Categories
мэдээ улс-төр

8000 хүүхэд тутамд хүүхдийн нэг байцаагч ажиллана

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Олон улсын жишгийн дагуу 8000 хүүхэд тутамд хүүхдийн нэг байцаагч ажиллана

Хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор 8000 хүүхэд тутамд хүүхдийн нэг байцаагч ажиллуулахаар боллоо. Одоогоор улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй 53 албан хаагч /нийслэлд 30, орон нутагт 23/ ажиллаж байна. Энэ нь нэг хүнд ерөнхий боловсролын 12-13 сургууль, 3-4 их, дээд сургууль, коллеж, 0-18 хүртэлх насны 19 мянга гаруй хүүхэд оногдож байна гэсэн үг юм. Нэмж 103 байцаагч ажиллуулахад шаардагдах 2.5 тэрбум төгрөгийг жил бүрийн төсөвт тусгаж байхаар боллоо. Цагдаагийн байгууллагаас гаргасан статистик мэдээнээс үзвэл сүүлийн гурван жилд 3378 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 5043 хүүхэд гэмт халдлагад өртөн амь нас, эрүүл мэндээрээ хохирчээ. Хүүхдийн үйлдсэн гэмт хэргийн 45.2 хувийг хулгайлах, 28.5 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, 8.4 хувийг дээрэмдэх, тус бүр 7.5 хувийг залилах, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг, 3.4 хувийг хүчиндэх, 2.1 хувийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах хэрэг эзэлж байна. Тэвэл хүүхдүүдийн 23.8 хувь нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, 25.3 хувь нь хүчиндэх, 9.0 хувь нь хулгайлах, 8.2 хувь нь дээрэмдэх, 5.0 хувь нь залилах, 6.7 хувь нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас хохирчээ. “Хүүхэд гэмт хэрэг үйлдэх, гэмт хэрэг, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр бүх хүчээ дайчилж ажиллах ёстой. Олон улсын жишгийн дагуу 8000 хүүхэд тутамд нэг байцаагч ажиллах орон тоо, төсвийг шийдлээ. Төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүхэн санаачилгатай ажиллах нь чухал” гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх санууллаа.

Товч мэдээ

– Ирэх онд бүх төрлийн шатахуун, дизель түлшний жижиглэнгийн үнийг тогтворжуулах чиглэлээр ажиллаж, үр дүнг нь тухай бүр нь танилцуулж байхыг холбогдох сайд, агентлагийн даргад даалгав. Нэр бүхий 15 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажиллаж байгаагийн дүнд шатахууны жижиглэнгийн үнэ энэ оны 5-8 дугаар сард литр тутамдаа 1320-1400, 8-10 дугаар сард 1370-1450 төгрөг болж тогтворжсон байна. Ингэснээр 8, 9, 10 дугаар сард иргэд, аж ахуй нэгжүүдэд долоон тэрбум гаруй төгрөгийн бодит хэмнэлт үзүүлсэн гэсэн тооцоо гарчээ.

– Мянганы замын хэвтээ тэнхлэгийн Орхон-Их тамир чиглэлийн 63 км хатуу хучилттай автозам, 220 у/м төмөр бетон гүүрийн барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлав. Автозам, гүүрийн ажлыг “Хурдны зам” компани гүйцэтгэж, хяналтын зөвлөхөөр “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Гурван хүнд коронавирусийн халдвар илэрлээ

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Сүүлийн хоёр хоногт нийт 1,995 хүний сорьцод коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд гурван хүнд халдвар илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 19-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины хоёр жолоочид /40, 46 настай/ болон Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн.

Ингээд батлагдсан нийт тохиолдол 327 боллоо. Үүнээс 312 хүнийг эмчилж, эдгээсэн. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 298, гэрийн ажиглалтад 9, сувилалд 5 хүн тусгаарлан ажиглалтад байгаа.

Одоогийн байдлаар эмчилгээнд байгаа 15 хүний 10 нь хөнгөн, 5 нь хүндэвтэр гэж үнэлэгджээ.

Дэлхий дахинд коронавируст халдварын 40.7 сая тохиолдол бүртгэгдэж, 30 сая хүн эдгэрсэн бол 1.1 сая хүн нас бараад байна. Сүүлийн нэг хоногт шинээр 290 мянган тохиолдол бүртгэгдэж, 4 мянга гаруй хүн нас баржээ.

Улирлын томуугийн вакцинжуулалтын ажил аравдугаар сарын 1-нээс эхэлсэн. Энэ жил өмнөх жилүүдээс гурав дахин их хүн тун вакцин оруулж ирэн, дархлаажуулалтыг явуулж байна. Өнөөдрийн байдлаар ванцинжуулалт 78.9 хувьтай явж байгаа бөгөөд 55 мянган хүн вакцин хийлгэх хүсэлтээ гаргажээ. Тиймээс бид нэмж 100 мянган хүн тун вакцин захиалаад байна.

Categories
мэдээ спорт

Монголын баг цомын аварга шалгаруулах тэмцээнд шөвгийн наймд шалгарлаа

Дэлхийн шатрын холбоо болон Азийн шатрын холбооноос энэ сарын 10-наас 25-ны өдрийн хооронд www.chess.com цахим сайтад зохион байгуулагдаж буй Ази тивийн цомын аварга шалгаруулах онлайн багийн тэмцээний эмэгтэй ангилалд Монголын баг, тамирчид тавдугаар байрт орж, шөвгийн наймд шалгарлаа.

Багийн ахлагч ДШХМ С.Ган-Од

1-р ширээ ИМ Б.Мөнгөнтуул

2-р ширээ ОУМ Б.Баярмаа

3-р ширээ ДШХМ Б.Алтантуяа

4-р ширээ ДШХМ Д.Мөнхзул

Нөөц тоглогч: ДМ Б.Удвал

Монголын эмэгтэй багаас хувийн дүнгээр буюу онооны үзүүлэлтээр

2-р ширээнд ОУМ Б.Баярмаа 3-р байрт,

4-р ширээнд ДШХМ Д.Мөнхзул 1-р байрт тус тус шалгарлаа.

Уг тэмцээний эмэгтэй ангилалд Ази тивийн 31 орны нийт 155 шилдэг шатарчид цагийн хяналт талдаа 15 минут, нүүдэл бүрт таван секундын нэмэгдэлтэй түргэвчилсэн буюу рапид төрлөөр өрсөлдлөө. Швейцарь системээр есөн өрөг тоглож эхний найман байрт шалгарсан багууд дараах хуваарийн дагуу хасагдах шатны тоглолтууд хийж, аваргуудаа тодруулах юм.

Шөвгийн наймд шалгарсан багуудын хэсгийн тоглолт нөгөөдөр 14:00-17:00 цагт

Шөвгийн дөрөвт үлдсэн багуудын хагас шигшээ тоглолт 24-нд 14:00-17:00 цагт

Шигшээ тоглолт аравдугаар сарын 25-нд 14:0-17:00 цагт тус тус www.chess.com цахим сайтад зохион байгуулагдана.

Монголын эмэгтэй баг аравдугаар сарын 23-ний өдөр шөвгийн наймд Вьетнам Улсын багтай, эрэгтэй баг Энэтхэг Улсын багтай тус тус шөвгийн дөрвийн төлөөх цагаан, хараас нийт хоёр өргийн халз тоглолт хийнэ.

Монголын баг, тамирчид Мэдээлэл технологийн үндэсний паркийн байранд өндөр хурдны интернэт, сүүлийн үеийн компьютерт суурилан тоглоно.

Categories
мэдээ нийгэм

Тусгай үүргийн нислэгээр 256 иргэн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 19:56 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 256 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд иргэдийг ХӨСҮТ, Новотел, Альфа зочид буудал, Энхсаран, Ивээлэн амралтын газарт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

“Зөвлөх мэргэжилтний баг”-ийн гишүүд Төв аймагт ажиллалаа

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар ахмад настны “Зөвлөх мэргэжилтний баг”-ийн гишүүд орон нутагт ажиллаж байна. Багийн гишүүд энэ удаа Төв аймгийн Онцгой байдлын газарт ажиллалаа.

Ажиллах үеэрээ албаны дотоод сургалтын хөтөлбөр, сургалтын явцтай танилцаж, алба хаагчдад заавар, зөвлөмж өгч, офицер бүрэлдэхүүний хөтөлбөл зохих бичиг баримтад хяналт шалгалт хийн байгууллагын үйл ажиллагаатай танилцсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын ерөнхийлөгч Бан Ги Мүүнтэй цахим уулзалт хийлээ

Өнөөдөр БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын ерөнхийлөгч Бан Ги Мүүнтэй цахим уулзалт хийлээ. Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Эгнээндээ 38 гишүүн оронтой. Манай улс 2014 онд гишүүнээр элсэж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ногоон хөгжлийн чиглэлээр хамтран ажиллаж байна.

Өнөөдрийн цахим уулзалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, явцын талаар ярилцаж, цаашид хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

Томуугийн эсрэг вакцинжуулалтын явц улсын хэмжээнд 70 гаруй хувьтай байна

Томуугийн эсрэг дархлаажуулалтын явц орон нутагт 77.8, нийслэлд 73.3 хувьтай үргэлжилж байна.

Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр Өвөрхангай аймагт дархлаажуулалт 106.1 хувь байгаа нь аймгуудын хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Харин нийслэлийн Налайх дүүрэгт 86.9 хувьтай үргэлжилж байгаа юм.

Томуугийн эсрэг 3 цэнт вакцин нь томуугаас бүрэн хамгаалахгүй бөгөөд нэгэнт туссан тохиолдолд хүндрэлээс сэргийлнэ хэмээн эмч, мэргэжилтнүүд хэлж байв.

Уг вакциныг хийлгэснээс хоёр долоо хоногийн дараагаар хүний биед дархлаа тогтдог.

График 1, Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг вакцины хамралт, 2020 оны аравдугаар сарын 19-ний байдлаар

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

График 2, Орон нутаг дахь томуугийн эсрэг вакцины хамралт, 2020 оны аравдугаар сарын 19-ний байдлаар

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно

УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн /2020.10.21/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.

1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар”танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн 2020.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн 2020.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

2. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 13.30 цагаас Их засаг”танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хоорондын “Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (КОВИД-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр)-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/.

3. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар”танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүд /Засгийн газар 2019.08.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/.

