Categories
мэдээ нийгэм

Цагааннуур, Боршоо боомтыг 21 хоног хаана


Засгийн газрын ээлжит бусаар хуралдаанаар Ковид-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол Улс, ОХУ-ын хилийн Цагааннуур, Боршоо боомтыг 2020 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдрөөс 21 хоногийн хугацаагаар хаахаар шийдвэрлэлээ.

Энэ нь хил залгаа бүс нутгуудад өвчлөл нэмэгдэж, цар тахлын хоёр дахь давлагааны улмаас олон орон хөл хориогоо чангатган, хилээ хаах, онц байдал тогтоох хүртэл арга хэмжээ авч байгаатай холбоотой юм. Ялангуяа сүүлийн өдрүүдэд улс хоорондын тээвэрт явж байгаа жолооч нараас халдвар илэрч байгаа нь байдлыг улам эрсдэлтэй болгож байна.

Одоогоор 30 жолоочоос халдвар илэрсэн бөгөөд өчигдөр гэхэд Цагааннуурын боомтоор орж ирсэн хоёр орос жолооч халдвар авсан нь тогтоогдсон юм. Цагааннуур, Боршоо боомтоор голчлон нефтийн бүтээгдэхүүн, тэр дундаа баруун аймгуудын хэрэглээний нефтийн бүтээгдэхүүн оруулж ирдэг хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монголын оюутны V их наадам ирэх долоо хоногт эхэлнэ

Монгол Улсын биеийн тамир, спортын тухай хуулийн 6.1.5 ба 17.2 дах заалт, Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам”-ын 2.1 дэх хэсэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/493 тушаал, Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2020 оны А/46 тоот тушаалд заасны дагуу “Монголын оюутны спортын V наадам”-ын шигшээ тэмцээнийг 2020 оны арваннэгдүгээр сарын 2-ноос арванхоёрдугаар сарын 10-ны өдрүүдэд спортын 10 төрлөөр зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.

Монголын оюутны спортын V наадам нь оюутны бие бялдрын боловсролыг нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг спортоор хичээллэх сонирхлыг төрүүлэн хөгжүүлэх, шилдэг тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, тив, дэлхийн оюутны тэмцээн, Универсиад наадамд өрсөлдөх авьяаслаг тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой юм.

Энэхүү наадам нь оюутны дунд 2005, 2009, 2013, 2017 онд явагдан энэ оноос эхлэн дэлхийн оюутны Универсиадын жишгийн дагуу хоёр жилд нэг удаа зохиогдохоор болсон юм.

Энэ удаагийн наадмын ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын Засгийн газар, Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын оюутны спортын холбоо/МОСХ/ ажиллаж байна. Хамтран ажиллагч байгууллагаар БШУЯ болон Монголын оюутны холбоо орсон.

Наадмын ЗБХ-г 10 хүний бүрэлдэхүүнтэй 2019 онд байгуулан, бэлтгэл ажлыг хангаж байна.

Наадмыг дэмжигч байгууллагаар Б.Ганхуяг захиралтай Үндэсний бүтээн байгуулагч “Эрдэнэс Тавантолгой” ХК орж, нийгмийн хариуцлагын хүрээнд оюутны спортын V наадамд туслалцаа үзүүлэн оролцож, өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж байна.

Коронавирусийн халдварын улмаас хорио цээр тогтоосон тул наадмыг 2020 оны дөрөв ба аравдугаар саруудад явуулахаар төлөвлөсөн хугацаанд хоёр удаа өөрчлөлт орсон. Үүнтэй холбоотой бүсийн болон гадаадад суралцагч оюутны спортын наадам явагдаагүй.

Наадмын зааврын энэ хэсэгт өөрчлөлт орж, бүсийн наадам явагдаагүй тул сагсан бөмбөг, волейболын тэмцээнд оролцогч багт хязгаар тогтоон 2017-2019 онд МОСХ-ноос явуулсан тэмцээний рейтингээр зохих тооны багуудыг оролцуулахад хүрсэн байна. Наадмын бусад найман спортыг төрөлд оролцоход оюутнуудад ямар нэгэн хязгаар тогтоогоогүй болохыг албан ёсоор мэдэгджээ.

Мөн бүсийн наадам явагдаагүй тул орон нутагт явуулах арга хэмжээ тасарсан тул орон нутгийн оюутны дунд энэ оны арванхоёрдугаар сарын 11-нээс 13-нд Архангай аймгийн төвд “Монголын оюутны спортын наадмын бүсийн тэмцээн” явуулахаар болж, заавар нь батлагдан гарч, бэлтгэл ажил хангагдаж байна. Энэ наадамд 10 орчим аймагт байрлан үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн 400 орчим шилдэг оюутан оролцож, спортын таван төрлөөр өрсөлдөх юм.

