Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: Дөрвөн хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдлын тоо 324 боллоо

Өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 462 сорьцод шинжилгээ хийхэд дөрвөн хүнээс коронавирус илэрчээ. Харин нэг хүн эдгэрч гарлаа.

Categories
мэдээ цаг-үе

Улсын шигшээ багийн тамирчин Б.Анхбаяр: Волейбол гэдэг багаараа нэг цөм болж байж амжилт бүтээдэг

Монгол Улсын волейболын шигшээ багийн тоглогч, спортын мастер, “Алтайн барс” клубийн тамирчин Б.Анхбаяртай ярилцлаа.


-Волейболын спорт гэдэг багийн ажиллагаа их шаарддаг. Зарим үед тамирчид ганцаарчилсан байдлаар тоглоод байгаа тал ажиглагддаг. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Волейбол гэдэг спорт өөрөө багаараа хамтарч нэг цөм болж байж цаашдын амжилтыг бүтээдэг. Нөгөөтэйгүүр тэсвэр тэвчээр, бусадтай харилцах харьцаа, өөрийгөө ялан дийлэх сэтгэлийн хатыг суулгаж, бүх талыг мэдлэгийг олгодог. Манай зарим баг тамирчид нэгдэж чадахгүй, ам зөрөх тохиолдол гардаг. Хоорондоо ойлголцож, бие биенийхээ дутууг нөхөж, багийн уялдаа холбоог нэгтгэснээр илүү үр бүтээлтэй байх болно.

-Таны одоогийн амжилтын гол дэгээ юу байв?

– Анх 2009 онд орон нутгийн волейболын тэмцээнд ах нартайгаа хамт орж хүрэл медаль авч байсан тэр жижигхэн амжилтаас л эхэлж байсан даа. Түүнээс хойш маш олон амжилт гаргалаа. Тухайлбал, 2013-2014 онд Идэрчүүдийн улсын аваргын алт, 2016 онд Монголын волейболын Холбооны цомын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, Залуучуудын улсын аваргаас алтан медаль, 2017 онд Холбооны замын аваргын мөнгөн медаль, мөн “Шилдэг хаагч”, “Шилдэг довтлогч”, “Шилдэг давуулагч”, 2019 онд “Үндэсний дээд лиг”-ээс мөнгө, “Шилдэг тоглогч” гээд олон төрлөөр шалгарч өөрийн амжилтаа ахиулсаар явж байна.

-Гар нийлж тоглож байсан хамгийн шилдэг тамирчин хэн байв?

-Үндэсний шигшээ багт тоглоход мэдээж сайн тамирчидтай хамтарч тоглодог. Миний хувьд ганцхан өөрийн үүрэг амжилтаар бус багийн зохион байгуулалтаараа сайн байж чаддаг “Алтайн барс” клубийн ахлагч,ОУХМ А.Мөнхбаяртай гар нийлж ажилладаг.

-Багийнхаа тамирчидтай бэлтгэлээ хэрхэн базаадаг тухайгаа сонирхуулж яриач?

-Би 2013 оноос “Алтайн барс” клубт тоглож эхэлсэн. Шигшээ багийн тамирчид йогоор хичээллэх, усанд сэлэх, мөн гүйх гэх мэтчилэн хөдөлгөөний уян хатан чанар, хурд их шаарддаг болохоор өдөр бүр 6 цагт босч бэлтгэл хийдэг. Өөрийгөө мэдэрч төвлөрөх, хайрцагнаас гарч сэтгэхэд йог маш сайн тусалдаг шүү. Тамирчин хүн өөрийгөө нэг зүйлээр бус олон талаар хөгжүүлэх ёстой гэж боддог.

-Тамирчин хүнд өөрийнх нь хичээл зүтгэлээс гадна дасгалжуулагчийн зөвлөгөө чухал байх?

– “Алтайн барс” клубээс анх надад урилга ирж, зун нь бид бэлтгэлд гарч байлаа. 2017 оноос эхлэн “Үндэсний шигшээ” баг, “Алтайн барс” клубийн дасгалжуулагч Б.Мөнхнаран багшийн удирдлагад одоог хүртэл бэлтгэл хийж байна. Мэдээж дасгалжуулагч гэдэг хүн багт маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Тэмцээн хэзээ болохоос хамааран тамирчдынхаа сэтгэл зүй болон багийн бэлтгэл ажлыг ямар горимоор авч явахаа маш сайн төлөвлөдөг. Энэхүү спортод хөл тавьж байхад И.Галбаатар багш маань волейболын үндсэн техникүүдээс маш сайн зааж өгсөн. Одоогоор Дундговь аймгийн шигшээ багийг дасгалжуулдаг. 2013 оноос 2018 онд дасгалжуулж байсан өсвөр үеийн тамирчид нь УАШТ-ээс алт, мөнгөн медаль дараалан хүртсэн бол насанд хүрэгчид эхний гурван байранд шалгарч байв. Багшийн маань дасгалжуулсан шавь нараас арван ОУХМ цолтон, I, II, III зэргийн 200 гаруй тамирчид төрөн гарсан байдаг.

-Таны өвөө Монгол Улсын гар бөмбөгийн ууган Гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэн гуай юм билээ. Энэ спорттой холбогдоход өвөөгийн тань нөлөө байсан болов уу?

-Манай өвөө Монгол Улсын ууган гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэн гээд Дундговь аймгийн харьяат хүн байсан. Ерөнхийдөө аавын талын хүмүүс бүгд л волейболоор хичээллэдэг. Тэднээс Монголын волейболын холбооны улсын шүүгч Д.Хүрэлноров, Үндэсний шигшээ багийн тоглогч Д.Болормаа гээд гурван дасгалжуулагч гарсан. Тиймдээ ч өссөн орчин маань волейболтой холбогддог болохоор ч тэр үү өвөөгөөрөө бахархаж, удам залгасан ач хүү нь хэмээн ярих дуртай. Анх аав маань намайг 10 настай байхад волейболын дасгалжуулагч И.Галбаатар багшид шавь оруулснаар тамирчин болох гараа маань эхэлж байсан.

