Categories
мэдээ цаг-үе

Д.Гантулга: Иргэдийн төлөөлөл ямар байдгийг үзүүлнэ

НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулгатай ярилцлаа.


-Орон нутгийн сонгуулийн үр дүнгээс яриагаа эхэлье. Энэ удаагийн сонгууль ямархуу болж өнгөрөв. Мөн танайх бусад намуудаас долоо хоногийн хойно сурталчилгаагаа элсэн. Энэ нь сонгуулийн үр дүнд нөлөөлөв үү?

-Шүүгчийн хууль бус, увиагүй, мэргэжлийн алдаанаас болж 14 хоногийн хугацаанд сонгуулийн сурталчилгаагаа хийх хуулиар олгогдсон хугацаанаас долоо хоногийн хойно сурталчилгаагаа явуулсан. Нарийн яривал долоо хоног ч биш, сурталчилгааны материалаа хэвлэх зэргээс үүдэж хоёр хоног алдаж, таван хоногийн хугацаанд л сурталчилгаагаа хийлээ. Бид анхнаасаа сурталчилгаагаа хуульд заасны дагуу хугацаанд бүтэн хийсэн бол үр дүн мэдээж өөр байна. гэхдээ нэгэнт болоод өнгөрсөн, бурууг хэн нэгнээс хайж, гоншигоноод сууж болохгүй.

Харин энэ үйл явдал ардчилсан нийгэм төлөвших үйл явц болж бид түүхэнд бичиж байна гэж харж байгаа. Бидний дараагийн үе гарч ирж, ардчилсан сонгууль явуулж чаддаг, нийгмийн шударга бус үйлдлийг ярихдаа “2020 онд шүүгч захирамж гаргаж сонгуулийн сурталчилгааны хуулиар заасан хоногийн тал хугацааг авч, сурталчилгаа явуулах боломжгүй болгож байсан” гээд яригдах түүх бичиж байна. Том зургаараа энд айхтар гомдоллоод суумааргүй байна. ХҮНямартай ч нийслэлд гурав, дүүрэгт 12 төлөөлөлтэй боллоо. Үүнээс гадна өнгөрсөн зургадугаар сард болсон уиХ-ын сонгуулиар нийслэлд 10 орчим хувийн санал авсан байдаг.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулиар 176 мянган хүний санал авсан. Энэ амжилтаа саяны орон нутгийн сонгуулиар хоёр дахин нэмэгдүүллээ. Үүнээс бид олон нийтийн хүсч буй гуравдагч сөрөг хүчин болох итгэлийг бидэнд хүлээлгэж байна гэсэн итгэлийг авлаа.

-Нийслэлийн ХҮН-ын дарга П.Наранбаяр та хоёр Баянзүрх дүүргээс сонгогдлоо. Тойргийнхоо асуудлыг хэрхэн харж байна. Хамгийн түрүүнд ямар асуудлыг шийдэх вэ. Ер нь ирэх дөрвөн жилд ямар ажлыг хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна вэ?

-Бид Баянзүрх дүүргээс сонгогдсон хэдий ч нийслэлийн иргэдийн төлөөлөл болж ажиллах ёстой. Ер нь аль ч дүүргийн асуудал бүгд адилхан. Байшин хорооллын иргэдийн асуудал дүүргээр хязгаарлахгүй бүгд ижилхэн. Гэр хорооллын иргэд ч мөн өөрийн гэсэн асуудалтай. Гэхдээ таны асууснаар өөрийн тойрогтоо гэвэл, тулгамдсан олон асуудлаас нийтлэг нэгийг нь ярья. Манай нам түгжрэлийн асуудлыг шийдэх зорилтыг мөрийн хөтөлбөртөө онцгойлон тусгасан.

Тухайлбал, манай тойргийн буюу Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны дундуур машин байтугай хүн явах зайгүй болтол хашаа, барилга барьчихсан. Жишээ болгож ярихад, явган хүний зам гарцыг чөлөөлөх ажлыг эхний ээлжинд хийнэ. Энэ нь түгжрэлийг бууруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Учрыг нь тодорхой жишээгээр тайлбарлая л даа. 25 дугаар хорооны 83 дугаар сургууль хойноо хаалгагүй учраас гурван өндрийн байрны оршин суугчид хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхдөө их холуур тойрдог.

Тиймээс машинаар хүүхдээ хүргэж өгдөг. Хэрвээ 83 дугаар сургууль хойноо хаалга гаргаад хүүхдүүд сургуульдаа ирж, явах үед нээдэг, бусад үед хаадаг болчихвол сурагчид ч өөрсдөө сургуульдаа гүйгээд орох боломжтой болно. Ингэвэл нэг ч болтугай машин тийм ойрхон газар хүүхдээ хүргэж өгөхийн тулд тойрохгүй, замын хөдөлгөөнд орж түгжрэхгүй. Энэ мэтчилэнгээр том том ярилгүй сэтгэл гаргаад хийчих олон ажил байна. Бид үүнээс ажлаа эхэлнэ. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Бид нийслэлийг удирдах түвшинд, санасан хэмжээнд суудал авч чадаагүй. Хэрвээ манай нам олонх болбол П.Наранбаярыг хотын даргаар томилно гэж мэдэгдсэн. Тэр хэмжээнд хүрч чадсангүй. Гэхдээ аль намын хэн нь ч хотыг захирагч болсон бай тэдний зөвийг дэмжиж, бурууд эрс шийдэмгийгээр сөрж зогсож, олон зүйлийг иргэдэд нээлттэй болгоно. Бид иргэдийн төлөөллөөр сонгогдлоо шүү дээ. Тиймээс жинхэнэ иргэдийн төлөөлөл ямар байдгийг үзүүлнэ.

Эхлээд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал зохион байгуулалтаа хийнэ. Шулуухан хэлэхэд, энэ зохион байгуулалтад бид бүлэгтэй болох ёстой. Бүлэгтэй болох үгүйг хуулиар бус дэгээр шийддэг. Одоогийн дэгээр бол гурван гишүүн бүлэгтэй болох боломжтой. Гэхдээ одоо дэг яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй байна. Таваас дээш гишүүнтэй бол бүлэг байгуулж болно ч гэдэг юм уу гурваас дээш тоо заачихвал боломжгүй болно. Эхний ээлжинд бид бүлэгтэй болмоор байна.

Тэгвэл иргэдийн дуу хоолойг илүү илэрхийлж чадна. Бүлэгтэй болохын тулд АН-ынхан ч мөн нэг байр суурьтай зогсох байх. Тэглээ гээд бид АН-тай нэгдэхгүй. Бид хийх ажлаа нийслэлийн төлөвлөгөөнд оруулах ёстой. Төлөвлөгөөнд орж, төсөв тавигдаж байж бодит ажил болно. Тиймээс нийслэлийн ирэх жилийн төлөвлөгөө батлахад манай намын түгжрэлийг бууруулахаар тусгасан мөрийн хөтөлбөрөө тусгуулахаар ажиллана.

-Нийслэлийн жил бүрийн төсвийн мөнгө үргүй зарцуулагдаж байна гэлцдэг. Таны хувьд нийслэлийн төсвийг түгжрэлээс гадна аль салбарт, юунд түлхүү төсөвлөөсэй гэж харж байгаа вэ?

