Categories
мэдээ цаг-үе

Б.Анхбаяр: Манай улс ШХАБ-т элсэх нь цаг хугацааны асуудал

-ӨМНӨД МОНГОЛД БОЛЖ БУЙ ҮЙЛ ЯВДАЛ ИЖИЛ НЭГ ҮНДЭСТНИЙ ХУВЬД ӨМӨӨРМӨӨР БАЙВЧ УЛС ХООРОНДЫН ХАРИЛЦААНЫ ТОГЛООМЫН ДҮРМИЙГ ДАГАХААС ӨӨР АРГАГҮЙ-

Хятад судлаач Б.Анхбаяртай ярилцлаа.


-БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчиллаа. Хятад судлаачийн хувьд айлчлалыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч хоёрдугаар сард БНХАУ-д айлчилсан. Түүний хариу айлчлал Монголд ирнэ гэдэг нь тодорхой байсан. Хоёр улсын харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлд хүрснээс хойш хоёр улсын өндөр дээд төрийн албан тушаалтнууд харилцан айлчлах нь явж ирсэн жишиг.

Олон улсын нөхцөл байдлаар харахаар Ван И-гийн айлчлал их онцлогтой. Хятадын хувьд олон улсын нөхцөл байдал түүнтэй уялдаж геополитик дэлхийн их гүрний өрсөлдөөн явуулж байгаа АНУ-тай харилцаа таарамжгүй байгаагаас шалтгаалан геополитикийн чиглэлтэйгээр айлчлал хийж байгаагийн нэг хэсэг нь. Ван И өмнө нь Хятадыг төлөөлж Европын орнуудаар айлчилсан.АСЕМ-ын уулзалт, Европын орнуудад интернэт хурлуудыг хийсэн байдаг. Энэ хүрээнд Европоор өнгөрсөн наймдугаар сард айлчиллаа. АСЕМ-ын орнуудтай есдүгээр сарын 9-нд интернэт хурал хийсэн. Есдүгээр сарын 10-нд ШХАБ-ын хуралд яваад Казахстан, Киргиз, Монгол гээд айлчиллаа. Ерөнхийдөө БНХАУ-ын хувьд их гүрнүүдтэй харилцах бодлого, хөрш орнуудын бодлого зэрэг явагдаж байгаа. Түүнийхээ хүрээнд манай улсад айлчилсан. Манай улсын гадаад харилцааны чухал нэг хэсэг нь БНХАУ-тай харилцах харилцаа.

Бидний хувьд БНХАУ-тай ойлголцож харилцах нь улс төр, эдийн засаг гадаад бодлогын чухал ач холбогдолтой. Ялангуяа “Ковид-19”-ийн хүнд нөхцөл байдлын үед манай улсын эдийн засагт чухал нөлөөтэй айлчлал байсан. Хоёр талаасаа харилцан бие биедээ шаардлагатай айлчлал гэж харж байгаа.

-Энэ удаагийн айлчлалаар хоёр тал бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж нөгөө талын хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмыг тууштай баримталж ажиллахаа нотолсон. Энэ тухайд?

-Хоёр улс бие биенийхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчим Монгол, Хятадын харилцаанд хэзээд л байсан зүйл. Ер нь Бусад улсын дотоод хэрэгт оролцохгүй гэдэг бол Хятадын гадаад бодлогын таван зарчмын нэг. БНХАУ аливаа нэг улстай дипломат харилцаа тогтоохдоо харилцан нэгнийхээ дотоод хэрэгт үл оролцоно гэж тохиролцдог. Яагаад гэхээр БНХАУ дотооддоо маш олон асуудалтай байдаг учраас бусад орнуудаар өөрийн бодлого байр суурийг хүлээн зөвшөөрүүлэх гэж тийм шаардлага тавьдаг. БНХАУ-ын дотоод асуудалд Тайвань, Хонконг, Шинжаан Уйгур, Хятадтай газар нутгийн маргаантай өмнөд Хятадын тэнгис, Японтой газар нутгийн маргаан зэргийг дурдаж болно. БНХАУ-ын дотоод асуудалд Өмнөд Монгол ч орж байгаа, тиймээс манай улсын хувьд Өмнөд Монголын асуудалд хөндлөнгөөс оролцох боломжгүй. БНХАУ бол манай улсын хамгийн том худалдааны түнш. Өмнөд хөрш дэлхийн ихэнх орнуудын эдийн засгийн гол судсыг атгаж байгаа өнөө үед асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй болж байна. Бид БНХАУ-ын олон улсад эзэлж байгаа байр суурь, эдийн засаг болон улс төрийн нөлөөллийг тооцохгүй өнгөрч болохгүй.

-Энэ айлчлал манай улсад ямар ашигтай байв?

-Төр засгийн хувьд мэдээж үр дүнтэй. Ван И-гийн айлчлалын өмнө нүүрсний гарц нэлээд нэмэгдсэн байсан, одоо ч бүр илүү нэмэгдэх боломж үүслээ. Хоёр талын худалдааг 10 тэрбум долларт хүргэх зорилт дэвшүүлсэн. Манай улсын экспортын 90 гаруй хувь нь Хятадаас хамааралтай. Цар тахлын үед энэ айлчлал манай улсад маш чухал байсан, өмнөд хөршийн 700 сая юанийн тусламж бол манай улсын эдийн засагт “амь тариа” болсон зүйл байлаа.

