Categories
мэдээ цаг-үе

Улсын харцага Ц.Одбаяр: Намайг дэмждэг зон олныхоо итгэлийг алдсангүй. Баяртай байна

Зэвсэгт хүчний 350 дугаар анги, “Ажнай” корпорацийн бөх улсын харцага Цэдэнбазарын Одбаяртай ярилцлаа.


-Говь нутгийн зон олны магнайг тэнийлгэж Монгол Улсын харцага цол хүртсэн танд эхлээд баяр хүргэе. Улсын наадамд хэд дэх жилдээ барилдаж улсын харцага цол хүртэж байна вэ, та?

-Баярлалаа. Би анх 2010 онд улсын наадамд анх удаагаа барилдаж байлаа. Дараа жил нь буюу 2011 онд улсын харцага Л.Пүрэвжаваар тав давж улсын начин цол хүртэж байсан юм. Тэр цагаас хойш есөн жилийн дараа цолоо ахиуллаа. Их баяртай байна.

-Өнгөрсөн жилийн тухайд таны бэлтгэл сургуулилт хэр байсан бэ. Ер нь наадмын өмнө цолоо ахиулна чинээ санаж байв уу?

-Би 2019 оны наадмын дараа шууд л бэлтгэлдээ орсон. Ирэх жилийн наадамдаа бэлдэж эхэлсэн гэсэн үг. Үр дүнд нь заал танхимын барилдаануудад тогтмол шөвгийн даваанд гарч амжилттай барилдсан. Өнгөрсөн өвөл Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр бөхчүүдийн барилдаанд сайн барилдаж үзүүрлэсэн. Ингээд л бэлтгэлийн формоо унагалгүй явж байгаад л наадамдаа зодоглосон доо. Наадмын өмнө “Багагүй хугацаанд барилдлаа. Энэ жил цолоо ахиулж нутгийн олноо баярлуулах юм сан” гэх хүсэл юу юунаас илүү төрж байсан. Бодол биеллээ олдог гэдэг шиг сайн барилдаж улсын харцага цол хүртлээ. Энэ жилийн наадмын тухайд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад хөдөө хээр талд үзэгчгүй зохион байгуулагдлаа. Зөвхөн барилдаанаа бодож чармайдаг бөхчүүдэд таатай наадам боллоо гэж харж байна.

-Та өнгөрсөн хавар зохион байгуулагдсан харцага начин цолтнуудын барилдаанд оролцсон. Энэ барилдаан баяр наадмын бэлтгэл сургуулилтад хэрхэн нөлөөлсөн бэ?

-Өнгөрсөн өвөл нэгдүгээр сараас хойш заалны барилдаан зохион байгуулагдаагүй. Ийм үед бэлтгэл сургуулилтаа шалгахад өндөр ач холбогдолтой барилдаан болсон. Нэг хүн л таван удаа барилдсан. Өндөр ч ачаалал авсан. Би харцага начингуудын халз барилдаанд оролцоод л дотор онгойчихсон. Магадгүй наадмаар сайн барилдахад нөлөөлсөн гэж хувьдаа үзэж байгаа. Бэлтгэл сургуулилт сайн байсан учраас сэтгэл зүй тогтвортой, тайван байж, өөрийнхөө барилдааныг үзүүлж байсан.

-Таны өнгөрсөн наадмаар хийсэн барилдаануудын талаар ярилцъя. Хоёрын даваанд л гэхэд чанга учраатай оноолт таарсан барилдаж байна лээ?

-Хоёрын даваанд Завхан аймгийн заан Э.Баасандорж гэж аймгийн заантай оноолт таарсан. Олон жил тогтвортой с айн барилдаж байгаа бөх шүү дээ. Өөрийнхөөрөө барилдаж даваа авсан. Гурвын даваанд Говь-Алтайн Ц.Эрхэмбаяр гэж уран барилддаг аймгийн арсланг амлаж барилдаад давсан. Барилдаан таарах болов уу гэж тооцоолоод амласан юм. Оноолтын даваанд Өвөрхангай аймгийн арслан Ядмаатай таарч барилдсан. Манай хүн нэрээ солиулаад Довчинсэмбэ гэж нэртэй болсон байна лээ. Бэлтгэл нь сайхан таарсан, их бяртай байсан шүү.

-Тавын даваанд улсын аварга Ч.Санжаадамба таныг амласан. Энэ цагт ид сайн барилдаж буй аваргатай хэрхэн барилдахаар төлөвлөж гарав?

-Санжаадамба аварга энэ жилийн наадмаар бэртэлтэй байсан. Бэлтгэл нь жигдрээгүй байх шиг санагдсан. Аваргын бэртэл удахгүй илаарших биз. Ирэх жил Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор бэлтгэлээ чамбайруулж сайн барилдана гэж хэлэхийг нь өөрийнх нь амнаас сонссон. Их ойд аварга сайн барилдах байх. Бид нэг корпорацийн нэр дээр барилддаг юм.

-Улсын харцага цолны даваанд Завханы Т.Дүгэрдоржийг амлаж хүч үзсэн. Залуу начингаас ямар хий харж амласан бэ?

-Санжиг, суга хонхорцогны барьцанд хүрэхэд хаяж болно гэж тооцоолсон. Хүн л дархалсан мэхтэй байдаг шүү дээ. Миний ч хувьд ялгаагүй сэнжигний барьцанд хүрч өөрийн давуу талыг авч барилддаг. Дүгэрдоржтой тооцоолсны дагуу барилдаад давсан. Багш нар нь ч сэнжигний барьц өгч болохгүй гэж захисан юм шиг байна лээ. Барьц өгөхгүй нягт байна лээ. Түүний хувьд хийгүй, нягт барилддаг мундаг бөх.