Наадмын анхан шатны тэмцээнүүд их, дээд сургууль болгон дээр төрөл бүрийн хэлбэрээр 2019, 2020 онд үргэлжлэн явагдаж, 94 их, дээд сургуулийн 140 мянган оюутан хамрагдан оролцож, наадмын шигшээ тэмцээнд оролцох тамирчдаа шалгаруулжээ. Наадмын шигшээ тэмцээнд оролцох баг тамирчдын мэдүүлэг, бүртгэл анх удаа БТСУХ-ны www.sportgames.mn сайтаар дамжин, цахимаар явагдаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: Зургаан хүнээс коронавирусийн халдвар илэрч батлагдсан тохиолдол 346 боллоо

Эрүүл мэндийн яамнаас өчигдөр буюу аравдугаар сарын 30-ны өдөр мэдээлэл хийхдээ шинэ тохиолдол илрээгүй. Нийт зөөвөрлөгдөн орж ирсэн 340 тохиолдлыг бүртгэсэн хэмээж байв.

Харин өнөөдөр халдварын зургаан тохиолдол нэмэгдэж 346 болсон тухай ЭМЯ албан ёсны цахим хаягаараа дамжуулан мэдээллээ.

Эдгэрсэн хүмүүсийн тоо 313 байна. Эмчлүүлж байгаа 33 иргэн байгаагийн есийнх нь биеийн байдал хүндэвтэр байгаа аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сэрэмжлүүлэг: Орон нутгийн зам халтиргаатай байна

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам дагуу Торлогтын даваа, 52-ын даваануудын орчимд өчигдөр /2020.10.30/ цас орж шуурчээ. Тиймээс онцын шаардлагагүй бол энэ чиглэлд хөдөлгөөнд оролцохгүй байхыг албаныхан зөвлөж байна.

Мөн цас их орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчооноос баруун аймаг руу чиглэсэн замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэн. Тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул шаардлагагүй тохиолдолд орон нутаг руу зорчихгүй байхыг анхааруулж байна.

Мөн холбогдох албаныхан иргэддээ баталгаагүй замаар зорчиж, хамт яваа зорчигч, дотны хүмүүсээ эрсдэлд оруулахгүй байхыг сэрэмжлүүлэв.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр “Анна Каренина” жүжгийн хаалтын тоглолттой

Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” романаас сэдэвлэсэн сонгодог жүжиг аравдугаар сарын 3-наас Улсын драмын эрдмийн театрын тайзнаа нээлтээ хийсэн. Өнөөдөр /2020.10.31/ “Анна Каренина” жүжгийн хаалтын тоглолт болно. Тодруулбал, Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид 27, 28 дахь удаагийн тоглолтоо өнөөдөр 12.00 цаг, 17.00 цагт үзэгчдэд толилуулах гэж байна.

Үзэгчдийн дунд хүлээлттэй байсан “Анна Каренина” жүжгийн тасалбар аравдугаар сарын 31-нийг хүртэл зарагдаж дууссан бөгөөд дараагийн тоглолтын товыг тун удахгүй мэдээлэх ажээ. “Анна Каренина” сонгодог жүжгийг нэг сарын хугацаанд 12 мянган үзэгч үзээд байгаа аж.

Тэртээ 1877 онд бичигдэн, дэлхийн сая сая хүний сэтгэл зүрхийг татсан уг алдартай зохиолыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол хэлбэрт оруулан бичиж, Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулж, зураачаар Т.Ганхуяг ажилласан.

Драмын театрын энэ цаг үеийн сайхан бүсгүйчүүдийн нэг Н.Баярмаа “Анна Каренина” жүжгийн гол дүрийг бүтээсэн. Харин түүний нөхөр Алексей Каренинд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр, Облонскийд Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар, М.Түвшинхүү нар тус тус тоглож байна.

Хоёр бүлэг, 23 үзэгдэлт жүжгийн туслах дүрүүдийг Ардын жүжигчин С.Сарантуяа, П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Г.Урнаа, Ж.Оюундарь, Соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг, М.Тогтохжаргал, С.Болд- Эрдэнэ, Ш.Амгаланбаатар тэргүүтэй 20 орчим уран бүтээлч бүтээж буй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Засгийн газар: Боршоо, Цагааннуур боомтуудыг ирэх сарын 2-ноос 21 хоног түр хаахаар боллоо

Засгийн газрын ээлжит бусаар хуралдаанаар Коронавирусийн эрсдэлийг бууруулах зорилгоор Увс аймгийн Боршоо, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтуудыг 21 хоног түр хаахаар шийдвэрлэлээ.

