт багтан хамт явж, түүхэндээ анх удаа Москвагийн Филармонийн ерөнхий захиралтай албан уулзалт хийж, хамтын ажиллагааг эхлүүлэх асуудлыг хөндөж үр дүнтэй ярилцсан. Манай хөгжмийн урлаг тэр дундаа сонгодог урлагийн боловсон хүчний дийлэнх нь ОХУ-д боловсрол эзэмшсэн нарийн мэргэжлийн хүмүүс байдаг. Монгол Улсын Филармони 50 жилийн ойгоороо Москвагийн Филармонийн удирдлагуудыг урих хүсэлтэй байгаа. Өмнө нь голдуу Улан-Үдэ, Хөх хот гэх мэт ойрын хотууд руу очиж байсан бол цаашид Амермик, Канад, Европын орнууд болон бусад Азийн орнууд руу хандан хамтарч ажиллах тандалт судалгааг эхлүүлээд байна. Гадаад харилцаа гэдэг өнөөдөр яриад маргааш нь бүтчихдэг амар зүйл биш учир магадгүй тав, арван жилийн дараа арай өөр түвшинд очих байх. Иймээс бид гадаад харилцаагаа хөгжүүлэхийн тулд энэ тал дээр онцгойлон анхаарч тууштай ажиллах болно.

-Улсын Филармонийн үйл ажиллагааг тогтмол үздэг үзэгчид нэлээдгүй байгаа байх?

-Тэгэлгүй яахав. Манай улсын Филармонийн үзвэр үйлчилгээг ямар ч тохиолдолд гэр бүлээр, найз нөхдөөрөө үздэг үнэнч үзэгчид олон бий. Тэд маань санал сэтгэгдлээ шуудхан хэлчихдэг. Бид үзэгчидтэйгээ эргэх холбоотой ажиллах үүднээс ирэх оны нэгдүгээр сарын сүүлээр “Филармони болон түүний нөхөд” сэдэвт уулзалтыг зохион байгуулах бодолтой байна.

-Та дуучин хүн. Филармонийн гоцлол дуучин байсан шүү дээ. Тиймээс урлагийн тогоонд чанагдсан хүн энэ том байгууллагыг удирдах нь зөв байх. Зарим байгууллагад нам солигдохоор дагаад хүмүүс нь солигддог. Үүн дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Манай улс сүүлийн жилүүдэд монгол төрийн залгамж халааг хадгалах, тэр дундаа салбартаа олон жил тууштай ажиллаж бэлтгэгдсэн боловсон хүчнийг тогтвортой байлгах тал дээр их анхаарч байгаа юм билээ. Богино хугацаанд халаа сэлгээ хийгээд байх нь тийм ч зохимжтой зүйл биш юм. Тиймээс энэ байдал цаашдаа улам тогтворжих болов уу гэж харж байгаа. Манай байгууллагын хувьд түүхэндээ ердөө гурван даргатай байсан. Анх төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Намсрайжав гуай 13 жил ажиллаж, дараагаар нь Монгол Улсын ардын жүжигчин Д.Ухнаа гуай 18 жил, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Даваасүрэн 18 жил ажиллаж байсан түүхтэй. Миний бие байгууллагынхаа дөрөв дэх удирлагаар томилогдон ажиллаж байна. Ер нь Улсын Филармонийн хувьд харьцангуй тогтвортой улстөрждөггүй байгууллага юм.

– Та МУГЖ Б.Ганчимэгтэй алтан портнер. Та хоёрын хувьд хэчнээн уран бүтээл дээр хамтарч дуулав?

– 2003 оноос эхлэн Б.Ганчимэг гавьяаттай хамтарч 20 гаруй уран бүтээл дээр ажиллажээ. Хамгийн анх “Гэр бүлийн радио FM104.5-аас Монголын гэр бүлүүдэд зориулан гаргасан “Тэнгэрлэг гэр бүл” дууг хамтарч дуулсан. Түүнээс хойш “Ерөөлтэй аялгуу” цомгоо 15 дуутайгаар гарган Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд мөн зарим аймагт тоглолтоо хийж байсан.

-Таны хувьд олон сайхан уран бүтээлээ үзэгч сонсогчиддоо хүргэсэн. Мөн “Зүрхний уяа” гээд хэд хэдэн хуучны дуунуудыг сэргээж дуулж байсан. Та өөрийнхөө анхлан дуулсан дуунуудаас нэрлээч?

-Оюутан байхад урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, удирдаач, тухайн үеийн “Хөгжим бүжгийн коллеж”-ийн дуулаачийн тэнхимийн эрхлэгч М.Булган багш маань Японы нэгэн яруу найрагчийн бичсэн “Цас” гээд дууг өгч түүнийг анх удаа сургуулийнхаа найрал дуутай дуулж байсан. Мөн он удаан жил ханилсан ханьдаа зориулж ханийнхаа тэр сайхан залуу төрх, улаан уруул, урт гэзгийг олон жилийн дараа энэ л хэвээрээ байна гэсэн утга санааг илэрхийлсэн “Ханийн минь хайр” гэдэг дууг дуулж клипжүүлэн 2001 онд МҮОНТ-д өгч байсан. Үл мэдэх цэцэгхэн хотхонд гэдэг шиг л өөртөө томдчихсон дээл өмсөөд дуулж байсан юм даг. Одоо бодоход их хөгжилтэй, дурсамжтай байжээ. 2005 оны хавар “Уяхан цэнхэр хавар” дуу миний дуулснаар их л хит болсон доо. Мөн уянгын дууны нэрт төлөөлөгч МУГЖ Н.Төмөрхуяг агсны анхлан дуулсан “Зүрхний уяа” дууг 2007 онд өөрийн гэсэн хувилбараар шинэчилж дуулж, клипжүүлж байв. 1999 онд их урлагт хөл тавьснаас хойш бие даасан 16, хамтарсан 25 томоохон тоглолтуудыг хийж таван цомог гаргаж байжээ. Одоогоор удирдах албан ажил аваад уран бүтээлээ хийх цаг зав тун бага байгаа ч цаашид дуугаа дуулж уран бүтээлээ ард түмэндээ хүргэсээр байх болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Хажиг үндэстэн хөгждөггүй​” хэмээн өгүүллээ​

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт “Нийслэлд МАН олонх болж,
АН 10 аймагт ялалт байгуулаад байна” хэмээн өгүүллээ.

Техникийн шинжлэх
ухааны доктор, профессор
Г.Лхагваа “Хүнийг
гүнзгий судалсан
шинжлэх ухаан
буддизмаас өөр алга” хэмээв.

Баянзүрх дүүргийн эрүүл
мэндийн төвийн эмнэлгийн
тусламж үйлчилгээ
хариуцсан орлогч дарга
М.Саранцэцэг. Ямар ч үйлчилгээний байгууллагаар орсон “Маскгүй
хүнд үйлчлэхгүй” гэдэг хариуцлагыг эрчимжүүлэх хэрэгтэй” хэмээх ярилцлагыг III нүүрнээс уншаарай.

Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Хажиг үндэстэн
хөгждөггүй” хэмээн өгүүллээ.

Монгол Улсын
волейболын шигшээ багийн
тоглогч, спортын мастер,
“Алтайн барс” клубийн
тамирчин Б.Анхбаяр “Волейбол гэдэг
багаараа нэг цөм болж байж
амжилт бүтээдэг” гэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