-Харцага болоод туг тойрох үеийн мэдрэмж сайхан биз. Тухайн үед танд юу бодогдож байв?

-Үнэхээр сайхан. Тухайн үед ээж маань, хадам ээж маань хотод ирчихсэн миний барилдааныг зурагтаар үзэж байсан юм. Ээжийгээ л бага ч болов баярлууллаа гэж бодож байлаа. Мөн намайг дэмждэг Өмнөговийн зон олноо баярлуулсандаа сэтгэл тэнэгэр сайхан байсан шүү. Дараагийн даваа байсан учраас тэгж их сэтгэл хөдлөл гаргаагүй. Дотроо өөрийгөө бариад л туг тойрсон.

-Энэ жилийн наадмын гол дуулиантай барилдааныг Өмнөговийн бөхчүүд үзүүллээ. Чансаа тэргүүлж байсан улсын харцага О.Хангай, улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр нар говийг хүчтэнүүдэд тахим буулгаж байна лээ. Танай дэвжээнийхэн бэлтгэл сургуулилтаа хаана базаасан бэ?

-Хамт бэлтгэл хийсэн бөхчүүд маань сайн барилдсан шүү. Амтай бүхэн л цолоо ахиулж, түрүүлж үзүүрлэнэ гэж таамаглаж байсан улсын харцага О.Хангайг манай дэвжээний аймгийн арслан Э.Нямаа давж том шуугиан тарьсан. Нямаагийн бэлтгэл ч энэ жил их сайн байсан. Мөн барилдсан барилдаан бүртээ л түрүүлж үзүүрлэж байсан улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэрийг улсын начин Ш.Дарханбат маань өвдөг шороодуулсан. Дарханбат их сайн бэлтгэлтэй байсан юм. Дөрвийн даваанд Б.Суманчулууныг хаячихлаа гээд босоод иртэл барьцандаа татагдаад дор нь орчихсон. Дарханбатын тухайд их харамсалтай барилдаан болсон. Ирэх жил сайн барилдах байх. Өмнөговь аймгийн бөхчүүд нэгдсэн зохион байгуулалтад орж бэлтгэл сургуулилтаа базаадаг. Хоорондоо муудалцаад тарж бутраад явчихдаггүй, хамтдаа бэлтгэлээ базаадаг даа.

-Заан цолны даваанд улсын аварга Н.Батсуурь таныг амласан. Аваргыг аргалж болсонгүй юу?

-Аваргатай сайхан барилдаж үнэн хүчийг үзээд өвдөг шороодсон. Өмнө нь ч олон удаа таарч барилдаж байсан. Бид нэг оны онжав бөхчүүд. Аваргын бэлтгэл сургуулилт сайн байна лээ. Хий зай огт гаргахгүй барилдаж байна лээ.

-Энэ том цолны ард таны олон жилийн хөдөлмөр яригдах байх. Та хэзээнээс бөхийн спортоор хичээллэж эхэлсэн юм бэ?

-Тийм шүү. Тууштай олон жилийн хөдөлмөрийн үнэ цэнээр энэ том цолд хүрлээ. Би 2005 оноос хойш л үндэсний бөхийн бэлтгэл хийж эхэлсэн. Улсын цол авсныхаа дараа хүнд бэртэл авч хэсэг хугацаанд бөхөөсөө ч хөндийрсөн тал байгаа. Улсын наадам, цагаан сарын барилдаандаа хүртэл зодоглож чадахгүй өнжиж байлаа. Барилдахаа больё гэх бодол ч надад төрж л байсан. Тэр хэцүү цагт дэм болж байсан Зэвсэгт хүчний 350 дугаар анигйн хамт олон, “Ажнай” корпарацийн хамт олонд одоо ч талархдаг юм. Хүнд бэртэлтэй бэлтгэлд хийж чадахгүй, ажил хийхэд ч хүнд байсан тэр цагт намайг дэмжиж, цалинжуулж байсан хүмүүсийн дэмжлэгээр л энэ том цолд хүрлээ. Тэр олон хүмүүсийн итгэлийг нь алдалгүй цолоо ахиулсандаа сэтгэл тэнэгэр сайхан байна.

-Та бөхийн удамтай юу?

-“Морьт” Пүрэв гэж хүн миний ээжийн дүү нь шүү дээ. 1974 оны улсын наадмаар зургаа давж байсан. Сүүлд Ерөнхийлөгчийн зарлигаар улсын харцага цол хүртсэн.

-Та гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Эхнэр, гурван хүүгийн хамт амьдардаг. Бид чинь бэлтгэл сургуулилт гээд гэртээ тогтдоггүй хүмүүс. Ар гэрийн ажлыг эхнэр минь л нугалдаг юм. Энэ зэрэгтэй явахад минь түшиг тулгуур болж яваа хүн дээ, миний эхнэр.

-Хөвгүүд тань барилдаж байна уу?

-Бөх болгочих юмсан гэж дотроо боддог юм. Хоёр том хүү маань жүдо бөхийн бэлтгэл хийдэг.

Categories
мэдээ цаг-үе

ШШГЕГ-ын анхны генерал Ж.Содномынх

Энэ удаагийн “Танайд өнжье” булангаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын анхны генерал Ж.Содномынхоос бэлтгэлээ.

Өдгөө нас сүүдэр 87 хүрч байгаа ч ухаан санаа саруул, нуруу тэнэгэр, насандаа баймгүй цовоо харагдах энэ хүн бол тэртээ 1953 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын босгыг хянагчийн албаар давж, дарга болтлоо дэвшиж, ШШГЕГ-ын анхны генерал цолыг энгэртээ гялалзуулсан эрхэм юм.