-АНУ, Хятадын харилцаа хурцадсан хэвээр байна. Энэ байдал манай улсад ямар нөлөөлөл үзүүлэх бол?

-АНУ, Хятадын хооронд их гүрний өрсөлдөөн болж байна. Барууны орнууд БНХАУ-ыг “Шинжаанд хүний эрх зөрчиж хорих лагер барьж хүмүүсийн тархийг угааж байна, Төвөдийг дарангуйлж байна, Өмнөд Монголын хэл соёлыг нь устгах гэж байна” гэх мэтээр шүүмжилж байгаа. Өмнөд хөршийн өнцгөөс тайлбарлавал эдгээр нь бүгд БНХАУ-ын дотоод хэрэг. Тиймээс АНУ, БНХАУ-ын харилцаа хүйтэрсэнтэй шууд холбоотойгоор БНХАУ-тай холбоотой асуудлууд хүчтэй яригдаж олон улсын ярианы гол сэдэв “халуун цэг” болж байна. Өмнөд Монголд болж байгаа үйл явдал ч мөн адил үүнтэй холбоотойгоор хүчтэй дэгдсэн. Энэ нь мэдээж манай улсын гадаад бодлогод сорилт учруулж байна. Цаашид хоёр их гүрний харилцаа хүйтэрсэнтэй холбоотойгоор манай улсад үзүүлэх улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын сорилт улам нэмэгдэнэ гэж үзэж байгаа.

-Өмнөд Монголд болж буй хэл соёлын төлөөх тэмцлийг хэрхэн дүгнэж байна вэ?

-БНХАУ бол олон улсын тоглоомын дүрмийг өөрчлөхүйц том манлайлагч улс болохын төлөө АНУ-тай өрсөлдөж байна. Манай улсын хувьд олон улсын харилцааны урсгалыг дагаж явдаг оролцогч улс, хүчин чадал байр суурийн эрс ялгаатай гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэдийгээр Өмнөд Монголд болж буй үйл явдал ижил нэг үндэстний хувьд өмөөрмөөр байвч улс хоорондын харилцааны тоглоомын дүрмийг дагахаас өөр аргагүй. Манай иргэдийн хувьд үүнийг том гүрний дээрэнгүй бодлого гэж харж болох ч энэ бүхэн БНХАУ-ын дотоод хэрэг. Хятадын Элчин сайд танай сонинд өгсөн ярилцлагадаа Өмнөд Монголын сургалтын шинэчлэл үе шаттайгаар хэрэгжиж ирсэн гэж хэлсэн байна лээ. БНХАУ 56 үндэстэнтэй. Үүний 55 нь бага үндэстэн, хятад хэлийг бусад бага үндэстэнд тулган сургах БНХАУ-ын энэхүү бодлого нь тус улсын дотоодод сорилт үүсгэх л байх, гэхдээ энэ бол түрүүн хэлсэнчлэн өмнөд хөршийн дотоод хэрэг. Манай улсын хувьд монгол хэлээ, монгол бичгээ хадгалан хамгаалах талаар өөрсдөө дотооддоо арга хэмжээ авах хэрэгтэй болов уу. Миний харж байгаагаар энэ удаагийн Ван И-гийн айлчлал болон Өмнөд Монголд үүссэн асуудлаас авууштай хоёр зүйл байна гэж харж байна. Нэгдүгээрт, ардчилсан улсын хувьд иргэд нь үзэл бодлоо илэрхийлж чөлөөтэй жагсаж байна.

Төрийн түвшинд БНХАУ-тай харилцах харилцааг бодолцож хатуу дуугарч болохгүй ч иргэд нь дуу хоолойгоо эрх чөлөөтэй илэрхийлж чадаж байна, энэ бол бидний давуу тал. Магадгүй Барууны орнууд манай улсыг БНХАУ-ын эсрэг илүү хүчтэй дуугараасай гэсэн хүлээлттэй байсан байх, гэхдээ бид сэтгэл хөөрлөөр биш илүү прагматик байх хэрэгтэй. Хоёрдугаарт, бид дотооддоо монгол бичгээ сайн сурах ёстой гэх сигналь дохиог өглөө. Монгол бичгийн голомт БНХАУ-ын бүрэлдхүүнд байдаг Өмнөд Монголд байна. Бид монгол үндэстний гал голомт тусгаар улсынхаа хувьд монгол бичгийг өөрийн улсдаа нутагшуулах хамгаалах бодлогыг хийх ёстойг мэдрүүлсэн үйл явдал боллоо гэж харж байна.

-БНХАУ ШХАБ-т манай улсыг элсүүлэх сонирхол их байдаг болов уу?

