Categories
мэдээ нийгэм

Т.Баясах: Баянзүрх дүүргийн бүх төрийн байгууллага хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллана

Баянзүрх дүүрэгт гэр бүлийн хүчирхийллийн хэрэг гарсантай холбогдуулан тус дүүргийн Засаг дарга хүчирхийллийн эсрэг ажиллах шинэ захирамж баталсан талаараа өнөөдөр мэдээллээ.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах “Манай дүүрэг нийслэлийн 9 дүүргээс хамгийн том нь. 360 мянган хүн амтай, үүнээс 120 мянга нь хүүхэд. Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллийн сэтгэл сэрдхийлгэсэн гэмт хэргүүд гарах боллоо. Үүнд төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хүн хүчний нөөц, боломж гээд олон зүйл яригдана. Өнөөдөр БЗД-ийн Засаг даргын харьяа хэлтэс, албадын оролцсон шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ зөвлөгөөнөөр чухал шийдвэр гаргаснаа та бүхэнд танилцуулъя.

Манай дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, төрийн захиргааны байгууллагууд, нийгмийн ажилтнуудын ажлын хүрээгээр бид хорооны иргэдэд үнэхээр хүрч ажиллаж чадахгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Тиймээс дүүрэгт ажиллаж байгаа бүх төрийн байгууллагуудыг гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэл рүү татан оролцуулахаар болсноо зарлаж байна. Дүүргийн нутаг дэвсгэрт 31 төрийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдгаас үл хамаараад бүх төрийн байгууллага хүүхдийн хамгааллын чиглэлээр ажиллах болсноо хэлье. Энэ нь тодорхой хугацаагүй.

Эхний ээлжид эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа бүх айлын судалгааг гаргахад бүх төрийн байгууллага оролцон ажиллах юм. Энэ ажлыг эхлээд нэг сарын хугацаатай үргэлжлүүлнэ. Цаашдаа ч зогсохгүй үргэлжлүүлэх талаар захирамжиндаа тусгасан.

Энэ захирамжтай холбоотойгоор ТББ-уудыг хамтарч ажиллахыг уриалж байна. Төрийн болон ТББ-ууд хамтарч ажилласнаар эрсдэлтэй бүлэгт хамрагдах хүүхдүүдийн судалгааг иж бүрэн гаргаж ирээд дараа дараагийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Мөн иргэддээ хандахад хөршийн холбоог сайжруулах хэрэгтэй байна. Сэжигтэй тохиолдол гарвал нэн даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэж байхыг уриалж байна” гэлээ.

Харин захирамжид тусгасан ажлын талаар Засаг даргын орлогч Т.Батцогт:

“Тухайн хороонд оршин суудаг эрсдэлтэй айл өрхийн судалгаа байдаг. Гэвч манайд хүн хүч бүрэн хүрч ажиллах боломж дутмаг байдаг. Тиймээс захирамжийн хүрээнд төрийн байгууллагуудын иргэдэд хүрч ажиллаж байгаа анхан шатны нэгж болох хороо дүүргийн гэр бүлийн хүчирхийлэл үүсэх магадлалтай айл өрхүүдийн судалгааг гаргана.

Төрийн байгууллагууд хамтарч ажиллан, байнгын эргүүл хийж, хараа хяналтгүй байгаа айл өрхүүд, хөршүүддээ мэдээлэл хүргэх байдлаар зохион байгуулж ажиллана. Дээр нь ЕБС-иуд нийгмийн ажилтнууд, сургуулиараа дамжуулаад эрсдэлтэй хүүхдүүдээ хамгаалах ажил зохион байгуулна. БЗД-ийн хороо болгонд нэг нийгмийн ажилтан ажилладаг. Нийгмийн нэг ажилтан дунджаар нэг хорооны 15 мянган иргэнд хүрч ажилладаг. Энэ нь хүний нөөцийн хувьд хангалттай байж чадахгүй байна. Тиймээс дүүргээс хөгжлийн нийгмийн ажилтны орон тоог нэмэгдүүлэх, боломж бололцоог Нийслэлийн засаг дарга, Засгийн газарт тавина. Захирамжийн хүрээнд мэргэжлийн чиг үүрэгтэй ажилтнууд тодорхой цаг гарган айл өрхөөр явж судалгаа гарган ажиллах юм” гэлээ.

Засаг дарга Т.Баясах “Баянзүрх дүүрэг 28 хороотой. Эрсдэлтэй бүлгийн судалгааг байнга гаргадаг. Яагаад гэвэл манай дүүрэгт орон нутаг, өөр дүүргээс шилжин ирдэг, шилжилт хөдөлгөөн их байдаг. Гэхдээ эрсдэлтэй бүлэгт байгаа хүмүүсийн тоог хэлэх боломжгүй. Энэ нь нууц мэдээлэл.” гэв.

Мөн амиа алдсан охины ар гэрийн талаарх мэдээлэл авсан эсэх талаар асуухад “Саяны гарсан харамсалтай хэрэг дээр ярихад, 2018 онд нэг дуудлага өгсөн байсан. Хүүхэд алга болчихлоо гэсэн дуудлага байсан. Эргээд олчихлоо гэсэн дуудлага ирсэн. Хавар гар нь хугараад гэмтлийн эмнэлэг явсан. Тэрийг ээж нь хөдөө яваад гараа гэмтээсэн гэж хэлсэн байсан” гэв.