– Анх хэдэн оноос “Алтайн барс” клубт элсэж байсан юм бэ?

-2013 оноос “Алтайн барс” волейболын клубт бэлтгэл хийж, 2017 оноос Үндэсний шигшээ багт багтан тоглосон юм. Волейболын спортоор хичээллээд 12 жил болж байна. 2018 онд Монгол Улсын Их Сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр төгсөж байсан.

– Та 10 наснаасаа энэ спортоор хичээллэж эхэлсэн гэлээ. Шантрах үе их гарч байв уу?

-Мэдээж байлгүй яахав. Хүн болгон тэгээс эхэлдэг шүү дээ. Нэг шат ахих гэж л шантардаг. Тэр бүгдийг ялж байж амжилттай сайн тамирчид болж чаддаг байх хэмээн боддог. Хааяа хүнд хэцүү санагдсан үедээ өөртэйгөө ярилцаж дүн шинжилгээ хийснээр шантрахгүй байх сэтгэлийн хатыг олж авдаг байсан.

-Волейболын спортоор хичээллэж эхлэхдээ зорилго тавьсан байх. Одоогоор хэдэн хувьтай биелсэн бэ?

-Мэдээж тэр үед өөртөө тавьсан зорилго маань өнөөдөр 80 хувьтай амжилттай явж байгаа. Одоо дахиад нэгэн том зорилгынхоо төлөө л явж байна даа.


Categories
мэдээ цаг-үе

М.Саранцэцэг: Ямар ч үйлчилгээний байгууллагаар орсон “Маскгүй хүнд үйлчлэхгүй” гэдэг хариуцлагыг эрчимжүүлэх хэрэгтэй

Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга М.Саранцэцэгтэй ярилцлаа.


-Монголчууд дотооддоо коронавирусийн халдвар тараахгүйн тулд нэг хэсэгтээ л маск зүүж, гараа ариутгаж байсан. Гэтэл одоо олон нийтийн газар маск зүүх нь битгий хэл нэг нэгэндээ ийм шаардлага тавибал загнуулах шинжтэй боллоо?

-Томуугийн улирал нь өөрөө онцлогтой л доо. Энэ улиралд хүн болгон дулаан хувцасаа өмсөх, хоол хүнсээ тохируулж, дархлаагаа дэмжих гэх мэтчилэн олон арга хэмжээ авдаг. Энэ хугацаанд монгол хүнээс ковидын халдвар авсан нь тогтоогдоогүй болохоор хүмүүсийн сэтгэл санаанд нөлөөлсөн болов уу. Өөрөөр хэлбэл, жил гаруй үргэлжилж буй вирусээс айх айдас нь багасаж маскаа зүүх, гараа ариутгаж сэргийлэх алхам нь багасч байна. Гэхдээ эрт тайвширч эрсдэл нэмэгдүүлж болохгүй.

-Одоогийн байдлаар манай оронд ковидын хэчнээн тохиолдол бүртгэгдсэн бэ?

-Уржигдар гэхэд Японы тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс дөрөв нь халдвар авсан гэж мэдэгдсэн байгаа. Баянзүрх дүүргийн хувьд гэрийн ажиглалтад шилжсэн нэг хүн байна. Хэдийгээр дэлхий дахинд дэгдсэн цар тахал томуугийн улиралтай давхацсан цаг үеийг угтуулаад яг юу хийх вэ гэсэн зөвлөмжийг эрүүл мэндийн байгууллагууд гаргаж байна. Тодруулбал, Эрүүл мэндийн сайдын тушаал, ХӨСҮТ болон ЭМЯ-наас өгсөн зөвлөмж гардаг. Эмнэлгийн байгууллагуудын хувьд хамгийн гол нь эмч мэргэжилтнүүдээ чадавхжуулах сургалтуудыг тасралтгүй явуулах нь чухал. Томуугаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, хэрвээ томуу туссан хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ, халдвараас хэрхэн сэргийлэх зэрэг нөлөөллийн ажил хийх хэрэгтэй байгаа юм. Нөгөөтэйгүүр цар тахлын үед маск зүүхгүй, гараа ариутгахгүй хайнга хандах нь сүүлийн үед ажиглагдаад байгаа. Тийм учраас ард иргэд хоол хүнсээ тохируулж, дархлаагаа дэмжих, ДЭМБ-ын зөвлөмжийг дагаж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах нь өөрийн болон бусдын эрүүл мэндэд анхаарч буй чухал алхам юм.

-Томуугийн улирал эхэлсэнтэй холбогдуулан амбулаторийн үзлэг ямар байна вэ. Цар тахлын энэ үед томуугийн улирал эхэлж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна шүү дээ?

-Ерөөс томуугийн амбулаторийн нийт үзлэг дөрвөн хувиас дээш байвал энэ төрлийн дэгдэлт үүсэх статистик мэдээлэл байдаг. Одоогийн байдлаар амбулаторийн үзлэг улсын хэмжээнд томуу 3.6 хувьтай байгаа бол нийслэлд 2.6 хувьтай байна. Иргэдийн дунд жил гаруйн хугацаанд коронавирус тусчихвал яана гэдэг түгшүүр байсан учраас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдлэгтэй болсон байх. Гэхдээ хөл хөдөлгөөн ихтэй үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэхдээ маскаа зүүхгүй байгаа нь эргээд эрсдэлийг нэмэгдүүлж байна. Тийм учраас хэзээ ч тайвширч болохгүй, хувийн сахилга бат хариуцлага үүнд нэн чухал. Коронавирус болон томуугаас урьдчилан сэргийлэх зөвлөмж өгдөг утас 24 цагаар ажиллаж байна.

-Манай хоёр хөршийн хувьд цар тахлын халдвар өдөрт 7000-8000-аар нэмэгдээд байна гэсэн мэдээлэл ч бий. Гэтэл бид энд сэрэмж алдаад суувал эрсдэлт нөхцөл үүсэх болов уу?