-Зорьж байгаа ажлаа бүгдийг нь хэлчихвэл хүмүүс нэгийг нь ч тогтоохгүй. Бид үндсэн асуудлынхаа үзүүр болгож түгжрэлийг яриад байгаа юм. Улаанбаатар хотод мэдээж маш их асуудал бий. Тухайбал, манай намын мөрийн хөтөлбөрт гэр хороололд руу чиглэсэн “Цэвэр, цэмцгэр гэр хороолол” хөтөлбөрт төсвөөс одоо байгаагаас илүү төсвийг дэд бүтэц, зам харгуй зэрэгт зарцуулахыг бодож байгаа. Би байшин хорооллын оршин суугчдын саналаар сонгогдсон ч гэсэн гэр хороололд анхаарал хандуулна.

Улаанбаатар гэсэн нэг хот байгаа ч гэр хорооллыг орхигдуулж ирсэн. Хувийн ч бай, төрийн ч бай бүх байшин хорооллын инженерийн дэд бүтцийг төр тавьж өгсөн. Тэгвэл гэр хороололд ч инженерийн дэд бүтцийг төр тавьж өгөх ёстой. Учир нь төр ашгийн байгууллага биш. Зардал өндөр гарах нь төрд хамаагүй. Ялгаваргүй ажиллахын төлөө төр байгаа юм. Иргэдэд тэгш хүртээмжтэй ажиллах ёстой.

Өдийг хүртэл барьж ирсэн нийслэлийн удирдлагуудаас өөр өнцгөөс харах ёстой. Хөрсний бохирдол, утаа гэх мэтээр асуудал байна. Гэхдээ сонгууль болохоор энэ бүх асуудлыг уран хөхөө шиг ярьдаг бус тодорхой нэг асуудлыг нь барьж аваад дорвитой ажиллах ёстой.

Тиймээс түгжрэлээс эхэлье гэж байгаа юм. Түгжрэл харагдахгүйгээр боломжийг үгүй хийж байна. Иймээс түгжрэлийн асуудлыг манай нам голлож яриад байгаа юм. Хэдий гурвуулхнаа гарч ирсэн ч гэсэн бүх зүйл рүү үсчилгүй бодитой ажил хиймээр байна.Үүнийхээ хүрээнд дүүргийнхэнтэйгээ ойр ажиллана. Дахин дахин хэлэхэд нэгэнт бид иргэдийн төлөөлөл болсон учраас нам харгалзахгүй зөвийг дэмжиж, буруугийн эсрэг хатуу зогсоно. Бид “Бид танд ойр төлөөлөл байна. Бүхнийг ил тод гаргаж ирнэ” гэж амласан.

-Танайх ямар нэгэн намтай эвсэхгүй гэж мэдэгдсэн. ХҮН-ын гурван төлөөлөл мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө яаж ажиллах вэ?

-“Бид дөрвөн жилийн хугацаанд аль нэг намтай эвсэхгүй. Эвсэж албан тушаалын ямар ч яриа хэлцэлд орохгүй” гэдэг ХҮН-ын Удирдах зөвлөлийн хурлын шийдвэр гарсан. Гэхдээ ямар ч намтай эвсэхгүй гээд бүх зүйлийг шүүмжилж, эсэргүүцнэ гэсэн үг биш. Манай намын мөрийн хөтөлбөрт орсон, бидний зорьж буй зорилгод нийцэж байвал нам харгалзахгүй дэмжинэ. Хүмүүс нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Одоо намынхаа хайрцагнаас гарах хэрэгтэй. Биднийг намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ, түгжрэлийг бууруулна гэж сонгосон болохоос Д.Гантулгыг ч юм уу П.Наранбаярыг дарга болгоно гэж сонгоогүй. Бид дарга биш иргэдийн төлөөлөл болж сонгогдсон. Намын Удирдах зөвлөлөөс гаргасан үндсэн удирдамж нь ч “Та бүхэн мөрийн хөтөлбөрийнхөө төлөө хараат бусаар ажиллана” гэж заасан байгаа юм. Тиймээс нэг намтай наалдаж, албан тушаалын ярианд ороод явчихвал бид иргэдийн төлөө бус өөрсдийнхөө төлөө, намынхаа төлөө ажиллаад эхэлнэ шүү дээ.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Ц.Баярбат: Найман хувийн зээлээ дуусгаад зургаан хувийн зээл авах бүрэн боломжтой

-АМИНЫ ОРО Н СУУЦЫГ ИПОТЕКИ ЙН ЗУРГААН ХУВИЙН ЗЭЭЛЭЭР АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО-

Аравдугаар сараас эхэлж ипотекийн жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл олгож эхэлж байгаа талаар зарласан. Энэ асуудлаар Барилга, хот байгуулалтын яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Баярбаттай ярилцлаа.

-Ипотекийн зургаан хувийн зээлийг банкууд олгож эхэлсэн талаар хэд хоногийн өмнө БХХ-ын сайд мэдээлсэн. Яг хэзээнээс олгож эхэлсэн гэсэн үг вэ?

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 2020-2024 оны оны үйл ажиллагааны хөтөлбөрт ипотекийн зээлийг 4-6 хувь болгож нийгмийн даатгал төлдөг иргэдийг орон сууцжуулах бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр заагдсан. Үүнтэй холбогдуулаад Засгийн газраас Монголбанктай хамтраад ипотекийн хүүг зургаан хувь болгож шинэ зээлийг гаргаж байна. Одоо УИХ-ын 2020 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ үеэр Барилга хот байгуулалтын сайд зургаан хувийн зээлийг олгож эхэлсэн гэдгийг анх зарлаж мэдэгдсэн. Иргэдэд арилжааны банкуудаар дамжуулаад ипотекийн зургаан хувийн зээлийг энэ аравдугаар сараас эхэлж олгож эхэллээ.

-Хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн шийдсэн бэ?

-Монголбанкнаас холбогдох зээлийн журам, арилжааны банкуудтай холбогдох зээлийн ерөнхий гэрээнүүдээ хийсэн. Ипотекийн зургаан хувийн зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг Монголбанк, арилжааны банкууд хамтарч гаргаж байна. Эх үүсвэрийн 60 хувийг Монголбанк, 40 хувийг арилжааны банкууд гаргаж байгаа. Яг одоогоор Монголбанк эхний ээлжинд 58 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг банкууд руу олгож байна. Энэ бол эхний ээлжийн санхүүжилт. Дараа нь үргэлжлээд эх үүсвэрийн санхүүжилт олгогдоно. Арилжааны банкууд мөн 30 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гаргана. Нийтдээ 90 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж байна.

-Ямар иргэд энэ зээлд хамрагдах нөхцөлийг хангаж байгаа вэ. Ипотекийн зургаан хувийн зээл олгож эхлэхтэй холбоотойгоор зээлийн ерөнхий журамд өөрчлөлт орсон уу?

-Ипотекийн зургаан хувийн орон сууцны зээл олгож эхэлнэ гэдэг нь Засгийн газраас бага дунд орлоготой иргэд рүүгээ чиглэсэн ийм ажлын нэг хэсэг юм. Найман хувьтай зээл авч байгаа үетэй харьцуулж үзэх юм бол, найман хувийн зээлийн шалгуурт иргэний орлогын доод талын түвшин 1.1 сая төгрөг гэж заадаг байсан. Одоо зургаан хувь болж буурснаар иргэдийн орлогын доод түвшин 900.000 төгрөг рүү орж ирж байна.

