“МҮХАҮТ-ын 60 жилийн ойн шилдэг бүтээлийн уралдаанд зориулав”
Төрийн ордонд өчигдөр нэг хэлэлцүүлэг боллоо. Цар тахлын аюулыг олон талт хамтын ажиллагаагаар давах нь гэсэн агуулгатай байв уу даа, их л сүрхий сэдэв сонсогдоотхов. Тахлын аюулыг олноороо яаж давах тухай хөндөнө, тэгээд бүр хэлэлцүүлэг гэхээр нь чих тавилаа.
Тахлын үеийн эдийн засагт хэрэгтэй санаа оноо, шийдлийг засгийн түвшинд яаж харж байгаа нь хэнд ч сонин. Тэнд оролцож суугаа танил эдийн засагч руугаа хэлэлцүүлгийн сонин сонсох санаатай залгатал “Коммунист намын хуралд ирсэн мэт сэтгэгдэл л төрж байна. Тахлын аюулыг яаж давах тухай түй ч санаа оноо, гарц шийдэл ярьсангүй.
Энд яг социализмын үеийн уур амьсгал мэдрэгдлээ. Төрийн байгууллагууд нь тахалтай яаж тэмцэж байгаагаа баатарлагаар илтгээд, хэлэлцүүлэгт оролцогчид нь таг дуугүй сууцгаасан шигээ л байна. Зарим нэг нь алга ташиж ч байх шиг. Чиний асуугаад байгаа тахлыг давах арга шийдэл, хувийн хэвшлийг дэмжих бодлого төлөвлөгөө, ханшийн өөрчлөлт тойрсон халуун мэтгэлцээн энд огт алга. Төсөв ч ярихгүй байна. Энд тэндгүй камер, зургийн аппарат тачигнуулсан зурагчид. Тахалтай ингэж тэгж тэмцлээ гэсэн пиараа л хийж байх шиг” гэж ам таглав. Итгэж өгсөнгүй “Хувийн хэвшлийнхэн ингэж тэгж хэцүүдсэн гэж ч ярихгүй байна уу. Иргэдийн ажилгүйдлийг ч үү” гэж лавлатал “Тийм яриа хөөрөө огт алга. Би харин хэлэлцүүлэг гэхээр нь нэлээд халуун яриа хөөрөө өрнөх нь гээд ирсэн юм. Горьдлого талаар боллоо. Бас нэг сонин юм анзаарагдлаа. Төрийн ордонд ажилладаг ганц хоёр хүнтэй үг сольсон чинь манай улс цар тахлыг харин ч дажгүй давж байна, эдийн засаг ер нь давгүй байгаа юм биш үү гэсэн утгатай үгийг жигтэйхэн итгэл үнэмшилтэй хэлээд байх юм” гэж байна. За ингээд цар тахлыг яаж мэнд давах тухай ганц ч өгүүлбэр сонсож чадсангүй утсаа тавилаа. Коммунист алга ташилтаар ковидыг давахгүй л дээ.
Бизнесийн орчин ямархуу байгааг хамгийн сүүлийн судалгаанаас харцгаая. МҮХАҮТ-аас хоёр жилд нэг удаа “Бизнесийн итгэлийн индекс” гэсэн судалгаа хийж, бизнес эрхлэгчдийн бодол санааг танддаг юм. Энэ жилийнх нь дүн гарчихаж. Өнөө жилийн судалгаанд 1800 аж ахуйн нэгжийг хамруулжээ. Бизнес итгэлийн индексийг бизнесийн орчин, ашиг, орлогын өөрчлөлт, хөрөнгө оруулалт, макро эдийн засгийн орчин гэсэн үндсэн дөрвөн үзүүлэлтээр тооцож гаргадаг юм. Судалгаанд оролцсон баялаг бүтээгчдийн 42 хувь нь бизнес эрхлэх орчин өмнөх жилээс тодорхой хэмжээнд муудсан гэсэн хариу өгчээ. Гэхдээ бизнес эрхлэгчид цар тахал дөнгөж эхэлж байхад буюу энэ оны гуравдугаар сард ийм хариу өгсөн гэдгийг онцолъё. Цар тахал үргэлжилсэн хэвээр байгаа яг өдийд энэ хувь мэдрэгдэхүйц өссөн гэдэгт эргэлзэх юм алга. Судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 63 хувь нь ажилгүйдэл өснө гэж харцгааж. 40 хувь нь инфляци өснө гэсэн бол 42 хувь нь бизнестээ хөрөнгө оруулалт хийх боломжгүй гэж. Компаниудын 50-60 хувь нь ашиг орлого өснө гэдэгт итгэхгүй яваагаа хэлсэн байх юм. Судалгаанд оролцогчдын ердөө 31-хэн хувь нь өнөө жил бизнесийн орчин сайжирна гэсэн хариу өгчээ. Хувийн хэвшил рүү хандсан жаахан ч гэсэн дэмжлэг анзаарагдахгүй байгаа энэ үед бизнес эрхлэгчдийн бараг 90 хувь бизнесийн орчин сайжирна гэсэн итгэлгүй болчихсон суугаа гэчихэд үнэнээс зөрөхгүй.