УИХ ДАХЬ
АЖЛЫН ХЭСГҮҮД ХУРАЛДАНА

УИХ дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2020.10.21/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.

  • Иргэний нисэхийн ерөнхий газрын үйл ажиллагаатай Төсвийн байнгын хорооны гишүүд 10.00 цагаас танилцана.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимд.
Categories
мэдээ цаг-үе

Агаарын орон зайн жинхэнэ эзэд буюу нислэгийн хөдөлгөөн удирдагчдын нэгэн өдөр

Үүлэн хөх тэнгэрийн доохнуур, хөрст алтан дэлхийн дээгүүр хязгааргүй орчлонг эзэгнэнхэн төрсөн хүмүүс бол нисгэгчид, агаарын тээврийн салбарынхан. Тэр дундаа нислэгийн хөдөлгөөний удирдагчид бол агаарын орон зайн жинхэнэ эзэд юм. Цаг нарыг хатуу чанга баримтлан ажилладаг эдгээр хүмүүсийг нислэгийн хөдөлгөөн багатай энэ үед ярилцах, сурвалжлах боломж олдсон юм. Хотын гудамж хөл хөдөлгөөн ихтэй, энд тэндгүй яарсан хүмүүс намрын шаргал нарны дор алхална. Иргэний Нисэхийн Ерөнхий газрын Нислэгийн хөдөлгөөн удирдагчид ажилладаг өндөр цамхагийн зүг яваа минь энэ. Иргэний Нисэхийн Ерөнхий газрын Хэвлэлийн төлөөлөгч Б.Алтантуул угтан авлаа. Цамхаг бүхий “Нислэгийн хөдөлгөөн удирдах төв” гэх онцгой байр руу харуул, хамгаалалтын шалгалт дор нэвтрэн дотогш ороход Монголын Нислэгийн удирдагчдын холбооны үе үеийн дарга нар ширээ тойрон сууцгаасан байв. Цаанаа л сүрдэм, бахархал дүүрэн эдгээр хүмүүс хуучин цагийн ажил, нислэгийн удирдлага, холбооныхоо талаар дурсамж яриа өрнүүлэн кофе уун, тухалцгаажээ.

Эдгээр хүмүүс бүгд Нислэгийн удирдагчид, нэрлэвэл Б.Алтанцом, П.Пүрэвсүх, Х.Батсайхан, Г.Бат, Ё.Эрдэнэбат, Г.Ганхуяг, Г.Мөнгөнхуяг, Г.Батбулган гээд, Нислэгийн удирдагчдын холбооны үе үеийн тэргүүнүүд, өдгөө салбартаа ихэвчлэн удирдах албан тушаалын ажил хашиж буй, агаарын хөлгийг газраас удирддаг “шонхорууд” цуглацгаасан байлаа.

МОНГОЛ УЛСАД НИСЭХ ХҮЧИН БАЙГУУЛАГДСАНЫ 95 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

“Монгол Улсад нисэх хүчин байгуулагдсаны 95 жилийн ой энэ онд тохиож байна. Иргэний нисэх хүчин, цэргийн нисэхтэй анх нэгдмэл байгаад 1986 онд тусдаа салсан түүхтэй. Тиймээс хуучин үеийн үйл явдлуудын түүхэн баримт нь голцуу Батлан хамгаалах яамтай холбогддог. Тиймээс Батлан хамгаалах яамны архивт иргэний нисэхийн удирдагчдын талаарх нэлээд баримт хадгалагддаг” хэмээн Иргэний Нисэхийн Ерөнхий газрын дэд дарга Б.Алтанцом хуучиллаа.Тэрбээр яриагаа үргэлжлүүлэн “Би 1984 онд Хуучин ЗХУ-д их сургууль төгсөж ирээд энэ салбарт ажиллаж эхэлснээсээ хойших түүхийг сайн мэднэ. 1984 оноос өмнөх түүхийг ахмад үеийнхнийхээ ярьсан яриа, үлдээсэн тодорхой баримтын түвшинд ойлголттой байдаг. Түүхийг сөхөж харахад их сонин. Наад зах нь намайг анх төгсөж ирэхэд “Нислэгийн удирдагч” гэх мэргэжлийн нэршил нисэх хүчинд байгаагүй. Монгол Улсын Нисэх хөдөлгөөн удирдах дүрмийн дагуу “Диспетчер” гэдэг мэргэжлээр бид ажилладаг байсан. Тэр үед гэтэл “Диспетчер” гэх ажилтан юу хийдэг байсан бэ гэхээр бүртгэл хийдэг байлаа. Онгоц, нислэгийн үйл ажиллагаа удирддаггүй байсан гэсэн үг. Асар их бичиг цаастай л орооцолддог байлаа. Одоогийнх шиг тоног төхөөрөмжийн хангалт байгаагүй. Өөрөөр хэлбэл, орчин үед ашиглагдаж байгаа энэ бүх тоног төхөөрөмжийн ажил нь цаасан дээр байлаа шүү дээ. Нислэг удирддаг гол багаж нь командын байранд богино долгионы станц, пелинкатор, салхи заагч л байсан. Тэр үеийн Нислэгийн удирдагч буюу диспетчерүүд дэвтэр хөтөлдөг. Тэгэхдээ улаан, цэнхэр харандаагаар хөтөлнө. Тухайлбал, нислэг дууссан бол улаанаар, үргэлжилж байвал цэнхэр зураасаар тэмдэглэгээ хийнэ. Үүгээрээ нислэгийн үе шатыг дамжуулдаг байсан. Нислэгийн зөвшөөрөл авсан бол нэг нарийхан цэнхэр зураас татна, онгоц хөөрвөл цэнхэрийгээ талаар будна. Тухайн үеийн нислэг удирддаг арга ийм л байлаа. Тэгээд онгоцоо толгой дотроо баримжаалж удирдана. Онгоцны өндөр, чиглэл гээд бүгдийг нь цаасан дээр буулгаж хадгалдаг байсан. Нэг үеийн нислэгийн удирдагч, манай Х.Батсайхан гэхэд 20 онгоц нэгэн зэрэг удирдаж байсан. Тухайн нислэгийн удирдагчийн чадвар маш өндөр байсныг гэрчлэх хүн дээ” хэмээн хуучиллаа. Энэ үед хамт ширээ тойрч суусан нөхдийн нэг, өдгөө Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны Технологи үйл ажиллагааны хэлтсийн дарга Х.Батсайхан “Тухайн үед одоогийнх шиг техник, тоног төхөөрөмж байсангүй. Илтгэл, цагийн тооцоогоор л нислэгүүдээ удирдаж байв. 20-25 онгоц нэгэн зэрэг буух тохиолдол ч бий. Зөвхөн иргэний нисэхийн бус цэргийн, геологийн олон онгоцууд тэр үед нисэж байлаа шүү дээ. Үүнийг нэг удирдагч, нэг коммандаар л удирддаг. Орчин үеийн ачаалал, нөхцөл байдалтай харьцуулбал, өндөр ачаалалтай, маш хариуцлагатай ажиллаж байжээ. Би 38 жил энэ салбарт ажилласан” хэмээн дурслаа.

Б.АЛТАНЦОМ: НИСГЭГЧИЙН АЖЛЫГ БИЕЭРЭЭ МЭДЭРДЭГ ХҮН Л НИСЛЭГИЙН УДИРДАГЧИЙН АЖЛЫГ ХИЙНЭ

Б.Алтанцом “Олон улсын байгууллагад элсэх процедур амаргүй юм байна лээ. Тухайн үед бид капитализм нийгмийн нарийн ширийн зүйлсийг гадарлахгүй олон улсын байгууллагад хэдэн бичиг өгөөд л элсчихнэ гээд амар юм бодсон л доо. Олон улсын байгууллагад элсэхийн тулд гишүүнчлэлийн тоо, ажлын орчин, ажиглагчаар оролцсон байх гэх мэт олон зүйлсийг мэдэхгүйгээр шууд гишүүнээр элсэнэ гээд л очиж байсан. Анх 1996 онд Токио хотод ажиглагчаар Нислэг үйлдэгчдийн холбооны хуралд бид оролцсон. Тэр үед холбооны анхны ерөнхийлөгч Д.Гантөмөр, Ж.Дэмбэрэл дарга бид гурав тус хуралд ажиглагчаар оролцож нэлээд мэдээлэлтэй болсон. Олон улсын холбоонд гишүүнээр элсэхэд тавигдах шаардлага энгийн мөртлөө нэлээд үе шаттай ажил байсан. Тухайн улсынхаа төрийн байгууллагаас зөвшөөрөл, гэрчилгээтэй байх, ажиглагчаар оролцсон байх, тэдэн гишүүнчлэлтэй байх гэх мэт шаардлага байсан. Эдгээр шаардлагыг биелүүлээд 1998 онд гишүүнээр элссэн. Харин Монгол Улсын Хууль зүйн яаманд бүртгүүлсэн нь 1996 онд юм” гэлээ.

Нислэгийн удирдагч гэх мэргэжлийг тэр бүр энгийн хүн бүрийн хийж чадах мэргэжил биш, маш мэдрэмжтэй, мэдлэгтэй хүн хийдэг онцгой мэргэжил. Тэр ч утгаараа нислэгийн удирдагч хүн ямар байх ёстой вэ гэж хүмүүс Б.Алтанцом даргаас их асуудаг гэнэ. “Энэ мэргэжлийг ганц өнцгөөр тайлбарлах боломжгүй юм билээ. Нэгдүгээрт, зориг зүрх хэрэгтэй. Хоёрдугаарт, математик загварчлал өндөр байх хэрэгтэй. Гуравдугаарт, хурдан шаламгай шийдвэр гаргадаг байх. Дөрөвдүгээрт, мэргэжилдээ хайртай, үнэнч байх ёстой. Англи хэлний мэдлэгээс гадна эрүүл биетэй, сэтгэл зүй сайтай ийм хүнийг л шалгаж авч Нислэгийн удирдагч гэх нисэхийн салбарын нарийн мэргэжлийг эзэмшиж байгаа. Олон хүний амь нас хариуцдаг өндөр хариуцлагатай ажил шүү дээ. Нисгэгчийн ажлыг өөрөөрөө буюу биеэрээ мэдэрдэг ийм хүн л энэ ажлыг хийнэ” гээд тэрээр инээмсэглэлээ.


НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ УРДАА БОГД ХАН УУЛТАЙ УЧРААС ЗӨВХӨН НЭГ ЧИГЛЭЛЭЭРЭЭ БУУЖ ХӨӨРДӨГ ОНЦЛОГТОЙ

Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцахдаа хамгийн дээд давхар буюу Цамхагт нь нэвтэрлээ. Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын аэродромын Нислэгийн удирдагч Д.Нямгэрэл энэ цамхагт ажлаа гарын арван хуруу шигээ мэдэж ажилладаг нэгэн. Тэрбээр замчлан цамхгийн хэсгийн нарийн ширийн зүйлсийг ярьж өглөө. Цамхгаас Нислэгийн удирдагч нь Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд бууж хөөрч байгаа агаарын хөлгүүдэд бүх зөвшөөрлийг өгч ажилладаг, нислэгийн хөдөлгөөн удирдах үндсэн нэг цэг юм. Тэрбээр “Манай нисэх онгоцны буудал урдаа Богд Хан уултай учраас зөвхөн нэг чиглэлээрээ бууж хөөрдөг онцлогтой. Баруун хойноосоо бууж, зүүн урдаасаа хойшоо хөөрдөг шүү дээ. Агаарын зайг гурав ангилдаг. Нисэх буудалд бууж хөөрч байгаа хэсгийг аэродромийн хэсэг гэнэ. Зурвасаас хөөрөөд дээш 2200-6150 хүртэл ойртолтын бүс гэнэ. Харин 6150-14600 метрээс дээших бүсийн нислэгийн хэсэг болно. Өөрөөр хэлбэл, хариуцлагын бүсээр нь аэродром, ойртолт, бүсийн гэж ангилна. Аэродромийн онцлог нь цамхгаас бууж хөөрч байгаа онгоцыг шууд нүдээрээ хардаг. Мөн нислэгийн хамгийн хэцүү удирдлагын хэсэг бол буух мөн хөөрөх буюу аэродромийн бүс юм. Энэ үе нь нисэх багт ажиллагаа их байдаг учраас нислэгийн удирдагч үүнд нь анхаарлаа сайн хандуулж, нисэх багийн аюулгүй ажиллагааг хангадаг газар” хэмээн ажлынхаа тухай тайлбарласнаа “Агаарын хөлөг саатлаа гэж ярьдаг шүү дээ. Агаарын хөлөг бүрт үйлдвэрлэлээсээ шалтгаалан агаарын салхины лимит буюу хязгаар гэж бий. Монгол Улсын цаг уур эрс, тэс салхи ихтэй. Тэр дундаа өглөөгүүр зүүн урдаасаа хойшоо салхилдаг. Харин үдээс хойш баруун хойноосоо урагшаа салхилдаг. Үүнээс гадна Улаанбаатар хотод утаатай байдаг учраас хэдий хөөрч, буух зурвас зам гэрэлтүүлэгтэй ч агаарын хөлөг зурвасаа харахгүй байх үе бий” гэсэн юм. Хашаан дотор агаарын хөлөгт саатал үүсвэл тусламж үйлчилгээг хүргэх галын машинаас эхлээд нислэгийн хөдөлгөөний үйлчилгээтэй холбоотой бүх л асуудлыг шийдэх техник хэрэгсэл байнга бэлэн байдаг” гэв. Цамхгаас бууж Нислэгийн хөдөлгөөн удирдах төвийн хоёрдугаар давхарт өнжлөө. Нислэгийн хөдөлгөөн удирдах ажил буюу агаарын хөлөгт агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэх ажил 24 цагийн турш тасралтгүй үргэлжилж байдаг юм билээ. Тиймээс Нислэгийн удирдагчид гурван ээлжинд хуваагдан ажилладаг. Хэрэглэж байгаа тоног төхөөрөмж, ажлын арга барил бүгд олон улсын стандарт ёс журмыг дагадаг юм байна. Нислэгийн удирдагчийн хийдэг гол ажил нь агаарын хөлгийн нисгэгчтэй холбогдон нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээг газраас үзүүлэх, ингэхдээ нислэгийн аюулгүй байдлыг эрхэмлэх, агаарын хөлөг хоорон дахь аюулгүйн зайчлалыг баримтлах гээд секунд, минут анхаарал сарнихгүйгээр анхаарал төвлөрч, өндөр хариуцлагатай ажиллах юм. Мөн мэргэжлийн англи хэл шаарддаг. Нисгэгч болон нислэгийн удирдагч хооронд ямарваа нэгэн мэдээлэл үнэн зөв, ойлгогдохуйц байх ёстой. Тоог хүртэл хэлэхдээ арай өөрөөр хэлэх жишээний, нисэхийн англи хэл гэж тусдаа мэргэжлийн хэллэгтэй, түүний мэдлэгийн түвшинг өндөр шаарддаг юм байна.


“НИСЛЭГИЙН УДИРДАГЧИД ТАРХИНДАА 3D ЗУРАГЛАЛ БИЙ БОЛГОН ТӨСӨӨЛЖ АЖИЛЛАДАГ”

Нислэгийн хөдөлгөөн удирдах төвийн хоёрдугаар давхарт хэсэг ойртолтын болон бүсийн нислэгийн нислэгийн хөдөлгөөн удирдах Нислэгийн удирдагчид байрлаж ажилладаг. Ажлын өрөөнд ороход маш нам гүм, хэн ч тэнд чанга ярьж, бусдад саад учруулж болохгүй. Чихэвч зүүсэн нислэгийн удирдагчид ажиглалтын дэлгэц ширтэн агаарын хөлгийн нисгэгчтэй англи, эсвэл монголоор ярьж суух юм.

Ойртолтын бүсийн Нислэгийн удирдагчид нь нисэн ирж байгаа болон нисэн гарч байгаа агаарын хөлгүүдийг ажиглалтыг удирдлагын дэлгэцэн дээр харах бүрэн боломжтой юм. Нэг үгээр хэлбэл 2100 метрээс дээш 6150м хүртэл ажиглалтын удирдлагын үйлчилгээ үзүүлж удирддаг хэсэг юм байна. Энэ давхарт ер нь ээлжийн ахлагч, ойртолтын болон бүсийн нислэгийн удирдагчид ажиллаж байсан. Тэд олон улсынхаа стандартынхаа дагуу дээд тал нь хоёр цагийн хугацаанд ажиллаад 30 минут завсарлаж, амарна. Хүний нөөцөөсөө хамаараад 8-12 цаг ажиллаад ээлжээ солино.

Ойртолтын нислэгийн хөдөлгөөний удирдлагын хэсгийн гол онцлог нь онгоц өндөр алдаж, авах процесс явагдаж байдагт бий. Өөрөөр хэлбэл, маш богино хугацаанд асар хурдан маневарладаг. Энэ үед Нислэгийн удирдагч нарын анхаарлын түвшин маш өндөр байх ёстой. Мөн шийдвэрийг хурдан зөв гаргах шаардлага тулгарч байдаг. Энэ бол эрсдэл бүхий хэсэг юм. Доороос онгоц хөөрч байна, дээрээс маш хурдтай онгоц өндөр алдаж байна. Тэгэхээр энэ агаарын хөлгүүдийг хооронд нь аюулгүйгээр зайчлах хугацаа маш богинохон. Энэ хэсэгт нислэгийн удирдлагын үйлчилгээ нь дээд тал нь арван минут үргэлжилдэг байна.

Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын хэсэг гэдэг нь“Монгол Улсын агаарын орон зайн хамгийн өндөр дээд хязгаар хүртэл нисч буй агаарын хөлөгт удирдлагын үйлчилгээ үзүүлж байгаа чухал үүрэг бүхий хэсэг. Тодруулбал, 6150м-ээс дээш өндөрт нисч байгаа агаарын хөлгийг удирдаж буй Нислэгийн удирдагчид. Ихэвчлэн манай улсын агаарын замаар дамжин өнгөрч буй олон улсын агаарын хөлгүүдэд нислэгийн удирдлагын үйлчилгээ үзүүлдэг хэсэг юм билээ. Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын хэсэг маань зургаан секторт хуваагддаг юм байна. Нэг секторт нь л продецур удирдлага буюу дэлгэц харахгүйгээр агаарын хөдөлгөөний хоорондох зай хол зайчлалыг хангуулаад удирдлагын үйлчилгээ үзүүлж байгаа. Харахгүй, автомат системгүй удирдахдаа агаарын хөлгийн дуудлага, маяг, хурд, агаарын зам, хаанаас явж байгаа, регистрийн дугаар гээд бүх мэдэээллийг Нислэгийн удирдагч өөрөө тархиндаа тооцоолон удирддаг. Өөрөөр хэлбэл, Нислэгийн удирдагч тархиндаа хичнээн агаарын хөлөг, агаарын аль замуудаар явж байна, давхацлыг бодож 3D зураглалыг толгойдоо бий болгож төсөөлж ажиллана гэсэн үг. Харин ажиглалтын сектортой хэсгүүдэд агаарын хөлөг хоорондын зайчлалыг 30км-т бариулж удирддаг байна. Одоогоор Ковид цар тахалтай холбоотойгоор олон улсын дамжин өнгөрдөг нислэг 60 хувь хүртлээ буурчээ.

ГАДНЫ НИСЭХИЙН ТУРШЛАГЫГ
МОНГОЛД НЭВТРҮҮЛНЭ ГЭДЭГ НЭЛЭЭД ЯРВИГТАЙ АЖИЛ

Монгол Улсын агаарын зай онцлогтой. Өөр улс орнуудтай харьцуулаад туршлага судлаад тэдний тэргүүн туршлагуудыг нэвтрүүлье гэхэд их ярвигтай гэнэ. “Манайд 90-ээд хувь нь дамжин өнгөрөх нислэг байдаг. Дотоодын болон олон улсын хөөрөлт, бууралтын нислэг маш бага хувийг эзэлдэг. Орон нутгийн нислэг үйлдэгдэж байгаа хэдий ч 5 хувь нь байгаа. Үүнээс гадна хамгийн онцлог зүйл бол шөнийн хоёр цагаас нислэгийн эрчимжилт ихэсдэг. Энэ нь зургаан цаг хүртэл үргэжилдэг. Нислэгийн удирдагчдын хувьд маш их ачаалалтай үе. Нислэгийн удирдагч ч гэлтгүй ер нь энэ цаг үед хүний бие физиологи унтаа байдалд ордог, амар ч байх ёстой үе” хэмээсэн юм.