Монголбанкны ерөнхийлөгчийн баталсан ипотекийн зээлийн 2016 оны журамд заасны дагуу зээлээ олгоно. Энэ журамд өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байна гэдэг шалгуур байдаг. Тэр нь 1.1 сая төгрөг байдаг бол одоо 900.000 төгрөг рүү орж байна. Найман хувийн хүүтэй дунджаар 68 сая төгрөгийн зээл авсан иргэн сард 500.000 төгрөг төлдөг байсан бол зургаан хувийн зээл гарч эхэлснээр 68 сая төгрөгийн зээл авсан хүн сард 400.000 төгрөг төлнө гэсэн үг. Иргэд дээр ирж байгаа зээлийн дарамт буурах ийм ач холбогдолтой.

Мөн ипотекийн зээл хэрэгжиж эхлэхдээ амины орон сууц, нийтийн орон сууц гэсэн хоёр зориулалтын зээл олгож байсан. гэхдээ амины орон сууцны зориулалттай зээлийг 21 аймгийн хэмжээнд олгодог байсан. Цаашдаа нийслэл, 21 аймаг гээд улсын хэмжээнд амины орон сууцны зээл авах боломжтой болж байна. Мөн хуучин болон шинээр ашиглалтад орсон орон сууцыг зээлэнд хамруулахаар байгаа. Гэхдээ инженерийн шугам сүлжээнд холбогдсон байх гэх мэт шалгуур үзүүлэлтүүд хангасан байх шаардлагатай.


-Урьдчилгаа 30 хувь өгөх журам хэвээрээ мөрдөгдөх үү. Зээлийн хугацаанд өөрчлөлт орсон уу?

-Тэгнэ. Урьдчилгаанд ямар нэг өөрчлөлт ороогүй. Ипотекийн зээлийн хамгийн дээд талын хугацаа 360 сар буюу 30 жил байгаа. Тэрнээс наана ч авч болно. Үүнийг иргэд банкуудтай тохирно. Өнгөрсөн оны судалгааг харахад дунджаар 14, 15 жилийн хугацаатай ипотекийн зээлийг иргэд их авсан байдаг юм байна. Худалдан авах нийтийн зориулалттай талбай хэмжээ нь 80 метр квадратаас ихгүй байна гэдэг шалгуур үзүүлэлт нь хэвээрээ явж байна. Мөн Монголбанкнаас арилжааны банкуудад өгсөн чиглэлээр 100 сая төгрөгнөөс ихгүй ийм төгрөгийн зээлийг иргэнд олгоно. Ийм нөхцөл шаардлагуудтай журам явж байна. Нийт зээлийн хөрөнгийн эх үүсвэрийн 25 хувийг орон нутагт, 15 хувийг төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албанд олгодог. Энэ журмыг үргэлжлүүлээд мөрдөөд явах юм байна.

-Зургаан хувийн зээл хэсэгхэн хугацаанд хэрэгжээд дуусах магадлалтай учир энэ хугацаанд багтаж зээлээ авах хэрэгтэй гэсэн яриа, таамаглал иргэдийн дунд явж байна. Зургаан хувийн зээл цаашдаа найдвартай байнга үргэлжлэх үү?

-Дэлхий дахинд тархсан “Ковид-19” цар тахлын үед дэлхийн улс орнууд янз бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Монгол Улс мөн ковидын хууль баталж гаргасан. Энэ хуулийнхаа дагуу 2020 оныг дуустал ипотекийн зээл зургаан хувиар олгогдоод явна. Энэ жилийн төгсгөл хүртэл 2000 орчим иргэнд ипотекийн зээлийг олгоно гэсэн тооцоотой байна. Найман хувийн ипотекийн зээл дуусаад зургаан хувийн импотекийн шинэ зээл гарч байна. Зургаан хувийг найман хувь руу буцаагаад өсгөнө гэсэн тооцоо байхгүй.

Цаашдаа ч зургаан хувийн зээл олгогдоно. Үүнийг тооцож үзсэн. Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам, Монголбанкнаас ажлын хэсгүүд гарч ажилласан тооцоолол юм. Цар тахлын нөхцөл байдал цаашдаа ямар байх вэ гэдгээс шалтгаална. Ямар ч байсан ирэх 2021 онд зургаан хувийн ипотекийн зээл үргэлжлээд явна гэсэн тооцоололтой яваа. Түүнээс гадна Засгийн газрын 2020-2024 оны хөтөлбөр дотор хуримтлалын сан бий болгохоор заасан. Энэ сан нь нийгмийн даатгалын сангийн тогтолцоотой уялдаатай хэрэгжих ажил юм. Засгийн газраас хуримтлалын санг байгуулах ажил хийгдээд явж байна. Энэ санг байгуулах тухай асуудал Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тавигдсанаар ипотекийн зээлийн урьдчилгааг шийдвэрлэх, цаашлаад ипотекийн зээлийн хүүг дахиад буулгах ийм боломжууд бий. Тийм учраас Засгийн газраас тодорхой зорилтуудыг тавиад арга хэмжээнүүдийг аваад явж байна. Тиймээс зургаан хувийн зээл цаашдаа үргэлжлээд явах бүрэн боломжтой.

-Өмнө нь найман хувийн зээл авч байсан иргэд зургаан хувийн зээлд хамрагдах боломжтой юу?

-Найман хувийн ипотекийн зээл дуусч байна гэж ойлгох ёстой. Цаашдаа найман хувь хэрэгжихгүй. Найман хувийн зээл авсан иргэд зээлээ төлөөд үлдэгдэлгүй хаасан тохиолдолд зургаан хувийн зээл авах бүрэн боломжтой. Монголбанкнаас өмнөх ипотекийн зээлээ хаасан иргэдэд болон анх удаа орон сууц худалдан авч байгаа иргэд зургаан хувийн зээлийг шийдвэрлэнэ гэдгээ арилжааны банкуудад мэдэгдээд байгаа.

Ипотекийн зээлийн хувьд авч үзэхэд найдваргүй зээлдэгч маш бага байгаа. Найдваргүй зээлдэгч 2,3 хувьтай, 90 гаруй хувь нь эргэн төлөлт сайн байгаа.

-Зах зээлд бэлэн байгаа болон шинээр ашиглалтад орох хичнээн орон сууц байгаа вэ. Зээл гарахтай холбоотойгоор орон сууц худалдан авах эрэлт ихсэх байх?

-Борлогдоогүй байгаа орон сууцны тоог хараахан гаргаагүй байна. Орон сууцны эрэлт нийлүүлэлтийн тухайд харьцангуй тэнцвэртэй байна гэж харж байна. 2013 онд анх ипотекийн зээлийг гаргах үед гэнэт хүмүүст их зээл олгоод эхлэнгүүт орон сууц авах иргэд огцом өсч, орон суунцы үнэ өссөн ийм зүйл болсон. Тухайн үед орон сууцны зах зээл бага байсан. Эрэлт ихсэнгүүт үнэ өссөн. Одоо эрэлт нийлүүлэлт тэнцвэртэй тогтвортой үе байна. Тиймээс орон сууцны үнэ өсөхгүй гэж харж байна. Тооцооллоор одоо 12 мянган айлын орон сууц шинээр ашиглалтад орохоор байна. 2013 оноос анх ипотекийн зээлийг хэрэгжүүлсэн. Үүнээс хойш 100 гаруй мянган хүн ипотекийн зээлд хамрагдсан байна.

