Categories
мэдээ цаг-үе

Б.Дугархүү: Сүүлийн үед ухаалаг утасны хэрэглээнээс болж өвчлөх магадлал ихэссэн

“Ай ёо доктор буюу Б.Дугархүүтэй ярилцлаа.


-Нойр гэж чухам юу байдаг юм бэ. Энэ талаар тайлбар өгөхгүй юү?

-Нойр гэдэг зүйл шинжлэх ухааны хэлээр мэдрэлийн тогтолцооны амралт гэж үздэг. Хүний нойр олон хэсгээс бүрдэх бөгөөд нойрны эхэн үе, дунд үе, гүн үе, сэрэх үе гэж хуваагдана. Хүн гэрэлтэй орчинд унтвал мэдрэлийн системүүд бүрэн амарч чаддаггүй шүү дээ. Физиологийн үйл явцаар тайлбарлавал унтахаар нүдээ анихад нүдний мэдрэхүйгээр дамжаад тархи харанхуйг мэдрээд боргоцой булчирхай буюу нойр хүргэдэг булчирхайд хүрч мелатони гэдэг даавар ялгарч бүх тархи мэдрэлийн системд хүрснээр бие организмын бодисын солилцоог удаашруулж амар гэсэн дохиог өгдөг. Харин хүний нүдэнд гэрэл тусахад энэхүү даавар ялгарахаа больж тархи мэдрэлийн эсүүд сэргэж эхэлдэг. Энэхүү үйл явц нь эргээд нойргүйдлийн эхний шалтгаан болдог.

-Хүмүүс зүүдний ертөнц, зүүд зүүдэллээ гэж их ярьдаг. Тэгвэл энэ процессын талаар яриач?

-Хүн нойрсож байх үед тархины үйл явц 40-45 хувийн ажиллагаатай байдаг. Нойрны цикль нь зүүрмэглэх, хөнгөн нойрсох, гүн нойрсох, зүүд нойрны үе гэсэн дөрвөн хэсгээс тогтдог. Нэг цикль нь дунджаар 90-120 минут үргэлжилнэ гэж үзэхээр хүнд 8 цаг унтахад 4-5 удаагийн цикль эргэдэг байх нь. Циклийн эдгээр үеүдээс хамгийн чухал нь гүн нойрны үе. Гүн нойрны үе хэдий чинээ удаан хугацаанд өрнөх тусам бид төдий чинээ сайн унтаж амардаг. Нэг цикльд оногдох гүн нойрны хугацаа 20-40 минут байдаг.

-Нойргүйдлийн шалтгаан гэлээ шүү дээ. Нойр хямрах гол шалтгаан нь юу байна вэ?

-Хүн өөртөө унтаж, амрах нөхцөлийг хэр бүрдүүлж байгаагаас хамаардаг. Зарим хүмүүс өдөржингөө юм идэхгүй хоосон явж байгаад орой хэт их идэх эсвэл цай, кофе уугаад унтах нь нойр сэргэх нөхцөл болж байдаг. Энэ нь мэдрэлийн систем буюу тархинд агуулагдаж буй цусны 20 орчим хувь ходоод руу явдаг гэсэн үг. Үүнээс болж тархин дахь цусан хангамжийн хомсдол үүсч нойр хүрэх, нозоорох үйл явц болдог байна. Иймд нойр хэвийн болгоход амьдралын хэв маяг маш чухал. Мөн бухимдал болон биеийн өвчний үед нойрны өөрчлөлт элбэг тохиолддог. Тухайлбал, бие махбодын хүчин зүйлс буюу зүрх судас, үе мөчний өвчнүүдээс шалтгаалж болно. Харин сэтгэл зүйн хувьд уурлаж бухимдах, айдас төрөх, сэтгэл гутрах, сэтгэл түгших, уй гашуу тохиолдох нь нойр хямрахад хүргэдэг. Үүнээс гадна коффейн агуулсан цай, кофе уух, хар тамхи татах, архи уух, ажлын хэв маяг өөрчлөгдөх, мөн амьдралын хэвшлээс шалтгаалдаг.

-Нойргүйдэл эрхтэн системд сөргөөр нөлөөлдөг үү?

-Хүн унтаж байхад бүх эрхтэн систем амарч байдаг. Тухайлбал, хүний зүрхний цохилт шөнийн 1-2 цагийн үед хоёр дахин буурдаг. Ингэхээр зүрхний булчин амарч зүрхний цусан хангамж амардаг учир хүн шөнө унтаж байхдаа даардаг. Энэ нь зүрх цусаа шахахгүй учраас бүх эрхтэн систем амарч байдаг.

Хэрэв яг зүрх амарч байх ёстой 1-2 цагийн үед унтаж амрахгүй бол зүрхний архаг өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдаг. Мөн арьс болон элэг, ходоод гэх мэт эрхтнүүд нойргүйдлээс болж өвддөг. Унтаж, хөдөлгөөнгүй хэвтэж байна гэдэг нь хүч зарцуулахгүй, калори шатаахгүй байна гэсэн үг биш. Харин ч их эрч хүч зарцуулж байдаг. Нойрсож байхад бидний бие организм хорыг зайлуулах, тархи мэдрэлийг амраах зэргээр олон үндсэн үүргээ гүйцэтгэдэг. Нэг үгээр их цэвэрлэгээ явагддаг гэсэн үг. Цэвэрлэгээ явагдахгүй бол бөөр үрэвсэхээс эхлээд түмэн зовлон үүсдэг.