Тэрээр ШШГЕГ-ын дарга, Цагдаагийн ерөнхий газрын нэгдүгээр орлогч даргын албыг хавсарч хашиж байгаад 1989 оны тавдугаар сард тэтгэвэртээ суужээ. Биднийг очиход Ж.Содном гуай гэргийтэйгээ сонинынхон ирэв үү хэмээн угтаж, ширээний ард урилаа.

Тэрбээр “Өдрийн сонины өнөөдрийн дугаарыг уншиж сууна. Би сүүлийн хэдэн жил ганцхан танай сониныг л захиалж уншиж байна. Нэг бүрчлэн уншдаг юм” хэмээн инээмсэглэлээ.

Ж.Содном гуай эхнэртэйгээ нэг гэрт орсноос хойш өдгөө 66 дахь жилтэйгээ золгож байгаа аж. Түүний гэргийг Э.Ичинхорлоо гэдэг. Гэр бүлийн хоёр хар багаасаа айл саахалт явж, хамтдаа хонь хариулж явснаар ижил дасал болжээ. Э.Ичинхорлоо гуай залуу насаа дурсахдаа “Бид хоёр бие биенээ хар багаасаа мэднэ. Өвгөнийг хойшоо Москвад сурах гээд явсан хойгуур их санадаг байлаа. Ижий минь уйлаад л хүү минь аавынхаа зургийг харж өмөлзөөд л би гэдэг хүн өдөр хоногийг тоолж хүлээдэг байлаа” хэмээв.

Хошууч генерал Ж.Содномын 50 насны ойгоор Ю.Цэдэнбал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гардуулж байгаа нь. 1983 он

Тэрбээр оёж шидэх үйлд уран бөгөөд амьдралынхаа туршид оёдолчноор ажилласан дөрөвдүгээр зэрэгтэй оёдолчин хүн. Ж.Содном гуай эхнэрээ “Үйлэнд уран бүсгүй байлаа шүү дээ. Аливааг нямбай, уран сайхан оёчихдог үйлчин явлаа” хэмээн бахархалтайгаар хөөрч суулаа. Хорвоог хамтдаа туулж буй тэдэнд нандин зүйл бишгүй олон. Түүний нэг нь гэрлэснээсээ хойш өнөөг хүртэл нандигнан хадгалж буй оёдлын машин юм. Э.Ичинхорлоо гуай “Хань минь надад энэ оёдлын машиныг гэрлээд удаагүй байхдаа тэмээн дээр үүрч дүүрч авч ирэн бэлэглэж байлаа” хэмээв.

Бидний яриа хөөрөө түүний бага нас ШШГЕГ-тай хэрхэн холбогдсон талаар өрнөсөн юм.

Тэртээ 1981 онд Ж.Содном ШШГЕГ-ын анхны генерал цолыг хүртэж, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал даргаар энгэрээ “цоолуулж” байсан нь түүний амьдралын нандин дурсамжуудын нэг аж. Гэрийнх нь хойморт түүний энгэрээрээ дүүрэн медальтай зургийг залсан байх агаад одоо тэдгээр тэмдэг, шагнал нь өөрт нь байдаггүй талаараа ч дурсаж байлаа. Тэрбээр төрсөн нутгийнхаа музейд гавьяа шагналын одон медалиудаа бүгдийг нь дурсгал болгон өгчээ. Учир нь гэрийн мухарт хадгалагдаж байснаас төрийн музейн үзмэр байсан нь дээр гэж бодсон аж.

Гэрийн эзэн 1950 онд 17 настай Дэлгэрцогт сумын бүрэн дунд сургуулийн долдугаар ангийг төгсчээ. Төгсөөд Улаанбаатар хотод Анагаах ухааны дунд сургуульд хуваарилагдаж очоод хэдхэн хоног суугаад нутгаа санаад байсан учир жинчдийн ачаатай тэмээтэй хамт гэртээ ирж малчин болжээ. Тэрээр энэ талаараа “Би чинь Дундговь аймгийн хоёрдугаар багийн иргэн, малчин хүн шүү дээ. Ажил амьдралын гараа маань малчны үйлсээр эхэлж, насны босгонд малаа малласаар хот руу орж ирсэн” хэмээв. Ж.Содном гуай үргэлжлүүлэн “Ижий, аав хоёр маань цэргийн алба хаагаад ир, бид хоёр хүлээхийг бодъё гэж хэлсэн юм. Ингээд би гэдэг хүн 1953 онд 20 насандаа цэргийн алба хашихаар аймгийн төв рүү явж байлаа. Цэргийн крантинаас 10-аад цэргийг авч үлдэн нэг, нэгээр дуудан уулзсан юм. Тэр үед хэлтсийн дарга хошууч н.Цэрэн-Очир гэж хүн цэргийн крантинд сууж байлаа. Яваад ортол элдэв бусын түүх, гарал үүсэл, улс төр, сонин хэвлэл, орон нутгийн амьдрал, гэр бүл гээд л бүгдийг л асуусан. Би ч “Цэрэгт яваагүй, 20 ч хүрээгүй байна. Гэрлэх болоогүй” гээд л их том дуугарч байлаа. Тэгсэн:

-“Чи энд цэргийн алба хаах уу, зөвшөөрөх үү” гэж асуудаг юм байна.

-“Зөвшөөрөлгүй яахав. Аав, ижий хоёр минь өндөр настай, ямар сайн юм бэ. Надаар юу хийлгэх юм” гээд л асуулаа.

Урдаас “Пийшин галлуулна гэж байна”.

-Би хээр гадаа хонож, аян жинд явж их юм үзсэн хүн. Дотор байгаа пийшинг ч өлхөн галлачихна гэлээ.

-“Чи хөлдөөчихгүй биз” гэж байна.

-Дотор байгаа пийшинг хөлдөөхөөс цаадахыг би хийж явсан гээд хэлээд тавьчихлаа.