Categories
мэдээ цаг-үе

Н.ЛХАЖИЙ: Бид мэдрэл, зүрх судасны эмгэгүүдийг сүүлийн үеийн Б-План ангиографиар оношилж, эмчилдэг боллоо

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал Н.Лхажийтай ярилцлаа.


-Таны хувьд УНТЭ-ийн Ерөнхий захирлаар томилогдоод удаагүй. Шинэ удирдлагын хувьд ямар бодлого, чиглэл барьж ажиллах вэ?

-Миний хувьд унТЭ-ийн Ерөнхий захирлаар томилогдоод хоёр сар болох гэж байна. Өмнө нь унТЭ-т Эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан. Энэ жил манай эрүүл мэндийн салбарын тогтолцоо үндсээрээ өөрчлөгдөх томоохон бодлогын өөрчлөлтүүд хийгдээд эхэлж байна. Энэ хүрээнд унТЭ ч мөн ирэх 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс гүйцэтгэлээрээ санхүүжих тогтолцоонд бэлтгэх, ЭМЯ-ны бодлого, чиглэлтэй үйл ажиллагаагаа уялдуулах, хэрэгжилтийг хангах тал дээр ажиллаад явж байна. Манай эмнэлгийн хувьд улсын хэмжээнд 15 чиглэлээр эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг. Жилдээ 25 мянга гаруй иргэн хэвтэн эмчлүүлж, 330 мянган хүн амбулаториор үйлчлүүлдэг.

-Зөвхөн танай эмнэлэгт гэхэд л ихэнх гол гол эмчилгээнүүд төвлөрсөн байдаг. Бөөр, урологи, эрэгтэйчүүд гэх мэт. Үүнийгээ дагаад дараалал нь ч дийлддэггүй. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Дан ганц эмнэлгийн бус салбарын тулгамдаж буй асуудал.

Өнөөгийн манай эрүүл мэндийн салбарт тулгарч буй нэг бэрхшээл нь бүх түвшний эрүүл мэндийн байгууллагуудын хүчин чадал, боломжоос хамаарч тусламж, үйлчилгээний хүртээмж тэгш бус байгаа явдал. Жишээ нь, улсын хэмжээнд тусламж үзүүлдэг гол эмнэлгүүд нь зарим тусламжийг дангаар буюу “өмчлөх” зарчмаар, өөрөөр хэлбэл, иргэдийг өвчин эмгэгээр нь тухайн эмнэлгүүдэд “харьяалуулж” үзүүлдэг нь иргэдэд маш их хүндрэл, чирэгдлийг үүсгэж байна. Тухайлбал, манай эмнэлэгт бөөр, бүдүүн шулуун гэдэсний мэс засал, цусны өвчнүүд, УГТЭ-т тархины цус харвалт, зүрхний шигдээс зэрэг тусламжийг дангаар үзүүлж байгаа нь төвлөрлийг үүсгэж, улмаар иргэд яаралтай тусламжийг цаг хугацаанд нь авч чадахгүй байх зэрэг хүндрэлүүд тулгарсаар. Түүнчлэн зарим эмнэлгүүдийн тоног, төхөөрөмж, мэргэшсэн боловсон хүчний ялгаанаас болж мэс заслын бус, хүндрэлгүй, эмэн эмчилгээ шаардлагатай өвчлөлүүд нь аймаг, дүүргийн бус төв эмнэлгүүд рүү чиглэж байгаа нь салбарын хязгаарлагдмал нөөцийг үргүй зарахад хүргэж байна. Угтаа энэ төв эмнэлгүүд нь эс, эд, эрхтэн шилжүүлэх,хавдрын, мэдрэлийн, зүрхний мэс заслууд болон судсан доторх ажилбарууд зэрэг өндөр технологи бүхий эмчилгээнүүдийг хийж байх учиртай юм.

Тиймээс Эрүүл мэндийн сайдын санаачилсан улсын хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүлээгдлийг бууруулах ажлын хүрээнд “ажлын хэсэг” байгуулагдан ажиллаж эхэлсэн. Уг ажлын хэсэг нь эмнэлгүүдийн чадавхыг нэмэгдүүлж, тусламж үйлчилгээг жигд хуваарилах буюу иргэдэд эмнэлгээ сонгон үйлчлүүлэх боломжийг нээж өгөх юм. Ингэснээр дээрх бэрхшээлүүдийг шийдвэрлэх чухал алхам болж байгаа юм. Энэхүү ажлын хэсэгт миний бие мөн орж ажиллаж байгаа.

Энэ хүрээнд хийгдэж буй нэг гол ажил нь аймаг, дүүргийн эмнэлгүүдийн нөөцийн үнэлгээг хийх. Өөрөөр хэлбэл, тухайн бүс нутгийн эмнэлэгт шаардлагатай хүний нөөц, тоног төхөөрөмжийн судалгаа, мөн дэмжих үйлчилгээ буюу угаалга, ариутгал, эмийн хангамж, мэдээллийн технологи, эмнэлгийн техник зэргийг үнэлэх юм. Үүний дараа бид тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлсноор тухайн чиглэлүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө үзүүлж, зарим тохиолдолд мэргэжилтнүүдийг сэлгэн ажиллуулах, улмаар тухайн эмнэлэгт тус тусламжийг бие даан үзүүлэх боломжтой болгох хүртэл хамтарч,дэмжин ажиллах юм. Гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээг дан ГССҮТ-өөс биш, нэг, хоёр, гурав, дүүргийн эмнэлгүүдээс тус тус авдаг болно. Бөөр, шээсний замын өвчлөлөө дан ганц УНТЭ гэлтгүй орон нутаг, дүүргийн эмнэлгүүдээс түлхүү авдаг болох юм.

-Танай төв төрөлжсөн эмнэлгийн хувьд хөдөө, орон нутгийн эмнэлгүүдээ чадвахжуулахад ямар оролцоотой ажиллаж байгаа вэ?

-Одоогоор бид “Салбарын хөгжилд хамтдаа” төслийн хүрээнд улс, аймаг болон дүүргийн хэд хэдэн эмнэлэгтэй хамтран ажиллаад эхэлсэн. Тухайлбал Улсын хоёр, гуравдугаар төв эмнэлгүүд, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Өвөрхангай, Өмнөговь, Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвүүд, Говьсүмбэр аймгийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Өмнөговь аймгийн Ханбогд сумын эмнэлгүүд, Чингэлтэй, Сүхбаатар болон Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгүүд, Эрүүл мэндийн төвүүдтэй хамтран эмч, мэргэжилтнүүдээ сургах, ажлын байран дээр нь чадвахжуулах ажлууд ид хийгдээд явж байна.

-Ирэх онд 10-аад эмнэлэг, 2022 оноос бүх эмнэлгүүд хагас бие даасан байдалд шилжинэ. Харин танай эмнэлэг өнгөрсөн хавар шилжээд багагүй хугацаа өнгөрлөө. Ямар ахиц, дэвшил гарч байна вэ?