-Хятад манай улсыг ШХАБ-тай их ойрхон байлгах сонирхолтой байдаг. Өнгөрсөн 2019 онд БНХАУ, ОХУ, манай улсын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр Си Жиньпин гурван зүйл хэлсэн байдаг. Түүний нэг нь ШХАБ-д манай улсыг түлхүү оролцох хэрэгтэйг дипломат хэллэгээр хүссэн боловч үүнийг нөгөө талаар манай улсад өгсөн шахалт гэж харж болох юм. Хоёр хөрш хоёулаа манай улсыг ШХАБ-д элсүүлэхийг хүсдэг. 2014 оноос хойш болсон үйл явдлыг харахаар Украины хямрал болоод Орос Керемийг өөртөө нэгтгээд Хятад, Оросын харилцаа улам гүнзгийрсэн. Түүнээс хойш 2014 онд хоёр хөршийн төрийн тэргүүн 10 хоногийн зайтай манай улсад айлчилсан, удалгүй гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалт ШХАБ-ын хүрээнд болдог болсон. Ерөнхийдөө хоёр хөрш манай улсыг ШХАБ-ын эгнээнд нэгтэхийг хүсдэг нь олон удаагийн айлчлалуудаар харагдсан. Сүүлийн жилүүдэд хоёр хөршийн манай улстай холбоотой уулзалт ярилцлагууд дандаа ШХАБ-ын хүрээнд өрнөж байгаа нь анхаарал татаж байна.

Бид дотооддоо нэг их ярихгүй байгаа боловч манай гадаад айлчлалууд ШХАБ-д элсээч гэх шахалт гэхүү “хүсэлттэй” байнга тулгарч байгаа. 2018 онд Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-д элсэх талаар судалж үзье гэж хойшлуулсан. Гурван улсын төрийн тэргүүнүүд жил бүр уулзаад байхаар ШХАБ-т элсүүлэх шахалтын давтамж улам нэмэгдчихэж байгаа юм. Ирэх арваннэгдүгээр сард ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад Ерөнхийлөгч оролцох байх, энэ үеэр хоёр хөрш мөн л ШХАБ-д элсэх талаар хөндөх болов уу.

Шахалтууд байнга ирэхээр бид дандаа судалж үзье гэх хариултыг цаашид өгөх боломжтой юу гэдэг асуудал байна. Ер нь ШХАБ-д элсэх асуудал олон улсын нөхцөл байдалтай, их гүрнүүдийн харилцаатай салшгүй холбоотой. ОХУ, БНХАУ бол бидний мөнхийн хөрш. АНУ бол манай гуравдагч хөршийн хамгийн том төлөөлөл. Тэдний харилцаа таагүй байвал манай улсын гадаад бодлогод томоохон сорилтыг авчирна. Харамсалтай нь сүүлийн үеийн олон улсын одоогийн нөхцөл байдал, АНУ, БНХАУ-ын харилцаа, ОХУ АНУ-ын харилцааг харахад сайнгүй дүр зураг харагдаж байна. Ялангуяа АНУ, Хятадын харилцаа мэдэгдэхүйц муудаж байна. Урд өмнө нь хоёр их гүрний зөрчил худалдааны дайн гэх нэрийн дор харьцангуй далд явагдаж байсан бол 2020 онд “Ковид-19” гарснаас хойш талуудын зөрчил ил болж олон талаар өргөн фронтоор маргалдан тэмцэлдэж байна. Өнгөрсөн долдугаар сард АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хятадын ард түмнийг Хятадын комминуст намаас салган авч хүчтэй шүүмжилж, Хятадын комминуст намыг дарангуйлагч хэмээн нэрлэв. АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын БНХАУ-ын эрх барьж буй нам руу шууд чиглэсэн энэхүү мэдэгдлийг их гүрнүүдийн үзэл суртал тогтолцооны хуваагдлын эхлэл хэмээн зарим судлаачид тайлбарлаж байгаа. Хэрэв энэ нь бодит байдал болбол манай гуравдагч хөршийн бодлогод шууд нөлөөлөх бөгөөд БНХАУ, ОХУ биднийг ШХАБ-руу элсэхийг улам хүчтэй шахах болно.

-Манай улсын зүгээс ШХАБ-д элсэх асуудлыг судалъя гэх байр суурийг илэрхийлсээр ирсэн. Цаашид хэрхэх бол?

-Хоёр хөрш маань ямар тогтолцоотой улс билээ. Хоёр хөрш хамтраад манай улсыг хайрцаглаад ирэхээрээ ямар байдал үүсдэг гэдгийг түүхэн гашуун сургамж сануулдаг. Бид одоогоор ШХАБ-д элсэх шийдвэрийг гаргахад судлах шаардлагатай байна гээд ухраагаад байгаа. Бидний хувьд хэдий хэмжээнд ухрааж болохоор байна, тэр хүртэл ухраах байх.

Манай улсын хувьд ШХАБ-ыг илүү эдийн засгийн шинжтэй, манай гуравдагч хөрш оролцсон, цэргийн эвслийн шинжтэй биш байгаасай гэж хүсдэг. Бид ШХАБ-д элсэх нь цаг хугацааны асуудал байж магадгүй. Гэхдээ хэзээ элсэн орох вэ гэдэг нь бидний гадаад бодлогодоо гаргах ухаалаг шийдвэр байх ёстой.

Categories
мэдээ цаг-үе

Н.Түвшинбаяр: Допинг бидний толгой өвтгөсөн гол асуудал болж байна

Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяраас цаг үеийн сэдэвтэй цөөн асуултад хариулт авлаа.