-Тийм ээ. Ойролцоох хөршид ингэж гараад байна гэдэг бол тухайн улс орны, хүн амын идэж хэрэглэж байгаа хоол хүнс гэх мэтчилэн олон зүйлээс шалтгаална. Европ болон хөрш зэргэлдээх орнуудын хүн амын дунд коронавирустэй холбоотойгоор өвчлөл эндэгдэл өсөөд ирж байна. Тэгэхээр бид дотооддоо анхаарал сэрэмж алдаж болохгүй. Манай орны хувьд энэ нөхцөл байдал нь томуугийн улиралтай давхцаж байгаа учраас дархлаагаа дэмжиж, эрсдэлээс сэргийлж маскаа тогтмол зүүх хэрэгтэй байна. Хөл хөдөлгөөнтэй газруудад маскаа зүүхгүй байгаад тухайн үйлчилгээний байгууллагууд ч анхаарч иргэдэд шаардлага тавих нь зүйтэй. Ер нь дархлаанд идэж буй хоол хүнсний калорилог чанар, агаартай дасан зохицох байдал зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Хэдийгээр бид дархлаажуулалт хоол, хүнс бүх зүйлээ зохицуулаад явж байгаа ч маск, гар халдваргүйжүүлэгч хэрэглэхгүйгээр энэхүү вирусээс бүрэн сэргийлж чадахгүй. Тиймээс хувь хүн, байгууллага болгон үүдэндээ “Маскгүй хүнд үйлчлэхгүй” гэж бичсэнээ хэрэгжүүлж идэвхжүүлэх, нийгэм даяар эрчимтэй болгох шаардлагатай байна.

-Одоогийн байдлаар“маскаа зүү” гэж шаардлага тавибал загнуулахаар байна шүү дээ?

-Мэдээж иргэдийн ухамсрын асуудал байна л даа. Үүнд, албан байгууллагууд анхаарах хэрэгтэй. Зөвхөн эмнэлгийн ажилчид амны хаалт зүүгээд байхгүй, хаана л хүн хөдөлгөөн их байна тэнд маск зүүж, гар угаах зөвлөмжийг дадал хэвшил болгомоор байна. Ингэвэл томуугийн өвчлөл, цаашлаад ковидоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайжирна. Тэгэхээр хамгийн гол нь иргэд, аж ахуйн нэгж байгууллага идэвхтэй оролцох хэрэгтэй. Хамгийн гол хүчин зүйл бол та бидний ухамсраас хамаарна.

-Тэгэхээр эрт тайвширвал эрсдэлтэй алхам болох байх?

-Тайвшрахад эрт байна. Ерөөс нийгмээрээ анхаарсны үндсэнд л цар тахлын аюулаас урьдчилан сэргийлж чадна. Яг одоо ковидоос сэргийлэх наад захын арга хэмжээ бол иргэн бүрийн үүрэг оролцоо юм шүү дээ. Маскаа хэрхэн хэрэглэх, өдөрт хэдэн удаа солих, гараа яаж халдваргүйжүүлэх вэ гэдэгт анхаараад явбал цаашдаа коронавирусээс бүрэн сэрэмжлэх болов уу. Ер нь коронавирусийн үүсгэгч гэдэг бол томуугийн вирустэй л адил. Хамгийн гол нь вирус өөрөө айхавтар мэдрэг учраас уушги, зүрх, тархийг шууд гэмтээдэг аюултай.

-Энэ жил томуугийн вакциныг нэлээд эрчимтэй хийх шиг боллоо?

-Томуугаас урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хийгдэж байна. Сургууль, цэцэрлэгүүдийг томуугийн вакцинд идэвхтэй хамруулсан явдал бол иргэдийн сэтгэл санаанд ч нэлээд нөлөөлсөн болов уу. Өмнө нь сургууль, цэцэрлэг даяар томуугийн вакцин хийж байгаагүй, мөн хүссэн хүмүүс нь ирээд сайн дураар дархлаажуулалтад хамрагдах боломжтой болсон.Тэгвэл өмнө нь зөвхөн 0-5 нас болон жирэмсэн, 25-аас дээш насны ангилалд багтсан хүмүүст томуугийн вакцин хийдэг байсан. Би хүүхдээ томуугийн эсрэг вакцинд хамруулсан, бид вакцин хийлгэж, дархлаагаа дэмжсэн гэж бодоход айдас түгшүүр нь багассан болов уу. Гэвч цар тахлын аюултай энэ өдрүүдэд эрт санаа амарч болохгүй, сэрэмж хэзээд илүүдэхгүй.

П.САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Янсанжав: Валютын ханшийн өсөлт ард түмний амьдралд муугаар нөлөөлж, утга замбараагаа алдлаа

“Бүгдээрээ хэлэлцье” ТББ-ын тэргүүн, Монгол Улсын гавьяат эдийн засагч, эдийн засгийн ухааны доктор, профессор Г.Янсанжав манай сонинд хандаж, валютын ханш тойрсон сэдвээр байр сууриа илэрхийлэхийг хүссэн юм. Түүнтэй ярилцлаа.


-Та Монголбанкинд ажиллаж байсан гэсэн. Юуны өмнө энэ тухай тодруулахгүй юу. Мөн эдийн засгийн ухааны докторыг ямар сэдвээр авсан юм бэ?

Би ГовьАлтай аймагт арван жилийн сургуулиа төгссөн. Тухайн үед төв банкийг Улсын банк гэж нэрлэдэг байлаа. Ингээд Монголбанктай гэрээ байгуулж, банкны зардлаар Эрхүүд банк санхүүгийн чиглэлээр их сургууль төгссөн юм. Эргэж ирээд төв банкинд ажилласан. Тухайн үед Монгол Улсын зээлтэй холбоотой бүх асуудлыг би хариуцдаг байлаа. Энэ сэдвээр Ленинград хотод эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Монголбанкинд 1663 онд орж, 1980аад он хүртэл ажилласан. Социализмын үед ажиллаж байсан гэсэн үг.