Шадар сайд Я.Содбаатар “Боршоо, Цагааннуур боомтыг 21 хоногийн хугацаатай хаах шийдвэр гаргалаа. Яагаад ийм шийдвэр гаргав гэхээр манай улстай хил залгаа байгаа ОХУ-ын бүс нутгуудад ковидын өвчлөл нэмэгдэж байна. Дэлхий нийтэд цар тахлын хоёр дахь давалгаа эрчимжиж, олон оронд хөл хорио тогтоож, хил гаалиа хаах онцгой байдал тогтоох нөхцөл байдал үүсэж байна. Сүүлийн өдрүүдэд улс хоорондын тээвэрт явж байгаа тээврийн жолооч нараас ковид илрэх байдал нэмэгдэж байна. Одоогоор 30 жолоочоос илрээд байна. Үүний хоёр нь өнгөрсөн шөнө Цагааннуур боомтоор ирсэн ОХУ-ын хоёр жолооч байлаа. Ковидын нөхцөл байдал амаргүй байна. Иргэд халдвар хамгааллын дэглэмээ сахихыг уриалж байна” гэв. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Дэлхий дахинд коронавирусийн нөхцөл байдал сайнгүй байна. Ялангуяа манай улстай хил залгаа нутгуудад халдварын тоо нэмэгдэж, нас баралт бүртгэгдсээр байна. Тиймээс Засгийн газар хилийн хяналтаа сайжруулах үүднээс зарим боомтуудыг хаах шийдвэр гаргалаа” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

“Монгол бичгийн сарын аян”-ыг зохион байгуулна

Гадаад харилцааны яам монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх үүднээс “Монгол бичгийн сарын аян” энэ 11 дүгээр сард зохион байгуулахаар болов. Сарын аяны арга хэмжээг нээж Н.Энхтайван сайд үг хэлсэн ба “Монгол хэл, үндэсний бичиг нь монгол үндэстний оюуны соёлын үнэт өв, Та бидний соёл иргэншлийн язгуур үндэс, улс орны нэгдмэл байдал, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын нэгэн баталгаа юм. Босоо монгол бичиг бол бидний бусдаас ялгарах нэг том ялгарал гэж хэлж болно. Ийм гайхалтай өв соёлыг өвөг дээдэс маань бидэнд үлдээж, сурч эзэмшин, үр бүтээлтэй ажил үйлсдээ хэрэглэж явах үүднээс өвлүүлэн үлдээсэн” гэдгийг онцлов.

1000 жилийн түүхтэй үндэсний сонгодог монгол бичгээ нийтээр сэргээн хэрэглэх, Монгол Улсын гадаад харилцааны үйл ажиллагаанд улам өргөнөөр нэвтрүүлэх, гадаадад сурталчлан таниулах, монгол бичгээр үйлдсэн үнэлж баршгүй арвин их түүхийн бүтээлүүдийг судлах шаардлагатайг Н.Энхтайван сайд тэмдэглээд төрийн яамдуудаас хамгийн түрүүн дотоод нөөц бололцоогоо ашиглан “Монгол бичиг”-ээ сурах сарын ажлыг эхлүүлж байгаагаа мэдэгдлээ.

Монгол Улсын Их Хурлаас 2015 онд батлан гаргасан “Монгол хэлний тухай” хууль, Засгийн газраас 2020 оны 3 дугаар сард баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийг хэрэгжүүлэх үүднээс “Гадаад харилцааны яамны хэмжээнд 2020-2021 онд монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх үйл ажиллагааны урьдчилсан төлөвлөгөө”-г Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар батлуулаад байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Discover Mongolia-2020” чуулганаар цар тахлын үеийн уул уурхай, хөрөнгө оруулалтын талаар хөндөн ярьж байна

“Discover Mongolia-2020” уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулган 18 дахь жилдээ зохиогдож байна. Хөрөнгө оруулалтын давлагаа Монголыг зүглэхэд энэхүү чуулган эдийн засгийн чиглүүлэгч салхи болно гэж зохион байгуулагчид үзэж байгаа бөгөөд чуулганы үеэр цар тахлын үеийн уул уурхайн, хөрөнгө оруулалтын сэдвийг хөндөн ярьж байна. Мөн алт, нүүрсний зах зээлийг өргөн хүрээнд авч хэлэлцэж байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БОАЖЯ-нд ажиллалаа

Байгаль орчин, аялал жуулчлалын яам Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч, судлаач нарт зориулсан 16 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан байна. Мөн 2016-2019 онд 3,000 гаруй га талбайд техникийн, 1,500 гаруй га талбайд биологийн нөхөн сэргээлт хийжээ. Түүний дотор байгаль хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай дансанд байршуулсан барьцааны мөнгөөр анх удаа Архангай аймгийн Цэнхэр суманд нөхөн сэргээлт хийж байна. Байгаль хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй 33 аж ахуйн нэгжийн 44 ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан. “Хоггүй цэвэр Монгол” аяны хүрээнд хог хаягдлыг газар дээр нь ангилан ялгах, цуглуулах, тээвэрлэх төхөөрөмжийг 21 аймаг, улсын тусгай хамгаалалттай зургаан газарт нийлүүлж, “Яндангаа хөөлье” аяныг эрчимжүүлж байгаа зэргийг яамны удирдлага танилцуулав.