Одоогоор хамтарсан баг, нийгмийн ажилтнууд, удирдлагуудыг хуулийн байгууллага шалгаж байна. Нийгмийн ажилтны орон тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Гэхдээ дүүрэг өөрөө мэдээд шууд нэмэгдүүлэх боломжгүй. Бүтцийг нийслэлээс баталдаг” гэв.

Categories
мэдээ нийгэм

Г.Занданшатар: Үйлдвэрлэл эрхэлж байж л бид хөгжлийг бүтээнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Ховд аймагт ажиллалаа. Тэрбээр эхлээд тус аймгийн төрийн албан хаагчидтай уулзаж, өнгөрсөн наймдугаар сард хуралдсан Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталсан хуулиуд, улс орны нийгэм, эдийн засгийн байдал, төр засгаас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдан реформын шинж чанартай томоохон 42 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бөгөөд энэ намрын чуулганаар хэлэлцэн батлах Шүүхийн тухай багц хуулийн төсөл, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудын өөрчлөлт аймаг, орон нутгийн ажил, амьдралд эрс шинэчлэл, дэвшил авчрах чухал ач холбогдолтой гэдгийг тэмдэглэлээ.

-Шүүх шударга болбол нийгэмд шударга ёс тогтоно, төр цэгцэрнэ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуулиар орон нутагт эрх мэдлийг өгнө, орон нутгийн засаглалыг бэхжүүлнэ, төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлнэ. Ингэж байж орон нутаг бие даан хөгжих боломж бүрдэнэ. 1335 жилийн түүхтэй Ховд хот Жаргалант сум биш, хот болно. Дэлхийн жишгийн төлөвлөлттэй, эдийн засаг, нийгмийн цогцолбор болох ёстой гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.

Мөн “Дээрээс эхэлсэн өөрчлөлт шинэчлэлтийн давалгаа дунд, анхан шатандаа, аймаг, суманд үргэлжлэх ёстой. Өөрөөр хэлбэл нэгдмэл зорилготой, хүчээ нэгтгэж байж бид улс эх орондоо өөрчлөлтийг, хөгжлийг авчирна. Үүнд төрийн байгууллагын алба хаагчид та бүхний үүрэг оролцоо нэн чухал” хэмээн онцлов.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна хэмээн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд заасан. Тиймээс хөгжлийн бодлогыг ойрын болон дунд, урт хугацаагаар төлөвлөх ёстой гэж Улсын Их Хурал үзэж байна. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль, дунд хугацаа буюу 5 жилийн Үндсэн чиглэлийг баталсан нь энэ бодлого хэрэгжиж байгаа хэрэг юм” гэв.

Тэрбээр УИХ-ын сонгуульд Ховд аймагтаа нэр дэвшин өрсөлдөх үеэрээ дэвшүүлсэн Ховд аймгийн хөгжлийн 10 бодлогоо Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт бүрэн тусгуулсан гэдгээ энэ үеэр мэдээллээ. Тухайлбал, эрчим хүчний хэрэглээгээ бүрэн хангаж, экспортлох боломж бүрдэх Эрдэнэбүрэнгийн УЦС, баруун бүс нутгийн хэрэгцээг бүрэн хангах Цементийн үйлдвэр, малын гаралтай түүхий эд боловсруулах Арьс ширний үйлдвэрийн цогцолбор байгуулах зэрэг ажил эдгээр бодлогод тусчээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар дараа нь тус аймагт баригдаж буй “Ховд үйлдвэрлэл технологийн парк”-ийн дэргэдэх цэвэрлэх байгууламжийн барилга, угсралтын ажилтай танилцав. Энд нийтдээ 100 га талбайг хамарсан малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрлэлийн цогцолбор баригдах бөгөөд цэвэрлэх байгууламжаа эхэлж барьж байгаа аж. “Цогцолбор бүрэн ашиглалтад орох үед арьс шир, хаягдал яс, ноос, ноолуур угаах, самнах, өлөн гэдэс боловсруулах, адууны дэл, сүүл боловсруулах үйлдвэрүүд баригдана. Түүнчлэн цогцолборыг дагасан оёдол, гутал, сүлжмэл, саван, сав баглаа боодлын зэрэг арав орчим жижиг, дунд үйлдвэр ажиллана гэж тооцож байгаа” хэмээн аймгийн Засаг дарга Б.Дүгэржав ярилаа. Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн хувьд байгаль орчинд хор хөнөөл учруулахгүй байх, химийн хорт бодисыг хоргүйжүүлэх нь нэн чухал учраас хоногт 1500 шоометр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжаа юуны түрүүнд барьж байгаа аж.

-Хэдийгээр орчин үеийн, шинэ техник, технологи ашиглах гэж байгаа ч үйлдвэрийн бохир гэдэг бол онцгой хариуцлага шаарддаг ажил. Тиймээс манай яам энэ байгууламжийн угсралт, технологид мэргэжлийн хяналт тавьж, тусалж дэмжиж ажиллах болно гэж Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хэллээ.

Цогцолборын дэд бүтцийн асуудлыг төр буюу аймаг хариуцах бөгөөд цогцолборыг барьж байгуулахад хөрөнгө оруулах хүсэлтэй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд олон байгаа гэнэ.