Тиймээс бид унтахгүй, эсвэл муу унтаад байвал грелин хэмээх даавар үүсэхээ больдог.

-Хүн хангалттай нойр авах нь ямар ач холбогдолтой байдаг талаар тайлбарлаж өгөхгүй юү?

-Хүн шөнийн цагаар хамгийн багадаа долоон цаг унтаж нойроо авсан байх ёстой. Боломжит буюу эрүүл байх хэмжээний нойр нь найман цаг байдаг. Гэхдээ 10-аас дээш цаг унтах давтамж ихэсвэл хэт унтах эмгэгээр өвдөх эрсдэлтэй. Хүн өдрийн цагаар унтаж, амарч болох ч тухайн нойр нь тархи, мэдрэлийг хангалттай амрааж чаддагүй. Хангалттай нойр авснаар тухайн хүний амьдралын идэвх, анхаарал төвлөрөл, ажлын бүтээмж, хооллолт, амьдралаас авах таашаал, идэвх нэмэгдэнэ. Хангалттай амарсан хүнд тухайн өдрөө тулгарах стресс, учирч байгаа зүйлүүдийг даван туулах чадавх нь бий болсон байдаг. Хангалттай нойроо авч чадаагүйгээс болж стресст өртөмтгий болж байгаа юм.

-Хүний биологийн цаг гэж юу вэ?

-Хүний бие организм нь өөрөөс нь үл шалтгаалан тогтсон цагийн дагуу нэгэн хэмнэлээр ажиллаж байдаг. Үүнийг хүний дотоод цаг буюу биологийн цаг гэдэг. Энгийн хүний нойрсох тэр үе шатыг 6-8 цаг гэж үздэг. Гэхдээ тухайн хүний нойрсолтын цикль нь 01 цагаас 02 цагийн хооронд үргэлжилдэг.

.-Орчин үед хүмүүс хэт их нойргүйдэж байна гэж ярих боллоо. Энэ талаар таны үзэл бодол?

-Нойр гэдэг зүйл чинь хүн төрөлхтний өвчин болчихсон. Сүүлийн үед ухаалаг утасны хэрэглээ хэт ихэссэнээс болж нойргүйдэх төдийгүй зүрх судасны өвчлөл, сэтгэцийн эмгэг, нүдний өвчлөлөөр өвдөх тохиолдол нэмэгдсэн.

Categories
мэдээ цаг-үе

Gangbay: “Ганган цагаан” дуу бид хоёрын төсөөлснөөс богино хугацаанд хүмүүст хүрлээ

GANGBAY хамтлагийн дуучин Д.Ганбаттай ярилцлаа.


-Танай хамтлагийн “Ганган цагаан” дуу олон нийтийн сүлжээнд тавигдаад богино хугацаанд хүүхэд, залууст хүрээд байна. Өнөө зуны ХИТ дуу гэж нэрлээд байгаа. Youtube-д 5.3 сая гаруй хүн энэ дууны клипийг үзээд байна?

-Бид хоёрын хувьд урлагийн сургуульд суралцсан гэдэг утгаараа аливаа дуу, уран бүтээл хийхэд өөрсдөд маань олон давуу талууд үүсдэг. Жишээлбэл, залуусын хэлдгээр эморол буюу сэтгэл гутрал гэдэг зүйл жүжигчний хувьд аваад үзэхэд эмзэглэл болоод хувирчихдаг. Эмзэглэсэн үедээ ямар нэгэн зүйл бичмээр, хиймээр санагдана. Миний хувьд хүчтэй гунигласан тухайн үеийн мэдрэмжээ цаасан дээр буулгаад л энэ дууны үг бүтсэн гэхэд болно. Үгээ эхлээд бичсэний дараа youtube-ээс аяа хайж олоод, үндсэндээ дуу бүтсэн. Бид хоёр Be­lucci records-ийн Г.Энэрэл ахтай дууныхаа тал дээр зөвлөлддөг байсан. Дуугаа биччихээд Г.Энэрэл ахад сонсгосон чинь “Наадхыг чинь гялс бичье” гээд бичсэн л дээ. Бичүүлснийхээ дараа өөрсдөө сонсоход тухайн үед ХИТ болоод байсан дуунуудаас ондоо байсан болохоор нэг их сүртэй сонсогдоогүй. Би эмнэлэгт хэвтэж байгаад энэ дуугаа цацагдсанаас хойш 10 хоногийн дараа youtube рүү ороод хартал бидний бодсоноос олон хүнд хүрсэн байсан. Цацагдсаны дараа хулгайн дуу гэсэн яриа олны дунд хэсэг явсан. Үүн дээр тайлбар хэлэхэд, “Ганган цагаан” дуу маань ямар нэгэн оюуны өмчийн маргаангүй, бүх эрх нь албан ёсоор бидэнд байдаг шүү.

