Монгол эрдэмтэн, археологичид бие даан өөрийн хөрөнгөөр түүхийн хосгүй үнэт олдвор олсны нэг том тохиолдол нь Луут хотыг нээн илрүүлсэн явдал болж байгаа юм. Энэ нь цаашлаад Монголыг дэлхийд таниулах хосгүй үнэт зүйл аж.
Улаанбаатарын Их Сургуулийн археологийн тэнхимийн багш доктор, дэд профессор Т.Идэрхангайтай ярилцлаа.
-Археологичдын олон жил хайсан Хүннүгийн нийслэл Луут хотыг оллоо. Та Луут хотыг олсон тэр үйл явцынхаа талаар хуваалцахгүй юу. Таны хувьд энэ хэд дэх удаагийн олдвор вэ?
-Энэхүү судалгааны ажил маань миний хувьд удирдан зохион байгуулсан гурав дахь том судалгаа гэж хэлж болно. Хамгийн анхны томоохон судалгааны ажил маань 2014-2015 онд Эгийн голын усан цахилгаан станцын авран хамгаалах малтлага судалгааны ажилд Улаанбаатарын Их сургуулийн Археологийн тэнхимийн судалгааны багаа удирдан хоёр жилийн дотор 122 түүх соёлын дурсгалыг малтан судалсны дотор 1972 оноос хойш судалгаа нь тасраад байсан Монголын хамгийн эртний Шинэ чулуун зэвсгийн үеийн оршуулгуудыг Эгийн голын сав газраас анх удаа илрүүлэн малтан судалж байлаа. Тэр жил бүр 2015 онд анх удаа Монголын бүх археологичид жилд нэг удаа тухайн жилийнхээ археологийн малтлага судалгаагаа бие биедээ танилцуулах зорилгоор “МОНГОЛЫН АРХЕОЛОГИ-2015” гэсэн эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж шилдэг нэг судалгаагаа шалгаруулахад бидний судалгаа Шилдгийн шилдэг нэг судалгаагаар шалгарч байсан юм. Тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл Монголын археологичид “МОНГОЛЫН АРХЕОЛОГИ” гэдэг уламжлалт эрдэм шинжилгээний хурлыг зохиодог болсон. Түүний дараа “МОНГОЛЫН АРХЕОЛОГИ-2019” эрдэм шинжилгээний бага хуралд нийт 71 илтгэл хэлэлцэгдэж бидний “Их нөөлөгтийн судалгаа” мөн шилдэг таван судалгааны нэгээр шалгарсан. Их нөөлөгтийн археологийн малтлага судалгаа маань хүннүчүүдийн өвөг дээдэс Хүрэл зэвсгийн үеийн Дөрвөлжин булшны соёлынхон мөн болохыг баталсан малтлага судалгаа байсан. Учир нь бидний малтан судалсан булшнууд гадаад зохион байгуулалт буюу харагдах байдлаараа Дөрвөлжин булштай ижил бол хүний оршуулгын хэсгүүд яг хүннү булштай адилхан байсан нь тэрхүү ээдрээтэй түүхийн асуудлыг шийдвэрлэсэн судалгааны ажил гэдгээрээ шилдгээр шалгарсан хэрэг л дээ. Харин энэ жилийн судалгааны ажил маань дэлхийн хэмжээний том нээлт болж байна.
-Луут хотын тухай сонирхуулаач?
-Архангай аймгийн Өлзийт сумын нутагт Орхон голын хойд биед, Харганатын хөндий гэх газар хуучин тариан талбайн дунд эртний нэгэн хотын туурь байсныг 2017 онд анх нээн илрүүлсэн. Ингээд 2018, 2019, 2020 онд тус газарт археологийн тандалт судалгааг явуулсан. Энэхүү хотын туурь нь 550х550 метр хэмжээтэй давхар хэрэмтэй, хэрэмний төв хэсэгт 250х210 метр хэмжээтэй саравчит хашаатай, саравчит хашааны төв хэсэгт хоёр том ордны суурь, мөн урд талын саравчит хашааны баруун урд хэсэгт нэг том ордны суурьтай. Түүнчлэн саравчит хашааны хойд, зүүн урд болон баруун талд илэрхий мэдэгдэх хаалгатай бөгөөд хаалга тус бүрээс төв хэсэгт орших хоёр ордон руу холбосон замтай. Мөн тус ордны баруун урд хэсэгт, түүний 4/1-т хүний гараар бүтээсэн усан сантай байгаа нь зориуд төлөвлөж байгуулсан тансаг ордон байсныг гэрчилж байгаа юм.