-Монголын спортын салбарт тулгамдсан гол асуудал бол спорт холбоодын талцал, хуваагдал, хоорондын зөрчил, маргаантай байдал хэмээн салбарынхан тодорхойлж байна. Та нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Холбоодыг удирдаж,амжилт гаргаж байгаа нь илүү болов уу гэж бодож байна. Ямарваа нэг ажлыг хийхэд дотор нь сөрөг зүйлүүд гарч ирдэг. Хэл ам гарч эхэлдэг. Хувь хүмүүс хоорондоо ойлголцоогүй маргаан үүсдэг. Энэ асуудал дээр Биеийн тамир спортын улсын хороо болон МҮОХ-ны зүгээс чиглэл бүрээр нь анхаарч ажиллах нь зүйн хэрэг. Өнөөдөр яадгаа алдчихсан, хэцүү нөхцөл байдалд орчихсон газар байхгүй байх. Үүн дээр нэмээд нэг зүйлийг хэлье гэж бодож байна.

Улстөрчдийг холбоод руу битгий оруулаач гэж хүмүүс ярьдаг. Үүнийг би эсэргүүцдэг. Спортыг дуртай хүмүүс нь дэмжиж, үйл ажиллагаанд нь оролцох ёстой гэж бодож байна.

-Сагсан бөмбөгийн холбоодын хооронд үүссэн маргаан хэдэн он дамнан яригдаж байна. Манай сагсан бөмбөгийн шигшээ баг FIBA(Олон улсын сагсан бөмбөгийн холбоо)-аас зохион байгуулдаг тэмцээнд сүүлийн 10 орчим жил оролцсонгүй. Үүний ард тамирчдын эрх ашиг, уг спортын хөгжлийн асуудал хөндөгдөж байгаа?

-Тэр асуудал одоогийн байдлаар цэгцрэх нөхцөл үүсээд явж байгаа. Тэрийг нэг их хурцатгаж ойлгоод хэрэггүй. Тодорхой хугацааны дараа учир зүйгээ олчихно.

-Ирэх онд болох олимпийн бэлтгэлийг холбоод хэрхэн хангаж байна вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү. Цар тахалтай холбоотойгоор зарим уралдаан тэмцээнийг хориглосон нь хэрхэн нөлөөлж байна вэ?

-Холбоодын бэлтгэл сургуулилалт хийгдэж, улсын аварга шалгаруулах тэмцээнүүд явагдаад эхэлж байна. Өчигдөрхөн амралтын өдрүүдээр хөнгөн атлетикийн болон волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнүүд явагдлаа. Дээрээс нь Жүдогийн холбоо маань бас олон улсын тэмцээний уур амьсгал оруулж, тамирчдаа тэмцээний сэтгэл зүйн бэлтгэлд оруулах зорилготойгоор тэмцээнүүдийг зохиож байна. Мөн Боксын холбоо маань долоо хоног бүр алдартай нэг тамирчин, дэмждэг байгууллагуудынхаа нэрэмжит тэмцээнүүдийг зохион байгуулаад явж байгаа.

-Манайхан олимпод хэчнээн төрөлд хэдэн тамирчин оролцох эрх аваад байна вэ?

-Эрх авах магадлалтай маш олон төрөл байгаа. Тэгэхээр өнөөдрийн тоо баримжааг хэлэх боломжгүй байна.

-Та шинэ, өндөр хариуцлагатай албанд томилогдоод удаагүй байна. Барьж буй гол бодлого, чиглэлээ тодруулахгүй юу?

-Мэдээж олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх гол үйл хэрэг байгаа. Мөн Монголын спортыг шинэ түвшинд хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллана. Би спортынхоо төлөө л зүтгэнэ гэж бодож байна.

-Бөхчүүдийн допингийн асуудал сүүлийн үед хурцаар тавигдах боллоо. Улсын өндөр цолтой бөхчүүдээс допинг илэрсэн. Гэвч зарим нь хүлээн зөвшөөрөхгүй байх, маргаан үүсгэх зэрэг олон асуудал гарч байна. Үүнээс болж монгол үндэсний бөхийн үнэ цэнэ унах вий хэмээн иргэд шүүмжлэх боллоо. Энэ талаар та байр сууриа илэрхийлэх ёстой хүний нэг. Үүнд хариулт өгөхгүй юү?

-Допинг бол бид бүгдийн толгой өвтгөсөн гол асуудал болж байна. Допингийн эсрэг үндэсний төв нь манай Олимпийн хорооноос хараат бус. Үйл ажиллагаанд нь бид хөндлөнгөөс оролцохгүй. Харин үйл ажиллагааг нь дэмжиж ажиллах тал дээр хамтардаг. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Үйл ажиллагааг нь дэмжинэ гэхээр бид допингийн эсрэг тэмцлийг дэмжиж оролцоно гэсэн үг. Манайханд нэг явдалтай зүйл байгаад байдаг нь Допингийн эсрэг үндэсний төв допингийн шинжилгээ авах ажлыг хийдэг. Буцаагаад хариу ирэхээр нь тэр хариуг шийддэггүй, зарлах эрх байдаггүй.