Ухаанаар бодоход энэ ачаалал нь зүүн өмнөд Азиас хөөрч байгаа болон Европоос хөөрч байгаа агаарын хөлгүүдийн урсгал хоёр талаас зэрэг орж ирдэг гэнэ. Ингээд урсгалын давхцал Монгол Улс дээр таардаг. Манайхтай төстэй нислэгийн хөдөлгөөний урсгалтай газар байдаггүй талаар ч тэд дурдсан юм. “Аль аль талдаа өглөө очих гээд байгаа хэрэг. Тэгэхээр өдрөөсөө илүү шөнийн цагт илүү ачаалалтай байдаг. Өндрийн давхацлууд их үүснэ. Үүнд нислэгийн удирдагч маш их ур чадвар гаргаж, анхаарлаа төвлөрүүлж ажиллах хэрэгтэй байдаг. Гэхдээ үүндээ тааруулаад хүний нөөцөө бүрдүүлж оновчтой зөв хуваарилалтаа хийгээд ажиллаж байна. Эргээд эрүүл мэнд болон стресс цаашлаад насжилтад нөлөөтэй байдаг” гэсэн юм.

Агаарын хөлөг маягаас хамаараад тодорхой хэмжээгээр төлбөр авдаг юм. Энэ нь улсын төсвийг бүрдүүлдэг. Тийм ч учраас өнгөрөлтийн нислэг их байх нь Монгол Улсад ашигтай. Одоогоор цар тахлын улмаас агаарын хөдөлгөөн багассан. Гэхдээ удахгүй эдийн засаг сэргэж хуучин хэвэндээ орох үед агаарын тээвэр ч гэсэн сэргэх байх гэж итгэж байна. Монгол Улсын агаарын орон зай өөрөө их том. Нэг секторын хэмжээ гэхэд л Европын хичнээн ч улсын хэмжээтэй байгаа юм.

Олон мянган хүний амь нас, аюулгүй байдлыг хариуцаж ажиллаж байгаа нислэгийн удирлагын багийнханд богинохон хугацаанд дуг хийж стресс ядаргаагаа тайлах боломж нөхцөлийг бүрдүүлжээ.Түр амралтын болон, интернэтээр аялж хэлний мэдлэг ур чадвараа сайжруулах, цай, коффе уунгаа дуртай кионогоо үзэж амрах өрөөнүүдтэй. Энэ ажлын хамгийн чухал зүйл бол цаг баримтлах. цагийг минут секунд бүрээр хэмждэг нь байгууллагын соёл гэнэ.Коридорт гадаад болон дотоодоос авч байсан олон шагнал, цом өргөмжлөл харагдана. Энэ нь нислэгийн удирдагч нар нь ямар их спортлог хүмүүс вэ гэдгийг илтгэх аж. Нислэгийн удирдагч өндөр чадвартай байхаас гадна эрүүл чийрэг мөн сэтгэл зүйн хувьд маш өндөр түвшинд бэлтгэгдсэн байх ёстой гэдгийг тэд дурдсаар байсан юм.

С.ЛХАМСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Сэргэн мандсан тусгаар тогтнол: Дундад (Хятад) Улс болон монгол Улс тусгаар тогтнолоо тунхагласан явдал ба 1911 оны хувьсгал

XX зууны эхэнд Ази тив эзэнт гүрнээс үндэстэн-улсад шилжих явцыг туулах үед Манж Чин гүрэн задран унаж, түүнээс Монгол, Дундад (Хятад) гэх хоёр үндэстэн-улс байгуулагдсан.Хоёр улсын хоорондын харилцаа ямагт найрсаг байгаагүй бөгөөд хамтрах, тэмцэхийн аль ч хэлбэрээр явж ирсэн. Асуудлын гол нь XIII-XIVдүгээр зуунд байлдан дагуулж, захирч байсан монголчууд, түүнд захирагдаж байсан Дундад (Хятад) хоёулаа XVII дугаар зуунд Чин гүрний харьяанд орсoн сонирхолтой үйл баримттай холбогддог. Улмаар эндээс Чингүрний орооцолдооноос яаж гарах вэ гэх асуудал гарч ирдэг бөгөөд энэ нь хоёр улсын харилцааны зовнилын хүрээнд тодорхой хэмжээнд байсаар ирсэн. Тухайлбал, үүнийг Дундад (Хятад) улс өөрийгөө Чин гүрний залгамжлагч хэмээн мэтгэж байхад Монгол Улс монголчуудын газар нутгийн томоохон хэсэг Дундад (Хятад)-ын мэдэлд орсон ч Дундад (Хятад)-тай ярилцах зүйл үгүй хэмээн зарлаж байгаа жишээнээс харж болно. Өнөөдөр бид уг үйл явдлын 110 жилийн ойг угтахын зэрэгцээ олон улсын геополитикийн бас нэгэн ээлжит өөрчлөлт эхлэх зааг дээр ирж байгаагийн хувьд хоёр улсад анх үндэстэн-улс байгуулагдахад тусгаар тогтнолын талаарх харилцан адилгүй алсын хараагаа хоёр улс хэрхэн тодорхойлж, үүсгэн байгуулагчид нь энэ тухайд хэрхэн мэтгэлцэж байсныг эргэн харж, үүнээс юу сурч болохыг вэ гэдгийг эргэцүүлэх хэрэгтэй болов уу.

Энэ судалгааны өгүүлэл нь “Independence as Restora­tion: Chinese and Mongolian Declarations of Independence and the 1911 Revolutions нэртэйгээр The Asia-Pacific Journal-ын 2012 оны нэгэн дугаарт нийтлэгдсэн (The Asia-Pacific Journal, Vol. 10, Issue 52, No. 3, December 31, 2012).

I.
УДИРТГАЛ

1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Монгол Улс тусгаар тогтнолоо тунхагласан нь орчин цагийн Өвөр (Дотоод) Азийн төдийгүй Зүүн Азийн түүхэнд онцгойлон тэмдэглүүштэй үйл явдал болсон билээ. Энэ нь зөвхөн Чин гүрний уналтад хувь нэмэр оруулаад зогсохгүй эзэнт гүрний нурангин дээрээс Дундад (Хятад), Монгол гэх хоёр тусгаар үндэстний улс байгуулагдахад хүргэсэн юм. 2011 онд Дундад улс болон Монгол Улсын аль аль нь уг үйл явдлын зуун жилийн ойг баяр ёслолын гэхээсээ Дундад нь Гадаад Монголыг, (Ар) Монгол нь Өмнөд Монголыг алдсан мэт байдалтайгаар үдэв.

Зуун жилийн ойг тэмдэглэн өнгөрөөх үед Хятадын олон эрдэмтэн 1911 оны үйл явдлыг дан ганц хувьсгал, тусгаар тогтнол төдийхөн биш, харин олон-угсаатны Манж-Чин гүрнийг хууль ёсоор эргэн байгуулсан явдал (legal reconstititution) бөгөөд Хан-Хятад үндэстэнд суурилсан олон угсаатны үндэсний улсын эрин үе (Han-Chinese centred multi-ethnic national state) байсан хэмээн онцолж байлаа. Үүнийг 1912 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр улсынхаа бүрэн эрхт байдал (Qing sovereignty)-ыг Дундад Иргэн Улсад хуурмагаар шилжүүлсэн Чин гүрний эзэн хааны сүүлчийн зарлигтай хамаатуулдаг. Нэгэн зууны дараагаар Хятадын судлаач Гао Чюанши (Gao Quanxi) үүнийг хятад маягийн “Ялгуусан хувьсгал” хэмээн нэрлэв. Тэд (Хятадын эрдэмтэд)-ний анхаарлыг зарлигийн дараах хэсэг ихээхэн татдаг. Үүнд:

Тиймийн учир Хуаньтайхоу би эзэн хааны хамт үүгээр улсын бүрэн эрхийг бүх ард түмний мэдэлд шилжүүлж байна. Мөн үүнээс хойш бүгд найрамдах улс мөн хэмээн тунхаглаж байна.

Хятад, Манж, Монгол, Хотон (Муслим), Төвөд таван төрөл язгуурын нутаг дэвсгэрийг бүрэн бүтэн байдалтай нь ард түмэндээ хадгалахын хамт Дундад Иргэн Улс нэрийн дор нэгэн агуу их улсыг хамтдаа байгуулж байна.

Эндээс Дундад (Хятад) Иргэн Улс (болон түүний залгамжлагч улс Бүгд Найрамдах Хятад Ард Улс)-ын хууль ёсны байдал нь хувьсгалын шударга үнэнд суурилсан биш, харин Чин гүрний тэргүүний толгойдоо буу тулгуулаад шахагдаж явахдаа хийсэн алхмаас үүдэлтэй хэмээн дүгнэж болох юм. Гэхдээ ийм эрдэм шинжилгээний ажлын улс төрийн үр дагавар гүн гүнзгий байдаг бөгөөд энэ нь БНХАУ-ын одоогийн нутаг дэвсгэрээр хязгаарлагддаггүй. Чин гүрнийг залгамжлагч улсын хувиар “хууль зүйн хувьд” эргэн байгуулагдсан (recon­stituted) гэж олонд өөрийгөө ойлгуулсан Дундад Иргэн Улс нь Монгол Улсын “эх улс” (mubang) мөн гэх санааг цаагуураа өвөрлөн, улмаар Монгол Улсын тусгаар тогтнолыг үл хүлээн зөвшөөрөх эрхээ шинээр олж авсан гэдэг. Тэгвэл эндээс Дундад Иргэн Улс нь Монгол Улсын “эх улс” байсан эсэх, Монгол Улсын тусгаар тогтнол нь эхийн хүлээн зөвшөөрөлгүйгээр хүчин төгөлдөр эсэх, эцэстээ монголчууд энэ асуудалд хэрхэн хандсан зэрэг асуулт гарч ирнэ. Хамгийн наад зах нь Монгол Улс тусгаар тогтнолоо Дундад Иргэн Улс байгуулагдахаас урьтаж зарлан тунхагласан нь энд хариулт өгөхөд бага зүйл биш билээ.