-Та валютын ханшийн өсөлтөөс болж ард иргэд асар ихээр хохирч байна гэсэн. Энэ тухай тодруулахгүй юу?

-Би энэ тухай л ярьж, төрийн сонорт хүргэх гэж та бүхэнд хандаад байгаа юм. Өнөөдөр төгрөгийн ханш тасралтгүй унаж, маш хүнд нөхцөл байдал үүслээ. Үүнийг анзаарч харж, анхаарал хандуулж байгаа хүн байна уу. Нэг жишээ татъя. 2016 онд нэг ам.доллар 1700 орчим төгрөгтэй тэнцэж байлаа. Одоо 2840 орчим төгрөг байна.

Хэдхэн жилийн дотор 1100 гаруй төгрөгөөр өсчихсөн. Тухайн үед 100 сая төгрөгийн хадгаламжтай байсан хүний мөнгийг доллар руу хөрвүүлбэл 53823 болж байна. Харин одоо 2840 орчим төгрөгийн ханшаар хөрвүүлбэл 35211 ам.доллар болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төгрөгийн үнэ цэнэ ингэж унаж хэдхэн жилийн дотор 23612 ам.долларын алдагдал хүлээсэн байна. Ийм байхад хүмүүс төгрөгийг үнэ цэнэтэйд тооцохоо больж, ам.доллар руу хошуурч байгаа нь аргагүй. Он гарснаас хойш төгрөгийн хадгаламж дорвитой нэмэгдээгүй байхад ам.долларынх нэлээн өндөр хувиар өсчээ. Ийм байхад хадгаламжийн хүүг бууруулна гэж төр засгаас ярьж байна. Ямар утга авцалдаатайг бодоод үз дээ. Ам.долларын ханшийн өсөлтийг хязгаарлаж, тогтвортой байлгаж чадахгүй байж яаж төгрөгийн хадгаламжийн хүүг бууруулж олон нийтийг хохироох гээд байгаа юм бэ.

Зөвхөн хадгаламжаас гадна ханшийн өсөлт иргэдийн цалин, тэтгэвэрийг үнэгүйдүүлж байна. Дөрвөн жилийн өмнө нэг сая төгрөгийн тэтгэвэр тэтгэмж авч байсан хүн тухайн үеийн ханшаар 588 ам.доллартай тэнцэж байв. Харин одоо нэг сая төгрөг 352 ам.доллартай дүйнэ. Тэгэхээр 236 ам.доллар алдчихсан байгаа биз. Энэ бол төгрөг цаас болсны нотолгоо. Үндэсний мөнгөн тэмдэгтээ устгах бодлого явуулаад байна уу гэж хардаж байна. Төв банкны тухай хуулийн 4.1-т “Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэж заасан. Мөн 21.4-д “Монголбанк чөлөөтэй хөрвөдөг гадаад валют, түүнтэй адилтгах хэрэгслийг төгрөгөөр худалдах,худалдаж авахдаа төгрөгийн тогтвортой байдлыг хангана” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хэрэгжүүлэх үүрэг хариуцлага үүрүүлж хуульд зааж байгаа шүү дээ. Гэтэл энэ хуулийн хэрэгжилт хангагдахгүй байгаа нь төв банкны удирдлагуудтай холбоотой.

-Манай эдийн засгийн өнөөгийн бүтэц валютын ханшийн өсөлтийн суурийг бий болгож байгаа юм биш үү. Бид гаднаас их хэмжээний импорт хийж байна. Үүнд доллар хэрэгтэй. Нэмээд хөрөнгө оруулалт буурч, экспорт багассанаар ам.долларын дотогшлох урсгал татарч байна. Ийм нөхцөлд ханшийн өсөлттэй холбогдуулж нэр зааж бусыдг буруутгах боломжтой юу?

-Би дээр хуулийн заалт дурдсан. Үүнийг холбогдох хариуцсан албан тушаалтнууд, засаг төр хэрэгжүүлэх үүрэгтэй. Хэрэгжүүлж чадахгүй юм бол тийм хууль, дүрэм журмаар яах юм. Ханшийн өсөлтөөс болж Монголын ард түмэн хохирч байгаа нь үнэн. Үүнд хариуцлага ярих ёстой. Ер нь би сүүлдээ төгрөгийг гүйлгээнээс шахан зайлуулах бодлого хэрэгжүүлээд байна уу гэж хардаж байгаа. Төв банк бие дааж үйл ажиллагаа явуулж чадахгүй, Засгийн газрын мэдэлд орчихсон. Ам.долларын ханшийг өсгөж байгаа бодит байдлыг буруу тайлбарлаж, нууж байна уу гэж боддог. Энэ нь юунаас болж байна гэхээр хэмжээлшгүй их зардал төлөвлөж байна. Ирэх онд 2.2 их наядын алдагдалтай төсөв төлөвлөж байгаа. Энэ алдагдлыг яаж нөхөх үү гэхээр гаднаас ам.доллар оруулж ирнэ шүү дээ. Тэгвэл тэр ам.долларын ханшийг өсгөөд тавьчихаар төгрөг дээр гарч байгаа ханшийн зөрүүгээр төрийн албаныхны цалин, бусад зардлыг тавьчихаж байх шиг. Сүүлдээ ингэж хүртэл хардаж байна.

-Ийм байх боломжтой гэж үү. Та жишээн дээр ойлгомжтой тайлбарлаад өгөөч. Ханш өсгөх нь хэнд ашигтай юм?