Үүн дээр Баяр наадмын комисс Үндэсний их баяр наадмын тухай хуулиараа шийддэг асуудал байгаад байна. Миний харж байгаагаар Үндэсний их баяр наадмын тухай хуульдаа илүү нарийвчилсан зохицуулалт оруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, энэ хуулиа хатуу болгох тал дээр анхаарах ёстой болов уу гэж бодож байна.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ цаг-үе

О.Гансайхан: Монголчууд архи даах чадвар муу, архины хамааралд орохдоо амархан гэх судалгаа байдаг

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн хүнсний инженерчлэлийн сургуулийн ахлах багш, доктор О.Гансайхантай ярилцлаа.


-Манайд үйлдвэрлэгдэж буй цагаан архины найрлагад ямар бодисууд ордог юм бэ. Гол түүхий эд нь юу вэ?

-Монгол Улсад 1924 оноос хойш согтууруулах ундааны үйлдвэрлэл бий болсон. Өмнө нь бид уламжлалт нэрмэл архи хэрэглэдэг байсан. 1924 оноос хойш 36-38 градустай архи манайд нэвтэрсэн байдаг.

Манайд үйлдвэрлэгдэж буй цагаан архины хувьд найрлага түүхий эд нь ус, спиртнээс тогтдог. Хажуугаар нь амт үнэрийг онцлог болгох, эмчилгээний ач холбогдолтой болгох зорилгоор жимсний охь, өвс, ургамлын ханд зэргийг нэмж өгдөг. Зүрх судасны үйл ажиллагааг дэмжих үйлчилгээтэй алтангагнууртай архи ч байдаг шүү дээ.

Манайд архи үйлдвэрлэх үндсэн технолги нь ус спиртийнхээ холимгийг бэлтгээд нарийн шүүлтүүрээр шүүж савлаж бэлтгэдэг. Нүүрсэн шүүлтүүрээр шүүж архины химийн хольцыг нь багасгаж өгдөг. Өөрөөр хэлбэл, архины хоруу чанарыг багасгаж байна гэсэн үг. Манайд томоохон үйлдвэрүүд буудайнаас гаргаж авсан спиртээ нэрж бэлтгээд архиа гаргаж авч байна.

-Архи согтууруулах ундаа бэлтгэх технологи манайд Оросоос нэвтэрсэн үү. Орос архи манай цагаан архинаас юугаараа ялгаатай байдаг вэ?

-Тийм. Гэхдээ оросууд спиртээ төмс, буудай, эрдэнэшиш зэргээс гаргаж авдаг. Өнөөдөр зарим улс оронд буудайнаас спирт гаргахыг хориглосон байгаа. Буудайгаараа зөвхөн гурилаа бэлтгэх гэсэн санаа шүү дээ. Олон улсад ч спиртээр архи үйлдвэрлэх гэхээс илүү био түлш үйлдвэрлэхэд түлхүү ашиглаж байна.

-Хятад болон япон архинууд түүний түүхий эд манайхаас ямар ялгаатай вэ. Хүний биед үзүүлэх хоруу чанарын тухайд харьцуулсан судалгаа байдаг уу?

-Бусад улс үндэстний архи согтууруулах ундааны бүтээгдэхүүний түүхий эд манайхаас өөр. Хятад болон япончууд архиа бэлтгэхдээ гол төлөв цагаан будаанаас гаргаж авдаг. Японы сакай, Солонгосын сөжү зэрэг архийг бэлтгэхдээ цагаан будаагаа боловсруулж дэвтээгээд нэрмэл гаргаж авдаг. Манайд цагаан архийг варанд дарж боловсруулах технологи байхгүй. Манайхтай харьцуулахад спиртийн агууламж нь ч бага байдаг.

Ажиглаж байхад аливаа улс үндэстэн ямар хүнсний бүтээгдэхүүнээр баялаг байна, түүнийгээ л архи үйлдвэрлэхдээ ашигладаг. Европчууд ногоо тариалдаг, тэр дундаа усан үзэм элбэг тариалдаг учраас түүнийгээ архи дарс бэлтгэхдээ түлхүү ашигладаг. Тухайн улсад ямар хүнсний бүтээгдэхүүнээр баялаг байна, түүгээрээ согтоогч бүтээгдэхүүн гаргаж авдаг уламжлал бий. Манайх цагаан идээгээр баялаг учраас нэрмэл архи гаргаж түлхүү хэрэглэдэг шүү дээ. Үүнтэй ижил.

-Манайд нэг хүнд оногдох архины хэрэглээний хэмжээ их өндөр байдаг. Цагаан архины хоруу чанарын тухайд ямар байдаг вэ?