Олон улсын эрх зүйд шинэ улсүүсэх талаар онолын хоёр үзэл баримтлал байдаг. Үүний нэг нь бүрдүүллийн (con­stitutive) онол бол нөгөө нь тунхаглалын (declarative)онол юм. Бүрдүүллийн онолын дагуу аливаа улсыг бусад улс хүлээн зөвшөөрөхөөс өмнө тухайн улс үнэн чанартаа улс болж чадахгүй гэж үздэг. Тэгвэл тунхаглалын онол нь эсрэгээрээ буюу өөрийгөө улс хэмээн зарлан тунхаглах замаар улс болох бөгөөд үүнд бусад улсаас хүлээн зөвшөөрсөн байхыг шаарддаггүй онцлогтой. Монголын судлаач Д.Мөнх-Очир тунхаглалын онолыг хэрэглэн 1911 оны үеийн Монгол Улсын олон улсын статус болон Монголын de jurе тусгаар тогтнолд хүрсэн үйл явцыг судалжээ. Тэрээр тунхаглалын онолыг онцлон шинжилсэн нь Жак Деррида (Jacues Derrida )-ийн Америкийн тусгаар тогтнолын тунхагийг улс төрийн болон гүйцэтгэх (үйлдлийн) ярианы акт (performative speech act) хэмээн дүгнэсэнтэй нийцдэг.

Түүнчлэн тунхаглалын (declarative) онол нь “аливаа улс улс төрийн хувьд оршин тогтнох нь бусад улс түүнийг хүлээн зөвшөөрөхөөс үл хамаарна (бие даасан байна)” хэмээн заасан, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын заншлын эрх зүйн эх сурвалж болох Улсын эрх, үүргийн тухай Монтевидеогийн конвенц (Montevideo Convention on Rights and Duties of State)-ийн гол амин сүнс юм. Эрх зүйн зохицуулалт ямар байхаас үл хамааран хүчтэй эсэргүүцэгч, үл хүлээн зөвшөөрөгч улс (энэ тохиолдолд Дундад Иргэн Улс) нь тусгаар тогтнолынхоо төлөө яваа тэмүүлэлтэй үндэстэн (энэ тохиолдолд Монгол)-д ноцтой саад үүсгэж мэднэ гэдгийг хайхрахгүй өнгөрөх боломжгүй. Гол асуудал нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа “эх улс”-ын эсэргүүцэл тусгаар гэдгээ өөрөө зарласан улсын статуст эцсийн хариу өгөх эсэх тухайд байна. Бүрдүүллийн болон тунхаглалын онолын аль аль нь “эх улс” хүлээн зөвшөөрсөн байхыг шаарддаггүй. Асуудлыг төвөгтэй болгож буй зүйл нь Британи, Орос зэрэг дэлхийн хүчтэй гүрнүүд Төвөд, Монголд Хятадын “сюзерен” (suzerain) статусыг тулгаж байсан ч Монгол Улс Дундад Иргэн Улсыг хэзээ ч “эх улс” хэмээн хүлээн зөвшөөрч байгаагүйд оршино.

Зохиогчийн зүгээс үүнийг ихээхэн нарийвчлан шинжилбэл зохих асуудал хэмээн үзэж байна. Тиймээс энэ өгүүлэл нь тусгаар тогтнолын талаарх Хятад болон Монголын үзэл санааг харьцуулан өргөн хүрээний үр дагаврыг гарган тавихад голлон чиглэнэ. Ингэхдээ Монгол Улс тусгаар тогтнолоо зарлан тунхагласан явдлыг Дундад (Хятад) улсын тусгаар тогтнолын үзэл санааны хэлэлцүүлэгтэй харгуулан тавих замаар судлана. Энэ үүднээс 1911 онд Чин гүрнээс Дундад (Хятад) улс, Монголын аль аль нь тусгаар тогтнолоо зарласан ч 1912 онд Дундад Иргэн улс Чингийн төрийг залгамжлагч улс хэмээн өөрийгөө зарласны үндсэн дээр Монгол Улсын тусгаар тогтнолоо зарласан явдалд хариу үйлдэл үзүүлсэн зэрэг анхааралгүй орхидог боловч үнэ цэнэтэй баримтуудыг задлан шинжилнэ. 1912-1913 онуудад Олноо Өргөгдсөн Монгол Улсын эзэн хаан бөгөөд Монголын Төвөд маяг (Төвөдөөс уламжилсан)-ийн Буддизм (Бурханы шашин)-ын оюун санааны удирдагч Богд Жавзандамба хутагт болон Дундад Иргэн Улсын шинэ ерөнхийлөгч Юан Шикай нарын хооронд ширүүн үзэлцсэн агуулгатай цахилгаан бичиг солилцож байсан нь нь хоёр шинэ улсын үндсэн алсын хараа (хүсэл тэмүүлэл)-г харуулдаг бөгөөд энэ нь эдүгээ ч ач холбогдолтой хэвээр байна.

II.
ДУНДАД (ХЯТАД) УЛС ТУСГААР ТОГТНОЛОО ТУНХАГЛАСАН НЬ

Хятад босогчид “Татаар зэрлэгүүдийг хөөж, Хятадаа буцаан сэргээе” (quzhu dalu huifu zhonghua”) гэх жинтэй уриатайгаар тусгаар тогтнолын төлөөх тэмцлээ эхлүүлсэн бөгөөд 1911 оны аравдугаар сарын 10-ны өдөр Учаны бослого (Wuchang revolt)-оор тэмцэл нь oргилдоо хүрчээ. Уг уриа нь Чин гүрний бүрэлдэхүүн хэсэг байсан Манжуур, Монгол, Төвөд, Шинжааныг оруулахгүйгээр зөвхөн жинхэнэ Хятад орон (China proper)-ы 18 мужийг багтаах байдлаар Дундад (Хятад)-ын нутаг дэвсгэрийг багтаасан агуулгатай байх магадлалтай. Хувьсгалчид дараа нь таван үндэстний [төрлийг багтаасан] бүгд найрамдах улс (wuzu gonghe) хэмээн Дундад Иргэн Улсыг байгуулснаар угсаатны-орон зайн талаарх энэ төсөөллөөсөө бултсан ч Хятадын эрх зүй судлаачид өнөөдөр Дундад Иргэн Улсыг Чин гүрнийг “залгамжлагч улс” хэмээн илэрхий зорилготойгоор бичиж үнэн чанартаа түүхийн тасалданги үеийг мөн үгүйсгэж байгаа учраас хятад хэлний huifu (эргүүлэх, сэргээх) гэдэг үгийг сайтар судлах шаардлагатай гэж үзэж байна. Энэ нэр томьёо нь зөвхөн тусгаар тогтнолын талаарх Хятад үзэл санааг ойлгох түлхүүр үг төдий бус Хятадын тусгаар тогтнолын зорилгыг эзэнт гүрний уналтаас нэг цоо шинэ улсыг байгуулах тухай гэхээсээ 1644 оны үеийн Манжийн байлдан дагууллаас өмнө “тусгаар тогтносон” байсан хуучин нутаг дэвсгэрээ “сэргээх”-ийн төлөө гэх жинхэнэ санааг мөн илэрхийлдэг.

Хэрэв энэ аргумент зөв бол бидний өмнө нэгэн сонирхолтой нөхцөл байдал гарч ирж байна. Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ыг тусгаар тогтнолоо зарлах замаар гарч ирсэн дэлхий дээрх анхны үндэстэн (nation) хэмээн нийтлэг байдлаар хүлээн зөвшөөрдөг (Америк 1776 онд Британиас салсан). Үнэндээ Америкийн тусгаар тогтнолын тунхаглал (American Dec­laration of Independence) гарсан нь нэгэн томоохон улс /төрийн бүтэц/(polity)-аас нэг бүс нутаг тасран салсныг илтгэх төдий бус шинэ улс үндэстний зарчмын үүдийг нээсэн ач холбогдолтой үйл явдал болсон юм. Тиймээс “Хятадаа буцаан сэргээе” гэх хятад уриа нь 1644 оны үеийн Манжийн байлдан дагууллаас өмнө нэгэн “улс” оршиж байсан гэгдэхийн төлөө Манж нарын үеийг гээж, цааш сунжирсаар бүр дэлхийн анхны улс (АНУ)-ыг байгуулагдахаас урьтаж байгаагаараа сонирхолтой. Асуудал нь мэдээж Дундад (Хятад) улс 1644 оноос өмнө Манжуудаас “тусгаар” байсан эсэхэд бус харин “тусгаар тогтнол” гэдэг үг бие даасан нэр томьёоны тодорхой утгыг тэр үед илэрхийлж байсан эсэх тухайд яригдана. Чухамдаа Мин (Хятад) Улс Цагаан хэрмийг шинээр барьж, Монгол, Манжаас өөрийгөө тусгаарлаж байсан ч 1776 оны үед аль эсхүл XIX дүгээр зууны сүүл хүртэл Америк (болон орчин үеийн)-ийн тусгаар тогтнолын үзэл санаанд байдаг бүрэн тэгш эрх, эрх чөлөө (sovereign equality and freedom)-ний агуулгыг илэрхийлсэн “тусгаар тогтнол”-ын тухай ойлголт Хятадад байсан гэх баримт олдоогүй.

Дэвид Aрмитаж (David Armitage)-ийн дүгнэснээр Америкийн тусгаар тогтнолын тунхаглал нь дараа дараагийн олон улсын хэмжээний тунхаглалуудад ихээхэн нөлөө үзүүлж иржээ. Зохиогч (Урадын Э.Булаг)-ийн хувьд Хятад тусгаар тогтнолоо тунхагласан хийгээд энэ талаарх түүний үзэл санаа нь үүнээс ангид зүйл биш гэх аргументийг дэвшүүлж байна. Гэхдээ 1911 онд тусгаар тогтнолоо “сэргээсэн” гэх хятад үзэл санаа нь маргаж мэтгэлцээд байхаар ач холбогдолгүй гэсэн үг бас биш. Энэ нь хувьсгалчдыг үр дүнд чиглэсэн тодорхой үйлдэл хийлгэхэд хүргэсэн нь үнэн. Харин үүнийг хэт нарийвчлалгүйгээр Хятадад үзүүлсэн Америкийн нөлөөг тусгаар тогтнолын хууль ёсны байдал, тусгаар тогтнолын зохион байгуулалт гэх хоёр зүйлийн хүрээнд авч үзье.