Тус аймагт өрнөж буй өөр нэг томоохон бүтээн байгуулалт бол жилдээ 300.0 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай цементийн эко үйлдвэр юм. Аймгаасаа 15 км-т, Буянт сумын нутагт баригдаж байгаа энэ үйлдвэр байгаль орчинд ээлтэй хуурай аргаар, хаягдал хий, усаа дахин ашиглах шилдэг технологийн үйлдвэр юм байна. Үйлдвэрийг “Вестерн холд” ХХК байгуулж буй бөгөөд гаднын оролцоогүйгээр зөвхөн монгол инженер, ажилчид барьж байгуулж байгаагаараа онцлог юм. Баруун бүсийн 5 аймаг нийтдээ 220.0 орчим мянган тонн цементийн жилийн хэрэглээтэй байгаа бөгөөд энэ үйлдвэр ашиглалтад орсноор бүсийн аймгуудын хэрэгцээг хямд үнэтэй цементээр бүрэн хангах боломж бүрдэнэ. Одоо Улаанбаатараас тонныг нь 150.0 мянгаар авсан цемент Ховдод ирэхдээ зардал шингэж 310.0 мянга болдог гэнэ.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Дарханд арьс, шир боловсруулах үйлдвэр баригдаж байгаа. Ховдынх тэгэхээр улстаа хоёр дахь нь гэсэн үг. Жилдээ 1.0 сая ширхэг арьс шир боловсруулах юм байна. Дэд бүтцээ шийдээд өгчихвөл хөрөнгө оруулъя гэсэн дотоодын аж ахуйн нэгж олон байгаа юм байна. Тиймээс дэд бүтцийн ажилд шаардагдах санхүүжилтийг улсаас шийдэж өгөх нь зайлшгүй чухал гэж үзэж байна.

Цементийн үйлдвэр баруун бүс нутагт чухал ач холбогдолтой. Жишээ нь энэ үйлдвэр ашиглалтад орчихвол одоо нэг ам метр нь дунджаар 1.1 сая төгрөг байгаа орон сууцны үнэ 850-870 мянга болж буурах нь. Хоёр үйлдвэр малчин түмэн, иргэдийн амьжиргаанд маш том тус дэм болох юм байна. Ерөөсөө Монгол Улс үйлдвэрлэл хөгжүүлж байж л хөгжил дэвшилд хүрнэ. Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээс махнаас бусад нь үнэгүйдчихээд байгаа. Тэдгээрийг үнэд оруулах, аймаг, сумын төвүүдийг орон сууцжуулах, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх гээд олон талын ач холбогдолтой бүтээн байгуулалт хийж байгаа Ховдчуудад баяр хүргэх нь зүйд нийцнэ. Төр бодлогоор дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай гэв.

Аймгийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар парламентаас батлан гаргаж буй хууль тогтоомж, зарим онцлог хуулиудын агуулга, ач холбогдол, төрийн бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Иргэд төсвийн хуулиа чанд баримтлах, алдагдалтай төсөв батлахгүй байх, зардлаа хэмнэх, үйлдвэрлэлийн паркийг дэмжиж, шаардлагатай санхүүжилтийг төсөвт суулгаж өгөх, тэтгэврийн шинэчлэлийг хугацаа алдалгүй хийх, багийн нийтийн хуралд иргэдийн төлөөлөл, оролцоог хангах, орон нутагт баригдаж буй барилгын чанарт хяналт тавих, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, зогсоолыг заавал шийддэг байх хууль гаргах, хот болсон тохиолдолд төсвийн эрх мэдэл, нутаг дэвсгэрийн асуудлыг нэг мөр шийдэх, бүсийн тулгуур төвүүдийн эрх, үүрэг, статусыг тодорхой болгох, сумын Засаг даргыг ард түмэн сонгодог, багийн Засаг даргыг сумын дарга нь томилдог болгох зэрэг санал хэллээ.

Дараа нь УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр нар иргэдийн асуусан асуултад хариулт өглөө.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн халдварын улмаас эндсэн хүний тоо нэг сая давжээ

Дэлхийн хэмжээнд шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар авч эндсэн хүний тоо нэг сая давлаа. АНУ-ын Нью-Йоркт халдварын тархалт огцом нэмэгдэж байна.

Мьянмарт энэ сард халдварын тархалт эрчимжиж, тус улсын Засгийн газар хотууддаа эмчилгээ, тусгаарлах төвүүд барих шийдвэр гаргаад байна.

Өмнөд Африкийн Лесото улс энэ пүрэв гарагаас Өмнөд Африктай хилээ хэсэгчлэн нээхээр шийдвэрлэсэн байна. Мөн Өмнөд Африк аравдугаар сарын нэгнээс хилээ эргэн нээхээр төлөвлөжээ.

Их Британид “COVID-19”-ийн тандалтын аппликейшнийг 10 сая гаруй хүн татаж авсан талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ.

Энэтхэгт халдварын тохиолдол 82.7 мянгаар нэмэгдсэн бол АНУ-д 33 мянга, Бразилд 14 мянгаар нэмэгджээ.

“Ямар ч вакцин гарсан бүх хүмүүсийг бүрэн дархлаажуулах магадлал бага” гэж АНУ-ын Хүнс, Эмийн удирдах газрын тэргүүн асан мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл томуугийн вакцины адилаар бүх хүнд бүрэн хамгаалалт болж чадахгүй гэж тайлбарлажээ.

Дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн халдварын тохиолдол 33.3 сая давлаа. Эдгэрсэн хүний тоо 24.6 сая хүрсэн бол 65 мянган хүний биеийн байдал хүнд байна.