-Энэ жилийн хувьд манай эмнэлгээс гадна УГТЭ, АӨСҮТгэсэн улсын хэмжээний гурван эмнэлэг хагас бие даасан байдалд шилжсэн. Иргэдийн дунд тус эмнэлгүүд нь хувьчлагдаж буй мэт ташаа ойлголт их байх шиг байна. Хагас бие даасан байдал гэдэг нь тус эмнэлэг засаглал болон санхүүгийн хувьд бие дааж байгаа гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл эмнэлгийн бүхий л бүтэц болон санхүүжилтийг ЭМЯ, Сангийн яам хариуцдаг байсан бол одоо эмнэлэг бие дааж ажилласнаар бүтэц, хүний нөөцийн бүрдүүлэлт, санхүүгийн удирдлагын эрх мэдэл өөрт нэмэгдэнэ гэсэн үг. Гол зорилго нь тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, тусламж, үйлчилгээг ард иргэдийн эрүүл мэндийн хэрэгцээнд илүү нийцүүлэх, эмнэлгийн үр ашгийг нэмэгдүүлэх явдал юм. Өмнө нь эмнэлэгт хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээд тулгуурлан бүтцээ богино хугацаанд өөрчлөн зохион байгуулах, эмч, мэргэжилтний ажлын бүтээмж, үр дүнд үндэслэн цалин урамшууллыг тогтоох зэрэг шийдвэр гаргах эрх мэдэл хангалтгүй, санхүүгий хувьд баталсан зүйл анги хооронд зардлаа гүйлгэн зарцуулах эрх мэдэлгүй байлаа. Тухайлбал, тог цахилгаанаа хэмнээд энэ хэмнэсэн мөнгөө бусад хэрэгцээтэй зүйлд зарцуулах эрх мэдэл хязгаарлагдмал байсан. Тэгвэл бие дааж ажилласнаар тусламж, үйлчилгээ үзүүлж олсон мөнгөө юунд хэрхэн зарцуулах талаар эмнэлэг бие даан шийдвэр гаргах боломж бүрдэж байгаа. Бие даасан эмнэлэгт ТУЗ байгуулагдаж байгаа. ТУЗ нь есөн гишүүнтэй бөгөөд төрийн төлөөлөл болох ЭМЯ, СЯ, ЭМДЕГ- ын төлөөлөл, эмнэлгийн ажилчдын гурван төлөөлөл, төрийн бус байгууллагын гурван төлөөлөл орсон байгаа. Тэгэхээр эмнэлгийн чухал шийдвэрийг төрийн байгууллага, эмнэлгийн ажилчид, төрийн бус байгууллага хамтран гаргана гэсэн үг. Улсын эмнэлгийн бие даасан байдалтай холбоотой бас нэг өрөөсгөл ойлголт яваад байдаг. Энэ нь улсын эмнэлэг бие даахаар тусламж, үйлчилгээ нь төлбөртэй болох юм байна гэж. Энэ бол огт тийм биш. Эмнэлэг улсын төсөв болон эрүүл мэндийн даатгалаас гол санхүүжилтээ авдгаараа авна. Өмнөх шигээ тодорхой хэмжээгээр төлбөртэй тусламж, үйлчилгээ явуулна. Гэхдээ энэ нь хязгаартай. Төлбөртэй үйлчилгээнээс олох орлого эмнэлгийн нийт санхүүжилтийн 5-10 хувиас хэтрэхгүй байх жишээтэй. Саяхан эрүүл мэндийн багц хуульд орсон өөрчлөлтөөр нэг худалдан авагчийн тогтолцоо руу шилжиж байна. Гол санхүүжүүлэгч, тусламж, үйлчилгээг эмнэлгүүдээс худалдан авах байгууллага нь ЭМДЕГ болж байна. Бие даасан эмнэлэг эрүүл мэндийн даатгалаар үйлчилсэн хүний тоогоор санхүүжилтээ авах тул аль эмнэлэг ард иргэдийн эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн, чанартай тусламж, үйлчилгээ үзүүлнэ, төдий чинээгээр даатгалаас санхүүжилтээ авна гэсэн үг.

-Нэгдүгээр төв эмнэлэг мэдрэл, зүрх судасны өвчлөлийг богино хугацаанд оношлон, эмчлэх шинэ ангиографитай болжээ. Улсдаа анхны шинэ технологийн ангиографи гэж ойлгосон?

-УГТЭ-ийн ачааллыг хуваалцах, төвлөрлийг сааруулах үүднээс манай эмнэлэг зүрхний шигдээсийн нэгжтэй, мэдрэлийн тасагтай болж үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа. Энэ хүрээнд үйл ажиллагаа, эмчилгээ үйлчилгээгээ улам өргөжүүлэн Би-План ангиографийн шинэ загварын тоног төхөөрөмжийг Дүрс оношилгооныхоо төвд суурилуулсан. Энэхүү шинэ загварын хоёр рентген толгойтой аппартыг ЭМЯ-ны санхүүжилтээр авч байгаа. Ингэснээр үйлчлүүлэгчийн судсан доторх болон судаснаас гадна бүхий л төрлийн ангиографийн ажилбарт радиологийн оношилгоо болон эмчилгээнүүдийг хийх боломжтой болж байна. Үүнээс голчлон мэдрэл, зүрх судасны эмгэгүүдийн үед илүү өргөн хэрэглэгдэх юм. Маш олон давуу тал үүсч байгаа. Үйлчлүүлэгчдэдээ тодосгогч бодисын хэрэглээг бууруулна, хугацаа хэмнэнэ, цацраг туяаны ачааллыг бууруулна, хамгийн бага цацрагаар орчин үеийн өндөр чанарын оношилгооны зураг гарна. Яг энэ төрлийн аппарат нь Монгол Улсад хамгийн анхных гэдгийг энд дурдах нь зөв болов уу. Бид энэхүү аппаратаараа тухайн эрхтэнг бүтэн шинжлэх боломжтой болж байгаа, өөрөөр хэлбэл тус апаарат нь Cone beam CT үүрэгтэй юм. Манай улсын эмнэлгүүдэд нэг тоног төхөөрөмж байхгүйгээс болж иргэд гадаад руу зорих явдал их байсан бол одоо ЭМЯ-аас гадагшаа явах урсгалыг багасгах, эх орондоо оношилгоо, эмчилгээгээ хийлгэдэг болгох боломжуудыг бий болгож байгаа. Үүнд манай Би-План ангиографи орж байгаа юм.

-Танай эмнэлгийн хувьд сэхээний буюу эрчимт эмчилгээний тусламж, үйлчилгээг шат ахиулсан гэж байсан?