-Тэгэхээр та “Ганган цагаан”-ы үгийг эмзэглэсэн үедээ бичжээ?

-Тийм ээ.

…Гангарч болдоггүй ганган цагаан

Гантиг сувдан бэлзэг минь

Амсаж болдоггүй амины ганцхан

Амт нь дэндсэн амраг минь… Энэ дууны клип бас их хурдан бүтсэн шүү. Хоёр, гурав хоногийн дотор л клиптэй болчихсон.

-Дууны клипүүдээ илүү бүтээлчээр хийхийг зорьдог юм шиг харагддаг. Клипээ өөрсдөө найруулдаг уу?

-Тийм ээ. Өөрсдөө клипнүүдийнхээ зохиолыг тусад нь гаргаад ач холбогдол өгч хийдэг. Халтуурдахыг хүсдэггүй. Нэгэнт урлагийн салбарыг сонгосон учраас энэ бид хоёрын амьдрал гэсэн үг. Юу мэдэж авсан бэ, тэр бүгдээ гаргаж, аль болох чанартай бөгөөд сэтгэлээсээ хандахыг хичээдэг. Тиймээс үүндээ бүх юмаа зориулж явна даа.

-“Gangbay” хамтлагийн хувьд сүүлийн үед гарч ирсэн хамтлаг, дуучдаас хуучны гэмээр хэв маягаараа ялгагддаг. Бас та нар оросоор дуулдаг?

-Гангаа, Баянаа гэдэг нэрнийхээ эхний үеүдийг нийлүүлээд л “Gangbay” гэж нэрлэсэн. Бид хоёр СУИС-д анх танилцаж, 2019 оны арваннэгдүгээр сарын 17-нд хамтлагаа байгуулсан. Найзлаад таван жил болж байна. Манай хамтлагийн гишүүн Баянмөнх 1998 оны аравдугаар сарын 14-нд Эрдэнэт хотод төрсөн. “Зуунбилэг” дунд сургуулийг төгссөн. Миний хувьд 1999 оны зургадугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн. “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийг төгссөн.

-Та хоёр жүжигчин мэргэжилтэй мөртлөө яагаад хамтлаг байгуулж, дууны урлагт хөл тавьсан бэ?

-Дуугүй бол амьдрал утгагүй шүү дээ. Би багадаа яруу найраг сонирхдог, “Хүрэл тулга” яруу найргийн уралдаанд байнга оролцдог байсан. Манай ээж уран зохиолын багш болохоор тэр үү уран зохиолын ном, Бавуугийн Лхагвасүрэн гуайн шүлгүүдийг унших дуртай, хажуугаар нь аян дээр үг бичсээр байгаад нэг мэдэхэд дадал болчихсон байсан. Мэргэжлээ сонгохдоо жүжигчин болно гэж ороод яагаад ч юм амьдралын хэв маяг маань намайг хөтлөөд, одоогоор өөрийн хүслээрээ дуугаа хийгээд л явж байна.

-“Belluci records”-оос гарч ирсэн хамтлаг гэж хүмүүс ойлгодог. Одоогоор ямар продакшнд албан ёсоор харьяалагддаг вэ?

-“Belluci records”-оос бидний гурван уран бүтээл дээр дэмжиж, хамтарч ажилласан. Албан ёсны үзэглэсэн гэрээ байгаагүй. Одоогоор “Infinitie creative” студид харьяалагдаж, бие дааж уран бүтээлээ хийж байгаа.

-Жүжигчний мэргэжлээрээ ажиллаж, тайз, дэлгэцийн бүтээлд хүч үзэх үү?

-Одоогоор зургаан киноны санал ирсэн байгаа. Гэхдээ дуундаа төвлөрөөд цааш явах зорилготой байгаа учраас ойрын хугацаанд мэргэжлээрээ ажиллах гэж яарахгүй байна.

-Хөл хорионы үеэр нийгэм тэр чигтээ нам гүм байх хугацаанд танай хамтлаг юу хийж байв?

-Уг нь хавар их сургуулиа төгсөх, шалгалт шүүлэг гээд ид ачаалалттай жил байх байсан боловч хичээл карентилагдаад тэр үеэр далимдуулан бидэнд уран бүтээл дээрээ төвлөрөх цаг гарч, нэг талдаа ашигтайгаар туссан гэхэд болно. Магадгүй тэр үе байгаагүй бол “Ганган цагаан” гэдэг дуу ингэж олон хүнд хүрч, ХИТ-үүдийн нэг гэж нэрлэгдэж явах байсан эсэхийг мэдэхгүй байна.

-Бие даасан цомгоо хэзээ гаргах вэ?