Ж.Содном, гэргий Э.Ичинхорлоогийн хамт

Яг цэрэг ачих үед нэр дуудаад “Хэлтэстээ оч” гээд үлдээчихдэг юм байна. Ингээд л пийшин галлахаар үлдлээ гэж бодтол хорих ангид хянагчаар томиллоо. Ийнхүү Дотоод яамны хаалгыг анх удаа шүүхийн шийдвэрээр хянагчийн ажлыг гардаж авч байлаа. Хянагчаар таван сар гаруйхан хугацаанд ажиллаад хэлтсийн нарийн бичгийн бичээчээр томилогдож, тэр жилдээ хэсгийн төлөөлөгч болтлоо дэвшсэн юм. Ингээд 21-хэн настай малчин, юу ч мэдэхгүй хүү хэсгийн төлөөлөгч болж байлаа. Энэ бүхэн миний амьдралыг ШШГЕГ-тай салшгүй холбож өгсөн дөө” хэмээн хуучиллаа.

Тэрээр “Намайг Дундговь аймгийн хорих ангид хянагчаар очиход голдуу ахмад настай хүмүүс хоригдож байсан. Тухайн үеийн нийгэм их хүнд байлаа. Ард түмэн ноогдол үүргэндээ дарагдчихсан, үүрэгт албаа дийлэхгүй, төлөвлөгөөгөө биелүүлж чадахгүйн улмаас шоронд орчихсон. “Яаж байгаад шоронд орчихов доо гэхээр, яахав дээ хүү минь хэдэн мал толгой цустаад ийм боллоо” гэнэ. Тэр үед хөдөө аж ахуйд маш их дарамт өгч байсан даа. Энэ жил 100 хонь тоолуулсан бол ирэх жил 125 хонь тоолуул гэдэг. Үүгээр ч зогсохгүй арьс шир, хялгас, хөөвөр, мах, ноос гээд бүх зүйлийг хэмжээтэй ногдуулна. Тэр төлөвлөгөөнд нь хүрч чадахгүй бол шоронд явуулдаг. Хоригдсон хүмүүсийн ихэнх нь монгол гуталтай, хөлөө чирсэн өвөгчүүл байгааг хараад их л өрөвддөг байсан юм, хөөрхий” хэмээв. Тэрбээр тусгай хэлтэст бичээч нарийн бичгийн даргаар ажиллаад удаагүй байхдаа. Аюулаас хамгаалах яамны хэсгийн төлөөлөгчөөр сум руу томилогджээ. Аюулаас хамгаалахын хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёрын ажил тэр үед их өөр байсан талаар дурссан юм. Тухайн үед төлөөлөгч төр засгийн бодлого шийдвэр орон нутагт яаж хэрэгжиж байна. Ямар нөлөө гарч байна, хэн юу ярьж байна, хэн эсэргүүцэж байна, хэн төр засгийн бодлогыг дэмжиж байна гэсэн чиглэлээр ажилладаг байжээ.

Ж.Содном гуай ЗХУ-ын Москва хотын Дотоод яамны Шинжээчийн дунд сургуулийг шинжээчээр төгсөж, 1966 онд эх орондоо буцаж ирсэн аж.

Тэрээр “Тухайн үед шинжээч хийгээд төв газар сууна даа, одоо ч хэсгийн төлөөлөгч хийхгүй дээ гээд их л бардам ирсэн. Гэтэл “Хаа явуулахаа бид мэддэг юм аа” гээд яамнаас намайг Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргаар томилчихдог юм байна. Ингээд 1972 оныг дуустал зургаан жил Дорноговь аймгийн Цагдаагийн даргын албыг хашсан. Тэр үед би өөрийгөө сайн ажилласан гэж боддог. Тухайн үед Дорноговь аймаг хамгийн их анхаарал татсан аймаг байлаа. Учир нь төмөр замтай. Үүнээс болоод хулгай дээрэм их гарна. Өнөөдөр хулгайд алдагдсан зүйл маргааш нь зах дээр зарагдаж байдаг. Хүн ам ч олонтой байв. Тухайн үед Дорноговь аймагт гарч байсан бүхий л хэргийг илрүүлж байлаа. Тэр дундаа онц ноцтой хэргүүдийг ч илрүүлж явлаа. Улсынхаа цагдаагийн байгууллагын шилдгээр ч шалгарч байсан удаатай. Ингээд Дорноговиос 1973 оны нэгдүгээр сард Увс аймгийн Аюулаас хамгаалахын хэлтсийн даргаар томилогдон очиж байлаа. Увсад гурван жил ажиллаад 1976 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар томилогдож ирсэн. Одоогийн ШШГЕГ тухайн үед засан хүмүүжүүлэх байгууллага гэдэг нэртэй байсан. Засан хүмүүжүүлэх газар их том газар байлаа. Ер нь Засан хүмүүжүүлэх байгууллага улсад их зүйл хийсэн шүү. Үүнийг ил гаргаж хэлэхэд хэцүү байдаг байх. Улсын хамгийн анхны Засан хүмүүжүүлэх байрыг барьсан. Анхны барилга, анхны тариалан, анхны сангийн аж ахуйнууд, анхны гар үйлдвэрүүдийн эхлэлийг Засан хүмүүжүүлэх газар тавьсан. 1944 онд улсын хэмжээгээр маш хүнд зуд болсон. Тэр үед ЗХУ-д дайн гарчихсан Монголд туслах боломжгүй. Тэр үед Засан хүмүүжүүлэх газар тариа тарьж Хараагийн хөвөөнд модон тээрэмж хийж бор гурил үйлдвэрлэж ард түмэндээ 3-4 хилээр өгч байсан. Тэр оны Цагаан сараар ардууд бор гурилаар хэвийн боовоо хийж байсан. Хайрцаг ёотонгоос 30, 30 ширхэгээр нэг айлд тоолж өгч байсан. Хэдэн ёотонгоо бор гурил дээрээ тавиад Цагаан сараа тэмдэглэж байсан үе. Ингээд бодохоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар олон зүйлийг үндсийг тавьсан. Эх орны дайны үед Зөвлөлтөд манайх их бэлэг өгсөн шүү дээ. Тэгэхэд маш их цагаан нэхий дээл, хүрэм хийж өгсөн. Тэрний бүх арьсыг элдэж өгч байсан газар чинь Засан хүмүүжүүлэх газар. Нэг арьсыг 4-7 хоног элддэг. Гэтэл Засан хүмүүжүүлэх газрын нэг хүн хоногт 10 гаруй арьс элдэж өгч байсан. Тэр арьсаар нь улсын үйлдвэр зөвлөлтийн армид цагаан дээл, хүрэм хийж өгч байсан. Анхны замыг засангийнхан л барьж байлаа. Барилгыг ч мөн адил. Анх нэгдүгээр 10 жилийг анх удаа барьсан. Энэ бол Монголын анхны барилга. Тэр барилгын үүдэнд “Маршал Х.Чойбалсан, Д.Сүхбаатар, В.И.Ленин, В.Сталины толгойн баримлыг хийж тавьсан уран барималч дүү Чоймбал гэдэг хүн хоригдол лам байсан юм шүү. Чоймбол нэгдүгээр сургууль болон баримлуудыг хийж одон аваад шоронгоос гарч байлаа. Сүхбаатарын хөшөөний загварыг хийсэн хүн дээ” хэмээн залуу насаа дурсан санав.