Тайванийн түүхч Пан Куанчэ (Pan Kuang-che) Хятадын хувьсгалчид хувьсгалынхаа шалтгааныг хэрхэн хууль ёсны болгож, тайлбарлах тухайд Америкийн тусгаар тогтнолын тунхаглалыг ашиглаж байсан хэмээн бичсэн байна. Тэдний хувьд Америкийн тунхаглал “оюун санааны эх сурвалж” болж байжээ. Тэрээр (Пан Куанчэ) 1903 онд Зөү Рун (Zou Rong)-ы бичсэн Хувьсгалч арми (Revolutionary Army), 1904 онд Америкийн ард түмэнд хаягласан Сун Ят-сен (Sun Yat-sen)-ий “Хятадын асуудлын зөв гарц” (True So­lution of the Chinese Problem) бүтээлүүдийг хянан үзээд Британийн дарлалын эсрэг Америкчуудын хэрэглэж байсан “life” (амьдрал), “lib­erty” (эрх чөлөө), “pursuit of happiness” (аз жаргалын эрэл) зэрэг ойлголт нь Хятадын хувьсгалчдын дунд үнэнч дуурайллаа олж, тэдний Манжийн эсрэг шүүмжлэлийн үзэл санааны суурь болсон хэмээн тэмдэглэсэн байдаг. Америкчууд Британичуудын эсрэг гомдлоо жагсаан бичсэн шигээ Зөү Рун, Сун Ят-сен Манжийн үйлдсэн гэмт хэргийг нэрлэн зааж байжээ. Судлаач Пан Куанчэ Америкийн тунхаглалын талаарх Хятадын тайлбаруудыг нягтлах явцдаа тус тунхаглал дахь түлхүүр ойлголтуудыг шударга бус явдлын эсрэг Хятадын олон нийтийн бослогын үзэл санаанд зохицохоор орчуулсан байсныг тогтоосон. Ийнхүү Америкийн үзэл санаа Манжийн эсрэг Хятадын арьс өнгөөр ялгаварлах үндсэрхэг үзэлд түшиг болсон нь илэрхий аж.

Хятадын эрх зүйн түүхч Жан Юунлэ (Zhang Yongle)-ийн үзсэнээр Дундад Улсын тусгаар тогтнолын үйл явц (процесс) нь “салан тусгаарлалт”-аас “эвсэл”-д хүрэх загварыг дагасан байна. Тодруулбал, энэ нь эхлээд [Чин] гүрнээс мужууд салан, дараагаар нь холбоотон болох замаар шинэ улс байгуулжээ. Жан Юунлэ үүнийг 13 колони тусгаар тогтнолоо тунхаглаж, дараа нь “Нэгдсэн Улс” (United States)-ын холбоо (federation)-г үүсгэсэн гэх Америк загвартай төстэй хэмээн үзжээ. Хувьсгалч засгийн газар 1911 оны 10 дугаар сард Учан (Wuchang)-д байгуулагдсаны дараа Чингийн харьяаны 18 хятад мужийн 14 нь тусгаар тогтнолоо зарласан. 1912 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр 17 мужийн төлөөлөл Дундад Иргэн Улсын түр засгийн газрыг байгуулахаар нэгдэв. Дундад Иргэн Улсын түр ерөнхийлөгч Сун Ят-сен анхны үгэндээ “зэрлэгүүдийг хөөж гаргана” гэх Хятадын өмнөх байр сууриас татгалзан, шинэ бүгд найрамдах улсыг Төвөд, Хотон (Муслим), Монгол, Манж, Хан (Хятад) таван үндэстний (төрлийн) нэгдэл (wuzu gonghe) хэмээн дараах байдлаар зарлажээ:

Төрийн үндэс нь Ард түмэн. Хятад, Манж, Монгол, Хотон, Төвөдийн газрыг нэг улсад нэгтгэж, Төвөд, Хотон, Монгол, Манж, Хан үндэстнүүд нэгэн хүн мэт нэгдэж байна. Энэ бол миний хэлж байгаа манай үндэстнүүдийн нэгдэл юм.

Тэрээр Дундад (Хятад)-ыг нутаг дэвсгэрийн хувьд нэгтгэх тухайд ийнхүү хэлжээ:

Ухан (Wuhan)-ы бослого хүчээ авснаас хойш арав гаруй муж тусгаар тогтнолоо зарласан. Тусгаар тогтнол гэдэгт Чин гүрнээс салан тусгаарлахаас гадна салан тусгаарласан эдгээр мужууд эргээд нийлж гар барилцахыг хэлнэ. Монгол, Төвөдийн хувьд ч ижил. …Энэ бол миний хэлдэг манай нутаг дэвсгэрийн нэгдэл юм.

Монгол, Төвөдийн тусгаар тогтнолыг Чин гүрнээс (Хятадын) мужууд тусгаар тогтносонтой Сун Ят-сен адилтгасан нь сонирхол татдаг. Цаашлаад тэрээр өөрийн энэ логикоор Монгол, Төвөдийг яг Хятадын мужуудын адилаар Дундад Иргэн Улсад нэгдэнэ хэмээн найдаж тийнхүү ятгаж байв.

Зэрлэгүүдийг үлдэн хөөхийн оронд тэднийг шинэ бүгд найрамдах улсын иргэд мэтээр тэврэх болсон Сун Ят-сений байр суурийн өөрчлөлт нь сүүлийн үеийн Хятад эрдэмтдийн судалгааны гол сэдэв болоод байна. Тэд үүнийг өөрөө гэнэт гарч ирсэн зүйл биш бөгөөд харин хувьсгалчид болон Чингийн ордныг эрхшээлдээ авсан Юан Шикай нарын хоорондын хэлэлцээний үр дүн хэмээн тайлбарладаг. Жан Юунлэ, Ван Хуй (Wang Hui) нарынхаар энэ нь Хуаньтайхоу Лунюй (Empress Dowager Longyu)-г Чин гүрний хаан ширээнээс буух зарлигтаа улсынхаа бүрэн эрхийг Дундад Иргэн Улсад шилжүүлэхэд гүйцэтгэсэн хийгээд хувьсгалчдаар “зэрлэгүүдийг” Дундадын (Хятад) үндэстэнд нэгдэхэд хангалттай сайн хэмээн хүлээн зөвшөөрүүлж “агуу харилцан буулт” (da tuoxie)-д хүргэж чадсан Юан Шикайн хүчин чармайлтын ач гэнэ. Судлаач Гао Чюаньши нь Чин гүрний эзэн хааны сүүлчийн зарлигийг Дундадын (Хятад) ард түмэн (zhonghua renmin)-ий шинэ олон ургалч үзэл санааны эхлэл болсон гэж дүгнэсэн байна. Энэ мэт Хятадын эрдэм шинжилгээний бичлэгт эдүгээ Юан Шикайг олон-угсаатны Дундад (Хятад) улс (multi-ethnic China)-ын “жинхэнэ эцэг” хэмээн магтан дуулж байна.

Хэдийгээр судлаачдын дээрх үзэл санааны ач холбогдлыг үгүйсгээгүй ч эдгээр дэвшилтэт эрдэмтэд Хятадын зүгээс уужуу сэтгэл гарган хүлээн зөвшөөрөх санал тавьсаны хариуд хуучин “зэрлэгүүд”-ийн үр хойчсыг талархана хэмээн үзэж байгаа эсэх нь хачирхалтай. Мөн “Дундад улс” (Zhongguo), “Хятад” (Zhonghua) ер нь төвийг сахисан, олон нийтийн ижилсэлттэй байсан эсэх, Монголчууд болон Төвөдүүд түүний нэг хэсэг хэмээгдэн хүлээн зөвшөөрөгдөхийн хүслэн болж байсан эсэх зэрэг нь гайхширал төрүүлнэ. Хятадын өөрийгөө шинээр томьёолж буй онолын үндэслэл нь монголчууд, Төвөдүүд Хятадын ашиг сонирхлыг хуваалцаж, улмаар хамтдаа Чин гүрнийг унагаан Хятадын тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд Хятадуудтай ижил ашиг сонирхолтой байсан гэх таамаглалд суурилсан гэдгийг энд зориуд тэмдэглэе.


III.
МОНГОЛ УЛС ТУСГААР ТОГТНОЛОО ТУНХАГЛАСАН НЬ

Тэгвэл тухайн үед монголчууд тусгаар тогтнолоо хэрхэн төсөөлж байсан бэ? Үүний хариултыг Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө Орос Улсын засгийн газраас дэмжлэг хүсэхээр Жавзандамба хутагтын 1911 оны 7 дугаар сард илгээсэн төлөөлөгчдийн боловсруулсан хорин нэгэн (21) зүйл өргөх бичгээс олж болох юм. Гаднаас тусламж эрж буй уг нууц дипломат үүрэг даалгавар нь 1911 оны 10 дугаар сард Хятадад Учаны бослого (Wuchang re­volt) өрнөхөөс өмнө тохиосон гэдгийг цохон дурдууштай. Тус баримт бичиг болон дараагийн олон баримт бичигт үнэн хэрэгтээ монголчууд 1691 онд Манжийн эзэн хааны захиргаанд орохоос өмнө тусгаар улс байсан бөгөөд Манж улсын доторх байр сууриа бурхны шашны тусын төлөөх Манж нарын хүндэтгэл дээр суурилсан хэмээн тэмдэглэж байв. Тэд Монгол-Манжийн харилцааг байлдан дагууллаас илүү эвсэл (холбоо) хэмээн ойлгож байсан юм. Ингэхдээ Манж нар Хятадыг эзлэн захирахад цэрэг, улс төрийн чухал үүрэг гүйцэтгэн тусалсан монголчууд энэ тухайгаа болгоомжлон дурдаагүй нь сонирхолтой.

21 зүйл өргөх бичиг нь “Хятад түшмэд манай Манж улсын эрхийг эзэлж…” хэмээх мэдэгдлээр эхлэсэн бөгөөд гомдол заргын талаарх урт жагсаалтыг агуулсан. Үүнд Өмнөд Монгол дахь монголчуудыг Хятадууд үлэмж олноор хядах, монголчуудыг хятад худалдаачид мөлжин цөлмөх, Хятадын цагаачид ихээр сууршиж газар тариалан эрхлэх, Чин гүрний хязгаарын төрийн авлигач түшмэд ёс бусаар хандах зэргийг буруушаан ерөөс энэ бүгд монголчуудад асар их гай зовлон учруулж байна хэмээн мэдүүлжээ. Монголчууд Манжтай харилцахад өөрийн хүндэтгэлээ авч явах боломжгүй болсон нь тэдний хоорондын хамтын ашиг сонирхол, үнэт зүйл алдагдсанаас үүдэлтэй хэмээн үзэж байв. Тиймээс монголчууд Орос улсаас дэмжлэг, эв санааны нэгдэл олохыг найдан “их улсын дор шүтэж, бага улсын ёсоор харилцан туслалцваас” зохино хэмээн түүнийг (Оросыг) өрөвч сэтгэлээр хандахыг хүссэн. Уг баримт бичигт Манж-Монголын холбоо цуцлагдаж, оронд нь Манж-Хятадын шинэ холбоо байгуулагдсан тул Монгол-Оросын холбоог бий болгох зайлшгүй шаардлагатай болсныг онцолсон байна.