-2021 оны нэгдүгээр сарын 1-нд бид хоёрын анхны цомгийн нээлт драмын жүжиг хосолсон мюзикл хэлбэрээр болно. Өөрсдийнхөө дуунуудаар жүжиг маягийн юм хийнэ гэж төлөвлөсөн шүү. Ямартаа ч бид дууны шүлэг, ая, клип гээд бүх эд эс, ширхэг бүрд нь сэтгэлээ шингээхийг зорьдог. Яагаад вэ гэвэл бид урлагийн сургуулийг нь төгссөн хүмүүс учир урлагийн хүний түвшинд л бүтээл хийх ёстой.

-Хамтлаг байгуулагдаад анхны дуугаа нийтэд цацсан тэр үеийнхээ тухай сонирхуулбал?

-Хамгийн анх “Могжоохон хүү” гэдэг дуугаа цацаад, гэнэт зориглоод ер нь урлагт энэ эрчээрээ үзэхээр шийдсэн. Тэгээд Г.Энэрэл ахтай өөрсдөө холбогдоод, түүнд дуунууд маань таалагдаад анхны боломж гарч ирж байсан. Бид хоёр Азидаа шилдэгт орох мюзикл кино хийхийг хүсдэг. Байгуулагдаад жилийн ч хугацаа болоогүй байхад нэг ч болтугай дуу нь хүмүүст хүрнэ гэдэг урлагийн салбарт хөл тавьсан хүмүүсийн хувьд том амжилт. Бид амжилтдаа ташууралгүй, улам их хичээж, тавьсан зорилгодоо хүрч ажиллахыг зорьж байна. Их том ажил амжуулаагүй, дөнгөж урлагт хөл тавьж буй болохоор үүнээс илүүг ярьж чадахгүй нь. Биднийг дэмждэг фенүүддээ, манай дууг сонсдог хүүхэд, залуустаа баярлалаа гэж танай сониноор дамжуулъя.

Categories
мэдээ цаг-үе

Зурхай дагахгүй мөртлөө жаргаад байгаа нь ямар учиртай юм бэ?

Xүмүүн бидний мал, амьтнаас ялгарах анхан, гол шинж нь шашин шүтэх явдал гэж судлаачид үзэх нь бий. Энэ нь шашин, мухар сүсэг хоёрын ялгааг хүн бүр заавал мэдэж байх ёстой гэсэн үг билээ.

Хүмүүсийн хоорондын харьцааны 20 хувийг хууль, тогтоомж, үлдсэн 80 хувийг шашны сургаал болон ёс суртахуун зохицуулдаг болохыг эрдэмтэд нэгэнт тогтоосон. Шашин ямар чухал үүрэгтэй болох нь эндээс ойлгогдоно. Шашны бас нэг том ач холбогдол нь чухамхүү сүм хийдүүдээс шинжлэх ухаан үүсэж, их сургуулиуд байгуулагдсанаар хүн төрөлхтөн орчин үеийн хөгжил дэвшилд хүрсэн явдал билээ.

Шашин нь өөрийн гэсэн тодорхой бурхантай, ертөнцийг үзэх үзэл, соёл болон итгэлийн систем бүхий өөрийн ёс зүйгээс үүдсэн ёс суртахууны үнэт зүйлс, дагаж мөрдөх ёстой хууль дүрэмтэй байдаг аж. Мөн шашин нь өөрийн институт буюу сүм хийд, сургууль, сүсэгтэн олонтой, өөрийн гэсэн шавьтай байна. Харин мухар сүсэг нь хүмүүст сайн зүйл хийж буй мэт дүр эсгэн мунхруулж, мөнгийг нь авахаас ойр зорилго үгүй.

Ерөөс хүн төрөлхтөн бид үүссэн цагаасаа “Төсөөлөл буюу домгийн сэтгэлгээний, шашны сургаалын, шинжлэх ухааны ноёрхлын” гэсэн гурван том үеийг дамжин, эдгээр үеүддээ тохируулан байгаль дэлхий, юмс үзэгдлийг тайлбарласаар иржээ. Иймээс мухар сүсгийг сайн дураараа, эрт балрын үедээ буцан орж буй мунхаглал гэвэл илүү ойлгомжтой юм.

Иргэншлийн явцад олон шашин буй болж өөр өөрсдийн номлолын дагуу ертөнцийг үзэх үзлээ таниулж иржээ. Эдгээрээс дэлхийн үндсэн шашин гэж тооцогддог Хиндү шашин 4000 жил, Иудейн шашин 3700 жил, Заратуштрын шашин 3000 жил, Буддын шашин 2500 жил, Христийн шашин 2000 жил, Исламын шашин 1500 жил, Бахай Шүтлэг 160 жил орчим оршин сургаал номлолоо хөгжүүлж иржээ.

Ямар ч шашны хамгийн гол сургаал бол нүгэл хийж болохгүй, буян буюу бусдад хэрэгтэй зүйл хий гэдэг. Буян хийгээд дараагийн амьдралдаа сайн төрлийг олж төрөх нь шашны гол зорилго. Энэ нь нийгэм эрүүл оршин тогтнож, хүмүүсийн харилцаа худал хуурмаг байх, бие биендээ муу зүйл хийхээс шашин сэргийлдэг гэсэн үг. Харамсалтай нь түүхэн явцад зарим шашин маш олон урсгалтай болж бүр хоорондоо дайсагнах болсон нь нэн харамсалтай.