-Шинэ Коронавирусийн халдварт өвчний үед бэлэн байдлыг хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын хүрээнд эмчилгээний үед зайлшгүй хэрэгтэй уушги, зүрх орлуулагч ECMO /Ex­tracorporeal membrane oxy­genation/ аппаратыг Эрүүл мэндийн яамны захиалгаар УОК-ын санхүүжилтээр манай улсад анх удаагаа нэвтрээд байна. ECMO аппарат нь энгийнээр хэлбэл амьсгалын цочмог дутагдалд орсон буюу уушгины, эсвэл зүрхний шалтгаанаас болж өөрөө амьсгалж чадахаа байсан хүний цусыг биенээс нь гадуур хүчилтөрөгчөөр баяжуулах аппарат юм. “COVID-19”-ийн үеийн болон бусад уушгины эмгэгүүд, зүрх гэнэт зогсох, зүрхний мэс заслууд, эрхтэн шилжүүлэх мэс заслын үед хэрэглэгддэг эмчилгээний арга. Манай улсын хувьд өмнө нь ганц ч ийм аппаратгүй байхад БНСУ-д 1600 орчим ЭКМО аппарат эмчилгээнд ашиглагддаг байх жишээтэй. Тиймээс энэ эрэлт, хэрэгцээг мэдэрч ЭМЯ-аас захиалга өгсөн. Энэхүү аппарат одоо бүрэн угсрагдаад дууссан. Эмчилгээнд бүрэн ашиглагдаж эхлээд байна. Манай улсын эрчимт эмчилгээ ЕСМО аппараттай болсноор нэг шат ахиж байгаа юм.

-Цахим системийг үйл ажиллагаандаа эрт нэвтрүүлсэн гэгддэг. Өнгөрсөн сард дүрс оношилгооны системээ нээсэн?

-Цахим эрүүл мэнд төслийн хүрээнд, Дэлхийн банкны санхүүжилтээр эмнэлгүүдийг холбосон Дүрс оношилгооны нэгдсэн мэдээллийн сан болох PACS систем суурилагдаж, ашиглалтад орсон. Ойлгомжтойгоор тайлбарлавал эхо, рентген, ходоодны дуран, КТГ зэрэг оношилгооны зураг, дүрс бичлэгүүдийг эмнэлэг хооронд интернэтийг ашиглан шууд дамжуулах боломжтой болж байгаа гэсэн үг. Жишээлбэл, алслагдсан аймгийн иргэн оношилгооныхоо хариуг авч Улаанбаатар хотыг зорих шаардлагагүй болж байгаа юм.

Тэгвэл эрүүл мэндийн байгууллагын хувьд зураг, эсвэл дүрсийг цаасан дээр хэвлэх, CD дээр буулгах зэрэг үргүй зардлыг бууруулах зэрэг чухал ач холбогдолтой юм. Энэхүү программ суурилагдсанаар оношилгоо, эмчилгээнд дэвшил гарч байгаа ба харвалтыг эрт оношлох, цуллаг эрхтэний хавдрын эмчилгээний үр дүнг үнэлж, тодруулах, элэгний хавдартай хүмүүсийн мэс заслын эмчилгээний, уушгины хавдрын мэс заслын тайралт зэргийг нарийвчлалтай төлөвлөх боломж бүрдэж байгаа. Одоогоор Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлгүүд, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Увс болон Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгүүд төвлөрсөн PACS ашиглан дүрсийг хоорондоо дамжуулан хадгалж байгаа бөгөөд удахгүй улсын хэмжээнд ашиглагдах юм.

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг нь Монгол Улсын анхны цаасгүй эмнэлэг юм. Манай эмнэлгийн өвчтөний түүх хөтлөлт, эмийн жор, лабораторийн шинжилгээ, дүрс оношилгоо зэрэг бүх л үйлчилгээ цаасгүй болсон. Эмнэлэг доторх үйл ажиллагаанаас гадна эмчийн үзлэгийн цаг авалт мөн л цахим хэлбэрт шилжиж байгаа. Мөн лабораторийн шинжилгээний хариуг Гэрэгэ киоскноос авч болдог болсон нь бидний хийсэн иргэдэд чиглэсэн томоохон ажлын нэг билээ. Өөрөөр хэлбэл, Гэрэгэ киоск байрлах Монгол Улсын аль ч газар шинжилгээний хариугаа авах боломж бүрдсэн юм.

-Таныг ажлаа авснаас хойш шинэ эмчилгээний технологи нэвтэрсэн үү?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар таван хүн тутамд нэг хүн нь венийн судасны өвчинтэй байдаг гэсэн судалгаа байдаг. Доод мөчдийн өнгөц венийн бүдүүрэлт өвчин нь манай улсад элбэг тохиолддог, жилд ойролцоогоор 800 орчим мэс засал эмчилгээ хийгдэж байна. Өндөр давтамжит радио долгионоор түлэх энэхүү эмчилгээ нь орчин үеийн эмчилгээний арга бөгөөд манай улсад зарим хувийн хэвшлийн эмнэлгүүдэд хийгдэж байгаа боловч үнэ төлбөрийн хувьд харьцангуй өндөр /7-9 сая төгрөг/ учир өнөөг хүртэл ойролцоогоор нийт 120 орчим тохиолдолд мэс засал эмчилгээ хийгдсэн байна. УНТЭ-н хувьд анх 2018 онд хоёр үйлчлүүлэгчид энэхүү аргаар мэс засал хийсэн. Улсын эмнэлэгт энэхүү эмчилгээг ард иргэд эрүүл мэндийн даатгалын өндөр өртөгт тусламж үйлчилгээгээр авах боломж гарч ирсэн учраас доод мөчдийн өнгөц венийн судсыг өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээний эмнэл зүйн заавар гаргаж, энэ эмчилгээний аргыг албан ёсоор нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ орчин үеийн эмчилгээ нь мэс заслын шарх үүсэхгүй, мэс заслын дараах өвдөлт бага, эмнэлэгт хэвтэх ор хоног бага, эмчилгээний дараах эдгэрэлт хурдан зэрэг давуу талуудтай юм.

Д.ТУЯА

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Австралийн нүүрсийг урд хөрш авахгүй болсон нь Монголд алтан боломж

“Австралийн нүүрс манай улсад мэдээж хэрэгтэй ч бидэнд Монгол гэсэн сонголт бас байгаа” гэж Хятадын коксжих нүүрсний холбооны захирал Цуй Пижян ОУ-ын эрдэс баялгийн чуулганы индрээс хэлсэн нь бидэнд нэн таатай сонсогдлоо. Хятад улс Монголтой улс төр, эдийн засгийн ямар нэгэн маргаан байхгүй учир авах нүүрсний хэмжээгээ өсгөх боломжтойг Цуй Пижян хэлсэн хэрэг. Бас Монголыг Австралийн зиндаанд харж байна гэж өөдрөгөөр ойлгох хэрэгтэй. Ийм үед Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаа яаралтай ашиглалтад оруулах, машинаар зөөж буй нүүрс тээвэрлэлтийн хүчин чадалдаа бүх анхаарлаа төвлөрүүлэх зайлшгүй шаардлагатай боллоо. Одоо бидэнд өөр асуудалд анхаарах биш зөвхөн энэ зах зээлдээ анхаарах л алтан боломж ирлээ.

Айл өрх бүр хамгийн түрүүнд мөнгө олдог наймаандаа анхаардаг шиг Монгол Улс хамгийн түрүүнд их мөнгө олох салбартаа төвлөрье. Дэлхийгээрээ вируст дарлагдаж буй энэ хүнд цаг үед хамгийн их мөнгө болж буй коксжих нүүрснийхээ экспортыг цэгцэлж, наад зах нь тэр нэг “С” зөвшөөрөл гэх мэт төрийн хүнд суртлуудаа, авлигын үүр уурхай болсон хурган дарга нарынхаа дарамтыг устгаж, нүүрсний экспортыг шулуун зам дээр нь гаргахад цаг алдмааргүй байна.