Categories
мэдээ нийгэм

Зогсоол дээрээс автомашин хулгайлдаг 17 настай Т гэгчийг саатуулжээ

Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт зогсоол дээрээс автомашин алдагдсан” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. мэдээллийн дагуу шалгахад33 настай эмэгтэй Б-ийн эзэмшлийн Toyota Ist маркийн улсын дугаартай цагаан өнгийн автомашиныг Баянзүрх дүүргийн харьяат 17 настай эрэгтэй Т хулгайлсан хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Мөн Баянзүрх дүүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт зогсоолд байсан автомашин алдагдсан байна” гэсэн мэдээллийг шалгахад 28 настай эмэгтэй Г-ийн эзэмшлийн Toyota Ist маркийн улсын дугаартай цагаан өнгийн автомашиныг Баянзүрх дүүргийн харьяат 17 настай эрэгтэй Т гэгч нь хулгайлсан хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Сүүлийн үед энэ мэт зогсоол дээр байсан автомашин алдагдах хэрэг гарсаар байгаа учраас иргэдийг анхаарал болгоомжтой байж, камертай, харуул хамгаалалттай газар машинаа байршуулж, дохиолол суулгуулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Үндэсний шинэ давлагаа – Инженер залуу үе” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга Т.Чинзориг, Монголын Залуу инженерүүдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сүх-Эрдэнэ, “Цахим оюуны эерэг давлагаа” ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Анхбаяр, нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга Т.Чинзориг:

-Нийслэлийн залуучуудыг дэмжих 10 төв үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэхүү төвд КОЙКА-гийн төслөөр 15 төрлийн сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж, 1237 залуус амжилттай төгссөн. Үүнээс 42 залуу КОЙКА-гийн дэмжлэгээр тэтгэлэг авч суралцаж байгаа. Хөтөлбөрийн үргэлжлэл болж “Үндэсний шинэ давлагаа-инженер залуу үе” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Үүний хүрээнд гурван төрлийн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд хувь хүний хөгжлийг дэмжих, компьютерийн хэрэглээний программ, хэлний сургалт орно.

Энэхүү хөтөлбөрт Улаанбаатар хотын Баянгол, Багануур, Налайх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон Дорноговь, Хэнтий, Орхон, Ховд, Өмнөговь зэрэг аймгуудаас Улаанбаатар хотод их дээд сургуульд суралцаж байгаа 1,2 курсийн оюутан залуучууд хамрагдана.

Ийнхүү Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Монголын залуу инженерүүдийн холбоо” ТББ, “Цахим оюуны эерэг давлагаа” ТББ-ууд хамтран 2020 оны аравдугаар сараас 2021 оны дөрөвдүгээр сарыг дуустал “Үндэсний шинэ давлагаа-Инженер залуу үе” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны Санамж бичгийг байгууллаа.

“Үндэсний шинэ давлагаа-инженер залуу үе” хөтөлбөр үнэ төлбөргүй бөгөөд хамрагдах хүсэлтэй залууст нээлттэй аж. Сургалт ирэх сарын 1-нээс эхэлнэ. Харин өнөөдрөөс бүртгэлийн үйл ажиллагаа эхэлж байна.

“Цахим оюуны эерэг давлагаа” ТББ, Монголын Залуу инженерүүдийн холбооны дэргэдэх “Инженер” академид бүртгэл явагдах аж.

Categories
мэдээ нийгэм

Дээд лигийн аваргаар “Атлетик 220” тодров

Монголын хөлбөмбөгийн холбооны Дээд лигийн тэмцээн гурван сар гаруйн хугацаанд үргэлжилж, хамгийн сүүлчийн 18-р тойрогт аварга багийн нэр тодорлоо. Ням гаригт МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэн болон Төв цэнгэлдэх хүрээлэнд лигийн эхний дөрөвт явсан багууд учраа таарахад үзэгчдийн уулга алдуулсан тоглолтууд болов. 17-р тойргоос анх удаа лигийг тэргүүлж эхэлсэн “Атлетик 220” тун хянуур тоглож, “СП Фалконс”-той 1:1-ээр тэнцлээ. Ийнхүү “Атлетик 220” клуб түүхэндээ анх удаа МХБХ-ны Дээд лигт түрүүлсэн юм. Лигийн мэргэн бууч Н.Наранболд улирлын 30 дахь гоолоо энэхүү хариуцлагатай тулаанд оруулав. Тэрбээр энэ улиралд “Атлетик 220” багийн нийт оруулсан 56 гоолын талаас илүүг нь ганцаараа хийж өвөрмөц амжилтыг үзүүлжээ. Улирлын төгсгөлд чимээгүйхэн урагшилж явсан “Улаанбаатар” баг “Хангарьд”-ыг 2:1-ээр ялж, лигийн аман хүзүүнд бичигдэв.