Өнөөдөр монголчууд дэлхийн гол гурван шашин болох Буддын, Загалмайн буюу Христийн, Исламын шашинг гурвууланг нь шүтэж байна. Манай Ерөнхий сайд “Монголчууд түүхэндээ шашин болон үндэстний мөргөлдөөн гаргаж байгаагүй цөөн үндэстний нэг” гэж НҮБ-ын индэр дээрээс мэдэгдсэн. Түүхийн шинжлэх ухааны дэлхийн нэрт эрдэмтэн, академич Ш.Бира гуай “Монголчуудын тэнгэр шүтэх шүтлэг нь бөө мөргөл болон суурин иргэншлийн газар, цаг агаар шүтэх шүтлэгээс огт өөр, илүү том агуулгатай зүйл. Чухамхүү Чингис хааны “Тэнгэрийн дор бүгд адил” гэсэн философи нь олон хэл, соёл, шашныг эв найртай зэрэгцэн амьдрах үндэс болж байсан” гэж хэлсэн билээ.Энэхүү түүхэн үеийг дэлхийн эрдэмтэд “Монголын их амар амгалан” буюу латинаар “Paxmongolica”гэдэг. Харин Ромын эзэнт гүрний үеийг “Ромын их амар амгалан” гэнэ. Үнэхээр ч Чингис хаан бөө шүтлэгтэй байсан бол юу гэж хамгийн том бөөгөө дуудаж гэртээ суулгаж байгаад гадна нь ууган хүүг нь нугаслах билээ. Тэгэхээр академич Ш.Бира гуайн хэлээд буй Тэнгэр гэж яг юу болохыг цэвэр онолын үүднээс төсөөлөх гээд үзье. Гариг ертөнц, амьд байгаль, амьдрал тэр байтугай үйлдвэрлэл эцсийн эцэст энергийн л хувирал байдаг. Анх юу ч байхгүйгээс нүдэнд харагдахгүй энерги үүсч, энэхүү энергиэс үүдэн биет зүйл бий болсон гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Биет зүйлээс л амьдрал үүссэн нь тодорхой.

Тэгэхээр амьдрал бий болсон олон тэрбум жилийн хугацаанд хүний үүдэл эс гэдэг шиг ертөнцийн үүдэл энерги хөгжиж хүчирхэг болсон байж таарна. Иймд Чингис хааны шүтэж байсан Тэнгэр гээд байгаа зүйл маань бүх зүйлийн эх үүдэл болсон энэхүү Үүдэл энерги байх өндөр магадлалтай юм.

Энэ бол шинжлэх ухааны таамаглал бөгөөд шинжлэх ухаан болгохын тулд ийм энерги байгааг заавал олж батлах ёстой. Эрдэмтэд өнөөдөр ертөнцийн үүсэл болсон энэхүү Үүдэл энергийг нүдэнд үл үзэгдэх, биенд үл мэдрэгдэх “Хар матери” хэмээн нэрлэж, хайж олох гэж санаанд багтамгүй их мөнгө зарцуулж байна. Энэ нь товч утгаараа Чингис хааны шүтэж байсан Тэнгэр гэдэг зүйлийг эрдэмтэд хайгаад эхэлсэн гэсэн үг билээ.

Харин монголчуудын бөө мөргөлд тэнгэр биш тэнгэрүүд гэсэн ухагдахуун байдаг бөгөөд тэнгэрүүдийн дээр юу байдаг нь огт мэдэгддэггүй учраас яг юуг шүтэх нь ч ойлгомжгүй байдаг. Иймээс бөө мөргөл нь мухар сүсэг, харин Тэнгэр шүтлэг гэдэг нь тодорхой “бурхан” шүтдэг шашин гэсэн үг болж, академич Ш.Бира гуайн зөв гэдэг нь тодорхой болж байна.

Эцэст нь хэлэхэд Буддын шашинд муу, сайн өдөр, цаг гэж байдаггүй учраас манайд ирсэн Дээрхийн гэгээнтэн, XIY Далай лам сүсэгтэн олонд “Муу, сайн өдөр, цаг гэж байдгийг би мэдэхгүй” гэж хариулж байсан. Иймээс ядаж сонин, радио, телевизээр зурхай гэдэг мухар сүсгийг нийтэлж, нэвтрүүлэхийг төрийн зүгээс хоригломоор байна. Манай зарим мухар сүсгээр гол зогоогчид бүр “Зурхайн шинжлэх ухаан” гэж донгоддог боллоо. Од, гараг хүний амьдралд нөлөөлдөг гэж бурах атал яагаад нөлөөлдгийг батлан, тайлбарлаж чаддаггүй шинжлэх ухаан гэж элэнцэг нь байх билээ. Бид “Зурхай” хэмээх мухар сүсэгт автсан тэнэгүүд байж бололгүй яахав. Харин бүгдээрээ бүр төр, засагтайгаа нийлж байгаад, өнгөрсөн эрт, балар үе рүүгээ эргэн орсон тэнэгүүд гэдгээ бүх мэдээллийн хэрэгслээр, албан ёсоор, өдөр болгон зарлаад байгаа нь хэр зохимжтой зүйл юм бол. Энэ нь өнцөгдсөн суудлаа бүх насаараа засуулалгүй, тэрс жилтэй хүнтэй гэрлэн, дашням, балжиннямгүй өдөр хуримаа хийж, хоосрох өдөр малаа хөнгөлж, зүгээ зөв гаргахгүй замд гарч, өвчин олох өдөр нүүж, нас богиносох өдөр үсээ засуулдаг хүмүүс яагаад хөгжингүй улс байгуулж, иргэд нь биднээс урт насалж, удаан жаргаад байдаг юм бол гэдгийг ганц удаа ч гэсэн бодоод үз гэсэн үг.