-Спиртийн өндөр агууламж нь хүний төв мэдрэлийн системд хүчтэй нөлөөлнө. Хэтрүүлж хэрэглэхэд хүний зан авирт хүчтэй нөлөөлдөг. Спиртийн найрлагад орсон альдегиз, сувс гээд өвөрмөц шинж чанарыг бий болгодог зүйлс бий. Тэр хэмжээ хэтрэхээр л архины хоруу чанар өндөр болж байгаа юм. Манайд альдеги, сувс, метилийн спирт зэрэг химийн хольцуудыг багасгахын тулд архины үйлдвэрүүд нүүрсэн шүүлтүүрээр шүүдэг. Манайд энэ тал дээр мөрддөг стандарт ч байдаг. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүд дэргэдээ лабораторитой байдаг. Манайд үйлдвэрлэгдэж буй архи согтууруулах ундааны хоруу чанарыг бусад орнуудынхтой харьцуулахад хоруу чанар, химийн хольц бага гэсэн судалгааг олон удаа харж байсан. Өөрөөр хэлбэл, илүү сайн шүүдэг гэсэн үг. Химийн хольцуудыг багасгадаг гэж ойлгож болно.

-Манайд архины хэрэглээ яагаад ийм өндөр байна вэ. Олон хүн архинд донтох эмгэгтэй байгаагийн цаад шалтгааныг та яаж харж байна. Магадгүй цагаан архинд донтуулагч бодис хольж байна уу гэх хардлага ч иргэдийн дунд байдаг шүү дээ?

-Би эмч биш. Гэхдээ архины дондолт гэдэг бол сэтгэцийн болон зан үйлийн хүрээнд үүсдэг өвчин гэж анагаахын талаас ойлгодог. Тодруулбал, монгол хүний элгэн дэх архи задлах ферменттэй холбоотой. Архийг хүний элгэн дэх алкогольдегидрогеназа, альдегиддегидрогеназа хэмээх хоёр үндсэн фермент шүүж хоргүйжүүлдэг. Харин монгол хүний эдгээр фермент нь европуудаас дөрөв дахин, азиас хоёр дахин сул байдаг гэсэн судалгаа байдаг. Тиймээс бусад орныхтой харьцуулахад монголчууд архи даах чадвар муу, архины хамааралд орохдоо амархан байх магадлалтай гэсэн үг юм.

Ходоодонд орсон архи маш олон ферментийн тусламжтайгаар задлагдаж 80 хувь нь гадагшилж, 20 хувь нь элгэнд очдог. Өөрөөр хэлбэл дутуу задлагдсан хэсэг нь элгэнд хоргүйждэг гэсэн үг. Дээрх ферментүүд цагт 50-80 грамм архийг л шүүдэг.Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд элэг дутуу шүүнэ. Улмаар дутуу шүүгдсэн хор цусанд шингэдэг. Үүнийг ацетальдегид гэдэг.

Угтаа бол архины хор цусанд нэвчих бус гадагшлах ёстой. Байнга хэтрүүлэн хэрэглэх буюу элэгнээс дутуу шүүгдсэн архи цусанд нэвчих үзэгдэл давтагдсан тохиолдолд өвчин үүснэ. Залуус элэгний дутуу задарсан хоронд хордож байна. Ацетальдегид цусанд агуулагдаж цаашлаад дотор эрхтнүүдийг гэмтээнэ. Үүн дотроос тархийг хамгийн ихээр дарангуйлж өвчлүүлдэг.

Хүчтэй согтоогч ундаанаас залуус татгалзаж, зохистой хэрэглэхэд анхаарах ёстой. Би архи даадаг гэж сагсуурч болохгүй.

Манайх архины донтолттой тэмцэж үйлдвэрлэлийг хязгаарлаж байсан шүү дээ. Түүнийг дагаж сөрөг үр дагавар нь их гарч байсан. Баталгаагүй архи үйлдвэрлэж нууцаар зарж борлуулдаг, түүнд нь хүн хордсон тохилдол гарч байсан шүү дээ. Ийм учраас залуус руу хандаж согтууруулах ундааг зохистой хэрэглэж, хэвшүүлэх тал дээр ухамсарт нь нөлөөлсөн ажил явуулах нь зөв гэж үздэг юм.

-ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль хүнсний инженерчлэлийн салбар сургуулийн үйл ажиллагааны талаар танилцуулахгүй юу. Танай сургуулиас ямар мэргэжилтнүүд бэлтгэгдэж гарч байна вэ?

-Хүнсий үйлдвэрлэлийн инженер, технологич, хоол үйлдвэрлэлийн инженер технологич, хүнсний үйлдвэрийн машин аппарат мэргэжилтнүүдийг бэлтгэдэг. Энэ мэргэжлээр төгссөн хүүхдүүдэд ажлын байр бэлэн байдаг. Наанадаж л Үйлдвэрлэлийн технологийн сургууль төгссөн хүүхэд тасалсан гурилын цех ажиллуулаад л явах боломжтой. Богино хугацаанд зах зээлтэй болж өөрийн байр сууриа эзэлж, зардал зарлагаа нөхөх боломжтой салбар. Хүн хамгийн түрүүнд хоол хүнсээ л чухалчилдаг цаг ирсэн. Баталгаатай хоол хүнс эрүүл амьдралын баталгаа болсон шүү дээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн ​ “Хээрийн хууль (II)​​” нийтлэл хэвлэгдлээ​​

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Халимаг улсын ерөнхийлөгч асан Кирсан Николаевич Илюмжинов “Монгол Улс ганц Хятад гэлтгүй ОХУ руу ч эрчим хүчээ нийлүүлэх бүрэн боломж бий” хэмээв. I-V нүүрнээс уншаарай.