Цар тахал хэзээ дуусах нь өнөө хэр бүрхэг байна. Дэлхий дахинд “COVID-19” цар тахлыг дор хаяж хоёр жилийн хямрал, бүр цаашилбал 3-5 жилийн хямрал гэж харж байна. 2020 оны хямралын нөлөө нь 2021 он, цаашлаад дараа онуудад бүрэн арилахгүй гэж харж байгаа учраас таван жил гэсэн том тоо сонсогдоод байгаа юм.COVID дэлхийн, Азийн, Монгол Улсын эдийн засагт огцом хямрал учруулж байгаа. ДНБ-ий агшилт газар сайгүй ажиглагдах нь нэгэнт тодорхой болчихсон трэнд.АХБ Азийн эдийн засаг 1960-аад оноос хойш анх удаагаа агшина гээд төсөөлчихлөө. Монголын эдийн засаг 2020 оны эцэст агшилттай гарна гэдгийг ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, зээлжих зэрэглэл тогтоодог агентлагууд, Монголбанк, бүр Засгийн газар өөрөө хүртэл бүгд мэдэгдлээ. Ийм үед яг юу болоод байна вэ? Хатуухан хэлэхэд, Төрийн ордонд биенээ дөгөөсөн коммунист алга ташилт л сонсогдож байна.
Эдийн засаг 2020 оны эхний зургаан сард -9.7 хувиар агшсаныг хүн бүр мэдэж байгаа ч, цаана нь хичнээн ажлын байр байхгүй болж, хэдэн хүн гудамжинд гарсныг хэн ч ярихгүй, мэдсэн нь мэдээгүй дүр эсгэж яваа. Ялангуяа манай Засгийн газар нүдэн балай, чихэн дүлий суугаа. Үндэсний Статистикийн Хорооны мэдээгээр оны эхний зургаан сарын дотор зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарт 9.9 мянга, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 7.6 мянга, тээвэр ба агуулахын үйл ажиллагааны салбарт 4 мянга, урлаг, үзвэр, тоглоомын чиглэлээрх үйлчилгээний салбарт 6.3 мянган ажлын байр аль хэдийнэ алга болчихсон. Энэ бол албан ёсны тоо. Гэтэл албан бусаар хэдэн хүн ажилгүй болсон бол?
Аливаа хямрал болоход хамгийн түрүүнд ажлын байруудыг хамгаалдаг. Энэ бол дэлхийн аль ч улсын хэрэглэдэг жам ёсны арга. Олон улс орон яг ийм арга хэрэглэж, эдийн засгаа элгээр нь хэвтүүлчихгүйхэн шиг авч яваа. Гэтэл Монголд ажлын байрны тухай, ажил эрхлэлтийн тухай, хичнээн хүн гудамжинд гарсан тухай ярьж суугаа сайд, дарга, улстөрч нэг ч алга. Зөвхөн гадаадаас зээл авч бэлэн мөнгө тараахыг хямралаас гаргах бодлого гээд ойлгочихсон Засгийн газартай байгаа нь хатуу ч гэсэн үнэн. Ажил эрхлэлтийн тухай, санхүүгийн тогтвортой байдлын тухай ярьдаггүй, үг унагадаггүй Ерөнхий сайд, Сангийн сайдтай улсыг нэрлээч гэвэл ганц Монгол л байна гэчихэд хэтрүүлсэн болохгүй. Хамгийн түрүүнд хувийн хэвшлээ хүү багатай хөнгөн нөхцөлтэй зээл, санхүүжилтээр дэмжиж байж ажилгүй иргэдээ орлоготой болгоно гэдгийг Ерөнхий сайдад дахин дуулгая. Арилжааны банкуудаа дарамталж, буланд шахаж биш аж ахуйн нэгжүүдээ хүү багатай санхүүжилтээр тэтгэж байж л тахлын үеийг улсаараа мэнд давж чадна.
Яг одоо дэлхийн улс орнууд цар тахлыг өөрөөр амьдрах, түүний тулд бодлогоо өөрчлөх сургамж гэж харж байна. Нэг жишээ хэлье. Үр ашиг гэдэг юмыг одоо л яг бодитой авч үзэх цонх үе гараад ирлээ. Монголд үр ашиггүй юм маш их. Улсын төсвийн зарцуулалт, төсвийн тендер, төрийн албаны нүсэр бүтэц гээд тоочвол урт жагсаалт гарна. Ковидыг энэ алдаануудаа засах боломж гэж хараад зүтгэвэл боломж бий. Дотоодод хөгждөггүй, хөгжүүлэхийг хүсдэггүй байсан орхигдсон салбаруудаа босгох боломж ч ирчихээд байна. Цар тахлын үеийг ашиглаад хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбараа хөгжүүлбэл тахлын дараа аятайхан хөгжөөд явчих боломжтой.
Хил хаагдчихсан, хэзээ нээгдэх нь бүр ч тодорхойгүй ийм цаг үед ядаж төмс хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуйг дэмжих, мал аж ахуйдаа хөрөнгө оруулах, дэд бүтцээ тордсон шигээ амьдарвал илүү ухаалаг бодлого болно.
Гэтэл цар тахлын эсрэг улсын төсвийн зарцуулалтад ирээдүйд өгөөжөө өгөх ийм хөрөнгө оруулалт өнөөхөндөө лав алга. Өнөөх л мөнгө тараалт, төсвийн тендерээр үр ашиггүй шавар тагз дутуу дулимаг барих, түүндээ холбоотой компаниудаа хавчуулж шахаа хийх, болж өгвөл ЖДҮ авч завших санаатай харанхуй бодлого үргэлжилсээр байна.
Эцэст нь хэлэхэд, хувийн хэвшлээ л тэтгэсэн бодлого барьж байж тахлын үеийг улсаараа дажгүй давж гарна. Яг өнөөдрийнх шигээ хувийн хөрөнгийг хураана, банкны хүүг хүчээр бууруулна, ингэж тэгж ийм тийм халамж, хувь хишиг тараана гэсэн шигээ аж төрвөл ирэх жилүүдэд эдийн засаг элгээрээ хэвтэх том эрсдэл л биднийг хүлээж байгаа.