“Будаач будаач гэхээр сахлаа будав” гэгчээр буддист буддист гэсээр Буддын сургаалаас хальж, мухар сүсэгтэн болов бид. Уг нь “Санаа сайн бол заяа сайн” гэсэн өвгөдийн үгэнд дэлхийн бүх шашин багтаж байдаг билээ. Иймээс өвгөдийнхөө үгээр явбал та Тэнгэр мэт бусдад шүтэгдэн амьдарна гэсэн үг. Ер нь ямар нэг юм шүтэж байснаас шүтэгдэж байсан нь дээр биз дээ.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

​Нэг хуудсаар 2 сонголт хийнэ


СЕХ-ноос орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.

СЕХ-ны гишүүн, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн “Энэ удаагийн сонгууль шинэ хуулиар зохион байгуулагдаж байгаа. Өөрөөр хэлбэл саналын хуудас дээр аймаг, нийслэл болон сум, дүүргийн сонгуулийн нэр дэвшигчид хамт бичигдэнэ. Сонгогчид хоёр сонгуулийн төлөө санал өгнө гэсэн үг. Аймаг, нийслэл болон сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөө тус тус сонгоно.

Өмнөх сонгуулиудад ирц хүрээгүй гэдэг асуудал яригддаг байсан. Өөрөөр хэлбэл, хэсэг болгон 50 хувийн ирцтэй болж байж сонгууль хүчин төгөлдөрт тооцогддог байсан. Харин энэ удаагийн сонгуульд ирцийн хувь тооцогдохгүй.

Мөн санал хураалтын цаг богиноссон. 07:00-20:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Аймгийн сонгуулийн хороо, сумын сонгуулийн хороо тухайн нутаг дэвсгэр тус бүртээ сонгууль зохион байгуулах хамгийн том нэмж болж байгаа. СЕХ-ноос гардан зохион байгуулахгүй, зөвхөн зөвлөмж өгч ажиллана.

Түүнчлэн мандатын тооноос илүү нэр дэвшигч дугуйлсан бол саналын хуудас хүчингүй болно. Мандатын тоотой тэнцүү болон мандатын тооноос бага эсвэл огт дугуйлаагүй бол саналын хуудас хүчинтэйд тооцогдоно.

Есдүгээр сарын 13-ны дуустал сонгуулийн сурталчилгаа явагдана” гэдэг мэдээлэл өглөө.

Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Орон нутгийн сонгуулийн зардлын талаар торуулахгүй юу?

-УИХ-ын сонгуульд 20.5 тэрбум төгрөг төсөвлөгдсөн бол энэ удаагийн сонгуульд 16.6 тэрбум төгрөгийн зардалтай байна. Энэ зардалд халдвар, хамгааллын зардал ороогүй. Шаардлагатай зардлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдэх байх.

-Сонгуулийн дүн мэдээг нэгдсэн журмаар танилцуулах уу?

-Сумын сонгуулийн дүн суман дээрээ, аймгийн сонгуулийн дүн аймгийн сонгуулийн хэсгүүдээс нэгдтгэгдсэнээр гарна.
СЕХ-ноос нэгдсэн байдлаар мэдээлэхгүй. Хуулиар тийм үүрэг хүлээгээгүй.

-Хэдэн хүн бие даан нэр дэвшиж байгаа вэ?

-Бие даан нэр дэвшигчдийн хувьд аймаг, нийслэлд 125 хүн нэр дэвшиж байна.

Т. Хулан

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн мэргэжлийн эмч ирэх сараас 1800-0119 дугаараар томуугийн талаар зөвлөгөө өгч эхэлнэ

Хүүхдийн мэргэжлийн 10 эмч ирэх сараас 1800-0119 дугаараар томуугийн талаар зөвлөгөө өгч эхэлнэ

Томуугийн дэгдэлтийн үед буюу аравдугаар сарын 1-ний өдрөөс эрүүл мэндийн нэгдсэн зөвлөгөө мэдээллийн

1800-0119 дугаараар 10 хүүхдийн эмч зөвлөгөө өгөхөөр болжээ.