Тэрээр Ю.Цэдэнбал даргаас хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гардан авч байсан талаараа ч дурсан ярьсан юм. Гэрийн эзэн ургийн бичиг хөтөлдөг юм байна. Үүнээс цаашаа хүүхдүүд хөтлөөд явна биз дээ ч гэж хэлээд авсан юм. Ирэх жил чинь ШШГЕГ, ЦЕГ-ын 100 жилийн ой тохионо доо. Хэр баргийн хүн 100 жилийн ойг үзэхгүй шүү дээ. Ээ дээ, энэ хоёр ойг их хүлээж байна даа хэмээн инээмсэглэв.

Ж.Содном Дорноговь аймагт. 1970 он

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабарын “Солонгосыг дайлсан нь​ ” нийтлэл хэвлэгдлээ​

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өнөөдрийн өдрийн сурвалжлагаараа “Нийтийн тээврийг үнэгүй
болгох нь дээр юм байна” хэмээв. I-XII нүүрнээс уншаарай.

УИХ-ын гишүүн Д. Өнөрболор “Манай улс дэлхийн 164
оронтой нэн тааламжтай
худалдаа хийх боломжтой ч
ашиглаж чадахгүй байна” хэмээлээ.

“Өдрийн сонин”-ы үзэл бодлын гурав дугаар нүүрт нэрт нийтлэл Баабарын “Солонгосыг дайлсан нь” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Техникийн ухааны доктор, профессор Л. Дамдинсүрэн “Өнөөдөр хаана,
хэдэн ч хүн хоолонд хордож
амиа алдахгүй гэх баталгаа алга” хэмээлээ.

Хууль зүйн сайд асан
Х.Тэмүүжин “Ардчилсан нам хогийн
сав биш гэдгийг санах хэрэгтэй” гэв.

Да.Ганболдын өмгөөлөгч Б.Баяраа “Үндсэн хууль
зөрчсөн хуулийн золиосонд хэчнээн хүн хилсээр
ял эдлэх нь Цэцэд падгүй бололтой” хэмээх ярилцлага баримт үйл явдлын VII нүүрт хэвлэгдлээ.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн
Стратеги төлөвлөлт,
хүний нөөцийн хөгжил
эрхэлсэн дэд захирал,
шинжээч О.Баатаржав “Хүчирхийлэгчид бага
насандаа туулсан хар бараан
амьдралынхаа хонзонг тайлах гэж үр
хүүхдээ тамлаж, бах таваа хангадаг” хэмээх ярилцлага хэвлэгдлээ.

Дэлгэрэнгүймэдээллүүдийгуншихыгхүсвэлдараахлинкээрбүртгүүлжуншинауу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.
Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Энэрлийн элч буюу дэлхийн эмч

(ИРГЭНИЙ БАХАРХАЛ-БОДРОЛ)

“Ард түмний эмнэлэг” хэмээн дээдлэгдэж түмэн олондоо өргөмжлөгдсөн Шастины нэрэмжит III эмнэлэг манай улсын эрүүл мэндийн их өргөөний нэг билээ. Энд Монгол улсын тэргүүлэх зэргийн эмч,анагаах ухааны докторант, клиникийн профессор Цогтын Лочин ажилладаг. Энэ эмчийн тухай өгүүлэхийг хүсэж байна.

Аугаа сэтгэгч Гиппократ “Эмч тэгээд гүн ухаантан бол бурхантай эгнэнэ” гэж хэлсэн байдаг. Үүний агуулга нь шинийг сэтгэгч ухаан, аугаа их хүн чанар, бас нинжин сэтгэл зэрэг хүний олон сайхан шинжийн илэрхийлэл юм.

Энэ бүх шинжүүд ШУГТЭ-ийн ерөнхий мэс заслын тасагт 12 дахь жилдээ ажиллаж байгаа Ц.Лочин эмчид бүрдсэн мэт санагдана.

