Categories
мэдээ нийгэм

Сөүлээс өнөөдөр 265 иргэн эх орондоо ирнэ

Энэ сард БНСУ-аас дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэгээр иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Хуваарийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 11:04 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:00 цагт газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор 265 иргэн ирэх бөгөөд эдгээр иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл-55, жирэмсэн болон асран хамгаалагчтай-15, өндөр настан-10, эрүүл мэндийн шалтгаантай-31, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-154 иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Альфа”, “Хабу”, “Кентавр” зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Зорилтот бүлгийн 10 мянга орчим айл өрхөд сайжруулсан түлш үнэ төлбөргүй олгож байна

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй:

Он гарсаар Монгол Улсад тарваган тахлын зургаан тохиолдол Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймгуудад бүртгэгдсэн. Хамгийн анхны тохиолдол Ховд аймгийн Цэцэг суманд өнгөрсөн зургаадугаар сарын 11-нд бүртгэгдсэн. Энэ дагуу Нийслэлийн Онцгой комисс шуурхай хуралдаж, нийслэлийн Засаг даргын захирамж гарч, нийслэлийн авто тээврийн товчоодод Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Замын цагдаа, Мал эмнэлгийн газруудын алба хаагчид хяналт, шалгалт хийн ажилласан. Үүний үр дүнд байгалийн гоц халдварт өвчний халдварыг нийслэл хотод оруулж ирэхгүй байхад онцгой анхаарч ажиллалаа. Мөн сүүлийн өдрүүдэд гал түймрийн гаралт ихэсч байна. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн нутаг дэвсгэрт 17 удаагийн гал түймрийн дуудлага ирсэн. Гал түймрийн шалтгаан нь цахилгааны буруу холболт, үнс нурмаа ил задгай асгах, цахилгаан ашиглалтыг хэтрүүлэх, авто тээврийн ослын улмаас машин шатах, яндангийн цоонолт зэргээс үүдэж байна. Гал түймрийн улмаас хоёр хүн амиа алдсан. Галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан угаарын хийгээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэд, олон нийтэд анхааруулга, сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж байна. Иргэд пийшин зуухны аюулгүй байдалд анхаарч, шаардлагатай тохиолдолд “Тавантолгой түлш” ХХК-ийн “Иргэдэд үйлчлэх төв”-д хандаж, яндангаа хөөлүүлэх хэрэгтэй юм.

Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал:

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, “Тавантолгой түлш” ХХК-тай хамтран нийслэлийн хэмжээнд сайжруулсан түлшний борлуулалтын болон дундын баазуудад тээвэрлэлт хийх ажлыг зохион байгуулж байна. Нийт 23 аж ахуйн нэгж сайжруулсан түлшийг үйлдвэрээс борлуулалтын цэг рүү тээвэрлэж байгаа юм. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу төвийн зургаан дүүргийн хэмжээнд 70 орчим мянган тонн түлшийг нөөцлөөд байна. Одоогийн байдлаар 100 орчим сайжруулсан түлшний борлуулалтын цэг ажиллаж байгаа. “Тавантолгой түлш” ХХК-ийн зүгээс 2020-2021 оны өвөл нийт 800 орчим борлуулалтын цэг ажиллах мэдээлэл өгсөн. Мөн нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, нийслэлийн Халамжийн газрууд болон “Тавантолгой түлш” ХХК хамтран зорилтот бүлгийн 10 мянга орчим айл өрхүүдэд сайжруулсан түлшийг үнэ төлбөргүй олгож байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн 6000 орчим төрийн албан хаагч нар төвийн зургаан дүүргийн гэр хорооллын айл өрхийн угаарын хий мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалган ажиллана. Одоогоор төвийн зургаан дүүргийн 170 орчим мянган айл өрхүүдээр гуравдахь удаагаа орж, угаарын хий мэдрэгч, зуух пийшингийн аюулгүй байдлыг шалгаж ажиллалаа. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас суурин харуулын хэвийн үйл ажиллагааг хангах ажлуудыг зохион байгуулж байна.

НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа:

Өнгөрсөн 24 цагийн байдлаар “Ковид-19”-ийн халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй, нийт 313 тохиолдол байна. Өнгөрсөн хугацаанд 302 хүн эдгэрч, эмнэлгээс гарч, ХӨСҮТ-д 11 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тусгаарлалт, ажиглалтад 3956 иргэн байна. Гэрийн ажиглалтад одоогоор найман хүн дөрвөн Өрхийн эмнэлэгт хянагдаж байгаа юм. Зам тээвэр, хөгжлийн яамны мэдээллээр 22 галт тэрэгт 5739 зорчигч, 15 нислэгээр 1189 зорчигч ирсэн. Авто тээврийн 207 хэрэгслээр нийт 4632 иргэн ирж, хяналт тандалтад хамрагдсан. Энэ үеэр сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Мөн томуу, томуу төст өвчний улирал ирж байна. Үүнтэй зэрэгцээд коронавирусын халдвар гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Иймд иргэд маскаа тогтмол зүүж, гараа ариутгах, амин дэмтэй хоол хүнс хэрэглэх, дархлаагаа дэмжих хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

Хубилай хаан ба монгол жанжид үзэсгэлэн гарч байна

Хубилай хаан ба Монгол жанжид” үзэсгэлэн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Монголын үндэсний музейд нээгдлээ. Үзэсгэлэнг нээж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор үг хэлэв. Эзэн Чингис хаан түүний залгамжлагч алтан ургийн суут хаан Хубилай сэцэн хааны мэндэлсний 805 жилийн ой энэ онд тохиож байна. Хубилай сэцэн хаан IV жарны хөхөгчин гахай жилийн намрын эхэн сарын 15-ны хөхөгчин туулай өдөр Хэрлэнгийн ордноо Толуйн их хатан Сорхугтани бэхигээс мэндэлсэн билээ. Хубилай хаан эзэн Чингис хааны дараах Монголын хаадын алдар сууг манлайлан дэлхийн түүхэнд тодоор бичигдсэн хаан юм.

Энэхүү үзэсгэлэнд Хубилай хаан, Монголын эзэнт гүрний үеийн түүхэн хүмүүс, баатруудын дүр төрхийг сэргээн урласан сонирхолтой лаан баримлууд, Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагддаг Юань гүрний үед холбогдох хосгүй үнэт үзмэрээ дээжлэн хүргэж байна.

Лаан баримал нь түүхэн бодит хүмүүсийн дүр төрх, нүүр царай, бие бялдрын онцлогийг шингээн бүтээдэг дүрслэх урлагийн өвөрмөц төрөл билээ. Эдгээр лаан баримлууд нь Монгол гүрний үеийн түүхэн хүмүүсийн дүр төрх, хувцас, засал чимгийг сэргээн бүтээснээрээ хүүхэд залууст танин мэдэхүйн чухал ач холбогдолтой төдийгүй түүхэн агшинг өнөө цагт амилуулсан мэт бодит мэдрэмжийг төрүүлэхүйц сонирхолтой хэлбэрээр дэглэгдсэн юм.
Түүхэн хүмүүсийг сэргээн амилуулсан уран бүтээлчийн бүтээл, түүхийн биет дурсгалуудыг нэгэн дороос үзэх таатай боломжийг олгож буй энэ үзэсгэлэнг бид Мөнх тэнгэрийн цаг ТББ, Чингис хааны лаан баримлын музейтэй хамтран зохион байгуулж байна.
Categories
мэдээ нийгэм

Хүн амины хэргээ нуухын тулд цогцсыг нь мөчлөн, хээр шатаасан хэргийг илрүүлжээ

Энэ оны наймдугаар сарын 07-08-нд шилжих шөнө БЗД-ийн тавдугаар хороонд архидан согтуурсан үедээ маргалдаж улмаар хүний аминд хүрсэн гарчээ. Тодруулбал, 54 настай эмэгтэй Т гэгчийг 40 настай эрэгтэй Н гэгч нь амь насыг нь хөнөөгөөд цогцсыг нь мөчилж, улмаар хээр аваачиж шатаасан байна.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Амь хохирогч эмэгтэй 54 настай “Н” нь 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр өөрийн оршин суух БГД-ийн нутаг дэвсгэр оршин суугаа газраасаа сураггүй алга боллоо гэж түүний ар гэрийнхэн энэ сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад буюу БГД-ийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст тэмдэглүүлжээ.