-Төсөв дээр ашигтай. Нэг сая ам.доллар ороод ирлээ гэж бодъё. 2850 төгрөгөөр бодоход 2.8 тэрбум төгрөг болно. Харин 1700-гаар тооцвол 1.7 тэрбум төгрөг юм. Энэ хоёрын зөрүү 1.1 тэрбум төгрөг гарч байгаа биз. Тэгвэл ам.долларын ханш өндөр байж 1.1 тэрбум төгрөгийн зөрүү гаргаснаар уг мөнгөөрөө төрийн албан хаагчид, иргэдийн цалин тэтгэврийн тавих “нөөц” үүсгээд байгаа юм. Ханшийн өсөлт нь төр засгийнханд ашигтай. Харин иргэдэд ашиггүй, амьдралыг нь доройтуулж байна.

-Валютын ханшийн өсөлтийг хязгаарлах таны санал юу вэ?

-Аргаа барсан л хүний үг юм. 1991 онд Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн 20 дугаар тогтоол гэж гаргаж төгрөгийн ханшийг хоёр дахин унагаж байсан түүхтэй.Үүнтэй адил одоогийн Засгийн газар, төв банк төгрөгийн ханшийг хоёр дахин чангалах механик зохицуулалт хийх хэрэгтэй байж болох юм гэж бодох боллоо. Энэ талаар ард түмнээс санал асуулга авч, эдийн засагчид судлах хэрэгтэй. Ийм арга механизм ашиглахгүй бол валютын ханш утга замбараагаа алдлаа шүү дээ. 50, 100 мянгатын дэвсгэрт гараад ирвэл төгрөг тэгээд сүйрч байгаа хэрэг.

Г.БАТЗОРИГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Баатархүү: Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нэр дэвшигчийг дайрч, амь насыг нь хохироосон хэргийг шалгаж байна

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-д нэр дэвшигч Б нь архи, согтууруулах ундаа хэрэглэн иргэн М-ийг машинаараа мөргөж дайрсан гэх мэдээлэл цахим орчноор яваад байсан юм. Тэгвэл бид энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн дарга Б.Баатархүүгээс тодрууллаа.


-Өмнөговь аймгийн Цогтцэций суманд сонгуульд нэр дэвшиж байсан М-ийг машинаар дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарлаа. Энэ мэдээллийн талаар тодруулахгүй юу?

-Сонгуульд нэр дэвшигчид биенийхээ аминд хүрсэн гэсэн ташаа мэдээлэл хэвлэл мэдээллээр гараад байна. Энэ мэдээлэлд залруулга хийх нь зөв байх. Энэ бол ташаа мэдээлэл. Аравдугаар сарын 14-ний өдөр 15 цаг 10 минутад Өмнөговь аймгийн Цогтцэций сумын цагдаагийн хэлтэст “Машинаар хүн мөргөөд амь насыг нь хохироочихлоо” гэсэн мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу сумын цагдаагийн бүрэлдэхүүн очиж хэргийн газарт үзлэг хийхэд Цогтцэций сумын харьяат иргэн б гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож ухрах үйлдэл хийхдээ иргэн М-ийг мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарсан.

-Хохирогч, этгээд хоёр хоорондоо ямар харилцаатай байсан бэ?

-Иргэн б нь хохирогчийн сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан. Хоорондоо найзуудын харьцаатай гэсэн мэдээлэл байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэн сонгуульд нэр дэвшээгүй, тухайн хохирогчийн сонгуулийн сурталчилгаанд нь ажиллаж байсан хүн байгаа.

-Нийслэлийн хэмжээнд архи согтууруулах ундааг 14,15,16-ны өдрүүдэд худалдаалах, үйлчлэхийг хориглосон шүү дээ. Харин Өмнөговь аймгийн Цогтцэций суманд архи согтууруулах ундааны тал дээр ямар нэгэн захирамж мөрдөгдөж байсан уу?

-Нийслэлийн Засаг даргын шийдвэр гарч энэ сарын 14-16-ны өдрүүдэд архи согтууруулах ундааг хэрэглэхгүй байх шийдвэр гарсан. Энэ журам нийслэл Улаанбаатар хотод үйлчилнэ. Ер нь сонгуулийн тухай хуулиараа санал авах өдөр архи, согтууруулах ундааны зүйл худалдан борлуулж, үйлчилсэн тохиолдолд иргэнийг 10 сая, ААн байгууллагыг 100 сая төгрөгөөр торгох хууль эрх зүйн зохицуулалттай. Харин зарим аймаг сумдад архи согтууруулах ундаа худалдах, борлуулахыг хориглосон захирамж гаргасан. Гэхдээ надад Өмнөговь аймаг ямар захирамж гаргасан тухай мэдээлэл ирээгүй байна. Хэрэв шаардлагатай гэвэл тодруулаад өгч болно.

-Дөрвүүлээ архидан согтуурсан гэсэн мэдээлэл байсан. Хохирогч Б мөн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан уу?

-Одоогоор цогцост шинжилгээ хийж байгаа. Сумын цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Хохирогч 1967 онд төрсөн, харин хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүн 40 настай гэсэн мэдээлэл байна.

-Энэ хэрэгт сонгуультай холбоотой ямар нэгэн маргаан байгаагүй юу?

-Сонгуулиас болсон гэсэн асуудал байхгүй. Мөн эсрэг намын нэр дэвшигчид гэдэг нь ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор хэлж байна. Тухайн хохирогч нь л сонгуульд нэр дэвшиж байсан. Хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа этгээд хохирогчийн сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан гэдгийг урьдчилсан байдлаар тогтоогоод байна. Хэргийн мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байгаа учраас нарийн ширийн зүйлийг ярих боломжгүй.

-Цагдаагийн байгууллага орон нутгийн сонгуулийн үеэр ямар зохион байгуулалттай ажиллаж байгаа вэ?

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны сонгуулийн үед цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын нийт 9232 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Үүнд сонгуулийн хэсгийн хороодын байрны аюулгүй байдлыг хангах хэв журмыг сахиулах, гудамж талбай олон нийтийн газраар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Мөн сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл гарч болзошгүй газруудад нийт цагдаагийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа.