Ер нь бол Хятадын засгийн газраас төрийн өмчит компаниуддаа Австралийн нүүрсийг авахаа даруй зогсоох чиглэл өгсөн нь бодитой байна. Энэ талаар Хятадын төрийн өмчит дөрвөн компанийн эх сурвалжаас мэдээлэл авсан S&P Platts түүхий эдийн зах зээлийн суваг мэдээллээ. Тэдний мэдээллээр бол Австралиас нүүрс авахгүй байх чиглэлийг Хятадын эрх баригчид аравдугаар сарын 9-ний өдөр өгсөн юм шиг байна.

Австрали улс нь Хятадын хамгийн том нүүрс нийлүүлэгч бөгөөд экспортоосоо жил бүр 14 тэрбум долларын орлого олдог. 2019 онд Монгол Улсаас Хятад руу нүүрс нийлүүлэхэд тээвэр, дэд бүтцийн асуудал мэдэгдэхүйц хүндэрсэн нь үнэндээ Австралийн нүүрсний нийлүүлэлтийг улам нэмэгдүүлэхэд хүргэсэн юм. Ашгүй тэгтэл их гүрнүүдийн хоорондын толхилцоон Монголд ашигтайгаар эргэлээ. Австралийн эрх баригчдын зүгээс өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр цар тахлын гарал үүслийг олохын тулд Хятадыг шалгахыг олон улсад уриалсан юм. Энэхүү уриалгаас хэд хоногийн дараа Австралид суугаа Хятадын Элчин сайд Чен Жиньэ Австралийг сүрдүүлсэн утгатай зүйл ярьсан. Тэрбээр “Магадгүй жирийн хятад хүмүүс яагаад Австрали дарс уух ёстойгоо, яагаад австрали мах идэх ёстойгоо бодож үзэх цаг нь ирсэн бололтой” гэж. Ингээд л “юм” эхэлсэн, гал дээр тос нэмсэн үг үйлдэл болсон. Бидний монголчууд тэдний энэ толхилцооныг ханцуйн дотроо алга таших маягтай дэмжээд л сууж байхаас өөр арга алга. Хятад бол Австралийн нийт экспортын 30 орчим хувийг шингээдэг том зах зээл. Энэ дотроо Австралийн нүүрсний экспортын зах зээлийн хоёрдугаарт Хятад бичигддэг. Австралийн нүүрс Хятадад очихгүй байх нь бусад нийлүүлэгчдэд том боломж. Хятад улс нүүрсээ Австралиас гадна Орос, Индонез, Монгол зэрэг орнуудаас авдаг. Тэгэхээр Австралиас татах нүүрсний суларсан орон зай дээр Монголоос гадна ойрын хөрш Орос бас өрсөлдөгч байх нь. Оросын тухайд хоёр жилийн дотор нүүрсний экспортоор дэлхийд нэгдүгээрт бичигдэх амбицтай. Тийм том амбицын дэргэд нүүрсээ машинаар зөөсөн чигээрээ байгаа Монголын өрсөлдөх чадвар үнэхээр түвэгтэй ч Хятад, Австралийн энэхүү таагүй харилцааг алтан боломж хэмээн харж бүх чадлаараа зүтгэхээс өөр замгүй билээ.

“Хятадын нүүрс тээвэр, худалдааны ассоциаци”-ийн дэд ерөнхийлөгч Ли Жунмин Монгол, Орос хоёрын Хятадын нүүрсний зах зээлд эзлэх боломжийн талаар хэлэхдээ “Монгол Улсын давуу тал нь Хятадтай маш ойр тул энэ боломжоо сайн ашиглах ёстой” гэсэн үг байгаа. Гадаад талдаа нөхцөл байдал ийм л таатай боллоо. Монголын Засгийн газрын хувьд нүүрсний экспортын асуудлыг өмнөх шигээ хялбархан тайлбарлаж, түүндээ итгээд явдаг буруу хандлагаа зассанаар эхлэх ёстой. Нэг л их байгаль орчны сүйтгэл, замын аваар осол, хүмүүсийн нийгмийн асуудал, үнийн зөрүү… гэхчлэн ярихаа одоо боль. Зүгээр л Хил, Гаалийг чөлөөл, тээвэрлэлтээ нэм, эхэл, нүүрсээ зар, ашиг ол. Ингэж бүх эрсдэлийг үүрэн зүтгэсэн шиг зүтгэж чадаж гэмээнэ бид 40 сая тонн нүүрс экспортолж чадна. Ингэхгүй засмал зам тавихыг, төмөр зам тавихыг, бусад техник, технологи, нийгмийн асуудал, байгаль орчин ярьсаар байвал нүүрснээсээ бид мөнгө олж чадахгүй. Ирэх жилийн өдийд их гүрнүүд учраа олчихсон бид хоосон сууж байх нь тодорхой юм.

Ер нь тэгээд бид том бизнес яаж хийдгийг сурахгүй л байна. Ядаж тэр футурес гэрээ гэдгийг нь ойлгочих хэрэгтэй. Оюу толгой хичнээн асуудалтай байгаа ч өдөр бүр гадагшаа наймаа хийж байгаа. Учир нь Оюу толгой футурес гэрээтэй учир юу ч болж байсан нөлөөлөхгүйгээр бүтээгдэхүүнээ зараад л сууж байгаа гэсэн үг. Түүн шиг бид Таван толгойн нүүрсэн дээрээ урьдчилаад үнэ тохирсон, урт хугацааны, тогтвортой гэрээгээ хийчих ёстой юм. Өнөөдөр Хятадын зүгээс Австралийг “шийтгэх” кампанит ажил ид дундаа байна. Энэ үеийг ашиглая. Тэгэхгүй бол Австралийн эрх баригч Либерал үндэсний эвслийн тэргүүн, Эндрю Хасти өөрийн цахим хуудсандаа Засгийн газраа “Австралийн тусгаар тогтнолын төлөө арга хэмжээ авахыг” уриалсан мэдэгдэл гаргаж, эдийн засаг, хөгжил цэцэглэлтийн төлөө Хятадтай муудаж болохгүйг сануулсан. Тус улсын нэр хүндтэй улстөрчдийн зүгээс шил шилээ даран “Австраличууд өөрөө өөрсдийгөө эрсдэлд оруулсан” гэж үзэж байгаагаа илэрхийлсээр байгаа. Тэд “Америк-Хятадын харилцаа улам хурцдаж буй энэ үед австраличууд Бээжинтэй муудаж болохгүй. Америкийн тал бидний өмнөөс Бээжингийн эсрэг сөргөлдөөний бодлого явуулж буй мэт харагдаж байна” хэмээн эрчимтэй хэлж ярих боллоо. Энэ бол монголчуудын хувьд сайн юм огт биш. Тун удахгүй Австрали-Хятад хоёр эргээд сайн харилцаатай болно гэсэн үг. Дахиад шулуухан хэлэхэд, Хятад- Австралийн хагарал Монголд ашигтай. Монголын нийт экспортын 41 хувийг нүүрсний экспорт дангаар бүрдүүлж буй энэ үед Австралийн нүүрсний орон зайг ашиглахгүй өнгөрөх нь жинхэнэ тэнэг, мэдрэмжгүй, харалган хэрэг болно шүү.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Бэлчээрийн үл үзэгдэх “мэстэй гар” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэвгаригийн дугаар -16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт Эдийн засагч, доктор Ч.Хашчулуун “Хэнтий зэрэг аймагт их хэмжээний мөнгө төсөвлөх шаардлагагүй. Үүнд улс төрийн шалтгаан байна” хэмээв. I- XIнүүрнээс уншаарай.