Энэ талаар ЭМЯ-ны ЭТГ-ын уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга С.Жаргалсайхан хэлэхдээ “Тэдгээр эмч томуугийн эмнэл зүйн зөвлөмж өгөхөөс гадна ханиад томуугаар өвдсөн бага насны хүүхдийн асаргаа, хооллолтын талаар болон хэзээ яаралтай хүүхдээ эмнэлэгт хүргэх талаар мэдээллийг тодруулан томуугийн хүндрэлээс сэргийлэх мэдээллийг цаг алдалгүй өгөх үүрэгтэйгээр ажиллана” гэв.

“Хүүхэд тань томуугаар өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байхыг зөвлөж байна”

Мөн тэрбээр “Бид томуугийн улирлын үеэр ЭХЭМҮТ болон дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүд хэчнээн нөөц ор нэмэлтээр дэлгэх боломжтой талаарх судалгааг гаргаад байгаа.

Аравдугаар сарын 1-нээс төвийн зургаан дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр ЭХЭМҮТ-өөс нарийн мэргэжлийн эмч, сувилагч нар очиж ажиллана. Ингэснээр амьсгалын замын халдварын үед тусламж үйлчилгээ үзүүлэх чадавхыг бүрдүүлэх боломжтой.

Эрүүл мэндийн байгууллага бүр шат шатандаа зөв зохион байгуулалттай ажиллаж чадвал улирлын томуугийн хүндрэл болон будад үүсэх эрсдлийг хохирол багатайгаар даван туулах боломжтой.

Амьсгалын замын цочмог халдвар, томуу томуу төст өвчний үед эцэг, эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулан илчлэг сайтай хоол хүнсээр дархлааг нь дэмжиж, дулаан хувцаслах, амны хаалт тогтмол зүүлгэж олон нийтийн газраар дагуулж явахгүй байх хэрэгтэй.

Мөн өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байж, шаардлагатай тохиолдолд 1800-1109 утас болон өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хандахыг зөвлөж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Англи коронавируст зориулсан хавсралт гаргажээ

Их Британи болон Уэльсын Засгийн газрууд ухаалаг утсанд хадгалагдсан дугаарыг мөрдөх зарчмаар ажилладаг хавсралт гаргажээ. Энэхүү хавсралт нь утасны эзэн халдвар авсан байх эрсдэлийг тодорхойлох эсвэл халдвар авсан хэн нэгэнтэй ойртсон үед 14 хоногийн хувийн тусгаарлалтад орох хэрэгтэй гэж сануулдаг байна.

Англи болон Уэльсэд амьдарч буй 16 болон түүнээс дээш настай хүн бүр тус хавсралтыг яаралтай утсандаа суулгах хэрэгтэй гэж Засгийн газрын зүгээс шаардаж байгаа ажээ.

Мөн уг хавсралт нь утасны эзний очсон газраас халдвар илэрсэн эсэхийг шалгах функцтэй байна. Хоёр улсын эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд энэхүү хавсралтыг коллеж болон их дээд сургуулийн оюутан, сурагчид гээд аль болох хүнийг хамарсан хэрэглээтэй болгох үүднээс дээрх шаардлагыг гаргажээ.

Шотландын “Protect Scotland” гэх вирус илрүүлэгч хавсралтыг мөн адил 16 нас хүрээгүй бол ашиглах боломжгүй. Гэхдээ Умард Ирландын “StopCOVID NI”-ийг гаргасан мэргэжилтнүүд энэ сарын сүүлээр 18-аас доош насныханд зориулсан хувилбар гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв.

Categories
мэдээ нийгэм

Сураггүй болсон иргэний өмсөж явсан хувцас болон мотоцикль нь нуураас олджээ

Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн “Төвөнхийн-Өвөр” гэдэг газар тус аймгийн Цагаан-Үүр сумын харьяат иргэн 33 настай, эрэгтэй Н есдүгээр сарын 23-ны өдрийн 02:30 цагийн орчим иргэн О-гийн гэрээс гэрлүүгээ явна гэж мотоциклтой гарч яваад сураггүй болжээ. Өчигдөр буюу есдүгээр сарын 24-ний өдрийн 14:10 цагт өмсөж явсан хувцас болон мотоциклыг нь “Мааньт” нуурын уснаас олсон. Нуурын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг мөн өдрийн өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбар, Цагдаагийн газрын алба хаагчид мөн өдрийн 15:40 цагт тухайн газар руу гарч урьд шөнө буюу есдүгээр сарын 25-ны өдрийн 03:02 цагт Цагааннуур суманд очиж хоноглоод 06:00 цагт Рэнчинлүмбэ сум руу хөдөлжээ

Categories
мэдээ нийгэм

Засмал замын дугуйн УАШТ эхэллээ

Монголын дугуйн холбоо (МДХ)-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит Засмал замын дугуйн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр (2020.09.25) Төв аймгийн Алтанбулаг сумын “Монгол наадам цогцолбор”-ын зам дээр өнөөдөр эхэллээ. Энэхүү тэмцээнд 20 байгууллагын 150 гаруй тамирчин 12 насны ангиллаар өрсөлдөхөөр бүртгүүлжээ.