Монгол Улс тусгаар тогтнолоо албан ёсоор тунхагласныг дангаар нотлохуйц баримт бичиг монгол хэл дээр байхгүй. Харин шинэ Монгол Улсыг байгуулсан хэмээн монголчууд хүлээн зөвшөөрдөг хамгийн дээд, суурь шинжтэй баримт бичиг нь 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр “Олноор өргөгдсөн Монгол Улс”-ын Богд хаанаар өргөмжлөгдсөн Жавзандамба Хутагтын хаан ширээндээ суусны дараа анхлан гаргасан Монгол Улсыг байгуулахад хувь нэмрээ оруулсан гавьяатай хүмүүст хишиг хүртээх тухай зарлиг юм.

Зохиогчийн үзэж байгаагаар Монгол Улсын тусгаар тогтнолын тунхаглал хэмээн албан ёсоор нэрлэгдэж болох гурван (3) баримт бичиг байна. Эхнийх нь 1911 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр Монголын Улсын Түр засгийн газар (Халхын хүрээний газрын Бүгд хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх газар)-аас гаргасан “Монгол, Орос, Төвөд, Дундад, бүх хурал цуглаан, шашнаас ангид харц ардад хүрэх тунхаглал” гэх бичиг бөгөөд үүнийг Халхын дөрвөн (4) аймгийн хан, ван, бэйс, гүн, засаг, хамба, шанзудба, да ламын нэрээр гаргажээ. Тунхаглалын эхэнд дараах байдлаар дурдсан байна:

Эдүгээ өмнө газар Манж, Хятад аймаг өвөр зуураа самуурч, Манжийн төрийг сөнөөхүй дор хүрсэн чимээ олон сонсдох болсон. Үүнд манай Монгол бол бас угтаа тусгай нэгэн улс мөн тул одоо хуучин зарчмаар өөрснөө улс болон өөрийнхөө хэргийн эрхийг бусдаар эрхлүүлэхгүй шинэ төр байгуулан тогтохоор зөвлөн тогтсон. Үүнд манай монгол манж хятад түшмэд дор захирагдахгүй. Тэдний эрх мэдлийг шууд хасаж, баясыг уг нутагт буцаахаар бичиг өгсөн нь дан ганц тэдний эрх мэдлийг хасаж буцаахаас өөр энгийн номхон шударгаар маймаалан суух иргэдийг учиргүйгээр зовоох санаа бус болой.

1911 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр буюу шинэ Монгол Улс байгуулагдсаны дараагийн өдөр Чин гүрний засгийн газрын гадаад хэргийн, дотоод явдлын болон зөвлөх яамдад цахилгаан мэдээ илгээсэн нь Монголын тусгаар тогтнолын албан ёсны тунхаглал хэмээн үзэж болох хоёр (2) дахь баримт бичиг юм. Тус бичигт ийнхүү заажээ:

Монголчууд Чин улсад дагаар орсноос эдүгээ хүртэл хоёр зуун илүү онд үе улиран Богд хаадын хишгийг хүртсэний тул үнэхээрийн дээд тэнгэр мэт сүсэлмүй. Зүй нь чин үнэнхүүг гүйцэтгэн зүтгэж жаргал зовлонг хамт эдлэн эс шилжвээс зохих билээ. Гагцхүү хэд хэдэн арван оноос нааш засгийн эш буурсан нь хайрлалтай бөгөөд хязгаарын сайдууд ба журганы түшмэд цаазыг самууруулан санааны дураар мөнгө юм ховдоглон мөлжихүй нь бүх дэлхийд энэ мэт хаагдсан харанхуй газар үгүй болой.

Монголчууд Манж нарыг эвслийн гэрээгээ биелүүлээгүй гэж ёс суртахууны үүднээс буруушаан, тэдний (Манж нарын) өөрсдөдөө зориулж бүтээсэн эмх замбараагүй байдалд хутгалдахгүй хэмээн андгайлж “Алтан ордон [Бээжин]-ы зүг хандаж тэнгэрийн гэгээнээс хагацахын ёсоор мөргөөд бүгдээр Богд [Жавзандамба хутагт]-ыг өргөмжлөн эзэн болгож улсын цолыг Монгол хэмээн” өөрсдөдөө найдахаас өөр аврал байхгүй гэж байв.

Үүнээс харвал Манжуудтай харилцаа холбоотой байсан 200 жилийн харилцаагаа тасалж Монгол Улс тусгаар тогтносон нь өөрийгөө хамгаалахын төлөөх алхам байлаа. Харилцаагаа “таслах”-даа монголчууд “умар зүгийн дэлхий дахины орон газрыг уул эзэн нь хураан авч бүрэн болгон баталвай” хэмээн зарласан.

Гурав дахь баримт бичиг нь 1912 оны намар Монгол Улсын Гадаад хэргийн яамнаас Франц, Бельги, Англи, Япон, Герман, АНУ, Дани, Голланд, Оросын гадаад хэргийн яамдад илгээсэн илгээлттэй холбогдоно. Тус илгээлтэд Чин гүрнээс нэгэнтээ тусгаарлан, Жавзандамба хутагтыг хаанаараа өргөмжилсөн нэгэн “улс төр” (үндэстэн-улс)-ийн хувиар Монгол Улсын статусыг эдгээр олон улсад мэдэгдэж, цаашид “улсын найрамдлыг зузаатгамой” (ред. улс хоорондын найрамдалт харилцааг гүнзгийрүүлэх) хэмээн улс хоорондын олон улсын гэрээ байгуулан худалдааг дэмжих санаачилга гаргасан байна.

Монголын тусгаар тогтнолын тунхаглалыг бүрдүүлж буй эдгээр бүх баримт бичиг нь Чин гүрэнтэй байгуулсан эвслээс өмнө монголчууд өөрсдийгөө тусгаар улс байсан хэмээн төсөөлж байсныг илтгэн харуулдаг (Хятадууд 1644 оны үеийн Манжийн байлдан дагууллаас өмнө өөрсдийгөө мөн “тусгаар тогтносон” гэж үздэг талаар өмнөх хэсэгт тайлбарласан). Гэхдээ Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид хятад тэмцэгчидтэй адил буюу Сун Ят-сений хэлсэнчлэн хятад мужуудийг нэгтгэх зорилготой байсан гэх нотолгоо тун бага. Чингийн төрд илгээсэн тунхаглалдаа монголчууд Манжийн төрийг унагахыг тангарлаагүй, харин хятад мужуудад дэг журам эргэн сэргэсний дараа дипломат харилцаа тогтоох хүсэлтэй байгаагаа илэрхийлснийг анхаарах хэрэгтэй. Тэд бичгийнхээ төгсгөлд нь: “үүнийг бичихэд тэсгэл үгүй айж эмээн Манжийн төрийг өнө удахыг хичээнгүйлэн залбирч Монголын бүх найралын хурал хичээнгүйлэн мөргөвэй” хэмээн дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл, Хятадын [хувьсгалын] уран яруу үг яриа нь тэгш бус харилцаа хийгээд Чин гүрнийг унагаан, Хан Хятадын ноёрхлыг тогтоох ганцхан арга замаар хүсэж буй тэгш байдал, эрх чөлөө, аз жаргалыг олж авна гэх үзэл санаанд тулгуурласан бол монголчуудын хувьд тэд Манжийн дэмжлэг, хамгаалалтыг эдлэн угтаа тэгш харилцаатай байсан хэмээн илэрхийлжээ. Гэтэл Манж нар доройтон, монголчуудад халтай хятадууд эрх мэдлийг авах болсноор энэ харилцаа нь Монголын эрх ашигт үйлчлэхээ улам бүр болиж буйг тэд (Монголчууд) ойлгосон байна. Тиймээс урьдын харилцаагаа тасалж, тусгаар тогтнолоо “сэргээн”, Манжийн эзэнт гүрний талаарх Монголын зовнилыг ойлгон хуваалцаж, Монголыг хамгаалж чадах өөр нэгэн хүч болох Оростой шинэ эвсэл байгуулахыг зөвтгөж байв. Уг шинэ харилцааг “Орос-Монгол хоёрын найрамдах” хэмээн хоёр талт олон улсын гэрээгээр баталгаажуулсан. Орос Улсад хандсан 21 зүйл өргөх бичигт бага буурай улс хүчтэй улсаас хамгаалалт эрэх нь олон улсын эрх зүйд нийцнэ гэж үзжээ.

Эдгээр баримт бичигт буй Монголын байр суур нь Дундад улс (Middle King­dom, хятадаар Zhongguo) дахь Хятадуудын дангаар ноёрхол (Chinese monopoly)-ыг монголчууд эсэргүүцсэн хэмээн Наками Тацүо (Na­kami Tatsuo)-ийн нэгэнтээ бичсэнийг баталж байх шиг. Бид Чин гүрнээс Монгол тусгаар тогтносон эсхүл түүнээс холбоогоо тасалсан явдлыг “Манж-Хятад”-ын эвслийн эсрэг тэмцэл байсан гэж ч болох юм. Энэ нь манж мод унахад түүн дээр байсан хятад, монгол сармагчингууд тарсан гэх Тайванийн судлаач Жан Чи-шиун (Chang Chi-hsiung)-ы ревизионист онол -ыг сорино. Түүнийхээр (Жан Чи-шиуны) Чин гүрний уналт нь зөвхөн Манжуудаар холбогдож байсан Монгол, Хятадын харилцааг тасалсан байна. Гэхдээ энд Чин гүрний мөхлөөс өмнө монголчууд түүнээс зайгаа барьсан гэх гол санааг орхигдуулсан.