-Түүхийн олдвор олсон нь Монголын түүхийг 1500 жилээр урагшлуулж байна гэж үзэж байгаа шүү дээ. Түүхэнд дуурсагдах чухал үндэслэлийг тайлбарлахгүй юу?
-Бид 2229 жилийн өмнөх хааны ордныг олсон. Хүннүгийн үеэс урагш 1500 жилээр урагшлуулчихлаа гэдэг нь буган хөшөөний соёлыг хэлсэн байх. Нарийвчилсан судалгааны үндсэн дээр энэ тооцоог гаргах байх. Буган хөшөө, хиргисүүрийн Европоос нүүж ирсэн ч гэдэг юм уу хийсвэр ойлголтууд байдаг. Манай одоо хийж буй судалгаа шат дараатай эрчимтэй ахиж байгаа. Тиймээс бид 1500-наас илүү урагшлах боломжтой. Шинэ чулуун зэвсгийн үеийн булшнаас монгол төрхтэй хүмүүсийн булш гарч ирдэг. Түүнийг судлаад үзэхээр чулуун зэвсгийн үеэс энэ нутаг дэвсгэр дээр байсан гэх баримтууд ар араасаа гарч ирж байгаа.
-Монголыг дэлхийд таниулах хосгүй үнэт зүйл учраас гадаадын багтай хамтарч ажиллах уу. Ер нь энэхүү олдворт цаашид хэр их хугацааг зарцуулахаар байна?
-Энэхүү олдвор маань Монголын түүхэнд чухал ач холбогдолтой. Хүннүгийн хааны ордон гэдэг нь олон талаасаа батлагдаж байна. Тухайн газраас “Тэнгэрийн хүү Шаньюй” гэсэн бичиг бүхий барилгын нүүр ваар хэд хэд олдсон байгаа. “Тэнгэрийн хүү Шаньюй” гэдэг маань тухайн үеийн хааны цол хэргэм шүү дээ. Ордноос баруун хойш 50 км-т Хүннүгийн нэг хааны оршуулга байгаа. Түүнээс цааш 50 км-т хамгийн том хэмжээтэй дараагийн хааны булш олдсон. Тамирын голын сав газраар жирийн иргэдийн 400 гаруй булш байсан. Тэр хотоос улбаалаад жижиг хотуудыг олон жилийн судалгааны үндсэн дээр илрүүлсэн. Өмнө нь арваад жил тандалт судалгаа хийсэн. Энэ жилийн хувьд долдугаар сард малтлага судалгааны ажлаа хийсэн. Цаашид дор хаяж л арван жилийг зарцуулна. Түүндээ тулгуурлаад жижиг ажилбар их байгаа.
-Саяхан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй хүмүүс очиж олвортой танилцлаа. Засгийн газраас ямар арга хэмжээ авч ажиллахаар болсон бэ?
-Бид арван жилийн уялдаа холбоотой хайгуулын ажлыг хийхдээ төр засгаас ямар нэгэн санхүүжилт аваагүй. Энэ жил малтахдаа сургуулийн дэмжлэгээр маш цөөхөн мөнгө буюу бензин тос, хоолны мөнгө авсан. Тэнд ажилласан 20-иод хүн цалингүй ажилласан. Одоо л үүнийг хэрхэн дэлхийд таниулах гэдэг тал дээр төр засгаас дэмжлэг хэрэгтэй. Ерөнхий сайд бүх талаар анхаарна гэдгээ ч бидэнд хэлсэн. Тиймээс тэр төлбөр мөнгөний тал дээр санаа зовохгүй байгаа.
-Энэхүү том олдворыг анх яаж олж байв?