Хороо хариуцсан хэсгийн байцаагч Эрэн сурвалжлах ажлыг улсын хэмжээнд зарлан ажиллахад амь хохирогч Н-ийн цогцос энэ сарын 18-ны өдөр СХД-ийн 33 дугаар хороо Тахилтын жалганаас шатсан байдалтай олдсон.

Уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй түүний хамтран амьдрагч 40 настай “Н”-г холбогдуулан цагдан хорьж мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Талийгаач хэргийн холбогдогч нар 2007 оноос хойш хамтран амьдарч байгаа. Уг хэргийг БГД-ийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн алба хаагчид илрүүллээ” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-09-24-ны байдлаар

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол төр монголчуудын бэлгэдлийг доромжиллоо

Монгол төрийн сайд хүн азын дугаарыг жорлонгийн машинд зүүлгэж, монголчуудын бэлгэ дэмбэрэл боддог уламжлалт сэтгэлгээгээр тохуурхаж байна. Азын дугааруудыг шуурхай алба болон тохижилт үйлчилгээний машинуудад олгох шийдвэрийг Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ гаргалаа. Иргэдийн сонирхдог, азын гэх онцгой тоотой дугааруудыг нийтэд шинээр олгохыг зогсоож, тэдгээр дугааруудаа зөвхөн жорлонгийн, хогны, мөн моргийн машинд хүртэл зүүлгэхээр болов. Монголчууд тооны бэлгэдэл зүй гэх том ойлголттой учир тоог ихэд дээдэлдэг. Тулгын гурван чулуу, эрийн гурван наадам, дөрвөн бэрх, найман шарга, найман тахил, эр хоёр загал, таван хошуу мал, зургаан тив, долоон гариг, есөн эрдэнэ, арван цагаан буян гэх мэтээр тоотой холбоотой эд зүйлсийг эрхэмлэж, давхардсан ижил тоог бэлгэшээж, тэгш, сондгой тоонд ач холбогдол өгдөг. Тэр уламжлалаараа өөрсдийнхөө төмөр хүлэг болох машиндаа аль л болох бэлгэ дэмбэрэлтэй дугаар сонгохыг хүсдэг. 99-99, 88-88, 55-55, 05-05, 01-01, 45-54, 68-86, 11-00, 80-80, 00-01, 02-02 12-34, 56-78 гэх мэт тоотой дугааруудыг онцлон бэлгэшээж, хүнд машин тэрэг бэлэглэхээр болвол аз дууддаг гэх дээрхтэй төстэй дугааруудыг сонгодог.

Ийм том бэлгэдэл зүй, тоог дагасан соёл, уламжлал явсаар байтал аль л бохир заваан ажил хийдэг тэргэнд азын дугааруудыг зүүж байгаа нь монголчуудын бэлгэдлийн сэтгэлзүй, сэтгэлгээгээр тохуурхаж, зориуд гутааж байгаа үйлдэл юм.

Аль нэг үндэстний уламжлалт сэтгэлгээ, бэлгэдэл, бэлгэ тэмдгийг илтэд гутааж, доромжилдог ажлыг хуучин бол колони орны удирдагчид л хийдэг байсан. Манжууд монголчуудын ёс заншлаар хэрхэн яаж тохуурхдаг байлаа. Дараа нь оросууд монголчуудын ёс заншлыг 70, 80 жил хангалттай доромжилсон. Гэтэл одоо Монголын төрийн дэд сайд гэх хүн ард түмний бэлгэ дэмбэрэл бодож, аз дууддаг гэж итгэдэг тоотой дугааруудыг хогны машинд зүүж тохуурхаж байна. Монгол үндэстний, монгол хүмүүсийн ёс заншлаар тохуурхах нь та нарт хүндэднэ шүү. Ухаангүй энэ шийдвэрээ даруй цуцал.