Ц.Лочин шинжлэх ухааны үндэслэлтэй эмчилгээний шинэ аргуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийн зэрэгцээ мэс заслын багажуудыг шинэч­лэн, өөрчлөн сайжруулах зэргээр мэс заслын амаргүй,ээдрээ төвөг­тэй салбарт өөрийн хувь нэмрээ оруулж яваа чадварлаг мэс засалч. Тэрээр 2005 оноос эмчилгээнийх нь асуудал бүрэн шийдвэрлэгдээгүй байсан нойр булчирхайн үхжилт, үрэвслийн өвчнийг мэс заслын шинэ аргаар эмчлэх болсон нь үр дүнгээ өгч,уг өвчний нас баралтыг 90 хүртэл хувиар бууруулсан нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарт эмчилгээний чиглэлээр хийгдсэн дорвитой өөрчлөлт болж гүн хүндэтгэл хүлээжээ. Тухайн мэс засалд хэрэглэдэг 3 төрлийн багаж,8 төрлийн урсгуур гуурснуудыг шинээр зохион бүтээсэн нь эмчилгээний үр дүнг дээшлүүлэхэд бодитой шинэчлэлт болсныг мэргэжил нэгт нөхөд нь нотолж байна. Улсын хэмжээнд яаралтай мэс заслын хоёрдугаар байрт ордог цөсний замын эмгэгийн дурангийн болон нээлттэй мэс заслын багажуудыг шинээр зохион бүтээж нэвтрүүлсэн байна. Ийнхүү Ц.Лочинд эмчийн төдийгүй инженерийн сэт­гэл­гээ, арга зүйг бурхан бас хайрлажээ. Хэвлийн хөндийн мэс заслын улмаас үүссэн наал­дац, түгжрэлийн улмаас хагалгаанд орон дахин түгжирч ордог мэс заслын хүнд эмгэгийн эмчилгээний аргыг 2011 онд шинэчлэн,мэс заслын практикт нэвтрүүлсэн нь Монголын Анагаах Ухааны Үндэсний Хүрээ­лэн эмчилгээний шинэ арга гэж үнэлжээ. Үүнийг Ц.Лочингийн үйл ажиллагааны нээлт ч гэж хэлж болох юм. Хийт үхжлийг (хөлний, дээд мөчдийн, их биеийн, нүүрний хэлбэр) идэвхтэй соруулан эмчлэх аргыг анх удаа шинээр нэвтрүүлснээр хөлний хэлбэрийн хийт үхжлийн үед хөлийг нь тайрсан ч амь нас энддэг байсан эмгэгийг хөлийг тайрахгүйгээр,булчинг үхжүүлэхгүйгээр хамгаалан авч үлдэх цоо шинэ боломжийг бий болгосон нь түүний шинээр зо­хион бүтээсэн гуурсны зо­хиомж­той холбоотой болохыг эрдэмтэн судлаачид нотолжээ.

Дээр дурдсанчлан Ц.Лочин эмчийн нойр булчирхайн үхжилт, үрэвслийн мэс засал болон бусад мэс заслын эмчилгээнд шинээр нэвтрүүлсэн шинэ бү­тээл, арга технологинь Монгол Улсын болон дэлхийн эрүүл мэндийн салбарт үр дүн­гээ өгч, олон хүний алтан амь эрүүл мэндийг хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг хол­богдох байгууллагууд үнэлж Монгол Улсын шилдэг залуумэс заслын эмч батламж, Монгол улсын шилдэг зохион бүтээгч медаль, Тэргүүний залуу эмч медаль, 2018 онд Женевт байр­лах Дэлхийн Оюуны Өмчийн газрын алтан медалиар шагнаж урамшуулжээ.

Энэ бол магтаал ч биш, алдар ч бус гагцхүү үр дүн буюу энэ эрхмийн гайхамшиг гэлтэй.Үүнийг бид Монголын их бахархал, Монгол хүний оюуны өндөр чадамжийн баталгаа гэж омогшиж байна.

Эмч хүнд баярлалаа гэх нэг хэрэг , эмч хүнээр бахархъя гэвэл хүн төрөлхтний эрүүл мэндийн шинжлэх ухаантай аль хир мөр зэрэгцэн,хүн хэмээх аугаа бодгальд аз жаргал,амьдрал хайрласнаар нь дүгнэх учиртай. Иймдүгнэлтхүндэтгэлийн эз­дийн нэг бол Ц.Лочин эмч мөнөөсөө мөн. Өнөөдөр Монгол улсын анагаах ухааны хөгжил дэвшил орчин үеийн эмч на­рын дэлхийн жишигт хүрсэн их үнэмшил бид­ний дэргэд байгаагийн баталгаа энэ бус уу.

Энэ нь анагаах ухааны сал­барын үсрэнгүй хөгжил, тех­нологи IT программын эрин үетэй холбоотой эмчилгээний дэвшилтэт аргуудыг үйл ажил­лагаандаа тууштай нэвтрүүлж чадсаны үр дүн юм. Ц.Лочин эмчид салбарын тэргүүн хийгээд төрийн хэмээгдсэн өндөр цол хэргэмүүд аль нь ч байдаггүй бололтой.Түүндээ ч бүр аугаа мэт санагдана. Ингэж өгүүлэхийн учир хэмээвээс эмчийн тангараг өргөж,эрүүл мэндийн үйлсэд зүтгэж яваа мянга мянган алдарт эмч,эмнэлгийн ажилтнуудын маань дунд ийм л эрхэм хүмүүн эгэл мөрөөрөө зүтгэж явааг та бүхэндээ дуулгах гэсэн юм.