18-р тойргийн тоглолтын дүн:

Сумида Жипро – Улаанбаатар Сити 0:10

Улаанбаатарын Мазаалайнууд – Дэрэн 0:5

Андууд Сити – Хаан хүнс Эрчим 2:14

Улаанбаатар – Хангарьд 2:1

СП Фалконс – Атлетик 220 1:1

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзана

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга есдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж, иргэдтэй уулзана.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ОРОН НУТГИЙН ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ:

  • 2020 оны есдүгээр сарын 28-ны өдөр Орхон аймгийн “Уурхайчин” соёлын ордонд 15:00 цагаас,
  • 2020 оны есдүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын байранд 12:30 цагаас,
  • 2020 оны есдүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрт 17:30 цагаас тус тус болно.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Тэгшбаяр: Монгол Улс “Сошиал цагдаа”-гийн нэгжтэй болсноор Хойд Солонгос, Хятадын араас орлоо

-ДАНДАА “ХААНА, БООНО, ХЯНАНА, ХЯСНА, ТОРГОНО, ЦАГДАНА” ГЭЖ ХҮНИЙ ЯЗГУУР ЭРХ АШГИЙН ЭСРЭГ АЖИЛЛАДАГ КОММУНИСТ МАЯГИЙН АРАНШИНГАА АРДЫН НАМ ТАТАЖ АВ-

Доктор Н.Тэгшбаяртай ярилцлаа.

-Цагдаагийн байгууллагад Мэдээлэлтэй тэмцэх дагнасан нэгж байгуулагдчихлаа. ЦЕГ-ын дэд дарга Ж.Амгалан хурандаа “Судлаагүй, дутуу ойлгосноо цахим орчинд тараадаг байдлыг таслан зогсооно. Дуртай дуртайгаа ярьж, бичдэг цаг үе ч биш” гэж ярьсан. Сошиалыг цагдаагийн нэгж хянаж, иргэдийн бичсэн, постолсон болгоныг шалгана гэдэг нь Үндсэн хуулиас гадна олон хуулийг зөрчсөн үйл явдал болоод байна?

-Коммунизм дахиж сэргэж байна. Ардчилсан оронд хүн аливаа мэдээллийг дутуу ойлгосон уу, зөв, буруу ойлгосон уу гэдгийг хэн нэгэн гомдол гаргасан байвал түүнийг нь хууль, шүүхийн холбогдох байгууллага нь хянаад шинжээчээр буруу, дутуу ойлгосон гэдгийг нь шинжлүүлээд, шаардлагатай бол шүүхээр шийдвэр гаргах ёстой. Түүнээс биш нэг албан тушаалтан иргэний бичсэн пост үнэн, худал эсэхийг шууд шийдчихдэг болбол дурын албан тушаалтан үнэн, худлыг дэнсэлдэг болно гэсэн үг. Ийм байж болохгүй ээ. Өөрөөр хэлбэл, хууль, шүүхгүй орон болох гэж байна. 1937, 1938 онд онцгой комисс гэдэг юм байгуулаад тус комиссын шийдвэрээр “Цуурхал дэгдээсэн” гэдэг шалтгаанаар буурал аав, Хишигтийн Дүүдэй гэдэг хүнийг буудаж л байсан улсууд шүү дээ. Хишигтийн Дүүдэй 23 мянган толгой малтай байсан бөгөөд фронтод олон мал өгсөн. “Фронт” Э.Бадам бол Х.Дүүдэйн бэр нь юм.

“Сошиал цагдаа” бол их хэлмэгдүүлэлтийн эхлэл болно. Наадхаа боль оо. Үндсэн хууль зөрчинө.

-Үндсэн хууль зөрчөөд байна гэдгийг амтай болгон хэлээд, сануулаад байна?

-Хэн нэгэн буруу, зөвтэй эсэхийг хууль, шүүхийн байгууллага шийднэ. Түүнээс биш хэн дуртай нь шийдэхгүй ээ. Зүгээр нэг цагдаагийн байгууллагын ажилтан буруу, зөвийг эцсийн байдлаар тогтоохгүй. Цагдаагаас прокурор руу, прокуророос шүүх рүү. Шүүхэд тодорхой шатуудаар явж байж хүний эрх хамгаалагддаг. Дээр үеийнх шиг мэдүүллэггүй бууддаг шиг ийм юм ерөөсөө байж болохгүй. Тухайн мэдээллийг зөв ойлгосон гэдгийг, буруу ойлгосон гэдгийг цагдаа шийдэхгүй. Буруу, зөв ойлгосон эсэхийг цагдаа шийдэж байгаа нь үндсээрээ буруу.

хүн хардах сэрдэх эрхтэй. Төрийн байгууллагуудын гаргасан шийдвэр иргэн болгонд нээлттэй биш байна. Буруу юм яваад эхлэнгүүт тэр мэдээллийг буруу юу, зөв үү гэдгийг “Яагаад ингээд байна вэ” гээд олон нийтээс асууж болно шүү дээ.

-Тийм.

-Гэтэл, хувь хүн ч бай, иргэн ч бай, албан тушаалтан ч байаль эсвэл хэвлэл мэдээллийн байгууллагууд Үндсэн хуулиар олгогдсон хардах эрхээ эдлэх боломжгүй болж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд бол амаа үдүүлж байгаа юм. Тийм учраас үүний эсрэг хэвлэл мэдээллийн бүх байгууллага тууштай тэмцэх хэрэгтэй.

-Э.Бат-Үүлийн санаачлан батлуулсан 1998 оноос мөрдөгдөж байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд энэ талаар маш тодорхой, товч заагаад өгчихсөн байдаг. Ийм хууль байсаар байтал Цагдаагийн байгууллага нь хууль зөрчсөн нэгж байгуулж, хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд ноцтойгоор халдаж байна?