АН-ын хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд “ХҮН бол МАН-аас бойжиж гарсан нам” гэв.

“Өдрийнсонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт Б.Цэнддоогийн “Бэлчээрийн үл үзэгдэх “мэстэй гар” нийтлэл хэвлэгдлээ

НИТХ-ын төлөөлөгч П. Наранбаяр “Олон нийтийн шийдэхийг хүссэн асуудлаас нь эхлээд дуугарна” хэмээв

“Баримт үйл явдлын VII ШУА-ийн Хими, Химийн технологийн хүрээлэнгийн эрдэмшинжилгээний тэргүүлэхажилтан, академич Ж.Тэмүүжин “Цацраг идэвхт бодис агуулдаг үнсийг стандарт бусаар цементтэй хольж зарах нь аюултаи” хэмээв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу

. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

25 тонн дизель түлш тээвэрлэж явсан автомашин осолджээ

Аравдугаар сарын 19-ний өдөр буюу даваа гарагт Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг Байшинт гэдэг газарт 25 тонн дизель түлш тээвэрлэж явсан авто машин осолджээ. Ослын улмаас гэмтэл авсан хоёр иргэн аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна гэж МХЕГ-аас мэдээллээ.

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны болон Хэмжил зүй, Эрүүл ахуй халдвар хамгаалал, Эрчим хүч, Автотээврийн хяналтын улсын байцаагч нар ослын нөхцөл байдалд хяналт шалгалт хийн ажилласан байна.

Шалгалтаар ослын улмаас 3000 литр түлш асгарч 0.2 га буюу 2000м2 талбай бүхий хөрсийг бохирдуулсныг урьдчилсан байдлаар тогтоожээ.

Хөрснөөс дээж авч УЦУОШГазарт хүргүүлсэн ба хяналт шалгалтын ажил үргэлжилж байна. Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар шатахуун ачсан машины тормос ажиллахгүй болсон гэж дүгнэсэн гэж МХЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Чөлөөт бөх: АНУ-ын шигшээ баг ДАШТ-д оролцохгүй

АНУ-ын бөхийн холбооноос 12 дугаар сард Сербийн Белград хотод болохоор төлөвлөгдсөн ДАШТ-д оролцохгүй гэдгээ албан ёсоор зарлалаа.

Энэ сарын 20-нд болсон холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар “Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед тамирчдынхаа эрүүл мэндийг нэн тэргүүнд тавих шаардлагатай” гэж үзэн, энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээнийг өнжихөөр шийджээ.

АНУ-ын бөхийн холбооны тэргүүн Брюс Баумгартнер “Манай холбооны хамгийн үнэтэй зүйл бол тамирчин, дасгалжуулагч ажилтнуудын эрүүл мэнд. Бид хамгийн сүүлийн үеийн анагаах ухаан, шинжлэх ухааны мэдээлэл, засгийн газраас гаргасан тоо баримттай танилцаж, тамирчдаас санал бодлыг нь сонссоны эцэст ДАШТ-д оролцох хэрэггүй гэж шийдвэрлэлээ. Зөвлөлийн гишүүд бүгд санал нэгтэй байлаа” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

ЯПОНЧУУД АМЬТАН ИДЭЖ БОЛОХ ЭКО УУТЫГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЖЭЭ

Өнгөрсөн жил Японы Нара хот дахь үхсэн буганы ходоодноос дөрвөн кг гялгар уут гарч ирж байсан билээ. Учир нь жуулчид, оршин суугчдын хаясан хог, гялгар уутыг буга хоол гэж идэх тохиолдол олонтаа гардаг байна.

Тэгвэл Японы Нара хотынхон гялгар уутыг буга идэж болох цагаан будааны уутаар орлуулах шийдлийг олжээ. Нара хотын цэцэрлэгт хүрээлэнд 1,200 гаруй буга аж төрөн байдаг. Цэцэрлэгт хүрээлэнгээр зочилж буй хүмүүс бугануудыг цагаан будааны хивгийн орц найрлага бүхий тусгай жигнэмгээр дайлах боломжтой. Тусгай жигнэмэг гэж нэрлэгдгийн учир нь нэгдүгээрт, орц найрлага байдаг бол хоёрдугаарт тэдгээр жигнэмгүүд нь гялгар уутгүй, дангаараа зарагддаг байна. Бугануудыг зөвхөн тусгай жигнэмгээр хоолловол гялгар уутны хаягдал гарахгүй, түүнийг нь буга идэхгүй байх ач холбогдолтой.

Гэхдээ хүмүүс дурын гялгар ууттай идэж уух зүйл авч ирэн, хооллох явдал олон тохиолддог байна. Хүмүүсийн хаясан гялгар уутыг буга хоол гэж бодон, иддэг байна.

Нара хотын оршин суугч, цаасны үйлдвэрийн эзэн Такаши Накамура гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, дизайнеруудтай хамтран буганууд идэж болох аюулгүй, эко уутнуудыг хэрэглээнд нэвтрүүлжээ. Цаасан, эко уутнуудын хувьд буганы иддэг жигнэмэгт ордог орцтой адил орц, найрлагаар хийжээ. Тодруулбал, сүүний картон цаас болон цагаан будааны хивгээр идэж болох уутнуудыг үйлдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

КОРОНАВИРУСЫН ХАЛДВАР АВСАН ХҮНИЙ ТОО 41 САЯ ДАВЖЭЭ

“COVID-19” халдварын тохиолдлын тоо 41 сая 050 мянга давж, эдгэрсэн хүний тоо 30 сая 632 мянгад хүрчээ.

Categories
мэдээ нийгэм

Дорнод аймагт жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв үүдээ нээлээ

Жижиг дунд, үйлдвэрлэл эрхэлдэг иргэн, аж ахуй нэгжид тулгардаг гол асуудал бол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах ажлын байр юм. Энэхүү асуудал шийдэгдэж бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд таниулах, борлуулалтын сувгаа сайжруулах, тогтвортой үйл ажиллагаагаа явуулах боломж нээгдлээ.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 02 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын дэргэд орон нутгийн төсөв болон “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн санхүүжилтээр Дорнод аймагт Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв ийнхүү ажиллаж эхлэв.

Тус төв нь орон нутгийн брэнд болон үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж ажиллах, зах зээлд жижиг дунд үйлдвэрлэлийн эзлэх байр суурийг нэмэгдүүлэх замаар орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилготой юм. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв нь 7 дугаар баг буюу хуучнаар Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын байранд байрлаж, эхний ээлжинд жижиг дунд, үйлдвэрлэл эрхлэгч 13 аж ахуй нэгж, иргэний үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжиж байна.

Үүнд:

  1. Кофе шоп
  2. Зөөхий үйлдвэрлэл
  3. Гоо сайхны бүтээгдэхүүн
  4. Гар урлал, Бэлэг дурсгал
  5. Эсгий эдлэл
  6. Зөгийн бал үйлдвэрлэл
  7. Гутал засвар
  8. Оёдол
  9. Хатан зүү урлан
  10. Цахилгаан засвар үйлчилгээ