Азын дугааруудыг Зам тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төвийнхөн дамлаж зарж, идэж уудаг гэсэн шуугиан дэгдэж АТГ, цагдаа сэргийлэх болж хэл ам таталж байсан удаатай. Гэтэл тус яамнаас “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үе шаттай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна” гэжээ. Өөрсдөд нь дугаар дамлах боломж олдохоо байж, жаахан л эвгүй хөдөлбөл АТГ-ынхан хүрээд ирэх учир өнөөх “наймаа” нь ашиггүй болонгуут “Тэгж хэл ам татлаад байгаа бол наад муу азын гэх дугааруудыг чинь хогны машинд чинь зүүгээд өгье л дөө. Тэгээд та нар тэр АТГ-таа мат” гэсэн хонзогносон шийдвэр гаргачихаж байна гэж харагдаж байна. Авлига авч, ашиг сонирхлын зөрчил хийхээс айгаад, өөрсдөдөө итгэхгүй байгаа юм бол азын болон сонирхолтой дугааруудаа нээлттэй, дуудлага худалдаагаар зарж, олсон тэрбум тэрбум төгрөгөө зам засвар, хот тохижилтдоо зориул л даа. Азын дугааруудыг яаж эдийн засгийн эргэлтэд оруулж, борлуулахыг захын л хүн заагаад өгч байна билээ. Өөрсдөд нь ашиг өгөхгүй болонгуут ингэж ашиг олж болох юмыг хорон сэтгэлээр үнэгүйдүүлж, бүхэл бүтэн үндэстний бэлгэдэл зүйг доромжлох хэрэг байна уу. Бэлгэдлийг хог дээр гаргаж байгаа наад ажлаа зогсоо. 4410 гэсэн аятайхан “азын” дугаартай тоот шийдвэрээ цуцал л даа, дэд сайд аа.

Categories
мэдээ нийгэм

ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлгийн эзэд тодорлоо

ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас боловсролын салбарт оруулж буй томоохон хөрөнгө оруулалтуудын нэг бол яах аргагүй “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр” байдаг билээ. 2020-2021 оны хичээлийн жилд 1-р курсэд элсэн суралцаж буй шинэхэн оюутнуудын дунд зарлагдсан тус тэтгэлэгт хөтөлбөр амжилттай зохион байгуулагдаж, шилдэг оюутнуудаа тодруулаад байна.

Оюутан сурагчдын дунд хэдийнэ танил болсон “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг 2007 оноос эхлэн орон даяар, нээлттэй зарлаж буй. Энэ жилийн хувьд Монгол орны 21 аймаг болон нийслэлийн бүх дүүргээс нийт 700 гаруй шинэ оюутнууд материалаа ирүүлэн идэвхтэй оролцсон бөгөөд ЕБС-д суралцах хугацаандаа гаргасан амжилт, голч дүн, нийгмийн идэвх, эссэ бичлэг зэрэг голлох үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулалтаа явуулсан юм. Хөтөлбөрт хүсэлтээ ирүүлсэн шинэ оюутнуудын материалын сонгон шалгаруулалтыг ХААН Банкны төлөөлөл, боловсролын байгууллагын хөндлөнгийн шүүгчдийн баг бүрэлдэхүүн Улаанбаатар хотод 2 үе шаттайгаар явуулсны үр дүнд 2020-2021 оны хичээлийн жилд ХААН Банкны тэтгэлэг хүртэх шилдэг 60 оюутныг тодрууллаа.

Ийнхүү ХААН Банк өнгөрсөн 14 жилийн хугацаанд нийт 1,800 гаруй оюутан сурагчдад 2 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгоод байна. Эрдэм мэдлэгийг эрхэмлэн, залуусын боловсролыг тууштай дэмжигч ХААН Банк Сан сурлагаараа манлайлан, идэвх оролцоогоор тэргүүлэгч шилдэг залууст тэтгэлэг олгож, тэдний цаашид сурч боловсрох хүсэл эрмэлзлэлийг нь дэмжин, оюуны их хөрөнгө оруулалт хийлээ.