Хятад, Монголын тусгаар тогтнолын хөдөлгөөний зорилго ижил биш боловч тусгаар тогтнолын явцын хувьд тодорхой хэмжээний төстэй тал бас байна. Хятадын хувьсгалчид салан тусгаарлалтын дараа нэгдсэн улс байгуулсан Америкийн процедурыг дагасан шиг Халх (Ар Монгол) дахь монголчууд нь Хайсан зэрэг цөөн Өмнөд монгол удирдагчийн тусламжтайгаар тусгаар тогтнолын хөдөлгөөнийг эхлүүлж, дараагаар нь Өмнөд Монголын ван, гүнгүүдийг шинэ Монгол Улсад нэгдэхийг уриалсан. Мөн Хятадын хувьсгалчид монголчуудыг өөрсдийн ард зогсохыг ухуулж дөнгөөгүйн адил Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид Өмнөл Монголын бүх ноёдоос санал нэгтэй дэмжлэгийг авч бас чадаагүй. Эдгээр хоёр тохиолдол бүтэлгүйтсэний шалтгаан нь мэдээж өөр. Учир нь монголчууд Хятад шиг тусгаар тогтнолоо олох зорилготой байсан ч Чин гүрнийг Хятадууд хүчээр гартаа оруулахыг зорьж байгааг дэмжээгүй. Нөгөө талаас өөр хоорондоо ялгаатай Монгол бүлгүүдийн зорилго нь Өвөр, Ар Монголыг нэгтгэх тухайд үндсэндээ ижил байсан. Монголчууд нэгдэж чадаагүй нь Дундадын (Хятад) улс төрийн төвтэй газар зүйн хувьд ойр байснаас гадна Орос, Япон улсууд Монголчуудын хувь заяаны талаар санал үл нэгдэж, өөр өөрсдийн нөлөөллийн хүрээнд Монголыг хуваасантай ихээхэн холбоотой байсан юм. Үнэн хэрэгтээ Дундад (Хятад) Улс Гадаад Монголыг өөрөөс нь холдуулан “уруу татаж байгаа”-д Орос Улсыг гол төлөв буруутгаж байсан бол Орос Улс үнэндээ Японы айсуй ялагдлыг таамаглан 1945 оны сүүлээр Ялтын гэрээ (Yalta Agreement)-г байгуулах хүртэл Чин гүрэн болон Дундад Иргэн Улсын алинаас нь ч Гадаад Монгол бүрэн тусгаар тогтнохыг дэмжиж байсан удаагүй. Тусгаар тогтнолын дараа өөрсдийн хүссэн нэгдэл, нэгтгэлд хүрч чадаагүй Дундад, Монгол улсуудад үндэсний үзлийн гомдол үлдсэн бөгөөд хоёр улсын аль алиных нь хувьд энэ нь 1911 оны тусгаар тогтнолын хөдөлгөөний хамгийн чухал нэг өвийг бүрдүүлдэг.

IV.
ЖАВЗАНДАМБА ХУТАГТ, ЮАН ШИКАЙ НАРЫН МЭТГЭЛЦЭЭН БА МОНГОЛ УЛСЫН ТУСГААР
ТОГТНОЛЫН АЛСЫН ХАРАА

Өнөөдрийн Дундад (Хятад) Улсын төрийн олон угсаатны бүрэлдэхүүнийг хууль ёсны, Монгол Улсын тусгаар тогтнолыг хууль бус болгох зорилготой Хятадын орчин цагийн эрх зүйн түүхчдийн хүчин чармайлтаар 1912 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр хаан ширээнээс буухдаа гаргасан Чин гүрний эзэн хааны сүүлчийн зарлиг нь анхаарлын төвд ороод байгаа тухай өмнө дурдсан билээ. Тус сүүлчийн зарлигaaр улсын бүрэн эрхийг Дундад Иргэн Улсад шилжүүлэхээс өмнө Монгол Улс Чин гүрнээс тусгаар тогтнолоо зарласан гэдгийг Хятадын эрдэмтэд олж хардаггүй, эсхүл зориуд алгасдаг. Гэхдээ Чин гүрний төрийг мөхлийн ирмэг дээр байх үед монголчууд тусгаар тогтнолоо тунхагласан тухай бичиг илгээсэн хэдий ч түүний хариуг Чин гүрний төрийн тэргүүн хаан ширээнээс буусны дараа буюу 1912 оны эхээр Дундад Иргэн Улсын Дотоод явдлын яамнаас ирүүлсэн гэдгийг энд тэмдэглэх нь зүйтэй. Хоёр улсын дотоод явдлын яамдын хооронд хэд хэдэн удаа бичиг солилцсоны дараа монголчууд Хятадын заналхийлэлд толгой бөхийхгүй байсан маргаанд Дундад Иргэн Улсын шинэ бүрэн эрхт “Их ерөнхийлөн захирах сайд” (Da Zongtong) Юан Шикай өөрөө оролцож эхэлжээ. Тэр “Хүрээний Хутагт” (Kulun Huofo)-д гэж шууд хаяглан, “дан гагц гагцаар тогтохоо хасаж чадваас цөм зөвлөлдөн хянаж болмой” (ред. тусгаар тогтнолоосоо татгалзвал бүх асуудлыг ярилцах боломжтой) хэмээн амлаж “эрхэм лам (gui lama) та Монголын тусгаар тогтнолыг цуцал” хэмээн тушааж байв. Энэ тухай тэдний хооронд харилцсан гурван (3) ч удаагийн цахилгаан мэдээнд байна.

Юан Шикай анхны цахилгаан (анхны цагаан сарын шинийн 28-ны өдөр буюу 1912 оны гуравдугаар сарын 16)-даа “Гадаад Монгол, Дундад улсын иргэн төрөл лүгээ хамт хэдэн зуун жилээс инагш нэгэн гэр мэт болсон бөгөөд одоо цагийн байдал түгшүүртэй, хязгаарын хэрэг түргэн түүхий дор хэрхэвч бээр хувааваас болох ёсон үгүй” гэх үндэслэлээр эхлүүлсэн. Тэрээр Гадаад Монголыг маш жижиг, оршин тогтнох чадвар дорой улс хэмээгээд цэргийн хүч буурай, ядуу гэх мэт Гадаад Монголын мөхөх шалтгаануудыг жагсаан, “эрхэм лам” ердөө гурван аймгийн хүчтэй бөгөөд олон монгол бүлгийг дагуулж чадаагүй гэж тохуурхжээ. Юан Шикай Гадаад Монгол тусгаар тогтнолоо зарлавал Японд нэгтгэгдсэн Тайвань, Солонгос шиг үгүй болно хэмээн мөн сүрдүүлж байв.

Тэгвэл монголчууд өөрсдийн байр сууриа яаж хамгаалсан бэ? Дундад Иргэн Улсын Түр засгийн газрын Дотоод явдлын яамнаас ирүүлсэн захианы хариуд Монголын тал нь Чин гүрнийг унагааж, таван үндэстнээс бүрдсэн Дундад Иргэн Улс болж байгаад баяр хүргэсэн. Ингэхдээ Монгол бол шашин, хэл, ёс заншлын хувьд Хятадаас эрс ялгаатай учраас нэгдэн зохицох боломжгүй хэмээн нотлох байдлаар хоёр үндэстний хоорондын ялгааг онцолж байв. Есөн өдрийн дараа Юан Шикайн удаах цахилгаан мэдээнд Богд хаан хариулахдаа ч үүнийг тусгайлан давтаж, түүний сүрдүүлэгт мөн хариу илэрхийлжээ.

Юан Шикайгийн ихэрхсэн өнгө аясыг түүнтэй ижил зиндааны Богд хаан мэдэрсэн байна. Тэрээр Монгол бол “гагцаар тогтнохыг зарлан ухуулаад Жавзандамба лам намайг бүгдээр өргөмжлөн Монгол Улсын хаан эзэн болгох тухай дор хүчлэн маргавчаар болсон үгүй. Огтхон ч ул болохоос олны санаан дор эесдүүлэн тэдний гуйсныг зөвшөөрч тэдний ёслолыг хүлээн аваад” гэж хариу мэдэгдсэн. Өөрийгөө “Олноо өргөгдсөн” хэмээн дурдсан нь Юан Шикайн итгэл эвдэн урваж засгийн эрхэнд гарсанд хандсан далд ёгтлол байсан ба тэр нь сүүлдээ тодорхой болсон.

Богд хаан улсынхаа хүн ам бага, ядуу буурайг мэдэж байсан ч Монгол бол Дундад улсад төдийгүй дэлхий даяар тусгаар тогтнолоо зарлан тунхагласан улс бөгөөд Монголын цорын ганц хүсэл бол “язгуур үндэс, шашин, харьяат газраа бүрэн бүтэн болгон батлахын санаа болой” хэмээн байр сууриа шийдэмгий илэрхийлж байв. Тэрээр Монгол хүчирхэг улстай ойрхон байгаа нь дараагийн Тайвань, Солонгос мэт болоход хүргэж болзошгүй гэдгийг үнэн хэрэгтээ зөвшөөрч байсан. Юан Шикай монголчуудыг Оросоос хамаарах аюулаас хамгаалах хүслээ илэрхийлсэн ч Богд хаан Дундад улс Монголд дэмжлэг үзүүлэхэд хэт хол байна хэмээн тэмдэглэж байжээ. Богд хаан Монголын оршин тогтнох асуудал Юан Шикайн үйлдлээс хамааралтай болохыг, хэрвээ Юан Шикай ихээхэн яаруу сандруу үйлдэл хийвэл тэр нь Дундад, монголчуудын аль алинд нь гамшиг тарихыг дараах байдлаар анхааруулж байв:

Үүнд эрхэм ерөнхийлөн захирах сайдын элбэг бодлогоор түгшүүрийг улируулан амгалан болгох ба эрдэм нь ертөнц дор тулсан иргэн дор тэргүүлэхэд хүрэлцэх тунгалаг толийг өндөр өлгөж үл туулахуй нь өчүүхэн ч үгүйг харгалзан мэдээд машид сүслэн бишрэв.

Урадын Э.Булаг (Их Британийн Кембрижийн их сургууль)

Орчуулсан:

Ч.Мөнхтуул (БНХАУ-ын Минзү их сургууль, Антропологийн тэнхим);

Э.Туулайхүү (МУИС, Хууль зүйн сургууль)

Үргэлжлэл бий