-Нэг л юм ойлгох хэрэгтэй. Үнэхээр хууль зөрчсөн эсэх дээр ямар нэгэн мэдээлэл явлаа, энэ мэдээлэл хууль зөрчлөө, худлаа, буруу байна гэдэг дээр эрх ашиг нь хөндөгдсөн нөхөд гомдол саналаа гаргаад явах ёстой байхгүй юу. Гэтэл бүр тэндээс цагдаагийн хурандаа очоод л “Худлаа байж магадгүй”, “Үнэн байж мэдэх юм” гэдэг чинь юмыг айлгаж, сүрдүүлж албан тушаалтны хийсэн муу үйлдлийг далдлах гэж дарамталдаг. Муу зүйлийг нуудаг. Магадгүй, өөрт таалагдаагүй мэдээллийн үнэнийг дардаг, нохойд барих мод болох вий дээ. Хүний гаргаж байгаа мэдээлэл хүн болгонд таалагдах албагүй шүү дээ. Тэр хүн буруу ойлгосон байж болно. Хэрвээ буруу ойлгосон байвал тэр эрх ашиг нь хөндөгдөөд байгаа субьект тэнд гомдол гаргах ёстой болохоос биш, цагдаагийн нэг албан тушаалтан тэр болгонд очоод сошиалыг хянаад цагдаад байж болохгүй. Сүүлийн таван жил, 2016 оноос хойш дарга нарыг долоосон, магтсан, сайшаасан хүмүүсийн зөв байдаг. Буруу болохгүй байгаа зүйлүүдийг нь хэлэхээр буруу болдог болжээ. Өөрөөр хэлбэл, ялангуяа цагдаагийн хэн нэгэн субьектэд таалагдаагүй бол буруу, буруу ойлгосон. Таалагдсан бол “Зөв ойлгожээ” гэдэг ийм стандарт бус нэгж гарах нь ээ. Дээр үед Дотоод явдлын яаманд Онцгой комисс байлаа. Онцгой комиссын дэргэд шүүхээс дээгүүр, өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэргүйгээр шууд бууддаг тийм нэгж байсан. Тийм л том хэлмэгдэл явуулах үндэс болох вий дээ.

Цагдаагийн тухай хууль, Үндсэн хуульд иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл солилцох, бичих, хэвлэн нийтлэх эрхийг хязгаарлах, хянах эрх нь цагдаад байхгүй шүү дээ.

Цагдаагийн байгууллагын тухай хууль, Үндсэн хуульд цагдаа ямар эрх үүрэгтэй байх талаар дурдахдаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, гомдол саналыг судлаад прокурорт шилжүүлэх, прокурор түүнийг нь яллах эсэхийг төлөвлөдөг. Яллах ёстой бол шүүх рүү, яллах ёсгүй бол прокурор хүчингүй болгодог. Гэтэл эцсийн шийдвэрийг цагдаа гаргадаг болох юм бол бид нар яг Хойд Солонгос шиг, Хятад шиг улс болох гээд байна.

-Энэ хоёр улсын араас орлоо?

-Тийм л улс боллоо.

-Манайх чинь Ардчилсан орон шүү дээ. Ухралт болоод байна?

-Тийм шүү дээ. Тодорхой хэлье. Хэвлэл мэдээллийн байгууллага бол дөрөв дэх засаглал гэж хэлж байгаа бол Хятад руу сэтгүүлчдээ тэтгэлэгтэйгээр сургах, аяллаар бөөн бөөнөөр нь явуулахаа зогсоо. Хятадын Засгийн газрын тэтгэлгээр, Хятадын Засгийн газрын өгсөн замын зардал, хоол, унаа, байраар сэтгүүлчдийг тэнд сургаж байгаа бол энэ нь өөрөө Монголын сэтгүүл зүйн салбарт тусаж байгаа хар сүүдэр байхгүй юу. Сэтгүүлчид өөрсдөө ийм балай юманд явахаас татгалзаж эхлэх хэрэгтэй.

Хятадад юу сурч болох вэ гэхээр, өндөр технологид нь сурч болохоос биш хүний үндсэн язгуур эрх чөлөөг хамгаалдаг, үүний төлөө ажиллах ёстой сэтгүүлчдээ Хятадад бэлдэнэ, сургаад байна гэдэг нь сайны дохио биш. Та мэдэж л байгаа биз дээ. Нийгмийн бузар булай, муу муухай бүхний шүүсийг нь шахаж байгаа биз дээ. Тэгэхдээ цагдаагийн дур хүсэлд тааруулж шахдаггүй л байхгүй юу. Нийгмийн сайн сайханд зориулж, нийгэм өөрөө шахаж байх ёстой. Ж.Амгалан хурандаа яриад байна билээ. “Буруу, дутуу ойлговол…” гээд. Буруу ойлгосон, дутуу ойлгосон гэдгийг хэн тогтоох гээд байгаа юм.

-Тэр нь тун ойлгомжгүй, эргэлзээтэй?

-Дээрээс нь хаана аа, бооно оо, хясна аа, торгоно оо, цагдана аа гэдэг дандаа ийм хүний үндсэн язгуур эрх ашгийн эсрэг ажилладаг коммунист маягийн араншингаа Ардын нам татаж ав. Та нар анзаардаг бол сүүлийн 30 жил Ардчилсан нам л буруутай гээд бүх бурууг АН руу, Ардчилал руу чихээд байдаг. Гэтэл сүүлийн 30 жилийн хорь гаруй жилд нь Ардын нам засаг барьсан, УИХ-ын даргаар ажилласан хүмүүсээс З.Энхболдоос бусад нь бүгдээрээ МАН-аас төрчихөөд байна шүү дээ.