Ч.ЧИНБАТ: ИТХ-ЫН СОНГУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ 396 ГОМДОЛ ИРСНЭЭС 23 НЬ ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ БАЙНА

Мөн сонгуулийн санал авах өдрийн үйл ажиллагаатай холбоотой зөрчил гомдлын мэдээллийн талаар цагдаагийн хурандаа Ч.Чинбат /өчигдөр/ 19 цагийн байдлаар мэдээлэл хүргэсэн юм. Тэрбээр “Цагдаагийн байгууллага, дотоодын цэргийн анги байгууллагын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Сонгуулийн үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах, аюулгүй байдал, ямар нэгэн нөлөөлөлгүй сонгуулийг явуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Цагдаагийн байгууллага хүний улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг болон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуультай холбоотой байж болзошгүй нийт 369 гомдол мэдээллийг хүлээн авч шалгаж байна. Мөн эрүүгийн хуулийн 14.5,14.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй 23 гомдол мэдээллийг шалгаж харьяаллын дагуу Тагнуулын ерөнхий газарт шилжүүлсэн байна. Мөн эрүүгийн хуулийн 14.5, 14.8, 23.2 дугаар зүйлийн нэгд заасан гэмт хэргийн шинжтэй найман гомдол мэдээллийг шалгаж байна. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан зөрчлийн талаарх 338 гомдол мэдээллийг хүлээн авч долоон гомдол мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлийн үйл ажиллагаа явуулж байна. Улмаар гурван гомдол мэдээллийг Мэргэжлийн хяналтын байгууллага, ШӨХТГ-т харьяаллын дагуу шилжүүлсэн байна. Мөн одоогоор 169 зөрчлийн шинжтэй гомдлыг үргэлжлүүлэн шалгаж байна.

Мөн энэ үеэр Цагдаагийн хурандаа Ч.Чинбатаас Өмнөговь аймгийн Цогтцэций суманд болсон хүн амины хэргийн талаар болон Чингэлтэй дүүргийн VII хороонд тусгай ногоон наалт бүхий тэмдэглэгээтэй машинаар хүн зөөж, мөнгө тараасан гэх мэдээллийн талаар сэтгүүлчид тодруулсан юм.


-Өмнөговь аймгийн Цогтцэций суманд амиа алдсан иргэн аль намын нэр дэвшигч байсан бэ?

-Өмнөговь аймгийн Цогтцэций суманд асуудал гарч харамсалтай явдал боллоо. Гэхдээ мөрдөн байцаах ажиллагаатай холбоотой асуудлуудыг шүүж ярихад бэрхшээлтэй. Хуулиараа хориотой зүйл. Амиа алдсан нэр дэвшигч аль нэг нам бус бие даан нэр дэвшигч гэсэн мэдээлэл байна.

-Баянзүрх дүүргийн V хороонд мөнгө тараагаад байна гэсэн. Мөнгө тараах, сонгогчдын саналыг худалдаж авч байгаатай холбоотой сонгуулийн хууль зөрчсөн хэдэн зөрчил илэрсэн бэ?

-Өнөөдрийн /өчигдөр/ 18 цагийн байдлаар эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1-т зааснаар Тагнуулын ерөнхий газар мөрдөн шалгах ажиллагаа явуулах харьяалалтай. Гэхдээ цагдаагийн байгууллага 23 гомдол мэдээлэлд шалгалт хийж холбогдох байгууллагууд руу шилжүүлчихсэн байгаа. Мөн аймгуудаас булган, Дорноговь, Хөвсгөл, Өмнөговь, Увс, Сүхбаатар, дүүргээс Сонгинохайрхан, Сүхбаатар, баянголд цагдаагийн алба хаагчид гомдол мэдээллийг илрүүлсэн. Үүнд мөнгө, эд зүйл тараасан, сонгогчдын эрх чөлөөг зөрчсөн байж магадгүй үйлдлүүд байна. Ер нь санал авах зорилгоор эд зүйл тараана гэдэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл шүү дээ. Тэгэхээр гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг манайх шалгаж тогтоох ажиллагаа явуулж байна.

-Чингэлтэй дүүргийн VII хороонд ногоон наалт бүхий машинууд хүн зөөж, улмаар мөнгө өгч байна гэсэн. Энэ асуудал дээр цагдаагийн байгууллага хэрхэн ажиллаж байгаа вэ?

-Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой байж болзошгүй гэмт хэрэг зөрчлийн талаар ярих нь ерөнхий асуудал л даа. Бид иргэд буюу хүний улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг зөрчил дээр анхаарал хандуулж мөнгө тараах, амлалт өгөх зэрэг асуудлууд дээр анхаарч байна. Хулгай хийх, эд зүйл гэмтээх, ухуулах хуудас, самбар гэмтээсэн тохиолдлуудыг нэг бүрчлэн тайлбарлах боломж алга.

-300 гаруй санал гомдол ирсэн гэлээ. Үүнийг ангилаад хэлж болох уу?

-Тодорхой хоёр аймгийн нутаг дэвсгэрээс хүн зөөж, мөнгө өгч байна гэх нэг гомдол, нэг мэдээлэл албан ёсоор цагдаагийн байгууллагад ирсэн. Одоогоор шалгах ажиллагааг явуулж байна. Хүн зөөж байгаа үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй үйлдэлд орно. Ер нь дийлэнх хувийг нэр дэвшигчийн нэр төрийг гутаан доромжилсон гомдол эзэлсэн. Түүний дараагаар хууль бус сурталчилгаа буюу сонгуулийн тухай хууль тогтоомжид заасан өөр арга хэрэгслээр сурталчилгаа явуулахыг хориглосон гомдол мэдээлэл зонхилж байна.

-Харьяаллын дагуу саналаа өгөхгүй байна гэсэн гомдлын талаар тодруулахгй юу?