2020-2021 оны хичээлийн жилд “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т шалгарсан үе тэнгийн залуусаа манлайлагч, өсөх ирээдүйтэй шилдэг 60 оюутны нэрстэй ЭНД дарж танилцана уу.

Тэтгэлэгт шалгарсан шилдэг оюутнууддаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье.

Categories
мэдээ нийгэм

18 настай залуу автомашины ослоор нас баржээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр хороо, Ургах наран хорооллын зүүн талд өчигдөр /2020.09.23/ 00:25 цагт зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, мерседэс бенз загварын суудлын автомашин, хово загварын ачааны автомашины араас мөргөсөнөөс суудлын автомашины жолооч 18 настай эрэгтэй Д төмөр хийцэт хавчуулагдан нас баржээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид талийгаачийн цогцсыг 13 минут ажиллан гаргаж Тээврийн цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн байна.

Өвөрхангай аймгийн Тарагт суманд өчигдөр 19.00 цагийн үед 32 настай эмэгтэй үхэртээ яваад сураггүй алга болжээ. Ар гэрийнхэн нь мөн өдрийн 22.25 цагт аймгийн Онцгой байдлын газарт хандсанаар эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Дээрх эмэгтэй сэтгэцийн эмгэгтэй байсан. Мөн Булган аймгийн Сэлэнгэ суманд есдүгээр сарын 14-ны өдөр самар түүж яваад сураггүй алга болсон 59 настай эмэгтэй Л-ийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байна.

Categories
мэдээ нийгэм

Салхитын аманд хууль бусаар олборлолт хийжээ

Дээд Салхитын аманд хууль бусаар олборлолт хийсэн зөрчил илэрсэн гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ. Нийслэлийн шуурхай удирдлагын төвөөс 2020.09.14-ний өдөр ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу 2020.09.14-ний өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар очиж шалгажээ. Энэ үед тухайн газарт дайрга олборлох ажиллагаа зогссон, талбай дээр БНСУ-д үйлдвэрлэгдсэн улсын сери дугааргүй экскаватороос өөр техник байгаагүй, холбогдох утас, эзэн холбогдогч байгаагүй тул уг техникт Мэргэжлийн хяналтын байгууллагын мэдэгдлийг нааж ирж уулзахыг мэдэгдсэн. Уг зөрчилд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын хяналт доор зөрчлийн хэрэг нээн шалгаж, холбогдох эздийг тодруулах зорилгоор прокуророос зөвшөөрөл авч Тээврийн цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төвд албан бичгүүдийг хүргүүлсэн аж.

Categories
мэдээ нийгэм

Хяналт шалгалтаар 260 зөрчил, дутагдал илрүүлэв

Онцгой байдлын ерөнхий газар, Тээврийн Цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг шатахуун импортлогч компаниудын шатахуун тээвэрлэгч автоцистерн, /35.000л-48.000л эзэлхүүнтэй/, хувийн хэвшлийн бага оврын автоцистерн /3000л-7500л эзэлхүүнтэй/ зэрэг автоцистернд хяналт, шалгалтыг зохион байгууллаа.

Шалгалтад “НИК”, “Сод Монгол Групп”, “Петровис”, “Хөрс Автосервис” “Тэс-Петролиум” болон “Магнай Трейд ХХК-ийн нийт 65 автоцистерныг хамруулж, 260 зөрчил дутагдлыг илрүүлсэн байна. Хяналт, шалгалтын явцад 53 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн Заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл бичиж холбогдох албан тушаалтанд хүргүүлж биелэлтийг хангуулан ажиллалаа.

Мөн Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын шаардлагыг ноцтой зөрчсөн 18 иргэн, 5 хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 12.3 сая төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авсан байна.

Түүнчлэн тухайн байгууллагын холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж, шатахуун тээвэрлэгч автоцистерний жолооч нарт галын аюулгүй байдлын чиглэлээр мэдлэг олгох, аюулгүй байдлыг хангуулж, заавар зөвлөмж өгч, мэргэжил аргазүйн зөвлөгөө өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.