Ардчилсан Үндсэн хуультай оронд коммунистууд эрх бариад байхаар Ардчилал үнэ цэнэгүй болоод байна. Ардчиллын арьс нөмөрсөн коммунистууд төр бариад байгаа болохоор Ардчилсан Үндсэн хуулиа хэрэгжүүлж чадахгүй байна. Хонины арьс нөмөрсөн чоно шиг л юмнууд байгаад байна, ерөөсөө. Ийм үйлдлээ болих хэрэгтэй.

Дэлхий бөөрөнхий гэдгийг нотолсон эрдэмтнийг чулуугаар цохиод алж байсан түүх бий. Дэлхий бол хавтгай гэж үздэг этгээдүүд “Дэлхий бөөрөнхий” гэж ярихаар нь худлаа санагдаад чулуугаар алсан хэрэг. Түүнтэй л агаар адил үйл явдал Монголд болох нь.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголт аравдугаар сард орно

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг энэ оноос эхлэн улирал бүрд олгож байгаа. Ингэснээр,

  • нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  • дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдийн бүртгэлтэй дансанд нь шилжүүлэх юм.

Үүний дагуу гуравдугаар улирлын буцаан олголтыг ирэх сард олгох гэж байгаа бөгөөд иргэдийг төлбөрийн баримтаа аравдугаар сарын 8-ны 23.59 цагаас өмнө ebarimt.mn-д бүртгүүлэхийг Татварын ерөнхий газраас анхааруулж байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Баясгалан: ОХУ-ын хаант засгийн үеэс барьж ирсэн бодлого нь одоо ч хэвээрээ байна


МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн багш, доктор С.Баясгалантай ярилцлаа.

-Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны ОХУ-д хийсэн айлчлалыг та хэрхэн дүгнэж байна. Манай улсад хэр ашигтай айлчлал болов?

-Төлөвлөгдсөн айлчлал байсан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил ОХУ-Монгол Улсын хооронд найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ гэрээ нь хоёр орны харилцаа иж бүрэн стратегийн түвшинд очсон гэдгийг харуулсан. Саяны айлчлал нь өмнөх онд байгуулсан гэрээгээ эрх зүйн хувьд баталгаажууллаа. Энэ гэрээг өнгөрсөн жил Монгол Улс соёрхон баталсан байдаг. Харин энэ оны долдугаар сард ОХУ соёрхон баталлаа. Үүний дараа албан ёсоор бичиг солилцож эрх зүйн хүрээтэй болгоснооороо ач холбогдолтой.

Манай улсын хувьд энэ уулзалт маш үр дүнтэй болсон гэж үзэж байна. Учир нь манайх ОХУ-тай ямар харилцаатай байх, энэ харилцаа нь тогтвортой байх эсэхийг маш тодорхой болголоо. Өөрөөр хэлбэл, ОХУ-тай ямар нэгэн байдлаар харилцаа муудах уу гэдэг асуудал яригдахгүй болж байна. Хоёр улс тогтвортой, удаан хугацааны тодорхой харилцаатай болж байна гэсэн үг л дээ.

-Хугацаагүй, мөнхийн стратегийн түнш гэж олон улсын харилцаанд байдаг юм уу. Энэ ямар учиртай юм бэ. Ёж утгаар бол дагаар орчихоод ирэв үү л гэж харлаа?

-Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн харилцаа байгуулахдаа хугацаагүйгээр байгуулсан. Энгийнээр хэлэхэд энэ нь, манай хоёр орны хооронд ямарваа нэгэн маргаан, асуудал байхгүй. Бид бүхнийг энэ гэрээгээрээ шийднэ гэсэн үг. Үүнийг манай талаас бус ОХУ-ын талаас тавьсан байж магадгүй.

-Яагаад. ОХУ-ын сонирхол нь юу юм бэ?

-Муу талаас нь тайлбарлахад, Монгол Улс энэ хэмжээнд байгаа шүү. Илүү дутуу юм байхгүй шүү. Яг одоогийнхоороо байна гэдгийг илэрхийллээ. Хоёрдугаарт, ОХУ-тай харилцахдаа хоёр орны ашиг сонирхолд нийцсэн, ийм ийм асуудлаар ингэж харьцана. Үүнээсээ гажихгүй гэсэн үг. Олон улсын харилцааны нөхцөл байдал ямарваа нэгэн байдлаар өөрчлөгдөж эргэлээ гэхэд ОХУ-ыг дагана гэсэн үг. Харин сайн талаасаа, урд хөрш ямар байхаас үл хамааран “тодорхой хэмжээгээр холбоотон” болохыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, аливаа асуудал гарахад ОХУ-д найдна гэсэн үг. Хуучин социализмын үед ч анх тусгаар тогтох гэж байхдаа ч ингэж л явж ирсэн.

-Худалдааны татварын асуудлыг яагаад хөндсөнгүй вэ. Эдийн засгийн “дайнтай” байгаа Хятад-АНУ-ын худалдааны татвар 25 хувиас хэтэрдэггүй. Гэтэл Монгол-ОХУ-ын худалдааны татвар 30-60 хувьтай байна шүү дээ?

-Энэ асуудлаарх ОХУ-ын байр суурь хэвээрээ байгаа. Учир нь манайх Евроазийн эдийн засгийн холбоонд орох магадлалтай байна.