Од бүхэн гэгээтэй гэдэг шиг эмч бүхэн ачлалтай. Гэхдээ тэдний дунд “нэг л сайн эмч хэдэн зуун гарамгай дайчны үнэтэй” хэмээн аугаа Гомерийн хэлсэн суут үгний баатар Ц.Лочин бид­ний дунд Шастины нэрэмжит III эмнэлгийн мэс заслын та­сагт ард түмнийхээ төлөө тан­гарагт үйлсээн цогцлоож явна. Ц.Лочин эмчийн амжилт нь түүний эрдэм шинжилгээний ажлын удирдагч академич Н.Баасанжавын ажлын нөр их туршлага, бүтээлч чанартай салшгүй холбоотой юм.Япон, АНУ, ХБНГУ, БНСУ, БНХАУ, ОХУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад “эмч хүн онолын өндөр мэдлэгтэй ,мэргэжлийн ур чадвар сайтай,ажлын дадлага туршлага төгс,хүнлэг энэрэнгүй, харилцааны өндөр соёлтой, шударга, судлаачийн арга зүйг төгс эзэмшсэн эмчлэгч төдий бус профессор, нийгмийн томоохон зүтгэлтэн,соён гэгээрүүлэгч байх өндөр шаардлагуудыг тавьж ажилладаг байна. Монголын үйлчлүүлэгч олон нийт ч ийм л хүчирхэг эмч эмнэлгийн ажилтнуудыг хүсэн хүлээсээр байдаг билээ.

Өнөөдрөөрөө,хойч үеэрээ бахархана гэдэг ирээдүйг дэр­гэдээ авчирч харах лугаа гайхамшиг билээ. Ц.Лочин эмчийнхээ тухай ийнхүү өгүү­лэхийн сацуу шинэ залуу чад­варлаг эмч нарыг бэлтгэх тог­толцоог бий болгож,анагаахын сургалтыг дэлхийн төвшингийн хэмжээнд зохион байгуулах то­дор­хой арга хэмжээ авах цаг болсныг, бүр тодруулбал, анагаахын салбарт сургалт, сургалт бас дахин сургалт нэн шаардлагатай байгааг залуу сайдын сонорт хүргэе гэж бод­лоо. Эрхэм сайд энэ талаар тууштай өөрчлөлт хийнэ гэдэгт гүнээ найдаж байна.

Чингэлтэй дүүрэг6 хорооны иргэн, ахмад багшНоровнямын Мягмардорж утас:99579529

Categories
мэдээ нийгэм

Наймдугаар сарын 31-нээс хойш нийт иргэдийн 1,8 сая нь ноогдол ашгаа авсан

Наймдугаар сарын 31-нээс хойш нийт таван удаагийн гүйлгээгээр 1,818,161 иргэнд ЭТТ хувьцаат компанийн хувьцааны ногдол ашгийг тараагаад байгааг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс мэдээллээ.

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа “ЭТТ компанийн хувьцаа эзэмшигч 2,512,768 иргэн байгаа. Тэдгээрээс өнөөдрийн байдлаар 1,818,161 иргэн хувьцааны ногдол ашгаа аваад байна.

ЭТТ компани 179.8 тэрбум төгрөгийг Төрийн сан дахь манай төвлөрсөн хадгаламжийн төвийн данс руу шилжүүлснийг бид иргэдэд тараах ажлыг зохион байгуулж байгаа. Манай төв хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийн мөнгийг Монголбанкны багцын гүйлгээгээр шилжүүлдэг бөгөөд наймдугаар сарын 31, есдүгээр сарын 7, 9, 14, 21-нд нийт таван удаагийн гүйлгээ хийсэн. Өчигдөр гэхэд 292,024 иргэний хувьцааны ногдол ашгийг шилжүүллээ.

Одоогийн байдлаар ЭТТ компанийн нийт хувьцаа эзэмшигчдийн 72 хувь нь хувьцааны ногдол ашгаа аваад байгаа” гэдгийг хэллээ.

ЭТТ хувьцаат компанийн хувьцааны ногдол ашгийг иргэдэд өргөн хүрээнд, хүндрэл чирэгдэлгүй тараах ажлыг зохион байгуулах үүднээс коронавируст цар тахлын үед энэ удаад Ebarimt системээр дамжуулан иргэдийн ногдол ашгийг тарааж байгааг албаныхан хэлсэн.

Иргэд цаашдаа хувьцааны ногдол ашгаа авахын тулд үнэт цаасны компанид хандан хувьцааны данс нээлгэж, ямар банкаар дамжуулж ногдол ашгаа авахаа үнэт цаасны компанид мэдэгдэн, баталгаажуулах шаардлагатай юм.

Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1,072 хувьцаагаа өөрийн нэр дээр хувьцааны данс нээлгэн баталгаажуулснаар тус хувьцаа Хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж эхэлмэгц хувьцаагаа худалдах, бэлэглэх, зээлийн барьцаанд тавих, нэмж худалдан авах боломжууд бүрдэнэ.

Үнэт цаасны данс нээлгэх бол энд дарж брокерийн компаниудын хаяг, холбоо барих мэдээллийг авах боломжтой.

Т. Хулан

Categories
мэдээ нийгэм

​Энэ сарын 1-15 өдрүүдэд гарсан 998 зөрчлийг цахим цагдаа аппликейшнээр илрүүлжээ


Е-Police аппликэйшний тусламжтайгаар 998 зөрчлийг илрүүлжээ.

Тодруулбал, иргэд E-POLICE гар утасны аппликейшныг ашиглан есдүгээр сарын 1-15-ны хооронд 998 зөрчлийг илрүүлж, Замын хөдөлгөөний удирдлагын төвд илгээсэн байна.

Тэдгээр хариуцлага тооцож, хуулийн дагуу арга хэмжээ авсан талаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, зогс шугам давж зогсох, уулзвар гарц хаах, уулзварт давхар эргэх, эгнээ хааж зогсох, эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих гэх мэтээр замын хөдөлгөөний дүрмийг ихээр зөрчдөг. Үүний улмаас зохиомол түгжрэл үүсэж, хөдөлгөөний ачааллыг ихээр бий болгож буй.

Тиймээс замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн албатай хамтран “E-Police” аппликэйшнийг гарган ажиллаж байгаа юм.

Иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд дүрэм зөрчихгүй, бусдыг хүндэтгэж соёлтой оролцохыг зөвлөж байна.

Т. Хулан

Categories
мэдээ нийгэм

​Налайх дүүрэгт ачааны машинууд мөргөлджээ


Налайхын замд Mighty маркийн авто машин шатахуун тээвэрлэгч цистерн/Bongo/-тэй мөргөлдөж, унасан осол гарчээ.

Bongo маркийн машин хурд хэтрүүлж замын хөдөлгөөнд оролцсон нь осол гарах шалтгаан болсон. Ослын улмаас хүн гэмтэж бэртээгүй, амь нас хохироогүй болохыг БЗД-ийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, дэслэгч Э.Мөнх-Амгалан хэлсэн юм.

Осол гарах үед шатахуун тээвэрлэх зориулалт бүхий Bongo маркийн авто машин нь шатамхай шингэн тээвэрлээгүй, хоосон байсан байна.

Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо зам, орчны байдалд хурдаа зөв тохируулж, жолооч, зорчигч нар хамгаалах бүс хэрэглэж байхыг анхааруулж байна.

Т. Хулан

Categories
мэдээ нийгэм

​Голомт банк тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа


Сайн сайхныг санхүүжүүлэгч, боловсролыг дэмжигч Голомт банк оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө 16 дахь жилдээ зарлалаа.

Монгол Улсад анх удаа бизнесийн байгууллагуудаас нийгмийн хариуцлагын хүрээнд санаачилсан тус хөтөлбөр нь өдгөө 16 дахь жилийнхээ ойтой золгож буй бөгөөд энэ хугацаанд нийт 1300 оюутанд тэтгэлэг олгон сурах хүсэл эрмэлзэлд нь хөрөнгө оруулжээ. Голомт банкны оюутны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутан бүтэн жилийн турш тэтгэлэг авахаас гадна Голомт банкны судлаач оюутны багт ажиллах, цаашлаад сургуулиа төгсөөд тус банканд ажиллах боломжтой болдгоороо томоохон ач холбогдолтой юм.

Тэтгэлэгт хамрагдахын тулд Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн өдрийн ангийн 3 болон 4 дүгээр курсын суралцагч байх үндсэн шаардлагыг тавьж байгаа ба оюутнуудын материалыг Голомт банкны Төв оффист болон цахим хаягаар хүлээн авч байна.

Бүрдүүлэх материал:

  • Сургуулийн тодорхойлолт
  • Дүнгийн тодорхойлолт
  • 1 хувь цээж зураг
  • Албан шугамаар өөрийгөө сайн мэдэх 2 хүний тодорхойлолт
  • “Тогтвортой хөгжилд залуусын оролцоо” сэдвээр 200-аас доошгүй үгтэй эсээ бичих
  • Гаргасан амжилт болон олон нийтийн үйл ажиллагаанд оролцож байсныг гэрчлэх баримтуудын хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/

Өргөдөл хүлээн авах:

  • Цаасаар: Голомт банкны төв байрны 1 давхарт харилцагчийн зөвлөхөд хүлээлгэн өгнө.
  • Цахим хэлбэрээр: https://student.golomtbank.com/#/ холбоосоор орж анкет бөглөнө.

Шалгаруулалт хэрхэн явагдах:

1-р үе шат: Материал хүлээн авах

2-р үе шат: Бүлгийн сонгон шалгаруулалт

3-р үе шат: Ганцаарчилсан ярилцлага

4-р үе шат: Ёслолын арга хэмжээ

Материал хүлээн авах хугацаа: 2020.09.21-2020.10.02

Categories
мэдээ нийгэм

Налайхын замыг хаана


Налайхын автозамыг энэ сарын 23-ны өдрөөс ирэх сарын 8-ны хооронд хэсэгчилж хаана. Налайхын автозамыг хэсэгчилж хаах асуудлаар нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра мэдээлэл өглөө.

Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра: Налайхын 20,9 км замыг бүрэн хаахгүй. Зөвхөн Улиастайн уулзвараас 1,7 км зам хэсэгчилж хаана. Нөгөө хэсэг нь Оргилын уулзвараас цааш яваад Тэрэлж рүүгээ шороон замаар урагшаа эргээд тунелээр гараад Налайхын замтай нийлдэг хэсгийн шороон замыг хатуу хучилттай болгох ажлууд хийгдэнэ. Дэлхийн олон улсад гарсан цар тахалтай холбоотой автозамын гүйцэтгэгч БНХАУ-ын ажилчид Монгол Улсад орж ирээд карантилагдаад ажлын талбар дээр гарч эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор Налайхын 20,9 км автозамын өнгө хучилт, туузан хаалт, явган зам дугуйн зам зэрэг ажлууд хийгдэнэ. Мөн урагшаа хойшоо гарсан таван гүүрэн гарцын барилгын ажил хийгдэх ёстой. Ажлын явцад автозамыг бүрэн хаахгүйгээр хэсэгчилж хаахаар төлөвлөсөн.

Т. Хулан

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 39,786 газар хөдлөлт бүртгэгджээ

Есдүгээр сарын 22 буюу өнөөдөр 02:04:57 цагт ОХУ-ын Слюдянка тосгоноос баруун хойд зүгт 28 километрийн зайд 5,8 магнитудын, 02:19:52 цагт ОХУ-ын Слюдянка тосгоноос баруун хойд зүгт 27 километрийн зайд 5,1 магнитудын хоёр удаагийн газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Дархан, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байна.

Он гарсаар өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийтдээ 39,786 газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Түүний дотроос магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 36 удаа тохиосноос 19 газар хөдлөлт нь ард иргэдэд мэдрэгдэм хүчтэй хөдлөлтүүд болжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.