Ирэх дөрвөн жилд:

– УБ хотод агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулах

– Таваас доошгүй аймагт сайжруулсан түлшний үйлдвэр байгуулах

– Эко жорлон арга хэмжээг хэрэгжүүлэх

– Хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх

– 8,000 га талбайг нөхөн сэргээх

– Ойн талбайн хэмжээг 8.6 хувьд хүргэх

– Цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрдэх эхийн 55 хувийг Улсын тусгай хамгаалалтад авах

– Хөвсгөл нуурийн ёроолын бохирдлын эрсдэлийг бууруулах, хамгаалах

– Жуулчдын тоог нэг саяд хүргэх зэрэг зорилт тавьжээ.

Цаашид Аялал жуулчлалын сан бий болгох, Ойн газар байгуулах, Хөвсгөл нуурыг хамгаалах, бохирдлыг цэвэрлэхэд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, байгалийн нөөц баялаг ашигласны төлбөрийн орлогыг зөвхөн байгаль хамгаалахад зарцуулж байхыг аймаг, Нийслэлийн Засаг дарга нарт чиглэл болгохыг Ерөнхий сайдаас хүслээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх зөвхөн хуулийн хүрээнд, шударга ажиллахыг яамны ажилтан, албан хаагчдад захилаа. Мөн:

  • 30 гаруй мянган га талбайд хийх ёстой нөхөн сэргээлтийг үе шаттай эхлэх
  • Байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг зохицуулах, хянахад чиглэсэн 21 төрлийн тусгай зөвшөөрлийг цахимжуулж, иргэн, аж ахуйн нэгжид чирэгдэлгүй, ил тод, шуурхай үйлчлэх
  • 1950-иад оноос хойш Хөвсгөл нууранд живсэн 50 орчим тээврийн хэрэгсэл, техникийг гарган авах, шаардлагатай бол бусад улс, олон улсын байгууллагатай хамтрах
  • Туул голын бохирдлыг багасгахын тулд голын сав газарт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байгаа аж ахуйн нэгжүүд, Харгиа цэвэрлэх байгууламжтай холбоотой асуудлыг цэгцлэх
  • Агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах, ус, хөрсний бохирдлыг бууруулахын тулд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ахалдаг Үндэсний хороо, төрийн байгууллага, иргэд, аж ахуйн нэгжүүдийн ажлыг уялдуулах
  • Хог боловсруулах үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах, ард иргэд, хүүхэд залууст хог хаяхгүй байх дадал, хэвшил суулгах байнгын ухуулга, сурталчилгаа хийх
  • Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн бүтээн байгуулалтын төслийг үр дүнтэй, чанартай хэрэгжүүлэхэд анхаарах, хувийн хэвшлийг дэмжих зэргийг үүрэг, чиглэл болголоо.

Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Мишээл экспо төвд болж байгаа “ITM-2020” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг сонирхож, бизнес эрхлэгчидтэй уулзав. Үзэсгэлэнд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй аж ахуйн нэгж, түүний дотор 18 аймгийн төлөөлөл оролцож үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнээ танилцуулж байна.

Энэ үеэр Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгодог зээл, “Ногоон зээл”, зочид буудал, жуулчны бааз, амралт, сувиллын газрын стандарт зэргийн талаар мэдээлэл солилцон, “Аялалын хөтөч-Ажлын байр”-ны өнөөгийн байдал, хэтийн чиг хандлага, хээрийн аялалын тогооч нарт зориулсан сургалт зэрэг зохиох юм. 21 дэх удаагийн энэ үзэсгэлэнг Монголын аялал жуулчлалын холбоо, Байгаль орчин, аялал жуулчлалын яам “Аялал жуулчлал ба орон нутгийн хөгжил” уриан дор хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэн 2020 оны 10 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд үргэлжилнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, хяналт тавьж байна

Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлэх, жолоодох эрхийн үнэмлэхгүй замын хөдөлгөөнд оролцох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчлүүдэд хяналт тавин ажиллаж байна.

Энэ нь гарч болзошгүй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой юм. Илэрсэн зөрчилд хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллаж байгаа аж.