-Худалдааны татвараа буулгаач гэхээр Евроазийн эдийн засгийн холбоонд ор гэдэг. Манай улс эвсэлд үл нэгдэх гэсэн байр суурьтай шүү дээ?

-Энэ бол эвсэл биш. ОХУ өөрийн зай, интеграциа тэлж байна. Эдийн засгийн интеграци гэдэг нь тэгш эрхтэй улс орнууд нэгдэх гэсэн үг. Тухайлбал, Европын холбоо ч юм уу АСЕМ улс орнуудыг тэгш оролцоотой байя гэдэг. Харамсалтай нь манайд өөрийн гэсэн орон зай /интеграци/-тай байх үндэсгүй. Зүүн хойд Азид ийм ийм зүйл хийе гэхээр мөн л боломжгүй байдаг. Өөр өөрсдийн түүх өөрсдийн ашиг сонирхол, эдийн засагтай учраас нэгдсэн бүс болдоггүй. Үүнээс шалтгаалж мөн манай улсын газар зүйн байршлаас хамаарч БНХАУ өөрийн гэсэн интеграци буюу “Бүс ба зам” бодлогыг хэрэгжүүлж байна. Харин ОХУ “Евроазийн эдийн засгийн холбоо” гэдгээр өөрийн интеграциа тэлж байна. Эдийн засгийн холбоонд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд орж байна.

-Саяны айлчлалаар худалдааны татварыг буулгах талаар хөндөх боломжгүй байсан юм уу?

-Найрсаг харилцаа иж бүрэн стратегийн гэрээг баталгаажуулах нь чухал гэж үзсэн байх. Евроазийн эдийн засгийн холбоонд нэгдэх эсэх нь судалгаа, яриа хэлэлцээрийн шатандаа явж байгаа байх. Бид энэ холбоонд орсноор сөрөг зүйл байхгүй гэж харж байна.

-Таны хувьд Евроазийн холбоонд ороход гэмгүй гэж үзэж байгаа юм уу?

-Орно гэхээр нэг асуудал байна. Шуудхан хэлэхэд Евразийн эдийн засгийн холбоонд нэгдээч гээд ОХУ-ын талаас тавьж байгаа санал нь БНХАУ-ын “Бүс ба зам”-ыг сөрөн зогсох бодлого. Зарим хүмүүс “Бүс ба зам” бодлогыг зүгээр дэд бүтэц тавьж байна гэж ойлгоод байна. Угтаа энэ бодлого нь Хятадын экспортод гаргах бүтээгдэхүүнийг хялбаршуулах, нөгөө улс нь худалдаж авах боломжтой байх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх буюу дэд бүтцийг тавих юм. Дэд бүтэцтэй болчихоор барааны үнэ тодорхой хэмжээгээр багасна. Учир нь бэлэн дэд бүтэц, тэр дундаа төмөр замаар явж байгаа гэдэг утгаараа барааны үнэ багасна. Машинаар явбал тээврийн өртөг нэмэгдэнэ шүү дээ. Тиймээс хятадуудын хувьд тээврийн өртгийг боломжийн хэмжээнд хүргэж өрсөлдөх чадварыг нь нэмж байгаа юм. Хятадууд “Бүс ба зам”-ын асуудлыг ярихдаа өөрийн бүтээгдэхүүнийг худалдан авах боломжгүй улсуудыг чадамжтай болгох нөхцөлийг бүрдүүлж байна. “Бүс ба зам” бодлого нь БНХАУ-ын эдийн засгийн орон зай буюу нэг улсын интеграци юм. Үүний эсрэг ОХУ өөрийн хувилбараа дэвшүүлж байгаа нь Евроазийн эдийн засгийн холбоо.

-Айлчлалаар хийн хоолойн асуудлыг ярилцсан…?

-Өмнө нь Монголын нутгаар хийн хоолой тавина гэж яригдаагүй байсан. Тавих боломжтой гэж байснаа хэсэг таг болсон. Учир нь, авдаг тал нь буюу БНХАУ зөвшөөрөх ёстой. “Сибирийн хүч 1” гээд Алс Дорнодоор тойрч явсан. Одоо яагаад манайхаар дайруулж байна гэхээр ОХУ- БНХАУ хоёр тохиролцсон гэж харж байна. Монголын хүсэлтээр ОХУ хийдэг юм биш. Хийн хоолойг хятадууд бус ОХУ-ын талаас барина. Учир нь энд геополитик яригдаж байна. Бүр нарийн яривал геостратеги яригдаж байгаа юм. Хэрвээ БНХАУ-тай ямар нэг асуудал гарлаа гэхэд Оросын талаас Монголыг дэмжинэ. Яагаад гэхээр муугаар хэлэхэд Монголыг хяналтдаа байлгах, сайнаар хэлбэл манайхыг дэмжих бодлого л доо. Манай улсын хувьд “жийргэвч улс” хэвээрээ байгаа. Аль хаант засгийн үеэс барьж ирсэн бодлого нь одоо ч хэвээрээ байна. Тиймээс ОХУ-ын талаас манайхыг БНХАУ-д алдахаасаа илүү өөрийн талд барьж байх бодлого барьсан нь дээр шүү дээ. ОХУ-аас Монголыг барих үндсэн гурван зүйл байдаг. Энэ нь эрчим хүч, хийн хоолой, төмөр зам юм.

Р.ХИШИГЖАРГАЛ