Орон нутгийн найман аймгийн баг тамирчид хурд хүчээ сорихоор ирсэн байна. Тодруулбал, Увс, Өмнөговь, Хэнтий, Сүхбаатар, Булган, Төв, Эрдэнэт, Дархан хотуудын дугуйчид ирсэн бөгөөд Увс, Хэнтий, Булган аймгийн баг тамирчид анх удаа тус тэмцээнд ур чавдараа сорих аж.


Categories
мэдээ нийгэм

“Цар тахлыг хэрхэн хохирол багатай даван туулах вэ”

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос “Олон талт Түншлэлийг бэхжүүлэх замаар Ковид-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх нь” хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Монгол Улсын Шадар айд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар нээж үг хэллээ. Тэрээр КОВИД-19 халдварын цар тахал дэлхий дахинаа хурдацтай тархаж, дэлхийн бүх улс, үндэстэн цар тахлын эсрэг тууштай тэмцсээр өдгөө 9 сарын хугацаа өнгөрөөд байна.


Тус халдварт өвчин өмнө нь тохиолдож байгаагүй шинэ вирусээр үүсгэгдэж бий болсон тул манай хүн төрөлхтөн шинэ сорилттой нүүр тулгарч байна. Өнөөдөр дэлхийн 216 улсад халдвар тархаж, 32 сая хүн халдвар авч, 25 сая орчим хүн эдгэрч, нэг сая эрдэнэт хүн амь насаа алдсан нь дэлхийн нийт улс орон хүчин чармайлтаа нэгтгэн байж бид энэхүү аюулт халдварыг даван туулж чадна гэдэгтэй хүндэт зочид та бүхэн санал нийлнэ гэдэгт итгэл төгс байгаа гэдгийг хэллээ.

Хэдийгээр манай улс дотооддоо халдвар алдаагүй, нас барсан тохиолдол бүртгэгдээгүй хэдий ч эмчлэгдэн гарсан иргэдээс КОВИД-19 халдвар дахин илрэх, халдварын тохиолдол гарахгүй гэдгийг дэлхийн нийгмийн эрүүл мэндийн салбар баттай нотолж чадаагүй байгаа энэ үед уг өвчин хүн амын дунд тархах эрсдэл өндөр байгааг илтгэж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноор бид “Шинэ Хэвийн” амьдралын хэв маяг гэдгийг өөрийн улсын онцлогт нийцүүлэн бий болгох шаардлагатай байгааг гэж үзсэн. Аюулт өвчний улмаас иргэдийн аж амьдрал, улс орны хөгжлийн чиг хандлага бүрэн өөрчлөгдсөн байгаа энэ үед бид нийгэм, эдийн засгийн хөгжлийг хэрхэн сэргээн хөгжүүлэх талаар бид шинэ арга барил, шинэ шийдэл, шинэ гарцуудыг эрэлхийлэх том сорилттой тулгарч байна.


Шадар сайд мөн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын гишүүд бид өнөөдөр та бүхэнтэй хамтран “Олон талт түншлэлийг бэхжүүлэх замаар ковид-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг хийж, цар тахалтай тэмцэх талаар нээлттэй хэлэлцэн ярилцаж, цаашдын хамтын ажиллагааны чиг төлвөө тодорхойлох зорилт дэвшүүлэн уулзаж байгааг тодотгосон юм.
Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга миний бие, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишратай хамтран КОВИД-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх Хүмүүнлэгийн багийг хамтран удирдаж, та бүхэнтэйгээ нэг баг болж ажиллахыг санал болгосон.
Мөн Эрүүл мэндийн салбарын Хүмүүнлэгийн багийг Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нар хамтран удирдсанаар КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэхдээ эрүүл мэндийн салбарын бодлогыг нийгэм, эдийн засгийн салбар хоорондын уялдаатайгаар хэрэгжүүлснээр улсын хэмжээнд нэгдсэн системтэйгээр хамтран ажиллахыг Монгол Улсын Шадар сайд уриаллаа.
Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

Categories
мэдээ нийгэм

“Байерн” Европын супер цомд түрүүллээ

Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигт Германы алдарт “Байерн Мюнхэн” клуб түрүүлсэн. Харин Европа лигт Испанийн “Севилья” түрүүлж, энэ тэмцээний дархан аварга гэдгээ баталсан билээ. Тэгвэл өнгөрсөн шөнө хоёр баг Европын Супер цом булаалдлаа.

Энэхүү тоглолтод “Байерн Мюнхэн” илүү байж, өрсөлдөгчөө 2:1-ээр буулгаж авснаар энэ улирлын 4 дэх цомоо хүртэв. Дотоодынхоо хоёр тэмцээн, Аваргуудын лигт түрүүлээд байсан бол ийн Супер цом нэмж байна. Тоглолтын 13 дахь минутад “Севилья” клубээс Окампос гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 34 дэх минутад Горетцка тэнцүүлсэн юм. Үндсэн цагт хоёр баг 1:1-ээр тэнцсэн. Харин нэмэлт цагийн 104 дэх минутад Хави Мартинес гоолдож, багтаа ялалт авчирлаа.