-2018 онд тухайн дурсгалаа их давчуу хугацаатай очиж үзчихээд, 2019 оны долдугаар сард наадмын дараа амралтын байдлаар гэр бүлийнхэнтэйгээ тухтай очиж үзэхдээ “Шаньюй” гэсэн бичигтэй нүүр ваарны хагархайг анх олсон юм. Тэр орчмоор ваарны хагархай маш их байсан. Урьд өмнө нь Шаньюй гэсэн бичигтэй олдвор Монгол нутгаас огт олдож байгаагүй. Харин бусад хотуудаас хээ хуартай зүйл олддог байсан. Ийм бичигтэй байна гэдэг нь Хүннүгийн хааны ордон гэдгийг зааж байсан хэрэг. Энэ оны тавдугаар сард Сэлэнгэ, Булган, Архангай аймгийн зарим бүс нутгаар бас л Хүннүгийн үеийн булш оршуулгын дурсгалын бүртгэлийг сайн дураараа бүртгээд тоолж яваад энэ хот дээрээ тааруулж ирсэн. Тэнд очиж дроноор 3D зураг үйлдсэн. Ингэх явцдаа “Тэнгэрийн хүү Шаньюй” гэсэн бичигтэй ваарны хагархайг түүврээр олоод энэ хот маань Хүннүгийн хааны ордон мөн болох итгэл үнэмшил төрж байсан. Илүү их тандалт судалгаа хийсний дараагаар “Тэнгэрийн хүү Шаньюй, тэнгэр шиг өнө мөнх, мянга түм насал” гэсэн ерөөлийн ханзыг бичсэн нь Монголын хамгийн анхны бичгийн дурсгал болно. Хэдий хятад ханзаар бичсэн ч Монголын хааны тухай өгүүлж байгаа юм. Бичгийн дурсгал гэдэг чинь хөдөлшгүй нотолгоо шүү дээ.
-Анх ямар хүн тус газарт түүхэн дурсгалт зүйл байгаа гэдгийг нээж байсан бэ?
-Монголын гэлтгүй дэлхийн археологичид Луут хотыг насаараа хайсан. Хамгийн анх ууган археологич “Хөдөөгийн” Д.Пэрлээ гуайгаас эхлээд монголчууд өөрсдөө хайсан. Хот суурин судалдаг, Хүннү судалдаг хүн болгон хайсан. Би өөрөө энэ нутгийн хүн учир энэхүү хотоо олоход ч их дөхөм болсон гэж боддог. Гэртээ очих, буцах тоолондоо зүгээр явдаггүй дандаа хайгуул хийж явдаг. Ирэх, очих болгондоо шинэ дурсгал олдог байлаа. Нэг уулын өврөөр гарахад нэг шинэ юм байж байдаг. Хажуугаар нь өчнөөн явдаг мөртлөө анзаараагүй ч байсан зүйлс бий. Ингэж олон жил явсны шимээр энэ дурсгалыг олсон доо. Хуучин Хүннүгийн хотыг Архангай аймгийн Тамирын голын ард байна гэж үзэж байсан. Түүхч Ц.Хандсүрэн гуай Орхоны хөндий Тамирын голын умартад бий гэж үзсэн. Мөн 1980 онд Г.Сүхбаатар түүхч “Монголчууд эртний өвөг” гэдэг номондоо Хүннүгийн үеийн Луут хот Хархорум хотоос хойшоо Орхон голын сав газраар байна гэсэн ч хэн ч түүнийг олж илрүүлж чадаагүй. Түүнийг бид хувь тохиолоор илрүүлсэн гэх юм уу даа.
-Манай археологичид малтлага, судалгаа хийхэд багаж, тоног төхөөрөмжийн хувьд бэрхшээл бий юү?
-Археологи, хайгуулын судалгаа бол маш нарийн ажил. Археологичид мөнгө олоод л уул болгоны жалга, ам руу ороод явах боломжгүй. Бид эхлээд тандалт судалгаа хийдэг. Манай сургууль Хүннү судлал чиглэлээр маш хүчтэй судалгаа хийдэг. Манай тэнхим өөрөө археологийн хичээл заадаг найман багштай. Мөн доороосоо залгаад явж байгаа 6-7 магистр, дахиад 1-4 дүгээр дамжааны 30 гаруй оюутан байна. Археологийн малтлагын хувьд манай сургууль хангалттай том багтай. Хүрээлэнгийн ямар нэгэн сектор гэхэд дотроо 4-5 хүнтэй байдаг. Харин манай баг мэргэжлийн ангийн оюутнуудтай шүү дээ. Манай тэнхим 20 гаруй жил археологийн судалгаа явуулж байгаа, багаж хэрэгслийн хувьд хэнээс ч дутахгүй. Гол нь мөнгө, санхүүгийн асуудлыг шийдээд өгвөл илүү их судалгаа хийх чадамж бидэнд байгаа.