-Тийм зүйл тогтоогдсон юм одоогоор алга. Иргэний хурууны хээ, мэдээлэл давхцахгүй сонгуулиа өгдөг учраас өөр тойргийн хүнийг авч ирээд хурууны хээг нь уншуулаад санал өгөх боломж байгаа гэдэгт би эргэлзэж байна.


ӨМНӨГОВЬ АЙМАГТ БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧ: “БҮЛЭГ ХҮМҮҮС ЯДАРСАН ХҮМҮҮСЭЭР ТОГЛОЛТ ХИЙДЭГ ГЭЭД ОЛОН СОНИН МАРЗАН ЗҮЙЛИЙГ ҮЗЛЭЭ”

Бид Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 22-дугаар тойрогт бие даан нэр дэвшигчтэй холбогдож сонгуулийн нөхцөл байдлын талаар тодруулсан юм. Тэрбээр “Одоогоор эцсийн хариу зарлагдаагүй байна. Ер нь мөнгө төгрөг тараасан, санал худалдаж авсан зүйл байна. Гэхдээ одоохондоо илчлээд яахав. Сүрхий мундаг нэр дэвшигчид ч байна. Хууль зөрчиж мөнгө тараасан, намын дарамт учруулсан зүйл зөндөө бий. Тийм зүйл хийсэн хүмүүсийн амьдрал ахуйд нь нөлөөлчих вий гэж бодоод л даруухан байгаад байна. Ил болгоё гэхээр надад итгэж байсан хүмүүст ч муухай байх болов уу. Сонгуулийн нөхцөл байдлыг ерөнхийд нь ярихад, би анх удаа л ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байна. Гаднаас нь харахад юу ч мэдэгддэггүй шүү дээ. Яг дотор нь орсон чинь сонин зүйл их байдаг юм байна. Энэ байдал ер нь хэзээ засрах юм бол. Засрах юм болов уу, үгүй юү их гайхлаа. Яаж ч засах юм. бүлэг хүмүүс, их мөнгөтэй байхад амьдрал ахуй нь сайжраагүй ядарсан хүмүүсээр тоглолт хийгээд л… Тэр бүх зүйлийг ярьж болох уу, гэдэг шийдвэрийг гаргаж чадахгүй л байна. Ер нь бол оршин суугаа иргэдийн эрх ашгийг хамгаалаад явна гэдэг үүднээс нэр дэвшсэн. Нэр дэвших арван хэдхэн хоногийн хугацаанд би их ч юм үзлээ. Марзан, инээдтэй зүйл их байна. би яруу найрагч хүн учраас энэ бүхэнд хачин гэгээлэг хандаж байсан. Өөрчлөгдсөн болов уу гэж бодсон. Гэтэл бохир юманд хутгалдаад арван хэдэн хоног болчихлоо. Үнэн бодит байдлыг цааш нь ярина. Гэхдээ зарга хийж биш, үнэнийг ухуулж, дүгнэлт хийж ярина” гэв.

С.ЛХАМСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

6,122 айл өрхийн янданг хөөлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо ард иргэдээ болзошгүй аюул эрсдэлээс хамгаалах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, өвөлдөө бэлтгэх зорилгоор “Яндангаа хөөлье” аяныг санаачлан улс орон даяар эхлүүлсэн.

Аяны хүрээнд олон зорилтот ажлууд хийгдэж байна. Тухайлбал, “Таван толгой түлш” компанитай хамтран яндан хөөлөгч бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгуулж 300 залуусыг ажилтай, орлоготой болгосон юм.

Мөн яндангаа хөөлөх, зуух пийшингийн битүүмжлэлийг сайжруулах, угаар мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгах зэрэг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалт, суртчилгаа, зөвлөгөө, мэдээллийг үе шаттай явуулж, олон нийтэд хүргэн ажилласаар байна.
Улаанбаатар хотод 200 гаруй мянган галлагаат айл өрхүүд бий гэсэн судалгаа байдаг. Яндан хөөлөгчид айл нэг бүрт хүрч ажиллах боломжгүй учраас хүндэтгэх шалтгаантай буюу бүл муутай өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөл хүндтэй болон олон хүүхэдтэй өрх толгойсон эхчүүдэд тусалж үнэ төлбөргүй янданг хөөлж, ханан пийшин зууханд гарсан эвдрэл, гэмтлийг бүрэн засварлаж ажиллажээ.

Өнөөдрийн байдлаар “Таван толгой түлш” компаний яндан хөөлөгчид 15343 иргэнд 70119400 утсаар дамжуулан яндан хөөлөх зөвлөгөө мэдээллийг өгч, 6,122 айл өрхийн янданг хөөлжээ. Тэд айл өрхүүдээр явж яндан хөөлөх зөвлөгөө, мэдээлэл өгөхөд иргэдийн зүгээс түгээмэл гаргадаг алдаа нь хойрго байдал гэдгийг онцолсон юм. Сүүлийн 5-10 жил яндангаа хөөлөөгүй, бүр огт хөөлдөггүй айл өрхүүд ч олон тааралдаг гэдгийг тэд хэлж байна. Түүнчлэн угаарын хий мэдрэгчээ ажиллуулдаг, ажиллагааг тогтмол шалгадаг айл өрхүүд тун цөөхөн байгааг яндан хөөлөгчид хэлсэн. Тамхины утаа, хоол, хүнс хайрах зэрэгт ажиллаж дугардагаас нь төшөгшөөн олон айл өрхүүд угаарын хий мэдрэгчээ зориуд салгадаг байна. Энэ нь эрсдэлт үед шаардлагатай тусламж, арга хэмжээ авах боломжийг бууруулдаг.

Угаарын хийн хордлогод өртсөн ихэнх айл өрхүүдэд судалгаа явуулахад ихэвчлэн ханан пийшин эдвэрч хагарсан, зуух яндангийн холбоос завсартай, яндангийн хөө тортгийг цэвэрлээгүй бөглөрүүлсэн, үнс дүүрсэн, яндан намхан, сойлт хаасан, зориулалтын бус зүйлээр өрхөө бүтээсэн гэх мэт шалтгаан нөхцлүүд тогтоогддог байна. Тиймээс та галлагаат орчинд амьдардаг бол яндангаа цаг алдалгүй хөөлж, ханан пийшингийн бүрэн байдлыг сайтар хангаж, угаарын хий мэдрэгчийн ажиллагааг заавал шалгахын уриалж байна.

Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье.

Categories
мэдээ нийгэм

Сөүл-УБ чиглэлийн онгоцоор өнөөдөр 256 хүн эх орондоо ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 10:39 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд өнөөдөр /10.17/ 19:00 цагт газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор 256 иргэн эх орондоо ирнэ. Үүнээс

  • бага насны хүүхэдтэй гэр бүл-118,
  • жирэмсэн-асран хамгаалагчтай-4,
  • өндөр настан-1,
  • хөгжлийн бэрхшээлтэй-2,
  • эрүүл мэндийн шалтгаантай-17,
  • бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-115 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ болон Улаанбаатар, Хавана, Сүнжин Гранд зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийллээ

УИХ-ын гишүүн асан Мигэддоржийн Батчимэг өвчнөөр таалал төгссөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга эмгэнэл илэрхийллээ.

“Монгол Улсын Их Хурлын гишүүн асан, журмын нөхөр Мигэддоржийн Батчимэг өвчнөөр таалал төгссөнд гүнээ харамсаж байна.

Тэрбээр Монгол Улсад ардчиллыг бойжуулан хөгжүүлэх, ардчиллын үнэт зүйлсийг төлөвшүүлэх, ардчиллын үйл явц болон төрийн бодлого боловсруулах үйл хэрэгт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний байр суурийг бататгахад үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан залуу манлайлагч байв.

М.Батчимэг нь 2009 онд 36 насандаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдох хүртлээ Стратегийн судалгааны хүрээлэнд судлаачаас эхлэн ахлах судлаач, зөвлөх, тэргүүлэх шинжээч хүртэл дэвшиж, мөн Тайванийн Тайбэй хот дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байсан.

Улмаар 2012-2016 онд Улсын Их Хурлын гишүүнээр ажиллах хугацаандаа 19 хууль, тогтоолын төслийг санаачилж, өргөн барьснаас Монгол хэлний тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулиудыг батлуулсан нь түүнийг төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд ажиллахаар олон жил бэлтгэгдсэн мэргэжлийн боловсон хүчин байсныг харуулдаг. Түүнээс гадна Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд хичээл зүтгэл гарган ажилласан чадварлаг дипломатч байв.

Түүний гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, хамтран зүтгэгчдэд гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн хамгийн том моддын био жинг тогтоожээ

Экологичид лазерын тусламжтай дэлхий дээрх хамгийн том мод болох Калифорнийн секвойя модны био жинг нарийвчлан тогтоож чаджээ. Эдгээр моддын томоохон нь 110 тонн хүрдэг байна.

“Scientific Reports” сэтгүүлд мэдээлснээр, дэлхийн дулаарлын эсрэг үр дүнтэй тэмцэх зорилгоор эрдэмтэд янз бүрийн төрлийн модод хэр их хэмжээний нүүрсхүчлийг нөөцөлдөг болохыг судалжээ. Ийм судалгааг Лондонгийн их сургуулийн коллежийн судлаачид анх удаа дэлхийн хамгийн том экосистемийн нэг болох Калифорнийн хойд нутгийн секвойя ойд хийсэн байна.

Лондонгийн их сургуулийн коллежийн профессор Мэт Дисней тэргүүтэй судлаачид “GEDI” дэлхийн тойрог замын лазер радарын тусламжтай Калифорнийн ойн гурван хэмжээст анхны газрын зургийг гаргажээ. Эдгээр ой манай гараг дээрх хамгийн том шилмүүст мод болох секвойя (Sequoia sempervirens) –аас бүрддэг. Секвойя мод олон мянган жил амьдардаг ба өндрөөрөө 100 гаруй метр хүрдэг байна. Гурван хэмжээст газрын зургийн тусламжтай судлаачид секвойя моддын эзлэхүүн, био жин зэрэг үзүүлэлтүүдийг гаргажээ.

Ойрын үед эрдэмтэд “GEDI” радарыг ашиглан манай гарагийн бусад ойн сангийн гурван хэмжээст газрын зураг гарган, ийм төрлийн судалгаа хийхээр төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ өвөл 7-10 сая мал эрсдэлд орох тооцоо гарчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ган болсон зарим аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд, холбогдох албаныхантай өчигдөр /2020.10.16/ уулзаж, санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын орон нутгийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр ган болсон зарим аймгийн малчдын зүгээс малын ашиг шим, малчдын орлого эрс буурч, тарга тэвээрэг авч чадаагүй мал туувар даахгүй байгаа, цаашид өвөлжилт хүндэрвэл олон тооны мал хорогдох нөхцөл байдал тулгараад байгаа талаар хэлж, холбогдох газраас яаралтай арга хэмжээ авч өгөхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн. Иймээс ган болсон зарим аймаг, сумдын иргэд, малчдаас тавьсан хүсэлтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тухайн аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд, холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийж, санал солилцлоо.

Холбогдох судалгаагаар 2020-2021 онд ган болсны улмаас өвөлжилт гамшгийн хэмжээнд хүрэх магадлалтай Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгууд, мөн Архангай, Дундговь, Өмнөговь аймгуудын 75 сумын 80 мянга гаруй малчны амьжиргаа, 7-10 сая мал эрсдэлд орох тооцоо гарсан байна.

Үүсэж болзошгүй эрсдэлийг хараад суух биш, урьдчилан тооцож, хохирол багатай даван туулах менежментийг цаг алдалгүй хийж, төр, хувийн хэвшил хамтран холбогдох шийдвэрийг богино хугацаанд гаргаж ажиллах нь хамгийн зөв шийдэл гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.