Эдийн засагч Ж. Дэлгэрсайхан “Монголбанкны гадаад санхүүжилтийнх нь 80 гаруй хувь БНХАУ-тай хамааралтай байна” хэмээх ярилцлага эдийн засаг нүүрт хэвлэгдлээ.

“Өдрийн сонин”-ы үзэл бодлын гурав дугаар нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Хээрийн хууль (II)” нийтлэл хэвлэгдлээ

Монгол Улсын гавьяат, багш философийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Дашпүрэв “Болж буй энэ явдлууд чинь хүний нийгэмд тохиолддог хэвийн үзэгдэл” гэв.

Улсын аварга Э.Оюунболдын өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх “Барилдсан бөхийн давааг хүчингүй болгох эрх хэмжээ баяр наадмыг зохион байгуулах хорооных биш, бөхийн салбар хорооны асуудал хэмээх ярилцлага баримт үйл явдлын VII нүүрт хэвлэгдлээ.

Монгол Улсын Филармонийн “Баян Монгол” чуулгын Удирдаач СТА С. Саруул-Од “Ардын сайхан дуунуудаа жазз хэлбэрт хөрвүүлж, орчин үеийн хэв маягаар эгшиглүүлнэ” гэлээ.

Монголын худалдаачдын холбооны тэргүүн З.Пунсалдулам “ТҮЦ-ээр амьжиргаагаа залгуулагчдыг ил тод луйварддаг болчихлоо” хэмээв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу

https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу. “ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Х.Нямбаатар: Есөн настай охиныг хөнөөсөн гэх хойд эцэг нь эхний мэдүүлгээр хэргээ хүлээсэн

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хойд эцэгтээ зодуулж амь насаа алдсан байж болзошгүй есөн настай охины хэргийг анхааралдаа авахыг салбарын сайд нарт үүрэгджээ. Мөн уг хэрэг үйлдэгдэхэд хүргэсэн нөхцөл байдлыг шалгаж, судлах ажлын хэсгийн ЦЕГ-аас байгуулжээ.

Тэгвэл энэ асуудлаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Эхний урьдчилсан шалгалтаар уг хэрэг өглөөний 08.00 цагт үйлдэгдсэн байж болзошгүй. Хэрэг үйлдсэн нөхөр гэдэс рүү өшиглөсөн гэж хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Хэрэг гарах үед ээж нь эрүүл унтаж байсан. Хэрэг шалгагдаж байна. Ноцтой нь хоёр сарын өмнө хүүхдийн 11 хавирга ташраараа хугарч байсан гэдэг шинжилгээний хариу гарч байгаа юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль батлагдаж хуулийн хэрэгжилт муу явж байна гэж дүгнэхгүй байгаа. Хэрэг үйлдэж байсан нөхрийг хүчирхийлэл үйлддэг байсныг гэрчүүд гэрчилж байгаа юм. Энэ асуудалтай холбоотойгоор хэд хэдэн байгууллага хариуцлага хүлээх ёстой. Тухайлбал, хорооны хэсгийн байцаагч, олон нийтийн байцаагч, олон нийтийн цагдаа, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл мөн хамтарсан багуудын үйл ажиллагаа хэрхэн хяналт тавьж байсан бэ гэдэг нөхцөл байдлыг эхлээд шалгаж тогтооно. Хэсгийн байцаагч нарын хувьд ачаалал өндөртэй байдаг. Нэг хэсгийн байцаагчид 40-50 зөрчлийн хэрэг шалгах зэрэг ажлын ачаалалтай. Үүнийг цаашид уялдуулах шаардлага бий.

Мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн мөнгөн хөрөнгийг аймаг, нийслэлд дарга нь төвлөрүүлж зарцуулах нь зөв, буруу эсэхийг одоо шийдэх ёстой. Энэ мөнгөөр гадагшаа томилолтод явдаг, машин худалдаж авдаг зэрэг асуудлыг эргэж харах цаг нь болсон. Хүүхдүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хичээлийг орохоор Боловсролын яамтай хамтран ажиллах гэж байна.

Бид эхлээд хандлагаа өөрчлөх ёстой.

Торгуулийн орлогуудыг төвлөрүүлж дахин зарцуулдаг сан бий. Энэ мөнгөний зарцуулалтыг сургуулийн нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч, олон нийтийн цагдаа гэсэн энэ хүмүүсийн ажлын үйл ажиллагаанд болон орон тоог нь нэмэгдүүлэх чиглэлд зарцуулах хуулийн өөрчөлтийг хийхээр ярьж байна. Хоёрдугаарт, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийг шийтгэхдээ хохирогч, хүчирхийлэгч хоёрыг уулзуулахгүй байх зохицуулалтыг авч хэрэгжүүлэх шаардлага байна” хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

Нүүрс тээврийн 82 жолооч ажил хаялт зарлажээ

Манай улс БНХАУ-д худалдаалдаг нүүрсний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд “Ногоон гарц” хэмээх журмын боловсруулж, өдөрт найман сая ам.долларын нүүрсний экспортыг хийж эхэлсэн.

Энэхүү “шуурхай экспорт-ыг даган Таван-толгойн нүүрст ашиг сонирхолтой албан тушаалтнуудын өөр хоорондоо зөрчилдсөн шийдвэрүүд гарч эхэлснийг нүүрс тээврийн жолооч нар эсэргүүцэж, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг томилох шаардлагыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн ч хариуг өгөлгүй өдрийг хүрч шийдвэрлэж өгөхгүй байгаа учир нүүрс тээврийн жолооч нар ажил хаялт зарлан, жагсаал цуглаан хийж буй.

Тэд энэ сарын 16-ны өдөр /2020.09.16/ сануулах ажил хаялт зарласан. Харин өнөөдөр “Эрдэнэс-Тавантолгой” уурхайгаас хоёр дахь км-т 82 жолооч нар ажил хаялт, суулт зарлаад байна.

Тээврийн хөлс нэмэгдчихээд байхад цалин нь 1000 юаньд хүргэхгүй байгааг жолооч нар эсэргүүцэж тээврийн компаниудыг цалингаа нэмэхийг шаардаж үргэлжлүүлэн ажил хаяна гэдгээ мэдэгдэж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замд жолооч нар амь нас, эд хөрөнгө, эрүүл мэнд, цалин орлогоороо хохирсоор байгааг анхаарах хүнгүй байдаг. Тийм учраас төр төлөөлж бүрэн эрхт төлөөлөгчийг яаралтай томилж өгөхийг жолооч нар шаардсаар байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Уурхайд ажиллаж байсан иргэн амиа алджээ

Дундговь аймгийн Хулд сумын Шувуутай багийн “Ар цагаан” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 8 км-т, аймгийн төвөөс баруун урд зүгт 100 км-т/“Баянбулаг” нөхөрлөлийн жоншны уурхайд 09.21-ний өдрийн 16:30 цагийн орчим нурал үүсчээ.

Нуралтын улмаас тухайн газар нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэж байсан нийслэлийн Налайх дүүргийн иргэн М/30 настай, эрэгтэй/ 20 орчим метрийн гүнд шороонд дарагдсан тухай мэдээллийг тус сумын хэсгээс аймгийн Онцгой байдлын газарт мөн өдрийн 18:35 цагт өгчээ.

Дуудлагын дагуу тухайн газрыг тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид хамгаалтанд аван тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 09.21-ний өдрийн 21:10 цагт тухайн газарт очиж, нөхцөл байдлыг үнэлсэн байна.

Орон нутгийн Онцгой байдлын байгууллага бие даан ажиллах боломжгүй байсан тул Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид 09.22-ны өдрийн 10:27 цагт Дундговь аймгийн Хулд сумын чиглэлд явж мөн өдрийн 15:20 цагт очиж аврах ажиллагааг зохион байгуулж 17:30 цагт цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд БНЭУ-ын Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзжээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг есдүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч уулзжээ.

Элчин сайд М.П.Сингх Монгол Улсын Ерөнхий сайдад Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Модигийн мэндчилгээг уламжлан, Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэхэд онцгой анхаарч, дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад талархал илэрхийлсэн байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсад элэгсэг дотно ханддаг Элчин сайдтай уулзаж байгаадаа баяртай байна гээд Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Модигийн Монгол Улсад, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Энэтхэг Улсад хийсэн айлчлал харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал түлхэц болсныг тэмдэглэв. Хамтын ажиллагааны эрчийг цаашид улам нэмэгдүүлэн, дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалж, харилцааг бүхий л салбарт өргөжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

Талууд Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиролцов. Мөн Энэтхэг Улсад зарим бараа бүтээгдэхүүнийг экспортлох туршилтын тээвэрлэлт хийхэд хоёр тал ач холбогдол өгч, хамтран ажиллахаар ярилцав. Соёл, боловсрол, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцсоноос гадна зарим төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Энэ онд тохиож буй Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаагаа Элчин сайд М.П.Сингх хэлэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх КОВИД-19 цар тахлыг даван туулах, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад онцгой ач холбогдол өгч байгаагаа хэлээд Энэтхэгт саатаад байсан монгол иргэдийг татаж авахад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Согтуу жолооч гурван автомашин мөргөж, хоёр хүн бэртжээ

Согтуу жолооч гурван автомашин мөргөсний улмаас хоёр хүн бэртсэн байна. Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Хөрш заан” хотхонд өчигдөр 22:00 цагийн орчимд уг осол гарчээ. Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр “Lexus RX350” маркийн автомашины жолооч Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус хотын 106 дугаар байрны хойд замд “Toyota Aristo”, “Toyota Aqua”, “Toyota Rumion” маркийн автомашиныг мөргөсөн байна.

Ослын улмаас жолооч 30 настай, эрэгтэй, 27 настай, эрэгтэй нар гэмтэж ГССҮТ рүү хүргэгдсэн гэх мэдээлэл байгаа юм. Харин тус эмнэлгийн зүгээс гэмтсэн иргэдийн биеийн байдлын талаар хувь хүнтэй холбоотой тул мэдээлэл өгөхөөс татгалзав.

Categories
мэдээ нийгэм

Цахилгааны шөнийн тарифыг 100 хувь хөнгөлөхөөр болжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын хэрэглэгчдийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт үзүүлж байгаа 50 хувийн хөнгөлөлтийг 100 хувь болгожээ.